Categories
мэдээ цаг-үе

Л.Хөсрий: Халхаас нүүж очсон дүрвэгчдийг Сөнөдийнхөн “Та нарыг самбай барьж залж авчраагүй, саваа барьж тууж ирээгүй” гэж хөөж туудаг байсан гэдэг

Ардын хувьсгал ялснаас хойш арав гаруй жилийн хойно ард түмнийг хилс хэрэгт үй олноор нь хэлмэгдүүлсний улмаас хилийн чинадад дүрвэн гарцгаах болсон байдаг. Хэлмэгдүүлэлт эхлэхэд айж цочирдсон ард иргэд, тэр дундаа зах хязгаар нутаг хилийн дагуу аж төрж байсан олон айл өрх хил даван дүрвэж гарсан бөгөөд түүхийн сурвалж бичигт долоон мянга гаруй өрх, гуч гаруй мянган иргэн эх орноо орхин гарсан гэж тэмдэглэсэн байдаг. Тэр үеийн амьд гэрч болсон цөөхөн хүний нэг Говийн тайжууд овогтой Лувсангийн Хөсрий гуайтай уулзаж хөөрөлдлөө.


-Таныг өнгөрөгч зууны гучаад оны үед Өмнөд Монголд дүрвэж гараад хожим эх орондоо орж ирсэн сонин хувь заяатай хүн гэж сонсоод сурагласаар ирлээ. Та энэ талаараа яриач!
-Гучаад оны ээдрээтэй тэр цаг үед одоогийн Өмнөговь аймгийн Их, Бага Шанхай, Цогтцэций, Ханбогд орчмоор нутаглаж байсан малчин ардууд төрсөн нутгаа орхин Ловон багшийг даган дүрвэн нүүсэн гэдэг. Тэдний дотор тайж язгуур угсаанаасаа айсан манай аавын авга ах Хорол тайж, Аньд тойн, төрсөн ах Бариад, Жамбал, Анахүү нар айл хотлоороо Өмнөд Монголын баруун Сөнид хошуунд очиж суурьшаад арван таван жил болж, харин аавын авга эгч нар нүүлгүй нутагтаа үлдсэн гэдэг. Баруун Сөнөдөд нүүж очиход анхандаа буурь засах бууц ч олдохгүй, нутгийн айлууд ч “Та нарыг самбай барьж залж авчраагүй, саваа барьж тууж ирээгүй” гэж загнан хөөж туудаг байсан ч угсаа нэгт монголчууд болсон хойно аажимдаа дасацгаасан гэдэг. Нүүж очсон айлууд эхэндээ нөмөр даган бууж, намар орой болоход ханан хороо барьж хонио хотлуулан, шар хондонд өвөлжөөд, дараа жилээс нь тэндээ бууж бууцжуулсаар байран өвөлжөөтэй болсон байдаг. Мөн усны судалтай газрыг шинжин олж худаг гарган, буух бууц, уух устай болцгоосон байна. Өмнөд монголчууд их ажилсаг улс болохоор хөрзөнгөөр жан цохьж өндөр сайхан хороо барьдаг, чононоос хонио хамгаалж хорооны дээгүүр төмөр утас татдаг байсныг аав ээж маань ярьдаг байлаа.
-Таны аав хэн гэж хүн байв?
-Миний аавын өвөг дээдэс үе залгамжилсан тайж язгууртай Говь Шанхай нутгийн хүмүүс байсан юм билээ. Аавын өндөр өвөг Анч дөрвөн хүүтэй байснаас миний өвөө Даш отгон хүү нь. Миний өвөө Даш малын эрэлд явж байгаад гэртээ иртэл хань нь хөхөө ил гаргаад уяатай хүүгийнхээ дэргэд нас барсан байж. Найман хүүхэдтэй айлын отгон хүү, аав Лувсан минь тэгэхэд гуравхан настай, бурхан болооч ээжийгээ хөхчихсөн, ах эгч нар нь тойроод уйлалдаад сууж байсан гэдэг. Дашийн эхнэр тэр өдөр саахалт айлын хүнтэй хээр таарахдаа “Түлхээгийн энгэрээр хонио эргүүлж явтал нэг том шувуу нисэж ирээд алгадчихлаа, бие их муу байна. Харьж муу хүүгээ хөхүүлж чадах нь уу, үгүй юу” гэж толгой нь гилжийгээд царай муутай явсныг өвөөд хэд хоногийн дараа нөгөө хүн хэлсэн байгаа юм. Даш өвөө хүү Лувсангаа таван нас хүрэхэд “Миний хүү том болж, одоо айлд очиж ажил хийж амь зуух хэрэгтэй” гэж хэлээд нутгийн олон малтай баян айл болох Хар Бүтэд гэдэг хөгшнийд аваачиж өгөөд “Аав нь хүүгээ эргэж ирж байнаа” гээд явснаас хойш ахин уулзаагүй юм гэдэг.
-Аав чинь айлд зарцаар очжээ дээ?
