Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намын гишүүд С.Эрдэнэд шаардлага хүргүүлжээ

Дараа сарын эхээр явуулахаар төлөвлөж буй Ардчилсан намын дотоод сонгуулийг зохион байгуулахтай холбоотой тогтоол нь АН-ын Үндсэн дүрмийг зөрчиж байна гэж үзсэн тус намын гишүүд сунгаагаар тодорсон шинэхэн намын даргадаа шаардлага хүргүүлжээ.

Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэе.

“Ардчилсан намын дарга С.Эрдэнэ танаа

ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ НЬ

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 04 тоот “Нэр дэвшигчдийн дэнчин, сонгуулийн хураамжийг тогтоох тухай” тогтоол нь Ардчилсан намын VII Их хурлаас баталсан Үндсэн дүрмийн дараах заалтуудыг ноцтой зөрчиж байна. Үүнд:

  • Дотоод Сонгуулийн Хороо нь 04 тоот тогтоолоороо намын бүх шатны сонгуульт албан тушаалд нэр дэвшигчдийн дэнчин, сонгуулийн хураамжийг тогтоосон нь Үндсэн дүрмийн 5.22.5-д заасан Дотоод сонгуулийн хорооны бүрэн эрхэд хамааралгүй байна.
  • Дотоод Сонгуулийн Хорооны дээрх тогтоол нь 8.3.1-ээр “Намын гишүүний татвар, сонгуульт гишүүний хураамжийн доод хэмжээг Үндэсний Бодлогын Хорооноос тогтооно. Нийслэл, аймаг, дүүргийн намын хороо сонгуульт гишүүний хураамжийн хэмжээг нэмэгдүүлж болох бөгөөд тогтоосон доод хэмжээний 50 хувиас хэтрэхгүй байна” гэж Үндсэн дүрмээр Үндэсний бодлогын хороонд олгогдсон бүрэн эрхэд бүдүүлгээр халдсан, улмаар дүрмийн бус тогтоол байна.
  • Намын шат шатны сонгуульт албан тушаалд нэр дэвшигчид бүртгүүлээгүй, нэр дэвшигчдийн тоо тодорхой болоогүй байхад дээрх тогтоолын 2 дугаар хавсралтаар намын бүх шатны сонгуульт албан тушаалд нэр дэвшигчийн сонгуулийн хураамж буюу сонгуулийг зохион байгуулах зардлыг тогтоосон нь Үндсэн дүрмийн 8.4.1-д “Намын дотоод болон төрийн сонгуультай холбогдон гарах зардлыг өөрөөр шийдвэрлээгүй бол нэр дэвшигчид тэнцүү хэмжээгээр хариуцна.” гэсэн заалтыг зөрчиж гишүүдийн сонгогдох эрхийг мөнгөөр боомилж, ямарч тооцоо үндэслэлгүй, асар их хэмжээний мөнгөн төлбөр тавьж нэр дэвшигчдийн бүрэн эрхэд халдсан байна.
  • Дотоод сонгуулийн хороо нь “Дотоод сонгуулийн хорооны дүрэм”, “Намын бүх шатны байгууллага, удирдах бүрэлдэхүүнийг сонгох сонгуулийн дүрэм”-ийг баталсан нь Үндсэн дүрмийн 5.13.12.27-д “Үндэсний бодлогын хороо нь намын Үндсэн дүрэмд нийцүүлэн 5.13.12.27.9 АН-ын ДоСХ-ны тухай; 13.12.27.10 Гишүүний намын сонгуульт албанд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох үйл ажиллагааны тухай дүрмүүдийг баталж, мөрдүүлнэ гэсэн заалтыг ноцтой зөрчиж байна.

Энэ бүхнээс үзэхэд Дотоод Сонгуулийн Хорооны 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 04 тоот “Нэр дэвшигчдийн дэнчин, сонгуулийн хураамжийг тогтоох тухай” тогтоол, “Дотоод сонгуулийн хорооны дүрэм” зэрэг нь бүхэлдээ намын Үндсэн дүрмийг зөрчсөн, өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж баталсан дүрмийн бус акт гэж үзэж байна.

