Categories
мэдээ нийгэм

Цэргийн баяраар ханаа юу үзэж болох вэ

Удахгүй болох “Монголын цэргийн өдөр” та ханиа, хүүгээ, дүүгээ, найзыгаа хэрхэн баярлуулж, юу үзүүлэх вэ гэж бодож байна уу. Тэгвэл энэ сарын 18-нд хаана юу үзэж болохыг танд танилцуулъя.

УБ паласт 19:00 цагт

ХЦДБЧ-ийн гоцлол дуучин Г.Батсүхийн “Тэнгэр нь цэлмэг эх орон” DVD-ны баярын тоглолт

Улаанбаатар чуулга 19:00 цагт

Дахин давтагдашгүй тоглолт

Grand Haan IRIS-т 19:00 цагт

“Чоно” хамтлагийн тоглолт

Гранд хилл-д 19:00 цагт

Залуу хос дуучин Жаки ба Сараа нарын Сан-Ремо 80 тоглолт

СТӨ-нд 19:00 цагт

“Шинэ үе” продакшны “Гүргэр хань” хошин шогийн тоглолт

МҮЭСТО-нд 19:00 цагт

“Х түц” продакшны “Шилдгийн шилдэг тоглолтууд”

Тусгаар тогтнолын ордонд 19:00 цагт

“Эмоци” продакшны “Миний топ эхнэр” хошин шогийн тоглолт

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд уйлаад байсан учраас ослын газрыг орхисон гэжээ

замын цагдаагийн газар зурган илэрцүүдХүүхдийн 2-р эмнэлгийн зүүн талд байрлах “Хүннү” зочид буудлын урд замын гуравдугаар эгнээнд явж байсан “Приус”-т дайруулан амиа алдсан бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж, эхэлж мөргөсөн машиныг эрэн сурвалжилж байсан билээ. “Тоёота Кроун” маркийн автомашины жолооч О уг хэргийг үйлдээд ослын газрыг орхин явжээ. Тэрбээр цагдаагийнханд “Баянцээлээс Толгойт руу явж байсан юм. Сэлбийн гүүр дөнгөж өнгөрөөд байтал замын хаалт сараалжтай хэсгээс хүн гарч ирэхэд нь мөргөхгүйн тулд тоормослон зүүн гар тийш дарж зогссон. Огцом тооромслосноос болж хүүхэд маань машины урд салоныг мөргөж уйлсан. Гэтэл хажуу талаас приус орж ирээд тэр хүнийг мөргөчихсөн. Цонхоор хараад би мөргөөгүй учраас, бас хүүхэд маань уйлаад байхаар нь яваад өгсөн. Харанхуй үед гэрлээ шилжүүлж, хурдаа тохируулж явахыг сануулъя гэсэн байна. Түүнийг 15-наас хойш эрэн сурвалжилж байсан бөгөөд өчигдөр л олж тогтоожээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Д.Тэрбишдагва: Германд төгсөгчдийн “Ажилсаг монгол-Хөгжлийн үндэс” чуулга уулзалт зохион байгуулна

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва өчигдөр Хэвлэлийн хүрээлэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр ХБНГУ-д суралцсан төгсөгчдийн төлөөлөл болон “Монгол Германы гүүр” төрийн бус байгууллагынхан байлцсан юм.

Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва эхлээд ХБНГУ-ын Бундестагийн урилгаар албан ёсны айлчлал хийгээд ирсэн талаараа мэдээллээ.

Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга, Д.Мурат, Б.Ундармаа, Д.Цогтбаатар болон УИХ-ын Тамгын газрын ажилтнууд багтжээ. Монголын парламентын төлөөлөгчдийг Германы Бундестаг өндөр хэмжээнд хүлээн авч, Монгол Улс, ХБНГУ-ын улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, аюулгүй байдал, парламент хоорондын харилцааны чиглэлээр яриа хэлэлцээ хийжээ. Энэ үеэр Монгол Улсын гадаад хамтын ажиллагааны талаар төлөөлөгчид байр сууриа илэрхийлж, цаашид эдийн засаг, боловсролын чиглэлд хамтран ажиллах хэлцлүүд амжилттай болсон байна.

Мөн Германы улс төрийн сангуудын төлөөлөлтэй уулзаж, дугуй ширээний ярилцлага хийжээ.

Айлчлалын үеэр Бундестагийн танхимд Канцлер Ангела Меркель манай улсын төлөөлөгчидтэй мэндчилсэн болон 430 хүн оролцсон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн чуулганд оролцож, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар илтгэл тавьж, Монгол Улсад хөрөнгө оруулахыг хүссэн талаараа Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва ярив.

Тэрбээр мөн, Герман улсад мэргэжил, боловсрол эзэмшсэн үе үеийн 1000 төгсөгчийг хамруулан “Ажилсаг монгол-Хөгжлийн үндэс” чуулган хийх санаачилга гаргаж, Төрийн ордны их танхимд энэ сарын 17-ны өдөр зохион байгуулах болсон талаар мэдээлсэн юм.

Манай улсад Германд сургууль төгссөн нийт 35000 хүн байдаг бөгөөд эдгээр хүмүүс эдийн засгийн хүнд үед улс орондоо ямар үүрэг гүйцэтгэж, хувь нэмрээ оруулах талаараа чуулга уулзалтаар ярилцаж, цаашид “Ажилсаг монгол-Хөгжлийн үндэс” хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна.

