Categories
мэдээ спорт

Дунд шөвөгт “Реал”Мадрид, “Бавари”Мюнхен багууд хос байхаар таарчээ

Өнөөдөр УЕФА-гийн төв байр байрладаг Ньоне хотноо Аваргуудын лигийн дунд шөвөгт шалгарсан найман багийн хэн нь хэнтэй таарав вэ гэдгийг шийдсэн сугалаа явагдлаа. Сугалааны үр дүн: Атлетико (Испани) – Лестер (Англи)

“Боруссиа” Дортмунд (Герман) – Монако (Франц)

Бавари (Герман) – Реал (Испани) Ювэнтүүс

(Итали) – Барселон (Испани)

Дунд шөвгийн эхний тоглолтууд дөрөвдүгээр сарын12 ба13-нд, хариу тоглолт нь дөрөвдүгээр сарын 19 ба 20-нд зохиогдоно.

Categories
мэдээ нийгэм

Д.Ганбат: Нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхдээ агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлд анхаарна

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат,
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр Нийтийн
тээврийн газрын дарга Д. Отгонбаатар нар өнөөдөр Хан Уул дүүрэгт
ажиллах үеэрээ “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т ажиллалаа.
Нэгтгэлийнхэн үйл ажиллагаа болон шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа
салбарын сайддаа танилцуулав.

Зорчигч тээврийн нэгтгэлийн захирал
Г.Төмөрбаатар хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар нэгтгэлийн хэмжээнд 367
тээврийн хэрэгсэл бий. Нийтийн тээвэрт явдаг автобусны дийлэнхи нь
насжилтын хугацаа дуусч байгаагаас гадна тоног төхөөрөмж нь ч олдохоо
больсон, хэтрүүлж хэлбэл үйлдвэрлэж, нийлүүлсэн улсдаа ч байхгүй
болсон учраас парк шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байгааг хэллээ.
Хамгийн сүүлд 2009 онд парк шинэчлэлт хийсэн. Тухайн үед шинэчилсэн
тоног төхөөрөмж эхнээсээ муудсан. Нөгөө талаар парк шинэчлэлийг хийхдээ
засвар үйлчилгээний сервис хамтдаа байлгах зарчмыг барих нь чухал
гэдгийг инженерүүд салбарын сайдад хэлсэн. Манайхан парк шинэчилнэ
гээд баахан автобус аваад ирдэг. Гэтэл шинэ автобусаа дагаад сэлбэг,
засвар үйлчилгээнд орхигдож байдаг. Орос ах нарын, урд хөршийн,
Солонгос, Японы автобусыг засварлах шинэчлэхэд манай инженерүүд
мундаг. Түүнчлэн парк шинэчлэлээс гадна боловсон хүчнийг бэлтгэх, сургах
хэрэгтэй байна.” гэлээ.

Зорчигч тээврийн нэгтгэл гэлтгүй нийтийн
тээврийн салбарт олон асуудал тулгамдаж байна. Өнөөдөр автобусанд
төлбөр төлж суудаг иргэн ховордсон. Дан төрийн хөнгөлөлтөнд хамрагдах
болсоны зэрэгцээ “Смарт” гээд сайхан нэртэй ухаалаг картаас үүдэн
санхүүжилтийн бөөн маргаан хувийн компани, төрийн хооронд үүсэх
болсоныг хэллээ. Шулуухан хэлхэд нийслэлийн төсөв хөрөнгөний тал хувь нь
шахуу иргэдээ нийтийн тээврээр зорчуулахад зарцуулагдаж, компаниудад
татаас хэлбэрээр өгч байгаа юм. Шинэ менежментийн бодлого хэрэгжүүлэх
шаардлага бий гэдгийг ч нуусангүй. Өнөөдөр нийтийн тээвэрт огт хэрэггүй
автобус байгаа нь “Улаанбаатар урт автобус” гэдгийг хэлж байна.
Беларусь улсаас оруулж ирсэн уг автобус нь багтаамж, зай талбай бага.
Мөн засвар үйлчилгээ, тоног төхөөрөмж байхгүй. Бүрэн хүчин чадлаараа
ажиллахгүй. Тээвэр хийхээс илүүтэй тээг болсоныг ч онцоллоо. Дахин ийм
хөрөнгө оруулалт нийтийн тээвэрт хийхгүй байхыг ч хүссэн юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат
Зорчигч тээврийн нэгтгэлийн техник, сэлбэг хэрэгсэл хуучирсан, засвар
үйлчилгээ хийхэд хүндрэлтэй байгааг хэлээд “Үүнийг яам бодлогын хүрээнд
анхаарах хэрэгтэй. Солонгосын Экзим банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа
төслийн хүрээнд манай улсад шинэ автобуснууд орж ирнэ. Манай яамны
зүгээс автомашинаас ялгарч байгаа утааг багасгах зорилгоор дизель
хөдөлгүүртэй биш хийн түлшээр ажилладаг автобус оруулж ирэх саналыг
Сангийн яаманд хүргүүлсэн. Бид үе шаттайгаар нийтийн тээврийн хэрэгслийг
дизелээр биш хийгээр ажилладаг болгох бодлого баримтална.” гэлээ.

Үүнээс гадна өдөрт нийтийн тээвэрт явж
байгаа 900 гаруй автобусны 300 гаруйг нь механикжсан хэрэгслээр, үлдсэн
600 орчим автобусыг жолооч нар гараараа угаадаг байна. Үүнийг халж,
дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх цаг болсныг Зам тээврийн хөгжлийн сайд
хэлсэн юм. Нийслэлийн нийтийн тээврийн хэрэгцээг хангах үүднээс энэ
салбарын материаллаг баазыг бэхжүүлэх, гадны шинэ техник технологийг
судалж, нэвтрүүлэх тал дээр яам бодлогоор анхаарна гэдгийг хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Сагсан бөмбөгийн шигшээ олон улсын тэмцээнд оролцож чадахгүй байна гэв

Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийг сагсан бөмбөгийн холбоодын дотоод асуудлаас шалтгаалан олон улсын тэмцээн уралдаанд оролцох эрхгүй болгож байгаатай холбогдуулан шигшээ багийн тамирчид шаардлага гаргажээ.

Уг шаардлагад сагсан бөмбөгийн хоёр холбоод дотоод асуудлаа нэн даруй шийдвэрлэх, Монгол Улсын шигшээ багийг олон улсын тэмцээнд оролцуулдаг болгох, шигшээ багийг олон улсын тэмцээнд оролцох боломжоор хангах зэрэг зүйлсийг тусгажээ.

