Categories
мэдээ нийгэм

​Адуугаа амьдаар нь гаргадаггүй эх орончид ард түмнээ хэдэн мянгаар нь илгээх гэж байхад яагаад тоодоггүй юм бэ

Манай эх орончид адуугаа амьдаар нь гаргахгүй гэдэг. Алтаа ухлаа гэж уурсдаг. Нүүрсээ зөөх төмөр замыг барихгүй гэнэ. Тэр байтугай хадсан өвс хятадууд авч байна гэж бөөн хэрүүл хийнэ.

Шадар сайд У.Хүрэлсүх адууг хилээр амьдаар нь гаргахыг өнгөрөгч оны сүүлээр хориглосон. Энэ захирамж гарсны дараа Сүхбаатар аймгийн хил дээр амьдаар нь гаргахаар зэхэж байсан олон адуу өлдөж, хөлдөж үхсэн талаар манай сурвалжлагч газар дээр нь очиж сурвалжлаад ирж байсан. Шадар сайд өөрийнхөө шийдвэртэй холбоотой “Мал амьдаар нь гаргах бол монгол төрийн бодлого биш гэж би боддог. Сүлдэндээ залсан монгол адуугаа хүний нутагт нүдийг нь сохлуулж, шөрмөсийг таслуулахыг тэвчихгүй. Намайг сайдаар ажиллаж байх үед адууг амьдаар нь гаргана гэж саналтгүй” гэж хэлж байлаа. Эндээс харахад Монголын төр адуундаа хайртай. Шадар сайд нь алба хаших хугацаандаа хилээр амьд адуу гаргахгүй нь тодорхой боллоо.
Цагаан сарын баяр дөнгөж дуусаад дүүрэг болгоны гадаа уртаас урт дугаарт олон мянган залуу нойр хугаслан зогсов. Нөхөн үржихүйн насны, эрүүл чийрэг 1840тэй залуус Солонгос гарах гэж алаан болж байна. Бүртгэл нь эхэлсэн цагаас хойш нойргүй дугаарлаж байгаа гэнэ. Найман мянган хүн бүртгэж, 1500г нь шалгаруулах юм гэсэн. Хориод жилийн өмнө анх Солонгос руу явах гэж ингэж дугаарлаж байсан. Цаг хэцүү байж. Сүүлдээ Солонгос руу явах залуусын тоо хамаагүй цөөрсөн л дөө. Тэр үед явсан идэр насны залуусын ихэнх нь гэр бүлээсээ салж, мөн цөөнгүй нь эрүүл мэндээрээ хохирсон. Тэр ч байтугай амь насаа ч алдсан нь олон. Мэдээж тэдэн дунд хэдэн төгрөг хурааж амьдралдаа нэмэр болгосон залуусыг ч үгүйсгэхгүй л дээ.
Нэг хэсэг эдийн засаг сайжирч, уул уурхайн компаниуд хүчээ авч, ажлын байр ч төдий чинээ ихсэв. Солонгос явах шаардлагагүй болж, боломжийн цалин авах болсон. Гадагшаа явах залуусын урсгал багасч, явсан нь ирж эхэлсэн. Ундуй, сундуй эх орон нь тэднийг тийм ч удаан тогтоосонгүй. Дахиад л хэдэн мянгаараа хар ажил хийхээр бүртгүүлээд эхэлснийг бид харж байна.
Монголын ирээдүй болсон залуу үе өнөөх хэдэн адуунаас чинь үнэ цэнэтэй биш гэж үү. Хамгийн эрүүл, хамгийн залуу, бас боловсролтойг нь шилээд хар ажил хийлгэнэ. Идэр насны залуу хос хоёулаа шалгуурт нь тэнцээд визээ гаргуулаад явах нь тийм ч олон биш. Хэн нэгэнд нь боломж олдоход өр зээл хийгээд явдаг. Харамсалтай нь хол газар тусдаа удахаар залуу хос салах нь элбэг. Эрүүл саруул бие нь өвчтэй болоод ирдэг. Монгол төрийн бодлого хүнээ ингэж олноор нь гаргахыг эсэргүүцэх биш дэмжээд сууж байна. Жилийн дараа хатаж хорчийгоод шороо болох өвснөөс энэ хэдэн залуус чинь үнэ цэнэгүй хэрэг үү.
“Эх орны минь өвсийг хүний нутгийн мал идэх гээд байна” гээд уур омог болоод байсан. Эх орны чинь хөвгүүд, охид хүний нутаг руу хэдэн мянгаараа ажиллахаар явах гэж алаан болж байгаад эмзэглэх хүн хэд байгаа юм бэ. Хүн гэдэг Монголд ямар үнэ цэнтэй юм бэ. Энэ олон монгол залуус чинь хүний нутагт ажиллахаар явах гэж байхад дуугарч байгаа эх оронч алга. Харин ч төр засаг нь төдийгөөс өдий хүртэл дэмжиж л ирсэн. Хөдөлмөрийн яам нь гадагшаа Солонгос яваа залуусаа дэмжээд сургалт семинар хийгээд байна гэх юм. Эх орондоо хэрэгтэй зүйлийн эсрэг хэнтэй ч хамаагүй нууцхан хуйвалдаж, эсэргүүцэн тэмцсээр болиулсан олон жишээ бий.
