Categories
гадаад мэдээ

Пак Гын Хэ Хөх ордныг орхин явлаа

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг огрцуулах тухай парламентын шийдвэрийг тус улсын Үндсэн хуулийн цэцийн шүүгчид хэвээр үлдээснээс хоёр хоногийн дараа буюу орон нутгийн цагаар өчигдөр оройны 19:00 цагт тэрбээр Хөх ордныг орхин явлаа.

Хатагтай Пак Сөүл хотын өмнөд хэсэгт байдаг гэртээ ирэхэд дэмжигчид нь халуун дотноор хүлээн авсан байна.

Дотны найз Чой Сүн Сил нь нэр холбогдсон авлигын дуулиан шуугианд холбоотой гэх үндэслэлээр түүнийг ерөнхийлөгчөөс огцруулсан юм.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт шүүхийн шийдвэр гарснаас хойш Пак анх удаагаа мэдэгдэл хийх үеэрээ “цаг хугацааны явцад үнэн зүйл ил болно гэдэгт би итгэж байна” гэжээ.

Мөн тэрбээр “ерөнхийлөгчийн алба хаших үүрэгт хугацаагаа дуусгаж чадаагүйдээ” дэмжигчдээсээ уучлалт хүссэн байна.

Одоо Пак Гын Хэгийн халдашгүй дархан эрх дуусгавар болсон бөгөөд улс төрийн дэмжлэг үзүүлснийхээ хариуд компаниудаас мөнгө татах боломжийг Чой овогт эмэгтэйд олгож байснаа хүлээн зөвшөөрвөл Пакт эрүүгийн хэрэг үүсгэж магадгүй юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөө жил уул уурхайгаас гадна хөдөө аж ахуйнхан ч эдийн засгийг тэтгэнэ

Валютын сангийн хөтөлбөрт хамрагдах нь тодорхой болчихсон, доллар орж ирэх сургаар хэсэгтээ цойлж сандаргасан ноён ногооны ханш номхорч эхэлсэн, ОХУ, Хятад, Энэтхэгээс зээл авах яриа хөөрөө өрнөж буй, нүүрс, зэс, алтны үнэ давгүй байгаа гэж ирээд яривал алтан унжлагат гал тахиа жилийн эдийн засаг сайн мэдээ олонтой эхэлж байна. Сүүлд харин Хөгжлийн банкны евро бондын өрийг шинэ бонд босгож дарахаар болсон, өнөөхийнх нь хүү өмнөхөөсөө өндөр, төлөх хугацаа нь хатуу, хагас жил тутам зөвхөн хүүгийн төлбөрт 26 сая 250 мянган ам.доллар төлнө гэсэн мэдээ цацагдлаа. Гэхдээ өөдрөг талаас нь харвал Монголын маргаашд итгэсэн хөрөнгө оруулагчдын найдлага тасраагүйн нэг баталгаа л даа. Түүнээс биш ирээдүй нь тодорхойгүй, авсан зээлээ төлж чадахгүй яваа нөхөрт хэн ч итгэж мөнгөө сарвайхгүй. Бидэнд авсан зээлээ төлж чадахгүй сандарч яваа ойрын зовлон байгаа ч газрын дороо баялаг ихтэй, мега төслүүдээ хөдөлгөх боломжтой гэсэн давуу тал бий. Хөрөнгө оруулагчид Азийн Монголын энэ давуу талд найдаж мөнгөө өгөхөөр толгой дохисон хэрэг.

Мэдээж өнөө жилийн эдийн засгийг авч явах гол салбар бол уул уурхай. Хөрөнгө оруулагчдын хүсч байгаачлан том төслүүдээ хөдөлгөх шаардлага бидэнд байгаа. Шийдвэр гарлаа л бол доллар олоод эхлэх “Гацуурт”, төсөл, хөрөнгө оруулалт нь тов тодорхой тавдугаар цахилгаан станц гэхэд тэгтлээ зардал, цаг авахаар төслүүд биш. Таван толгойг өнөөгийн үрэлгэн загвараар биш бизнесийнх нь зарчмаар хөдөлгөчихвөл ногооныг хүүдийлэх аварга орд. Нүүрсний үнэ буулаа гэхэд 70 ам.доллараас уруудахгүйг Дэлхийн банк эрдсийн тайландаа тов тодорхой хэлчихсэн. Тэд эрчим хүч, металл зэрэг аж үйлдвэрийн түүхий эдийн үнэ өнөө жил шаггүй өснө, 11 хувийн өсөлт үзүүлнэ гэсэн өөдрөг таамгийг оны эхний өдрүүдэд дуулгасан. Уг нь түрүү жилийн сүүлээр дөрвөн хувиар өснө гэж таамаглаж байсан юм. Тэгэхээр гаднаас овоо доллар олоод ирдэг зэс, нүүрсний үнэ давгүй байна гэсэн үг. Өссөөр байгаа Хятадын эрэлт, дэд бүтэцдээ доллар харамлахгүй зарцуулах Доналд Трампын бодлого эрдсийн үнийн таамагт эерэгээр нөлөөлсөн гэх тайлбарыг Дэлхийн банк өгч буй. Зэсийн үнэ энэ жилдээ өнөөгийн өсөлтөө алдахгүй тогтворжино гэж ихэнх судалгааны байгууллага ам нийлүүлж байна. Зэсийн ханш 2019 оноос бүр ч өндрөө авна гэсэн таатай таамаг бий.

Нүүрсний хувьд урд хөрш Хойд Солонгосоос нүүрс импортлохоо зогсоосон, дотоодын компаниудынхаа ажиллах цагийг богиносгосон, ган үйлдвэрлэгчид нь улам бүр импортын нүүрснээс хараат болсон гэх мэт бидэнд эерэгээр нөлөөлөх мэдээ хэд хэд байгаа. Алтны үнэ өнгөрсөн жилийнх шиг цойлохгүй ч өнөөгийн ханшаа алдахгүй гэсэн таамаг голлож байна. Эдийн засагч Ч.Отгочулуу “Алтыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахаас гадна өртөг хадгалах, мөн хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж үзэн хэрэглэдэг. 2016 он таамаг эвдсэн санал хураалт, сонгуулиудаар дүүрэн болж өнгөрлөө. Популистууд хаа сайгүй ялалт байгуулсаар байгаа нь зах зээлийг сандралд оруулсан. Үр дүнд нь алт бол шуурганаас хоргодох хамгийн найдвартай арал юм гэх хандлага эргээд хүчээ авлаа. Их Британи Европын холбооноос гарсан, Трампын ялалт зэрэг үйл явдлууд алтны үнийн өсөлтөд нөлөөлсөн. Гэвч алтны хувьд нийлүүлэлт нь эрэлтээсээ давсан байгаа учир үнэ төдийлөн өсөхгүй” гэсэн бол MIBG үнэт цаасны хөрөнгө оруулалтын компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүн “2017 он алтны хувьд гялалзсан жил болох төлөвтэй байна. АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр дэлхий дахины геополитикийн эрсдэл нэмэгдэнэ гэж хөрөнгө оруулагчид тооцоолж байна. Энэ онд Франц, Нидерланд, Герман гэх мэт улсуудад улс төрийн сонгуультай тул тогтвортой байдлын эргэлзээг улам ихэсгэсээр байгаа. Энэ мэт шалтгаан алтны хашийг хөөрөгдөх үндэслэл болох байх” гэсэн юм. Алтны тухайд валютын нөөцийг нэмэгдүүлэх нэг гол суваг. Монголбанкны алт худалдан авалтын хэмжээ жилээс жилд өгссөн графиктай гарч буй. Түрүү жил гэхэд алт тушаалт 34 хувиар өссөн. Энэ онд 20 тонноос буулгахгүй гэсэн төсөөллийг төв банк хэлж байгаа. 20 тонн алтыг өнөөгийн ханшаар тооцоод үзвэл ойролцоогоор 760 орчим сая ам.доллар гэсэн үг. Засгаас ч “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд дажгүй ажил өрнүүлэх янз анзаарагдаад эхэлчихлээ. Саявтар алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд зээл өгнө гэсэн мэдээ дуулдсан. Дажгүй нөхцөлтэй санхүүжилт өгчихвөл алт олборлолтыг өнөөдрийнхөөс огцом нэмэх боломжтой гэж алтны компаниуд дуу нийлүүлдэг. Алт үнээ алдахгүй, тушаалт нь нэмэгдэнэ, ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжинэ гэхээр өнөө жилийн бас нэг гэгээтэй мэдээ бол долларын ханш түрүү жилийнх шиг хаданд гарч сандаргахгүй.

Түрүү жил нүүрсний үнэ огцом өссөн нь онцолж хэлэхээр эерэг мэдээ байсан бол өнөө жил металлын хайгуул, олборлолтын төслүүд олон улсын хөрөнгө оруулагчдад илүү боломжийг бий болгож магадгүй нь. Сүүлд сонсогдсон гэгээтэй мэдээ гэвэл “Эрдэнэ ресурс девелопмент”-ийн зүгээс дуулдлаа. Тэд Торонтогийн Хөрөнгийн бирж дээр 12 сая канад долларын хөрөнгө босгохоор болсон нь Монголын хайгуулын салбарт 2012 оноос хойш дуулдаагүй хамгийн том санхүүжилт. Мөн “Хүннү коул”, “Харанга”, “Вояажер” компаниудад тодорхой амжилт гаргасан Австралийн “Гаррисон капитал” компани Дорнодын “Алтан цагаан овоо” төслийг олон улсын бирж дээр гаргахаар төлөвлөж суугаа гэсэн таатай мэдээ дуулдаж байна. Үүнээс гадна хууль эрхзүй, санхүүгийн хүндрэлтэй байсан “Кинкора” компани саяхан 500 мянган канад доллар босгосноо зарласан. Канадын Торонтод өчигдөр эхэлсэн PDAC чуулганд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулсан төр засгийнхан олон улсын хөрөнгө оруулагчдад улсаа сурталчлахаар явсан. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын хамгийн том чуулга уулзалтад засгаас анхаарна гэдэг бас л нэг эерэг хүлээлт. Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж эдийн засгаа аврахаас өөр гарцгүй гэж дээр дооргүй ярьж суугаа энэ үед аль салбарт гадныхан мөнгөө хийх сонирхолтой вэ гэсэн асуулт тавигдаж таарна. Доллар орж ирэх боломжтой цорын ганц салбар гэвэл ойрын ирээдүйд уул уурхай л байна. Дахин хэлэхэд хөрөнгө оруулагчдын хамгийн том хүлээлт Таван толгой гэх мэт мега төслүүдэд л бий.

