Categories
мэдээ цаг-үе

Борхүүгийн Батсайхан: “Болор цом”-д хэн ч түрүүлсэн бай над шиг л муулуулах байсан

Яруу найрагч Б.Батсайхан гэргий, хүүгийн хамт. 2017.03.05

“Болор цом” наадмын тэргүүн шагналт яруу найрагч, Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын дарга Борхүүгийн Батсайханыг нийслэл хотод хүрэлцэн ирэхэд уулзаж хөөрөлдлөө.


-Оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” наадам жил жилийн улсын баяр наадмын бөх шиг дуулиан шуугиантай болдог. Өөрөө Дорнод аймагт саяхан болсон “Болор цом” наадмын тэргүүн шагналт найрагчаар тодорлоо. Цахим ертөнцөөр өөр рүү чинь нэлээд дайралт хийв үү дээ?

-Жил болгон л түрүүлсэн “Болор цом”-ын эзэн рүү дайрч байдаг болсон доо. Тэр наадам, шүлэг, найрагчдаа алинд нь ач холбогдол өгөөд байгаа нь мэдэгддэггүй. Намайг элдвээр л хэлж байна. “Болор цом”-д анх удаа орсон, битүү морь л гэж байна. Цомыг жаран сая төгрөгөөр худалдаж авлаа гэж байна. Тийм их мөнгөтэй бол би ядаж ганц өрөө байр худалдаж авдаг юм байгаа биз дээ. Дорнод аймгийн Засаг даргын авгайн дүү гэх мэтээр элдвээр хэлж байна. Тэр худалдаж авлаа гэж байгаа хүмүүст би их баярлаж байгаа. Би мөнгөлөг, өнгөлөг харагдаж байгаа юм байна. Тэр хүмүүс утга зохиолыг худалдаж авдаггүй юм гэдгийг ойлгохгүй л байгаа юм байх даа. Утга зохиол гэдэг бол үнэлшгүй үнэ цэнэтэй зүйл шүү дээ. Утга зохиолын эцсийн оргил цэг бол “Болор цом” биш. Гэхдээ яруу найрагчид болоод уншигч олон түмний хамгийн түм уулзалт гэдэгтээ л үнэ цэнэ нь оршдог. Тухайн жилийн монгол түмний хүсэн хүлээдэг хамгийн том найргийн үдэш бол “Болор цом” шүү дээ. Хамгийн сайхан нь үзэгчидтэйгээ уулзаж байгаа яруу найрагчдын л баяр байгаа юм.

-Өөрөө яах аргагүй л Сүхбаатар аймгийн уугуул хүн биз дээ. Яахаараа Дорнодын Засаг даргын авгайн дүү, хүргэн хүү гэж хэлэгдэх болов. Танай эхнэр Дорнодынх юм уу?

-Би Сүхбаатар аймгийн Онгон сумын унаган хүн. Миний аав Нанзадын Борхүү гэж барилгад насаараа жолооч хийсэн хүн. Бурхан болоод хэдэн жил болж байна. Ээж минь Дамдингийн Адьяа гэж хүн одоо хотод аж төрж байна. Би таван дүүтэй. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо ах бид хоёр нэг сумынх. Нутагтаа ажиллаж байгаад, хотод оюутан болж ирээд, сургуулиа төгсөөд “Сэрүүлэг”, “Хонгор зул”, “Өнөөгийн төрх” сонинд ажиллаж байсныг та сайн мэднэ дээ. Манай эхнэр болохоор Булган аймгийн Сайхан сумын харьяат Нямсүрэнгийн Мөнхдэлгэр гэж хүн байна. Бид хоёр хүүтэй. Ууган хүү тавдугаар ангид, бага хүү дөрвөн настай ийм л энгийн нэгэн гэр бүл. Дорнодын Засаг даргыг ч би яс юман дээрээ огт танихгүй шүү дээ. Сая “Болор цом”-ын үеэр л анх удаа гар барьж танилцсан. Бусдын хэл амны бай болох шалтгаан юу вэ гэвэл “Болор цом”-ын оройн хүлээн авалт дээр Засаг дарга Бадамсүрэн гэдэг хүн “Манай ээж Сүхбаатарын Онгоных юм. Онгоны хүн цом авч байгаад би баяртай байна” гэж хувийн талархал илэрхийлэхгүй юү. Тэр үгнээс л улбаалж ийм яриа гарсан байх. Ээжийнх нь нутгийн хүн түрүүлсэнд тэр хүн баярлаж болно оо доо. Дорнодын хүн амын далаад хувь нь Сүхбаатар гаралтай хүмүүс байдаг. Тэрнээс биш би Дорнодоос хүн тэгтлээ танихгүй л хүн шүү дээ. Ээждээ би “Та Дорнодод тийм мундаг арын хаалгаддаг хүнтэй байсан юм бол эртхэн хэлэхгүй яасан юм” гэж наргиан болгож хэлж байлаа (инээв). Тэнгэрт одсон их найрагч Данзангийн Нямсүрэн, Очирбатын Дашбалбар нарын маань гэгээн сүнс нутагтаа Янжинлхам бурхнаа залъя гэсэн авшиг ч байсан юм уу. Тэрний зарч улаач болж “Болор цом” хүртлээ гэж бэлгэшээж байна даа.

