Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн ажиглагч бэлтгэх бүс нутгийн сургалтын төв байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ сарын 14-15-ны өдрүүдэд манай улсад айлчилсан ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн алба /АИХЭА/-ны захирал ноён Михаэль Георг Линкийг хүлээн авч уулзав.

ЕАБХАБ-ын АИХЭА-ны захирал М.Г.Линк Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийг амжилттай зохион байгуулсанг тэмдэглээд манай улсын туршлага бүс нутгийн бусад улс оронд үлгэр жишээ болохуйц болсон талаар дурдаж, цаашид Монгол Улсын төрийн холбогдох байгууллагууд сонгуулийн ажиглагчийн багийн тайланд туссан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Улаанбаатар хотод Сонгуулийн ажиглагч бэлтгэх бүс нутгийн сургалтын төв байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, ЕАБХАБ-д монгол ажилтнуудыг дадлагажуулах, ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа тэмдэглэж, АИХЭА-ны хүрээнд цаашид хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах талаар санал бодлоо солилцов.

Categories
мэдээ нийгэм

Хүний эрхийн байгууллагууд жагсаал хийхээ мэдэгдэв

Хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд “Хүний эрх шударга ёс хөгжлийн төв”, Монголын нам бусчуудын холбоо, Татварын төлөгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг зэрэг хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

2016 оны УИХ-ын сонгуулиас хойш 22 мянган төрийн албан хаагч ажлаас халагдсаны 7000 гаруй нь улс төрийн намын харьяаллаас болсон статистик мэдээллийг “Хүний эрх шударга ёс хөгжлийн төв”-ийн тэргүүн, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар мэдээллэв.

Гэтэл төрийн албан хаагчдын тоо өнгөрсөн оноос 2000 гаруйгаар нэмэгдсэн тоо гарчээ.

Ц.Оюунбаатар “Монгол Улс ардчилсан орон боловч хүний эрхийн асуудал түвэгтэй нөхцөл байдалд байна. Хүний эрхийг зөрчих тохиолдол хавтгайрч байна. Үүний гол шалтгаан нь улс төрийн намууд. Намайг намын харьяаллаар битгий хараарай. 30 жил ажилласан хүний эрхийн хуулийн хувиар хэлж байна. МАН, АН-ыг засаг барьж байх үед хүний эрхийг зөрчих явдал газар авлаа. Аль нэг нам олонх болж гарч ирснийхээ дараа төрийн жинхэнэ албан хаагчдыг олон мянгаар нь ажлаас халж, оронд өөрсдийнхөө сонгуульд ажилласан хүмүүсийг авчирдаг. Энэ явдлыг зогсоох ёстой. Бөөнөөр нь халдаг байдлыг зогсоох шаардлагыг хүний эрхийн байгууллагууд УИХ, Засгийн газарт тавина” гэлээ.

Мөн тэрбээр 2017 оныг “Хүний эрхийн жил” болгоё. Хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа асуудалд монголчуудын анхаарлыг хандуулъя гэсэн уриалгыг гаргалаа.

Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нэгдэж, ирэх тавдугаар сарын нэгэнд Сүхбаатарын талбайд хөдөлмөрчдийн жагсаалыг зохион байгуулна гэдгийг хэвлэлийн хурлын үеэр хэлэв.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй уурхайг хааж эхэллээ

Налайх дүүрэгт зөвшөөрөлгүйгээр нүүрс олборлож байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, уурхайн ам цооногийг хааж эхэллээ. Зөвшөөрөлгүй 100 гаруй ам, цооногт 1000 орчим хүн ажилладаг байна. Өнгөрсөн онд л гэхэд 12 уурхайчин амь насаа алджээ

Дүүргийн хоёрдугаар хороо Нарлаг орчмын газар нь Төмөр замын тухай хуулиар улсын хамгаалалтын бүсэд байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд уг тусгай бүсэд аж ахуйн нэгжүүд ямар ч зөвшөөрөлгүй дураараа уурхайн ам нээж ажиллуулж эхэлсэн байна. Хуулийн дагуу төмөр замаас 200 метрт байх ёстой ч амьдрал дээр 20 метр ч хүрэхгүй зайд уурхайн ам нээсэн байна. Мөн ойр орчмын айлуудын байшинд цууралт өгч эхэлсэн гэдгийг оршин суугчид хэлж байгаа юм.

