Categories
мэдээ нийгэм

Орон байрны хулгайчийг үйлдэл дээр нь барилаа

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хулгайн гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүллээ.

Орон сууцны вакум цонхыг түлхэн орж LCD, LED зурагт хулгайлдаг 18 настай О /эрхэлсэн тодорхой ажилгүй/, түүнд тээврийн хэрэгслээр үйлчилж, хамт хулгайн гэмт хэрэг үйлддэг 21 настай Б /оюутан/ нарыг үйлдэл дээр нь барьсан байна. Сэжигтэн Б, О нар нь энэ сарын 12-13-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны нэгдүгээр давхрын айлын цонхоор нэвтэрч, эд зүйл хулгайлахаар завдаж байхад нь цагдаагийн алба хаагчид баривчилжээ.

Сэжигтэн Б, О нар нь С гэгчтэй нэгдэн хулгайн гэмт хэрэг үйлддэг байна. Тэдгээр этгээдийн холбогдсон 11 удаагийн үйлдэлтэй хэргүүд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байгаа бөгөөд хэргүүдийг нэгтгэн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгах юм.

Сэжигтнүүд “Тэр айлын цонх бага зэрэг нээлттэй гэмээр түлхээд ороход боломжтой харагдсан. Бид тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор орчихсон. Айлаас хулгайлсан зурагтаа иргэдэд зардаг, хэрэв авахгүй бол барьцаалан зээлдүүлэх газарт тавьдаг” гэж мэдүүлжээ.

Иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байх, эд зүйлсээ “урт гартнууд”-аас хамгаалахын тулд өөрөөс шалтгаалах арга хэмжээнүүдийг авах, цонх, хаалганы бэхэлгээ, хамгаалалтаа сайжруулах, гэр, орноо эзэнгүй орхисон тохиолдолд хөршүүд, хамаатан садандаа мэдэгдэх, эд зүйлээ хулгайд алдсан тохиолдолдцагдаагийн байгууллагад цаг алдалгүй хандахыг анхааруулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гадаадын өндөр дээд хэмжээний анчин-зочид төлөөлөгчдөд 2017 онд 4 угалз, 4 тэх, 1 буга агнуулах гэнэ. Энэ үнэн үү…

БОАЖЯамнаас Амьтны тухай хуулийн дагуу Засгийн газарт тогтоолын төсөл оруулж Тусгай зориулалтаар 2017 онд агнах, барих ан амьтны тоог 2016 оны 155 дугаар тогтоолоор батлуулсан байна. Тогтоолд дурдсанаар энэ онд гадаадын анчдад угалз 68, тэх 75, буга 32, бор гөрөөс 10, зэрлэг гахай 10, цагаан зээр 100, агнуурын шувуу 400, тул загас 500-г агнуулах, бариулах юм байна. Энэ нь 2015, 2016 оныхоос нилээд хэмжээгээр нэмэгдсэн гэсэн үг.

Энэ тогтоолын дагуу гадаадын анчдад 2017 онд агнуулах ан амьтныг аймаг, сум, агнуурын бүс нутгаар хуваарилах тухай Д. Оюунхорол сайдын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны А/149 тоот тушаал гарсан байна.

Энэ тушаалын 2-т <<УИХ , Засгийн газрын өндөр дээд хэмжээний зочид, төлөөлөгчдөд 2017 онд тусгай зориулалтаар агнах, барихаар 1 толгой халиун буга, тус бүр 2 толгой угалз, 2 толгой тэх байхаар баталсугай>> гэсэн стандартын бус нэг заалт тусгагджээ.

Сайдын тушаалын энэ заалт нь жил бүр уламжлал болон гардаг энэ төрлийн тушаалд хэзээ ч байгаагүй <<шинэ санаачлага>> буюу илүү заалт болжээ. Хэрэв тийм өндөр дээд хэмжээний төр, засгийн зочид төлөөлөгчид ирэх бол тухай бүрийд нь ерөнхий сайд захирамж гаргаад л ан агнуулах асуудлыг шийдвэрлэдэг байсан үе, туршлага бий. Тушаалд заавал ийм заалт хэрэгтэй гэж үзсэн юм бол яагаад төрийн гурван өндөрлөгийн нэг Төрийн тэргүүнийнхээ өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдийг орхисон юм бол гэдэг нь гайхал төрүүлж байна. Ийм юман дээр арай л улс төржөөгүй байлтай.