Холбоотой Зураг-Сургууль соёл хаана дүүргэв?

-Онгон сумандаа дунд сургууль төгсөөд уурын зуухны галчаар гурван жил ажиллаж байгаад Утга зохиол нийгмийн ажилтны сургуулийг дүүргэсэн. Удирдлагын академийг төгссөн.

-“Болор цом”-д түрүүлэх даваандаа та “Тэр эмэгтэй” гэдэг шүлгээ уншсан юм уу. Энэ шүлгийг чинь бас “Ээжийгээ тэр эмэгтэй гэлээ” гэж нэлээд шүүмжлэх шиг болов оо доо?

-“Тэр эмэгтэй” шүлгээ уншсан.

“Тэр эмэгтэйд би хайртай

Тэвэрч аваад үнсэхэд нь дуртай

Даарсаар очиход минь угтан авч

Бээрсэн гарыг минь бүлээцүүлж өгдөг

Гоо үзэсгэлэнт тэр хүнээс

Голт зүрх минь хайр мэдэрдэг ээ

Тэр эмэгтэйд би хайртай

Тэртээ холоос ч угтдагт нь дуртай

Халууцсаар очиход минь тосон авч

Хөлсийг минь арчин сэрүүцүүлж өгдөг

Гомдоох ердөө боломжгүй тэр хүнээс

Гоо үзэсгэлэнг илүүтэй мэдэрдэг ээ

Жирийн л нэг монгол эмэгтэйгээс

Жинхэнэ хайрыг би мэдэрдэг ээ

Хайр гэрэлтүүлсэн тэр эмэгтэйг

Ээж гэдэг” гэсэн шүлэг байгаа юм.

-Таныг энэ шүлгээ дадаист урсгалын шүлэг гэсэн гэж байсан?

-Энэ шүлэг маань шүүгчдийн таашаалд нийцсэн юм байгаа биз дээ. Урсгал чиглэлийн хувьд хүн бүхэн л өөрийнхөөрөө тайлбарлах байх. Бидний мэддэг изм-ээс гадна уран зохиолын учиргүй олон изм байгаа шүү дээ. Эцсийн дүнд би утга зохиол судлаач, шүүмжлэгч биш. Ер нь тэгээд жил бүрийн “Болор цом”-ын тэргүүн найрагчийг сайн ч шүлэг уншсан, тааруу ч шүлэг уншсан шүүмжилж байдаг болчихсон нь улиг домог болж байна.

-Энэ найргийн наадамд хэдэн удаа оролцов?

-Би нийтдээ арван нэгэн удаа шүлгээ өгч, долоо найман удаа гучид шалгарч, хоёр гурван удаа арван тавд үлдэж, Өвөрхангайд болсон “Болор цом”-д айрагдаж байлаа. Энэ жилийн “Болор цом”-ын салхийг хагалж, түрүү жилийн цомын эзэн Эрдэнэбаатарыг шүлгээ уншсангүй гэж шүүмжилж байна. Хүнд хувийн хүндэтгэх шалтгаан байж болно шүү дээ. Цахим ертөнцөөр үзэл бодлоо илэрхийлэгчдэд хариуцлага тооцдоггүйгээс хүнийг их харлуулах юм. “Болор цом” авсандаа би мэдээж баярлаж л байна. Намайг мянга харлуулж доош нь хийлээ гээд “Болор цом”-ыг буцаагаад авахгүйгээс хойш дэмий юм баймаар. Магадгүй, өөр хүн авсан бол бас л муулуулж байгаа. Хэн ч авсан ялгаагүй л муулуулах байсан.

-Баруун-Уртын төвд хаана амьдарч байна даа?

-Баруун-Урт хотынхоо долдугаар багийн 52 айлын дөрвийн хоёр тоот гэсэн хаягт амьдарч л байна.

-“Жаахан шарга” театрын дарга саяхан болов оо доо?

