Categories
мэдээ нийгэм

Хар тамхи хэрэглэсэн дуучдыг тайзан дээр гарах, уран бүтээл хийх эрхийг нь хасдаг болъё

-БАЯН АЙЛЫН ХҮҮХДҮҮД НИЙЛЖ, ГУРВАН ТӨРЛИЙН МАНСУУРУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ БОДИС ХЭРЭГЛЭ СЭН БАЙНА-

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Рояал Кэстл” хотхоны 103 дугаар байрны 12 давхраас жүжигчин Б.Баатархүүгийн хүү Б.Хүслэн унаж харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг энэ оны нэгдүгээр сарын 29-нд гарсан билээ. Талийгаач Б.Хүслэн УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын хүү Б.Хүлэгтийн гэрийн цонхоор унаж амь насаа алдсан байдаг. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа юм. 11 залуу УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын хүүгийн гэрт хамтдаа хоносон байдаг. Энэ үеэр залуус мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон юм. Цагдаа нар талийгаач Б.Хүслэн юуны учир цонхоор унах болов. Түүнийг түлхэж унагасан уу. Эсвэл өөрөө амиа хорлохоор шийдэж цонхоор үсэрсэн үү гэдгийг шалгаж тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаа билээ. Талийгаач Б.Хүслэнгийн үхлийн шалтгаан болон залуус мансууруулах төрлийн ямар бодис хэрэглэсэн бэ гэдгийг Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс тогтоожээ.

Энэ талаар эх сурвалж “Баянзүрх дүүргийн “Рояал Кэстл” хотхоны … байрнаас хүн уначихлаа” хэмээн мэдэгдсэн байдаг. Үүний дагуу эргүүлийн цагдаа нар хэргийн газарт анх очсон байна. 20 гаруй насны залуу өндрөөс унаж амиа алдсан байжээ. Цагдаа нар талийгаачийн зургийг авч, хаана, аль байрнаас унасан бэ гэдгийг шалган тогтоохоор тус хотхоны 103 дугаар байрны бүх айлаар явсан байна. Ингээд Х.Баттулгын хүү Б.Хүлэгтийн байранд очжээ. Хаалгыг нь тогшиход Э.Намсрай гэх залуу тайлж өгсөн гэнэ. Талийгаачийн зургийг үзүүлэхэд “Манай найз мөн байна” хэмээн мэдүүлсэн аж. Ингээд цагдаа нар хэргийн газрыг хамгаалалтад авч, шалгаж эхэлсэн байна. Цагдаа нарын хэлж буйгаар талийгаач Б.Хүслэнг амь насаа алдсан гэдгийг тухайн үед байсан найзуудынх нь нэг нь ч мэдээгүй байсан гэнэ. 12 өрөө байранд залуус таран унтаж байсан аж. Ингээд хэргийн газарт үзлэг хийж эхэлжээ. Талийгаач тус байрны мансард бүхий тагтан дээрээс унасан ул мөр олджээ. Мөн саяхан уусан бололтой пивоны хоёр шил хэргийн газраас олдсон гэнэ. Тагтан дээр битүү цас болсон бөгөөд талийгаач залуу ганцаараа явсан бололтой хөлийн мөр байсан аж. Ингээд найз нь тагтан дээрээс унаж амиа алдсан гэдгийг цагдаа нар залууст хэлсэн гэнэ. Гэвч залуус юу ч болсон шинжгүй, мансуурсан байдалтай байсан аж. Иймээс цагдаа нар Э.Намсрай 22 настай, Б.Цэрэнням 21 настай, Б.Бат-Оргил 28 настай, Ж.Гантулга, 28 настай, Г.Дөлгөөнбаатар 21настай, Ц.Цэрэндорж 23 настай, Б.Хүлэгт 23 настай, Н.Жамух 23 настай, Ц.Даваажаргал 28 настай, Э.Есүнгэ 25 настай, Б.Намуун нарыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст аваачиж, цусны шинжилгээ авсан байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Б.Бат-Оргил, Б.Намуун нараас бусад есөн хүнээс сэтгэцэд нөлөөлөх хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн гэдэг нь тогтоогджээ. Мөн Б.Хүлэгтийн гэрт үзлэг хийж, үнэрч хоёр нохойгоор мансууруулах төрлийн бодис гэртээ нууж байгаа эсэхийг шалгуулжээ. Үнэрч ноход мансардны давхрын өрөөнөөс ундааны сав хоёрыг, бетон саван дотроос мөнгөлөг өнгийн гаанс, булангийн өрөөнөөс гялгар уутанд хийсэн ногоон өнгөтэй өвс, мөнгөлөг цаасанд ороосон хар тамхи, усны саван дотор гуурсан хоолой хийсэн гурван зүйл олжээ. Мөн эм хэлбэртэй шахмал цагаан зүйл олдсон байна. Дээрх зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авчээ.

ТАЛИЙГААЧ Б.ХҮСЛЭН ӨӨРИЙГӨӨ УДИРДАХ ЧАДВАРГҮЙ БОЛТЛОО МАНСУУРСАН ҮЕДЭЭ ТАГТНААС УНАСАН БОЛОЛТОЙ

Талийгаач Б.Хүслэн амьд байхдаа учирсан гэмтэл байхгүй. Харин өндрөөс унах үедээ тархины суурь яс нь бяцарч, элэг уушги нь задарсан, хөл, гар, хавирга нь бүхэлдээ хугарсан байна. Тархины хүнд гэмтэл нь шууд үхэлд хүргэжээ гэсэн дүгнэлтийг Шүүх эмнэлгийнхэн гаргажээ. Хэргийг шалгаж байгаа цагдаа нар Б.Хүслэн юуны учир амиа хорлох болсон бэ гэдгийг шалгаж тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа залуус “Бид хоорондоо огт муудалцаагүй. Шөнө ирээд өрөө өрөөндөө ороод унтсан. Өглөө цагдаа нар ирэх үед Б.Хүслэн амь насаа алдсан гэдгийг мэдсэн” хэмээн мэдүүлжээ. Мөн талийгаач залуугийн аав жүжигчин Б.Баатархүү цагдаа нарт “Манай хүү 2016 оны долдугаар сарын үед өмднийх нь халааснаас гялгар ууттай ногоон өнгөтэй өвс гарч ирсэн. Ингээд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хордлого тайлуулах эмчилгээ хийлгэж байсан” хэмээн мэдүүлжээ. Мөн талийгаачийн цуснаас авсан шинжилгээгээр мансууруулах төрлийн бодис их хэмжээгээр хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Иймд Б.Хүслэн мансуурсан үедээ тагтнаас унаж амь насаа алдсан гэх дүгнэлт гаргасан гэнэ. Мөн СӨХ-ны байрыг шалгахад талийгаач тагтнаас ганцаараа унаж байгаа бичлэг олдсон байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Э.Намсрай, Б.Цэрэнням, Ж.Гантулга, Г.Дөлгөөнбаатар, Ц.Цэрэндорж, Б.Хүлэгт, Н.Жамух, Ц.Даваажаргал, Э.Есүнгэ нарыг Эрүүгийн хуулийн 188.2, 192.3.4, 192.2, 192.1-д зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Залуус удаа дараа мансууруулах төрлийн бодис хэрэглэж байсан гэдэг нь тогтоогджээ. Мөн тэдэнд хар тамхи нийлүүлдэг гэмт хэрэгтнүүдийг ч шалгаж эхэлсэн гэнэ.