Шинээр эмхлэгдэн байгуулагдсан намын удирдлага, Дотоод сонгуулийн хороо Намын YI, YII Их хурлаас дэвшүүлсэн намын шинэчлэлийн бодлогыг гажуудуулж, гишүүдийн сонгох сонгогдох эрхийг боогдуулсан, АН-ын гишүүдийг бүх шатанд мөнгөөр боомилохыг санаархсан, нээлттэй нам болох шинэчлэлийн гол зорилтыг умартсан хариуцлагагүй шийдвэрийг гаргасанд бид туйлын харамсаж байна.

Дүрмийн бус, эрх зүйн чадамжгүй дээрх тогтоол шийдвэрээр хүч түрэмгийлэн дотоод сонгуулийг явуулах гэж оролдох нь АН-ыг хагалан бутаргах, цаашлаад Монголын ардчилалд асар их хохирол авчрах хорт ажиллагаа гэж бид үзэж байна. Тиймээс бид АН-ын эв нэгдлийг эрхэмлэн, Монгол Улсад ардчилалыг бэхжүүлэх манлайллаа ухамсарлан Үндсэн дүрэм зөрчсөн дүрэм журмаар сонгууль явуулахыг тууштай эсэргүүцэж байна. Намаа дотоод ардчилалтай, гишүүддээ нээлттэй, тэгш оролцоотой, бодлогын нам болгож шинэчлэхийг зорьж байгаа намын анхан шатны байгууллагууд, жирийн гишүүд, Их хурлын төлөөлөгчид улс орны өнцөг булан бүрт энэхүү бусармаг шийдвэрт эгдүүцэн эсэргүүцэж байна.

Энэхүү эрх зүйн олон зөрчилтэй тогтоолоор дотоод сонгууль явуулбал намын бүх шатны бүтцийн байгууллага, тэдгээрийн удирдлага, цаашдын бүх шийдвэр эрх зүйн чадамжгүй болох ноцтой үр дагавар бодитой байх тул эдгээр зөрчлүүдийг бүрэн арилгаж Үндсэн дүрэмд бүрнээ нийцсэн дотоод сонгууль явуулахыг бид танаас хатуу ШААРДАЖ БАЙНА.

Хэрэв бидний энэхүү шаардлагыг хүлээн авахгүй бол Ардчилсан намын гишүүд бид хууль бус сонгуулийн эсрэг гишүүдийнхээ өргөн оролцоо дэмжлэгтэйгээр Үндсэн дүрмээ мөрдүүлэх, намаа нээлттэй, тэгш оролцоотой, хууль, шударга ёсыг дээдлэгч, мөнгөний бус, бодлогын нам болгон шинэчлэхийн төлөө дараа дараагийн алхмуудыг тууштай хийх болно” гэжээ.

АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮД

Categories
мэдээ нийгэм

Алслагдсан нутгийнханд эрүүл мэндийн үйлчилгээ хүргэхэд мобайл технологи үр дүнтэй

“Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийн туршлага солилцох уулзалт өнөөдөр ЭМЯ-нд боллоо. Эрүүл мэндийн анхан шатны түвшинд мобайл эрүүл мэндийн технологийг нэвтрүүлэх замаар хүн амын, ялангуяа эмзэг бүлгийнхний эрүүл мэндийн байдлыг сайжруулахаар зорьж байна.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад мобайл технологи хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Тэрээр цааш хэлэхдээ, Монгол улсын газар нутгийн байдалд тохирсон, алслагдсан хүн амд хүрсэн, нэг ч хүнийг орхигдуулахгүйгээр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх мобайл технологи нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг хийж хэвшихэд суурийг нь тавьж өглөө гэлээ.

Мобайл технологийн төслийг Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, алслагдсан 7 ба 26 дугаар хороо, Өмнөговь аймгийн Гурвантэс, Номгон, Манлай сумдад амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд цаашид олон нийтийн түвшинд өргөжүүлж, Архангай аймгийн Өндөр-Улаан, Баянхонгор аймгийн Богд, Увс аймгийн Зүүнхангай, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын эрүүл мэндийн төв болон нийслэлийн Сүхбаатар дүүргийн Гэрэлт Манал, Чингэлтэй дүүргийн Угтах-Ирээдүй өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хэрэгжүүлэхээр болжээ.

