Categories
мэдээ нийгэм

Ирэх тавдугаар сард ногоон бүсэд бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулна

Нийслэлийн Агаарын бохирдлын газар, Байгаль орчны газар, Эрүүл мэндийн газар, Газрын алба хамтран нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2017 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр гаргасан захирамжийн хэрэгжилт болон иргэдийн зүгээс ирдэг асуултад хариулах зорилгоор хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх “2017 оны нэгдүгээр сарын 10-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж нийслэлийн агаарын бохирдлыг гамшгийн хэмжээнд хүрснийг тодотгоод аймаг, нийслэлийн ИТХ-д чиглэл өгч, цаашид хэрэгжүүлэх болон ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний төслийг бэлтгэх үүрэг өгсөн. Үүний дагуу Нийслэлийн ЗДТГ-ын харьяа агентлагууд долоо хоногоор ажлаа төлөвлөж ажилласан. Манай газрын зүгээс хэд хэдэн арга хэмжээ авч ажиллалаа. Нэгдүгээрт, Утаагүй хот 2030 төсөл болон нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлыг хийгээд эхэлсэн гэдгийг хэлье. Хоёрдугаарт нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 4 бүсэд мэргэжлийн хяналтын 269 байцаагчид агаарын чанарт хяналт тавих давхар эрх, үүрэг өгсөн байгаа. Ингээд эдгээр байцаагч одоогийн байдлаар 1316 иргэн, аж ахуйн нэгжид шалгалт хийж, 1034 мэдэгдэх хуудас тараасан байна. Газар дээр нь 3 сая 195 мянган төгрөгийн торгууль тавьж ажиллажээ. Мөн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг уурын зуухуудад хяналт, шалгалт хийж эхлээд байгаа. Бид цаашид агаарын чанарыг сайжруулах зорилгоор байгаль экологио хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагатай хамтарч ажиллана. Мөн одоогоор Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй бүсийн 50 цэцэрлэгт дотоод агаарын чанарыг сайжруулах 200 төхөөрөмж суурилуулаад байна. Энэ төсөл нь Дэлхийн банкны санхүүжилтээр үргэлжилнэ.

Түүнчлэн “Нарантуул”, “Хархорин” зэрэг томоохон худалдааны төвд ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс шинэ стандартыг хангасан гэрийн зуухыг худалдаалах албан шаардлага хүргүүлсэн. Цаашид гэрийн болон, том оврын зуухыг үйлдвэрлэдэг иргэн, аж ахуйн нэгжид хяналт тавьж ажиллах болно. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд 1308 өрх амьдардаг. Эдгээрийн 1230 нь гэр хорооллын бүсэд хамаарагддаг юм. Тиймээс гэр хорооллын иргэдийн эрх ашгийг үндэслэн эрчим хүчний хөнгөлөлтөд хамруулсан гэдгийг тодотгон хэлье” гэсэн юм.

Ирэх тавдугаар сард ногоон бүсэд бүх нийтийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулна

Харин нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга “Орчны бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Байгаль орчны газраас хяналт тавьж ажиллалаа. Тухайлбал, Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтийг хангууллаа.

Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд, Монголын Бөөгийн нэгдсэн эвлэл хамтран уриалга гаргасан. Монголчууд шинийн 15-нд багтаан тухайн жилийнхээ засал, номыг хийлгэдэг уламжлалтай. Энэ хугацаанд хадаг хэрэглэхтэй холбоотой орчныг бохирдуулах, мод ургамал гэмтээх үйлдлүүд хамгийн ихээр гардаг. Тиймээс манай байгууллагаас ирэх тавдугаар сард ногоон бүсэд бүх нийтийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулна. Түүнчлэн Ухаалаг хэрэглээ, ногоон худалдан авалт нь эдийн засгийн хэмнэлтийг бий болгодог тул иргэдийг гялгар уутны хэрэглээгээ хязгаарлаж, даавуун тор хэрэглэж хэвшихийг уриалж байна” гэлээ.