Яг хэрэгтэй үед, хэрэгтэй цагтаа дуугарах, тэмцэх ёстой үедээ амандаа ус балгачихдаг нь гачлантай. Өөрийгөө эх оронч хэмээн цээжээ дэлдэгчид хилээр хэдэн мянгаар нь залуусыг гаргаж байгааг эсэргүүцэн дуугараач, ямар нэг зүйл хийгээч. Дуугараач гэхээр Солонгос явах гэж дугаарлан зогсоо залуусын эсрэг тэмцээд, тэднийг хөөж тууж тараана гэсэн үг биш шүү. Гадагшаа ингэж олноороо гарах шалтгааныг нь үгүй болгооч, ард түмнээ битгий ингэтэл нь дор оруулаач, үүний төлөө ямар нэг зүйл хийж, өнөөх хатуу чанга шийдвэрээ гаргаж байгаач гэж уриалж байна. “Намайг сайд байхад, намайг дарга байхад монгол залуусыг ингэж олноор нь хар ажил хийлгэхээр явуулахгүй” гэж хэлэх хүн алга уу. Хоосон ядуу, хийх ажил олдохгүйгээс болж явж байгаа залуусыг шууд буруутгах хэцүү. Эх орондоо сайхан амьдрах боломж байхгүй учраас аргаа бараад л явж байгаа. Энэ залууст эх орон нь муухай санагдаад, ээж аав нь, эхнэр хүүхэд нь гологдоогүй гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Солонгос руу зүглэсэн идэр насны монгол залуусын их нүүдлийг төрийн бодлогоороо зохицуулж, эх оронч гэдгээ одоо л харуулах хэрэгтэй байна.
Энэ залуусаа ажилтай, орлоготой болгоё. Энэ үед л та нарын дуу хоолой, тэмцэл хэрэгтэй байгаа. Гэтэл яагаад чимээгүй байна. Төр засгийнхан та нарын харалган бодлогын үр дүн Солонгос руу явах монгол залуусын нүүдэл юм.
Адуугаан хил гаргаагүйн чинь, хадсан өвсөө худалдаагүйн чинь, төмөр замаа бариагүйн чинь гор ингэж л гарч байна шүү дээ. Ард түмнээсээ адуугаан илүү хайрлаж, хүний нялх үрсийг хүйтэнд адгуус зайдлуулж уралдаад тэрнээсээ цэнгэл эдэлдэг, Монголын үнэт баялаг хүн капиталаа алдахдаа сэтгэл огт өвддөггүй төртэй улс шүү дээ, бид. Хөрөнгө оруулагчид Монголоос нүүр буруулж, залуус нь хүний нутагт хар ажил хийхээр нойргүй дугаарлах нь бүгд Монголын эмгэнэл шүү. Таван толгой, тавдугаар цахилгаан станц, төмөр зам, Гацуурт төсөл, энэ бүгд яагаад зогсдог вэ. Эх орон гэж хэлэх дуртай эх оронч бус хүмүүсийн балгаас л болсон. Тавдугаар цахилгаан станцыг яаран барих шаардлага одоогоор алга гэж тайлбарлаад энэ төсөл тодорхойгүй хугацаагаар зогссон. Сонсох нь ээ япончуудаас мөнгө нэхсэн гэх юм. Хөрөнгө оруулаад, бүтээж босгоод өгье гэхээр авлига нэхдэг хүмүүстэй харьцахыг хэн хүсэх билээ. Монголын топ бизнес эрхлэгчдийн нэгтэй хөрөнгө оруулалтын асуудлаар хэдэн япон уулзахдаа өнөөх л яс тас, судалгаа шинжилгээтэй саналаа хэлж. Гэтэл яаж хөөцөлдөх арга замыг нь өнөөх бизнесмэн хэлж л дээ. Манай төр засгийнхан наад саналыг чинь сонсоод ийм юм нэхнэ. Тэрийг нь зохицуулахгүй бол наад гоё санал чинь бүтэхгүй” гэжээ. Япончууд мэл гайхаж толгой сэгсрээд буцаж. Хичнээн хөрөнгө оруулагч энэ мэтээр нүүр буруулсан билээ дээ. Төр засгийнхан маань хэн нь илүү их идэх вэ гэдэг тэмцлээс болж л улсаа сүйтгэж байгаа. Ерөнхий сайд асан нэг хүн одоо гацчихаад байгаа томоохон төслийн багийнханд “Хэрэв тэр хувьцаа эзэмшигчээ зайлуулж чадах юм бол энийг чинь дэмжье” гэж. Гол хувьцаа эзэмшигчээ түүний хэлснээр зайлуулаагүйгээс болж тэр төсөл бас л зогссон. Ажиллах хүч байж эдийн засаг тэлдэг. Гэтэл баялаг бүтээдэг ажиллах хүчээ мянга мянгаар нь гаргахдаа огтхон ч санаа зовохгүй байгаа төр засгийг яалтай билээ.
Энэтхэгт инженерийн мэргэжил эзэмшсэн залуу ажил олдохгүй, Солонгос явахаар бүртгүүлж байна. Англи, орос, солонгос хэлтэй залуус тэдний дунд зөндөө байна. Ихэнх нь дээд боловсрол эзэмшжээ. Ажиллаж байгаа газар нь цалингаа тавьж чадахгүйд хүрч. Хачирхалтай нь монгол залуус ажил хийж чаддаггүйдээ биш улсад нь ажлын байр байхгүй, авдаг цалин нь амьдралд нь хүрэхгүй байна. Хүн л юм хойно хүн шиг л амьдрахыг хүсч байгаа тэр залуусыг буруутгах арга алга.
Адуу малаасаа илүү амьд хүнээ анхаарч нэг үзээч. Адуугаа амьдаар нь гаргахгүй гэж тэмцээд байдаг эх орончид минь ард түмэн чинь дайн болсон улсаас дутахгүй олон мянгаараа дүрвэж байхад яагаад ингэж үл тоомсорлоно вэ.