Одоогоор уг төслийн хүрээнд 13000 гаруй хүн халдварт бус өвчний эрт илрүүлэг, эх, хүүхдийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөрт хамрагдсан бөгөөд явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардлагатай машин, тоног төхөөрөмж /зөөврийн ЭКГ, ЭХО, цусны даралт хэмжигч, хурдавчилсан оношлуур, ухаалаг таблет гэх мэт/-ийг нийлүүлж, эрүүл мэндийн ажилтнуудад мобайл тоног төхөөрөмжүүдийг ашиглах мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулж, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Хугацаандаа татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Авто зам ашигласны төлбөр, Агаарын бохирдлын төлбөр хураамж авах талаар зарим арга хэмжээний тухай” захирамж гаргаж, ажлын хэсэг байгуулсан. Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Хуульд зааснаар 1 болон 6-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл 1 дүгээр сард, 2 болон 7-оор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2 дугаар сард багтаан албан татвараа төлөх ёстой. 1, 2 дугаар сард татвараа төлвөл зохих нийт 170 мянга 260 тээврийн хэрэгсэл эзэмшигч байгаагаас 77 мянга 533 буюу 41,6 хувь нь татвараа төлжээ.

Нийслэлийн Татварын газрын Нийслэлийн төсвийн татварын орлогын тасгийн дарга Д.Очирсүрэн хэлэхдээ “Нэгдүгээр сард татвараа төлөх ёстой буюу 1, 6-аар төгссөн улсын дугаартай 80 мянга 382 тээврийн хэрэгсэл байгаагаас 36 мянга 636 тээврийн хэрэгсэл буюу 45 хувь нь хамрагдсан. Харин 2, 7-оор төгссөн улсын дугаартай 89 мянга 878 тээврийн хэрэгслээс 34 мянга 370 тээврийн хэрэгсэл эзэмшигч татвараа төлсөн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн төсөвт АТБӨЯХАТ-аас 5 тэрбум 250 сая төгрөг, Авто зам ашигласны төлбөрөөс 2 тэрбум 451 сая төгрөг төвлөрүүлээд байна. 2017 оны 1, 2 дугаар сард албан татвараа төлөх ёстой 80 мянга гаруй тээврийн хэрэгсэл одоогоор татвараа төлөлгүй замын хөдөлгөөнд оролцож байна.” гэлээ.

Замын цагдаагийн албанаас хуулийн хугацаандаа татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй талаар мэдээллээ. Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батболд хэлэхдээ “Гуравдугаар сараас татвараа төлөлгүй гудамж замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалтыг хийж эхэллээ. Замын цагдаагийн алба хаагчид тээврийн хэрэгслийг зогсоож шалгаад татвараа төлсөн бол хөдөлгөөнд оролцуулна. Хэрэв хугацаандаа төлөөгүй бол тээврийн хэрэгсэл эзэмшигчид торгууль ноогдуулж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж авна. Гэрчилгээг харьяа дүүргийн татварын хэлтэст хүлээлгэн өгч, татвараа төлсөн тохиолдолд буцаан олгоно.” хэмээв.

Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр хэлэхдээ “2016 онд автомашины татвар, төлбөр хураамжаас нийслэлийн төсөвт 25 тэрбум төгрөг төвлөрүүлэх байснаас 87 хувийн биелэлттэй байсан. Энэ онд нийслэлийн төсөвт 26,2 тэрбум төгрөг төвлөрүүлнэ.” гэлээ. Өнгөрсөн оны тухайд улсын хэмжээнд бүртгэлтэй 484 мянга 738 тээврийн хэрэгслээс татвар, төлбөр хураамжид хамрагдвал зохих 434 мянга 858 тээврийн хэрэгсэл байжээ. Үүний 338 мянга гаруй нь хамрагдсан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол ням гаригт болно

НӨАТ-ын урамшууллын 2017 оны 2 дахь удаагийн сугалааны тохирол 3 дугаар сарын 19-ны ням гаригт 19.35 цагаас Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2017 оны 2-р сарын 1-нээс 2-р сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах юм.

