Categories
мэдээ нийгэм

Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл чухал үүрэгтэй гэв

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ҮР ДҮНТЭЙ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД БҮХ ТАЛЫН ОРОЛЦОО ЧУХАЛӨнөөдөр “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн талаар Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Зөвлөл болон Эрүүгийн Цагдаагийн Газраас хамтран мэдээлэл хийлээ.

ГХУСАЗЗ-ийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл хэлэхдээ “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 84 дүгээр тушаалаар “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, улмаар Засгийн газрын тогтоолоор батлуулсан” болохыг онцлоод мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийн хэрэглээг хязгаарлах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд тус хөтөлбөр чиглэгдэж байгааг тодотгов.

“Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг 2017-2019, 2019-2021 он гэсэн хоёр үе шатгайгаар хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрийн хүрээнд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлд Нэгдсэн Үндэстэний Байгууллагаас баталсан гэрээ, конвенцид нэгдэн орох асуудлыг шийдвэрлэнэ. Мөн тэдгээрийн хэм хэмжээнд үндэсний хууль тогтоомжийг нийцүүлэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар уг гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллагын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах юм.

Ингэснээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн тоо буурна гэж үзэж байна. Түүнчлэн хүүхэд, залуучууд, иргэд олон нийтийн хувьд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг дээшилж, нөхөн үржихүй, хүн амын удмын санг хамгаалах нөхцөл бүрдэнэ гэдгийг онцоллоо.

Тэрчлэн донтсон болон хэрэглэгч болсон иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн болон нийгмийн тусламж үйлчилгээ үзүүлэх шинэ тогтолцоо бий болсноор дахин хэрэглэгч болохоос урьдчилан сэргийлэх, нийгэмд үзүүлэх хор уршгийг бууруулах зорилт тавьж байна.

Хамгийн гол нь хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлт, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд дан ганц хууль хяналтын байгууллагын үүрэг оролцоо хангалтгүй. Тиймээс иргэд олон нийт, төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, эцэг эхчүүдийн үүрэг оролцоо, хэвлэл мэдээллийн салбарын туслалцаа ихээхэн чухал үүрэгтэйг тэмдэглэв.

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлж ажиллахыг даалгалаа

Нийслэлийн Онцгой комиссын дарга, Улаанбаатар хотын Захирагч С.Батболд шар усны болон хур борооны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай албан даалгавар гаргалаа. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын мэдээгээр нийт нутгийн 70 орчим, нийслэлийн нутаг дэвсгэрийн 60 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтож хаврын огцом дулааралтын үед шар усны үер болж болзошгүйг анхааруулсан байна.

Иймд нийслэлийн үерийн хамгаалалтын барилга, байгууламж, хөрсний ус зайлуулах шугам, авто зам доогуурх ус гаргууруудын ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг хангах, болзошгүй шар усны болон хур борооны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор дүүргүүдийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга нар, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Онцгой байдлын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Газрын албаны удирдлагуудад даалгасан байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Уурхайн гүнд дарагдсан хоёр хүнийг аварчээ

Өчигдөр үдэш /2017.03.15/ нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хороо, иргэн Д-гийн нүүрсний бичил уурхайд нуралт үүсчээ. Уурхайн гүнд ажиллаж байсан хоёр хүн дарагдсан байна. Ослын дуудлага үдшийн 19:20 цагт ирсэн бөгөөд ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн 12 албан хаагч, ажиллав.

