Categories
мэдээ нийгэм

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст аагим халуун үргэлжилнэ

Өнөө маргаашдаа Хангай нурууны ар бэлийн нутаг, Хөвсгөлийн уулсаар ахиухан хэмжээний бороо орж, нутгийн зүүн хагаст аагим халуун үргэлжилэхийг анхааруулж байна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Улаанбаатарт өнөөдөр өдөртөө 32-34 градус дулаан байна.

06 дугаар сарын 29-нөөс 07 дугаар сарын 03-ныг хүртэлх

29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд зарим газраар, 7 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст халж Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, говь талын нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна. 7 дугаар сарын 1,2-нд нутгийн баруун хагаст сэрүүсэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Наранд цохиулахаас сэргийлээрэй

Цаг уур, орчны шинжилгээний газрын “Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ”-гээр ойрын өдрүүдэд +30 градусаас дээш халж бүгчим халуун болох төлөвтэй байгаа тул Нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэд та бүхэнд нарших, наранд цохиулахаас сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

Хоолны хордлогоос ингэж сэргийлээрэй

Хоолны хордлогоос сэргийлэх зөвлөмж

Categories
мэдээ нийгэм

Хохирсон иргэдэд түр суурьшуулах сууцны гэрээг гардууллаа

Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас энэ сарын 23-ны өдөр “Их Өргөө” ХХК-ны хэрэгжүүлж байсан БЗД 4 дүгээр хороо орчмын төслөөс болж хохирсон 64 айлын асуудлыг шийдвэрлэж түр орон сууцны гэрээг гардуулах арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар, НГХДБГ-ын Мэдээлэл сурталчилгаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Даваадулам болон гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Энэ үеэр Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар хэлсэн үгэндээ “Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар нь өнгөрсөн оны 10 дугаар сараас үйл ажиллагаагаа жигдрүүлж ажилласан. Биднийг ажил хүлээж авахад өмнөх удирдлагуудын хэрэгжүүлсэн Гэр хорооллыг барилгажуулах төслөөс болж хохирсон айл өрх, иргэдийн асуудал хүндээр тавигдаж байсан бөгөөд бид энэ асуудалд анхаарлаа хандуулснаар өнөөдөр ийнхүү иргэдийнхээ асуудлыг эхнээс нь шийдвэрлэж байна.

Төр, нийслэлийн зүгээс иргэдийнхээ санаа бодлыг сонсож, шуурхай шийдвэрлэж байгаа нь нэг бодлогоор, нэг сэтгэлээр, нэг шийдвэрээр ажиллаж байгаагийн илрэл юм. Цаашдаа та бүхэн минь түр суурьшуулах сууцнаас гарч өөрийн өмчлөх үл хөдлөх хөрөнгөтэй болж, өөрсдийн анх эхлүүлсэн төслийн үр шимийг үзнэ гэдэгт бид эргэлзэхгүй байна.” хэмээлээ.

Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон нийслэлийн Удирдлагуудын зүгээс хохирсон иргэдийн асуудалд онцгой анхаарч, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан бөгөөд тус ажлын хэсэг нь төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн дарга удирдлагуудтай уулзаж, хохирсон иргэд, айл өрхийн асуудлыг шат дараатайгаар шуурхай шийдвэрлэж иржээ.

Эдгээр иргэдийн хувьд Нийслэлийн сүхбаатар дүүрэг 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцыг түр оршин суух зориулалтаар ашиглах юм байна гэж Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Алдарт морин хуурч Чибулаг: Хүний нас гэдэг зуны нэг ялаа, тиймээс үндэстнийхээ өмнө хүлээх хариуцлага их

Дэлхийн хэмжээнд яригдах оюунт цөөхөн Монголын нэг, БНХАУ-ын нэгдүгээр дэсийн хуурч, манайхаар бол ардын жүжигчин, төрийн шагналт Чибулагтай Шилийн хот дахь “Чибулаг” морин хуурын сургууль дээр нь зорин очиж уулзлаа. Чибулаг гуайн өрөөнд Отгонтэнгэр хайрханы сүүдэр залаастай. Тэгэхнээ, мань эр Завхан аймгийн чиглэлийн сартуул хүн гэнэ шүү. Үүнийгээ бол харин ч нэг нуухгүйгээр үл барам “Ар, өвөр, халимаг, буриад гэх биш бид дэлхийн нэг л монгол” гэж омог бардам хэлж байна. Өөртөө итгэлтэй, хувилгаан шидтэй ийм монгол олон байвал ч дэлхий дээр бид мөн ч агуу үндэстэн хэвээр байсаар байх сан.


-Монгол Улсаас Өмнөд Монголын 70 жилийн ойд зорин ирэхдээ тантай уулзъя гэж их бодлоо. Та сайхан зусч байна уу?

-Сайхан зусч байна аа. Сайн явж ирэв үү. Би дэлхийд олон олон Монгол байна гэж боддоггүй, ганцхан Монгол, ганцхан Чингис хаан байдаг гэж бодож чармайж ирсэн. Би яруу найрагч Лхагвасүрэнгийн нэвтрүүлэгт орохдоо ч “Дэлхийд миний ээж, аав бол ганцхан миний Монгол, дэлхийд ганцхан миний Улаанбаатар, дэлхийд ганцхан миний морин хуур” гэж хэлсэн. Тэрийг та нар сонссон байлгүй. Дуучин Лхагвасүрэнд хүртэл тэр утгаараа “Морин хуур” гэж дуу хийж дуулуулсан. Та Лхагвасүрэнг манай алдарт дуучин Лхасүрэнтэй андуурч асуух шиг боллоо. Лхасүрэн одоо бие нь муу болжээ. Өвөр Монголд Мао Зе Дунгийн үеэс үхээгүй дөрвөн урлагтан байна аа.

-За, хэн хэн байна?

-Дэдмаа гэж байна аа, тэр маань хагас бие нь өвчинтэй. Лхасүрэн маань сээрэн өвчинтэй. Жинхуа багш ходоодны өвчинтэй. Чибулаг гэж нэг хүн дэлхийг тойрох өвчинтэй. (инээлдэв) Манай Өвөр Монголын дарга нар “Бид нүүдэлчин амьдралаа гээжээ. Ганцхан Чибулаг л нисгэл (онгоц)-д суугаад дэлхийгээр нисэж байна аа” гэж ярьж байна.

