Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Маркетинггүй байгууллага гэдэг дайсантайгаа мухар сохроор байлдаж байгаа жанжинтай адил

МУИС-ийн Улс төр судлалын тэнхмийн ахлах багш Д.Оюунчимэг пи арын тухай ярьсныг өмнө нь хүргэж байсан. Энэ удаа түүний маркетингийн тухай яриаг нь тоймлон сонирхуулъя. Эмэгтэйчүүд, сэтгүүлч, улстөрчдөд зориулж ярьсан учраас заримдаа хэвлэлийнхэнд хандаж, бас голдуу улстөрийн маркетингийн жишээ дурдагдсан байгаа.


Маркетинг гэдэг маань олонхийн хэлж заншсанаар зах зээл судлал. Зах зээл судлал гэхээр зөвхөн бараа таваарын тухай яриа биш. Би нэр дэвших санаатай байлаа гэхэд над шиг нэр дэвшигчиийн шаардлага нийгэмд байгаа юу гэсэн үг. Сонин хэвлэл байлаа гэхэд манай нийтлэлийг унших хэрэгцээ байна уу гэдгийг хайж байгаа ухаан. Маркетинг борлуулалтаасаа судалгааны шат руугаа шилжсэн. Үүнийг яаж зарах вэ гэдгээсээ л ангижрах ёстой. Эсгий гэрийн шаахай хийчихлээ, яаж зарах билээ гэж гүйхийн оронд урьдчилаад ийм шаахайг хүн өмсөх үү гэдгийг судлах ёстой гэсэн үг. Цамц оёхын өмнө ямар өнгө, загвар, материалтай цамц хүмүүс сонирхож байгааг судлана. Ийм цамц зарагдах нь тодорхой болсон үед цамц оёх учиртай. Одоо бол судалгаа хамгийн чухал. Япон чанар, герман технологи гээд ярьдаг. Үүний цаана байнгын судалгаа бий. Маркетингийн сүүлийн үеийн хүчтэй хэлбэр нь хэрэглээг үүсгэх. Хүн биологийн нэмэлт тэжээл идэх ёстой гэдэг ч юм уу. Хэрэглээ үүсгэж чадаж байгаа нь маркетингийн гайхамшиг. Хэрэгтэй хэрэггүй хэрэглээ үүсгэх сөрөг тал бий. Хүн гэдэг хэрэглэгч амьтан. “Бурхад лав солиорсон байх” гэдэг кинон дээрх шиг хүн уг нь хэрэглээ багатай. Тэр кинон дээрх хүмүүст бараг турсикны ч хэрэггүй байсан. Сүүлдээ футболк, шорт өмсөхөөр угаах саван хэрэгтэй болж байгаа юм. Саван, воок хэрэглээд эхлэхээр химийн бүтээгдэхүүний харшилтай болдог. Энэ мэтээр хэрэглээ хэрэглээг үүсгэнэ. Руссо зэрэг сэтгэгчид хүн явж явж хэрэглээнийхээ дарамтанд орно гэсэн шүү дээ. Амьдраад жаргаад байгаа юм уу гэхээр хэрэглээгээ хангах гээд зүтгээд байдаг. Эрэлт хэрэгцээ шаардлага гэж юм бий. Хүн бүрт гутал шаардлагатай. Гэхдээ наян настай өвөөд туфли хэрэггүй. Хүний онцлогоос шалтгаалаад хөлд өмсөх гутал гэрийн шаахай, гоёлын, өвлийн, усны, өнгө өнгийн гэх мэтээр тоймгүй олон янз. Холливудынхан зөвхөн гуталдаа зориулсан өрөөтэй байна шүү дээ. Хүний хэрэглээ хязгааргүй.

Дэлгүүр хэсэх хоббитой нэг эмэгтэйн дээрээс хураасан бараа нь нурж, дарагдаад нас барчихсан гэдэг. Зах зээл харгис. Хүмүүст юу шаардлагатай байна гэж биш, хэний халаасанд мөнгө байна түүнд зориулж үйлдвэрлэдэг. Эрэлт, худалдан авах чадварыг нь харгалздаг. Хэрэгцээг судалдаг юм байна л даа. Моод загвар ч хэрэглээг үүсгэдэг. “Шөвгөр өсгийтэй ботинк моодноос гарчихсан” гэвэл охид “Шараа шараа наадахыг чинь авгай нар өмсдөг, би өмсөхгүй” гээд эхэлдэг шүү дээ.

