Categories
мэдээ нийгэм

Аж ахуйн нэгжүүдийг орчны 50 метр хүртэлх газраа цэвэрлэхийг уриаллаа

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 11 дүгээр сарын 61 дүгээр тогтоолд иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг өөрийн эзэмшил ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ хийх тухай заасан байдаг. Энэ хүрээнд тухайн иргэн, аж ахуйн нэгж өөрийн эзэмшилд байгаа гэрлийн шон, хайс хашлагад наасан заруудыг хуулж авах, орчноо цэвэр цэмцгэр байлгах, цэвэрлэх тохижуулах, ногоон байгууламжийн цэцэг зүлэг тарих ажлуудыг хариуцах үүрэгтэй. Тиймээс уг тогтоолын дагуу нийслэлийн Хот тохижилтын газраас гаднах орчны цэвэрлэгээ хийгээгүй, хангалтгүй зохион байгуулсан аж ахуйн нэгжүүдэд идэвхитэй оролцохыг уриалсан мэдэгдэл хүргүүллээ гэж нийслэлийн Хот тохижилтын газраас мэдээллээ.



Categories
мэдээ нийгэм

С.Баяр шүүх хуралдааныг орхин гарлаа

С.Зоригийн хэргийн шүүх хурал үргэлжилж байна. Тус шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг түүний төрсөн ах С.Баяр болон шүүгдэгч Т.Чимгээ, Т.Содномдаржаа нарын өмгөөлөгч Л.Мөнхтөр тавьсан боловч хүсэлтийг хүлээж авсангүй. Иймээс С.Баяр хуралдааныг орхих хүсэлт тавьжээ. Түүний хүсэлтийг шүүгч нар 12:40 цагийн үед хэлэлцээд хуралдаанаас гарахыг зөвшөөрчээ.

Шүүх хурлын Ерөнхий шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр Ц.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нар ажиллаж байна.

Харин шүүхээс ял сонссон Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нар Шүүх хуралд хорих байрнаас цахимаар холбогдож байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Их Британи Европын холбооноос 2019 оны гуравдугаар сард гарна

Их Британи Европын холбооноос 2019 оны гуравдугаар сард гарахаар болжээ. Энэ тухай өнгөрсөн ням гаригт ВВС-ийн сувгаар “BREXIT”-ийн асуудал хариуцсан сайд Дэвид Дэвис мэдэгдэв. Тэрээр сэтгүүлчийн асуултад хариулахдаа “2019 оны гуравдугаар сард Их Британи Европын холбооноос гарах түүхэн үйл явдлын гэрч болно” гэжээ. Түүнчлэн тэрээр энэ асуудал Лондон Брюсселийн хоорондын яриа хэлэлцээр маш хүнд байдалд өрнөх болно хэмээн ярьсан байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Цоохор ирвэсний тархац нутагт 41 камер нэмж суурилуулжээ

Цоохор ирвэс зурган илэрцүүдГовь гурван сайханы байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа, “Ирвэс хамгаалах сан” ТББ-ынхан дэлхийд нэн ховордсон цоохор ирвэсний олон талт судалгаа хийхээр гэрээ байгуулсан юм. Мэргэжилтнүүд популяцын тоо толгойг тогтоох эхний шатны судалгаагаа өнгөрсөн сараас эхлүүлсэн билээ.

Тэгвэл тус байгууллагынхан цоохор ирвэсний гол тархац нутаг болох, Өмнөговь аймгийн Зүүнсайхан ууланд 11, Дундсайханд 10, Баруунсайханд ес, Баянцагааны нуруунд 11 ширхэг автомат камер байршуулжээ. Эдгээр камерийг ашиглан 40 хоног судалгаа хийх гэнэ. Сонирхуулахад, тус цогцолбор газарт байрлуулсан 94 камерт өнгөрсөн онд 179 цоохор ирвэс зургаа татуулжээ.

О.ӨНӨР

Categories
гадаад мэдээ

Доналд Трамп, Ши Жиньпин нар ирэх сард Флоридад уулзана

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинийг ирэх сард Флоридад хүлээж авч уулзах болсон талаар Америкийн хэвлэлд өчигдөр мэдээллээ.

Дээд хэмжээний уулзалт дөрөвдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд Палм Бич дэхь Трампын Мар-а-Лаго тансаг амралтын газарт болно гэж АНУ-ын албаны хүн ярьсан байна.