Энэхүү чуулганд ХБНГУ-ын Эдийн засаг, хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ханс-Иоахим Фухтел тэргүүтэй 30 орчим төлөөлөгч ирж оролцох бөгөөд төлөөлөгчдийг чуулганд оролцох хоёр цагийн хугацаанд бүх илтгэл, асуулт, хариултыг герман хэл дээр явуулахаар төлөвлөжээ.

Чуулганд оролцох хүсэлтэй, Герман улсад мэргэжил, боловсрол эзэмшсэн үе үеийн төгсөгчдийг “Монгол-Германы гүүр” төрийн бус байгууллагатай 315990 утсаар холбогдон бүртгүүлж, арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж буйгаа зохион байгуулагчид илэрхийллээ гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүд ЕБС-ийн үйл ажиллагаа, “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа

Боловсролын тухай хуулийн хэрэгжилт, ерөнхий боловсролын сургууль, тусгай хэрэгцээт сургууль, “Үдийн цай” хөтөлбөр, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэнгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Б.Ундармаа болон ажлын дэд хэсгийн гишүүд өнөөдөр (2017.03.14) нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуулиар орж “Үдийн цай” хөтөлбөрийн чанар, хүртээмжийн байдалтай танилцаж, Боловсролын тухай хуулийн эрх зүйн орчныг өөрчлөх асуудлаар санал солилцлоо.

Ажлын хэсгийн гишүүд эхлээд физик-математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр дунд сургуульд ажилласан юм. Тус сургууль нь бага ангигүй бөгөөд долоодугаар ангиас дээших хүүхдүүд суралцдаг болохоор “Үдийн цай” хөтөлбөр хэрэгждэггүй юм байна. Гэхдээ улсын сургуулийн хувьд тулгамдаж буй асуудал нэлээд байгаа талаар сургуулийн захирал Д.Энхжаргал танилцуулсан. Тэрбээр, гүнзгийрүүлсэн сургалт явуулахад багшийн нэмэгдэл хөлстэй холбоотой хүндрэл учирдаг гээд энэ талаар хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байгааг онцлов. Түүнчлэн сурах бичгийг байнга өөрчлөлгүй, нэг сурах бичгээрээ дагнах нь чухал байна гэлээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Багш, сурган хүмүүжүүлэгчдийн нийгмийн асуудал орхигдож байгаа учраас улсын сургуульд ажиллаж байгаа чадварлаг багш нар хувийн сургуулиуд руу шилжиж байна. Мөн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр дунд сургууль нь МУИС, эсвэл ШУТИС-ийн түшиц сургууль болж, илүү нарийвчилсан сургалттай болох зайлшгүй шаардлагатай байна. Учир нь олон хүүхэд энэ сургуульд сурах хүсэлтэй ч багтаамж хүрэлцээгүйгээс суралцаж чадахгүй байна” хэмээлээ.

Харин УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, хүүхдүүдэд суралцах орчин маш чухал болохыг дурдаад анги танхимын багтаамж муу, нөгөөтэйгүүр багш нарын нийгмийн халамж, цалин бага байгааг анхаарах хэрэгтэйг онцолж байлаа.

УИХ-ын гишүүд дараа нь Хан-Уул дүүрэгт байрлах “Орчлон” олон улсын дунд сургуулийг зорьсон юм. Тус сургууль нь “Үдийн цай”хөтөлбөрийг “Үдийн хоол” болгож өөрчилжээ. Эднийх хүүхдүүдэд эрүүл ахуйн шаардлага хангасан, жигнэсэн, транс тосгүй халуун хоолоор үйлчилж эрүүл орчинд сурах таатай нөхцөлийг бүрдүүлдэг талаараа танилцуулав. Тус сургуулийн Эцэг эх, багш нарын холбоо “Үдийн хоол”хөтөлбөрийг хариуцан ажилладаг байна. Мөн сурагчдадаа сургуулийн нэрэмжит тэтгэлэг олгодог бөгөөд энэ жил 62 хүүхэд тус тэтгэлэгт хамрагдсан байна.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа “Улсын сургуульд тулгарч байгаа асуудал их бий. Байршил, ачааллаасаа болоод 3 ээлжээр хичээллэж байгаа. Мөн багш нарын ачаалал ч их байна. Түүнчлэн “Үдийн цай” хөтөлбөр хүүхдүүдэд хангалттай илчлэг, тэжээл өгч чадахгүй байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Харин төрөөс улсын сургууль, хувийн сургууль гэж ялгалгүйгээр багш нарт нийгмийн халамжийг адил тэгш үзүүлэх хэрэгтэй байна” гэлээ.

Ажлын хэсэг шалгалтын дүнд үндэслэн цаашид анхаарах асуудлаар шийдвэрийн төсөл боловсруулж НББСШУ-ны байнгын хороонд танилцуулах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

Г.Мөнхцэцэг: Ирэх хаврын чуулганаар Соёлын тухай хуульд онцгой анхаарал хандуулан ажиллана

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


-Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Төрийн түшээ бүсгүйн хувьд та энэ өдрийг ач холбогдлыг хэрхэн чухалчилдаг вэ?

-Энэ өдөр дэлхийн бүсгүйчүүд эрхээ эдэлдэг. Эрхийг тодотгосон өдөр учраас эхчүүд, ижий, бүсгүйчүүдийн баярын өдөр болсон байна. Би дэлхийн эд эсийн нэгэн адилаар энэ өдөрт хүндэтгэлтэй хандаж ирсэн. Өчигдөр төрийн төлөө зүтгэж буй бүсгүйчүүдээ УИХ-ын дарга хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Мөн мянган эмэгтэйн чуулган Төрийн ордонд боллоо. Орчлонгийн бүх цэцэг тал талд ургадаг шүү дээ. Түүнтэй адил орчлонгийн нэгэн цэцэг болсон эмэгтэйчүүд маань Төрийн ордноо гэрэлтүүлэн өнгө нэмж чуулсан. Тэд нартаа болон Монголынхоо бүх сайхан ээж, эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ сайхан баярын өдрийн мэндийг хүргэе.

