Categories
мэдээ нийгэм

“Эх орны цэрэг” яруу найргийн наадамд Г.Ган-Эрдэнэ түрүүллээ

“Эх орны цэрэг” яруу найргийн наадам өчигдөр 25 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Өнөө жилийн наадамд Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагчдаас гадна ЗХЖШ, ҮБХИС, Зэвсэгт хүчний 17 ангийн цэрэг, хилийн цэргийн ахмад дайчин зэрэг 40 гаруй яруу найрагч эхний даваанд шүлгээ уралдуулав. Эх орон, эцэг дээдэс, энхийг сахиулагчид, эгэл цэргийг магтсан шүлгүүд дундаас Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч Г.Ган-Эрдэнэ гурван давааг дараалан өнгөлсөөр Тэргүүн байрын шагнал хүртэж, үзэгч олноон ч, ангийн цэрэг дайчдаа ч шуугиулсан юм.
Наадмын Ерөнхий шүүгч Монгол улсын Ардын уран зохиолч Т.Галсан “Нэгэнтээ Б.Түвдэндорж аварга торгон ногоон дэвжээнээ ир бяраа гайхуулан тодорч байсан шиг энэ жил Зэвсэгт хүчний байлдагч найргийн томчуулыг магнайлан шалгарлаа…” гэж үнэлэв.

Наадмын дэд байрын шагналыг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч М.Амархүү, гуравдугаар байрыг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, дэд хурандаа П.Батнайрамдал эзэлж өргөмжлөл хүртэв. Тусгай байрын шагналыг Хөвсгөл аймгийн Ханхаас ирсэн, эмэгтэй яруу найрагч Л.Туяа хүртсэн нь бас нэгэн шинэ өнгө донжийг бий болгов. Найргийн наадмыг МУСГЗ, яруу найрагч Б.Хүрэлбаатар, БХ-ын сайдын хэвлэлийн төлөөлөгч Б.Батцэцэг, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Гүнтэвсүрэн, ЗХЖШ-ийн Цэрэг иргэний хэлтсийн дарга, хурандаа Б. Төмөрхуя нар шүүсэн. Ийнхүү цэрэг эх орны яруу найргийн наадам “Болор цом”-оос өвөрмөц, битүү шинэ найрагчид тодрон гарсан нь шударга шүүлттэй болсных гэж үзэгчид үнэлж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Ипотекийн зээлийг хэвийн үргэлжлүүлнэ

Ипотекийн зээл зурган илэрцүүд

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны аравдугаар сарын 25-ны өдрийн А295 тоот тушаалаар “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталсан. Энэ дагуу ипотекийн зээлийг ипотекийн зээлээр баталгаажсан бонд (ИЗББ)-ын үндсэн болон купоны төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор санхүүжүүлж байна.

Шинэ журам батлагдсанаас хойш 2017 оны хоёрдугаар сарын байдлаар Монголбанкнаас ипотекийн зээлийн санхүүжилтэд нийт 142.3 тэрбум төгрөгийг зарцуулж, 2042 иргэний ипотекийн 8 болон 5 хувийн зээлийг бүрэн шийдвэрлээд байна.

Үүнд:

2016.10-р сард – 35.7 тэрбум төгрөг – 481 зээлдэгч /8%/

2016.10-р сард – 10.92 тэрбум төгрөг – 169 зээлдэгч /5%/

2016.11-р сард – 24.6 тэрбум төгрөг – 373 зээлдэгч /8%/

2016.12-р сард – 23.8 тэрбум төгрөг – 268 зээлдэгч /8%/

2017.01-р сард – 23.6 тэрбум төгрөг – 365 зээлдэгч /8%/

2017.02-р сард 24.3 тэрбум төгрөг – 396 зээлдэгч /8%/ Монголбанкны санхүүжилтээр ипотекийн 5 болон 8 хувийн зээлд хамрагдаад байна.

Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай тохиролцсон “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хүрээнд Монголбанк нь төсвийн шинжтэй үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй боловч ипотекийн 8 хувийн зээлийн хөтөлбөрийг 2018 онд багтаан Засгийн газарт шилжүүлнэ.

Монголбанк 2017 оныг дуустал ипотекийн зээлийг сар бүрийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн хүрээнд үргэлжлүүлнэ. Санхүүжилтийн бусад хэсгийг Монгол Улсын Засгийн газраас улсын төсөвт тусгах замаар шийдвэрлэнэ гэж Монгол банкнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол цэргүүд хоёр настай хүүгийн амийг аварчээ

Монгол Улсын энхийг сахиулагчид буюу цэнхэр дуулгатнууд Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэдэг. Тус улсад НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож, Монгол Улсын мотобуудлагын батальонд үүрэг гүйцэтгэж байгаа ахлагч Т.Буянзул, дэд ахлагч О.Цэнд-Аюуш нар хоёр настай хүүхдийг илрүүлэн, амийг нь аварчээ. Хүүгээ хайж байсан эцэг, эхэд хүүхдийг нь эсэн мэнд хүлээлгэн өгчээ.