-Дэлхийг өдөртөө шахуу тойрдог танд ямар зүйлийн ачаа тээш байх вэ?

-Надад нэг морин хуур байхад л хангалттай. Дэлхийн хүн ардад морин хуураар Монгол гэдэг өнгө, гэрлийн гялбааг үзүүлье гэж явсаан. Энэ жил жар дахь жилдээ явж байна.

-Та хэдэн наснаасаа морин хууртай нөхөрлөв?

-Би зургаан наснаасаа хуурдаад энэ жил далан дөрвөн нас зооглож байна аа. Хүмүүс надаас “Та яагаад өтөлдөггүй юм бэ” гэж их асуудаг. Би тэдэнд “Дайсныхаа өмнө үхэж болохгүй, үхсний хойно ч сүнсээ худалдахгүй” гэж хэлдэг юм. Ямар учраас тэгж байна гэхээр би гэдэг хүн морин хуур хуурдана гэж үйлийн үрээ өмчилж авсаан. Би Хятад ард улсын арван жилийн их самралтаар гянданд суулаа, хар ажил хийлээ. Хүний муу үхдэггүйн үлгэрээр одоо болтол үхсэнгүй. Одоо болтол амьд сэрүүн явсан минь бас ч амаргүй гэж би боддог юм.

-Ээжийгээ улаан хувьсгалчдад амьдаар нь шатаалгаж, шорон гянданд хоригдсон атлаа үхэж чадаагүйн шалтгаан юунд байна?

-Хүн гэдэг чинь үндэстний омогшлынхоо туг нь байх учиртай. Өөрийнхөө үндэстний омогшил нь байж чадахгүй бол энэ дэлхийд хорхой шавьжийг ч дийлэхгүй өчүүхэн амьтан шүү дээ. Тэгж амьдраад хэрэггүй. “Зоос олно оо, зоос олно оо” гэж хөөрцгөөх болж. Зоос гэдэг юм хүнд тэгтлээ хэрэггүй ээ. Би бол зоос олно гэж ердөө боддоггүй. Зоос олно гэж бодсон бол энэ морин хуурын сургуулиа байгуулахгүй. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Засгийн газраас байгуулсан энэ сургуульд маань олон улсын сурагчид зоос мөнгөгүй сурч байна. Монгол Улсын арван таван сурагч энд сурч байна.

-Мөнгө олохгүй юм бол та юунд энэ сургуулиа байгуулав?

-Манай өвөг дээдэс Чингис хаан энэ дэлхийг эзлэхдээ монголчуудыг олон газар тарааж. Монгол гэж хаа хаана тарсан ямар хэлтэй, ямар зан заншилтай хүмүүс байдгийг бид бүрэн гүйцэд мэдэхгүй. Тиймээс би олон улс оронд байгаа монголчуудын хүүхдүүдийг энд авчирч, морин хуураар дамжуулан морин хуурын эгшигт бүх дэлхийн монголчууд сэтгэл нэгдэж өвөг дээдсийнхээ алдар гавьяаг улам сайхан уламжлаасай гэж бодсоных юм. Газар газрын монгол хүүхдүүд энд ирснээр бие биеэ танихгүй байна гэж юу байхав. Халимагт байгаа, Японд байгаа, Тайваньд байгаа, Буриадад байгаа, Улаанбаатарт байгаа монголчууд харилцан бие биеэ таньж мэднэ. Хүний нэг нас гэдэг чинь зуны нэг ялаа. Ямар учраас ингэж хэлж байна гэхээр “Үхэш үгүй хүн хүн гэж үгүй. Үнэр орохгүй мах гэж байдаггүй”. Тиймээс хүн гэдэг үхэхээ мэдэж байгаа бол үндэстнийхээ төлөө зүтгэх хэрэгтэй. Хэрвээ зүгээр л үхэх хорвоо гэж бодож байвал тэр хамгийн тэнэг, соёлгүй зүйл.

-Чибулаг ах та зүгээр ч нэг хуурч биш, том философич хүн байна шүү?

-Ертөнцөд манай өвөг дээдэс Чингис хаан агуу их түүхийг бүтээж. Тэгвэл бид юу юм. Бид чинь бас хүн. Хүн гэдэг чинь махаар бүтсэн амьтан. Тэр эртээ оройгүй үхдэг юм. Тэгэхээр үхэхээсээ өмнө үндэстэн угсаатнаа гэрэлтүүлэх өнгө гэрэл нэмэх учиртай. Хүн болж төрсөн л бол заавал үүнийг биелүүлэх хэрэгтэй. Тиймээс би морин хуураараа дэлхийд “Үхэшгүй бие, үнэр оршгүй мах”-ыг орлуулан амьд л байвал хүмүүн төрөлхтөнд морин хуурын эгшгийг тархааж явъя гэж амьдарсан.

-Та морин хуурынхаа эгшгийг энэ онд гэхэд хаа хаана дэлгэрүүлэн сонсгов?

-Би өмнө хоёр сард дөчин өдөр дотор Хятад орны хорин таван хотод тоглож, өмнөд орны арван гурван мужийн нанхиад ахан дүүст морин хуурын увдис шидийг үзүүллээ. Манай морин хуурын аялгууг сонссон хүмүүс ямар үндэстэн, угсаатнаасаа үл хамааран нүднээсээ нулимс унаган, сэтгэл нь их хөдөлж байна. Ази тив бол монгол хүний хойч үе гэдгийг би бүрэн мэдэж байна. Нэг япон хүн надад “Нэг үндэстэн, нэг угсаатан аж амьдралаа бүгдийг өөрчилж болно” гэж хэлж байсан. Гэвч, үндэстний эс өөрчлөгддөггүй. Тэр эс гэдэг чинь хоёр түмэн жил болоод ч өөрчлөгддөггүй. Морин хуур гэдэг үндэстний эс болсон оюун санааны түлхүүр болж ард түмний сэтгэлийн оньсыг нээдэг гайхамшиг гэдгийг би мэдсэн.