Уул уурхайгаас гадна найдлага тавих салбар бол аялал жуулчлал, мал аж ахуй, газар тариалан. Аяллын улирал дөхөж байгаа болохоор удахгүй овоо хэдэн доллар энэ салбараас орж ирнэ. Мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарт онцолж хэлэхээр хэд хэдэн өөдрөг мэдээ байна. Мах, сүүний аяны хүрээнд гээд ярихад ойрхоны гэгээтэй жишээ гэвэл хуурай сүүний үйлдвэр байна. Японоос оруулж ирсэн хуурай сүүний жижиг оврын үйлдвэрийг олноор нь ажиллуулахад төвөггүй юм билээ. Салбарын сайдын хэлснээр бол эхний ээлжинд 60 үйлдвэр ажиллана, дөрөв, тавдугаар сараас эхний үйлдвэрүүд ашиглалтад орно. Сүүнийхээ 60 хувийг доллар заран байж гаднаас худалдан авдгаа больчихвол эдийн засагт нэмрээ өгөхөөр шийдэл.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт малын гоц халдварт өвчин гарсан учраас хөл хөдөлгөөн хорьчихлоо. Бэлчээрийн гэдгээрээ дэлхийд брэнд болчих бүрэн боломжтой монгол малын мах үнэд хүрдэггүйн гол шалтгаан ерөөсөө энэ. Малаа эрүүлжүүлээд авбал малынхаа махыг элдэв төрлөөр нь боловсруулаад ахиухан үнээр экспортлоход асуудал байхгүй. Алт, нүүрс шиг ухаад зөөсөн л бол нөхөгддөггүй баялаг биш, өсч үрждэг, шавхагдашгүй баялаг учраас хэдэн арав, хэчнээн зуунаар ч малынхаа махыг мөнгө болгоод аж төрөөд байх бүрэн боломжтой. Энэ жил монгол малыг эрүүлжүүлэх том ажил эхэлнэ. Тодруулж хэлбэл бид хойд хөрштэйгөө малаа эрүүлжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэж байна. Дөрвөн жилийн хугацаанд монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх В.Путины шийдвэр гарчихсан. ОХУ-ын мэргэжилтнүүд судалгаа хийгээд яаж хэрэгжүүлэх зургаа гаргах юм билээ. Хоёр талаасаа за зүй болчихвол мал эрүүлжүүлэх ажил шууд эхэлнэ гэсэн мэдээллийг салбарын яамнаас өгч байгаа.

Яамны хувьд гадны улсын тусламжаар малаа эрүүлжүүлчих юм чинь гээд гараа хамхиад суухгүй. Малын эрүүл мэндийн тухай хуулийг өргөн бариад байна. Батлагдчихвал улсын мал эмнэлэг үүдээ нээнэ. Мал эмнэлэг улсын, аймгийн, сумын хэмжээнд сэргэнэ гэсэн үг. Вакциныг технологийн горимын дагуу хийдэг, хийсэн эсэхэд нь хяналт тавьдаг, хариуцлага тооцдог болно. ОХУ-ын мэргэжилтнүүдийн хүчээр эрүүлжүүлээд авсан малаа байнга эрүүл байлгах тогтолцоо нь ингээд бүрдчихвэл доллар олох том суваг нээгдэнэ.

Өөрсдөө вакцин үйлдвэрлэх цаг ч ойрхон байна. Олон он дамнан яригдсан Био комбинатын төслийг энэ жилдээ багтаад эхлүүлэх нь тодорхой болж. Жилд 15-20 тэрбум төгрөгийг вакцин худалдан авахаар гадагш нь урсгадгаа болино гэсэн үг. Дотооддоо вакцин үйлдвэрлээд эхлэхээр сая дурдсан мөнгөнөөс 3-4 дахин бага мөнгө вакцинд зарцуулах юм билээ.

“Атрын гуравдугаар аян” үргэлжилнэ гэсэн өөдрөг мэдээ бий. Гурилаа гаднаас авахгүй амьдарна гэдэг доллар хэмнэх бас л нэг гарц. Улаан буудайнаас гадна хүнсний ногоогоор дотоодынхоо хэрэгцээг хангахаар ажиллана гэж Хүнс хөдөө аж ахуйн яамныхан онцолж байна. Хятадаас импортолдог байцаагаа удаан хадгалдаг технологи нэвтрүүлнэ гэх мэт яриа дуулдаад эхэлснийг бодоход салбарын яам нь энэ зүгт онцгой анхаарч байгаа бололтой. За тэгээд ноолуур, чацаргана, хивс гэх мэт нэгэнт брэнд болчихсон бүтээгдэхүүнүүдээс багагүй доллар орж ирж эдийн засагт эргэлдэх нь бол тодорхой.

Categories
мэдээ цаг-үе

“Монголын нууц товчоо”-г удам дамжин судалж буй Гаадамбын Билгүүдэй

Монголын нэрт эрдэмтэн Ш.Гаадамбын хүү Билгүүдэйтэй хөөрөлдөх завшаан тохиосон юм. Тэрбээр Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэндээ 30 шахам жил судлаач, эрхлэгчээр ажиллаж байгаа бөгөөд сая хоёрдугаар сард сонгон шалгаруулалтаар хүрээлэнгийнхээ захирлаар томилогджээ.

Доктор, профессор Г.Билгүүдэйн ажил дээр шинийн тавны өдөр буюу өнгөрсөн баасан гаригт зорьж очиход өрөөнд нь Хэл зохиолын хүрээлэнгийн өмнөх захирал академич Л.Болд, тууль судлаач эрдэмтэн Р.Нарантуяа гуай нар байсантай таарав. Бидний эхний яриа Ш.Гаадамба гуайн тухай хөөрөлдөөн байв. Учир нь академич Л.Болд Ш.Гаадамбын шавь, тодруулбал багшаасаа болж хэл шинжлэл рүү орох болсон түүхээсээ хуучилсан юм. ардын уран зохиолч Ш.Сүрэнжав Болд гуайг тавдугаар ангийн сурагч байхад нь Га багштай анх танилцуулж байж. Хожмоо 1966 онд Л.Болдыг Га багш их сургуульд гараасаа хөтлөн оруулжээ. Гаадамба багш их сургууль дээр утга зохиолын дамжаа хичээллүүлдэг байж. Гэтэл Болд гуай мундаг найрагч, зохиолчдын дунд өөрийгөө голоод тэр дамжаанд нь суухгүй таслаад яваад байж. Га багш нэг удаа таараад Болдоос асууж “Чи яагаад харагдахгүй байгаа юм бэ” гэхэд нь эмээхдээ хэл шинжлэлийн Ш.Лувсанвандан багшийн дамжаанд хичээллэж байгаа гэж худлаа хэлжээ.

Аавынхаа 50 насны ойн үеэр

Академич Л.Болд энэ тухайгаа хуучлахдаа “Би чинь багшдаа худлаа хэлснээсээ болоод л хэл шинжээч болох амьдралын замаа сонгосон түүхтэй” гэж өгүүлж сууна.

Г.Билгүүдэйг Завхан аймгийн Шилүүстэйд гурван жил орос хэлний багшаар ажиллачихаад 26 настай залуу хархүү Хэл зохиолын хүрээлэнгийн хаалгыг тогшиход Р.Нарантуяа угтан авч байсан тухай тууль судлаач Нараа эгч дурсав. Одоо бид чинь хамгийн мундаг хүнийгээ хүрээлэнгийнхээ захирлаар тавьчихсан байна. Бидэнд бас захиж хэлэх зүйл байгаа болохоор ажлын энэ өдөр дотоод яриатай сууж таарлаа гэсээр Л.Болд, Р.Нарантуяа нар гарч одсон юм.

Г.Билгүүдэй Гаадамба гуайн тав дахь хүүхэд. Гурван эгч, нэг ах, нэг эрэгтэй дүүтэй. Аав маань зохиол бичихээс гадна зураг их гоё зурдаг байсан. Миний ах Г.Бэрхээдэй аавын тэр авьяасыг өвлөсөн, ДУДС төгсөөд монгол зургаар мэргэшсэн хүн байсан. Дүү Г.Бүрэндэй маань компьютерийн программист мэргэжилтэй. Оюу толгойд шинжээчийн ажил хийж байна. Эгч нар маань салбар салбартаа ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад зарим нь гарсан байна гэж ах дүүсийнхээ тухай яриа өрнүүлэв.