Categories
мэдээ нийгэм

Нийтлэлч Э.Энэрэлийн “Ханбогдод зэсийн үйлдвэр барина гэсэн нь ээлжит үлгэр битгий байгаасай” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Өнөөдрийн нэгдүгээр нүүрт Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяртай хийсэн “Арилжааны банк ипотекийн зээлийн материал хүлээж авахгүй байвал Монголбанкинд ханд” нэртэй ярилцлага нийтлэгдлээ. Тэрбээр ярилцлагадаа ямар ч байсан энэхүү зээл зогсохгүй хэмээн ярьжээ.

Э.Бат-Үүл: “Иргэд саналаа худалдах эрхтэй, сонгогдох эрхгүй, залуус гадаадад гарахаас өөр замгүй болчихоод байна” ярилцлага улс төрийн тавдугаар нүүрт хэвлэгдлээ.

Тэрбээр ярилцлагадаа, “Дарангуйлагч төр ардчиллыг устгадаг. Олигархи төр бол ардчиллыг байлгаад байдаг. Харахад сонгууль явагдаад, зах зээлийн хууль үйлчлээд байгаа мэт харагдана. Гэхдээ тэд зөвхөн өөрсдөдөө ашигтай байдлаар хуульчилна. Иргэд сонгох эрхээ эдэлж байгаа ч, сонгогдох эрхээ алдчихсан” хэмээн ярьжээ.

Уламжлалт “Нэг ангийнхан” буланд Түнхэлийн цэргийн ангид гурван жил мод бэлтгэсэн “хөх цэргүүд” оролцлоо. Ардын армийн 072 дугаар ангид гурван жил эр цэргийн алба хаасан онжавууд дөч шахам жилийн дараа эргэн уулзжээ.

