Categories
мэдээ нийгэм

​Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох шүүх хурал болж байна

Өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөрвөн настай охиноо хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдсан Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарын шүүх хурал болж байна.

Г.Маралмаад дагавар охиноо зодож, биед нь хүнд гэмтэл учруулж, амь насыг нь хөнөөсөн хэмээн үзэж 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Харин эцэг Т.Цогтод 24 жилийн хорих ял оноосон ч давж заалдах шатны шүүхээс Т.Цогтын хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

Харин уг шийдвэрийг эсэргүүцэн Г.Маралмаа гомдол гаргаж, Т.Цогттой холбоотой шинэ баримтуудыг хуулийн байгууллагад өгсөн аж. Ингээд Нийслэлийн Давж заалдах шатны шүүх хоёрдугаар сарын 9-ны өдөр хуралдаж Г.Маралмаад оноосон 23 жилийн хорих ялыг хүчингүй болгосон билээ.

Улмаар УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ хэрэгтэй холбоотой шинэ баримт олдсон хэмээн дахин сэргээж, нягталж шалгасан. Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан учраас хэргийг прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

​Элчин сайдаа эсэргүүцэж, Лондонд жагссан хоёр эмэгтэйн жагсаал ба С.Баярын балаг

Лондон хотын Монгол Улсын Элчин сайдын яамны гадаа Г.Ичинхорлоо гэх бүсгүй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу энэ сарын 8-нд тайван жагсаал хийжээ. Г.Ичинхорлоо Элчин сайдын яамны гадаа эсэргүүцлийн лоозон барьж жагсах болсон шалтгаан нь Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа С.Баярыг эсэргүүцэж байгаа аж. Тэрээр “Оффшор дансаа нээ, хулгайлсан хөрөнгөө буцааж өг, зургаан сая хүний нүд чих таныг харж байна, шударга ёсыг хүсч байна, зөв засаглалыг хүсч байна, Олон улсын байгууллагууд үнэнийг мэдэх ёстой” гэх зэрэг уриа лоозон барьсан байсан юм.

Г.Ичинхорлоо өөрийн фэйсбүүк хуудаснаа “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Монголын авлигажсан төр засаг болон хээл хахуульд автсан улстөрч хүн Элчин сайдаар ирж байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Өнөөдөр тэнгэр бүрхэг, бороо шивэрч байсан хэдий ч дулаахан, амар амгалан өдөр байлаа. Миний хувьд Лондонгийн бүх гудамжаар явж болох байсан ч Элчин сайдын яамны гадаа гурван цагийн турш тайван бөгөөд хуулийн дагуу өөрийн эсэргүүцлээ илэрхийлж зогслоо. Хажуугаар зөрөх олон хүн надад урам өгч, эсэргүүцлийн лоозонг маань босгоход туслалцсан юм. Дараагийн удаа та бүхнийг надтай нэгдэнэ гэдэгт итгэж байна. Бид л шударга бус явдал, эрх тэгш бус байдлын эсрэг тэмцэхгүй бол өөр хэн тэмцэх билээ. Одоо л тэмцэхгүй бол хэзээ тэмцэх билээ” хэмээн бичсэн байв.

НУУЦ КАЗИНО ИЛЭРСЭН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ БАЙР С.БАЯРТАЙ ХОЛБООТОЙ ЮУ

Сүүлийн үед Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн байранд нууц казино ажиллаж байсныг Москва хотын цагдаагийн албан хаагчид илрүүлсэн талаар мэдээлэл гарсан. Мөн дээрх консулын газрын байранд сая орчим ам.долларын үнэ бүхий тоноглолтой нууц казино ажиллаж байсан тухайн мэдээлэл гарч, олон нийтийн дунд шуугиан тариад байгаа. Энэ талаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Тэрбээр “ОХУ-ын “Центр-Регион Эстейт” хязгаарлагдмал хариуцлагатай компанитай манай Төрийн өмчийн хороо 2007 онд гэрээ байгуулсан. Уг гэрээний нөхцөлөөр 1791.35 кв.м талбай бүхий барилгыг арван жилийн хугацаагаар “Центр-Регион Эстейт” гэх нэртэй компанид түрээслүүлсэн” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Москва хотын Элчин сайдын яамны консулын байрыг 2007 онд Ерөнхий сайд асан С.Баяр түрээсэлсэн гэх мэдээлэл гараад байгаа. Их хэмжээний ам.доллароор түрээслэдэг. Түрээсийн мөнгийг юунд зарцуулдаг байсан талаар холбогдох газрынхан тайлбарлаж чадахгүй байгаа аж.
С.БАЯРЫН ЗАЛУУХАН ЭХНЭРИЙН ДИПЛОМАТ АЛДАА