-Намрын чуулган завсарласан хугацаанд хаагуур ямар ажил амжуулав?

-Тойргоороо явж байгаад ирлээ. Манай тойргоос тодорсон аварга малчин, алтан төлийн эздийн шагналыг гардуулаад ирсэн. Малчин түмэн маань өвлийг өнтэй даваад хаврын урин цагтай золголоо. Хүн зоны сэтгэл тэнэгэр сайхан байна лээ. Ер нь манай Говьсүмбэр, Дорноговь аймгийн малчид урьд өмнө байгаагүй олон амжилт дагууллаа. Улсын аварга малчин олон төрсөн байна. Хошой аварга малчин, алтан төлийн эзэдтэй боллоо. Малчидтайгаа уулзаад явж байхад намрын чуулганаар хэлэлцэж баталсан олон хуульд талархалтай хандаж буйгаа илэрхийлж байсан. Ялангуяа малчдын тэтгэврийн насыг наашлуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулиудад талархаж байна лээ. Төр засгийн бодлого шийдвэрт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн дээ.

-Удахгүй хаврын чуулган эхэлнэ. Энэ чуулганы хугацаанд та ямар хуулийн төсөл дээр голлон ажиллахаар төлөвлөж байгаа вэ?

-Өөрийнхөө харьяалагдсан Байнгын хороогоор хэлэлцэгдэж буй хуулийн төслүүд дээр анхаарал хандуулан ажиллаж байгаа. Зарчмын зөрүүтэй саналд өөрийн санал бодлоо илэрхийлээд явж байна. Удахгүй Соёлын тухай хуулийг хэлэлцэх байх. Үүнд идэвхийлэн ажиллана гэж бодож байгаа. Сүүлийн дөрөв, таван жилийн хугацаанд манай улсын соёлын бодлого нэлээн алдагдсан. Аливаа улс гүрэн өөрсдийн гэсэн соёлтой байж гэмээнэ тусгаар тогтнолтойгоо байдаг. Гэтэл өнөөдөр соёл шиг хэрэггүй зүйл алга болчихож. Соёлын байгууллага, соёлын төлөө зүтгэж буй хүмүүсийн хөдөлмөр бүтээл үнэ цэнэгүй яваад байна. Тиймээс уг хууль зайлшгүй хэрэгтэй. Би энэ салбараас төрсөн хүний хувьд уг хуулийг УИХ-аар маш хурдан батлуулж хэрэгжүүлнэ гэж бодож байгаа. Мөн Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд хөдөөгийн иргэд маш их анхаарал хандуулж байгаа юм билээ. Тэдний саналыг уг хуульд нэлээн сайн тусгаж өгнө гэж бодож байна. Малын удмын сангийн хуульд ч анхаарал хандуулан ажиллана. Монгол мал эрүүл байж гэмээнэ монгол хүн эрүүл амьдарна. Монгол Улсын бэлчээрийн даац хүнд байдалд хүрч байна. Ялангуяа говь, хээрийн бүсэд цөлжилт, талхлагдсан байдал газар авч байгаа. Уул уурхайгаас үүдэлтэйгээр мал эрүүл байх баталгаагүй болчихлоо. Гол ус их ширгэж байна. Энэ мэтчилэнгээр байгалийн зохицолдлогоо алдагдаж байгаа үзэгдэл газар авч байгаа. Үүнтэй холбоотойгоор Малын удмын сангийн хуульд анхаарах асуудал их бий. Ер нь хийх ажил олон. Хууль санаачилж оруулахаас илүүтэй хэрэгжилтэд анхаарал хандуулах хэрэгтэй байна.

-УИХ-ын ээлжит бус чуулган зарлах байх. Тов сонсогдож байна уу?

-Ээлжит бус чуулганыг тухайн цаг үеийнхээ нэн даруй шийдэх ёстой асуудлыг шийдэхийн тулд хуралддаг. Цаг үеийн шаардлага бий юү гэвэл бий. Тэгэхээр удахгүй тов зарлах байх. Одоохондоо мэдэгдэж байгаа юм алга.

-Та өнгөрсөн чуулганы үеэр гадаад руу нэлээн олон удаа томилолтоор явсан. Ирэх чуулганы үеэр гадаад томилолтууд хэр ихтэй байх бол?

-Ирэх хаврын чуулганы хугацаанд гадаадад ажиллах бүх томилолтоо цуцалсан. Нэн хариуцлагатай цаг үе тулж ирээд байна. Бас тойргийнхоо иргэд, сонгогчидтой илүү холбоотой байж уулзалт хийх хэрэгтэй. Миний хувьд хоёр аймгийн нутаг дэвсгэрээс сонгогдсон цорын ганц гишүүн. Тэр утгаараа нэлээн хол зам туулж байж дараагийн сумдаа очдог. Хоёр аймаг маань хоёулаа тусдаа нутаг дэвсгэрийн зохион байгуулалттай. Тэр утгаараа хоёр хүний явдлаар явах хэрэгтэй болж байна. Тиймээс хаврын цагт тойрогтоо нэлээн сайн ажиллахын тулд гадаад томилолтуудаа цуцалсан байгаа.


