Categories
мэдээ спорт

Монгол тамирчин анх удаа “Сая доллар”-ын төлөө тулалдана

Сүүлийн үед монголын тулаанчдын дунд нэгэн мэдээ чих сортхийлгээд байгаа билээ. Тэр бол монгол хүн анх удаа Солонгосын холимог тулааны “Road FC” холбоонд тоглосон төдийгүй цаашлаад сая долларын өндөр бооцоотой тэмцээнд хүч үзэх гэж буйтай холбоотой юм. Тэрээр өмнө нь Гавьяат дасгалжуулагч А.Гантулгын удирдлага дор 13 настайгаасаа сонирхогчийн боксоор хичээллэж тив дэлхийд амжилт гаргах магадлал өндөртэй тамирчин гэгдэж явсан удаатай. 2007 онд Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн юм.

Харин гэнэтхэн л амьдралын шаардлагаар Солонгос улсыг зорьж тэнд очин бусдын адил ажиллахын зэрэгцээ өөрийн сонирхлоо хөөн холимог тулаанаар хичээллэж алдартай “Road FC” холбоонд тоглохын тулд телевизийн шоунд хүртэл оролцон нэлээд замыг туулсны эцэст тэдний анхааралд өртөж , сорил тэмцээнд амжилт үзүүлснээр элсэж хүч үзэх зөвшөөрөл авсан байна. Одоо тэрээр “Team fighter” клубт харьяалагдан, бэлтгэлээ базааж байна. Энэхүү холимог тулааны мэргэжлийн дэвжээн дээр 2014 оноос гарч хүч сорьж буй бөгөөд одоогоор долоон удаа тулалдаж тавд нь ялсан амжилттай явж байна.

Шавийнхаа талаар дасгалжуулагч багш А.Гантулга: “Бэлтгэлийг чин сэтгэлээсээ базаадаг. Нэг удаа хий гэвэл гурав гүйцэтгэх нь энүүхэнд. Авьяастай, мэдрэмжтэй, ухаалаг тамирчин. Миний хамгийн хайртай шавь нарын нэг. 2007 оны Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэхэд нь шавиараа бахархсан. Тэр үед олимп, ДАШТ-ий медальтан болох мөч ойрхон байна даа, цаг нь болсон гэж бодож билээ. Их баярласан болоод ч тэр үү, өөрийн эрхгүй уйлсан шүү. Амьдрахын эрхэнд боксоо орхин, Солонгос улсыг зориход нь их гайхсан, мөн харамссан. Шавь маань өдгөө “Road FC” холбоонд тоглож, сонирхогчийн бокст гаргаж чадаагүй амжилтдаа хүрэхээр зүтгэж явна. Тулааны спортын суурь сайтай, хөдөлмөрч, авьяастай болохоор цаашид бүр өндөр амжилт гаргах боломж түүнд бий” ” хэмээн ярьжээ.

Энэ сарын 15-нд тэрээр дэлхийн шилдэг 32 тамирчин өрсөлдөж, түрүүлсэн нь сая долларын шагнал хүртэх тэмцээнд анх удаа оролцохоор бэлтгэлээ базааж байна.Өмнө нь ийм өндөр шагналтай тэмцээнд монгол тамирчин өрсөлдөж байгаагүй юм. Эхний үед тэрээр мэргэжлийн дэвжээнд долоон удаа ялж, хоёр дийлдсэн, бүх өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан Бразилын тулаанч Б.Мирандатай өрсөлдөнө. Тэрбээр өмнө нь мутай боксоор хичээллэж байсан аж.

Тэрээр одоо эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд ажлынхаа хажуугаар бэлтгэлээ хийдэг гэнэ. Хүний нутагт гэр бүлээ асран, ажлынхаа завсраар бэлтгэлээ хийх нь мэдээж түүнд амаргүй байх нь ойлгомжтой. Тэрээр энэ талаараа ярихдаа, “Ажлаа тарсныхаа дараа ядаргаа багатай байвал оройн цагаар бэлтгэл хийдэг. Холимог тулаан нь бусад тулааны спортоос тэс өөр. Би уг нь Монголд байхдаа боксоос гадна тэквондо, кик бокс, гардан тулаанаар хичээллэж, ур чадвараа ахиулсан. Тэгсэн хэрнээ л холимог тулаанд өөрийгөө чамлах үе гарч байгааг нуугаад яах вэ” хэмээсэн юм.

Түүний цаашдын зорилго бол UFC холбоонд тоглон, аварга болох. Тэгэхийн тулд юуны өмнө “Road FC” холбоонд түрүүлэх, хамгийн багадаа дахиад таван удаа ялах хэрэгтэй гэнэ. Түүнд амжилт хүсье.

О.ӨНӨР

Categories
мэдээ цаг-үе

Ш.Бямбацогт: Би эфирт гарахдаа хамгийн дотно хүнтэйгээ ярьж байна гэж боддог

Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн ММ агентлагийн нэвтрүүлэгч Шагдаржавын Бямбацогттой ярилцлаа. Тэрээр саяхан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаалгаад байгаа билээ.


-Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн гэх эрхэм цол хүртлээ. Танд баяр хүргэе. Энэ баярт мэдээг хэзээ сонсов?

-Хоёрдугаар сарын 22-ны 17 цаг 28 минутад 26-гаар эхэлсэн дугаар залгадаг юм байна. “Сайн байна уу? Шагдаржавын Бямбацогт гуай юу. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас ярьж байна. Та МУСГЗ гэх эрхэм цол хүртжээ. Танд баяр хүргэе” л гэлээ. Юу юугүй л хоолой зангираад ирдэг юм билээ. Утсаа салгачихаад бараг таван минут шахуу салфетиктай зууралдсан байх шүү (инээв). Өөрийн эрхгүй л нулимс гараад байсан. Мэдээж баяр, догдлолынх байх нь дамжиггүй. Хэрэв арав гаруйхан жил ажилласан бол төрийн энэ том шагналыг авахгүй, авсан ч хийж бүтээсэн зүйл бага тул догдлохгүй байсан болов уу. Би энэ их айлын босгыг алхаад 26 жил болсон байна. Тиймдээ ч миний хамт олон, найз нөхөд, инженер техникийн ажилчид, зураглаач, сэтгүүлч, редактор, үйлчилгээний ажилчид, үзэгч, сонсогч түмнийг минь л төр үнэллээ дээ гэж яалт ч үгүй догдолж баярласан.

Би өдий зэрэгтэй явж байна гэхээр бас муугүй хүн байх нь гэж дүгнээд байна л даа. Энэ бүхний үндэс суурь бол 50 жилийн түүхтэй Монголын Үндэсний олон нийтийн телевиз, 80 гаруй жилийн түүхтэй Монголын Үндэсний радиогийн үе үеийн уран бүтээлчдийн минь ёстой л чөмгөө дундартал ажилласан тэр он жилүүдийн л шим юм даа. Тэр шим нь намайг өдий зэрэгтэй болгосон. Тэгэхээр төр үе үеийн бүхий л уран бүтээлчдийг хамтад нь шагналаа гэж ойлгож байна. Тиймээс хамт олондоо баярлаад, үзэгч түмэндээ мэхийгээд ханашгүй юм даа. Монгол төрийн дуу хоолой болсон нэвтрүүлэгчдийн алтан гинжийг таслахгүйгээр үргэлжлүүлж мөн хойч үедээ ч үлдээх болно гэж хэлмээр байна.

-Та Монголын Үндэсний олон нийтийн радио телевизэд орж байсан тухайгаа яриач. Ер нь яагаад телевизийн салбарыг сонгох болсон юм бэ?

