Categories
мэдээ нийгэм

50 цэцэрлэгт дотоод агаарын чанарыг сайжруулах 200 төхөөрөмж суурилуулжээ

Нийслэлийн Агаарын бохирдлын газар, Байгаль орчны газар, Эрүүл мэндийн газар, Газрын алба хамтран нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2017 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр гаргасан захирамжийн хэрэгжилт болон иргэдийн зүгээс ирдэг асуулт өгөх зорилгоор хэвлэлийн хурлыг гуравдугаар сарын 10-ны өдөр хийсэн билээ. Энэхүү хурлын үеэр дараах мэдээллийг өглөө.

Үүний хүрээнд “Утаагүй хот 2030” төсөл болон нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлыг хийгээд эхэлсэн аж. Мөн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах дөрвөн бүсэд мэргэжлийн хяналтын 269 байцаагчид агаарын чанарт хяналт тавих давхар эрх, үүрэг өгсөн байгаа. Ингээд эдгээр байцаагч одоогийн байдлаар 1316 иргэн, аж ахуйн нэгжид шалгалт хийж, 1034 мэдэгдэх хуудас тараасан байна. Газар дээр нь 3 сая 195 мянган төгрөгийн торгууль тавьсан байна.

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг уурын зуухуудад хяналт, шалгалт хийж эхлээд байгаа. Цаашид агаарын чанарыг сайжруулах зорилгоор байгаль экологио хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагатай хамтарч ажиллахаар болжээ. Мөн одоогоор Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй бүсийн 50 цэцэрлэгт дотоод агаарын чанарыг сайжруулах 200 төхөөрөмж суурилуулаад байна. Энэ төсөл нь Дэлхийн банкны санхүүжилтээр үргэлжилнэ.

Түүнчлэн “Нарантуул”, “Хархорин” зэрэг томоохон худалдааны төвд ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс шинэ стандартыг хангасан гэрийн зуухыг худалдаалах албан шаардлага гарчээ. Цаашид гэрийн болон, том оврын зуухыг үйлдвэрлэдэг иргэн, аж ахуйн нэгжид хяналт тавьж ажиллах болно гэдгийг онцоллоо.

Categories
мэдээ спорт

Дөрвөн Их аваргатай башё өнөөдөр эхэлнэ

Японы мэргэжлийн сумо бөхийн хаврын тэмцээн гуравдугаар сарын 12-ны өдөр буюу өнөөдөр Осака хотноо эхэлнэ. Тус башёд 69, 70, 71, 72 дахь Их аваргууд нэгэн дэвжээнд хүч үзнэ гэдгээрээ онцлогтой.

Дөрвөн Их аварга цолтон буюу Их аварга Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж, Какурюү М.Ананд болон шинэ аварга Кисэносато нар барилдах юм.

Өнгөрсөн нэгдүгээр сарын башёд 11 даваа, дөрвөн унаатай башёг өндөрлүүлсэн Хакүхо аваргын бэлтгэл сайн байгаа гэдгээ өнгөрсөн даваа гарагт Томозүна дэвжээнд зочилж бэлтгэл хийхдээ харуулжээ. Энэ үеэр Хакүхо, Маэгаширагийн наймд бичигддэг Кайсэй тэргүүтэй бөхчүүдтэй барилдаж, нийтдээ 14 давжээ. Шинэ аварга Кисэносато мөн хүрэлцэн ирсэн ч барилдаагүй байна. 69 дэх Их аварга Хакүхо өнгөрсөн нэгдүгээр сарын башёг 11 даваатай өндөрлүүлсэн.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Одбаяр алтан медаль хүртлээ

“Баку” Их дуулга олон улсын жүдо тэмцээний хоёр дахь өдөр “Женко” клубийн тамирчин ОУХМ Г.Одбаяр алтан медаль хүртлээ.

Тэрбээр хэсэгтээ эхний тойрогт хийлж улмаар Украины Артем Комулаг вазари үнэлгээгээр ялж, Азербайжаны Тельманыг цэвэр ялж хэсгийн аварга болсон. Их шөвөгт “Лондон-2012” олимпийн наадмын аварга, “Рио-2016” олимпийн хүрэл медальт Гүржийн алдарт бөх Лаша Шавдатуашвилиг ялж шигшээд шалгарсан.

Тэрээр аваргын төлөө дэлхийн хошой аварга, олимпийн мөнгөн медальтай Японы Рики Накаяаг вазари үнэлгээгээр ялснаар ийнхүү Бакугийн Их дуулгад анх удаа түрүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сараас шинэ стандартын зуух худалдаална

“Нарантуул”, “Хархорин” зэрэг томоохон худалдааны төвүүд ирэх сарын нэгнээс шинэ стандартыг хангасан гэрийн зуухыг худалдаалах юм байна.

Энэ оны нэгдүгээр сарын 10-нд ҮАБЗ хуралдаж нийслэлийн агаарын бохирдлыг гамшгийн хэмжээнд хүрснийг тодотгоод аймаг, нийслэлийн ИТХ-д чиглэл өгч, цаашид хэрэгжүүлэх болон ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний төслийг бэлтгэх үүрэг өгсөн. Үүний дагуу Агаарын бохирдлыг бууруулах газраас хэд хэдэн чиглэлд анхаарч ажиллаж байгаа бөгөөд дээрх худалдааны төвүүдээр стандартын шаардлага хангасан гэрийн зуух худалдаалах албан шаардлага хүргүүлсэн байна. Мөн гэрийн болон, том оврын зуухыг үйлдвэрлэдэг иргэн, аж ахуйн нэгжид хяналт тавьж ажиллаж байгаа аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Лондонд монголчууд Элчин сайд С.Баярыг эсэргүүцэн дахин жагслаа

ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхээ хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 8-нд Лондон дахь Монгол улсын Элчин сайдын яамны үүдэнд Г.Ичинхорлоо гэх бүсгүй Монгол улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад томилогдсон шинэ Элчин сайд С.Баярыг авлигач, оффшорчин хэмээн эсэргүүцлээ илэрхийлэн жагссан талаар бид мэдээлсэн. Тэрээр “Оффшор дансаа нээ, хулгайлсан хөрөнгөө буцааж өг, 3 сая хүний нүд чих таныг харж байна, шударга ёсыг хүсч байна, зөв засаглалыг хүсч байна, Олон улсын байгууллагууд үнэнийг мэдэх ёстой, бидэнд бохир элчин сайд хэрэггүй” гэх зэрэг уриа лоозон барьсан байв.

Харин тэрээр өчигдөр дахин С.Баярт эсэргүйцлээ илэрхийлж Лондон дахь Монгол улсын Элчин сайдын яамны үүдэнд жагсаал зохион байгуулсан байна. Тэрээр энэ талаараа өөрийн facebook хуудастаа:

1. Бид ЭСЯ-ны өмнө эсэргүүцлээ илэрхийлж 3 дахь өдрөө дүүргийн цагдаагийн газарт урьдчилан мэдэгдсэн цагийн хуваарийнхаа хугацаанд гурван цаг тайван жагсаад тарсан.

2. Хоёр ч удаа жагсаал (хөдөлгөөнгүй, гудамжуудаар алхаад явахгүй төрлийн эсэргүүцэл хийх хүсэлт тавьсан) явагдаж байгаа мэдээллийн дагуу цагдаа нар ирж байдалтай танилцаад, эргэн тойронд аюулгүй байдалтай байгаа эсэхийг шалгаад амжилт хүсээд явсан.

3. Бидэнд өнөөдөр хоёр шинэ хүн биеэрээ ирж дэмжиж хүч нэмсэн. Эхний өдөр 2, хоёр дохь өдөр 5, гурав дахь өдөр 6 болцгоов. Гэхдээ өчигдөр байсан нэг хүн маань өнөөдөр ажилтай байсан тул ирж чадаагүй. Өөр олон хүн нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул тэдгээр хүмүүсийнхээ ажил амралын цагийг тааруулж ирэх боломжийг нь бий болгохоор цагдаагийн газарт жагсах шинэ цагийн хувиарын хүсэлт, мэдэгдэл хийнэ.