1985 онд Трампын худалдаж авсан Мар-а-Лаго байгууламжийг сүүлийн үед “Өмнөд Цагаан ордон” гэж нэрлэх болоод байгаа. Уулзалтын талаар Хятадын дипломат албаныхан хэлэхдээ “Яг одоо хоёр тал удирдагч нарын уулзалтыг зохион байгуулах бүх боломжит хувилбарыг ярилцаж байна. Гэхдээ албан ёсоор зарлахад хэтэрхий эрт байна” гэжээ.

Энэ долоо хоногийн сүүлээр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон Бээжинд айлчлах ба энэ үеэрээ Ши Жиньпинтэй уулзаж магадгүй байна. Энэ уулзалт ирэх сард болох дээд хэмжээний уулзалтын өмнөх чухал шат болох юм.

Categories
мэдээ нийгэм

Давж заалдах шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг хүлээж авсангүй

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж байна. Хуралд таалийгаач агсны ах С.Баяр оролцож байгааг өмнө нь мэдээллэсэн. Тэрбээр шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг тавьсан ч түүнийг нь хүлээж аваагүй байна.

Тэрбээр өөрийн дүү С.Оюуныг төлөөлөн шүүх хуралд оролцож буйгаа хэлсэн байна. С.Оюун нь гадаадад томилолттой ажиллаж байгаа юм.

Харин улсын яллагч “Энэ хэрэг нь төрийн маш нууцад хамаарна гэсэн дүгнэлтийг шинжээч гаргасан учраас Шүүх хуралдааныг хаалттай явуулах нь зүйтэй” гэж үзжээ.

Categories
гадаад мэдээ

Сирид 650 гаруй хүүхэд амиа алджээ

Сирид 650 гаруй хүүхэд амиа алджээ зурган илэрцүүд

Сирийн мөргөлдөөний үеэр өнгөрсөн онд 650 гаруй хүүхдийн амь эрсэдсэн тухай НҮБ-ын хүүхдийн сан /ЮНИСЕФ/-гийн тайланд тэмдэглэсэн байна. Шаардлагатай эм бэлдмэл, эмнэлгийн тусламж авч чадаагүйгээс өөр хэдэн зуун хүүхэд өвчний улмаас нас баржээ. Тус улсад зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш зургаан жил болох гэж буйтай холбогдуулан уг тайланг илтгэсэн байна.

Өнгөрсөн долоон хоногт олон улсын буяны “Save the children” байгууллагын мэдэгдсэнээр, Сирийн хүүхдүүд “хортой” стресст орж, насанд хүрсэн хойноо сэтгэл мэдрэлийн зэрэг эрүүл мэндийн ноцтой асуудалтай болох эрсдэл өндөр байгаа гэнэ. ЮНИСЕФ-ийн мэдээлснээр, өнгөрсөн онд 851 хүүхэд зэвсэгт бүлэглэлийн байлдааны ажиллагаанд орохоос аргагүй болсон нь жилийн өмнөхөөс хоёр дахин их үзүүлэлт аж.

О.ӨНӨР

Categories
гадаад мэдээ

ОХУ, АНУ-ын удирдагчид ирэх зун уулзаж магадгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар ирэх долдугаар сард Германы Хамбург хотноо болох “Их 20”-ийн чуулганы үеэр анхны уулзалтаа хийж магадгүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээллээ.

Тэдний уулзалтад бэлтгэх ажил хэдийн эхэлсэн, гэхдээ хэзээ, хаана болох нь одоохондоо тодорхойгүй байна гэж Оросын ГХЯ-наас мэдээллэсэн. Д.Трампыг тангараг өргөсний дараа хоёр удирдагч утсаар ярихдаа биечлэн уулзах ажлыг зохион байгуулах үүрэг өгөхөөр тохиролцжээ. Уг асуудлыг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон нар уулзахдаа хэлэлцсэн байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