“Монгол Улсын сагсан бөмбөгийн холбоо гэх нэг нэртэй хоёр өөр байгууллагын дотоодын зөрчлөөс шалтгаалан манай шигшээ баг гадаадын тэмцээн уралдаанд оролцох эрхгүй болж байна. Тиймээс нэн даруй дотоодын холбоод эрх ашгаа нэгтгэн Монголын сагсан бөмбөгийн хөгжлийн төлөө нэг зүгт харах шаардлагатай болоод байна” гэж Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч О.Баярцогт ярьж байлаа.

Удахгүй Зүүн Азийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн болох бөгөөд энэ тэмцээнд Монголын шигшээ багийг оролцуулах талаар хоёр холбоод ямар нэгэн ажил хийлгүй өдийг хүрчээ.

Харин шигшээ багийнхан бэлтгэл сайн хангагдаж, хоорондын ойлголцол сайжирсан учир дээрх тэмцээнд заавал оролцох ёстой гэж мэдэгдээд байгаа юм. Шигшээ багийнхны хэлж байгаагаар хоёр холбоод хоорондоо харилцан адилгүй, Монголын шигшээ багийг буруу ойлгогдуулах мэдээллийг Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд өгдөг нь ийнхүү шигшээ багийг тэмцээн уралдаанд оролцох эрхгүй болгож байгаа ажээ.

Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг Зүүн Азийн наадамд гурван удаа, Азийн наадамд дөрвөн удаа оролцож, 2014 онд Өмнөд Солонгост болсон Азийн 17 дахь наадамд, сагсан бөмбөгийн шилдэг найман багийн нэг болж, сагсан бөмбөгийн түүхэнд тодоор тэмдэглэгдэх амжилт гаргасан юм.

Categories
мэдээ нийгэм

Германд төгсөгч 1000 төлөөлөгч чууллаа

ХБНГУ-д суралцаж, мэргэжил, боловсрол эзэмшсэн үе үеийн төгсөгчдийн төлөөлөл оролцсон чуулга уулзалт өнөөдөр /2017.03.17/ Төрийн ордонд боллоо. “Ажилсаг Монгол-Хөгжлийн үндэс” уриан дор зохион байгуулж буй энэхүү чуулга уулзалтад Германд төгсөгч 1000 төлөөлөгч оролцож буйг зохион байгуулагчид онцолсон.

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва Германд төгсөгчдийн нэг бөгөөд энэхүү чуулганыг санаачилсан байна. Тэрбээр чуулганд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Германд төгсөгчдийг төлөөлж цугласан нэг мянган хүн Төрийн ордонд хуран чуулж байна. Бидэнд холдол, хөндийрөл хэрэггүй. Ойртолт нөхөрлөл хэрэгтэй. Бидэнд бие биеэс нь заагладаг хана хэрэм, хашлага саад хэрэггүй, бие бие рүү нь холбодог, хүргэдэг дардан сайхан зам, данагар том гүүр л хэрэгтэй. Хана хэрэм, хашлага саад, зааг ялгаа аль болохоор нурж, зам гүүр, хэлхээ холбоо, хүмүүсийн нөхөрлөл хэдий чинээ дэлгэр болж байх тусмаа сайн. Ийм үйлсийг хэн хамгийн зоригтой үүсгэж, цог золбоотой авч явж чадах вэ гэвэл нэг хот, нэг улсыг байтугай нийт даян дэлхийг тэр чигээр нь тас хувааж, таг зааглаж байсан түүхт ханыг нурааж чадсан, нүдний өмнө хөгжлийн гайхамшгийг бүтээж бий болгосон тийм ард түмэн, тийм улс оронд сурч байсан та бид л чадна…” хэмээв.

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга Л.Болд мөн чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсч, үг хэлсэн юм.

Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулганд оролцогчдод мэндчилгээ ирүүлсэн байна.

ХБНГУ-ын Эдийн засаг, хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ханс-Иоахим Фухтел тэргүүтэй 30 орчим төлөөлөгч чуулганд хүрэлцэн ирж оролцсон бөгөөд Ханс-Иоахим Фухтел чуулганд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.

Мөн үе үеийн төгсөгчдийг төлөөлж Ардын эмч, төрийн шагналт П.Онхуудай, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Галсан нар сэтгэгдлээ хуваалцсан юм.

Чуулганд Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл “Шинжлэх ухаан, технологийн хөгжил: Монгол-Германы хамтын ажиллагаа, боломж”, профессор, доктор Л.Энхтайван, доктор Л.Төрдалай нар “Германд төгсөгч-Өчигдөр, өнөөдөр”, доктор Д.Энхбат “Аж үйлдвэрийг кластераар хөгжүүлэх боломж” сэдвээр илтгэл тавилаа.

Төгсгөлд нь чуулганд оролцогчид санал сэтгэгдлээ хэлж, асуусан асуултад нь илтгэгчид хариулт өгөв.

Эдийн засгийн хүнд үед улс орондоо ямар үүрэг гүйцэтгэж, хувь нэмрээ оруулах талаар оролцогчид уриалга гаргаснаар чуулганы үйл ажиллагаа өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

БНСУ руу энгийн иргэд олон удаагийн визээр зорчино

Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2017 оны визний журмын талаар мэдээлэл хийлээ.

БНСУ-руу байнгын визгүй зорчдог байсан
иргэдийн зорчих журамд өөрчлөлт орж олон удаагийн виз олгохоор болжээ.
Энэхүү журам нь 2017 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн
байна.

1999 оноос БНСУ визгүй зорчих журмыг
хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр энгийн визээр олон удаа зорчсон иргэдийг
визгүй зорчуулж эхэлсэн. Энэхүү журмыг цуцлаад олон удаагийн виз буюу
таван жилийн хугацаатай виз олгохоор болжээ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд БНСУ-руу
дөрвөн удаа зорчсон, нийт 10-аас дээш удаа тус улсын хилээр орж гарсан
хүнийг визгүй зорчигч хэмээн нэрийддэг. Харин энэхүү шинэ журмаар арван
удаа явахдаа сүүлийн хоёр жилийн хугацаанд нэг удаа тус улсыг зорьсон
байх ёстой гэсэн шаардлагыг тавьж олон удаагийн виз олгох юм байна.

Энэ талаар БНСУ-ын Элчин сайдын яамны
Консулын газрын дарга И Жэ Ю “Энэхүү журмын өөрчлөлт визгүй зорчигчдод
төвөгтэй санагдаж магадгүй ч нэг удаад таван жилийн хугацаатай виз
авчихвал хил нэвтрэхэд асуудалгүй, террорист халдлагаас хамгаалах,
паспортны хугацаа дууссан эсэхийг хил дээр очсон хойноо мэдэх зэргээс
урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж бид харж байна. Ийнхүү журам
өөрчлөх болсон шалтгаан нь 2017 оны дөрөвдүгээр сараас эхлээд тухайн
иргэнийг онгоцонд суухаас өмнө мэдээллийг нь урьдчилж авсан байх
шаардлагатай болсон. Энэхүү журам хэрэгжиж эхэлсэн учраас иргэдийг
визгүй нэвтрүүлэхэд саад тулгарсан. Тиймээс виз авч байж зорчих журмыг
манай улсын Хууль зүйн яамнаас гаргасан.

