Categories
мэдээ нийгэм

Чихрийн шижингийн үеийн эмчилгээний шинэ аргыг монголд нэвтрүүлнэ

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Консепсион болон “Генетикийн инженер, биотехнологийн төв”-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Манай хоёр орны эрүүл мэндийн салбарын харилцаа, хамтын ажиллагаа хөгжсөнөөр Монгол Улсын анагаах ухааны салбарт шинэ дэвшилтэт техник, технологи, эмчилгээний шинэ арга хэлбэр нэвтрүүлэх, биотехнологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Энэ үеэр Улсын нэгдүгээр төв эмнэлэг, БНКУ-ын “Генетикийн инженер, биотехнологийн төв” хооронд зүрх судасны өвчин, элэгний В гепатит, чихрийн шижингийн үеийн хөлний шархны эмчилгээ, хурц шамбарам өвчний эмчилгээ, уушгины хавдрын эмчилгээ зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллахаар харилцан ойлголцлын захидалд гарын үсэг зурлаа.

“Генетикийн инженер, биотехнологийн төв” нь 1982 онд байгуулагдсан төрийн байгууллага бөгөөд эрүүл мэндийн салбарт хэрэглэж буй 857 нэр төрлийн бүтээгдэхүүнийхээ 67 хувийг тус төв дотооддоо үйлдвэрлэдэг нь эрүүл мэндийн салбарын бие даасан байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа тухай тус төвийн ерөнхий захирал Эулогио Пиментел танилцуулав. Түүнчлэн хеберпрот гэдэг эм нь чихрийн шижингийн үеийн хөлний шархыг эмчилдэг, үр дүн өндөртэй, дэлхийд ганц байдаг бэлдмэл гэдгийг тэрээр онцлосон юм.

Куба Улс 11 сая хүн амтай, дундаж наслалт 78,4, эрүүл мэндийн гол үзүүлэлт болох нярайн эндэгдэл 1000 төрөлтөд 4,2 байгаа нь тус улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийг илтгэж байна.

Categories
мэдээ улс-төр

Хэлний бодлогын үндэсний зөвлөл тайлангаа тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл /ХБҮЗ/ хийсэн ажлынхаа тайланг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тавилаа.

Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, дэд дарга Б.Нэргүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн секторын эрхлэгч О.Самбуудорж нар оролцлоо.

Мөн МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч М.Баярсайхан, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч Л.Жумдаан, Дэлхийн Монголчуудын чуулганы ерөнхийлөгч Ц.Гомбосүрэн, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл нар хамт байлцав.

Монгол хэлний тухай хуульд заасны дагуу ийнхүү ХБҮЗ тайлангаа тавьсан юм. Уг тайланд төрийн албаны шалгалтад орж буй хүмүүсээс монгол бичгийн шалгалт авах эхлэлийг тавиад байгаа бөгөөд гадаадын монгол судлаачдын залуу халааг бэлтгэх, нутгийн аялгууг хадгалан үлдээх талаар арга хэмжээ авах, монгол хэлний шинэ дэлгэрэнгүй толь бүтээх, газар усны уугуул нэрийг өөрчлөлгүй хадгалан үлдээх зэрэг олон ажил хийж байгааг дурдлаа.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүд цахим орчин дахь гадуурхлын эсрэг нэгдлээ

БСШУСЯ, НИТХ-ын дэргэдэх “Нийгмийн хөгжлийн хороо”, Нийслэлийн боловсролын газар, Баянгол дүүргийн Боловсролын хэлтэс хамтран өнөөдөр /2017.03.15/ “Цахим гадуурхал-цахим хэрэглээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Нийслэлийн Баянгол дүүргийн 51 дүгээр дунд сургуульд зохион байгуулагдсан тус сургалтад БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, БСШУСЯ-ны Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга С.Болормаа, Боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Б.Дуламсүрэн, Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг болон ЕБС-иудын нийгмийн ажилтнуудын төлөөлөл бүхий 100 гаруй хүмүүс оролцов.