Categories
мэдээ цаг-үе

“Хуралдай” бондын хүү 7.6 хувь байна

Өдгөөгөөс таван жилийн өмнө Сү.Батболд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа авсан Евро бондын 580 сая ам.долларын эргэн төлөлтийг хийх гэж Ж.Эрдэнэбатын Засгийн газар хэрэндээ эрвийж, дэрвийлээ. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байж ард нь гарахаас өөр замгүй гэж байсан ч сар шинийн өмнөөс “Хуралдай” хэмээх шинэ бондын сураг гарч эхэлсэн. Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хэлснээр яалт ч үгүй ийм бонд гарч 580 сая ам.долларын зээлээ төлж байгаа аж. Үлдсэн 20 сая ам.доллараа Монгол Улс бэлнээр нь авахаар болсныг эх сурвалжууд хэлж байсан юм. Ямар ч гэсэн Монгол Улс дефолт зарлаж түмний өмнө шившгээ дэлгэхээргүй болжээ.

Хөгжлийн банкнаас гаргасан 580 сая ам.долларын бондыг Засгийн газрын “Хуралдай” бондоор солих саналыг Евро бонд эзэмшигчдэд тавьсан байна. Евро бондыг авахдаа 5.7 хувийн хүүтэй авч байсан. Сангийн сайдын хэлснээр хоёр тал “Хуралдай” бондын хүүг 7.6 хувь байхаар долоон жилийн дараа эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр тохирсон байна. “Хуралдай” бондыг маргааш олгож магадгүй талаар зарим эх сурвалж өгүүлэв. Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хэлснээр түрүүчийн Засгийн газрын үед гаргасан бонд 10.8 хувийн хүүтэй байсан бөгөөд үүний дэргэд 600 сая ам.долларын үнэ бүхий “Хуралдай” бондын хүү бага юм.

Харин Чингис бондыг 4.1 хувийн хүүтэй авч байсны дэргэд бол өндөр байгаа нь манай орны эдийн засгийн нөхцөл байдлаас шууд хамаарч байгаа юм билээ. “Чингис” бондыг гаргаж байхад манай улсын өрийн хэмжээ 28 хувь байсан бол өнөөдөр аль хэдийнэ 100 гаруй хувьд хүрчихээд байгаа. Андеррайтер компаниудаар “Credit Suisse”, “JP Morgan” ажилласан талаар “Bloomberg” мэдээлж байсан. “Хуралдай” бондын хувьд олон улсын бондын хоёрдогч зах зээлд 2013 оноос хойш анх удаа Монголоос гаргасан бондын үнэ ханш дээд цэгтээ хүрээд байгаа гэнэ. Сангийн яам уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өсч эхэлсэн учир Хөгжлийн банкны бондыг шинэ бондоор солих ажил амжилттай хэрэгжинэ гэж үзсэн бололтой.

Нэг үгээр хэлбэл, бид өмнө нь байсан өндөр хүүтэй өрөө бага хүүтэй өрөөр өөрчилж, хугацааг нь сунгаж, хүүг нь бууруулсан гэсэн үг юм. Тиймээс энэ нь ямар нэгэн шинээр тавьсан өр биш юм байна. Цаашдаа зах зээлд эерэгээр нөлөөлж, гадны хөрөнгө оруулалт татах, хувийн хэвшлийнхэн гадны бизнесийнхэнтэй хамтран ажиллах боломжийг илүүтэй нээж өгч байгаа юм. Гадны хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр томоохон төсөл хөтөлбөрүүд хөдлөх чухал гарц бөгөөд гадныхны биднийг хардаг нүд өөрчлөгдөх эхлэл нь “Хуралдай” бонд болно гэдгийг эдийн засагч, “Ард” санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг хэлж байлаа.

“Хуралдай” бондын 76 хувийг АНУ-ын хөрөнгө оруулагчид, 18 хувийн Европын хөрөнгө оруулагчид, зургаан хувийг Азийн хөрөнгө оруулагчид бүрдүүлсэн гэх мэдээлэл байна.

Э.ЭНХ

Categories
мэдээ цаг-үе

О.Алтангэрэл: Цагдаагийн алба хаагч жирэмсэн хүн, хүүхдэд тусгай хэрэгслийг хэрэглэх ёсгүй

“Өдрийн сонин”-ы №054 (5621) дугаараас авч нийтлэв

Баянзүрх дүүргийн Засаг даргыг өнгөрсөн пүрэв гаригт хууль бусаар томилсонтой холбогдуулж, иргэд эсэргүүцлээ илэрхийлсэн. Тухайн үед цагдаа нар иргэд рүү нулимс асгаруулагч цацаж, албадан хөөсөн. Энэ талаар хуульч О.Алтангэрэлтэй ярилцлаа.


-Тухайн үед цагдаа нар иргэд рүү газ цацаж, бороохой ашиглан албадан хөөсөн гэсэн мэдээлэл байгаа. Энэ талаар цагдаагийн албаны тухай хуульд юу гэж заасан байдаг юм бэ?