Мөн визгүй зорчигч нарыг арван удаа
БНСУ-ын хилээр давсан эсэхийг тоолж шалгадаг учраас иргэд хил дээр маш
удаан хугацаанд хүлээх шаардлага тулгардаг байсан. Үүнээс улбаалан
төвөгтэй байдал үүсдэг учраас олон удаагийн визээр өөрчлөх шийдвэр
гарсан. Визтэй зорчигч нарийн хувьд тусгай системээр шалгаж нэвтрүүлдэг
тул хурдан хугацаанд шийдэгддэг” хэмээлээ.

Таван жилийн хугацаатай олон удаагийн визийг

  • Сүүлийн гурван жилийн хугацаанд БНСУ-д хууль бусаар оршин суугаагүй,
  • Улсын дотоод хууль журмыг чандлан сахисан,
  • 500 мянган воннын торгууль хүлээгээгүй
  • БНСУ-аас албадан гаргаагүй иргэнд олгохыг Консулын газрын дарга санууллаа.

Энэхүү олон удаагийн визээр БНСУ-ын хилийг
нэвтэрсэн тохиолдолд тус улсад 30 хоногийн хугацаанд амьдрах хугацаатай
аж. Мөн энэхүү виз нь энгийн визийг бодвол харьцангуй богино хугацаанд
гарах бөгөөд энэ асуудлыг Элчин сайдын яамнаас шийдвэрлэж өгөх юм байна.
Албаны болон дипломат паспорттой иргэд БНСУ-руу 90 хоногийн хугацаанд
визгүй зорчих боломжтой. Харин энгийн паспорттой иргэд визгүй зорчих
боломжгүй болж буй ажээ.

Одоогоор таван жилийн хугацаат визийг түр
хугацаанд зогсоогоод байгаа юм байна. Харинбогино хугацааны визийг олгож
байгаа аж. Монгол Улсын Засгийн газартай яриа хэлэлцээр хийж, шийдвэрт
хүрсэн даруйд дахин таван жилийн визийг олгож эхлэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

“Монголын телевизүүдийн форум 2017” чуулган болж байна

“Монголын телевизүүдийн форум 2017” өнөөдөр “Туушин” зочид буудалд болж байна. “Тооноос чанарт” уриатайгаар зохион байгуулагдаж буй энэхүү форумд салбарын шилдэг менежерүүд, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын төлөөлөгчид, бизнес эрхлэгчид, төрийн бодлого боловсруулагчид оролцож байгаа юм. Салбар хэлэлцүүлэг “Медиа бизнесийн чиг хандлага ба стратеги” сэдвийн хүрээнд өрнөсөн. Хэлэлцүүлэгт “Монгол Контент”, “Монгол Масс Медиа”, “Медиа Групп”, “ТиДиБи Медиа”, “МедиаХолдинг” групп, компаниудын төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгийн үйл явцаас хүргэе.