Аврагчид уурхайн гүнд нурангид дарагдсан иргэн Д /44 настай, эрэгтэй/, Б /32 настай, эрэгтэй/ нарыг аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, дүүргийн эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Шатрын УАШТ эхэллээ

Шатрын УАШТ эхэллээ зурган илэрцүүд

Хэнтий аймгийн Дадал сумын “Чингисийн гурван нуур” жуулчны баазад шатрын насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 17-26-нд болно. Өнөөдөр эхний өрөг өрнөх бөгөөд тэмцээнд их мастер Т.Батчимэг, олон улсын мастер Г.Мөнхгал тэргүүтэй эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 шилдэг шатарчин өрсөлдөх юм. 49 дэх удаагийн тус тэмцээнд оролцож буй нийт 24 шатарчин нээлттэй тэмцээнээс УАШТ-д тоглох эрхээ авсан юм. Тус тэмцээнд их мастер Ц.Батчулуун, ОУШХМ О.Өлзийжаргал нар тэргүүлсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэд гэрч Б.Булганы мэдүүлгийг ил болгохыг хүсчээ

Өнгөрсөн мягмар гарагт болсон С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурлаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хохирогч болон шүүгдэгчдийн гомдлыг хэрэгсэхгүй болгох шийдвэр гарсан билээ. Тэгвэл уг шийдвэртэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүүд Орхон аймгийн иргэд санал, гомдол ирүүлсэн байна. Энэ талаар тэрээр өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд тэрээр “Ардчиллын алтан хараацайнуудын нэг С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэргээр миний сонгогдсон тойргийн иргэд ял шийтгэл авч, урт хугацаанд хоригдохоор болсонд гүнээ харамсаж байна. Шүүхийн шийдвэр эцсийнх бөгөөд шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлдэг учраас миний бие нэгэнт гарсан шүүхийн шийдвэрийг шүүх эрхгүй. Гэвч иргэд энэхүү хэрэгтэй холбогдуулан өргөдөл, гомдол ирүүлсээр байна” гэв.

УИХ-ын гишүүний хэлснээр Орхон аймгийн зарим иргэд гэрч Б.Булганы өгсөн мэдүүлэг нь шүүгдэгчийн нөхцөл байдлыг дээрдүүлсэн эсвэл доордуулсан эсэхийг мэдэхийг хүсч байгаа гэнэ. Тэд энэ асуудлыг холбогдох байгууллагад уламжилж, хариу ирүүлэхийг уламжилсан байна.

Мөн шүүх хурал хаалттай болсон нь Монгол Улсын Үндсэн хуулинд заасанчлан аливаа иргэн шударга шүүхээр шүүлгэх эрхтэй гэсэн эрхийг зөрчиж байна гэж үзжээ. Түүнчлэн шүүгдэгч нарт гэмт хэргийн захиалга өгсөн этгээд өнөөг хүртэл илрэхгүй байгаа нь эргэлзээ дагуулж байгаа талаар иргэд гомдолдоо дурдсан аж. Тиймээс О.Баасанхүү гишүүн Ерөнхийлөгчийг бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, тусгаарласан хэргийн мөрдөн байцаалтад саад болохооргүй, хуулиар шууд хориглосон, онц нууцын зэрэглэлтэй мэдээллээс бусад мэдээллийг ил болгох зорилгоор шүүх болон мөрдөн байцаалтад хяналт тавих ажлын хэсэг байгуулах зарлиг гаргах хүсэлт гаргаснаа мэдэгдлээ.

Иргэд уг ажлын хэсгээр дамжуулан хаалттай шүүх хуралдааны талаарх эргэлзээтэй мэдээлэлд хариулт авах боломж бүрдэнэ гэдгийг тэрээр онцолсон юм.

Иргэд гэрч Б.Булганы мэдүүлгийг ил болгохыг хүсчээ

Иргэд гэрч Б.Булганы мэдүүлгийг ил болгохыг хүсчээ

Categories
мэдээ нийгэм

Утааны эсрэг жагсаалд өдөр нь таарахгүй байна гэсэн хариу өгчээ

“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ынхан ээлжит жагсаалаа гуравдугаар сарын 18-ны бямба гаригт зохион байгуулах хүсэлтэд татгалзсан хариу өгчээ.