4. Энэ орны холбогдох 3 Парламентийн гишүүнд захиа бичихээр ноороглосон байгаа тул Даваа гаригт шуудангаар илгээнэ.

5. 3 сарын 8 нд элчингийн гадаа эсэргүүцэл илэрхийлэн зогссоны дараа өөрийн фэйс дээр тавьсан мэдээлэл интэрнээтээр маш хурдан түгсэнд би ч бас их гайхсан. Гэхдээ Монголд улс төрийг цэвэрхэн болгох нь амин чухал болсон гэдгийг бусдын адил олон жил тээж явсан тул өөрчлөлт хийх боломжуудыг эрэлхийлж явсаар энэ өдөр та бүхэнд нэмэр болж, хүчээ нэгтгэх нэгэн жижиг итгэлийн гал асааж өгсөн бол би баяртай байнаа.

6. Би чинь ухамсарт амьдралынхаа бүтэн хоёр арван жилийг хүүхдэд ээлтэй, хүнлэг ардчилсан, хууль дүрэмтэй оронд өнгөрүүлсэн болохоор хувиа хичээсэн, ард түмнээ хуурсан, улсаа худалдсан нүгэл нь нүдээрээ гоожсон Баяртан, Баярцогттонгуудын аль нь ч байсан энд ирж энэ орныг бас бузарлахыг хүсэхгүй. Бас хариуцлагаас мултарч эх орон, ард түмнээсээ урвагчид элчин сайд болон биднийг доромжлохыг тэвчихгүй.

7. Маргааш нөгөөдөр жагсах зөвшөөрөл аваагүй тул бусад ажил болох ар гэрийн ажилд цагаа зарцуулах болно.

8. Ирэх 7 хоногт постерээ нэмэх, солих, хүмүүст тараах хуудас бэлтгэх, гарын үсэг цуглуулах, чанга яригч микрофон зэргийг бэлтгэх хэрэгтэй тул үүнийг унших хүмүүс өөрсдийн туслах нэмэрлэх боломжуудаа хэлээрэй.

9. FB групп нээгдсэн байгаа нэгдээрэй. https://www.facebook.com/groups/167318597113116/?fref=ts

10. Миний энэ хуудас найзын тоо 5000 болчихсон тул нэмж найзын хүсэлт авч чадахгүй байна. Харин өөр нэг хуудас Ичинхорлоо Гомбодорж гэсэн нэртэй бий. Тэнд найзын хүсэлт авах боломжтой байгаа.

11. Албан ёсоор дипломат элчин сайд болоод томилогдоод ирчихсэн хүнийг буцааж болдог үгүйг би мэдэхгүй. Тиймээс худал мэдээлэл, хоосон төөрөгдөл бас үүсгэмээргүй байна. Гэхдээ ард түмэндээ нэр хүндгүй, гадаадад үнэтэй олон байрны худалдан авалт хийсэн нь эх үүсвэр нь тодорхойгүй мөртлөө мөнгө угаасан гэж харагдаж хуулийн дээр байдаг хүмүүсийг хэрэв мэдэх юм бол Англи гэдэг оронд хүлээж авахгүй байх боломж байдаг эсэхийг л энэ процесоор мэдэж авахыг ирэх өдрүүдэд хичээх нь байна. Дээр дурьдсан захиаг ноороглосон учир нь тэр. Яагаад гэвэл энэ хүнийг элчин сайд байх ёс зүйгүй гэж үзэж байгаа хүмүүсийн эсэргүүцэл их байна гэдгийг би уламжилж мэдүүлэхээр ямар хариу өгөхийг харах гэсэн юм.

12. Тиймээс дэмжиж байгаа энэ олон хүмүүсийг нэгтгэж тоо болгож авах хэрэгтэй байна. дээрхи фэйсбүүк группэд нэгдэх нь чухал. Бас Change.org гэдэгт онлайн petition/гарын үсэг зуруулахаар бэлтгэж байгаа.

Хэрэв бүгдээрээ энэ 25 жилийн завхарлыг эв найрамдалтай, тайван өөрчлөхөд нэгдье гэвэл, нэгдтэлээ эсвэл нэгдтэл нь биd энд байгаа газраасаа, энэхүү эхэлсэн цэгээсээ хэлээ, ухаанаа хүрэх газар нь хүртэл хамтдаа чадах чадахыгаа дор бүрдээ боломжоороо хийн зүтгэхэд бэлэн байна.

Лондонгийн нэгэн бор саарал, сэрүүхэндүү өдрийг ийнхүү амжилттай, төлөвлөгөөтэй өнгөрүүлсэн. Бүгдээрэнд нь баярлалаа. Тэр бүрийг бичиж бас чадахгүй байна. Гэхдээ ойлгогдох байхаа гээд ингээд товхон бичлээ” гэж ЭНД ДАРЖ үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн ухамсаргүй байдлаас шар усны үер болох эрсдэл үүсээд байна гэв

Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр/2017.03.11/ шар усны үерт өртөж болзошгүй газруудын нөхцөл байдалтай танилцлаа. Нийслэлийн хэмжээнд 50 байршилд 145.3 км урттай үерийн хамгаалалтын барилга байгууламж байдаг аж. Үүнээс 13 нь шар усны үерт автаж болзошгүй байдалтай байгаа юм.

“Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу ерөнхий менежер Зам талбайн борооны ус зайлуулах инженерийн шугам сүлжээ, үерийн ус өнгөрүүлэх далан сувгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор ажлын хэсэг байгуулах тушаал гарган ажиллаж байна. Геодези, усны барилга байгууламжийн газар өнгөрсөн өвлийн турш тасралтгүй ажилласан. Цаашид энэ ажилд шаардлагатай техник хэрэгсэл, хүн хүчийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Шар усны үерийн эрсдэлийн байдлыг гэр хорооллын айлууд зохиомлоор бий болгож байна. Иргэд ахуйн хог хаягдал, үнс нурмаа шөнө оройн цагаар үерийн далан, суваг руу асгадаг. Энэ нь үерийн усны нэвтрэх чадварыг бууруулж халиа үүсгэж ойр орчмын айлуудыг үерт автуулах эрсдэлд оруулж байна. Тиймээс ирэх сарын 1-нээс эхлэн бид иргэдийн бүлэг байгуулж, иргэдийн бий болгосон хог хаягдлыг өөрсдийнх нь хүчийг ашиглан цэвэрлүүлэх урамшуулалт ажлыг зохион байгуулах гэж байна” хэмээнУлаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр ярилаа.

НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, хурандаа А.Дашням “Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд үерийн усны аюултай бүсэд суурьшсан 2500 орчим айл өрхбайдаг. Үүнээс 1700 орчим нь ямар ч зөвшөөрөлгүй. Онцгой байдлын газраас холбогдох мэргэжлийн байгуулагуудтай хамтран жил бүр урьдчилан сэргийлж, сануулах хуудсыг тарааж, нүүх шаардлагыг удаа дараа хүргүүлсээр байгаа. Ялангуяа энэ жилийн хувьд их хэмжээний цас орсон учраас шар усны үер болох эрсдэл өндөр байна. Эрсдлээс сэргийлж тавдугаар сарын 1-нээс өмнө бүх далан сувгийг цэвэрлэж, гарц гольдирлуудыг нээх арга хэмжээг авч ажиллана”гэдгийг хэлж байлаа.

Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров “Манай байгууллага нь шар усны болон борооны усны үерийн аюулаас иргэдийн амь нас, эд хөрөнгө, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлж ажиллахад гол үүрэг маань чиглэдэг. Бид арваннэгдүгээр сараас эхлэн булгийн халиа дошин үүсдэг газруудад урьдчилан сэргийлж, суваг шуудууг үүсгэн ажилласаар байна. Иргэдэд хандаж хэлэхэд, үерийн хамгаалалтын далан сувгийн ойр орчимд зөвшөөрөлгүй буух, далан сувгуудыг эвдэж, сүйтгэх, ахуйн хүрээний хог хаягдлаа хаяхгүй байхыг уриалмаар байна” хэмээн хэлсэн юм.

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас төвийн зургаан дүүрэгт байрладаг үерийн далан сувгуудад хяналт шалгалтыг хийлээ. Хаврын улиралд байгалийн хүчин зүйлээс шалтгаалан шар усны үер болох эрсдэлтэй байдаг. Байгалийн хүчин зүйлээс гадна иргэдийн ухамсаргүй үйлдлээс үерийн далан суваг бөглөрөх асуудал гарч байна. Иргэдийн ухамсаргүй байдлаас шалтгаалан зарим газарт шар усны үер болох эрсдэл их болоод байна” гэлээ.

Улаанбаатар хотод булаг, хөрсний усаар дүүрч халиа дошин үүсгэдэг таван байгууламж, ус зайлуулах системийн хэвийн үйл ажиллагааг хангахад 13 байршилд 4702 мкв далан суваг, шугам сүлжээг засварлаж, нөхөн сэргээх, дөрвөн байршилд 3480м үерийн далан сувгийг шинэчлэн засварлах шаардлагатай гэж ажлын хэсгийнхэн үзсэн байнагэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Э.Анар: Төв банкнаас төлбөрийн системд хяналт тавих эрх үүргийг хуульчлах зайлшгүй шаардлага гарч байна

Монголбанкны Төлбөр тооцоо бүртгэлийн газрын захирал Э.Анартай ярилцлаа.


-Төлбөрийн систем гэж юу вэ. Яагаад төлбөрийн системийг удирдан зохион байгуулах, хяналт тавих нь Төв банкны үндсэн үйл ажиллагааны чиг үүрэгт хамаардаг гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье?

-Төлбөрийн систем гэж юу болохыг маш товчоор хэлбэл, энэ нь эдийн засаг дахь хурдны зам юм. Тодруулбал, төлбөр гүйцэтгэгчээс илгээсэн төлбөрийг хурдан, найдвартай хэлбэрээр төлбөр хүлээн авагчид хүргэж өгдөг систем гэж ойлгож болно. Эдийн засаг дахь бараа, ажил, үйлчилгээний худалдаа, худалдан авалтын төлбөрийг бэлэн бус хэлбэрээр хийхдээ төлбөрийн системээр дамжуулан гүйцэтгэдэг. Иймд, төлбөрийн системийн үйл ажиллагаа нь төлбөр тооцооны харилцаа үүсч байгаа нийгмийн бүх давхарга, хувь хүн, байгууллага төрийн байгууллагыг хамарч байдаг. Энэ утгаараа төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй ажиллагаа нь санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төгрөгт итгэх олон нийтийн итгэл үнэмшлийг бэхжүүлэх үндсэн зорилготой байдаг.

Төлбөрийн системээр хийгдэж байгаа гүйлгээний 2016 оны статистик мэдээнээс үзэхэд нийт 1.6 сая гүйлгээ хийгдсэнээс 97 хувийг бага дүнтэй гүйлгээ эзэлж байна. Энэ нь дүнгийн хувьд бага боловч хамрах хүрээний хувьд иргэд, олон нийтийг илүү хамардаг, 24/7 зарчмаар ажиллаж байгаа бага дүнтэй гүйлгээний системийн ач холбогдлыг харуулж байна.

Төв банкнаас хэрэгжүүлж буй төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх гол суваг нь төлбөрийн систем байдаг. Өнөөдрийн байдлаар их дүнтэй төлбөр тооцооны системээр хийгдэж байгаа өдрийн гүйлгээний дүнгийн 60 орчим хувийг төв банкны гүйлгээ эзэлж байна. Статистик мэдээнээс үзэхэд 2016 оны байдлаар нийт 157.8 их наяд төгрөгийн гүйлгээ хийснээс 100 орчим их наяд төгрөгийн гүйлгээг Төв банк хийжээ. Иймд, их дүнтэй төлбөрийн системийн тогтвортой, шуурхай ажиллагаа нь төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах гол нөхцөл болдог.

-Монголбанк санаачлан Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл бэлтгэн УИХ-д өргөн барьсан шүү дээ. Энэ хуулийн гол үзэл баримтлалын талаар мэдээлэл хүргэхгүй юү?

-Одоогийн мөрдөж байгаа хууль тогтоомжид төлбөрийн системийн үйл ажиллагаа, түүнд оролцох эрх бүхий этгээд болон Төв банкны гүйцэтгэх үүрэг ба хяналтыг тусгаагүй байдаг. Техник, технологийн дэвшлийг дагаж төлбөрийн системийн үйл ажиллагаа өргөжиж, шинэ төлбөрийн хэрэгсэл, төлбөрийн үйлчилгээ бий болж байгаа тул төлбөрийн системийн үйл ажиллагааг бүхэлд нь цогц байдлаар зохицуулах шаардлагатай байна. Түүнчлэн, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд Төв банкнаас төлбөрийн системийг удирдан зохион байгуулах, хяналт тавих эрх үүргийг хуульчлах зайлшгүй шаардлага гарч байна.

-Тэгвэл Монгол Улсын төлбөрийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Монголбанк, Дэлхийн банктай хамтран техник туслалцааны хамтын ажиллагааны хүрээнд “Монгол Улсын үндэсний төлбөрийн системийг хөгжүүлэх стратеги”-ийг 2016 онд батлан гаргалаа. Энэхүү баримт бичиг нь Монгол Улсын төлбөрийн системийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, боловсронгуй болгох дунд хугацааны төлөвлөгөө юм. Түүнчлэн, Монголбанкнаас Азийн хөгжлийн банкны туслалцаатайгаар “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ төслийн хүрээнд Монголбанкны дотоод төлбөр, тооцооны систем, бага дүнтэй гүйлгээний системийг тус тус шинэчилж, банк хоорондын их дүнтэй гүйлгээний “Банк сүлжээ” систем, бага дүнтэй гүйлгээний системийг шинэчилснээр багц гүйлгээг нэг дор илгээх, харилцагчийн зөвшөөрөлтэйгөөр дебит гүйлгээг гүйцэтгэх зэрэг төлбөр тооцооны шинэ боломжийг бий болгох юм.

-Цахим мөнгө, төлбөрийн картад олон улсын стандартыг нэвтрүүлнэ гэж байгаа. Ямар стандарт нэвтэрснээр ямар өөрчлөлт орох вэ?

-Төслийн хүрээнд төлбөрийн ₮ карт”-ыг олон улсын стандартын дагуу чиптэй болгоно. Энэхүү чип стандартыг нэвтрүүлснээр “₮ карт”-ын гүйлгээнээс гарах эрсдэл буурч, хулгайн болон залилан мэхлэх гүйлгээг хийх боломжгүй болох юм. Мөн чип технологид суурилсан төлбөрийн картыг зайнаас уншуулж төлбөр гүйцэтгэх стандартыг нэвтрүүлж байгаа.