-Намайг энэ их айлд орох үед Радио телевизийн улсын хороо гэсэн нэртэй байлаа. 1987 оны үед юм даа. Миний ээж, аав хоёр намайг ажиглаж, сонссон юм шиг байгаа юм. Юу гэхээр би “БНМАУ-ын Ардын их хурлын депутат Хорлоогийн Баянмөнх, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын спортын гавьяат мастер” ч гэдэг юм уу эсвэл “Монгол ардын хувьсгалт намын төв хорооны нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга нөхөр Юмжаагийн Цэдэнбал үг хэлнэ” гэх мэтээр радиогоор ярьж байгаа хүмүүсийг их дуурайдаг байлаа. Надад их гоё сонсогддог байсан юм. Дээрээс нь сургуульд байхдаа дуу, бүжигт дуртай урлагт сонирхолтой хүүхэд байсан л даа. Энэ мэт зүйлсийг ажиглаад л аав минь намайг нэвтрүүлэгч болох сонирхолтой юм байна. Радио телевизийн улсын хороо руу л дагуулаад очъё гэж бодож л дээ. Арван жилээ төгсчихөөд л шууд очсон юм. Хүмүүс ярьдаг л даа “Намайг шалгуулахад 300, 400 гаруй хүн байсан. Би түүнээс цойлж гарч ирсэн юм” гэх мэтээр. Миний хувьд бол тийм зүйл байгаагүй. Аавыгаа дагаад л сонирхлоороо ирж байлаа. Аав минь тэр үед бас арын хаалга юу билээ гэж бодсон шиг байгаа юм. Тэгээд л нутгийн хүн энэ телевизэд байгаа болов уу гэж асууж, сурж л дээ. Би Хэнтий нутгийнх юм. Манай нутгаас телевизийн дарга байсан МУСГЗ Жаргал, нэртэй сэтгүүлч парик Жагаа, нэвтрүүлэгч Харцага гэсэн хүмүүс ажиллаж байсан. Ингээд л аав минь хамгийн түрүүнд Харцага ах дээр дагуулаад очсон юм. Архаг уран бүтээлчдэд ч шалгууллаа. “Гайгүй шүү. Бас чиг дажгүй хоолойтой хүү байна” гэж хэлсэн. Тэгээд л ажиллаж эхэлсэн дээ.

-Арван жилээ төгсөөд л шууд ажилд орчихсон хэрэг үү?

-Тийм. Би Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд арван жилээ төгссөн. Түүнээс хойш л телевиздээ ажиллаж байна. Эхлээд туслах найруулагчийн туслахаар орсон. Дараа нь туслах найруулагч болоод цаашлаад дагалдан нэвтрүүлэгч хийж эхэлсэн дээ. Харин нэвтрүүлэгч гэх үнэмлэхийг 1993 онд авсан юм. Хүн бүхний л сайн сайхан талаас суралцахыг хичээдэг байлаа. Хамгийн их заавар зөвлөгөөг Харцага ахаасаа л сонссон. Мөн МУСГЗ Цэенханд, Чулуунбат, Батбаяр, Доржбат, Жанцан ах, Хишигээ, Рагчаа эгч гээд энэ бүх л хүмүүсийн заавар, зөвлөгөөг сонсч байлаа.

-Анх эфирт гарч байсан үеэ дурсаач. Их сандарч байв уу?

– Эфирт гарах юмсан гэсэн дэврүүн хүсэл их байлаа. Закадраас “Сайн байна уу?” ч гэдэг юм уу ганц үг хэлчихвэл тэрэн шиг том гавьяа байхгүй мэт санадаг байж билээ. Нэвтрүүлэг, кинонд барагтай л бол дуу оруулахгүй. Харин яг эфирт гарахдаа залуу байсан болоод ч тэр үү, их эмээж байсан. Гэхдээ телевизэд ажилд орсноосоо бүр хойно ил гарч байгаа юм шүү дээ. Нэвтрүүлгийн сүүлчийн шат дамжлага бол нэвтрүүлэгч байдаг. Нэвтрүүлэгчид сэтгүүлч, редакторын бэлтгэсэн шив шинэхэн, халуун талхыг хүлээн авдаг юм. Харин түүнийг хүлээн авагчдадаа халуунаар нь, энд тэндээс нь эмтлэлгүйгээр хүргэх нь нэвтрүүлэгч бидний хамгийн чухал үүрэг. Ер нь бол бид төр, ард түмэн хоёрыг холбогч гүүр учраас үнэний дуу хоолой байх нь зүйн хэрэг. Энэ чухал үүргийг гүйцэтгэж байгаа учраас бахдалтай, нөгөөтэйгүүр хариуцлагатай байх хэрэгтэй гэж боддог доо.

Миний бодлоор МҮОНРТ-ын мэдээ, нэвтрүүлгүүд бусад телевизүүдийнхийг бодвол сонгодгоороо байдаг. Давс, хачиргүй үнэнийг ярьдаг. Нэг нэвтрүүлгийн ард сэтгүүлч, редактор, зураглаач, найруулагч, инженер техникийн ажилчид гээд бүхэл бүтэн баг бүрэлдэхүүн ажиллаж байдаг юм. Зарим хувийн телевизүүдийн нэвтрүүлгийг зураглаач, сэтгүүлч хоёр л хийж байх шиг харагддаг. Гэхдээ баг бүрэлдэхүүнээрээ ажиллавал илүү мэргэжлийн байна гэж би ойлгоод байгаа юм. Ер нь ч тэгээд чаддаг, мэддэг юмаа сайн хийдгийн тод жишээ бол МҮОНРТ гэж боддог шүү.

-Хөтлөгч, нэвтрүүлэгч болох хүсэл, мөрөөдөлтэй олон хүүхэд, залуус бий. Та тэдэнд болоод залуу нэвтрүүлэгчдэд юу гэж зөвлөмөөр байна вэ?

-Хэвлэл мэдээллийн байгууллагууд олширсон байна. Мэдээж залуу сэтгүүлчдээ харна, сонсоно. Ил шүүмжлээд байх дургүй л дээ. Тааралдах юм бол хэд гурван зөвлөгөө өгдөг л юм. Аливаа зүйлийг хар, муухайгаар нь биш арай өөр өнцгөөс дулаан, эерэг талаас нь хүргэвэл зүгээр байгаа юм даа гэх мэтээр санаа, оноогоо хэлнэ. Мөн хүнтэй ярилцаж байхдаа нүд рүү хараад яривал их зүгээр. Гэм хийчихсэн юм шиг айж, хулмаганаад доош хараад байж болохгүй. Дотно ярилцлагын нэвтрүүлэг хийж байгаа тохиолдолд сайхан яриа өрнөхгүй шүү дээ. Харин нэвтрүүлэгчдэдээ үгээ зөв тасалж, хуваарилалтаа зөв хийх хэрэгтэй байгаа юм даа гээд үглэх маягтай хэлдэг юм. Ер нь бол микрофон, камерын өмнө буюу эфирт гараад миний ээмэг, уруулын будаг ямар харагдаж байгаа бол эсвэл зангиа, хослол минь зүгээр байгаа болов уу гэж бодоод байх юм бол тэр бүтээл хэзээ ч үзэгч, сонсогчдод хүрэхгүй. Миний хувьд эфирт гарахдаа дотоод сэтгэлдээ хамгийн дотны хүнтэйгээ ярьж байна гэж боддог. Тэгвэл таны хүргэх гэж буй бүтээл тань бүх хүнд ойлгомжтой очно шүү дээ. Хэн ч ээж, аавтайгаа ярьж байхдаа түгдэрч, гацдаггүй биз дээ. Ямартай ч хэвлэл мэдээллийн салбарт зүтгэж байгаа уран бүтээлчдийн минь зам мөр нь дардан байх болтугай. Хэн нэгэн улстөрчийн халаасанд битгий ороосой, сэтгүүлч хүн учраас өөрийн гэсэн жанжин шугамтай байгаасай гэж хүсэж байна.

-Аавыг тань урлагийн хүн гэж сонссон. Аав, ээжийнхээ тухай яриач?

-Миний аавыг Шагдаржав гэдэг. Хан Хэнтий чуулгын хөгжмийн удирдаач хийж байгаад гавьяаныхаа амралтад гарсан байна. Харин ээж минь эмч мэргэжилтэй. Мөн тэтгэвэртээ гарчихсан. Өвөө, эмээгийн үүрэг гүйцэтгээд Хэнтий нутагтаа амьдарч байна даа. Харин миний хань англи хэлний багш мэргэжилтэй бүсгүй байдаг. Би цэцэг шиг гурван охинтой. Том нь гадагшаа мастер хамгаалахаар явсан. Дундах нь ерөнхий боловсролын сургуульд сурч байна. Харин бага охин минь нэлээн сүүлд гарсан юм. Энэ жил нэгдүгээр ангид орсон.