Тус ТББ утааны эсрэг хоёр ч удаа жагсаал зохион байгуулаад байгаа. Жагсаал бүртээ холбогдох шаардлагуудыг Засгийн газар, төрийн түшээд болон холбогдох газруудад хүргүүлсэн ч тодорхой хариуг одоо болтол өгсөнгүй. Урин дулаан цагтай хамт утааны асуудлыг ирэх өвөл хүртэл мартуулахгүйн тулд энэ сарын 18-нд буюу цэргийн баярын өдөр дахин жагсахаар бэлдээд буйгаа олон нийтэд мэдээлээд байсан юм. Гэтэл уг өдөр жагсаал зохион байгуулах хүсэлтийн хариуд “Гуравдугаар сарын 18-ны өдөр Сүхбаатарын талбайд “Монгол цэргийн баяр”-ын өдрийн төрийн ёслолын арга хэмжээ давхцаж байгаа тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн хариу өгөв.

Categories
мэдээ нийгэм

Хууль сахиулахын их сургууль ОБЕГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Хууль сахиулахын их сургуулийн Гамшиг судлалын төвийн эрхлэгч, доктор (Ph.D), хошууч Н.Батсайхан, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), хурандаа Д.Алтангэрэл нар 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Энэхүү санамж бичгийн зорилго нь байгалийн аюулт үзэгдэл, гамшиг, ослын үед гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах, оюутан, сурагчид, иргэд, олон нийтэд мэдээлэл, сургалт, сурталчилгаа зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахад оршино гэж талууд мэдээлэв.

Мөн Гамшиг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх чиглэлээр гадаад болон дотоодын эрдэм шинжилгээний хурал хамтран оролцох зохион байгуулах, илтгэл, өгүүлэл нийтлэх, зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системийг ашиглах, нэвтрүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах, ном, гарын авлага боловсруулах, олон нийтийг аюулгүй амьдрах уламжлалт арга ухаанд сургах, гамшгаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг, ур чадвар олгох боловсролын тогтолцоог бэхжүүлэх, гамшиг судлалын чиглэлээр магистр, докторын сургалтад хамрагдаж буй магистрант, докторант нарыг судалгаа хийх, сэдэв сонгох, лабораторийн болон хээрийн дадлага гүйцэтгэх нөхцөл боломжоор дэмжиж ажиллах чиглэлээр цаашид хамтран ажиллахаар талууд тохиролцсон байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд “Mонокле” сэтгүүлд ярилцлага өгөв

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2017.03.16/Монокле сэтгүүлийн Токио дахь салбарын эрхлэгч, сэтгүүлч Кэнжи Халлд ярилцлага өглөө.

Лондонд төвтэй “Монокле” сэтгүүл нь дэлхий дахин, бизнес, соёл урлагийн сар тутмын хэвлэл юм.

Тус сэтгүүл Нью-Йорк, Цюрих, Токио, Торонто, Истанбул, Хонконг зэрэг хотуудад салбартай, Хойд-Америк, Европ, Ази-Номхон далайн бүс нутгийн 70 шахам улс оронд уншигддаг ажээ. Мөн “Монокле” сэтгүүл нь “24 радио” сувгаараа дамжуулан дэлхий ертөнцийн үйл явдлын мэдээ, мэдээллийг 24 цагийн турш цацдаг юм байна.

“Монокле” сэтгүүлийн Токио дахь салбарын эрхлэгч, сэтгүүлч Кэнжи Халл УИХ-ын дарга М.Энхболдоос Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засаг, ардчилал гэсэн сэдвийн хүрээнд асуулт асуун, хариулт авсан юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын гишүүд дүүргүүдэд ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн үүргийн дагуу Засгийн газрын гишүүд энэ долоо хоногт нийслэлд ажиллана. Тэд Засгийн газрын үйл ажиллагаа, шийдвэрийн хэрэгжилт болон зарим байгууллагын үйл явцтай танилцах юм.