-Одоо мөрдөгдөж буй Цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн алба хаагч тусгай хэрэгсэл, мэх хэрэглэхдээ тодорхой дүрэм, журам баримтална гэсэн байдаг. Тэрхүү журмын дагуу хэрэглэх ёстой гэсэн үг. Үүн дотроо янз бүрийн нөхцөл, шалтгаан заасан байдаг. Тухайлбал, цагдаагийн алба хаагч жирэмсэн хүн, хүүхдэд тусгай хэрэгслийг хэрэглэх ёсгүй. Ер нь тусгай хэрэгслийг хэрэглэхийн өмнө анхааруулах заалтууд байдаг. Цагдаагийн албаны тухай хуулиар төрийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсан тохиолдолд тэрийг нь албадан тараах эрх цагдаа нарт байгаа. Гэхдээ урьдчилан бүх шаардлагатай арга хэмжээнүүдийг авсан байх ёстой юм. Мэдэгдлийг шат дараатай хүргүүлсэн байх, зохих шаардлага тавих ёстой. Ийм арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн тусгай хэрэгслийг яг хууль журмын дагуу хэрэглэх ёстой юм.

-Тухайн үед байсан иргэдийн ихэнх нь эмэгтэйчүүд. Мөн жирэмсэн хүн хүртэл байсан гэсэн. Тэгэхээр ийм үед цагдаа нар хууль журмын дагуу ажиллаагүй гэсэн үг үү?

-Илт жирэмсэн хүн байж байхад газ хэрэглэсэн байна лээ. Энэ нь Цагдаагийн албаны тухай хуулийн тусгай хэрэгслийг хэрэглэх журмыг шууд зөрчсөн хэлбэр юм. Ингэж огт болохгүй. Дараа нь цагдаагийн байгууллага мэдээлэл хийсэн. Тэгэхдээ бид газ хэрэглээгүй. Тусгай хэрэгсэл хэрэглээгүй гэж ярьцгаасан. Гэтэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан бичлэг дээр тодорхой хүмүүсийг газдаж байгаа хэсэг бүр тодорхой харагдаж байсан шүү дээ. Бас нэг олон нийтийн анхаарлыг татсан зүйл бол цагдаа нар нэр, хувийн дугаараа яагаад нууцлав аа. Цагдаагийн алба хаагч үүргээ гүйцэтгэхдээ иргэнд бичиг баримтаа заавал үзүүлэх ёстой. Энэ талаар цагдаагийн албаны тухай хуульд тодорхой заасан байдаг.

-Цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэхдээ заавал албаны хувцсаа өмсөж, мөрдэс тэмдэг зүүсэн байх ёстой биз дээ?

-Цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн алба хаагчид мөрдэс тэмдгээ тийм үеэр авна ийм үеэр хэрэглэхгүй гэсэн заалт байхгүй. Энгийн хувцастай цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж болно. Хамгийн гол нь цагдаагийн алба хаагч бичиг баримтаа шалгуулна гэж тодорхой заасан байдаг. Ингэхгүй бол цагдаа гэж мэдэхгүй шүү дээ. Дараа нь иргэн хүн хаана, хэнд гомдол гаргах уу гэдэг асуудал гарч ирнэ.

-Баянзүрх дүүргийн Засаг даргыг хууль бус томилсон үеэр цагдаа нар нэр, тэмдгээ нууцалсан нь хууль зөрчсөн үү?

-Зохион байгуулалттайгаар бүгдийнх нь нэр усыг ингэж далдалж үйл ажиллагаанд оролцох ёсгүй. Энэ үйлдэл бол Цагдаагийн албаны тухай хуулийг илтэд зөрчиж буй явдал мөн.

-Тухайн үед иргэд цагдаагийн алба хаагчдыг бичиг баримтаа үзүүл гэхэд үзүүлэхгүй байсан гэсэн?

-Баянзүрх дүүргийн Засаг даргыг батламжилсан үед байсан хүмүүс цагдаа нарт шаардлага тавьж, бичиг баримтаа үзүүл ээ гэхэд үзүүлэхгүй байсан гэсэн. Энэ бол гарцаагүй зөрчил мөн. Бичиг баримтаа танилцуулаагүй байдал олон нийтэд маш таагүй харагдаж байна лээ. Уг асуудлыг дүгнээд хэлэхэд цагдаагийн албаны тухай хууль, тусгай хэрэгсэл, мэх ашиглах журам, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм гээд энэ бүх актуудыг хэд хэдэн байдлаар зөрчиж буй байдал харагдсан гэсэн үг. Гэхдээ цагдаа нар үүргээ гүйцэтгэж байгаа. Тухайн нөхцөлд ийм үйл ажиллагаа явуулах хууль зүйн үндэс байсан. Тэгэхдээ үүргээ гүйцэтгэхдээ бүх журам, процессуудыг баримталж байх ёстой. Үүний улмаас л үүргээ гүйцэтгээгүй, журмаа биелүүлээгүй харагдаж байгаа юм. Энэ байдлаас болоод иргэд цагдаагийн алба хаагчдад тавих үнэлэмж доогуур болж байгаа юм. Тэгэхээр цаашид цагдаагийн нийт бие бүрэлдэхүүнд албадан тараах үйл ажиллагаан дээр ямар стандарт, дүрэм журам баримтлах вэ, нэг болон түүнээс дээш хүнд тусгай хэрэгслүүдийг хэрхэн хэрэглэх ёстой вэ гэдэг талын сургалт, бодитой үр дүн хэрэгтэй байна.

-Тэр үед ихэнх хэвлэл мэдээллийнхнийг оруулаагүй гэсэн. Энэ талаар та тодруулаач?

