Categories
мэдээ цаг-үе

Тэнгэрт хадсан үнэтэй “Caffe Bene”-ээс өндөр татвар авах ёстой

Солонгосын кофены сүлжээ “Caffe Bene”-ийн 20 салбар Улаанбаатарт ажиллаж байна. Ихэнх салбар нь халуун кофе, бельги вафль, итали желато фраппено, коктейль, нарийн боов, хачиртай талх, шоколадтай мока болон олон төрлийн кофегоор үйлчилдэг юм байна. Өдрийн цагаар интернэт хэрэглэх, тухтай сууж ярилцах, ном унших зэрэг сонирхолтой залуус ихэвчлэн “Caffe Benе”-гаар үйлчлүүлдэг аж. Гэхдээ “Caffe Bene”-ийн кофе манайд найман мянган төгрөгийн үнэтэй байхад зоогийн газарт нэг аяга монгол сүүтэй цай 300-500 төгрөгийн л үнэтэй байна. Тэгэхээр нэг талаараа манайхан хэтэрхий соёлтой, боловсон юм үзсэн, тансаг хүн болж харагдах гэж хийрхэж үйлчлүүлсээр “Caffe Bene” зэрэг гадныхны хоол, цайны газруудын үнийг тэнгэрт гаргаж байна гэж ойлгож болох нь. Угтаа бол 500 төгрөгийн сүүтэй цай 8000 төгрөгийн үнэтэй кофе тийм ч их ялгаагүй. Энэ салбарын зах зээлд ажиллаж буй нөхдүүд кофены ид шидийг олон янзаар магтаж мэдэх юм. “Caffe Bene” гэхэд л кофены гол түүхий эд болох борголыг тариан талбайгаас хэрэглэгчдэд шууд хүргэдэг гэх тайлбартай аж. Тэгвэл энэхүү боргол нь яг монгол хүний хэрэглэх зайлшгүй шаардлагатай ундаа мөн үү, үүнийг цэвэр фермээс нь нийлүүлж буй гэдгийг хэн батлах вэ, монголчууд заавал гадны соёлыг даган дуурайх албатай юу зэрэг олон асуулт урган гарна. Монголчууд эрт дээр үеэс гүрж ногоон цайг сайтар буцалгаж, үнээний сүүгээр сүлсэн жинхэнэ монгол цай хэрэглэсээр өдий хүрсэн. Монголын зэрлэг догшин байгальд ургадаг энэхүү цайны ургамал нь биеийн ядаргаа тайлах, тайвшруулах, ясны хугаралт, бэртэлт, арьсны болон ходоодны өвчин зэргийг анагаах олон шидтэй.

Манайхан гадны кофег сонирхон хэрэглэж болох ч Монголын уламжлалт сүүтэй цайнаас 20 дахин үнэтэй хэрнээ яг адилхан татвар төлдөг нь шударга бус юм. Өөрөөр хэлбэл, “Caffe Bene”-гийн татвар худалдаалагдаж буй кофены үнэтэйгээ дүйцэхүйц буюу монгол сүүтэй цай зардаг хоолны газрын татвараас даруй 20 дахин их байвал болж байна. Дээрх асуудалтай холбогдуулан өчигдөр “Caffe Bene”-ээс өдрийн сурвалжлагаа бэлтгэлээ.

Үйлчлүүлэгч О.Батцэцэгээс зарим зүйлийг тодруулахад “Caffe Bene” хэтэрхий үнэтэй санагддаг. Гэхдээ найзуудтайгаа ярьж суухад амар гээд хааяа орж ирдэг юм. Бусад хоолны газруудад тухтай суух боломжгүй байдаг болохоор хэцүү. Гэхдээ завгүй, ажил ихтэй үедээ монгол хоолны газраа ороод л 500 төгрөгөөр цай юм уу кофе аваад уучихдаг. Харин энд бол кофе доод тал нь 5000 төгрөг гэхээр 10 дахин үнэтэй байгаа биз. Манай монголчууд өөрсдөө “кофе шоп” ажиллуулаад, боломжийн үнэтэй, боломжийн орчинтой байвал бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд их зүгээр юм болов уу гэж боддог” гэв. Харин Сүхбаатар дүүргийн иргэн Б.Отгонбаяр ярихдаа “Caffe Bene”-ээр үйлчлүүлэх бараг шаардлагагүй шүү дээ. Нэг амралтын өдрөөр хүүхдүүдтэйгээ гадуур явж байгаад баруун дөрвөн замд байрлах салбараар нь үйлчлүүлээд, хоёр хүүхэддээ нэг, нэг аяга хөөрүүлсэн сүү, хоёр хачиртай талх авсан юм. Гэтэл бидний нүдэн дээр үйлдвэрийн савтай сүүг задлаад, халаахгүйгээр аягалаад соруул хийгээд өгчихөж байгаа юм. Хүүхэд уух сүү шүү халаагаад өг гэж гуйж байгаад халаалгасан. Гэтэл төлбөр нь 20 гаруй мянган төгрөг болж байгаа юм. Ийм өндөр үнээр зардаг байж үнээний цэвэр сүү хөөрүүлж өгөх хэрэгтэй биз дээ” гэж ярилаа.

Манайхны хийх ажилгүй, хий дэмий цагийг өнгөрүүлдэг хэт завтай баярхуу занг нь ашиглан ингэж их ашиг олдог байх нь гэж ойлгож болохоор байна. Улаанбаатарт 20 салбартай ажиллаж байна гэдэг нь манайхны мөнгө гадагшаа их хэмжээгээр урсаж байгаа хэрэг. Гэвч бид татварын зөв бодлогоор, монголчуудынхаа мөнгийг эх орондоо үлдээж чадахгүй байна. Татварын болон бизнес, үйлчилгээний зөв бодлогогүй манайхны сул талыг ашиглан гадныхан тэр дундаа солонгосчууд хоол, цайны салбараар амжилттай тоглолт хийж байгаа нь энэ. Тухайлбал, өчигдөр V сургуулийн эсрэг талд байх “Caffe Bene”-ээр ороход үдийн алдад 10 гаруй үйлчлүүлэгчтэй байв. Нэг ширээнд оюутан бололтой хоёр эмэгтэй суугаад, хэрчим бялуу, аяга жимсний шүүс ууж харагдлаа. Энэ хоёрын тооцоо ойролцоогоор 17 мянган төгрөг болох аж. Тэдний цаана гурван залуу захиалгаа өгөлгүйгээр утсаа оролдоод 30 минут хэртэй суулаа. Мөн нэг ширээнд суусан залуу биднийг үйлчлүүлээд гартал ном уншиж, жижиг нөөтбүүкээрээ интернэт орох ажилтай сууж байв. Мөн гэр бүлээрээ болон найз нөхдөөрөө хамтдаа үйлчлүүлээд гарах хүмүүс орж, гарч зөрөлдсөөр байх юм. Монгол цайны газруудаас ялгагдах онцлог нь гэвэл захиалга өгөөгүй хэн нэгнийг, эсвэл кофегоо уугаад дууссан нэгнийг гарахыг шаардаж хөөж гаргадаггүй юм байна. Өөрөөр хэлбэл, эелдэг аргаар ингэж мөнгө олж байна цаадуул чинь. Гэтэл манайхан үйлчилгээний соёл дээрээ алддаг байх нь.