“Өд бэх” буланд “Толгод болсон аав минь” яруу найрагч Цээнзэнгийн Галбадрахын дурсамж нийтлэгдлээ.

Мөн энэ дугаараас иог хийвэл аз жаргалын гармон ялгарч, нас уртасдаг тухай өнөө үед хүмүүсийн зөв аж амьдралын хэмнэлд онцгой байр суурь эзэлж байгаа гайхамшигт иогийн дасгалын ашиг тусын талаар нэг болон 11-р нүүрээс дэлгэрүүлэн уншаарай.

Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ соёл-урлаг

Э.Амартүвшин Жермоны дүрд тоглоно

УДБЭТ-ын уран бүтээлчид ирэх амралтын өдөр Ж.Вердийн “Травиата” дуурийг тоглоно. Хамгийн сонирхолтой нь тус дуурийн Жермоны дүрд Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин гоцлохоор болжээ.

Тэрбээр ХБНГУ-ын Кийл, Италийн Сан-Карло гэсэн дэлхийд томоохонд тооцогддог театрт ажиллах гэрээ байгуулаад байгаа юм. Саяхан Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Риголетто” дуурийн Риголетто-ын дүрийг Итали, Герман улсын театрын тайзнаа 20 гаруй удаа бүтээгээд иржээ.

Тэр Кийл хотын дуурийн театрт Ж.Вердийн Риголетто дуурийн Риголеттод 15 удаа тоглохоор гэрээ байгуулсан бөгөөд одоо гурван удаа тоглох гэнэ.

Categories
мэдээ улс-төр

АН-ын дотоод сонгууль ирэх сарын 2-нд болно

Ардчилсан намын дотоод сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 24:00 цагаар дуусгавар боллоо. Дотоод сонгуулийн хорооноос ирүүлсэн мэдээллээр Үндэсний бодлогын хорооны 380 суудалд өрсөлдөхөөр нийт 503 хүн бүртгүүлжээ. Үүнээс 307 нь Чөлөөт суудал бол Залуучуудын квотод 100, Эмэгтэйчүүдийн квотод 96 хүн нэр дэвшжээ. Түүнчлэн аймаг, дүүрэг, нийслэлийн намын хорооны даргад 54 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Харин гишүүдийн бүртгэл өнөөдрөөр дуусгавар болох юм байна. Дашрамд дурдахад, АН-ын дотоод сонгууль товлосон ёсоор ирэх дөрөвдүгээр сарын 2-ны өдөр болно гэж АН-аас мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Цэргийн баяраар улс аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан болно

Монголын үндэсний бөхийн холбооноос гуравдугаар сард бөхийн өргөөнд болох барилдааны хуваарийг гаргасан билээ.

Энэхүү хуваарийн дагуу гуравдугаар сарын 18-нд 14 цагаас ЗХ-ний баяр Монгол цэргийн өдөрт зориулсан Улс аймгийн алдар цолтой 224 бөхийн уламжлалт барилдаан болно.

Харин 19-нд 15 цагаас Казак түмний үндэсний Наурыз баярт зориулсан АЦЦБЗалуу 256 бөхийн уламжлалт барилдаантай юм.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Засгийн газрын арбитрын хэрэг, маргаануудын талаар мэдээлэл сонслоо

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл анхдугаар хурлаа хийн хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, томоохон хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн явц, Монгол Улсын Засгийн газар хариуцагчаар татагдсан олон улсын арбитрын хэрэг, маргаанууд зэргийн талаар мэдээлэл сонслоо.

Сүүлийн дөрвөн жилд нийт хөрөнгө оруулагчдын 50 орчим хувь нь манай улсаас гарч явсан тухай судалгаа байдаг. Энэ нь нэг талаас эдийн засгийн хямралтай холбоотой хэдий ч нөгөө талаар төр, засгийн дээд түвшиндээ дур зоргоороо аашилдаг, хууль, тогтоомжоо байнга өөрчилдөг, хийсэн гэрээ, хэлэлцээрээсээ буцаж, хөрөнгө оруулагчдын итгэлийг нь алдаж байсантай холбоотой гэж хэлж болно.

Иймээс Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захирамж гарган хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах, хүнд суртал, хууль бус үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг байгуулсан юм.

Зөвлөлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат ахалдаг бөгөөд гишүүдэд Сангийн сайд, ХЗДХЯ, БХБЯ, ЗТХЯ, УУХҮЯ болон Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, Ерөнхий сайдын зөвлөх, холбогдох яамдын газрын захирал, Үндэсний хөгжлийн газар, Хөгжлийн банк, МҮХАҮТ-ын удирдлага, төрийн бус байгууллагын төлөөлөл багтжээ.

Танилцуулгаас үзвэл хөрөнгө оруулагчдын гаргасан гомдол, өргөдлийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх талаар холбогдох яам, агентлаг, орон нутгийн төр, захиргааны байгууллага хангалтгүй ажиллаж байна. Иймээс цаашид асуудлыг маргаан үүсэхээс өмнө буюу шүүх, арбитрт очихоос өмнө шийдвэрлэх нь чухал байгаа тухай хурлын үеэр яригдлаа.

Мөн сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан, одоогоор хөрөнгө оруулалтын томоохон таван гэрээ байгуулагдсан, Монгол Улсын Засгийн газар 2001 оноос хойш таван хэргээр олон улсын арбитрын шүүхэд дуудагдсан тухай мэдээлэл дурдагдав.

“Энэ Засгийн газар хөрөнгө оруулагчдынхаа эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллаж байгаа. Тэдэнтэй харилцан ойлголцож, хөрөнгө оруулалтын болон хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгож, итгэлийг нь нэмэгдүүлснээр хөрөнгө оруулалт татаж, эдийн засгаа хөл дээр нь босгох ёстой. Өмнөх дөрвөн жилийн алдааг засч, шинэ зарчим, шинэ жишгээр ажиллана” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэлэв.

Мөн хурлаар төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд хууль бусаар дарамт учруулсан, хүнд суртал гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөн шалгасан эсэхэд хийсэн судалгааны дүгнэлттэй танилцав хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Яруу найрагчид “Явуугийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

Өчигдөр дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсэн өдөр тохиосон билээ. Жил бүрийн гуравдугаар сарын 15-ны энэ өдрийг уран зохиолын хүрээнийхэн Явуугийн өдөр хэмээн онцолж, яруу найргийн баяр болгон тэмдэглэдэг уламжлал хэдийн тогтжээ.

Явуу найрагчийг тэнгэрт хальсны дараа жил буюу 1983 онд яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Ж.Саруулбуян, Л.Мягмарсүрэн, Д.Цогт, Ц.Ойдов, Ү.Хүрэлбаатар, Л.Дамдиндорж, Я.Баатар зэрэг шавь нар нь мэндэлсэн өдрөөр нь Алтан өлгий дэх хөшөөнд нь цэцэг тавьж, багшийнхаа дурсгалыг хүндэтгэсэн байна. Энэ үеэр дорнын их найрагчийн мэндэлсэн өдөр гуравдугаар сарын 15-ныг Явуугийн өдөр хэмээн нэрлэж байхаар тогтсон ажээ.

Өчигдөр тохиосон Явуугийн өдрөөр Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Монголын зохиолчдын эвлэл, “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл хамтран “Явуугийн үдэш” уншигч, зохиолчдын уулзалт, яруу найргийн чөлөөт уншлагыг зохион байгууллаа.

Энэхүү үдшийн уулзалтад Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Д.Цэдэв, Б.Явуухулангийн шавь, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч С.Оюун, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, зохиолч Д.Чинзориг, яруу найрагч Д.Дарьсүхбаатар, Ж.Батцэцэг, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч П.Нямлхагва нар болон үе үеийн зохиолч, яруу найрагчдын төлөөлөл, уншигчид хүрэлцэн ирсэн байлаа.

“Явуугийн үдэш”-ийн хүндэт зочдын нэг нь соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэдэв. Зохиолчдын хороог олон жил удирдаж байсан энэ эрхэм Явуу найрагчтай хамт Зохиолчдын хорооны удирдах зөвлөлд 17 жил хамт ажиллажээ.

“Явуугийн үдэш”-ийн өөр нэгэн эрхэм хүндтэй зочин Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч С.Оюун багшийнхаа тухай гэгээн дурсамжаасаа хуваалцсан. Тэрээр Явуу найрагчийн гарын шавь бөгөөд багшийнхаа гэрт амьдарч, уран бүтээлээ хэрхэн туурвихыг нь хамгийн ойроос харж, мэдэрч явсан ажээ. Энэ тухай С.Оюун найрагчийн дурсамж сонирхолтой сайхан ярьж өглөө.