-Та хэр сайн аав бэ. Гэр бүлдээ зарцуулах цаг зав хэр байдаг бол?

-Гэр бүлдээ аль болох их цаг хугацааг зориулах юмсан гэж боддог. Хааяа зав зай гарах юм бол хоол хийх дуртай. Рестораны хоолыг харж байгаад л дараа нь хийчихнэ. Эсвэл жор зохиогоод ч юм уу, шинэ хоол хийх дуртай шүү. Ер нь миний хувьд залуу байхдаа ар гэрийг яалт ч үгүй хойш нь тавьсан. Харин сүүлийн гурав, дөрвөн жилийн өмнөөс гэр бүлдээ зарцуулах цаг зав арай ихэссэн гэж болно. Өмнө нь ёстой л байгууллагаа боддог байсан. Байгууллага гэхээсээ өөрийгөө бодож байгаа хэрэг л дээ. Сайн ажиллаж гайгүй цалин авчих юмсан л гэж. Мэдээж хичээж ажиллаж байгаа учир сайхан бүтээл үзэгч, түмэндээ хүргэчих юмсан гэсэн хүсэл байлгүй яахав. Нойр хоол, өвчин зовлонг умартан өдөр шөнөгүй л ажилладаг байлаа. Баяр ёслол, хагас бүтэн сайн гэж мэдэхгүй. Шинийн нэгний өглөө гэрийнхэнтэйгээ ч золгоогүй ажил дээрээ л байж байна. Би аав, ээждээ ойрын хэдэн жил очиж золгосонгүй. Аав, ээж минь л ирж золгоно. Эрхэм сайхан цол авсан хэрнээ мөн адил очиж золгоогүй л явна. Би аав, ээждээ очиж золгъё гэж хэлээд ажлаасаа чөлөө авч үзээгүй. Би өөрөө хуучны ч гэдэг юм уу, хоцрогдсон социалист үзэлтэй хүн шиг байгаа юм. Энэ бас их нөлөөлдөг байх.

-Гадуур явахад тань хүмүүс мэдээж таньдаг байх. Ямар ямар хандлагууд гардаг вэ. Хөгтэй зүйл тохиолдож байсан уу?

-Энэ сайхан ажил, мэргэжлийн минь буян юм даа. Бүгд л сайхан эерэг хандлагаар хүлээж авдаг. Энд тэнд хөдөө, гадаа явж байхад сайхан мэндэлнэ. Ер нь эхлээд голцуу манай хамаатан бил үү, хэнсэн билээ дээ гэж хардаг шиг байгаа юм. Хараад л “Сайн уу, сонин сайхан юу байна” гэдэг юм. Би тэгэхээр нь энэ чинь хэнсэн билээ гээд бас бодчихно. Энэ мэтчилэн таньж ядаад л байдаг байсан. Сүүлдээ бол ойлгосон л доо. Зурагтаар харсаар байгаад нэг л их таньдаг зүс царай, дуу хоолой болчихдог юм билээ. Тэгээд л таарсан хүмүүс их таньдаг хамаатан садан шигээ бодоод андуураад байдаг байх нь. Өнөөх таньж ядаад байсан хүн чинь “Өө нэвтрүүлэгч маань байна шүү дээ” гээд л сүүлд нь хэлдэг юм. Иймэрхүү хөгтэй зүйлүүд тохиолдолгүй яахав. Энэ сайхан итгэл, инээд баяслынх нь хариуд нэвтрүүлгээрээ л үгийг нь үг шиг хүргээд, утгыг нь сайхан гаргачих юмсан гэж хичээж явдаг даа.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунгэрэл: Жорлонгийн асуудлаа шийдэж чадахгүй байгаа газар засаглал муу байна гэж үздэг юм билээ

-ЭНЭТХЭГТ E-TOILET ГАРЧ ИРЖЭЭ-

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа. Тэрбээр цагаан сарын өмнөхөн FSM буюу үгчилбэл “Өтгөн, бохирын менежмэнт”-ийн олон улсын хуралд оролцоод иржээ.

-Та жорлонгийн менежмэнтийн асуудлаар хуралд оролцоод ирсэн гэсэн үү?

-“Билл ба Мелинда Гейтсийн сан”-гаас зохион байгуулдаг “Өтгөн, бохирын менежмэнт”-ийн дөрөвдүгээр хуралд оролцоод ирлээ. Хүний ялгадастай холбоотой асуудлыг хэлэлцдэг хурал юм байна. Гуравдугаар хурлаас нь эхлээд монголчууд оролцож эхэлсэн юм билээ. Энэ хурлаар голдуу жорлонг яаж зохион байгуулбал бохир ус хөрсөнд нэвчихгүй, хүний эрүүл мэндэд гай болохгүй байх вэ гэдгийг хэлэлцдэг. Хүний эрүүл мэндийн тухай хурал гэж болно. Бас өтгөн ялгадсаар орчноо бохирдуулахгүй байх талаар ярилцдаг. Энэ удаагийн хуралд 65 орноос мянган төлөөлөгч оролцсон. Анх цөөн хэдэн усны инженер, эрүүл мэндийн ажилтан л оролцож 100 гаруйхан төлөөлөгчтэй хуралдаж байсан бол, хоёр дахь удаагаа 300, гурав дахь хурал нь 700 хүнтэй болж байжээ. Энэ удаа олон мянган хүн оролцох хүсэлт тавиад, зөвхөн мянгыг нь шилж оруулсан гэсэн. Энэ асуудалд дэлхий нийтээрээ анхаарч эхэлжээ.

-Таныг хамгийн их жорлон ярьдаг улстөрч гээд урьсан гэл үү?

-Би өмнө нь УИХ-ын гишүүн байхдаа Билл Гейтсийн сан дээр биечлэн очиж байсан. Хог хаягдлын хуулийн төслийг боловсруулах явцдаа Монгол дахь бүх цэвэрлэх байгууламжуудаар явж, сантехникийн шугам хоолой, цэвэрлэх байгууламжуудад байгаа өтгөн, лагийн асуудлаар шийдэл хайсан юм. Тийм учраас энэ шийдлийг гаргаж байгаа инженерүүдтэй уулзахаар 2015 онд Билл Гейтсийн санд очсон. Тэр үед энэ сангийн инженерүүд намайг “Janickiomni proces­sor” гэдэг өтгөн лаг, ялгадсыг боловсруулдаг машиныг зохион бүтээж байгаа үйлдвэр дээр аваачиж, туршилтын тоног төхөөрөмжтэй танилцуулж байлаа. Дараа нь АСЕМ-ын өмнө цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарахын тулд олон жил хуримтлагдсан лагийг хуурайшуулж, хатаах, үнэргүй болгох хөрөнгө мөнгийг улсын төсөвт тусгуулах талаар судалгаа хийж байхдаа мөн энэ сангийн инженерүүдэд хандаж байлаа. Олон удаа тэдэнтэй энэ асуудлаар холбогдсон учраас намайг урьсан байна лээ. Урилгыг нь хүлээж аваад “Уучлаарай, би УИХ-ын гишүүн, сайд байхаа больсон. Та нар намайг урихын оронд шийдвэр гаргагчдаас урьж болно шүү” гэж хариу бичсэн л дээ. Гурван сарын дараа “Танай Засгийн газраас БХБ-ын яамны Төрийн нарийн бичгийн даргыг мэргэжилтнүүдтэй нь урихаар боллоо. Гэсэн ч та биечлэн ирж, технологийн сонирхолтой мэдүүллүүдийг авч болно” гэсэн. Тэнд очоод миний сонирхсон зүйл бол хөдөө орон нутаг, том, жижиг хотууд өтгөн лагийн асуудлаа яаж зохицуулах вэ? Сүүлийн үеийн технологи юу байна. Монголд авчихмаар юм юу байгааг судлахаар очсон. Энэ хурал Энэтхэгт болсон л доо. Энэтхэгийн Ерөнхий сайдын эхний амлалт нь “Цэвэрхэн Энэтхэг орныг бий болгоно” гэжээ. Ерөнхий сайд Модигийн хамгийн том амлалт нь энэтхэгчүүдийн жорлонгийн асуудлыг шийдэх юм байна л даа. Энэтхэг орон даяар жорлонгийн менежмэнтийг сайжруулах кампанит ажил өрнөж байна. Жорлонгийн менежментийг сайжруулахын тулд улс төрийн шийдэл нь юу байсан, санхүүжилтээ яаж шийдсэн, ямар зохион байгуулалт хийснийг нь сонирхож олон хуралдаанд суулаа. Нэлээд их зүйл мэдэж авсан. Ер нь жорлонгоо шийдэж чадахгүй байна гэдэг бол зохион байгуулалт муу байгааг харуулдаг юм байна. Ард түмнээ гэгээрүүлэхэд анхаарал тавихгүй байгааг, хамгийн гол нь засаглал муу байгааг харуулдаг юм байна л даа. Засаглал сайтай газар жорлон сайтай байдаг юм байна, Мөнгө нь хамгийн түрүүнд чухал зүйлдээ хүрдэг гэсэн үг юм байна. Ерөөсөө энэ бол засаглал, улс төрийн асуудал шүү гэж их яригдсан.