Элчин сайд С.Баяр энэ сарын 1-ний өдөр Их Британийн хатан xаан II Элизабетэд Букенгемийн ордонд бараалхаж, итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан. С.Баяр хатан xаан II Элизабеттэй уулзахдаа залуухан эхнэр Э.Сувдыгаа анх удаа олны өмнө албан ёсоор дагуулж очсон юм. Гэвч Э.Сувдыг хатан xаан II Элизабеттай уулзах үеэрээ дипломат ёсонд байхгүй бүдүүлэг алдаа гаргасан хэмээн иргэд, ажиглагчид шүүмжилж байгаа. Тодруулбал, олон нийт “Э.Сувдын Хатан xаан II Элизабеттай мэндчилж байгаа байдал “Гудамжинд танихгүй хүнтэй хальт гар бариад өнгөрч байгаа юм шиг. Эсвэл хатан хааныг үл хүндэтгэн ярвайсан байдалтайгаар гараа үнсүүлэхдээ хальт өгөөд гэдийсэн. Гэтэл хатан хаан II Элизабет түүнийг хүндэтгэж өөдөөс нь инээж, бөхийсөн байдалтайгаар мэндчилсэн байсан. С.Баярын залуухан эхнэр биеэ тоож, дипломат ёсыг уландаа гишгэсэн их зантай хүүхэн байна” хэмээж байгаа. Мөн уулзалтын зургийг харсан бусад орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч шүүмжлэлттэй хандаж байгаа аж. Хатан xаан II Элизабеттай дэлхийн алдартнууд уулзахдаа ихэд хүндэтгэн дээдэлдгийг эш татан мэдээлж байна.
С.БАЯРЫН ЭХНЭР, ХҮҮХДИЙН НАЙМАН ОФФШОР ДАНС, ДОЛООН ХАУСНЫ ТУХАЙ
С.Баярыг тойрсон ноцтой асуудал олон байдаг. Үүнээс С.Баярыг тойрон хүрээлэгч, эхнэр, хүүхдүүд нь оффшор бүсэд данстай гэдэг нь тодорхой болсон. С.Баярын анхны эхнэр О.Гэрэлтуяа, охин Б.Нандин, Б.Хонгор, Б.Бадамханд, шинэ найз бүсгүй Э.Сувд нарынхаа нэр дээр оффшор данстай, их хэмжээний мөнгө оффшор дансанд нь байдаг гэх мэдээлэл гарч, олон нийтийн дургүйг хүргээд байгаа. Мөн С.Баяр АНУ-д тансаг зэрэглэлийн орд харш шиг долоон хаустай талаар УИХ-ын гишүүн асан Г.Уянга мэдээлэл хийж байсан. Тэрээр “АНУ-д 24 тэрбумын долоон байшин эзэмшиж байгаа. С.Баяр эх үүсвэр нь тодорхойгүй мөнгөө гаднын банкинд байршуулж, улмаар АНУ-д ХХК-д бүртгүүлэн компанийнхаа нэрээр үл хөдлөх хөрөнгө худалдан авч, эргүүлэн зарах замаар мөнгө угаадаг байх магадлалтай” хэмээн мэдэгдэж байсан юм.
МОНГОЛ УЛСЫГ ӨРӨНД ОРУУЛДАГ С.БАЯР
С.Баярыг Ерөнхий сайд байх үед буюу 2009 оны долдугаар сард Монгол Улсын Засгийн газар Канадын “Хан ресурс” компанийн Дорнод аймагт эзэмшиж байсан ураны тусгай зөвшөөрлийг цуцалсан байдаг. Лицензээ хураалгуулсан компани Монголын Засгийн газрыг эрчим хүчний гэрээ, гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж үзэн олон улсын Арбитрын шүүхэд хандаж, 350 сая ам.долларын нэхэмжлэл гаргасан. “Хан ресурс”-ын асуудал тухайн үед Монголын Засгийн газрыг толгойлж байсан С.Баяртай холбогддог. Манай Улс Арбитрын шүүхэд ялагдаж 70 сая ам.долларыг “Хан ресурс”-т төлөхөөр болсон билээ. С.Баяр Монгол Улсыг 70 сая ам. долларын өрөнд оруулсан шалтгаан нь хувийн ашиг сонирхол, авлига хээл хахуулийн асуудалтай холбоотой хэмээн улс төрийн хүрээнийхэн тайлбарлладаг. С.Баярын буруу шийдвэрийн үрээр Монголын ард түмний татварын мөнгөнөөс 70 сая ам. долларыг төлсөн байдаг. “Жаст” группийн захирал Ш.Батхүү С.Баярын ойрын хүн. Улс төрийн хүрээнийхэн Ш.Батхүү С.Баярын баруун гарын хүн хэмээн ярьдаг. Тэгвэл Ш.Батхүү Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө зээлээд эргэж төлөөгүй. Үүнээс болоод Өмнөд Африкийн “Стандарт” банк Монгол Улсыг Арбитрийн шүүхэд өгсөн. Арбитрийн шүүхээр манай улс ялагдаж, 140 сая ам.долларын өрөнд ороод байгаа. Тэгвэл С.Баярын нөлөөгөөр Ш.Батхүү Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьсан гэх мэдээлэл байдаг. УМБГ-аас Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьсан асуудалд С.Баярыг шалгаж байсан. Хилээр гарах эрхийг нь хориглож байсан билээ. Гэвч “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авсан гэмт хэрэгтнүүд бүгд уснаас хуурай гарсан. Ш.Батхүү “Стандарт” банкнаас зээл авахад Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нар зээл авахад батламж гаргаж, гарын үсэг зурсан гэх асуудал босч ирсэн. УМБГ-аас Д.Сугар, Ч.Ганзориг, Т.Очирхүү нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Гэвч Ш.Батхүү хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэмээн хэргээ хүлээж хэдэн сар хоригдоод гарсан. Бусад холбогдох хүмүүсийн хэрэг хэрэгсэхгүй болсон.
Манай сонин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон түүний ойр тойрны хүмүүсийг АТГ-аас шалгах үед “Ардын нам Баярыгаа Англи руу баяртай үдэж байхад Ардчилсан нам Алтанхуягаа Ганц худагт гавтай явуулах нь ээ” гэсэн нийтлэл гаргаж байсан. Дээрх нийтлэлд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуягийг шалгаж болж байгаа юм чинь С.Баярыг ч гэсэн АТГ-аас адилхан шалгая гэх утга санаатайгаар бичиж байсан билээ. Сүүлийн үед олны анхааралд ихээхэн өртөөд байгаа Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Элчин сайд, Ерөнхий сайд асан С.Баярын талаар өгүүлэхэд ийм байна.
Э.БААТАР
Categories
мэдээ цаг-үе

Ж.Бадамбазар: Ажиллагаанд явж үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид гэр бүлийн төлөвшсөн гишүүн болж ирдэг

Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, Бригадын генерал Ж.Бадамбазартай ярилцлаа.


