Categories
мэдээ нийгэм

“Шуурхай бүлэг” Увс аймгийг зорилоо

Увс аймгийн Улаангом сумын Чандмань гэдэг газар 2017 оны 01, 02 дугаар саруудад их хүйтрэлттэй холбоотойгоор газар хагарсны улмаас гүний усаар тэжээгддэг голуудын усны түвшин нэмэгдэж халиа, тошин гүйснээс айл, өрх, аж ахуйн нэгж, байгууллага, улсын чанартай автозам, гүүр усанд автах эрсдэл үүсээд байгаа юм.

Тиймээс Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн тушаалаар томилогдсон “Шуурхай бүлэг” өнөөдөр Увс аймгийг зорилоо. “Шуурхай бүлэг”-ийн бүрэлдэхүүнд Зам тээвэр, хөгжлийн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын холбогдох мэргэжилтнүүд багтсан байна.

“Шуурхай бүлэг” нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, аймгийн Онцгой комисс болон холбогдох мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжийн гамшгаас хамгаалах талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг шалган, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөс гадна цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулан Улсын Онцгой комисст танилцуулах юм гэж Онцгой байдлын еөрхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Оффшорчдыг эсэргүүцсэн цуглаан Сүхбаатарын талбайд болно

Ард түмний онц түр зөвлөл /АТОЗ/-өөс өнгөрсөн сарын 2-нд оффшор бүсэд данстай гишүүдийг шалган хариуцлага тооцох тухай тулган шаардах бичгийг УИХ-д хүргүүлжээ.

“Энэхүү тулган шаардах бичгийн хариуг УИХ-аас энэ сарын 15-нд өгөх ёстой. Хэрэв бидэнд ямар нэг нухацтай хариу өгөхгүй бол энэ сарын 31-нд жанжин Сүхбаатарын талбайд тайван цуглаан зохион байгуулна” гэж АТОЗ-ийн Гүйцэтгэх захирал Ц.Нарангэрэл өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

Оффшор бүсэд нэр бүхий 49 хүний 17 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө байгаа бөгөөд гэтэл улстөрчдийн хууль бус үйлдлийг УИХ-аас хууль батлан гаргуулах замаар хамгаалалт тавих гэж байгааг тус зөвлөлийнхөн буруушааж байв. Мөн эл асуудлыг хэлэлцэхээр УИХ-ын онцгой чуулганыг зарлан хуралдуулах ёстой гэлээ.

Үүний зэрэгцээ иргэд АТОЗ юу хийх нь вэ хэмээн ажиглагчийн байр сууринаас хандах бус хамтран тэмцэж тэмцлийг өргөн хүрээнд хийх ёстой. Төр засаг энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол олон улсын байгууллагуудад хандана гэж тэд мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Тамхины хэрэглээг бууруулахад татварын хатуу бодлого чухал гэж үзжээ

ЭМЯ-ны Сургалт мэдээллийн төвд ОХУ-аас ирсэн төлөөлөгчид тус улсад 2008 оноос Тамхидалтын эсрэг хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоотой хэрхэн тэмцэж ирсэн туршлага, гарсан үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тус уулзалтыг ЭМЯ болон Фокус судалгааны төв хамтран зохион байгуулсан бөгөөд ОХУ-д тамхины хор уршигтай холбоотой судалгаа, аж ахуйн нэгж, байгууллагууд тамхины сурталчилгааг хэрхэн хийж, хэрэгжүүлж байгаа арга технологийн тухай танилцуулсан юм.

ОХУ-ын Төрийн Думын дэргэдэх Эрүүл мэндийн зөвлөлийн гишүүн Ольга Кнорре, ОХУ-ын ЭМЯ-ны харьяа Нийгмийн эрүүл мэндийн судалгааны үндэсний төвийн хуульч Виктор Зыков нар олон улсын Тамхины хяналтын суурь конвенцын зарчмыг Монгол Улсын тамхины хяналтын тухай хуульд тусгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор манай улсад ажиллаж байгаа юм.

Ольга Кнорре ярихдаа, “2012 онд Монголд батлагдсан Тамхины хяналтын тухай хууль олон улсын конвенцид нийцсэн сайн хууль болжээ. 2015 онд зарим баар, ресторанд тусгай тамхины өрөөтэй байхаар өөрчлөлт оруулсан байна. Монгол Улс тамхины хяналтын талаар зөв замаар явж байгаа ч тамхины татварыг нэмэх бодлого баримталж, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай” хэмээв.