Стратеги бол юу хийх вэ гэхээсээ гадна юу хийхгүй вэ гэдгээ тогтоодог гэж боддог. Энэ тал дээр юу гэж үзэж байна вэ?
Монгол масс медиа групп, А.Амундра: Энэ зах зээл дээр ажилласан есөн жилдээ өөрийгөө их алдсан гэж боддог. Бид спортын контентыг алдчихсан. Тэр нь бидэнд буцаад бидэнд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэн. Монголд сериал кино, монгол формат шоу, гэр бүлийн контент хийх урам зориг, нөгөө талаас зайлшгүй нөхцөл байдлыг тулгасан. 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд бид спортын контентоос 100 хувь татгалзаж байгаа. Хоёрт бизнесийн чиглэлийн төрөлжсөн орлого өндөртэй хэсэгт зориулсан мэдээллийн зах зээлд манай Долгион захирал амжилттай оргилд нь гарлаа. Бид өрсөлдөх нь утгагүй. Зах зээл ханачихсан байгаа тодорхой хэсгүүдийг бид зоригтойгоор орхиод тэр чиглэлд байсан 5-10 хувийн хөрөнгө оруулалтуудаа бүгдийг зогсоогоод харин эсрэгээрээ нийлүүлэлт дутуу байгаа зах зээл рүүгээ илүү анхаарч тэр чиглэл рүүгээ илүү өрсөлдөхөөр төлөвлөж байгаа.
Хамтарсан борлуулалтын тухайд:
Монгол масс медиа групп, А.Амундра: Манай Хишгээ захирлын /Максима Медиа, Судалгаа хариуцсан захирал Я.Хишигсүрэн/ хэлсэнчлэн “Sale’s House” байгуулах ёстой. Бид одоо секунд зараад байгаа. Хэнд юу хүрч байгаа нь мэдэхгүй байгаад байгаа. GRP дээрээ суурилаад “Sale’s House” руу шилжмээр байна. Түүнийг би хамтарсан борлуулалт гэж ойлгож байгаа.
Ойрын гурван жилд ашиггүй байгаа жижиг сувгуудыг худалдаж авах хэлэлцээр хөшигний ард явагдаж байгаа юу. Эсвэл та нар хоорондоо нэгдэх үү. Монгол HD, “Боловсрол” хоёр нийлээд нэг төсөл хэрэгжүүлэх гэж байгаа гэсэн. Та нар хоорондоо төвлөрөл хийх хэлэлцээрүүд явагдаж байгаа юу:
Медиа групп, Б.Баярбат: Сонирхол бол байна. Угаасаа ингэж төвлөрөх нь зөв гэж харж байгаа. Барууны жишиг ч гэсэн тийм шүү дээ. 5-6 том компани байдаг. Төрөлжөөд чаддаг чаддаг зүйлээ хийгээд явдаг. Энэ жишиг рүү манайх ойрын үед явна гэж би бодож байгаа. Манай хэрэглэгч нар төрөлжөөд эхэлчихсэн. Өнөөдөр хэрэглэгчдийн 60-70 хувь нь 10-хан телевизийг үзэж байгаа. Хэдий удаан тэсэх вэ дээ. Тиймээс хэдэн маркетингийн компаниуд хэнд нь рекламаа өгөх вэ гэдгээ мэдэж байгаа. Зах зээлийн жишгээр 70 телевиз чинь нэгдэх нь нэгдэж, байхгүй болох нь байхгүй болж, зарагдах нь зарагдаад явна. Энэ бол ойлгомжтой. Магадгүй таван жилийн дараа монголд 6-7 ийм том групп л үүсэх байх. Манай хувьд үйл ажиллагаа аль болох өргөжүүлэхийг хичээж байгаа.
Монгол контент, Г.Гантуяа: Монгол контентын хувьд бид телевизийн сувагтай больё гэж зарчмын хувьд бодож байгаа. Авчих бол амархан. Өнөөдөр ч юм уу энэ сард авчихна. Гол нь гурван жил, таван жилийнхээ төлөвлөлт дээр нэлээд сайн сууж байгаа. Хэрвээ би 3-5 жилд эргэн төлөлтөө нөхөх боломжгүй бол буцаад авахгүй гэдэг шийдвэртээ зогсож болно. Тэгэхээр бизнес талаасаа харж байгаа.
Монгол масс медиа групп, А.Амундра: Ер нь нэмж хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй байгаа. Одоо жишээ нь залуучууд руу чиглэсэн контенттай суваг хов хоосон байна. Гэтэл нэг сая фэйсбүүк хэрэглэгчийн 400 мянга нь тэр 15-23 насны хязгаарт хамрагдаж байна. Бид тэр чиглэл рүү Монгол HD телевизтэй хамтраад хөрөнгө оруулалт хийхээр ярилцаж байна. Мөн үндэсний агуулга бүхий сувгийн телевиз үгүйлэгдэж байна. Монгол бөхийн лиг, хурдан морины бооцоот тэмцээн, хөөрөгний дуудлага худалдаа хэрэгтэй байна. Малын тэжээл зармаар байна. Бидний нийтийн дуу гэж нэрлээд байгаа дуу буцаад модонд орж байна. Тэгэхээр энэ контентууд нийлүүлэлт бага байна. Тэр чиглэл рүү хөрөнгө оруулалт хийхээр ажиллаж байгаа. Зах зээл дээрээс бэлэн суваг, телевиз авья гэхээр өнгөрсөн хугацаанд хийсэн бүх мөнгө, алдагдлыг нийлүүлээд таван тэрбум гэж тоо хэлээд байдаг. Тэр бол бололцоогүй. Телевизийн камер гэхэд л жилийн дараа хэрэгцээгүй болж байгаа. Тэгэхээр юуг үнэлж, яаж худалдаж авах вэ гэдэг их эргэлзээтэй болчихоод байгаа.
“Монголын телевизүүдийн форумын салбар хэлэлцүүлэг “Медиа бизнесийн чиг хандлага ба стратеги” сэдвийн хүрээнд өрнөн, өндөрлөлөө. Хэлэлцүүлэгт “Монгол Контент”, “Монгол Масс Медиа”, “Медиа Групп”, “ТиДиБи Медиа”, “МедиаХолдинг” групп, компаниудын төлөөлөл оролцлоо.
Та бүхний эрхэлж байгаа энэ бизнесийн хамгийн том аюул, хамгийн том боломж нь юу байна:
Монгол масс медиа групп, А.Амундра: Тоглоомын дүрэм тодорхой болохгүй бол, энэ хамгийн эрсдэлтэй байна. Хамгийн том боломж бол зах зээл эерэг хүлээлттэй байна. Зах зээл өсөхөөр харагдаж байна. Контентын асар их нийлүүлэлт хийх боломж байна. Манай монгол залуус хүний нөөцийн хувьд гайхамшигтай мундаг болж байна.
Монгол контент, Г.Гантуяа: Аюул нь манай салбарынхан өөрсдөө нэгдэж нэгдсэн зарчим нэгдсэн тоглоомын дүрмээр тоглохгүй байгаад байна. Магадгүй миний харж байгаагаар 70 телевизийн бидний ярьж байгаагаар жижиг телевизээр нэг удаагийн том хөрөнгө оруулалт хийгээд мундаг том шоу хийж болно шүү дээ. Үүнийг чадахгүй гэж зүйл байхгүй. Гол нь тэнд арай гэж нэг хөрөнгө оруулалт хийж байтал жишээ нь би 1000-аар юм хийж байтал Ука 500-гаар өгөөд Амундра 100-гаар өгч бид зүгээр л бие биенээ алсаар байна. Аюул бол ийм л байна. Боломж нь тасралтгүй 3-5 жил хөрөнгө оруулаад байвал зах зээлийн шалгаралаар өөрсдөө гарах нь гараад явчих байх. Харин таван жилийн цаана гэрэл харагдах болов уу гэж бодож байна.
Блүүмберг телевиз, Э. Долгион: Манайд хамгийн том эрсдэл бол одоогийн түвшнээ хадгалах хамгийн хэцүү байх болов уу. Магадгүй энд сууж байгаа бүх сувгуудаас манайх хамгийн бага үзэгчтэй байх. Гэхдээ чанар яривал хамгийн сайн байх. Яагаад гэвэл нийт үзэгчдийн тал хувь маань судалгаагаар эдийн засагт хамгийн их мөнгө зарцуулдаг групп. Хоёрдугаарт хурдны асуудал. Зах зээл дээр ямар нэгэн мэдээлэл гарлаа гэж бодоход нэг минут 26 секундын дараа эфирт шууд түлхэхгдэж байдаг ийм боломжтой. Энэ хугацаа үйл ажиллагааны жигдрэл, үзэгчдийн төвлөрөл энэ бүгдийг хадгалах л хамгийн чухал.