Хүүхэд, залуучуудын дунд хар тамхи, мансуурах төрлийн гэмт хэрэг “давалгаалж” байгааг албаны эх сурвалж онцолж байв. Энэ төрлийн гэмт хэрэг хууль хяналтын байгууллагын хяналтаас гараад олон жил болж байгаа. Эрүүгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах газарт хар тамхи байнгын хэрэглэж байгаа 17 мянга орчим хүний бүртгэл байгаа гэнэ. Мөн 76 мянга гаруй мансуурагч байна гэх судалгаа гаргаад байгаа аж. Цагдаагийн байгууллагынхан өнгөрсөн хугацаанд хар тамхитай холбоотой хэдэн зуун залуусыг барьж шалгажээ. 40 гаруй гишүүнтэй хар тамхи, мансууруулах төрлийн бодис худалдаалдаг, хэрэглэдэг бүлэглэлээс эхлээд жилдээ 18-25 насны 200-300 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг байна. Гадаадын улс орнуудаас хилээр оруулж ирдэг, түүнийгээ худалдан борлуулдаг, хэрэглэдэг гээд зохион байгуулалттай, сүлжээ гэмт хэрэг бий болоод байгаа. Үүнээс гадна хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг урлаг соёлын одууд хэрэглэх нь их болсон. Дуучид илүүтэйгээр хэрэглэж байгаагаас болж залуус хар тамхи хэрэглэх нь “гоё” юм байна гэсэн ойлголтыг авч байгааг үгүйсгэх аргагүй. Гэвч Монголын төр засаг хар тамхи хэрэглэж байгаа дуучид, олны танил хүмүүсийг шийтгэхдээ зөөлөн ханддаг. Нэгэн алдартай дуучныг гэхэд Ерөнхийлөгч Н.Энхбаяр хар тамхи татсан хэргээр ял авчихсан байхад нь өршөөл үзүүлж байсан. Мөн Ц.Элбэгдорж түүнийг Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнаж байв. Энэ мэт хар тамхины хэргээр ял шийтгэл амссан дуучид бүгд өршөөгдөж, бага ял аваад шоронгоос гарцгаасан. Мөн хар тамхи хэрэглэсэн хэргээр шалгагдаж байсан гурван дуучин уран бүтээлийн цэнгүүн хийж байв. Өөрөөр хэлбэл, тэд хар тамхи, мансууруулах бодис татаж, хэрэглэдгээрээ ч, дуулдгаараа ч олны танил болж байгаа гэсэн үг. Тиймээс төр засаг хар тамхи хэрэглэж, мансуурдаг, худалдан борлуулж, залуусыг уруу татаж байгаа дуучдад хатуу хариуцлага хүлээлгэдэг болмоор байна. Сэргээшийн төрлийн эм бэлдмэл, сэргээш хэрэглэсэн тамирчныг хэдэн жилээр тэмцээн уралдаанд орохыг нь хориглодог шиг хатуу чанга шийтгэдэг болох хэрэгтэй. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон, мансууруулах бодис хэрэглэсэн, бусдад худалдсан, бусдыг уруу татсан дуучид, урлагийнхныг дахин тайзан дээр гаргахгүй, олон нийтэд зориулсан уран бүтээл хийх эрхийг нь хэдэн жилээр хасдаг болох нь ирээдүйгээ бодсон зөв шийдвэр болно. Ийм аргаар залуус, олон нийтэд тэднийг хар тамхи хэрэглээд хэн ч биш болж байгааг харуулах төрийн хатуу бодлого манай улсад нэн тэргүүнд хэрэгтэй. Төр засгийн зүгээс хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийг залхаан цээрлүүлсэн ийм бодлого байхгүйгээс болж бидний хойч ирээдүй болсон хэдэн мянган залуу хар тамхины “боол” болж, цагаан тахалд чимээгүйхэн нэрвэгдэж байна. Хар тамхи хэрэглэсэн хүнд гэрэл гэгээт ирээдүй огт байхгүй, зөвхөн үхэл хүлээж байдаг гэдгийг залууст хатуухан анхааруулах шаардлага тулгарчээ.

Э.БААТАР

Categories
мэдээ цаг-үе

Д.Хулан: Миний арьс гэмтэж, харшилтай болсон нь сүүлний өөхөөр саван хийхэд хүргэсэн

Хонины сүүлээр саван зэрэг эко гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй “Lhamour” брэндийн үүсгэн байгуулагчтай уулзсан юм. Тодруулбал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын энэхүү өдөр олон улсын зах зээлд Монгол брэндийг гаргахаар зорьж буй хөдөлмөрч бүсгүй “Natural Essentials” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Д.Хулантай ярилцлаа.


-Та Lhamour брэндийг үүсгэн байгуулж, хонины сүүлээр саван болон бусад органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргаад эхэлж байгаа юм байна. Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон сонин сайхнаас яриагаа эхэлье. Яагаад энэ салбарт орох болов?

-Би өөрөө их эмзэг арьстай болохоор эрс тэс хуурай орчинд арьс маань их гэмтэж байсан. Өөрийн хэрэглэдэг бүтээгдэхүүндээ ач холбогдол өгөхгүйгээр, сайн гэсэн бүтээгдэхүүн бүрийг л авч хэрэглэдэг байлаа. Ингээд олон бүтээгдэхүүн хэрэглэснээс болоод арьс маань их гэмтсэн. Монголд ирээд харшилтай болсон болохоор эрүүл мэнддээ их анхаарч эхэлсэн. Эмч нартай зөвлөлдөхөд химийн бодистой бүтээгдэхүүн хэрэглэхээ болих хэрэгтэй гэж байсан нь миний сонирхлыг их татсан юм.

Тиймээс өөртөө зориулж судалгаа хийсэн. Судалгаа хийж байхдаа гоо сайхны бүтээгдэхүүний салбарыг ихэд сонирхож эхэлсэн. Ингээд Олон улсын органик гоо сайхны бүтээгдэхүүний найрлагын дипломоо хамгаалж, тухайн үед Монголдоо хийж болох боломжоо харж байлаа. Би өөрөө Сэргээгдэх эрчим хүчний мастертай, АНУ-д төгсөөд Монголдоо бодит хувь нэмэр оруулах хүсэлтэй ирсэн болохоор өөрийн компаниа байгуулж, энэхүү чиглэлээр дагнаж, үйлдвэрлэл явуулахдаа хүнд ээлтэй, байгальд ээлтэй яаж хийж болох талаар маш их судалсан. Тэгээд эцэст нь энэхүү өөрийн үйлдвэрээр дамжуулж бүхий л хүсч мөрөөдөж байсан зүйлээ хэрэгжүүлж чадах мэт санагдаад 2014 онд компаниа байгуулж, үйлдвэрлэлээ эхлүүлсэн юм.

-Та өөрөө хаана төрж өссөн, ямар айлын хүүхэд, хаана ямар сургуульд сурж төгссөн юм бэ. Өөрийгөө болон гэр бүлээ танилцуулаач?

-Би Улаанбаатар хотод төрсөн. Дээрээ нэг ахтай. Гурван настайдаа ХБНГУ руу нүүж амьдралынхаа ихэнх хугацааг Европт өнгөрүүлсэн. Угаасаа их сониуч хүн, жинхэнэ утгаараа би өөрийгөө нүүдэлчин хүн гэж боддог. 15 настайдаа өөрөө Швейцарь руу явж, дараа нь Германд бакалавр хамгаалж, Францад мөн сурч, сүүлдээ АНУ-д 100 хувийн тэтгэлгээр Колумбиа их сургуульд тэнцэж АНУ-ын Нью-Йорк хотод амьдарсан.

Би мөн их олон газар ажиллаж үзсэн. Швейцарьт нэг жил багшилж, бага ангийн хүүхдүүдэд англи, герман хэл зааж, оюутан байхдаа coffee shop-д зөөгч, зочид буудалд зөөгчөөр ажиллаж байсан. Мөн Берлиний BMW-гийн төвд борлуулалт хариуцаж, Улаанбаатар дахь дэлхийн банкинд дадлага хийж, АНУ-ын Нью Йоркийн Нэгдсэн Үндэсний Байгууллагад дадлага хийж байлаа. Эцэст нь сурсан мэдсэн бүхнээ Монголдоо зориулах хүсэлтэйгээр буцаж ирж 2012 онд Ньюком компанид ажиллан, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр гараагаа эхлүүлсэн.

-Хувийн бизнесээ эхлүүлэхдээ яагаад хонины сүүл ашиглах болов. Хонины сүүлний болон бараа бүтээгдэхүүнийхээ онцлог чанарыг танилцуулаач. Ямар ач холбогдолтой, онцлогтой бүтээгдэхүүнүүд гарч байна?

-Бид хүний арьсанд тэжээл өгөх чанартай сайн түүхий эд болгоныг хэрэглэхийг хичээж байгаа. Урьд нь байгаагүй, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хичээдэг. Би өөрөө хонины сүүлний ач тусыг сайн мэднэ. Монголчууд бид уламжлалт ёсоор хэрэглэсээр ирсэн. Эрүүл хонины сүүл нь өөрөө амин дэмээр дүүрэн, мөн охид бүсгүйчүүдийн хүсээд байдаг коллагеныг ч их агуулсан байдаг. Нас ахих тусам хүний арьсны коллаген ялгаруулах чадвар багасч байдаг болохоор коллагеныг гаднаас авах шаардлагатай болдог. Тиймээс хонины сүүл ашиглан гар, хөл, биеийн тос, саван гэх зэрэг бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэж байна. Бид зөвхөн хонины сүүл гэлтгүй чацаргана, нохойн хошуу, ганга, халгай, ямааны сүү, сарлагийн сүү, зөгийн бал, зөгийн лав гэх мэт Монголынхоо түүхий эдийг ашигладаг. Мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, арьсанд маш сайн тэжээл өгдөг Шэа самарны тос, оливын тос, наранцэцгийн тос, авокадо тос, наргил модны тос гэх мэт олон түүхий эдийг хослуулан хамгийн дээд зэргийн чанартай органик бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хичээж байгаа. Ялангуяа Монголынхоо хэрэглэгчдэд шинэхэн талх мэт гоо сайхны бүтээгдэхүүн хүргэж чадаж байгаагаараа бахархаж байгаа. Органик гоо сайхны бүтээгдэхүүн бол их нарийн, бас эмзэг, хадгалах хугацаа нь бага байдаг. Тиймээс Монголдоо бид үйлдвэрлээд, хэрэглэгчдэд шууд хүргэж чадаж байгаа нь шинэхэн, шинэлэг хүнс хүрч байгаа мэт эрүүл байгаа.

