Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүд гэртэйгээ шатаж амиа алджээ

Ахуйн гал түймрийн улмаас гэртэйгээ
шатаж амиа алдах явдал гарсаар байна. Тухайлбал, Говьсүмбэр аймагт зургаан настай Д, дөрвөн настай А нар гэртэйгээ шатаж амиа алдсан хэрэг гарчээ. Юунаас болж гал гарсныг цагдаагийнхан шалгаж байгаа аж.

Мөн Сүхбаатар дүүргийн 20-р
хороо “Хадатын … тоотод гал гарч хүн нас барсан байна” гэсэн
мэдээллийн дагуу шалгахад тус хороонд оршин суух 47 настай эрэгтэй Ш
гэртэйгээ шатаж нас барсан байна.

Гэртээ бага насны хүүхдүүдээ
харгалзах хүнгүйгээр орхиж явахгүй байх, ахуйн цахилгаан
хэрэгслийнхээ аюулгүй байдлыг хангаж байхыг цагдаагийн газраас анхааруулж
байна.

Categories
мэдээ нийгэм

МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ ажлаа өгөв

МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ хүсэлт гаргаж, ажлаасаа
чөлөөлөгдсөн байна. Түүний оронд захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр
Я.Төмөрбаатарыг томилжээ.

МАН Ардчилсан намтай хамтран Засгийн
газрыг барьж байх үед Я.Төмөрбаатар нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны
дэд сайдаар ажиллаж байсан. Тэрбээр Улсын багшийн дээд сургуулийг түүхийн багш, нийгмийн ажилтан мэргэжлээр төгсчээ. 1999-2007 онд “Кёкшюүзан хөгжил сан”-гийн
зөвлөх, дэд захирал, 2007-2008 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх
газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2008-2009
онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, хэвлэлийн албаны дарга, 2009
оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, ахлах зөвлөх,
“Стратеги” академийн захирлаар ажиллаж байжээ.

МУИС-ийн захирлын албыг хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтаар тодруулж, томилох аж.

Categories
мэдээ улс-төр

Дэд сайд Д.Загджав ажлаа хүлээн авчээ

Засгийн газрын хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Д.Загджавыг томилсон. Тэрбээр ажлаа хүлээн авсан байна.

Дэлэгийн Загджав 1964 онд Ховд аймгийн Ховд хотод төрсөн. Ховд
аймгийн Ховд хотын 10 жилийн 1-р дунд сургууль, Нийгмийг аюулаас
хамгаалах яамны Цэргийн дээд сургууль төгссөн. Төрийн захиргааны
удирдлагын хөгжлийн институт, Төрийн удирдлагын академи, ОХУ-ын
Новосибирск хотын Эдийн засгийн удирдлагын академийг төгссөн.

Удирдахуйн ухааны магистр, улс төрийн ухааны доктор, ОХУ-ын Батлан хамгаалах, аюулгүй байдал, эрх зүйн академийн профессор.

Дорноговь аймгийн Цагдан сэргийлэх хэлтэс, Ховд аймгийн АДХГЗ-ын
дэргэдэх Хууль зүй, арбитрын хэлтэс, “Алтай интернэйшнл” ХХК-д ажиллаж
2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байжээ. Мөн Монголын Ардчилсан
Социалист Оюутны холбооны Ерөнхийлөгч, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг
дарга, Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монголын
Энхтайван, найрамдлын байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

Categories
мэдээ спорт

Энэ сард дөрвөн барилдаантай

Монголын Үндэсний бөхийн холбооноос энэ сард болох хүчит бөхийн барилдааны хуваарийг зарлалаа.

Гуравдугаар сарын 18-нд 14.00 цагт
Монгол цэргийн өдөрт зориулсан Улс аймгийн алдар цолтой 224 бөхийн
уламжлалт барилдаан болно. Мөн энэ сарын 19-нд 15.00 цагаас Казак
түмний үндэсний Наурызийн баярт зориулсан аймаг цэргийн цолтой залуу 256
бөхийн уламжлалт барилдаан болох ажээ.