А.Баярбат: Телевизийн салбар гурван жилийн дараа нэлээд аятайхан болох болов уу гэж найдаж байна. Технологи бидэнд маш их боломжийг гаргаж байгаа. Жишээлбэл, IP телевиз дээрээс бидэнд хоёр хоногт 250 сая төгрөг олох боломжийг технологи олгож байна. Энэ боломж улам нэмэгдэж байгаа. Цаашдаа шинэ зүйл гаргах боломж маш их байгаа. Зовлонгийн хувьд оюуны өмч гэдэг ганц зүйлийг хэлмээр байна. Энэ асуудлыг шийдчих юм бол энэ салбарын дийлэнх асуудал шийдэгдчихнэ гэж бодож байна.
Медиа Холдинг ХХК, П.Баттөр: Боломж бол байгаа. Одоо байгаа контентоо улам их сайжруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж байгаа. Дахин өөр шинэ контент эдийн засгийн эргэлтэд оруулах боломж байгаа учраас боломж бол хязгааргүй. Харин бэрхшээл бол салбарын зохицуулалт юм.
Бүгд телевиз, сонин, сайттай байна. Зах зээл дээр давамгай байдал бий болгохыг хүсч байгаа ч эдийн засгийн хэцүү циклд орчихлоо. Ойрын гурван жилд ч гэдэг юм уу, жижиг телевизүүдийг худалдаж авах гэсэн асуудал хөшигний цаана явагдаж байгаа юу? Мөн Боловсол телевиз Монгол телевизтэй хамтарч ажиллах гэж байгаа гэх мэдээлэл бий:
А.Баярбат: Сонирхол бол бий. Энэ жишиг рүү гадныхан орсон. Массын 60-70 хувь нь 10 орчим телевизийг үзэж байгаа.
Б.Гантуяа: Авах бол амархан. Гэхдээ 3-5 жилийнхээ төлөвлөгөөг зурж байгаа. Бизнес талаасаа л харж байна.
А.Амундра: Нэмж хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй байгаа. Залуучууд руу чиглэсэн телевиз ховор байгаа. Тэр чиглэл рүү Монгол телевизтэй хамтарч ажиллахаар ярилцаж байна. Мөн хөөрөгний дуудлага худалдаа, малын тэжээл зарах, нийтийн дуу зэрэг чиглэлүүд рүү хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байгаа. Жижиг телевиз худалдаж авна гэдэг бас олон талын эрсдэлтэй. Камер нь л гэхэд жилийн дараа хэрэггүй болох жишээтэй.
“Монголын телевизүүдийн форум 2017” үргэлжилж байна. Яг одоо салбар хэлэлцүүлэг үргэлжилж байгаа бөгөөд “Медиа бизнесийн чиг хандлага ба стратеги” сэдвийн хүрээнд өрнөж байна. Хэлэлцүүлгийн ярилцлагыг бид хүргэж байна.
Та бүхний харж байгаагаар одоогийн нөхцөл байдал ямар байна вэ:
Монгол масс медиа группийн гүйцэтгэх захиарал, А.Амундра:
Дүрэмгүй л яваад байна. Өөдрөг хүлээлт байгаа хэдий ч орлого хуваарилалт талдаа дүрэмтэй болох хэрэгтэй. Бид сохор яваад байна.
Монголконтент группийн гүйцэтгэх захирал, Б. Гантуяа:
Телевизийн төрлийн контент руу бид энэ жилээс орно. Гадны контент худалдаж авбал бизнесийн талаасаа ашиггүй ч гэлээ салбар болоод хүний нөөц туршлагажина. Бид судалгаа хийсний үндсэн дээр төрөлжих нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс манайх хүүхдийн контент тал руугаа илүү төрөлжиж байгаа. Хүүхдийн контентын дүрийг алдартай болговол эцсийн хэрэглэгчээс орлого олдог загварыг туршиж үзэх гэж байна. Түүнээс биш рекламын орлогоор цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.
Блүүмберг телевиз, Э. Долгион:
Манайх урьд нь хоосон байсан орон зайг нөхөж гарч ирсэн. Одоогийн нөхцөл байдлаар бидэнд анзаарагдаж байгаа зүйл бол медиа компаниуд илүү компанийн засаглалаа сайжруулах хэрэгтэй юм шиг санагдаж байна. А.Амундра захирлын ярьдаг үнэн. Дүрэмтэй байх ёстой. Б.Ганчимэг захирлын ярьж байгаа ч үнэн. Гэхдээ медиа компаниуд өөрсдөөсөө эхлэх ёстой. Үйл ажиллагаа нь жигд байх, аудитаар оруулах зэрэг жижиг зүйлээс ч гэсэн эхлэх хэрэгтэй.
Та нарын бизнес ашигтай байгаа юу:
А.Амундра: Ер нь ашигтай байгаа. Ийглийн хувьд алдагдалтай байдаг. Хүүхдийн суваг бол цэвэр нийгмийн хариуцлага. Гэхдээ манайд мөнгө олдог хэдэн суваг бий. Гол юм нь татварын орчин, оюуны өмчийн орчин өөрчлөгдөөд байна.
Б.Гантуяа: Манайх олон сувагтай. Хэвлэл мэдээллийн хувьд Gogo.mn-ийн орлого буурсан. Үүнд сошиал нөлөөлж байгаа. Вэб сайтын хувьд цаашид рекламаараа үйл ажиллагаа явуулахад хэцүү болсон.
Э.Долгион: Манай хувьд балансаа бариад явдаг. Шалтгаан нь олж байгаа ашиг болгоноо эргээд контент бүтээх, боловсон хүчиндээ зориулж байна.
Медиа групп, А.Баярбат: Манай хувьд ашигтай ажиллаж байгаа. Ашгийн хувьд хамгийн өндөр нь NTV телевиз байна. Гэхдээ хамгийн уналттай суваг нь хэвлэмэл бүтээгдэхүүн. Телевизийн хувьд орлого нь тогтворжчихсон хэрнээ өсөхгүй байгаа.
“Монголын телевизүүдийн форум 2017” хөтөлбөр:
09.00-09.10 Нээлтийн үг: МТЧ Гүйцэтгэх захирал М.Уламбадрах
09:10 – 09:40 Шигтгээ үг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Р.Эрдэнэбилэг, Харилцаа холбооны зохицуулах хорооны Дарга С.Адъяасүрэн
09:40 – 10:00 “Монголчууд юу үзэж байна?” – танилцуулга Максима Медиа, Я.Хишигсүрэн, Кантар Медиа, Ник Бурфит
10:00 – 11:00 Салбар хэлэлцүүлэг “Медиа бизнесийн чиг хандлага ба стратеги” Монгол Контент, Монгол Масс Медиа, Медиа Групп, ТиДиБи Медиа, МедиаХолдинг
11:00 – 11:15 “Бизнесийн загвар” – танилцуулга Райтсин, Рэй Юнг
11:15 – 11:30 Кэйс танилцуулга: “Гэр контент” ХХК Гүйцэтгэх захирал А.Амундра
11:30 – 12:15 Салбар хэлэлцүүлэг “Маркетерууд юу хүсч байна? Мобиком, АПУ ТРЕЙДИНГ, Таван Богд, Кока Кола, Хаанбанк
12:15 – 13:15 Өдрийн хоол
13:15 – 13:30 “MIPPA байгууллагын танилцуулга” Б.Чинзориг
13:30 – 13:45 Технологийн шийдлүүд танилцуулга МедиаПро, С.Сүхбаяр
13:45 – 14:45 Салбар хэлэлцүүлэг “Продакшн яриа” Hero Entertainment, On & Off ,TJ Entertainment, , Хүрээлэн төсөл, Ц.Оюундарь
14:45 – 15:00 “МҮОНРТ” танилцуулга Л.Нинжжамц
15:00 – 15:20 Кофе завсарлага
15:20 – 15:35 “Өргөн нэвтрүүлгийн бодлого” – Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар
15:35 – 16:45 Нүүдэл Шийдэл – “Монголын Телевизүүдэд хууль хэрэгтэй юу?” телевизийн мэтгэлцээн
16:45 – 17:00 Хаалтын үг: МТЧ ТУЗ-ын дарга Ч.Номин
Контентын үзэсгэлэн, ивээн тэтгэгчийн танилцуулга 12:30 – 17:30 цагийн хооронд болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Чайна Датанг” групптэй агаарын бохирдлын чиглэлээр хамтран ажиллана