-Би телевиз үзэж байсан л даа. “Сошиалаар сэтгүүлчдийг оруулахгүй байна аа. Ганцхан TV5 телевизийн ажилтнуудыг орууллаа” гэсэн байсан. Яагаад ганцхан хэвлэл мэдээллийн ажилтнуудыг оруулсан юм бэ. Үнэхээр л хязгаарлаж байгаа бол телевиз, сонин, сайт бүгдийг нь оруулахгүй байх ёстой биз дээ. Тэгснээ нэг өнцгөөс мэдээ материал дамжууллаа. Иймээс энэ тал дээр зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцож, арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ эрх нь хуулийн байгууллагад байгаа. Иргэд хууль сахиулагчид, цагдаа нарт хуулиа сахиж ажиллах шаардлага тавих нь зүй ёсны хэрэг. Одоо олон асуудлыг ил болгох хэрэгтэй. Хэний үүрэг даалгавраар ийм ажиллагаа явагдсан юм бэ. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид байсан уу, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга нь өөрөө байсан уу. Эсвэл энэ үнэхээр нийслэлээс байна уу, ямар нэг нам хүчний байгууллага оролцсон уу гэдгийг тодорхой тайлбарлаж өгмөөр байна. Монголын цагдаа нар ямар ч үед үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж ирсэн. Хамгийн том зовнил бол улс төрийн тэмцэл. 2008 оны долдугаар сарын нэгэнд үүргээ гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчид хилсдэж шоронд суугаад дууссан ш дээ. Улстөрчид бол ингээд л хаяна. Харин цагдаагийн алба хаагчид хууль зөрчсөн болно. Дээрээс нь хэрэгт буруутан болж, хохирно. Аль ч цаг үед иргэд, цагдаагийн алба хаагчид улс төрийн золиос болох ёсгүй. Ингэхгүйн тулд цагдаагийн алба хаагчид цагдаагийн байгууллага хуулиа мөрдөх ёстой. Мөн иргэд цагдаагийн алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг сахиж, биелүүлэх ёстой.

Цагдаагийн байгууллагын явуулж буй үйл ажиллагаанд процесс зөрчсөн, алдаа гаргасан зүйлүүд байна.Энэ нь хэнээс шалтгаалсан юм бэ гэдгийг нухацтай авч үзэх ёстой. Ямар ч хамаагүй аргаар цагдаа нар болон бусад ажилтныг уг үйлдлийг таслан зогсоо гэж улстөрчдийн, улс төрийн албан тушаалтнуудаас ийм үүрэг даалгавар явж байгаа бол маш буруу юм. Үнэхээр үүргээ гүйцэтгэж байгаад цагдаа нар алдаа гаргасан бол өөр хэрэг. Цагдаа нарыг хууль зөрчихөд хүргэсэн үү, цагдаа нар өөрсдөө хууль зөрчсөн үү. Энэ нь асуудлын гол зангилаа. Яг үүргээ гүйцэтгээд явж байгаа цагдаагийн ахлагч, офицер бол тушаалын дагуу ажиллаж байгаа.

-Цаашид дахиад иймэрхүү үйлдэл давтагдвал ямар арга хэмжээ авах ёстой юм бэ?

-Монголын цагдаагийн байгууллага нэгж дээр үүрэг гүйцэтгэх тохиолдолд цагдаагийн алба хаагчдыг яг хуульд нийцүүлж ажиллуулах хэрэгтэй. Хэрхэн зөв ажиллах вэ гэдэг тал дээр сургалт явуулж, анхааралдаа авч ажиллах хэрэгтэй. Ингэхгүй бол үнэндээ манай цагдаа нар өдөр шөнөгүй ажилтай байдаг. Өглөө ажилдаа гараад бүр орой гэртээ очдог. Тэгэхээр өөрсдөд нь дахиж сурч боловсрох цаг зав туйлаас хомс, мэдээлэл авах цаг ч гардаггүй. Амьдралын хамгийн хүнд бэрх, муу муухайтай нүүр тулж явдаг хүмүүс. Энэ нийгмийн амгалан тайван байдлыг бий болгож, сахиж буй улс. Зав чөлөө байдаггүй. Энэ талаар цаашид үйлдэл, үйл ажиллагааг нь яаж хуульд нийцүүлэн ажиллах дээр анхаарал хандуулах цаг болжээ.

Б.УРАНЧИМЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шүүхийн шийдвэр

Мань хүн маш хачин зүүд зүүдэллээ. Казинод орж тоглоод асар их мөнгө хожиж байх юм. Жинхэнэдээ бол тэрээр хэзээ ч казино орж үзээгүй, энэ талаарх төсөөлөл нь ердөө л киноноос эхтэй. Харин зүүдэндээ бол мундаг тоглоомчин бололтой. Автомат дээр суугаад нүх рүү нь мөнгө шургуулаад товчлуурыг дарангуут л дэлгэц дээр баахан зураг хөвөрч байснаа зогсонгуут хэдэн мянган зоос асгараад л унана. Ямар зураг нь таарсан, яахаараа мөнгө цувдаг, яахаараа зоос гоождоггүйг ойлгосонгүй. Юутай ч товчлуур дарах бүрт л түмпэнгээр хэмжигдэх их зоос гоожно. Хажуудаа томоохон хогийн сав авчирч байгаад зооснуудаа тийш асгалаа. Дорхноо дүүрч орхив. Дараагийн хогийн сав ч дүүрлээ. Ингэсээр байгаад бүр ядарчихав. Одоо лавтай зуун кг болсон энэ их зоосоо “чулуу” болгохоор шийдэв. Казино дотор дэлгүүр байх юм. Тэнд янз бүрийн автомашин зарах аж. Тэрээр машинтай болох юмсан гэж олон жил мөрөөдсөн. Ингээд хөл дүүжлэх унаатай болдог аж! Үнэтэй ганган машинд зоос нь хүрэхгүй байж магад гэж хаширлаад хамгийн хямдхан машиныг заав. Зооснуудыг тоолж гарлаа. Тоолж дуусаад худалдагч “машин авахад цаана нь тавхан зоос дутуу байна” гэж мэдэгдэв. Мань хүн хармай хотоо ухаад юу ч олсонгүй. Хажуу хавиргад сонирхон зогсох хүмүүсээс ердөө тавхан зоос зээлээч гэж гуйтал хэн ч өгсөнгүйгээр барахгүй бүгдээрээ зугтаачихдаг байна шүү.