-Та бол анхны энхийг сахиулах ажиллагаа буюу “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд чухал үүрэгтэй оролцсон хүмүүсийн нэг. Тэр үеийн дурсамжаас яриагаа эхлье?
-Монголын ардын арми 1990 оноос хойш зэвсэгт хүчин гэж нэрлэгдэх болж, зэвсэгт хүчин өөрөө өөрийгөө хэн нэгнээс хамааралгүйгээр бэлтгэх, боловсон хүчнээ сургах, бэлтгэл хангах юмаа бие дааж хийх хатуухан бөгөөд шинэ нөхцөл байдал үүссэн. Зэвсэгт хүчин эх орноо зэвсэг барьж хамгаалахаас гадна энхийг дэмжих ажиллагаанд оролцсоноор дээрх үүргээ биелүүлэх боломжтой болсон юм. 2002 онд манай улс анх Бүгд найрамдах ардчилсан Конго улс руу хоёр цэргийн ажиглагч явуулсан. 2003 онд анх Иракийн эрх чөлөө дайны дараах хүмүүнлэгийн сэргээн босгох ажиллагаанд манай улсаас хоёр баг явсан. Энэ ажиллагаанд надад багийн захирагчийн орлогчоор явах хувь тохиосон юм. Бид ямар ч туршлагагүй байлаа. Манай багийн захирагчаар ажиллаж байсан Б.Баярмагнай одоо бэлтгэл хошууч генерал цолтой байна. Ингэж манай улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцох суурь тавигдсан гэж бид үздэг. 2002 оноос хойш энэ хугацаанд давхардсан тоогоор 14 мянган цэргийн албан хаагчийг ажиллагаанд оролцуулжээ. Өнөөдрийн байдлаар 1100 гаруй цэргийн албан хаагч хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байна.
-Анх очиход ямар нөхцөл байдал хүлээж авсан бэ. Тодорхой хэмжээний айдас байсан л байх?
-Бид Багдадаас урагшаа 100 орчим км-т байдаг Алила хот дахь олон үндэстний цэргийн ар талын Чарли баазад үүрэг гүйцэтгэсэн. Баазын аюулгүй байдлыг бид хариуцна гэсэн үг. Монгол Улсын түүхэнд дэлхийн хоёрдугаар дайнаас хойш гадаад улсад хил дамнасан урт хэмжээний марш үйлдсэн тохиолдол гарч байгаагүй. Бид Кувейтээс Ирак хүртэл нийтдээ 600-аад км газар өөрийнхөө машин техник, цэрэгтэйгээр хоёр хоногийн марш үйлдэж Алила хотод очиж байсан. Бидний төсөөлж байсан цаг агаарын өөрчлөлт, ялангуяа дайны дараах нөхцөл байдлыг кинон дээрээс л харж байснаас биш нүдээр үзэж байгаагүй. Нэг тосгоны хажуугаар өнгөрлөө гэхэд амьдрал нь их муу, хүүхдүүд нь хөл нүцгэн ус, хоол ундны зүйл гуйгаад зогсож байгааг харахад үнэхээр хэцүү санагддаг юм билээ. Буун дуу тасрахгүй, өөр лүү чинь сум чиглэж байх нөхцөлд очих эвгүй л дээ. Бааздаа очоод удаагүй байхад манай баазыг миномотоор буудахад бид яаралтай арга хэмжээ авч баазыг хамгаалсан. Тэр үед баазын удирдлагын бүрэлдэхүүн манай цэргийн ажиллагааг өндрөөр үнэлсэн. Бидэнд мэдээж айдас ямар нэг хэмжээгээр байсан. Гэхдээ бид дадлага сургууль хийж байснаараа зохих арга хэмжээг авсан. Тэр үед америк цэргүүд бие засахдаа хүртэл буу, касктайгаа явдаг олон үндэстний бааз дотор буу тайлахыг зөвшөөрдөггүй байлаа. Бидний авсан арга хэмжээ, ажиллагааны маргааш америк цэрэг буугүй явж байсан. Тэгэхэд л баазын аюулгүй байдлыг монгол цэрэг найдвартай хамгаалах юм байна гэж бидэнд итгэж байгааг ойлгосон.
-Саяхан Афганистан улсад үүрэг гүйцэтгэж буй монгол цэргүүд тэмцээн уралдаанд амжилттай оролцож, Америкийн тэнгисийн цэргийг ардаа орхисон тухай мэдээлэл цахим ертөнцөд тархсан.
Монгол цэргүүд үнэхээр шилдэг байж чаддаг юм уу, эсвэл монгол цэргүүдийг хөөргөөд байдаг юм уу гэсэн хардлага ч төрөх юм?
-Монголчууд ямар нэг тэмцээн уралдаанд оролцохдоо заавал эрмэлзэлтэй ордог. Монгол цэргүүд бие бялдар, сэтгэлзүйн хувьд бусдаас дутах зүйл байхгүй. Ажиллагааны газар оронд олон тэмцээн уралдаан зохиогддог. Тэр бүрт монгол цэргүүд дээгүүр байранд ордог шүү. Манай алба хаагчдыг дандаа тусгайгийн цэргүүд гэдэг. Уг нь тийм биш л дээ. Бид Зэвсэгт хүчний анги салбараас гадна цагдаа, шүүх, онцгой, тагнуулаас бие бялдар, эрүүл мэндийн шалгуур тавьж хүмүүсийг авдаг. Тэгэхээр монгол хүнд нийтлэг онцлог чадвар байдаг юм шиг байна. Дайчин, өөрт оногдсон үүрэг даалгаврыг хариуцлагатай биелүүлдэг учраас манай цэргүүдийн чадварыг өндрөөр үнэлдэг байх. Гудамжинд яваа жирийн залууст ч ийм амжилт гаргах боломж байгаа гэж боддог.
-Өнөөгийн нийгэмд, тайван цагт зэвсэгт хүчин ямар үүрэг гүйцэтгэж, хувь нэмрээ оруулдаг юм бол?
-Дэлхий нийтээр цэргүүд бол зөвхөн цэрэг дайны зориулалттай хүмүүс биш гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Мэдээж шаардлагатай, хүнд хэцүү үед хамгийн түрүүнд гарах зохион байгуулалттай байгууллага. Түүнээс гадна цэргийн албыг дамжсан хүн гэдэг бол тодорхой хэмжээний ёс зүйн хүмүүжилтэй болсон байдаг. Хугацаат цэргийн албанд ирсэн залуус маань их сайхан төлөвшөөд явдаг. Энхийг сахиулах ажиллагаанд явсан алба хаагчид мэргэжлийн хувьд өсч, гадаад хэл сурах хүсэл эрмэлзэлтэй болоод ирдэг. Дайны дараах хүнд хэцүү байдал, зовлон зүдгүүр, ядуу буурай байдлыг хардаг. Тэгээд л Монгол Улс маань ямар сайхан тайван улс болохыг ойлгож, цэрэг хүний хувьд үүргээ ухамсарласан, гэр бүлийн төлөвшсөн гишүүн болж ирнэ гэдэг бол Монгол Улсад оруулж буй томоохон хөрөнгө оруулалт гэж боддог.
-Таны хувьд Иракийн ажиллагаанаас хойш ямар, ямар ажиллагаанд оролцож байв?
-2006 онд Сери-Лионд энхийг сахиулах ажиллагаанд 250 хүнтэй багийн захирагчаар үүрэг гүйцэтгэсэн. Энэ ажиллагаагаар олон улсын шүүх олон улсын дайны гэмт хэрэгтнүүдийг шүүх ажиллагааны аюулгүй байдлыг хангах үүрэг монгол улсын багт ногдсон. Ажиллагааны газар оронд монгол хүнд тулгардаг хамгийн том асуудал бол чийглэг халуун уур амьсгалтай газар оронд дасан зохицох нь хүндхэн байдаг. Бэлтгэл сургуулилтын үед бие бялдрыг нь дасгах чиглэлээр олон арга хэмжээг зохион байгуулдаг.