Сургалтыг нээж, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан үг хэлсэн юм. Тэрбээр “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдийг аюулгүй орчинд сурч, боловсрох нөхцөлийг бүрдүүлэх зорилт тусгагдсан. Энэ хүрээнд бид хүүхэд хамгааллын олон талт ажлыг хийж, хэрэгжүүлэхээр зорьж байна. ЕБС-ийн сурагчид цахим орчин дахь элдэв дарамт, гүтгэлэг, доромжлолд өртөх болжээ. Хүүхдүүд нэг, нэгнээ гадуурхаж, бусдыгаа доромжлох хэрэгсэл нь интернэт хэрэглээ, цахим орчин болж хувираад байна. Ганц жишээ дурдахад сүүлийн дөрвөн жилийн хугацаанд сэтгэл гутрал, гадуурхал, хүчирхийлэл, дарамт шахалтаас үүдэлтэйгээр 90 гаруй хүүхэд амиа хорложээ. Энэ бол зөвхөн салбарын яамны асуудал биш ЕБС-иудын нийгмийн ажилтнууд, багш, эцэг, эхчүүдийн үүрэг, хариуцлага улмаар нийгмээрээ анхаарах асуудал юм. Тиймээс эцэг, эхчүүд та бүхэн хүүхдүүдийнхээ цахим орчинд юу үзэж, харж, хэнтэй хэрхэн харилцаж байгаад анхаарал хандуулах нь чухал. Ялангуяа ЕБС-иудын нийгмийн ажилтнууд сурагчидтайгаа ойр ажиллаж, ойлголцож, тэднийг аливаа хэлбэрийн гадуурхалд өртөхөөс урдчилан сэргийлэх үүрэгтэй” гэв.

“Монгол хүн” хүмүүжлийн аяны хүрээнд хүүхэд, багачуудыг цахим гадуурхлаас урдчилан сэргийлэх зорилгоор БСШУС-ын сайдын “Сургуулийн орчинд гар утасны хэрэглээг хязгаарлах тухай А/43 тоот тушаал”, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын баталсан “Цахим гадуурхал цаашаа” ажлын удирдамжийг тус тус боловсруулан батлаад байна. Мөн цахим орчин дахь хүүхэд хамгааллын хүрээнд БСШУСЯ UBS телевизтэй хамтран “Universe best songs-2017” уралдаант нэвтрүүлгийг “Цахим орчинд соёлтой оролцъё” уриан дор зохион байгуулж, хүүхэд, залууст бие биедээ соёлтой оролцохыг уриалж буй. Түүнчлэн БСШУСЯ, “Харилцаа холбооны зохицуулах хороо”-той хамтран “Цахим орчин дахь гадуурхал” сэдэвт гар зураг, эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулах зэрэг ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Газар хөдлөлтөд тэсвэргүй 100 цэцэрлэг сургууль байна гэв

Манай улс газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөртэй боллоо.

Уг өдрийн хүрээнд өнөөдөр Шадар сайд, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга У.Хүрэлсүх нийслэл болон зарим яамдын зүгээс гамшгийн эсрэг хийж буй ажлын талаарх мэдээллийг сонсов.

Улсын хэмжээнд газар хөдлөлтийн идэвхжил буурахгүй, харин ч нэмэгдэх хандлагатай буй. Тодруулбал өнгөрсөн онд улсын хэмжээнд нийт 28 мянга шахам газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгджээ. 2000 онд Улаанбаатар хот орчим жилд 200 гаруй удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдэж байсан бол 2016 онд 1800 гаруй удаагийн газар шилгээсэн байна. Иймд газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, нэгэнт гамшиг тохиолдсон үед иргэд өөрийгөө хэрхэн хамгаалах дадалтай болоход олон нийтийг сургах нь нэн тэргүүний зорилт хэмээн мэргэжлийн хүмүүс үзэж байна.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд энэ үеэр хийсэн мэдээлэлдээ, “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөлийг нийт 29 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Салбар зөвлөлөөс нийслэлийн хэмжээнд буй 35 мянган нийт орон сууцанд газар хөдлөлтийн тэсвэрлэх чадварын үнэлгээг хийх ажлыг эхлүүлсэн. Үүнээс 566 барилгад үнэлгээ хийхэд газар хөдлөлтийг тэсвэрлэх нь 172, хүчитгэж сайжруулах барилга 75, тэсвэргүй барилга 319 байна гэсэн судалгаа гарсан. Тэсвэрлэхгүй гэх 319 барилгаас 172-т нь мэргэжлийн хяналтын байгууллагаас цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт үйлдсэн байдаг. Эдгээр барилгаас 98 барилгыг нурааж дахин төлөвлөж шинээр орон сууц барихаар нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. 31 нь барилгат дахин төлөвлөлт хийлээ. Одоо 58 барилгад нээлттэй сонгон шалгаруулалт явуулж байна. Энэ мэтээр ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг нураан дахин барилгажуулна. Өнөөдрийн байдлаар дахин ашиглах боломжгүй 3 барилгыг нурааж, 287 айлын орон сууцыг иргэдээ хүлээлгэн өгөөд байна.