2017 онд ийм олон /буга 1, угалз, тэх тус бүр 4-ийг агнах/ өндөр дээд хэмжээний анчин-зочин төлөөлөгчид Монголд айлчлах нь тушаал гарах үед буюу 2016 оны 11 дүгээр сард тодорхой болсон учраас энэ стандарт бус заалтыг Сайд тушаалдаа оруулсан юм болов уу. Нөгөө талаар нэг зочныг нэг удаа айлчлахад нь нэг л ан агнуулдаг жишиг аль ч улсад байдаг. Гэтэл тушаалд угалз 4, тэх 4, буга 1 гэж тусгаснаас үзэхэд 2017 онд УИХ, Засгийн газрын шугамаар ирэх өндөр дээд хэмжээний зочин төлөөлөгчдийн 9-д нь ховор ан амьтан агнуулах юм байна гэж ойлгогдож байна.

Гэхдээ 2017 онд Сайдын тушаалд дурдаснаар ан агнах 9 өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид айлчилна гэдэг нь сэтгэлд нэг л буухгүй байна.

Монгол улсад гадаад улс орны төр засгийн хэдэн зочин төлөөлөгчид ирэх, тэдний хэд нь ямар ан амьтан агнах хобитой болохыг Д. Оюунхорол сайд хэдэн сарын өмнөөс урьдчилан мэддэг ид шидтэй болсон юм болов уу. Эсвэл УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр нь тус тусын шугамаар ирэх зочид төлөөлөгчиддөө ан агнуулах хүсэлт захиалгаа БОАЖ-ын Сайдад хэдэн сарын өмнөөс урьдчилан ирүүлдэг болсон хэрэг үү гэж эргэлзэхэд хүргэж байна.

Хэрэв үнэхээр УИХ, Засгийн газрын шугамаар гадаадын өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид ирэх нь үнэн юм бол Тусгай зориулалтаар 2017 онд агнах, барих ан амьтны тоог тогтоох тухай Засгийн газрын 2016 оны 155 дугаар тогтоолд тэр тухай тусгасан баймаар юм. Гэтэл энэ талаар уг тогтоолд ямар ч үг үсэг байхгүй байгаагаас үзэхэд

Сайдын А/149 тоот тушаалын 2-т дурдсан тэр олон өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид гэдэг нь << зөвхөн Д.Оюунхорол сайдын урилгаар ирэх өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид>> байж магадгүй гэсэн хардлагыг түрүүлж байна. Учир юу вэ гэвэл Д.Оюунхорол сайд 2016 оны 11 , 12 дугаар сард хоёр ч удаа Арабын хэд хэдэн оронд айлчлаад ирснийг хүмүүс мэднэ.

Төр засгийн өндөр хэмжээний зочид төлөөлөгчид гэдэг нь төрийн гурван өндөрлөгийн ахалдаг Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ, Засгийн газар тэдгээрийн тэргүүн – эрх баригчдын шугамаар Монголд айлчлах зочид төлөөлөгчдийг л хэлдэг талаар гадаад харилцаатай холбоотой хууль тогтоомжид заасан байх юм.

Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 7.5-д угалзыг 7 дугаар сарын 1-ээс 10 дугаар сарын 1 хүртэл, тэхийг 7 дугаар сарын 15-аас 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл, бугыг 7 дугаар сарын 1-ээс 9 дүгээр сарын 30 хүртлэх хугацаанд буюу энэ гурван зүйлийн ховор амьтныг жилд тус бүр 60-90 хоногийн хугацаанд л агнуулахыг хуульчлан тогтоосон байдаг. Энд дурдсан хугацаанаас бусад үед агнуулбал тэр нь хууль зөрчсөн үйлдэл болж таарна.