“Гацуурт”-ын араас бичигдэх алтны том төсөл Дорноговьд хэрэгжиж магадгүй нь

алтны орд зурган илэрцүүдДорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт орших Өндөр нарангийн алтны орд тойрсон эерэг мэдээлэл өнгөрсөн жилээс давтамжтай цацагдаж байгаа. Энэ жил АМГТГ-аас гаргасан товхимолд уг ордын эзэмшигчийг “Фрийгүүд эри” ХХК гэж тэмдэглэжээ. Энэхүү орд нь 12.4 тонн алтны нөөцтэй гэж Өмнөд Солонгост төвтэй “Freegood Mines” компани мэдэгджээ. “Фрий гүүд майнес” компанийн гүйцэтгэх захирал Сук Мин О “алтны дөрвөн ордын баруун хэсгийн улаан суудалд 68 цооног гаргаж, 11 мянган өрөмдлөг хийж, 12.4 тонн алтны нөөцтэй болохыг тогтоолоо” хэмээн онцолсон тухай хэвлэл мэдээллээр нэгэнт мэдээлчихсэн.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаарт гарчээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ цаг-үе

Б.Түвшинтөгс: ОУВС-гийн хөтөлбөрийн хамгийн чухал нөлөө нь тогтвортой бодлого, сахилга бат

МУИС-ийн Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Б.Түвшинтөгстэй ярилцлаа.


-ОУВС урьдчилсан байдлаар нөхцөлүүдээ танилцуулаад байгаа. Энэхүү нөхцөлүүдийг биелүүлж хөтөлбөрт хамрагдсанаар манай улсын эдийн засагт ямар эерэг болон сөрөг нөлөө гарах вэ?

-Хоёр төрлийн нөлөө харж байгаа. Эхний буюу уг хөтөлбөрийн хамгийн чухал зүйл нь эдийн засгийн тогтолцоог эрүүлжүүлэх. Бодлогын тогтолцоогоо сахилга баттай болгож макро эдийн засгийн тогтолцоо ямар байх ёстой, юун дээрээ анхаарах ёстойгоо нарийн тодорхойлно. Үүгээрээ маш чухал ач холбогдолтой. Бодлогоо нарийвчлаад тодорхой болгохоор гадныхны хүлээлт ч тодорхой болно. Энэ улс ийм бодлого баримталж байгаа юм байна, ийм асуудалд төр нь оролцох юм байна, хувийн хэвшил нь үүнийгээ шийдээд явчих юм байна гэдэг тодорхой болно. Ийм үед хөрөнгө оруулалт хийхэд санаа зовох зүйл гарахгүй. Тэгэхээр нэг ёсондоо уг хөтөлбөрийн хамгийн чухал зүйл нь тогтвортой бодлого, сахилга бат. Өнөөгийн хямралыг давж гарахыг тэгтлээ чухал гэж харахгүй байгаа. Тэртэй тэргүй бид өмнө нь хямарч л байсан. Түүнийг даваад гардаг. Харин зөв тогтолцоо бидэнд байсангүй. Уг нь 2008, 2009 онд бид санхүүгийн сахилга батгүй байвал ямар байдалд хүрдгийг туулж мэдэрсэн. Гэхдээ тэндээс хангалттай хэмжээнд суралцсангүй. Хоёрдугаар нөлөө нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах замыг зааж өгнө. Илүү тодорхой болгоно. Ялангуяа дотоодын ч бай, гадны ч бай хөрөнгө оруулагчид илүү тодорхой мэдээлэлтэй болно. Хөрөнгөө оруулсны маргааш бодлого өөрчлөгдөх болов уу гэх айдасгүй болох юм. Ийм хоёр давуу талтай.

-ОУВС орлого, зарлагад шалгуур нөхцөл тавьсан. Ер нь хэр боломжийн нөхцөлүүд тавьсан гэж харж байгаа вэ?

-Өөр арга гэвэл үнэхээр хэцүү. Тэгэхээр маш боломжийн нөхцөл тавьсан гэж харж байгаа. Төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувьд хүрсэн нь асар өндөр тоо. Ийм байдал зөвхөн 2016 онд ажиглагдаагүй. Өмнөх хоёр, гурван жилд иймэрхүү л дүр төрхтэй байсан. Жил бүр төсвийн алдагдал өсөж явлаа. Үүнийгээ дагаад улсын өр нэмэгдэнэ. Улс алдагдлаа нөхөхийн тулд зээл авдаг. Тэр нь өндөр хүүтэй болохоор төсөвт маш их дарамт учруулж байгаа. Зээлийн хүүгийн төлбөрт л гэхэд 900 гаруй тэрбум төгрөг төлж байна. Долоон их наяд төгрөгийн нэг нь зээлийн хүүнд яваад байна гэдэг эдийн засаг ямар хэцүү болсныг харуулж байгаа. Тиймээс үүнийг шийдэх ёстой. Гадны хөтөлбөртэй ч бай, үгүй ч бай Монгол гэдэг улс оршин тогтнож байгаа бол шийдэхээс өөр гарцгүй.