Ингээд тэр сэрчихлээ. Гомдож үхэх дөхөв. Ердөө тавхан зоос дутаад байх даа яахав дээ! Үгүй тэгээд тэр хүмүүс ямар харамч юм бэ! Ядахнаа дахиад ганцхан удаа нэмээд тоглочих минь яав даа! Орноосоо босч нэг тамхи татаж аваад дахин тоглохоор шийдлээ. Хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрч аваад нүдээ анин дахиж унтав. Зүүд эхэллээ. Одоо автомат дээр биш рүлэт дээр тоглох нь дээр гэж үзэв. Хүмүүсийг харахнаа олон нүдний аль нэгэн дээр хасаагаа байрлуулах аж. Мань эр ч аль нэгэн дээр бооцоо тавилаа. Төмөр шаариг эргэсээр мань хүний тавьсан нүдний тоог заан тогтох нь тэр. Хасаа нь олон дахин үржив. Хэд дахиныг ойлгосонгүй, юутай ч баяжлаа. Энэ мэтчилэн давтан хожсоор хасаа нь хоёр хогийн сав дүүрчээ. Зоосыг бодвол дээрээ тоо бүхий хасаа цаасан мөнгө орлоно. Одоо өнөө машинаа авахаар шийдэв. Ийм их мөнгөтэй учир хямдыг биш үнэтэй лимүзин худалдан авахыг худалдагч санал болголоо. Ямар загвар маркийг мэдэхгүй, юутай ч ганган машинтай болчихлоо. Худалдагчийн цаана янз бүрийн хаусны загварууд өрөөтэй. Энд бас байшин зардаг аж. Овоо дөнгүүрээс нь нэгийг цохоод авахаар шийдлээ. Бүх насаараа өөрийн гэх тохьтой байртай болохыг мөрөөдсөн нэгэн. Худалдагч хасааг тоолж гарлаа. “Ердөө ганц атга хасаа дутаад байна” гэж мэдэгдэх нь тэр!

Ингээд сэрчихлээ. Харамсаж үхэх шахав. Естой гоё хаус байсан юмсан. Далайн эрэг дээр, эргэн тойрондоо цэцэрлэгтэй, усан сантай, гоёмсог хашаатай. Кинон дээр л тийм сайхан юм үзэж байсан. Орноосоо босч шил кола уучихаад дахин тоглохоор шийдэв. Хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрч аваад хурхирч гарлаа. Зүүд эхлэв. Покер тоглохоор шийдлээ. Илүү унацтай гэж сонссон юм байна. Гарын модоо тогтоож амжаагүй байтал диллер түүний хожсоныг зарлаж чек бичиж өгөв. Дараалан хожиж чек нь хоёр хогийн сав дүүрлээ. Хожлоороо үйлдвэр завод, компаниуд худалдаж авав. Цаана нь зөндөө үлдэв. Нэг наймаацсаных ерөөсөө дэлхийн бүх уурхайг авчихъя гэтэл уул уурхайн хамгийн том ордыг авахад ердөө ганцхан кг алт дутав.

Ингээд сэрчихлээ. Шаралхаж үхэх дөхөв. Дахиад ганц кг алттай байсан бол дэлхийн бүх баялаг түүний гарт орох байв. Орноосоо босч ганц шил пиво уучихаад дахиж тоглохоор шийдэв. Хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд таг унтлаа. Дэлхийн бүх казиногоор хэсүүчлэн тоглов. Хожилд нь хувьцаа авна. Хожсон хожоогоо авч явахын тулд хэдэн цуваа трэйллэр машин дагуулж явах боллоо. Тивүүд худалдан авав. Гэтэл хамгийн сүүлд дунд зэргийн нэг арал үлдсэнийг авах гэтэл мөнгө нь хүрсэнгүй. Ердөө ганцхан зоос дутжээ. Бусдаас зээлэх гэтэл энэ дэлхийд ганц зоостой хүн нэг ч үлдээгүй гэнэ.

Ингээд сэрчихлээ. Боож үхэхтэй дөхлөө. Орноосоо босч бүр гудамжинд гаран салхиллаа. Хэсэг сайн амьсгаа аваад гэртээ орж ирэн хөргөгчөө уудлан онгичиж байж хугас шил архи олов. Тэр чигээр нь хөнтөрч байж дотор нь жаахан онгойв. Дахиж тоглохоор шийдлээ. Орондоо орон хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрч аваад бөх гэгч нь унтлаа. Зүүд эхэллээ. Өөрт нь хураагдаагүй цорын ганц казино энэ дэлхийд үлдсэнийг эрж эрж арай гэж оллоо. Хожсон мөнгөөрөө өнөө үлдсэн арлыг авахаар болов. Гэтэл тэр казинод хожилд нь өгөх мөнгө байдаггүй…

Хэн нэг нь түүнийг хүчтэй сэгсрэхэд сэрлээ. Цочин өндийгөөд хартал орных нь хөл тушаа 3-4 хүн (5?,6?…10?) зогсож байх юм. Бүгд гартаа урт буу барьжээ.

