Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн замд осол гарч, нэг хүн газар дээрээ амиа алджээ

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүн газар дээрээ амиа алдсан хэрэг гарсан байна. Тодруулбала, тус аймгийн Баянгол сумын нутаг “Тахилтын даваа” гэх газар “Hyundai Mighty”, “Нyundai Aerospace” маркийн тээврийн хэрэгслүүд хоорондоо мөргөлдсөнөөс ийн харамсалтай хэрэг гарчээ.

Талийгаач Мандал сумын оршин суугч 39 настай Б гэх эрэгтэй байжээ. Хэргийг Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасагт шалгаж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

СЕХ-ны байранд гарсан галын шалтгаан урьдчилсан байдлаар гарчээ

Чингэлтэй дүүргийн 4-р хороо Засгийн газрын 11-р байрны хоёр давхар буюу Сонгуулийн Ерөнхий хороонд өчигдөр гал гарсан талаар бид мэдээлсэн билээ.

Тэгвэл галын шалтгаан урьдчилсан байдлаар гарсан байна. Тодруулбал гал тус байрны 2-р давхарт байрлах “Лифтчин” гэсэн хаягтай өрөөнд цахилгааны залгуур утаснаас богино холболт үүсч ширээний тавцан болон, загвар тодорхойгүй /21”/ инчийн зурагт хайлж шатжээ. Одоогоор хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Үндсэн чиглэлийн биелэлт 61 хувьтай гарчээ

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн 5 бодлого, 22 зорилт, 158 арга хэмжээний биелэлт өнгөрсөн оны эцсийн байдлаар 61.2 хувьтай гарлаа. Үндсэн чиглэлд тусгасан 158 арга хэмжээнээс 19 нь 100 хувь буюу бүрэн, 39 нь 90 хувь, 23 нь 70 хувь, 33 нь 50 хувийн биелэлттэй, бусад нь 30-аас доош хувьтай байна.

Макро эдийн засгийн бодлого 64.3, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого 52.5, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого 59.6, хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого 67.9, засаглал, эрхзүйн шинэчлэл, гадаад болон батлан хамгаалах салбарын бодлого 64.6 хувьтай гарчээ.

Цаашид Үндсэн чиглэлд тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, санхүүжилтийг улсын төсөвт бүрэн тусгаж байх, төсвийн ерөнхийлөн захирагч нар жил бүрийн Үндсэн чиглэлд тусгасан өөрийн хариуцан хэрэгжүүлэх арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг гаргаж, оны эхнээс жигд хэрэгжүүлэх, тухайн онд хүрэх түвшингээ бодитой тогтоохыг Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Төв талбайн ойр орчимд хөдөлгөөний зохицуулалт хийгдэж байна

Шинэчлэн батлагдсан “Цагдаагийн албаны тухай хууль”-ийн эх бичвэрийг Д.Сүхбаатарын талбайд хүлээн авах хүндэтгэлийн арга хэмжээ яг одоо болж байна. Үүнтэй холбогдуулан талбайн урд талын автомашины зогсоолыг арга хэмжээ дуусах хүртэл түр хугацаанд хаасан байна. Иймд иргэд тээврийн хэрэгслээ Хангарьд ордон, Тусгаар тогтнолын ордон, ДБЭТ, Драмын театр, Спортын төв ордон зэрэг ойр орчмын зогсоолд байршуулах боломжтой юм. Мөн арга хэмжээний үеэр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хамгаалалт, хөдөлгөөн зохион байгуулалт хийгдэх тул иргэд зохицуулагчийн дохио, зааврын дагуу хөдөлгөөндөө сахилга, соёлтой оролцохыг ЗЦА-аас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Ховд аймагт болсон морин уралдааны үеэр мориноос унасан хүү нас баржээ

хурдан морины уралдаан өвөл зурган илэрцүүдЭнэ сарын 12-ны өдөр Ховд аймгийн Дөргөн суманд болсон “Майдар эргэх ёслол” –ыг үйл ажиллагааны үеэр байгуулсан хурдан морины уралдааны үеэр 11 настай хүүхэд мориноос унаж гэмтжээ.