-“Жаахан шарга” театрын даргын албыг “Болор цом”-ын эзэн болсны мялаалганд өглөө гээд шуугиж байна. Тэгдэг л юм бол жил бүхэн “Болор цом”-ын эздийг албан тушаалаар мялаагаад байх нь ээ дээ, янз нь. Энэ театрын даргын сонгон шалгаруулалтад “Болор цом”-оос өмнө орчихсон байсан хүн шүү, би. Ажлаа хүлээж авах л “Болор цом” наадам болсны дараа болсон болохоос биш. Мялаалгасаад байсан юм ер байхгүй. Өмнөх ажлаа хийгээд гишгэж байгаа газраа л харж явъя. “Жаахан шарга” маань анх Соёлын ордон байж байгаад театр болсноосоо хойш 25 жилийн ойгоо хийсэн. Дал наяад ажилтан албан хаагчидтай томоохон театр л даа. Миний өмнөх дарга театрын маркетинг, менежмэнтийг нэлээд хөгжүүлсэн. Миний хувьд уран бүтээлч хүн даргаар очсоных урлагийн язгуур тал руу түлхүү анхаарна. Манай Сүхбаатар аймгаас төрөн гарсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн, төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбарын мэндэлсний 60 насны ой энэ онд тохиож байгаа. Юун түрүүнд их найрагчийн үр хүүхэд, гэр бүлийнхэн болоод аймгийнхаа Засаг даргатай энэ их хүний тэгш ойг тэмдэглэх талаар ярилцахаар төлөвлөөд байна. Одоогоор хугацааг нь товлоход бэрх байна. Яагаад гэхээр манай аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гараад тодорхой хугацаагаар хөл хорио тогтоогоод байгаа.

-“Болор цом” авчихлаа. Одоо номоо гаргана биз?

-“Хөх үдшийн цагаан шувуу” шүлгийн номоо 2010 оны нэгдүгээр сарын 20-нд хэвлүүлж байлаа. Энэ номыг маань ивээн тэтгэсэн Дээд монголчууд, “Дэлхийн сонор” компанийн захирал Цэрэндаш, яруу найрагч Бүргэд, хэвлэхийн захирал Хасар нар маань одоо гарах шинэ номыг маань хөндлөн, босоо хоёр монгол үсгээр хэвлэж өгөх болсонд баяртай байна даа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

БЗД-т даргын шийдвэр биелүүлэх гэж, Дүнжингаравт шүүхийн шийдвэр эсэргүүцэх гэж бороохой тачигналаа

Өнгөрсөн долоо хоногт болсон зарим үйл явдлууд эрхгүй анхаарал татаж, агаар чанар нь ойролцоо мэт боловч авч буй арга хэмжээ, үр дүн нь тэнгэр газар мэт байсанд олон хүн гайхшрав. Улирагч аравдугаар сард болсон орон нутгийн сонгуулиас хойш эцэслэн шийдвэрлэгдэхгүй байгаа нэг асуудал бол Баянзүрх дүүрэгт аль нам нь олонхи болсон бэ гэдэг асуудал. Угтаа 41 суудлын 22-т нь АН, 19-т нь МАН ялалт байгуулчихсан боловч 22 суудал авсан АН-д үүнийгээ баталгаажуулах бяр нь дутаж, МАН-д үүнийг нь хүлээн зөвшөөрөх сэтгэл дутсан хэрэг л дээ. Товчоор хэлбэл, салхины чиг МАН руу эргэсэн учраас нөгөөд нь тэнхээ дутаж, наадханд нь бяр амтагдсанаас ийн удахад хүрсэн юм.

Ингээд дөрөв, таван сар учир зүйгээ олж чадалгүй хоёр Засаг дарга, хоёр Иргэдийн хурлын дарга томилж хүртэл үзсэн. Хоёр намын үл ойлголцол, нэгнээ хүлээн зөвшөөрөх улс төрийн соёл хаана хаанаа дутаад байгааг олон нийт анзаарч л байсан. Гэхдээ нэг ийм бүдүүлэг арга барилд гайхшрахаа болиод удсан учраас тэгтэл асуудал босгож, хэл ам гаргалгүй явсаар ирэв. Харин өнгөрсөн баасан гаригт нийслэлийн Засаг дарга бөгөөд Хотын даргын захирамжийг биелүүлэхээр Цагдаагийн байгууллага хүч хэрэглэхэд эрхгүй цочирдлоо. Төрийн нэрийн өмнөөс дүрэмт хувцас өмссөн хүмүүс иргэдийн эсрэг хүч хэрэглээд эхлэхээр эмзэглэх хүмүүс олон байдаг. Эмзэглэхээс ч аргагүй. 2008 оны долдугаар сарын 1-нд гарсан эмгэнэлт хэргийг хэн ч мартаагүй. Одоо хэр хар дарсан зүүд мэт. Дайны хөлд, байгалийн гамшигт биш ардчилсан улс оронд амьдарч байгаа атлаа таван халуун амь төрийн нэрийн өмнөөс ажиллаж байгаа цагдаа нарын гарт үрэгдсэнд гол эмгэнэл нь оршдог. Өнгөрсөн баасан гаригийн бага үдийн алдад БЗД-ийн Тамгын газрын байрны гараашийн хаалгыг цагдаа нар эвдэж нэвтрэхдээ гааз цацаж, тэнд эрх мэдлээ алдахгүй гэж тэмцэж байсан намын болоод сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгааг эсэргүүцсэн иргэд рүү халдсан. Иргэд рүү гааз цацахад амьсгалах аргагүй болсон тэд гүйж гарахад хүрч байв. Зарим гүргэр нэгийг нь цаас эвхэж байгаа мэт аваад л гадагш нь шидлээд байгаа харагдсан. Хүүхэн, шуухан гэж харж үзэх ч юм байхгүй хумиад хумиад гаргачихсан.