Нийслэлийн Байгаль орчны газраас ахуйн хэрэглээний үнсийг дахин ашиглах технологийн судалгаа, суурьшлын бүсийн нянгийн бохирдлоор бохирдсон хөрсний бохирдлыг саармагжуулах, харшлын эх үүсвэрийг багасгах, олон наст ургамал, бут сөөгийн давуу талыг тодорхойлох, хөл газрын ургамал шарилж, луулийн ашигт чанарыг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргуулан авах зэрэг ажлыг Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаач болон их, дээд сургуулийн багш нартай хамтран хэрэгжүүлэхээр гэрээ байгуулан хамтран ажиллаж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгосын шүүхийн гадаа үймээн болж хоёр хүн амь насаа алджээ

Өнөөдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийг огцруулах шийдвэр эцэслэн гарсан билээ. Тэгвэл шүүхийн гадна Пак Гын Хэг дэмжигч, эсэргүүцэгчид эмх замбараагүй байдал үүсгэжээ. Жагсаал эхэндээ тайван замаар өрнөж байсан ч нөхцөл байдал ширүүсч, уур бухимдал нь дээд цэгтээ хүрсэн иргэд шүүхийн байр руу нэвтрэх оролдлого хийсэн нь цагдаа нарыг арга хэмжээ авахад хүргээд байгаа аж.

Сөүл хотын Цагдаагийн газраас мэдээлснээржагсаж байсан хоёр хүн амиа алдсаны нэг нь Пак Гын Хэг дэмжигч байжээ.

Уг явдалтай холбоотойгоор цагдаагийн газраас арга хэмжээ авч, байдлыг намжаахыг хичээж байгаа тухай эх сурвалж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Залуус 11-11 төвийг шинэчлэн байгуулахаар болжээ

Ардчилсан намын Шинэчлэлийн Засгийн газрын үед иргэдийн санал гомдлыг хүлээн авдаг байсан 11-11 төвийг өнгөрсөн оны есдүгээр сард татан буулгасан билээ. Тэгвэл тус төвийг дахин ажиллуулахаар болсон тухай өнөөдөр мэдээллээ.

Тус төв өнгөрсөн хугацаанд иргэдийн 120 мянга гаруй саналыг хүлээн авсан байдаг. Иймд, иргэдийн дуу хоолойг сонсож, олон нийтэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэдэг мэдээллийн 11-11 төвийг зайлшгүй байх шаардлагатай гэсэн үүднээс залуучууд нэгдэн “Олон нийтийн 11-11 төв” гэж шинэчлэн байгуулахаар болжээ.

11-11 төвд иргэдээс ирсэн мэдээлэл, санал шүүмжлэлийг холбогдох хүмүүс, албан тушаалтанд танилцуулан шийдвэрлүүлж хариу мэдэгдэх бөгөөд нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлын хариуг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллэж байна. Мөн энэ төвийнхөө үйл ажиллагааг өргөтгөн үндэсний сүлжээ бүхий тогтолцоо болгон байнга ажилууллна” гэж Олон нийтийн 11-11 төвийн тэргүүн М.Хүдэрбаатар ярилаа.

Түүнчлэн “Олон нийтийн 11-11 төв” гурав, дөрөвдүгээр сард Эрдэнэт УБҮ-ийн 51 хувийг шалгуулах, хувьчлах асуудлаар иргэдийн санал бодлыг сонсохоор дэвшүүлж байгаа аж.

Сануулахад, “Олон нийтийн 11-11 төв” нь 77121111 утас болон 1111.mn вэбсайтаарөдөр бүр 09.00-18.00 цагт иргэдийн санал гомдол, мэдээллийг хүлээн авах юм байна.

Categories
мэдээ спорт

Мэргэжлийн сумогийн энэ сарын башёд “Дөрвөн их аварга” зодоглоно

Сумогийн аваргууд зурган илэрцүүдЯпоны мэргэжлийн сумо бөхийн хаврын башё гуравдугаар сарын 12-ны өдөр буюу ирэх ням гаригт Осака хотноо эхэлнэ. Энэ удаагийн башё-д 69, 70, 71, 72 дахь удаагийн их аваргууд нэгэн дэвжээнд хүч үзнэ гэдгээрээ онцлогтой болох гэж байна.