Гэхдээ яг барууны стандартаар бүх жорлонг төвлөрсөн шугамд холбоод, усаар түрдэг болгоно гэвэл дэлхийн усны нөөц хүрэлцэхгүй, бүтээн байгуулах мөнгө хүрэлцэхгүй. Ийм учраас хямд өртөгтэй, ус бага шаардсан жорлонгийн шийдлүүдийг маш их ярьсан. Би гурав хоногийн үнэ төлбөргүй хурлаас гадна нарийн технологийг газар дээр нь хэрэгжүүлж байгаа бизнесийнхэн, инженерүүдтэй уулзах төлбөртэй семинарт нь бас суулаа. Янз бүрийн технологи судалсан. Тийм учраас инженерүүдэд эдгээр шийдлийн талаар тусгайлан яриа хийхээр шийдсэн юм. Миний хувьд Janickiomni pro­cessor гэдэг төхөөрөмжийг 2005 оноос хойш сонирхсон л доо. Хүний өтгөн ялгадас цэвэрлэх байгууламжийн лагийг шатааж, цахилгаан, дулаан гаргаж авна. Ус, барилгын материал үнс гаргаж авна. Энэ машины гаргаж байгаа бүтээгдэхүүн Монголд тохирч байгаа юм. Одоо ч Европ, Америкт өргөн хэрэглэгдэж байгаа бусад бүтээгдэхүүнүүд байна л даа. Тэд өтгөн ялгадас лагаар брикет түлш хийж байгаа юм. Түлш хийж байгаа том машинууд Монголд соёлын хувьд тохирохгүй л дээ. Яагаад гэвэл хүний ялгадсаар хийсэн түлшийг галдаа хийх байгууллага ч, хүн ч олдохгүй.

-Дарханд Германы МомоII төслийн шугамаар гэр хорооллын айлуудын ялгадсыг цуглуулж, метан хий болгож цахилгаан гаргах туршилт хийж байсан. Юун дээр гацсан гэхээр өвөл ялгадас нь хөлдчихөөр халаах боломжгүй болсон гэсэн?

-Өтгөн ялгадаснаас хий гаргаж авах нь Монголд ашиггүй юм билээ. 24 цаг ажиллаж чадахгүй, халуун дулаан оронд тохиромжтой юм байна. Аялал жуулчлалын бааз дээр, эсвэл малчид зуслан дээрээ, орон нутгийн мод зүлэг тарих хэмжээний газарт ялгадаснаас бордоо гаргаж авч болох юм билээ. Томоохон хэмжээнд тогтвортой ажиллуулъя гэвэл бидэнд хамгийн сүүлд гарч байгаа шинэ технологи хэрэгтэй. Бохирын ялгадасны бүхэл бүтэн үйлдвэрлэл цоо шинээр гарч ирж байна. Хүний өтгөн ялгадас эхний түүхий эд нь, эцсийн бүтээгдэхүүн нь юу байхыг улс болгон өөрийн онцлогт тохируулан сонгодог юм байна. Халуун орнууд бол эцсийн бүтээгдэхүүн нь био хий, бордоо байдаг. Хүйтэн сэрүүндүү Европын орнуудын эцсийн бүтээгдэхүүн нь брикетэн түлш. Манайх шиг галдаа бохир зүйл хийхийг цээрлэдэг орон Африкт хэд хэд бий. Уганда, Танзаны иргэд монголчууд шиг мал аж ахуйтай, галын соёлтой. Галын соёлтой орнуудтай нэг баг болоод өөрсдөдөө тохирсон эцсийн бүтээгдэхүүн хайсан. Бидэнд тохирсон эцсийн бүтээгдэхүүн нь цахилгаан, дулаан гаргадаг үйлдвэрлэл тохиромжтой гэж үзсэн. Өөрсдөөсөө сэжиглэхгүйгээр жижиг орчинд ялгадаснаас гаргасан бордоо хэрэглэж болох юм байна. Том хотод бол цахилгаан гаргадаг машин тохиромжтой гэж үзсэн. Гурав хоног хуралдахад өтгөн ялгадсыг тээвэрлэдэг, бордоо хийдэг, био хий гаргадаг, цахилгаан гаргадаг, жорлон үйлдвэрлэдэг янз бүрийн бизнес эрхлэгчид ирсэн. Энэ бизнес рүү залуучууд их орж байгаа юм билээ. Хамгийн их амжилтад хүрч, саятан болсон бизнес эрхлэгч нь эмэгтэй хүн байна. Сенагал улсын Дакар хотын өтгөн ялгадсны 10-ны нэгийг л боловсруулдаг гэсэн. Тэр эмэгтэй бол Монголд тохиромжтой гэж үзээд байгаа технологийг хэрэглэсэн байна лээ. Эхэндээ био хий гаргаж байсан. Сүүлдээ ачааллаа дийлэхээ байгаад цахилгаан, ус гаргадаг үйлдвэр ажиллуулдаг болсон юм билээ. Угандагийн ажилгүй орлогогүй байсан нэг залуу жорлонгийн бизнес рүү ороод улс орондоо хамгийн алдартай бизнесмэний нэг болжээ. Хүмүүс бол хамгийн бохир, хоцрогдсон ажил гэж боддог. Гэтэл хамгийн сүүлийн үеийн технологи хэрэглэж байж жорлонгийн бизнес босч ирнэ гэсэн дүгнэлт хийж байна лээ. Жорлонгийн ялгадсыг цуглуулах, тогтвортой зөв ажиллуулахад маш хэрэгтэй зүйл нь мэдээллийн технологи юм байна. Энэтхэг, Африкт ч энэ төрлийн бизнест мэдээллийн технологи маш их хэрэглэж байна. Аппликейшн, Call centre өргөн нэвтэрч байж амжилтад хүрдэг гэж яригдсан.

-Жорлонгийн бизнес мэдээллийн технологитой яаж холбогдож байна вэ?

-Энэтхэгт e-toilet гэж гарч иржээ. Тэр жорлонгийн үүдэнд хүн сууж мөнгө хураахгүй. Зоос хийгээд орж бие засдаг. Бие засангуут автоматаар ус шүршээд цэвэрлэчихдэг. Хүн орвол улаан гэрэл асч, гарахаар нь ногоон гэрэл асдаг. Жорлон дүүрэхээр Call centre рүүгээ дохио өгдөг юм байна. Дуудлагаар очиж жорлонгоо султгадаг үйлчилгээ бий болжээ. Хөрс бохирдуулахгүй маш олон төрлийн жорлон гарчээ. Энэ жорлонг бүтээх, ашиглах, цэвэрлэх бүх үе шатууд мэдээллийн технологитой холбоотой. Мэдээллийн технологи дэлхийн ариун цэвэрт шинэ боломж авчирчээ.Энэтхэг олон хүн амтай. Гар утсан дээрээ аппликейшн татчихдаг. Танд хамгийн ойрхон байгаа жорлон гэсэн мэдээлэл байдаг.