Төрийн өмчдөө төрийн цагдаа нь халдсан, иргэдийн эсрэг гааз энэ тэр хэрэглэсэн дээр бол ямар нэг хуулийн гаргалгаа олчих байх л даа. Нийтийн эмх замбараагүй байдал үүсгэж байгааг зохицуулахын тулд зөвшөөрөөгдсөн зэвсэг энэ тэр хэрэглэсэн гээд яаж ч гоёор тайлбарлачих байх. Бас хуулийн хүрээнд ч хийсэн гэгдэх биз. Гэхдээ л даргын захирамжийг биелүүлэх гээд иргэнийхээ эсрэг гар далайж байгаа нь Монголын эмгэнэл. Ямар Парисын харуудын хороололд гарсан эмх замбараагүй байдал, машин шатаасан танхайрлыг зогсоох гэж байгаа биш дээ. Ямар нэг байдлаар үзэл бодлынхоо төлөө үнэнч байж, санал бодлоо илэрхийлж байгаа хүмүүс рүү татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг, төрийн нэрийн өмнөөс ажилладаг алба хаагчдыг турхирч болохгүй. Тэгээд дээрээс нь таних тэмдэг, мөрдэс гээд зохих ёсны бүгдийгээ нуучихсан ажиллагаа хийж байдаг. БЗД-ийн энэ асуудал бол нийтийн тайван амгалан байдлыг алдагдуулсан эсвэл төрийн хэвийн ажиллагаанд саад учруулсан хэрэг биш. Сонгуультай холбоотой хэрэг учраас онцгой үйл явдал. Сонгууль бол иргэдийн, сонгогчдын саналыг дэнсэлж гаргадаг учраас хүчээр асуудлыг зохицуулах ямар ч боломжгүй тусгай явдал. Үзэл бодлыг үнэлэн үздэг ардчилсан оронд тусгайлахаас ч аргагүй хэрэг.

Гэвч үүн дээр Монголын цагдааг оролцууллаа. Үнэхээр даргын захирамж тушаалыг биелүүлэхэд босоо удирдлагатай учраас цагдаагийн байгууллага оролцохоос аргагүй байдаг гэж үзлээ гэвэл БЗД-ийн хэрэг явдлын нөгөөдөр нь болсон Дүнжингаравын хурд уралдааныг харахаар толгой эргэж, учир ойлгогдохгүй. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ сарын 3-ны өдөр Засгийн газраас товыг нь тогтоосон гурван морин уралдааныг зохион байгуулахыг түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан.

Ингэснээр 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд болох Дүнжингаравын хурд болохгүй нь гэсэн мэдээлэлтэй байтал өнөөх хурдан морины нүсэр уралдаан нь нижгэр гээч нь болчихлоо. Шүүхийн шийдвэрийг иргэд, дарга даамал хэн ч байсан биелүүлэх ёстой. Үнэхээр хууль тогтоомж, дүрэм журмыг биелүүлдэг даалгавартай байдаг бол цагдаагийнхан энэхүү дүрэмгүй баяр наадам хийгчдийг зогсоох ёстой байтал тэгсэнгүй ээ. Харин эмх журам зохицуулж байна гээд нөгөө муу хэдэн иргэдээ чирч гулдарч, олс дээсний наана цаана зогсоож дэглэж байгаа харагдсан. Даргын даалгаврыг биелүүлэхдээ ч, шүүхийн шийдвэрийг эсэргүүцэхдээ ч өнөөх л хэдэн иргэдийнхээ эсрэг. Бас цас жавартай хайруу үеэр болсон уралдаанаар цөөнгүй хүүхэд мориноосоо унаж, гэмтсэн мэдээ сонстож байна.