-Мөн ч сайхан юм даа, ах минь. Морин хуур, та хоёр монгол соёлоо дэлхийд харин ч нэг гайхуулж байна шүү?

-Морин хуур бол манай өвөг дээдэс Чингис хаанаас үлдээж өгсөн орийн ганцхан эрдэнэ. Би морин хуурыг зүгээр нэг хуур гэж боддоггүй. Морин хуур бол дэлхий дээрх ганцхан толгойтой хөгжим. Толгойтой тулдаа таван цултай. Таван цултай учраас сүнстэй. Сүнстэй тулдаа сахиус оршсон хуур юм аа. Ерийн хуур биш ээ гэж би зүтгэсээр байгаад тайзан дээр жаран жил хөгжимдөж байна. Тайзан дээр гарахаас өмнө зургаан жил хөгжимджээ. Тиймээс ч би морин хуурынхаа эгшгэнд залуужиж 74 настай мөртлөө 47-той хүн шиг явж байна.

-Зургаан настайгаасаа хөгжимдсөн гэхээр морин хуур та хоёр тун чиг олон жил нөхөрлөжээ. Анх хэн танд хуурын аялгуу зааж өгөв?

-Хэн ч зааж өгсөнгүй. Би Өвөр Монголын Тунлогийн тэнд хорчин хошууны Морин сүмийн тавдугаар дүрийн хувилгаанаар тодорч байсан хүн. Тэр үед хувьсгал болж Морин сүмийн лам нарыг алж, би хөдөө гэртээ ирсэн. Ирсэн өдрөөсөө эхэлж хуур цуур суръя гэж ааваараа ганц нэг татлага заалгасан. Тэр дэмий болсонгүй хуурч болжээ. Бага сургууль төгссөний хойно Өвөр Монголын Дуурийн театрт шалгалт өгч хуурчаар орсон. Ингэж 1958 оны аравдугаар сарын 1-нээс Хөх хотод ирснээс хойш жаран жил болж байна. Харин энэ Шилэн хотод үүнээс ч өмнө ирсэн. Шилийн хот тэр үед мал бэлчсэн, чоно уулын оройгоор сүлжиж гүйсэн зэлүүд хөдөө газар байлаа. Чонын дуу шөнө бүр дэргэд гардаг, байгаль ертөнц тэр хэвээрээ байсан нутаг шүү. Би Шилийн хотод машинаар ирэхэд нэг сүм, хоршоо хоёр л байсан. Сүмд нь хоноход сарьсан багваахай манай хамт явсан хэдэн хүний хамар дээр сууж айлгаад, шөнө дунд нөгөөдүүл маань “Ээ, чөтгөр өө” гэж дуу алдан бөөн юм болж байлаа. Бид шөнө босч гар дэнгээ барьж явсан ч чөтгөр огт олсонгүй. Энэ газар ирсэн ч манай монгол соёл цөөхөн, харин Шаньси соёл нэлээд түгээмэл байлаа.

-Шаньси соёл гэдэг юу гэсэн үг билээ?

“Шаньси газраасаа ирээд

Шаашийгаа үүрээд гарч ирж байна” гэж дуу хүртэл байсан. Шаньси гэдэг чинь хятад гэсэн үг юм уу даа. Тэгтэл Шилэн Ажил мэргэжлийн сургуулийн тэргүүн дарга очиж намайг сонгон энд ирсэн. Тиймээс ч би Хөх хотод биш Шилийн гол аймгийн төв Шилэн хотод “Чи булаг” морин хуурын сургуулиа байгуулсан. Таван мянган түмэн зоосоор морин хуурын сургуулийн асар тагтыг байгуулаад зургаан жил боллоо.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Монголын хар тамхины сүлжээ цагдаагийн хамгаалалтад орсон уу

-ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ЦАГДААГИЙН ХУРАНДАА, АХМАД ЦОЛТОЙ ХОЁР ХҮНИЙГ МӨН ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ-

Төрийн цагдаа хар тамхи хэрэглээд машиндаа мансуурчихсан сууж байгаад баригдсан хэрэг өнгөрсөн сарын 30-нд гарсан билээ. Дээрх хэрэгтэй холбоотойгоор мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж, цагдаагийн томоохон албан тушаалтнууд хар тамхи худалдан борлуулдаг сүлжээний гэмт бүлэглэлийн гишүүнээр ажилладаг ноцтой хэргийн сэжүүрээс атгаад авчээ. Эх сурвалжаас авсан мэдээллээр цагдаа нар хар тамхи хууль бусаар худалдан борлуулж их хэмжээний ашиг хүртэж байгаа хэрэгт цагдаагийн хурандаа, ахмад цолтой хоёр хүнийг мөн шалгаж эхэлжээ. Энэ талаар сурвалжиллаа.

Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсийнхэн өнгөрсөн тавдугаар сарын 29-30-нд баар, шөнийн цэнгээний газруудаар явж хар тамхи хэрэглэж, мансуурч байгаа залуусын талаарх нарийвчилсан судалгаа хийсэн юм байна. Гүйцэтгэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Бриллиант” шөнийн клубт очсон гэнэ. Энэ үеэр сэжиг бүхий хүмүүс шөнийн цэнгээний газраас гарч, цагаан өнгийн “41- .. УБЦ” гэсэн улсын дугаартай цагаан өнгийн автомашинд суужээ. Цагдаа нар хэсэг хугацаанд ажиглалт хийсний эцэст машинаас нэг эмэгтэй, гурван эрэгтэйг саатуулан шалгаж, хар тамхи хэрэглэж мансуурсан байгааг тогтоожээ. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр мансуурсан залуус цагдаа нарын өөдөөс эсэргүүцэл үзүүлж, хэл амаар доромжилсон гэнэ. Гурван залуугийн нэг нь “Би цагдаа байна. Та нар адилхан цагдаа байж намайг баривчилж чадах юм уу. Бид машиндаа архи уугаад сууж байна” гэх зэргээр хэл амаар доромжилжээ. Түүний биед нэгжлэг хийхэд Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасагт ажилладаг н.Билигсайхан болох нь тогтоогджээ. Мөн түүний халааснаас 0.5 грамм мөс буюу метафетамины гэх мансууруулах төрлийн бодис гарч ирсэн байна. Хэргийг Эрүүгийн цагдаагийн газар, Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын хэлтэс, Мөрдөн байцаах газрын Тусгай субьектийг шалгах хэлтэс хамтран мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөн Хан-Уул дүүргийн прокуророос хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавин ажиллаж байгаа гэнэ. Эрүүгийн цагдаагийнханд баригдсан цагдаагийн алба хаагч хар тамхи хэрэглэдэг төдийгүй бусдад худалдан борлуулдаг болох нь мөрдөн байцаалтын шатанд эд мөрийн баримтаар тогтоогджээ. шүүх шинжилгээний хүрээлэнгээс дээрх дөрвөн иргэний цус, шээснээс дээж авч шинжилгээнд оруулсан байна. Шинжилгээний хариугаар мансууруулах төрлийн бодис их хэмжээгээр хэрэглэж, өөрийгөө удирдах чадваргүй болтлоо мансуурсан байсан нь тогтоогджээ. Мөн хэргийг шалгаж байгаа цагдаа нарын хэлж буйгаар Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн алба хаагч н.Билигсайхан нь боломжтой айлын хүүхдүүдэд мансууруулах төрлийн бодис өндөр үнээр зарсан хэд хэдэн тохиолдол илэрчээ. Тэрбээр айс буюу метафетамин гэх мансууруулах бодис их хэмжээгээр хадгалдаг. Түүнийг нь байнга худалдан авдаг хэрэглэгчтэй болсон байжээ. Ингээд төрийн цагдааг хаанаас хар тамхи аваад байна вэ гэдгийг илрүүлэхээр албаныхан шалгаж эхэлсэн байна. Хэд хэдэн удаагийн мөрдөн байцаалтаар “Цагдаагийн байгууллагаас зөвхөн би хар тамхи татаж, худалдан борлуулаад байгаа юм биш. Хурандаа, ахмад цолтой хүмүүс ч надтай адилхан хар тамхи зарж байгаа” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн байна. Эндээс эхлэн хэргийн зангилаа тайлагдаж эхэлжээ. Үүнээс хойш замын цагдаагийн алба хаагч холбогдсон энэхүү хэргийн цар хүрээ өдөр ирэх тусам өргөсөх болжээ. Тодруулбал, уг хэрэгт 18-35 насны арав гаруй залууг холбогдуулан хар тамхи худалдан авсан гэх үндэслэлээр шалгаж байгаа гэнэ. Мөн залууст хар тамхи нийлүүлдэг гэмт хэргийн бүлэглэлийн таван хүнд эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм байна.

Түүнчлэн дээрх залуус Замын цагдаагийн алба хаагч н.Билигсайханаас гадна цагдаагийн хурандаа, ахмад цолтой хоёр хүнийг хар тамхины сүлжээ гэмт хэрэгт холбоотой гэдгийг хэлжээ. Албаны эх сурвалж “БНХАУ-аас манай улсын хилээр хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис оруулж томоохон хэд хэдэн бүлэглэл байдаг. Сүлжээ бүлэглэлд хил гаалийн ажилтны хүүхдүүд, олны танил хүмүүс, прокурор, цагдаагийн алба хаагч байдаг болсон. Энэ нь гэмт хэргийн илрүүлэлтэд сөргөөр нөлөөлж байна. Цагдаагийн томоохон хоёр албан тушаалтныг хар тамхи худалдан борлуулдаг хэрэгт шалгаж эхэлсэн. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаа болохоор тодорхой батлагдсан зүйл алга байна. Хэргийг шалгаж байгаа цагдаа нарын таамаглаж байгаагаар БНХАУ-аас манай улсын хилээр хар тамхи оруулж ирдэг томоохон бүлэглэлийн гишүүд байж магадгүй гэж үзэж байна. Цагдаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т заасан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар шалгаж байгаа” гэв.

Хар тамхины хэрэгт холбогдсон цагдаа нар бусдаас мөс буюу метафетамин гэх мансууруулах төрлийн бодисыг авч байгаа, хууль бусаар тээвэрлэж хадгалж, худалдан борлуулсан хөдлөшгүй баримт олдсон гэнэ. Мөн БНХАУ-ын ямар хүмүүстэй холбогдож хоёр улс дамнасан ноцтой гэмт хэрэг үйлдэж байгааг тогтоох ажиллагаа хийгдэж байгаа аж. Ер нь сүүлийн жилүүдэд 40-50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй дөрвөн ч том хар тамхины бүлэглэлийг илрүүлэн олонход нь хариуцлага ногдуулсан байдаг. Үүний гурван бүлэглэлд цагдаагийн удирдах албан тушаалтай нэр бүхий хурандаа нар холбогдсон аж. Гэхдээ хэргийг шалгаж байгаа цагдаа нар үүнийг огт шалгалгүйгээр дараад өнгөрсөн гэх мэдээлэл ч байдаг. Хар тамхины бүлэглэлийн гишүүдийг шүүх үеэр гэмт хэрэгтнүүд “Биднийг дарамталж хар тамхи үнэгүй авдаг байсан. Мөн “Хэрэв энэ хар тамхийг худалдаж ав. Үгүй бол шалгуулна” гэж байнга сүрдүүлдэг цагдаа нарыг шалгаж өгнө үү” гэх хүсэлт гаргадаг байсан гэнэ. Гэвч шүүхийнхэн энэ бүгдийг “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Худлаа ярьсан байна” гэдэг байсан аж. Цагдаа нар гэмт хэрэгтнүүдтэй үгсэн тохиролцдог, бүр хамтдаа гэмт хэрэг үйлдэж байгаа талаарх олон мэдээлэл байдаг. Тухайлбал, хууль зөрчин мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байгаа газруудын ард дандаа цагдаагийн дарга нар байдаг, өөрсдөө мөрийтэй тоглоом тоглодог, охид бүсгүйчүүдийн биеийг үнэлүүлж байгаа саун, массажны газрыг хаалгахгүй өнөөдрийг хүргэж байгаа нь мөн л цагдаа нартай холбоотой гэх мэдээлэл байдаг. Тэгэхээр одоо тангараг өргөсөн төрийн цагдаа нар улс эх орны үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хар тамхины сүлжээ гэмт бүлэглэлийн гишүүд болсон уу гэдэг нь асуудал болж байна. Үүний цаана хараа хяналтаас гараад байгаа хар тамхины сүлжээ гэмт хэрэг Монголын цагдаа нарын хамгаалалтад орсон нь тодорхой харагдаж байгаа юм.