НҮБ-ын цагдаагийн алба болон Дотоодын дүрвэгсдийн хуарангийн аюулгүй байдлыг сайн дураараа хангадаг Community Watch Group-ээс бага насны хүүхдийг гарч болзошгүй эрсдэлээс цаг алдалгүй аварсан Монгол дайчдад талархал илэрхийлсэн байна.

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгос Ким Чен Намын цогцсыг авах хүсэлт гаргасан ч Малайз татгалзав

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам Малайзад байхдаа бусдад хорлогдож амиа алдсан билээ.

Ким Чен Нам амиа алдаад сар гаруй хугацаа өнгөрч байгаа ч түүний цогцос Куала Лампур хотын цогцос хадгалах төвд байсаар байгаа юм. Малайзын эрх баригчид гурван долоо хоногийн дотор гэр бүлийнх нь цогцсыг ирж авахыг сануулж, хэрвээ заасан хугацаанд ирэхгүй бол өөрсдөө дур мэдэж шийдвэр гаргахаа сануулаад буй билээ.

Тэгвэл Ким Чен Намын цогцсыг Пхеньян авах хүсэлт гаргасан ч уг саналаас Малайз татгалзсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Ким Чен Намын үхлээс болж хоёр улсын харилцаа муудаж Малайз улс Хойд Солонгосын элчин сайдыг нутгаасаа албадан гаргасан бол хариуд Пхенъян малайзын иргэдийг нутгаасаа албадан гаргах шийдвэр гаргаад буй юм.

О.ӨНӨР

Categories
мэдээ спорт

Харүмафүжи Д.Бямбадорж дахин өвдөг шороодлоо

Харүмафүжи Д.Бямбадорж зурган илэрцүүд

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн Осака хотноо дөрөв дэхь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн башёд дөрвөн аварга барилдаж байгаагаараа онцлог билээ.

Аварга Харүмафүжи Д.Бямбадорж өчигдөр магэшира Сококуратай оноолт таарч барилдан, хатакикоми мэхээр ялагдлаа. Тэрээр эхний өдөр сэкивакэ Котошёогикүд мөн ялагдсан. Өнгөрөгч нэгдүгээр сарын башёг барилдааны дундаас орхисон Харүмафүжи энэ удаагийн башёд аз муутайхан байна.

Шинэ аварга Кисэносато өнөөдөр Таканоимаг давснаар аварга Какүрюү М.Ананд, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын найман бөхийн хамт гурван даваатай башёг тэргүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

“Хэрэглэгчийн эрхийг дээдэлье” өдөрлөг болно

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Олон Улсын өдрийг тохиолдуулан “ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ДЭЭДЭЛЬЕ” өдөрлөг өнөөдөр 10:00-16:00 цагийн хороонд Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т болно. Өдөрлөгийн үеэр Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, дүүргийн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид болон холбогдох мэргэжилтнүүд иргэдийн гомдол саналыг хүлээн авч, түргэн шуурхай шийдвэрлэх, хүнсний аюулгүй байдлыг хэрхэн хангах, агаарын бохирдлыг бууруулахад аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, цахим худалдаан дахь хэрэглэгчийн эрхийн талаар хууль эрх зүйн болон мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах юм байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нэгдсэн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдов

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Монголын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тус холбоо нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчинг сайжруулах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны болон төрийн бус байгууллагуудыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг нь өргөжүүлэх, аж ахуй эрхлэгчдэд хууль сурталчлан таниулах, хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэхэд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэх зорилготой.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өмнө нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар богино хугацаанд ажиллахдаа тус байгууллагыг олон улсын төсөл, хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр бодлогын түвшинд бэхжүүлж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Үндэсний хөтөлбөр-2”-ыг санаачлан боловсруулж, үүрэн телефон, барилга, цахилгаан эрчим хүч, СӨХ, орон сууцны конторууд, ломбард, даатгалын компаниудын иргэд хэрэглэгчдийн эрхийг зөрчсөн үйл ажиллагааг илрүүлэн таслан зогсоох арга хэмжээг үр дүнтэйгээр авч байсан байна. Түүнчлэн төрийн байгууллагууд хэрэглэгчдийн эрхийг зөрчдөг байдлыг илрүүлэн, шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлж, таслан зогсоож байв.