Ийм нэгэн тэс өөр үр дагавар дагуулсан үйл явдал болж өнгөрлөө. БЗД-т даргын шийдвэр биелүүлэх гэж, Дүнжингаравт шүүхийн шийдвэр эсэргүүцэх гэж Монголын цагдаагийн бороохой тачигнасан нь тэр. Үнэхээр БЗД-т хотын даргын захирамжийг биелүүлэхээр очиж байсан нь аргагүй гэвэл Дүнжингаравын үеэр ч шүүхийн шийдвэрийг зөрчсөн уралдаан зохион байгуулагчдыг зохицуулах ёстой байлаа. Энэ бүхнээс харахад улс төрийн шийдвэр, намын эрх мэдэлтнүүдийн эрх ашгаар хөдлөөд байна уу даа гэж харагдах. Улстөрчдийн дохио зангаа, шийдвэрээр цагдаа яваад ирэхээрээ буруутдаг. Тэгээд эхэлбэл цагдаа нар шийтгэл хүлээдгээс хэн нэгэн дарга, улстөрч хүлээж байсан түүх үгүй. Долдугаар сарын 1-ний хэрэг явдлын буруутан цагдаагийн хэдэн хурандаа нар, уг байгууллагыг толгойлж байсан Ч.Амарболд болж ял хүлээснээс аль нэгэн сайд, эрх мэдэлтэн болоогүй. Иргэдийнхээ эсрэг цагдаа нь хөдлөөд ирэхээр хамаг муу муухай дурсамж сэргэж, хүмүүс энэ бүхэнд агзганадаг болчихжээ. Ардчилсан үзэл санааны эсрэг, шударга ёсны эсрэг улс төрийн эрх мэдлээр далайлгадаг явдал манайд хэрээс хэтэрснийг хэн хүнгүй л харж байна. МАН өнөөдөр муухайдаа, АН гоёдоо ингээд байна гэж хэлэхийн аргагүй. Маниасаа өмнө гэгчээр МАН-аасаа өмнө АН-ынхан хүчээр далайлгаж, хуулийг гууль болгодог муухай жишгийг тогтоочихсон юм. Өнгөрсөн дөрвөн жилд эл байдал хэрээс хэтэрсэн.

Хуульд санаатай ч юм уу, санамсаргүй юм уу зохих ёсны заалтыг оруулахгүй үлдээгээд хүссэнээрээ сонгуулийн өмнө өөрчлөлт ч оруулж байх шиг, Цэцийн шийдвэр нь таалагдахгүй бол даргыг нь явуулчихаж ч байх шиг, даргад таалагдаагүй бол бүгдийг нь өөрчилдөг увайгүй шийдвэрүүд олныг үзсэн. Үг хэлүүлэлгүй микрофоныг нь хааж амыг нь ангалзуулна. Тэднээсээ өмнө нөгөө нам нь ч бас хийдүүлдэг л байсан. Гэхдээ нэг нь нөгөөгөөсөө давах гэсэн мэт муужруулсаар байтал ард түмэн туйлдаж гүйцлээ. Намуудын хүч түрэмгийлсэн муйхарлалд ард түмэн л хохирч, олон нийт л туйлддаг. Түүнээс хоёр нам биш. Үсрээд сонгуулиар нэг нь ялж, нөгөө нь ялагддаг. Харин энэ бүхэн он цаг үргэлжлэн даамжраад байвал ард олон туйлдаж ядарч, ардчилал устаж, нийгэм хохирдог. Тиймээс ард түмэн гэж ярих дуртай улстөрчид үнэнээсээ ард олноо бодоосой билээ.

Г.НАЦАГ

Categories
мэдээ нийгэм

Талийгаачтай хамт байсан 11 залуу хар тамхи хэрэглэсэн нь тогтоогджээ

хар тамхи хэрэглэсэн зурган илэрцүүд

Энэ оны нэгдүгээр сард нэр нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд болох хэсэг залуус наргиж цэнгэж байгаад нэг нь Баянзүрх дүүрэгт байрлах “Рояал кэстл” хотхоны 12 давхраас унаж нас барсан хэрэг гарсан билээ. Тэгвэл энэ хэрэгт залуусыг холбогдуулан шалгаж байгаа тухай бид өмнө нь дурдсан. Тэдний байсан байрнаас мансууруулах төрлийн бодис болон хэрэглэсэн байж болзошгүй гаанс олдсон тул тухайн үед талийгаачтай хамт байсан 11 залууг шалгаж, Улсын мөрдөн байцаах газраас шинжилгээ авч шинжилгээний хариу гарчээ.

Шинжилгээгээр “Рояал кэстл” хотхонд байсан 10 эрэгтэй, нэг эмэгтэй хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байна.

Хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх тасаг шалгаж байгаабөгөөд хэрэг шалгах явц үргэлжилж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэв.