Дөрвөн Их аварга Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж, Какурюү М.Ананд болон шинэ аварга Кисэносато нар энэ башё-д барилдах юм.

Өнгөрсөн нэгдүгээр сарын башёд 11 даваа, дөрвөн унаатай башёг өндөрлүүлсэн Хакүхо аваргын бэлтгэл сайн байгаа гэдгээ өнгөрсөн даваа гарагт Томозүна дэвжээнд зочилж бэлтгэл хийхдээ харуулжээ. Энэ үеэр Хакүхо, Маэгаширагийн наймд бичигддэг Кайсэй тэргүүтэй бөхчүүдтэй барилдаж, нийтдээ 14 давжээ. Шинэ аварга Кисэносато мөн хүрэлцэн ирсэн ч барилдаагүй байна. 69 дэх Их аварга Хакүхо өнгөрсөн нэгдүгээр сарын башёг 11 даваатай өндөрлүүлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл, Говь-Алтай аймгуудад товлогдоод байсан уралдаануудыг хойшлуулав

Өвлийн уралдаан зурган илэрцүүдХөвсгөл, Говь-Алтай аймагт энэ сарын 12-нд товлосон хурдан морьдын бүсийн уралдааныг хойшлууллаа.

Хурдан морины бүсийн уралдааныг товлосон Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэр бүхий ТББ-аас Захиргааны хэргийг шүүхэд хандсантай холбогдуулж, Монголын Морин спорт, уяачдын холбооноос Говь-Алтай аймгийн хаврын бүсийн хурдан морины уралдааныг зохион байгуулах комисст албан тоот хүргүүлсэн байна.

Албан тоотод шүүхийн шийдвэр гарах хүртэл дээрх аймгуудад болох хурдан морины уралдааныг хойшлуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн байгууллагууд авлигын эсрэг хамтын хүчээр тэмцэнэ

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, сурталчлан таниулах, авлигын эсрэг ажлыг эрчимжүүлэх чиглэлээр төрийн байгууллагууд хамтран ажиллана. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газраас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр ба төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нар оролцов.

“Авлигатай тэмцэх ажилд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоо чухал. Цаашид авлигажсан, хүнд сурталтай төрийн үйлчилгээнээс татгалздаг хандлагыг иргэд, олон нийтийн дунд бий болгож, иргэдийн хяналтыг бүрдүүлэхийн төлөө ажиллана” гэж Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар Х.Энхжаргал хэлэв.

Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ сарын 13-наас Авлигатай тэмцэх газрын долоон баг яам, агентлаг, нийслэл, дүүргийн төр, захиргааны байгууллагад нэг сарын хугацаанд ажиллах юм. Ажлын хэсгүүд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, авлигын эсрэг хуулийн хэрэгжилттэй танилцах, иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдлийн үнэлгээ хийх, сургалт зохион байгуулах, арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг үүрэг хүлээсэн байна.

Уулзалтад Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат оролцлоо. Тэрээр “Байгаа бодит нөхцөл, байдлаа үнэн мөнөөр нь гаргах нь чухал. Авлигатай тэмцэх ажлыг улс төр, улстөржилт, хувийн ашиг сонирхлоос ангид байлгах, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, ухуулан таниулах чиглэлээр хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллахад анхаарах хэрэгтэй. Авлигаас ангид, авлигагүй Монгол Улсын төлөө төрийн өндөр албан тушаалтан, хариуцлагатай алба хашиж байгаа хүмүүс онцгойлон зүтгэх ёстой” гэж яам, агентлагийн удирдлагуудад хэллээ.

