Categories
мэдээ эдийн-засаг

Засгийн газрын бондны захиалга үргэлжилж байна

Монголын Хөрөнгийн бирж зурган илэрцүүдЭнэ сарын 14-нд буюу ирэх долоо хоногийн мягмар гарагт Монголын Хөрөнгийн биржээр Засгийн газрын хоёр ч бондын анхдагч зах зээлийн арилжаа болно.

Засгийн газраас 28 долоо хоног буюу зургаан сарын хугацаатай, жилийн 17.275 хувийн хүүтэй богино хугацааны бондыг олон нийтэд санал болгож байгаа юм. Мөн 104 долоо хоног буюу хоёр жилийн хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй урт хугацааны үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаан дээр иргэдийн захиалгыг авч байна.

Монголын хөрөнгийн бирж тус арилжааны саналыг мягмар гараг хүртэл авах бөгөөд мөн өдрийн 11 цагт арилжааг хаах юм.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн хэвлэлүүд Л.Болормаа агсны төлөө дуу хоолойгоо нэгтгэж байна

Монголын сэтгүүлчийн нэгдсэн эвлэл, Глоб интернэйшнл тэргүүтэй байгууллагууд хамтарсан мэдэгдэл гаргаж, нэрт сэтгүүлч, нийтлэлч Л.Болормаа агсны үхлийн шалтгааныг үнэн зөвөөр тогтоохыг хууль, хяналтын байгууллагаас шаардсан.

Тэгвэл энэхүү мэдэгдэл гарснаас хойш дэлхийн 50 гаруй улсын цахим хэвлэл мэдээлэн Л.Болормаа агсны төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн юм.

Өчигдөр ifex.org, theoslotimes.com, akipress.com, azerbaijannews.net зэрэг цахим хэвлэлүүд мэдээлсэн байна. Мөн Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны дэргэдэх “Representative on Freedom of the Media” байгууллага фэйсбүүк дэх пэйж хуудсандаа байрлуулан дуу хоолой, үзэл санаа нэгтэй байгаагаа илэрхийлжээ.

Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны дэргэдэх “Representative on Freedom of the Media” байгууллага фэйсбүүк дэх пэйж хуудсандаа байрлуулан дуу хоолой, үзэл санаа нэгтэй байгаагаа илэрхийлжээ.

Сэтгүүлч Лунтангийн Болормаа нь 2015 оны арваннэгдүгээр сарын 20-21-нд шилжих шөнө амь насаа алдсан бөгөөд шүүх эмнэлэг “Дагзны ясны хугаралтаас болж, хүчтэй доргилт үүссэний улмаас цус харваж, шууд үхэлд хүргэсэн” гэх дүгнэлт гаргасан билээ.

Categories
мэдээ нийгэм

Ногоон бүсэд бүх нийтийн цэвэрлэгээ хийнэ

Ногоон бүсэд бүх нийтийн цэвэрлэгээ хийнэ зурган илэрцүүд

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга “Орчны бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Байгаль орчны газраас хяналт тавьж ажиллалаа. Тухайлбал, Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтийг хангууллаа.

Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд, Монголын Бөөгийн нэгдсэн эвлэл хамтран уриалга гаргасан. Монголчууд шинийн 15-нд багтаан тухайн жилийнхээ засал, номыг хийлгэдэг уламжлалтай. Энэ хугацаанд хадаг хэрэглэхтэй холбоотой орчныг бохирдуулах, мод ургамал гэмтээх үйлдлүүд хамгийн ихээр гардаг. Тиймээс манай байгууллагаас ирэх тавдугаар сард ногоон бүсэд бүх нийтийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулна. Түүнчлэн Ухаалаг хэрэглээ, ногоон худалдан авалт нь эдийн засгийн хэмнэлтийг бий болгодог тул иргэдийг гялгар уутны хэрэглээгээ хязгаарлаж, даавуун тор хэрэглэж хэвшихийг уриалж байна” гэлээ.