ДОНЖИЙГ НЬ ОЛЖ ДУУГАРАХ ХЭРЭГТЭЙ

Хувийн маркетингтэй хүн гэж байна. Бусдад өөрийгөө зөвөөр ойлгуулах хэрэгцээ хүнд бий. Хүн өөрийгөө байнга хянаад явбал түгшүүртэй л дээ. Гэхдээ тийм эмэгтэйчүүд байдаг шүү. Дээр үед эмнэлэгт хэвтэж байсан чинь нэг өрөөний эмэгтэй маань хар үүрээр босоод, нүүрээ маш аятайхан будчихдаг байж билээ. “Би гурван хүүхэдтэй. Нөхөр маань намайг нүүрээ будаагүй байхыг хараагүй” гэж тэр ярьсан. Нэг удаа нүүрээ будаагүй байсан чинь хамт ажилладаг хүмүүс нь “Хөөх, чи яачихаа вэ, бие хаа чинь зүгээр үү” гэж асуусан байгаа юм. Мундаг биеэ авч явж байгаа биз. Хувийн маркетинг ялангуяа эмэгтэйчүүдэд байх ёстой. Эмэгтэй хүн дутуу талаа нөхөж, момент бүрийг ашиглах учиртай. Жишээлбэл юм болгон дээр дуугарах хэрэггүй. Гэхдээ дуугүй суугаад байвал донгио болчихно. Дуугарахдаа дандаа донжийг нь олох хэрэгтэй. Жадны үзүүрт явах хэрэггүй, гэхдээ бүгдийн ард бүү гэлдэр. Ашигтай хэсэгт нь бай гэсэн үг. Жадны үзүүрт яваа хүн золиосонд гарчих гээд байдаг. “Өвчтэй юм, Уянгааг хараач” гэдэг. Эхний биш гэхэд тав дахь хүн бол гайгүй байх нь шүү дээ. Эмэгтэй хүн ганцаараа гоцлон тоглохгүй байвал сайн. Хүний гараар могой бариулах учиртай. Эсрэгээрээ манай эрчүүд эмэгтэй хүнээр могой бариулдаг. Ямар үед эмэгтэй хүнийг дэмждэг гэхээр эрчүүд хэл үгээ ололцохоо байхаараа “За за дундаа хийгээд энэ нөхрийг түр байлгая” гэх мэтээр жийргэвч болгож ашиглах хандлагатай байдаг.

Харин эмэгтэйчүүд удирдахдаа сайн. Тэд даргалдаггүй, сайн менежер байдаг. Тэр нь сайн чанар. Гэхдээ нэгнийгээ дэмжихдээ сул. Улаан цагаан дэмжих хэрэгтэй. Лидер эмэгтэй хүний ганц сул тал сэтгэл түгшилтийг даах чадвар сул байдаг. Бусад талаараа эрэгтэй хүнээс давуу.

Өдөөд, тэмцэлд дуудаад байгаа хүнтэйгээ улаан нүүрээрээ тулах хэрэггүй. Тоохгүй хаяад, өөрийг нь өөрөөр нь дэгээддэг. Хамгийн сайн арга өөрийнх нь мэхээр өөрийг нь унагах байдаг.

МАРКЕТИНГИЙН 99 ХУВЬ НЬ СУДАЛГАА

Маркетингийн 99 хувь нь судалгаа. Хэрэглэгч юу хүсч байна, сонгогчид юу хүсээд байна. Иргэд үнэхээр 21 мянган төгрөг хүсээд, намын хөтөлбөртөө оруулсан уу гэхээр тэд ямар ч судалгаа аваагүй байдаг. Аливаа байгууллага маркетингтай эсэхийг төлөвлөлтөөс нь хардаг. Төлөвлөлт нь мөрөөдлийн жагсаалт байна уу? 2020-2030 онд тэгнэ ингэнэ гээд баахан жагсаалт гаргаж уу? Хоёрдугаарт нь асуудал шийдвэрлэж байгаа байдал, хяналт гэсэн гурван юмыг хараарай. Асуудал шийдвэрлэхдээ дараах асуултанд хариулна гэсэн үг. Нэгдүгээрт ямар үзэл санаа бодлого, хөтөлбөр нийгмийн дэмжлэгийг хүлээх бололцоотой байна. Ухуулга сурталчилгааны хэлбэрүүдээ сонгодог. Манайхан шууд бусдыг дуурайх нь олон. Чи уулзалт хийсэн бол би бас хийчихье. Сонин тараасан бол би бас тараачихъя гэдэг. Гэтэл энэ арга чамд тохирч болно, надад тохирохгүй байж болно. Тохирсон ч би мөнгөгүй байж болно. Тийм бол би арай хялбар арга хэрэглэж болно шүү дээ. Хэн нэгний хэрэглээгүй аргыг хэрэглэх нь гоё байдаг. Хэлбэрээ оновчтой сонгох хэрэгтэй. Залуучууд сонгуульд орохгүй байна гэж муу хэлэхийн оронд тэдэнд тохирох аргыг нь сонго.