-Одоогоор бараа бүтээгдэхүүнээ хаагуур борлуулж байгаа вэ. Бараа бүтээгдэхүүний тоогоо олшруулж байгаа юу?

-Бид 2014 онд үйл ажиллагаагаа эхлүүлээд, 2015 онд Goodprice дэлгүүрийн борлуулалтын цэгүүдээр дамжуулан бүтээгдэхүүнээ хүмүүст таниулж, хүргэсэн. 2016 онд өөрсдийн анхны нэрийн дэлгүүрээ Шангри-ла Моллын хоёр давхарт нээж, мөн “Туушин” зочид буудлын нэгдүгээр давхарт Лхамур бүтээлч дэлгүүр нээсэн байгаа. Үүнд бид бусад монгол брэндүүдээ дэмжиж, Монгол бүтээлч байж чаддаг шүү гэдгийг харуулж буй юм. Бид 2016 онд мөн өөрсдийн анхны спаг Скай Ресортод нээсэн.

Органик бүтээгдэхүүн эрүүл мэндэд тустай болохоор бид мөн агаар сайтай орчинд, хүний эрүүл мэндэд тустай үйлчилгээ үзүүлж, монгол массажистуудынхаа ур чадвараар дамжуулж хүнд тустай зүйл хийх гэж хичээсэн минь энэ. Агаар салхинд гарангаа, хайртай дотнын хүмүүстэйгээ хамт эрүүл орчинд эрүүл органик бүтээгдэхүүнээр массаж хийлгүүлэх нь ялангуяа сүүлийн үеийн энэ их бохирдолтой, стресстэй нийгэмд чухал юм шүү дээ.

-Бүтээгдэхүүн хийх түүхий эдээ хаанаас хэрхэн авч байна?

-Бид маш олон төрлийн түүхий эд хэрэглэдэг болохоор бүхий л салбартай одоо хамтран ажиллаж байгаа. Яг л тухайн түүхий эдийн гол эх үүсвэрүүдээс авч байна. Жишээ нь зөгийн бал, зөгийн лаваа Сэлэнгэ аймгаас, жамц давсаа Увс аймгаас гэх мэт. Мөн бид бусад үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж өөхөн тос, хонины сүүлний тос гэх мэт түүхий эдүүдээ тогтвортой авахыг хүсч байгаа. Гадны түүхий эдүүдээ бид органик сертификаттай, хамгийн чанартайг нь сонгодог. Дийлэнх нь баруун Европоос ирдэг. Мөн наргил модны тосыг яг эх үүсвэр болох улс орнуудаас авч байгаа. Түүхий эд хамгаас чухал болохоор чанарт бүхий л анхаарлаа хандуулж байгаа.

-Танай бүтээгдэхүүнүүд хэд хэдэн төгрөгийн үнэтэй байна?

-Янз бүрийн үнэтэй. Биеийн арьс гуужуулагч 19,500 төгрөг. Биеийн саван 9,000 төгрөг. Уруул өнгөлөгч 8,000 төгрөг гэх мэт. Манайх гоо сайхны бүтээгдэхүүн гэвэл 10 нэр төрлийн 60 орчим бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Нэмэлтээр манай хэрэглэгчдэд биднээс улам их бүтээгдэхүүн хүсдэг болсон. Бидэнд итгэж, биднийг чанарыг эрхэмлэдэг гэдгийг мэдсэн тул гэр ахуйн бүтээгдэхүүнүүд хүртэл асуудаг болсон. Бид байгальд ээлтэй, хүний эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулдаг тул энэхүү зарчмаа барин жамц давсан бүтээгдэхүүнүүд, дахин боловсруулсан цаасаар хийсэн сагснуудыг хэрэглэгчдэдээ хүргэдэг болсон. Манай бүхий л зүйл гар аргаар хийгддэг. Түүхий эд бэлтгэхээс авахуулан, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, савлалт, хүргэлт хүртэл бүхий л шат дамжлагыг бид өөрсдөө хийдгээрээ онцлог. Их сэтгэл шингээж хийдэг. Манай хэрэглэгчид жинхэнэ органик бүтээгдэхүүн ийм боломжийн үнэтэй байгаад баярлаж, бидэнтэй хамт байдагт бид талархдаг.

-2016 онд танай компани Сингапур улсаас “Азийн шилдэг хариуцлагатай жижиг дунд бизнес” шагнал хүртсэн юм билээ. Ямар шалгуурт нийцэж, яагаад энэ шагналыг авсан бэ?

-Энэхүү шагнал нь дан ганц жижиг дунд үйлдвэрүүдийн санхүүгийн амжилтыг хараад зогсохгүй нийгмийн хариуцлага болон бизнесийн ёс суртахууныг харж өгдөг шагнал ба энэхүү төрөлд шалгарсан байгууллага нь нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан, байгальд ээлтэй ханддаг, боловсон хүчиндээ хамгийн сайн хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлсэн жижиг дунд үйлдвэрүүд байх юм. Энэхүү байгууллагууд ямарваа нэгэн саад бэрхшээл, санхүүгийн хязгаарлагдмал байдлаа үл тоон Хариуцлагатай жижиг дунд үйлдвэр гэх зарчимд биднийг бүрэн нийцсэн гэж үзсэн учир бүс нутгийн хэмжээнд энэхүү шагналаар сайшаан үнэллээ. Маш олон том том компани, брэндүүдтэй эн зэрэгцэн зогсож хамт шагнал авсандаа ихэд баяртай байгаа.

-Гадны ямар улс орнуудад бүтээгдэхүүнээ экспортлох гэж байна. Ер нь ямар хүмүүс, аль улсын иргэд энэхүү органик бүтээгдэхүүнийг илүүтэй сонирхож байна?

-Бид энэ жил албан ёсоор Хонгконгт борлуулалтаа эхлүүлж, төлөөлөгчийн газартай болж, эхний байнгын хэрэглэгчидтэй болсондоо баяртай байна. Бид мөн энэ долоо хоногт албан ёсоор Сингапур улсын дэлгүүрт бүтээгдэхүүнээ борлуулж эхэлж байгаа. Монгол Улсын албан ёсны экспортлогч үйлдвэр, экспортлогч брэнд болсондоо маш их баяртай байгаа. Энэхүү эдийн засгийн хүнд үед экспорт маш чухал гэж үзэж байна. Бид чадлаараа сайн хичээж, манай баг хамт олон эдийн засагтаа эерэг хувь нэмэр оруулахын төлөө ажиллаж байгаа.

2016 он амжилтаар дүүрэн сайхан он болсон. 2016 оны арваннэгдүгээр сард бид Японы NHK WORLD телевизээр гарч, бидний талаарх нэвтрүүлэг 148 оронд цацагдсан. Үүнээс хойш маш их хүсэлт ирж, бидэнд амжилт хүсч, баяр хүргэсэн сайхан сэтгэгдлүүд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн. Манай хэрэглэгчдэд Монголдоо ч тэр, гадаадад ч тэр, бүгд эрүүл мэнддээ анхаардаг, байгаль дэлхийгээ хайрладаг, гар аргаар хийгдсэн бүтээгдэхүүний ач холбогдлыг ойлгосон хүмүүс байдаг.

Н.ГАНЧИМЭГ

Categories
мэдээ цаг-үе

Мадонна, Майкл Жексоноос ч алдартай “JOY” хамтлагийнхан монгол бүсгүйчүүдэд зориулан дууллаа

Австрийн Бад Ауссье хотод анх үүсгэн байгуулагдсан “Joy” хамтлаг Монголд өчигдөр тоглолтоо хийлээ. Хамтлагийн уран бүтээлчид энэ сарын 6-ны өдөр Монголд ирсэн юм. “Crocus Event Hall” клубээс өнгөрөгч зууны ная, ерээд оны диско үдэшлэгийг тогтмол зохион байгуулж байгаа юм. Энэхүү үдэшлэгт гадаадын хамтлаг дуучид ирж оролцдог уламжлалтай бөгөөд өнгөрөгч онд “London Beat”, “La Bouche” зэрэг хамтлаг ирж уг үдэшлэгт оролцож байсан удаатай. Харин энэ удаад Австрийн “Joy” хамтлагийн уран бүтээлчид ийнхүү урилгаар хүрэлцэн ирж, өчигдөр 20 цагт “Crocus Event Hall” танхимд тоглолтоо толилуулсан юм. Тоглолтод “Шар айраг” хамтлаг оролцож “Smokie” ковер тоглолтоороо үзэгчдэд сюрприз барилаа. Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан “Mongolian Girls” гэж дуугаар бүсгүйчүүдэд бэлэг барив. “Joy” хамтлагийн үүсгэн байгуулагдсан түүхээс товч өгүүлбэл, ахлах сургуулийн найзууд Andy Schweitzer, Fred¬dy Jaklitsch, Manfred Temmel нар өсвөр наснаасаа эхлэн сонирхогчийн хамтлагуудад хамтдаа дуулж байжээ.