Categories
мэдээ улс-төр

Монгол, Канадын дугуй ширээний уулзалт болов

Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны Дугуй ширээний долдугаар уулзалт 2017 оны 3 дугаар сарын 9-нд Оттава хотноо болж өндөрлөв. Дугуй ширээний уулзалтыг Монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд бөгөөд Дугуй ширээний уулзалтын монголын хэсгийн дарга Ц.Дашдорж, Канадын талаас Канадын Гадаад хэргийн туслах дэд сайд Доналд Бобиаш нар ахлан явуулж, Монгол, Канадын улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалт, батлан хамгаалах, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, ойрын жилүүдэд хэрэгжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Талууд хоёр орны харилцаанд эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг нотлохын зэрэгцээ уул уурхай, хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлж ажиллахаар болов. Саяхан хүчин төгөлдөр болсон Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр нь Монгол, Канадын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа хоёр тал санал нэгтэй тэмдэглэв.

Мөн хөгжлийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэхээр хэлэлцэн тохиров. Канадын Засгийн газар Монгол Улсыг хөгжлийн албан ёсны тусламж үзүүлдэг орнуудынхаа жагсаалтад 2014 онд оруулсан бөгөөд эдүгээ уул уурхай, хөдөө аж ахуй, төрийн алба зэрэг салбарт зургаан төсөл амжилттай хэрэгжиж байна.

Уулзалтаар олон улсын болон бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлуудаар мэдээлэл солилцож, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, НҮБ-ын шинэчлэл, энхийг сахиулах үйл ажиллагаа зэрэг чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиров.

Монгол, Канадын хамтын ажиллагаа “өргөн хүрээтэй түншлэл”-ийн хүрээнд амжилттай өргөжин тэлж, эдүгээ Канад нь манай улсын Хойд Америк дахь чухал түнш, гуравдагч хөрш, тэргүүлэх хөрөнгө оруулагч болсон билээ.

Монгол, Канадын Дугуй ширээний долдугаар уулзалт нь хоёр орны өргөн хүрээтэй түншлэлийн харилцааг дүгнэн, цаашдын хамтын ажиллагааны зорилтуудыг тодорхойлж, ажил хэрэгч, үр дүнтэй болж өндөрлөв.

Categories
мэдээ нийгэм

“Эерэг сэтгэлгээний давалгаа” сургалт маргааш болно

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, JCI Лидер салбар байгууллагын “Эерэг сэтгэлгээний давалгаа” ТББ-тай хамтран “Эерэг сэтгэлгээний давалгаа” цуврал сургалт, өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөг нь нийслэлийн Иргэний танхимд маргааш 16.00-18.00 цагт зохион байгуулах бөгөөд сонирхсон залуус хүрэлцэн ирж, арга хэмжээнд оролцох боломжтой.

Энэхүү цуврал сургалт, өдөрлөгийг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд хийж байгаа бөгөөд цаашид POSITIVE MIND-Эерэг давалгаа цуврал сургалт, лекц, илтгэх ур чадвар болон англи хэлний сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах, сургагч багш нарыг бэлтгэх, оюутнуудад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт хийх, тэргүүлэгч компаниудтай танилцах аялал зохион байгуулж, оюутнуудад эзэмшиж байгаа мэргэжлийнхээ мөн чанарыг ойлгоход дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулах юм. Одоогоор “Эерэг сэтгэлгээний давалгаа” цуврал сургалтад 500 гаруй залуусыг оролцуулаад байна.

Нийгэмд давамгайлсан сөрөг уур амьсгалыг эерэгээр өөрчлөх залуучуудад нэн шаардлагатай байгаа 10 зан төлвийг төлөвшүүлэх тухайлбал хариуцлагатай, зорилготой, идэвхтэй, хамтрагч байх, эерэг байх, зэрэг зан чанар хандлагыг залуучуудад төлөвшүүлэх зорилготой юм гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцууллаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр /2017.03.10./ Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран “Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хууль зүйн үндэсний хүрээлэнд болсон тус хэлэлцүүлэгт хууль хэрэгжүүлэх, хууль сахиулах байгууллагын төлөөлөгчид оролцсон юм.

Хэлэлцүүлгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж хөтөлж явуулсан.

УИХ-ын гишүүн, Зөрчлийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хэлэлцүүлгийг нээж, үг хэллээ.

Тэрбээр ярихдаа “Монгол Улсын эрхзүйн тогтолцоонд цоо шинэ Зөрчлийн тухай хуулийг 2017 оны долдугаар сарын 01-нээс дагаж мөрдөхөөр төлөвлөн ажиллаж байна. Зөрчлийн тухай хуульд 232 хууль дахь журмын эсрэг зөрчлүүдийг төрөлжүүлэн нэгтгэсэн. Та бүхнийг хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, эрх зүйн шинэтгэлийг дэмжсэн, бүтээлч шинэлэг саналуудыг хэлэхийг хүсье” гэв.

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр танилцууллаа.

Танилцуулгадаа “Зөрчлийн тухай хуулийн төсөл олон жил яригдсан. Өнөөдрийн байдлаар Х.Нямбаатар гишүүний хэлснээр 232 хуулиар зөрчилд шийтгэл ногдуулж байгаа. Үүнийг тодорхой хэмжээнд системчилж, төрөлжүүлж, нэгтгэх зүй ёсны шаардлагатай. Ингэснээр хуулийг хэрэгжүүлж буй байгууллагуудын хувьд хийдэл гаргахгүй, шийтгэлийг тухай бүрт нь ногдуулах, иргэд ч хуулийг нэг мөр ойлгож, мэдээлэлтэй байх, ямар зүйлийг зөрчилд тооцох, ямар зөрчил гаргавал ямар шийтгэл хүлээх вэ гэдгийг нэг хуулиар дамжуулж нэгмөр ойлгох ач холбогдолтой болно” гэж дурьдав.

Дараа нь Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор, ажлын дэд хэсгийн гишүүн Г.Оюунболд “Зөрчлийн тухай хуулийн онолын үндэслэл-бусад орны туршлага” сэдвээр илтгэл тавилаа.

Төгсгөлд нь, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан оролцогчид асуулт асуун, санал хэлсэн.

Хуульчдын холбооны бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга А.Оюунчимэг, Хууль зүйн доктор, профессор Д.Зүмбэрэлхам, Зам тээврийн яамны мэргэжилтэн А.Энхболд, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Орших, Цагдаагийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбилэг, Мөрдөн байцаах газрын Хулгайн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Х.Буянтүмэн нар асуулт асууж, санал хэлэв.

Асуултад ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар болон ажлын дэд хэсгийн гишүүд хариулт өгч, санал солилцсон юм.

Хэлэлцүүлгийг хааж УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “Та бүхний гаргасан чухал саналуудыг хуулийн төсөлд тусгана. Бичгээр санал өгөх нээлттэй. Өнөөдөр ирсэн хүмүүс Зөрчлийн хуулийг нийгмийн амьдралд нэг мөр хэрэгжүүлэхэд өөр өөрсдийн санаа бодлыг нэмэрлэх зорилго агуулсан гэж ойлгож байна. Анх удаагаа бид амьдралд зөрчилтэй холбоотой төрөлжсөн хууль хэрэглэх гэж байна. Амьдрал баян учраас хэрэгжих явцад алдаа, оноо гарахыг үгүйсгэх аргагүй, тухай бүрт засаж сайжруулах зорилга тавьж ажиллана. Зөрчлийг шалган, шийдвэрлэх субектүүд тухай бүрт зөрчлийг шийддэг байя гэсэн зарчим бид барьж байгаа” хэмээн хэллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Төмөр замын тээврийн үйлчилгээний нэгдсэн сүлжээг бий болгоно