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг УИХ 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр баталсан юм хэмээн Засгийн гарын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сүрьеэ нь нийт халдварт өвчний 10 хувийг эзэлдэг

Жил бүрийн 3 дугаар сарын 24-нийг сүрьеэтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал гэдгийг сурталчлан таниулах зорилгоор дэлхий улс орнууд “Сүрьеэтэй тэмцэх өдөр” болгон тэмдэглэдэг. Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийн угтан ЭМЯ-аас төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Энэ жилийн хувьд бид сүрьеэгийн тархалт өндөртэй 10 гаруй аймагт эрт илрүүлгийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү хөтөлбөрт ард иргэдийг идэвхтэй оролцохыг хүсч байна. Мөн сүрьеэгийн эсрэг олон ажлууд хийгдээд явж байгаа.

Хэрэв танд удаан хугацаагаар ханиалгах, цэр гарах, биеийн жин буурах, цээжээр өвдөх зовиур илэрвэл зайлшгүй эмчид хандаж үзүүлээрэй. Дүүргийн, өрхийн бүх эмнэлэгүүд танд туслахад бэлэн байгаа. Энэ нь ямар ч үнэ төлбөргүй. Мөн, сүрьеэгийн эмчилгээ үнэ төлбөргүй хийгдэж байгаа. Сүрьеэ бол эмчлэгддэг өвчин юм” гэлээ.

МОНГОЛ УЛС НОМХОН ДАЛАЙН БАРУУН ЭРГИЙН БҮСИЙН 37 ОРНООС СҮРЬЕЭГИЙН ӨВЧЛӨЛӨӨРӨӨ ДӨРӨВДҮГЭЭР БАЙРТ ОРДОГ

Манай Улсын хүн амын дунд сүрьеэгийн халдвар эрчимтэй тархаж байгааг судалгаагаар тогтоожээ. Монгол Улс Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөлөөрөө дөрөвдүгээр байрт ордог. Сүүлийн 5 жилийн эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр сүрьеэ нь улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт халдварт өвчний дотор дунджаар 9.8 хувийг эзэлдэг.

Жил бүр 4,000 гаруй хүн шинээр сүрьеэ өвчнөөр өвчилж байгаа. 70 гаруй хувь нь 16-44 насны хүмүүс өвчилж байгаа аж. Судалгаагаар 3 сая гаруй хүн амтай манай улсын хувьд сүрьеэтэй 22.000 буюу түүнээс олон хүн амьдарч байна гэж тогтоожээ.

Дэлхийд нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ бөгөөд жил бүр 10.4 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1.8 сая хүн уг өвчний улмаас нас бардаг байна. Ялангуяа сүрьеэгээр өвчилсөн хүүхдийн тоо 1 саяд хүрч 200,000 орчим хүүхэд эндэж байна.

аашид уг өвчнийг хэрхэн эмчлэх талаар одоогийн баримталж байгаа бодлого, стратегийг боловсронгуй болгох, сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй бүлэгт чиглэсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатай байгааг хэвлэлийн хуралд оролцсон ХӨСҮТ, Глобаль сан, НЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд хэллээ.

СҮРЬЕЭ ӨВЧНИЙ ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ

  • Удаан хугацаагаар (2 долоо хоног ба түнээс дээш) ханиалгах
  • Цээжээр өвдөх
  • Цустай буюу цэртэй ханиалгах болон доорхи бусад шинж тэмдэгүүд илэрч болно.
  • Бие суларч ядрах
  • Жин буурах
  • Хоолонд дургүй болох
  • Халуурах
  • Шөнө хөлрөх

Хэдийгээр дэлхий дахинд олон сая хүн сүрьеэгээр өвчилж, сүрьеэгийн улмаас нас барж байгаа хэдий ч энэхүү өвчнөөр эмчлэгдэж бүрэн төгс эдгэрсэн сая сая хүн байдаг. Сүрьеэ өвчин эдгэрдэггүй гэсэн ойлголт аль хэдий нь үгүй болж сүрьеэгийн сэжигтэй шинж тэмдэг илэрсэн үед эмнэлэгт эрт хандаж, оношилгоо эмчилгээнд хамрагдаж, эмчийн зааврын дагуу эмээ байнга ууж эмчлүүлэхийг мэргэжилтнүүд зөвлөлөө.

СҮРЬЕЭГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

  • Дархлаажуулалтанд хамрагдах
  • Уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнг эрт илрүүлж төгс эмчлэх нь бусдад халдвар тараахаас сэргийлэх үр дүнтэй арга
  • Гэр бүлийн бүх гишүүд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах
  • Амин дэм тэжээллэг хоол хүнс хэрэглэх
  • Ажил амралтаа зохицуулж хэт ядрахгүй байх
  • Өрөө тасалгаа нь цэвэр агааржуулалт сайтай байх нарны гэрэл тусдаг байх
  • Биеийн дархлааг сайжруулах
Categories
мэдээ нийгэм

Д.Ганбат: УБ-Дархан чиглэлийн автозамыг цементбетон хучилттай барьснаар 90 сая ам.доллар дотооддоо үлдэнэ

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат автозамын салбарт нэвтрүүлэх боломжтой шинэлэг технологийг судлах зорилгоор төмөр бетон хийц, эдлэл бэлтгэн боловсруулдаг “Улаанбаатар БҮК” ХК-ийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд цементбетон хучилттайгаар барьж байгуулснаар үндэсний үйлдвэрлэл, компаниудаа дэмжих боломжтой талаар сайд Д.Ганбат өмнө нь тус чиглэлийн автозамтай танилцах үеэр хэлж байсан. Тэрбээр эх орны бүтээгдэхүүн болох цементбетон хучилтаар автозам барих хүрээнд тус компанийн үйл ажиллагаа, хүчин чадалтай ийнхүү биечлэн танилцлаа.

Энэ үеэр “Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг цементбетон хучилтаар барьснаар ойролцоогоор 90 сая ам.долларын витумыг импортоор авах зардал дотооддоо үлдэх боломжтой” хэмээн Д.Ганбат сайд онцолж байв. Ингэснээр замын чанар болон ашиглалтын хугацаа уртсах ач холбогдолтой бөгөөд зам засвар арчлалтын зардал ч хэмнэгдэх боломжтой аж.

Цементбетон зам барихын тулд газар дээр нь цутгах болон үйлдвэрлэсэн бетон хавтангаа өрөх гэсэн аргууд байдаг байна. Үйлдвэрлэсэн бэлдэц, хавтангаар энэ замыг барих боломжтойталаар тус компанийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ албаныхан хэлж байлаа.

Тус компани нь сард 30,000 метр куб бетон эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд хучилтын нүхтэй хавтан, худгийн бетон хоолой, автозамын даацын төмөр бетон хоолой, явган хүний гарц тунель, замын хашлага зэрэг бүхий л төрлийн төмөр бетон хийц үйлдвэрлэдэг байна.

Categories
мэдээ нийгэм

Гудамж талбайд нус цэрээ хаявал торгоно

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛӨӨР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛЭЭУИХ-ын Хууль зүйн байнгын хороо, ХЗДХЯ хамтран Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, ХЗДХ-ийн Дэд сайд Б.Энхбаяр, УЕПГ-ын хяналтын Прокурор Г.Оюунболд болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, агуулга ач холбогдлын талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Дэд сайд Б.Энхбаяр, “Зөрчлийн тухай хуулийн онолын үндэслэл, бусад орны туршлага” сэдвээр Г.Оюунболд нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