-Хар Бүтэд хөгшнийд ирснээсээ хойш аав Луузанхүү гэж дуудагдах болж. Бүтэд хөгшин өнчин хүүд өвлөөс бусад улиралд дулаан хувцас өмсгөдөггүй, хөл нүцгэн хурга хариулуулдаг байсан гэдэг. Хонинд хөл нүцгэн явсаар идээлж, гишгэх аргагүй болсон байхад эзэн авгай “Хонинд чоно орууллаа” гэж аашилж загнан гадаа хонуулдаг байсан тухай аав минь хожим хуучлахдаа нүдэндээ нулимстай суудаг сан. Аав минь “Эр бор харцага”, “Өвгөн шувуу”-г эрвэлзтэл сайхан дуулдаг, шагайн харваан дээр уухайг маш сайхан хийдэг хүн байсан. Аавын шагайн бүрэн хэрэглэл хожуу болтол хадгалагдаж байлаа. Аав минь бага байхдаа зарагдаж байсан бас нэг баян өндөр Борын зээ охин Эрэнжавыг арван есөн настай байхад гучин дөрөвтэйдөө ёс төрлөн авч айл гэр болсон юм билээ.
Ээжийнхээ тухай ярих зүйл их л байгаа даа?
-Намайг төрүүлсэн ээж Төмөр эмээ дээрээ өсөөд нутгийн Доржсэмбэ гэдэг хүнтэй сууж гурван хүүхэд төрүүлэн сайхан амьдарч байжээ. Тэгтэл зэвсэглэсэн гамин цэрэг Монголоос хөөгдөн буцаж явахдаа манай нутгаар дайран ачаа хөсөгтэй цувж, замд таарсан айлуудын мал хөрөнгө, эд юмсыг тонон дээрэмдэж, эсэргүүцсэн хүнийг барьж хороож байж. Тэр үед Доржсэмбийнх тэргүүтэй хэдэн айл гэрээ орхин ойр зуурын юмаа тэмээнд ачаалаад, гамингийн хөлөөс зайлахаар дүрвэж нүүхдээ хүүхдүүдийнхээ томыг ачаан дээр суулгаж, хоёр бага хүүхдээ өөжинд хийж тэмээнд тэгнэн дээсээр даруулж явжээ. Тэд хөдлөөд Шанхайн уулын бэрхэд гарахаар явж байгаад Хэцүү агуйд буудаллаад байсан гамингууд дээр мэдэлгүй орчихож. Гэнэт гарч ирсэн ачаа хөсөгтэй улсыг хараад сандарсан гамингууд өөдөөс нь буу тавьж, айлын эрчүүд буудалцах үеэр ачаан дээр суусан хүүхэд суманд оногдож, сэгстэй тэмээ нь туйлан ачаагаа тарааж шидлэхэд өөжинд явсан хүүхдүүд нь газар дээрээ үрэгдэж, эрчүүдийн зарим нь баригдаж, зарим нь шархтаж тарж бутран сүйд болсон юм билээ.
-Ёстой нэг гай газар дороос гэдэг болж дээ, зайлуул…
-Яриад яахав. Ингэж ээж минь гурван нялх үрээ нэг дор алдаж сэтгэлийн гүн зовлонд унан, ёстой л дээлтэйгээ хатна гэгч болж байсан гэдэг. Түүнээс хойш дахин дөрвөн хүүхэд төрүүлсэн ч нэг нь ч тогтоогүй тул аргаа барахдаа нөхөртэйгөө ярилцан тохирч хоёр тийш болоод төрхөмдөө буцан, удалгүй Өмнөд Монголд дүрвэн гарсан байдаг. Тэнд миний эцэг уран Жамбалтай ханилан сууж намайг төрүүлж. Ээж минь залуудаа урт сайхан гэзэгтэй, бүсэлхийгээрээ нарийхан гоолиг биетэй, цагаан царайтай нутагтаа “Сайхан Төмөр” гэгддэг үзэсгэлэнтэй бүсгүй байсан гэдэг. Миний аав Жамбалыг өнгөрсний хойно Онолтын Цэрэндорж гэдэг хүнтэй ханилж Дундговь аймгийн Өлзийт суманд ирж суурьшсан. Би ээжийгээ Өмөө гэдэг байсан юм.
-Та чинь Лувсан гэдэг хүнээр овоглодог байтлаа юун уран Жамбалын охин болоод явчихав аа?
-Би чинь одоогийн манай улсын хилийн цаана төрсөн хүн. Өмөө маань гамингийн хөлд гурван сайхан үрээ үрснээс хойш төрүүлсэн дөрвөн хүүхэд нь тогтоогүй болохоор баруун Сөнөдөд очоод ээжтэйгээ амьдарч байгаад миний өргөж авсан аав Лувсангийн ах Жамбалтай ханилан намайг олсныхоо дараа “Энэ хүүхдийг яаж тогтоох вэ” гэж мэргэн хүнээс асуухад “Дөнгөж төрмөгц нь хулгайлсан болж аваад үрчилж авах айлын сайн зүгт хээр хая. Тэгвэл тогтоно” гэж айлдаж. Ээж намайг төрөхөөс өмнө Утай явж эргэл мөргөл их хийсэн гэдэг. Тэгээд 1937 оны шороон үхэр жилийн намар баруун Сөнөдийн Сээрийн уул гэдэг газар майханд амаржин намайг төрүүлж, Юлтий Сүх боож аваад майхны сүүлэн (хаяа) доогуур “хулгайлан” авч гараад, цаанаас нь авах айл Лувсангийн зүгт аваачиж нэг том бутны өмнө шороо хонхойлж тавиад элс шороогоор манаж орхижээ.
-Та Хөсрий гэсэн их содон нэртэй хүн юм аа?