-Орлого нэмэгдүүлэх найман боломжийг нэрлэсэн. Хэр бодитой боломжууд вэ. Ард түмний нуруун дээр хамаг ачаагаа үүрүүлэх нь гэж яриад байгаа?

-Орлого нэмэгдүүлэх боломж хэрэгжих боломжтой. Харин ард түмний нуруун дээр ачаа үүрүүлж байгаа юу гэвэл тийм. Татвар нэмж байна гэдэг чинь л ард түмний нуруун дээр ирэх ачаалал ихэснэ гэсэн үг. Гэхдээ хадгаламжийн хүүгийн орлогод татвар оногдуулна гэдэг нэг асуудал. Хадгаламжтай буюу хадгалах боломжтой иргэн, өрхөд ачаалал оногдуулж байна гэсэн үг. Гэхдээ нийт хадгаламжийн 90 орчим хувь нь хүн амын таван хувьд оногддог. Тэгэхээр маш багахан хувьд жаахан илүү ачаа үүрүүлнэ гэсэн үг. Дунд болон доод түвшний иргэд үүнд өртөхгүй.

-Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар аваад эхлэхээр иргэд арилжааны банкуудаас мөнгөө татаж байгаа байх. Энэ нь эргээд эдийн засагтаа хэрхэн нөлөөлөх вэ?

-Банкнаас хадгаламжаа авсан иргэн хаана мөнгөө хийх вэ. Манайханд сонголт маш цөөхөн. Хөрөнгийн бирж дээр очоод хувьцаа болгоё гэхээр одоогоор тийм хэмжээнд хүрээгүй байна. Иргэд сохроор хувьцаа авахаас өөр аргагүй. Эсвэл Засгийн газрын бонд руу хөрөнгөө оруулж болно. Мөнгөө хадгалах өөр сонголт байхгүй. Яахав, бие биедээ зээлүүлж болох ч маш их эрсдэлтэй. Тиймээс иргэд хадгаламжаа татаад сүйд болохгүй байх гэж бодож байна. Түүнээс шалтгаалж эдийн засаг айхтар савлахгүй.

-Шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлнэ гэж байгаа. Тэр үед Засгийн газар шатахууны үнийг бодлогоор барих боломж бий юү?

-Тэрийг шатахуун импортлогч болон Түлш, эрчим хүчний газар л мэдэх байх. Бидэнд нарийн мэдээлэл алга. Ямартай ч одоогийнх бол маш их татаастай үнэ. Тэр нь байхгүй болоод татварыг өсгөчихөөр байдал сайнгүй болох биз. Гэхдээ Засгийн газар, шатахуун импортлогч компани хоорондоо ямар гэрээ хийхээс шалтгаалах байх.

-Хөтөлбөр батлагдаад хэрэгжиж эхэлсэн хойно иргэдэд шууд нөлөөлөх үү. Илт мэдрэгдэж ачаалал авах үе нь хэзээ байх бол?

-Нийтийн дунд маш том төөрөгдөл яваад байх шиг байна. Юу вэ гэхээр ОУВС манай улсын төсөвт шууд таван тэрбум ам.доллар өгчих гэж байгаа мэтээр ойлгож байгаа. Тийм биш. Төлбөрийн тэнцлийн алдагдалд зориулж 440 сая ам.доллар өгч байгаа. Энэ мөнгө төсөвт ямар ч хамаа байхгүй. Хоёр тэрбум ам.доллар нь свопын хэлэлцээр рүү шууд орж байгаа. Үлдсэн гурван тэрбум ам.долларын асуудал бий. Гэхдээ тэр мөнгөний зарцуулалт, задаргааг хэн ч ярихгүй байна. Том тоог нь ойролцоогоор л таамаглаж байгаа. Энэ мөнгө орж ирэхээр иргэдийн амьдралд шууд нөлөөлөх үү гэвэл үгүй. Хамгийн гол найдлага тавьж буй зүйл нь шууд бус нөлөөлөл. Засгийн газрын үйл ажиллагаа тогтвортой болохоор гадны хөрөнгө оруулалт орж ирээд хөтөлбөр хэрэгжүүлж магадгүй. Энэ үед ажлын байр шинээр нэмэгдэж иргэдийн амьдралд нөлөөлөх боломжтой. Бид тэрэнд л найдаж уг хөтөлбөрийг оруулж ирсэн. Түүнээс биш макро эдийн засгийн бодлого хэн нэг иргэнд нөлөөлөхгүй.