Өндөр дээд хэмжээний зочин төлөөлөгчдөд сайдын тушаалын 2-т дурдсан 1 буга, 4 угалз, 4 тэхийг агнуулахаар зааснаас үзэхэд тэр олон өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид нь 2017 он эхлэхээс дуусах хүртэл биш зөвхөн энэ оны ангийн сезон болох хоёроос гуравхан сарын хугацаанд шилээ даран ойр ойрхон айлчлах юм байна гэдэг нь эргэлзээ төрүүлж байна. Эсвэл Сайд маань хуулиудын хэд хэдэн заалтыг зөрчсөн Засгийн газрын 155 дугаар тогтоолыг гаргуулж чадсан юм чинь өндөр дээд хэмжээний зочин төлөөлөгчдөд хуулийн хугацаа зөрчин ховор ан амьтныг агнуулах тушаал гаргаж, газрын дарга нь тусгай зөвшөөрөлийг нь олгож бас нэг <<шинэ санаачлага>> гаргах юм биш биз гэсэн хардлага төрж байгааг үгүйсгэх аргагүй. Нөгөө талаар өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид ирээд хуулийн дагуу, хугацаанд нь ховор ангаа агнууллаа гэхэд агнуурын нөөц ашигласны төлбөр, зөвшөөрлийн хураамжийг нь ан амьтнаа агнуулсан сумын төсөвт төлсөн байх зайлшгүй шаардлагатай, хуультай, журамтай гэдгийг БОАЖЯамныханд дахин анхааруулмаар байна.

Яагаад энэ тухай дурдав гэвэл 2015, 2016 онд хэдэн арван идлэг шонхор шувууг Кувейт, Катар, Эмират, Саудын Араб зэрэг орны сайд Д. Оюунхорол, газрын дарга Д. Даваасамба нарын хэлдэгээр болон хэвлэлд өгсөн яриагаар өндөр дээд хэжээний зочин төлөөлөгч гэх хүмүүст Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 12.1.6-д <<Гадаадын иргэнд агнуулсан болон гадаад улсад амьдаар нь аливаа зориулалтаар гаргасан ан амьтны төлбөрийг эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнээр тооцно>> гэсэн заалтыг улаан цайм зөрчиж улсыг 10 орчим тэрбум төгрөгөөр хохироосон зөрчлийг дахин дахин гаргаж болохгүй гэдгийг сануулмаар байна. Сайд, дарга нар цалингаараа буюу хувийнхаа мөнгөөр худалдан авсан ямар ч үнэтэй, дурын бэлгийг хэнд ч өгч болохоос биш Үндсэн хуульд заасан гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтанд байх ёстой төрийн өмч /Үндэсний бахархалт идлэг шонхор шувуу/-ийг жил бүр манайд ирдэг Арабын орнуудын шонхорчдод өндөр дээд хэмжээний зочин төлөөлөгч гэсэн нэр зүүчихээд баруун, солгойгүй бэлэглээд байх юм бол энэ нь хууль зөрчсөн, эрүү үүсэхээр ноцтой зөрчил гэдгийг сайд, дарга хоёрын сонорт дахин хүргэе.

Д.Оюунхорол сайд, Д.Даваасамба даргын 2016 онд хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр өгсөн ярилцлагаар бол 2015, 2016 онд Арабын орнуудаас шонхор барихаар нилээд хэдэн өндөр дээд хэмжээний зочид, төлөөлөгчид ирсэн учраас тэдэнд шонхор шувуудыг бэлэглэж байсан гэж байна лээ. Харамсалтай нь эдгээр зочид төлөөлөгчдийн зарим нь шонхор барихаар олон аймаг, сумдын нутгаар удаан хугацаагаар хэсүүчилж явахдаа Амьтны тухай, Байгалын нөөц ашигласны төлбөрийн тухай, Галт зэвсгийн тухай зэрэг хууль тогтоомжуудыг зөрчин Монгол орны ховор, хамгийн үнэт ан болох Аргаль угалзыг ямар ч зөвшөөрөлгүйгээр 5-6 гаар нь мөн хэд хэдэн цагаан зээр, хар сүүлт болон хэдэн зуун ногтруу шувууг хулгайгаар агнасан ноцтой зөрчлийг гаргасан нь тодорхой болсон бөгөөд энэ талаар зарим хууль хяналтын байгууллага болон сайд Д.Оюунхорол, газрын дарга Д.Даваасамба нарт мэдэгдсэн ч одоо болтол ямар ч арга хэмжээ аваагүй байна. Арабуудын хулгайгаар агнасан эдгээр ан амьтдын зөвхөн амьтны аймагт учруулсан хохирлын хэмжээ буюу нөхөн төлбөр нь л гэхэд 200-аад сая төгрөг болж байгаа юм. Зөвхөн хохирлынхоо хэмжээгээр бол энэ нь 3-5 жилийн ялтай эрүүгийн гэмт хэрэг мөн.