-Ажиллагаанд явж буй алба хаагчдын ар гэрийн асуудлыг орхигдуулах гээд байдаг тал бий гэж ярилаа. Тэгэхээр энэ асуудалд анхаарлаа хандуулж эхэлсэн гэж ойлгож болох уу?
-Цэргийн хүн тушаалаар явдаг. Тэр бүрт ар гэр нь дагаад явна. Тэгэхээр алба хаагчдын ар гэрт нийгмийн хамгааллын асуудал нилээн бий. Саяхан Батлан хамгаалах салбарын багц хууль шинэчлэгдэхэд тодорхой хэмжээний дэмжлэгийн асуудал тусгагдсан байгаа. Ар гэрт хандсан төрийн бодлого явагдана гэж ойлгож болно. Гэхдээ мөнгөөр шийдэгдэх халамжийн бодлого гэж ойлгож болохгүй. Үр хүүхдийнх нь цэцэрлэг сургуулийн асуудлыг шийдвэрлэх, гэр бүлийн хүнд мэргэжил боловсрол олгох, ажлын байраар хангах гэх мэт арга хэмжээ авч эхлэнэ гэж бодож байгаа. Энхийг дэмжих болон сахиулах ажиллагаанд оролцож буй алба хаагчдын гэр бүлд сэтгэл санааны дэмжлэг чухал байдаг. Энэ тал дээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах чиглэлүүдийг бид бодолцож байна.
-Таныг дунд сургуульд сурч байхдаа эрээн галстуктай, онц сурлагатан явсан гэж сонссон. Яагаад цэргийн хүн болохоор шийдсэн юм бэ?
-Нийслэлийн арван жилийн гуравдугаар дунд сургуульд 1970 онд элсэж, бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Сурагч байхдаа ангийн дарга, бүлгийн зөвлөлийн дарга, хувьсгалт залуучуудын эвлэлийн товчооны гишүүн гээд л нэлээн нийгмийн идэвхтэй хүүхэд байлаа. Хүүхдийн гэнэн цайлган зангаар ирээдүйн мэргэжлээ янз янзаар төсөөлж боддог байжээ. Олон улсын харилцааны чиглэлээр ч сурчихмаар, эмч больё ч гэж бодогдож байсан үе бий. Гэхдээ яг аравдугаар анги төгсдөг жил гадаадын цэргийн дээд сургуульд хүүхдүүд элсүүлнэ гээд Батлан хамгаалах яамнаас хүн ирж шалгалт авсан. Би түүнд тэнцээгүй. Гэхдээ дотоодын цэргийн дээд сургуульд орьё гэсэн бодол төрөөд шалгалт өгч, тэнцсэн. Маш богино хугацаанд гэнэт шийдээд цэргийн хүн больё гэж аав ээждээ хэлэхэд дуртай байсан. Учир нь манай аав 1937-1943 онд хил дээр цэргийн алба хааж байсан юм билээ. Ингээд 1980 онд цэргийн нэгдсэн дээд сургуулийн артиллерийн тэнхимд сонсогчоор элсэж, их бууны ашиглалтын инженер мэргэжил эзэмшсэн. Анх цэргийн сургуульд орохдоо сайхан хувцастай хүмүүс байдаг гэхээс өөр цэргийн хүний талаар төсөөлөлгүй дэврүүн сэтгэлээр ороод ирсэн шиг санагддаг.
-Цэргийн нэгдсэн дээд сургууль бодож байснаас нь ямар байсан бэ?
-Айлын бага хүүхэд болохоор аав ээждээ эрх хүүхэд байлаа. Шинэ цэргийн анхан шатны сургуулилт буюу карентинд ороод эхэлсэн чинь олон аавын хүүхдүүд дунд хоцрохгүй байхыг л эрмэлздэг юм билээ. Мэдэхгүй чадахгүй, биеийн хувьд дийлэхээргүй зүйл зөндөө гарч ирсэн. Ингээд нэгэнт л орж ирсэн болохоор заавал үүнийг нь хийж чаддаг болж байж офицер болох ёстой юм байна гэдгийг ойлгосон.
-Сургуулиа төгсөөд хаана томилогдож, ажлын гараагаа эхлэв. Энэ хугацаанд ардын армид ямар албан тушаалууд хашиж байв?
-Цэргийн алба гэдэг онцлогтой. Хамгийн бага албан тушаалаас эхэлж, тухайн албандаа амжилт гаргаж, дараагийн албан тушаалд томилогдон очдог. Миний хувьд анх жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит байлдааны гавьяаны улаан тугийн одонт их бууны 019 дүгээр хороонд салаан захирагчаар томилогдсон. Намайг алба хааж байх үеийн бүх захирагч, дарга нар офицер хүн ямар байх талаар надад сургаж байлаа. Салаан захирагч хүнд цэргүүдтэйгээ ажиллана гэж чухал ажил байдаг. Гурван жилийн цэргүүдийг нэг жилийн хугацаанд их бууны бага мэргэжилтэн болгож бэлтгээд бусад анги салбарууд руу хуваарилж явуулна. Цэргүүд маань мэргэжлээ муу эзэмшсэн байвал бидэнд эргээд хариуцлага тооцно. Тийм учраас сайн цэрэг мэргэжилтэн бэлтгэх гэж аминдаа хичээдэг, хоорондоо өрсөлддөг байлаа. Намайг томилогдон очсоны дараа жил 1985 онд Батлан хамгаалах яамны сайдын шалгалтад манай анги орж, онц ангийн болзол хангасан. Манай салаа онц салаа болж байлаа. Тэр үеэс хойш арваад жил цэрэгтэй ажилласан. Тэднээсээ их ч зүйл сурсан, цэргүүддээ баярлаж явдаг.
-Бригадын генерал цолонд хүртлээ бахархан дуурайж явсан генерал, дарга нар байсан л байх даа?
-Манайхан дарга хүн дандаа сайн байдаггүй гэж ярьдаг. Харин цэргийн хүний хувьд ихэвчлэн даргыгаа л дуурайдаг. Яаж энэ хүн шиг болох вэ, дуу хоолой, биеэ авч яваа байдал, мэргэжлийн хувьд хэрхэн удирдаж чиглүүлж байгааг нь гээд л бүх талаар нь харж, дуурайхыг хичээдэг. Анх томилогдож очсон ангийн захирагч маань хурандаа Л.Төмөр гэж хүн байлаа. Түүнээс хойш маш олон дарга нартай хамтарч ажилласан.
-Цэргийн хүн байхын юу нь сайхан бэ?
-Анх цэргийн хүн болохдоо юу нь сайхан, ямар гэдгийг ерөөсөө ойлгодоггүй байсан. Одоо бол Монгол Улсынхаа төлөө тангараг өргөж, түүндээ үнэнч байна гэдэг сайхан. Нэг үгээр хэлэхэд цэргийн хүн ярисандаа байж чаддаг. Хариуцлага хүлээж, өөрийгөө хөгжүүлж, үүрэг биелүүлэхэд байнга бэлэн байх ёстой. Ямар ч зүйл тохиолдсон аливаа ажил үүрэг гүйцэтгэхдээ чин сэтгэлээс хийдэг. Үүгээрээ бахархдаг.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Манай гэр бүлийн хүн надтай адил гуравдугаар сургуулийг төгссөн Н.Энхтуяа гэж бүсгүй бий. Хүнсний технологич мэргэжилтэй. Манайх ганц хүүтэй. Хүү маань ОХУ-д шүхэрт десантын дээд сургуульд долоо дахь жилдээ сурч байна. Ирэх жил төгсөнө. Би хүүгээ цэргийн хүн болгоно гэж нэг их албадаагүй. Монголоос анх Суворовын сургуульд явсан хорин хүүхдийн нэг болж явсан. Хүү маань удам залгаж, цэргийн гэр бүл болох юм шиг байна.