Ц.Дамдинсүрэнгийн гэр музей

Монголын утга уран зохиолын ноён оргилын нэг болсон нэртэй аавынхаа үргэлжлэл болж хийж туурвиж байсан ажлыг нь тодотгож яваа хүүгийн хувьд бид хоёрын яриа аанай л Гаадамба гэх нэрт хүмүүний тухай үргэлжилсээр. Утга уран зохиолд үнэтэй хувь нэмэр оруулсан Ш.Гаадамба гуай анх 1958 онд Орост суралцаж байхдаа академич Ц.Дамдинсүрэн рүү захиа бичин зөвшөөрөл авч Монголын нууц товчоог судлах болжээ. Ингээд 1961 онд “МНТ бол XIII зууны уран зохиолын дурсгалт бичиг мөн” сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. Энэ цагаас хойш Монголын эртний уран зохиолын гайхамшигт дурсгалт бичгийг олон арван жил судалж “Нууц товчооны нууцыг нээгч” гэсэн хүндлэлийг олсон юм. Сонирхолтой нь хүү Билгүүдэй Монголын нууц товчоо судлалаар докторын зэрэг хамгаалсан, удам дамжсан судлаач юм. Энэ тухай Г.Билгүүдэй дурсахдаа “Орос хэлний дээд сургуулиа төгсөөд хөдөө багшилж байхад аав надад үүрэг өгч, Унгарын эрдэмтэн Лигети гуайн латин галигаас монгол бичигт буулгуулж байсан. Энэ нь намайг Нууц товчоотой нарийн сайн танилцуулах зорилготой байсан болов уу гэж бодогддог” хэмээн дурсав. Билгүүдэйн бага нас Герман элчингийн урд байрлах “Багш нарын 28” нэртэй байранд өнгөрчээ. Тус байранд Б.Ринчен, Ш.Лувсанвандан, Я.Цэвэл, Т.Пагваа гээд их сургуулийн алдартнууд байдаг байв. Билгүүдэй багадаа Ринчен баавайн ач хүү Лигдэнтэй ойр цуг тоглож өсчээ. Билгүүдэйн ээж Д.Дулмаа хүүхдийн цэцэрлэгт бүх насаараа тогооч хийсэн. Их тайван дөлгөөн зантай хүн байсан, ээжийнхээ тэр занг би дуурайсан гэж ярив. Ээж нь 50 гаруй насандаа хүндээр өвдөж бурхан болжээ. Аав, ээж тань үр хүүхдэдээ юу өвлөж үлдээв гэж асуухад бага насны нэгэн дурсамжаасаа ярьсан юм. Нам төрийн хатуу цаг дор Ш.Гаадамба гуай арга хэмжээ авахуулж МУИС-ийн Тэнхимийн эрхлэгчийн ажлаасаа халагдаж, Зохиолчдын хороонд мэргэжлийн зохиолчоор гурван жил ажиллах болжээ. Ихэвчлэн гэртээ сууж бүтээлээ туурвидаг байсан байна. Энэ үед дөрөвдүгээр ангийн сурагч Билгүүдэйн бөөр нь өвдөж хичээлдээ явалгүй хэдэн сар гэртээ хэвтэх болж. Орос хэлний сургалттай 23 дугаар дунд сургууль учраас аав миний орос хэл болон бусад хичээлийн даалгаврыг хийлцдэг байсан. Нэг удаа тооны хичээл дээр хоёулаа нэг бодлогыг зэрэг бодож хариугаа тааруулах болсон. Билгүүдэй аав бодчихсон юм чинь гэж бодоод аавынхаа хэлсэн хариуг тэр чигээр нь дэвтэр дээрээ биччихжээ. Гэтэл багшаасаа палийсан томоос том хоёр гэсэн дүнг авч. Аав маань буруу хариуг мэдсээр байж надад хэлээгүй учрыг нь муу дүн аваад л ойлгож билээ. Өөрөө утгыг ухаж сайн ойлгох ёстой гэсэн сургаалыг ингэж ой тойнд ортол минь өгч билээ гэж дурсав. Аав маань юу унших үгүйг огт зааж зааварладаггүй байсан. Манайх өрөөгөөрөө дүүрэн номтой айл байсан болохоор аав биднийг ямар ч хамаагүй ном унш гэдэгсэн. Би хүүхэд байхдаа орос, монгол хэл дээрх олдсон ном болгоныг уншдаг байлаа. Одоо санахад аав өөрийнхөө биеэр үлгэр дуурайл үзүүлдэг байж гэж бодогддог юм. Ээж маань тогооч болохоор өглөө эрт ажилдаа явна, аав бүтээл туурвилаа шөнө орой сууж хийдэг, нэг иймэрхүү айл байсан даа. Аавын минь өв бол биднийг өөрийн үлгэр дуурайлаараа сурч боловсрохыг сургасан гэж боддог гэж ярьсан юм. Одоо ч Билгүүдэй аавынхаа бүтээлийг эмхэтгэн хэвлүүлэх ажлаа хийсээр л байгаа билээ. Г.Билгүүдэйг их сургуульд орох болоход аав нь Билгүүдэйгээс асуулгүйгээр Орос хэлний багшийн дээд сургуульд бүртгүүлчихсэн байв. “Та яагаад намайг орос хэлний ангид оруулчихав аа” гэхэд “Орос хэл хэрэгтэй. Их сургуульд орвол “Га”-гийн хүүхэд гээд хичээл заахгүй байж магадгүй. Монгол хүн чинь хөтөлгөө морьтой явж байгаад морио сэлгээд уначихаж болдог. Тиймээс миний хүү сургуулиа төгссөний дараа монгол хэлний чиглэлээр явж болно шүү дээ” гэж учирлан хэлж байсан аж. Тиймдээ ч аавынхаа хэлсэн чиг шугамын дагуу Билгүүдэйн амьдралын зам мөр явсан болох нь харагддаг. Тэрээр Хэл зохиолын хүрээлэнд уран зохиолын тасгаас ажлын гараагаа эхэлжээ. Орчин үеийн Монголын уран зохиолын товч түүхийг Хэл зохиолын хүрээлэнгийнхэн бичиж Н.Энхбаяр, Х.Мэргэн тэргүүтэй орчуулагчдын групп орос хэлээр орчуулж байсан аж. Залуу ажилтан Билгүүдэй орос хэл рүү орчуулсныг нь хянан тулгах ажлаас хүрээлэнгийн анхны ажлын эхлэл тавигдсан. Ингээд 1994 онд Хэл зохиолын хүрээлэнгийн салбар нэгж болох Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн эрхлэгч Ц.Дамдинсүрэнгийн отгон шавь болох хэл бичиг судлаач Р.Отгонбаатарын туслахаар ажиллаж байгаад хоёр жилийн дараа тус музейн эрхлэгчээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Биднийг ярилцаж суух үед Р.Отгонбаатар гуай өрөөнд орж ирж таарсан юм. Р.Отгонбаатар гуай одоог хүртэл Хэл зохиолын хүрээлэндээ, Ц.Дамдинсүрэн багшийнхаа модон ширээн дээр эрдэм номынхоо ажлыг хийж суудаг. Гадаадад олон жил багшилсан, хэл судлаач Р.Отгонбаатар бол Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг Ц.Дамдинсүрэнгийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, ном бүтээлийг үрэгдүүлэлгүй тэр чигээр нь хадгалж музей байгуулахад асар их хувь нэмэр оруулсан гавьяатай нэгэн болохыг ярилцах зуураа мэдэж авав. Билгүүдэй гэр музейг хүлээж авснаас хойш одоог хүртэл гэр музейгээ өөд нь татаж чамгүй их ажил хийсэн болохыг нь гэр музейд хүрч ирээд харсан юм. Компьютер өргөн дэлгэр байгаагүй үед Билгүүдэй бичгийн машин дээр гараараа шивж музейн картын бүртгэлийг нягт нямбайхан хийж байжээ. 1998 онд Ц.Дамдинсүрэнгийн 90 насны ойд зориулж монгол номын бүртгэлийг хэвлүүлжээ. Тухайн үед ном хэвлүүлэх мөнгө улсаас гаргахгүй байсан учир Билгүүдэй танилаасаа зээлж байж ном хэвлүүлж байсан байна. Цөөн тоогоор хэвлэсэн уг номыг өдгөө гадны, дотнын эрдэмтэд олж авах юмсан гэж нэхдэг гэнэ. Тиймээс шинэчлэн засч дахин хэвлүүлэн гаргах гэж байгаагаа хэлсэн. Гэр музейд Ц.Дамдинсүрэнгийн гэр бүлийн хөрөг өлгөөтэй байсныг хараад бидэнд товчхон түүхийг хүүрнэсэн юм. Ц.Дамдинсүрэнгийн том хүү Лев Цендина 1942 онд Улаанбаатарт төрсөн. Дунд хүү Константин Цендина. Бага хүү Михаил Цендина буюу Миша ах Дамдинсүрэн гуайн мэргэжлийг өвлөж, түвд, монгол хэл судлаачаар Оростоо ажилладаг. Бага охин Анна Цендина Оросын Хүмүүнлэгийн ухааны их сургуульд багшилдаг. Монголд нэрээ дуурсгасан эрдэмтэн эмэгтэй дээ. Сүүлийн үед Монголдоо зун болгон ирж байгаа. Отгонбаатар бидэнтэй хамтарч аавынхаа бүтээл туурвилыг хэвлүүлэхэд анхаарч тусалж ажилладаг гэв. Ц.Дамдинсүрэнгийн гэр музейд түвд, монгол нийлсэн 10 мянга гаруй ном бий гэнэ. Ц.Дамдинсүрэн гуайн номын хавчуурга гэж өөхөн цагаан чулуу харагдав. Г.Билгүүдэй Дамдинсүрэн баавайг амьд сэрүүнд нь сайн таньдаг, хүүхэд байхдаа гэрээр нь орж гардаг байсан учрал ерөөл бас бий. Намайг их сургуулиа төгсч байхад Дамдинсүрэн гуай нас барсан. Манай аав, Дамдинсүрэн гуай хоёр багш шавийн гэхээсээ илүүтэй анд найзын харилцаатай байсан. Дамдинсүрэн гуай аавд маань номоо бэлэглэхдээ “Сайн нөхөр Ш.Гаадамбад дурсгав” гэж бичдэг байсан. Ц.Дамдинсүрэн гуай аав хоёр нэгнээ таньдаггүй байхдаа уран зохиолын сэжмээр холбогдсон түүхтэй. Ц.Дамдинсүрэн гуайн “Бух Гомбо” өгүүллэг гарсны дараа олон шүүмж бичсэний хариуг аав бичсэн байдаг. Энэхүү маргаанаас үүдэж уран зохиолын онолын үндэс гэх нэр томьёо өргөнөөр хэрэглэгдэх болсон. 1964 онд Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимс” өгүүллэгийн талаар зохиолч Ч.Лодойдамбын дэвшүүлсэн саналтай маргаж “Нэгэн гайхалтай өгүүллийн тухай” гэдэг шүүмжийг “Утга зохиол урлаг” сонинд хэвлүүлсэн нь тухайн үед хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байсан гэдэг. Үүний хариуд Ч.Лодойдамба “Баримт түшиж ярих сайхан” гэдэг өгүүллийг бичив. Маргааныг үргэлжлүүлж хариу бичих гэтэл дээд газраас энэ маргаанаа зогсоо гэсэн шийд гарч хариуг нь бичээгүй гэж ярьдаг байсан. Энэ нь манай утга зохиолын түүхэнд “Хоёр Дамбын маргаан” гэдэг нэр алдартай болон үлдсэн тухай сонирхуулж ярив.