Тушаалын 2 дугаар заалттай холбогдох хамгийн гол хардлага бол өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдийн нэрээр Засгийн газрын 2016 оны 155 дугаар тогтоолоор 2017 онд тусгай зориулалтаар агнуулахыг зөвшөөрсөн ховор ан амьтадыг сайдын А/149 тоот тушаалаар аймаг, сум, агнуурын бүс нутгаар хуваарилсан хуваариас сайд маань угалз 4, тэх 4, буга 1-ийг авч үлдээд төр, засгийн нөгөө олон өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид нь ирэхгүй, ирсэн ч 2-3 нь ирж ан хийлээ гэхэд үлдсэн анг нь 2017 онд агнуулахгүй байж буян үйлдэж чадах уу, эсвэл гадаадын анчдад зуучилж ан агнуулах бизнес эрхэлдэг яамны удирдлагад талтай нөгөө цөөн тооны компаниуддаа, зочид төлөөлөгчдийн нэрээр хуваарилаагүй авч үлдсэн хэд хэдэн угалз, тэхийг гадаадын анчдад агнуулах эрх , зөвшөөрлийг олгох далд бодол, тохироо, хуйвалдаан байгаа нь нууц биш гэж ярих хүмүүс ч байна. Энэ нь яах аргагүй үнэний хувьтай гэж бодож байна.

Үүний нэг баталгаа бол 1996 онд АНУ-д очоод өөрийгөө Монгол Улсын Байгаль орчны сайд гэж худал хэлж яваад АНУ-ын Дотоод Хэргийн Төрийн Департаментад шалгагдаж явсан, гадаадын анчдад ан агнуулах ажилд зуучилдаг Монгол Сафари ХХК-ийн эзэн У.Буяндэлгэр гэгч саяхан буюу 2 дугаар сарын 1-нээс 12-нд АНУ-д очоод УИХ, Засгийн газрын 2017 оны анг борлуулна, ангаа Улсын тусгай хамгаалалттай газарт ч агнуулж чадна, би УИХ-ын даргын болон Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайдын дотны хүн гэж явна гэсэн мэдээлэл байна. Энэ эрхмийн үгээр бол Сайдын тушаалд дурьдсан Төр засгийн өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдөд агнуулах ан амьтад нь энэ мэтийн хоёр, гуравхан хүний гараар ороод дуусчиж болзошгүй юм.

МОНГОЛЫН МЭРГЭЖЛИЙН АНЧДЫН ХОЛБОО

Categories
мэдээ нийгэм

Угийн бичиг хөтөлснөөр удам угсаагаа цэвэр ариун байлгана

Улсын хэмжээнд цус ойртолт ихэссэн, 2005-2009 оны хооронд 689 согогтой хүүхэд мэндэлж байсан бол 2014-2015 онд 1280 тохиолдол болж өсчээ хэмээн өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд болсон “Угийн бичиг хөтлөх олон нийтийн санаачилга өрнүүлэх” хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.

Дөнгөж мэндэлж буй нярай согог, гажигтай төрөх нь цус ойртолтын шинж тэмдэг гэдгийг Стратегийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд онцолж байв.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар”, “Монголын ураг уламжлалын холбоо” хамтран дээрх санаачилгыг гаргаж байгаа аж.

Монголын ураг удам уламжлалын холбооны тэргүүн Ж.Түдэвдорж ярихдаа, “Төрөлхийн согогтой, ургийн гажигтай хүүхэд мэндлэх явдал нь жил ирэх тусам нэмэгдсээр байгаа нь цус ойртолт их байгаагийн шинж. Цус ойртолтыг тоохгүй зөнд нь орхивол үндэсний аюулгүй байдалд нөлөөтэй бөгөөд юуны түрүүнд ойрын хугацаанд эрх зүйн зохицуулалт хийж, айл бүрийг угийн бичиг хөтөлдөг болох шаардлагатай” гэв.