Тухайлбал, Баянзүрх дүүрэгт Монгол Улсын Шадар сайд У. Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар, Баянгол дүүрэгт Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, БХБ-ын сайд Г.Мөнхбаяр, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр нар, Хан-Уул дүүрэгт БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, БХБ-ын сайд Г.Мөнхбаяр ЗТХ-ийн сайд Д.Ганбат, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар, Сонгино-Хайрхан дүүрэгт Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр, БХБ-ын сайд Г.Мөнхбаяр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар, Багануур, Багахангай дүүрэгт Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар, Налайх дүүрэгт ХНХ-ын сайд Н.Номтойбаяр, УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж нар, Сүхбаатар дүүрэгт БХБ-ын сайд Г.Мөнхбаяр, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар, Чингэлтэй дүүрэгт БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар тус тус ажиллана.

Засгийн газрын гишүүдийг нийслэлд ажиллахад хотын удирдлагууд дагалдан ажиллах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

АТГ-ын ажлын хэсэг ХЗДХЯ, харьяа агентлагуудад ажиллаж байна

АТГ-ЫН АЖЛЫН ХЭСЭГ ХЗДХЯ,  ХАРЪЯА АГЕНТЛАГУУДАД АЖИЛЛАЖ БАЙНА

АТГ-ын даргын удирдамжийн дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцогоор ахлуулсан ажлын хэсэг “Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, авлигын эрсдэлийн үнэлгээ хийх, авлигын эсрэг сургалт зохион байгуулах, арга зүйн туслалцаа үзүүлэх” чиглэлээр ажиллаж байна. Тус ажлын хэсгээс “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-т заасан яам, агентлаг, орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах, Олон нийтийн хяналтын дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах юм.

Олон нийтийн дэд зөвлөл-ийн гишүүний ажиллах чиглэл:

– Төрийн байгууллагуудын ил тод, нээлттэй байдалд тавих иргэд, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх, хууль тогтоомж зөрчсөн, хүнд суртал, чирэгдэл, учруулсан дүрэм, журам, шийдвэрийг хянах, төрийн байгууллага, нийтийн албан тушаалтан, иргэдийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавих

– Төсөв, санхүү, төсвийн орлого, зарцуулалт, хандив, зээл тусламж, түүний хувиарлалт, төсөл хөтөлбөр, худалдан авах ажиллагаанд холбогдох мэдээллийг хууль тогтоомжид заасан хугацаа, шаардлагын хүрээнд тухай бүр тогтмол үнэн зөв, ил тод болгосон эсэхэд хяналт тавих.

– Нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хуульд заасны дагуу ил тод байгаа эсэхийг хянах, нийтийн албан тушаалтан хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлсэн эсэхэд хяналт тавих

Тавигдах шаардлага

– Тухайн нутаг дэвсгэрт сүүлийн 2 жил байнга оршин сууж байгаа Монгол улсын иргэн.

– Дээд боловсролтой, төсөв, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүй, аудит, хяналт, эд хөрөнгийн үнэлгээ, хяналт шалгалт, инженер техникийн чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагатай байх.

– Хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагад сүүлийн 2 жилийн хугацаанд хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаагүй байх.

– Хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх байгууллагатай сүүлийн 2 жилийн хугацаанд хамтран ажиллаагүй буюу гэрээний дагуу тодорхой ажил үйлчилгээ эрхэлж байгаагүй.

– Хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх байгууллагаас сүүлийн 2 жилийн хугацаанд хандив, санхүүгийн дэмжлэг туслалцаа аваагүй, мөн төлөөлөл хэрэгжүүлээгүй байх.

– Ял шийтгэлгүй, аль нэг намын харъяалалгүй байх, намын гишүүн бол түүнээс түдгэлзсэн тухай шийдвэр гарсан байх.

Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнээр ажиллах сонирхолтой дээрх шаардлагыг хангасан иргэд холбогдох хүсэлт, мэдээллээ төрийн албан хаагчийн анкетын хамтаар 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд АТГ-ын Олон нийтийн байранд хүлээн авч байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг : Утас: 91119616, 98116925 дугаарын утаснаас лавлана уу.