Нийслэлийн Байгаль орчны газраас ахуйн хэрэглээний үнсийг дахин ашиглах технологийн судалгаа, суурьшлын бүсийн нянгаар бохирдсон хөрснийг саармагжуулах, харшлын эх үүсвэрийг багасгах, олон наст ургамал, бут сөөгийн давуу талыг тодорхойлох, хөл газрын ургамал шарилж, луулийн ашигт чанарыг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргуулан авах зэрэг ажлыг Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаач болон их, дээд сургуулийн багш нартай хамтран хэрэгжүүлэхээр гэрээ байгуулан хамтран ажиллаж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Түрээсийн орон сууц хайсан иргэдэд гурван өрөө байр санал болгоно

2016 оны гуравдугаар сард “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн материалын бүртгэлийг хийж эхэлсэн. Энэ үед нийт 2600 гаруй иргэн материалаа бүрдүүлж өгснөөс 600 орчим нь түрээсийн байранд хамрагдсан байна. Харин үлдсэн 2000 орчим иргэн дараагийн түрээсийн байранд орохоор хүлээж байгаа бөгөөд эдгээр иргэдийг “Буянт-Ухаа 2” хорооллын 68.59мкв 3 өрөө 214 байранд эрэмбэлж оруулахаар ажиллаж байна. Бүртгэлд хамрагдсан иргэдийн материал нэг жилд /12 сар/ хүчин төгөлдөр байх бөгөөд 2016 оны гуравдугаар сард бүртгүүлсэн иргэдийн материалын хүчинтэй хугацаа 2017 оны гуравдугаар сард дуусгавар болох юм. Засгийн газраас түрээсийн орон сууцны санд орон сууц хуваарилсан тохиолдолд түрээсийн орон сууцны шинэ бүртгэлийн товыг албан ёсоор зарлах юм. Бүртгэлийг иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр хязгааргүй хугацаагаар хийхээр зорилт тавин ажиллаж байна.

“Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрт хэн хамрагдах вэ?

  1. Залуу гэр бүл
  2. Хувийн байгууллагад ажилладаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн
  3. Ахмад настан,
  4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл
  5. Төрийн албан хаагч
  6. Өрх толгойлсон эцэг эх
  7. 18 хүртлэх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл
  8. Байгалийн гамшиг, гэнэтийн аюул осолд нэрвэгдэж орон гэргүй болсон өрх тус тус хамрагдана.

Түрээсийн байрны төлбөр ямар байх вэ?

Түрээсийн төлбөрийг ҮСХ-оос гаргадаг өрхийн орлогын төвшингийн өөрчлөлтөөс хамаарч 1-2 жил тутамд шинэчлэн тогтоож байхаар журамд тусгасны дагуу төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны 2017 онд мөрдөх 1м.кв талбайн түрээсийн төлбөрийг нийслэлд 6.000/зургаан мянга/ төгрөг, орон нутагт 4.500/дөрвөн мянга таван зуу/ төгрөг байхаар тус тус шинэчлэн тогтоов. Түрээслэгч нь түрээсийн гэрээ байгуулахдаа гурван сарын төлбөртэй тэнцэх барьцаа мөнгийг ТОСК-ийн дансанд байршуулна.

Бүртгэгдсэн иргэдээс хэрхэн сонгох вэ?

Түрээсийн орон сууцанд хамрагдах шаардлага хангаж, бүртгүүлсэн иргэдээс ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДИЙГ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРУУЛАХ ЖУРМЫН 2.2-т заасан ангилал, квот /хувь/-ын дагуу сонгон шалгаруулах ажлыг ЭРЭМБЭЛЖ зохион байгуулна. Тухайлбал,

…Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүлийн ангилалд бүртгүүлсэн иргэдийг /ихээс нь бага руу эрэмбэлнэ./

  • Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, зэрэг, төрлөөр
  • Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, зэргээрээ адил иргэдийг хөдөлмөрийн чадвар алдсан хугацаагаар тус тус ангилна. Дэлгэрэнгүйг http://tosk.gov.mn/4989.html линкийг дарж танилцана уу.