Categories
мэдээ цаг-үе

​Япон хэмнэл-2

Сенкаку арлууд

Япон оронд очих болгонд надад сайхан санагддаг. Яагаад ч юм үйлчилгээ, хүнийг гэсэн сэтгэл, ёсорхуу тахимдуу байдал бүлээн, дулаан сэтгэл төрүүлдэг юм. Одоогоос яг арван жилийн өмнө Японы Гадаад хэвлэлийн төв байгууллагын шугамаар Киодо ньюс агентлаг дээр мэргэжлийн дадлага хийхээр очиж сар гаруй хугацаанд тэнд байсан сэтгэгдэл одоо хэр хүчтэй хэвээр. Богино боловч хугацаанд Токиогийн хүн болж, метрогоор нь төөрөлгүй төвөггүй зорчих болж, япон хэлгүй сурвалжлагчид ямар ажил даатгахаа мэдэхгүй өдөрт нэг сэтгүүлчээ суллаж зугаацуулах, юм үзүүлж харуулах давхар ажилтай болж байсан мэдээллийн том агентлагийн ажилтнуудыг санахаар нэг л хөөрхөн. Дөч гаруй насны, эрчүүд голдуу хэвлэл мэдээллийн салбарынханд нь Монголын хэвлэл мэдээллийнхэн бүсгүйчүүд давамгайлсан, тэгээд дандаа хорь, гучин настнууд бий дээ гэхээр толгой сэгсрээд байдаг байж билээ. Бас 30 дөнгөж хүрч байгаа мөртлөө хоёр хүүхэдтэй, хоёр нас хүрээгүй бага хүүхдээ нөхөртөө орхиод юм сурна гээд хүрээд ирсэн намайг “Галзуу ээж” гэдэг байлаа. Бас ажлынхаа хажуугаар хүүхдүүдээ асрамжлахаар үлдсэн гэхээр тэдний хувьд манай нөхөр баатар мэт төсөөлөгддөг байв. Тэдний амьдрал ахуйгаас ойлгохгүй асуудлууд надад ч олон байсан юм. Бас сурч авсан нь ч их. Өөрөө ч мэдэхгүй сурч авсан олон зүйл надад байдаг байжээ гэдгийг сар гаруйн өмнө Японы Гадаад хэргийн яамны урилгаар арлын оронд дахин очихдоо анзаарч мэдсэн билээ. Сэтгүүлчдийг тухайлан урьж, энэ орноос чухам юуны талаар мэдэхийг хүсч, лавшруулан үзмээр байгаа хүсэлтийг хүлээн авч тусгай хөтөлбөр гаргадаг ховор сайхан боломж л доо. Юуны өмнө энэ сайхан боломжийг миний өмнө нээж, улмаар Японы тухай тэмдэглэлүүдээ арван жилийн дараа дахин үргэлжлүүлэн бичиж, “Япон хэмнэл” цувралаа “Япон хэмнэл-2” хэмээн үргэлжлүүлэх боломж олгосон Монгол Улс дахь Японы Элчин Сайдын яамны хамт олонд талархаж байна. Албан ёсны айлчлал болон амин хувийн ажлаар Японд зорчиж байсан ч энэ удаагийн явалт маань арван жилийн өмнөх дурсамжийг маань гойд сэргээсэн билээ. Гарцаар гарахдаа зам тавьж өгч байгаа жолооч руу дохиж талархлаа илэрхийлдэг, хаалгаар орж гарах, цахилгаан шатаар өгсч уруудахдаа дараагийн хүнээ хавчихаас сэргийлж хаалгаа барьж, гараараа алдалж зогсдог тэр бүх дадал маань япончуудаас сурсан байжээ гэдгийг сая очихдоо л ойлгож байх жишээтэй. Ерөнхийдөө энэ удаагийн аялал маань хуучны дурсамжийг ихэд сэргээж, тэр үед маань аваачсан билээ. Тэгэхээс ч аргагүй. Нисэх онгоцны буудал дээр газардахад маань монголчуудын сайн мэддэг Р.Оцука сан угтан авсан.

Үнэхээр монгол хэлийг гойд эзэмшсэн түүнтэй арван жилийн өмнө очихдоо анх танилцаж байж билээ. Бүр монгол хэлээ “заалгаж” явсан хөгтэй гэж байгаа. Монголын үндэсний телевизийн Д.Ариунзаяа бид хоёроос япончууд “Хундага тулгахдаа бид “Кампай” гэдэг. Та нар юу гэдэг вэ” гэхэд “Эрүүл энхийн төлөө”, “Сайн сайхны төлөө” гэхээр ганц үгээр байдаггүй юм уу гээд байдаг. Ганц үг хэлнэ гэхээр Төлөө гэдгээс өөр санаанд буудаггүй. Арга ядахаар Холливудын од Жулия Робертс Монголд ирэхдээ “Хөнтөрье” гээд үг сурчихсан хэлээд байсан яриа л санагдах. Харин Оцука санг “Тогтооё” гэж хэлэхэд л “Нээрээ ингэж хэлдэг шүү дээ” гээд дуу алдаж билээ. Монголчуудад эх хэлийг нь заахдаа хүрч эзэмшсэн Оцука ах онгоцны буудал дээр тосон авлаа. Ийнхүү манай бүхий л чухал албан орчуулгыг хариуцаж залгуулдаг эрхэм хүнээр хөтөч хийсэн аялал маань эхэлсэн юм.

