Categories
мэдээ нийгэм

Ан амьтны төлбөр, хураамжийн хэмжээг баталсан Засгийн газрын тогтоол хуульд нийцсэнгүй

Ан амьтны төлбөр, хураамж зурган илэрцүүд2012 онд батлагдсан Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль /цаашид төлбөрийн хууль гэх/-ийн 17.1.5-д <<Гадаадын иргэнд агнуулсан ан амьтны нөөцийн төлбөрийг эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 80-90 хувиар >>, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн 21.1.34-т <<Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17.1.5-д заасан ан амьтныг агнах зөвшөөрлийн хураамжийг эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 20-30 хувиар>> тогтооно гэж тус тус заасан байна.

Дээр дурьдсан хуулиудад гадаадын анчдад агнуулах ангийн төлбөр урд нь мөрдөгдөж байгаад 2012 онд хүчингүй болсон Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуульд зааснаас 20 хувиар нэмэгдэж, харин хураамжийн хувь нь хэвээр үлдсэн билээ.

Гадаадын анчдад агнуулдаг ан амьтны агнуурын нөөц ашигласны төлбөрийг нэмэгдүүлсэн хууль гараад 5 жил өнгөрч байхад үе үеийн байгаль орчны сайд, яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын шинэ, хуучин дарга нар уг хуулийн заалтыг мэдэж байсан ч хэрэгжүүлэх талаар ямар ч арга хэмжээ авахгүйгээр төлбөрийн тооцоог 2012 онд хүчингүй болсон Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуульд зааснаар хуучнаар нь хийлгэж гадаадын анчдад ан амьтан агнуулах бизнес эрхэлдэг цөөн хэдэн компаниудын захирлуудад ая тал засч улсыг хохироосоор ирсэн байна. Ийнхүү гадаадын анчдад агнуулж буй Алтайн угалзын толгой тутмын төлбөрөөс 4000, говийн угалзаас 2000, Алтайн тэхээс 750, говийн тэхээс 660, бугаас 320, бор гөрөөснөөс 140, цагаан зээрээс 50, гахай, чононоос тус бүр 65 ам.долларын алдагдал хүлээсээр ирэх зун гэхэд 6 дахь жилийнхээ ангийн улиралтай золгох гэж байна. Харин энэ асуудлыг хариуцсан сайдууд сүүлийн 5 жилд гадаадын анчдад агнуулах ан амьтдын тоог жил бүр нэмснээр /2013 онд угалз 15, тэх 32, буга 10-ыг агнуулж байсан бол 2014 онд угалз 28, тэх 41, буга 15, 2015 онд угалз 50, тэх 60, буга 20, 2016 онд угалз 60, тэх 70, буга 30, 2017 онд угалз 68, тэх 75, буга 32, цагаан зээр 100 болж тус тус нэмэгдсэн/ улсад учирч буй хохирлын хэмжээг улам нэмэгдүүлж ирсэн байна.

Засгийн газрын 2013 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмын 4.3, 4.4-т Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь байгалийн нөөц ашигласны орлогын бүрдүүлэлт, зарцуулалтад жил бүр санхүүгийн аудит, хяналт шинжилгээ, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус үнэлгээ хийнэ гэж заасан боловч энэ заалт мөн л биелэгдэхгүй 6 дахь жилтэйгээ золгож байна. Хэрэв аудит, хяналт шинжилгээ, үнэлгээ хийгдэж байсан бол агнуурын нөөц ашигласны төлбөрийг Төлбөрийн хуулийн заалтад нийцүүлэн нэмэгдүүлчихсэн, Засгийн газар ч хуулийн заалт зөрчсөн 2016 оны 155 дугаар тогтоолыг гаргахгүй байх байсан юм.

Гадаадын анчдад ан агнуулсны төлбөрийг 2012 онд батлагдсан Төлбөрийн тухай хуулийн 17.1.5-д нийцүүлж хуулийн заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг 2015, 2016 онд Сайд асан Н. Батцэрэг, Сайд Д. Оюунхорол нараас удаа дараа албан ёсоор шаардаж, Үндэсний шуудан, Зууны мэдээ зэрэг сонинд 3-4 удаа шүүмжлэл нийтлүүлж байсан ч Төлбөрийн тухай хууль гарснаас хойш Засгийн газрын нэг бүрэн эрхийн хугацаа өнгөрсний дараа 2016 оны 11 дүгээр сарын 27-нд Засгийн газрын 155 дугаар тогтоолыг гаргуулсан байна.

2012 онд батлагдсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн 21.1.34-өөр Засгийн газрын 2011 оны 264-р тогтоолын 4 дүгээр хавсралт болон 2011 оны 65-р тогтоолын 2 дугаар заалтаар тус тус баталсан агнуурын амьтны хураамжийн хэмжээ /20-30 хувь/-г хэвээр үлдээн баталсан ч 2016 оны 155 дугаар тогтоолоор дур мэдэн өөрчилсөн нь бас нэг алдаа болсон байна.

Ийнхүү ангийн төлбөрийг Төлбөрийн тухай хуульд нийцүүлэх зорилгоор БОАЖЯ-аас Засгийн газарт тогтоолын төсөл оруулж 2016 оны 155 дугаар тогтоолоор батлуулан хуулийн заалт хэрэгжүүлсэн нэр хэмээсэн боловч уг тогтоол нь дээр дурдсан 2 хуулийн зарим зүйл заалтуудыг ноцтой зөрчсөн байна. Мөн тэрчлэн мордохын хазгай гэдэг шиг тогтоолынхоо нэрийг ч зөв оноож өгч чадсангүй. Энэ тогтоолын 1 дүгээр заалтаар тусгай зориулалтаар 2017 онд агнах, барих ан амьтны тоог баталсан бол 2 дугаар заалтаар нь гадаадын анчдад агнуулах ан амьтны жишиг үнэ, төлбөр хураамжийн хэмжээг баталжээ. Уг нь энэ тогтоолын нэрийг <<Тусгай зориулалтаар 2017 онд агнах, барих агнуурын амьтны тоо, жишиг үнэ, төлбөр хураамжийн хэмжээг батлах тухай>> гэсэн бол утга, агуулгынхаа хувьд зөв, бүрэн болох ёстой байлаа. Мөн уг тогтоолын Засгийн газраас тогтоох нь гэсэн үндэслэл хэсэгт Амьтны тухай хуулийн 26.3-аас гадна Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн 21.1.34 дэх хэсгийг тусгах зайлшгүй шаардлагатай байсан боловч энэ хоёр хуулийн хоёр заалтыг орхигдуулсан нь учир дутагдалтай болжээ. Үгүй гэхэд ядахнаа Засгийн газрын 2016 оны 155 дугаар тогтоол гарахаас өмнө мөрдөгдөж байсан 2001 оны 264, 2011 оны 65 дугаар тогтоолуудад дурдсан жишиг үнэ, төлбөр хураамжийн хэмжээг хүчингүй болгох заалтыг ч орхигдуулсан нь дэндүү бүдүүлэг алдаа юм. Энэ мэт алдаа дутагдлаа яамныхан маань редакцийн буюу техникийн, үг үсгийн алдаа гэж хамгаалж мэдэх юм. Харин одоо уг 155 дугаар тогтоол нь хуульд яагаад нийцээгүй, зөрчсөн болохыг өгүүлье.

Төлбөрийн тухай хуулийн 17.1.5-д төлбөрийг жишиг үнийн 80-90 хувь, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн 21.1.34-т хураамжийг жишиг үнийн 20-30 хувь байхаар заасан байтал 155 дугаар тогтоолд төлбөрийг нь дөнгөж 55.6-71.4 хувиар нэмэгдүүлж, хураамжийн хэмжээний зарим нь хуульд зааснаас бага, зарим нь их байхаар тогтоосон нь ноцтой алдаа болсон байна.

Иймд юуны урьд Засгийн газрын 2016 оны 155 дугаар тогтоолын 2 дугаар заалтыг нэн даруй хүчингүй болгож хуулиудын заалтад үл нийцэх тогтоолын төслийг боловсруулж Засгийн газарт оруулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж энэ талаар УИХ, Засгийн газар, БОАЖЯаманд 2 дугаар сарын 2-нд МБОИЗ болон Монголын Мэргэжлийн Анчдын Холбооноос албан ёсоор хандсан ч одоо болтол ямар нэгэн хариу ирээгүй байна.