Г.Билгүүдэй гуайн барьсан хөөрөг нэлээн дээр үеийн, Түвдийн “ба” дөрвөлжин үсэгтэй, орос тэвнээр халбага хийсэн халтар манан хөөрөг анхаарал татахуйц харагдсан юм. Энэ таны аавын хөөрөг үү гэхэд “Манай аавын бага ах Дорж ахын барьж байсан хөөрөг. Ах Дорж маань 34 насандаа гавж болсон, 1937 онд хэлмэгдэж, Лхүмбийн хэргээр 84 гавж баригдсанаас амьд үлдсэн 14 хүний нэг” гэв.

Г.Билгүүдэй аав Ш.Гаадамбын хамт

Ш.Гаадамба, М.Гаадамба гэж овог нь хоёр янзаар бүтээл дээр нь байдаг тухай асуухад өвөө Шанжмятав маань уран сайхан бичдэг Булган аймгийн Могод сумын хүн. Аав маань зарим бүтээл дээрээ М.Гаадамба гэж Мятавын М үсгийг авч бичсэн байдаг” гэсэн юм. Ш.Гаадамба гуай 1993 оны зургадугаар сарын 5-ны өдөр Их сургуулийн гудамжинд гэрийнхээ ойролцоо гэнэт цус харваж 68 насандаа таалал төгсчээ. “Би тэр үед гэртээ байж байсан. Аав маань бухимдалтай байсан үе л дээ. Анхны Ерөнхийлөгчийн сонгууль болоход зохиолч Л.Түдэвийг дэмжиж Булган аймаг руу сонгуулийн ажил руу явсан юм. Аавтай маань хамт явах хүн олдоогүй. Ирээд ард түмэн АН-аас нэр дэвшсэн П.Очирбатыг сонгох нь байна аа даа. Ард түмэн уг нь Л.Түдэвийг сонгосон бол дээр л байсан юмсан гэж сонгууль болоогүй байхад аясыг нь мэдэрч хэлж байсан. Тэр үед ардчилал гараад бүх нийтийг монгол бичигтэн болгоход үүнд ихэд дургуйцэж ингэж болохгүй дээ гэж бухимдаж байсан” гэв.

Гэр бүлийн хамт

Г.Билгүүдэй Хэл зохиолын хүрээлэнд байхдаа Ардчилсан холбооны анхны салбар байгуулагдахад дэмжиж, ордон тойрсон жагсаалд оролцож явсан түүх бас бий. Г.Билгүүдэй хоёр хүү, нэг охинтой. Том хүү Гэрээдэй мэдээллийн технологи, компьютер дизайны мэргэжил эзэмшсэн, хоёр дахь хүү Бэхээдэй нь Унгарт мастерт сургуульд явсан. Бага охин Заяа оюутан юм байна. Гэргий Л.Батсүрэн маань Оюу толгойд менежэрээр ажилладаг хэмээн гэр бүлийнхнийгээ товчхон танилцуулав.

Доктор, профессор Г.Билгүүдэй Хэл зохиолын хүрээлэнгийн ажлынхаа хажуугаар дээд сургуульд багшилдаг, тэнхимийн эрхлэгчээр олон жил ажилласан. 2003 оноос хойш Улаанбаатар их сургуулийн Монгол хэл, утга соёлын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад Хэл зохиолын хүрээлэнгийн захирал болоод тэнхимийн эрхлэгчийн ажлаа шүүмжлэгч доктор Ш.Баттөрд саяхан хүлээлгэн өгчээ. Улаанбаатар их сургууль бол Хэл зохиолын хүрээлэнгийн харьяан дор байгуулагдсан, багш боловсон хүчнээ хүрээлэнгээсээ авдаг тухай олон жил ажилласан сургуулийнхаа тэнхимийн эрхлэгчийн өрөөгөөрөө орохдоо ярьж явав. Түүний өрөө маш их номтой харагдсан. Гаадамбын Билгүүдэйтэй уулзахад хийж бүтээсэн зүйл ихтэй ч эгэл даруухан аж төрж судалгаа шинжилгээгээ хийж яваа эрдэмтдийн нэг юм гэж бодогдсон юм.

Б.ДОЛЗОДМАА

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын гавьяат эдийн засагч Ш.Батбаяр: Засгийн газар унахгүй гэвэл өнөө маргаашаа аргацаасан популист амлалтаараа явдаг

Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат эдийн засагч цолоор шагнагдсан УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан, Соёл-Эрдэм дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч, профессор Шийлэгийн Батбаяртай ярилцлаа.


-Сар шинийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат эдийн засагч цолоор шагнагдсан танд баяр хүргэе. Шинийн дөрөвний өдөр л ажлаа хийгээд сууж байх юм аа, та?

-Баярлалаа. Энэ сайхан жилийн босгон дээр төр хийсэн ажлыг минь үнэлсэнд талархаж байна. Нэг зүйл хэлэх үү.

-Тэг л дээ…

-“Залуучуудад гавьяат өгдөг. Тэр гавьяатын цол тэмдэгтэй хамт сар бүр тодорхой хэмжээний мөнгө улсаас авдаг байхгүй юу. Тиймээс алсдаа үүнийгээ хорьж, одоохондоо татгалзах хэрэгтэй” гэж ярьсан хүн нь би л дээ. Чамд өгчихвөл яах нь вэ харъя гэсэн шиг гавьяат цол өгчихлөө.

Би 70 гарлаа эдийн засаг, нийгмийн салбарт өөрт байгаа бүхнээ зориулж яваа хүн. Анх Эдийн засгийн дээд сургуулийг төгсөөд Шинжлэх ухааны академийн Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаас ажлын гараагаа эхлээд Хөдөлмөр, нийгмийн хангамжийн улсын хороо буюу бидний хэлдгээр цалин хөлсний хороонд ажиллаж эхэлснээс хойш хөдөлмөрийн салбарт өнөөдрийг хүртэл зүтгэж явна. Сүүлийн 40 гаруй жилийн ажил амьдрал маань хөдөлмөрийн салбартай салшгүй холбоотой явж ирлээ. Нэг хэсэг Монголын Үйлдвэрчний эвлэлийн Төв зөвлөлийн даргаар ажиллаж байлаа. Социализмын үед үйлдвэрчний зөвлөл чинь Аж байдлын яамархуу байсан гээд бод доо. Үүний даргаар ажиллана гэдэг чинь өнөө л хөдөлмөрийн салбартайгаа “зууралдаж” байна гэсэн үг. Дараа нь Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны нэгдүгээр орлогч даргаар очихдоо хүртэл нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбараа л хариуцаж байсан. УИХ-ын гишүүн байхдаа Нийгмийн бодлогын байнгын хороонд харьяалагдаж байв. 2000-2004 оны хооронд гэхэд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажилласан. Сайдаар ажилласан он жилүүд маань төрд зүтгэх сүүлийн жилүүд байсан юм. Түүнээс хойш “Соёл-Эрдэм” дээд сургууль, янз бүрийн төсөл хөтөлбөрүүд дээр ажиллахдаа нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн чиглэлээр л явж иржээ. Ухаандаа бол, Монгол Улсын гавьяат эдийн засагч биш Нийгмийн хамгааллын гавьяат ажилтан гэдэг цол байсан бол түүнийг л хүртэх ёстой байсан байх.

-Гэхдээ та чинь эдийн засагч мэргэжилтэй биз дээ?

-Тэгэлгүй яахав. Эдийн засгийн дээд сургуулийг Аж үйлдвэрийн эдийн засагч, төлөвлөгч мэргэжлээр төгссөн хүн шүү дээ. Социализмын үеийн миний хөдөлмөрийн намтар, зах зээлийн нийгэмд ажилласан хөдөлмөрийн намтар хоёр яг тэнцүү.