Г.БАТЗОРИГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Түүхийн гашуун үнэн

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


МОНГОЛЫН ӨНДӨРЛӨГ

Газар зүйн ухаанд “Монголын өндөрлөг” гэсэн ойлголт бий. Энэ нь Евроазид Төвдийн өндөрлөгийн дараа орох далайн төвшнөөс их өндөрт өргөгдсөн уудам газрын нэр. Өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэр үүнд хамаарна. 1000-1500 метр өргөгдсөн энэ нутгийн ихэнхийг тал, говь, цөл эзлэнэ. Далайгаас алслагдсаны дээр Алтай, Хянган, Яблони зэрэг өндөр уулсаар эргэн тойрон нь хашигдсан учир тэнд чийг нь шимэгдээд асар хуурай цаг агаартай. Ургамалшилт нэн ядмаг. Иймээс хуурай хөрстэй учир газар тариалан эрхлэх бололцоо дутмаг. Умард өмнөдийн циклоны уулзвар учир температурын зөрөө асар их. Өвөл зундаа бараг 100 хэмийн, өдөр шөнөдөө 20 хэмийн зөрөө гардаг ийм цаг уур манай гаригт ховор.

Ийм цаг ууртай газар хүний популяц нэн сийрэг байх нь ойлгомжтой. Гэхдээ харьцуулахад хойд туйл, Сибирь, Канадын тайга, Арааб, Сахаар, Калахар, Австралийн цөл зэрэг хүн амьдрах бараг бололцоогүй газраас хавьгүй дээр, юутай ч хүн амьдраад байх бололцоотой. Археологийн судалгаанаас үзэхэд Монголын өндөрлөгт анхны хомо сапиэнс 35-40 мянган жилийн өмнө ирсэн бололтой. Харин 20 орчим мянган жилийн өмнө энэ нутагт соёл үүссэн байх. Энэ нь Зүүн зүгээс нүүдэллэн ирсэн хүмүүс. Фудоны Их сургуулийн генетикчдийн хийсэн судалгаагаар тэр хүмүүс нь түрэг угсаатныг үүсгэжээ. Хожим нь монгол угсаатан түрэгүүдийг баруун тийш шахан өөрснөө эзэгнэх болж. Гэхдээ энэ нь хэдэн мянган жилийг дамнасан түүхийн урт процесс.

БАЙГАЛЬ ОРЧИНДОО ЗОХИЦСОН НҮҮДЭЛЧИН

Монголын өндөрлөгт суурьшигчид нь үндэс угсаанаасаа үл хамаараад ан гөрөө, нүүдлийн мал аж ахуй эрхэлж байв. Үе үеийн турш. Ийм цаг ууртай нөхцөлд өөр аж ахуй эрхлэх бололцоо байсангүй. Эрт үед нүүдлийн аж ахуй эрхлэгчид дэлхийн өнцөг булан бүрд байв. Тэр нь голдуу бэлчээр даган нүүнэ. Гэтэл Монголын өндөрлөгт амьдрагсад бэлчээр дагахаас гадна цаг уурын эрс тэс нөхцлийг зөөлрүүлэх зорилгоор нүүдэллэдэг байснаараа нэлээд ялгаатай. Ийнхүү байнгын нүүдэл хийдэг хүмүүс тахал, үер, газар хөдлөлт зэрэг байгалийн гэнэтийн гамшигт бөөнөөр сүйрэх магадлал багатай. Сийрэг амьдардаг учраас. Харин ган зуд зэрэгт илүү өртөмхий. Нүүдлийн мал аж ахуйд хэд хэдэн төрлийн олон тоотой мал сүрэг шаардлагатай. Ингэж байж ган зудны бэрхшээлийг давна, амьд үлдэх малын магадлал нэмэгдэнэ. Ийм учраас Монголын өндөрлөгийн нүүдэлчид хэзээ ч нийтийг хамарсан өлсгөлөнд нэрвэгдэж байсангүй.

Нүүдэлчид дан ганц уурагт хүнс болон малын арьс шир ноосоор үйлдсэн хувцас хунар, гэр орноор өөрсдийгөө бүрэн хангадаг. Гэтэл ерөөс хүний хэрэгцээ ямар нэг зүйлийг харах, тэрбайтугай сонсоход үүсдэг. Сав суулга, даавуу торго, төмөр болон модон эдлэл зэрэг иргэншсэн нийгмийн бүтээгдэхүүний дутагдлаа худалдаа наймаа, эсвэл аян дайнаар нөхөж хэрэгцээгээ хангаж байжээ. Үеийн үед шүү. Хамгийн ойр иргэншсэн нийгэм өмнө зүгт нь байлаа. Хятадуудын нүүдэлчдээс худалдан авдаг бараг цорын ганц бараа нь адуу. Гэвч улс төрийн байдлаас болж тэр болгон чөлөөт худалдаа явагдахгүй. Ийнхүү нүүдэлчдийн өмнө зүг хийх дээрмийн дайн хэдэн мянган жилийн турш тасралтгүй явагдаж байсан юм.