2012 онд батлагдсан Төлбөрийн тухай хуульд агнуурын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ хуучин хуулиар 60-70 хувь байсныг 80-90 хувь болгон нэмэгдүүлэх талаар тусгагдсан болохоос биш эрх бүхий байгууллага /Засгийн газар/-аас тогтоосон жишиг үнийг нэмэгдүүлэх заалт уг хуульд огт тусгагдаагүй. Гэтэл БОАЖЯам маань дур мэдэн хууль тогтоомжийн ямар ч үндэслэлгүйгээр гадаадын анчдад агнуулах, бариулах ан амьтны жишиг үнийг хуучнаас нь даруй 20 хувиар нэмэгдүүлсэн нь буруу болжээ. Жишээ нь Алтайн угалзын жишиг үнэ 20000 байсныг 24000 ам.доллар болгосон байна.

Эдгээр байдлыг дүгнэж үзэхэд Төлбөрийн тухай хуулиар нэмэгдүүлэхээр заасан төлбөрийн хэмжээг хуульд зааснаас нь бууруулж, хуульд огт дурьдагдаагүй жишиг үнийг нь нэмэгдүүлж хууль зөрчсөн байна. Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд хураамжийн хэмжээг хуучнаар нь буюу жишиг үнийн 20-30 хувиар гэж тусгагдсан байхад Засгийн газрын 155 дугаар тогтоолоор үүнийг өөрчилж мөн л хууль зөрчсөн байна. Энэ бүх зөрчил нь БОАЖЯаманд урд нь ан амьтны буюу агнуур зүйн мэргэжилтэй 2 хүн байсныг 2016 оны сонгуулийн дараа хоёуланг нь яамнаас халж мэргэжлийн бус шинэ хүмүүст уг асуудлыг хариуцуулсантай холбоотой гэж үзэхээс өөр аргагүй.

Хэрэв Төлбөрийн хуулийг зөрчсөн 155 дугаар тогтоолыг хүчингүй болгохгүй бол орон нутагт гадаадын анчдад ан агнуулж буй сумын Засаг дарга, агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч, гадаадын анчдад зуучлагч компаниудын хооронд төлбөр, хураамжийн тооцоог Төлбөрийн тухай хуулиар, эсвэл 2001 оны 264, 2011 оны 65, 2016 оны 155 дугаар тогтоолуудын альныг нь баримтлан хийж байх талаар маргаан үүсч, магадгүй шүүхдэлцэхэд ч хүргэж болох сөрөг үр дагавартай гэдгийг анхаарвал зохино. Жишээ нь зөвхөн Алтайн угалзан дээр гэхэд төлбөр, хураамжийг нь Засаг дарга нь 155 дугаар тогтоолын жишиг үнээр буюу 28800 ам.доллараар, агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч хуулийн этгээд, гадаадын анчдад зуучлагч компани хоёр нь 21000 ам.доллараар тооцно гэж маргалдахад хүргэж болзошгүй. Хэрэв хуульд зааснаар төлбөл 22000 ам.доллар болох ёстой.

Монгол орны болон дэлхийд ховордсон ан амьтдаа гадаадынхнаар агнуулах, бариулахдаа төлбөр, хураамжийг нь дутуу төлүүлдэг нь БОАЖЯам, Сайд Д. Оюунхоролын хувьд гэм биш зан болсон гэхэд нэг их хилсдүүлэг болохгүй.

Гадаадын анчдаас гадна Төлбөрийн хуульд ан амьтныг аливаа зориулалтаар гадаадад гаргасан бол төлбөр, хураамжийг нь бүрэн төлүүлэхээр заачихсан байхад шонхор барьж авч гарахаар жил бүр ирдэг Арабын шонхорчидоор төлбөр, хураамжийг нь Засгийн газрын 2009 оны 112 дугаар тогтоолд зааснаас хэд дахин багаар төлүүлэх, эсвэл тэдэнд бэлэглэсэн гэсэн нэрээр ямар ч төлбөр хураамж төлүүлэхгүйгээр улсын хилээр авч гарах зөвшөөрөл, гэрчилгээг нь олгосоор ирсний уршгаар 2015, 2016 онд улсад олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь нууц биш.

Нөгөө талаар дургүйд хүчгүй гэдэг шиг 2012 онд батлагдсан хуулийн заалтыг зориуд санаатайгаар хэрэгжүүлэхгүй явж ирсний харгайгаар мөн шонхорын төлбөр, хураамжаас улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан хариуцлаггүй албан тушаалтнуудаар Татварын ерөнхий хуулийн Татварын хөөн хэлэлцэх хугацаа гэсэн 14 дүгээр зүйлийн 14.1-д <<Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй>> гэж заасныг үндэслэн гэм буруутай албан тушаалтнуудаар улс /сумдын төсөвт/-ад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх нь шударга ёсонд нийцнэ.

Хууль тогтоомж зөрчсөн 155 дугаар тогтоолын төслийг боловсруулсан, хянасан, танилцсан, гарын үсэг зурсан БОАЖЯамны албан тушаалтнуудаас гадна уг тогтоолын төсөлд виз өгсөн ХЗДХЯам болон бусад яамд, ЗГХЭГазрын холбогдох нэгж, тэдгээрийн ажилтнуудын хариуцлагагүй үйл ажиллагаа нь одоо цагийн Мэргэжлийн гээд байгаа Засгийн газрын төрийн албан хаагчдын мэдлэг, чадвар, ажлын хариуцлага ямар болсныг харуулах нэг үзүүлэлт мөн гэдгийг дээр, дооргүй анхаарвал зохино.

Засгийн газрын 155 дугаар тогтоолын 1 дүгээр заалтад гадаадын анчдад 2017 онд 100 толгой цагаан зээр агнуулахаар тусгасан нь бас л гайхал төрүүлж байна. Учир юу вэ гэвэл гадаадын анчдад ан агнуулж ирсэн 50 гаруй жилийн түүхэнд 1 жилд буюу цагаан зээр агнуулах хуулийн хугацаа /9 дүгээр сарын 1-ээс 12 дугаар сарын 1 хүртэл/-нд 100 зээр агнуулж байсан түүх байхгүй. Харин 1 жилд 2-3, хамгийн олондоо жилд 5-6-г агнуулж байсан удаатай. Яагаад гэвэл зөвхөн цагаан зээр агнах зорилгоор ирдэг гадаадын анчид гэж байдаггүй. Харин зорьж ирсэн ан /угалз, тэх, буга гэх мэт/-гаа богино хугацаанд амжилттай хийчихээд 2-3 хоногийн хугацаа үлдвэл цагаан зээр, бор гөрөөс, гахай мэтийн ан амьтныг агнах тохиолдол хааяа гарч байжээ. Харин шонхор барихаар ирдэг Арабын орнуудын шонхорчидын зарим нь ямар ч зөвшөөрөлгүйгээр дур мэдэн цагаан зээрийг хэд хэдээр нь бүр зарим тохиолдолд 5 аргаль, угалз, 1 хар сүүлт зээр, 100-аад ногтруу зэрэг амьтныг хулгайгаар агнаж байсан шинэхэн баримт бий. 2017 онд агнуулах 100 цагаан зээрийг шонхор барихаар ирэх Арабын зочин, төлөөлөгчдөд агнуулах зорилгоор Засгийн газрын 155 дугаар тогтоолд тусгасан байж болзошгүй гэх хардлага төрж байна.

Эцэст нь хууль зөрчсөн 155 дугаар тогтоолыг даруй хүчингүй болгож хуульд нийцүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газар болон БОАЖЯамнаас дахин хүсье.

МОНГОЛЫН МЭРГЭЖЛИЙН АНЧДЫН ХОЛБОО

Categories
мэдээ нийгэм

“Наурыз 2017” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

Казахстан Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой болон «Наурыз»-ын баярыг тохиолдуулан “Наурыз 2017” хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.

Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Х.Баделхан, УИХ-ын гишүүн асан Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, УИХ-ын гишүүн асан, академич А.Бакей, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон Монгол Улсад суугаа Казахстаны иргэд уригдан оролцсон юм.

Уг арга хэмжээг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Та бүхний эртнээс уламжлан ирсэн баяр болох Наурызын баярыг тохиолдуулан Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул, Орхон аймаг бусад хот суурин газарт оршин сууж, ажиллаж амьдарч буй нийт Казах иргэд та бүхэнд нийслэлчүүдийнхээ өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Наурыз бол өвлийг өнтэй давж, удаан хүлээсэн хаврын урин цагтай учран золгосныг бэлгэдэн хотол олноороо амар мэндээ мэдэлцэх, ахмадуудаа хүндлэн, тэдний замналаас суралцаж, сургаалийг сонсох жил бүрийн өдөр шөнө тэнцсэн өдөр тохиодгоороо онцлог билээ. Наурызын баярт дэлхий ач холбогдол өгч, бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэхээр зарласан. Энэ дагуу Монгол Улсын төр засаг, хэвлэл мэдээллийн байгууллага өндөр ач холбогдол өгснөөр баярын утга агуулга өргөжиж байгаа бөгөөд уламжлалт, шинэчилэлтийг хослуулан хот хөдөөд өргөн дэлгэр тэмдэглэх боллоо. Монгол Улсын тэр дундаа Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, шинэчлэлт, өөрчлөлтийн бүх цаг үед ажилч хичээнгүй авьяас билэгт зорьсондоо тууштай Казахын иргэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсаар ирсэн. Казах иргэдийн дотор Улсын болон Хөдөлмөрийн баатар цолтон хөдөө аж ахуй, аж үйлдвэр, уул уурхай, барилга, эрүүл мэнд, соёл урлаг, шийнжлэх ухаан боловсролын салбараас олноор төрөн гарсныг энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна. Монгол Улсад аж төрж амьдран суудаг казах иргэд хэл, соёл, ёс заншлаа үндэсний уламжлалт төрхөөр нь эрхэмлэн хадгалж хойч үедээ өвлүүлэн уламжилж, орчин үетэйгээ хослуулан хөгжүүлж байгаа нь Казахын ард иргэдийн хичээл зүтгэл Монгол Улсын Засгийн газраас үндэсний цөөнхийн талаар явуулж ирсэн зөв бодлогын үр дүн билээ. Үндэсний уламжлалт Наурызын баяраа тэмдэглэж буй нийт Казах иргэд та бүхэн золгож буй шинэ жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэх өлзийтэй ерөөл дэвшүүлье” хэмээн хэллээ.

БНКазУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Калыбек Ибрагимулы Кобландин “Наурызын баярын хүрээнд түүх, хувь заяа нэгтэй хөрш Казахстан, Монголын харилцаа холбоо найдвартай түншийн түвшинд хөгжиж байгааг дурдах нь зүйтэй болов уу. Ирээдүйд ч хоёр орны маань хамтын ажиллагаа бэхжин гэдэгт итгэлтэй байна.Өнөөдрийн арга хэмжээнд тусгайлан ирж, баярыг маань хуваалцаж, дуу хуураа өргөн барьж буй Бүгд Найрамдах Казахстан Улсын Дорнод Казахстан мужийн филармонийн хамт олон, концертыг хамтран зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл, «Зиг-Заг» компани болон бусад байгууллага, иргэдэд талархлаа илэрхийлье” гэв.

2010 оны хоёрдугаар сарын 19-нд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейн шийдвэрийн дагуу, «Наурыз»-ыг олон улсын баяр болгон зарласан. Жил болгон дэлхийн олон орон, үүний дунд Монгол Улсад ч мөн Наурызын баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг билээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Үүний хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран сард нэг удаа иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулж байна.

Энэ удаагийн өдөрлөг маргааш буюу 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн “Мишээл” төв, Сонгинохайрхан дүүргийн “Драгон” төв, Баянгол дүүргийн ЗДТГ-ын байранд тус тус болно. Өглөө 9.00 – 17.00 цагийн хооронд болох юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Олимпийн 5-р байрын шагналт боксчин Э.Цэндбаатар хүнд зодуулан сэхээнд байна

Рио 2016 зуны олимпийн наадмын 5-р байрын шагналт, боксын спортын ОУХМ Э.Цэндбаатар өнгөрөгч амралтын өдөр буюу энэ сарын 18-19 нд шилжих шөнө бусдад зодуулж, хүнд гэмтэн ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт ухаангүй хүргэгджээ. Эх сурвалжийн мэдээллэж буйгаар үл таних согтуу залуус түүнийг зодож, улмаар приус маркийг автомашинаар хөөж мөргөн гэмтээжээ.

Тэд Хандгайтад байрлан, ирэх дөрөвдүгээр сард зохиогдох Тайландын Эзэн хааны цомын тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байсан байна. Тэд нэг багшийнхаа цолны баярыг тэмдэглэж байгаад хараа залуу тамирчид шөнийн 02:00 цагийн орчим Хандгайт дахь бэлтгэлийн баазаас оргон гарч хотын төвийн шөнийн цэнгээний газарт баяраа тэмдэглэж эхэлжээ.

Энэ үеэр шөнийн клубт байсан бүлэг залуустай маргаан өрнүүлж нударга зөрүүлсэн гэнэ. Улмаар таарамжгүй байдлаас үүссэн маргаан даамжирч боксын шигшээгийн тамирчдад зодуулсан халамцуу залуус биеэ барьж дийлэлгүй суудлын машинаар тамирчдыг элдэн хөөжээ. Энэ болчимгүй үйлдлийн уршгаар ОУХМ Э.Цэндбаатар өөрийг нь хөөж байсан залуусын приус маркийн машинд дайруулж зодуулжээ. Одоогоор Э.Цэндбаатар нүүрэндээ 32 оёдол тавиулсан, биеийн байдал маш хүнд, гурсаар хооллож байгаа гэнэ. ОУХМ Э.Цэндбаатар энэ жилийн УАШТ-ээр МУГТ Д.Отгондалайг илүүрхэн ялж, энэ онд зохиогдох Азийн АШТ, ДАШТ-д оролцох эрхээ авахаар бэлтгэл сургуулилтаа хангаж байжээ.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намын дотоод сонгуульд өрсөлдөгчид үнэмлэхээ гардаж авна

Ардчилсан намын дотоод сонгууль дөрөвдүгээр сарын 2-нд болно. 565 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн бөгөөд өнөөдөр 11:30 цагаас МҮЭСТО-нд нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулна. Эдгээр нэр дэвшигчдийн 511 нь Үндэсний бодлогын хорооны гишүүнд өрсөлдөхөөр бүртгүүлсэн бол 54 нь Нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад өрсөлдөхөөр болжээ. Нэр дэвшигчдийн үнэмлэхийг Ардчилсан намын удирдлагууд гардуулж өгнө.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын тохирлоор дөрвөн сая төгрөгийн долоон азтан тодорлоо

Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын сугалааны энэ оны хоёр дахь тохирлыг өчигдөр зохион байгууллаа.

Энэ удаагийн тохиролд 2017 оны 2 дугаар сарын 1-нээс 2 дугаар сарын 28-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2017 оны 3 дугаар сарын 18-ний 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн баримтуудыг хамруулав.

Сугалааны тохирлоор дөрвөн сая төгрөгийн долоо, 500 мянган төгрөгийн 105, 100 мянган төгрөгийн 974, 20 мянган төгрөгийн 9291 азтан тус бүр тодорлоо. Харин супер азтан тодорсонгүй.

Энэ удаагийн тохиролд 2017 оны хоёрдугаар сарын 1-28-ний хооронд худалдан авалт хийж, 2017 оны гуравдугаар сарын 18-ний 23.59 минутаас өмнө бүртгүүлсэн баримтуудыг хамруулсан юм.

Categories
мэдээ цаг-үе

З.Нарантуяа: “Хуралдай” бондын нөхцөл санхүүгийн үр ашгийн хувьд өмнөхөөсөө ашиггүй

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.


-УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж төсвийн тодотголыг хэлэлцэхгүй болж. Хаврын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэх юм байна. Евро бондын эргэн төлөлтийн асуудлыг шийдсэн хэмээн тайвширчихав уу гэж ойлголоо. Та харин ямар байр суурьтай байна вэ?

-Сангийн сайд төсвийн тодотголыг өргөн барина хэмээн мэдэгдэж байсан ч одоогоор өргөн бариагүй байна. Төсвийн тодотголоо өргөн бариагүй тул ээлжит бус чуулган зарлагдсангүй. Гишүүд ээлжит бус чуулган зарлагдана гэсэн хүлээлттэй байсан ч МаН-ын бүлгийн даргын хэлснээр төсвийн тодотголыг энэ сард хэлэлцэхгүй нь ойлгомжтой боллоо. Тиймээс хаврын чуулганд шилжиж байх шиг байна.

-Эдийн засаг ийм хүнд байхад хугацаа хожих нь эдийн засагтаа л нэмэртэй баймаарсан. Бондын эргэн төлөлтийн асуудлыг өөр бонд босгох замаар шийдсэн нь алгуурлах шалтгаан болох уу?

-Ямар шалтгаанаар төсвийн тодотголоо өргөн бариагүйг мэдэхгүй. Цаана нь өөр учир шалтгаан байх шиг байна. Евро бондын эргэн төлөлтийн нөхцлийг өөр бондоор сольсон нь бүх асуудал шийдэгдсэн гэсэн үг биш. Төлбөрийн тэнцлийн болон төсвийн алдагдал байсаар байгаа тул алдагдлыг нөхөх хувилбарыг шийдэлгүйгээр цаашид эдийн засгаа сэргээх талаар ярих ямар ч боломжгүй. Тиймээс Засгийн газар төсвийн тодотголоо яаралтай өргөн барьж хаврын чуулганы эхний өдрүүдийн хуралдаанаар хэлэлцэх байх гэж найдаж байгаа. -Өнгөрөгч долоо хоногт та болон танай бүлгийн зарим гишүүд ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нил Сакертай уулзсан. ОУВС-гийн төлөөлөгч уулзалтын үед ямар байр суурь илэрхийлсэн бэ. Хэдийгээр хөтөлбөрт хамрагдана гэдгээ тохирсон ч төсвийн тодотголоо заавал хийх ёстой гэдгийг хэлж байсан л даа?

-ОУВС-ийн Захирлуудын зөвлөлийн хурлыг дөрөвдүгээр сарын 10-нд хуралдуулахаар төлөвлөж байгаа бөгөөд хурлаас тав хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газар нэгдүгээрт, 2017 оны төсвийн тодотгол, дагалдах хуулиудаа баталсан байх, хоёрдугаарт, банкуудын үйл үйл ажиллагаанд хөндлөнгийн дүгнэлт гаргах аудитын байгууллагаа сонгосон байх, гуравдугаарт, Монголбанк төсвийн шинжтэй аливаа санхүүжилтийг гаргахгүй гэдэг баталгаагаа гаргаж, хөтөлбөрт хамрагдах хүсэлт захиагаа Засгийн газарт хүргүүлсэн байх тохиролцоотой гэдгийг хэлсэн. Тиймээс цаг хугацааны хувьд нилээд шахуу болсон байна.

-ОУВС-гийн төлөөлөгчөөс танай бүлгийн гишүүд ямар зүйлсийг илүүтэй сонирхов. ОУВС-гийн суурин төлөөлөгч юу гэж байх юм?

-Хөтөлбөрийн нөхцлийн хувьд Сангийн сайд мэдээлсэн. 440 сая ам.долларыг шууд Монголбанкинд байршуулж төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулж, валютын нөөцийг нэмэгдүүлэх гэж байгаа нь зөв гэж бодож байна. Мөн Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, БНСУ, Япон улсын засгийн газрын өгөх гурван тэрбум ам.долларын заримаар нь төсвийн алдагдлыг нөхөж, дотоодын өртөг өндөртэй Засгийн газрын бондын хүүгийн төлбөрийг бууруулж байгаа нь яах аргагүй хийх ёстой зүйл.

Харин Солонгос, Японы эх үүсвэрээр тодорхой төслүүдийг санхүүжүүлнэ гэж тохиролцож байгаа хэдий ч ямар төсөл гэдгээ тодруулаагүй, Засгийн газрын түвшинд шийдвэрлэнэ гэж байгаад АН-ын бүлэг шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Эдийн засгийн хувьд үр ашигтай, экспортын орлогыг нэмэгдүүлэх зөв төслийг сонгох нөхцлийг хөтөлбөртөө тодорхой тусгаж өгөхийг хүссэн.

Мөн ОУВС төсвийн хэмнэлтийн тал дээр бага анхаарсаныг асууж тодруулсан. Тухайлбал, төрийн байгууллагуудын урсгал зардлыг бууруулах, бүтцийн өөрчлөлт хийх талаар хөтөлбөрт огт тусгагдаагүй. Эсрэгээрээ нийгмийн халамжийн зардлыг хэвээр хадгалж, татваруудыг нэмж байгаагийн учир шалтгааны талаар харилцан ярилцсан.

Ерөнхийдөө валютын сангийн хөтөлбөрийн үр дүнг дүгнэж харвал Монгол Улсын эдийн засгийг урт хугацаанд эрүүлжүүлэх суурь өөрчлөлтүүдэд бага анхаарч, ойрын хугацааны гал унтраах тал руу илүү анхаарсан харагдаж байгааг хэлсэн.

АН-ын бүлэг ОУВС-ийн хөтөлбөрийг зарчмын хувьд дэмжиж байгаа хэдий ч хэд хэдэн зүйл дээр илүү үр дүнд хүргэх хувилбаруудыг анхаарч үзэхийг санал болгосон. Жишээлбэл, урсгал зардлыг танаж, хэмнэхгүйгээр хөрөнгө оруулалтын зардлыг царцааж байгаа нь дунд, урт хугацаанд эдийн засгийг боомилох муу талтай. Тиймээс дэд сайдууд, Засаг дарга нарын орлогчид, бүтцийн хувьд нийлүүлж болох агентлагуудын зарим удирдлагууд, сангууд гээд урсгал зардал их гаргаж байгаа үйл ажиллагаа, хөрөнгийн зардлуудыг танах нь оновчтой бодлого болно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн сонгуулиар амласан амлалтуудыг хэрэгжүүлэхээр хийгдэж байгаа нийгмийн халамжийн санхүүжилтүүдийг түр зогсоож, нөхцөл байдал сайжрахын хирээр хэрэгжүүлэх боломж байгаа. Хамгийн гол нь ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, амьжиргааны өнөөдрийн хүрсэн түвшинг аль болох бууруулж, муутгахгүйгээр бусад боломж нөөцөө ашиглахыг хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас шаардах нь зөв юм.

-Евро бондын эргэн төлөлтийг “Хуралдай” бондоор солих нь хэр зөв шийдэл вэ?

-Тулсан төлбөрөөс гарч, нэг удаадаа амьсгаа авч байгаа нь сайн ч яг эдийн засаг, санхүүгийн үр ашигтай байдал талаасаа ашиггүй хувилбар. Учир нь 100, 200 сая ам.долларыг нь ч гэсэн дотоод боломжоосоо төлөөд үлдсэн дүн дээр нь шинэ бонд гаргасан бол ашигтай байх байсан. Хүүгийн зардлын хувьд өмнөхөөсөө дордсон. Өмнө нь бондын жилийн хүү 5.5 хувь байсан бол энэ бондын хүү 7.7хувь болсон. Энэ бондын эргэн төлөлт 2024 онд хийгдэнэ. Нэг үгээр хэлбэл, энэ Засгийн газрын үед амсхийх боломж ч дараагийн Засийн газрын хувьд өрийн хэмжээ тэр хэвээрээ л үлдэж байна.

-Эдийн засаг хямралтай байгаа энэ үед татваруудыг нэмэх нь хэр оновчтой шийдэл вэ. Хувийн хэвшлийнхэн ихээр хаалга барьж байгаа үед дарамт болно гэж харах хүмүүс нэлээд байна?

-Татвар тус бүр дээр ярих нь илүү оновчтой байх. Төсвийн нийт орлогын хувьд татварын болон татварын бус аль аль бааз сууриа нэмэх шаардлагатай байгаа. Зарим төрлүүдийн татварыг нэмэх боломжтой. Гэхдээ тухайн төрлийн татварыг нэмсэнээр хэдэн хүнийг хамрах вэ, татвар төлөх боломжтой хүмүүст татвар тавьж байна уу, боломжгүй хүмүүс дээр нэмэлт дарамт болох гэж байна уу гэдгийг сайн тооцоолж үзэх хэрэгтэй. Жижиг хадгаламж эзэмшигчдийн хувьд татвар төлөх хүнд байх. Бензин, шатахууны импортын татварыг нэмлээ гэхэд шууд утгаараа тээврийн зардал дээр нэмэгдэнэ. Тиймээс шатахууны импортын татвар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг шууд нэмэгдүүлдэг тул өнөөдрийн нөхцөлд нэмэр болохоосоо илүү дарамт болж очно. Хөдөлгүүрийн багтаамж өндөр авто машинуудын татварыг нэмэхэд болно гэх мэт Засгийн газраас төсвийн тодотгол, дагалдаж батлагдах татварын хуулиудын төсөл өргөн баригдаагүй байна. Өргөн баригдсаны дараа нь сайтар судалж байж АН байр сууриа илэрхийлэх болно.

-Төсвийн хэмнэлтийн талаар?

-Төсвийн сахилга, хариуцлагыг сайжруулна гэж ярьж байгаа Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж байгаа. Гэсэн ч ярьж байгаа шигээ бодит байдалд хэмнэлтийг дорвитой хийгдэж байна уу гэвэл үгүй. Шилэн дансаа ч хөтлөхөө байсан. Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад асуулга тавиад гурван сар болж байна. Таг чиг л байх юм. Хаврын чуулган эхлээд сайдуудын төсвийн зарцуулалтын явц байдлын тайланг Төсвийн зарлагын хяналтын дэд хороогоор хэлэлцүүлнэ гэж төлөвлөж байгаа.

-Эдийн засаг хүнд байгаа ч нүүрсний үнэ нэмэгдсэн гээд сайн мэдээ дуулдах л юм. Эдийн засагт эерэг үр дүнгүүд хэр ажиглагдаж байна вэ. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болсон нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлсэн гээд байгаа шүү дээ?

-Нүүрс, зэсийн үнэ нэмэгдэж байгаа энэ үед тэдгээрийн экспортын хэмжээг нэмэгдүүлэх бодит боломжоо ашиглаж чадвал их хэрэгтэй байна. Энэ чиглэлийн төслүүдийг хөдөлгөх хувилбар дээрээ бүлгийн гишүүдийнхээ байр суурийг нэгтгэж чадвал цаг хожино. 2017 оны төсвийг батлахдаа таван том төслийг хөдөлгөн эдийн засгийн өсөлтийг гурван хувьд хүргэнэ гэж тооцсон. Гэвч Сангийн сайдын хэлснээр Гацууртын орд хөдөлж, бусад нь хөдлөхөөргүй болж байх шиг байна. Энэ Засгийн газрын хамгийн чухал ажил боловч ахихгүй байгаа нь харамсалтай.

-Сангийн сайдын хэлснээр төрийн албаны данхар бүтцийг багасгах шийдэл нь боловсрол, эрүүл мэнд, онцгой, цагдаагийн алба хаагчдаас хоёр хүн тэтгэвэрт гарахад оронд нь нэг хүн ажилд авах, бусад салбаруудаас тэтгэвэрт гарахад хүн ажилд авахгүй байхаар болсон байна лээ…

-Энэ хувилбарыг дэмжиж байгаа. Гэхдээ хэлбэрийн төдий биш чанарын хувьд төрийн албанд бүтцийн өөрчлөлт хэрэгтэй байгааг илүү анхаарвал сайн. Жилд хэдэн хүн тэтгэвэрт гардаг, тухайлбал 2017-2020 онд тэтгэвэрт гарах хүн хэд вэ, хоёр хүний оронд нэг хүн эргүүлж авахад хэдэн жилийн дараа төрийн алба байх ёстой хэмжээндээ хүрч очих вэ гэдэг тооцоонд суурилж бодох хэрэгтэй. Эрх баригч намынхан маань төрийн албанд сүүлийн дөрвөн жил 40-өөд мянган илүүдэл хүн шургалсан гэж улс төр хийх дуртай. Тэгвэл хөтөлбөрийн үр дүнд 40 мянган илүү орон тоо хэмнэгдсэн байх ёстой болноо доо.

-Төсвийн тодотголыг харж байхад Ерөнхийлөгчийн сонгуулийг угтчихав уу гэж хардаж болохоор байна. Учир нь халамжийн чиглэлийн мөнгөнүүдээ танаагүй байж нэмээд халамж өгч эхэлсэн байна л даа?

-Хардлага биш. Улс төр ойлгодог хүн бүр үүнийг тэгж харж байгаа. Тиймээс төсвийн тодотголоо хурдан хийж, эдийн засгаа эрүүлжүүлэх бодлого руугаа шууд орчихож чадахгүй байна. Сонгуулийн үр дүнг бодолгүй Сангийн сайдын хэлсэнчлэн улсаа нэгдүгээрт тавьж чадах байхаа гэж найдаж байна.

-Засгийн газар байгуулагдаад хагас жилээс хавьгүй их хугацааг үдсэн байна. Засгийн газрын үйл ажиллагааг та хэрхэн дүгнэх вэ?

-Би Засгийн газрыг удаан ажиллаж байна гэж их шүүмжилдэг. Харин сүүлийн үед энэ бодол өөрчлөгдөж байгаа. Засаг нь ажиллах гээд зүтгэж байхад бүлэг нь дэмжихгүй унагаж буй олон асуудал гарлаа. Сая л гэхэд Сангийн сайд төсвийн тодотгол бэлэн, Засгийн газар дэмжсэн, одоо УИХ-ын асуудал гэсэн боловч чуулган зарлагдсангүй. Тиймээс асуудал Засгийн газартаа биш бүлэгтээ байгаа юм уу гэсэн бодол төрөх болсон.

-Гэхдээ процесс өмнөх Засгийн газар, парламентиудын үед байсан л асуудал. Үүнийг шийдэх гарц нь юу вэ?

-Үндсэн хуулиар л шийднэ. Хоёр гурван асуудлын хүрээнд Үндсэн хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага бий болсон. Ялангуяа Засгийн газрын эрх мэдэл, Гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлж чадах чадамжийн хувьд үндсэн хуулийн зохицуулалтыг илүү боловсронгуй болгох нь чухал байна.

-Ардчилсан намын шинэчлэл явагдаж байна. Намынхаа тал дээр ямар байр суурьтай байгаа вэ. Ардчилсан намынхны хувьд нэгдэж чадаж байна уу?

-Намын гишүүд намын үзэл баримтлал, үнэт зүйлийг тойрч ярилцдаг, олон ургальч үзэлтэй байх нь зөв. Гэхдээ нам бүхэлдээ нэг л байгууллага тул эцсийн бодлого, шийдвэр дээрээ нэгдмэл байр суурьтай байж, зангидагдаж байх учиртай. Намыг дэмжигчид намаас гаргасан эцсийн шийдвэрийг л дэмжиж, сонгуульд саналаа өгдөг. Гэтэл манай намынханы хувьд зангидагдаж чаддаггүй нэг том дутагдал байна. Энэ дутагдал одоо ч ажиглагдаж байна. Өөр өөрийнхөөрөө зүтгэж, бие биедээ тулган шаардлага хүргүүлсэнээр хэн ч хожихгүй, эв нэгдэлгүй, удирдлага зохион байгуулалт муутай нам болгож харагдуулж байна. Ялангуяа дотоод асуудлаа нийгмийн дунд шууд л гаргаж, маргалдсаар нэрээ барж ялагдсан. Зөрчлөө намынхаа тогоон дотроо шийддэг соёл, журамд шилжиж, цаг үедээ тохирсон байдлаар шинэчлэлээ эрчимжүүлэхэд ялангуяа намын нэрийн өмнөөс нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болж байсан, төрийн өндөр албан тушаал хашиж байсан, энэ намын нүүр царай болж байсан хүмүүс маань илүүтэй анхаарч, манлайлж, намын удирдлагаа тойрч ажиллаасай гэж уриалмаар байна. Улс төрийн том намын хувьд их ялагдлын дараа намын удирдлагуудаа тойрч ажиллах цаг гэдгийг л ойлговол шинэчлэл шуурхай, үр дүнтэй явагдана. Жирийн гишүүд бидний хувьд намынхаа шинэчлэлд итгэл дүүрэн байгаа.

-Ардчилсан намынхан дотоод сонгуульд нэр дэвшигчдээсээ мөнгө авч эхэллээ хэмээн шуугиж эхэллээ. МАН-ын 60 тэрбум шиг 10 тэрбумыг босгох ажилдаа орлоо гэж шүүмжилж байгаа дээр ямар бодолтой байгаа вэ?

-Намын дотоод сонгуулийн явуулахад тодорхой хэмжээний зардал гарна. Ямар нэгэн байдлаар сонгуульт албан тушаалд нэр дэвшиж байгаа хүмүүс тодорхой хэмжээний дэнчин тавьж сонгуулийг санхүүжүүлэхгүйгээр ялагдсан намыг дэмжих хандивлагч нар олдохгүй.

Харин дэнчингийн хэмжээ тохирсон хэмжээ мөн үү гэдгийг тооцоон дээр суурилж, дотоод сонгуулийн хороо эргэж харах байх. Намын бүх гишүүдийн татвар гэхэд 268-хан сая л болох учраас сонгууль явуулахад хүрэлцэхгүй нь ойлгомжтой. Бие биенээ буруутгах өнцгөөс нь биш харилцан ойлголцох талаас нь асуудалд хандвал шийдлийн гарц байгааг дэнчинг эсэргүүцдэг талынхан маань ойлгоосой гэж хүсч байна.

Categories
мэдээ цаг-үе

Отчоос доктор хүртэл дөрвөн үеийн эмчтэй гавьяатынх

Сар шинийн өмнөхөн гавьяат болсон Б.Оюунбилэг эмчийнд өнжлөө. Гавьяатынх “Ногоон төгөл” хотхоны таван өрөө сууцанд амьдардаг юм байна. Ханаараа дүүрэн гэр бүлийн зурагтай зочны өрөөний томоо ширээн дээр сар шинийн идээ будаа, айраг цагаа дэлгэж, мөнгөн аяганууд өрсөн нь зочдын хөл тасраагүйг илтгэнэ. Эзэгтэй бууз жигнэж, гэрийн эзэн Ч.Чулуунбат гуай Булганы Могодын айргаар дайлангаа яриа хөөрөө дэлгэв. Гавьяатын аав нь ч мөн эмч юм байна. 80 гарсан гэхэд хөнгөн шингэн, цэцэн цэлмэг гэж жигтэйхэн энэ буурайг эрүүл мэндийн салбарынхан Буджав доктор гэхээр андахгүй. Бага залуудаа Ховд аймагт мэс заслын эмчээр ажиллаж байгаад хожим Эрүүл мэндийн яаманд томилогдон ирж, насаараа яаманд ажиллажээ. Буджав докторын аав нь эрдэмтэй чадалтай оточ хүн байж. Эм барьдаг, жижиг мэс засал хийчихдэг байсан гэнэ. Замкаменскт төрсөн буриад хүн аж. 1919 оны Октябрийн хувьсгалийн үймээнээс дайжиж ах дүүсээрээ Монголдоо иржээ. Буджав гуай охиныхоо аягалж өгсөн сүүтэй цайг оочлонгоо “Нийтдээ арав гаруй айл хуучнаар Түшээт хан аймгийн Төмрөнгийн гол гэдэг газар суурьшсан гэдэг. Одоогийнхоор бол Булган аймгийн Тэшиг сумын нутаг л даа. Аавын эртний овог гэвэл Тэртэ. Чингис хаанд дагаар орсон уулынхны нэг овог аймгийн нэр гэлцдэг. 1937-1939 оны хэлмэгдүүлэлтийн жилүүдэд Орос улсаас урвасан нэрийдлээр буриад айл бүрийн эрчүүдийг дайчлан баривчилж, Орост аваачиж, цөөн хэдийг нь цөллөж, бусдыг нь цаазаар аваачсан түүх бий.

Аав маань баривчлагдаад гурав хоногийн дараа буцаж ирсэн байдаг юм. Яагаад суллагдсан шалтгаанаа хэлэхгүй байсаар өөд болсон доо. Бага залуудаа их олон орноор аялсан мэдлэгтэй хүн байсан гэж мэдэх хүмүүс нь хуучилдаг. Аавын тухай нутгийнхны гаргасан шог яриа хүртэл бий шүү” гэж хэлээд хөгжилтэй инээв. Гэрийн эзэн Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул гэнэ. Эдийн засагч мэргэжилтэй, тэтгэвэрт гараад Бөхийн өргөөний аж ахуйг хариуцах болжээ. Эзэгтэй бууз таваглангаа “Манай хүн чинь их олон жил ном үзсэн. Аравдугаар ангиа төгсөөд ажилчин болж, дараа нь металистийн чиглэлээр ТМС-т суралцаж, сүүлдээ бүр санхүүгийн чиглэлээр дээд сургууль төгссөн хүн.

Бас даргын одонд төрсөн нөхөр. Оюутны зөвлөлийн дарга, оюутны байрны дарга, сургуулиа төгсөөд бас дарга хийсээр яваад насандаа суусан” гэж хэлээд инээдэм болов. Сонирхуулж хэлэхэд эдний таван хүүхдийн хоёр нь эмч, гурав нь эдийн засагч юм байна. Гавьяатын ээж нь бас эмч хүн байж. Насаараа нэгдүгээр эмнэлэгт эмчээр ажиллажээ. Гэрийн эзэн “Манай хоёр чинь заримдаа мэргэжлийн хэлээр ярина шүү дээ. Би ч дуугүй суухгүй. Монголоор орчуулаад яриарай гэсэн шаардлага тавина” гээд мушилзав. Хавдар судлалын төвд уруулын хорт хавдартай хүмүүс цөөнгүй ирдэг болсон гэх яриа содон дуулдав. Сонингийн цаасанд дүнсэн тамхи ороож татдаг хүмүүс уруулын хавдар тусах эрсдэл өндөр байдаг аж. Амандаа хадаас зууж ажилласаар байгаад уруулын хорт хавдар туссан мужаан ирж байсан гэнэ.

Таван хүүхдийнхээ гэр бүлийн зургуудаар зочны өрөөний нэг ханаа бүхэлд нь гоёжээ. Том охин нь Худалдаа, аж үйлдвэрийн танхимд хэлтсийн дарга хийдэг бол том хүргэн нь “Гурван гал” эмнэлгийг байгуулжээ. Хоёр дахь нь хүү. Нэгдүгээр төрөхөд эмчээр ажилладаг гэнэ. Гурав дахь хүү нь компьютерийн чигийн хүн юм байна. Дараагийнх нь охин гэр бүлээрээ татварын байцаагчид аж. Бага охин нь шүдний гажиг заслын эмчийн мэргэжил сонгожээ.

Буджав эмчийг Ховдод мэс заслын эмчээр ажиллаж байх тавь, жараад онд бэтэг өвчин их байж. “Бараг толгой дараалан шахуу байсан шүү. Маш олон хүнийг бэтгэнээс салгасан. Жараад онд бэтэгтэй хүн байхгүй болсон” гэж дурсав. Бас тэмбүү, заг хүйтэн өвчин элбэг байсан гэнэ. Бас жигтэйхэн томорч, бүдүүрдэг заандах гэж айхтар өвчин байжээ. 1955 онд Ховдод анх очиход нь хоёр л монгол эмч байсан гэнэ. Тэр үед ходоодны хорт хавдар их байж. Гэрийн эзэгтэй эмэгтэйчүүдийн хавдрын мэс заслын эмч юм байна. Хоол, цай бэлдэж дуусаад ширээний ард тухалсан Оюунбилэг эмч “Сүүлийн үед хавдар харьцангуй эрт үедээ оношлогддог болсон. Хортой хавдар дөрвөн үе шаттай. Эхний хоёр үедээ эдгэнэ. Нэгдүгээр үедээ бол 100 хувь эдгэрдэг өвчин. Эмэгтэйчүүдийн хорт хавдар гээд яривал эхний байранд умайн хүзүүний хорт хавдар ордог. Умайн хүзүүний хортой хавдарыг урьдчилан сэргийлж л үзүүлэхгүй бол ямар ч шинж тэмдэг илрэхгүй. Илрэхээрээ хүндэрчихсэн байдаг. Умайн хүзүүний хавдартай болсон хүмүүсийн бараг 80 хувь нь бэлгийн замаар авдаг хөхлөг вирусийн халдвараас үүдэлтэй. Ийм вирустай эрэгтэй хүнтэй харилцаанд орсон эмэгтэйд халдвар авснаасаа хойш хамгийн богинодоо гэхэд 4-5 жилийн дараа хавдар үүсдэг” гэж ярилаа. Гэрийн эзэгтэй 1981 онд анагаахын сургууль төгсөөд Цацраг туяа эмнэлэгт ажилд орж байснаа дурсав. Тэр үед цацраг туяа эмнэлэгт хэвтэхээр явж байгаа хүмүүсээ хөдөөгийнхөн уйлж гаргаж өгдөг байсан гэнэ. “Эргэж ирэхгүй нь гэж бодоод уйлж байгаа хэрэг л дээ. Багш маань хүний гавьяат эмч Янжин гэж мундаг хүн. Сү.Батболдын ээж. Дайчин гэж жигтэйхэн. Хавдрын хагалгаа их хүнд. Наанадаж зургаа, долоон цаг зогсоно. Удаан зогсохоор муужирч унана. Эхлээд шантардаг л байлаа. Ирсэн хүмүүс эдгэрэхгүй нас бараад байхаар элдвийн л юм бодно. Гэхдээ хавдартай, эрт үедээ оношлогдсон хүнийг эдгээгээд амьдрал бэлэглэх агшин их сайхан. Ер нь эдгээнэ гэсэн хүнээ хагалгаанд оруулна л даа. Янжин эмч, Дарь эмч хоёрыг хүмүүс их шүтнэ. Тэднийгээ хараад ийм гоё эмч болохсон гэж бодно шүү дээ” хэмээн ярив. Аав, охин хоёр нэг айлын хоёр хүнийг аварсан сонин сайхан түүхийг эднийд сонсов. Оюунбилэг эмч Жавзан гэж хүний хавдрыг эмчилж байжээ. Хожим аав нь баяр хүргэхээр ирэхдээ амийг нь аварсан Буджав эмчийн охин охиных нь амийг аварсныг мэдээд бөөн баяр болсон гэнэ. Цус алдаж ирж хавдрын эмч нарыг сандаргаж байсан Жавзан өдгөө Төв аймгийн Угтаал суманд амьдардаг юм байна. 37 кг хавдар авч шуугиан тарьж байсан мэс заслыг Оюунбилэг эмч хийж байж. Говь-Алтай аймгаас 37 настай бүсгүй элэгний хорт хавдартай гэсэн оноштой ирж л дээ. Тогоо шиг том гэдэстэй, олон сараар хоол ундандаа муу байсан бүсгүй турьгүй, тамирдуу гэж жигтэйхэн байсан гэнэ. Хамаатан садан нь найдваргүй гээд хүний тооноос хасахдаа тулсан тэр үед Оюунбилэг эмч оношийг нь зөв тавьжээ. “Дөрвөн жил болж байгаа гэхэд нь л хоргүй хавдар юм байна гэж бодсон. Тэгээд л яаралтай хагалгаанд оруултал хавдрыг нь дийлдэггүй. Чулуу шиг хүнд гэж жигтэйхэн. Өндгөвчний хоргүй хавдрыг элэгний хавдар гэж оношлоод удаачихсан юм билээ л дээ. Арай гэж хавдраа гаргаад авсан чинь өндгөвчний хоргүй чулуужсан хавдар байж билээ. Мэс заслын эмчийн ажилд нэг онцлог бий. Ганц өөрөө биш багаараа ажиллаж байж хүнээ эмчилж эдгээнэ. Норкозны эмч их чухал. Хагалгаа хэр зэрэг удаан үргэлжлэх, хэдэн цаг унтуулах, хүнийхээ жинд тааруулж хэмжээг нь гаргах гээд их нарийн тооцоотой” гэж ярихад аав нь ярианд оролцож “Норкозны эмч ийм мундаг хэрнээ ил гардаггүй нууц ноёнтон шүү дээ” гэв. Оюунбилэг эмчийн дүү норкозны эмч юм байна.

Тэтгэвэртээ гараад хувийн эмнэлэг байгуулах болсон шалтгаанаа “Хавдрын ганц эмнэлэгтэй учраас ачаалал их байдаг. Ачааллыг нь хагаслая гэж эмнэлгээ байгуулсан” гэж тайлбарлав. Оюунбилэг эмчийн байгуулсан “Оби” эмэгтэйчүүдийн эмнэлэг хажуугийн байранд нь ажилладаг юм байна. Гэрийн эзэн “Би найзууддаа эхнэртээ өвлийн хувцас авч өгөх шаардлагагүй болсон, ажил нь ойрхон болохоор амар юм аа гэж хошигнодог юм” гэж хэлээд мушилзав. Эмэгтэйчүүдийн хувьд өндгөвчний, хөхний хавдар удамшдаг бол эрчүүдийн тухайд түрүү булчирхайн хавдар удамших магадлалтай аж. Хоёр жил тутам хавдрын шинжилгээ өгөөд байхад энэ аюултай өвчнөөс сэргийлэх боломжтой гэсэн зөвлөгөөг Оюунбилэг эмч өгсөн юм. Бас анхны жирэмслэлт дээрээ үр хөндүүлвэл үргүй болох магадлал 60 хувьтай байдаг аж. Буджав эмч охиныхоо ярианд оролцож “Би урьдчилан сэргийлэх үзлэгийн нүүдлийн амбулаторийг эхлүүлж бий болгосон хүн. Ерээд онд мөнгөгүй гэсэн шалтгаанаар хаасанд их харамсдаг. Миний охины эмнэлэг урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг” гэж ярив.

Гэрийн эзний ажлын өрөөнд орлоо. Компьютер дээр хөзөр тоглож байгаад орхисныг нь гэрийн эзэгтэй “Манай хүний ой ухааны хамгаалагч нь. Баруунд элбэг тохиолддог альцгеймер өвчнийг монголчууд тусаад байдаггүй нь малчин ахуйтай холбоотой юм билээ. Хөдөө малаа нүдэлж хараалаад сууж байдаг хөгшчүүл зөнөх өвчин тусдаггүй юм байна л даа. Манай хүний оюунаа хамгаалдаг зэвсэг нь энэ” гэж хэлээд хөгжилтэй инээв. Унтлагын өрөөндөө бурханаа залжээ. Аав, ээжийнхээ хөргийг залсан энэ өрөөнд удам судрын яриа үргэлжлэв. Саяхан эзэгтэйн тал ургийн баяраа хийсэн гэнэ. Ээжийнхээ төрсөн газар Цамбагарав хайрханд мөргөж, хамаатан саднаараа цуглажээ. 500 гаруй хүн цугласан аж. Орныхоо хажууд хүүгийнхээ хэвлүүлж өгсөн календарийг өлгөчихөж. Хүү нь аав, ээж хоёрынхоо зургаар календарь хийлгэж бэлэглэсэн юм байна. Гэрийн эзэн, эзэгтэй хоёр ээжүүддээ зориулж ном бүтээснээ сонирхуулав.

Эзэгтэйн аавын өрөөний үүдэн дэх гүйлтийн зам нүдэнд тусав. 88 хүрч яваа Буджав доктор мото спорт, волейболийн мастер цолтой шаггүй тамирчин юм байна. Ануухан яваагийн учир нь спорт аж. Оюунбилэг эмч ч спортод дуртай, сагсан бөмбөгийн мастер гэнэ. Наймдугаар ангид байхдаа багаараа улсын аварга болж тэр үедээ шуугиан дуулиан болж явж. Буджав эмчийн өрөөнд амьдралынх нь түүхэн агшнуудыг мөнхөлсөн гэрэл зургуудыг томоо цаасан дээр хэвлэж өлгөжээ. Хувцасны шүүгээнийх нь дээр “2017 он. Хүүхдийн шинэ хувцаснууд” гэсэн бичигтэй хүрэн чемодан тавьсан нь нүдэнд тусав. Ач, зээ, гуч олонтой учраас бэлгийг нь жилийн өмнөөс бэлдээд эхэлдэг гэнэ. Хүүдүүдийнхээ төрсөн өдрүүдийг зургадугаар сарын 1-нд бөөндөж нэг өдрийг хүүхдүүдээ зориулдаг гэж гэрийн эзэн сонирхуулав. Төрсөн өдрийн, амжилт гаргасны, хүүхдийн баярын гээд гурван бэлгийг том жижиг гэж ялгахгүй өгч, ресторанд орж, хүүхдүүдийнхээ бэлдсэн концертыг үзэж тэр өдөржин бужигнацгаадаг юм байна. Зуны дэлгэр цагаар хүүхдүүдтэйгээ гэрийн эзний төрсөн газар очиж ундаалж өссөн рашаанаас нь ууж гурав хоног амардаг нь эдний гэр бүлд уламжлал болжээ.

Гэрийн эзний хобби нь бөхийн ном. Зочны өрөөнийхөө ханын шүүгээнд өрөөстэй бөхийн номнууд нь бүгдээрээ зохиогчийн гарын үсэгтэй гэдгээрээ үнэ цэнэтэй эд аж. Зочны өрөөний хананд XIX-XXI зууны үндэсний бөхийн аваргуудын зургийг жаазалж өлгөсөн нь хэний ч нүдэнд тусахаар содон харагдана. “Цэрэнтогтох аварга бид хоёр бол нэг үеийн сайхан найзууд байсан. Бөхчүүдийн нэг сайхан чанар нь хүнийг ялгахгүй дээ. Ухаантай, холын бодолтой хүмүүс байдаг. Яг бөхийн холбооондоо ороод ажиллахаар их өөр юм аа. Бөхчүүд жудагтай, дэг журамтай нь илүү тод анзаарагддаг юм байна. Бөхийн өргөөнд ороод ахмад бөхчүүдийнхөө өмнө суухгүй. Хоол унд идэхдээ ч дэг ёс хүндэтгэлтэй” гэж байна. Найдлага тавьж явдаг бөхчүүдийг нь сонирхоход “Санжаадамба аваргыг дархан аварга болох байх гэж найдвар олон дунд байдаг. Удаах нь Пүрэвдагва. Бас Бүрэнтөгс байна. Өндөр цолонд хүрэх магадлалтай бөхчүүд. Дархан аваргийн хэмжээнд л гэж хэлж байгаа шүү дээ” гэсэн хариу өгөв. Сонирхуулж хэлэхэд Бөхийн өргөөнд жилдээ урлагийн 65 тоглолт, бөхийн дөчөөд барилдаан болдог юм байна.

Эдний эрхэмлэн хадгалж явдаг хуучны эд нь гэрийн эзний угж. Бярууны эврээр хийжээ. Хориод грамм сүү орохоор жижигхээн эвэрний үзүүрт даавуу углаад угждаг байж.

Яриа хөөрөө өрнүүлж суутал гэрийн эзэн “Өө охиноо хичээлээс нь авахаа мартаж” гэсээр яаран гарав. Удсан ч үгүй өндөр цагаан охин дагуулсаар ороод ирэв. Таэквондогийн өмсгөлтэй Ариунзаяа охин хоёрдугаар ангид сурдаг гэхэд тавдугаар ангийн гэмээр нуруулаг юм. Эмээ нь “Аав нь бараг хоёр метр шахуу өндөртэй болохоор” гэсэн тайлбар хийв.

Оюунбилэг эмч өрх толгойлсон 500 гаруй эмэгтэйд үнэ төлбөргүй шинжилгээ хийж буян үйлджээ. Шинжилгээгээр хорт хавдрын таван тохиолдол илэрсний дөрөв нь эрт үедээ оношлогдсон гэнэ. Хавдрын урьдал үеийн дал, наяад тохиолдол илэрсэн юм байна. Удахгүй 65 дээш насныхныг үнэ төлбөргүйгээр үзэж эхлэхээр болж. Удам дамжсан эмч нартай, сав л хийвэл эрүүл мэндийн чиглэлийн яриа хөөрөө өрнөчих гээд байдаг, яриа хөөрөө, унд устай Ч.Чулуунбатынх саяхан гучаа угтаж авчээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Төрийн тэргүүний гадаад бодлогод “Ардын эксперт”-үүд дээд оноо өглөө

Монголын медиа корпорациас зохион байгуулж буй “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх хэлэлцүүлэг “Чингис” зочид буудлын хурлын танхимд энэ сарын 6-нд боллоо. Энэ удаагийн зөвлөлдөх хэлэлцүүлэгт хөндлөнгийн “МЕС” судалгааны төвийн санамсаргүй түүврийн аргаар сонгосон 450 иргэн (Ардын эксперт) оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн найман жилийн ажилд 1-10 хүртэлх оноогоор үнэлгээ өгсөн юм. Хэлэлцүүлэгт оролцогчид энэ хугацаан дахь гадаад харилцаа, батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын чиглэлээр ямар санаачилга гаргав, ямар үр дүнд хүрэв, Монгол Улсын нэр хүнд гадаад ертөнцөд ямар хэмжээнд үнэлэгдэж байна гэдэгт үнэлгээ өглөө. Зөвлөлдөх санал асуулгын явцад Төрийн тэргүүний тайланг сонсч, мөн эсрэг санаа бодол, сөрөг үнэлгээ бүхий нийгмийн хэсгийнхний үгийг тэнцвэртэйгээр хүлээн авч, жижиг бүлгүүдэд хуваагдан хэлэлцэж, асуулт тодруулга авсны дараа нууц санал хураалтаар оноогоо өгсөн байна.

Мөн энэхүү үнэлэлт, оноо өгөх явцыг хараат бус, хөндлөнгийн “МЕС” судалгааны төв хяналт тавьсан бөгөөд нууц санал хураалтад оролцсон нийт иргэдийн үнэлгээг нэгтгэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 10-аас 8.9 оноо авчээ. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч иргэддээ тайлан тавиад зогсохгүй анх удаа санамсаргүй түүврээр сонгогдсон иргэдээр зөвлөлдөх ардчиллын механизмын дагуу оноогоор үнэлүүллээ.

МЕС судалгааны төвийнхөн санамсаргүй түүвэрлэлт хийхдээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Киш Грид”-ын аргыг ашигласан юм байна. Монголын медиа корпорацийн зүгээс “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах бусад сэдвээр ч зөвлөлдөх хэлэлцүүлэг өрнүүлж, иргэдээр оноо өгүүлэх замаар дүнг нэгтгэн гаргах ажээ.

М.ЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Нийт гишүүд, хэрэглэгчдийн анхааралд

THE GLOBAL LANGUAGE OF BUSINESS

БИЗНЕСИЙН ГЛОБАЛ ХЭЛ

“GS1 Mongolia” (Дэлхийн стандарт нэг монгол нийгэмлэг НҮТББ) нь Бельгийн Брусель хотноо байрладаг, дэлхийн 112 улсыг гишүүнчлэлдээ нэгтгэсэн олон улсын GS1 байгууллагын албан ёсны гишүүнчлэлтэйгээр “865” бүхий зураасан кодыг Монгол улсад олгох, хэрэгжүүлэх онцгой эрхтэй цорын ганц итгэмжлэгдсэн төлөөлөгч бүхий байгууллагаар томилогдон ажиллаж байгаа билээ.

GS1-ын төв байгууллагатай хийсэн барааны тэмдэг, зохиогчийн эрх болон гишүүнчлэлийн гэрээгээр “GS1 Mongolia” нь 865 префикс болон GS1-ын лого, тэмдэг, тэмдэглэгээнүүд, цахим хуудас, домайн нэр, гишүүд, хэрэглэгчдийн зураасан код бүхий мэдээлэл, цахим болон хэвлэмэл ном, гарын авлага, танилцуулга, эмхэтгэл, товхимолуудыг эзэмших, ашиглах онцгой эрхтэй болно.

Иймд та бүхэн доорх хаягаар хандан өөрсдийн бараа, үйлчилгээндээ олон улсын хэмжээнд хүчин төгөлдөр, бүртгэл бүхий стандарт зураасан кодоо авна уу.

Холбогдох хаяг: ХУД, 19-р хороолол, 3-р хороо,

“Морьтон” цогцолбор, 9 давхарт,

Утас: 77 000 865, 9901 9141
Мэйл: info@gs1mn.org

FB: https://www.facebook.com/GS1Mongolia/
Вебсайт: www.gs1mn.org