Хэргийн газарт Э.Намсрай /22 настай/, Б.Цэрэнням /21 настай/, Ж.Гантулга /28 настай/, Ц.Цэрэндорж /22 настай /, Б.Хүлэгт /23 настай/, н.Жамух /22 настай/, Ц.Даваажаргал /28 настай/, Г.Дөлгөөнбаатар /21 настай/, Х.Есүнгэ /22 настай/, Б.Намуун /25 настай/ нарын 21-28 насны 10 эрэгтэй, нэг эмэгтэй байсан юм. Тэд тухайн үед “Мансууруулах төрлийн бодис хэрэглээгүй, талийгаачийг амиа хорлосныг мэдээгүй, унтаж байсан” гэж мэдүүлсэн байдаг.

Categories
мэдээ улс-төр

З.Энхболд сонгуульд нэрээ дэвшүүлжээ

З.Энхболд зурган илэрцүүдАН-ын дотоодын сонгуульд өрсөлдөх эрхмүүдийн бүртгэл явагдаж байгаа билээ. Уг сонгууль ирэх сарын 2-нд болно. Тэгвэл уг сонгуульд УИХ-ын дарга асан З.Энхболд нэр дэвшихээр болсон байна. Тэрбээр энэ талаар “УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 70 дугаар тойргоосоо өрсөлдөхөөр бүртгүүлчихлээ. Манай тойргоос таван хүн Үндэсний бодлогын хороонд орно” хэмээн ярилцлага өгчээ.

Үндэсний бодлогын хороонд гишүүнээр сонгогдоно гэдэг нь УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших мандат өвөртлөх том боломж юм.

Энэ талаар З.Энхболд “2020 онд Ардчилсан намаас УИХ-д нэр дэвшье гэвэл одоо Үндэсний бодлогын хороонд өрсөлдөж орж ирэх хэрэгтэй. Манай гишүүд ч сонголт хийхдээ 2020 онд УИХ-д Ардчилсан намыг ялуулж, гишүүн болж чадах хүнийг сонгох учиртай. Шуудхан хэлэхэд энэ хүнийг ҮБХ-д гаргавал 2020 онд УИХ-д ялах уу, үгүй юу гэсэн сонголтыг хийнэ гэсэн үг” хэмээн ярьжээ.

Ийнхүү тэрбээр дотоодын сонгуульд 70 дугаар тойрогтоо нэр дэвшихээр болсон байна.

Categories
мэдээ нийгэм

С.Зоригийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралд ах нь оролцож байна

Ардчиллын загалмайлсан эцэг гэгддэг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн давж заалдах шүүх хурал өнөөдөр Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн байранд болж байна. Анхан шатны шүүхээс ил хэргээр ял сонссон Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Х.Чимгээ нарт дээд хэмжээний ял оноосон билээ. Өнөөдрийн шүүх хуралд С.Зориг агсны ах С.Баяр анх удаа оролцохоор иржээ. Мөн С.Зориг агсны дүү С.Оюуныг төлөөлж өмгөөлөгч Л.Энхсайхан ч шүүх хуралд оролцож байгаа аж.

Харин шүүгдэгчид шүүх хуралд цахимаар холбогдон, оролцож байгаа бөгөөд тэдний бие төлөөлөгч, өмгөөлөгчид иржээ.

Т.Содномдаржаагийн өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, Х.Чимгээгийн өмгөөлөгчөөр С.Оюунцэцэг, Ц.Амгаланбаатарын өмгөөлөгчөөр Д.Дашдорж нар өнөөдрийн Шүүх хуралд оролцож байна.

Анхан шатны шүүхээс Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон.

Тодруулбал, Ц.Амгаланбаатарт оноосон 25 жилийн 20-ыг гянданд, үлдсэнийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Б.Содномдаржаад оноосон 25 жилийн 23-ыг нь гянданд, үлдсэнийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Т.Чимгээгийн 24 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд Ч.Баярмөнх Итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Йорданы Хашимитын Вант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баярмөнх тус улсын Хаан Эрхэм дээд Абдулла II Ибн Аль-Хусейнд 2017 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барив.

Элчин сайд Ч.Баярмөнх Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Йорданы Хаан Эрхэм дээд Абдулла II уламжилж Монгол, Йорданы харилцаа, хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

Йорданы Хаан Абдулла II Монгол, Йорданы хамтын ажиллагаа улс төрийн хувьд өндөр хэмжээнд байгааг тэмдэглэж, хоёр талын хамтын ажиллагааг эдийн засаг, худалдаа, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх шаардлага байгааг онцлоод энэ тал дээр Элчин сайдад бүх талын дэмжлэг үзүүлэх болно гэв.