Мөн зав ихтэй залхуу монголчууд үүнд нь дурлаж, суусаар халаасан дахь хэдэн төгрөгөө энд тушаагаад гардаг бололтой юм.

Солонгос, Америк болон Европын орнуудад кофе уух соёл нэлээд хөгжсөн байдаг. Гэхдээ манайд үйлчилгээ явуулж буй ихэнх кофе шопууд өндөр хөгжилтэй дээрх улс орнуудын кофеноос өндөр үнэтэй байгаа юм. Тухайлбал, Европт нэг аяга кофе Монголд зарагддаг “Caffe Bene”-ийн кофены үнэтэй бараг адилхан байдаг. Иргэдийнх нь орлого өндөр ч кофены үнэ нь бараг гэртээ кофе чанахаас хямд байдаг тул гадныхан өглөөний цайгаа ихэвчлэн кофе шопд уучихдаг юм байна. Гэтэл амьжиргааны түвшин цалингийн хэмжээ нь дэлхийн улс орнуудын сүүл мушгиж буй манай монголчууд өөртөө дэндүү ахадсан үнэтэй кофе ууж өөрсдийгөө эдийн засгийн хямралд оруулж буй нь харамсалтай.

Өөрөөр хэлбэл, ажилгүй, залхуу хэрнээ бусдад баян харагдах гэсэн ядуу монголчуудын ядуу сэтгэлгээгээр далимдуулан, монголчуудын халаасыг сэгсэрч буй “Caffe Bene”-ээс өндөр татвар авдаг болох зайлшгүй шаардлагатай. Эдийн засгийн хямралын энэ үед татварын бодлогоор зарим зүйлд өөрчлөлт оруулж, үйлчилгээний байгууллагуудыг үнэ ханш, олдог орлогоор нь ангилж харах хэрэгтэй. Хэт өндөр үнэтэй, гадныхны үйлчилгээний байгууллагуудыг өөгшүүлэн дэмжиж, өөрсдөө хохирч хоцордог улс манайхаас өөр бий юу.

Н.ГАНЧИМЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Г.Ичинхорлоо: С.Баяр гуай нэр цэвэр гэдгээ Монголын ард түмэнд харуулчихвал миний эсэргүүцэл дуусна

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригаас буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөс эхлэн Лондон хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны гадаа тайван жагсаал хийж, олны талархлыг хүлээгээд байгаа Г.Ичинхорлоотой ярилцлаа. Тэрээр Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Элчин сайд С.Баярын томилгоог эсэргүүцэн ийн жагсаж буй юм. Жагсаал одоо хүртэл цагийн хуваарийн дагуу үргэлжилж буй бөгөөд жагсаалд оролцогчдын тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна.


С.БАЯР ГУАЙГ САЙДААР ТОМИЛОГДОЖ БАЙГААГ СОНСООД ДОТОР МУУХАЙ ОРГИСОН

-Гуравдугаар сарын 8-ны өдөр та ганцаараа Лондон хотноо С.Баярыг эсэргүүцэн тайван жагсаал эхлүүлсэн шалтгаанаа тайлбарлахгүй юу?

-Энэ өдрийн мэндийг танай хамт олон болон уншигчдад тань хүргье. Эсэргүүцлээ илэрхийлэх шалгаан нь өнөөгийн Монголын нийгэмд үүсэн бий болсон энэ их эцэс төгсгөлгүй уналт завхрал нь өнгөрсөн 26 жилийн туршид улс орныг удирдаж явсан хүмүүсийн зөвхөн өөрсдийнхөө төлөө гэж ажиллаж ирсэнтэй шууд холбоотой. Би утааны эсрэг ээж, аавуудын хоёр дахь жагсаалыг дэмжин, Лондон дахь бусад дэмжиж буй хүмүүсийн төлөөлөл болсон ээжүүд хүүхдүүдийн хамт Монгол Улсын Элчин сайдын яамны гадаа нэг өдөр зогссон. Яагаад гэвэл хүн амьсгалж болохгүй, хүүхэд амилж чадахгүй болсон ийм гамшгийг сонсоод эх хүний хувьд, ар гэрийнхэн ахан дүүсээ бодоод би зүгээр сууж чадаагүй. Гэхдээ миний хувьд энэ бүх гамшгийн уг үндэс шалтгаан нь Монголын төр, улс төр, улс төрчид, улс орныг удирдаж авч яваа хүмүүс. Тиймээс тэдэнтэй нүүр тулж асуудлыг шийдэх нь чухал. Арваннэгдүгээр сард С.Баяр гуайг сайдаар ирэхээр томилогдож байгааг сонсоод, нөгөө С.Баярцогтын мартсан нэг сая долларын данс илэрсэний дараа тэр хүн энд тэнд даргалаад яваад байхыг хараад дотор муухайрдаг байсантай адилхан энэ хүнийг Элчин сайд болж ирнэ гэдгийг сонсоод бас л дотор муухай оргисон юм. Тэгээд би Английн парламентад Монголыг хариуцсан бүх намын бүлгийн дарга парламентын гишүүн James Grey-тэй холбогдож, өөрийн санаа зовж байгаа Улаанбаатарын утааны гамшгийн түвшин болон улс төрийн авлига хоёрын талаар, ялангуяа их хэмжээний эх үүсвэр нь тодорхойгүй мөнгийг гадаадад үл хөдлөх хөрөнгийн худалдан авалт, борлуулалтаар угаасан гэж харагдаж байгаа нэрээ цэвэрлээгүй хүн элчингээр ирэх гэж байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийлж и-мэйл солилцсон юм.