Судалгаа ийм үе шатаар явдаг. Юу судлах гэж байгаа юм бэ. Асуудлаа тодорхойл. Дараа нь судалгааны төлөвлөгөө буюу дизайнаа боловсруулдаг. Дараа нь мэдээлэл цуглуулна. Бид мэдээлэл дутуу цуглуулдаг.

Судалгаагаа хийхэд маш нарийн заавартай. Очсон айлынхаа утас, хаягийг авдаг. Судалгаа болгон өөр учраас сургалт явуулна. “Өмнө нь би сонгуульд явж байсан, мэднэ ш дээ” гээд давхиад байж болохгүй.

Судлахын тулд судалдаггүй, судалгаа бүх чигийг заадаг. Маркетинггүй байгууллага гэдэг тагнуулын албагүй, том жанжин гэсэн үг. Дайсан нь морин цэрэгтэй юм уу, нум сумтай юм уу, танктай юу гэдгийг мэдэхгүй бол өөдөөс нь юугаар байлдах билээ. Түүнтэй адил маркетинггүй байна гэдэг мухар сохроор дайтахтай адил. Маркетингийн алба нь л байгууллагыг удирддаг, босс нь биш шүү. Байгууллага, бүтэц болгон маркетингтэй байх учиртай.

Судалгаагаа бодитой хийж чадаж байна уу гэдэг чухал. Хэн нэгэнд судалгаа захиалаад нөгөөдөх нь хүмүүсээс саналыг нь асуугаад “Хүмүүс тэгж бодож байна” гэдэг. Бодол, бодит байдлын судалгаа хоёр адилхан гарахгүй шүү дээ. “Та гааль дээр авилгал байна гэж бодож байна уу” гэвэл би “Байгаа байх гэж бодож байна” гээд бичих жишээтэй.

Яг үнэндээ асуултанд хариулж байгаа хүн хилээр хэдэн удаа гарсныг мэдэхгүй. Зүгээр л “Байгаа байх” гээд аваад хаячихдаг. Тийм учраас асуудлын дотоод руу ороогүй судалгаа олон. Сонгуульд санал өгөөгүй байж “Тийм, би саналаа өгсөн” гэдэг. “Яг аль хэсэг дээр санал өгсөн бэ” гэхээр баригдана.

Манайхан иргэдээс айгаад асуултаа нэг бичгийн цаасанд багтаа гэдэг дүрэмтэй. Түүнээс их бол хариулж байгаа хүн нь зугатаад байдаг. “Асахи” сониноос санхүүжилт гаргаад ерэн хэдэн онд Монголд судалгаа хийсэн чинь яасан гээч.

140 гаруй асуулттай судалгаа байлаа. Тэд аймаар үнэнч. Хавар нь өөр хүн явуулаад “Сонгогчийн нэрсийн жагсаалт”-ыг аваад 27 дахь хүн, үүн дээрээ 18-ийг нэм гэх мэтээр санамсаргүй түүврийн аргаар судалгаанд оролцох хүнээ сонгодог. Бид доллараар цалин авч байсан. Хүн амын амьжиргааны түвшин, шинэ Үндсэн хуулийн талаар гээд нэг хүн 140 гаруй асуултанд хариулна. Надад Сэлэнгийн 40 хүний нэр ирсэн. Судалгаагаа авахын тулд найман оюутан авч яв гэсэн. Хоёр хоёроороо тарж явсан л даа. Заавал нөгөө сонгогдсон хүнээ хайх боллоо. “Улаан Мягмар тракторт суучихсан гол гараад согтуу явж байсан” гэх жишээтэй. Нэг айлд очсон чинь “Өө манай Цог, Дулмаа хоёр чинь жаахан юмтай байхгүй юу. Тэр хоёроос авч болохгүй, би өгчихье” гээд бригадын дарга нь салахгүй хэцүү байж билээ. “Манай авгай мэдэхгүй, би бөглөе” ч гэж байх шиг. Дөчин хүн дотор хоёрхон техникумынх боловсролтой хүн таараад сэтгэлээр унасан. Би одоо яана аа. Ямар хариу гарах бол доо гэж санаа зовж байлаа. Хариулж байгаа энэ тэр нь аягүй түгшүүртэй. Шал худлаа хариулж байгаа юм. Дараагийн шалгах асуултанд нь зөрөөд л. Гэсэн ч тэгж хариул гэж болохгүй юм чинь. Чанартай судалгаа авахын тулд сүүлдээ оюутнуудад найдаж чадахгүй өөрөө гүйсэн. Нэг хүнээ элдсээр байгаад судалгаа авах хугацаагаа дөрөв хоногоор хэтрүүлчихээд загнуулж билээ. Нийгэм солигдож байсан үе. Судалгаанд оролцож байгаа хүнээ хэнтэй ч харьцуулахгүй. Хаалга үүдийг нь түгжиж байгаад “Та л үүндээ хариул” гэнэ. Судалгаанд оролцсон гэж хоол авч өгнө. Картын бараанд шилжсэн хэцүү үе байсан болохоор ганц бал ч өгсөн хүмүүс их баярладаг байлаа. Бас жаахан хошгируулна. “Та азтай, агуу, танаас л авч байгаа юм” гэдэг. Ихэнх нь боловсролгүй, эмэгтэйчүүд олон байсан болохоор санаа зовж байсан ч улс орны хэмжээний дүн товхийтэл гардаг юм билээ.