Итгэмжлэх жуух бичгээ барьсантай холбогдуулан Элчин сайд Ч.Баярмөнх Йорданы Гадаад хэрэг, гадаадад амьдрагч иргэдийн асуудал хариуцсан сайд, тус яамны Ерөнхий нарийн бичгийн дарга, Ёслолын газрын дарга, Ерөнхийлөгчийн албаны дарга, болон Йорданы Төлөвлөлт, Олон улсын хамтын ажиллагааны яамны Ерөнхий нарийн бичгийн дарга нартай тус тус уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Categories
мэдээ улс-төр

АН-ын Үндэсний бодлогын хороонд өрсөлдөхөөр 374 хүн эрхээ авчээ

Ардчилсан намын Хууль дүрмийн бодлогын газрын гишүүнчлэл бүртгэлийн албанаас

Үндэсний бодлогын хороонд өрсөлдөхөөр 620 хүн лавлагаа авчээ.

Эдгээр хүмүүсээс материалаа бүрдүүлж татвараа төлсөн буюу нэр дэвших эрхээ 374 хүн байна. Түүнчлэн аймаг, дүүргийн намын хорооны даргын 25 суудалд өрсөлдөхөөр 38 хүн бүртгүүлж, дэнчин, хураамжаа төлжээ. Харин нийслэлийн АН-ын хорооны даргад өрсөлдөхөөр Сүхбаатар дүүргийн АН-ын хорооны дарга С.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нар бүртгүүлсэн аж.

Тус намын дотоод сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа энэ сарын 15-ны өдрийн 00:00 цаг хүртэл үргэлжлэх бол ирэх сарын 2-ны өдөр АН-ын бүх гишүүд дотоод сонгуульдаа оролцож саналаа өгөх юм. Дашрамд дурдахад, нэр дэвшигчдийн төлөх дэнчин, хураамжийн хувь хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй гэнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Б.Гарамгайбаатар “Ганц”-д тарчилж, Д.Дамба-Очир депутат болон тарвалзахын учир юу вэ” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн шинэ дугаар хэвлэгдэн худалдаанд гарлаа. Өнөөдрийн дугаар гарсан шинэ мэдээлэл, цаг үеийн сурвалжлага, даацтай томоохон нийтлэл, ярилцлагуудаас тоймлон хүргэж байна.

Сонины тэргүүн нүүрт “Тэнгэрт хадсан үнэтэй “Caffe Bene”-ээс өндөр татвар авах ёстой” хэмээх гарчигтай сурвалжлага гарлаа. “Caffe Bene”-ийн кофе манайд найман мянган төгрөгийн үнэтэй байхад зоогийн газарт нэг аяга монгол сүүтэй цай 300-500 төгрөгийн л үнэтэй байна. Тэгэхээр нэг Тэнгэрт хадсан үнэтэй “Caffe Bene”-ээс өндөр татвар авах ёстой талаараа манайхан хэтэрхий соёлтой, боловсон юм үзсэн, тансаг хүн болж харагдах гэж хийрхэж үйлчлүүлсээр “Caffe Bene” зэрэг гадныхны хоол, цайны газруудын үнийг тэнгэрт гаргаж байна гэж ойлгож болж буй. Тэгвэл эл асуудлыг хөндсөн сурвалжлагыг нэг, зургадугаар нүүрээс уншина уу.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагвын ярилцлагыг нэг, тавдугаар нүүрт хэвлэлээ. “Татваруудыг нэмж, хасах асуудлыг Засгийн газар өөрөө шийдээд явах нь зөв” хэмээх түүний ярилцлагад улс төрийн одоогийн нөхцөл байдлуулын талаар нэлээд дэлгэрэнгүй ярьжээ.

“Ерөнхийлөгчийн сонгуулиас болж ОУВС-гийн хөтөлбөрийг хойшлуулбал улс орон маань дампуурах биш үү” нийтлэл өнөөдрийн дугаарын тэргүүн нүүрт мөн гарлаа. “Ерөнхийлөгч болгох гэсэн явцуу эрх ашгаас болж манай улсад ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихгүй болж мэдэхээр байна. Ерөнхийлөгчийн сонгуулиас болж ОУВС-гийн хөтөлбөрийг хойшлуулбал улс орон маань дампуурах биш үү гэдгийг МАН-ын дарга, удирдлага, гишүүд эрх биш гадарлаж л байгаа байлгүй дээ.” Хэмээн уг нийтлэлд бичжээ. Дэлгэрэнгүйгээр нь шинэ дугаараас уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн үзэл санааны хамгийн том талбар болсон гуравдугаар нүүрт нийтлэлч П.Хашчулууны “Б.Гарамгайбаатар “Ганц”-д тарчилж, Д.Дамба-Очир депутат болон тарвалзахын учир юу вэ” хэмээх нийтлэл гарлаа.