Япон улс бүс нутагтаа зарим улс орнуудтай газар нутгийн маргаантай байдаг. Хүүхэд ахуй цагаасаа Курилын арлуудын маргааны талаар сонсдог байсан бол сүүлийн жилүүдэд Хятад бас Солонгостой арлуудын маргаан дуулдах болсон билээ. Улс орон бүр өөр өөрийн өнцгөөс тайлбарладаг ч чухам үнэн нь тэр гэж бид тайлахад хэцүү. Гэхдээ Япон оронд зорчиж, бас зарим сонирхсон зүйлүүдээ нүдээр харж, япон хүмүүсийн байр сууринаас тайлбарлуулах боломж тохиосон учраас энэ асуудлууд дээр тайлбар авахаар хүслээ. Япончууд жүдогийн татами дээр сэтгэл хөөрлөө ил гаргахгүй, ялсан ч ялагдсан ч нэг л янзаараа төвшин байдаг. Элдэв сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргахыг хориглодог жүдо гэлтгүй бусад спорт дээр ч өрсөлдөгч нь дургүйг нь хүргэж байсан ч хамраараа амьсгаагаа гаргаад тэсээд байх нь харагддаг. Заримдаа улс төрийн тавцанд, олон улсын үйл явдал дээр ч япончуудын энэ чанар анзаарагддаг. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр япон цэргүүдийн гаргаж байсан бусармаг үйлдэлд нь дургүйцэж байгаа гээд Хятад, Солонгост үе үе асуудал босч, жагсаал энэ тэр болдог доо. Үнэхээр хүчирхийлэлд автаж байсан улс үндэстэнд хэцүү л байдаг байх, гэхдээ хажуугаас нь харж байхад яасан ч дуусч өгдөггүй гомдол юм бэ гэж санагдах үе байдаг л юм. Заримдаа ч цаана нь эдийн засгийн сонирхол яваад байгаа нь анзаарагддаг. Солонгосчууд гэхэд хамтдаа зовж явсан гээд жаахан дэврээгээд өгөхөд Хятадууд зарим нэг бараа бүтээгдэхүүнийг Японоос авахаа болиод Өмнөд Солонгосоос худалдан авахад тэдэнд ашигтай шүү дээ гэж нэгэн эдийн засагч стратегийн үүднээс тайлбарлаж байсан удаатай. Юутай чиг Японы газар нутгийн маргааны асуудлыг тэд хэрхэн тайлбарлахыг өөрсдөөс нь сонсохыг хүссэн билээ. Японы ЗГХЭГ-ын Газар нутаг, бүрэн эрхэт байдлын бодлого төлөвлөлтийн газрынхантай уулзахад тэд энэ талаар нэлээд олон материал бэлтгэчихсэн сууж байв.
Японд далайн эргээс 20 гаруй км-ийг усан хил, дахиад 30 км-ийг завсрын бүс гэж тооцдог ажээ. Хятадууд эдийн засгийн хувьд хүчирхэг болохын хэрээр далай тийш хандсан бодлого явуулж, газар нутгаа тэлэхийг хүсэх болсон байна. 2007 онд АНУ-ын цэргийн командлагчид Хятадын талаас Номхон далайг хуваан эзэмших санал тавьсаныг америкчууд хүлээн аваагүй гэдэг. Хятадын Номхон далай руу гарах төлөвлөгөөнд Япон, Тайвань саад болдог. Далайн гүний ашигт малтмалыг ашиглахын тулд зайдсыг хэрчим хэрчмээр зүсч авдаг шиг бодлого баримталж байгаа хэмээн тэд шүүмжлэнгүй ярьж байлаа. Мөн хятадуудын энэ дээрэнгүй байдал эдийн засгийн үзүүлэлтээрээ Японыг давж гарсан цагаасаа бүр оодорсон гэж онцлов. Цаашлаад эдийн засгийн үзүүлэлтээрээ АНУ-ыг даваад нэгдүгээрт ороод ирвэл дийлдэхгүй болно гэж болгоомжилж байгаа ажээ. Гэхдээ Хятад газар нутгийн маргааны хувьд зөвхөн Япон биш хөрш зэргэлдээ улс орнуудтайгаа нэлээд асуудалтай. Үнэндээ эдийн засгийн давуу талаа ашиглан түрж байгаад нь анхаарч байгаа орон ч бий, бас иргэд нь төдийлөн ач холбогдол өгдөггүй улсууд байгаа ч гэж байв. Хятадтай хил хязгаарын маргаантай орнуудаас Япон, Филиппин, Вьетнамын иргэд маш эмзгээр анхааран үздэг буюу 78-91 хувь нь анхаарал хүчтэй тавьдаг бол Малайз, Индонез, Пакистан зэрэгт тал орчим нь л идэвхтэй анхаардаг гэсэн судалгаа байдаг ажээ. Нээрээ ч хэдэн жилийн өмнө Австралид сургалтад хамт сууж байсан вьетнам бүсгүйчүүд “Хятадууд манай газар нутгаас авах гэж үргэлж оролддог. Бид өгөхгүй тэмцэнэ” гэж хэсэгхэн улстөржиж авснаа камбожууд харин аялдаад байдаг гэж ангийнхаа нөгөө хэдэн нөхдийг муулж суусан нь санаанд оров. Тухайн үед тэдэнд хэлж байсанчлан “Манайх Хятадтай хилийн ямар нэгэн маргаан байхгүй. Хятадуудыг энэ тухай бодож эхлэхээс нь өмнө хилийн зааг зурвасаа НҮБ-д бүртгүүлж асуудлыг нэг мөр болгоод авсан нь азтай” хэмээж байснаа япончуудад ч дуулгаад авлаа.

Япон, Хятад хоёрын хооронд маргаан дагуулж байгаа Сенкаку арал 120 жилийн өмнөөс Японы мэдэлд иржээ. 1885 онд Окинава аймгаас хүмүүс илгээж энэ арлууд хэн нэгний мэдлийнх биш гэдгийг олж тогтоож, 1895 онд Окинавагийн харьяалалд оруулж байсан байна. 1920 онд Нагасаки дахь Хятадын консулын газраас Сенкакуг Японы Окинавагийнх гэдгийг баталж буй захидал хүртэл илгээж байсан бөгөөд 1951 оны Сан Францискогийн энхийн хэлэлцээрээр уг арлууд Японых гэдгийг батламжилжээ. Энэ хооронд далайн ашгийг ашиглах, нөөцүүдийг тогтоох үйл явдлууд өрнөсөн нь мэдээж. Улмаар 2008 онд Хятадын хоёр онгоц энэ арлын чигтээ ирж Японы усан хилийг зөрчсөн үйлдэл гарсан бөгөөд 2010 онд тэр хавьцаа Хятадын загасчны онгоц сүйрсэн нь энэ тохиолдол анхных биш гэдгийг баталсан гэнэ. Ерөнхийдөө далай тэнгисээс ашигт малтмал олзворлох Хятадын төлөвлөсөн зураглалд буюу ихээхэн хэмжээний нөөц тэр хавиас илэрсэн нь энэ бүх хэрэг дэгдэх шалтгаан болсон гэж япончууд ярьж байна. 2012 онд Японы Засгийн газар хувь хүний мэдэлд байсан Сенкакуг худалдан авч, Засгийн газрын мэдэлд оруулснаар байдал нэлээд хурцадсныг бид мэднэ. Хоёр тал харилцан албан бичиг шидэлцэн, байдал хүйтэрч, хэн хэнтэй нь гэмгүй байдаг хөрш зэргэлдээ орны бид хүртэл байр сууриа юу гэж илэрхийлэхээ мэдэхгүй сандарч байхав дээ. Шинзо Абэ Ерөнхий сайд 2012 оны арванхоёрдугаар сард Газар нутаг, Бүрэн эрхэт байдлын яамыг байгуулсан нь асуудал хэр хурцадсаныг баталдаг. Мөн маргаан дагуулсан арлын ойролцоо маш олон тооны хөлөг онгоц бөөгнөрч, япончууд ч түргэн авч байсан удаатай ажээ.
Харин тэр үед ямар нэгэн асуудал болоогүй бөгөөд нэг бол хятадууд хүчийг үзүүлэх гэсэн гэхдээ илүү магадлалтай нь Си Жинпиний эрх мэдэл, засаглалын эсрэг Хятадын томчууд дотооддоо үзэлцэхээр тэр хавьд цэргийн хүчийг цуглуулж байсан гэсэн яриа сонстож байжээ. Гарч ирмэгцээ авлигын эсрэг хүчтэй тэмцэж, эрх мэдлийн хуваарилтууд нэлээд хийгдсэн Хятадын дотоодын асуудал байсан гэж япончууд тухайн үйл явдлыг харжээ гэж бодогдлоо. 2010-2013 онуудыг бодвол энэ байдал хэсэгтээ намжмал байгаа бололтой. Гэхдээ асуудал шийдэгдээгүй байгааг сануулах юун. Харин солонгосчуудтай маргаад байсан Такешима арлын асуудал харьцангуй намжсан бололтой. Ерөнхийлөгч Пак Инхэ, Ерөнхий сайд Шинзо Абэ нар харилцан тохиролцоонд хүрсэн гэж дуулдаж байв. Японы бас нэгэн газар нутгийн маргаантай газар бол Курилын арлууд. Дэлхийн хоёрдугаар дайны дараа япончууд холбоотнуудад бууж өгсөн гэрээнд гарын үсэг зурахдаа Курилын арлууд нь Оросын мэдэлд гэдгийг зөвшөөрсөн ч тухайн үедээ оросууд холбоотнуудтай нэгдэж, уг гэрээнд үзэглэхээс татгалзсан. Мөн Курилын арлууд гэдэгт япончууд амьдардаг байсан одоо маргаантай байдаг дөрвөн арлыг оролцуулаагүй бусад арлуудыг нь хэлсэн гэсэн байр суурьтай байдаг юм байна. Бид Курилын арлууд гээд хэдэн ч арлыг хэлээд байдаг юм, ямар учиртайг нь тэр бүр мэддэггүй. Харин сөхөөд үзвэл тун сонин түүх байдаг юм билээ. Энэ талаар дээрх арлуудтай хамгийн ойр хойд нутгийн Хоккайдо муж руу очсон тэмдэглэлээрээ дараагийн дугаарт үргэлжлүүлье.
Categories
мэдээ улс-төр

Хоёр ээлжээр ажилласнаар III эмнэлэгт хүлээгдэл буурсан гэв

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ЭМЯ-ны харъяа байгууллагын удирдлагуудтай хийдэг ээлжит хурлаараа хийж хэрэгжүүлсэн ажил болоод ойрын хугацаанд хийх ажлынх нь талаар мэдээлэл солилцож, үүрэг чиглэл өглөө.

Төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлэг, лавлагаа төвүүдийн хувьд үйл ажиллагаа хэвийн, иргэдэд хурдан шуурхай үйлчлэхэд анхааран ажиллаж байгаагаа танилцуулав. УНТЭ, УГТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ, ГССҮТ-үүд хоёр ээлжээр уртасгасан цагаар ажиллаж байна.

УГТЭ-ийн Ерөнхий захирал Ц.Төмөр-Очир мэдээлэхдээ, манай эмнэлэгт сард 15 мянга орчим хүн амбулаториор үйлчлүүлж, 1500 орчим хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний хагас нь орон нутгаас ирж үйлчлүүлдэг. Бид эмнэлгийн тусламж үйлчилгээгээ хоёр ээлжээр, уртасгасан цагаар үзүүлснээр эмчилгээ, үйлчилгээний хүлээгдэл эрс буурсан гэв.

ЦССҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр танилцуулгадаа, сорьц тээвэрлэх ажлыг эрчимжүүлж, үйл ажиллагаа жигдрээд байна. Одоогоор 8 аймгаас сорьц ирдэг. Сүүлийн жилүүдэд донорын тоо хоёр дахин нэмэгдэж 25 мянга гараад байна. Иймээс сувилагчийн тоог нэмэгдүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн АН-ын даргад Д.Баттулга, Ш.Түвдэндорж нараас өөр хүн нэрээ дэвшүүлээгүй

АН-ын дарга С.Эрдэнэ, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нар намын дотоод сонгуулийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо 389 суудалтай, эдгээр суудлын төлөө 511 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлжээ.

Харин аймаг, нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр 52 хүн бүртгүүлсэн байна. Нийслэлийн Ардчилсан намын даргад Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нар өрсөлдөх аж. Нийслэлийн Ардчилсан намын даргад өөр хүн нэрээ дэвшүүлээгүй гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орно

Төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр өнөөдөр,
19, 20-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд
ихэнх нутгаар нойтон цас, хур тунадас орно.

Салхи 18, 19-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар,
20-нд Алтайн уулсаар, 21-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр
хүрч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор,
Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 25-30 градус,
өдөртөө 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,
Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх
голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3 градус дулаанаас 2
градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус
хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус
хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

Categories
мэдээ спорт

Халз барилдаанд гавьяат тамирчдын баг ялав

Монгол Улсын Гавьяат тамирчин Доржготовын
Цэрэнхандын нэрэмжит жүдо бөхийн холимог багийн халз барилдаан анх удаа
зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд МУГТ, Хөдөлмөрийн баатрууд нэг баг
болж, тэдний эсрэг ОУХМастерууд өрсөлдсөн юм. Тэмцээнд гавьяат
тамирчдын баг түрүүлэв.

ОУХМастеруудын багт Казахстан улсын
гавьяат тамирчин Г.Отгонцэцэг урилгаар багтаж, 48 кг-ын жинд МУГТЖ
М.Уранцэцэгтэй өрсөлдсөн. Мөн МУГТ Ц.Мөнхзаяа зодог тайлсан ч энэ
барилдаанд хүндэтгэл үзүүлэх үүднээс зодоглосон юм.

Ингээд тэмцээний дүнг танилцуулж байна.

60 кг жинд: МУГТ Д.Амартүвшин ОУХМ Ж.Амарболд нар учраа таарсан.
МУГТ Д.Амартүвшин нэмэлт цагт өрсөлдөгчөө вазари үнэлгээгээр ялсан.

66 кг жинд: МУГТ Г.Болдбаатар ОУХМ Д.Төмөрхүлэг нар өрсөлдөв. Энэ жинд
МУГТ Г.Болдбаатар өрсөлдөгчөө вазари үнэлгээгээр ялж, багтаа хоёр дахь
оноог авчирсан.

81 кг жинд: Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар ОУХМ
О.Ууганбаатар нар учраа таарсан. ОУХМ О.Ууганбаатар нэмэлт цагт вазари
үнэлгээгээр МУГТ Х.Цагаанбаатарыг яллаа.

+100 кг жинд: Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр ОУХМ
Ө.Дүүрэнбаяр нар зодоглов. МУГТ Н.Түвшинбаяр цаг дуусахад гурван секунд
дутуу байхад өрсөлдөгчөө вазари үнэлгээгээр ялав.

57 кг жинд: МУГТ Д.Сумъяа, ОУХМ Л.Энхрийлэн нарын барилдаанд МУГТ Д.Сумъяа өрсөлдөгчөө цэвэр ялсан.

63 кг жинд: МУГТ Ц.Мөнхзаяа ОУХМ Б.Ганхайч нарын барилдаанд ОУХМ Б.Ганхайч өрсөлдөгчөө цэвэр ялсан.

48 кг жинд: МУГТ М.Уранцэцэг, Казахстан
улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэгтэй оноолт таарсан. Барилдааны
эцсийн мөчид МУГТ М.Уранцэцэг өрсөлдөгчөө вазари үнэлгээгэр яллаа.

Ийнхүү гавьяат тамирчдын баг 5:2 онооны
харьцаагаар ялалт байгуулав. Холимог багийн халз барилдааны шагналын сан
50 сая төгрөг байв.

Тэмцээний үеэр МУГТ Д.Цэрэнханд албан ёсоор зодог тайлж, дасгалжуулагчийн албанд шилжиж буйгаа зарлалаа.



Categories
мэдээ улс-төр

Д.Оюунхорол: Туул тосгонд карьерийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн лицензийг цуцална

Монгол Улсын Засгийн газрын гишүүд энэ өдрүүдэд нийслэлийн
дүүргүүдэд ажиллаж Засгийн газрын үйл
ажиллагаа, шийдвэрийн хэрэгжилт болон зарим байгууллагын үйл явцтай танилцаж
байна. Мөн иргэдийн санал хүсэлтийг сонсч, Засгийн газрын шийдвэрт хэрхэн тусгаж,
ажил хэрэг болгох талаар санал солилцож байна. Энэ хүрээнд Байгаль орчин, аялал
жуулчлалын сайд Д.Оюунхорол 2017 оны гуравдугаар сарын 16-нд буюу өчигдөр нийслэлийн
Хан-Уул дүүргийн XIII хороо, Туул тосгонд ажиллалаа.