ХЗДХ-ийн Дэд сайд Б.Энхбаяр хэлэхдээ “Нэгдүгээрт, хуулийн техник бичилтийн хувьд зөрчлийн шинжүүдийг нэг өгүүлбэрт багтаагаад биччихсэн. Энэ нь өөрөө хянан шийдвэрлэхэд нэлээд төвөгтэй байдал үүсгэсэн байсан. Жишээлбэл, хориглосон газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн , мансуурсан бол торгоно гэж байгаа.Согтуурсан, мансуурсан үйлдэлд тус тусад нь болгож, заагласан. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулиас Зөрчлийн хууль руу шилжсэн ганцхан үйлдэл байгаа. Энэ нь бусдын бие мах бодид гэмтэл учруулахгүйгээр халдах, гэдсэнд нь цохих, түлхэх зэрэг үйлдэл байдаг. Үүнийг гэмтэл учраагүй юм чинь заавал гэмт хэрэгт тооцоод байх шаардлага байхгүй. Зөрчилд тооцоод торгоод явчихдаг байхаар оруулсан байгаа. Зөрчлийн хуулийн торгох шийдвэрийн хувьд шууд тодорхой байх юм. Өөрөөр хэлбэл сонгох санкци байхгүй. Жишээлбэл, гудамж талбайд нус цэрээ хаясан үйлдэлд 10.000 төгрөгөөр торгоно. Түүнээс 5.000-10.000 төгрөг торгоно гэсэн интервал байхгүй” гэсэн юм.

Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн дуулиант уналт

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе өнөөдөр Үндсэн хуулийн шүүхээр орж суудлаасаа огцорлоо. Түүнийг өнгөрсөн 10 дугаар сараас найз Чүэ Сун Шил-тэй холбон авлигын хэрэгт буруутгаж эхэлсэн юм. Мөн түүнийг өөрийн хүрээллээ элдэв бөө, үзмэрч, биеэ үнэлэгч гэх мэт янз бүрийн болж бүтэхгүй хүрээний хүмүүсээр бүрдүүлсэн гэж буруутган сая сая иргэд удаа дараа жагсаал хийсэн юм. Энэхүү авлигын хэрэг даамжирч цаашлаад Самсунг группын удирдлага Ли Жэ Ёонг хүртэл 37 сая долларын хэргээр баривчлагдаж байсан юм.

Чүэ Сун Шилийг 2016 оны арвэннэгдүгээр сарын 20-ны өдөр Прокурорын газраас албан ёсоор авлигын хэрэгт буруутгасан билээ. Түүний 52 компаниас 70 гаруй сая ам.долларыг авлига хэлбэрээр авсан гэж буруутгасан юм. Энэ хэргийн дуулиан дунд Пак Гын Хегийн нарийн бичгийн дарга, ажлын алба нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорчээ. Тэдний нэг бус ажилтанд Прокурорын газраас тухайн сардаа багтаан эрүүгийн хэрэг тулгасан юм.

Парламент дахь сөрөг хүчний нам Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх хуулийн төслийг 2016 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Парламентад оруулж хэлэлцүүлэн маргааш нь санал хураалт явуулахад “234 гишүүн дэмжсэнээр огцрох зам нь шулуудсан гэж хэлж болно.

Пак Гын Хе нь 1952 онд Өмнөд Солонгосын Дэгү хотод Ерөнхийлөгч асан Пак Чун Хи-н том охин болон мэндэлжээ.

1961 онд тэрээр гэр бүлийн хамт Хөх ордонд нүүж ирсэн юм. 1970 онд Соган их сургуулийн электрон инженерийн ангийг төгссөн. 1974 онд аавыг нь эсэргүүцэгчид түүний эхийг хөнөөхөд тэрээр Францад сурч байсан.

1998 онд Азийн эдийн засгийн хямрал болоход өөрийн төрсөн хот Дэгү хотын захирагчийн албанд сонгогдож чадсан юм. 2012 онд тэрбээр 60 насандаа Солонгосын Ерөнхийлөгчид өрсөлдөж хүний эрхийн хуульч Мүүн Жэе Ин-г ялснаар Солонгосын хамгийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болсон.

2014 онд дунд сургуулийн 300 гаруй хүүхэд сууж явсан Севол хөлөг онгоц осолдож хүүхдүүд харамсалтайгаар амь алдсаны дараа шуурхай арга хэмжээ авч чадаагүй нь ерөнхийлөгчид итгэх итгэл буурч ард түмний бухимдлыг багагүй төрүүлсэн билээ.

О.ӨНӨР