Цус ойртолтод нөлөөлдөг бас нэг хүчин зүйл бол хүн ам дахь гэрлэлтийн бүтэц, гэрлэлтийн тогтолцоо аж. Өнөөдөр нэг баг, сум, аймаг дахь нийт гэрлэлтийн 73.9-86.1 хувь нь тухайн баг, сум, аймгийн уугуул хүмүүс хоорондоо гэрлэж буй явдал. Хүн ам дахь оюуны хөгжлийн доройтолд цус ойртолт хэрхэн нөлөөлж буйг 2016 оны байдлаар насны бүлгээр авч үзвэл 15-64 насны хүн ам буюу эдийн засгийн хамгийн идэвхтэй хүн амд оюуны хомсдлын түвшин өндөр гэсэн судалгаа гарчээ.

Иймээс угийн бичиг хөтлөх нь удам угсаагаа цэвэр ариун байлгах, цус ойртох, монгол хүний удмын санд сөргөөр нөлөөлөхөөс урьдчилан сэргийлнэ” гэж Шинэ эхлэл лаборатори сургуулийн захирал Л.Эрдэнэ хэлж байв.

Угийн бичиг нь есөн үеэр шувтардаг ясан төрөл буюу эцгийн талаа бүрэн хөтөлсөн удам угсааны бичиг юм. Манай улсад угийн бичиг хөтөлдөг 700 гаруй хүн байгаагаас 41 үеэ мэддэг хүн ч бий аж.

Categories
гадаад мэдээ

Телевизийн шууд эфир явж байхад хүүхдүүд нь орж ирж саад болжээ

Саяхан Өмнөд Солонгос дахь ВВС-н телевизийн судлаач Prof Kelly гэрээсээ шууд эфирт цаг үеийн мэдээллийг дамжуулж байх үеэр бага насны хоёр хүүхэд нь цаанаас нь орж ажилд нь саад болж буй бичлэг цахимаар цацагдаж олон сая хүний хандалтыг авчээ. Тэр үед эхнэр нь нөгөө өрөөндөө тэрхүү шууд дамжуулалтыг үзэж сууж байжээ. Ингээд хүүхдүүд нь гэнэт эфирт орж ирэхийг хараад араас нь тэрээр орж хүүхдүүдээ сандран авч гарчээ. Энэхүү бичлэгийг олон сая хүн үзсэн бөгөөд Kelly-н эхнэр нь солонгос хүн бөгөөд хосолмол соёлт гэр бүлийн байдал ихээхэн дуулиан тарьж анхаарлыг нь илүүтэй татсан байна.

Ихэнх хүмүүс хүүхдүүдийг авч гарсан эмэгтэйг хүүхэд асрагч нь гэж таамаглаж байжээ. Энэхүү таамаглал, эргэлзээг тайлж Рrof Kelly болон түүний эхнэр Жан-а Ким нар хүүхдүүдийн хамт болсон явдлын талаар BBC-н нэвтрүүлэгт оролцжээ. Тэд ярихдаа, “Үнэхээр хөгжилтэй байсан ч жаахан санаа зовж байсан. Гэхдээ олон хүмүүс эерэгээр хүлээж авсанд баяртай байна. Ийм тохиолдол ВВС-ийн түүхэнд гарч байгаагүй анхных нь тохиолдол боллоо” гэжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Менингококкт халдвараар тав хүртэлх насны хүүхдүүд өвчлөн, хүндрэх хандлагатай байна

Менингококкт зурган илэрцүүд

Сүүлийн саруудад менингит буюу менингококкт халдварын өвчлөл ихэсч, ялангуяа 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөл нэмэгдэх, зарим тохиолдолд хүндрэх хандлагатай байгаа тул Халдварт өвчин судлалын үндэсний төвд, менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалт эхэлжээ. Дархлаажуулалтад зургаан сартайгаас дээш бүх насныхан хамрагдах боломжтой гэнэ. Лхагва, баасан гаригт 09:00-14:00 цагийн хооронд ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетэд уг вакциныг хийж байна. Сайн дурын дархлаажуулалтад хамрагдах бол вакцины үнэ буюу 6000 орчим төгрөг төлөх аж.

Мөн ХӨСҮТ-өөс урьдчилан сэргийлэх вакциныг тархвар судлалын заалтаар хийж байна. Голомтод байгаа хүмүүсийн хавьтлыг судалж байгаад вакцин хийж байгаа ажээ.

Менингококкт халдвар гэж ямар өвчин бэ?

Менингококкт халдвар нь арьсан дээрх өвөрмөц зөв биш хэлбэртэй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг, Neisseria meningitidis гэгдэх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин.

Хэрхэн халдварлах вэ?