Аливаа улс орны улстөрчид нь жорлонгийнхоо асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй бол асуудал шийдэгдэхгүй гэж ярьж байна лээ. Жорлон бол хүний эрүүл мэнд, амьд явах эрхийн асуудал, байгаль орчин, боловсролын асуудал юм. Хүний эрхэмсэг амьдрах эрхийн асуудал юм. Хүний эрхэмсэг амьдрах асуудлыг шийдсэнээр маш олон асуудлыг шийдэж чаддаг. Жишээлбэл, Энэтхэг жорлон барих мөнгөгүй байжээ. Бид жорлонгийнхоо санхүүжилтийг яаж шийдсэн гэж их асуусан.Ойрын үед гэдэсний халдварт өвчнөөр өвдсөн хүмүүстээ зарцуулсан мөнгийг тооцож үзсэн чинь асар их тоо гарчээ. Гэдэсний халдварыг 50 хувиар бууруулж, үүнд зарцуулж байсан мөнгийг жорлонд зарцуулъя гэжээ. Гэдэсний халдварт өвчнөөс хэмнэсэн мөнгөний өчүүхэн хэсгээр жорлон барихад эрүүл мэндийн зардал маш их хэмнэгдсэн байна. Жорлондоо мөнгөө зарцуулахгүй мөртлөө гэдэсний халдварт маш их мөнгө зарцуулж байж.

Моди Ерөнхий сайд Цэвэр хот, цэвэр дүүрэг, цэвэр мужийн рейтинг гаргасан. “Гадаа бие засдаггүй хот” гэж нэр томьёо байгаа юм. Ийм хот болохын тулд нэгдүгээрт, гэдэсний халдварт өвчин буурсан, хоёрдугаарт, км тутамд жорлон байх ёстой. Тэнд манайхан шиг хашаатай биш. Жорлонгийн нүх ухах ч зайгүй шавааралдаж амьдардаг юм байна л даа. Тийм хүмүүсийн дунд 500 метр тутамд жорлон байх ёстой гэсэн стандарт гаргажээ. Моди Ерөнхий сайд болоод 30 сая жорлон байгуулсан гэнэ.

-Ямар жорлон үйлдвэрлээд байна вэ?

-Орон нутгийн онцлогоос болоод өөр өөр. Малайзад бол төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон жорлонгууд бий болгосон байна. Энэтхэгт бол төвлөрсөн шугам сүлжээ хангалтгүй газруудад султгадаг жорлонгууд байгуулсан. Америкт бол нийтийн хуурай жорлонгууд байдаг гэж яригдсан.

-Хуурай гэдэг нь юу билээ?

-Шээс нь тусдаа урсдаг. Өтгөн нь өөр саванд ордог. Тэр нь хуурай учраас удаан дүүрдэг. Хурлын үеэр үзэсгэлэн зөндөө гарсан. Өтгөн ялгадас цуглуулаад, төвлөрсөн цэгт хүргэж өгөх чинь хэцүү бизнес юм байна. WASH Ac­tion ТББ-ынхан зөвхөн өтгөн ялгадас тээвэрлэдэг машин хийж байна. Тэр нь манайхны амьжиргаа цагаан гэж нэрлэдэг шиг жижиг машин дээр өтгөн ялгадас цуглуулдаг танктай. Тэр машин нь цэвэрлэх байгууламж шиг өтгөнийг нь ялгаж аваад, шингэнийг нь саарал ус болгоод гаргадаг. Саарал усаараа замын дагуу мод усалчихаад, өтгөнөө цуглуулаад төв цэвэрлэх байгууламжид тушаадаг юм билээ. Тэр машин Монголд тохиромжтой. Зах зээлд хэдхэн сарын дараа гарна гэсэн. Тэр машин 10 мянган долларт л багтах юм.

Энэтхэгийн Засгийн газраас гаргасан олон нийтийн боловсролд зориулсан энэ календарь дээр хүүхдэдээ зориулж мөнгө хураадаг, тэтгэвэрт гарахдаа хэрэглэнэ гэж мөнгө хураадаг бол одоо жорлонгоо сайжруулна гэж мөнгө хураадаг боллоо гэх мэтээр бичсэн байна. Ирээдүйгээ төлөвлөхдөө жорлонгоо хамт төлөвлөж байгаа гэсэн утга санаатай.


Categories
мэдээ цаг-үе

Гэрээслэл

Төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамбын “Гэрээслэл” өгүүллэгийг хүргэж байна.

Өнгөрсөн зун би Архангай аймагт байдаг авга ахындаа амарч билээ. Тэдний айлыг Юндэнгийнх гэдэг. Манай ахынхтай нийлж нэгдлийн мянга шахам хонь хариулдаг байлаа. Юндэнгийнх уул нь манай нутгийнх биш. Хожим намайг сургуулийн мөр хөөж гарснаас хойш цагаачлан иржээ. Хүүхдүүд нь тус бүр айл болоод өөр нутагт байдаг ба эх нь Ханд гэгч ная гаруй настай эмгэн хамт амьдардаг байв.

Ханд гуай шиг өндөр настай эмгэд олон үгтэй, ярианд дуртай байдаг. Ялангуяа хуучны юм залуугийн явдлыг нь асуувал цэцэглэж явсан ид сайхан насаа бодож сэтгэл санаа нь сэргэн яриа нь төгсгөлгүй болдог шүү дээ. Харин Ханд гуай бол тийм биш ажээ.

Амарч байхдаа ганц өгүүллэгийн материал олж авъя гэж бодоод Ханд гуайтай хэд дахин ярих гэж оролдоод чадсангүй. Энэ тухайгаа Юндэн гуайд гомдон хэлэхэд “Манай ээж урьдах явдлаа ярих тун дургүй. Би хүү нь гэхэд уг нутаг гарал үүслийг нь мэдэхгүй. Эцэг минь ямар хүн байсныг ч ярьж өгөөгүй. Тэгээд би чинь Хандын Юндэн гэж эхээрээ овоглодог хүн шүү дээ” гэжээ.

Ханд гуайгаас юм сонсох хүсэл надад их байлаа. Энэ эмгэний түмэн үрчлээс болсон гонзгой бор нүүр, илч гал нь бараг алга болсон цийлэм нүдний цаана урт удаан амьдралын сонин хачин юм нуугдаж байгаа нь тодорхой. Энэ том цоожтой хаалганы цаана мөн ч их юм буй даа. Гэвч нээх арга нь даанч олдохгүй болохоор яая гэх билээ дээ. Амралт минь дуусч явахаар бэлтгэж байтал Ханд авгай орж ирээд бэргэний хийж барьсан цайг ууж хэсэг дуугүй сууснаа:

-Хүү минь чамайг юм бичдэг гэлцэх юм. Yнэн үү? гэж асуув.

-Тийм ээ. Би зохиолч хүн бас сонины газар ажилтай гээд л өөрийнхөө тухай товч ярьж өглөө. Ханд гуайн асуултыг сонсоод над сонин юм сонсох үлэмж горьдлого буй болсон билээ. Гэтэл дуугардаггүй. Доош харан цай ууж дууссан шаазангийнхаа хээг үзэж байлаа. Энэ үед түүний нүүр харагдсангүй. Гэвч тэр хээг анхааран сонирхож байгаа биш гэдгийг би мэдэж байв. Учир нь дотоод сэтгэлийн гүн бодолд дарагдаад сууж байгаа хүний нүүр нүд далд байвч судас амьсгаа дотор нь болж байгаа их зүйлийг илтгэх ёс бий. Ханд гуайн судас нь гүрвэлзэн, чичирч, хааяа хааяа дотроо гүн санаа алдаж байлаа. Тэгээд над руу үлэмж зөөлөн нүдээр харснаа “Хүү минь манайд ор. Эмээ нь цай чанасан юмсан” гээд босов. Би түргэн босож гэрт нь орлоо. Бүр олбог засжээ. Суумагц аагтай давстай, тос даасан шаргал цай өгч, хуруу зузаан өрөм, бэлцийсэн цагаан ааруул өмнө минь тавив. Идэж ууж байтал эмээ над руу ширтэн хэсэг ажсанаа урт гэгч нь санаа алдаад “Эмээ нь хүүдээ нэг юм яривал чи олон хүнд хэлж өгч чадах уу? Yнэн зөвөөр нь бичээд л сониндоо хэвлүүлж болохсон болов уу гэж байгаа юм шүү дээ” гэлээ.