-Үндэсний төлбөрийн системийн хууль эрх зүйн орчинг зөв бүрдүүлж чадвал санхүүгийн хөгжлийн зөв, шинэлэг ажлын эхлэл гэж үздэг. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Өнөөдрийн байдлаар төлбөрийн системийн хууль, эрх зүйн орчин тодорхойгүй байгаагаас төлбөрийн системийн үйл ажиллагаанд хэн, хэрхэн оролцох, ямар шалгуур тавигдах, хариуцлага, хяналтыг хэрхэн тогтоох зэрэг нь хуульчлагдаагүй тул төлбөр тооцооны шинэ үйлчилгээ нэвтрүүлэх, төлбөр тооцооны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх боломж хязгаарлагдмал байна. Хууль зүйн орчинг тодорхой болгосноор техник технологийн дэвшилд суурилан энэхүү салбар маш хурдацтайгаар хөгжиж, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах шинэ хэрэгсэл, шинэ боломж бий болж, төгрөгт итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх замаар санхүүгийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлнэ.

-Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдсанаар одоогийн мөрдөж байгаа төлбөр тооцооны шимтгэлд ямар өөрчлөлт орох вэ?

-Хууль батлагдсанаар банкуудын үзүүлж байгаа төлбөр тооцооны үйлчилгээний шимтгэлд өөрчлөлт оруулах шаардлага байхгүй.

-Тэгвэл одоогийн хуулиар төлбөр тооцооны шимтгэлийг банкууд өөрсдөө тогтоодог. Харин хууль батлагдсанаар Монголбанкнаас төлбөр тооцооны шимтгэлийн дээд хязгаарыг тогтоох зохицуулалтыг багтаасан гэж байгаа. Ингэснээр ямар үр дүн гарах вэ?

-Хууль батлагдсанаар төлбөр тооцооны үйлчилгээнд бодит бус, хэт өндөр шимтгэлийг тогтоохоос сэргийлэх, нэг үйлчилгээнд хоёр банк оролцож байгаа тохиолдолд шимтгэлийг хэрхэн хуваарилах, шинэ үйлчилгээг дэмжих зорилгоор түүнээс авах шимтгэлийг хэт бууруулахгүй байх зэрэг зохицуулалтыг Монголбанк хийх боломжтой болж, төлбөрийн системээр үйлчлүүлж байгаа харилцагчийн эрх ашгийг хамгаалах юм.

-Өнгөрсөн онд 2016 онд банк хоорондын цахим худалдааны төлбөр тооцоог дамжуулдаг болсон. Энэ нь ямар давуу талтай, үүн дээр ямар шинэчлэл нэмэгдэн орж байгаа вэ?

-Банк хоорондын цахим худалдааг нэвтрүүлснээр аливаа худалдаа эрхлэгч нь өөрийн цахим хуудсыг заавал бүх банктай холбох шаардлагагүй, зөвхөн нэг банктай холбон төлбөр, тооцоо хийх боломжийг бүрдүүлснээр бүх банкны (ХААН банкнаас бусад) картаар төлбөр хүлээн авах боломжтой болсон. Цаашид цахим худалдааг ашиглан олон улсад худалдаа хийх, бараа үйлчилгээгээ борлуулсны төлбөрийг нь хүлээн авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр үндэсний үйлдвэрлэгчид олон улсын зах зээлд өрсөлдөх боломж нээгдэх, гадаад валютын орох урсгал нэмэгдэх сайн талтай гэж бид үзэж байгаа.

-Цахим картын үйлчилгээнд олон улсын стандартыг нэвтрүүлж, интернэт үйлчилгээг хөгжүүлэх олон заалт туссан байгаа гэсэн. Тухайлбал, ямар заалт туссанаар ямар үр дүнтэй байх вэ?

-Картын болон интернэт үйлчилгээнд олон улсын стандартыг нэвтрүүлэх талаар тусгайлан заасан заалт, зохицуулалт хуулийн төсөлд байхгүй. Үүнийг Монголбанкнаас тогтоох журам, заавраар зохицуулах нь зүйтэй байх.

-Монголбанкны зөвшөөрөлтэйгөөр “Төгрөг” гэдэг нэртэй төлбөрийн карт гарч байгаа. Энэхүү картыг улам боловсронгуй болгох талаар ямар санаачилга гарч байгаа вэ?

-Үндэсний төлбөрийн карт “₮ карт”-ыг 2012 онд Монголбанкнаас санаачлан, шинээр нэвтрүүлж, дотоодын зах зээлд ашиглаж эхэлсэн. Монголбанкны санаачилгыг банкууд дэмжиж, “₮ карт”-ыг өргөнөөр ашиглаж эхэлсэн бөгөөд өнөөдөр нийт төлбөрийн картын зах зээлийн 70.3 хувийг “₮ карт” дангаар эзэлж байна. Олон улсын төлбөрийн картын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагатай хамтран “₮ карт”-ыг хосолсон брэнд хэлбэрээр гаргах боломжийг Монголбанкнаас 2014 онд нээж өгснөөр банкууд хосолсон “₮ карт”-ыг гаргаж, “₮ карт” олон улсад гадаад валютын төлбөр, тооцоонд ашиглагдах болсон. Үүний хамгийн тод жишээ нь “₮ карт” Union Pay International (UPI) хосолсон брэнд карт бөгөөд энэ картыг эзэмшигч нь UPI-ийн сүлжээ орсон бүх оронд өөрийн “₮ карт”-ыг саадгүй ашиглах боломжтой юм. Монголбанк нь олон улсын төлбөрийн картын үйл ажиллагаа эрхэлдэг бусад байгууллагатай хамтран хосолсон “₮ карт” гаргаж олон улсад хэрэглэх боломжийг улам нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа.

-Шинэ хуульд төлбөрийн системийг боловсронгуй болгож шинэчлэхээс гадна Үндэсний төлбөрийн системийн ил тод байдлыг дэмжсэн ямар өөрчлөлт орж байгаа вэ. Ер нь төлбөрийн системийн ил тод байдал, шилэн байх тухай асуудал яригддаг уу?

-Төлбөрийн системд баримтлах бодлого, үйл ажиллагааны журам, нийт төлбөрийн системийн статистик мэдээг Монголбанк цахим хуудсандаа олон нийтэд ил тод байршуулдаг. Төлбөрийн системээр дамжиж байгаа гүйлгээний ихэнх хувь нь иргэд, хувь хүн, хувийн байгууллагын гүйлгээ байдаг бөгөөд эдгээрийн нууцлал нь хуулиар хамгаалагдсан байдаг учир шилэн байлгах боломжгүй. Иймд төлбөрийн системийн үйл ажиллагааг ил тод байлгах асуудал хурцаар тавигдаж байгаа гэж бодохгүй байна.

Б.ДОЛЗОДМАА

Categories
мэдээ цаг-үе

Мими гэдэг нунтаг бодис хэрэглэгчдийн тоо өсчээ

Мими гэх бодис нь кафейн буюу сэргээш агуулсан, донтуулах бодис аж. Түүний 90 хувьд агуулагдах кафейн нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтад албан ёсоор ороогүй боловч хүний төв мэдрэлийн системд нөлөөлж, хүнийг нойргүйжүүлэх үйлчилгээтэй юм байна. Уг бодисыг удаан хэрэглэвэл тархины наалданги, булчингийн сулрал үүсгэж, аажмаар үхэлд хүргэдэг гэнэ. Манай улсад уг бодисыг хэрэглэгчийн зах зээл аль хэдийнэ бий болчихжээ. Үүгээр ч зогсохгүй мансуурагчдын тоо өсөх хандлагатай байгаа гэж албаны эх сурвалж мэдээлсэн юм. Тухайлбал, Орон нутгийн эх сурвалжийн мэдээллээр Өмнөговь аймаг дахь Шивээ хүрэн, Гашуунсухайтын боомтоор нүүрсний экспорт хийдэг жолооч нар холын замд ядрах, физиологийн хувьд сульдах үед уг өөрчлөлтүүдээ даван туулахын тулд богино хугацаанд сэргээх үйлчилгээтэй мими мансууруулах төрлийн бодисыг хэрэглэдэг гэв. Гашуунсухайтын боомт орчимд нэг удаагийн хэрэглээний мимиг 2000 төгрөгөөр худалддаг гэх мэдээлэл байна. Мөн Өмнөговь аймгийн зарим айл өрх, гэр гуанзанд хүртэл дээрх бодисыг хямд үнээр худалддаг болсноор багагүй хугацаа өнгөрсөн гэнэ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Анх энэ бодисыг нүүрс тээвэрлэдэг хятад жолооч нар хэрэглэдэг байсан бол 2008 оноос эхлэн монгол жолооч нар мэр сэр хэрэглэдэг болсон. Эхэндээ Ханбогд, Цогтцэций, Гурвантэсээс нүүрс тээвэрлэдэг жолооч нар хэрэглэдэг байсан. Энэ хэрээр хэрэглээ улам тэлж, тус аймгийн төвийн айлууд дээрх бодисыг худалдаалдаг болжээ. Сүүлийн үед хүүхдүүд хэрэглэх болсон. Тиймээс энэ бодисын хэрэглээг дотооддоо хууль тогтоомжоор зохицуулах хэрэгтэй” хэмээн онцолж байлаа.