-Тэр их учиртай хүү минь. Намайг төрөх үед өргөж авах ээж Эрэнжав маань нөгөө майхны зүг өдөр бүр ширтэн хүлээж суудаг байсан гэдэг. Нэг өдөр майхны гаднаас нэгэн өндөр хүн жижигхэн юм барьсаар гэрийг нь зүглэн явсаар том бутны өмнө сууж байгаад явж. Эрэнжав ээж намайг тавиад явахыг мэдээд “Нүдийг нь шувуу ухчихвий” гэж сандран том бутыг нүдлэн амьсгаа даралгүй гүйсээр очиход би шороогоор манаастай, сүүл хөхөөд хэвтэж байжээ. Намайг авчраад задалж үзэхэд дээлийн хуулгаар ороогоод үстэй хуучин хөдсөнд боож, гадуур нь хар навтсаар манцуйлсан байсан гэдэг. Ингэж Лувсангийнх гэдэг айл үртэй болон бүл нэмж, гурав хоноод Бандгай багшийг залж угаах ёслол хийгээд “Охинд нэр хайрла” гэсэнд “Хээрээс олсон юм чинь Хөсрий гэж нэрлэ” гэж айлдсан гэдэг.
-Өмнөд Монголд дүрвэж очсон айлуудын аж амьдрал ямаршуухан байсан юм бол?
-Манайхныг нүүж очих үед Дилав хутагт Жамсранжав, Засагт ханы Очирдара лам, Шанхайн ширээт лам, Ганжуурваа багш, Говь-Алтайн Даяанч багш, Ловон багш, Бандгай багш, Хөвсгөлийн Дондог зоч, Мэргэн Жамаа зэрэг олонд бишрэгдэн нэрд гарсан эрдэм чадалтай хутагт, хувилгаад Сөнөд хошуунд суурьшицгаасан байсан юм билээ. Тэр чадалтай сайхан хүмүүсийн нөлөөгөөр халхаас нүүж очсон айлуудад сайнаар ханддаг болж. Очсон эхний арав шахам жил ямар ч засаг захиргаагүй байсан болохоор малаа өсгөж, ашиг шимээр нь амьдарч, ноос ноолуур, арьс ширээ тээвэрлэн Жанчхүү, Хаалган орж борлуулан будаа гурил, эд бараа, хэрэгцээний юмаа авчирдаг байжээ. Тэр нутагт амьдарсан сүүлийн жилүүдэд япончууд Зүүн хойд хятадыг эзэлж, баруун Сөнөд хошуунд Хамхуу гэдэг засаг захиргааны нэгж байгуулан айл өрхөөс алба татвар авдаг болсон байна. Төдөлгүй сургууль соёл ч байгуулагдаж, нутгийн хүүхдүүдэд монгол бичиг зааж байсан гэдэг. Сөнөд хошуунд Бурхны шашны хийд байгуулагдаж хурал хурдаг байсан нь 1945 онд ар монголчууд нутгаа буцахад даган нүүж Дорноговийн Айраг суманд Нүдэн гэдэг газар төвлөрч Нүдэнгийн хийд нэртэй байж байгаад сүүлд Улаанбаатар хотод шилжин Төв Гандантэгчинлэн хийдэд нэгдсэн юм билээ.
-Та тэнд аж төрж байсан бага насны амьдралаа хэр санадаг вэ?
-Утайд мөргөхөөр амьтан ах дүүгээрээ хамт явсныг санаж байна. Лав л нэг хонхороор дайран гартал хувцастай, хувцасгүй баахан үхсэн хүүрэн дундуур явсаар нэг хот суурин газарт очиж дэн буудал гэгчид байрлаж байсан юм даг. Тэр их хүүрэн дундуур туучин томчуул ам амандаа маань дүнгэнэтэл уншин явж байсныг бодоход тойрох аргагүй л газар байсан бололтой. Тэр сууринд нэлээд удаж, тэнд тэмээ малаа заран байж ачааны машинд суун Жанчхүү буюу Хаалган хотод очоод галт тэргээр нэлээд урт зам туулсаар Утайд очсон санагдана. Тэнд очоод ээж халуурч өвдөөд босч чадахгүй болсон байлаа. Мөргөлчдийн нэг нь түвд маарамба залж ирээд үзүүлсэнд “Хөлөрч ирээд, халуун ханзан дээр нойтон хувцастай унтаад жин цохиулсан байна” гээд сайтар хөлөргөж эдгээсэн юм гэсэн. Ээжийн бие зүгээр болж Хэвтээ ламын агуйд очиж мөргөнө гэж явган явлаа. Холоос харахад орхимж нөмөрсөн лам хэвтэж байгаа юм шиг харагдаад байсан хад руу явсаар байгаад очсон чинь улаан шар алаг чулуу л байсан. Бид буцахдаа нэг сууринд ээж бид хоёр хүн хөллөөд явдаг “Дүенчан” гэдэг тэргэнд сууж үзэж билээ. Намс намс гэсэн их зөөлхөн гоё унаа байсан санагддаг. Биднийг суулгасан тэрэгчний хөлс нь дуслаад байхаар ээж “Хөөе чи зөөлөн яв, наад хөлс чинь хэцүүдлээ” гэсэн чинь бушуу яв гэж загналаа гэж ойлгосон юм байх улам хурдлан гүйсэн гэдэгсэн. Тэр хотод бас “шойтон” гэдэг жижиг хөлтэй эмэгтэйчүүд явж байхыг үзсэн.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