Гуравдугаар сарын 25-нд 12.00 цагт сумын
цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, гуравдугаар сарын 26-ны
14.00 цагаас Улсын заан цолонд хүндэтгэл үзүүлэх Улс аймгийн алдар
цолтой 224 бөхийн барилдаан тус тус болно.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй 23 барилга бүртгэгджээ

Нийслэлийн хэмжээнд зөрчилтэй барилгууд болон ухсан нүхний талаар Нийслэлийн мэргэлжийн хяналтын газраас мэдээлэл хийв. Шалгалтаар барилгын ажлыг эхлэх,
үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, архитектур төлөвлөлтийн даалгавар аваагүй,
техникийн нөхцөлгүй, батлагдсан ажлын зураггүй, гүйцэтгэгч нь тодорхой
бус, суурийн нүх ухаад орхидог зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.

Нийслэлийн хэмжээнд нийт зөрчилтэй 23
барилга бүртгэгдсэн бөгөөд үүнээс Баянзүрх дүүрэгт 5, Хан-Уул дүүрэгт 4,
Сонгинохайрхан дүүрэгт 2, Баянгол дүүрэгт 12 байгаа аж. Эдгээр барилга нь
“Барилгын тухай” хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн, холбогдох бичиг
баримт иж бүрдэл дутуу, зураг төсөл нь баталгаажаагүй, барилга угсралтын
ажил эхлэх үргэлжүүлэх зөвшөөрөлгүй зэрэг зөрчилтэй байжээ. Улмаар
улсын байцаагчийн дүгнэлт үйлдэн зөвшөөрлийг цуцлуулах саналыг Барилга,
хот байгуулалтын яаманд хүргүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 17-ны баасан
гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам
тоноглолд урсгал засвар хийхээр болжээ.

Сүхбаатар дүүрэг

10:30-17:30 – 9, 11-р хороо Алтайн 10, Нуурын 7, Алтайн 23, 24, 25 Чингэлтэйн 14-17-р гудамж, эдгээрийн ойр орчмоор

Хан-Уул дүүрэг

10:30-18:00 –
9, 10-р хороо Нисэхийн гэр хороолол, орон сууцууд, 7-р сургууль, 49-р
цэцэрлэг, ЦТП, Гүнийн худаг, Амин тус өрхийн эмнэлэг, ХУД-ийн Тамгын
газар, Янгир хайрхан ХХК

Сонгино хайрхан дүүрэг

10:00-17:00 – 20-р хороо Барилгын цэргийн анги

11:00-12:00 – УСУГ-ын Төв цэвэрлэх байгууламж

11:00-18:00 –
20-р хороо Т-10, Т-46, 7-р хороо Монлааны 1, 2, 5, 6, 10, Колонкийн 1-3,
Горькийн 3, ЦА-ийн 13-р гудамж, эдгээрийн ойр орчмоор

Categories
мэдээ нийгэм

“Mon CL fertility center” үр шилжүүлэн суулгах төв Монголд нээгдлээ

“Mon CL fertility center” эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн төв эмнэлэг саяхан нээлтээ хийсэн. Энэ нь Монголын гурав дахь үр шилжүүлэн суулгах төв юм.

Солонгос улсын сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй, дэлхийн жишигт нийцсэн эмнэлэг ажээ. Тус үр шилжүүлэн суулгах төв нь үр шилжүүлэх бэлтгэл ажлаас эхлээд бяцхан үрээ өлгийдөн авах хүртэл бүх оношлогоо, шинжилгээ, эмчилгээг хийх юм.