-Чадалгүй яахав, эмээ минь. Энэ чинь миний хийдэг ажил.

-Эмээ нь нас өндөр болж удахгүй энэ хорвоогоос салан, эсгий гэрээс гарч хээрийн гэртээ очих цаг ойртлоо. Залуу хүмүүст хэлмээр юм байна. Би арван найман настай байхдаа сэтгэлдээ хүнд шарх олсон юм. Тэр шарх эдгэрээгүй. Эдгэрэх ч үгүй гээд дуу нь тасарч доош харахад хэд хэдэн том нулимс тасран унав. Би гайхан харсаар л. Ханд гуай алгуураар толгойгоо өргөж намайг эргэж харлаа. Усан хөшиг татсан нүд нь чичирч байгаа уруулд мухардсан гэмшил дүүрэн. Дотно хайрт хүнээ нас барахад нь очиж чадаагүй хүн “Амьсгал нь тасрахад байж чадсангүй ээ. Халаг” гээд толгойгоо нүдэх гэж байгаа хүнийг харсан бол Ханд гуай яг л тийм байлаа. Ханд гуай гарынхаа араар нулимсаа арчиж сэтгэл нь шулуудсан бололтой займчин суудлаа зассанаа зэвхий бөгөөд шийдэмгий дуугаар “Би залуудаа нутаг хошуундаа гайхагдсан сайхан хүн байсан юмсан. Чи ч үнэмшихгүй байх даа. Гэвч тийм л байсан” гээд арга нь барагдсан нүдээр намайг харлаа. Yнэндээ ч өмнө минь сууж байгаа эмгэн олонд гайхагдсан сайхан хүүхэн байсан гэхэд үнэмших юм тун ховор бөгөөд гагцхүү жар гаруй жилийн өмнөхөө ярьж байгаа шүү дээ гэж ухаан санаандаа бодож сэтгэлээ хүчлэн үнэмшүүлэхийг хичээж байлаа. Эмээгийн нүдэнд сэтгэлийн гүний баярын оч гялсхийж өчүүхэн мишээл жавьжинд нь тодрох мэт.

-Манайх үргэлж л Жамбал гэдэг айлтай хамт байдаг байлаа. Тэдний ганц хүү Юндэн бол надаас гурав ах. Бид хоёр хар бага наснаасаа хамт тоглож өсөөд намайг арван зургаан нас хүрэхэд Юндэнгийн зан нэг л биш болоод хувирав. Тэр яавал л надад сайн юм хийх хүсэлтэй. Миний юу л хэлснээс зөрдөггүй болов. Хүн өнгөрсөн юмыг эргэцүүлэн бодоход тэр үед огт ажиглагдаагүй юм тодрон учир нь олдоогүй юмны учир олддог шүү дээ. Ялангуяа сэтгэлд гүн үлдсэн юмыг эргэцүүлэн бодоход харамсах, баясах зүйл мөн ч их гардаг ажээ. Юндэнгийн зан мөн ч өөр болж билээ. Юндэнгийн алхам бүр, хөдлөх бүрээс над хязгааргүй сэтгэлтэй нь илэрхий байж л дээ. Заяагүй хүний хөлд нь ембүү тавихад дээгүүр нь сохор хүн болж нүдээ аниад гарсан гэдэг. Би Юндэнгийн тэр сайхан сэтгэлийг олж харахгүй байлаа. Түүнийг багаасаа тоглож өссөн сайн нөхөр минь гэж бодохоос түүнд хайр сэтгэл надад байсангүй. Намайг хүсэж мөрөөдсөн улс ёстой л захаас аваад байдаг байв даа. Гаднаас харвал Юндэнд гойд юмгүй. Ялангуяа олон хүний нүд булаасан залуугийн цагт бол шохоорхож хармаар юм түүнд байгаагүй. Жижигхэн биетэй, хонин бор нүдтэй гонзгой царайтай. Эцэг нь багад нь миний өөдөс гэж өхөөрдөн нэрлэснээс аав ээж нь Өөдөс гэж дуудна. Харин сүүлдээ Юндэн уцаарлаж байгаад болиулсан юмсан. Миний дэргэд Өөдөс гэж хэлүүлэх тун дургүй сэн. Гэвч дотор нь уу, ёстой л хүн байсан юм сан. Хүний сайхан дотроо нууц байдаг болохоор олж харахад тун хэцүү. Амьдралын эгзэг таниагүй залуугийн цагт бол бүр ч хэцүү.

Хүүхэнтэй айлд хүн цугладаг. Хүрдтэй айлд буян цуглардаг гэгчээр нутгийн харцуул манайд цугларна. Би тэдний дунд барьцгүй хөвнө. Тэдэнтэй цэц булаалдаж үг хаялцаж байхыг хараад Юндэн бухимдаж ууртай болдог байсан. Гэвч би түүнд нь огт юм бодохгүй. Харин ч инээд хүрдэг байсан билээ гээд эмгэний хоолой зангирахад дуу нь тасрав. Эмээ хэсэг дуугүй байснаа урт гэгч санаа алдаад толгойгоо хэдэн удаа сэжилснээ, нэг өдөр Юндэн хамт хот арилгаж байгаад “Хоёулаа сууж хамт амьдаръя. Ханд минь чамдаа би хязгааргүй дасжээ” гэж палхийтэл шууд хэлдэг байна шүү гээд эмгэн инээмсэглэх мэт болсноо, ер нь Юндэн бүрэг мэт боловч бодсоноо эв хавгүй цөл цал гэтэл цөмийг хэлдэг хүн байсан юмсан. Нэг өдөр манай үнээ тугал нийлж орхиод намайг ээж минь загнаж байхад Юндэн дув дуугүй зогсож байснаа “Дулмаа гуай минь. (Дулмаа гэдэг чинь манай ээжийн нэр) Тугал эхтэйгээ нийлээ л биз. Цайны сүүгүй бол манайхаас ав. Хандыг хичнээн аашлаад тэр хөхсөн сүүг та олж авахгүй” гэж билээ гээд Ханд гуай үгээ таслав. Ханд гуайн нүд нь сэргэж тод инээмсэглэл нүүрэнд нь тодров. Чухам энэ үед “Yнэхээр залуудаа сайхан хүүхэн байсан болов уу?” гэдэг зурвас бодол маний сэтгэлд орж ирлээ.

“Би Юндэнгийн үгийг юмны чинээ ч бодолгүй тоглоом болгож өнгөрүүлэв” гэж хэлэхэд Ханд гуайн нүүрэнд тодорсон баясгалан хусагдан алга болов. Нэгэн хэсэг чимээгүй болов. Би чингээд гэж ярианы үргэлжлэлийг хүсмээр байсан авч “Арай ингээд зогсохгүй байх” гэж горьдоод тэсэв. Yнэхээр Ханд гуай бүдэг дуугаар “Тэр үед би нутгийн Гончиг гэдэг залуутай сэтгэлтэй болоод нууц уулздаг байсан. Намрын үдэш юмсан. Хонь хотолж байгаад Юндэн урьдахаа давтаж хэлэхэд нь би тэр яриаг займруулах гэж “Чи ганцаараа гучин тэмээгээр Хүрээ жин тээж чадах уу” гэлээ.

-Чингэвэл чи баярлах уу гэж асуув.

-Эр чадалтай ажилч хүнийг хараад хэн ч баярлана шүү дээ гэв. Ингэж ярьснаас хойш удалгүй Юндэн айлын гучин тэмээг хөлсөлж аваад ганцаараа хүрээ жинд явчихлаа. Би юу хэлснээ ор сураггүй мартчихаад “Энэ хүйтэнд гучин тэмээгээр ганцаараа явдаг бас онгиргон амьтан юм даа. Нүд улаан, мөнгө цагаан л гэдэг болж байна. Амиа алдах гэж байгаа юм” гэж Гончигийн шоолон инээхэд хамт инээж байж билээ гээд эмгэний хоолойноос хачин авиа гарснаа зангираад тагжрав. Эмгэн тулганы захын үнсийг мойног болсон бор хуруугаараа оролдож газар ширтэн дорой дуугаар

-Намайг арваад айлынх хүүдээн гуйхад аав, ээж өгөхгүй байлаа. Гэтэл хошуу ноёны хүүд гуйхад ухаан жолоогүй баярлан зөвшөөрөв. Би очихгүй гэж уйлан хайлан гуйсан. Огт тус болсонгүй. Энэ бүхнээ Гончигт хэлж даруй түргэн оргож зайлъя гэлээ.