-Та нар юун хүмүүс вэ? Шөнө дөлөөр айлын гэрт юу хийж явна?

-Бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явна. Шүүхийн шийдвэр биелүүлэхээр ирлээ.

-Юун шүүхийн шийдвэр? Одоохон гарцгаа. Энэ манай гэр.

-Шүүхийн шийдвэрээр таны бүх хөрөнгө, түүний дотор энэ байр ч хураагдсан.

-Юун шүүх вэ? Ямар шийдвэр? Намайг гэрээс минь хөөхнө үү?

-Бид шийдвэр гүйцэтгэхээр л ирсэн.

-Намайг яасан гэж шүүх хөрөнгө хураах болж байна?

-Хэт шуналтсан гэж таны бүх хөрөнгийг хураах шийдвэр шүүхээс гаргасан.

-Нэгэнт хураачихсан юм бол та нар энд яах гэж ирсэн юм?

-Шүүхийн шийдвэрээр таныг мөн цаазаар аваачих ёстой болсон.

-Тэнгэр минь, яасан гэж?

-Шунахайрсан гэж.

-Би ердөө л зүүдэлсэн шүү дээ.

-Зүүдэлсэн нь бидэнд хамаагүй. Бид шүүхийн шийдвэр л биелүүлж яваа улс. Та босоод хана налаад цаашаа хараад зогс доо.

-Би юу ч гэсэн босоод хувцсаа өмсөөдөхье.

-Таны бүх хувцсыг шүүхийн шийдвэрээр хурааж авсан. Танд хувцас байхгүй. Та зүгээр босоод хана налаад зогс.

-Яах гэж байгаа юм?

-Бид таныг цаазаар авах ёстой. Шүүхийн шийдвэр тэгж гарсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн долоон хүн (тэд долуулаа байсан юм байна!?) бүгд буугаа сумлан түүнийг чиглүүлээд зэрэг буудлаа. Мань хүний нүцгэн цээжинд таван том нүх гарчээ. Харин арын хана нь тэр чигээрээ нуль цус. Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн хэд буугаа мөрөндөө аваад жагсаалаар гарч одов. Гадаа дөнгөж үүр тэмдгэрч байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Дашзэвэг:”Ирэх дөрвөн жилд ард түмний амьдрал дээшлэх хандлага харагдахгүй байна” ярилцлага нийтлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Бид тогтолцоогоо нураагаад эхэллээ” нийтлэл хэвлэгдлээ. Тэрбээр “Баянголын гэх Эрдэнэ намайг шүүхэд өгчээ. Өөрийнх нь нэр төрийг гутаасан учир тэрийгээ сэргээлгүүлж надаар уучлал гуйлгуулах гэнэ. Баянгол дүүргийн шүүхэд дуудсан ёсоор очиж шүүхийн туслагчтай нь уулзлаа. “Бүгдийн мэдэж байгаа юман дээр шүүх гоомой шийдвэр гаргавал Шүүх инстүүцийн нэр унадаг юм” гэж зөвлөсөн…” хэмээн нийтлэлээ эхлүүлжээ.

Улс төрийн тавдугаар нүүрт “Монгол” бизнесийн ахлах сургуулийн захирал, доктор Н.Дашзэвэгтэй хийсэн “Ирэх дөрвөн жилд ард түмний амьдрал дээшлэх хандлага харагдахгүй байна” ярилцлага нийтлэгдлээ.

Өнөөдрийн өдрийн сурвалжлагаар “Эмээлт” захын түүхий эдийн ханшийг хөнджээ. Өнөөдрийн байдлаар тус захад ноолуур 80 мянган төгрөгийн үнэтэй байна.

Ардын жүжигчин Д.Ухнаатай хийсэн “Төрийн дээд шагнал хүртэх тэр мөчид цээж дүүрэн амьсгаа авмаар санагдаж байсан” ярилцлага 1, 12,13-р нүүрт нийтлэгдлээ.

“Хувьсал” продакшны “Гөү адвенчер” студийн бүтээл “Миний нууц” уран сайхны кино сүүлийн үеийн хамгийн олон үзэгчтэй киногоор тодроод байгаа билээ. Тэгвэл манай сонины сэтгүүлч Л.Батцэнгэлийн бичсэн “Хүний жудгийг дээдэлсэн “МИНИЙ НУУЦ” кино шүүмж лхагва гаригийн дугаарт нийтлэгдлээ. Түүний сонирхолтой гаргалгаа, киноны тухай шүүмжийг эндээс уншаарай.

Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Давж заалдах шатны шүүхээс Т.Содномдаржаа, Т.Чимгээ , Ц.Амгаланбаатар нарын ялыг хэвээр үлдээлээ

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт оноосон анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэр гаргалаа.

Уг хэргийн гэрчээр оролцсон хоёр иргэн тэднийг таньж, мэдүүлэг өгсөн байна. Мөн тэдний хийсэн хэрэг гэрчүүдийн мэдүүлэг болон нотлох баримтуудаар нотлогдсон учир шүүх ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргасан байна.

Анхан шатны шүүхээс Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон. Ингэхдээ Ц.Амгаланбаатарт оноосон 25 жилийн 20-ыг гянданд, үлдсэнийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Б.Содномдаржаад оноосон 25 жилийн 23-ыг нь гянданд, үлдсэнийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Т.Чимгээгийн 24 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Шүүгдэгчид одоо Дээд шүүхэд хандаж эрхтэй. Хэрэв Дээд шүүхэд хандах бол шүүхийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах хуультай.

О.ӨНӨР