1997 онд хамтлагийн унаган хоёр гишүүн болох Freddy Jaklitsch болон Man¬fred Temmel нар тусдаа гарч “Seer” нэртэй шинэ хамтлаг байгуулсан юм. Энэ нь хожим Австрийн хөгжмийн түүхийн нэгэн шилдэг хамтлаг болсон байна. Гэвч 2008 онд Manfred Temmel “Seer” хамтлагаасаа гарчээ. Хамтлагийн бүрэлдэхүүнд ийнхүү өөрчлөлт орж байсан ч 2010 онд хамтлагийн унаган гурван гишүүн Andy Schweitzer, Freddy Jaklitsch, Manfred Tem¬mel нар хамтлагийнхаа 25 жилийн ойгоор эргэн нэгджээ. 2010 оны аравдугаар сарын 30-нд “JOY” хамтлаг “Legends of Retro FM” тоглолтоо Москва хотод хийж, хамтлагийнхаа шилдэг дөрвөн хит дууны шинэ хувилбарыг maxi-CD хувилбараар гаргасан аж. 2011 оны долоодугаар сарын 15-нд “JOY” хамтлаг Эстонийн “Viljandi Retro Fest” танхимд Латви, Эстонийн долоон мянга гаруй үзэгчдэд тоглолтоо толилуулав. Тус хамтлагийнхан 2002 оноос эхлэн ОХУ-ын хамгийн их сонсогчидтой “Авторадио”-гоос зохион байгуулдаг “Dis¬co-80” шоу арга хэмжээнд оролцож эхэлсэн байна.

Өдгөө тэд Ази, Европын орнуудад аялан тоглолт хийж 80, 90-ээд оны хит дуунуудаа фенүүддээ хүргэсээр байна. 1982 онд зохиогдсон “Eu¬rovision” дууны уралдаанд Австрийн дуу хөгжмийг тодорхойлсон тэдний “Sonn¬tag” дуу шилдэг аравт багтаж Европын хөгжмийн урсгалыг тодорхойлогч гол хамтлагуудын нэг болсон юм. “JOY” гэдэг нь 1985 онд хамтлагийн гишүүн Michael Scheickl-ийн бичсэн анхны синглийн нэр бөгөөд энэ үеэс эхлэн хамтлагийн тухай хэвлэлүүдэд нийтлэгдэж эхэлсэн байна. Тэдний дараагийн сингл болох “Touch By Touch” нь шууд л Европын топ 20 бүжгийн чаартад багтаж Австрийн үндэсний шилдэг дууны нэгдүгээрт жагсав. Энэ цомог нь Австри, Португаль, Испани зэрэг орнуудад тавин мянган хувь борлогдож “Golden Sta¬tus” шагналыг хүртэж байсан юм. Тэдний гурав дахь сингл болох “Hello”-г Michael Sche¬ickl бичсэн бөгөөд мөн л тэр даруйдаа хит болж Австрийн Үндэсний жагсаалтад болон Европын орнуудын шилдэг жагсаалтад жагсаж байсан юм. Энэ альбом нь 30 гаруй оронд борлогдсоноор “JOY” дэлхий дахинаа нэрд гарах эхлэл болжээ.

Мөн сингл байдлаар гаргаагүй ч “Valerie” нэртэй трак нь “Krugozor” сэтгүүл, флекси сингл хэлбэрээр гаргасан хувилбар нь зүүн Европт хит болж, хэдэн жилийн дараа Унгарт “In¬flagranty” хамтлагийн ковер хийж “Te meg en” нэртэйгээр гаргасан хувилбар нь хит болов. Хамтлагийн дуунууд нь эерэг өнгө аястай бөгөөд улс төрийн үг хэллэг ордоггүй тул 1986-1987 онд Зүүн Европт үүссэн коммунист үзэл баримтлалын хуваагдал буюу Iron Curtain-ийн ард “Ein Kessel buntes” теле шоунд “DDR-Dance Dance Revolu¬tion” хэлбэрээр тоглож байсан цөөхөн хамтлагуудын нэг болсон юм. 1986 оны зун тэд хоёр дахь цомгоо “Joy And Tears” нэртэйгээр гаргав. Нийтэд танилцуулагдахаас өмнө цомгийн өмнөтгөл болгон гаргасан “Japanese Girls” сингл нь тэднийг Азид таниулсан юм. 1986 онд “JOY” хамтлаг Өмнөд Солонгос улсад Мадонна болон Майкл Жексон нараас ч илүү нэр хүнд бүхий хамтлагт тооцогдохоор санал авч байсан юм. Улмаар тэд Бангкок, Хонгконг, Сингапур, Тайвань, Сөүл зэрэг хотуудад аялан тоглолт хийсэн байна.

БНСУ-ын нийслэл Сөүл хотод 12 мянга гаруй үзэгчидтэй хоёр удаагийн тоглолт хийж “Jamsil Olympic” цэнгэлдэх бүхэлдээ дүүрч байсан бөгөөд “Japanese Girls” дууныхаа өөрчилсөн хувилбарыг “Korean Girls” нэртэйгээр тоглож байжээ. Азийн аялан тоглолтынхоо дараа тэд АНУ-ын Калифорни, Сан-Жойс хотын “Shrine Audi-torium” театр, Хятад, Вьетнамд тоглолтоо хийсэн юм. Мөн 1987 оны зун Португаль, Испани, Итали улсуудад тоглолтуудаа хийж “Destina¬tion Heartbeat” нэртэй нэгэн трак бичүүлсэн нь “Flucht in der Tod” киноны дуу болсон байна. Мөн тэр жилдээ “Best of JOY” буюу хамтлагийн шилдэг дуунуудын цоморлигоо гаргаж байв. Энэхүү цомог компакт диск дээр бичигдсэн нь дижитал ертөнцийн эхлэлийг тавьсан бүтээл болсныг онцлох нь зүйтэй. 2010 оны аравдугаар сарын 30-нд “JOY” хамтлаг “Legends of Retro FM” тоглолтоо Москва хотод хийж, хамтлагийнхаа шилдэг дөрвөн хит дууны шинэ хувилбарыг maxi-CD хувилбараар гаргасан юм. 2011 онд тэд Enjoy нэртэйгээр шинэ цомог гаргажээ. Тус цомогт 10 шинэ трак болон Touch by touch, Valerie зэрэг хуучны алдартай дуунуудын тракууд багтсан байдаг. Тус цомгийн арын бүх бокал хоолойг Michael Sche¬ickl бичүүлсэн бөгөөд цомог Австрийн үндэсний чартад 21 дүгээр байрт жагсаж байжээ. Тус цомгийг 2011 оны есдүгээр сард ОХУ-д “CD-Land” студи, Унгарт “Hargent Media” студи тус тус борлуулан олон нийтэд хүргэжээ.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Базарсүрэн: Харааны бэрхшээлтэй тамирчдад мэх заахдаа дотор сэтгэлд нь харагдтал дүр, зураг үзүүлж ярих хэрэгтэй байдаг

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор энгэрээ мялаасан Монголын самбо, жүдо бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн анхны дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Чоёндоржийн Базарсүрэнтэй ярилцлаа.


-Танд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч болсонд баяр хүргэе. Ажил хөдөлмөрийн гараагаа хаанаас эхэлж байв. Хичнээн жил дасгалжуулагч хийсэн бэ?

-Би “Хоршоолол” нийгэмлэгийн “Харцага” клуб дээр Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын начин Баатаржав багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилт хийдэг байлаа. Ер нь оюутан байхаасаа л клуб дээрээ очиж хүүхдүүдийг бэлтгэл хийлгэдэг байсан. Би Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг бөхийн багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн л дөө. Харин XI сургуулиас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байлаа. Ажиллаж байх хугацаандаа Үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулалт эхлэх гэж байгаа тухай сонссон. 1996 оны арванхоёрдугаар сард гэсэн үг л дээ. Сонгон шалгаруулалтад эмэгтэй жүдо бөхийн шигшээ багийг хөгжүүлсэн Буядаа, Машбат багш хоёр маань нэг баг болж мөн би Эрдэнэбат ахтай хамтран өрсөлдөж байлаа. Ингээд 1997 онд дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн тушаалаар тухайн үеийн Биеийн тамир спортын үндэсний төвийн жүдо, самбо бөхийн анхны эмэгтэй багийн дасгалжуулагч гэсэн хариуцлагатай ажилд томилогдсон юм.

-Хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан гэсэн. Харин жүдо бөх рүү урвах болсон шалтгаан нь юу байсан бэ?

-Би арван жилийн сурагч байхаасаа эхлээд л спорттой холбогдож эхэлсэн л дээ. Хөнгөн атлетик, сагсан бөмбөг гэх мэт спортоор хичээллэж тэмцээн, уралдаанд оролцдог байлаа. Гэхдээ миний хувьд аав, өвөө минь бөх хүмүүс учраас бөхийн спортод илүү сонирхолтой хүүхэд байсан. Тухайлбал, миний нагац эмээ Луу гүний Галсанхүүгийн Вандан аваргын том охин юм. Харин миний аав үндэсний бөхөөр барилддаг начин цолтой мөн самбо, жүдо бөхийн анхны шигшээ багийн тамирчдын нэг. Тиймдээ ч бөхийн спорт, тэр дундаа жүдо бөхийг сонгон хичээллэх болсон. Гэхдээ барилдах сонирхолтой байсан хэдий ч намайг арван жилд байхад эмэгтэй бөхчүүд хараахан барилдаж эхлээгүй байлаа. Тиймээс арван жилд байхдаа буюу 1987 онд Спортын төв ордонд зээрэнцэг, бөөрөнцгийн төрлөөр хичээллэдэг байсан.

-Вандан аваргын үр удам гэж дээр ярилаа. Ингэхэд гэр бүлд тань аваргыг залгамжилсан бөх хүн бий юү?

-Өвөөг минь жин тээдэг, хөдөлмөрч, их бяртай хүн байсан гэдэг. Жин тээж байхдаа хэвтсэн буурыг өргөчихдөг бяр тэнхээтэй хүн байсан гэдэг. Мөн хүзүүнээс мөр хүртэлх зай нь хоёр төө байсан гэх мэт үлгэр, домог шиг яриа сонсож байсан.

Вандан өвөө минь дөрвөн хүүхэдтэй. Хамгийн том нь миний эмээ юм. Ганц хүүтэй хүн байсан. Харин хүүгийнх нь хүү аймгийн заан цолтой Мөнхжаргал гэж ах минь байдаг. Одоо Архангай аймгийн Батцэнгэл сумандаа амьдарч байна. Өөр барилдсан залуучууд байхгүй. Харин намайг дагаад хэд, хэдэн охид жүдогоор барилдсан шүү. Олон улсын хэмжээний мастер цолтой хэдэн охид бий.

-Таны шавь Б.Ууганхүү “Рио-2016” паралимпийн наадмын жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртэж түүхэн амжилт үзүүлсэн. Ер нь хэзээнээс пара тамирчдыг бэлтгэж байна вэ?

-Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн захирал доктор, профессор Лхагвасүрэн багш маань 2004 оны Афины паралимпийн наадам үзэхдээ харааны бэрхшээлтэй болон хараагүй тамирчид барилдаж болдог юм байна гэдгийг мэдсэн юм билээ. Харин ирснийхээ дараа надад харааны бэрхшээлтэй тамирчид дасгалжуулах санал тавьсан л даа. Тухайн үед би “Монгол охид” клубт дасгалжуулагчаар ажиллаж байсан. Миний хувьд чадах болов уу яах бол гэж их эргэлзэж байлаа. Харин Лхагвасүрэн багш 2005 онд харааны бэрхшээлтэй эрэгтэй жүдочдын дунд хоёр жингийн төрлөөр тэмцээн хийсэн. Тухайн үед багш маань “Одоо энэ залуучуудтай ажиллаж сайн тамирчин бэлтгэх хэрэгтэй. Базарсүрэн минь, энэ бол хүмүүнлэгийн ажил шүү. Чи ийм сайхан эмэгтэй тамирчид бэлтгэж чадсан юм чинь энэ залуучуудыг амжилтад хүргэж чадна” гэж хэлсэн. Түүнээс хойш л пара тамирчдаа бэлтгэж байна даа.

-Анх хөгжлийн бэрхшээлтэй тамирчидтай ажиллахад ямар хүндрэлүүд тулгарч байсан бэ?

-Мэдээж хүндрэлтэй зүйлүүд тохиолдож байсан. Хүмүүс төдийлөн ойлгохгүй, заал талбай ч олддоггүй байлаа. Харин Үндэсний биеийн тамирын дээд сургуульд болон Спортын төв ордонд жүдо, чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчдыг бэлтгэлээ хийж дууссаных нь дараа бэлтгэл хийх боломж олддог байсан. Миний хувьд залуу байсан болоод ч тэр үү, ярихаасаа эхлээд л туршлага дутдаг байсан шүү. Энгийн тамирчдад мэх зааж байгаа тохиолдолд энэ мэхийг хараад сураад аваарай ч юм уу, дагаад хийгээрэй гэж хэлнэ. Харин харааны бэрхшээлтэй тамирчдад тэгж хэлж болохгүй шүү дээ. Тиймээс дотор сэтгэлд нь харагдтал дүр, зураг үзүүлж ярих ёстой юм билээ. Мөн өөрийн биеэр бэлтгэл сургуулилтаа заах шаардлагатай болдог. Миний ямар мэхийг яаж хийж байгааг тамирчид гараараа мэдэрч сурдаг юм. Тэд минь ч өндөр мэдрэмжтэй байдаг. Бас сул хараатай тамирчид бусдадаа зааж хамтарч ажилладаг. Энэ нь ч тэдэнд давуу тал болдог гэж хэлж болно. Ингээд бэлтгэл сургуулилт хийлгэснийхээ дараа тамирчдаа заавал гэрийнхэнд нь хүлээлгэж өгнө. Ер нь харааны бэрхшээлтэй тамирчидтай ажиллах хүнд ажил л даа. Гэхдээ цаг хугацаа ч хурдан юм даа. 12 жил пара тамирчидтайгаа хамтарч ажиллаж байна. Тус бүр гурван паралимпийн наадам, Азийн наадамд баг тамирчдаараа амжилттай оролцжээ. Цаашид ч улам их амжилт үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй явдаг шүү.

-Паралимпийн наадмын хүрэл медальт Б.Ууганхүү хэзээнээс таны шавь болж, их спортоор хичээллэж эхэлж байв?

-Б.Ууганхүү 2010 оноос эхлэн пара жүдогоор хичээллэж байгаа. Тэрээр 2011 онд Хараагүйчүүдийн дэлхийн наадамд оролцохдоо харааны ангиллаа тогтоолгоод B3-т багтсан. Ерөнхийдөө хараагаа 80-аас дээш хувьтай алдсан хүмүүс пара жүдогийн тамирчин болдог юм. Ямартай ч өнгөрсөн жилийн “Рио-2016” паралимпийн наадамд Б.Ууганхүү маань хүрэл медаль хүртэж түүхэн амжилт үзүүлсэнд хамгаас их баяртай байна. Б.Ууганхүүгээ хөтлөөд дэвжээн дээр гарахад сандралгүй маш тайван байсан. Яагаад ч юм, надад бас итгэл төрөөд болчих юм шиг л санагдаад байлаа. Тухайн үед “Чадна биз дээ. Энэ тамирчинг заавал хожих ёстой шүү” гэж хэлсэнд Ууганаа маань “Чадна аа багш аа. Би хичээнэ” гээд л дэвжээнд гарсан. Хэлсэндээ ч хүрч дөрөвхөн секундын дотор л өрсөлдөгчөө буулгаж авсан. Тухайн үед маш их баярлаж, бахархаж байлаа. Шантарч, төвөгшөөлгүй зорьсондоо хүрэхийн төлөө хичээсэн минь талаар болоогүйд хамгийн их баяртай байгаа.

-Одоо пара жүдочид бэлтгэл сургуулилтаа хаана хийж байгаа вэ?

-Бидэнд тусад нь зориулсан бэлтгэл сургуулилтын заал талбай байдаггүй л дээ. Жүдо бөхийн шигшээ багийн тамирчдынхаа заал, талбайд хуваарийн дагуу бэлтгэл сургуулилтаа базааж байна. Жил ирэх тусам харааны бэрхшээлтэй хүүхэд, залуус жүдогоор хичээллэхээр бидэнд хандах нь ихэсч байгаа. Мөн Улсын аварга шалгаруулах тэмцээнд аймаг, сумдын маш олон тамирчид ирж оролцдог болсон.

-Таны дасгалжуулагч хийж байсан “Монгол охид” бөхийн клубээс гурван ч гавьяат төрсөн байна. Түүний нэг нь яах аргагүй олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа шүү дээ. Эдгээр шавь нарынхаа тухай яриач?