-Бид хоёр оргоод хаа зайлах вэ?

-Оргохгүй бол өнгөрлөө. Чи ойлгож байна уу?

-Орон гэр мал хөрөнгөө хаяад хүний нутаг, гүний газар яаж амьдрах юм бэ?

-Хайр сэтгэл залуу нас байна. Яагаад ч болсон амьдарна. Эндээс зайлъя.

Гончиг эхлээд оргохыг зөвшөөрөхгүй байлаа. Гэвч би уйлж уурлан эцэст нь боож үхнэ гэж баймаажин оргох болоод өдөр цаг болзоод яг явах дээрээ дургүйд хүчгүй гэгчээр баригдаж Гончиг хүний хүүхнийг эцэг, эхийн зөвшөөрөлгүй оргуулах гэсэн хэрэгт орж хошууны хар гэрт хоригдов. Би ч чанд хараанд орж гэрээс дагалтгүй гарахаа болив. Мордуулах хоног ойртсоор л байлаа. Нэг өдөр Юндэн жинтэйгээ ирээд гэртээ ч орсонгүй хотны хажууд зогсож байсан надтай уулзан шууд л өврөөсөө бор цаасанд боосон мөсөн чихэр гаргаж өгөв. Харвал хоёр хацар хамрын үзүүр нь хөлдөж барзайн шархалсан байлаа.

-За би гучин тэмээгээр ганцаараа жин тээвэрлээд ирлээ. Чи баярлаж байна уу? гэж нүдэнд нь гал гялалзан бахдаж ядсан баяртай хэлэв.

-Иш Юндэн минь би гэдэг хүн түмэн зовлонд учраад байна гээд бүх болсон юмаа ярилаа. Юндэнгийн баяр бахдал бялхан гэрэлтэж байсан царай нь барайн, гялалзан байсан нүд нь бүдэг мохоо болсон юмдаг.

-Хандаа “чи Гончигоос өөр хүнд сэтгэлгүй юү?” гэж намуу дорой дуугаар асуув.

-Yгүй. Гончигоос бусад хүн над огт хэрэггүй. Би яасан заяагүй амьтан бэ? гээд уйлав.

Юндэн арга нь барагдан хэсэг зогссоноо “Хандаа. Уйлаад яах вэ. Би” гээд үгээ тасалж над руу удтал ширтэв. Хойно бодоход тэр нүдэнд мөн ч их юм байж билээ гээд эмгэн над өөд арчаагүй нүдээр харснаа үргэлжлүүлэн

-Энэ үед эх нь бидний дэргэд ирж “Та хоёр сүүлд ярь даа. Миний хүү халуун цай уу, Иш энэ хацар, хамар нь” гээд Юндэнг аваад явлаа. Хэд хоног Юндэн надтай уулзсангүй. Зайлаад л байлаа. Жинд явж олсон мөнгөөрөө хоёр сайн морь худалдаж авлаа. Нөгөөдөр намайг мордуулна гэж юм бэлтгэж байв. Нэг орой тугал уяж байхад Юндэн дэргэд минь ирж “Чи Гончиг үгүй бол үхнэ гэдэг чинь үнэн үү?” гэж шивнэн асуув.

-Өөр би яахав дээ гээд уйлав.

-Чи надтай оргохгүй юү. Би чамд мөн ч сэтгэлтэй дээ.

-Гончиггүй бол би хаашаа ч явахгүй. Мордуулах болбол энэ хойт хадан дээрээс үсэрч үхнэ гэлээ. Юндэн гарыг минь чанга гэгч барьж урт бөгөөд тасалдуулан санаа алдаад “Маргааш орой сэрэмжтэй байгаарай” гээд шууд эргэв. Юу болохыг мэдсэнгүй. Маргааш нь орой болов. Юу ч болсонгүй унтахаар хэвтэв. Гэвч нойр хүрсэнгүй. Чимээ чагнан сэтгэлд минь ямар нэгэн горьдлогын зул асаж хэвтэн байтал гэрийн ард нэг л ер бусын чимээ гарлаа. Би хэвтээгээрээ шахам хувцаслаж гарах гэтэл хүмүүс сэрэв. Би ч үсрэн гарлаа. Хүмүүс ч босоцгоов. Гэрийн хойно очвол эмээлтэй хоёр бараан морьтой хүн зогсож байлаа.

-За бушуухан морд. Баригдвал баларна шүү. Хойноос буутай хуягууд нэхэж байгаа гэсэн. Гончигийн дууг таниад шууд мордлоо. Гэрээс хүмүүс шуугилдан гарахад бид хоёр морины хурдаар давхиж байлаа. Тэр морьдын хурдан гэдэг нь. Гончиг түрүүлэн, би дагаад юм ярих чөлөө завгүй довтолгов. Хойноос чимээ гарсангүй. Yүр цайхад мэдэхгүй газар ирсэн байлаа. Арав гаруй хоног явж хошуу алгасаад харь нутагт очиж айлын мал хариулан амьдрав гээд эмээ дуугаа хурааж хэсэг болсноо уйлж тасалдсан дуугаар Гончигийг хар гэрээс оргуулж хуягийн буудсан суманд өртөгдөн амь нь гарахдаа “Хандад би оломгүй сэтгэлтэй юмсан. Миний хоёр морь та хоёрыг жаргалд хүргэг. Бушуухан яв” гэж Юндэн хэлээд амьсгал хураасан гэдэг гээд Ханд гуай дуугүй болов. Бүх бие нь салганан шанааны нь арьс татвалзана. Нэлээд удсаны дараа нам бөгөөд сэтгэлийн гүн тослог дуугаар «Хүү минь би сайхан сэтгэлийн их хайрыг амсаж эдэлж чадах хүн байсан юмсан. Гэвч түүнийг харж чадаагүй хажуугаар нь өнгөрсөн. Тэр их сэтгэлээс үлдсэн юм гэвэл шаналж харамссан бухимдал, Юндэнгийн нэрийг өгсөн хүү хоёр л байна гээд дуугаа таслахад эмгэний нүднээс бөөн бөөн нулимс тасран хацрынх нь үрчлээг дагаж урсахад жавьжаараа шимэн залгиж байлаа. Би Гончигийн тухай асуумаар байсан авч нэг л асуух зүрх хүрсэнгүй. Бас л Ханд гуайн сэтгэлийн гаслан над аяндаа дамжиж дотор минь нэг л эвгүй болов. Гэтэл Ханд гуай шийдэмгий зэвхий дуугаар “Жил болоод хэвлийд минь хүүхэд буй болов. Гэтэл Гончигийн зан хувирч малыг нь хариулж байсан айлын буцмал хүүхэнтэй сэтгэлтэй болоод удалгүй тэднийд хүргэн орлоо” гэхэд “Ямар муухай хүн бэ” гэж өөрийн эрхгүй дуу алдав.

-Иш хүү минь муухай юу байхав дээ. Юндэнгийн сэтгэлийг түүнээс болгосон шүү дээ. Бүхэл насандаа гэмшиж Юндэнг бодож, Юндэнг харж зүүдэндээ түүнтэй ярьж явлаа. Сайхан хайр байдаг юм шүү. Олдвол гагцхүү алдаж л болохгүй. Хүний сайхан дотроо нууц байдаг юм даа. Хүү минь чи миний энэ ярьсныг заавал сонинд бичээрэй. Амьдралын замд гарч яваа залуу хүмүүст хэрэг болж магад. Энэ бол миний хүнд хэлж өгөх гэсэн амьдралаас үлдсэн ганц зүйл байгаа юм гээд шавхийтэл босож шууд гарсан юм. Тэр орой Ханд гуайн бие муудаж хүү нь эмчид явж бид тэдний гэрт цугларав. Ханд гуайн царайнд хөнгөн мишээл тодроод үг хэлэх гэснээ хоёр дахин эвгүй зогисоод “Юндэн минь” гээд талийгаач болсон билээ. Би Ханд гуайн ярьсныг нэмээгүй бас хасаагүй. Yнэхээр ч амьдралын замд гарч яваа залуу хүмүүст “Сайхан хайр байдаг юм шүү. Олдвол алдаж болохгүй” гэсэн Ханд гуайн үг чухлаас чухал биз ээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхэд стресст ордог уу?