Гэтэл манайхан судалгаа авах гэж яадаг билээ дээ. Эрдэнэтэд очоод айлын хаалга тогшлоо. Нэг нөхөр гарч ирээд “Юу хийгээд байгаа юм, гар” гэхээр нь “За, энэ согтуу нөхрөөс зугатая” гээд доод талын айлд нь орж, судалгаа аваад, орон сууцныхан хаалгаа тайлахгүй бол гэр хороололд очиж авъя гээд явдаг. Бүүр сүүлдээ амраар нь дэлгүүрт ороод хэдэн худалдагчаас авчих жишээтэй. Манайхан нэг нь судалгаа хийлгэсэн болоод нөгөөх нь хийсэн болоод бие биеэ аргалаад байгаа юм.

Маркетинг судалгааг гурван үндсэн чиглэлээр явуулдаг. Нэгдүгээрт хийж буй ажлаа (улс төрийн нам байж болно) хийхээр төлөвлөж байгаа ажлаа зохистой төлөвлөхийн тулд явуулдаг. Зүгээр л нэг хүслийн жагсаалт биш шүү дээ. Хоёрдугаарт нь өнөөгийн болон хэтийн төлвийн асуудлаар оновчтой шийдвэр гаргахад, гуравдугаарт үнэт зүйл үзэл баримтлал, бодлого зэргээ нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцэж байна уу гэдгийг хянах гэсэн гурван чиглэлэрэ явуулж болно.

Танай байгууллага маркетингийн судалгаанд ойр байдаг уу, хэр мэдрэмжтэй гэдгийг хялбархан мэдэж болно. Нэг жишээ хэлье. “Багшаа, би маркетинг шүтэж байгаа шүү, та сонгуульд туслаарай” гээд байсан шавь маань алга болчихсон. Маркетингийн мэргэжилтэн хэрэглэхгүй, маркетингийн багтаа мөнгө хаяхгүй байна гэдэг бол чанаргүй бакал үйлдвэрлэчихээд цэргийн ангид шахчихдаг гэсэн үг. Тийм тохиолдолд бүтээгдэхүүнээ чанартай байлгах, худалдан авагчаа татахын төлөө юм хийх шаардлагагүй. Сонгогчдод таалагдахын тулд юу ч хийхгүй. Барыг нь хараагүй ч гэсэн мөр, ялгадсыг нь харвал Монголд бар байна гэнэ шүү дээ. Түүнтэй адил маркетинг сул байгаа газрыг бол хууль бус юм хийдэг байх, эсвэл чанаргүй бараа хийгээд шахчихдаг байх гэж хардах бүрэн үндэслэлтэй. Бараа үйлдвэрлэл, нэр дэвшигч нь чанаржаад, шударгаар өрсөлдөж байгаа бол маркетингдаа улам л их анхаардаг. Илүү мөнгө хаядаг байх нь.