Эхний ээлжинд энэ хэсгийн уурхайн үйл ажиллагааг Мэргэжлийн хяналт, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Уул уурхайн аврах анги, “УБЦТС” ХК-ийн Налайх түгээх төв зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран бүрэн зогсоож, 20 гаруй ам цооногуудыг булах, нөхөн сэргээлт хийх зэрэг ажлууд эхнээсээ хийгдэж байна. Цаашид зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа бүх уурхайг хааж, нөхөн сэргээлтийн ажлыг үе шаттай хийхээр төлөвлөж байгаа аж.

Налайх дүүрэгт ашигт малтмалын тусгай хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөлтэй 75 аж ахуйн нэгж байдаг. Үүний 34 нь түүхий нүүрсний ам байдаг аж. Эдгээрээс зургаа нь техник, эдийн засгийн үндэслэл, уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулаад лицензээ авсан байна гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.


Categories
мэдээ спорт

Холимог багийн жүдочдын “Халз барилдаан” өнөөдөр болно

жүдо зурган илэрцүүдМонгол Улсын Гавьяат тамирчин Доржготовын Цэрэнхандын нэрэмжит жүдо бөхийн холимог багийн халз барилдаан анх удаа зохион байгуулагдах гэж байна. Шагналын сан 50 сая төгрөг аж.

Энэхүү тэмцээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчдын эсрэг олон улсын хэмжээний мастерууд өрсөлдөнө. ОУХМастеруудын багт Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг урилгаар багтаж, 48 кг-ын жинд МУГТ М.Уранцэцэгтэй өрсөлдөхөөр болжээ.

Тэмцээний оноолт:

  • 60 кг жинд:МУГТ Д.Амартүвшин ОУХМ Ж.Амарболд
  • 66 кг жинд: МУГТ Г.Болдбаатар ОУХМ Д.Төмөрхүлэг
  • 81 кг жинд: Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар ОУХМ О.Ууганбаатар
  • +100 кг жинд: Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр ОУХМ Ө.Дүүрэнбаяр
  • 57 кг жинд: МУГТ Д.Сумъяа, ОУХМ Л.Энхрийлэн
  • 63 кг жинд: МУГТ Ц.Мөнхзаяа ОУХМ Б.Ганхайч
  • 48 кг жинд: МУГТЖМ.Уранцэцэг, Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэгтэй тус тус оноолт таарчээ.

Холимог багийн халз барилдаан өнөөдөр “АСА цирк”-д болно.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын Вена дахь салбарт суух Байнгын төлөөлөгчөөр Г.Баттунгалагийг томиллоо

Монгол Улсаас НҮБ-ын Вена дахь салбар болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Гунаажавын Батжаргалыг эгүүлэн татлаа. Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганхуурайн Баттунгалагийг Монгол Улсаас НҮБ-ын Вена дахь салбар болон олон улсын бусад байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр томиллоо.

Categories
мэдээ соёл-урлаг

Дуурийн дуучин Ч.Бадрал, Т.Энхбат нарт мөнгөн шагнал олгов

ОХУ-д зохиогддог Н.А.Римский-Корсаковын нэрэмжит залуу дуурийн дуу дуулаачдын Олон улсын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын дуучин Чулуунбаатарын Бадралд 24 сая төгрөг, гуравдугаар байр эзэлсэн ОХУ-ын Санктпетербургийн хөгжмийн дээд сургуулийн магистрант Түвшинжаргалын Энхбатад 19 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болов.

Манай улсын соёлын ажилтан, уран бүтээлчид 2006 оноос олон улсын уралдаан, наадам, үзэсгэлэнд амжилттай оролцож ирсэн бөгөөд онцгой амжилт гаргасан 155 хүнд Засгийн газар 1 тэрбум 430 гаруй сая төгрөгийн мөнгөн шагнал олгоод байна.


Categories
мэдээ улс-төр

Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоов

Засгийн газрын хуралдаан өчигдөр болж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг 743058.00 га-гаар баталлаа. Үүнтэй холбогдуулан тухайн газарт олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшигчтэй нь хэлэлцэн тохиролцож цуцлах арга хэмжээ авахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав.

Ингэснээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн эзлэх хувь хэмжээ 0.4 хувиар нэмэгдэх юм. Тусгай хамгаалалтад авсан газрын хилийг заагийг тогтоохоор санал болгосон газартай хэсэгчилсэн болон бүрэн давхцалтай ашигт малтмалын хайгуулын 7 тусгай зөвшөөрөл байгаа тухай Ашигт малтмал, газрын тосны газрынхан танилцуулав.