Түүнчлэн ОХУ-ын хувьд тамхины хэрэглээг бууруулахад татварын хатуу бодлогыг барьсан нь хамгийн зөв арга болсон. Тамхины хяналтын тухай хуулийг 2008 оноос ОХУ-д хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг хуулийн хэрэгжилтэд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо, дэмжлэг, таниулан сурталчлах ажил чухал үүрэгтэй болохыг ОХУ-аас ирсэн мэргэжилтнүүд онцоллоо.

Мөн үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, хатагтай Ольга Кнорре, ноён Виктор Зыков нарыг хүлээн авч уулзан тамхины хяналтын эрхзүйн орчны талаар мэдээлэл солилцсон юм. Өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу Монгол Улсын “Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байсаар байгааг сайд тодотгов.

ОХУ-ын мэргэжилтнүүдийн хувьд өөрийн орны туршлагаас хуваалцаж, тухайн асуудлаар манай холбогдох албаны хүмүүст дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Дашрамд дуулгахад, Монгол Улс “Тамхины хяналтын суурь конвенци”-д 2004 онд нэгдэн орсон бөгөөд тус конвенцийг даган гарсан Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах протоколд 2012 онд нэгдэн орсон. Улмаар “Тамхины хяналтын тухай хууль”-ийг 1993 онд анх боловсруулан баталж, 2005, 2012, 2015 онуудад тус тус нэмэлт өөрчлөлт оруулж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Дарханд автомат, гар бууны тэмцээн болов

Автомат, гар бууны тэмцээн боловМонгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүч үүсэн байгуулагдсаны 96 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулсан автомат, гар бууны тэмцээн өнөөдөр Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн буудлагын талбайд боллоо.

Тэмцээнд Зэвсэгт хүчний 330 дугаар анги, Зэвсэгт хүчний 322 дугаар анги, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Тагнуулын хэлтэс, ШШГА, Хорих 435 дугаар анги, Шүүх, Прокурор, ШШГ, аймгийн ЗДТГ-ын нийт 10-н багийн 40 тамирчин оролцсон байна.

Баг бүрээс нэг эрэгтэй, эмэгтэй оролцсон бөгөөд нэгдүгээр байранд Зэвсэгт хүчний 322 дугаар анги, хоёрдугаар байранд Зэвсэгт хүчний 330 дугаар анги, гуравдугаар байранд Онцгой байдлын газар оржээ.

Categories
мэдээ улс-төр

МҮОХ-ны дэд ерөнхийлөгчид Х.Баттулга нэрээ дэвшүүлжээ

Х.Баттулга зурган илэрцүүдМонголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгчийн сонгуульд долоон хүн нэрээ дэвшүүлэн өрсөлдөхөөр мэдэгджээ.

МҮОХ-ны чуулганыг дөрвөн жил тутамд зуны олимпийн наадам зохион байгуулагдсаны дараа жилийн эхний улиралд багтаан хуралдуулах дүрмийнхээ дагуу энэ сарын 24-нд ээлжит чуулганаа хуралдуулахаар товлоод байгаа юм.

Гүйцэтгэх зөвлөлийг МҮОХ-ны чуулганаар 11 гишүүний бүрэлдэхүүнтэй сонгодог. Үүнд: Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч 2, ОУОХ-ны гишүүн болон хүндэт гишүүн, Монгол Улсын иргэн, Тамирчдын комиссоос сонгогдсон тамирчны төлөөлөл нэг хүн, олимпийн чуулганаас сонгогдсон 6 хүн багтдаг.

МҮОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг танилцуулахад, Я.Батсуурь /Шагайн харвааны холбооны ерөнхийлөгч/, Ц.Бат-Энх /Волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/, Ч.Бат-Эрдэнэ /Даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/, Д.Загдсүрэн /одоогийн ерөнхийлөгч, Хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгч/, Ч.Зоригтбаатар /Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/, Э.Мөнх-Очир /Буудлага спортын холбооны ерөнхийлөгч/, Л.Халтар /Гимнастикийн холбооны хүндэт ерөнхийлөгч/ нар нэрээ дэвшүүлжээ.

Харин МҮОХ-ны дэд ерөнхийлөгчид Х.Баттулга /Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч/, Б.Баттүшиг /Бадминтоны сонирхогчдын холбооны ерөнхийлөгч/, Ц.Дамдин /Олимпод оролцогчдын холбооны ерөнхийлөгч/, Ч.Зоригтбаатар /Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/, Ч.Отгонбаатар /Орчин үеийн таван төрөлтийн холбооны ерөнхийлөгч/, Ж.Хатанбаатар /Спортын эмнэлэгийн холбооны ерөнхийлөгч/ нар нэрээ дэвшүүлсэн байна.