Харин Баримт, үйл явдлын буланд Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Элчин сайд С . Б а я р ы н т о м и л г о о г эсэргүүцэн ийн жагсаж буй Г.Ичинхорлоогийн “С.Баяр гуай нэр цэвэр гэдгээ Монголын ард түмэнд харуулчихвал миний эсэргүүцэл дуусна” ярилцлага хэвлэгдлээ.

12 дугаар нүүрт “Боловсрол” суваг т е л е в и з и й н з о х и о н байгуулсан “Mongolia’s Next Top Model” шоу нэвтрүүлгийн ялагчаар шалгарсан Б.Цэрэндолгортой хийсэн ярилцлага гарлаа. Тэрээр “Энэ шоу миний карьерийг жинхэнэ төгс утгаар нь эхлүүлж өглөө гэж бодож байна” хэмээн ярилцлагадаа өгүүлжээ.

Эрхэм уншигч та эдгээр болон бусад цаг үеийн мэдээллүүд болон хуваарьт булангуудыг өнөөдрийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ соёл-урлаг

“5 Tones” тоглолт болно

Улаанбаатар чуулгын уран бүтээлчид үндэсний болон цахилгаан хөгжмийн зэмсгийг хослуулан шинэлэг өнгө төрх бүхий “5 Tones” тоглолтоо 2017 оны 3-р сарын 18-ны өдөр 19:00 цагт өөрийн тайзнаа дахин үзэгч олондоо толилуулахад бэлэн болоод байна.

Тоглолтонд Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчин болох хийлч Дээгий, ятга хөгжимчин Отгоо, ёочин хөгжимчин Бараа, лимбэчин Мийгаа, эвэр бүрээч Чинбаа нар болон “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, цахилгаан хөгжмийн FIX хамтлагтай хамтран дэлхий даяар нэгэнт танигдсан, сэтгэлд хоногшсон дууны болон классик хөгжмийн бүтээлүүдийг шинэчилсэн найруулгаар тоглож үзэгч олондоо хүргэх юм. Ерөнхий найруулагчаар Р.Мөнхсайхан, Хөгжмийн зохиолч, продюсерээр О.Чинбат нар ажиллах аж.

Тоглолтонд оролцох уран бүтээлчид:
• Ч.Дэлгэрцэцэг /Хийлч, СТА/
• О.Чинбат /Эвэр бүрээ хөгжимчин, СТА/
• Х.Бархүү /Ёочин хөгжимчин, СТА/
• Б.Отгончимэг /Ятга хөгжимчин, СТА/
• Б.Мягмарцэрэн /Лимбэ хөгжимчин, СТА/
• Р. Ганбат /Удирдаач, СТА/
• “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал
• Улаанбаатар чуулгын бүжигчид
• FIX хамтлаг
Тоглох хөгжмийн төрлүүд:
• Рок – поп
• Классик
• Модерн
• Фолк мюзик

Тасалбарыг Улаанбаатар чуулгын билетийн касс болон www.ticket.mn худалдаалж байна гэж Улаанбаатар чуулгаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын орчны бохирдлыг байгалийн аргаар бууруулах боломжуудыг танилцуулна

Нийслэлийн Байгаль орчны газраас санаачлан “Нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулахад ургамлын үзүүлэх нөлөө, ач холбогдол” хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Улаанбаатар хотын хөрс, агаарын бохирдлыг бууруулахад хөл газрын ургамал, олон наст ургамал, бут, сөөг болон модны үзүүлэх нөлөө, ач холбогдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаж, суурьшлын бүс, ой болон ногоон байгууламжид тарьж ургуулах ургамлын төрөл зүйлийг сонгохдоо орчны бохирдлыг бууруулахад үзүүлэх нөлөөллийг давхар тооцож тарих, энэ талаарх ойлголтуудаа нэгтгэх зорилготой аж.

Шинжлэх ухааны академи, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн, судлаачид оролцох хэлэлцүүлгийн үеэр хотын эвдэрсэн хөрсийг сайжруулах туршилт, судалгааны ажлын үр дүн, хөл газрын ургамлын хөрсөнд үзүүлэх нөлөөлөл, агаар хөрсний бохирдлыг бууруулахад үзүүлэх ач холбогдол, монгол орны байгалийн тарималжсан олон наст цэцэгт ургамал, ногоон байгууламжид ашиглах модлог ургамал, ногоон байгууламжийн хөрс бэлтгэх, ургамлын арчилгаа зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдана.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, НИТХ-ын “Агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө батлах тухай” тогтоолыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн нийслэлийн хөрсний бохирдлыг байгалийн аргаар бууруулж, нийслэлийн болон айл өрхийн тохижилтийн ажилд өөрийн орны нөхцөлд тохирсон бохирдол шингээгч олон наст ургамлыг тарих асуудал нь шийдвэрлэх нөлөөтэй юм гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.