Менингококкт халдвараар өвдсөн хүн, нян тээгчээс агаар дуслын замаар халдвар дамжих ба үүсгэгч нян нь хүний хамар, залгиурт байршиж өвчин үүсгэнэ. Нууц үеийн хугацаа нь 3-10 хоног, дунджаар 5-7 хоног байдаг.

Хэн өвдөх вэ?

Бүх насны хүн өвчлөх боловч 5 хүртэлх насны хүүхэд илүү өртөмтгий байдаг.

Ямар шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах вэ?

  • Гэнэт 38-39 хэм ба түүнээс дээш өндөр халуурах
  • Биеээр цусархаг тууралт гарах
  • Толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх
  • Олон удаа бөөлжих
  • Хоолонд дургүй болох, ядарч сульдах
  • Татах
  • Биед нь хүрэх, чанга дуу чимээ, хурц гэрэл зэрэгт цочрох
  • 1 хүртэлх насны хүүхдэд зулай түмбийж чинэрэх

Categories
мэдээ нийгэм

МХЕГ-ын 400 байцаагч 192 хороонд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллажээ

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас өнөөдөр агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдсэн ажлуудыг танилцууллаа. НМХГ-ынхан харуулын байр, авто засвар, угаалгын газар, токарийн цех, тосол зардаг ТҮЦ зэрэг агаар бохирдуулах эх үүсвэр ашиглаж буй 1962 аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт шалгалт хийжээ.

Нийт 1524 аж ахуйн нэгжид мэдэгдэх хуудас, 27 албан шаардлага, 9 акт хүргэжээ.

НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Н.Нарангэрэл:

Улаанбаатар хотын 6 дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа 51 халаалтын зуухны байгууламжид хяналт шалгалт хийж, 15 зуухны хаягдал утаанд хийн хэмжилт хийж, 6 аж ахуйн нэгжид халаалтын зууханд үнс баригч тоног төхөөрөмж суурилуулах, ашиглалтын талаар зөвлөгөө өгч ажилласан. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар 28 аж ахуйн нэгж байгууллагад албан шаардлага, 2 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох акт, мөн торгуулийн арга хэмжээ авч ажиллаж байгаа.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд агаарын чанарыг сайжруулах хязгаарлалтын бүсийн дэглэмийг мөрдөж ажиллаагүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад МУ-ын агаарын тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулах, тусгай зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагааг зогсоох, газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна гэлээ.

Нийт 1,962 объектыг шалгаснаас 78 объектыг цахилгаан халаагуурт шилжүүлж, зургаан газрын зуухыг бүрэн шаталтат зуухаар солиулсан аж.

Дугуй, хуванцар, хог хаягдал шатаах зэрэг төрөл бүрийн шаталтын процессын үед ДИОКСИН, ФУРАН хий байдлаар ялгарч агаарт 32 хоног, хөрсөнд 10-12 жил, хүний биед 8 жилээс дээш хугацаагаар хадгалагдаж хорт хавдар үүсгэх, дархлаа бууруулах, ургийн тархины хөгжил, мэдрэлийн системд сөргөөр нөлөөлөн оюун ухааны хөгжил бууруулдаг аюултай гэнэ.

Иймээс иргэн бүхэн утааны эсрэг хамтдаа тэмцэж, зөрчлийн талаарх мэдээллийг 24 цагийн турш Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 77775000 шуурхай утсанд ирүүлэхийг НМХГ-аас сануулж байна.

Categories
мэдээ нийгэм

Зөрчлийн хуулийн ажлын хэсэг хуралдав

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсэг чуулганы завсарлагааны хугацаанд ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр хуралдав. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Ганбаатар, Н.Учрал, Л.Мөнхбаатар, Д.Цогтбаатар болон холбогдох бусад албан тушаалтнууд ажиллаж байгаа юм.

Ажлын хэсэг өнөөдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төсөлтэй холбогдуулж Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийг 27 чиглэл, төрлөөр шалган шийдвэрлэж, хүн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж ажиллах холбогдох байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудыг байлцуулж, зөрчлийг шалган шийдвэрлэх харьяалал, зөрчилд оногдуулж байгаа шийтгэлийн төрөл, хэмжээ зэрэг асуудлаар санал солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

”Рамада” зочид буудалд гал унтраах тактикийн сургуулилт болж байна

“Рамада” зочид буудал, “Макс Молл” худалдааны төвд өнөөдөр гал унтраах тактикийн сургуулилт зохион байгуулагдаж байна.