ТҮРЭЭСЭНД ХАМРУУЛАХ ОРОН СУУЦНЫ ТУХАЙД

Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар батлагдсан 169 дүгээр тогтоол, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захиалгаар Улаанбаатар хот, орон нутагт баригдаж ашиглалтад орсон нийт 360 айлын орон сууцыг түрээсэнд хамруулж, метрквадратын хэмжээг 70м.кв болгон өөрчилсөн. Үүний дагуу Улаанбаатар хотод ХУД-ийн 10 дугаар хороонд баригдсан “Буянт-Ухаа 2” хорооллын 68,59м.кв 3 өрөө орон сууцны байр болон Дархан-Уул, Хэнтий, Ховд, Увс аймгуудад захиалгаар бариулсан орон сууцны байруудыг тус тус түрээсэнд хамруулна.

ТҮРЭЭСИЙН БАЙРЫГ ӨМЧЛӨХ ТУХАЙД

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд бүрдүүлсэн төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцанд ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАХ БОЛОМЖГҮЙ болно. Дэлгэрэнгүйг http://tosk.gov.mn/4989.html линкийг дарж танилцана уу.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт 5 хүртлэх жилээр гэрээ хийн хамрагдах боломжтой бөгөөд хүсэлтээ ТОСК-д хүргүүлнэ. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2015-2021 онд хэрэгжүүлж, улмаар Улаанбаатар хотод 16000, хөдөө орон нутагт 4000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлж ашиглана гэж ТОСК-оос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн салбарын үе үеийн сайдуудыг хүлээн авч уулзлаа

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн салбарын үе үеийн сайдуудыг хүлээн авч уулзлаа/2017.03.10/. Уулзалтаар үе үеийн сайдууд ХХААХҮ-ийн салбарын өнөөгийн байдал цаашид авч хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагааны талаар өөрсдийн санаа бодлоо хэлж, санал солилцсон юм. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн салбарт одоо авч хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагаа, цаашид авч хэрэгжүүлэх ажлынхаа талаар танилцууллаа.

Уулзалтад ирсэн үе үеийн сайдууд мал аж ахуйд түшиглэсэн үйлдвэрүүдийг бий болгох, гадны улс орнуудын үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж манай орны нөхцөлд таарах байдлыг нь чухалчилж нэвтрүүлэх учиртай гэдгийг хэлж байв. Мөн аливаа ажил судалгаа маш чухал учир одоо авч хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх гэж байгаа төсөл хөтөлбөрүүдийг судалгаатай хийж, хэрэгжүүлээрэй гээд амжилт хүсэв.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд нийт 26.2 сая мал төллөнө

мал төллөнө зурган илэрцүүд

Мал төллөлт болоод өвөлжилт, хаваржилтийн нөхцөл байдлын талаар ХХААХҮЯ-ны газрын дарга Л.Чой-Иш мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд нийт 26.2 сая эх мал тоологдсон. Тодруулбал, ингэ 122.6 мянга, гүү 1.1 сая, үнээ 2.7 сая, эм хонь 12.4 сая, эм ямаа 10.9 сая байна. Мал төллөж, одоогийн байдлаар нийт хээлтэгчийн 1.0 хувь буюу 257.9 мянган хээлтэгч төллөж 256.5 мянган төл буюу гарсан төлийн 98.4 хувь нь бойжиж байна.

Мөн одоогийн байдлаар нийт нутгийн 50 гаруй хувь буюу нутгийн хойд хагаст болон Алтайн цаад сумдад 10-53 см зузаан, нягтарч хатуурсан цастай нийт 13 аймгийн 54 сум зудын, 16 аймгийн 74 сум зудархуу байдалтай байна. Гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр цаашид цас ихтэй нутгуудаар цас нэмж орох, үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул мал төллөлт, малын хариулга маллагаанд тааламжгүй байхыг анхаарч, цаг агаарын дунд болон богино хугацааны мэдээг тухай бүр авч ашиглаж байхыг малчид ард иргэдэд зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Үерийн далан руу хогоо асгаж, шар усны үерт өртөх эрсдлийг иргэд өөрсдөө бий болгож байна

Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр шар усны үерт өртөж болзошгүй газруудын нөхцөл байдалтай танилцлаа. Нийслэлийн хэмжээнд 50 байршилд 145.3 км урттай үерийн хамгаалалтын барилга байгууламж байдаг аж. Үүнээс 13 нь шар усны үерт автаж болзошгүй байдалтай байгаа юм.

“Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу ерөнхий менежер Зам талбайн борооны ус зайлуулах инженерийн шугам сүлжээ, үерийн ус өнгөрүүлэх далан сувгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор ажлын хэсэг байгуулах тушаал гарган ажиллаж байна. Геодези, усны барилга байгууламжийн газар өнгөрсөн өвлийн турш тасралтгүй ажилласан. Цаашид энэ ажилд шаардлагатай техник хэрэгсэл, хүн хүчийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Шар усны үерийн эрсдэлийг гэр хорооллын айлууд зохиомлоор бий болгож байна. Иргэд ахуйн хог хаягдал, үнс нурмаа шөнө оройн цагаар үерийн далан, суваг руу асгадаг. Энэ нь үерийн усны нэвтрэх чадварыг бууруулж халиа үүсгэж ойр орчмын айлуудыг үерт автуулах эрсдэлд оруулж байна. Тиймээс ирэх сарын 1-нээс эхлэн бид иргэдийн бүлэг байгуулж, иргэдийн бий болгосон хог хаягдлыг өөрсдийнх нь хүчийг ашиглан цэвэрлүүлэх урамшуулалт ажлыг зохион байгуулах гэж байна” хэмээн Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр ярилаа.

НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, хурандаа А.Дашням “Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд үерийн усны аюултай бүсэд суурьшсан 2500 орчим айл өрх байдаг. Үүнээс 1700 орчим нь ямар ч зөвшөөрөлгүй. Онцгой байдлын газраас холбогдох мэргэжлийн байгуулагуудтай хамтран жил бүр урьдчилан сэргийлж, сануулах хуудсыг тарааж, нүүх шаардлагыг удаа дараа хүргүүлсээр байгаа. Ялангуяа энэ жилийн хувьд их хэмжээний цас орсон учраас шар усны үер болох эрсдэл өндөр байна. Эрсдлээс сэргийлж тавдугаар сарын 1-нээс өмнө бүх далан сувгийг цэвэрлэж, гарц гольдирлуудыг нээх арга хэмжээг авч ажиллана” гэж байлаа.

Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров “Манай байгууллага нь шар усны болон борооны усны үерийн аюулаас иргэдийн амь нас, эд хөрөнгө, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлж ажиллахад гол үүрэг маань чиглэдэг. Бид арваннэгдүгээр сараас эхлэн булгийн халиа дошин үүсдэг газруудад урьдчилан сэргийлж, суваг шуудууг үүсгэн ажилласаар байна. Иргэдэд хандаж хэлэхэд, үерийн хамгаалалтын далан сувгийн ойр орчимд зөвшөөрөлгүй буух, далан сувгуудыг эвдэж, сүйтгэх, ахуйн хүрээний хог хаягдлаа хаяхгүй байхыг уриалж байна” гэж ярилаа.

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас төвийн зургаан дүүрэгт байрладаг үерийн далан сувгуудад хяналт шалгалт хийлээ. Хаврын улиралд байгалийн хүчин зүйлээс шалтгаалан шар усны үер болох эрсдэлтэй байдаг. Байгалийн хүчин зүйлээс гадна иргэдийн ухамсаргүй үйлдлээс үерийн далан суваг бөглөрөх асуудал гарч байна. Иргэдийн ухамсаргүй байдлаас шалтгаалан зарим газарт шар усны үер болох эрсдэл их болоод байна” гэлээ.