Categories
мэдээ улс-төр

АН-ын дүрмийг Дээд шүүхэд бүртгүүлэхээр хандлаа

Ардчилсан намынхан VI, VII их хурлаасаа баталсан дүрмээ Дээд шүүхэд бүртгүүлэхээр хандлаа. “Энэхүү дүрмийн хариуцлага тооцох зохицуулалт, дотоод ардчиллыг хамгаалсан заалтуудыг намын удирдлагууд сэмхэн зассан” гэж дүрмийг боловсруулсан ажлын хэсгийн мэдэгдсэн юм. “Улсын Дээд Шүүхэд бүртгүүлээгүй дүрмээр тоглолт хийж эхэлсэн” гэж саяхан УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, ҮЗХ-ны гишүүн Д.Нямхүү нар мэдэгдсэн юм.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ын тухай 75779498 дугаарын утаснаас асуугаарай

ЭЕШ-ын тухай зурган илэрцүүд

Боловсролын үнэлгээний төвийнхөн элсэгчдээ бүртгээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ жил ЭЕШ бүртгэл дөрөвдүгээр сарын 14-ны орой 18:00 цагт дуусна. Бүртгэлийг уламжлал ёсоор www.eec.mn цахим хаягаар бүртгэхээс гадна дэлгэрэнгүй мэдээллийг үнэлгээний төвийн мэргэжилтнүүдээс 75779498 дугаарын утсаар асууж болох юм байна шүү. Энэ жилийн шалгалтын хураамж шалгалт тус бүрд 5800 төгрөг. Батламж хуудас 700 төгрөг. Харин заавал өгөх монгол хэл бичгийн шалгалт нь бүртгүүлэгчдээс хураамж авахгүй юм байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлалаа

Өчигдөр Монголын чөлөөт бөхийн холбоо чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын нэрсийг зарлалаа.

Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багт таван дасгалжуулагч, байнгын шигшээ багт 23, байнгын бус шигшээ багт 30, нийт 53 тамирчин багтжээ.

Насанд хүрэгчдийн байнгын үндэсний шигшээ баг нь олимпийн наадмын циклийн хугацаанд, байнгын бус үндэсний шигшээ баг нь тодорхой болзолтойгоор олимп, ДАШТ, тивийн аваргад бэлтгэн оролцох юм.

Чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Бямбажавын Баттулга, дасгалжуулагчаар Цэндийн Баярсайхан, Арслангийн Цэдэнсодном, спортын мастер Өлзийбаярын Ууганбаяр нар ажиллах бол Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар ОУХМ Буянжавын Батзориг томилогджээ.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

(БАЙНГЫН)

  • 57 кг: Э.Бэхбаяр (Хангарьд)
  • 61 кг: Т.Тулга (Арслан)
  • 65 кг: Н.Лхамгармаа (Алдар), Б.Номин (Гацуурт-Олимп)
  • 70 кг: Г.Мандахнаран (Алдар)
  • 74 кг: Б.Батсүх (Хасу Мегастарс)
  • 86 кг: О.Үйтүмэн (Алдар), П.Өнөрбат (Хасу Мегастар)
  • 97 кг: Ө.Батзул (Хүч), М.Бэлгүүтэй (Женко)
  • 125 кг: Н.Золбоо (Хүч), М.Лхагвагэрэл (Аварга)

(БАЙНГЫН БУС)

  • 57 кг: З.Занабазар (Арслан), С.Батболд (Гацуурт-Олимп), А.Мөнх-Эрдэнэ (Хасу Мегастарс)
  • 61 кг: Э.Ням-Очир (Хилчин), Т.Түвшинтулга (Гацуурт-Олимп), Б.Нэмэхбаяр (Хасу Мегастарс)
  • 65 кг: Б.Батмагнай (Алдар), Б.Наранболд (Хасу Мегастарс)
  • 70 кг: Д.Хатанбаатар (Арслан)
  • 74 кг: Д.Гомбодорж, Б.Анхбаяр (хоёул Сүлд), Г.Төрболд (Женко)
  • 86 кг: Б.Өлзийсайхан (Хасу Мегастарс)
  • 97 кг: Л.Төртогтох, Д.Хүдэрбулга (хоёул Сүлд)

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

(БАЙНГЫН)

  • 48 кг: Б.Чимгээ (Хангарьд), Э.Нарангэрэл (Хангарьд)
  • 53 кг: Д.Отгонцэцэг (Хасу Мегастарс), Г.Отгонжаргал (Алдар)
  • 55 кг: А.Батцэцэг (Хасу Мегастарc)
  • 58 кг: С.Цэрэнчимэд (Алдар), Э.Гантуяа (Хилчин)
  • 60 кг: Б.Шоовдор (Хилчин)
  • 63 кг: П.Орхон (Алдар)
  • 69 кг: О.Насанбурмаа (Алтай констракшн)
  • 75 кг: Г.Уртнасан (Хилчин)

(БАЙНГЫН БУС)

  • 48 кг: Б.Мөнхнар (Алдар)
  • 53 кг: Э.Сумьяа (Хилчин). Б.Хатантуул (Арслан)
  • 55 кг: Э.Даваачимэг (Хилчин), Б.Болортуяа (Женко)
  • 58 кг: П.Отгонбаяр (Женко)
  • 60 кг: Б.Нямгэрэл (Алдар), О.Оюунтуяа (Аварга)
  • 63 кг: С.Батцэцэг, З.Болортунгалаг (хоёул Хилчин), Б.Сарнай (Налайх)
  • 69 кг: Ш.Түмэнцэцэг (Хилчин), Э.Даваанасан (Алдар), Б.Цэцэгбаяр (Арслан)
  • 75 кг: Ц.Баярзаяа (Хасу Мегастаpc)