Энэ нь Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал унтраах, аврах 10, 18 дугаар ангийн нэгдүгээр тасаг, Гал унтраах аврах 26-р ангийн автомеханик шат, Гэрэл холбооны алба, Дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Улаан загалмайн нийгэмлэг, Замын цагдаагийн тасаг зэрэг төрийн байгууллагуудын болон Макс группын хамтарсан өргөн хэмжээний сургуулилт юм.

Үзүүлэх сургалтын үеэр тус байгууллагуудын ажилтан, албан хаагчдад гал түймрийн үед хэрхэн өөрийгөө болон бусдыг аврах, аврах гарц хаалгаар хэрхэн гарах, анхны тусламж хэрхэн үзүүлэх, галын хор ашиглан гал унтраах зэрэг практикийн дадлага олгох сургалт явагдсан байна.

Олон улсын сүлжээ зочид буудал болох Рамада нь жил бүр ийм тактикийн сургуулилтыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг бөгөөд ажилтнууддаа Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу хэрхэн ажиллахыг сургаж дадлагажуулан олон улсын стандартыг ханган ажилладаг юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дээд шүүх АН-ын даргыг бүртгэж, дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзав

“Ардчилсан Нам”-ын даргын нэр болон дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хэлэлцлээ.

Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд, тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзав.

Харин Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, Ардчилсан намын даргаар Содномзундуйн Эрдэнийг сонгосныг бүртгэлээ.

Categories
мэдээ нийгэм

С.Зоригийн хэргээр яллагдаад буй Т.Чимгээд үл мэдэгдэх тариа тарьжээ

Өчигдөр Ардчиллын алтан хараацайнуудын нэг С.Зоригийн хэргийн давж заалдах шүүх хурал явагдсан билээ. Олон хүмүүсийн эргэлзээг тайлж энэхүү шүүх хурлаар үнэн мөнийг тогтоох болов уу гэж горьдсон ч ялыг хэвээр үлдээв. Үүнд ар гэрийнхэн нь гомдолтой байгаагаа мэдэгдэж, гэм хийгээгүй хүүхдүүдийг минь хорьж байна хэмээн ээж нь тэмцсээр байна. Харин шүүх хурлын тогтоол уншиж байхад “Ялтан нарыг тухайн үед хэргийн газар байсныг нэр бүхий гэрч шууд таньсан” гэв. Тэгэхээр цорын ганц гэрч нь С.Зориг агсны эхнэр Б.Булган гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Тиймдээ ч түүнийг өнгөрсөн 18 жилийн хугацаанд хууль хяналтынхан хараандаа байлгаж, сүүлийн жилүүдэд цагдан хорьж, тусгаарлаад байсан. Тэгэхээр шүүгчийн хэлж байгаагаар тэрээр Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг Б.Булган шууд таньсан бололтой.

Хэд хоногийн өмнө буюу энэ сарын 9-ны өдөр Дорноговь аймгаас яллагдагч Т.Чимгээг ар гэрийнхэн нь эргэжээ. Гэвч түүнд үл мэдэгдэх тариагаар тарьсан гэх зүйлийг Т.Чимгээ ярсан байна. Ар гэрийнх нь үзэж байгаагаар ямар нэг сэтгэцэд нөлөөлөх тарилга байхыг үгүйсгэхгүй байгаа аж. Энэ талаар түүний ах “Дүүгийнхээ эрүүл мэндэд маш их санаа зовж байна. Учир нь манай дүүд үл мэдэгдэх тариа тарьсан байна. Дүү маань ямар ч хэрэг хийгээгүй болохоор айхгүй байна гэж байгаа ч би айж байна. Ямар хүн, яах гэж тариа хийснийг хэлж мэдэхгүй байна. Ухаан санаа эрүүл саруул хүнийг л аваад явсан. Тийм л хүн гарч ирэх ёстой. Хэрвээ ямар нэгэн байдлаар эрүүл мэндэд нөлөөлсөн бол хууль хяналтын байгууллагад хандана. Тэр тариа ямар нэг сэтгэцэд нөлөөлөх тарилга байхыг үгүйсгэхгүй” гэсэн байна.

О.ӨНӨР