-Самбо бөхийн дэлхийн аварга Батдэмбэрэл, жүдо бөхийн олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа, Дэлхийн аваргын хүрэл медальт Бундмаа нар маань “Монгол охид” клубээс төрөн гарсан гавьяатууд юм. Манай Бундмаа клубт орохоор 1997 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумаас зорьж ирж байсан. Бундаа их адтай. Ямар ч зүйлд эв дүйтэй шүү. Бас их хор шартай. Харин Сумъяагийн аав нь охиноо манай клубт оруулахаар 2004 оны наймдугаар сарын сүүлээр байна уу даа, ирж уулзаж байсан юм. Ингээд манай клубт 2007 он хүртэл хичээллэсэн. Энэ хугацаанд спортын мастерын болзол хангаж “Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багт харьяалагдахаар болсон. Сумъяагийн онцлог нь маш их бяртай. Залхуугүй, шантардаггүй, аливаад тууштай чанар нь өнөөдрийн амжилтад хүргэлээ гэж би боддог юм.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Топ бизнес эрхлэгчид гаднаас хөрөнгө оруулалт татаж, үйлдвэрлэгч болж байж л хүндрэлээс гарна гэв

Монгол дахь Америкийн худалдааны танхимын зүгээс өчигдөр ээлжит уулзалтаа зохион байгууллаа. “Шангрила”-д болсон уг хэлэлцүүлэг уулзалт “Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон 2017 оны төлөв байдалд хувийн хэвшлийн манлайлагчдын өгөх үнэлэлт дүгнэлт” гэсэн сэдвээр өрнөв. “М-Си-Эс” группийн ерөнхийлөгч Ж.Од, “Петровис” группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл, “Вагнер Ази” группийн гүйцэтгэх захирал Стив Поттер, ОУСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Түен Нгүен нар панелистаар оролцсон юм.

Ж.ОД: ХЯТАД ГАНГИЙН ҮЙЛДВЭРТЭЭ АНХААРНА ГЭДЭГ БИДЭНД САЙН МЭДЭЭ

“М-Си-Эс” группийн ерөнхийлөгч Ж.Од Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгчийн албыг хашдаг юм. Тэрээр “Сүүлийн хэдэн жил Монгол маань амаргүй хүнд байгаа ч миний хувьд бизнесийн том түнш зах зээлтэй, баялагтай улс орныхоо ирээдүйд итгэдэг. Эдийн засгийн гэрэлт ирээдүй бий гэдгийг баталсан өчнөөн шалтгаан бий” гэсэн үгээр яриагаа эхлэв. Ж.Од эдийн засаг хэцүүхэн байгаагийн нэг шалтгааныг улстөрчдийн зарим шийдвэртэй холбоотой гэсэн юм. УИХ-д нэг нам олонхи болсон учраас бизнесийн орчин тогтвортой байх болов уу гэсэн үгийг уулзалтад ирсэн бизнес эрхлэгчид хэлж байлаа. Улс төрийн энэ давуу талаас гадна коксжих нүүрс гэх мэт гол эрдсүүдийн үнэ дэлхийн зах зээл дээр өссөн, өнөө жилийн турш өнгөрсөн оныхоос хавьгүй өндөр үнээр экспортлох боломжтой гэсэн эерэг мэдээнүүдийг Ж.Од онцлов.

Тэрээр “Хятадын Ардын их хурал өчигдөр (уржигдар) эдийн засгийн том төлөвлөгөөгөө баталчихлаа. Монголын уул уурхайн салбарт сайн мэдээ болох хөтөлбөр батлагдсан гэж харж байна. Тэд гангийн үйлдвэрээ бэхжүүлнэ гэчихлээ. Гангийн үйлдвэрийн түүхий эд болсон коксжих нүүрс экспортолдог манай улсын хувьд таатай мэдээ. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих нь цагаа олсон алхам болсон. Нөгөө талаас тавьж буй нэг шаардлага, нөхцөлийг онцолмоор байна. Эдийн засгийн төрөлжүүлэх, тэр дундаа аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэл өгсөн нь зөв зүйтэй хэрэг” хэмээн яриагаа үргэлжлүүлэв. Түүнийхээр өндөр чанартай органик хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлоод эхэлбэл эдийн засгийг төрөлжүүлэхэд, уул уурхай гэсэн ганц салбараас хэт хамааралтай байдлаас гарахад бодитой нөлөө үзүүлэх гэнэ. Ж.Од ярианыхаа төгсгөлд “Энэ он эдийн засаг төрөлжсөн, солонгорсон жил болох байх” гэсэн юм.

Ж.ОЮУНГЭРЭЛ: ХУВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ҮНДЭСНИЙ БАЯЛАГ ГЭЖ ҮЗДЭГГҮЙД ХАМАГ УЧИР БАЙНА

“Петровис” группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл Улаанбаатар хотын худалдааны танхимын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний албыг давхар хашдаг юм. Ж.Оюунгэрэл “2016 онд Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын хоёр дахь шатны санхүүжилт хийгдэж, нүүрсний үнэ өсөөгүй бол эдийн засаг өнөөдрийнхөөс аймшигтай байх байлаа. 2017 оны эдийн засгийг олон улсын санхүүгийн байгууллагууд янз бүрээр төсөөлж проогноз хийж байна. Дэлхийн банк Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сан 0.7-2.7 хувиар өснө гэсэн прогнозууд хийж байгаа юм билээ. Засгийн газрын валютын сантай хийсэн гэрээ өөдрөг итгэл төрүүлж байна. Эндээс харахад эдийн засаг 2016 оноос хоёр, гурав дахин өсөх нь тодорхой болчихсон. 2.5 хувиар өсч чадвал бидний хувьд сайхан мэдээ. Монголын гадаад өр ДНБ-ээс хоёр дахин их гэсэн стастистик бий. Үйлдвэрлэж байгаагаасаа хоёр дахин илүүг зээлсэн гэсэн үг. Одооны зээлүүд судалгаагүй, улс төрийн шийдлээр буруу авсан гэсэн сул талтай. Төлж чадахгүй байгаа учраас зээлээ хойшлуулах, эсвэл шинээр нэмж зээл авах зам бий. Тэгэхээр хамгийн гол арга болж экспортоо нэмэгдүүлэх. Ж.Од захирал, Стивийн хэлж байгаачлан хөдөө аж ахуй Монголын боломж юм. Ашиглагдаагүй газарт эрүүл хүнс бий болгох боломж дүүрэн байна. Худалдааны танхим Ж.Од захирлын санаачилсан Агропарк гэдэг төслийг дэмжиж, олон хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллая гэж бодож байгаа. Биднээс эрүүл хүнс худалдаж авахыг хүсч буй улс орнуудын Засгийн газруудтай гэрээ хэлэлцээр байгуулах гэх мэт улстөрчдийн хийх ажил цөөнгүй бий” гэж ярилаа.

Бизнес эрхлэгчдэд хууль эрх зүй, эдийн засгийн тогтвортой ойлгомжтой орчин ус, агаар шиг хэрэгтэйг тэрээр мөн онцолсон. “Петровис”-ын ТУЗ-ийн дарга “Харамсалтай нь бүх зүйл дандаа эсрэгээрээ эргэдэг. Монголд хувийн секторуудын хөрөнгө оруулалт их хийгдсэн байдаг. Ялангуяа махны үйлдвэрт. Монголчууд өөрсдийнхөө хөрөнгөөр барьсан цементийн үйлдвэр байна. Энэ мэтчилэн хувь хүний хийсэн хөрөнгө оруулалтыг үндэсний баялаг гэж үздэггүй. Нэгэнт бий болгосон, босгочихсон хөрөнгө оруулалтыг хамгаалах ёстой. Бий болгосон хөрөнгө оруулалтуудыг экспорт руу яаж чиглүүлэх вэ гэдэг дээр тус, дэм хэрэгтэй. Өнөөдрийн тухайд хувийн сектор хөнгөлөлттэй, урт хугацааны хөрөнгө оруулалтын зээл авах боломжгүй нөхцөлд ажиллаж байна. Нөгөө талаас нь харахад Монголын аж ахуйн нэгжүүд, эдийн засаг жижигхэн. Тэгэхээр бид эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татахаас өөр гарц байхгүй. Гадаадын тэргүүний технологи, сайн туршлагыг оруулж ирж байж л жижиг аж ахуйнуудаа хүчирхэг болгоно. Төр жижиг дунд аж ахуйн нэгжийг дэмжинэ гээд байдаг. Бизнес угаасаа л жижигхэн шүү дээ” гэсэн тайлбар хийв.