Амьд үлдэж тэсэн гарахын тулд зайлшгүй шаардлагат анхдагч хэрэгцээ болох хүнс, хувцас, гэр оромжоор өөрсдийгөө бүрэн хангаж чаддаг нүүдэлчид ийнхүү омог бардам зантай болжээ. Байнга нүүж явдаг болохоор эд хогшил болон бусад баялаг түр зуурын хэрэгцээг хангана уу гэхээс түүнээ байнга зөөж авч явах бололцоо байсангүй. Дэлхийн түүхэн дэх хамгийн том дайнууд хийж байсан нүүдэлчдэд тэр үеэсээ үлдсэн олзноос өдгөө хадгалж хоцорсон юм тун маруухан. Иймээс алив баялагт тун тоомжиргүй хандана. Хураах хуримтлуулах нөөцлөх ойлголт бараг байхгүй. Цаг уураас эхлээд улс төрийн ямар ч хүнд нөхцлийг яаж ийж байгаад даван туулж ард нь гарах тэсвэр тэвчээртэй. Байгалийнхаас эхлээд дайн байлдаан, улс төрийн хүнд хэцүү үетэй дасан зохицох өндөр ур чадвартай. Иймээс хүнд нөхцлөөс хамгаалах гэхээсээ түүнд зохицож байгаад даван туулж ард нь гарахыг илүү үздэг.

Мал маллахаас өөр ямар ч биеийн хөдөлмөрт дургүй, алив юмыг аргалаад өнгөрөөх сонирхолтой. Хагас зэрлэг нүүдлийн мал аж ахуй эрхлэх нь тариалангийн аж ахуйгаас хавьгүй хялбар. Социологийн хүрээлэнгээс наяад онд хийсэн судалгаагаар малчны хөдөлмөрийн зураглал гаргахад жилийн дунджаар бодоод өдөрт хоёр цаг орчим хөдөлмөрлөдөг аж. Эмэгтэй нь арай урт ажиллана, эр хүн байлдах, хожмоо найр наадамд илүү цаг зарцуулна. Байгалийн эрхшээлд байх авч биенээсээ хамаарсан хамаарал бага учир хувьч үзэлтэй. Ижил бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болохоор хоорондын солилцоо ядмаг, тэр хэрээрээ биеэ тоосон, хувиа хичээх үзэл давамгай. Хүн-хүн гэсэн харилцаа сул учир эрх дураараа, хуулинд захирагдах дургүй. Эрх чөлөө бол үндсэн мэдрэмж нь.

МОНГОЛ ХҮН

Тэгээд ч яс маханд нь шингэсэн шашин шүтлэг үгүй, шаманист бөөгөөс эхлээд манахизм, нэсторын христианизм, баруунаас орж ирсэн буддизм, бумбын шашин, төвдийн шарын болон улааны шажин, марксизм зэргийг тухайн цагт нь өөриймшүүлээд цаг нь ирэхээр хаяж чадаж байв. Нүүдэлчдийн газар нутгийн ойлголт их өвөрмөц. Очсон газраа өөрийн гэж ойлгох ба орхисон нутгаа мартдаг. Евроазийн өргөн уудам нутагт Монголын өндөрлөгөөс нүүн очсон үе үеийн алтай угсаатны түүх үүнийг гэрчлэнэ. 1915 оны Гурван улсын гэрээний үеэр Монгол, Хятадын хооронд Дарьгангын хошуу хэнд нь хамаарах талаар маргаан болжээ. Дарьганга нь засаг захиргааны хувьд Хаалганд хамаардаг, үзэмчин түмний нутаг учир Гадаад Монголд хамаарахгүй гэж нөгөө тал үзэж байхад, Халхын Сэцэн хан, Түшээт ханаас олон айл тийш нүүж очсон учир манайх гэж монголчууд зөрөв. “Бид газар нутгийн талаар ярьж байна уу, нүүж очсон хүмүүсийн тухай юу” гэж хятадууд асууж байв.

Чингисийн их аян дайнаар монголчууд Ил хаант улс, Алтан улс, Чагадайн хаант улс, Юань династи гэсэн дөрвөн их гүрэн үлдээсэн боловч бүгд тэндээ уусан үлдсэн. Улс төрийн хувьд ч, шашин шүтлэгийн хувьд ч, засаг захиргааны хувьд ч. Үндсэн нутаг дээр нь хоорондоо үл таарах, үргэлж толхилцох Бага хаадын үе иржээ. Бага хаадын үе гэдэг нь Мин династийн түүхчдийн өгсөн хятад нэршил. Мин улс руу байнга довтолж байсан учир хятадууд Цагаан хэрмээ шинэчилж, далайн их аянаа бүрэн зогсоосон билээ. Лигдэн хаан манж нараас их мөнгө авч Хятад руу довтолдог байж. Хятадууд шанг нь хоёр дахин нэмэгдүүлэхээр эргээд Манж руу довтлон сүйтгэл учруулдаг байж. Иймэрхүү жишээ Төвд рүү бүр гаажтай. Төвдийн шашны урсгалуудын өвөр хоорондын тэмцэлд монголчууд хоорондоо толхилдон хуваагдаж шунгин орсон нь мөн л олз омог, шан харамжаас үүдэлтэй.

МАНЖ ЧИН ГҮРНИЙ ДАРХЛАГДСАН НУТАГ

Нэгэнт хүчирхэг байдлаа алдсан монголчууд олз омгийн төлөө хоорондоо үзэлцсээр XVIII зуун гэхэд Манж Чин улсад дагаар оржээ. Нэгэнт дэлхийг түйвээх чадал мөхсөн энэ үед манжийн вассал болсноор энх амгалан “алтан үе” нь эхэлсэн юм. Манж нар бол монголчуудын нэгэн адил нүүдэлчин ард түмэн. Хоёр үндэстэн мянган жилийн турш хөрш байж ураг төрөл, зан заншил, ертөнцийг үзэх үзлийн хувьд маш төстэй. Угсаатны хувьд ч адилхан алтайчууд. Халхтай, хожим нь ойрдуудтай хийсэн тохиролцоогоор Гадаад Монгол нь Манж Чин гүрний түшиг улс болсон юм. Нэн эртний түүхтэй, өргөн уудам нутагтай, багширсан олон хүн амтай, иргэншсэн Хятад орныг цөөн тоот манж нар захирна гэдэг амар биш учир монголчуудыг хань татжээ.