​Галаарид: Сэтгүүл зүйг ойлгохгүй улстөрчид парламентад олонхи болсон

Хэвлэлийн хүрээлэн сэтгүүлч бэлтгэдэг курсын 21 жилийнхээ нээлтийг хийлээ. Энэ удаагийн хөтөлбөр нь Германы Конрад Аденаурын сангийн тэтгэлгээр явагдаж байгаагаараа онцлог юм. Монголын залуу үеийг төлөөлсөн сэтгүүлч биш өөр мэргэжлийн 25 залуу сэтгүүлч мэргэжлээр зургаан сар суралцана. Энэ хөтөлбөрийн үр дүнд их эмч, хуульч, эдийн засагч гэх мэт олон мэргэжлийн болсон залуус сэтгүүл зүйн салбарт шилжиж өөрийн мэргэжлээр олон нийтэд мэдээлэл түгээх чадвар эзэмшинэ. Сургалтын нээлтэд оролцсон МСНЭ-ийн ерөнхийлөгч Галаарид “Өнөөдөр парламентад сэтгүүл зүйг ойлгохгүй улстөрчид олонхи болсон энэ үед энэ сургалтад хамрагдаж байгаа залуус маш чухал үүрэг, харуцлага хүлээнэ” гэж хэлэв.

Хэвлэлийн эрх чөлөө улстөрчдийн нүдээр…

Өчигдөр Монголд сэтгүүл зүй үүсч хөгжсөний 104 жилийн ой тохиолоо. Монголчууд ардчилалд шилжсэний хамгийн том баталгаа нь чөлөөт хэвлэл хэмээн барууныхан магтдаг. Нэгдлийн даргаа шүүмжлээд хоолны махгүй хонодог байсан талын малчид өнөөдөр өөрийн Ерөнхийлөгчөө шүүмжлээд зогсохгүй хүчирхэг АНУ, БНХАУ, ОХУ-ын Ерөнхийлөгчдийг ч дэлхий даяар шүүмжлэх эрхтэй болсон.

Гэхдээ бидний шүүмжлэх өргөн эрх амьдралд маань хэр нэмэр болдог вэ гэсэн асуултад сонин хариулт гарна. Амтай болгон улстөрч бүрийг олигархи, хулгайчаар нь дуудна. Ингэлээ гээд хэн ч шоронд ачигдахгүй. Харин хэн нэгэн улстөрчийг шүүмжилсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага ямар нэгэн шийтгэл амсах нь үзэгний үзүүр төдий асуудал.

Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлд Эх орноосоо урвах, 86 дугаар зүйлд Үндэсний эв нэгдлийг бусниулах, 87 дугаар зүйлд Төрийн нууц задруулах, 107 дугаар зүйлд Бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэхгүй байх, 110 дугаар зүйлд Гүтгэх, 111-д Доромжлох гэх мэт сэтгүүлчийн санамсаргүй болон санаатай үйл ажиллагаанаас болж буруутгах зүйл заалтууд байдаг юм байна. Хуулийн 107-д Бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэхгүй байх гэсэн заалт ч сэтгүүлчид хамаатай гэнэ. Учир нь хаа нэгтээ хоёр этгээд зодолдож байхад сэтгүүлч таарч зургийг нь авах юм уу, бичлэг хийчихээд ямар нэг тусламж үзүүлээгүй бол хариуцлага хүлээнэ. Нийтдээ одоогийн мөрдөж байгаа хуулиудад сэтгүүлчийг мэргэжлийн ажилтай нь холбогдуулан шийтгэж болох 20 шахам заалт байдаг аж. Мөн энэ хэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслийг буруутгах боломжтой.

Харин сэтгүүлчийн эрхийг хамгаалсан хоёрхон заалт эрүүгийн хуульд бий. Хуулийн 139 дүгээр зүйлд “Сэтгүүлчийн хуулийн дагуу явуулж байгаа үйл ажиллагаанд саад хийх”, 140 дүгээр зүйлд “Зохиогчийн

Хэвлэлийн эрх чөлөө улстөрчдийн нүдээр…эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчих” гэсэн заалт байна. Үнэн хэрэгтээ эхний заалт нь байнга зөрчигддөг боловч сэтгүүлчийн үйл ажиллагаанд саад хийсэн нэг ч тохиолдолд шүүх ямар нэгэн шийтгэл ногдуулаагүй. Зохиогчийн эрхийг зөрчих заалтын хувьд хэвлэл мэдээллийн байгууллагууд хоорондоо маргаж, цөөн тохиолдолд багахан хэмжээний мөнгөн торгууль ногдуулсан байдаг. Сүүлийн арван жилд сэтгүүлчийн мэдээлэл авах, түгээх эрхэд халдсан 70 гаруй хэрэг бүртгэгдсэн ч хохироогч нь нэг ч удаа ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй гэнэ.

Глоб интернэшнл төвд 2005 оны аравдугаар сараас 2016 оны нэгдүгээр сарын хооронд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын эрхэд халдсан 456 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс хамгийн их хувийг сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн байгууллагыг сүрдүүлж, заналхийлсэн, хуулийн байгууллагуудаар далайлгасан, эх сурвалжаа илчлэхийг шаардсан улстөрчдийн үйлдэл эзэлж байна. Сэтгүүл зүйд халдсан хамгийн их үйлдэл 2015 онд дээд цэгтээ хүрсэн буюу 80 шахам болжээ. Сүүлийн арван жилд дөрвөн сэтгүүлч амиа алдаж, 27 сэтгүүлч халдлагад өртөж, 80 сэтгүүлч түр саатуулагдаж, хоригджээ. Энэ бол өнгөрсөн хугацаанд одоогийн мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд хохирсон сэтгүүл зүйн өнгө төрх. Байдал ийм байхад өнөөгийн улстөрчид хуульд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг чангалах заалт оруулахыг санаархсаар л байна.