-Тэнцүү гэдэг нь…

-24, 24 жил хоёр нийгмийн үед ажилласан байна. Тэр утгаараа би өөрийгөө өнгөрсөн нийгмийн хүн гэж үздэггүй. Шинэ нийгмийн хүн гэхээр бас биш болчих гээд байдаг нэг тийм хүн дээ. Хоёр нийгмийн дунд 24 24 жил ажилласан энэ цаг үед Ерөнхийлөгчийн зарлигаар шагнагдлаа. Би шагнал энэ тэр гээд яваад байдаг хүн биш. Гэхдээ авах цаг нь болсон юм байна гэж бодож суулаа.

-Та хоёр шинэ, хуучин хоёр нийгэмд аль альд нь тэнцүү цаг хугацаанд төрийн алба хашжээ. Хоёр өөр нийгмийн эдийн засаг, нийгмийн талбарт ямар өөрчлөлтүүд гарсан бол?

-Өөрчлөлтийн хувьд маш олон зүйл өөрчлөгдсөн. Эдийн засгийн хүч социализмын үеэс хэдэн арав дахин нэмэгдсэн. Капитализм сайндаа ч биш. Нийгмийн хөгжлийн чиг хандлага нь ийм болчихсон юм. Төлөвлөгөөний эдийн засаг, санхүүгийн эдийн засаг гэхчилэн эдийн засгийн олон хүчин зүйлс социализмаас капитализмд очихдоо бараг хүчингүй болох явдагт их байдаг. Социализм, капитализмын үед аль алинд нь хүчин төгөлдөр хоёр мэргэжил байдаг нь нягтлан бодох, хөдөлмөрийн эдийн засаг. Хөдөлмөрийн эдийн засаг гэдэг нь хэн, юуг, хэдий хугацаагаар хийх вэ. Түүнд хэдэн төгрөг өгөх вэ, улсын хэмжээнд хэчнээн хүн ажиллаж, хэдэн төгрөг болох вэ гэдгийг тооцдог тул аль ч нийгэмд энэ аргаар явдаг. Хөдөлмөрийн эдийн засаг бол хөдөлмөрийн норм, хөдөлмөрийн үнэлгээ, хөдөлмөрийн бүтээмж юм. Энэ аль ч цаг үед хүчингүй болдоггүй. Одоо ч тэр зарчмаараа явж байна. Тиймээс надад мэргэжлээ солих шаардлага гараагүй. Энэ сургуульдаа хөдөлмөрийн эдийн засаг, хөдөлмөрийн норм, хөдөлмөрийн зохион байгуулалтын хичээл зааж байна. Хөдөлмөрийн чиглэлээр би 40 гаруй жил ажилласан тийм л хүн.

Таны асуусанчлан өөрчлөлтүүдийн тухайтад эрс ялгаа бий. Өмчийн харилцаа өөрчлөгдсөн, хувь хүмүүсийн идэвх дээр тулгуурладгаас эхлээд олон зүйлийг хэлж болох. Гэхдээ хөдөлмөрийн эдийн засаг дээр тулгуурладаг зарчим өөрчлөгдөөгүй. Социализмын үед нэг хүн өдөрт 40 ширхэг талх хийдэг байсан бол өнөөдөр ч гэсэн 40 ширхэг талх хийж байгаа. Технологи нь л өөрчлөгдөөгүй бол социализмын үеийн хөдөлмөр, капитализмын үеийн хөдөлмөр яг адилхан. Гагцхүү хийсний дараа тэр талх борлогдох уу, үгүй юү, хүний хэрэгцээг хангаж чадаж байна уу, үгүй юү гэдэг нь л өөр. Өөрийн мэргэжлийн хүрээнд л ярьж байна шүү. Улс төрөөс эхлээд бусад зүйлс танигдахын аргагүй өөрчлөгдсөн.

-Та Эдийн засгийн хүрээлэнд эрдэмтнээр ажиллаж байгаад төрийн албанд шилжиж сүүлд нь УИХ-ын гишүүн, төрийн сайд хүртлээ явсан байдаг. Энэ бүх замналыг эргэн харахад ямар мэдрэмж төрдөг бол. Бэрх зүйлс их байв уу?

-Сургуулиа төгсөөд л Эдийн засгийн хүрээлэн гэж шинэ тутам байгуулагдсан хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар залуухан хүү анх очиж байлаа. Тэнд дөрвөн жил ажиллаж байтал Эрдэмтэн нарийн бичгийн дарга болгочихдог юм. Надтай хамт мундаг хүмүүс зэрэгцээд ажиллаж байтал эрдмийн зэрэггүй намайг ингээд дэвшүүлчихсэн. Албан тушаалынхаа рольд итгээд туршлага багатай хүн захиргааны ажил, эрдэм шинжилгээний ажлаа хийдэг байлаа. Гэтэл Хөдөрмөр, нийгэм хамгамжийн улсын хорооноос Хөдөлмөрийн институт шинээр байгуулагдсан гээд намайг захирлаар явъя гэлээ. Би ч үг дуугүй л явсан. Тэнд ажиллаж байгаад Улаанбаатар хотын захиргаанд хоёр жил ажиллаж байтал зах зээлийн нийгэм гарч ирсэн. Тухайн үед намыг шинэчлэх бүлгийн гишүүн болчихсон явлаа. Тэгсэн МҮЭ өөрчлөгдөхөөр болж намайг Төв зөвлөлийн даргаар одоогийнхоор ерөнхийлөгчөөрөө авсан. Тэнд хоёр жил ажиллахдаа үйлдвэрчнийг тогтоон барих үүргээ биелүүлсэн. Одоо хэр нь хэвээрээ байгаа ганц байгууллага шүү дээ. Гэхдээ нэлээд ардчилагдсан, түүнийг нь би хийсэн.

1992 оны УИХ-ын сонгуульд намайг намаас нэр дэвшүүлсэн. Миний сонирхол уг нь МҮЭ-дээ л байх гээд байсан юм. 1996-2000 оны хооронд хоёр удаа Их хурлын гишүүнээр сонгогдож, 2000 онд нам ялаад намайг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар томилсон.

-Таныг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байх үед нийгмийн халамж, даатгал жинхэнэ утгаараа хөлөө олж эхэлж байсан үе. Тэр цаг үеийг өнөөдөртэй харьцуулахад ямар бодол төрж байна вэ?

-Намайг УИХ-ын гишүүн байхад Хөдөлмөрийн яам байсан. Одоогийн системийн үндэс болсон зүйлсийг Хөдөлмөрийн яам боловсруулж, би Их хуралд оруулдаг байлаа. Нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлтийн үндэс 2000 он гэхэд тавигдаж, хэрэгжилт нь намайг сайд байх үед таарч байх жишээтэй. Тухайн үед Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Гадаадад ажиллах хүч оруулах, гаргах тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль гээд одоо ч мөрдөгдөж буй хуулиудын үндсийг тавьсан. Өнөөдрийг хүртэл хуулиуд хэрэгжиж байгаа нь дэлхийн зах зээлийн хөгжилд нийцсэн зүйлсийг л Монголын хөрсөн дээр буулгаж авч ирсэн юм. Түүнээс цоо шинэ нээлт хийчихсэн юм биш. Цаг үеэ олсон байж дээ гэж харж байгаа. Нийгмийн даатгал гэхэд ард иргэд болон байгууллагаас Нийгмийн даатгалын санд тушаадаг хувь хэмжээг нэмэгдүүлсэн байх жишээтэй. Зүй тогтлынхоо хүрээнд хүний ачаанд үүрэгдэх зүйл ч нэмэгдсэн. Гэхдээ хаа очиж ард түмэн сайнаар хүлээж авсан юм. Үүний хажуугаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн тухай гэж нэлээд социалист шинжтэй хууль батлагдсан. Улсын төсвийн гурван хувийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан руу шууд оруулдаг. Гадаадад гурван жил дамнасан хэрүүл болдог зүйлийг гурван долоо хоногийн дотор шийдэж байлаа. Тухайн үед Сангийн сайд төсвийн гадуур төсөв боллоо гээд эсэргүүцэж л байсан. Өөрийн нэр хүнд Засгийн газрын дэмжлэгээр бүтсэн юм. Одоо болтол хэрэг болж байна.

-Эдийн засгийн хямрал бодит утгаараа манайд нүүрлэчихлээ. Эдийн засгийн салбарт олон жил ажилласан хүний хувьд хямралыг даван туулах боломжийг юу гэж харж байна вэ?