-Хариу и-мэйл ирсэн үү?

-Хариу и-мэйлд эх орныхоо төлөө санаа зовж байгаа сэтгэлийг маань ойлгож байгаагаа илэрхийлээд, эдгээр асуудлууд бол зуун хувь Монголын Засгийн газар болон УИХ-ын хариуцлагын асуудал гэдэг хариулт өгсөн. Тэгэхээр энэ нь миний хувьд Монголын төр засгийг сонгодог ардчилсан орны ард түмэн төр засгаасаа болон холбогдох хүмүүсээс хариуцлага нэхэх эрх, ёстой гэдгийг л давхар баталж хэлж өгсөн хэрэг болсон.

Тэгээд Элчин сайдын яамаар дамжуулж Монгол Улсын Засгийн газар, УИХ-д утааны эсрэг даруй арга хэмжээ авах, С.Баярыг нэрээ цэвэрлэхээс нааш сайдаар ирэхийг эсэргүүцэж жагсахад бэлэн байгаагаа илэрхийлсэн шаардлага бичиг дамжуулаад хариу хүлээсэн. Хариу ирээгүй нэг сар гаруй боллоо. Утааны эсрэг дорвитой юм хийхгүй юм байна гэдгийг ч Гадаад харилцааны яамны сайд Ц.Мөнх-Оргилын англи хэл дээр гардаг “Дипломат” гэдэг мэдээллийн эх сурвалжид саяхан өгсөн ярилцлагаас сонсож ойлгосон. Дээр нь С.Баяр гуай Английн Хатан хаантай уулзаж байгаа зургийг онлайнаас харсан. Би чинь монгол хүн, Монголын ард түмний нэг. Өнгөрсөн 26 жилд жирийн ард түмний туулсан жаргал зовлонг адилхан туулж яваагийн хувьд одоо буруу юмны төлөө чимээгүй сууж чадахгүй гэдгээ илэрхийлж, С.Баярын томилгооны эсрэг Элчин сайдын яамны гадаа эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэгээд ч гуравдугаар сарын 8 болох гэж байсан. Энэ өдөр өөрийн үзэл бодлыг илэрхийлэхгүй байж чадсангүй.

ЗӨВХӨН МИНИЙ ЭСЭРГҮҮЦЭЛ БИШ, МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ НЭГДСЭН ЭСЭРГҮҮЦЭЛ ГЭДГИЙГ БАТАЛЖ ХАРУУЛСАН

-Тэр өдөр С.Баяр таньтай уулзахаар цаг товлосон ч та өөрийн хүсэлтээр хойшлуулсан гэж байсан. Яагаад?

-Энэ жагсалт онлайн хүрээнд маш хурдан түгж олон хүн сонирхсон тул би жоохон дэлгэрэнгүй тайлбар хийх хэрэгтэй болов уу гэж бодлоо. Би өмнө нь утааны эсрэг жагсахдаа Элчин сайдын яамны байрладаг дүүргийн цагдаагийн газар учраа хэлж зөвшөөрөл авсан юм. Цаашид ч жагсаж магадгүй гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ нэг удаа өгсөн бичгийхээ хариуг хүлээж орхисон байсан. Мартын 8 болох гэж байдаг, нэг сар гаруй хариу ирэхгүй болохоор нь нилээн бодож байгаад, бас хэд хэдэн хүмүүстэй өөрийн бодлыг хуваалцаж байгаад гуравдугаар сарын 6-нд цагдаагийн газар “Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхээ хамгаалах өдөр жагсахаар боллоо” гэдгээ дахин мэдэгдсэн. Тэр мэдээллийг цагдаагийн газраас Монгол Улсын Элчин сайдын яам руу дамжуулсан байсан. Үүнийг Элчин сайдын яамны ажилтан над руу гуравдугаар сарын 7-ны өдөр утсаар ярьж хэлсэн юм.

-Яг юу гэж хэлсэн бэ?

-Энэ яриандаа 1. Элчин сайдын яам Монгол Улсын хуулийн дагуу 8-нд амарна. Тэгээд таныг ирэхэд ажлын бус өдөр тул хүмүүс байхгүй байх шүү гэдгийг хэлэх гэсэн юм. Бас эмэгтэйчүүдийн баярын өдөр эргэн тойронд байгаа эмэгтэйчүүдээ баярлуулах ажилтай байгаа гэдгээ дурьдсан. 2. Таныг үзэл бодлоо илэрхийлж жагсах гэж байгааг чинь хүндэтгэж байна.

Бид шинэ сайдад цагдаагийн газраас ирсэн мэдээллийг уламжилсан. Сайд таньтай уулзаж өгөх материал байгаа бол биечлэн гардуулж өгч болно гэсэн зүйлүүдийг хэлсэн юм. Хариуд нь нэгэнт би хуулийн дагуу юм хийх хүсэлтэй байгаа болохоор та нарыг энэ өдөр амарна, ар гэрийнхнээ баярлуулна гэдгийг чинь хүндэлж байна. Тайлбар өгсөнд баярлалаа. Тиймээс заавал гуравдугаар сарын 8-нд уулзана, бичиг өгнө гээд байх юм надад байхгүй. Гэхдээ би өөрөө 8-нд очдогоороо очно. Надад энэ өдөр нь чухал гэдгээ хэлсэн. Харин бичиг баримт шаардлагаа өөр өдөр өгч болно гэж байгаа бол надад асуудал байхгүй. Тиймээс тэр өдрөө надад мэдэгдэнэ үү л гэсэн. Гуравдугаар сарын 7-нд 17 цаг өнгөрч байх үед над руу элчингээс залгаж “Гуравдугаар сарын 9-нд сайд 11-12 цагийн хооронд тантай уулзах цаг гаргая гэж байна” гэж дамжуулсан юм. Би ч зөвшөөрсөн. Яагаад гэвэл 12-15 цагийн хооронд жагсах байсан тул өмнө нь уулзаж болох юм байна гэж бодсон. Ингээд 8-ны өдрөө жагсаад, орой нь хэдэн зургаа фэйсбүүк дээрээ болон Утааны эсрэг ээж аавуудын групп, Оффшорт данстай улс төрчдийг шалгуулах Ард Түмний Онц Түр Зөвлөл ТББ гэсэн хоёр групп дээр шэйр хийгээд унтсан. Үүрээр утас тачигнаад эрт сэрсэн. Энэ мэдээлэл онлайнаар маш хурдан тарж, хүмүүс их харсан байна лээ. Олон хүн чатаар орж ирж хандсан. Тэгээд энэ зөвхөн миний эсэргүүцэл биш Монголын ард түмний нэгдсэн эсэргүүцэл гэдгийг баталж харуулсан болохоор би ганцаараа очиж уулзахаа хойшлуулж маргааш өглөө ажил эхлэнгүүт 9:00 цаг өнгөрөөгөөд би элчингийн ажилтанд нэг удаа хойшлуулах хүсэлтээ тавьсан. Өөртэйгөө ижил бодолтой хүмүүсийн бодол сэтгэгдлүүдийг нэгтгэж байгаад бэлэн болохоороо уулзъя. Надад хугацаа хэрэгтэй гэж хэлсэн.