Монгол Улсын
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНХАУ-ын “Чайна Датанг” группийн ерөнхийлөгч
Чэн Жинхангтай тэргүүтэй төлөөлөгчдийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч
уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд
Ж.Эрдэнэбат, өнгөрсөн оны есдүгээр сард Монгол Улсад айлчилсан БНХАУ-ын Ерөнхий
сайд Ли Көцяны айлчлалын үеэр манай хоёр улс бүс нутгийн эрчим хүчний эх үүсвэр
барих төслийг хамтарч хэрэгжүүлэх талаар ярилцсан, манай Засгийн газар мөн
эрчим хүч, дулааны чиглэлд БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг дэмжих болно гэдгээ
илэрхийлэв.

Тус групп нь
БНХАУ-ын Бээжин хотын дулааны болон эрчим хүчний хэрэгцээний ихэнхийг хангадаг
төрийн өмчит компани бөгөөд манай улсын эрчим хүч, дулааны салбарт хөрөнгө
оруулах, хамтарч ажиллах сонирхолтой
буйгаа илэрхийлэв. Түүнчлэн нүүрснээс шингэн түлш боловсруулах болон агаарын
бохирдлыг бууруулах төсөлд тус гурпп
нэлээд туршлагатай бөгөөд технологи нь утаанаас ялгарах хорыг хамгийн бага төвшинд
барьж байгаа учраас Бээжингийн утааг бууруулах төсөлд оролцож буйгаа
танилцуулав.

Ерөнхий сайд
Ж.Эрдэнэбат “манай улсын агаарын бохирдлын цөм нь гэр хорооллын утаанаас
үүдэлтэй. Бидэнд гэр хорооллын цахилгаан
эрчим хүчний сүлжээг өргөтгөх, эх үүсвэрийн найдвартай байдлыг хангах болон
дулааны шугам татах зэрэг цогц төсөл хэрэгтэй. Ийм цогц төсөл байвал хамтран
ажиллах талаар судалж болох юм” гэлээ. Мөн тэрээр агаарын бохирдлыг бууруулах
чиглэлийн, дээр нь танайх шиг туршлагатай компанийн төсөлд гадаад зах зээлээс санхүүгийн эх үүсвэр, хөрөнгө оруулалт татах
боломжтойг онцлов.

“Чайна
Датанг” группийн ерөнхийлөгч Чэн Жинхангтай Монгол Улсын Ерөнхий сайдын
хэлсэнчлэн Улаанбаатарын утааг буурлахад чиглэсэн цогц төсөл боловсруулж санал
болгохоо илэрхийллээ гэж Засгийн газрын
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Баянзүрх дүүрэгт ажиллалаа

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр нийслэлийн Баянзүрх
дүүргийн 10, 21 дүгээр хороодод ажиллалаа. Дүүргийн 10 дугаар хорооны
1б, 1в хэсгийн Долоон булагт хэмээх газарт үүссэн нөхцөл байдалтай газар
дээр нь очиж танилцав. Сүүлийн 2 жилийн хугацаанд голын гольдрол, булаг
шандад шороо асгаж зөвшөөрөлгүй 33 айл бууснаас дээрх хэсгийн зарим айл
өрх усанд автаад байгаа юм.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дүүргийн Засаг даргын Тамгын
газар, дүүргийн Онцгой комисс, Нийтлэг үйлчилгээний газрууд /НҮГ/,
хороод хамтран 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн өнөөдрийг
хүртэл ажиллаж байна. Одоогоор нийт 22 албан хаагч тусгай зориулалтын
ачааны машин 3, ковш 2, Шуурхай албаны машин 1, экскаватор 1, нийт 7
техник хэрэгсэлтэй ажиллаж 414 рейсээр 3312 м3 мөсийг зөөвөрлөж 15,1 сая
төгрөгийн зардал гараад байгаа юм.

Мөн Улсын онцгой обьект болох Амгалан дулааны станц руу ус орохоос
урьдчилан сэргийлж, хойд талд нь 4 м урттай, 2 м өндөртэй, 2 м өргөнтэй
шороон далан босгож хамгаалалт хийсэн. Түүнчлэн нийтийн эзэмшлийн зам
талбай мөсөөр хучигдсаны улмаас мөс цөмрөх, унах эрсдэл үүссэн тул нийт 6
цэгт сэрэмжлүүлэг самбар байршуулаад байна. Зөвшөөрөлгүй буусан айл
өрхүүдэд дүүргийн газрын алба, Онцгой комиссоос мэдэгдэх хуудас болон
шаардах хуудсыг дахин хүргүүлсэн.

Тухайн хэсэгт өнөөдрийн байдлаар газар эзэмшиж байгаа болон өмчилсөн
20 орчим айл тодорхой хэмжээгээр усны халиа хашаанд нь орж өртсөн
байгаа. Мөн Амгалан орчмын 8, 10, 12 хорооны төв зам, төмөр зам болон
айл өрх, аж ахуйн нэгжүүд шар усны үерт автах эрсдэл үүсээд байна.
Түүнчлэн Улсын Онцгой обьект болох Амгалан дулааны станц усанд автах
аюултай байгаа юм.

Иймд зөвшөөрөлгүй буусан 33 айлыг албадан нүүлгэх зардлыг гаргах,
тухайн газар нутгийг хамгаалалтын бүст оруулж, нэмэлт далан суваг,
тохижилтын ажил хийх, үерийн далангийн хуучин гольдролыг яаралтай
сэргээн засварлахад шаардлагатай хөрөнгө мөнгийг шийдвэрлэхэд дэмжлэг
хэрэгтэй байгааг дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа хэлж байв. Мөн Шадар
сайд дүүргийн 21 дүгээр хороонд ажиллаж, шар усны үерт автдаг газруудтай
танилцаж, холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өглөө хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нулимс асгаруулагч хий ашигласан хэргээр БЗД-ийн Цагдаагийн даргыг ажлаас нь халжээ

Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилсон асуудал араасаа бөөн шуугиан дагуулж АН-ын ИТХ-ын төлөөлөл жагсаал хийн эсэргүүцлээ илэрхийлж байсан цаг саяхан. Тэгвэл энэ үймээний үеэр жирэмсэн эмэгтэйчүүд рүү цагдаагийн алба хаагч нулимс асгаруулагч хий ашигласан хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөрийн тушаалаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Улмаар Ж.Батбаатарын оронд ЦЕГ-ын Лизенцийн төвийн дарга, хурандаа Г.Эрдэнэцацралыг томилсон байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Амжилт гаргасан албан хаагчдыг шагналаа