Энэ удаагийн олимпийн чуулганд нийт 167 гишүүн оролцох бөгөөд тэд МҮОХ-ны гишүүн байгууллага, холбоод, олимпийн зөвлөлийн зүтгэлтэн, тамирчид байх юм. Тухайлбал, Олимпийн төрлийн спорт холбоод – 32 /тус бүр 3 төлөөлөгч/, Олимпийн бус төрлийн спорт холбоод – 36, Олимпийн зөвлөл – 29, ОУОХ-ны гишүүн – 1, Тамирчдын төлөөлөл – 2 /Олимпийн аварга/ хүн гэсэн төлөөлөл багтжээ.

МҮОХ-ны чуулганаар Мандатын комиссын илтгэлийг хэлэлцэн баталснаар МҮОХ-ны Чуулганы төлөөлөгчид МҮОХ-ны гишүүнээр тооцогдож, бүрэн эрх нь нээгдэнэ. Гишүүний эрх дараагийн чуулган хүртэл хадгалагдана. Чуулганаар МҮОХ-ны сонгуульт хугацааны тайлан, МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн сонгуульт хугацааны тайланг тус тус хэлэлцэж, МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн сонгууль, Хянан шалгах зөвлөлийн гишүүдийн сонгуулийг дүрмийн дагуу зохион байгуулдаг.

Дашрамд сонирхуулахад, Олимпийн чуулган өмнө нь 1990, 1995, 1999, 2004, 2008, 2012 онд хуралдаж байсан түүхтэй. МҮОХ-ны ерөнхийлөгчид:

1. Элдэв-Очирын Дарьсүрэн 1956 оны 3-р сараас 8-р сар хүртэл

2. Жамъянгийн Лхагвасүрэн 1956-1959

3. Довчингийн Ядамсүрэн 1959-1964

4. Намжилын Норолхоо 1964-1969

5. Шагдаржавын Магван 1969-1978

6. Гомбын Дамдин 1978-1984

7. Даваагийн Дашдондов 1984-1989

8. Галсангийн Дашзэвэг 1989-1990

9. Сосорбарамын Болд 1990-1993

10. Самдандоржийн Жамц 1993-1995

11. Шагдарын Отгонбилэг 1995-2001

12. Дэмчигжавын Загдсүрэн 2001 оноос ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын мэргэжилтнүүд Тамхины хяналтын асуудлаар дэмжлэг үзүүлнэ

ОХУ-ын Төрийн Думын дэргэдэх Эрүүл мэндийн зөвлөлийн гишүүн Ольга Кнорре, ОХУ-ын ЭМЯ-ны харьяа Нийгмийн эрүүл мэндийн судалгааны үндэсний төвийн хуульч Виктор Зыков нар Олон улсын Тамхины хяналтын суурь конвенцийн зарчмыг Монгол Улсын тамхины хяналтын тухай хуульд тусгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор манай улсад ажлын айлчлал хийж байна. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр тэднийг хүлээн авч уулзан тамхины хяналтын эрхзүйн орчны талаар мэдээлэл солилцож, нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу Монгол Улсын “Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байсаар байгааг хэллээ.

ОХУ-ын мэргэжилтнүүд өөрийн орны туршлагаас хуваалцаж, тухайн асуудлаар холбогдох албаны хүмүүст дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ. Монгол Улс “Тамхины хяналтын суурь конвенци”-д 2004 онд нэгдэн орсон бөгөөд тус конвенцийг даган гарсан Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах протоколд 2012 онд нэгдэн орсон. Мөн “Тамхины хяналтын тухай хууль”-ийг 1993 онд анх боловсруулан баталж, 2005, 2012, 2015 онуудад нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Categories
мэдээ нийгэм

АТГ-гийнхан Эрүүл мэндийн яаманд ажиллаж байна

АТГ-ын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очироор ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийнхэн Эрүүл мэндийн яамны ажилтан, албан хаагчид болон харъяа 16 байгууллагын удирдлагуудтай уулзалт хийлээ. Энэ үеэр Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, эдгээр байгууллага болон нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх, Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс ирсэн гомдол, мэдээллийг хүлээн авах, авлигын эрсдлийн үнэлгээ хийх зэрэг ажлыг зохион байгуулна.