Тухайн газарт уул уурхайн тээвэрлэлтийн улмаас олон салаа зам үүсч, тоос шороо дэгдэн, газрын хөрс эвдэрч, бэлчээр талхлагдан, зэрлэг ан амьтан дайжих нь ихэссэн байна. Мөн хайгуулын өрөм тавьж дээж авах зорилгоор ухсан цооногт зэрлэг ан амьтан, мал унадаг, усны нөөц багасч, булаг шанд ширгэн, ундны усны чанар, аюулгүй байдал алдагдан, айл, өрхийн ундаалдаг худагны усны хэмжээ эрс багасчээ.

Уул уурхайн нөлөөллөөс болж Тост, Тосон бумбын нурууны экосистемийн хэв шинж аюулд орсон бөгөөд ус, бэлчээр, ан амьтан, биологийн олон янз байдал, тэдгээрийн амьдрах орчинд өөрчлөлт гарч болзошгүй болоод байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Д.Загджавыг томилов

Д.Загджавыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилов.

Дэлэгийн Загджав 1964 онд Ховд аймгийн Ховд хотод төрсөн. Ховд аймгийн Ховд хотын 10 жилийн 1-р дунд сургууль, Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль төгссөн. Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институт, Төрийн удирдлагын академи, ОХУ-ын Новосибирск хотын Эдийн засгийн удирдлагын академийг төгссөн. Удирдахуйн ухааны магистр, улс төрийн ухааны доктор, ОХУ-ын Батлан хамгаалах, аюулгүй байдал, эрх зүйн академийн профессор.

Дорноговь аймгийн Цагдан сэргийлэх хэлтэс, Ховд аймгийн АДХГЗ-ын дэргэдэх Хууль зүй, арбитрын хэлтэс, “Алтай интернэйшнл” ХХК-д ажиллаж 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байжээ. Мөн Монголын Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхийлөгч, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монголын Энхтайван, найрамдлын байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

Categories
мэдээ улс-төр

Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоов

Засгийн газрын хуралдаан өчигдөр болж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргажээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг 11187.05 га-гаар, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын түүх, соёлын дурсгалт газрын хилийн заагийг 650.0 га-гаар баталлаа.

Дээрх газруудын хилийн заагийг 11 837.05 га-гаар улсын тусгай хамгаалалтад авснаар нийт нутаг дэвсгэрийн эзлэх хувь 0.04 хувиар нэмэгдэнэ. Ноён уулын тусгай хамгаалалтад авсан газар нутагт уул уурхайн ашиглалт, хайгуулын 5 тусгай зөвшөөрөл олгосон байна.

Төв аймгийн Борнуур сумын нутаг Ноён уулын эргэн тойронд Зурамтай, Хужирт, Сүжигтийн амаар Хүннүгийн үеийн түүхэн дурсгал ихээр олддог. Дээрх газар Хүннүгийн үеийн булш гэхэд л 200 гаруй байдаг юм.

Байгалийн нөөц газар, түүх, соёлын дурсгалт газрын нөхөн олговрын асуудлаар холбогдох талтай хэлэлцэн тохиролцож, шийдвэрлэх, мэдээллийн санд бүртгэхийг сайд, агентлаг, аймгуудын Засаг дарга нарт даалгалаа.

Categories
мэдээ улс-төр

Өмнөговийн Ханбогдод зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барина

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байгуулах тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны саналыг хэлэлцэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив.

Үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох, хөрөнгө оруулагчтай гэрээ хэлцэл хийх зэргийг сайд Ц.Дашдоржид даалгав.

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг хөрөнгө оруулалтын зардал гаргахгүйгээр төр үнэ төлбөргүй эзэмшихийг зөвшөөрч, төрийн төлөөллийг хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Мөн “Оюутолгойн баяжуулах үйлдвэр”, “Тавантолгойн нүүрс угаах үйлдвэр”, “Тавантолгойн цахилгаан станц”, “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр”-ийн усан хангамжийн асуудлыг “Орхон говь”, “Хэрлэн говь”, “Онги говь” төслийн хүрээнд боломжит хувилбарыг судлан сонгож, зохих журмын дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд даалгалаа.

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр нь жилд 1 сая тонн баяжмал боловсруулах хүчин чадалтай байх бөгөөд 2020 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Ийм хэмжээний баяжмал боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр нь байршлын хувьд түүхий эд, бүтээгдэхүүний тээвэрлэлт, эрчим хүч дамжуулах зардал бага зэрэг давуу талыг харгалзан Оюутолгойн ордын дэргэд Ханбогд суманд байрлах нь тохиромжтой гэж салбарын яам, мэргэжилтнүүд үзсэн байна.