Хоёрдугаарт нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар түр цуглах талбайг дахин тодотгож, 47 байсныг нэмэгдүүлж 111 түр цугларах талбайг бий болголоо. Эдгээр талбай дээр ямар нэгэн орон сууц, оффис барихгүй. Газар хөдлөлт болсон тохиолдолд иргэд цуглардаг байх юм. Нүүлгэн шилжүүлэх байршил 24 байсныг 31 болголоо. Мөн “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтарч “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд гамшгийн эсрэг иргэдийн ойлголтыг сайжруулах сургалтыг 1000 хүн дунд зохион байгууллаа. Төслөөр 2018 он гэхэд 12 мянган иргэнд сургалт зохион байгуулна” хэмээв.

БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр энэ үеэр “Аюулгүй цэцэрлэг, аюулгүй сургууль” санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудаас танилцуулсан. Тэрбээр, “Өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй 800 гаруй сургууль, 1200 гаруй цэцэрлэгүүдэд гамшгийн эрсдлийн судалгааг хийж байна. Одоогийн байдлаар бол 1970-аад оноос өмнө баригдсан сургууль цэцэрлэгүүдийн барилгыг эрсдэл өндөртэй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл 100 гаруй барилгыг нураах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Хоёрдугаарт гамшгийн эрсдлийн тухай багш сурагчдыг мэдээлэлтэй болгоход анхаарч ажиллаж байна гэв.

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн даргын тушаалаар нийслэл хот болон 21 аймагт салбар зөвлөл ийнхүү ажиллаж эхэлсэн аж.

Categories
мэдээ улс-төр

Эрүүл мэндийг дэмжих санг дахин сэргээлээ

Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийг дэмжих сангийн дүрэм, хөрөнгийг зарцуулах журмыг хэлэлцэн дэмжлээ. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Эрүүл мэндийг дэмжих санг байгуулахаар заасан бөгөөд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар нэмэлт оруулсан.

Эрүүл мэндийг дэмжих сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу улсын төсвийн хөрөнгө, гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн буцалтгүй тусламж, хандив, гадаад улс, олон улсын байгууллагаас Засгийн газрын шугамаар олгосон зээл болон архи, согтууруулах ундааны онцгой албан татварын 1 хувь, эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хувь, тамхины онцгой татварын 2 хувийн хөрөнгөөс тус тус бүрдэх юм.

Тус сан нь эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөлөл, тандалт судалгааны ажлыг зохион байгуулах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулагдах бөгөөд эрүүл аюулгүй амьдралын орчин бүрдүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, орчны эрүүл мэндийг хамгаалах, осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, архи, тамхи, мансууруулах бодисын хорт нөлөөллөөс сэргийлэх эмийн зохистой хэрэглээ зэрэг үйл ажиллагаанд түлхүү анхаарч ажиллах болно.

Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагааг дахин сэргээсэн нь 2017 оныг Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилээр зарласантай холбоотой гарсан чухал шийдвэр бөгөөд иргэдэд эрүүл мэндийн мэдлэг олгож, ухуулга нөлөөлөл, мэдээлэл, сургалт, сурталчилгааг эрчимжүүлж, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, нийгмийн эрүүл мэндийг эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах юм гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

2017 оны эхний улирлын чансааг гарьд Б.Гончигдамба тэргүүлэв

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ он гарсаар таван барилдаан зохион байгуулснаас гуравт нь амжилттай барилдсан Монгол Улсын гарьд Б.Гончигдамба чансааны 372 оноогоор тэргүүн байр эзэлж байна.