Томхон хэмжээний судалгаа хийхэд их мөнгө шаарддаг. 21 аймгаар явахад явсан хүн болгонд зочид буудлын хөлс, замын зардлын мөнгө гээд талийж өгнө. Мөнгө багатай нөхцөлд дандаа өөрийгөө дэмждэг намын гишүүдээрээ дамжуулаад нэг удаадаа судалгаа авч болно. Энэ тохиолдолд бүх юм гарахгүй. Дадлага, сургалт хийж байгаа хүмүүсээ дайчлаад судалгаа авахуулж болно. Та нар дадлага хий, гэхдээ бид давхар мэдээлэл авья гэж болно. Бараа таваар хэрэглэдэг хамтрагч байгууллагуудтай хамтарч ажиллаж болно. Гар утас, интернэт ашиглаж болно. Бусад судалгааны дүнг ашигла. Үр дүн нь гажиж болно. Дундажлаж үзэх хэрэгтэй. Аргаа барсан үед иймэрхүү маягаар ажиллахгүй бол огт судалгаагүй байж болохгүй.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөр эрхэлж буй хоригдлын цалинг 240 мянгаас доошгүй тогтооно

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛӨӨР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙВӨнөөдөр ХЗДХЯ, ШШГЕГ, ХСИС, ХЗҮХ-гээс хамтран “Хууль төрөхийн өмнө” хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлгийн үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хууль зүйн салбарынхан болон хуульчид, судлаачид, хэвлэл мэдээллийнхэнд танилцуулсан юм. Төслийг боловсруулахдаа Монгол Улсын Үндсэн хуульд заасан “…Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх…, хөндөгдсөн эрхийг иргэнийхээ өмнө хариуцах…” гэсэн зарчмыг баримталсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг өнөөг хүртэл 2002 онд батлагдсан хуулиар зохицуулж ирсэн бөгөөд шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Хорих ангийн төрөл, дэглэмийг нээлттэй, хаалттай тогтолцоонд бүрэн шилжүүлэх, цагдан хорих байрны нөхцөлийг хүний жам ёсны эрхэд нийцүүлэх, ял эдлүүлэх ажиллагаанд цахим болон теле хяналтын системийг нэвтрүүлэх, ялтныг хөдөлмөрт бүрэн хамруулах, иргэний хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн зарим ажиллагааг онлайн хэлбэрт шилжүүлэх замаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шинэтгэнэ” гэсэн заалттай нийцүүлэн боловсруулжээ.

Шүүхэд итгэх итгэлийн хамгийн гол нэг нөхцөл нь шүүхийн шийдвэр биелэгддэг байх явдал. Тиймээс хуулийн төсөл боловсруулагчид энэ асуудалд гол анхаарлаа хандуулсан байна. Шинэчилсэн найруулгын төсөл 300 гаруй зүйл заалттай бөгөөд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд хэт ерөнхий байсныг илүү нарийвчлан зохицуулж, хуульчлан баталгаажуулахыг зорьжээ. Тухайлбал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны ерөнхий үндэслэл, Иргэний хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, Захиргааны болон зөрчлийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, Эрүүгийн хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, түүний тогтолцоо , чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг энэ хуулиар зохицуулахаар тусгаад байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж буй хүчин зүйлийг багасгах, шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, биелэгдэх боломжтой байх ёстой гэсэн зарчмыг баримталсан гэдгийг ажлын хэсгийн гишүүд хэлж байлаа.

2012 онд хийсэн судалгаагаар нэг шийдвэр гүйцэтгэгчид жилд дунджаар 250-иас 290 гүйцэтгэх хуудсаар олгогдсон ажиллагаа оногддог. Энэ нь холбогдох эрх зүйн актаар тогтоосон ажлын ачаалал 2 дахин их байгааг харуулж байгаа юм. Тэгвэл шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг сайжруулах, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, төлбөр төлөгч, түүний хөрөнгийг эрэн сурвалжлах ажиллагааг үр дүнтэй болгох, улмаар энэ асуудлыг хариуцсан тусгай нэгж байгуулахаар хуулийн төсөлд тусгаад байна.

Мөн Захиргааны хэргийн талаарх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмыг илүү тодорхой болгохыг зорьж байгаа юм. Тэрчлэн хохирол нөхөн төлүүлэх ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, хорих ял эдэлж буй хоригдлын цалин хөлс, хөдөлмөрт хамрагдсан байдал, хийсэн хөдөлмөртэй нь нийцэж байх, тухайлбал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доошгүй байх зохицуулалтыг оруулжээ.

Мөн хорих ангийн төрлийг тогтоох, хорих ял эдлүүлэх нөхцлийг УИХ-ын хэлэлцүүлгийн түвшинд байгаа Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй уялдуулсан байна. Түүнчлэн хоригдолд хүлээлгэх сахилгын шийтгэл, зөрчил, хоригдлын ажлын байр, сургалт хүмүүжил, нийгэмшүүлэх асуудлыг өргөн хүрээнд хөнджээ.