Мими хэмээх бодисыг зарж борлуулдаг бүлэглэл бий болжээ

Мими хэмээн нэрлэх нунтаг цагаан бодисыг Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймагт хүн бүр сайн мэддэг, нийслэлд ч их хэрэглэх болсон байна. Уг бодисыг хар тамхины нэг төрөл гэж ойлгож болно. Түүнийг Таван толгойн нүүрс тээвэрлэдэг жолооч нар нэг кг-ыг нь урд хөршөөс найман мянган юаниар худалдан авч дотооддоо оруулж ирээд хоёр граммыг нь таван мянган төгрөгөөр борлуулдаг юм байна. Ийм төрлийн наймаа 2000 оноос анх Өмнөговь аймгийн хилээр орж ирж, тэр цагаас хойш дөрвөн бүлэглэл уг бодисыг оруулж ирэн дамладаг болж. Тухайн үед цагдаагийнхан мэдэхгүй байсан уу, эсвэл мэдэн будилсан уу энэ хэргийн мөрөөр тэр бүр орохгүй байсан аж. Ингээд нутгийн иргэдээс “Залуучууд энэ бодисыг ихээр хэрэглэж, гэртээ хонохгүй, эсвэл хэрэглэсний дараа хэдэн хоногоор унтахгүй” байна хэмээн гомдол гаргаснаар 2012 оноос мими хэмээх бодисын аюул, хор уршиг нь олон нийтэд ил болсон байна. Ганц Өмнөговь ч биш, дээр дурдсан хэд хэдэн аймагт энэ бодисын наймаа газар авах болсон нь Цагдаагийн ерөнхий газар энэ хэргийн мөрөөр мөрдөж эхлэх болсон шалтгаан нь аж. Тухайлбал, Таван толгойн нүүрс тээвэрлэдэг хоёр жолооч оруулж ирж байгааг илрүүлэн шалгаж эхэлсэн. Хэдийгээр хоёр хүн байсан ч ийм төрлийн наймаа эрхлээд багагүй мөнгө олж байгаа 20 орчим монгол, урд хил дээр мими нунтгийг монголчуудад бөөнддөг хэд хэдэн бүлэг хятадууд байгааг иргэдийн ам дамжсан мэдээллээр цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Мими нунтгийг жолооч нар анх дамжуулан хэрэглэж байсан бол өдгөө өсвөр насны охид, хөвгүүд ч хэрэглэх болжээ. Залуус хэрэглэж байгаа тохиолдол Дундговь аймагт мөн бүртгэгдсэн байна. Ямартай ч хар тамхины хэргүүдийн хажуугаар жижиг гарын мими нунтгийн наймаа газар авч байгааг цагдаагийнхан эхнээс нь илрүүлж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээлсэн юм.

Энэ талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.


-Мими хэмээх нунтаг бодисыг хэрэглэх хэрэглэгчдийн тоо өссөн байна. Энэ асуудал дээр хэрхэн хяналт тавьж байна, шалгаж байгаа юу?

-Цагдаагийн байгууллага хяналт тавьж байгаа. Монгол Улсын хилээр хууль бусаар эм, эмийн бүтээгдэхүүн оруулж ирсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэн хүмүүсийг шалгаж байна. Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар хяналтдаа авч хууль бус бодис хэрэглэж байгаа болон иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу шалгалт хийсэн. Иргэдээс ирсэн гомдол мэдээллийг баримтжуулан шалгах ажлууд хийгдээд явж байна.

-Мими бодис нь хар тамхины төрөл үү?

-НҮБ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан жагсаалтад байгаа зүйлсийг мансууруулах бодис гэж үздэг. Тэрхүү бодисын жагсаалтад Мими гэх бодис байдаггүй. ДЭМБ-аас хор хөнөөлийг нь судалж үзээд хүн хэрэглэж болно гэсэн зүйлийг эм гэж нэрлэдэг. Мими бодисыг албан ёсоор зарахыг хүлээн зөвшөөрөөгүй. БНХАУ-д үүнийг мансууруулах бодис гэж үзсэн байдаг. Нэг ёсондоо нойр хүргэдэггүй, ядраадаггүй гэх сэргээшийн төрлийн бэлдмэл юм. Уг бодисыг юунаас гаргаж авсан нь тодорхойгүй, хор хөнөөлийг нь нэг ч эрүүл мэндийн байгууллага судлаагүй байна. Хүмүүс тодорхойгүй ийм бодисыг өөрийнхөө бие дээр туршиж үзээд байх юм. Тиймээс иргэд өөрийнхөө эрүүл мэндийн төлөө бодолтой, ул суурьтай хандах хэрэгтэй. Ойрын ганц, хоёр жилдээ хор уршиг нь мэдэгдэхгүй байж болно. Нас ахихаар хорт хавдар үүсгэнэ гэдгийг сайн бодох хэрэгтэй.

-Цаашид цагдаагийн байгууллагаас энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ?

-Цагдаагийн байгууллага иргэддээ аливаа эрсдэл, гарз хохирлыг амсуулахгүйн тулд байнга урьдчилан сэргийлж, сэрэмжлүүлж, анхааруулж байдаг. Ер нь хувь хүн бүр өөрийнхөө төлөө ухамсартай байх хэрэгтэй. Хамгийн гол нь иргэн хүн бүр эрүүл энх, аюулгүй орчинд амьдрах ёстой шүү дээ. Тиймээс иргэдийгээ амар хялбар зүйлийг ашиглаж битгий эрүүл мэндээрээ хохирооч ээ гэж хэлье гэв.

Допинг, сэргээш болон адил төстэй бэлдмэлийг анхандаа тураал, хэвтэрт орсон, эсвэл хүнд хагалгаа хийлгэсэн хүний биеийг богино хугацаанд сэргээх, тэнхрүүлэх зорилгоор гаргаж авч хэрэглэдэг байсан. Харин одоо хүмүүс их ядарсан үедээ сэргээшийн төрлийн бэлдмэлийг хамаагүй хэрэглэдэг болж. Энэ нь өнөөдөр иргэн та эрүүл байгаа ч, цаашдаа таны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг сайн бодох хэрэгтэй. Монгол хэлнээ сэргээш хэмээн орчуулагдсан допинг нь түр хугацаанд хүн амьтны эд эсийг сэргээх ч хожим эрүүл мэндэд маш хортой нөлөө үзүүлдэг болох нь батлагдаж, нотлогдсон байдаг.