Тодруулбал, тус аймгийн харъяат 11 настай П гэх хүүхэд мориноос унаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Улмаар хүүгийн биеийн байдал сайжрахгүй байсаар өчигдөр нас баржээ. Энэхүү хэргийн талаар Гэр бүр хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх “Гуравдугаар сарын 14-нд авсан мэдээллээр энэ хавар зохион байгуулагдсан уралдаануудын үеэр 54 хүүхэд мориноосоо унаж тэдгээрийн зургаа орчим нь гэмтэл аваад байсан юм. Гэвч Засаг даргын ямар ч зөвшөөрөлгүйгээр иргэд, шашны байгууллагатай нийлэн нууцаар ийм уралдаан зохион байгуулсан бөгөөд энэхүү хууль бус уралдаан зохион байгуулсан байгууллага, хувь хүмүүстэй хариуцлага тооцох асуудал яригдаж эхэлсэн” хэмээн мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэгүй өгнө

2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Үүний хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран сард нэг удаа иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулж буй.

Энэ удаагийн өдөрлөг өнөөдөр Хан-Уул дүүргийн “Мишээл” төв, Сонгинохайрхан дүүргийн “Драгон” төв, Баянгол дүүргийн ЗДТГ-ын байранд 9.00 –17.00 цагийн хооронд болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн ЕБС-иудыг мэргэжлийн хяналтаас шалгажээ

Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаагийн баталсан удирдамжийн дагуу нийслэлийн ерөнхий боловсролын 1,9,13,18,23,67,93,105, Шавь цогцолбор сургуулиудад боловсролын хяналт, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын чиглэлээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хамтарсан шалгалт хийсэн байна.

Шалгалтын явцад давхардсан тоогоор 425 зөрчил илрүүлж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, улсын /ахлах/ байцаагчийн 25 заалт бүхий 4 албан шаардлагыг ерөнхий боловсролын 1, 18, 23, 93 дугаар бүрэн дунд сургуульд хүргүүлэн, илэрсэн зөрчлийг үндэслэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.1.3, Эрүүл ахуйн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн 8 албан тушаалтанд 3.120.000 төгрөгийн шийтгэвэр ногдуулж бүрэн барагдуулан ажиллажээ.

Шалгалтад хамрагдсан бүх сургуулиудад боловсролын чанар хүртээмж, эрүүл ахуй халдвар хамгааллыг сайжруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хууль тогтоомжийг мөрдөх талаар байгууллагын сургалтыг зохион байгуулж ажилласан гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хилийн боомтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлав

Хилийн боомт зурган илэрцүүд

Хилийн боомтын үндэсний зөвлөлийн даргаар Сангийн сайд ажиллах бол гишүүдэд ХЗДХ болон Гадаад харилцааны сайд, гааль, хил хамгаалах, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн, харьяат, МҮХАҮТ, Логистикийн холбооны дарга багтжээ.

Зөвлөл хилийн боомт байгуулах, өргөтгөх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх талаар санал боловсруулах, хилийн хяналтын байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах, боомтын ажлыг сайжруулах талаар зөвлөмж гаргах, албан хаагчдын нийгмийн асуудлын талаар санал боловсруулах, боомтыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төлөвлөгөөг батлах, боомтод мөрдөх журмыг батлах эрхтэй юм. Зөвлөл шаардлагатай гэж үзвэл тодорхой асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх бөгөөд ажлаа Засгийн газарт тайлагнах үүрэг хүлээсэн байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Дэлхийн яруу найргийн өдөр” тохиож байна

Өнөөдөр “Дэлхийн яруу найргийн өдөр”. 1999 оноос эхлэн ЮНЕСКО-гоос “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг жил бүрийн 3 дугаар сарын 21-нд тэмдэглэн өнгөрөөхийг зарлан тунхагласан билээ.

Монголын утга зохиолынхон ЮНЕСКО-гоос зарлан тунхагласан уг өдрөөр яруу найргийн олон төрлийн ажил өрнүүлдэг уламжлалтай. Монголын Соёл Яруу Найргийн Академи дэлхийн яруу найргийн өдрийг угтан олон ажил хийдэг. Үүний нэг нь Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн яруу найргийн номыг “Монгол шүлэг” нэртэйгээр англи хэлнээ орчуулан гаргасан юм.

ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова 2015 оны Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан илгээлтэд “Яруу найраг бол эрх чөлөөний үндсэн гол илэрхийлэл бөгөөд хүн төрөлхтний дуу хоолой юм” хэмээн хэлсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Тэрбишдагва: Татваруудыг нэмж, хасах асуудлыг Засгийн газар өөрөө шийдээд явах нь зөв

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагватай ярилцлаа.


-Эдийн засгийн хямрал үргэлжилж байна. Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд энэ оны эдийн засгийн төлөв байдлыг хэрхэн харж байна вэ. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлнэ гээд байгаа шүү дээ?

-Эдийн засаг хүнд байгаа нь үнэн боловч үүнийгээ яриад байх шаардлагагүй. Хямралаас гарах арга замаа бид бодох хэрэгтэй. Эдийн засаг ийм хүнд байгаа үед олон улсын дэмжлэг, тусламж бидэнд тодорхой хэмжээнд шаардлагатай. Гэхдээ бид үргэлж гаднаас зээл тусламж, дэмжлэг аваад байх ёстой юу.

-Та юу гэж бодож байна?

-Тийм биш. Гадны дэмжлэг, тусламж шаардлагатай байгаа хэдий ч өөрсдөө бид энэ хүндрэлээс яаж гарах вэ гэдгээ бодох ёстой. Тиймээс ажилсаг монгол, хөдөлмөрч монгол, ажил хэрэгч Монголыг бий болгох шаардлагатай юм. Өнөөдөр бид зээл тусламж авна л гэж ярьж байна. Авсан зээл тусламжаа бид үр ашигтай зарцуулж чаддаг бил үү гэдэг дээрээ анхаарах ёстой. Зээл тусламж авлаа гэхэд үр ашигтай зарцуулж чаддаг тийм хүмүүсээ бэлдэж шаардлагатай. Сүүлийн хэдэн жил манай улс нийгмийн халамжийн чиглэлд түлхүү анхаарч, жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжиж чадсангүй. Сая ХБНГУ-д айлчлахдаа нэг жижиг хотоор очлоо. Тэр хотын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний салбарын 80 хувийг 10-аас доош ажилтантай үйлдвэрлэлүүд бий болгодог гэж байсан. Жижиг дунд үйлдвэрлэл ямар чухал вэ гэдэг нь харагдаж байгаа биз. 5-10 хүнтэй аж ахуйн нэгжүүд орчин үеийн инновацийг ашиглан үйл ажиллагаа явуулж чадвал ямар үр дүнд хүрч болохыг харлаа.

Манайхан болохоор томоохон уул уурхайн төслүүдийг л ярьдаг. Жижиг дунд үйлдвэрлэлүүд ч гэсэн маш чухал байхгүй юу. Манай орны экспортын нийт бүтээгдэхүүний 80-90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Тэнд ажилладаг хүмүүсийн тоо 3-4 хувийг эзэлдэг. Тэгэхээр олон хүнийг ажлын байртай болгох уу эсвэл цөөн хүн ажиллуулж тэр үйлдвэрлэлээсээ хишиг хүртэх юм уу гэдгийг бодох ёстой.

-Таныхаар яах ёстой гэж. Ер нь бол нийтээрээ ажилтай байж л өрхийн орлого нэмэгдэх байх л даа?

-Миний хувьд инновацид тулгуурласан жижиг дунд үйлдвэрлэлүүдийг дэмжих ёстой гэсэн байр суурьтай байдаг.

-ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд долоон төрлийн татварын нэмэгдүүлнэ гэж байсан. Хэрэв татвар нэмэгдчихвэл таны яриад байгаа жижиг дунд үйлдвэрүүдэд дарамт болох уу?

-Татварыг нэмэх үү, үгүй юу гэдгийг бид эргээд ярьж болно. Зах зээлийн нийгэмд татвар төлөх нь хүн бүрийн үүрэг байхгүй юу. Тиймээс татвараас бүх зүйлийг чөлөөлж, нийгмийн халамжийг өргөн хүрээнд хамруулдгаас болж бид орлого олдоггүй улс болж хувираад байна. Тэр утгаараа үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж олон хүнийг ажлын байртай болгож байгаа аж ахуйн нэгж бүрийг дэмжих ёстой. Татваруудыг нэмж, хасах асуудлыг Засгийн газар өөрөө шийдээд явах нь зөв юм. Тэгэхгүйгээр заавал гадныхны шахалтаар татвар нэмж болохгүй л дээ. Нэмэхийг бид нэмье, хасахыгаа ч бас хасъя гэдэг шийдвэрээ Засгийн газар өөрөө гаргах ёстой байхгүй юу. Үнэхээр татвар нэмэх гээд байгаа бол ард түмэн ойлгоно шүү дээ. Тухайлбал, алтны татвар, архи, тамхины онцгой албан татварыг нэмэх хэрэгтэй. Заавал гадны хүмүүсээр шаардуулж байж нэмэх ямар шаардлагатай юм бэ. Хүний гараар могой бариулна гэдэг шиг гадаадынхан тэгж байна гэх юм бол энэ нь учир дутагдалтай. Гадны дэмжлэг, туслалцаа үзүүлж байгаа хүмүүс нь шахаад байгаа мэт ойлгуулж болохгүй.

-2016 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байх үед татвар нэмнэ гээд Засгийн газар оруулж иртэл танай намын бүлэг улс төрийн шийдвэр гаргаад дэмжээгүй биз дээ. Ийм нөхцөлд Засгийн газар яаж ажиллах ёстой гэж?

-Бүлгийн гишүүдийн байр суурь янз бүр л байсан байх. Бүлэг болон УИХ дээр би архи, тамхины татварыг тодорхой хэмжээгээр нэмэх ёстой гэж хэлж байсан. Засгийн газар Их хуралд асуудал оруулж ирсэн бол түүнийгээ хамгаалах ёстой. Түүнээс асуудал оруулчихаад та нар шийд гээд хаячихаж болохгүй. Хэрэв ингэх юм бол асуудал оруулах ч шаардлагагүй. Асуудал оруулна гэдэг чинь бодож боловсруулж, төлөвлөж, судалгаа тооцоон дээр суурилж оруулж ирснээ хамгаалах явдал юм.

-Ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэнэ гэж байсан ч чуулган зарлагдсангүй. Уг нь төсвийн тодотголоо батлаад ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлаар оруулах ёстой юм билээ?

-Өчигдөр Германаас ирсэн болохоор мэдээлэл авч амжаагүй байнаа. Миний хувьд ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэнэ л гэж ойлгож байсан. Гайхаад л сууж байна даа. Уг нь ээлжит бус чуулган зарлана шүү, бэлэн байгаарай гэж хэлсэн л дээ. Судалж үзсэнийхээ дараа ярьсан нь дээр байх.

-Эдийн засгийг тэтгэчих ямар салбарууд харагдаж байна вэ?

-Эдийн засгийн эерэг нөлөөлөл харагдаж эхэлсэн. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээгээр өсч байна. Малын гаралтай түүхий эд тэр тундаа ноос, ноолуурын үнэ өсөх хандлагатай байгаа гээд яривал болж байна л даа. Бид түүхий эдээс хамааралтай улс болж болмооргүй байгаа юм. Түүхий эдийн үнэ өсөхөөр эдийн засаг нь өсөөд уруудахаар дагаад урууддаг байж болохгүй. Олон орны туршлагыг судалж үзэхэд эдийн засгийн хөдөлгүүр нь алт, ноолуур, нүүрс, мал аж ахуй биш юм билээ. Харин гол цөм нь хүн. Хүнээ хөгжүүлсэн газар баялаггүй байсан ч хөгждөг. Түүхий эдийн үнэ өсөөд эдийн засагт өөрчлөлт гарч болох ч хүнээ хөгжүүлээгүй бол буцаад л урууддаг. Хүн бүр ажилтай байх энэ чиглэл рүүгээ л хандах ёстой. Ингэж улс хөгжинө.

-2017 оны төсвийг батлахдаа эдийн засгийн өсөлтийг гурван хувь гэж гаргасан ч ОУВС -0.2 хувь гэсэн байх юм. Яагаад ийм зөрүү гарчихав аа?

-Эдийн засгийн өсөлтийг өндөр гаргах боломж бий. Үүний өмнө хийх ажлууд ч их байна. Бид гадны зээл, тусламжаар хөгжинө гээд бадар бариад явах юм бол улс орон хөгжихгүй. Авсан зээлээ үр дүнтэй ашиглах л чухал. Монгол хүн л өөрийгөө хөгжүүлэхгүй бол өөр хэн ч хөгжүүлэхгүй. Өнөөдөр түр зуур амь аргацааж хэдэн төгрөг авч байвал болоо гэдгээр асуудалд хандаж болохгүй. Хэдэн жилийн дараа Монгол Улс ямар үр дүнд хүрэх вэ гэхэд ажлын байр, үйлдвэрийн эзэд олноороо бий болчихсон, өндөр мэргэжилтэй боловсон хүчинтэй болсон байх ёстой.

-Засгийн газар евро бондын эргэн төлөлтийг “Хуралдай” бондоор сольж байгаа нь хэр оновчтой шийдэл вэ. Өнөөдрийн нөхцөлд үүнээс өөр хувилбар байхгүй гэх юм билээ?

-Бондын эргэн төлөлтийг хийхгүй бол Монгол Улсын нэр хүнд олон улсад улам л унах эрсдэлтэй. Тиймээс ямар ч байсан эхний удаа төлж байгаа нь зөв. Бидэнд хүүгийн дарамт үнэхээр дарамт болж байгаа. Бага хүүтэй бонд авах ёстой л доо. Бага хүүтэй бондоо өндөр хүүтэй бондоор сольж байгаа нь харамсалтай. Өмнөх бондын мөнгөнүүдийг үр ашигтай зүйлд зарцуулсан бол өөрөө өөрийгөө эргэн төлөөд явах учиртай юм. Гэсэн ч тэгж чадаагүй, бид.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болсон юм чинь гадны хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх байх гэсэн найдлага бий. Та ямар бодолтой яваа бол?

-Гадны хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэнэ. Ингэхийн тулд төр засаг нь тогтвортой, хоорондоо зөрчил багатай, хэлсэндээ хүрдэг байвал хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжтой. Түүнчлэн дотоодын хөрөнгө оруулагчдыг бэлдэх хэрэгтэй. Гадны хөрөнгө оруулагчид ороод ирлээ гэхэд мэргэжилтэй ажилтан манайд хэд байгаа билээ. Хөрөнгө оруулагчдын хэмжээнд сэтгэдэг, хамтран ажиллагч хэд байгаа юм. Тиймээс бид хүнээ л бэлдэх шаардлагатай. Гадны хөрөнгө оруулагчид чухал, дотоодын хөрөнгө оруулагчдаа дэмжих нь түүнээс ч илүү чухал.

-Таныг зарим гишүүдийн хамт ХБНГУ-д айлчлал хийгээд ирсэн гэж дууллаа. Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд эдийн засгийн асуудал хөндөгдсөн байх гэж бодсон юм л даа…

-ХБНГУ-ын Бундестагийн урилгаар бид айлчлаад ирлээ. Хоёр жил тутам хоёр орны парламентын бүлэг бие биенээ харилцан урьдаг юм. Тэр хүрээнд яваад ирлээ. Ноднин Германы талаас манайд айлчилсан бол энэ удаа бид айлчиллаа. Айлчлалын бүрэлдэхүүнд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Д.Мурат, Д.Цогтбаатар, Д.Гантулга гэсэн бүрэлдэхүүнтэй яваад ирсэн. Германы тал маш өндөр хэмжээнд хүлээж авсан. Монголын парламент, Германы Бундестагийн хоорондын харилцааны талаар болон хийсэн ажил, хийгдэх зүйлсийн тухай ярилцлаа. Хоёр орны парламентын бүлгийн ажлууд идэвхтэй явж ирсэн юм. Тэднээс туршлага судлахаар зүйлс ч бий. Германы парламентын бүлгийн дэд даргатай уулзаж санал солилцсон. Мөн Бундестаг дээр биднийг урьж танилцуулан, Ангела Меркель баяр хүргэсэн гээд уулзалт өргөн хүрээнд өрнөсөн.

Германы талаас Афганистанд алба хааж байгаа цэргүүдэд сэтгэл хангалуун байгааг уулзсан хүн бүр хэлж байсан. Манай батлан хамгаалахынхан өндөр хэмжээнд бэлтгэгдсэн гэдгийг онцолж байлаа. Миний хувьд гадаад бодлого, хамтын ажиллагааны чиглэлээр ярилцсан. Эдийн засгийн хямралтай үед Монгол Улс гадаад дотоодын зээл тусламж авахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Мөн эдийн засгийн хямралыг даван туулахад хэрхэн хамтран ажиллах талаар яриа өрнүүлсэн. Мөн Германд боловсон хүчин бэлдэх талаар яриа өрнөсөн юм. Ялангуяа Германд мэргэжилтэй боловсон хүчин бэлдэх тал дээр жижиг дунд үйлдвэрийн эздийг бэлдэх, их, дээд сургуульд суралцагчдын тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Миний яриад байдаг ажилсаг монгол хүнийг бий болгоё гэвэл үйлдвэрийн эздийг бэлдэх ёстой юм. Германд бол нэгдүгээрт мэргэжилтэй ажилтан бэлдэх, хоёрдугаарт гар урчууд, мастерууд буюу жинхэнэ үйлдвэрийн эздийг бэлддэг, гуравдугаарт ажил дээр сургаж авч онолын мэдлэг олгодог системтэй юм билээ. Энэ тал дээрээ манай улстай хамтран ажиллаач гэдэг хүсэлт тавихад нааштай хүлээж авсан. Миний айлчлалаас яаран ирэх болсон шалтгаан нь ирэх пүрэв гаригт Төрийн ордонд Германд сургууль төгсөгч 1000 хүний чуулга уулзалтыг хийх ёстой юм.

-Германд ер нь хэчнээн хүн сургууль төгссөн байдаг вэ?

-30 гаруй мянган хүн сургууль төгссөн байдаг. Тэднээс 1000 хүний төлөөлөл оролцсон чуулга уулзалт болох юм л даа. Чуулга уулзалтын үеэр Германы парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ханс-Йохан Фухтел 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй айлчилна. Айлчлалынхаа үеэр чуулга уулзалтад оролцож үг хэлэхээр болсон. Айлчлалын 30 гаруй хүний бүрэлдэхүүнд улстөрч, бизнесийн салбарынхан ирнэ.

-Германд боловсрол эзэмшсэн 30 гаруй мянган хүн байдаг юм бол хэр үр бүтээлтэй ажилладаг юм бэ?

-Тэнд сургууль төгссөн хүмүүс өөр өөрийнхөө хэмжээнд маш сайн ажиллаж байгаа нь судалгаанаас харагддаг. Ялангуяа эрдэм шинжилгээний тал дээр хэнийг ч дагуулахааргүй болж. Өөрөө өөрийгөө аваад явж байгаа нь сайн хэдий ч баг болж улс орныхоо төлөө ажиллах боломжийг энэ чуулга уулзалтаар олгох юм. Улс орныхоо хөгжлийг Герман маягийн сахилга бат хариуцлагатай болгохын тулд “Ажилсаг Монгол-Хөгжлийн тулгуур” нэрийн дор энэ чуулга уулзалтыг зохион байгуулж байна.

-Германчууд Монгол Улсын аль салбарт хөрөнгө оруулах хүсэлтэй байдаг вэ?

-Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжин орсны дараа хамгийн их тусламж үзүүлсэн орон Япон. Харин Герман түүний араас хоёрдугаарт бичигддэг юм. Германчууд манай улсад үнэнийг хэлэхэд болгоомжтой ханддаг. Учир нь төр засаг нь өөрчлөгдөж тохирсон ажил буцах эрсдэлтэй гэж болгоомжилдог. Германы ноу хау дэлхийд номер нэг. Манай улсад байгалийн гаралтай түүхий эд, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд нь байна уу, байна. Хоёр том зах зээл байна уу, байна.

Тиймээс манай оронд хөрөнгө оруулаад Герман стандартын бүтээгдэхүүн гаргахад хамтарч ажиллаач ээ гээд хөрөнгө оруулалт татах тал дээр нэлээд ярилцаж байгаа. Хөрөнгө оруулалтын нөхцөл гайгүй болчихвол тэд найдвартай хөрөнгө оруулагч мөн үү гэвэл мөн.