Зэвсэгт хүчний 96 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад олон жил үр бүтээлтэй,
амжилт гарган ажилласан албан хаагчдыг төрийн дээд медалиар шагнаж
урамшуулан, цол олгох үйл ажиллагааг зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн Гавьяаны Улаан тугийн одонгоор Гамшиг
судлалын хүрээлэнгийн Гамшиг судлалын төвийн дарга, хошууч генерал
П.Даш, ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа
Л.Болдбаатар, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа
С.Залуухүү, НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд
хурандаа Л.Цэрэндаваа,

Цэргийн Гавьяаны одонгоор Аврах тусгай ангийн
Сургалт соёл хүмүүжлийн ажил хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч
С.Батдалай, ХСИС-ийн ХСУА-ийн профессор, хурандаа Г.Буянтогтох, Аврах
тусгай ангийн ахмад ажилтан, Ч.Бат-Өлзий, Үндэсний аюулгүй байдлын
зөвлөлийн Онцгой байдал хариуцсан орон тооны бус шинжээч, Ш.Болдбаатар,
Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Онцгой байдлын хэлтсийн Ерөнхий
зохицуулагч, хурандаа Д.Ганболд, Нийслэлийн Онцгой байдлын газрын
нийслэлийн Аврах анги-105-ын шуурхай салбарын хүний их эмч, хошууч
Х.Энхбат,

“Алтан гадас одон”-гоор Хүнсний нөөцийн салбарын
барааны нярав, ахлах ахлагч Г.Аравжих, Аврах тусгай ангийн ахлах нягтлан
бодогч, дэд хурандаа Г.Батбаатар, Аврах тусгай ангийн ахмад ажилтан,
Л.Цэцэгмаа,

“Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Б.Эрдэнэцэцэг,

“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Аврах тусгай ангийн
Эрэн хайх аврах салбарын аврах багаж хэрэгслийн техникч, ахмад
Д.Батболд, Аврах тусгай ангийн үйлчлэгч, Ж.Мөнхцэцэг, Объект-03 салбарын
нярав, ахлах ахлагч Л.Нямсүх, өвсний нярав, ахлах ахлагч Ч.Амгалан,
Хүнсний нөөцийн салбарын харуул Р.Чулуунбаатар,

“Цэргийн Хүндэт медаль”-аар ОБЕГ-ын Гамшгийн
шуурхай удирдлагын газрын мэргэжилтэн, хошууч Б.Ганболд, Гамшиг
судлалын хүрээлэнгийн нягтлан бодогч, дэд хурандаа Н.Бадамханд, Гамшгийн
туршилт шинжилгээний төвийн дарга, дэд хурандаа Д.Баян-Эрдэнэ, Аврах
тусгай ангийн Агаарын ажиллагааны мэргэжилтэн, ахмад Г.Ганжигүүр, Эрэн
хайх, аврах тусгай салбарын дарга, ахлах дэслэгч Т.Баяраа, Хөгжмийн
тусгай бүлгийн дарга, ахлах дэслэгч М.Баясгалан, Шүхэр, шүхрийн дагалдах
хэрэгслийн техникч, ахлах дэслэгч Ж.Гантулга, Техникийн тусгай бүлгийн
аврагч-жолооч, ахлах ахлагч Л.Нямдаваа, Холбооны тусгай бүлгийн
аврагч-холбоочин, ахлах ахлагч Ж.Отгонтуяа, Тусгай чиг үүргийн салбарын
аврагч-химичин, ахлах ахлагч Ц.Оюунбат, бүлгийн дарга, ахлах дэслэгч
С.Энхболд, НОБГ-ын Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас
хамгаалах төлөвлөлт, бэлэн байдлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн,
ахмад Т.Ичинноров, Төрийн ордоны гамшгаас хамгаалах албаны гал сөнөөгч,
ахлах ахлагч Д.Мягмардорж, Хангалт үйлчилгээний ангийн, шуурхай ажлын
автомашины жолооч, ахлах ахлагч Р.Батбэх, Хангалт үйлчилгээний ангийн,
шуурхай ажлын автомашины жолооч, ахлах ахлагч Т.Бат-Эрдэнэ, Хангалт
үйлчилгээний ангийн шуурхай ажлын автомашины жолооч, ахлах ахлагч
П.Отгонбаатар, Давтан сургалт, сэргээн заслын төвийн дарга, онцгой
байдлын хурандаа Д.Сүхбат, ахлах нягтлан бодогч, ахлах дэслэгч Ц.
Бямбацогт, эмч, хошууч Л.Мөнхбаатар,

“Шударга журам медаль”аар Аврах тусгай ангийн
усчин-аврагч, ахлах ахлагч Б.Баатар, Агаарын ажиллагааны салбарын
шүхэрчин-аврагч, ахлах ахлагч Б.Ганбаатар, ахлах ахлагч Г.Түмэнбаяр,
Техникийн тусгай бүлгийн аврагч-жолооч, ахлах ахлагч Б.Даваасамбуу, Эрэн
хайх аврах салбарын аврагч, ахлах ахлагч П.Манлайбаатар, НОБГ-ын Онцгой
байдлын газрын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах,
аврах 63 дугаар ангийн ангийн салааны захирагч, дэслэгч Л. Бат-Ирээдүй,
аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Т.Батбаяр, аврагч-гал сөнөөгч, ахлах
ахлагч Э.Чандмань-Эрдэнэ, Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн
салааны захирагч, дэслэгч Ө.Ууганжаргал, аврагч гал сөнөөгч, ахлагч
ахлагч Б.Ганбат, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал
түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах
ахлагч У.Мөнх-Эрдэнэ, салааны захирагч, ахлах
дэслэгч Э.Энхбаяр, аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч У.Ууганбаяр, НОБГ-ын
Төрийн ордны галын албаны гал сөнөөгч ахлах ахлагч С.Жанузак, Төрийн
ордны Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Ц.
Мөнхбаатар нарыг шагналаа.

Мөн Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Онцгой байдлын асуудал
эрхэлсэн байгууллагад олон жил идэвх зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж
байгаа зарим албан хаагчдыг Онцгой байдлын ерөнхий газрын даргын
тушаалаар шагнаж урамшуулав. Үүнд:

Онцгой байдлын ерөнхий газрын “Жуух бичиг”-ээр ОБЕГ-ын
Гамшгийн шуурхай удирдлагын газрын радио холбоо, зарлан мэдээллийн
систем хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Ч.Лхамжав, Хангалт
үйлчилгээний ангийн Шуурхай ажлын автомашины хэсгийн дарга, ахлах
дэслэгч Д.Бадрах, АТА-ын Сургалт, соёл хүмүүжлийн албаны аврах
ажиллагааны мэргэжилтэн, ахлах дэслэгч Н.Цоггэрэл нарын 45 албан
хаагчийг, Онцгой байдлын ерөнхий газрын “Баярын бичиг”-ээр Хангалт
үйлчилгээний ангийн тавиулангийн жижүүр Н.Баасанхүү, Аврах тусгай
ангийн Холбооны тусгай бүлгийн аврагч-холбоочин, ахлах ахлагч Э.Золзаяа,
мөн ангийн Холбооны тусгай бүлгийн аврагч-холбоочин, ахлах ахлагч
Ц.Бямбасүрэн нарын 39 албан хаагчийг, Онцгой байдлын ерөнхий газрын “Сайшаалын үнэмлэх”-ээр Гамшгийн
шуурхай удирдлагын газрын тэсэрч дэлбэрэх бодисын аюулыг арилгах
асуудал хариуцсан мэргэжилтэн, хошууч Б.Ганболд, Гамшгийн шуурхай
удирдлагын газрын мал, амьтны өвчлөл хариуцсан мэргэжилтэн, дэслэгч
М.Мөнгөнбаръяа, Хүнсний нөөцийн салбарын нөөцийн барааны нярав, ахлагч
Д.Алтансүх нарын 46 албан хаагчийг, “Онцгой байдлын албаны төлөө 1 дүгээр зэргийн тэмдэг”ээр Нийслэлийн
Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа
Н.Нямхорлоо, Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн,
дэд хурандаа Э.Эрдэнэбаатар, ТЭЦ-3” Дулааны цахилгаан станцын туслах
байцаагч, ахлах ахлагч Н.Мөнхнасан нарын 37 албан хаагчийг, “Онцгой байдлын албаны төлөө-2 дугаар зэргийн тэмдэг”-ээр Хангалт,
үйлчилгээний ангийн шуурхай ажлын автомашины жолооч, ахлах ахлагч
Ц.Эрдэнэбаатар, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах
ангийн аврагч жолооч-холбоочин, ахлах ахлагч З.Батсуурь, мөн аймгийн
Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн
аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Ц.Гансүх нарыг тус тус шагналаа.

Түүнчлэн Монгол цэргийн өдрийг тохиолдуулан зарим албан хаагчдад цэргийн цол олгов. Үүнд:

Хугацааны дэд хурандаа цолыг ОБЕГ-ын Хяналт
шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн санхүүгийн хяналт дотоод
аудит хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Х.Диймаа, НОБГ-ын Захиргааны
удирдлагын хэлтсийн хяналт шинжилгээ, үнэлгээ, сахилга, ёс зүй хариуцсан
ахлах мэргэжилтэн, хошууч Д.Оюунбат нарт, Хугацааны хошууч цолыг НОБГ-ын
нийслэлийн Аврах анги-105-ын Эрэн хайх, аврах салбарын дарга, ахмад
Т.Дөл, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын
хяналтын ахлах байцаагч, ахмад Д.Бат-Эрдэнэ, Багахангай дүүргийн Онцгой
байдлын хэлтсийн орлогч, гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал
хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах байцаагч, ахмад Т.Ичинноров нарын 7
албан хаагчид, Хугацааны ахмад цолыг Сэлэнгэ аймгийн
Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61
дүгээр ангийн гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч
Ц.Идэш, Хугацааны ахлах дэслэгч цолыг Гамшгийн шуурхай
удирдлагын газрын цахим мэдээлэл, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн,
дэслэгч О.Төмөртулга, Гамшгийн шуурхай удирдлагын газрын автоматжуулалт,
холболтын тоног төхөөрөмжийн инженер, дэслэгч Б.Болдхүү, 3. Гамшгийн
шуурхай удирдлагын газрын удирдлага зохицуулалтын асуудал хариуцсан
мэргэжилтэн, дэслэгч М.Пүрэвжав нарын 17 албан хаагчид, Хугацааны ахлах ахлагч цолыг Гамшиг
судлалын хүрээлэнгийн шалган нэвтрүүлэгч, ахлагч Я.Булганбаяр,
Улаанбаатар хот дахь Объект 03 салбарын тэжээлийн нярав, ахлагч Д.Лувсан
нарт, Хугацааны ахлагч цолыг “Аврагч” биеийн тамир
техник-спорт хорооны архив, бичиг хэргийн эрхлэгч, дэд ахлагч
Ж.Мөнгөнчимэгт, Шинээр офицерын бүрэлдэхүүнд оруулж дэслэгч цолыг Аврагч
биеийн тамир техник-спорт хорооны дасгалжуулагч А.Золжаргал, НОБГ-ын
Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нягтлан бодогч В.Ундрам,
Давтан сургалт, сэргээн заслын төвийн зүрх судас, доторын эмч Т.Үлэмж
нарын 8 хүнд, шинээр ахлагчийн бүрэлдэхүүнд оруулж дэд ахлагч цолыг Сэлэнгэ
аймгийн Онцгой байдлын газрын бичиг хэрэг, архивын эрхлэгч Э.Нармандах,
Төв аймгийн Онцгой байдлын газрын нярав Б.Цэнд-Очирт, Хугацааны өмнө дэд хурандаа цолыг НОБГ-ын
Захиргааны удирдлагын хэлтсийн хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах
мэргэжилтэн, хошууч С.Содонтуяа, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн
орлогч, гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах
мэргэжилтэн, ахлах байцаагч, хошууч Л.Чинбат нарт, Хугацааны өмнө хошууч цолыг Улсын
нөөц хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, ахмад Я.Гантөмөр, Гамшгийн
шуурхай удирдлагын газрын байгаль орчин, цаг уур, экологийн асуудал
хариуцсан мэргэжилтэн, ахмад Ч.Туяа, Дорноговь аймгийн Онцгой байдлын
газрын дарга, ахмад Л.Тамир нарын 8 албан хаагчид, Хугацааны өмнө ахмад цолыг Санхүү,
хангалт, хөрөнгө оруулалтын газрын мөнгөн хөрөнгө, тайлангийн нэгтгэл
хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Нямдорж, НОБГ-ын Чингэлтэй
дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар
ангийн орлогч, ахлах дэслэгч А.Батмөнх нарын 10 албан хаагчид, хугацааны
өмнө ахлах дэслэгч цолыг Гамшгийн шуурхай удирдлагын
газрын холбоо зохион байгуулалт, бэлэн байдал хариуцсан мэргэжилтэн,
дэслэгч С.Өнөрсайхан, Уул уурхайн аврах ангийн ерөнхий инженер, дэслэгч
Ч.Бямбабат, НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын
хяналт /жижүүр/-ын байцаагч, дэслэгч Б.Цэдэнсодном нарын 12 хүнд
олголоо.

Зэвсэгт хүчний 96 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан
төрийн дээд одон медаль, шагнал урамшуулал хүртэж, цол нэмсэн албан
хаагчиддаа болон нийт Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүндээ ажлын
өндөр амжилт, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.