Манж хүнийг хятадтай холилдох, гэрлэхийг хориглосон төдийгүй биеийн хүчний хөдөлмөр хийж болохгүй, зөвхөн удирдах алба гүйцэтгэхийг хуульчилсан байна. Гэвч Хятадын нүсэр том уламжлалт төрийн удирдлагын аппаратад нүүдэлчин манж нар арай гэж 16 хувийг нь бүрдүүлжээ. Хятадын суурьшмал амьдрал, тансаг нөхцөлд амархан автсан нүүдэлчид тун удалгүй уусан шингэсэн юм.

Манж нар Гадаад Монголыг онцгой статустай хаалттай бүс болгон хувиргасан. Манж нарын нэгэн адил хятадтай холилдохоос тусгаарлаж, энэ бүст хятад хүн ирж суурьшихыг хоригложээ. Энэ нь нэг талаас монгол үндэстнийг том үндэстэнд уусахаас хамгаалж хэл, заншил, уламжлалт хэв маягийг нь авч үлдсэн боловч нөгөө талаас хорвоогоос тасалж, хөгжил дэвшлээс хөндийрүүлж вакум орчинд консерволсон билээ. Хоёр зуун жилийн туршид Бээжин Гадаад Монголын үндсэн том асуудлаар хууль гарган шийддэг байсан болохоос монголчуудын дотоод хэрэгт төдийлөн оролцож байсангүй. Монгол нь онцгой эрхт газар тул татвар авдаггүй, харин ч язгууртан ноёд ихэс дэээдэст нь асар их бэлэг сэлт байнга ирүүлдэг байлаа. Гадаад Монголд байх засаг захиргааны бүх зардлыг Бээжингээс гаргана. Хүрээ, Ховдод амбан, Улиастайд жанжин, Хиагтад гааль байсны дээр хилийн харуул мэтийн асар их төсөв шаардсан албууд бий. Энэ болгонд олон мянган монголчууд алба хашдаг байлаа. Бүх зардлыг цалин мөнгөний хамт Манж Чин гаргана.

МАНЖ НАР МОНГОЛД ИРЭХЭЭСЭЭ АЙДАГ

Гадаад Монголд хятад хүн суурьшиж болохгүй, нөгөө талаас хятадын суурьшмал тансаг амьдралд дасан дулаан газар шавар чулуун байшинд амьдарч сурсан манж нар эрс тэс амьсгалт Монголд ирж алба гүйцэтгэх хүн олдохгүй учир энэ ажлыг монголчуудад өөрсдөд нь даатгасан байна. Бээжингээс Монголд томилогдсон түшмэд их бодож л Хаалган, Хөх хотод очиж суурьшин албаа алсаас монголчуудад ацагладаг байжээ. Манж Чин гүрний үед зөвхөн манж, монгол гэсэн хоёр үндэстэн л тусгай хангамжид хамарч, дарга даамал ихэс дээдэс болох бололцоо энэ хоёрт л үйлчлэнэ. Айгуны гэрээгээр Манжуурын хойд хэсгийг Орост алдсан, цаашдын түрэлтээс нь айн Манжуурт маш олон хятад тариачдыг нүүлгэснээс болоод Манж Чингийн эрх баригчид монголчуудад улам долигонох болов. Тэдний ихэс дээдэс монгол язгууртнуудтай ураг болохыг зорьж охид гүнж нараа монголын бэр болгоно. Тал хээр эсгий гэрт насыг барахаас гүнж нар дургүйцэх авч хөөж явуулна.

Нэг л үгээр хэлэхэд Монгол улс энэ хоёр зуун жилд Манжийн колони байгаагүй, ийм нэр томьёог хожмын зөвлөлт түүхчид зохиосон. Колони гэдэг бол эзэрхсэн орны хүн ам тухайн нутагт олноор ирж суурьшихыг хэлдэг. Гэтэл нүдээр манж хүн үзсэн монгол малчин ард бараг байгаагүй байх. Манж дарлал зовлонгийн тухай яриа ч үнэнтэй нийцэхгүй. Үнэндээ түшиг нэртэй тэжээлгэсэн улс байлаа. Үүнийг вассал гэдэг. Монголчуудын Манж Чин гүрний өмнө авсан бараг ганц үүрэг нь Манжийн төрд аюул учирвал хамгаалан цэрэг хөдөлгөх ёстой. Хоорондоо муудалцан зарга заальхай болох нь их, ийм үед ойрхондоо монгол даргатай амбанд, цаашхиндаа Бээжин дэх ерөнхийлөн удирдах газар гомдол мэдүүлэн асуудлаа шийдүүлнэ. Монголын түүхэн дэх хамгийн энх амгалан үе.

Үргэлжлэл бий

2017.6.17

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Түүхийн гашуун үнэн”-ий талаар Баабарын нийтлэлийн үргэлжлэл “Өдрийн сонин”-д гарчээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. Тэргүүн нүүрт “Дахин санал хураалт ирэх сарын 9-нд болно” хэмээн мэдээлжээ.

“УИХ дахь МАН-ын гишүүд хуулиас дээгүүр алхдаг болжээ” нийтлэлийг мөн тэргүүн нүүрээс хүлээн авна уу. Уг нийтлэлд “УИХ-ын гишүүн Г-д холбогдох хүчингийн хэрэг гацаанд оржээ”, “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Г.Доржзодовыг доромжлов”, “Хуулиа мөрдвөл М.Оюунчимэгийг 14 хоног баривчлах ёстой” хэмээн бичжээ.

“Хар тамхичид сонгуулийн сурталчилгаанд оролцотлоо томорч байна” хэмээн “Улс төр” нүүрт өгүүлсэн байна.

“Баримт, үзэл бодол” нүүрт “Түүхийн гашуун үнэн (2)”-ний тухай Баабар өгүүлжээ.

“Монгол хямраагүй, байрандаа л очсон” хэмээн энд дурдсан байна лээ.

МУИС-ийн багш, улстөр судлаач С.Мөнхбат “Сонгогчид нам гэхээсээ илүү хувь хүнийг нь харж саналаа өглөө” хэмээн дүгнэжээ.

“Дэлхийн мэдээ” “Их Британийн хатан хааны орлогыг хоёр дахин нэмнэ” хэмээн онцолсон байна.