-Төсвийн тодотгол яригдаж байна. УИХ-ын гишүүд мөнгө орж ирэхээр төсвийн зарлагыг нэмэгдүүлэх гэж төсвөө тодотгох мэтээр яриад байгаа. Гэтэл ОУВС-гийнхан одоо байгаа зардлаа дахиад жаахан хасаадах гэсэн шаардлага тавьж байгаа биз дээ?

-Нэг тохирсон нөхцөл нь Сангийн яамнаас төсвийн нийт зарлагын дүнг оруулж ирнэ. Түүн дээр зарлага нэмэх гэж байгаа бол хаа нэгтэйгээс нь яг тэр дүнгээрээ хас гэж шаардаж байна. Тэгэхээр Сангийн яамнаас оруулж ирсэн төсвийн зарлагын нийт дүн өөрчлөгдөхгүй. Тэгж байж орлоготой уялдуулна.

-Дотоодын нөөц бололцоогоо ашиглаад орлого нэмэгдүүлэх гарц харагдаж байгаа юу?

-Байлгүй яахав. ОУВС-тай тохирч байгаа нөхцөлүүдийг нь харахаар манай зүгээс эрсдэл багатай байдлаар орлогоо төсөвлөж чадсан. Өөрөөр хэлбэл зэс, алт, нүүрсний үнэ өнөөгийн түвшиндээ байж чадвал манай улсын макро эдийн засгийн байдал нэлээн сайжрах төлөв харагдаж байгаа. Том том төслүүдээ хөдөлгөе гэж ярьж байгаа. Тэд бүгдээрээ эерэг нөлөө үзүүлнэ.

-Хөтөлбөр хэрэгжих гурван жилийн хугацаанд бүтээн байгуулалтын ажил явагдах уу. Энэ жилийн тухайд улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд байна шүү дээ?

-ОУВС-гийн манайд хэрэгжүүлэх гэж байгаа нь дэд бүтэц хөгжүүлдэг, үйлдвэр барьдаг хөтөлбөр биш. Цэвэр макро эдийн засгийн тогтворжуулалтад зориулагдсан. Төлбөрийн тэнцэл, төсөв санхүүгийн бодлого, мөнгөний бодлогод л хамаатай. Энэ хүрээнд ОУВС-тай тохирсон.

-Валютын ханш хэрхэх бол. Одоогоор ам.долларын ханш бага зэрэг буурч байна. Цаашид яах вэ?

-Валютын ханшид үндсэндээ хоёр зүйл нөлөөлж байгаа. Монголын эдийн засаг руу ам.доллар орж ирээд л байвал төгрөгийн ханш чангарна. Нөгөө талаас мөнгөний нийлүүлэлт ихэсвэл төгрөгийн ханш суларна. Ийм хоёр зүйлийн тэнцвэр дээр валютын ханш тогтож байгаа.

-ОУВС-гийнхан мөнгөний бодлогыг нэлээн хатуу барих юм шиг байна лээ.

-Миний харж буйгаар мөнгөний бодлогыг хатуу барих шаардлага ажиглагдахгүй байна. ОУВС-гаас авч буй 440 сая ам.доллар манай улсын валютын нөөцийг зузаатгахад зориулагдана. Тэгэхээр манай улсад байгаа валют ихэснэ гэсэн үг. Нөгөө талаас инфляцийн түвшинг хараад мөнгөний нийлүүлэлт хэр их нэмэгдэх вэ гээд бодохоор мөнгөний бодлогыг сулруулах боломж бий. Өнөөдөр гурван хувийн инфляцитай байгаа. Ийм байхад чангалах тухай ярих утгагүй. Төв банкны гол зорилго ханш биш инфляци.

-Ер нь ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжлээ гээд иргэдийн амьдралд шууд нөлөө байхгүй гэж үзэж болох уу?