Харин Монгол Улсын арслан Н.Батсуурь сая болж өнгөрсөн хурц арслан Дэмүүлийн нэрэмжит барилдаанд түрүүлсэн амжилтаараа чансааны 328 оноотой дэд байрт шалгарлаа. Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс чансааны 312 , Монгол Улсын аварга Ч.Санжаадамба чансааны 304, Улсын начин Э.Даш чансааны 280 оноотой 3, 4, 5-р байрт тус тус жагсаад байгаа юм. Энэ удаагийн чансааны дүнг бөхчүүд, бөх сонирхогчдод сонирхолтой байлгах үүднээс бөх бүрийн хувьд өмнөх рейтингийн жагсаалттай харьцуулан хичнээн байраар өгсөж уруудсаныг харуулжээ.

Тухайлбал, Батсуурь арслан 13 байраар урагшилсан бол П.Бүрэнтөгс, Ч.Санжаадамба, Э.Даш нар нэг байраар тус тус ухарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн усны өдрийг “Хаягдал ус – Нөөц баялаг” уриан дор тэмдэглэнэ

Жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэдэг. Манай улсын хувьд 2005 оноос энэхүү өдрийг тэмдэглэж ирсэн юм. Дэлхийн усны өдрийг энэ жил НҮБ-аас “Хаягдал ус” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Монгол Улсад хэрхэн тэмдэглэх талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс мэдээллээ.

Энэ жилийн усны өдрийн гол онцлог нь хаягдал усыг дахин ашиглах боломж, түүний ач холбогдлын талаар олон нийтэд таниулахад оршиж байгааг хэвлэлийн бага хурлын эхэнд онцоллоо. Манай улс жилдээ 500-600 сая шоо метр цэвэр ус ашиглаж, 470 сая шоо метр бохир ус гаргадаг байна. Энэхүү бохир буюу хаягдал усны 50 хувийг нь эргэн ашиглах боломжтой гэлээ. Бохир усан дахь бохирдуулагч элементийг авчихвал цэвэр ус болно. Үүнийг ногоон байгууламжийн усалгаа зэрэгт ашиглах боломжтой гэж үзжээ. Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн УЗ-ийн гишүүн Д.Басандорж хэлэхдээ “Жишээлбэл, хоногт ашиглаж байгаа 180 орчим метр куб усны талыг нь цэвэрлээд эргүүлэн ашиглах боломжтой.” гэлээ.

Тэрбээр цааш хэлэхдээ “Манай улсын хувьд усны бохирдол агаар, хөрсний бохирдлын адил их байгаа. Цэвэр усны нөөц багатай Монгол Улс усаа бохирдуулж байна гэдэг маш их сөрөг үр дагавартай. 2020 он гэхэд дэлхийн хүн ам 8 тэрбумд хүрч, цэвэр усны нөөц дуусна гэсэн эрдэмтдийн судалгаа гарсан. Тиймээс усны нөөцөө ариг гамтай, зөв зохистой ашиглах зайлшгүй шаардлага байна” гэв.

Энэ жилийн усны өдрөөр БОАЖЯ, БХБЯ, МБОИЗ-өөс хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөснийг БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого, зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар танилцууллаа. Тухайлбал, 3 дугаар сарын 20-нд “Улаанбаатар хотын ус хангамжийн өнөөгийн байдал” хэлэлцүүлэг, 3 дугаар сарын 22-ны өдөр МҮХАҮТ-д “Хаягдал ус-Нөөц баялаг” сэдэвт форум болон “Ус хөгжлийн түлхүүр” сэдэвт онол практикийн XII бага хурлыг зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

С.Зоригийн хэргийн нотлох баримтуудыг ил болгох үүднээс зарлиг гаргахыг Ерөнхийлөгчөөс хүслээ

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр, С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг шийдвэрлэсэнтэй холбоотойгоор онц нууцын зэрэглэлтэй мэдээллээс бусад аливаа нотлох баримтуудыг ил болгох зорилгоор шүүх болон мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хяналт, шалгалт явуулах Ажлын хэсэг байгуулах зарлиг гаргахыг хүсч Ерөнхийлөгчид хандаж буй талаараа мэдээлсэн юм.

Орхон аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний хувьд тойргийнх нь иргэд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт ял шийтгэл сонсон, удаан хугацаанд хоригдох болсон нь шударга шийдвэр мөн гэдэгт эргэлзэж байгаа учир ийнхүү хандаж байгаа юм байна.