-2016 оны дунд хүртэл эдийн засаг элгээрээ хэвтсэн нь үнэн. Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас эхлээд гадны байгууллагууд үүнээс цааш унаж болохгүй гэдгийг хэлчихсэн. Сүүлийн зургаан сард Засгийн газар солигдсон ч эрс өөрчлөлт хийх боломж байсангүй. Ямар ч байсан аяндаа өөдлөх төлөв рүүгээ орчихлоо. Гэхдээ энэ ондоо эдийн засгийн өсөлт гарна гэдэг юу л бол. “Хонгилын үзүүрт гэрэл аслаа”, “Онгоцны хушуу өндийлөө” гэж ярьдаг байлаа. Одоо бол онгоцны хушуу өндийж байна гэж ойлгож болно. Нэг зүйл хэлье. Би улстөржих дургүй ч заавал хэлэхгүй бол болохгүй зүйл байна. МАН-ыг засгийн эрх барьж байхад ард түмэн хүлээцтэй байдаг юм. МАН-ынхан буруу хийлээ гэхэд хэтрүүлэхгүй, идлээ гэхэд хэтрүүлэхгүй гэж боддог итгэл өнөө хүртэл байсаар байгаа. Нэгдүгээрт, ард түмний итгэл байгаа учраас онгоцны хушуу өндийхөд нөлөөлж байна л даа. Хоёрдугаарт, олон улсын байгууллагууд манайхыг эрх барихад бас нааштай ханддаг юм. Туйлширч дөвчигнөхгүй, фракцалж нааш цааш болохгүй тул тогтвортой хөгжил байна гээд нааштай ханддаг. Гуравдугаарт, азных ч байдаг юм уу юуных ч байдаг юм экспортын түүхий эдийн ханш өсөөд ирдэг. Ийм нөхцөлд би өөдрөгөөр харж байгаа. 2018-2019 оноос эдийн засгийн өсөлт нэлээд сайн гарах болов уу гэж боддог. Үүнийг сая авсан Олон улсын валютын сангийн хөтөлбөр харуулж байна. ОУВС манай намтай ажиллаад сурчихсан. Манай намынхан ч гэсэн цаад нөхдүүдийн болзол тулгалтыг зоригтойгоор хүлээгээд авчихдаг. Учир нь ард түмний дэмжлэгт найддаг. Тахиа жилийг бэлгэ дэмбэрэл энэ тэр гэхээсээ илүү хөгжлийн бодит хандлагаараа наашлах жил л гэж харж байгаа. Хөдөлмөр тэртээ тэргүй хүн ажиллаж, ажлын байраар хангагдах ёстой. Юм наашилна гэдэг чинь хөрөнгө оруулалт орж ирж ажлын байр бий болно гэсэн үг.

-Та МАН, ОУВС хамтран ажиллаад сурчихсан гэлээ. Гэхдээ ОУВС-гийн хөтөлбөрт олон удаа хамрагдах нь эрсдэлтэй гэж байгаа. Грек, Украины хувь заяа хүлээж байна гэх юм. Манайхны алдаа юу вэ?

-Бид дотоодын хүчин зүйлсээрээ хөгжиж чадахгүй улсын нэг.

-Мал аж ахуйн салбар энэ тэр нь яачихсан юм бэ. Тийм нэмэргүй салбар уу?

-Нэмэртэйгээр барах уу. Маш их нэмэртэй. Гэхдээ хөгжлийн хурдасгуур биш байхгүй юу. Хөгжилд хурдасгуур хэрэгтэй байдаг бөгөөд тэр нь гадаадын хөрөнгө оруулалт байдаг. Гадаадын хөрөнгө оруулалт зогссон үед дотоодынхоо нөөц боломжоор маш аажуухан хөгжлийн замаар явна. Тэр нь ч бас тогтвортой хөгждөггүй. Тиймээс өнгөрсөн үеийн алдаа фракц, зөрчил байсан тул гадаадын хөрөнгө оруулалт нүүрээ буруулсан. Гадаадын хөрөнгө оруулалтыг яльгүй зардал, яльгүй мөлжлөгөөр хүлээж авахгүй бол орж ирэхгүй. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалт одоо наашлах байх. ОУВС-тай гэрээ байгуулна гэдэг бол гадны хөрөнгө оруулагчдад нааштай урилга болж харагддаг. Хятад, Орос хоёр хөрш хүртэл монголчууд ОУВС-тай тохирч чадах нь уу үгүй юү гэдгийг л харж байгаа. Хятад одоо хөнгөлөлттэй зээлээ өгч, оросууд амласнаа өгөөд эхэлбэл дэлхийн орнууд энэ мэтээр хандах учиртай юм. Монголынхоо эдийн засаг, хөгжлийг би бараанаар харахгүй байна. Энэ Засгийн газар бодлогын ноцтой алдаа хийхгүй. Харин хэтэрхий хаширлаж, болгоомжилж байгаад хугацаа алдаж мэднэ.

-Манайх ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж эхлэх гэж байна. Халамжийн чигийн бүх зүйлсээ л бараг зогсоо гэсэн байна лээ. Яах ёстой юм бол?

-Намайг сайдаар ажиллаж байхад арай ч өнөөдрийнх шиг хавтгайрсан халамж олгож байгаагүй. Жинхэнэ зорилтот бүлэгтээ чиглэсэн зүйлсийг эхлүүлсэн боловч үе үеийн Засгийн газрууд дөрвөн жилийн хугацаатай тул үргэлж популист амлалт өгдгийн гайгаар ийм болсон. АН, МАН аль нь ч ялгаагүй тийм болж. Үүнийг нь ОУВС үргэлж өөнтөгчөөр хардаг. Залуухан дуучид гавьяат болж сар бүр нийгмийн халамжийн сангаас мөнгө авч байна. Энэ нийгмийн халамж мөн үү. Хэт ингээд ирэхээр халамж, даатгал хоёр нь ялгагдахаа байдаг. Яг ийм төрх манайд бий болчихлоо. Үүнийгээ өөрчил гэж валютын сан шаардаж байгаа юм билээ. Энэ нь зөв шүү. Хүүхэд л бол хүүхэд гэсэн популист үгээр хүүхэд бүрт хүүхдийн мөнгө өгөх нь ч бас зөв зүйл биш. Аж ахуйн нэгжүүдээ дэмжиж байгаа нь энэ гээд 2007 онд нийгмийн даатгалын шимтгэлийг эрс бууруулсан юм. Тэр парламентад бизнесийнхэн маш их орж ирсэн байсан үе. 19 хувь байсан татварыг 14 болгож, компаниуд татвараа нуухаа болино энэ тэр гэсэн гоё юм ярьсан. Үнэндээ тийм зүйл байдаггүй юм. Уг нь шимтгэлээрээ өөрийгөө санхүүжүүлэх ёстой нийгмийн даатгал 30 хувиа улсын төсвөөс авна гээд завхарсан юм болсон. ОУВС нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээгээ өсгө гээд зөв хэлсэн байна лээ. Дэлхий дээр НДТ нь 14 хувьтай улс гэж бараг байдаггүй. Скандинавын орнууд гэхэд цалингийнх нь 30-40 хувь байдаг. Бодоход хүртэл хэцүү байгаа биз. Гэтэл манайх 14 хувь. Ядаж үүнийг шат дараатайгаар 19 хувь болго гэсэн ОУВС-гийн чиглэлийг дэмжиж байгаа.

-Манайхны авдаг цалин нь хэд билээ. Ингээд нэмээд явчихаар ард түмэндээ л хямралын ачаагаа үүрүүлэх гээд байгаа юм биш үү?

-Ингээд л яриад байвал ярьж болно. Цалин хангалттай юу үгүй юү гэдэг чинь тухайн үеийн худалдан авах чадварын асуудал. Манай тэтгэврийнхний 90 хувь нь хамгийн бага тэтгэвэр авч байна. Монгол Улсын дундаж цалин 800-900 мянга. Тэгэхээр бага биш. Тэтгэвэр нь харин түүний 30 хувь. Үнэхээр бага. Өөрийнхөө ирээдүйн цалин болох тэтгэврийн өндөр байлгахын тулд өнөөдөр зарим золиос гарах ёстой. Манайхан тэтгэврийн бөөн бөөнөөр нь ч өгч болдог эсвэл хасч болдог зүйл мэт ойлгох юм. Тэтгэвэр гэдэг бол хойшлуулсан цалин. Хойш тавьсан хоол. Өнөөгийн нэмэгдүүлэх гээд байгаа шимтгэл чинь өнөөдөр тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тэтгэврийг л нэмэгдүүлэх юм шүү дээ. Тэр бүү хэл үе үеийн Хөдөлмөрийн сайд нар нь ч ойлгож байгаагүй юм. Н.Номтойбаяр эрх биш ойлгосон байна лээ.

-Манайхны авч буй цалингийн хэмжээ ер нь ямархуу байгаа бол?

-Хамаагүй бага. Цалин нэмнэ гэдэг чинь хөдөлмөрийн бүтээмжтэй холбоотой. Цалин бага байна гээд хамаагүй нэмчихвэл инфляцийг хөөргөднө. Монгол Улсын ерөнхий бүтээмж муу байгаа үед энэ асуудлыг хөндөж болохгүй. 2012 онд эдийн засаг 17 хувиар өсөхөд дундаж цалинг өсгөх боломж гарч байсан.

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тал дээр салбар яам ямар бодлого барьж байна гэж харж байгаа вэ?

-Аль ч засгийн үед сайд нар онолоо барьж ирээгүй. Тэр тусмаа манайд онол барьж ажиллана гэдэг хэцүү. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам хөдөлмөрийн асуудлаа орхигдуулан халамжийн асуудлаа барьчихдаг. Энэ Засгийн газар гарснаас хойш юу хийлээ дээ. Гэртээ хүүхдээ харж байгаа эхчүүдэд цалин олгоно гээд. Малчдыг маш хүнд нөхцөлд ажилладаг гээд тэтгэвэрт гарах насыг нь таван жилээр наашлууллаа. Малчдыг хүнд нөхцөлд ажилладаг гэж би хувьдаа боддоггүй. Гэтэл хүнд нөхцөл гэж байх жишээтэй. Энэ нь гэхдээ яамны дур зоргын асуудал биш. Намыг нь сонгуульд ялуулж энэ Засгийн газрыг байгуулахад ард түмнээс санал авсан мөрийн хөтөлбөрт нь бичигдсэн эд л дээ. Сонгогчид магадгүй үүнийг нь хараад санал өгчихсөн байж болно. Трамп гэхэд ард түмэндээ амласан амлалтаа хамгийн эхэнд биелүүлж эхэлж байгаа биз. Ард түмэн МАН-д 65 суудал өгсөн болохоор үүнийгээ биелүүлэх нь зүйл ёсны асуудал. Гэхдээ нийгмийн хувьд сайхан боловч зөрчилтэй тулгарна.