Эдийн засгийг сайжруулахад төсвийн сахилга бат чухал гэсэн саналыг ч тэрээр хэлж байлаа. Төсөв дээр шүүмжлэлтэй ханддагаа ч тодорхой жишээтэйгээр ярьсан юм. Ж.Оюунгэрэл “Төсвийн зардлыг хараад бидний зүрх шимширдэг. Яаж ийм их мөнгийг үр дүнгүй зүйлд хөрөнгө оруулж чадаж байна аа. Аймшигтай тоонууд харагддаг. Валютын сантай хамтарч ажиллах болсон нь зөв шийдвэр. Тэд улстөрчдийн гарыг “мушгих” байх. Төрийн хөрөнгө оруулалт, төрийн төсвийн зардлуудыг хямгадах нь маш чухал байна” гэж онцлов. Тэрээр төр хувийн хэвшлийн түншлэлд сэтгэл дундуур явдгаа нуусангүй. “Төр хувийн хэвшлийн түншлэлд төр дандаа давуу эрхтэй байдаг. Хувийн хэвшлийнхэн төрөө гуйж араас нь гүйдэг. Жинхэнэ түншлэл байхгүй гэсэн үг. Янз бүрийн концессын гэрээгээр төр үүргээ биелүүлж, төлбөрөө хийдэггүйгээс болж маш олон компани хохирдог ч тоодог хүн байдаггүй. Шүүх хүчтэй талд нь л ордог. Эцэст нь хэлэхэд хүндрэлээс гарах нэг л зам бий. Гадаадын сайн хөрөнгө оруулалтыг татаж, чаддаг юмаа хийж экспортолж байж л асуудлаас гарна” гэсэн юм.

СТИВ ПОТТЕР: ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛЫГ УЛС ТӨРӨӨС ХОЛ БАЙЛГАХ ХЭРЭГТЭЙ

“Вагнер Ази” группийн гүйцэтгэх захирал Стив Поттер ОУВС-гийн хөтөлбөрийг “Эдийн засгийг тогтворжуулахад шинэ засагт дөхөм болно. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чухлаар нөлөөлнө” гэж үнэлэв. Тэрээр “Яагаад ийм байдалд хүрснээ эргэж харах ёстой. Бодлогын алдаагаа давтахгүй байхад анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол хэчнээн хөтөлбөр хэрэгжүүлээд үр дүн гарахгүй. Би саяхан Австрали яваад ирлээ. Танайхтай ижил төстэй эдийн засаг. Хоёулаа л эрдэс түүхий эддээ тулгуурласан эдийн засгууд. Сүүлийн 25 жилийг нь харахаар Австралийн эдийн засаг жил бүр өсөлттэй явж ирсэн байх юм. Эдийн засгийн тогтвортой өсөлт нэг салбараас хамаарах ёсгүй гэж үзээд тэр зарчмаараа ажилласан учраас амжилтад хүрсэн хэрэг. Монголд хамаатай асуудал. Мэдээж хөгжилд хүргэх тулгуур салбар бол уул уурхай. Гэхдээ бусад салбартаа анхаарах ёстой. Хувийн хэвшилдээ анхаарах цаг болсон. Монголд социалист нийгмийн зарим нэг зүйл байгаад байх шиг анзаарагддаг. Төр бүх зүйлд оролцдог тэр цаг үе хэдийгээр өнгөрсөн ч төрийн нөлөө өнөөг хүртэл их байна. Нэг том жишээ нь Эрдэнэс Таван толгой” хэмээн ярилаа.

Өмнөх хоёр оролцогчийн хөндсөн бодлогын тогтвортой байдлыг ч тэрээр онцолсон юм. Уул уурхайн салбарт хувийн хэвшлийн компаниуд олноор ажиллавал эдийн засагт эерэгээр нөлөөлнө гэсэн санаа нь содон сонсогдов. Гүйцэтгэх засаглалыг улс төрөөс хол байлгаж, мэргэжлийн Засгийн газар бодлогоо зөв тодорхойлж хэрэгжүүлээд явбал эдийн засаг хөгжинө гэсэн шинэ санаа ч дуулдав. Засаг төр солигдох тоолонд халаа сэлгээ өргөн хүрээнд явагдаж байгаа нь туйлын буруу гэсэн шүүмжлэлийг “Вагнер Ази” группийн гүйцэтгэх захирал хэлсэн юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Цэнддоогийн “Хүний үнэ”нийтлэлийг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар уншигч таны гарт очлоо. “Өдрийн сурвалжлага” энэ удаа Монголын практик буудлагын холбооны төв клубийн сургалтын талбайгаас сурвалжилжээ. Энэ спорт хагас зууны турш олон оронд хөгжихдөө эндэгдэл гарч байгаагүй нь дэг журам, аюулгүй байдлыг хангахад сургадаг хатуу чанд спорт гэдэгтэй холбоотой гэнэ.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Эрүүл мэндийн салбарын төсөв буурсан ч эмийн санхүүжилт нэмэгдсэн” хэмээн ярьжээ.

АН-ын дарга С.Эрдэнэ “Дээд шүүх хуулийн дагуу үндэслэл гаргавал АН хуучин дүрмээрээ явна” гэжээ. Улсын Дээд шүүхэд тус намынхан хандсан ч намын даргыг бүртгэж аваад, дүрмийн өөрчлөлтийг нь бүртгээгүй орхисон. “Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг зүйл тус бүрээр хэлэлцүүлээгүй гэсэн бололтой” гэж тус намынхан тайлбарлаж байна. Энэ тухай “Өдрийн сонин”-оос дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрээс Б.Цэнддоогийн “Хүний үнэ” нийтлэлийг хүлээн авна уу. Олон түмний төлөө өөрийгөө зориулдаг хүмүүс олон байлгахын тулд хүний хувийн үнэ цэнийг хамгаалах ёстой гэнэ. Хүний дайтай явж, айлын дайтай амьдрах нь үндсэндээ хүн өөртөө үнэ цэн бий болгох процесс гэнэ шүү.

“Багш” нүүрт МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн хими, биологийн инженерчлэлийн тэнхмийн профессор, химийн шинжлэх ухааны доктор Б.Цэрэнханд уригджээ.

“Улс төр” нүүрт Засгийн газрын хуралдаанаар Өмнөговийн Ханбогдод зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барихаар болсон тухай мэдээлжээ. Мөн тус хурлаар Д.Загджавыг уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилжээ.

“Өдрийн сонин”-ы долдугаар нүүрт хувиараа таксинд явдаг жолооч нар гэмт хэргийн үүр уурхай болох нь цөөнгүй тухай мэдээлжээ. Эрүүгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах газар, дүүргүүдийн цагдаагийн хэлтэстэй хамтран “Такси” гүйцэтгэх ажиллагаа зохион байгуулжээ. Таксинд гарсан хэргүүдийн талаар “Өдрийн сонин”-оос уншаарай.

“Дэлхийн мэдээ” Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян хэвлэлийн хурал хийж “АНУ, Хятад харилцаагаа бэхжүүлэх болно” гэснийг онцолжээ.

“Захидал ирлээ” нүүрээс манай уншигчдаас ирүүлсэн захидал, иргэдийн үзэл бодол, олны танил хүмүүс болон эмчийн зөвлөгөө зэргийг уншаарай.

“Сэндэр охин” дуунд гардаг Цэ ван долоон хүүгийнхээ хамт хэлмэгдсэн тухай “Хүмүүс, хувь тавилан” нүүрээс сонирхно уу. Цэ вангийн ач хүү Р.Доржгочоо гуайтай манай сурвалжлагч Д.Мөнгөндалай ярилцсан байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Долоон настай хүүг захиалгаар хөнөөсөн этгээдэд яллах дүгнэлт үйлджээ

шүүх зурган илэрцүүдДорнод аймгийн Хэрлэн сумын харьяат 7 настай хүүг хөнөөсөн этгээдүүдэд тус аймгийн прокуророос яллах дүгнэлт үйлдээд байгаа юм байна. Захиалгаар хүний амь хөнөөсөн гэдгийг мөрдөн байцаалтын явцад тогтоож, хүүг хөнөөлгөсөн С-д Эрүүгийн хуулийн 91.2.3, 91.2.11, 91.2.15, хүүг хөнөөсөн Б-д Эрүүгийн хуулийн 145.2, 91.2.4, 91.2.11, 91.2.15-д үндэслэн прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Захиалгат аллага өнгөрсөн 2016 оны есдүгээр сарын 6-7-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн суманд гарсан юм. Талийгаач хүүгийн эцэг Ц өөрөөсөө насны зөрүүтэй С гэх бүсгүйтэй гэр бүлээсээ гадуур харилцаатай байсан бөгөөд С гэгч нь түүнийг салгаж суухын тулд эл хэргийг үйлдсэн гэнэ. С гэгч эмэгтэй Б-д мөнгө амлаж хүүг хөнөөлгөсөн аж. Хүүгийн амь насыг захиалгаар хөнөөсөн Б нь 18 настай, дунд сургуулиа төгсөөд тодорхой эрхэлсэн ажилгүй байх үедээ хоёр удаагийн хулгайн хэргээр хорих ял шийтгүүлж, тэнсэн харгалзах ялтай байсан нэгэн юм. Тэд хамаатан садан ажээ.