-ОУВС-гийн бодлогын гол анхаарч буй зүйл бол иргэдийн түвшинд томьёологдохгүй. Макро эдийн засгийн хэмжээнд л асуудлыг ярьж байна. Гэхдээ иргэдээс хол тасархай бодлого уу гэвэл бас үгүй. ОУВС нийгмийн халамжийн бодлогыг нэлээн хумьж байгаа. Аль ч орны Засгийн газар нийгмийн халамжийг өргөжүүлэх сонирхолтой байдаг. Тиймээс нийгмийн халамжид хэт их анхаарал хандуулбал төсөв хүндэрнэ. Тиймээс ОУВС нийгмийн халамж руу хэт их чиглэсэн бодлогыг санхүүжүүлдэггүй. Үүгээрээ иргэдийн амьдралд нөлөөлөх байх. Гэхдээ нийтээр нь халамжийг зогсоохгүй шүү дээ. Хавтгайрсан халамжийн бодлогоос зайлсхийе гээд байгаа юм. Зорилтот бүлгээ зөв тодорхойлж халамжийн бодлогоо хэрэгжүүлнэ. Үүнийг зөв гэж бодож байгаа.

-ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр улс орон дампуурдаг гэх ойлголт бий. Манай улсад уг хөтөлбөр хэрэгжихдээ үр дүнгээ өгөхгүй байх нөхцөл бий юү?

-Дэлхийн улс орнуудад иймэрхүү хөтөлбөр зөндөө хэрэгжиж байгаа. Хөтөлбөр хэрэгжүүлэх нөхцөлүүд нь маш их ялгаатай. Манай улсын хувьд огт мэдэхгүй хөтөлбөр рүү явж ороогүй. Өмнө нь хоёр ч удаа амжилттай хэрэгжүүлж байсан. Нөгөө талаас 2000 оны дундуур ОУВС-тай холбоотой нэлээн ширүүн мэргэжлийн маргаан гарч байсан юм. ОУВС хөтөлбөрөө боловсруулахдаа улс орнуудыг хэтэрхий нэг загвараар явуулаад байсан. Үүнийг мэргэжилтнүүд эсэргүүцсэн. Тэрнээс хойш тухайн улс орны нөхцөл байдалд тохирсон өөрчлөлтүүд хийж эхэлсэн. Одоо бол манай улсад тохирсон бодлого дэвшүүлээд байгаа. Тэгэхээр одоо айх хэрэггүй. Улс орны нөхцөлийг дордуулж байсан жишээнүүд бий ч өнөөгийн нөхцөлд манайд нэг их хамаарахгүй болов уу. Бид нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. ОУВС-д ажилладаг эдийн засагчид нь мэргэжлийн хувьд дээд түвшнийх. Эдийн засгийн ухаанаар докторын зэрэг хамгаалж байгаа хамгийн чадвартай хүмүүсээс шилж авдаг. Бусад олон улсын байгууллагуудаас үүгээрээ давуу талтай. Хамгийн гол нь бид нэг ойлголцолтой байх ёстой. Хатуу дүрэмтэй хөтөлбөр биш.

-Хатуу биш гэхээр бид жилийн дараа ч юм уу, нөхцөлүүдээ өөрчлөх санал тавьж болно гэсэн үг үү. Гурван сар тутмын шалгалтыг амжилттай даваад байвал тэдний бодлого зөөлрөх үү?

-Улирал тутамд манай банк санхүүгийн байгууллагад үнэлгээ хийгээд явна. Гэхдээ эдийн засаг гэдэг бол маш өргөн хүрээнд эргэлддэг салбар. Өнөөдөр гарсан өөрчлөлтийн үр дүн тэр дороо мэдрэгдэхгүй. Хүнд байдлаас гарахад хугацаа хэрэгтэй. Тэгэхээр жилийн дараа гэж яривал арай эртдэх байх. Гэхдээ 2008, 2009 онд төсвийн орлого нэмэгдсэн болохоор иймэрхүү хатуу хөтөлбөрийн хэрэгцээ багассан учраас харилцан тохиролцоод хөтөлбөрөө өндөрлүүлсэн. Үүн шиг боломж гарахыг үгүйсгэхгүй.

-Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хоёр ч удаа хамрагдаж байлаа. Одоо энэ хөтөлбөр гурван жилийн хугацаанд хэрэгжээд эдийн засгийн тогтолцоо эрүүлжих байх. Тэрний дараа дахиад ийм байдалд орохгүй гэх баталгаа бий юү?

-Нийгмийн ой санамжид л найдаж байна. Бид алдаанаасаа нэг, хоёр удаа суралцана. Гурав дахь удаагаа алдахгүйг хичээнэ.