“Mon CL fertility center” эх барих эмэгтэйчүүдийн үзлэг зөвөлгөөнөөс эхлээд хэт авиан оношлогоо, хөлдөөсөн үр хөврөл суулгах ажилбар, умайн хүзүүний нянгийн үрэвслийн шинжилгээ, умайн хүзүүний эсийн шинжилгээ гэх зэрэг бүх төрлийн үзлэг оношлогоо эмчилгээ үзүүлэх цогц төв юм. Тус эмнэлэг хоёрдугаар сарын1-нд ашиглалтад орсноос хойш үр шилжүүлэн суулгах ажилбараар буюу хуруу шилний аргаар нийтдээ 10 гаруй гэр бүл үрийн зулай үнэрлэжээ.

“Mon CL fertility center” эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал доктор Бум Чай Чой ярихдаа “2010 оноос хойш маш олон монгол эмэгтэйг эмчилж үзлэгт хамруулсан байна. Өмнө нь маш олон гэр бүл Монголоос зорьж ирдэг байсан. Зургаан жилийн турш тасралтгүй энэ талын асуудалтай хүмүүс ирж ажилбар хийлгэсэн. Ийм учраас монголчуудад тулгамдаж буй асуудлын нэг нь үргүйдэл юм байна гэдгийг мэдэрсэн. Маш олон гэр бүл холын орныг зорьж, цаг хугацаа алдаж, санхүүгийн хувьд дарамт ихээр тулгардаг. Зургаан жилийн турш эх нялхасын төвтэй хамтран 300 орчим гэр бүлийг хүүхэдтэй болгосон. Цаашид хүүхэдтэй болох гэж байгаа гэр бүлүүдэд эх орондоо Солонгосын төвшинд ажилладаг эмнэлэгтэй болж, олон асуудлыг шийдэж өгч байгаадаа баяртай байна” гэлээ.

Эмчилгээний зардал нь 8-10 сая орчим төгрөг болох юм байна. Тус эмнэлгийн эмчилгээ 65 хувийн магадлалтай гэнэ шүү.

Categories
мэдээ нийгэм

Хөрөнгийн бирж долоон компанийг жагсаалтаас хасав

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д бүртгэлтэй нээлттэй хувьцаат компанийн
жагсаалтаас долоон компанийг хассан байна. Тодруулбал, Симбол, “Баянтолгой”,
“Гантөмөрт”, “Завхан тээх”, “Монгол эсгий эсгий гутал”, “Оргил
Говь-Алтай”, “Улиастай тэгш” зэрэг компанийг хассан байна. Компанийн
тухай хуулийн 83.1 дүгээр заалт, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн
компанийн дүрмийн 8.10.11-р заалт, “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын
24.8 дугаар заалтыг тус тус үндэслэн хасалт хийжээ.

Categories
мэдээ улс-төр

Алтны салбарынхан чуулж байна

“Mongolia gold-2017” чуулган өнөөдөр “Чингис” зочид буудалд болж байна.

“Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн яам санхүүжилт шаардлагатай алтны тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалтыг гаргахаар ажиллаж байна. “Алт-2” хөтөлбөрийн үндсэн зорилго нь алт олборлогчдод санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хүчин чадлыг нь нэмэгдүүлж, 2020 он гэхэд 25 тонн хүртэлх алт олборлох, алтны нөөцийг 100-150 тонноор нэмэгдүүлэх юм.

Үндэсний статистикийн хорооны 2015 оны мэдээгээр манай улсын алтны үйлдвэрлэл ДНБ-ний 2.6 хувь, экспортын орлогын 9.1 хувийг эзэлж байгаа гэсэн дүн гарчээ. Ирэх 10 жилийн хугацаанд алтны экспортын хэмжээ 15.8-40.0 тоннд хүргэхээр төлөвлөж байгаа юм. Алтны салбарын экспортын орлого 2020 онд 1177.9 сая ам.доллар, 2025 онд 1564.7 сая ам.долларт хүрэх төлөвтэй байна. 2015 онтой харьцуулахад алтны экспортын орлого 2020 онд 26.7 хувиар, 2025 онд 68.4 хувиар тус тус нэмэгдэх төлөвтэй байна.