Түүнчлэн, өнөөг хүртэл иргэд сонгогчдоос уг хэрэгтэй холбоотой өргөдөл, гомдол, хүсэлтүүд ирүүлсээр байгаа нь Ерөнхийлөгчид хандах үндэслэл болсон гэлээ.

Иргэд,

-Шүүх хурлыг хаалттай хийсэн нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан аливаа иргэн шударга шүүхээр шүүлгэх эрхтэй хэмээн тунхагласныг бүрэн эдэлсэн гэдэгт эргэлзэхээр байгаа,

-Шүүгдэгч нар захиалгат аллага үйлдсэн гэх боловч захиалагч нь өнөөг хүртэл хэн болох нь тодорхойгүй байгаа,

-Тухайн хэргийн амьд гэрч Д.Булганы өгсөн мэдүүлэг шүүгдэгчдийн нөхцөл байдлыг дээрдүүлсэн, эсвэл дордуулсан талаар мэдэхийг хүсч байгаа,

-Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь онц ноцтой гэмт хэргийг бүрэн нотолж байгаа эсэх эргэлзээг тодорхой болгох, мэдээллээр хангах зэрэг хүсэлтийг удаа дараа ирүүлсэн талаар гишүүн О.Баасанхүү мэдээлэлдээ дурьдлаа. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд хуулиар шууд хориглосон онц нууцын зэрэглэлтэй мэдээллээс бусад аливаа нотлох баримтуудыг ил болгох зорилгоор шүүх, мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хяналт, шалгалт явуулах Ажлын хэсэг байгуулах зарлиг гаргах боломжтой гэж үзэн, ажлын хэсэг байгуулах зарлиг гаргуулах тухай хүсэлт бүхий албан бичгийг 2017 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна. Ажлын хэсгийн дүгнэлтээр дамжуулан хаалттай шүүх хурлын зарим мэдээллийг ил тод болгох боломжтой бөгөөд ингэснээр олон нийтийн дунд үүссэн эргэлзээнд хариулт өгч чадна гэж итгэж буйгаа Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү хэлсэн юм.

Энэхүү албан бичгийн хувийг Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц нарт хүргүүлсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Утааны эсрэг ээж, аавууд Цэргийн баяраар жагсахаар боллоо

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас Утааны эсрэг ээж аавуудад Цэргийн баяраар буюу энэ Бямба гарагийн 12:30 цагаас Сүхбаатарын талбайн баруун урд хэсэгт цуглаан хийхийг нь зөвшөөрсөн байна. Уг нь бол цэргийн баярын парадтай хугацаа нь давхцаж байгаа учир хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж мэдэгдэж байсан юм. Гэвч цагийг зөрүүлэн жагсаал хийх боломжийг олгосон байна.

Ингэснээр Утааны эсрэг ээж, аавууд утааг эсэргүүцсэн “Pixel art” буюу үгний хэлбэрт орж зогсох арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.

Олон хүн нийлж “Утааг арилга!” “Эмнэлгээ барь!” “SOS MGL” зэрэг гурван үгийг бүтээж зогсох юм байна. Ингэхийн тулд 300-500 хүн жагсаалд оролцох шаардлагатай гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Ө.Ганзориг дэлхийн залуу манлайлагчаар тодорчээ

Дэлхийн Эдийн Засгийн Чуулганаас жил бүр тодруулдаг залуу манлайлагчийн энэ жилийн жагсаалтад Голомт банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг шалгарчээ. Тэрээр 2017 оны 40 хүртэлх насны 100 залуу манлайлагчийн нэг болсон байна.

Энэхүү жагсаалтад дэлхийн шинэ залуу манлайлагчид болон эрдэмтэд, технологийнхон, энтрепрьенер, нийгмийн идэвхтэй залуусыг нэрлэж тэднийг эргээд нийгэм, эдийн засаг, дэлхийн олон тулгамдсан асуудлыг шийдэхэд уриалдаг байна.

2016 онд Монгол Улсаас энэхүү жагсаалтад “Монгол ТВ”-ийн захирал Ч.Номин нэрлэгдэж байжээ. Ө.Ганзориг нь Ази, Номхон далайн бүсээс сонгогдсон найман залуу манлайлагчийн нэг болжээ. 2017 оны Дэлхийн шилдэг 100 манлайлагчтай ЭНД дарж танилцаарай.

О.ӨНӨР