Түүний зэрэгцээ хорих байгууллагын алба хаагчдын ёс зүйг дээшлүүлэх, ажлын ачааллыг зохистой түвшинд барих, нийгмийн баталгааг хангах асуудлыг цогцоор нь тусгаад байна. Мөн торгох, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх, эрх хасах зэрэг хорихоос өөр төрлийн ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх нийтлэг журмыг хуулийн төсөлд тодорхой тогтоож өгч байгаа юм. Дашрамд дурдахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр төлөвлөөд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, шинээр барина

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/660, А/977, 2015 оны А/151, А/313, А/782, 2016 оны А/491, 2017 оны А/120 дугаар захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дараах байршил дээр барилгажилтын төсөл боловсруулж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтанд урьж байна.

Үүнд:

Д/д

БАГЦ

БАЙРШИЛ

1

ХУД-02

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэлийн 12, 13, 17, 18 дугаар байрууд 0.86 га

2

ХУД-06

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн 34, 35 дугаар байрууд, нийт 0.52 га

3

ХУД-07

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 53, 54 дүгээр байрууд, нийт 0.42 га

4

ХУД-08

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатын 39 дүгээр байрууд, нийт 0.26 га

5

ХУД-09

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Арьс ширний 31 дүгээр байр

6

ХУД-10

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 36А, 36Б байр

7

ХУД-11

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Сүрьеэгийн эмнэлгийн ажилчдын орон сууцны 20 дугаар байр

8

БГД-01

Баянгол дүүрэг, 2 дугаар хороо 1, 2, 3, 5, 6, 7 дугаар байр нийт 3.43га

9

БГД-04

Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо 1, 2, 3 дугаар байр нийт 0.67га

10

БГД-05

Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо 4, 5, 6 дугаар байр нийт 0.3га

11

БГД-07

Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо 10, 11, 12 дугаар байр 0.51га

12

БГД-10

Баянгол дүүрэг, 20 дугаар хороо БХН-30, БХ-2-27, БХ-1-27, БХН-48, АТ-12, ОС-8, ТТЭ-37 дугаар байр нийт 2.24га

13

БГД-11

Баянгол дүүрэг, 2 дугаар хороо 34 дүгээр байр нийт 0.26 га

14

БГД-12

Баянгол дүүрэг, 2 дугаар хороо 33, 31 дүгээр байр нийт 0.38 га

15

БГД-13

Баянгол дүүрэг, 2 дугаар хороо 32, 30, 29 дүгээр байр нийт 0.41 га

16

БГД-14

Баянгол дүүрэг, 2 дугаар хороо 28, 27 дугаар байр нийт 0.3 га

17

БГД-15

Баянгол дүүрэг, 2 дугаар хороо 26 дугаар байр нийт 0.12 га

18

БЗД-01

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Залуус хотхоны 1, 2, 5, 8, 9 дүгээр байрууд нийт 0,84 га

19

БЗД-02

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Сүүний 21, 22, 27 дугаар байрууд нийт 0,51 га

20

НД-01

Налайх дүүргийн 2 дугаар хороо 24, 25, 26, 27, 29, 30 дугаар байрууд нийт 1.2 га

Нэг. Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилганд заагдсан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлж, эргэн төлөгдөхгүй нөхцлөөр төлөгдсөн 300,000 (Гурван зуун мянга) төгрөгийн төлбөрийн баримтыг хавсаргасан байна.

Төлбөрийн данс: Нийслэлийн төрийн сан банк Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий Төлөвлөгөөний Газар 200051054 тоот данс. /Компаний нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар, дансыг тодорхой бичих/

Хоёр. Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч, танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн 2017 оны 04 дугаар сарын 14-ний өдрийн 16:00 цагаас өмнө НХТЕТГазрын 13 давхрын 1308 тоотодирүүлнэ.

Тус өдрийн 17:00 цагт нээнэ.