Ийнхүү эрхэм хүндтэй зочид Явуу найрагчийн тухай дурсамж хууч дэлгэхийн зэрэгцээ МЗЭ-ийнхэн их найрагчийн амьдралын ховор агшнуудыг буулгасан гэрэл зургийн үзэсгэлэн толилуулсан нь “Явуугийн үдэш”-ийн нэг шигтгээ нь байлаа.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд У.Хүрэлсүх: Газар хөдлөлтийн чичирхийлэл эрс идэвхижиж байна

Монгол Улсын Шадар сайд, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга У.Хүрэлсүхийн санаачилгаар 2017 оныг “Газар хөдлөлтөд тэсвэртэй, аюулгүй орчин бий болгох” жил болгох үндэсний хөдөлгөөнийг эхлүүлээд байна.

Энэ хүрээнд Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлөөс жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх лхагва гарагт газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, таниулах ажлыг улс даяар зохион байгуулж байхаар болсон. Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-тэй болохоор шийдвэрлээд байна.

“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор өнөөдөр Төрийн ордонд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх хэвлэлийн бага хурал зарлалаа.

Шадар сайд У.Хүрэлсүх, Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөртэй болсноор газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, таниулах, иргэдэд өөрийгөө хамгаалах дадлыг хэвшүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.

Газар хөдлөлтийн чичирхийлэл идэвхижилт сүүлийн жилүүдэд эрс идэвхижиж байна. Тухайлбал, 2000 онд Улаанбаатар хот орчим жилд 200 гаруй удаагийн газар хөдлөлийн чичирхийлэл бүртгэгдэж байсан бол 2016 онд 1800 гаруй удаа газар хөдлөлийн чичирхийлэл бүртгэгдэж, тохиолдлын тоо эрс өссөн.

Дээрхи идэвхижилт бүхий газруудад 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй бөгөөд энэ тохиолдолд Улаанбаатар хотын барилга байгууламжийн 22-50 орчим хувьд эвдрэл гэмтэл, нуралт үүсч, 30000-гаас дээш хүн нэрвэгдэж болзошгүй гэсэн тооцоо судалгааг мэргэжилтнүүд гаргаад байна.

2016 онд улсын хэмжээнд нийт 28000 /шахам газар хөдлөлийн чичирхийлэл бүртгэгдсэн бөгөөд Монгол-Алтайн нуруу, Чуй, Цагаан шувуут, Үүрэг нуур, Бүсийн гол, Хангайн өргөгдлийн бүс, Могодын газар хөдлөлтийн голомтын бүс, Улаанбаатар хот орчим Гүнжийн ам, Авдар уул, Эмээлт, Хустайн нуруу зэрэг газруудад газар хөдлөлтийн чичирхийлэлтийн идэвхжилт буурахгүй хэвээр байна. Эдгээр тооцоо, судалгаа нь бид бүхэнд маш том сургамж, дохио өгч, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрсдэлийг бууруулах тогтолцоог сайжруулах, газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадамжийг бэхжүүлэх шаардлагатайг харуулж байна. Иймд Шадар сайд, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн даргын тушаалаар нийслэл хот болон 21 аймагт салбар зөвлөл байгуулан ажиллаж эхлээд байна.

Түүнчлэн төрийн байгууллага болон гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, ард иргэдийг оролцуулан үндэсний хэмжээнд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа хийх, хүн амын дунд аврах, эрэн хайх ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулах, олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх байнгын бэлэн байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой юм” гэж хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Тусгай хамгаалалттай газруудад 14 галын машин хүлээлгэн өглөө

Тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаадад гал түймрийн багаж хэрэгслээр иж бүрэн тоноглогдсон 14 автомашиныг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар /КFW/ дамжуулан БОАЖЯ “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох“ төслийг 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн хүрээнд ой, хээрийн түймрийн эрсдэл бүхий Богдхан уул, Горхи-Тэрэлж, Дорнод Монгол, Зэд-Хантай Бүтээлийн нуруу , Нөмрөг, Онон-Балж, Отгонтэнгэр, Тужийн нарс, Тарвагатай нуруу, Улаан Тайга, Хангайн нуруу, Хан Хэнтий, Хөвсгөл нуур, Хөгнө Тарна зэрэг тусгай хамгаалалттай газрын захиргаадад хүлээлгэн өглөө.