Улаанбаатар хотод булаг, хөрсний усаар дүүрч халиа дошин үүсгэдэг таван байгууламж, ус зайлуулах системийн хэвийн үйл ажиллагааг хангахад 13 байршилд 4702 мкв далан суваг, шугам сүлжээг засварлаж, нөхөн сэргээх, дөрвөн байршилд 3480 м үерийн далан сувгийг шинэчлэн засварлах шаардлагатай гэж ажлын хэсгийнхэн үзсэн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Categories
мэдээ улс-төр

Ардчилсан нам дансаа шилэн болгосон гэж мэдэгдэв

Ардчилсан нам зурган илэрцүүд

Ардчилсан нам санхүүжилтээ шилэн болгосон хэмээн мэдэгдэл гаргалаа.

Уг мэдэгдэлд, “Хэдийгээр хуулиар шаардаагүй ч Ардчилсан нам дансаа шилэн болгосон бөгөөд нийт гишүүд болон иргэд demparty.mn хаягаар хандаж, намын хандив болон нарийвчилсан зардалтай танилцах боломж нээлттэй. Энэ нь өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж буй намуудын хувьд шинэ соёлыг бий болгож байна.

Дэлхийн олон оронд жишиг болсон нийт гишүүдийн хандив татвараар намын санхүүжилтийг бүрдүүлдэг, сонгодог жишиг рүү тус намын шинэчлэл явах болно” гэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гандантэгчинлэн хийдийн лам нар үнэ төлбөргүй засал хийж, ном айлдлаа

ХVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн шинийн 14 буюу Өндөр гэгээн Занабазарын жанч хальсан дүйчэн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийдийн лам нар Буянт-Ухаа спорт цогцолборт үнэ төлбөргүй засал хийж, ном айлдлаа.

Энэ арга хэмжээнд Батсүмбэр дэх асрамжийн төвд амьдардаг ахмад настнууд, хорт хавдар өвчинтэйгээ тэмцэж байгаа иргэдийг оролцуулж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхээс гадна гарын бэлэг гардуулсан юм.

Өндөр Гэгээн Занабазар нь Бээжингийн Шар сүмд 1724 оны хаврын эхэн сарын шинийн 14-нд нирваан дүрийг үзүүлсэн гэж түүхэнд тэмдэглэжээ. Тэр цагаас хойш эл өдрийг дүйчэн өдөр хэмээн тогтоож, цагаан сарын их ерөөлөөс тусгайлан үе үеийн дээдэс богдууд ерөөл хурдаг уламжлал тогтжээ.

Гэрэл зургийн сурвалжлагыг Т.БАЯРЦОГТ

Categories
мэдээ улс-төр

АН-ын дотоод сонгуульд дэнчин тавьж өрсөлдөнө

Ардчилсан намын дотоод сонгуульд оролцох гишүүд тодорхой дэнчин тавьж өрсөлдөнө. Дотоод сонгууль ирэх сарын 2-нд болох юм.

Намын сонгуульт албан тушаалтан гэдэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хорооны дарга нар, Үндэсний бодлогын хорооны гишүүн зэрэг албан тушаал багтаж байгаа юм.

Үндэсний бодлогын хороонд өрсөлдөх сонирхолтой хүмүүс гурван сая төгрөгийн дэнчин төлөх юм байна. Одоогийн байдлаар тус хорооны 380 суудлын төлөө 700 орчим хүн өрсөлдөхөөр байна.

Түүнчлэн намын гишүүд эдгээр сонгуульд оролцохдоо гишүүнчлэлийн татвар болох 1200 төгрөгөө төлж, саналын эрхээ баталгаажуулах юм. Бүртгэлийн ажил 40 орчим хувьтай явж байгаа бөгөөд энэ сарын 13-ны өдрөөр дуусгавар болох аж.

2000 онд АН шинээр зохион байгуулалтад ороход сонгуульт гишүүдийн татварыг нэг сая төгрөгөөр тогтоож байсан бол 17 жилийн дараа гурван сая төгрөг болгожээ.