“Аяны дөрөө мултлахуй” буланд “Лигдэн хутагт хааны өлгий Цахар баруун хошуугаар” тэмдэглэл нийтлэгджээ.

“Эдийн засаг” нүүрт “Сүү” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга: ”Сүү” бондын өгөөж Засгийн газрын бонд, хадгаламжийн хүүнээс ч өндөр байгаа” хэмээн ярьжээ.

“Хэлэх эрхийн индэр” буланд СБД-ийн XI хорооны иргэн Ж.Туул “Орон сууцанд амьдрах гэсэн хүсэлдээ хөтлөгдөн орсон гэр хорооллын иргэд санхүүгийн тооцоогүйгээс болоод эрх ашиг нь зөрчигдөх вий. Төр, иргэн хоёрын дундаас хэн нэгэн ашиг хонжоо унагаах вий” хэмээн ярьжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхдээ автомашиндаа үлдээхгүй байхыг анхаарууллаа

Зуны аагим халуун өдрүүд үргэлжилж байна. Өнөөдөр л гэхэд гадаа 33 хэмийн халуун байх нь. Тиймээс энэ халуун өдрүүдэд үр хүүхдээ автомашиндаа битгий үлдээгээрэй гэсэн сэрэмжлүүлгийг Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эцэг эхчүүдэд анхааруулж байна. Тодруулбал гадаа 30 хэмийн халуун өдөр автомашинаа гадаа аравхан минут орхиход машин доторхи температур 70 хэм болдог байна. Энэ тоог дэлхийн олон улс оронд хэмжээд тогтоосон байдаг бөгөөд ийм халуунд машинд үлдсэн хүүхдийн тархинд 10-15-хан минутын дотор цус харвах аюултай байдаг аж.

Өмнөх жилүүдэд машиндаа хүүхдээ цоожилж үлдээсний улмаас бяцхан үрс амь нас, эрүүл мэндээрээ хохирч байсан тохиолдлууд гарч байв. Харин энэ жилийн хувьд онцгой байдал болон эмнэлэг, цагдаагийн байгууллагад ийм төрлийн дуудлага мэдээлэл ирээгүй байна.

Хэрвээ хүүхдээ хараа хяналтгүй машиндаа цоожлоод, зуны бүгчим халуунд ажлаа амжуулж яваад, хүүхдийн эрхийг зөрчсөн, амь нас, эрүүл мэндээр нь хохироосон тохиолдолд эцэг эхчүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 118-р зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэх юм. Тиймээс халууны улирал эхэлж байгаа энэ өдрүүдэд анхаарал болгоомжтой байж, үр хүүхдээ машиндаа цоожилж, ажлаа амжуулахгүй байхыг нийт эцэг эхчүүдэд анхааруулахыг хүслээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Баттулга: Наадам, сонгууль зэрэг хийнэ гэдэг ирц хүргэхгүй байх башир арга

АН төрийн ордонд мэдээлэл хийлээ.

АН-ын сонгуулийн штабыг тэргүүлж буй Я.Санжмятав гишүүн ярихдаа “Манай нэр дэвшигч рүү илүү их дайралт хийсэн. Хэвлэлийн мэдээлэл тэнцвэргүй, хөдөөд мэдээлэл дутуу байсан учраас бага санал авсан гэж бид дүгнэж байна. Бидэнтэй хамтарч ажиллаарай. Манай нэр дэвшигч эхний шатаараа гарах магадлалтай байсан учраас өчигдөр үдээс хойш бидэн рүү дайралт ирсэн. Сонгуулийн үеэр ажиллаж байгаа шадар туслахууд, ухуулагч нарт бензин шатахуунаас авахуулаад мөнгө зарцуулах хэрэгтэй байдаг. Яагаад манай шадар туслагч нар, ухуулагч нарт зарцуулах мөнгийг барьж аваад мэдээлдэг. Өөрсдөө ч тэд хүмүүстээ мөнгө цалинг нь өгч л байгаа шүү дээ. “Нөгөө өрсөлдөгч бидний авч байгаагаас хоёр дахин их мөнгөөр хүмүүсээ цалинжуулж байгаа” гэсэн мэдээлэл бид авсан. Монголын цагдаа нар өрөөсгөл байдлаасаа гарах ёстой. Манай ажиглагч олон улсууд барьцаалагдсан байна. Манай АН-ын төв штаб руу эрүүгийн цагдаа нар элдэж орж байцаалт авах гэх мэтээр хандаж байна. Ижил тэнвцэртэй хандах хэрэгтэй шүү дээ. Энэ гурван нэр дэвшигчийг танихгүй мэдэхгүй хүн байхгүй. С.Ганбаатар санал өндөр явсан нь үнэн. Өглөө босоход ард нь орсон байсан. СЕХ хариуг нь өгөөч. Энэ талаар та нар дуугараач гээд зарим хүн бидэнд хандаж асууж лавлаж байна. Бид хоёр дахь шатны сонгуулийн хугацааг нааш нь татах санал тавьж байна. Наадам, төрийн сонгуулийг хольж хутгаж байгааг эсэргүүцэж байна. Магадгүй энэ сарын 5-6-ны үед ажлын өдөр сонгууль хийх боломж бий.

Бүх шатны сонгууль ажлын өдөр зохион байгуулагдахаар хуулиар зохицуулсан. Бүтэн сайнд, наадмын эхний өдөр зохион байгуулж байгаа нь ирц хүргэхгүй, сонгуулийг хүчингүй болгох далд санаа байж болох учраас хугацааг наашлуулах хүсэлтийг тавьж байгаа юм” гэлээ.

Нэр дэвшигч Х.Баттулга “Сонгууль хүнд болсон. Гэхдээ ялалт байгуулсан. Иргэд авилгал хээл хахууль дээд хэмжээндээ хүрлээ. Баялагийг хулгайлагчид Монголын төрийг үнэгүйдүүлсэн 60 тэрбумын авилгын эсрэг санал өглөө. Наадам сонгууль зэрэг хийнэ гэдэг ирц хүргэхгүй башир арга. Намайг дэмжиж ажилласан дэмжигчид, штабт ажилласан хүмүүс, сонгогчдодоо баярлалаа гэж хэлье” гэв.