-Энэ тайван жагсаал хэзээ хүртэл үргэлжлэх вэ. Маш олон хүн нэгдэхээ илэрхийлэн дэмжиж байсан?

-Өнгөрсөн гурав хоногт маш олон хүн дэмжиж байгааг харлаа. Гэхдээ яг бодитоор хэдэн хүн нэгдэхийг хармаар байна. Үүнд хугацаа хэрэгтэй нь ойлгомжтой. Тиймээс бодит дэмжлэгийн тоо, цар хүрээг харагдтал үргэлжлүүлэх бодолтой, бэлтгэлтэй байна.

БИ ХҮНЭЭС АЙХААР ЮМ ХИЙЖ БАЙГАА ГЭЖ БОДОХГҮЙ БАЙНА

-Та С.Баярын оффшор данс, гадаадад байгаа хөрөнгийн талаар нилээд зоригтой дуугарч байна. Баримтууд танд хангалттай бий юу?

-Америк улсад худалдаж авсан, зарсан долоон байрыг нь Голомт.мн сайт буюу УИХ-ын гишүүн байсан Г.Уянгын нийтэд мэдээлж, АТГ шалгахыг шаардсан эх сурвалжийг би өөрөө интернэтээр орж харсан л даа. Бас олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн эх сурвалж дээр охид нь оффшор дансуудтайг харсан. Үнэхээр ороод харахаар нүдэнд илт харагдаад байна. Тэгээд Монголынхоо байдлыг харьцуулаад үз л дээ… Асуух, шалгах эрхтэй шүү дээ. Хариулахгүй бол энэ талаар судалмаар байна. Цааш нь мэдмээр байна. Би цаг заваараа “International Compliance Associa­tion” гэдэг олон улсын санхүүгийн гэмт хэргийн эсрэг мэргэжилтэн бэлтгэдэг мэргэжлийн байгууллагын хичээлүүдээс судалж байгаа. Эндээс харахад мөнгө угаасан гэж харагдаж байгаа үйлдлүүд. Тиймээс насаараа улс төрч байсан энэ хүн энэ их хөрөнгийнхөө эх үүсвэрийг нийтэд ойлгомжтой болгохгүй бол би Элчин сайдаар ирэхийг чинь эсэргүүцэж байна гэж байгаа юм.

-Иймэрхүү улс төрчийн эсрэг ганцаар зогсох нь маш аюултай байж болох юм. Та энэ талаар бодож үзсэн үү?

-Би хүнээс айхаар юм хийж байгаа гэж бодохгүй байна. Миний өдөр тутмын амьдралын үйлдлүүд хуулийн дагуу байх ёстой. Энэ орны хуулийг дагах эрхтэй бас хариуцлагатай. Би ардчилсан, хууль дүрэмтэй оронд, хууль дүрмийг нь дагаж мөрдөөд 19 дэх жилдээ амьдарч байна. Энэ орон намайг надаас илүү мэднэ. Тиймээс би хуулийн дагуу холбогдох байгууллага, хүмүүст мэдэгдэж өөрийн үзэл бодол, зөв гэж итгэсэн итгэл үнэмшлээрээ эсэргүүцэж байгаа зүйлээ хуулийн дагуу тайван хийх болно. С.Баяр гуай өөрийнхөө нэр төрийг хамгаалаад хуулийн дүрмийн дагуу хөрөнгийнхөө эх үүсвэрийг ил болгож нэр цэвэр гэдгээ Монголын ард түмэнд батлаад харуулчихвал миний зорилго биелж, миний эсэргүүцэл дуусна.

-Жагсаал хийж байхад Лондонгийн цагдаа болон иргэд та бүхэнтэй ирж уулзан, ярилцаж байгаа нь гэрэл зургийн хальсанд буусан байсан. Тэдний харилцаа, хандлага ямар байв аа?

-Англичууд болон Британи хүмүүст энэ бол энгийн зүйл. Ардчилал гэдэг чинь нийгэмд болохгүй байгаа зүйлээ бүгдээрээ ил гаргаж, ярилцаж, авч хэлэлцэж шаардлагатай гэвэл жагсаж тэмцэж байгаад ч гэсэн хуулийнхаа дагуу асуудлаа шийдээд сурчихсан ард түмэн. Тиймээс уулзсан бүх хүн “амжилт хүсье” л гэж байна. Цагдаа нар ч адилхан. Тэд угаасаа энд Монгол Улсын Элчин сайдын яамны өмнө өдөртөө 12-15 цагийн хооронд хөдөлгөөнгүй жагсаал болж буйг мэдэж байгаа. Эргэн тойрны дүүргийн цагдаагийн газрууд ч мэдэж байгаа. Бас Элчин сайдын яамдыг хариуцсан тусгай цагдаагийн албаныхан ч мэдэж байгаа. Тиймээс бидний болон элчингийнхний хоёр талын аюулгүй байдлыг адилхан сахиулахад анхаараад өдөртөө ирж очоод явж байгаа.

БӨМБӨРЦӨГИЙН ХОЁР ТАЛД ЭМЭГТЭЙЧҮҮД ЭСЭРГҮҮЦЭЛ ИЛЭРХИЙЛЖ БАЙХАД ХОЁР ӨӨР ДҮР ЗУРАГ ХАРАГДСАН НЬ ХҮМҮҮСИЙН АНХААРАЛД ХҮРСЭН ЮМ БАЙНА

-Тэр өдөр Монголд тайван жагсаал хийсэн эмэгтэйчүүдийг цагдаа нар барьж буй бичлэгийг та харсан байх. Монгол эмэгтэйчүүд нэг цагт хоёр өөр газар жагсаал хийхэд эх орондоо жагсаал хийснийг нь авч яван тайлбар авсан байдаг. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Хүмүүсийн тэвчээр хаа сайгүй барагдсан шүү дээ. Би тэр эмэгтэйчүүдийг дэмжиж байна. Монголд ардчилал байхгүй. Шилжилтэн дундуур эцэс төгсгөлгүй явуулж залхааж, хэдхэн хүн дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байна. Үүнээс хойш тэвчихгүй. Ардчилал гэж юу вэ гэдгээ мэдрээгүй хүмүүс улсыг 26 жил самарсан. Бөмбөрцөгийн хоёр талд эмэгтэйчүүд, ээжүүд эх орон, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө өнөөгийн байгаа байдалд тэвчээр нь барагдаад өөрсдийнхөө чадахаар тайван эсэргүүцэл илэрхийлж байхад хоёр өөр дүр зураг харагдсан нь хүмүүсийн анхааралд нэг талаараа илүү хүрсэн юм байна гэж ойлгосон. Тиймээс миний бас ингэж ил гарч ирж эсэргүүцлээ илэрхийлсэн нэгэн зорилго нь ардчилсан нийгэм гэдэг чинь ийм байдаггүй, ингэж явах ёсгүй, ийм хүмүүс авч явдаггүй юм гэдгийг харуулах гэсэн юм. Нэгэнт одоо олон хүн энэ эсэргүүцлийг үргэлжлүүлэхийг хүсэж байгааг харж байгаа болохоор бүгдээрээ ардчилсан оронд юм яаж явагддагийг давхар дараа дараагийнхаа хийх алхмуудаараа харж авцгаая гэж бодож байна. Дээр нь хүнлэг ардчилсан оронд хувиа бодсон, улсаа, ард түмнээ хохироогч хүн төлөөлөн ирэх орон зай байдаг эсэхийг мэдмээр байна.

-Та энэ тэмцлээ ямар үр дүнд хүрэх хүртэл үргэлжлүүлэх вэ?

-Монголчуудын 26-27 жилийн өмнө хүссэн тэр нийгмийг жинхэнээсээ бий болгох цаг нь болсон. Тэр өөрчлөлтийг хийх цаг нь ирсэн. Ард түмэн нүдээ нээж нэгдэх, зөв сонголтоо хийж чаддаг болох зайлшгүй цаг нь ирсэн. Тиймээс би тэр өдрийг хармаар байна. Харин өнөө маргаашдаа энэ эсэргүүцлээ үргэлжлүүлж, өдөр бүр Элчингийн өмнө очих болно (Хагас бүтэндээ хувийнхаа аж амьдралыг зохицуулна).

-Та Лондон хотод ямар ажил хийж байна вэ. Ямар мэргэжилтэй вэ. Өөрийн талаар товч танилцуулна уу?

-Би яг одоогоор Английн “Рharmaceutical” компанид хүний нөөцийн чиглэлээр ажиллаж байна. Хажуугаар нь өнгөрсөн хоёр жилийн туршид би өөрийн бие даасан ажлуудыг хийх гээд санхүүгийн зууч, хувь хүний болон удирдахуйн ухааны сургалт, ганц биеэр өрх толгойлсон эцэг, эхтэй айлуудын хүүхдүүдэд тусалдаг байх сан гэх мэт хэд хэдэн чиглэлээр суурийг нь тавиад явж байгаа. Албан ёсоор сурсан мэргэжлийн чиглэл гэвэл банк санхүүгийн чиглэлээр хоёр бакалавр, нэг магистр гээд Англи, Монголын гурван их сургуульд нийт арван жил суралцаж төгссөн.

Эх сурвалж www.medee.mn

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Гарамгайбаатар “Ганц”-д тарчилж, Д.Дамба-Очир депутат болон тарвалзахын учир юу вэ

Монголын улс төрийн орчин алагчилж үзэхийн туйл, шударга бусын жишээ болж байна. Улс төрчдийн нөлөөнд автсан хууль хүчний байгууллагууд аливаад алагчлан хандаж байна. Бид энэ тухай саяхан “Ардын намынхан С.Баярыгаа Англи руу баяртай үдэж, Ардчилсан намынхан Н.Алтанхуягийгаа Ганц худаг руу гавтай илгээлээ” гэж бичсэн. Монголын хамгийн том гэж байгаа хоёр намын гишүүддээ ханддаг хандлага, бас бодлого эндээс харагдана. Гишүүн нь авлига, албан тушаал, хууль бус бүх үйлдэлд орооцолдсон ч намынхаа тогоон дотор байгаа л бол Н.Энхбаярдахгүй авч үлддэг МАН-ыг ард түмэн цаашид дэмжсээр байх уу. Алдарт “Гааль”-ийн хүн гуай өнөөдөр агентлагийн дарга болоод явж байна. Архангайн Засаг дарга байсан нөхрийг чуулганы танхимд суухыг харсан нэгэн бээр “Хэдийдээ шоронгоос гараад, хэдий завандаа Их хурлын гишүүн болчихсон юм бэ” хэмээн дуу алдахав. Хүмүүсийн “Шоронд байгаа даа хөөрхий” гэж бодож явсан олон хүн нэг өдөр харах нь ээ Монголын удирдагчдын нэг болчихсон явж байдаг явдал зөвхөн МАН-д л байдаг байх. АН-ын гишүүн асуудалд орвол “аавынх” руу, ахиад цаашилбал үхэл рүү явдаг биз дээ. Монголын улс төр үнэхээр алагчилсан байдалтай, эрээн бараан байгааг дор дурдая.

Энэ бол баруун тийш зам тавьсан Д.Дамба-Очир, зүүн тийш зам тавьсан Б.Гарамгайбаатар нарын тухай юм. Одоогоос хэдэн жилийн өмнө Улаанбаатар-Лүнгийн чиглэлийн 106.2 километр замын тендерийг Д.Дамба-Очирын “Очир төв” компани авсан. Ингээд тус компанийнхан Лүнгийн замын хатуу хучилтыг хуулж хаясан юм. Эндээс их хэцүү юм эхэлсэн дээ. Замаа тавихгүй хэдэн жилийн нүүр үзэж, иргэдийн хамгийн ихээр зорчдог, жуулчлалын гол чиглэл болсон тус зам тэнгэрт хадсан их тоос шорооны голомт болсноор Монгол улсад дэндүү их хохирол авчирсан. Үүний дотор тус зам дээр аваар ослоор амь насаа алдсан иргэдийн тоо жилд хэдэн арваар нэмэгдэж зүрх шимшрэм болсон. Тэр их тоос шороон дунд, үзэгдэх орчин үүдэн хоймрын зайнд ч харагдахгүй болсон зам дээр мөргөлдөж 31-хэн насандаа амиа алдсан залуугийн эхнэр нь өнөөдөр хоёр хүүхэдтэйгээ “Хархорин” зах дээр гуйлга гуйгаад амьдарч байгааг Өвөрхангайд мэдэх хүмүүс цөөнгүй бий. Ингэж Их хурлын гишүүн Д.Дамба-Очирын компани иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, экологийн сүйрлийг авчирч, улсад их хэмжээний хохирол авчирсан юм. Ийм нөхцөл байдлыг бий болгосон түүнтэй өнөөдрийг хүртэл өчүүхэн ч хариуцлага АТГ-аас ярьсангүй, бусад хууль хүчний байгууллага ч нүдэн балай, чих нь дүлий байсаар. Харин ч бүр “Даварсаар даварсаар давгийн орон дээр” гэгчээр тухайн үедээ Лүнгийн замыг барих өртгийг хэд дахин нэмэн, татвар төлөгчдийн мөнгөөр улс төр хийсээр өдгөө өндөр сэнтийд залран “Өөдгүй муу АН-ынхан улсын мөнгө идсэн байна” гэх шиг юм яриад төрийн ордонд сууж байна. Тухайн үед МАН-ын Засгийн газар, УИХ-ын зүгээс түүний хугацаанд нь ашиглалтад оруулж чадаагүй замыг хурдлуулахын тулд, тэр замд хэдэн зуун хүнийг аваар ослоор ахиж үхүүлэхгүйн тулд бонд гаргаж “Очир төв” компанид 7.5 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэж байв. Ингээд зогссонгүй, алдагдалтай төсөв батлуулсан тухайн үеийн МАН-ын Засгийн газар Д.Дамба-Очирын ямар шантаажинд орсон юм мэдэхгүй дээр нь нэмж 22 тэрбум төгрөгийг тэдний компанид шилжүүлсэн байдаг. Энэ бүх үйл явдлын гэрч баримт болох төсөв хэлэлцэж байх үеэр Эдийн засгийн байнгын хорооны зарим гишүүд Д.Дамба-Очирын улсын төсвөөс уут уутаар нь авч байгаа их мөнгийг шүүмжилсэн хурлын бичлэг, протокол өнөөдөр УИХ-ын архивт хадгалаастай байгаа. Ямар сайндаа түүнийг монголчууд Там-Очир гэж нэрлэж байхав дээ. Ингэж гурван жилийн дотор дуусгах гэрээтэй замаа долоон жилийн дараа улсын төсвөөс тэрбум тэрбумаар нь шимэн сорон байж дуусгасан нь нэг жил ч наслалгүй цөмөрч, хэлтэрч унасан нь түүнийг бас Молиго-Очир хэмээх алдарт хүргэсэн юм. Ийм аймаар хулхидалт, их зардал, аваар ослын эцэст нэр бүхий иргэдийн зүгээс Сүхбаатар дүүргийн шүүхэд Д.Дамба-Очир гишүүнд хаягласан гомдол гаргасан ч бүтэлтэй юм болоогүй юм. Нам жим дарсан. Лав л Б.Гарамгайбаатар шиг шүүрч аван хүүе хаая, яав ийв болон шоронд хийгээгүй. Харин ч бүр УИХ-ын гишүүн болсон нь үнэхээр Монголын ард түмнийг доромжилсон, Монголын улс төрчдийн үнэн төрхийг харуулсан, Монголын хууль хүчнийхний алагчилж үздэгийн тод жишээг харуулсан хэрэг явдал болжээ.

Замаар яаж мөнгө хийж болдгийг, улс төрд хэрхэн ашигладгийг, бас дээр нь замыг хэрхэн там болгож хүмүүсийн амь насаар тоглож, байгалийг сөнөөж болдгийг утгаар нь харуулсан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын “Очир төв” компани нь дампуурсан “Анод” банкны чанаргүй зээлийн жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн байдгийг хүмүүс мартаагүй л дээ.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын хүү Г.Тэнгисийн “Монроуд” компанийг Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн 100 км замыг барихдаа 37.2 тэрбум төгрөгийн тендерээ 46.3 тэрбум болгож нэмэгдүүлсэн хэргээр АТГ-аас шалгаж “Ганц худаг”-т хориод авлаа. Тус замын ажлыг 2013 онд шинээр барих замын жагсаалтад хууль бусаар оруулсан хэрэгт буруутгаж байгаа бололтой. Тиймээс тус компанийн удирдлагуудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2, 150.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Ер нь бол “Монроуд” компани нь 2012 оны дөрөвдүгээр сарын 27-нд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас Халзан бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлын тендер шалгаруулахад материалаа ирүүлж 37.2 тэрбум төгрөгөөр замын ажлыг гүйцэтгэх боломжтойгоо мэдэгдсэн байдаг юм. Ингээд тендерт шалгарсан тус компанийн материалыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, Хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгүүлэхээр болжээ. Үүнээс жилийн дараа буюу 2013 онд Хөгжлийн банк санхүүжилт хийх төслийнхөө талаар Эдийн засгийн хөгжлийн яаманд танилцуулахдаа “Монроуд” компани дээрх ажлыг анх тогтсон үнээрээ гүйцэтгэх боломжгүй болсныг мэдэгд-сэн байна. Ингээд Халзан бүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх замыг шинээр тавих талаар танилцуулж, санхүүжилт хийх хөрөнгө нь 46 тэрбум 354 сая 400 мянган төгрөг байх тооцоо гаргажээ. Энэ тооцоог Эдийн засгийн хөгжлийн яам Засгийн газрын хуралдаанд оруулж 124 дүгээр тогтоолыг батлуулсан байдаг юм. Энэ тогтоолын дагуу Хөгжлийн банкнаас 43.6 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч болох “Монроуд” компанид шилжүүлсэн нь өнөөдөр тодорхой болоод байгаа. Харин өнөөдөр замын экспертүүд энэ замын талаар ямар дүгнэлт хийж байна гэхээр нэгдүгээрт Монголд алдартай хамгийн өндөр, бартаа саад ихтэй даваанууд. Анхлан байгуулсан зардлаар тэнд стандарт хангасан зам тавих ямар ч боломжгүй болсон. Гэвч “Монроуд” компани нь нэгэнт авсан ажлаа гүйцээхийн тулд хуулийн дагуу нэмэлт санхүүжилтийг Засгийн газраас хүсчээ гэж дүгнэсэн. Өнөөдөр болж буй үйл явдлыг товчхон хийгээд маш энгийнээр ойлгуулахад ийм л процесс дунд өрнөжээ.

Эндээс харахад УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар хоёрын асуудал яг адилхан. Хоёулаа замын тендер. Хоёулангийнх нь 100 км зам. Харин зам барилгын ажил хийгдэж буй орчин нөхцөл гэвэл Д.Дамба-Очирынх тал хээрийн бүсэд, ямар ч тээг саадгүй газарт тавигдсан. Б.Гарамгайбаатарынх нь Хангайн нурууны хамгийн өндөр, уул хяр хэцэд, хүнд нөхцөлд тавигдсан. Хоёулангийнх нь нэмэлт санхүүжилт авсан нөхцөл нь бас адилхан ч тоон дүнгийн хувьд Д.Дамба-Очирын компани Засгийн газраас 22 тэрбумыг нэмж авсан бол Б.Гарамгайбаатарынх 37.2 тэрбум төгрөг дээрээ нэмэлтээр 9.1 тэрбумыг Хөгжлийн банкнаас авчээ.

Эдгээр хоёр компанийн нэмэлт санхүүжилт авах болсон шалтгаан, хувь бизнесменүүдийн үзэл санаа, зарчмыг харах юм бол Б.Гарамгайбаатарын “Монроуд” компани сайн, чанартай зам тавья, дараа нь хариуцлага хүлээнэ гэсэн байр сууринаас хандсан. Д.Дамба-Очирын “Очир төв” компани бол муу сайн нь хамаагүй, асар хэмнэлттэй, асар хямд зардлаар ямар ч байсан нэг зам тавьчихья хэмээн зүтгэснээр долоон жил сунжирсан үйл явдал болсны эцэст нэмэлт санхүүжилт авахаас өөр аргагүйд хүрсэн нь тодорхой харагдаж байгаа юм. “Монроуд”-ын тавьсан замын чанар ямар байгааг, “Очир төв”-ийн тавьсан замын насжилт ямар байгааг ард түмэн мэдэж байгаа. Өнөөдөр тэгэхээр яах ёстой вэ гэхээр авто замын чанар, стандартыг шалгах техник, технологи маш хялбар, найдвартай болсон. Энэ хоёр компанийн тавьсан зам тус бүр дээр багажаа байрлуулаад шинжлэхэд нягтаршил, чанар, стандарт, хэдий хэрийн өртөг зардлаар тавигдсан болох нь дороо гараад ирнэ. Ердөө л энэ.

Б.Гарамгайбаатарыг гэмт хэрэгт сэжигтнээр татаж байгаа юм бол Д.Дамба-Очирыг ч сэжигтнээр татах ёстой. Гэтэл өнөөдөр нэг нь депутат, нөгөөх нь шоронд байгаа нь шударга явдал мөн үү. Ийм л шударга бус, алагчилж үзсэн үйл явц нийгэмд газар авсанаар өнөөдөр Монголын нийгэмд хэрүүл уруул их болж, ард түмэн бухимдаж, тогтворгүй, итгэл найдваргүй иргэд олноор бий болов. Үүнээс үүдэлтэйгээр Монголд шударга бус байдал улам ноёрхох хандлагатай боллоо. Ийм тал руугаа явж байгааг бид бэлхэнээ харж байна шүү дээ.

Categories
мэдээ нийгэм

“Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа

“Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг 2017-2018 он хүртэл буюу богино хугацааны, 2018-2021 он хүртэл буюу дунд хугацааны гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр боллоо. 59 арга хэмжээ бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гэр хороолын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын ашиглаж байгаа түүхий нүүрсний хэрэглээг бүрмөсөн хориглох юм. Ингэснээр агаар бохирдуулагч эх үүсвэр 80 хувиар багасч, тоосонцор, хүхэрлэг хийг 50-иас доошгүй хувь буурна гэж тооцоолжээ.

Хөтөлбөрийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах дэвшилтэт техник, технологийг нийтэд танилцуулах “Байгаль орчинд ээлтэй техник, технологийн мэдээллийн төв”-ийг БЗД, СХД, Чингэлтэй дүүрэгт байгуулна. Мөн Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Агаарын бохирдлын эсрэг сан байгуулах тухай хуулийн төслөөс гадна байгаль орчныг хамгаалах, агаар, орчны бохирдлыг бууруулах, нөхөн сэргээлт хийх чиглэлээр үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах юм.

Мөн зорилтот бүлгийг боловсруулсан түлшээр хангах, цахилгаан халаагуур, шөнийн тарифт тоолуур зэргийг худалдан авах айл өрхүүдэд хөнгөлөлттэй зээл олгох журмын төслийг боловсруулсан. Үүний зэрэгцээ агаар, орчны бохирдлыг бууруулах, цэвэрлэх, дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалттай тоног төхөөрөмжид татварын хөнгөлөлт үзүүлнэ.

Агаар, орны бохирдлыг бууруулах хүрээнд хийгдэж байсан ажлууд үр дүнд хүрэхгүй, цаг алдаж байгаагаас агаарын бохирдлоос шалтгаалсан амьсгалын замын өвчлөлийн эрсдэл ихэссээр байна. Тухайлбал 2005 онд өвчлөл 10 мянган хүн тутамд 697 байсан бол 2014 онд 1730 болж хоёр дахин өсчээ. Мөн бохирдол жирэмсэн эхчүүдэд сөрөг нөлөө үзүүлж, ураг хүчилтөрөгчийн дутагдалд орох, зулбах, дутуу төрөх, хүүхдийн жин буурч байгаа нь судалгаанаас тодорхой болжээ.

Хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн зуух болон аж ахуйн нэгж, байгууллагын 3200 орчим халаалтын зуух гаргадаг. Харин 10 хувийг 400 гаруй мянган автотээврийн хэрэгсэл, 5-6 хувийг Дулааны цахилгаан станцууд, дөрвөн хувийг үнсэн сан, замын тоос шороо, ил задгай хаясан хог хаягдлаас ялгарч байгаа утаа, тоос тортог эзэлж байна.

Нийлэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, дөрвөн бүсэд хуваасан. Нэгдүгээр бүс буюу агаарын бохирдлын голомтод СХД, БЗД, СБД, ЧД-ийн 51 хороо орсон бол, хоёрдугаар бүсэд СХД, БЗД, ХУД-ийн 21 хороо, гуравдугаар бүсэд БГД-ийн 8 хороо, дөрөвдүгээр бүсэд СХД, БЗД, СБД, ЧД, БГД, ХУД-ийн 49 хороог багтаажээ.

Засгийн газар гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг энэ оны эхний өдрөөс тэглээд байгаа. Энэ хүрээнд 108 мянга гаруй хэрэглэгчийн цахилгааны төлбөрийг 100 хувь, 39 мянга орчим хэрэглэгчийнхийг 50 хувь хөнгөлж үүнд хоёр тэрбум төгрөг зарцуулаад байна.

Мөн цахилгааны хөнгөлөлтөд зарцуулах төсвийг 3.5 тэрбум төгрөг болгосноор зорилтот бүлгийг сайжруулсан түлш, зуухаар хангах боломж бүрдсэн. Энэ ажлыг ирэх 11 дүгээр сар гэхэд хэрэгжүүлж дуусахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

“Гашуунсухайтын төмөр зам” компанийг татан буулгав

Гашуунсухайт-Ганцмод боомтын нарийн цариг бүхий боомтын төмөр замд хөрөнгө оруулалт хийж, барих, ашиглах зорилготой байгуулсан “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийг татан буулгахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгов.

Компанийн зарцуулсан хөрөнгийг хөндлөнгийн аудитаар хянан баталгаажуулж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд оруулах гадаадын хөрөнгө оруулалтаас эргэн төлөх арга хэмжээ авахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгалаа.

Засгийн газрын 2016 оны 268 дугаар тогтоолоор “Нарийнсухайт-Шивээхүрэн” чиглэлийн төмөр замын барилгын ажлыг энэ оны эхний хагас жилд багтаан эхлүүлнэ гэж заасан. Иймээс дээрх чиглэлийн 45.3 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалт дор цогцоор нь барьж байгуулах нь зүйтэй гэж үзлээ.

“Гашуунсухайтын төмөр зам” компани нь төмөр замын урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, геологи, геодезийн судалгааг хийж дууссан боловч УИХ-ын 2014 оны “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 1435 мм-ийн царигтайгаар барихаар болсон юм.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих” концессын гэрээний төслийг танилцуулахыг үүрэгдлээ

Categories
мэдээ нийгэм

Энгийн гадаад паспортыг сунгахгүй, тав болон 10 жилээр олгоно

2004 онд Каир хотноо болсон Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 12 дугаар уулзалтаас “Машинаар унших паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй байх, дардас, резинэн тамгаар сунгасан паспортыг машинаар уншигдах баримт бичиг гэж хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй болох тухай” Протокол гаргасан юм.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын иргэд энгийн гадаад паспортынхаа хугацааг сунгуулж гадаадад зорчих нөхцөлд үүнийг нь дэлхийн олон орон үл хүлээн зөвшөөрөх, олон улсын нислэгээр зорчуулахгүй байх, хилээр нэвтрүүлэхгүй эрсдэл үүсч байгаа юм.

Иймд олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор Монгол Улсын энгийн гадаад паспортыг чипгүй бол таван жилийн, харин чиптэй энгийн гадаад паспортыг 10 жилийн хугацаатай олгож, дахин сунгалт хийхгүй байхаар тогтов. Засгийн газрын энэхүү тогтоолтой холбоотойгоор иргэдээс авдаг төлбөр хураамжид ямар нэгэн өөрчлөлт орохгүй юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Малчид, тээвэрчдийн анхааралд

Өнөөдөр баруун аймгуудын нутөг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 22-23-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар ихээхэн хэмжээний нойтон цас орохыг УЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.

2017 оны 03 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 7-12 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км замыг барих төслийн гүйцэтгэгчийг шинээр шалгаруулна

Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт дахь Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай автозамын төслийн явцын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Уг чиглэлийн замыг барих концессын гэрээг 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Эрчим хүчний барилга угсралтын трест” ХХК-тай байгуулж, төслийн нийт өртгийг 76.9 сая ам.доллартай тэнцэх төгрөг байхаар гэрээлжээ. Гэрээгээр хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг 2017-2019 оны хооронд хийх, автозамыг 2017 оны 09 дүгээр сарын 01-нээс өмнө ашиглалтад оруулахаар тохирсон байна. Гэвч “Эрдэнэ зам” ХХК тус төсөлд оролцохоор Зам, тээврийн хөгжлийн яамтай гэрээлж, концессын давхар гэрээ байгуулжээ. Одоо хоёр компанийн хоорондын маргаан шүүхийн шатанд явж байна.

Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км замын төсөлд оролцохоор байгуулсан “Эрдэнэ зам” ХХК-ийн гэрээг цуцалж, маргааныг хуулийн хүрээнд эцэслэн шийдвэрлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатад үүрэг болголоо.

Мөн тус чиглэлийн замын төсөлд оролцохоор “Эрчим хүчний барилга угсралтын трест” ХХК-тай байгуулсан концессын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу цуцалж, Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км замын төсөлд шууд гэрээ байгуулах хуулийн этгээдийг шинээр сонгох, дүгнэлтийг хамт танилцуулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгалаа.

Categories
мэдээ нийгэм

“Газрын тос боловсруулах үйлдвэр” барих төрийн өмчит компани байгуулна

Газрын тос боловсруулах үйлдвэр зурган илэрцүүд

Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг бөгөөд жил бүр 1-1.2 сая тонн шатахуун импортолж, үүнд нэг тэрбум орчим ам.доллар зарцуулдаг билээ.

Иймд Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр” барих төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо, судалгаанд тулгуурлан 100 хувь төрийн өмчит компани үүсгэн байгуулах, компанийн бүтэц, зохион байгуулалт, дүрмийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулахаар тогтжээ.