Бага насны хүүхдийг санаа зовох юмгүй, баяр баясгалантай сайхан нөхөд гэж бид боддог. Гэвч энэ нь тийм биш ажээ. Сэтгэл судлаач David Elkind судалгаагаараа “насанд хүрэгчид хүүхдийг наснаасаа түрүүлж том болох, их зүйлийг мэддэг, чаддаг болохыг шаарддаг”- аас бага насны хүүхэд ихэнхдээ стресст ордог гэдгийг тогтоожээ.

Хүүхдийг стресст оруулдаг хүчин зүйлс
• Эцэг эхийн салалт бага насны хүүхдэд хамгийн их айдас, стресс үүсгэдэг байна.
• Хүчирхийлэл бие мах бодийн, сэтгэл санааны, бэлгийн хүчирхийллийн үед маш ихээр айдас, түгшүүр стресс тавтдаг.
• Бага насны хүүхдийг олон төрлийн үйл ажиллагаанд оролцуулж, тэднээс ихийг шаардах нь стресст оруулах үндсэн шалтгаан болдог ажээ.
• Гэр бүлийн таагүй орчин эцэг эхийн хэрүүл маргаан таарамжгүй байдал
• Гэр бүлийн гишүүн хүнд өвчтэй байх, гэмт хэрэгт холбогдсон байх
• Байнга хамт байдаг асран хамгаалагч нь өөрчлөгдөх, хүүхдийн өдөр тутмын хэв маяг өөрчлөгдөх, цэцэрлэгт, сургуульд шинэ орчинд очиход хүүхдэд дасан зохицох байдал алдагдаж сэтгэлийн таагүй байдалд ордог байна.

Хүүхдийн стрессийн илрэл
• Орондоо шээх
• Тайван бус унтах, зүүдлэх, зүүдэндээ ярих, хар дарах
• Хүүхэд тогтворгүй, анхаарал төвлөрөхгүй байх
• Хуруугаа хөхөх, хумсаа мэрэх
• Нүдээ цавчлах, үсээ имрэх
• Харандаагаа мэрэх
• Уур уцаартай, уйланхай болох
• Энд тэнд өвдлөө гэх мэтээр зовиур хэлэх
• Юманд идэвх сонирхолгүй болж аль болох ганцаараа байхыг хүсч зожигрох

Стресстэйхүүхдэдхэрхэнтуслахвэ?
• Юуны өмнө хүүхэддээ цаг зарцуулж, ямар зүйл сэтгэлийг нь зовоож байгаа талаар ярилцан, учир шалтгааныг олохыг хичээгээрэй.
• Өдөр бүр хүүхэдтэйгээ цэцэрлэг, сургууль дээрээ найз нөхөд, багштайгаа өдрийг хэрхэн яаж өнгөрүүлсэн талаар ярилцаж хэвшээрэй.
• Хүүхдэдээ өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж сайн зүйлийг нь урамшуулж, сайшааж байх хэрэгтэй.
• Зохистой сайн хооллож, хангалттай унтуулж амрааж байхад анхаарлаа хандуулж байгаарай.
• Ердийн хичээл, сургуулийн хөтөлбөрөөс гадна хүүхэд өөрөө сонирхолгүй эсвэл хэт олон сургалт, хичээлд хамруулахгүй байх
• Хүүхэдтэйгээ намуун дөлгөөн байдлаар харьцахыг эрмэлзээрэй.

Гэвч хүүхэд болгонд заримдаа уйлах, тааламжгүй зүйлдээ уурлах, зөрүүдлэх нь хэвийн үзэгдэл юм. Харин дээрх шинж тэмдгүүд удаан хугацаанд таны хүүхдэд илэрч байвал та мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө аваарай гэж “Залуу сэтгэцийн эмч клуб”-ийн мэргэжилтнүүд зөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

“Эерэг сэтгэлгээний давалгаа” өнөөдөр болно

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, JCI Лидер
салбар байгууллагын “Эерэг сэтгэлгээний давалгаа” ТББ-тай хамтран “Эерэг
сэтгэлгээний давалгаа” цуврал сургалт, өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
Тус өдөрлөг нь нийслэлийн Иргэний танхимд өнөөдөр 15 цагт болох юм байна.

Энэхүү цуврал сургалт, өдөрлөгийг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас
хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд хийж байгаа бөгөөд цаашид POSITIVE MIND-Эерэг
давалгаа цуврал сургалт, лекц, илтгэх ур чадвар болон англи хэлний
сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах, сургагч багш нарыг бэлтгэх,
оюутнуудад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт хийх, тэргүүлэгч компаниудтай
танилцах аялал зохион байгуулж, оюутнуудад эзэмшиж байгаа мэргэжлийнхээ мөн
чанарыг ойлгоход дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг шат дараатай зохион
байгуулах юм. Одоогоор “Эерэг сэтгэлгээний давалгаа” цуврал сургалтад 500 гаруй
залуус оролцжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нүүрс тээвэрлэж байсан гурван жолооч амиа алдлаа

Эрдэнэс таван толгойн нүүрс тээвэрлэгч Хятадын Винсэй компанийн гүйцэтгэгч Монфорд компанийн жолооч зургаан залуу “Цагаан хад ” боомт хүрэхээр явах замдаа гурав нь нас барж, хоёрынх нь биеийн байдал маш муу байна. Тэд Таван толгойгоос 90 км-т орших цайны газарт хоол идэж , архи ууж гарсан гэнэ. Хоол, архины хавсарсан хордлого гэх оношийг тэдэнд тавьжээ. Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналт , цагдаагийнхан газар дээр нь ажиллаж байна

“Таван толгойн нүүрсний замд ослоор жилдээ 10 орчим залуу нөгөө ертөнцөд очиж, түүнээс олон залуус эрэмдэг болж байна” гэж сэтгүүлч Б.Отгон мэдээлж байсан билээ.Тавантолгойд 4000 гаруй тээврийн хэрэгсэл зорчдог байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Буянт-Ухаа спорт цогцолборт “Цагаан дарь эх” хурж байна

“Цагаан дарь эх” хурж байна зурган илэрцүүд

XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн шинийн 14-н өнөөдөр тохиож буй. Уг өдөр Өндөр гэгээн Занабазарын жанч халсан дүйчэн өдөр бөгөөд хүмүүний насны цөв, барцадыг арилгаж, насыг уртасгах, өвчин зовлонгоос ангижруулах үүднээс “Цагаан Дарь-Эх”-ийн Насны авшиг хайрлаж буй.

Тус номын айлдвар нь энэ сарын 11-ний 10:00 цагт Буянт-Ухаа спорт цогцолборт үнэ төлбөргүй болж байна.

Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд, айлчлан золгож буй тахиа жилдээ хотол олноороо биес амгалан, сэтгэл түвшин байхын тухайд жилийн засал ном хурж, буян хишгийн даллага авах юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 градус, бусад хэсгээр 15-17 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 10-15 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хүрэн бэлчир, Богдын гол орчмоор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 2-7 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 9-14 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар түр зуур секундэд 14-16 метр, шороон шуурга шуурна. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд барьцаалсан этгээдийг саатуулжээ

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хүүхэд хулгайлахыг завдсан гэх этгээдийг өнөөдөр саатуулан, шалгаж эхэлсэн байна. Уг хэрэгт Сүхбаатар дүүргийн долоодугаар хороонд оршин суух хаягтай, 35 настай, эрэгтэй У-г сэжигтнээр саатуулан, хэргийн бодит үнэнийг тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ.

Тус цагдаагийн хэлтэст энэ сарын 7-ны өдрийн 21.15 цагт “2017 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн 17:30 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт хичээлээ тараад харьж явсан 10 настай, эрэгтэй Т-г хулгайлахыг завдсан” гэх мэдээлэл иржээ. Энэхүү мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж, цагдаагийн алба хаагчид сэжигтнийг баривчилсан хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.