Олон нийтийн нэрлэдгээр “шувуун фабрик” гэх энэ хорооны нутаг
дэвсгэрт хайрга, дайрга олборлодог 60 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа
явуулдаг. Энэ нь байгаль орчин болон иргэдийн аюулгүй орчинд сөргөөр нөлөөлж байна.
Карьерүүдийн үйл ажиллагаанаас болж голын ус ширгэж, бургас цөөрч гол
гольдрилоо өөрчилсөн. Малын бэлчээргүй, хадлангийн талбайгүй болсон. Ухсан
нүхэнд мал унаж үхэж байна, хүн явахад хэцүү болсон. Тоосжилт ихтэйгээс харшлын
өвчтэй хүний тоо нэмэгдэж байна, хайрга ачсан том оврын тэрэгнүүд зам эвдэж,
автын осол гарах нөхцөл бүрдүүлээд байна зэрэг хүндрэлтэй асуудлыг уулзалтын
үеэр үг хэлсэн хүн болгон хөндөж, Засгийн газраас тодорхой шийдэл хүлээж
байгаагаа хэллээ. Хороодын иргэд төрийн бус байгууллага, холбоо байгуулан нутаг
усаа хамгаалахаар зохион байгуулалтад орж байгаа ч тэдэнд дэмжлэг туслалцаа
хэрэгтэй байгаа ажээ.

Туул голын бохирдол хэрээс хэтэрсэн, жилийн дөрвөн улиралд өмхий
үнэртдэг, голоос ундаалсан мал хордож үхэж байна. Хайрга олборлолт замбараагүй
хийгдэж байгаагаас энэ орчимд цөлжилт нүүрлээд байна. Мод тарих, ногоожуулах
шаардлага байгаа ч хөрөнгө мөнгө байхгүй. Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу
байна, сургуулийн засвар болон сургууль, цэцэрлэгийн цогцолборын дутуу
баригдсан барилгыг дуусгаж ашиглалтад оруулахад Засгийн газраас дэмжлэг хүслээ.

Карьерийн аж ахуйн үйл ажиллагааг цэгцэлнэ, хаах шийдвэр
гаргана. Ингэхдээ тухайн аж ахуйн нэгж ухаж сэндийчсэн, хүн, мал унахаар
болгосон газрыг нөхөн сэргээлгэнэ. Нөхөн сэргээлт эс хийвээс эрүүгийн хэрэг
үүсгэж шалгуулна гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол
иргэдэд хэллээ.

Айл болгон хашаандаа мод тарих хэрэгтэй гэсэн иргэний саналыг
дэмжиж байна.

Энэ хаврын мод тарих үндэсний өдрийн өмнө шувууны иргэдэд мод үнэгүй
олгоно. Энэ бол шувуун фабрикийг цөлжилтөөс аврах гол ажил юм. Харин хашаандаа
мод тарих хүсэлтэй айл өрхийн судалгааг гаргаж өгөхийг хорооны удирдлагаас сайд
хүслээ. Мод тарих сургалтад иргэдийг хамруулах ажилд мөн туслалцаа үзүүлнэ
гэлээ.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, нийслэл, дүүргийн удирдлага,
Нийслэлийн газрын алба, мэргэжлийн хяналт, цагдаагийн газраас ажлын хэсэг гарч
Хан-Уул дүүргийн Туул тосгонд ажилласан юм. Энэ үеэр Д.Оюунхорол сайд хэвлэлд
ярилцлага өглөө. Ингэхдээ,

-Нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж байна. Дайн болсон мэт
дүр зураг харагдаж байна. Аж ахуйн нэгжүүд хариуцлагагүй уул уурхай эрхэлж,
газрыг доройтолд оруулж байна. Энэ бол хувиа бодсон хүмүүсийн үйлдэл. Иймд
ажлын хэсэг байгуулахаар ярилцаж байна. Улаанбаатар хоттой ийм ойрхон Туул
голын хөвөө, суурьшлын бүс, бүр айлын хашаанд карьер эрхэлдэг боллоо гэдгийг
сонсоход сэтгэл эмзэглэж байна. Бизнес эрхэлж байгаа нэрээр хууль дүрмийг
уландаа гишгэж, нийтийн эрх ашгийг хохироож байгаа үйл ажиллагааг таслан
зогсооно. Иймд энд карьерийн үйл
ажиллагаа эрхэлж байгаа бүх аж ахуйн нэгжийн лицензийг цуцалж, эдгээр аж ауйн
нэгжээс нөхөн сэргээлт хийж, газрыг бүрэн бүтэн болгож өгөх шаардлагыг хатуу
тавина гэж БОАЖ-ын сайд Д.Оюунхорол ярилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс
мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Японд суралцах оюутан, залууст батламж гардууллаа

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад суралцах оюутан, залууст батламж гардуулах арга хэмжээ өнөөдөр /2017.03.16/ ШУТИС-д зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, БСШУСЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга Т.Амаржаргалан нар оролцов.

Арга хэмжээг нээж БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан үг хэлсэн юм. Тэрбээр Япон улсыг зорих гэж буй оюутан, залууст хандаж “Зорилгоо ухамсарлаж, Монгол хүн гэдэг эрхэм нэрийг ямагт өндөрт өргөж яваарай. Аливаа зүй бус үйлдэл, хорт муу зуршлаас ангид байж, улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжилд гар бие оролцох инженерүүд, дараагийн инженер, шилдэг боловсон хүчнийг бэлтгэх багш нар болоорой” хэмээн захив.

Энэ үеэр “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн Коосэн хөтөлбөрт элсэж, ШУТИС-д 1.5 жилийн бэлтгэл хөтөлбөрөөр амжилттай суралцсан 26 оюутанд батламж гардуулсан юм. Тус оюутнууд Япон улсын Коосэн сургуулийн III курст шилжин суралцсанаар онол, практикийн дадлага эзэмшсэн нарийн мэргэжлийн техникийн мэргэжилтэн болж төгсөх аж. Мөн төслийн хүрээнд МУИС болон ШУТИС-ийн тэргүүлэх чиглэлийн хамтарсан судалгаанд оролцдог тухайн их сургуулийн багш, судлаач бүхий магистр, докторын сургалтын хөтөлбөрийн шалгуурыг хангасан 22 хүнд батламж гардуулав. Тус оюутнууд суралцаж эхэлснээр нийт 245 хүн төслийн хүрээнд Япон улсад сургалтад хамрагдах юм.

Монгол-Япон хоёр орны стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд иенийн хөнгөлөлттэй зээлээр “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг 2014 оноос хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Япон улсад 2014-2016 онуудад нийт магистрын сургалтын хөтөлбөрт 18, докторын сургалтын хөтөлбөрт 19 багш, судлаач, Коосэн сургалтын хөтөлбөрт 28 оюутан, зэргийн бус сургалтын хөтөлбөрт 132 багш, судлаачид хамрагджээ. Дашрамд дурдахад, Япон улсад Коосэн загварын улсын 51 сургууль байдгаас 24-д нь төслийн оюутнууд элссэн байна.