Ажлын хэсгийнхэн Эрүүл мэндийн яаманд энэ сарын 13-17-ний өдрүүдэд ажиллах юм. Энэ үеэр авилгын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр яамны ажилчдад мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөх юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Алтны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсчээ

Алт зурган илэрцүүдЛондонгийн металийн биржид тонн цэвэр зэсийн үнэ 2017 оны хоёрдугаар сарын дунджаар 5941.6 ам.доллар болж, өмнөх сараас 3.6 хувиар өссөн байна. Алтны үнэ нэг унц нь энэ оны хоёрдугаар сарын дунджаар 1234.5 ам.доллар болж, өмнөх сараас 3.5 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Газрын тосны үнэ Нью-Иоркийн худалдааны биржид 1 баррель газрын тосны үнэ энэ оны хоёрдугаар сарын дунджаар 54.5 ам.доллар болж өмнөх сараас 1.0 хувиар буурчээ.

ОХУ-ын Гадаад худалдааны тэнцэл 2016 онд 90.4 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оноос 39.1 хувиар буурсан байна.

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс 2017 оны 1 дүгээр сард өмнөх сараас 23.8 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 2.3 хувиар өсчээ. Ажилгүйдлийн түвшин энэ оны нэгдүгээр сард 5.6 хувь болж, өмнөх сараас 0.3 пунктээр өссөн байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хотын үйлчилгээнд дүн тавина

Японы “Жайка” олон улсын байгууллагын буцалтгүй тусламжийн хүрээнд “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих” төслийг 2016 оны зургаадугаар сараас эхлэн хэрэгжүүлсэн. Төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон холбогдох салбарын яамд, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллагуудтай хамтран амжилттай хэрэгжүүлж байгаа юм. 2020 он хүртэл үргэлжлэх энэхүү төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн нэгдсэн санг бий болгох, тэдний гэр бүл, эрх ашгийг хамгаалах, төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах, хүртээмжтэй орчныг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг хүргэж буй мэргэжилтэн боловсон хүчний мэдлэгийг дээшлүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ. Ийнхүү төлөвлөгөөнийхөө дагуу уг төслийг хэрэгжүүлэгчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийн хамт төр захиргааны “Хангардь” ордонд байрлах төрийн байгууллагын үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа. Байгууллагын гаднах тайлбай, угтах үйлчилгээнээс эхлээд бүх үйл ажиллагаанд дүгнэлт хийж, үнэлгээ өгсөнийхөө дараа холбогдох удирдлагад шаардлага хүргүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх хүртээмжийг дээшлүүлэхээр зорьж байгаа аж.

Японы эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор, дэд бүтцийн хүртээмж, саадгүй орчныг бүрдүүлэх чиглэлийн мэргэжилтэн Katsushi Satoh “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих” төслийн хүрээнд энэ удаагийн семинарыг зохион байгуулахаар ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн оролцоог дээшлүүлэхийн тулд биет саад бэрхшээлийг арилгах нь хамгийн чухал юм. Энэ утгаараа Японы төр захиргааны байгууллагууд энгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулсан орчныг тохижуулж, сайжруулахаар төрөл бүрийн арга хэмжээг маш идэвхтэйгээр зохион байгуулдаг. Уг семинараараа Японд явуулж буй дэд бүтцийн үнэлгээг Монгол Улсад мөн адил хийж, цаашид энэ ажлыг тогтворжуулах зорилготой байгаа. Орон нутгийн Засаг захиргаа ялангуяа хотын захиргааны байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжиж өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлж, хуучин барилгын засварыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэйгээр хийж, шинээр барьж буй барилгыг стандартын дагуу барих талд анхаарах хэрэгтэй” гэлээ. Монгол Улсын хэмжээнд 110 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий гэсэн ерөнхий тоо байдаг. Харин дээрх төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нарийвчилсан судалгааг хийж, эдгээр иргэдтэй холбоотой мэдээллийн санг бүрдүүлэхээр болжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нарийвчилсан тоо бүртгэл, мэдээлэл гараад ирвэл тэдний хэд нь эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу вэ, хэдэн хувь нь ямар мэргэжлээр суралцаж, аль салбарт ажиллах хүсэлтэй байна вэ гэдгийг тодорхойлох юм. Энэ нь эргээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжиж, нэмэгдүүлэхэд дөхөм болно гэж төсөл хэрэгжүүлэгчид тооцоолжээ.