Б.УРАНЧИМЭГ

Categories
мэдээ нийгэм

Саруул захын гэр ахуйн барааны тасагт гал гарчээ

Хотын төвд байршилтай захуудын нэг бол “Саруул” зах. Бидний нэрлэж заншсанаар Сүхбаатар дүүргийн Орос 3-р сургуулийн хажууд байрлах энэ захад бямбаас ням гаригт шилжих шөнө буюу гуравдугаар сарын 12-ны үүрээр гал гарчээ. Галыг Онцгой байдлын шуурхай албаас унтраасан байна. Захын хоёр давхарт гал гарч, гэр ахуйн барааны 2-3 тасгийн бараа шатсан байна. Тодруулбал, бичиг хэрэг, гэр ахуй, даавуун хэрэглэл /хөнжил гэх мэт/ байдаг тасагт гал гарчээ.

“САРУУЛ” ЗАХ ТҮР ХУГАЦААГААР АЖИЛЛАХГҮЙ

Одоогоор галын шалтгааныг тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж байгаа учраас ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг хэлж байв. Өглөөний 08.30 цагийн үед манай сурвалжлах багийнхан очиход дотогш нэвтрүүлсэнгүй. Энд цагдаагийн хамгаалалт гарсан бөгөөд түрээслэгчдийг мөн дотогш оруулахгүй байв.

“Саруул” захын хоёр давхарт 15-16 орчим тасаг /павилон/ байдаг байна. Эдгээр тасаг дундаас гэр ахуйн бараатай хэсэгт гал гарчээ. Түрүүслэгчдийн хэлж байгаагаар бичиг хэрэг, гэр ахуйн барааны тасагт гал гарч, бичиг цаастай тасаг бүхэлдээ шатсаныг хэлж байв.

Иргэн Т-ээс зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Өглөөний 05.00 цагт захад гал гарсныг сонсоод ирлээ. Хоёр давхарт байдаг бичиг хэргийн тасаг шатсан гэсэн мэдээлэл авсан. Мөн гэр ахуйн барааны тасаг шатсан байна. Миний павилон нэг давхарт байдаг. Гэхдээ бидэнд харамсалтай байна. Галын хохирол бусад тасгуудад ч нөлөөтэй. Бараанд шатсан үнэр орох, тоос шорооноос эхлээд хэцүү зүйлүүд гарна. Өмнө нь /2013 онд/ бас ийм байдал болж байсан. Үнэхээр харамсалтай байна” гэж байв.

“Саруул” захын хоёр давхарт гэр ахуйн бараа, гоо сайхан, хүүхдийн хувцас, бичиг хэрэг, бэлэг дурсгалын зэрэг тасгууд байдаг байна. Хотын төвд байршил бөөний худалдааны энэхүү төвд урьд нь мөн гал гарч байжээ.

“Саруул” захын төв хаалган дээр “Түр хугацаагаар ажиллахгүй” гэсэн зарыг тавьсан байв. Энэхүү зах “Монгол глобал” ХХК-ийнх юм.

“САРУУЛ” ЗАХАД 2013 ОНД ГАЛ ГАРЧ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧИРЧ БАЙЖЭЭ

“Саруул” захад 2013 оны тавдугаар сард гал гарч их хэмжээний хохирол учирсан ч хоёр тэрбум төгрөгийн засвар хийж, шинэчилснийг “Монгол глобал” компанийн удирдлагууд мэдэгдэж байсан юм. Тухайн үед 100 гаруй хүн түрээслэн ажиллаж байсан “Саруул” захыг “Саруул маркет” болгон өргөтгөж, ажлын байрыг дахин 100 хүнээр нэмж байжээ. Хотын төвд байршилтай “Саруул” захын нээлт 2013 оны аравдугаар сард болж байсан юм. Тэгвэл энэхүү захад дөрвөн жилийн дараа дахин гал гарч, түрээслэгчид болон тус компанид хохирол учраад байгаа бөгөөд холбогдох албаныхан галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Итгэл, зүтгэлээр жигүүрлэсэн он жилүүд буюу “нефть”-ийн гавьяат Б.Сүхбаатар

Б.Сүхбаатар зурган илэрцүүд

Нефть байхгүй бол хүн төрөлхтөний хэрэглэж буй өдөр тутмын зүйлсийг хэрхэн бүтээхийг төсөөлөшгүй. Бидний унаж буй машин, барьж буй утас, бичиж буй бал гээд нефтьгүйгээр бүтсэн зүйл нэн ховор…Энэхүү нэн чухал бөгөөд хариуцлагатай салбарт өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээс дунд ажиллаж буй эрхэм бол “Нефтийн Сүхбаатар” мөн. Учир нь тэрээр салбартаа дархлагдсан “Дархан Аварга”, энгийн даруу атлаа “Эрхэм” нэгэн. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат Эдийн засагч гэх цол тэмдгээр энгэрээ мялаах мөчид түүний сэтгэлд нь, зүрхэнд нь бичигдсэн нефтийн салбарын талаар цөөн хором хөөрөлдлөө. Ингээд “Сод Монгол Групп” ХХК-ийн Худалдаа эрхэлсэн дэд ерөнхийлөгч Б.Сүхбаатарын ярилцлагыг хүргэж байна.


-Монгол Улсын Гавьяат Эдийн засагч хэмээх эрхэм нэр хүндтэй шагналыг гардан авсан танд баяр хүргэе.

-Баярлалаа. Нефть хангамжийн салбарт 30 гаруй жил ажиллаад өнөөдөр Монгол Улсын Гавьяат Эдийн засагч хэмээх эрхэм хүндтэй шагналыг авлаа. Би улсад нийт 40 гаруй жил ажилласан бөгөөд үүнээс 30 гаруй жил тасралтгүй нефть хангамжийн салбарт ажилласан байна.

1992-98 ОНЫ ХООРОНД 18 АЙМГИЙН 370 ГАРУЙ СУМАНД ШТС БАРЬЖ БАЙВ

-Анх 1976 онд Нефть хангамжийн төв бааз гэж нэг байгууллагатай. Бусад нь орон нутгийн харъяалалтай ийм л байгууллага байсан. Удалгүй 1978 онд Нефть хангамжийн удирдах газар, Тээврийн яамны дэргэд байгуулагдаж, нефть хангамжийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх анхны суурь тавигдсан юм.

1990 онд Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжих түүхэн үед нефтийн салбарын хөгжил ч бас өөрчлөгдсөн. 1991 онд Нефть хангамжийн нэгтгэл байгуулагдаж, улсын хэмжээнд шатахууны бие даасан бодлого боловсруулах, гадаад дотоодын худалдаагаа бие даан хийх түүхэн таатай боломж бүрдсэн. Гэсэн хэдий ч нефтийн ситем нэг компани болж чадаагүй.

1991 оноос эхлээд хуучин социолизмын үеийн тогтсон бүтэц задраад нефтийн бүтээгдэхүүний хангамж, үйлчилгээ гээд бүх зүйлийг гардан хийх болсон. Ийм л хүнд үед бидэнд гадагшаа хийх төлбөр тооцоо хийх санхүүгийн эх үүсвэр байхгүй хүндрэл үүсч байлаа Үүнийг шийдвэрлэхийн тулд орон нутгийн бүх нефть баазыг Нефть хангамжийн нэгдлийн харъяа, босоо удирдлагын тогтлолцоотой байгууллага болгосон. Ингэснээрээ орон нутагт борлуулсан борлуулалтын бүх орлого нэг дор төвлөрч, шатахуун авах дотоодын мөнгөний эх үүсвэртэй болж чадсан. Эндээсээ орон нутгийн нефть хангамжийн бааз, салбаруудад төсөв олгодог болсон. Ингэж эхний том өөрчлөлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл, нефть гэдэг айл улсын хэмжээнд нэг компани болж чадсан. Гэтэл хөдөө аж ахуйн нэгдэлд байсан шатахуун түгээх станцууд нэгдлийн өмч. Тэгэхээр тэнд шатахуун түгээх, зарж борлуулах, хүн байхгүй. Гэтэл биднийг суманд шатахуун хүргэж өгөхгүй байна гэдэг шүүмжлэл Засгийн газраас ирсэн. Ингээд тухайн үеийн Хөдөө, аж ахуйн сайд Ц.Өөлдтэй уулзаж, хөдөө орон нутгийн бүх шатахуун түгээх станцуудаа манай байгууллагад шилжүүлбэл бид улсын хэмжээнд шатахуунаар хангах боломжтой болно. Хоршооллын өмчид шатахуун өгөхөөр нэгдэл тарсан учраас авдаг хүн алга, борлуулаад мөнгийг нь өгдөг хүн алга. Ингээд Хөдөө аж ахуйн яам шийдвэр гаргаж, орон нутгийн 215, Сангийн аж ахуйн 88 шатахуун түгээх станцыг манай байгууллагын харьяанд шилжүүлсэн. Гэтэл бодит байдалд бид нэг сав, нэг хүн л хүлээж авч байж билээ. Ингээд бид 1992 -1998 он хүртэл 6 жилийн хугацаанд 18 аймгийн 370 гаруй суманд ШТС барьж, бүх стандартыг бий болгосон. Энэ ажилд манай нефтийн салбарын удирдлагууд бүгд гар нийлж