Жишээлбэл, Сонгуулийн тухай хуульд радио, телевизийн сурталчилгаанд хяналт тавихдаа “цагдаагийн болон сонгуулийн байгууллага”-тай хамтран хэрэгжүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессэж ашиглахдаа журам зөрчсөн нөхцөлд төрийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн үйл ажиллагааг нь зогсоох, түдгэлзүүлэх заалтууд орсон нь төрийн цензурыг өөгшүүлж болзошгүйд санаа зовниж байгаагаа Глоб интернэшнл төв мэдэгдсээр ирсэн. УИХ-аас 2015 оны арванхоёрдугаар сарын дөрөвний өдөр баталсан Эрүүгийн хуулиас гүтгэлэг, доромжлолтой холбоотой зүйл заалтыг хасч, мөн өдөр баталсан Зөрчлийн тухай хуулиар зохицуулах заалт орсон зөв гэнэ. Энэ хоёр хууль 2016 оны есдүгээр сарын нэгнээс хүчин төгөлдөр үйлчилнэ. Гэсэн ч Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 14.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж, илт худал мэдээлэл тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” заалт хэвээр үлдсэн. Мөн сонгуулийн тухай хуулийн 70.1.6 дугаар зүйлд “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессэж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараасан” бол хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дүгнэлтийг үндэслэн тухайн зөвшөөрөл олгосон байгууллага зөрчил гарсан өдрөөс эхлэн зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх хатуу заалт бий.

Дээрх заалтууд нь ардчилал, хүний эрхийг баталгаажуулах зорилготой гэвэл хэн ч итгэхгүй. Харин хэн нэгэн увайгүй улстөрч мөнгөөр улс төрд орж ирсэн аливаа булхайгаа нийгмээс хуулиар далайлган нуух гэсэн оролдлого гэвэл үнэнд нийцнэ. Өнөөдөр иргэд шударга ёсыг нэхэж байна. Түүнийг нь Ерөнхийлөгч ард түмэнд бэлэглэх мэтээр ойлгож байна. Харин Германы улстөрч “Шударга ёсыг чөлөөт хэвлэл авчирдаг” гэж байна. Харин манай улстөрчид “Шударга ёсыг хуулиар тогтооно” гэж зүтгэж байна.

Х.БАТТӨГС

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр утааны эсрэг жагсана

Утааны эсрэг ээж, аавууд өнөөдөр жагсана. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Утааны эсрэг жагсах ээж, аавуудад Цэргийн баяраар буюу энэ сарын 18-ны өдөр 12.30 цагаас Сүхбаатарын талбайн баруун урд хэсэгт цуглаан хийхийг нь зөвшөөрсөн байна.

Анх Төрийн ёслолын ажиллагаатай давхцаж байна гэсэн шалтгаанаар цуглааныг нь бүртгэхээс татгалзсан хариу өгсөн ч дахин хүсэлт гаргаж ийнхүү зөвшөөрөл авсан аж.

Categories
мэдээ нийгэм

Батлан хамгаалахын салбарын төлөөллүүдийг шагналаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд
Офицериудын ордонд болсон “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчин үүсэн
байгуулагдсаны 96 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээнд оролцов.
Энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн,
Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын Аюулгүй байдал,
гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Батлан хамгаалахын дэд
сайд Т.Дуламдорж нар байлцлаа.Энэ үеэр Монгол Улсын Их Хурлын дарга
М.Энхболд баярын мэндчилгээ дэвшүүлж, төрийн дээд шагнал одон, медаль
хүртсэн цэргийн албан хаагчдад шагналыг нь гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Зэвсэгт хүчний Хуурай замын
цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Зэвсэгт хүчний 014
дүгээр ангийн захирагчийн орлогч, хурандаа Т.Жаргалсайхан, Хөдөлмөрийн
гавьяаны улаан тугийн одонгоор Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын
Архив, урын сангийн эрхлэгч Б.Мөнхцэцэг, Цэргийн гавьяаны одонгоор Зэвсэгт
хүчний 089 дүгээр ангийн үйлчилгээний ротын жолооч, ахлах ахлагч
Я.Батбаяр, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е нисдэг тэрэгний их
бие, хөдөлгүүрийн үйлчилгээний бүлгийн дарга, ахмад Ж.Цогтдорж, Алтан
гадас одонгоор Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн нярав Д.Оюунгэрэл,
Цэргийн хүндэт медалиар Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг
зохицуулах газрын мэргэжилтэн, дэд хурандаа Г.Ариунболд, Зэвсэгт хүчний
032 дугаар ангийн ротын захирагч, ахмад Ж.Баярцогт, Хөдөлмөрийн хүндэт
медалиар БХЯ, Зэвсэгт хүчний Жанжин штабын Үйлчилгээ аж ахуйн хэлтсийн
үйлчлэгч М.Лхагвасүрэн, Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн цэргийн гал
тогооны тогооч У.Батдэлгэр нар шагнуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Шар усны үерээс урьдчилан сэргийлж ажиллахыг холбогдох албаныханд даалгалаа

Урин дулаан цагтай зэрэгцэж нийслэлийн гэр
хороололд тулгардаг асуудал бол шар усны үер юм. Энэ жилийн тухайд нийт
нутгийн 70 орчим, нийслэлийн нутаг дэвсгэрийн 60 орчим хувьд нь цасан
бүрхүүл тогтож хаврын огцом дулааралтын үед шар усны үер болж болзошгүйг
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс анхааруулаад
байгаа. Тиймээс Нийслэлийн Онцгой комиссын дарга, Улаанбаатар хотын
Захирагч С.Батболд шар усны болон хур борооны үерийн аюулаас урьдчилан
сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай албан даалгавар гаргажээ.