Categories
гадаад мэдээ

Орос, Беларусын хилээр дамжин өнгөрөхгүй байхыг анхааруулав

ОХУ болон Бүгд Найрамдах Беларус Улсын хооронд гуравдагч орны иргэдийг эдгээр улсын хилээр нэвтрүүлэх журмыг тохиролцоогүй байгаа тул Орос, Беларусын олон улсын чанартай хилийн боомтоор нэвтрэхээс бусад тохиолдолд гуравдагч орны иргэд зорчих, дамжин өнгөрөх эрх зүйн үндэслэл байхгүй болохыг Оросын тал албан ёсоор мэдэгдэв.

Иймд монгол иргэд цаашид дээрх орнуудын хилийг зөрчихөөс зайлсхийх үүднээс онгоц, галт тэрэг болон авто тээврийн хэрэгслээр Орос, Беларусын хилээр дамжин өнгөрөхгүй байхыг анхааруулж байна хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийг хүлээн авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилж, УИХ энэ оны хоёрдугаар сард баталсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Шадар сайд У.Хүрэлсүхэд гардуулах ёслол өнөөдөр болов.

Хууль хүлээн авах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Аюулгүй Байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Шадар сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүд, Онцгой байдлын ерөнхий газар болон харьяа газар, хэлтэс, анги байгууллагуудын удирдлага, бие бүрэлдэхүүн, ЗХЖШ, ХХЕГ-ын удирдлага, НҮБ-ын суурин зохицуулагч, хатагтай Биата Транкман нарын олон улсын байгууллагын зочид, төлөөлөгчид оролцов.

Онцгой байдлын байгууллага байгуулагдсан цагаас хойш хууль, эрх зүйн хүрээнд тулгамдаж байсан олон асуудлыг шийдвэрлэж, цаашдаа тогтвортой ажиллахад уг хууль томоохон түлхэц үзүүлнэ гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ёслолын үеэр онцлов. Тэрбээр, “Онцгой байдлын алба хаагчид бусдын амийг аврахын төлөө өөрсдийнхөө амийг эрсдэлд оруулдаг. Гамшиг тохиолдсон газарт та бүхнийг очиход иргэд тайвширч “Монгол төрийн авралын гар ирлээ” гэж хардаг. Тиймээс та бүхэн алдах эрхгүй. Хүн төрлөхтний буруутай үйл ажиллагаанаас үүдэн дэлхий амьдрахад улам бүр аюултай болж байна. Тиймээс гамшгийн үед Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд бүгд бэлэн байх хэрэгтэй. ОХУ-д сургууль төгсч ирээд, Цэргийн төв байгуулагын сонинд ороод авсан хамгийн анхны томилолт маань Иргэний хамгаалалтын сургалт сурвалжлах байсан. Энэ сургалтаар иргэдийг гамшгийн үед хэрхэн ажиллах вэ гэдэгт сургадаг байлаа. Саяхан Хөвсгөл аймагт дунд сургуулийн хүүхэд осгосон найзыгаа аварсан тухай мэдээлэл гарсан байсан. Тэр хүүхдийн ангид гамшгийн үед хэрхэн амьд гарах талаар хичээл орсон тул мэдлэгээ ашиглаж найзыгаа аварсан гэж хэлсэн байсан. Тиймээс хуучны Иргэний хамгаалалтын сургалттай адилаар гамшгийн үед өөрийгөө болон бусдын амийг аврах талаар ерөнхий боловсролын сургуульд хичээл ордог болох хэрэгтэй” гэлээ.

Мөн тэрбээр 2018 онд Азийн Онцгой байдлын байгууллагын сайд нарын хурал Монголд болохоор төлөвлөж буйг хэлээд энэ үеэр бусад орноос туршлага судлах, өөрийн хүчин чадлаа таниулах хэрэгтэйг цохон тэмдэглэв.

Цагдаагийн алба, Дотоодын цэрэг болон Гамшгаас хамгаалах тухай хуулийг шинэчлэн баталснаар төрийн цэргийн болон хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагуудын эрхзүйн шинэчлэл дуусч байгааг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хэлсэн.

Тэрбээр, Уг хууль батлагдсанаар энэ чухал салбарын эрхзүйн орчны шинэчлэлд нэгэн шинэ үеийг нээж, улс орны гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор үүссэн олон шинэ харилцааг үр дүнтэй зохицуулах бололцоог олгож байна. Түүний дотор батлан хамгаалах салбарын багц хуулиудад тусгагдсан үзэл баримтлалд нийцүүлэн Онцгой байдлын байгууллагыг төрийн цэргийн байгууллагад багтах цэргийн байгууллага болгон тус байгууллагад ажиллагсад нь цэргийн жинхэнэ албан хаагчид байх эрхзүйн хэм хэмжээг хуульчилан баталгаажуулж өгсөн ихээхэн чухал ач холбогдолтой зүйл боллоо. Засгийн газар “Төрийн цэргийн стратеги 2030” бичиг баримтыг ойрын хугацаанд батлахаар ажиллаж байгаа. Уг бичиг баримтад тусгагдсан Онцгой байдлын байгууллагад хамаарах асуудлуудыг тусгайлсан төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх нь та бүхний өмнө тавигдаж байгаа нэн тэргүүний зорилт юм. Гамшгаас хамгаалах асуудлыг шинээр баталсан хуулийн дагуу зохион байгуулах, алба хаагчдын эрх зүйн байдал, тэдний нийгмийн хамгааллын асуудлыг цэргийн жинхэнэ алба хаагчидтай адил болгон, холбогдох дүрэм журмаараа баталгаажуулах нь чухал юм” хэмээгээд Шадар сайд У.Хүрэлсүхэд хуулийн шинэчилсэн найруулгыг гардуулав.

Шадар сайдын зүгээс гамшгаас хамгаалах хуулийг шинэчлэн найруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах чиглэлээр эрх зүйн тогтвортой байдлыг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүд, МУЗН, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газрын хамт олонд талархал илэрхийллээ.

Шинэчлэн найруулсан хуулиар гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд МУЗН-ийн гүйцэтгэх үүргийг нарийн зохицуулсан нь чухал ач холбогдолтой гэдгийг МУЗН-ийн ерөнхийлөгч, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороон дарга Н.Энхболд дурьдав. Тиймээс дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаатай холбоотойгоор гамшгийн аюул, түүнээс үүсэх хохирол жил бүр өсөн нэмэгдэж, улс орнуудын нийгэм, эдийн засгийн өсөлт, хүн амын амжиргаанд сөрөг нөлөө үзүүлэх болсон энэ үед МУЗН нь төрдөө нэмэлт хүч болон ажиллах үүргээ биелүүлж, гамшгийн үед олон улсын байгууллагуудтай хамтран хандив, тусламж цуглуулах ажилд идэвхийлэн оролцохоо илэрхийлсэн юм.

НҮБ олон нийтийн гамшгаас хамгаалах мэдлэг, боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ОБЕГ-тай хамтран ажиллахад бэлэн гэдгээ тус байгууллагын Суурин зохицуулагч Биата Транкман илэрхийлсэн. Хүн амд байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх боловсрол эзэмшүүлэх нь туйлын чухал гэдгийг тэрбээр онцлоод НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, ОБЕГ-тай цаашдаа хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлж, иргэдийг соён гэгээрүүлэх чиглэлд түлхүү анхаарна гэлээ.

Мөн үеэр Ерөнхийлөгчийн зүгээс Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахад үнэтэй хувь нэмэр оруулсан УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Төрийн байгуулалтын байнгын хороон дарга Н.Энхболд болон НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, БХЯ, ОБЕГ, Шадар сайдын ажлын албанд талархал гардуулав.

Categories
мэдээ нийгэм

ЕБС-ийн багш нарын дунд “Зөв зан чанар–Хотын соёл” илтгэлийн уралдаан зарлалаа

Нийслэлийн Соёл, урлагийн газар болон Боловсролын газар, “Өөрчлөлтийг шинэчлэгч төв” ТББ хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд “Зөв зан чанар–Хотын соёл” илтгэлийн уралдаан зарлаж байна. Удирдамжид заагдсан зан чанарууд болон багш нар өөрсдийн шинэ санал, санаачлагыг гаргаж, илтгэлээ боловсруулна. Илтгэлийг 3 үе шаттай зохион байгуулах бөгөөд шалгаруулалтыг ирэх дөрөвдүгээр сарын 18-наас тавдугаар сарын 19-ний өдөр хүртэл зохион байгуулах юм.

2017-2018 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн сургалтын агуулгад шалгарсан илтгэлүүдийн дагуу хичээл заах боломж нөхцөлийг бүрдүүлж, багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжихэд энэхүү уралдааны онцлог оршиж байна. Түүнчлэн сурагчдад зөв зан чанар төлөвшүүлэхэд уралдааны гол зорилго оршиж байгаа билээ гэж нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.