сайхан ажилласны үр дүнд нефтийн нэгдсэн том сүлжээ Монгол Улсад үнэ цэнэтэй том компани болж чадсан. Энэ түүхэн үүргийг гүйцэтгэснийг минь өндрөөр үнэлсэн гэж бодож байна. Нөгөө талдаа энэ салбарт ажиллаж алтан сайхан үеэ өнгөрөөсөн олон сайхан буурлууд, өнөөдөр ажиллаж байгаа олон сайхан залуусын ажлыг д авхар үнэлсэнд баяртай байна.

УЛСЫН ӨМЧИЙГ ЭЗЭНТЭЙ, БҮРТГЭЛТЭЙ БОЛГОСОН ТЭДНИЙ ГАВЬЯАГ ТӨР МАРТАХГҮЙ!

-Би Төрийн өмчийн хороонд найман жил ажилласан. Энэ хугацаанд нийт ажилтнуудынхаа хүчээр бид хамтдаа төрийн өмчийн бүртгэл, тайлан мэдээллийн нэгдсэн тогтлолцоог бий болгож чадсан. Өөрөөр хэлбэл, төр өмчөө жил бүр тайлан бланс гаргаж, улсын хэмжээний 5800 байгууллагын өмчийн балансыг нэгтгэж, нэгдсэн санхүүгийн тайлан гаргах боломжийг бүрдүүлж өгсөн. Энэ ажлыг маань ч гэсэн үнэлж, өнөөдөр Гавьяат эдийн засагч цол хүртээсэн гэж ойлгож байгаа. -1996 онд Төрийн өмчийн хорооноос нефтийн хувийн компаниудаа дэмжин, зах зээлд өрсөлдөгч бий болгох чиглэлээр даалгавар өгч ажиллуулж байв. Хувийн компанийн шатахууныг авч хадгалах, гадаад зах зээл олж өгөх, дотоодын зах зээлийн тодорхой хувийг тасалж өгөх, шатахуун борлуулахад нь туслах, шаардлагатай бол санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр дэмжиж, өнөөдрийн нефтийн компаниуд үүсгэн байгуулагдаж байсан юм.

-Ажил мэргэжил гэдэг хүний хувь тавилангаар зурсан зураг биш харин сонголт байдаг. Та нефтийн салбарт орсон шалтгаан нь юу байв

-Намайг Санхүү эдийн засгийн техникумд сурч байхад Тээврийн яаманд баримтын шалгалт хийлгэхээр дуудсан. Ингээд шалгалт хийж дуусахад “Маш сайн” гэсэн үнэлгээ авч байсан. Удалгүй Шатахуун тээврийн нэгдүгээр баазад баримтын шалгалт дахин хийхээр үүрэгдэв. Гэтэл залуухан Сүхбаатар нэг жолооч давхар падаан оруулсныг илрүүлээд, давхар нефть баазад шалгуулж, баталгаажуулахад дахин зөрчлүүд илэрсэн. Тэгээд Нефть баазын дарга Жамц гуай өрөөндөө намайг дуудаж билээ. Залуу хүн эрч хүчтэй яваад очлоо. Гэтэл үүдэнд нь Тээврийн яамны санхүүгийн ахлах мэргэжилтэн Ванган гэдэг хүн бас ирсэн байна. Тэгсэн надад хөдөлмөрийн дэвтэр нээж өг, төгсөөд шууд Нефть баазад ажилла гэсэн үүрэг өгчихлөө. Ингээд сургуулиа төгсөөд Нефть баазад ажиллах болсондоо. Энэ цагаас хойш өнөөдрийг хүртэл түүхэн амьдралыг туулж явна. Энэ хугацаанд 1983-1990 он хүртэл хоёрдугаар гарын үсэг зурдаг байлаа. Харин 1990-2002 он буюу хувьчлал явагдах хүртэл нэгдүгээр гарын үсэг зурдаг болсон. Тэргүүн дэд захирал, дэд захирал, хийхдээ нефтийн салбарын системийн бүхийл шинэчлэлийг хийсэндээ. Мэдээж удирдагч хүн санаачлан манлайлах үүрэг байсан. Мөн Олон улсын нягтлан бодох бүртгэлд шилжүүлэх асуудлыг гардаж, хамт олныхоо хүчээр хийсэн. Тухайн үед, Говь, АПУ, МИАТ зэрэг компаниуд 400 мянга гаруй ам.доллараар гаднын компаниудаар хийлгэж байхад би хамт олонтойгоо энэ ажлыг гардан гүйцэтгээд 40 мянган ам.доллар төлж, Голландын мэргэжлийн байгууллагаар хөндлөгийн үнэлгээний аудит хийлгэхэд, “Маш сайн” гэсэн үнэлгээ авч, Сангийн яамнаас “нэг номерын гэрчилгээ” авч байсан.

-Энэ салбарын сайхан зүйл нь юунд оршдог вэ?

-Нэг чиглэлийн дагнасан бизнес. Мөн маш хурдан эргэлддэг бизнес.Тэр хирээр таниас ухааны, сэтгэлийн хурд шаардана. Оруулсанхөрөнгө оруулалт нь эргэж төлөгдөх чадвар өндөртэй. Энэ утгаараа их өвөрмөц, үүнийгээ дагаад технологи нь галын аюулгүй ажиллагааны нарийн шаардлагыг хангаж ажиллахыг шаарддаг нь өндөр шаардлагууд бий. Манай нефтийн салбарт ажиллаж байгаа хан бүхэн хөдөлмөр аюулгүй байдалд л онцгой анхаардаг даа. Тиймдээч технологийн аюулгүй ажиллгааны сургалт үүнд чиглэсэн байдаг. Амьдралын нэг хэсэг болсон нефтийн салбар өөрөө миний амьдралын гэрэл гэгээтэй нандин дурсамж бүхнийг шингээсэн, басхүү ирээдүйд энэ салбарын хөгжил хэрхэн явагдах итгэл, төсөөллийг надад харуулдаг. Ажил бүхэн сайхан тэгэхээр хаана хөдөлмөр байна тэнд хүн, түүх, итгэл, сэтгэл бий дээ…

-Таныг яриаг сонсож байхад, өнгөрснөөс өнөөдрийг хүртэлх нефтийн салбарын түүх таны сэтгэлд бас зүрхэнд бичигдсэн байна. Таны харж буйгаар Монголын нефтийн салбарын хөгжил аль зүгт явж байна вэ. Ямар ахиц дэвшил гарч байна. Мөн бид цаашид юунд анхаарах шаардлагатай байна?