Иймд нийслэлийн үерийн хамгаалалтын
барилга, байгууламж, хөрсний ус зайлуулах шугам, авто зам доогуурх ус
гадаргууны ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг хангах, болзошгүй шар
усны болон хур борооны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг
эрчимжүүлэх зорилгоор дүүргүүдийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын
дарга нар, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн
Онцгой байдлын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар,
Мэргэжлийн хяналтын газар, Газрын албаны удирдлагуудад даалгажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цэргийн дээд цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дээд
офицерийн албан тушаалын ангилал, цолны зэрэглэлийг үндэслэн өнөөдөр
зарим хүнд цэргийн дээд цол хүртээлээ.

Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга,
бригадын генерал Жамбаагийн Бадамбазарт Хошууч генерал, Зэвсэгт хүчний
жанжин штабын бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, хурандаа
Халтарын Даваацэрэн, Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн захирагч, хурандаа
Насангийн Бямбадорж, Зэвсэгт хүчний 345 дугаар ангийн захирагч,
хурандаа Лхагвасүрэнгийн Гансэлэм, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн
дэд бөгөөд штабын дарга, хурандаа Гомбожавын Ариунбуян нарт Бригадын
генерал цол тус тус хүртээв.

Цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж гардуулан өгөв.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк хуралдаад бодлогын хүүг хэвээр үлдээв

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл
өчигдөр/2017.03.17/ хуралдаж, бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр
гаргажээ. Тодруулбал, бодлогын хүүг 14 хувьтай хэвээр үлдээсэн байна.
Өнгөрсөн онд МАН засгийн эрхийг авсны дараа бодлогын хүүг 11 хувиас 15
хувь болгосж өсгөсөн. Харин удалгүй нэг хувиар буулгаж, 14 хувьтай
болгосон юм. Бодлогын хүүг өсгөсөн шалтгаанаа төв банкны удирдлагууд
валютын нөөцийг хадгалах явдал хэмээн хэлж байсан юм.

Бодлогын хүүг хэвээр үлдээсэн шийдвэрээ
Мөнгөний бодлогын зөвлөл “Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн
инфляци 2017 оны хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 2.1 хувь,
Улаанбаатар хотын хэмжээнд 1.4 хувьд хүрлээ. Инфляци цаашид алгуур
өсөхөөр байгаа хэдий ч зорилтот түвшнээс давж гарахааргүй байна.
Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг Засгийн газрын бондоор сольж,
шинээр “Хуралдай” бонд гаргаж, БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп
хэлцлийн хугацааг сунгасны үр дүнд богино хугацааны гадаад төлбөрийн
дарамт буурлаа. Эдийн засаг, санхүүгийн зах зээл дээр ийнхүү эерэг
өөрчлөлт гарсан хэдий ч төсвийн болон гадаад секторын тодорхой бус
байдал хэвээр байгаа”-тай холбон тайлбарлажээ. УИХ-аар 2017 оны төсвийн
тодотгол, ОУВС-гийн захирлуудын зөвлөлөөр “Өргөтгөсөн санхүүжилтийн
хөтөлбөр”-ийг тус тус хэлэлцсэний дараа мөнгөний бодлогын төлөвийг
цаашид өөрчлөх эсэхийг эргэн харах нөхцөл бүрдэнэ гэж Монголбанк үзэж
байна.

Categories
мэдээ нийгэм

Зарим нутгаар бага зэргийн цас орно

2017 оны 03 дугаар сарын 18-ны 08-20 цаг хүртэл
Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
2017 оны 03 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн Бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 8-13 градус дулаан, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.
УЛААНБААТАРХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0-2 градус хүйтэн байна.

2017 оны 03 дугаар сарын 19-нөөс 03 дугаар сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

19, 20-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн баруун хагаст нойтон цас, хур тунадас орно. Салхи 19-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд Алтайн уулсаар, 21-22-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм

Түүхийн хуудсыг эргэн сөхвөл: Цэргийн баярыг хэзээнээс тэмдэглэх болсон вэ

БНМАУ-ын Бага
хурлын тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны өдөр хуралдсан 32
дугаар хурлаар Монгол ардын хувьсгалт цэргийн баярын өдрийг тэмдэглэх
тухай тогтоол гаргажээ. Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжин,
нөхөр Маршал Чойбалсан Монгол ардын хувьсгалт цэргийн ойн баярын өдрийн
тухай тогтооп гаргах хүсэлт тавьсан байна.

Түүний
хүсэлтийг хэлэлцээд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдээс 1921 оны
гуравдугаар сарын 18-ны өдөр Монгол ардын хувьсгалт цэрэг нь Монгол
Ардын хувьсгалын голомт Хиагт буюу одоогийн Алтанбулаг хотыг чөлөөлж
анхдугаар ялалтаа байгуулсан учир энэ өдрийг “Хувьсгалт цэргийн баяр”-ын
өдөр болгожээ. Улмаар жил бүр улс нийтээр ёслон өнгөрүүлж байхыг
тогтоолд тусгаад жип бүрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг цэргийн бүх
албан хаагчдын амралтын өдөр болгож байжээ.

Харин 2003 оны
арванхоёрдугаар сарын 18-нд УИХ-аас батлан гаргасан Нийтээр тэмдэглэх
баярын болон тэмдэглэлт едрүүдийн тухай хуулиар гуравдугаар сарын 18-ныг
“Зэвсэгт хүчний өдөр” хэмээн тэмдэглэх болсон байна. Гэвч энэхүү өдрийг
зөвхөн батлан хамгаалах салбарын хэмжээнд тэмдэглэдэг нь зарим талаар
учир дутагдалтай юм гэж үзэж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр,
Э.Бат-Үүл нар энэ хуулийг санаачлан өргөн барьсан юм.