Нийслэлийн иргэдийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, нийслэлийн зам, тээврийн сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, эрэлтэд нийцсэн тээврийн үйлчилгээг үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд Зам, тээврийн хөгжлийн яам Улаанбаатар хоттой хамтран ажиллахаар боллоо. Ирэх 4 жилд зам, тээврийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Хоёр тал хамтран Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн, авто зогсоолын тоо, багтаамжийг нэмэгдүүлэх, хотын ачаа тээврийн нэгдсэн логистикийг хөгжүүлэх, авто тээвэр, агаарын тээвэр, төмөр замын тээврийн үйлчилгээний нэгдсэн сүлжээг бий болгох замаар нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эрэлтэд нийцсэн, хүрээлэн буй орчинд ээлтэй тээврийн ухаалаг систем, тээврийн шинэ үйлчилгээ нэвтрүүлэх зэрэг олон ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын зам тээврийн салбарт бид томоохон зорилтуудыг тусгасан байгаа. Энэ онд багтааж шинэ нисэх онгоцны буудлаа хүлээн авах болно. Үүнийг нийслэлтэй холбосон тээвэр логистикийн сүлжээг бий болгох зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн нийслэлийн дундуур дайран өнгөрөх төмөр зам тулгамдсан асуудлын нэг болоод байгаа. Төмөр замыг нийслэлийг тойруулан гаргах ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан зорилт бий. Эдгээр асуудал дээр хэрхэн хамтран ажиллах талаар санамж бичигт тусгагдсан байгаа. Үүнээс гадна агаарын бохирдлыг бууруулах тал дээр анхаарч нийтийн тээврийн үйлчилгээнд цахилгаан болон хий түлшийг хэрхэн нэврүүлэх тал дээр Зам тээврийн хөгжлийн яамтай бодлогын хүрээнд хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай” хэмээлээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан зам, тээврийн салбарт дээрх чиглэлээр хамтран ажилласнаар нийслэлийн иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцлийг бүрдүүлж, тээврийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох боломж бүрдэх ач холбогдолтой. Хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн томоохон зорилтыг бид шийдэж ажиллана” гэдгийг онцолж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тэтгэврийг жилд нэг удаа урьдчилан олгох журам батлагдлаа

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын хоёрдугаар сарын 24-ний өдрийн тушаалаар “Тэтгэвэр урьдчилан олгох журам” батлагдлаа.

Тус журам нийгмийн болон эрүүл мэндийн хэрэгцээ, шаардлагыг нь хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд энэ сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ.

Тэтгэвэр урьдчилан авах талаар хүсэлт гаргасан иргэний тэтгэврийг хамтран ажиллах гэрээ бүхий банкаар дамжуулан жилд нэг удаа урьдчилан олгох бөгөөд тухайн тэтгэвэр авагчийн гурав хүртэлх сарын тэтгэврийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээс хэтрэхгүй байхаар журамд заасан байна.

Мөн тэтгэвэр авагч тэтгэвэр барьцаалсан зээлгүй байх ба хүсэлтээ харьяа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст/байцаагч/т өөрийн биеэр гаргах боломжтой.

Харин банк урьдчилан тэтгэврээ авагчийн тэтгэврийг урьдчилан олгохдоо хүү, шимтгэл тооцохгүй бөгөөд итгэмжлэл бүхий иргэнд тэтгэврийг урьдчилан олгохгүй гэж Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.


Categories
гадаад мэдээ

Пак Гын Хэ-г авлигын хэргээр үргэлжлүүлэн шалгахыг шаардаж Сөүл хотноо жагсаал болов

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г тус улсын Үндсэн хуулийн шүүхээс огцруулах шийдвэр гаргаж, огцрууллаа. Энэ шийдвэрийг гарсны дараа үргэлжлүүлэн авлигын хэргээр шалгах ёстой хэмээн үзэж хэдэн мянган хүн Сөүл хотноо жагсчээ.

Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч түүнийг Чой Сун Шилийн авсан мөнгөний тодорхой хувиас хүртэхээр үгссэн байж болзошгүй гэсэн дүгнэлтийг ажлын хэсэг гаргажээ. Тэгэхээр Пак Гын Хэ албан тушаалаа өгсний дараа эрүүгийн хариуцлагад татагдах магадлал өндөр байгаа юм.

Жагсаалд оролцсон иргэд түүнийг огцруулсанд Үндсэн хуулийн шүүхийн 8 гишүүнд баяр хүргэж алга ташин гартаа лоозон барин зарим нь бүр баярлан уйлж байсан тухай гаднын сайтуудад бичжээ.

О.ӨНӨР