Оролцогчийн санал дараах бүрдэлтэй байна. Үүнд:

  1. Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөнхий танилцуулга
  2. Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт
  3. Татвар болон шүүхийн байгууллагаас авсан тодорхойлолт
  4. Түншлэлийн гэрээ /2 ба түүнээс дээш тооны аж ахуйн нэгж нэгдэж консорциум хэлбэрээр төсөл хэрэгжүүлэх саналтай бол заавал ирүүлнэ/
  5. Барилгажилтын төсөл /Эскиз, гадна шугам сүлжээний шийдэл/
  6. Төсөл хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөө, сараар гаргасан графикийн хамт
  7. Оршин суугчдыг төсөл хэрэгжүүлэх хугацаанд түр суурьшуулах төлөвлөгөө
  8. Зураг төслийн болон барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл.
  9. Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон дансны хуулга, зээлжих эрх, банкны баталгаа.
  10. Төслийг хэрэгжүүлэх техникийн чадавхийн мэдээлэл /өөрийн эзэмшлийн тоног төхөөрөмж, машин механизм, хүний нөөцийн мэдээлэл, удирдлагын багийн танилцуулга/

ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо,

Ц.Жигжиджавын гудамж – 7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр,

“Хангарди ордон” 13-р давхарт 1308 тоот,

Утас: 315319 /ажлын цагаар/,

Цахим хуудас: www.mpa.ub.gov.mn

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд хулгайлахыг завдсан этгээдийн сэтгэцийг шалгана

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн хүүхэд хулгайлахыг завдсан гэх этгээдийг өнгөрсөн баасан гаригт саатуулан шалгаж эхэлсэн.

Уг хэрэгт Сүхбаатар дүүргийн долоодугаар хороонд оршин суух хаягтай, 35 настай, эрэгтэй У-г сэжигтнээр саатуулан, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлээд байна. Хэрэг сэжиглэгдэж байгаа иргэн У нь 35 настай, багш мэргэжилтэй аж.

Тэрбээр хохирогч хүүгийн сургуульд Түүх, нийгмийн багшаар ажиллаж байгаад хүүхэдтэй буруу харьцаж зодсон гэх үндэслэлээр ажлаасаа халагдаж байжээ. Чухам ямар шалтгаанаар хүүхэд хулгайлахыг завдсан гэх асуудлаар байцаалт өгч эхэлсэн байна. Мөн сүүлийн үед ямар хүмүүстэй хамт байсан гэдгийг нь цагдаа нар тогтоохоор ажиллаж байгаа төдийгүй У.Ууганбаярын сэтгэцийг эрүүл эсэхийг тогтоохоор Шүүхийн шинжилгээний хүрээлэнд хүсэлт гаргасан байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

С.Зоригийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал хаалттай болно

шүүх хурал зурган илэрцүүдТөр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон. Гэвч, яллагдагч Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн гомдолтой хэмээн удаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж, давж заалдахаа мэдэгдсэн юм. Тэднийг 24-25 жилээр ялласан.

Энэхүү шүүх хурал болсны дараа С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдэж, гомдлоо хүргүүлсэн байна. Түүний гомдлыг шүүх хүлээн авч, хэрэгтэй танилцан, хурлыг товложээ. Тодруулбал, С.Зоригийн амийг хөнөөсөн Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал гуравдугаар сарын 14-ний өдрийн 09.00 цагт Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд болохоор товлогджээ.

Шүүх хурал хаалттай болох юм байна.

Categories
мэдээ спорт

Г.Дэмүүл арслангийн нэрэмжит барилдаанд Н.Батсуурь түрүүллээ

Монгол улсын хурц арслан Г.Дэмүүлийн нэрэмжит бөхийн барилдаан бямба гарагт боллоо.Тус барилдаанд улс аймгийн цолтой хүчит 224 бөх зодоглож, МУ-ын арслан Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ. Цаашид нутгийнхаа бөхчүүдийг алдаршуулах зорилгоор бусад улс аймгийн цолтой бөхчүүдийн нэрэмжит барилдааныг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг шүүнэ

Энэ сард дуулиан дагуулсан хоёр хэргийн шүүх хурал болохоор товлогджээ. Тодруулбал, дөрвөн настай охиноо зодож амь насыг нь хөнөөсөн Г.Маралмаа, Т.Цогт нарын хэрэг, авлигын хэрэгт холбогдсон Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн шүүх хурал болох юм байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийг шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч хойшилсон. Учир нь, шүүгдэгч Төгсбаярын өмгөөлөгчийн ар гэрт гачигдал гарсан учир шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан билээ. Тэгвэл тус шүүх хурал энэ сарын 20-нд болно. Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ.

Мөн дөрвөн настай охиноо зодож амь насыг нь хөнөөсөн Г.Маралмаа, Т.Цогт нарын хэргийг шүүх хурлын тов энэ баасан гарагт буюу гуравдугаар сарын 17-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зарлагджээ.

Шүүхээс эл хэрэгт буруутай хэмээн тооцож, талийгаач охины хойд эх Г.Маралмаад 23 жилийн хорих ял оноосон бол төрсөн эцэг Т.Цогтыг нь цагаатгасан билээ. Тэгвэл Г.Маралмаад энэ хэрэгт Т.Цогтыг буруутай хэмээн үзэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар шинэээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Т.Цогт, Ж.Маралмаа нарт холбогдох хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс дахин сэргээж шалгажээ.