-Таныг УИХ-д, Засгийн газарт байхад эдийн засаг, улс төр хоёр хутгалдсан байв уу. Өнөөдөр бол хүзүү сээрээрээ холбогдчихоод үгүй мөн хэцүү байх шиг байна?

-Угшил нь хуучин нийгмийн үеийнхэн байсан болохоор эдийн засгийн асуудлыг нэгдүгээрт тавьдаг байсан. Тэр үед цалин, тэтгэвэр нэмэх боломж гарч ирсэн ч П.Жасрай гуай “Дараагийн Засгийн газар гарч ирэхэд мөнгө хэрэгтэй байдаг юм байгаа биз дээ” гэж байгаад цалин нэмэлгүй унасан. Өнөөдрийнх шиг биш эдийн засгаа урдаа тавьж ирсэн нь харагдаж байгаа биз. Одоо бол улс төр гээд популист амлалтуудаа нэгдүгээрт тавьдаг болсон. Аливаа Засгийн газар амиа л бодно биз дээ. Түүнээс биш ирээдүйн тухай 10 жилийн дараахыг харна гэж байхгүй. Улс төрийн цикль эдийн засгийн цикль хоёр нийцэхгүй байна. Манайд гурван аюултай зүйл байгаа нь уул уурхайн цикль, эдийн засгийн хямралын цикль, улс төрийн цикль. Үүнийг даван туулахын тулд алсын хараатай эдийн засагч, Засгийн газар хэрэгтэй. Уная гэсэн Засгийн газар алсын хараатай бодлого барих болдог. Засгийн газар унахгүй гэвэл өнөө маргаашаа аргацаасан популист амлалтаараа явдаг. Аль ч засгийн үед байдаг зүйл.

-Та “Эрдэнэт” үйлдвэрийн Удирдах зөвлөлд байсан байх аа. Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон эх захгүй зүйлс яригдаж байна. Та ямар байр суурьтай яваа бол?

-“Эрдэнэт” үйлдвэрийн анх байгуулагдахад нь одоогийнхоор болж ТУЗ-ийн гишүүн байсан юм. Тэр үед “Эрдэнэт” үйлдвэр чинь Монголын талд тийм ч ашигтай байгаагүй нь сүүлд мэдэгдсэн. Одоогийн энэ асуудлынх нь хувьд хоёр талаар хэлбэр хөөцөлдөөд байна л гэж харж байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийг Монголын тал авсан нь зөв. Гэхдээ хуулийн дагуу хийгдээгүй юм байна л гэж харагдаад байна. 49 хувь нь улсад байх ёстой, хувийн хэвшилд байх нь зөв гэж ярихгүй. Хуулийн дагуу л явах ёстой байсан. Хууль зөрчин УИХ-ын эрх мэдлийг эдлүүлэхгүйгээр Засгийн газар шийдсэн бол болохгүй.

-Та хэд хэдэн чухал бүтээлийг монгол хэлнээ буулгасан мундаг орчуулагч хүн шүү дээ. Орчуулгын ажлаа хийж байгаа юу?

-Миний хувьд муу ном бичсэнээс сайн ном орчуулах ёстой гэж боддог. Тэр утгаараа Кэйнсийн “Хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө мөнгө, хүү зээл” номыг орчуулсан. Насандаа хийсэн ганц сайн бүтээл минь гэж боддог шүү. Мэргэжлийн хүмүүс хэл найруулгаасаа эхлээд дажгүй болжээ гэж үнэлсэн. Дараа нь “Кэйнс ба Хаек” номыг орчуулсан. Удахгүй хэвлэгдэх байх.


Categories
мэдээ цаг-үе

Хабиб зодолдсонгүй. Яагаад вэ

-ЭНЭ ЖИЛИЙН ХАВРЫН УЛИРЛЫГ ЧИМЭХ ЁСТОЙ БАЙСАН ХАМГИЙН ҮЗҮҮШТЭЙ, СОНИРХОЛТОЙ ТЭМЦЭЭН ХАЧИН УТГАГҮЙ ШАЛТГААНААС БОЛЖ ХОЙШЛОГДЛОО-

“Би өглөөнөөс үдэш хүртэл бэлтгэл хийж зөвхөн энэ өдрийг хүлээж байлаа. Намайг дэмждэг үнэнч хөгжөөн дэмжигчид минь, би зөвхөн та нарыгаа баясгах гэж тэмцэж байсан юм шүү. Та нартаа үргэлж баярлаж явдаг. Намайг уучлаарай. Надаас үл шалтгаалах, амалж үл чадах хүчин зүйлс байх юм гэдгийг ойлгоорой”

Сүүлийн үед спорт сонирхогчид, тэр дундаа залуучуудын анхаарлыг тун их татах болсон тэмцээн бол яах аргагүй холимог тулаан буюу ММА билээ. Бүтэн биеийн контакттай зодооны төрлүүдийг бөх, жүдотой хольж, хориглох чиглэлийн хамгийн бага дүрэм дор үзэлцдэг энэ спорт хөгжөөд удаагүй байгаа ч гэлээ өнөө цагт боксоос ч илүү залуу үеийнхнийг “шууруулах” болсны шалтгаан юу вэ. Тун энгийн. Энд жинхэнэ эрчүүд, жинхэнэ тулаанаар “ясаа цайтал” тулалдаж чаддаг учраас хэмээн тайлбарлах нь бий. тэгээд ММА-гийн төрлөөр тэмцээн явуулдаг UFC хэмээх байгууллагын тулаанчдын нэр хүнд асар их өсч, тэдний зодооныг үзэгчид тэсэн ядан хүлээдэг болжээ. ийм нэг тэмцээний оргил нь болох оху-ын хабиб нурмагомедов, Ану-ын тони Фергюсон нарын зодоон өнгөрөгч амралтын өдрүүдэд зохиогдох байсан юм. овоо хэдэн сарын туршид хэвлэл мэдээллээр “байлдаж” хөгжөөн дэмжигчдийгээ бэлэн байдалд оруулаад байсан уг тэмцээн эхлэх хугацаанаасаа хэдхэн цагийн өмнө цуцлагдаж буйгаа зарлаж түмэн олныг гайхшруулав. жингээ зохих хэмжүүр хүртэл хасч чадаагүй, хасахын тулд саунд сууж байхдаа ухаан алдаж эмнэлэгт хүргэгдэн тэндээ “бөөрний ажиллагааны дутагдал, бүрэн хэмжээний сулралтай” гэсэн онош тогтоолгон тэмцээн эхлэхээс гуравхан цагийн өмнө энэ хаврын хамгийн хүлээлттэй, олны сонирхлыг тоймгүй татаж байсан тулааныг үгүй хийлээ. Яаж ийм “тахир дутуу” хүн UFC-гийн шилдэгт тооцогдон мөн л шилдгүүдийн нэгт нэрлэгддэг Фергюсоны эсрэг зодолдох байсан юм болоо гэдэг эрүүл асуулт заавал босно оо доо. Тэгэхээр жин хасна гэдэг юу вэ, жингээ хассан тамирчин хэр хугацааны дараа сэргэлт авч өрсөлдөх хэмжээнд очдог вэ гэдэг асуултууд бас ургах бололтой. ингээд хабибын талаар оросын нэгэн хэвлэлд хэрхэн өгүүлснийг толилуулъя.

Хабиб өнөөдөртөө хөнгөн жинд (70,3 кг) зодолддог. Тэр энгийн үедээ бараг л 90 кг орчмын жинтэй байдаг гэлцдэг. түүний ярьснаар бол бэлтгэл их хийгээд штанганд удаан суугаад ирэхлээр булчингийн масс их нэмэгддэг юм гэнэ лээ. тэмцээн эхлэхээс өмнө хэрхэн жингээ хасдаг тухай өөрийнх нь үгийг сонсъё.

“Би одоо 85 кг-ын жинтэй байгаа. тэмцээн эхлэхээс сарын өмнө өглөө, өдөр, орой эрс шахуу бэлтгэл хийгээд байвал 81 кг хүртэл жин буудаг. тэмцээнээс хорь хоногийн өмнө хоолны дэглэм сахиж 4-5 кг хасдаг. Энэ үед зөвхөн жимс, салат, ногоо идэж ус ууна. хийжүүлсэн ус, гурилан хоол хасагдлаа гэсэн үг. Бас мах хасагдаж загас л хааяа иднэ. долоо хоног үлдсэн үед өдөрт зөвхөн найман литр ус ууж байгаад нэг хоногийн өмнө больдог юм. тэгэхэд бие махбодь устайгаа хамт дөрөв орчим кг жинг “гадагшлуулчихдаг”. Үлдсэн 3-4 кг жин бол миний жинхэнэ зовлон шүү дээ. Холын зайд гүйх, саунд суух, уураар цохиулах гээд хачин их зовлонтой аргуудыг хэрэглэнэ.