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга иргэдийг хүлээж авч, хүсэлтийг нь сонсоод хариу өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 14 хоног тутамд иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсч, зарим асуудлыг шийдвэрлэдэг. Хотын дарга энэ удаа НЗДТГ-ын байранд иргэдтэй уулзав. Уулзалтад НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, Худалдан авах ажиллагааны дарга Э.Болормаа, Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр болон холбогдох албаны хүмүүс байлцлаа.

Энэ өдрийн уулзалтад ирсэн Чингэлтэй дүүргийн иргэн Н.Мөнхбаяр хаягдал дугуйг дахин боловсруулж, резинен хавтан хийдэг өөрийн компанийнхаа талаар нийслэлийн Засаг даргад танилцууллаа. Тэрбээр “Энэхүү технологи нь Улаанбаатар хотын хог хаягдал, утааг бууруулахад маш их ач холбогдолтой. Бид нийслэлийн тохижилт үйлчилгээнд өөрсдийн үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хямд үнээр гэрээ хийж, нийлүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээлээ.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин ажиллах бодлого барин ажиллаж байгаа гэдгээ нийслэлийн Засаг дарга С.Батболд тодотгоод “Та бүхэн бүтээгдэхүүн болон үнийн саналаа Үйлдвэрлэл инновацийн газар, Худалдан авах ажиллагааны газар болон бусад холбогдох газруудад хүргүүлэх хэрэгтэй. Дотооддоо үйлдвэрлэл эрхэлж, ажлын байр бий болгож буй залуустай бид хамтран ажиллах болно” гэлээ.

Хан-Уул дүүргийн иргэн Г.Энхбаатар 20 гаруй жил МУБИС-ийн гадаа хуучин номын худалдаа эрхэлсэн аж. Тухайн хэсэгт автозам барихаар болж 2014 онд худалдааны төвийг нь буулгасан байна. Дахин номын худалдааны төвийг барьсан хэдий ч лангуу олж авч чадаагүй байна. Энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг тэрбээр Засаг даргаас хүссэн юм.

“Тухайн хэсэгт дахин баригдсан номын худалдааны төв Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд харьяалагддаг. Тиймээс иргэн Г.Энхбаатарыг Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөртэй биечлэн уулзуулж, ажлын байраар хангах үүрэг өгөх болно” гэдгийг нийслэлийн Засаг дарга хэлж байлаа.

“Баянгол дүүргийн ахмадуудын чийрэгжүүлэлтийн төвийг 2011 оноос эхлэн хариуцан ажиллуулдаг байсан. Өөрсдийн эзэмшлийн байргүйгээс өнөөдөр төв маань ажиллах боломжгүй боллоо. Ахмадууд бид нэгдэж хотоос гадна ч хамаагүй газартай болж чийрэгжүүлэлтийн төвөө байгуулаад, газар тариалан эрхлэхээр шийдэж хөөцөлдсөн юм. Газрын асуудлыг шийдэж бүх хүмүүсээс мөнгө хурааж газрын гэрчилгээний мөнгийг тушаасан. Гэтэл 2014 оноос хойш шийдэгдсэн юмгүй байна. Холбогдох албаны хүмүүст нь хэлж түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү” хэмээн Баянгол дүүргийн иргэн, ахмад настан М.Хулганаа хүсэлт тавьсан. Түүний хүсэлтийн хариуд нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун “Газрын асуудлыг яаралтай шийдэж өгнө” гэв.

Иргэн н.Ганбаатар Оросын хөрөнгө оруулалттай компанийн удирдлагуудтай хамтран орон сууцны 7-р хорооллын ерөнхий төлөвлөгөөний дагуу 6837 ам метр талбайг барилгажуулах ажилд туслан гүйцэтгэгчээр оролцох болжээ. Барилгын ажлыг эхлүүлэн суурийг цутгасан ч газрын маргаан гарч, дөрвөн жилийн хугацаанд шат шатны байгууллагад хандсан боловч шийдэгдэлгүй өдийг хүрчээ. Одоо тэрбээр барилгын суурийг цутгасан газрыг өөрийн компанид эзэмшүүлж өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас “Нийслэлийн Газрын алба, Ерөнхий төлөвлөгөөний газрынхантай уулзаж тохиролцоод, эргэн ярилцах хэрэгтэй. Тухайн газарт 7-р хорооллын барих барилгын компанитай шүүхийн асуудалтай учраас ажил нь зогссон байгаа. Энэ асуудал шийдэгдсэний дараа танай асуудлыг шийдэж өгөх болно” гэсэн тайлбарыг өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.