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ

Холбоотой Зураг

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 13-ны даваа гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ.

Баянзүрх дүүрэг

11:00-17:30 цагт: 13, 14-р хороо Консулын 1-20, Дүүргийн 1-10, Районы 1-6-р гудамж, 13, 22-р хороо Өлгийн 3, 16, 18-20, 31, Ойн-1, 2-р гудамж, 69А, Б, 71, 72, 77, 79, 88, 91, 86, 89, 90 А, Б, В, Г, 106-7-р байр, Хими, Түүх, Физик, Биологийн хүрээлэн, 14-р сургууль, дүүргийн Цагдаагийн хэлтэс, Халамж үйлчилгээний газар, ЭМН, Цэргийн нэгдсэн эмнэлэг, 3-р амаржих газар, Үндэсний архивын газар, КУДС, эдгээрийн ойр орчмоор

Чингэлтэй дүүрэг

10:00-10:30 цагт: 3-р хороо Төмөрчний 16, 22-р байр, Баруун сэлбийн 39, 40-р гудамж

11:00-11:30 цагт: 1, 4-р хороо ҮХ-96 35, 2-40 хороолол 35, БТЛХ 35-р байр, эдгээрийн ойр орчмоор

12:00-12:30 цагт: 1-р хороо Ситифон, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ууд, Хөрөнгийн бирж, дүүргийн гэрэлтүүлэг чимэглэлийн үйлдвэр, эдгээрийн ойр орчмоор

Баянгол дүүрэг

11:00-11:30 цагт: 4-р хороо Гранд плаза их дэлгүүр, Рокмон билдинг

12:00-12:30 цагт: 4-р хороо Гранд плаза их дэлгүүр, Рокмон билдинг

11:30-12:00 цагт: 4-р хороо МҮЭСТО

Сонгинохайрхан дүүрэг

10:00-17:00 цагт: 20-р хороо БЦ-ийн 158-р анги, Уураг-Алтай, Дөрвөн түшиг ХХК-ууд, эдгээрийн ойр орчмоор

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг шалгаж дуусчээ

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-д хийгдсэн Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хамтарсан шалгалт дуусчээ. Уг шалгалтыг Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 12 мэргэжилтэн, улсын байцаагч нар үйлдвэрлэл, эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн байна. Шалгалтын дүнгийн талаар ирэх 7 хоногт олон нийтэд танилцуулах аж.

Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн энэ оны хоёрдугаар сарын нэгний өдрөөс 22-ны өдрийг дуустал шалгалт хийжээ.

Categories
мэдээ нийгэм

Шинэ стандарт хангасан гэрийн зуухыг ирэх сарын 1-нээс эхлэн худалдаална

Нийслэлийн Агаарын бохирдлын газар, Байгаль орчны газар, Эрүүл мэндийн газар, Газрын алба хамтран нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахаар өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр албаныхан “Утаагүй хот 2030” төсөл болон нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг эхнээс нь хэрэгжүүлж байгаагаа тодотгосон юм. Энэ хүрээнд нийслэлийн агаарын чанарыг сайжруулах дөрвөн бүсэд мэргэжлийн хяналтын 269 байцаагчийг томилсон байна. Тэд агаарын чанарт хяналт тавих эрх, үүрэгтэйгээр ажиллаж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд эдгээр байцаагч 1316 иргэн, аж ахуйн нэгжид шалгалт хийж, 1034 мэдэгдэх хуудсыг иргэдэд тараасан байна. Мөн энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг уурын зуухуудад хяналт, шалгалт хийж зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд гурван сая 195 мянган төгрөгийн торгууль ногдуулсан тухай мэдээллэсэн юм.

Үүнээс гадна Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй бүсийн 50 цэцэрлэгт дотоод агаарын чанарыг сайжруулах 200 төхөөрөмж суурилуулсан байна. Энэ төсөл нь Дэлхийн банкны санхүүжилтээр үргэлжлэх юм.

Үүнээс гадна энэхүү хурлын үеэр “Нарантуул”, “Хархорин” зэрэг томоохон худалдааны төвд ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс шинэ стандарт хангасан гэрийн зуух худалдах албан шаардлага гаргасныг дуулгалаа. Энэ нь нийслэлийн агаарын бохирдлыг 35 хүртэлх хувиар бууруулах орчин үеийн зуух болохыг мэдээллээ.

О.ӨНӨР