Цэрэгт алба
хаасан, хаах бүх нийтийн баяр гэхээсээ илүүтэй зөвхөн Зэвсэгт хүчиндээ
алба хааж буй цэргийн алба хаагчдын баяр гэж ойлгогддог. Ингэснээр
зөвхөн салбарын хэмжээнд тэмдэглэдэг баяр нь тангараг өргөж цэргийн алба
хаасан, хаах нийт иргэд уг баярын гадна үлдэж байгаа нь зохисгүй байна
гэж үзжээ. Нөгөө талаар, цэргийн алба хаах хүсэл эрмэлзэлтэй залууст
цэрэг-эх оронч хүмүүжил олгох, түүгээрээ бахархах ач холбогдолтой байх
юм гэж тэрбээр үзэж байгаа ажээ.

Иймээс батлан
хамгаалах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буй, оруулах, тангараг өргөж
цэрэгт алба хаасан, хаах бүх нийтийн баяр болгох үүднээс “Нийтээр
тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-ийн 5.1.2-ын
“Зэвсэгт хүчний өдөр” гэснийг “Монгол цэргийн өдөр” болгон өөрчлөх тухай
асуудлыг боловсруулсан байна.

Categories
мэдээ цаг-үе

“Хатан зөгий” буюу ДРОН

2017 оны шинэ загварууд

ХАТАН ЗӨГИЙ” БУЮУ ДРОН АНГЛИАС ҮҮСЭЛТЭЙ

Алсын жолоодлогот нисдэг төхөөрөмж буюу дроныг 1933 оны үед Англид зохион бүтээгээд цэргийн зориулалтаар ашиглаж эхэлжээ. Зөгий мэт дүнгэнэн дуугарч, удирдлагын дагуу өгсөн даалгаврыг гүйцэтгээд буцаад үүрэндээ ирдэг учир ийнхүү зөгийтэй зүйрлэн “Хатан зөгий” гэж нэрлэдэг байж. Харин АНУ-ын хувьд 1948 оны үеэс тагнуулын зориулалттай нисгэгчгүй нисдэг төхөөрөмжийг зохион бүтээгээд гурван жилийн дараа олноор үйлдвэрлэсэн юм байна. Энэ үеэс улс орнууд дроныг цэргийн зориулалтаар өргөн хэрэглэж эхэлсэн гэж үзэж болно.

Дрон нь нарны энерги, түлш, зай зэргээр ажиллах бөгөөд радио долгионоор алсын зайнаас удирддаг. Дэлхий даяар дроныг зөвхөн цэргийн зориулалтаар ашиглахаас гадна өдөр тутмын хэрэглээнд хэрэглэх болсон нь албаны хүмүүсийн анхааралд өртөж, дроныг ашиглахад шаардагдах журмыг хүртэл гаргасан байдаг. Алсын жолоодлогот нисдэг төхөөрөмжийг батлан хамгаалах салбараас гадна хөдөө аж ахуй, боловсрол, энтертайнмент, уул уурхай, үйлчилгээ, байгаль орчинг хамгаалах, барилга, хот байгуулалт, зам, тээврийн салбарт өргөн ашиглаж байгаа юм. Мөн иргэд өөрсдийн хүсэл сонирхлын дагуу фото зураг авах, бичлэг хийх зориулалтаар худалдан авах нь түгээмэл болсон.

ДРОНЫГ 120 МЕТРЭЭС ДЭЭШ НИСГЭХИЙГ ХОРИГЛОДОГ

Хэрэглээний зориулалттай дроныг аврах ажиллагаа, хил хамгаалах, замын хөдөлгөөнийг хянах, эрэл хайгуул хийх, цаг агаарын хяналт, гал унтраах, нисдэг камерны бичлэг хийх, газар төлөвлөлт, ховордсон ан амьтан, ургамал тоолох зэрэгт түгээмэл ашигладаг. Ингэхдээ 25 кг-аас дээш жинтэй төхөөрөмжийг ашиглахгүй байхыг сануулдаг бөгөөд зөвхөн өдрийн цагаар нисгэхийг зөвшөөрдөг аж. Мөн газрын гадаргуугаас 120 метрээс дээш өндөрт, аливаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тусгай зориулалтын агаарын зайд нисгэхийг хориглодог журамтай. Түүнээс гадна нисгэгчтэй бүх агаарын хөлөгт саад болохгүй байхыг дрон нисгэгчдэд сануулдаг аж.

Дрон нь хүний хүрч чадахгүй, орж чадахгүй орчинд ажиллах чадвартай учир дэлхийн тэргүүлэх зэвсэгтэй улсууд цэргийн нисэх хүчиндээ өргөнөөр хэрэглэх болжээ. Үл үзэгдэх дрон, нано дрон, тэсрэх бөмбөг тээвэрлэгч дрон гээд үйлдэл, гүйцэтгэх ажиллагаа нь улам нарийн, аюултай болж байгаа аж. Хэт даврагчид, алан хядагчдын хувьд биедээ тэсрэх бөмбөг бэхлээд түүнийгээ олон нийтийн газар дэлбэлж амиа золиослохынхоо оронд дроныг нисгээд товлосон газартаа бөмбөг тэслэх нь элбэгшээд байгаа учир улс орнууд алсын зайн удирдлагатай ийм төхөөрөмжүүдээ тоолж, хяналтдаа оруулаад байна. Манай улсад ч дронуудыг бүртгэлжүүлээд байгаа бөгөөд одоогоор хүргэлтийн дрон нисгэхийг хориглодог юм байна.