Харин жин дээр зогсохоос хэдхэн цагийн өмнө жиндээ орж чадаагүй байвал зүрх зогсоох дөхдөг битүүрэх аргыг л хэрэглэхээс аргагүйд хүрдэг” гэж ярьж байсан. тэр нэгэнт л ингэж зовлон чирч жиндээ ордог юм бол жин өгсөөд зодолдох юм уу, эсвэл эртнээс жингээ хасч болдоггүй юм уу гэдэг асуулт гарч ирнэ ээ дээ. Энд бас нэг нууц байдаг юм байна. Хабиб шиг хүмүүс их жинг бага хугацаанд хасаад хүнээр түшүүлэх нь холгүй жинлүүр дээр зогсож зохих хэмжээст багтаж чадсан аваас маш бага хугацаанд сэргэлт авдаг. хэтрүүлж хэлэхэд хувцас солих өрөөнд ороод жаахан амраад бага сага юм идчихэд л “босоод” ирдэг. Зовлон байхгүй эртээ жиндээ орсон өрсөлдөгчөө бодвол ийм хүмүүс сэргэхдээ чадал чансаа, булчингийн масс нь хамаагүй илүү болчихдог давуу талтай гэнэ. Сөрөг тал нь хэт их жин хассанаасаа болж бүрэн сулралд орох. Хабибд яг ийм юм тохиолдож. тэгээд ч нурмагомедовын баг тамирчнаа ухаан алдах үед буруу эмнэлэгт хандаж хугацаа, боломжоо алдсан. Манай эмнэлгийн штаб руу залгасан бол бид босгож чадах байлаа гэж UFC-гийн ерөнхийлөгч дэйн уайт хэлсэн байна лээ. Ямар ч байсан хүсэн хүлээж байсан тун сонирхолтой тулаан нэг иймэрхүү асуудлаас шалтгаалан хойшлогдлоо. Эсвэл хэзээ ч тулалдахааргүй болж байж ч магадгүй.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийтлэлч Н.Гантулгын “Манай намуудын “мангас” булаалдах тэмцээн хэдийнэ эхэлжээ” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

“Өдийн сонин” даваа гаригийн дугаарынхаа эхний нүүрт уламжлал ёсоор “Танайд өнжье”буланг нийтэлж байна. Энэ удаад сар шинийн өмнөхөн Монгол Улсын гавьяат эмч цол хүртсэн Б.Оюунбилэг эмчийнд өнжлөө. Түүнчлэн УИХ-ын гишүүн З.Нарантуяатай хийсэн ярилцлагыг уншиж сонирхоорой.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 8-нд оффшорчдыг шалгаж хариуцлага хүлээлгэхийг шаардсан гурван эмэгтэй дотуур хувцастайгаа төв талбад жагссан нь олны анхаарлыг татсан билээ. Тэдний нэг болох Монголын худалдаачдын холбооны гүйцэтгэх захирал Б.Болор-Эрдэнэтэй хийсэн ярилцлагыг зургадугаар нүүрээс унших боломжтой.

Баримт, үзэл бодлын 3-р нүүрт нийтлэлч Н.Гантулгын “Манай намуудын “мангас” булаалдах тэмцээн хэдийнэ эхэлжээ” нийтлэл хэвлэгдлээ.

Өнгөрсөн долоо хоногт хүүхэд хулгайлахаар завдсан гэмт хэрэг болон үл мэдэгдэх шингэн бодисонд зургаан жолооч нас хордож гурав нь нас барсан гурван жолоочийн үхлисан харамсалтай хэргүүд гарсан билээ. Тэгвэл тэдний үхлийн шалтгаан тодорхой болжээ. Энэ тухай баримт, үйл явдлын долдугаар нүүрээс уншиж мэдэх боломжтой юм.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ соёл-урлаг

Сонгодог жүжгийн өдрүүд үргэлжилж байна

Улсын драмын эрдмийн теартын уран бүтээлчид гуравдугаар сарыг сонгодог жүжгийн сар болгон зарласан. Тиймээс гуравдугаар сарын 7, 8-нд Английн алдарт зохиолч У.Шекспирийн хайрын сонгодог дуулал болох “Ромео, Жульетта” жүжгийг үзэгчдэдээ зориулан хүргэсэн бол энэ амралтын өдрүүдэд Грекийн алдарт зохиолч Софоклын сонгодгуудын нэг болох “Эдип хаан” жүжгийг тайзнаа амилуулж байна.

Сонгодог жүжгийн өдрүүдэд Норвегийн их бичгийн хүн Г.Ибсений “Хүүхэлдэйн байшин” буюу “Нора”, алдарт Мигель Сервантесын “Кихот ноён” , У.Шекспирийн “Гамлет”, Францын алдарт зохиолч В.Хюгогийн “Парисын дарь эхийн сүм” тус тус тайзнаа дахин амилах нь ээ.

“Сонгодог жүжгийн өдрүүд” III.06-30

III.11, III.12-ны 18.00 цагт Софокл “Эдип хаан”

III.15 – 19.00 цагт Г.Ибсен “Нора”

III.16, III.29-ний 19.00 цагт М.Сервантес “Кихот ноён”

III.26-ны 18.00, III.27-ны 19.00 цагт У.Шекспир “Гамлет”

III.30-ны 19.00 цагт В.Хюго “Парисын дарь эхийн сүм” тус тус тоглох аж.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ-наас сэрэмжлүүлэг гаргажээ

Өмнөговь аймагт үл мэдэгдэх шингэнд нүүрс тээвэрлэлтийн гурван жолооч хордож, амиа алдсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ. Сэрэмжүүлэгт “Өмнөговь аймагт тээврийн зургаан жолооч хүн үл мэдэгдэх шингэн уусны улмаас гурав нь нас барж, гурав нь тус аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт эмчлэгдэж байна.

Мэдээллийг авсан даруй ЭМЯ, Хор судлалын салбар зөвлөл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүд Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч нартай цахим хурал хийж, өвчтнүүдийн эмчилгээ, оношилгоо, хариу арга хэмжээний талаар зөвлөмж өгч, мэргэжил аргазүйн удирдлага, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг шуурхай ханган ажиллаж байна. Мөнголомтын цар хүрээг тогтоох, тархвар судалгаа хийх, хүн амд зориулсан мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулахаар хоёр баг ажиллаж байна. Одоогоор өвчтнүүдийн биеийн байдал сайжрах хандлагатай байна.

Нийслэл хот, Дорнод, Өмнөговь аймагт үл мэдэгдэх шингэнийг архи гэж уусны улмаас хүний эрүүл мэнд хохирч, амь нас эрсдэх явдал удаа дараалан гарч байгаа учраас та бүхэнд сэрэмжлүүлгийг өгч байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

13 аймгийн малчин өрхүүдэд тусламж хүргэнэ

НҮБ-ын Онцгой байдлын тусламжийн төв сангаас энэ сарын 13-нд Монгол Улсад өвөлжилт хүндэрсэн аймгуудын эмзэг бүлгийн малчин өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж хүргэхээр болжээ.

Энэ удаагийн тусламжаар малын тэжээл, мал эмнэлгийн анхны тусламжийн багц олгохбөгөөд малын өвчин, хорогдлоос урьдчилан сэргийлэх зорилготой аж. Түүнчлэн энэхүү тусламжийг өвөлжилт хүндэрсэн 13 аймагт хүргэх тусламжийн цуваа нь Сонгионхайрхан дүүргийн Орбит дахь Улсын нөөцийн гуравдугаар агуулах байрнаас 10.00 цагт хөдлөх юм байна.

Categories
гадаад мэдээ

Тавдугаар сарын 9-нөөс өмнө БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулна

БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхээс өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулах шийдвэр гаргасан нь олон улсын хувьд хамгийн том онцлох үйл явдал болж байна. Шүүхийн шийдвэр гарсны дараагаас Сөүл хотын цагдаагийн алба бэлэн байдалд ажилласан. Учир нь шүүхийн гадна Пак Гын Хэг дэмжигч, эсэргүүцэгчид тайван замаар жагсаж эхэлсэн ч нөхцөл байдал ширүүсч, жагсаж байсан хоёр хүн амиа алдсаны нэг нь Пак Гын Хэг дэмжигч байсан талаар Сөүл хотын цагдаагийн газраас мэдээлсэн.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг тавдугаар сарын 9-нөөс өмнө явуулна

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг тавдугаар сарын 9-нөөс өмнө явуулах талаар тус улсын Сонгуулийн төв хорооноос өчигдөр албан ёсоор мэдэгджээ. Тус хорооны дарга Ким Ён Деок сонгуулийг шударга, чөлөөт зарчмаар явуулахаа амлав.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг тавдугаар сарын 9-нөөс өмнө явуулна

Улс төрийн карьер нь үндсэндээ дуусгавар болж буй Пак Гын Хэгийн зүгээс одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна. Ямартаа ч шүүхийн шийдвэр гарсан учраас өнөөдрөөс нэг сарын дотор гэхэд дараагийн Ерөнхийлөгчийг сонгох сонгууль явуулах шаардлагатай. Үүнтэй холбогдуулаад сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэлээ ч эхлүүлснээ ийнхүү тус улсын сонгуулийн хорооноос мэдэгдсэн.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг тавдугаар сарын 9-нөөс өмнө явуулна

Гэвч улс төрийн хүчнийхний хооронд үүсээд буй санал зөрөлдөөн сонгуулийн товд нөлөөлж болохыг үгүйсгээгүйбайна. Өмнөд Солонгосын төв хорооны дарга ард иргэддээ хандан зөрчилдөөнийг даван туулж, сонгуульд идэвхтэй оролцохыг уриалжээ.

Дараагийн Ерөнхийлөгч хэн болох нь олон нийтийн анхаарлыг татаад буй юм. Хамгийн магадлалтай нэр дэвшигчээр Ардчилсан намын дарга асан Мун Жэ Инийг үзэж байна. Олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар тэрээр хамгийн магадлалтай нэр дэвшигчээр тодорчээ.

Түүний араас чансаагаараа Чунчон-Намдо мужийн амбан захирагч Ан Хи Жон, Соннам хотын намын дарга Ли Жэ Мён, “Ардын нам”-ын гишүүн Ан Чоль Су нар орсон байна.

Өнгөрсөн оны сүүлээр парламентын гишүүдийн саналаар Пак Гын Хэгийн эрхийг түр түдгэлзүүлсний дараа Ерөнхий сайд Хван Кио Ан Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна.