Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Хямралыг давахад ард түмэн биш, төр бүсээ чангална

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төрийн захиргааны төв болон захиргааны байгууллага, төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өглөө.

Тэрээр,

-Монгол төрийн түшээд, төрийн албан хаагчид Та бүхнийхээ энэ өдрийн амрыг эрэн мэндчилье.

Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод 8 сар, манай Засгийн газар танхимаараа бүрдээд 7 сар гаруй болжээ.

Өнгөрсөн хугацаанд хийснээ, амжуулсан ажлаа харвал манай танхим субботникийн Засгийн газар байлаа гэж би хувьдаа дүгнэж байгаа. Энд би бүгдийг нь биш, гуравхан жишээ хэлье.

Нэгдүгээрт.

Манай улс сүүлийн дөрвөн жилд таван өөр төсөвтэй явж ирснийг нэгтгэж нэг төсөвтэй, санхүүгийн нэг дүрэм, сахилга баттай болголоо. Биднийг ажил авахад Монгол Улсын төсвийн алдагдал дэлхий олон орны хувьд тааруухан жишээ болгон яригдаж байлаа.

Энэ бол Монгол Улсын мөнгө, ард түмний төлсөн татварыг талаар нэг тарааж, хяналтгүй, дур зоргоороо цацаж ирсний гор юм. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, зорилго, зориулалтдаа ахадсан гоё сайхан нэртэй бондууд, концесс нэрийн дор ард түмний татвар, авчирсан зээл, хэвлэсэн маш их мөнгөө ямар ч хяналт, тооцоо судалгаагүйгээр зарцуулж цацсан байна.

Жишээ нь 2012-2016 онд Архангай, Хөвсгөл аймгийн төвд автозам тавьжээ. Хөвсгөл аймгийн төвд долоон км замыг долоон тэрбум төгрөгөөр тавьсан байхад, үүнтэй яг адилхан нөхцөл, хэмжээтэй 7 км замыг Архангай аймагт 3 дахин их өртгөөр буюу 21 тэрбум төгрөгөөр тавьсан байх жишээтэй. Үүний зөрүү мөнгө хаачсан, хаашаа орсон бэ?Увс аймагт гэхэд 8 тэрбум төгрөгийн өртөг бүхий замыг төр, засгийн ямарч шийдвэргүй, гэрээ хэлцэлгүй барьсан байна. Монголын төр шийдвэрээ гаргаагүй байхад 8 тэрбум төгрөгийн ажил хэний зөвшөөрлөөр, яаж гарав аа!

Бид ажил авсны дараагаас эдийн засгаа сэргээх, төсөвт хэмнэлт хийх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогыг шат дараатай хэрэгжүүлж эхэлсэн. Үр дүн ч гарсан. 2016 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр 2012 оноос хойш 4 жилийн турш тасалдаж ирсэн төсвийн орлого анх удаа 504 тэрбум төгрөгөөр даван биелж, алдагдалтай явсан гадаад худалдаа 1.6 тэрбум долларын ашигтай, гадаад валютын нөөц сүүлийн 4 жилд мөн анх удаа өсөлттэй гарсан нь манай Засгийн газрын хүлээж авсан хүнд үеийн хямарсан эдийн засагтай харьцуулахад чамлахааргүй үзүүлэлт юм. Энэ бол сэтгэл, зүтгэл байгаад гар, сэтгэл нийлбэл богино хугацаанд бага ч гэлээ эерэг үр дүн гаргаж болдгийн жишээ юм.

Хоёрдугаарт

2017 оны гуравдугаар сард төлөх ёстой 580 сая долларын хугацаа тулсан өр зээлээ Монгол Улс төлж чадах уу, чадахгүй дампуурлаа зарлуулах уу гэсэн ард түмэн болон олон улсынхны эргэлзээ, тээнэгэлзээ дунд бид анх ажил авсан. Харин өнөөдөр Монгол Улс хугацаа тулсан бондын өргүй болж, 580 сая ам.долларынхаа өрийн асуудлыг бүрэн шийдэж, улмаар жолоо цулбуургүй мэт уруудаж явсан эдийн засагтаа ч, итгэл алдраад гараад явчихсан гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө ч ногоон гэрэл асааж чадлаа. Энэ бол хоосон яриа, улс төрийн PR биш нь ердөө хэдхэн хоногийн өмнө олон улсын санхүүгийн зах зээл дээр гаргасан Засгийн газрын 124 сая ам.долларын захиалгатай бондод гадаадын хөрөнгө оруулагчид 3.3 тэрбум ам. долларын санал ирүүлснээс бэлээхэн харагдаж байна.

Гуравдугаарт

Бид удахгүй, энэ сардаа багтаад БНХАУ-ын “Чалько” компанид Монгол Улс удтал төлж ирсэн нүүрсний сунжирсан өрийг бүрэн барагдуулж дуусгана. Ингэснээр Монголын ард түмнийг хэдэн арван жил тэжээх Тавантолгойн ордын өрөм нь болох Зүүн Цанхийн нүүрс долоон жилийн дараа Монгол Улсдаа, Монголын ард түмний мэдэлд эргэн ирж байна. Зүүн Цанхиас олборлож борлуулсан нүүрсний ашиг одоо Монгол Улсынхаа төсөвт орно.

Манай Засгийн газрыг байгуулагдаж байх үед Тавантолгойн нүүрсний үнэ 27 ам.доллар байсан. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ одоо өсч байгаа нь үнэн. Гэхдээ нүүрсний үнэ өнөөдрийнхөөс ч өндөр байхад тонн нүүрсээ 33 ам. доллараар өгөөд сууж байсан 2 жилийн өмнөх алдааг давтах эрх бидэнд байгаагүй. Тийм учраас бид нүүрсний үнийн өсөлтөд бүхнээ даатган гар хумхин зүгээр суулгүй Тавантолгойн ордын нүүрс борлуулах дуудлага худалдааг ил тод, нээлттэй явуулж, үр дүнд нь Монгол Улсын түүхэнд хамгийн өндөр буюу нэг тонн нүүрсээ 72.5 ам.доллараар борлууллаа. Энэ бол үнийн өсөлтөөс гадна зөв менежмент үр дүн юм. Цаашид ч өрсөлдөөний энэ зарчмаа баримтална.

Сая дурдсан гурван ажлын эхлэл, бас түүх нь манай Засгийн газартай шууд хамааралгүйг та бүхэн мэднэ. Гэвч монгол төрийн залгамж чанараар эдгээр ажлыг нугалах, өр дарах менежментийг ч, субботникийг ч манай Засгийн газар хийж ард нь гарлаа.

Манай Засгийн газар ажлаа эхэлж байсан үетэй харьцуулахад бидний өмнөх замд гэрэл сүүмэлзэж, Монголын ард түмэн, Монголын Засгийн газар бодит зорилготой, явах тодорхой зүгтэй боллоо. Улсаа автомашинтай, эдийн засгаа шатахуунтай нь зүйрлэбэл асаад удчихсан бензинийх нь шар гэрэл унтарсан. Гэхдээ манай улсын эдийн засаг эмнэлгийн сэхээнээс гарч, ердийн тасагт шилжсэнээс бус, хүнд үе нь дуусаагүй байна. Харин ч шийдвэрлэх олон алхмын өмнөх босгон дээр бид байна.

Одоо ачааны хүнд, ачааллын их нь монгол төрийн албат та бүхэн дээр эхэлж буух гэж байна. Эдийн засгаа сэргээх, эргэлтийн үеийн хамгийн хүндийг үүрэх их ажил, төр өөрөө бүсээ чангалахаас, төрийн албаныхан та бид хэмнэхээс, төрийн тансаглалыг зогсоохоос эхэлнэ. Эх орныхоо төлөө эр зориг гаргах, өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард түмнийхээ өмнөөс тэвчээр заах ээлж монгол төрийн албатууд та бидний өмнө ирж байна.

Төр бол ард түмэндээ нийтэд нь үйлчлэх, нийгмийн зорилтот хэсгээ халамжлах үүрэгтэй. Тэр үүргээ биелүүлэх хүрээнд манай Засгийн газар ахмадууддаа 500 мянга хүртэлх төгрөгтэй тэнцэх “Насны хишиг” олгож байна. Одоо манай ахмадууд тэтгэврээ хүүтэй зээлэх биш, хүүгүйгээр урьдчилж авч болдог болсон. Хувийн хэвшлээ дэмжиж импортыг орлох нэр бүхий дөрвөн салбарын аж ахуйн нэгжүүдийг нэг хувийн татвартай болголоо.

Оюутан залуус маань гэр бүлд нь хамгийн их дарамт болдог сургалтын төлбөрөө төгсөөд ажил хийж олсон орлогоосоо 10 жилийн турш цувуулж төлөх болзол бүхий сургалтын зээлийн сантай болсон.

УИХ-ын сонгуульд амлаж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхийн Нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлж, “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, эхчүүдийн улсад ажилласан жилийг төрүүлсэн хүүхдийн тоогоор 1.5 жилээр нэмэгдүүлж тооцохоор боллоо. Нийтийн төлөө, нийгмийн шинжтэй эдгээр арга хэмжээний зарим нь хэрэгжээд эхэлсэн.

Манай улс эдийн засгаа хямралаас гаргах ОУВС-ийн дэмжлэгтэй, хөтөлбөртэй, эдийн засгаа сэргээх, тогтворжуулах товлосон цаг хугацаатай болно.

ОУВС монголчууд бидний хувьд шинэ ойлголт, шинэ нэр биш. ОУВС Монгол Улсын эртний сайн түнш. Манай улсад олон удаа хөтөлбөр хэрэгжүүлсэн. Анх 1991 онд манай иргэд хувьдаа өмчгүй, хадгаламжгүй, дэлгүүрийн лангуунд давснаас өөр бараагүй байсан үед ОУВС “Монголд хандивлагчдын хөтөлбөр”-ийг анх хэрэгжүүлсэн. Амжилттай хэрэгжүүлсэн энэ хөтөлбөрийн үр дүнд манай улсын эдийн засаг сэргэж, хандив хүлээн авагч орноос хандивлагчийн эгнээнд шилжсэнийг бид мэднэ. Монголын эдийн засаг өнөөдөр гүн хямралтай байгаа ч гэсэн бид эргээд хандив хүлээн авагч орон болтлоо уруудан доройтчихоогүй байна. Хамгийн сүүлд 2009 онд дэлхийн эдийн засгийн хямралын үед ОУВС манай улсад “Стэнд бай” хөтөлбөрөө хэрэгжүүлсэн. Үр дүнд нь дэлхийн нийтийг хамарсан эдийн засгийн хямрал дундаас Монгол Улс бараг ганцаараа эдийн засгийн 17 хувийн өсөлт үзүүлсэн. Өнгөрсөн түүхийг харахад санхүүгийн сахилга бат сайтай, эдийн засаг нь өсөлттэй явсан он жилүүд болох Д.Бямбасүрэн, П.Жасрай, Н.Энхбаяр, С.Баяр, С.Батболд нарын Засгийн газрын үед манай улс ОУВС-гийн дэмжлэгийг авч, хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Гэхдээ Монгол Улс өнөөдөр ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар бүх юм сэргээд, тэндээс бөөн мөнгө гэнэт цутгаад, төсвийн алдагдлыг нөхөөд явчих юмшиг санавал эндүүрэл болно. Хэдийгээр ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдлаа ч бидний саяхны мэдэх 17 хувийн өсөлт манай эдийн засагт ирэхэд дэндүү хол байна. Яагаад гэвэл өнгөрсөн жилүүдэд манай эдийн засаг унаж, хямарч болох хамгийн доод төвшиндөө хүртэл, үүнээс цааш газар үгүй болтлоо унасан. Тийм учраас манай Засгийн газар ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ цаг ямагт ухамсарлаж, алдах эрхгүйгээр ажиллах ёстой. Хямрал, өрийн энэ ангалаас бид өөрсдийн чармайлт оролдлогоор гарч, эдийн засгаа эрүүлжүүлэх, улмаар эргүүлэн сэргээхэд ОУВС-гийн дэмжлэг, хамтын ажиллагаа бидэнд хэрэгтэй. Энэ боломж нь юуны түрүүнд ОУВС өөрийнхөө хөтөлбөрөөр Монголд хөрөнгө оруулагчдад баталгаа өгч байгаагаар эхний үр дүнгүүд харагдана. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хуурч авчраад хөөдөг, хөрөнгийг нь улсад хурааж олон улсад найдваргүй түншид тооцогдсон ангиллаас Монгол Улс ОУВС-ийн батлан даалтаар гарах гэж байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр сар, улирал, хагас жилийн дараа ОУВС ээлжит дүгнэлтээ гаргаж, Монгол Улсын засаглал, санхүү, банкны систем хэрхэн сахилгажиж, зөв урагшилж байгааг олон улсад тайлагнана.

Ингэснээр Монгол Улсын рейтинг, зээлжих зэрэглэл олон улсын санхүүгийн зах зээл дээр сэргэнэ, дагаад хөрөнгө оруулалт нэмэгдэнэ, хувийн хэвшлийнхний бизнес, ажил үйлсэд бодитой ахиц, эерэг өөрчлөлт гарч эхэлнэ. Манай танхим хөрөнгө оруулагчдаа хуурдаг, хөөдөг биш, харин эрх ашгийг нь хамгаалдаг Засгийн газар байх болно. Тийм үүрэг бүхий “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл”-ийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяанд байгуулан ажиллуулж байна.

Монголд хөрөнгө оруулалтыг дуудаж авчрах боломж өнөөдөртөө зөвхөн уул уурхайд л байна. Газрын баялгаа хамтарч ашиглаж, тэндээсээ мөнгө олж л дутуугаа нөхөж, дундыгаа дүүргэнэ. Бидэнд баялаг нь байвч мөнгө, технологи байхгүй. Хожмын өдөр технологитой үлдэхийн тулд мөнгө хэрэгтэй. Хойч үе мөнгөтэй болохын тулд технологи сурах учиртай. Энэ гурван сонирхол гурвуулаа нийлэхээс л өөр замгүй. Хэрвээ манай улс дэлхийгээс мөнгө татаж хөгжих нь үнэн л юм бол бид дэлхийн стандарт бүхий төсөв, санхүүгийн дэг журамтай байх ёстой. Ийм стандартыг тогтооход ОУВС-гийн хөтөлбөр, хамтын ажиллагаа тус болно.

Монголчууд бид саалиа бэлдэхээр саваа бэлдэхийг эрхэмлэдэг ухаант ард түмэн. Хэрвээ гадаадын хөрөнгө оруулалтыг “сааль” гэж үзвэл түүнийг шингээх “сав” болох таатай орчин нь дэлхийн стандарт бүхий төсөв, санхүүгийн дэг журам, сахилга бат юм. Газраа ухахын оронд боловсролоо хөгжүүлж, өндөр технологи нэвтрүүлж хөгжсөн нь дээрээ гэж зарим нь ярьдаг. Гэтэл иргэдээ боловсролтой болгоход их мөнгө, өндөр технологитой болгоход үлэмж их хэмжээний хөрөнгө хэрэгтэй. Тийм хэмжээний мөнгийг өнөөгийн нөхцөлд ганц уул уурхайгаас л олно. Хүнээ эрүүлжүүлж сайхан амьдаръя, урт наслая, сайн эмч нар бэлдэе, гадаадад эмчлүүлэх гэж хамаг хөрөнгөө зөөдгөө больё гэж бүгдээрээ ярьдаг, үүнтэй санал нэг байна. Гэтэл агаар бохирдуулахгүйн тулд хямд цахилгаан хэрэглэхээс эхлээд, эрүүл амьдрах, сайн эмч бэлдэхэд мөнгө хэрэгтэй. Тэр их мөнгийг бид 60 сая малаа бүр 120 сая болгож шууд зараад ч олохгүй. Харин хөдөө аж ахуйгаа ашиг шимээ өгдөг шинэ цагийн бизнесийн салбар болгон хөгжүүлэх нь манай улсын ирээдүйн орлогын найдвартай эх үүсвэр байх болно. Ингээд л бидний бүх хүсэл мөрөөдөл бүхэн, сайхан зорилго болгон ганцхан мөнгөн дээр ирээд гацаж байгаа бөгөөд мөнгөний эрэл нь уул уурхайн ирмэгт тулаад зогсож байна. Уул уурхай нь орчин цагийн технологи, хүчирхэг хамтрагч нэхэж байгаа.

Өнгөрсөнтэйгөө холбохгүйгээр өнөөдрийг дүгнэх аргагүй, өнөөдрийн шалтгааныг өчигдрөөс эрэхээс өөр замгүй гэдэг. Өнөөдөр манай улс мөнгөгүйн зовлондоо эдийн засгаа сэргээж чадахгүй байгаа бол, анх мөнгөтэйн зовлондоо цатгалдаж одоогийн хямралд хүрсэн нь гашуун үнэн. Үүнийг хувь заяаны шоглоом ч гэж болох. Өнөөгийн хямрал бидний эдийн засагч бус сэтгэлгээнээс үүдсэн хямрал юм. Хэдэн төгрөгний бараа хараад олсноо баруун, солгойгүй цацаж, хавьтсантайгаа муудалцан хүнээ байсан мулгуугийн үлгэрийг л бид давтсан. Бид олсноо үрээд, хуваагаад дууссан ба эцэст нь хоосорсон эдийн засаг, улстөржиж талцсан олон түмэн хоёр л үлдсэн.

Гэхдээ “Өнгөрсөн түүхийн ололт ч миний багш, алдаа ч миний багш” хэмээн мэргэд сургасан.

Олон түмэн юуг илүүтэй хүсч байна вэ?. Иргэд амьдралдаа сэтгэл хангалуун байна уу? гэдэг асуулт бидний өмнө байна. Төр мөнгөтэй байж гадаадын хөрөнгө оруулалтыг татахад эдийн засгийн таатай орчноос дутуугүй чухал өөр нэгэн хүчин зүйл бол нийгмийн шударга ёсны асуудал юм. Монголын ард түмэн шударга нийгэм, хүчтэй төрийг мөнгөнөөс илүүтэй хүсч байгааг би Ерөнхий сайдын хувьд ч, энэ улсын иргэний хувьд ч мэдэрч байна. Энд би хүчтэй төр гэж олон зуун цэрэг цагдаагаар хамгаалуулах, хэн нэгэн рүү төрийн сүр хүчийг үзүүлэх тухай яриагүй ээ. Ардчилсан нийгэмд төрийн хүч олон түмний итгэл, хүндлэлээр илэрхийлэгддэг. Олон түмний итгэлийг дааж, хүндлэлийг хүлээж чаддаг төр л хүчтэй байдаг. Өнөөдөр олон хүн бондын их мөнгө хаачсныг, хаашаа орсныг асууж байна. Ард түмэн нийгмийн шударга ёсыг нэхэж байгаа нь энэ юм. Хэрвээ төр энэхүү нэхэлд, иргэдийнхээ энэ асуултад шударгаар хариулж чадвал олон түмний итгэлийг хүлээнэ, хүчтэйгээ харуулна.

Бид шударга ёсны үнэлэмжгүй, санхүүгийн сахилга батгүй ийм л нийгэмд амьдарч байна. Одоо бүгдээрээ энэ бодит байдалтайгаа эвлэрцгээе, асуудлаа шийдэцгээе. Шударга ёсыг PR-аар тогтоохгүй, ер нь Монголын асуудлыг тойрч зугтаад, эсвэл хоосон PR-даж гүйгээд шийдэхгүй. Одоо асуудалтайгаа нүүр тулж, өвчнийхөө голомтыг олж барьж авч, онож эмчилье. Та бүхэн надтай санал нийлэх байх. Манай Засгийн газар, танхим шинэ замаар хуучин цагийн дуу аялж цааш алхахгүй, явахгүй. Бид нийтээрээ, нийгмээрээ маргаашийнхаа төлөө өнөөдрөөс зүтгэж эхлэхгүй бол оройтоно. Бид хийхгүй бол гадны улс орноос хэн нэгэн ирж хийж өгөхгүй. Тийм учраас хууль нь шударга үйлчилдэг, санхүүгийн сахилга баттай шинэ нийгэм бүтээхийг төр, төрийнхөн та бүхэн манлайлна. Хамгийн түрүүнд ард түмэн биш, харин Монголын төр өөрөө бүсээ чангална.

Монголын хууль цааз бүсээ чангална.

Монгол төрийн сахилга бат бүсээ чангална.

Та бүхэн “Төрдөө зүтгэнэ” хэмээн андгай өргөж албанд орсон төрийн хүмүүс учраас нийгэмд та бид үлгэрлэх үүрэгтэй. Энэ алхам төрийнхөө төлөө ард түмнээсээ илүү ачааг үүрдгээрээ бахархдаг албан хаагчдын хувьд эхлүүлэхэд төвөггүй. Харин албадлагаар, хэн нэгний татаас, шахаагаар дарга болсон, хүчинд автаж юм уу, хууртаж албан тушаалд томилогдсон хүн байвал тэрийгээ хэлээд одоо явж болно. Хэрвээ та мөнгө хийх гэж байгаа бол төрд биш, бизнесийн салбарт зүтгэ. Тийм хүмүүс одооноос эхлээд Төрийн ордноор, яамдын байраар эргэлдэх хэрэггүй. Төрийн албанд өнөөдрөөс эхлээд боловсрол, мэргэжлийн дипломоос гадна чадвар, сэтгэл, ёс зүйг эрхэмд тооц. Төрийн мөнгөөр шинэ тавилга, шинэ унаа машин авахгүй байхыг үүрэг болгож байна. Хэрвээ тавилга нь гологдож, албаны унаа нь тухгүй санагдаж байвал тэр хүн өөрөө ажилдаа гологдож байна гэж ойлго. Тэнд таныг хувийн бизнесээ хийгээд илүү тансаг өрөөнд ажиллах таатай очрныг бүрдүүлэхийн төлөө бид харин энд зүтгэе.

Маргаашаас эхлээд, төрийн томилолтоор гадаадад болон дотоодод онгоцоор зорчих хүмүүс энгийн суудалд, хамгийн хямд тийзээр зорч. Татвар төлөгчдийн хөрөнгөөр, ердийн тийзнээс 2-6 дахин өндөр үнэ төлж бизнес ангилалд тухалж явдаг төрийнхний тансаглалыг өнөөдрөөс тасалбар болгоорой. Үүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат та хяналт тавьж ажиллаарай. Хэрвээ тэр хүн заавал нэгдүгээр зэрэглэлийн суудалд сууж явмаар байгаа бол үнэ, тарифын зөрүүг нь өөрөө, хувиасаа төлөөд яв.

Ерөнхий сайд миний томилолт, айлчлалыг аль болох бага зардлаар, цомхон хийж байх талаар “Төрийн ёслолын журам”-д өөрчлөлт оруулж, шийдвэрлүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт үүрэг болгож байна. Эхний ээлжинд Ерөнхий сайдыг орон нутагт ажиллахад хэд хэдэн жип машин хөлөглөн аймаг, сумынхаа хилийн зааг дээр угтдаг, үддэгийг өнөөдрөөс зогсоо. Аймгийнхаа төв, сумынхаа хаалга дээр нь цомхон бүрэлдэхүүнтэй зохион байгуулахад болохгүй зүйл байхгүй. Энэ нь зочдоо угтах, үдэх ёсоо үгүйсгэж байгаа юм ерөөсөө биш. Хэд хэдэн жип хөлөглөн орон нутгийнхаа хилийн зааг хүртэл хэдэн зуун км давхиж ашиггүй зардал гаргадагийг л больё гэж байгаа юм.

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн захирлууд байгууллагаа ашигтай ажиллуулж чадахгүй бол чаддаг хүнд нь ажлаа өгөөрэй. Засгийн газар байгуулагдсаныхаа дараахан төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн захирлуудын цалин, урамшууллыг 30-60 хувь бууруулсан. Одоо бусад хангамж, илүүдэл зардалд боломжит хэмнэлт, таналт хийж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад үүрэг болгож байна.

Ерөнхий сайдын хувьд миний бие ард түмнийхээ өмнө болон УИХ-ын өмнө Засгийн газрынхаа ажлыг бүрэн хариуцаж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг. Тийм үүрэгтэй, тийм хуультай. Үүнтэй нэгэн адилаар тухайн салбарын ажлын алдаа оноог Ерөнхий сайдын өмнө салбарын сайд хариуцна. УИХ, Ерөнхий сайдаас хариуцлага нэхэхтэй адил Ерөнхий сайдын хувьд би салбарын сайдаас л хариуцлага нэхэж ажиллана. Энэ бол Үндсэн хууль, бусад хуулиар Ерөнхий сайд болон салбарын сайдад олгосон хэнтэй ч үл хуваалцах эрх мэдэл, бас үүрэг, хариуцлага. Ямар ч эрх мэдлийг үүрэг, хариуцлага дагаж байдаг. Тийм учраас салбарын сайдтайгаа ойлголцохгүй, хамтарч ажиллаж чадахгүй байгаа яамдын бусад удирдлага, салбарын байгууллагын албан тушаалтнуудтай хариуцлага яригдана гэж ойлгох хэрэгтэй.

Төрийн байгууллага, төрийн хууль иргэддээ энэрэнгүй байх ёстой болохоос хууль зөрчсөн, хуулиас давсан эрх мэдэл эдэлсэн хувь хүн, үйлдэлд хатуу байх ёстойг санаж ажилла.

Би дахиад хэлье. Эдийн засгийг сэргээх бодлогын, хямралыг зогсоох хөтөлбөрийн гол ачааны хүнд нь төрийн албаныхан та бидэнд ирнэ. Та бид хамтдаа үүрч гарна. Юуны өмнө төрийн албаны тансаглал, илүү зардлаас татгалзана. Туйлширч, улсын наадмаа таслах нь хаашаа юм, гэхдээ л төсвөөс санхүүжүүлэх, татвар төлөгчдийн хөрөнгөнөөс тэтгэх бүхий л найр наадмаас түр татгалзана. Шат, шатны дарга нар ачаалал нь бага, ажил нь давхардсан илүү орон тоогоо хэмнэ. Ард түмний орлого нэмэгдэх хүртэл төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхгүй гэдэг үнэнтэй эвлэрэхээс өөр гарц бидэнд байхгүй. Ард түмний худалдан авах чадвар нэмэгдтэл төрийн элдэв нэмэлт хангамж сэргэнэ гэж байхгүйг энд анхааруулъя.

Ард түмнээ харин бүсээ чангалах дэглэмд бус, хэрэглээний шинэ сахилга бат, хямгач сэтгэлгээнд суралцаж дадахыг уриалж байна.

Нийгмийн эмзэг хэсэг буюу төрийн халамж, анхаарал зайлшгүй шаардлагатай хэсгээ олон түмэнд ойлгомжтой, ил тод шалгуураар халамжилна. Аль ч төр, ямар ч үед ийм алхам хийсээр ирсэн.

Аливаа улс орны хямралын эсрэг үндэсний тэмцэл нь өөрийн үзэл сурталтай, чин эрмэлзэлтэй байж гэмээнэ сая амжилтад хүрдэг. ОУВС-ийн хамгийн түрүүнд тавьж байгаа шаардлага бол санхүүгийн сахилга бат бий болгож мөрдөх явдал юм. Гэтэл санхүүгийн сахилга батыг улс төрийн сахилга батгүйгээр тогтоох аргагүй. Эдийн засгийн хямралыг эв нэгдэл, төр засгийн тогтвортой бодлогоор л давна. Магадгүй, эв нэгдлийн эсрэг аливаа хуйвалдаан, хатгаас, ялангуяа эх орон, үндэстний эрх ашиг, шударга ёс зэрэг бидний ариун нандин бүхний нэрийг барьж хагалах бутаргах, нураахтай хатуу тэмцэх цаг бас ирж байна. Учир нь улс төрийн тусгаар тогтнолын багана нь эдийн засгийн тусгаар тогтнол мөн гэдэгтэй хэн ч маргах аргагүй юм.

Хямралтай тэмцэнэ гэдэг нь хямралд хүргэсэн бүхэнтэй, популизмтай, санхүүгийн болон улс төрийн сахилгад тэрслэх бүхий л оролдлогуудтай , ард түмний нэр барьж ард түмний эрх ашигтай тэрслэхтэй тэмцэнэ гэсэн үг. Тийм учраас өнөөдрийн улстөр хийгч болгон “Чи хямралын талд байна уу, Монголын талд байна уу” гэсэн асуултад хариулах ёстой. Нэг нам нь өр тавьдаг, нөгөө нам нь өр дардаг хуучин замаар бид хол явахгүй. Хямралыг зогсоох, эдийн засгаа аврах энэ тэмцэл бол улс үндэстнийхээ ирээдүйг аврахын төлөө гэдэг утгаараа тусгаар тогтнолоо хамтаараа хамгаалахаас ялгаагүй юм.

Ийм онцгой үед монголчууд бид улсаараа, парламент бүтнээрээ, Засгийн газар танхимаараа, энд сууж байгаа та бүхэн бид бүгд цулаараа зорилгоо ухамсарлан нэг баг болж зүтгэх ёстой, бас үүрэгтэй. Ингэж чадаж байж гэмээнэ бид улсаараа нэг зүгт харж, алхаж чадна.

Нэг зорилгын төлөө нэг зүгт яваа багийн эв нэгдлээр л бид хамтдаа хямралаа ч давна, эдийн засгаа ч өсгөнө, зорьсон газартаа ч хүрнэ. Үүний тулд төрд зүтгэж байгаа та бид үйлчлүүлэх гэж ирсэн иргэдээ угтаж, ардчиллыг гутааж, төрийг сульдааж байгаа авлигаас зугтааж явах ёстойг хатуу сануулъя.

Эдийн засгийн хямралыг ч, авлигыг ч бид заавал ялах ёстой.

Ялж байж монгол айл болгоны, монгол хүн бүрийн амьдралын чанарт ахиц, өөрчлөлт гарна. Тэрхүү ялалтыг манлайлах тугч нь төрд зүтгэж байгаа та бүхэн.

Манай намын эх орон, танай намын эх орон гэж байхгүйтэй адил манай, танай гэсэн талцал хуваагдал Монгол Улсад маань одоо хэрэггүй. Монголчууд бид нэг л эх оронтой, нэгдмэл ард түмэн. Эх орон, ард түмэн маань биднээс хамтын эв нэгдэл, хамтын ойлголцол, хамтын зүтгэл, тогтвортой байдлыг л хүсч байна. Түүнээс бус, монголчууд бүгдээрээ улстөрч, УИХ-ын гишүүн болж Төрийн ордонд сууя, таны, миний албан тушаал дээр ажиллаж үзье гэж байгаа юм тэдэнд ердөө ч байхгүй.

Ард түмэн маань тунгалаг төрөөр үйлчлүүлж, шударга нийгэмд тайван амьдрахыг л хүсч байна. Энэ хүсэл, хүлээлтийнх нь төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэж улстөрчид бид саналыг нь авсан, төрийн албаныхан та бүхэн тангараг өргөсөн гэдгээ ухамсарлаж, сэтгэл, зүтгэл гаргаж ажиллахыг та бүхнээс хүсье.

Монголын төр тунгалаг байж, Монгол түмний минь заяа буян нь дэлгэрэх болтугай гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

800 гаруй албан хаагч газар хөдлөлтийн үед өөрийгөө хамгаалахад суралцав

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам”, мөн Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоол “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх таниулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/133 дугаар захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 1, 2 дугаар байрны албан хаагчдад Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтыг зохион явуулж мэдлэг олголоо.

Хичээлийг нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар, дэд дарга, дэд хурандаа Б.Үнэнбаатар, нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар, Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, хошууч Ц.Эрдэнэчимэг, гал түймэртэй тэмцэх хэлтсийн мэргэжилтэн, дэд хурандаа Д.Мөнхсайхан нар хуваарийн дагуу зохион байгуулж явуулсан.

Сургалтаар газар хөдлөлтийн аюул, гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохио дамжуулах журам, газар хөдлөлтийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх ажиллагаа, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид заагдсан үүргэвчинд байвал зохих 15 нэр төрлийн хэрэгцээт зүйлийн бүрдлийг хангуулах, газар хөдлөлтийн гамшгийн аюулын үед өөрийгөө хамгаалах, аюулгүй талбайд гарах талаар нийслэлийн Засаг даргын тамгын газрын нийт 800 гаруй албан хаагчдад зохион байгуулж ажиллалаа гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Засгийн газрын ХI байранд гал гарчээ

Засгийн газрын XI байр буюу Сонгуулийн ерөнхий хороо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар байрладаг барилгад өнөөдөр гал гарчээ. Галын дуудлага 13:15 цагт ирсэн ба барилгын хоёр давхраас гал гарч эхэлсэн байна. Галын улмаас дотор байсан бүх хүмүүсийг гадагш нь гаргаж аюулгүй байдлыг нь хангажээ.

Түүнчлэн уг дуудлага Чингэлтэй дүүргийн Гал унтраах 10 дугаар ангид 13:15 минутад ирж, аврагчид шуурхай ажиллан, галын тархалтыг зогсоосон байна.

Categories
мэдээ спорт

Токиогийн олимпийн шигшээ багийн дасгалжуулагчид 24-нд тангаргаа өргөнө

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар баталсан Үндэсний шигшээ багийн төрөл, дасгалжуулагч, тамирчныг сонгон шалгаруулах журмын дагуу 2017 оны эхэнд спортын холбоод шигшээ багийн шалгаруулалтыг зохион байгуулж Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг тодруулсан билээ.

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар тодорсон дасгалжуулагчид ирэх баасан гаригт буюу 24-нд тангараг өргөх аж.

“Токио-2020” олимпийн циклд үндэсний шигшээ багт ажиллах дасгалжуулагчдийн нэрс:

Жүдо бөх: Ахлах дасгалжуулагч: О.Балжинням, дасгалжуулагч: Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, Г.Дашдаваа

Чөлөөт бөх: Ахлах дасгалжуулагч: Б.Баттулга, дасгалжуулагч: Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, О.Ууганбаяр

Бокс: Ахлах дасгалжуулагч: Д.Батсүрэн, дасгалжуулагч: Н.Мөнхсайхан, Б.Пүрэв-Очир, С.Эрдэнэбат

Байт харваа:дасгалжуулагч: Ж.Нарантуяа

Хүндийн өргөлт:дасгалжуулагч Ц.Хосбаяр

Таеквондо:дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Хур Инь Ён

Пара байт харваа:дасгалжуулагч Д.Баатаржав

Пара жүдо бөх:дасгалжуулагч Б.Нарантуяа

Пара пауэрлифтинг:дасгалжуулагч Ш.Энхсайхан

Пара буудлага:дасгалжуулагч В.Ганцоож

Categories
мэдээ цаг-үе

Ч.Содбилэг: Чингисийн удмын гүнжтэй сууж байж хаан суух эрх нь баталгааждаг байсан

“Сэнтий түшсэн хатад” номын зохиолч, хятад судлаач Ч.Содбилэгтэй ярилцлаа.


-“Сэнтий түшсэн хатад” номын санаа нэлээд эрт орж ирсэн үү. Дунд сургуульд байхдаа л хатдын тухай мэдээ, баримт цуглуулж байсан санагдана?

-Анх материал цуглуулж эхэлсэнээс хойш долоон жил өнгөрсөн байна. Тэр үед би дунд сургуульд сурч байсан. Гэхдээ тэр үеийн материалын олдоц сайн биш. Түүнээс хойш түүхийн эх сурвалжууд үзээд, улам гүнзгийрүүлэн судлах тусам хатдын тухай ялангуяа Юань гүрний хатдын тухай маш их мэдээлэл байна. Энэ сэдвийг гүнзгийрүүлж судалсан нь дээр юм байна гэж үзсэн. Нөгөө талаар Юань гүрэн оршин тогтнох хугацаанд улс төрийн гол түлхүүрийг нь атгаж байсан хүмүүс хатад юм билээ. Яагаад гэхээр хааныг тэнгэрт хальсны дараа шинэ хаан өргөмжлөх асуудлыг хааны бэлэвсэн их хатан зохион байгуулдаг. Тийм учраас Юань гүрний улс төрийн түүхийг хатадгүйгээр төсөөлөх боломжгүй. Тэр үеэс л Юань гүрний үеийн хатдыг судлах нь сонирхолтой төдийгүй бас ач холбогдолтой юм байна даа гэж бодсон. Би нэг юм хийхээрээ нухаж, яст мэлхийний хурдаар ажилладаг. Уран бүтээлийг үйлдвэрлэж болдоггүй.

-“Сэнтий түшсэн хатад” номонд хэдэн хатны түүх орсон бэ?

-Суурин орны төрийн албан хэрэг хөтлөлтийн соёл нэлээд сайн байсан. Юань улсын судар гэдэг төрийн үндсэн эх сурвалжид 100 орчим хатны тухай мэдээлэл их бага хэмжээгээр байгаа юм. Юань гүрний гурван их хатны түүхээр төлөөлүүлж, бусад товчхон намтартай, жижиг үйл явдалд оролцсон хатдын тухай тэдний түүхэнд шингээж, бичсэн. Хоёрдугаар хэсэг нь Солонгосын вангийн хатан болсон найман монгол гүнжийн тухай түүх бий. Маш их материалтай. Өдөр, сар, цагаар нь тэмдэглэж үлдээсэн түүх байдаг.

-Дунд сургуульд байхдаа Юань гүрний түүхийн ном гаргаж байсан. Сурагч байхдаа аль хэдийнэ ирээдүйн судалгааныхаа эхийг тавьжээ?

Багаасаа хятад судлал, Юань гүрний үеийн түүхийг маш их сонирхдог байсан учраас үүнгүйгээр өөрийнхөө амьдралыг төсөөлөх аргагүй. Энэ бол миний амьдралын утга учир болсон. Монгол хэл дээрх түүхийн эх сурвалжууд ховор. Хятад, перс хэлээр бичсэн эх сурвалжууд олон учраас түүх бичиж байгаа хүн сурвалжийн хэлгүйгээр чамбай материал бичих боломжгүй. Бусдаас дам ишилсэн мэдээ сурвалж худлаа байх нь ч бий. Үндсэн эх сурвалжид тулгуурлаж бичсэн нь дээр гэж боддог. Юань гүрний оршин тогтнож байсан хугацаанд бичигдсэн бүх л сурвалжууд хятад хэл дээр байдаг. Тухайн үед Юань гүрэн Солонгос, Вьетнам, Лаос гэх мэт Зүүн Азийн орнуудыг захирч байсан шүү дээ. Тэд ч бас хятдаар албан хэрэг хөтөлдөг байсан учраас эдгээр орны төрийн түүхэн сурвалжуудыг бас үзэх боломжтой. Тэнд монгол хатдын тухай нэлээд дэлгэрэнгүй тэмдэглэл бий шүү.

-Хатдын түүх их зузаан ном болжээ?

-Цуглуулсан материалаасаа их хассан. Ямар агуу мундаг хатад вэ гэх мэт сэтгэл хөдлөлд автахгүйг хичээсэн юм. Сурвалжийн мэдээ баримт шинжлэх ухаанч таамаглалд тулгуурлаж бичихийг оролдсон л доо.

-Энэ олон хатдын дундаас таны сонирхлыг хамгийн их татсан түүхт хатан нь хэн байв?

– Энэ номын 60 гаруй хувийг Тогоонтөмөр хааны солонгос хатны түүх эзэлдэг. 1333-1370 он хүртэл төр барьсан хаан. Тогоонтөмөр хааны их хатан нь Солонгосын Хэнжү хотоос олзлогдсон шивэгчин эмэгтэй. Шивэгчин хаанд таалагдаад 1340 онд бага хатан болжээ. 1365 онд их хатан болгоод, солонгос хатнаас төрсөн эрлийз хүү Аюуширдарийг Юань гүрний хунтайжаар өргөмжилсөн. Солонгос хатан зөвхөн солонгос хүмүүсийг дэвшүүлдэг байсан учраас Юань гүрний төрийн эрх мэдэл сүүлдээ солонгосчуудын гарт орсон гэж болно. Нөгөө талаар тэр хатан эх орондоо сайн нэртэй байгаагүй. Солонгосыг олон удаа уулгалан довтолж, ах, дүү төрөл төрөгсөд нь хатны нэрээр эх орондоо зоргоороо, харгис хэрцгий авирласан түүх бий. Тийм учраас солонгос хатан эх орондоо үзэн ядагдсан хүмүүсийн нэг байсан. Хонгарид гэх мэт ноёрхогч овгуудаас сонгогдсон охид хатан болох нь тодорхой. Харин хариас олзлогдож ирсэн шивэгчин Ки Монголын их Юань гүрний хатан болно гэдэг гайхалтай.

-Онцгой ухаан, чадвар байна л даа. Үнэхээр гоо үзэсгэлэнтэй хүүхэн байлаа гэхэд тэр том өндөрлөгт гарч ирнэ гэдэг амаргүй?

-Зальжин, сэтгэл хөдлөлд автдаггүй, цэцэн сэргэлэн хүн байсан гэж сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Солонгос эмэгтэйг хатан болгоно гэдэг монгол, хятад ноёдын зүгээс маш их эсэргүүцэлтэй тулгарч, цус асгаруулсан олон удаагийн тэмцэл болжээ. Олон хуйвалдаан тэмцэл дундаас солонгос хатан ялж, тодорч гарч ирнэ гэдэг энгийн биш хүн байсан нь тодорхой л доо. Улс төрийн ямар ч дэмжлэг байхгүй нөхцөлд ноёрхогч бүлгүүдтэй тэмцэлдэнэ гэдэг маш их ухаан шаардана шүү дээ.

-Солонгосчууд түүхэн хүмүүсийнхээ тухай кино хийдэг. Тэр хатны тухай кино хийсэн болов уу?

-Солонгосчууд түүхэн сэдвийг орхигдуулдаггүй. ТV -5 телевизээр “Бүргэдийн дэвэлттэй бүсгүй” гэж кино гарсан шүү. Ки хатны тухай олон ангит кино хийсэн байна лээ. Гэхдээ тэр киног солонгосчууд шүүмжилсэн. Ки хатныг эерэг талаас нь гаргасан боловч, олон зууны турш уламжилсан харгис, элэг нэгтэнүүддээ хүйтэн хөндий хандаж байсан гэдэг ойлголт байсан учраас сайнаар хүлээж авахыг хүсээгүй шиг байгаа юм.

-Тэгвэл монгол гаралтай, маш сонирхолтой санагдсан хатан байв уу?

-Хөхчин гэж хатан байдаг. Хубилай хааны бэр л дээ. 1250-иад оны үед Хубилай хараахан хаан болоогүй Хойд Хятадын нутгийг захирч байсан. Өвөрмонголд ан гөрөө хийж яваад ам нь цангаж, эзгүй газар айлд очжээ. Тэнд арав гаруй насны охин байж. Охины сэргэлэн ухаантайг ажиглаад бэрээ болгосон байдаг. Хөхчин Хубилай хааны ууган хүү Чингимийн хатан болсон. Чингим нь 1286 онд нас нөгчсөн. Хубилай хааныг нас барсны дараа Хөхчин хатан улстөрийн том тэмцэлд ялж, өөрийн отгон хүү Төмөрийг их хаан болгож чадсан. Хөхчин хатны хийсэн олон ажил үлдсэн байдаг. Утай уул домгийн сэтгэлгээгээр Манзушир бурхны заларч, бясалгадаг газар учраас монголчууд олон удаа сүм бариулсан байдаг. Хөхчин хатан энэ уламжлалаар тухайн үед Утай уулын хамгийн том сүмийг бариулсан. Тэр нь одоо ч бий. Хөхчин хатны зээ охин Сэнгэраги Хятад газар өссөн, суурин орны соёлд их мэдрэмжтэй эмэгтэй байж л дээ. Тухайн үедээ Хятадад байсан урлаг соёлын хосгүй өвүүдийг цуглуулаад одоогийн хэлээр үзэсгэлэн гаргадаг байсан. Хатны цуглуулж байсан ховор зураг, уран бичлэгүүд,ваар, чимэглэл Бээжингийн хааны ордны музей, Тайваний хааны ордны музейд бий. Олон сая доллараар үнэлэгддэг дурсгалууд. Урлагийн ховор бүтээлийн үнэ цэнийг мэддэг байна гэдэг нь нүүдэлчдийн иргэншлээс аль хэдийнэ алсраад суурин соёлд гүнзгий автсаны шинж шүү дээ.

1956 онд Ю.Цэдэнбал, Ц.Дүгэрсүрэн, П.Шагдарсүрэн нар Хойд Солонгост айлчлахдаа, Солонгос улсын вангийн хатан болсон алтан ургийн гүнж Будаширын бунхныг үзэж сонирхжээ. 1365 онд Будашир гүнж нас нөгчихөд түүний нөхөр Конминъ ван гурван жил мацаг барьж, гашуудсан гэдэг.

-Монгол гүнж нар хэдийгээр улстөрийн зорилгоор хүчээр шахуу харьд очдог байсан ч хайр дурлалын сайхан түүх бий л байх?

-Алтан ургийн гүнж нар Солонгосын вангийн хатан болдог уламжлал байсан. Үүгээр нь дамжуулж, монголчууд Солонгосын төрийн хэрэгт гүнзгий хутгалддаг байжээ. Сүүлд Будашир гэж гүнжийг Солонгосын Конминъ ванд хатан болгож өгсөн байдаг. Энэ ван Будашир гүнжид маш их сэтгэлтэй байж. 1365 онд төрөхийн хүндрэлээр нас барахад нь гурван жил мацаг барьж, төрийн хэрэгтээ ч анхаарал тавихгүйгээр, энэ хатны төлөө гашууджээ. Улсын сан хөмрөгөө хоослон байж хатандаа бунхан бариулсан. Энэ бунхныг 1300-гаад оны сүүлээр барьсан. 500 жилийн дараа 1956 онд Хойд Солонгост анх удаа айлчилсан Монголын нам төрийн удирдагчдад бунханыг үзүүлсэн түүхтэй. Ю.Цэдэнбал, Ц.Дүгэрсүрэн, П.Шагдарсүрэн нар Монгол гүнжийн бунханд очиж хүндэтгэл үзүүлжээ. Энд XIV зууны дунд үед Солонгосын хойгийг захирч байсан Конминъ ван болон түүний монгол хатан Будашир нарыг оршуулсан болохыг тэдэнд тайлбарлаж өгсөн гэдэг.

-Хаад ноёдын ургийн хэлхээний ард улстөрийн том бодлого явж байсан гэдэг. Чингисийн удмын гүнж нар бэр болж очсон орондоо маш их эрх мэдэлтэй байсан. Үнэхээр хүчтэй ар талтай байсан болохоор тэр байх л даа?

-Солонгост очсон монгол гүнж нар улстөрд нь маш их хутгалдсан байдаг. Вангуудаа үл тоомсорлодог. Солонгосын ванг цохиж зодсон тохиолдол ч байжээ. Гүнжийг уурлуулж хилэгнүүлэх юм бол Юань гүрнээс маш их том дарамт ирдэг. Гүнжийг гомдоосон Солонгосын ванг Түвдэд цөлөх, вангийн сэнтийгээс нь буулгах тохиолдол ч байжээ. Монгол гүнж нарыг стратегийн чухал байрлалтай, ач холбогдолтой газрууд руу явуулж байсан. Чингис хаан Алтан улсыг эзлэхдээ Алтан улсын хилийг сахидаг байсан Онгуд аймгийн толгойлогчид охиноо өгсөн байх жишээтэй.

-Сүүлд манж нар ч хятадуудтай цус холилдохыг таашаадаггүй, монголчуудтай ураг барилдах дуртай байсан гэдэг?

-Монголчууд 200 жил дэлхийд ноёрхсон болохоор цус нь брэнд гэдэг ойлголт үүсгэсэн байна л даа. Оросын хаад ч гэсэн монгол удмын гүнжтэй гэрлэж байж хаан суух эрх нь баталгааждаг. Манжууд ч гэсэн Чингис хааны удмын гүнжтэй суувал хаан суух эрх нь баталгааждаг. Тийм ч учраас Энхамгалан хааны эмээ нь монгол. Өсгөсөн асрагч эх нь монгол гэх мэтчилэн. Манжийн хаад монгол хатадтай байсан. Хятадын сүүлчийн эзэн хаан Пу И ч монгол гаралтай хатантай байсан шүү дээ. Монгол хатдын эцгүүд нь манжийн төрд нөлөөтэй том сайд язгууртнууд байсан.

Солонгосын вангууд монголчуудын ноёрхол унах хүртэл монгол хатадтай байжээ. Монголчуудын соёл, улс төрийн нөлөө удтал хадгалагдаж байсан л даа. Тэр байтугай Солонгосын сөжү монголчуудаас гаралтай юм билээ. Хубилай хааны цэргүүд Япон руу дайрсан шүү дээ. Хубилай хааны цэргийн хуаран Солонгосын Аньдон хотод байрлажээ. Монгол цэргүүд арак гэдэг нэртэй архи ууж байсан нь нутгийнханд таалагдаж, түүнээс үүдээд хожим сөжүг гаргаж авах үндэс болсон юм билээ. Шатдаг архи гэсэн утгатай үг.

-Түүхчид хатдын түүх гэх мэтээр нарийвчилсан түүхүүдийг гаргаж ирээд байвал удахгүй Жангүм шиг олон түүхэн хүний тухай кино, зохиол мэндлэх байх гэж найдаж байна?

-Би ч бас тэгж найдаж байна. Мартсанаас Жангүм шиг монгол оточ, тогооч байжээ. Хүсэхүй гээд Юань гүрний хааны ордны отчийн хүрээлэнгийн захирагч хүн. Хоолны тухай “Идээ ундааны товчоо” гээд маш том ном бичсэн байдаг. Ордны зоогт ямар ямар хоол багтдаг. Хүний эрүүл мэндэд тустай хоол гэх мэт уламжлалт анагаах ухааны тухай ном бичсэн хүн. Жангүмаас зэрэг зиндаагаараа мэдээж илүү гарна л даа. Номыг нь өвөрмонголчууд монгол хэлээр орчуулсан байдаг. Маш их алдартай ном. Цадталаа битгий ид, өлсөтлөө битгий яв гэж сургасан байдаг. Тэр номд хэдэн зуун төрлийн хоолны эмчилгээний жорууд бий.

-Номын хавтасны богтого малгайтай хатдын зураг бодит уу?

– Хатдын богтого малгай дээр тогосын өд хатгадаг байсан. Утай ууланд тусгайлан үржүүлдэг тогосны аж ахуй байжээ. Хатан болсон хүнийн богтого малгайд тэндэхийн тогосны өд хатгадаг байв. Юань гүрний үед суурин соёлтой учраас хаад хатдын хөргийг өөрсдийг нь харж зурсан байдаг.

-Цаашдаа ямар судалгаанд төвлөрөх вэ?

-Голдуу Юаний түүхээр дагная гэж бодож байгаа. 97 жил оршин тогтносон гүрэн болохоор нэг хүн насаараа судалсан ч барахгүй л дээ.

Хатдын тухай ном бичихэд хамгийн хэцүү зүйл юу байв?

-Сурвалжууд, баримт материал тодорхой. Харин түүнийг яаж эвлүүлж бичих вэ гэдэг хүнд. Он дарааллаар нь эрдэм шинжилгээний өгүүлэл байдлаар биччихэж болно шүү дээ. Арай жаахан өөр хэлбэрээр бичихийг хичээсэн. Яаж бичих вэ гэдэг дээр толгойгоо гашилгасан.

-Их гүрний хувцас загвар бусад оронд моод болдог. XIII зууны монгол хувцасны загвар олон оронд ул мөрөө үлдээсэн гэдэг?

-Улс орон бүр ахуй амьдралдаа тохирсон хувцасны загвартай. Богтого малгай бол бусад оронд байхгүй. Өндөр дээд эрх мэдлийг илтгэдэг. Хатад японы самурай шиг дух хэсгээрээ халзалж үсээ хусдаг байжээ. Юань гүрний үед олон хатад цаазлагдаж, улс төрийн тэмцлийн золиос болсон байдаг. 1320-иод оны дунд үеэс монгол хаад хэсэг хугацаанд Хятадын эзэн хаадын уламжлалт хувцсыг ёслолын хувцас болгон хэрэглэсэн байдаг. Суурин оронд хагас зуун жил амьдрахаар соёлын нөлөөнд автана л даа.

-Монгол хатад эрх мэдлийн төлөөх цус урсгасан тэмцэлд гүнзгий оролцож байсан нь ямар учир шалтгаантай вэ?

-Монгол хатад бусад орны хатдаас илүү төрийн хэрэгт оролцож байжээ. Яагаад гэхээр нүүдэлчдэд эхийн эрхт ёсны үлдэгдэл хадгалагддаг. Хоёрдугаарт Күнз, Христ, Ислам гэх мэт эмэгтэй хүнийг дорд үздэг суурин орны соёлын хандлага монголчуудад байгаагүй учраас эмэгтэйчүүд төрийн хэрэгт чөлөөтэй оролцдог байсан. Төрүүлсэн хүүгээ хаан болгох хатдын тэмцэл ширүүсэх тусам их гүрний хүч суларч, төрийн тогтвортой байдал алдагдаж мөхөлд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж боддог. Хүүгээ хаан болгохгүй бол хатад амьд явах баталгаагүй болох эрсдэлтэй цаг үе байсан л даа. Өөр хатны хүүхэд хаан болчихвол хаан угсааны бусад эрчүүдийг өрсөлдөгч гэж хороох үзэгдэл түгээмэл байлаа. Амьд явъя гэвэл тэмцэлдэхээс өөр сонголт байгаагүй. Бас эрх мэдэлд шуначихвал гарна гэж үгүй, улам л гүн рүү нь сорогдсоор байдаг түүхийн жам ч бий.

-Алтан ургийн гүнж нараас илүү Чингис хааны бэрүүд улс төрд онцгой нөлөөлсөн үе байсан гэдэг?

-Өгөөдэй хааныг нас барсны дараа Дөргөнө хатны улстөрийн оролцоо нэмэгдсэн. Монголын анхны төр барьсан хатан шүү дээ. Түүнээс хойш шинэ хааныг сонгох их хуралдайг хатад удирддаг болжээ. Гүюг хааныг тэнгэрт хальсны дараа Огул Хамиш хатан төрийн хэрэгт оролцож, сүүлдээ Сорхагтани хатан улс төрийн тэмцэлд ялж, хүүгээ хаан болгосон. Мөнх хааны үед энэ байдлыг эцэс болгох гээд ямар ч хатнаа төрийн хэрэгт оролцуулдаггүй. Оролцохыг завдсан өчүүхэн тохиолдлыг ч зүгээр өнгөрөөдөггүй, маш хатуу шийтгэдэг байсан. Тийм учраас хатан нь улс төрийн ямар нэг жин нөлөөгүй болоод Мөнх хааны дараа хүүхдүүд нь биш дүү нь хаан ширээнд өргөмжлөгддөг шүү дээ.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ-н шалгалтаар банкууд ариун цэврийн өрөөгөөр үйлчлэхгүй байгаа нь илэрчээ

Олон нийтийн дунд арилжааны банкууд иргэдэд ариун цэврийн өрөөгөөр үйлчилдэггүй гэх гомдол тасрахгүй болсон. Тэгвэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газраас иргэдийн гомдлын дагуу есөн банкны 18 салбар тооцооны төвд шалгалт хийсэн байна.

Шалгалт хийсэн зургаан тооцооны төв харилцагчдад үйлчлэх ариун цэврийн өрөөгүй гэх зөрчил илэрсэн бөгөөд улсын байцаагчийн зөрчил арилгах 7/11 тоот албан шаардлага хүргүүлсэн бөгөөд хариуд нь алдаа дутагдалаа арилгаж, дахин зөрчил гаргахгүй гэсэн хариу ирүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Дэнзэн нарт холбогдох шүүх хурал хойшилжээ

Г.Дэнзэн нарт холбогдох шүүх хурал хойшилжээ зурган илэрцүүд

Өнөөдөр болох ёстой байсан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох шүүх хурал хойшилжээ. Шүүх хуралдаанд шинжээч байлцуулах шаардлагатай хэмээн үзэж шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. Г.Дэнзэн нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж буй билээ. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээрх “Говь повер” компанийг тендерт ялуулж, 17 тэрбум төгрөг өгсөн гэх асуудлаар шалгаж байгаа юм. Тэдэнд холбогдох эрүүгийн хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга нэрээ татжээ

Х.Баттулга зурган илэрцүүд

Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчийн сунгаанд Х.Баттулга нэрээ дэвшүүлээд байв. Тус хорооны ээлжит их хурал энэ сарын 24-нд болно. Тэгвэл тэрбээр нэрээ татах шийдвэр гаргаснаа өнгөрсөн баасан гаригт албан ёсоор мэдэгдлээ. Ингэснээр дэд ерөнхийлөгчийн сунгаанд дараах таван хүн өрсөлдөхөөр болж байна.

  • Ц.Дамдин Олимпод оролцогчдын холбооны ерөнхийлөгч
  • Ч.Зоригтбаатар Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга
  • Ч.Отгонбаатар Орчин үеийн таван төрөлтийн холбооны ерөнхийлөгч
  • Ж.Хатанбаатар Спортын эмнэлгийн холбооны ерөнхийлөгч
  • Б.Баттүшиг Бадминтоны сонирхогчдын холбооны ерөнхийлөгч

Олимпийн хорооны гишүүдээс хамгийн олон санал авсан хоёр хүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдох аж.

Categories
мэдээ спорт

Б.Мөнхзаяа олон улсын марафон гүйлтийн тэмцээнд алтан медаль хүртжээ

Тайванийн Тайпей хотноо өнгөрсөн ням гарагт болсон “Шинэ Тайвань Ван Жинь Ши 2017” марафон гүйлтийн олон улсын тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Б.Мөнхзаяа тэргүүллээ.

Энэ удаагийн тэмцээнд 12 мянган тамирчин өрсөлдсөнөөс олон улсад амжилт үзүүлсэн өндөр зэрэглэлийн 32 марафонч хурд, хүч, тэвчээрээ сорьсон байна.Б.Мөнхзаяа нь 02:28:08 секундын амжилт үзүүлж нэгдүгээр байр эзэлсэн бол Эфиопын тамирчин Дебела Белда хоёрдугаар байр эзэлж 13 секундын дараа барианд орж иржээ. Харин хүрэл медалийг мөн Эфиопын марафонч Айеле Белачеу 02:39:07 амжилтаар хүртжээ.

Эрэгтэйчүүдийн марафонд Кенийн Кипкогей Йего, 02:17:02 амжилтаар түрүүлжээ. Эрэгтэйчүүдийн дээд амжилтыг өнгөрсөн жил Кенийн Уильям Чебон Чебор 02:13:05 амжилтаар тогтоож байжээ. Эзэн орны тамирчдаас эрэгтэйчүүд нь 16, эмэгтэйчүүд нь 13 дугаар байр эзэлсэн нь хамгийн өндөр амжилт байв.

“Шинэ Тайвань Ван Жинь Ши 2017” уралдаан нь Олон улсын хөнгөн атлетикийн холбооны “Хүрэл” сертификаттай, 2015 оноос хойш энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

С.Баяр: Ардчилсан намынхан дуугүй байгаад харамсаж байна

Монголын ардчиллын загалмайлсан эцэг гэгддэг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг 19 жил илрэхгүй байж байгаад саяхан гурван хүнд хэрэг тохогдон ялын дээд хэмжээг оноосон билээ. Энэхүү гэнэтийн шүүх хурлын дараа ар гэрийнхэн нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд байнга хандан үр хүүхэд, хань ижлээ буруугүй хэмээн нулимсаа урсган ярьж байсан билээ. Тэгвэл Давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн. Шүүх хуралд С.Зориг агсны ах С.Баяр оролцон шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт тавьсан. Гэвч хүсэлтийг хүлээж аваагүй учир шүүх танхимаас гарч явсан юм.

Харин тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “С.Зориг бол Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалын удирдагч, төр, нийгмийн зүтгэлтний хувьд улс орондоо төдийгүй, дэлхийд танигдаж хүндлэгдсэн улстөрч хүн байсан. Түүний араас монголчууд бид харамсан гашуудсаар ирсэн. Яагаад түүнийг хөнөөв, хэргийг хэзээ илрүүлэх вэ гэдэг нь 18 жилийн турш манай нийгэмд хүлээлт үүсгэсэн асуудал. Нээлттэй, ардчилсан нийгэмд олон түмэн үүнийг мэдэх эрхтэй.

Манай С.Зориг бол Монголд ардчилсан нийгэм байгуулахын төлөө журмын нөхдийнхөө хамт тэмцэж яваад бусдын гарт хөнөөгдсөн хүн. С.Зоригийн хамтран зүтгэгчид энэ хэргийг илрүүлэхийг байнга шаардсаар ирсэн боловч харамсалтай нь өнөөдөр өөрийх нь нам юу ч дугарахгүй байна. Дахин хэлэхэд, хэргийн талаарх мэдээллийг ил болгохыг зөвхөн С.Зоригийн ар гэр бид хүсээд байгаа юм биш, үүнийг олон нийт хүсэн хүлээж байна” гэдгийг онцолсон байна.

Мөн тэрбээр “Энэ олон жилийн дараа хэргийг төр, нийгмийн зүтгэлтний амь насанд халдах гэсэн хуулийн зүйл заалтаар шийдсэнгүй. Бидний ойлгож байгаагаар аллагад захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч нар оролцсон. Тэд нар нь хоорондоо салшгүй холбоотой.Тиймээс энэ хэрэг бүрэн гүйцэд шийдэгдсэн гэж үзэх боломжгүй байна. Миний дүү С.Оюун бид хоёр хохирогчийн хувьд хэргийн материалтай танилцсан. Бид хоёрт хэрэг бүрэн гүйцэд илэрсэн гэдэг итгэл үнэмшил төрөхгүй байна” хэмээжээ.