Гаднын орнуудад түгээмэл ашиглагддаг бага оврын хүргэлтийн дрон

ДРОН ЗОРИУЛАЛТААСАА ХАМААРЧ ХҮЧИН ЧАДАЛ, ҮЗҮҮЛЭЛТ НЬ ӨӨР БАЙДАГ

Цагдаагийн зориулалттай дронууд нь маш өндөр нарийвчлалтай, хурдтай, шөнийн дурангаар тоноглогдсон байдаг. Харин хүмүүнлэгийн үйлсэд зориулагдсан дрон нь гамшиг ослын үед ашиглахад зориулагдсан байх бөгөөд далай хар шуурга, хар салхи, газар хөдлөлт, үеэр зэрэгт нэрвэгдсэн газар нутгийн 3D зургийг авах, амьд үлдсэн хүмүүсийг хайх, гамшигт өртсөн иргэдэд эм тариа, тусламжийн зүйлсийг хүргэж өгөх зэрэг олон үйлдэлт төхөөрөмж юм. Энгийн иргэдийн хувьд дроныг цэргийн болон хэрэглээний гэж ерөнхийд нь хоёр ангилдаг бол дрон сонирхогчдын хувьд GPS төхөөрөмжийн, хүргэлтийн, фото зургийн, тагнуулын, уралдаан тэмцээний бичлэг хийх, бусад төхөөрөмжийг цэнэглэх гэх мэтээр маш нарийн ангилдаг аж. Зориулалтаасаа хамаарч санах ой, дамжуулах чадал нь харилцан адилгүй байдаг юм байна.

“МАВИК ПРО” 2.7 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

Манай улсад дроныг тусгай зөвшөөрөлтэй цөөхөн газарт борлуулдаг. Манайд зарагдаж байгаа “Мавик Про” нь эвхэгддэг, хөнгөн учир авч явахад авсаархан гэдгээрээ дрон сонирхогчдын талархлыг хүлээдэг. Уг дрон нь маш хүчирхэг агаад дүүрэн цэнэгтэй батарейгаараа 27 минут ниснэ. Урдаа болон дороо саад мэдэрдэг аюулгүй, ухаалаг нислэгийн төхөөрөмжтэй. Энэ дроныг 2790000 төгрөгөөр борлуулж байгаа юм байна.

Харин “DJI Inspire 2” нь цагт 108 км цаг хурдлах бөгөөд саад мэдэрдэг ухаалаг, аюулгүй системтэй. Дүүрэн батарейгаараа мөн 27 минут хүртэл нисэх боломжтой. Долоон км-ийн алсаас удирдаж болдог юм байна. Энэ мэтээр дронууд нь зориулалтаасаа хамаарч үзүүлэлт, үнэ ханш нь өөр өөр байна.

“Мавик про”

Хот дотор дрон нисгэхэд учрах саад их. Өндөр барилгууд болон wifi зэрэг элдэв төрлийн долгион нь дроныг удирдлагатайгаа холбогдоход саад болж сигналыг нь бууруулдаг юм байна. Дроны сигналыг унагадаг гол хүчин зүйлс бол өндөр барилга, хүн, ой мод байдаг гэнэ. Тиймээс дроныг нисгэхээр бол өндөр барилга, нисэх онгоцноос аль болох хол зайд хөөргөхийг зөвлөжээ. Хэрвээ хот дотор дрон хөөргөсөн үед сигнал нь муудаад ирвэл даруй буцах товчин дээр дарах нь хамгийн зөв гэсэн.

МОНГОЛ ОЮУТНУУД НИСГЭГЧГҮЙ ОНГОЦ БҮТЭЭЖ БАЙСАН ТУРШЛАГАТАЙ

Одоогоос хэдэн жилийн өмнө Механик инженерийн сургууль, Холбоо мэдээллийн сургуулийн оюутнууд хамтраад нисгэгчгүй онгоц бүтээсэн. Нисгэгчгүй нисэх аппаратын тусламжтайгаар тухайн онгоцоо бүтээсэн бөгөөд ойн түймрийн тархалтыг тандах, ховор, зэрлэг амьтдын бэлчээрийг тогтоох зорилгоор зураг авч, бичлэг хийх боломжтой гэдгийг зохион бүтээгчид нь ярьж байсан. Тэд гурван метр урт далавчтай, их бие нь хоёр мерт урттай ачаа зөөх зориулалттай онгоц бүтээснээ танилцуулж “Улаанбаатар хот дотор уг онгоцоо хөөргөөд пицца зэрэг хөнгөн чанарын зүйлсийг хүргэхэд ашиглаж болно” гэсэн. Ингэхээр ямартай ч манайд дрон бүтээх, үйлдвэрлэх инженер, техникийн ажилтнууд нь хэдийнэ бэлтгэгдчихсэн гэж үзэж болно. Царцаа ногоон мэтийн дээр үеийн загварын онгоц зэрэгтэй зууралдаж олон улсын тэмцээнд хүч үзэж байхынхаа оронд манай зохион бүтээгч инженерүүд орчин үеийн өндөр хүчин чадалтай дрон бүтээх, үйлдвэрлэх, хэрэглээнд нэвтрүүлэхийн төлөө хичээх цаг нь болсон. Яагаад гэвэл дрон нь зөвхөн цэргийн зориулалтаасаа хальж өдөр тутмын хэрэглээнд аль хэдийнэ нэвтэрчихлээ.