Энэхүү арга хэмжээнд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Дэд сайд Ц.Батбаяр, ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентийн Төрийн нарийн бичгийн дарга Ханс Ёоахим Фухтел, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Щтефан Дуппел болон бусад албаны хүмүүс оролцлоо. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын байгаль орчны салбарт олон улсын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж, цар хүрээ нь тэлж байна. Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хооронд хэлэлцээрийн хүрээнд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд байгаль орчны салбарт техникийн болон санхүүгийн хамтын ажиллагааны олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Эдгээр төсөл хөтөлбөр нь Монгол орны Тусгай хамгаалалттай газар нутгийн /ТХГН/ сүлжээг бэхжүүлэх, байгалийн нөөцийн ашиглалтыг зүй зохистой болгох, байгаль орчныг хамгаалахад ялангуяа байгалийн эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд ой хээрийн түймрийн эрсдлийг бууруулах чухал ач холбогдолтой юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Берлин хотод болсон хоёр орны Засгийн газрын хэлэлцээрээр Германы сэргээн босголтын банкаар дамжуулан хэрэгжүүлж буй энэхүү төслийн хоёрдугаар үе шатыг Монгол орны Баруун болон Говийн бүсэд нийт 13,5 сая Еврогийн төсөвтэйгээр хэрэгжүүлэх болсонд бид баяртай байна. Төслийн хоёрдугаар үе шат хэрэгжсэнээр Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн бүх бүс нутгийг хамрах боломжтой юм хэмээн ХБНГУ-ын Засгийн газар, Германы Сэргээн Босголтын Зээлийн банк, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд болон бусад албаны хүмүүст талархал илэрхийллээ.

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн зорилго нь тусгай хамгаалалттай газруудын менежментийн чадавхийг сайжруулахү, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүсийн нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дээшлүүлэхэд оршиж байгаа юм.

ХБНГУ-ын Холбооны Эдийн зэасгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентийн Төрийн нарийн бичгийн дарга Ханс Ёоахим Фухтел “Монгол Улс байгаль орчны бодлогын шинэчлэлийг эхэлж, эх орныхоо биологийн олон янз байдлын хамгаалалд өндөр ач холбогдол өгч байгаад бид баяртай байна. Улсын тусгай хамгаалалттай газруудын менежментийг сайжруулах нь нэн чухал юм. Холбооны Засгийн газар нь дэлхийн хэмжээнд жил бүр 500 сая еврог ой болон бусад экосистемийг хадгалж, хамгаалахад зарцуулан дэмждэг” гэв.

Мөн энэ үеэр Хамгаалалтын захиргаадын байгаль хамгаалагч нарт 400 өвөл зуны дүрэмт хувцас, дуран, мэргэжлийн зургийн аппарат, байршил тогтоогч, аяны махйан, хөнжил, гудас зэрэг хяналт шалгалт хээрийн судалгаанд нэн шаардлагатай техник багаж хэрэгслийг хүлээлгэн өглөө. Уг төслийн хүрээнд Тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагчдын ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор нийлүүлж буй дүрэмт хувцас, хээрийн ажлын багаж хэрэгсэл болон ой хээрийн түймэртэй тэмцэх иж бүрэн тоноглогдсон автомашиныг хүлээлгэн өгч буй хөрөнгө оруулалт нь Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн чадавхийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, ялангуяа байгалийн эрс тэс уур амьмгалтай манай орны нөхцөлд, ой хээрийн түймрийн эрсдлийг бууруулах чухал ач холбогдолтойг албаныхан онцоллоо хэмээн БОАЖЯ-ны ХМА-аас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

ЕБС-ийн 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд “Царцаа Намжил” бүтээлийн уралдаан зарлажээ

УДЭТ-аас “Царцаа Намжил” шилдэг бүтээлийн уралдаан зарлажээ. Драмын урлагаар дамжуулан ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн авьяасыг нээж, гоо зүй, ёс суртахууны зөв хүмүүжил төлөвшилтэй, монгол ёс заншилаа дээдэлсэн, сэтгэн бодох чадварыг тэлсэн, оюунлаг иргэн болгон хөгжүүлэх зорилгоор энэхүү уралдааныг зарлажээ. Дараах шилдэг бүтээлийн удирдамжтай танилцана уу.

О.ӨНӨР