Засгийн газрын хөтөлбөрт тусгаснаар “Алт-2” хөтөлбөрийн санхүүжилтийг Монголбанктай хамтран гаргана. Үүний зэрэгцээ Монгол, Канадын Засгийн газар хоорондын дугуй ширээний уулзалтын үеэр Монголын тал “Алт-2” хөтөлбөрт шаардагдах санхүүжилтийг Канадын талаас хүссэн талаар Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайд Ц.Дашдорж мэдээллээ. “Алт-2” хөтөлбөрөөс гадна энэ онд хэрэгжүүлж эхлэх боломжтой томоохон төслүүдээс “Centerra Gold”-ийн хөрөнгө оруулалттай Гацууртын төслийг Сангийн сайд онцоллоо.

Үүнээс гадна гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Монголын алтны салбарт эерэг үнэлгээ өгч байна. Тухайлбал, Канадын хөрөнгө оруулалттай “Steppe Gold” компани Монголд хайгуулын ажилд 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болж Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн яамтай санамж бичиг байгуулаад байна.

Мөн Монголд “Алтан Нар”, Баян хөндий зэрэг алтны хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байгаа “Erdene Resource Development “компани Торонтогийн Хөрөнгийн биржид хувьцаагаа борлуулах замаар 13.8 сая канад долларын санхүүжилт татах саналаа амжилттай гүйцэлдүүлсэн юм. Канад улс болон олон улсын байгууллагуудын захиалгын хэмжээ “Erdene Resource Development”-ийн тавьсан саналаас давсан талаар тус компани мэдээлжээ. Харин олон улсын зах зээлд гоёл чимэглэлийн зориулалттай алтны эрэлт буурч байгаа ч хөрөнгө оруулалтын шинжтэй алтны эрэлт өсөж байгаа талаар салбарын шинжээчид онцолж байна.

Монгол Улс оны эхний хоёр сард нийт 30.7 сая ам.долларын боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтыг 100 хувь Их Британид экспортолсон талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. Мөнгөн дүнгийн хувьд 2016 оны мөн үеэс ойролцоогоор хоёр дахин буурсан байна.

Categories
мэдээ спорт

Н.Түвшинбаяр аваргын өмсгөл 8 сая, Д.Сумъяагийн өмсгөл 3.6 сая хүрчээ

Өчигдөр “Аса” циркт “Нэр хүнд, Хүч чадал” нэртэй жүдочдын 50 саяын бооцоот тэмцээнийг зохион байгуулсан билээ. Энэхүү барилдааныг Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Цэрэнхандын их спортоос зодог тайлах ёслолд зориулжээ. Тэрбээр монголын эмэгтэй жүдо бөхийн анхны тамирчдын нэг, их спортын дэвжээнээ 26 жил хүч, бяр, ухаанаа зориулсан, Бээжингийн олимпийн V байр, 2007 оны ДАШТ-ий 7-р байрын шагналт, Азийн наадмын хошой мөнгө, Азийн АШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын 15 удаагийн аварга, Гавьяат тамирчин юм. Тэрбээр өчигдөр хамт олныхоо дунд хүндэтгэл, бахархал дүүрэн зодог тайллаа.

Тэмцээний үеэр олимпийн аварга Н.Түвшинбаяр, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа нарын жүдогийн өмсгөлийг дуудлагаар худалдаж, Н.Түвшинбаяр аваргынх 8 сая, Д.Сумъяагийнх 3,6 сая төгрөгийн үнэ хүрч, зарагджээ. Дуудлага худалдаанаас бүрдсэн мөнгийг жүдочид Гавьяат тамирчин Д.Цэрэнхандын гэр бүлд болон сайн үйлсийн аянд зарцуулахаар төлөвлөжээ.


О.ӨНӨР