-Нефтийн салбар техник технологийн хувьд үнэхээр өндөр түвшинд очлоо. ШТС-ын хошуунаас гарсан бүтээгдэхүүн, агуулахаас гарсан бүтээгдэхүүн програмчлагдаад, хамгийн сүүлд тайлан бланс болоод, эцсийн дүгнэлттэй гарах хэмжээнд хүртлээ хөгжжээ.

Б.СҮХБААТАР: МОДОН САМПИНГААС КОМЬПЮТЕР ХҮРТЭЛ БАСХҮҮ УРТ ХУГАЦААГ ТУУЛСАН ДАА

Анх сампингаар боддог байлаа. Дараа нь буюу 1970 оны үед анх калкулятор гарсан. Ингээд 1980 оны үеэс тооны машин гарсан бол 1990 оноос эхлэн компьютер хэрэглэж ирлээ. Энэ үед бид нефтийн бүтээгдэхүүний гурван төрлийн балансныхаа хоорондын бүх уналтыг нь олж харж байж, шатахуун алга болж уу үгүй юу гэдгийг гаргадаг байлаа. Харин одоо бол бүх зүйл программчлагдаж, цаг хугацаа хэмнэдэг болжээ. Үүнийгээ дагаад нефтийн салбарын системчлэл бүхэлдээ илүү боловсронгуй, илүү нарийн болж байна. Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүн 100 хувь хараат байдлаар хөгжиж ирсэн нь үнэн. Бид 1993 оноос 2002 он хүртэлх хугацаанд үүнийг 30 хувиар бууруулсан. Өөрөөр хэлбэл нэг улсаас биш, олон улсаас нефтийн бүтээгдэхүүнийг импортолдог болсон. Бид БНХАУ-аас нефть импортолж эхэлмэгц ОХУ нефтийн бүтээгдэхүүнийхээ үнийг буулгаж, дэлхийн зах зээлийн үнэ ханшаар шатахуунаа нийлүүлж эхэлсэн. Мэдээж нефтийн зах зээл дэх өрсөлдөөн чухал байсан.

ДАРААГИЙН АЛХАМ БОЛ ДОТООДДОО НЕФТИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ…

Бид жилдээ нефтийн бүтээгдэхүүн импортлоход жилдээ нэг тэрбум ам.доллар зарцуулж байна. Тиймээс дараагийн бидний хийх том алхам бол дотооддоо нефтиэ боловсруулах үйлдвэр байгуулах асуудал. Энэ нь цаг хугацааны хувьд маш чухал асуудал. Үүний бодит баталгаа бол өнөөдрийн эдийн засгийн байдал мөн. Дорнод аймгаар явж байхад нэг сая 500 мянган тонн түүхий нефтийг урд хөрш рүүгээ гаргаж байна. Үүнийгээ бид дотооддоо боловсруулаад дотоодын хэрэгцээгээ хангаад явах бүрэн боломж бидэнд бий. Үүнийг Засгийн газар мөрийн хөтөлбөртөө оруулаад, зорилт тавин ажиллаж байгаа нь сайшаалтай. Төр засгийн зүгээс нефтийн үйлдвэр байгуулах асуудалд онцгой анхаарал хандуулж олон жил ярьж байгаа. Улс орны эдийн засгийн болон иргэдийн амьжиргааны түвшинталаас нь ч ач холбогдол өгч, зоригтой зорилт тавин ажиллах цаг тулан ирсэн. Ойрын хугацаанд хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаа. Үүнийг дагаад үйлдвэрүүд олноор байгуулагдана, ажлын байр бий болно, техникийн дэвшил Нөу-Хоу нэвтэрнэ, долларын ханшны өсөлтийг хязгаарлана гэх мэт бололцоо боломжууд ирээдүйд харагдаж байна. Үйлдвэр байгуулагдсанаар, Монгол Улсын нефть хангамжийн салбар нь ард түмэндээ өгөөжөө өгсөн, эх орныхоо хөгжилд үнэтэй бас бодитой хувь нэмрээ оруулдаг салбар болно.

НЕФТИЙН САЛБАРЫН “ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ” Ж.МАНЬБАДАР БОЛ ХУГАРАШГҮЙ НОЁН НУРУУ БАЙСАН…

-Би ахлах эдийн засагчтайгаа төлөвлөгөө хийнэ. Түүнийгээ Сангийн яаманд очиж хамгаалдаг байсан. Хамгаалж чадахгүй унана. Улсын төсөв дутна. Тэгэхээр нь “Нефтийн импортонд 10 мянгыг нэмчих” гээд л улсын төсөв задалчихна. Тэгээд захиралдаа загнуулдаг байж билээ. Манай захирал Ж.Маньбадар гэж хүн хариуцлагатай, зарчимч хүн байсан юм. Манай нефтийн загалмайлсан эцэг л дээ. Энэ хүн бүхий л ажил амьдралаа нефтийн салбарт бүрэн зориулсан хүн. Харамсалтай нь энэ түүний гавьяаг төр засаг үнэлж, гавьяат шагнал олгож чадсангүй, бурхны оронд одсон доо. Нефтийн салбарынхан бүгд л энэ хүний гараас гарч, хүн болцгоосон. Үнэхээр шаардлага өндөртэй зарчимч, хугарашгүй ноён нуруу гэдэг бол энэ хүн л байсан даа.

-Монголын нефтийн салбарын томоохон төлөөлөл “Сод Монгол Групп” ХХК-д та дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Монгол Улсын Топ татвар төлөгч “Сод Монгол Групп” ХХК-ийн онцлог юу вэ.

-Сүүлийн дөрвөн жил би “Сод Монгол Групп” ХХК-д ажиллаж байна. Энэхүү группын Ерөнхийлөгч Ц.Анандбазартай бол 1995 оноос хамтран ажиллаж эхэлсэн. Тухайн үед “НИК ТОС” компани “НИК” ХХК болсон. Би “НИК ТОС” компанийн ерөнхий захирлаар ажиллаж байсан. Харин Ц.Анандбазар манай охин компаниудын дунд бие даасан “ЛБЛ” төрийн бус байгууллагын захирлаар ажиллаж байсан. Ц.Анандбазар бол залуу, басхүү асар их эрч хүчтэй хүн. Түүний залуу насны дуусашгүй эрч хүч, аагь нь өнөөдөр энэ том группыг

хөл дээр нь босгож, Монгол Улсын нефтийн салбарт өрсөлдөхүйц хүчтэй компанийг байгуулж чаджээ. Сайхан хамт олны дунд орж, өөрийнхөө мэддэг чаддаг бүхнээ зааж, сургаж, басхүү өөрөө бас суралцаж явна. Ц.Анандбазар бол сэтгэлгээний асар их хурдтай, бүтээгч бизнесмэн. Тиймдээ ч Монгол Улсад голлох үүрэг гүйцэтгэдэг нефтийн салбарт амжилт олсон. Өнөөдөр 35 компани 1200 ШТС-аар Монгол Улсын өнцөг булан бүрт хүрч ажиллаж байна. Энэ зах зээлд “Сод Монгол Групп” ХХК баттай байр сууриа олж чадсан. Бид сүүлийн нэг жилд үйл ажиллагааныхаа хүрээг тэлж хөдөө орон нутагт ШТС, шатахууны агуулах барьж, манайхан хүрч чадахгүй, борлуулалт хийх боломжгүй байсан 247 мянган тонн бүтээгдэхүүн борлуулдаг зах зээл рүү орж чадлаа. Өнгөрсөн жил Дорнодод 5, Өвөрхангайд 2, Хөвсгөлд 3 ШТС-ыг агуулахтай нь барилаа. Энэ нь компанийн борлуулалтын хэмжээ, үйл ажиллагааны хүрээ, харилцагчдын тоогоор бусад компаниудтай өрсөлдөхүйц хэмжээнд хүрэх таатай боломж бүрдэж байгаа гэж харж байна. Цаашдаа хүрээгээ зогсолтгүй тэлнэ.

-Таны цаашдын амьдралд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа.