Categories
мэдээ нийгэм

Монголчууд нүүрсээ Хятадын Тяньжин хот хүртэл тээвэрлэж эхэллээ

Монголчууд нүүрсээ зурган илэрцүүдМанай улс нүүрсээ төмөр замаар Хятадын Тяньжин хот хүртэл тээвэрлэж эхэллээ. Ингэснээр Монгол Улс нүүрсээ далайн боомтод шууд хүргэх боломж нээгдэж байгаа юм. Өмнө нь Эрээн хот хүртэл тээвэрлэсэн манай нүүрсийг хятадууд худалдан авч цааш нь үнэ хүргэж зардаг байсан бол өөрсдөө далайн боомтод шууд хүргэж зах зээлд илүү үнэ хүргэх шинэ боломж нээгдэж байгаа юм. Энэхүү нүүрс ачсан галт тэрэгний анхны цуваа Дорноговь аймгийн Олон овоо өртөөнөөс хөдлөх бөгөөд энэхүү шинэ чиглэлийг нээх ёслолын арга хэмжээ маргааш /2017.03.23-ны пүрэв гаригт/ болно. Олон овоо өртөөнд болох ёслолын арга хэмжээний үеэр өдөрт 300 вагон нүүрс экспортод ачих шинэ терминалын нээлт, далайн боомтод хүрэх нүүрс ачсан анхны галт тэргийг үдэх ёслолын ажиллагаа болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Газар хөдлөлтийн үед өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн аврах вэ?

Газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиож байна.

Нийслэлийн Онцгой байдлын газраас өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд газар хөдлөлтийн үед аюулгүй байдлаа хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгохоор олон нийтийн өдөрлөгийг зохион байгуулж байна. Нээлтийн ажиллагаа 11 цагт эхэллээ.

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэхдээ “Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн пүрэв гараг буюу энэ оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 16:00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарах бөгөөд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдах юм.

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 55.4 хувь нь газар хөдлөлийн 7-8 баллын ангилалд, 9 ба түүнээс дээш баллын ангилалд 19.6 хувь нь хамрагдаж байна.

Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн газар хөдлөлтийн судалгаагаар манай улсын нийт хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн 7 ба түүнээс дээш, 12 сум, суурин газар нь газар хөдлөлтийн 9 ба түүнээс дээш баллын газар хөдлөлийн чичирхийллийн бүс нутагт оршиж байна. Эдгээр хот сууринд нийт хүн амын 85 гаруй хувь нь амьдарч байна.

2000 онд Улаанбаатар хот орчим жилд 200 гаруй удаагийн газар хөдлөлийн чичирхийлэл бүртгэгдэж байсан бол 2016 онд 1800 гаруй удаа газар хөдлөлийн чичирхийлэл бүртгэгдэж, тохиолдлын тоо эрс өссөн.

Дээрхи идэвхижилт бүхий газруудад 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй бөгөөд энэ тохиолдолд Улаанбаатар хотын барилга байгууламжийн 22-50 орчим хувьд эвдрэл гэмтэл, нуралт үүсч, 30000-аас дээш хүн нэрвэгдэж болзошгүй гэсэн тооцоо судалгаа гарсан.

Энэхүү судалгаа нь 2014 онд хэрэгжүүлсэн Япон Улсын ЖАЙКА олон улсын байгууллагын мэргэжилтнүүдтэй хамтран “Улаанбаатар хотын Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд хийгдсэн юм.

Эдгээр нөхцөл байдал, тооцоо судалгаа нь газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрсдэлийг бууруулах тогтолцоог сайжруулах, газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх шаардлага байгааг харуулж байна” хэмээн сэрэмжлүүллээ.

Categories
мэдээ нийгэм

С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотой төрийн нууцыг хуульд заасан хүрээнд ил болгохыг зөвшөөрчээ

С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотой улсын нууцад хамааруулсан зарим баримтыг нууцын зэрэглэлээс ил гаргах зөвшөөрлийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олгожээ. Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцад “Төрийн нууцын хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т заасныг үндэслэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн Т.Чимэгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэрэгт авагдсан баримт бичигт агуулагдаж буй төрийн нууцыг хуульд заасан хүрээнд ил болгохыг зөвшөөрсөн байна.

ВИДЕО: С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн төрийн нууцад хамаарах зарим мэдээллийг ил болголоо

Улмаар тус зөвшөөрлийн хүрээнд Нийслэлийн прокурорын мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн өчигдөр МҮОНРТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрт оролцож тус хэргийн талаар ярилцлага өгчээ. Тэрээр ярихдаа “Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн нууцын зэрэгт хамруулсан хэрэг материалын тодорхой баримтыг нууцын зэрэглэлээс гаргах энэ зөвшөөрлийг олгосон. Би энэ хэргийн нууцын зэрэглэлээс гаргасан тодорхой баримтыг дурдаж, хариулна. 18 жилийн дараа энэ хэрэг яагаад гэнэт илэрсэн бэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэгэхээр энэ хэрэг бол өнөөдөр гэнэт илэрч байгаа юм биш. 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр гэмт хэрэг гарснаас хойш мөрдөн байцаалтыг Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар хамтарч хийсэн. Өнөөдрийг хүртэл ажилласан. Үүний үр дүнд маш олон нотлох баримтад тулгуурлан 2015 оны наймдугаар сарын 31-ний өдрөөс өнөөдөр яллагдаад байгаа Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг. Арван найман жилийн өмнөөс цуглуулсан нотлох баримт, мөрдөн байцаалтын үр дүн өнөөдрийн цаг хугацаатай давхцаж байгаа юм” гэв.

Мөн тэрээр төрийн нууцын зэрэглэлээс гаргасан мэдээллээс дурдаж, яллагдагч нарын хэргээ хүлээж байгаа, гэмт хэрэг үйлдсэнийг нь нотлох баримт бүхий дөрвөн видео бичлэг, С.Зориг агсны гэргий Д.Булганы тухайн хэргийг үйлдсэн хэрэгтнүүдийг дүрсэлсэн аман зургийн эх хувилбарыг үзүүлжээ.

ВИДЕО: С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн төрийн нууцад хамаарах зарим мэдээллийг ил болголооВИДЕО: С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн төрийн нууцад хамаарах зарим мэдээллийг ил болголоо

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бид тогтолцоогоо нураагаад эхэллээ

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Баянголын гэх Эрдэнэ намайг шүүхэд өгчээ. Өөрийнх нь нэр төрийг гутаасан учир тэрийгээ сэргээлгүүлж надаар уучлал гуйлгуулах гэнэ. Баянгол дүүргийн шүүхэд дуудсан ёсоор очиж шүүхийн туслагчтай нь уулзлаа. “Бүгдийн мэдэж байгаа юман дээр шүүх гоомой шийдвэр гаргавал Шүүх инстүүцийн нэр унадаг юм” гэж зөвлөсөн. Харин шүүх удалгүй миний биеийг Эрдэнийн нэр төрийг гутаан гүтгэсэн гэж дүгнээд уучлал гуйх шийдвэр гаргав. Энэ бол гомдол гаргагчийг өө сэвгүй, ариун цагаан нэгэн гэж шүүх албан ёсоор баталж буй хэрэг.

Магадгүй гомдол гаргагч шүүгчийг хахуульдсан байж болно, магадгүй шүүгч алт мөнгө хараад биеэ барьж чадаагүй байж болно, магадгүй шүүгч хар зөнгөөрөө намайг үзэн яддаг байж болно, гэвч энэ бол шүүх инстүүцийн шийдвэр юм. Шүүгч хичнээн субьектив шийдвэр гаргасан ч бай, түүгээр төлөөлөгдсөн шүүх инстүүцийн шийдвэр мөн. Буруутгагдсан этгээд шүүхийн шийдвэрт гомдож болно, эсэргүүцэж давж заалдаж болно, дургүйцлаээ нийтэд илэрхийлж болно, гэвч иргэн бүр шүүхийг хүндэтгэж шийдвэрийг нь биелүүлэх үүрэгтэй. Шүүхийн шийдвэр надад таалагдаагүй ч шүүхийг хүндэтгэх үүднээс би хэвлэлээр уучлал гуйсан. Чухам үүнд л ардчилсан тогтолцооны мөн чанарын гол тулгуурын нэг оршино. Хуулийн дор нийгэм оршихуй.

Бид төрийн гурван өндөрлөг гээд хамгаалалттай машинаар зорчдог гурван бие хүнийг нэрлэдэг. Үнэндээ биенээсээ үл хамаарсан гурван инстүүц бол төрийн гурван өндөрлөг юм. Энэ нь Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх гэсэн гурван тусдаа инстүүц. Монтэскю анхлан ийм санаа гаргаж удалгүй АНУ, Францад хэрэгжүүлж эхэлсэн энэ зарчим өдгөө жинхэнээр ч бай, ёс төдий ч бай дэлхийн нийт хүн төрөлхтөнд үйлчилж байна. Магадгүй үүнээс дээр, илүү шударга зарчмыг ирээдүйд нээн илрүүлж хэрэгжүүлж болох л доо. Одоохондоо өөр зарчим нээгдээгүй байна.

Баянзүрх дүүргийн сонгууль хэсэг бүлэг хүмүүсийн үзэж буйгаар будилаантай болжээ. Тэд шүүхэд хандав. Шүүх асуудлыг түдгэлзүүлсэн байна. Гэвч эрх барьж буй хэсэг нь шүүхийн шийдвэрийг үл тоож тус дүүргийн даргыг томилж орхижээ. Мэдээж заргалдагч тал үүнийг зөвшөөрсөнгүй. Тэгэнгүүт эрх баригч тал дүүргийн захиргаа руу цагдаа оруулан хүч хэрэглэсэн аж. Энд юу харагдаж байна? Нэгдүгээрт сонгуулийн маргаан бол цэвэр улс төрийн асуудал. Чухам чөлөөт сонгуулиар л хэнд эрх мэдэл очихыг шийдэх зарчим бол Монгол Улсын нийгмийн тогтолцооны тулгуур зарчим. Гэтэл улс төрийн маргааныг бяр хүчээр зохицуулахаар оролдох, түүндээ нийгмийн хэв журам сахиулах үүрэгтэй цагдааг дайчилж буй нь хуулийг огоорч буй хэрэг. Хоёрдугаарт шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэх төдийгүй, мэдсээр байж үл тоомсорлож буй нь бид нийгмийн тогтолцоогоо нурааж эхэлж буйн тод жишээ юм.

Бас нэг жишээ. 120 мянган гишүүнтэй “Морин спорт уяачдын холбоо” хэмээх магадгүй Монголдоо хамгийн хүчирхэг олон нийтийн байгууллага бий. Олон түмний шаардлага гомдлын дагуу шүүхээс хүүхэд унасан морин уралдааныг өвлийн тодорхой хугацаанд явуулахгүй байх шийдвэр гаргажээ. Харин эрх барьж буй хэсгийн ахлагчийг хууль тогтоох инстүүцийн ерөнхий зохицуулагчтай хавсран ажилладаг, тус хүчирхэг Олон нийтийн байгууллагын толгойлогч Шүүхийн шийдвэрийг зүгээр л нулимж орхив. Хууль зүйн дэд сайд (Атаманы ивээлийн хүн болов уу даа) үүнийг тайлбарлахдаа “Засгийн газрын шийдвэрийг шүүх хүчингүй болгох эрхгүй” гэсэн суут нээлтээ олон түмэнд толилуулав. Хэдэн хүүхэд уралдааны явцад үхэх зэрэг бага сага явдал нь энэ том баяртай харьцуулахад яльгүй асуудал байж болох л доо. Хэдэн мянган жил өвлөгдөж ирсэн аугаа их уламжлал заншлыг тасалдуулбал бараг л монгол хүн болж төрсний утга үгүй болно гэж үзэж байж болох л юм. Үүнтэй маргаагүй. Гагцхүү шүүхийн шийдвэрийг үл хэрэгсэж басамжлан үл тоож буй нь манай нийгмийн тогтолцоог нурааж буй хэрэг болой.

Эрдэнэтийг хэсэг луйварчид хулгайлчихжээ. Муухай явдал болж муурын байшин шатав. Хэсэг идэвхтэн үүнийг илрүүлж шалгаж шүүгээд луйвар гэдгийг нь тогтоожээ. Ингээд үүнийг Хууль тогтоох инстүүц авч хэлэлцээд хөрөнгийг хураан нийгэмчлэх шийдвэр гаргаж орхив. Үүнээс хойш Эрдэнэт элдэв шахаа байхгүйгээр маш сайн ажиллах болно гэсэн хууль тогтоогчдын үгэнд би итгэж байна. Оросоос Эрдэнэтийг хулгайлж авчирсан тэдгээр бүлэг этгээд бол цаазаар авахад ч багадам нүглийн тулам гэдгийг ч зөвшөөрч байна. Харин хууль тогтоох инстүүцэд бусдын хөрөнгийг хурааж авах эрх бий юу? Үндсэн хуулиар хувийн, нийтийн, төрийн, улсын бүх өмч тэгш эрхтэй гэж заасны дагуу аль нэг айл (төрийг болон хууль тогтоох инстүүцийг хараан зүхдэг, луйварчин дээрэмчнээр нь байнга дууддаг тийм хүмүүс болон олонлогийн нийлбэр болсон айл өрх, компани зөндөө бий шүү дээ) ах дүүгээрээ хэлэлцэж байгаад хууль тогтоогчдын эзэмшилд байгаа төрийн ордныг хураан авч болох уу? Луйварчдаас өмчийг нь хурааж байгаагаа тэд банкны олон хууль зөрчсөнөөр тайлбарлаж буй. Уул нь банкны хууль зөрчсөн гэмт явдлыг шүүхэд нэхэмжлэл гарган тогтоох ёстой. Хоёрт гэвэл нэгэнт эзэмшилд нь орсон Эрдэнэтийн талыг авсан эзэд нь луйварчин, дээрэмчин, хулгайч, бузрын шаар, хүний нийгэмд орших эрхгүй амьтад гэдгийг нь шүүхээр тогтоолгоод шүүх шийдвэр гарган өмчийг нь хурааж авах ёстой.

Тэд бол үнэхээр бузрын луйварчид мөн, энэ бол баталгаатай, хөрөнгийг нь байтугай амийг нь хураах ёстой. Шударга ёс гэж байдгийм бол! Энэ бол миний бодол. Харамсалтай нь гурван саяын ганцхан нь болсон болсон миний л үнэлгээ шүү. Туйлын гоц идэвхитэн нэгний өгүүлж буйгаар “тэр луйварчид тэгээд чаддаг юм бол Цэц болоод шүүхэд хөлөө хүрэх газраар явж заргалдана биз” гэх юм. Үнэндээ луйварчдаа биш шүүхийг басч буй хэрэг. Хууль тогтоох инстүүцээс нэгэнт “луйварчин” гээд тодорхойлчихсон хүмүүсийг өмөөрөөд байх шалтаг надад байхгүй л дээ. Болохгүй муу муухай, хүн жигшмээр юм хийчихсэн юм бол чихдэж гаргаж ирээд шоронд хийж шонд дүүжлэх нь зөв байх аа. Гэхдээ үүнийг шүүх тогтоож, шүүх эцсийн шийдвэр гаргамаар. Өмнөөс нь шал өөр инстүүц өөртөө хамаагүй шийдвэр гаргаж гүйцэтгэж байна гэдэг маань л бид тогтолцоогоо нураагаад уналаа гэсэн үг.

Хуруу гаргах ардын тоглоом ч эхэлж тохиролцсон өөрийн дүрэмтэй. Чигчий нь эрхийгээ, эрхий нь долоовроо ялна гэх мэт. Тоглоом дундуур гэнэт нэг нь эрхий нь том учраас чигчийгээ ялах нигуртай гээд дайраад байдаггүй шүү дээ. Ямар ч нийгэм ардчилсан ч бай, дарангуйлагч ч бай, өөрийн тогтсон дүрэмтэй. Хийтэй зарим нэг нь хожигдоод ирэхээрээ шатрын хөлгийг цацаж нураагаад нөгөөдөхөө зодох гэж дайрдаг.

За яахав гучаад жилийн өмнө тогтсон нийгмийн байгууламж, Үндсэн хуулиар батлагдсан манай нийгмийг зохицуулж байгаа дүрэм журам муу муухай байг. “Ардчилал муухай, 30 жилийн өмнө ардчилал руу орсон нь буруудсан” гэж ярих нь их л моод болсон төдийгүй ингэж ярингаа уртаар шүүрс алдах нь тухайн хүний их л ухаалаг мэргэн сэцнийг харуулах илтгэцүүр болжээ. Би л лав зөвшөөрч байна. Гэхдээ үнэхээр тийм юм бол бид хаачих вэ? Нийгмийн ямар тогтолцоо руу орсон нь мэргэн сэцэн сонголт болох вэ? Хуульгүй, шүүхгүй эмх замбараагүй нийгэм рүү оръё гээгүй байлгүй.

Ингэхээр л барих барьцгүй, нарийвчлан тогтоох шинжүүргүй ч чихэнд сайхан сонсогдох “ард түмэн” гэх нэгэн субьектийг бариад авдаг. Ард түмэн уламжлал болоод морин уралдаандаа дуртай, ард түмэн Эрдэнэтийн луйварчдыг жигшин зэвүүцэж байна гэх мэт. Тэр үнэн байхаа, маргах юм алга. Уг нь ард түмэн цөмөөрөө нийлж байгаад хууль тогтоодог, нийлж байгаад баялгаа яаж хуваахаа шийдчихдэг, нийлж байгаад хэн нэгний бурууг тогтоочихдог, нийлж байгаад буруутныг тамлан устгадаг бол зүгээр л дээ. Маргаангүй. Гэхдээ хоёр зовлон байна. Нэгд, гурван сая хүнийг багтаах заал хаанаас олох вэ? Хоёрт “ард түмэн” гэдгийг яг ямар хэмжүүрээр тогтоох вэ? Яг хэдэн хүн болонгуут нь “за энэ бол ард түмэн” гэж зөвшөөрөх вэ? Ард түмэн гэдгийг сонгуулиар л тогтоож болдог, тэд өөрийн үзэмжээр өөрийг нь төлөөлөх эрх баригчийг тодорхой хугацаагаар сонгон мэдэл олгодог, гэхдээ тэр эрх мэдэл нь Үндсэн хууль гэсэн тоглоомын дүрмээр хязгаарлагддаг гэж энд тэндгүй үздэг юм билээ шүү дээ. За яахав энэ үндсэн тогтолцоо адгийн муухай юм байг, тэгээд өөр ямар тоглоомын дүрэм хэрэгтэй гэж?

Манай нийгэм ямархуу зохицуулалтаар амьдрахыг хуульчилсан тоглоомын ерөнхий дүрэм болох Үндсэн хууль мөрдөгдөөд олон жил боллоо. Энэ дүрэм ерөөсөө эхнээсээ тохироогүй, эсвэл тохирч байсан хугацаа нь өнгөрсөн, эсвэл ерөөсөө тоглоомын дүрэм хэрэггүй гэсэн дуу хоолой чангатай шаардлага их сонстох. Бүгдээрээ зөв. Гэхдээ бид өнгөрсөн гуч шахам жилд тоглоомын үндсэн дүрмээ аль зэрэг сахив? Үүний дотор шүүх засаглал? Буруу шийдвэр гаргадаг гэдэг талаас нь биш, чадамжгүйг нь хэлж байна. Хэн дуртай дурак нь шатрын хөлгөө цацан хаяад агсам тавиад, эсвэл дүрэм журам ярихаар нүүр рүү нулимаад байвал ямар ч гоё нэртэй тогтолцоо (тэр байтугай “мэргэжлийн” гэх хочтой ч бай) түй чоорт л биз дээ?

Дарангуйлал, Ерөнхийлөгчийн засаглал, нэг хүн бүхнийг мэдэх захиргаа замбараатай нийгэм тохирно гэж олон мэргэн хүн үзмэрддэг. Үнэн үзмэрдсэн байхыг үгүйсгэх аргагүй. Хэдэн мянганы турш эзгүй хээр талдаа морин дэл дээр дураар өссөн сахилга батгүй монголчууд ийм нийгмийг зөвшөөрөх болов уу даа. Чойбалсангийн, Цэдэнбалын засаглал эмх замбараатай байлгаж чадсаан. Одоо тэр чадуулж байсан Зөвлөлт засаг, нутагт нь ирээд байрлачихсан 100 мянган улаан цэрэг байхгүй болсон. Ордон дотор биен рүүгээ гаргаад байгаа салаавчийг чинь өнөөдөр цэцэрлэгийн хүүхэд, траншейны архичнаас авахуулаад Морин спорт, уяачдын холбоо, хувийн өмчийг үзэн яддаг дифтаат хүртэл бүгд хээв нэг гайхуулан гаргаж чадна. Тийм ч эрхтэй. Эрхийг нь хаах гэвэл цус л их гарах байх даа.

Монголд дарангуйлал буй болох гэж байна гэдэг дэмий үг санагддаг. Ард нь хүчирхэг гүрний үзэл суртал, цэргийн хүч байхгүй тохиолдолд энэхүү дураараа “ард түмэн” ямар ч дарангуйллын тоглоомын дүрмийг зөвшөөрөхгүй салаавч гаргана. Тоглоомын дүрмийг үл хэрэгсэн шүүх инстүүц рүү салаавч гаргаж нүүр рүү нь нулимж буй энэ “ард түмэн” хэрэв огт тоглоомын дүрэмгүй бол хэн дуртай нь юу дуртайгаа хийнэ. Хаос! Анархи! Эмх замбараагүй бужигнаан! Одоо ч тийм болчихоод л байна, гэхдээ цаана нь тоглоомын дүрэм гэх юутай ч нэг зарчим хүчинтэйгээр үйлчилмэр аядаж байгаа шүү дээ. Энэ муухай тогтолцоог нураах гэж хүч тавьж буй Морин спорт уяачдын холбооны зөв байх л даа. Гэхдээ оронд нь ямар тогтолцоог санал болгож байна? Тэрийгээ нууж барилгүй ил хэлчихвэл дэмжихэд бэлэн шүү, түр сонгогдсон түр зуурын үзэгдлүүд ээ!

2017.03.12

Categories
мэдээ цаг-үе

Ардын жүжигчин Д.Ухнаа: Төрийн дээд шагнал хүртэх тэр мөчид цээж дүүрэн амьсгаа авмаар санагдаж байсан

Сар шинийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн ОХУ-ын Буриадын урлагийн гавьяат зүтгэлтэн, СУИС-ийн хүндэт профессор, Олон улсын дуучдын шүүгч Данзанваанчигийн Ухнаатай ярилцлаа.


-Юуны өмнө танд Ардын жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэнд баяр хүргэе. Төрийн дээд шагнал хүртсэн сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Өрөөндөө сууж байтал Ерөнхийлөгчийн тамгын газраас утасдаж байна. “Ухнаа гуай танд баяр хүргэе. Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын жүжигчин боллоо. Ерөнхийлөгч таныг “Олон жил урлагт зүтгэн, ажилласан. Тэр хүний хөдөлмөрийг үнэлэхгүй бол болохгүй” гэж хэлсэн. Тийм болохоор маргааш өглөө 11:30 цагт Засгийн газрын ордны үүдэнд байж байгаарай” гэв. Ингэж хэлэхээр нь юу болж байна вэ л гэж бодсон. Нөгөөтэйгүүр би их урлагт 54 дэх жилдээ зүтгэж байна. Тийм болохоор Ардын жүжигчин болоход болохгүй ч юм юу байхав. Хийсэн бүтээсэн зүйлээ би өөрөө мэдэж байгаа. Олон түмэн харсан байх. Төр засаг миний хийсэн хөдөлмөрийг олж харан, дүгнэж байгаа юм байна” гэж бодсон. Миний өдийг хүртэл урлагт зүтгэхдээ урдаа тавьсан чин зорилго минь Ардын жүжигчин болох л байсан. Би аавдаа амлаж байсан амлалтандаа хүрлээ. Намайг урлагийн сургуульд ороход ээж минь эсэргүүцэж, эдийн засгийн сургуульд ор гэж хэлдэг байсан. Харин сүүлд урлагийн сургуульд ороход аав минь “Миний хүү өөрийнхөө сонирхлоороо орсон бол боллоо” гэсэн юм. Тухайн үед би аавдаа “Урлагийн төлөө сэтгэл зүрхнээсээ зүтгэж, төрдөө, түмэн олондоо танигдах болно” гэж амлаж билээ. Ижий, аавын минь буян заяа, олон түмний минь энэрэл хайр түшиж энэхүү эрхэм цолыг хүртлээ.

Мөн Монголын рок, поп урлагийг хөгжүүлэхэд зохих хэмжээгээр ажилласан. Тэр хүрээнд хамтран ажилласан олон сайхан урлагийн нөхөд, “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол” чуулгынхан маань ардын цолтон болоход нөлөөлсөн байх. Миний авсан цол дан ганц өөрийн хичээл зүтгэл биш ээ. Эдгээр бүх хүмүүсийн хүч хөдөлмөр, сэтгэл зүрх шингэсэн. Ерөнхийлөгчөөсөө төрийн дээд шагнал гардан авах тэр мөчид цээж дүүрэн амьсгаа авмаар санагдаж байсан. Урлагийнхны хамгийн дээд алдар шүү дээ.

-Төрийн ордноос гараад хамгийн түрүүнд театр дээрээ очсон уу?

-Ардын жүжигчин гэсэн тэмдгээ зүүчихээд төрийн ордноос гараад шууд л Дуурийн театрын хаалгаар орж, 1960 онд анх “Учиртай гурван толгой” дуурийн “Юндэнгийн дагуулаар” анх гарч байсан тайзандаа мөргөсөн. Тэр үед “Энэ тайзан дээр гарах гэж ямар замыг тууллаа” гэсэн бодол төрж билээ. Дараа нь ажил амьдралаа эхлүүлж байсан Дуурийн театрын Найрал дууны ангидаа цэцэг бариад орсон. Тэгсэн миний сууж байсан сандал дээр нэг хүүхэд сууж байна. Тэр хүүд би “Наад суудал дээр чинь суусан хүн Ардын жүжигчин болдог юм байна шүү” гэж хэлээд цэцгээ өгсөн. Шоконд орсон уу, яасан таг дуугай гайхаад миний өөдөөс харж билээ. Ингээд намайг анги дотор бүгд хүлээн авч баяр хүргэсэн дээ. Энэ ангийн хаалгаар 1960 оны есдүгээр сарын нэгэнд хөл чичрэн анх орж ирсэн цагаас хойш өдий хүртэл урлагт зүтгэлээ. Би хөдөлмөрлөсөн байх аа. Тийм ч учраас энэхүү цолыг надад олгосон байх.

Төрийн шагналт, хөдөлмөрийн баатар Д.Лувсаншарав багштайгаа

-Их урлагт анх хөл тавьсан үеэ дурсвал?

-1960 онд Дорноговь аймагт арван жилээ төгссөн сурагч дуучин болох хүсэлтэй нийслэлд ирж, Дуурийн театрт орохоор тэр орчмоор долоо хоног эргэлдсэн. Тухайн үед “Энэ төмөр хаалганы цаана ямар их хувь заяатай хүмүүс байдаг бол оо” хэмээн бодож байлаа. Яг долоо дахь хоногийн өглөө энэ харагдаж байгаа дөрвөн давхар улаан байрны хаалганы урд зогсож байтал (өрөөнийхөө цонхоор заав) нүдэнд дулаахан өндөр хүн гарч ирэн “Ямар хэргээр явна” хэмээн асуув. Хот хүрээ газар таних хүнгүй, хилэн цамцтай, хар өмдтэй, сурагчийн дүрэмт хувцастай хүүхэд “Ах аа би шалгуулах гэсэн юм” гэв. Тэгсэн нөгөө өндөр ах намайг хэсэг харж зогссоноо “Чи дуулдаг юм уу. За дагаад яв” гэж байна. Ингээд Дуурийн театрын хоёр давхарт одоогийн Ардын жүжигчин А.Долгорын өрөөнд ортол Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт Д.Лувсаншарав багш байсан юм. Тэр үед багш төрийн шагнал, хөдөлмөрийн баатар цол аваагүй байлаа. Тэгээд намайг шалгав. Би “Мандах наран” хэмээх монгол ардын дуу дуулсан юм. Шалгаруулалтад хэрхэн орж, юу хэлж, ямар байдалтай байснаа санахгүй доголон, нэг л мэдэхэд Сүхбаатарын талбай дээр алхаж билээ. Юутай ч Д.Лувсаншарав багш маргааш өглөө есөн цагт ирээрэй гэсэн. Нэг үгээр бол эхний шалгаруултад тэнцчихсэн байхгүй юу. Баярласан сэтгэгдлээ нутагт үлдсэн гэрийнхэндээ хэлэх гээд холбоон дээр очлоо. Тухайн үед ямар гар утас гэж байсан биш. Бөөн юм болж холбогдоно. “Байна уу Дорноговь, байна уу Улаанбаатар” гэж хэлээд л тасарчихдаг хэцүү байв. Маргааш өглөө ирээрэй гэсэн үгийг нь санаад тэр шөнө миний нойр хүрсэнгүй. Шөнөжингөө брюк, хорин дөрвийн цагаан цамцаа индүүдэнгээ (индүүндээ цог хийнэ) “Би ингээд орлоо гэж үү, ямар азтай юм бэ” гэж дахин дахин бодож баярлана. Ингээд өглөө эрт босож, индүүдсэн өмд, цамцаа өмсч, Улсын Хөгжимт театр буюу одоогийн Дуурийн театр руу явлаа. Есөн цагаас ир гэсэн ч би хагас цагийн өмнө очив. 1960 онд Улсын Хөгжимт театр дотроо хүүхдийн, дуурийн, драмын гэсэн гурван театр байсан юм. Гэхдээ дуурийн театрт дуурь тоглогдоогүй байсан үе л дээ. Ийм гоё театрт ормоор санагдаад манаачаас нь гуйлаа. Цагаасаа эрт ирсэн болохоор оруулахгүй гэнэ. Гуйсаар байгаад дотогшоо орж, хоёр давхрын цонхны урд очиж хүлээн зогсох зуур их гоё хувцастай, нүүрээ будчихсан, үнэртэй ус үнэртүүлсэн ах, эгч нар холхилдон алхахыг хараад “Би үнэхээр энэ газар орлоо гэж үү” гэж бодож, өөртөө итгэж чадахгүй л баярлаж билээ. Ийн бодож байх зуур найрал дууны ангийн дарга Долингорт тоглодог Норсонжав гуай “Шинээр орох гэж байгаа дагалдан хүүхэд чи юу. За ийшээ ор” гээд ангийн хаалга онгойлгов. Яваад ортол их гоё хувцастай олон хүн сууж байдаг байгаа. Хаалга онгойх чимээнээр над руу бүгд хардаг юм байгаа биз дээ. Миний нүүр улайгаад, дотор пал хийгээд л явчихлаа. Хаалганаас үүд, хоймрын хэртэй зайнд яваад хоёр хүний голд хүн суугаагүй хоосон сандал байсан юм. Тухайн үед би тэр сандал дээр яаж очиж суусан юм бүү мэд. Ингээд багш “Өвдөг дээрээ хоёр гараа тавиад нуруугаа тэгшлээд цэх суу” гэж хэлээд анхны гаам дуулуулав. Олон хүн зэрэг дуулахыг анх сонсоод ямар гоё юм бэ гэж бодсон. Ийн давтан дуулж суутал бас шинээр ирсэн бололтой, монхор хамартай залуу сууж байна. Ингээд эхний дасгал завсарлаж, суралцагч нар ангиас гарлаа. Хамгийн сүүлд би гарах гэтэл нөгөө монхор хамартай залуу “Чи шинээр ирсэн үү” гэв. Тэр хүн бол нөгөө алдарт Хаданбаатар Магсаржав кинонд тоглодог Эрдэнэбулган байсан юм. Ингэж л бид хоёр танилцаж билээ. Тэр цагаас эхэлэн өдий хүртэл тавь гаруй жил нөхөрлөж байгаа миний хамгийн дотно уран бүтээлийн найз минь юм. Тухайн үед багш нар дагалдан сурагч нарт театрын хөгжим, эд зүйлд хамаагүй хүрч болохгүй шүү гэж анхааруулдаг байв. Эрдэнэбулган бид хоёр хөгжим тоглох их дуртай. Тэр сайхан төгөлдөр хуур, бусад хөгжмийн зэмсгийн хажуугаар өнгөрөхдөө үүнийг тоглож үзэх юм сан л гэж боддог байлаа. Ингэж бодож явсаар хэдэн хоног болов. Нэг өдөр би “Эдгээр хөгжмөөр тоглож үзэе” гэж Эрдэнэбулганд хэллээ. Мань хүн “Яаж тоглох юм. Багш хүрч болохгүй гэсэн биз дээ” гэж байна. Ингээд бид хоёр театрын жижүүр өвгөнийг найрахаар боллоо. Орой ажил тарсны дараа Лодой гуайд пироник авч өгөөд, хамт цай ууж, ая тал заслаа. Тэр зуур би “Лодой гуай, бид хоёр найрал дууны анги руу орлоо. Багш нотоо харж, давт гэсэн” гэж хэлтэл “За за, тэг тэг” гэж хэлээд оруулахыг зөвшөөрлөө. Эрдэнэбулган чинь намайг бодвол хөгжимчин хүн л дээ. Аккордион их сайн тоглоно. Би бол төгөлдөр хуурын даралт дээр ганц хоёр дарж, үл ялиг ая оруулчихдаг ухаантай. Ингэж л анх хөгжимд хүрч үзэж билээ. Театрт орсноос хойш хадланд явж, жорлонгийн нүх ухаж, ойр зуурын аж ахуйн ажил л хийдэг байлаа. Ингэж явсаар арваннэгдүгээр сар гарч байтал найрал дууны Ухнаа, Эрдэнэбулган хоёроор театрын манаач хийлгэнэ гэдэг юм байна. Театрын төмөр хаалганы хажуугийн шавар амбаарт бид хоёр дах нөмөрч, буу үүрэн харуулд гардаг боллоо. Аж ахуйн дарга “Та хоёр шөнө унтаж болохгүй шүү. Улаан складан дотор театрын үнэтэй цэнэтэй эд зүйлс их бий. Хулгайд алдчихсан байваа. Хамаг юм алга болбол шоронд орно шүү” хэмээн анхааруулна. Бид хоёр манаанд гарах тоолондоо “Хэзээ жүжигчин болдог юм бол оо, хэзээ энэ мундаг хүмүүс шиг тайзан дээр гарах юм бол доо” гэж ярилцдаг байлаа. Аж ахуйн ажил өдөр болгон хийлгээд байхаар нь сүүлдээ театраас гарахаар шийдэж багштайгаа очиж уулзав. Манай багш нэрт кино жүжигчин Жамбалын Занабазар гэж сайхан хүн байлаа. Хүмүүс “Ардын элч” киноны Дарьбазарын дүрээр нь сайн мэдэх байх аа. “Багш аа, бид хоёр ерөөсөө больё оо. Жорлонгийн нүх ч ухлаа, өвсөнд ч явлаа, манаач хийлээ. Одоо гаръя” гэв. Тэгсэн багш их ууртайгаар “Суу та хоёр. Олон юм ярилгүй даалгасан ажлыг хийж бай. Угаасаа ингэдэг юм. Бид нарыг бас ийм ажил хийгээгүй гэж бодож байна уу. Үүнээс долоон дор юм хийж л байсан. Дуугүй ажлаа хий. Ирээдүйн гавьяат ч юм уу, дарга нар ч юм уу, урлагийн том хүмүүс болохыг чинь яаж мэдлээ” гэдэг юм байна. Тухайн үед гавьяат болно гэж санаанд ч ороогүй зүйлийг багш нар ярьсан болохоор “Бид хоёрыг ч мөн доромжилж байна даа” гэж санан инээлдлээ. Гавьяат хэмээх цолтой хэдхэн хүн л байсан цаг. Цагааны Цэгмид, Нямын Цэгмид, Цэвээнжав гуай нар шүү дээ. Энэ хэдэн хүнийг чинь хараад бурхан шиг л санадаг байв. Тийм байхад бид хоёрыг энэ аугаа хүмүүс шиг болно гэж хэлэхэд нь итгэж чадахгүй байсан хэрэг. Ингээд бид хоёрын дагалдангийн хугацаа дуусч, шалгалт авч жинхэлсэн юм. Нэг мянга есөн зуун жаран онд улаан театрт орсноор миний амьдрал эхэлсэн дээ. Ороод долоон жилийн хугацаанд ханьтайгаа учирч, хүүхэдтэй болсон. Тэнд л би Марксизмын оройн дээд сургууль төгсөж, найрал дууны ангийн эвлэлийн үүрийн дарга болж, улмаар Дуурийн театрын эвлэлийн хорооны дарга болсон. Нөгөө муу хөдөөний Ухнаа чинь театрт дээрээсээ гурав дахь хүн болсон доо. Тухайн үед Нам, Эвлэл, Үйлдвэрчин гэсэн гурван байгууллага бүх л зүйлийг шийддэг байсан цаг.

-Таныг Болгар улсад суралцаж төгссөн гэдэг. Өөр хаана ямар сургуулийг төгссөн бэ?

-Дуурийн театрт ажиллаж байхдаа гадаад руу урлагийн сургуульд явах юмсан гэж боддог байлаа. Тэгсэн нэг өдөр Болгарт сургуульд суралцах хуваарь ирдэг байна шүү. Ингээд шалгаруулалт боллоо. Мөн ансамблиас Гэрэлт-Од шалгуулж байна. Гэрэлт-Од чинь тухайн үедээ нийтийн дууны од байлаа. Одоогийнхоор бол С.Жавхлан л байхгүй юу. Баян-Өлгийгөөс театрт надтай цуг дагалдан хийж байсан Хавлааш. Тэгээд шалтгалт өгсөн чинь Хавлааш, бид хоёр тэнцчихдэг юм байна. Харин Гэрэлт-Од од юм чинь дуулаад тоосон ч үгүй. Ингээд байж байтал ганцхан хуваарь л байна гэнэ. Хавлааш, бид хоёр чинь долоон жил театрт хамт байсан болохоор хоорондоо сүрхий найзууд. Тийм болохоор хамтдаа явах санаатай байгаагаа Соёлын яаманд илэрхийллээ. Тэгсэн хоёр хуваарь гаргаад өглөө. Гэтэл нэг нь Москва, нөгөө нь Болгар болж таарлаа. Бид хоёр дахиад Соёлын яаманд нэг газар луу л явна гэдгээ хэллээ. Тухайн үед би Эвлэлийн хорооны дарга байсан болохоор яаманд нэр хүндтэй байлаа. Улмаар 1967 онд Болгарын Хөгжмийн дээд сургуульд хамт явж, сурсан даа. 1972 онд сургуулиа дүүргэж ирээд хожим наян онд Москва хотын Театр урлагийн дээд сургуулийн дээд дамжааг эстрад, концерт, шоуны найруулагчаар мэргэжил дээшлүүлсэн юм.

-Та “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол” чуулгатай хамт өдгөө дөч гаруй жил урлагт зүтгэсээр иржээ. Анх энэ хоёр чуулгатай урлагийн зам мөрөө холбож байсан дурсамжаасаа дэлгэвэл?

-Нэг мянга есөн зуун далан хоёр онд Болгарын Хөгжмийн дээд сургуулийг төгсч ирэх үед Улсын филармони анх байгуулагдаж байлаа. Даргаар нь төрийн шагналт, ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, удирдаач Цэгмидийн Намсрайжав ажиллаж байсан юм. Тухайн үед Соёлын яаманд “Би Дуурийн театрт очихгүй. Шинэ байгуулагдсан филармонид очъё” гэж хүсэлт гаргаж билээ. Ингээд филармони байгуулагдаад анхны гоцлол дуучнаар миний бие ажилласан. Өмнө нь Улсын симфони найрал хөгжим гэж байхад анхны дуучнаар ардын жүжигчин Б.Зангад гуай ажиллаж байсан санагдана. Намайг филармонид орох үед Улсын ардын дуу, бүжгийн чуулгад ажиллаж байсан “Соёл-Эрдэнэ” хамтлаг, Радио телевизийн улсын хорооны дэргэд байсан “Баянмонгол” чуулга, Улсын симфони найрал хөгжмийг нэгтгэж 1972 оны долдугаар сарын 23-ны өдрийн Сайд нарын тогтоолоор Улсын филармони байгуулагдаж байлаа. Энэ он жилүүдээс эхлэн миний бие симфони найрал хөгжимтэй дуулж, орон нутагт урлагийн бригадаар “Баянмонгол”, “Соёл-Эрдэнэ” чуулгатай хамт явж дуулж эхэлсэн түүхтэй. Тухайн үед хөдөө орон нутгаар аялан тоглолт хийж байсан “Баянмонгол”, “Соёл-Эрдэнэ”, Симфони найрал хөгжмийн урлагийн бригадын ахлагчаар гучин жил ажилласан. Анх “Баянмонгол”, “Соёл-Эрдэнэ” чуулгын захирлаар Лхагвасүрэн, Батбаяр хэмээх хоёр хүн томилогдсон юм. Гэхдээ надад “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол” чуулгыг уран бүтээлийн хувьд хариуц гэсэн намын даалгавар өгсөн. Түүнээс хойш дээрхи хоёр чуулгатай ойртон ажиллаж, хөдөө аялан тоглолт хийхдээ хөтлөн явуулж, улмаар эстрадынхантай холбогдсон түүхтэй. Би “Соёл-Эрдэнэ”-ийг ой хагастай, “Баянмонгол”-ыг хоёр “настай” байхад нь хүлээж авсан. Тухайн үед 18, 19-тэй хүүхдүүд байсан шүү дээ. Уран бүтээлүүд нь миний толгойд байдаг. Нэгэн үе “Соёл-Эрдэнэ” “Камертон” шиг л байлаа. “Баянмонгол” чуулга ч ялгаа байхгүй. Эднээр Монголын ард түмэн хэсэгтээ л хүмүүжсэн, цэнэглэгдсэн. Тэд маань бас нэгэн үеийг сэргээн босгосон анхдагч нар. 1971-1972 оны үед л юмдаг. “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол” чуулгыг анх гарч ирж байхад нь хөрөнгөтний дуу дуулдаг, энэ тэр гэдэг байлаа. Хаашаа явах вэ, яах урлаг, соёл юм, хаанахын дуунууд дуулаад байна вэ, тэр чиглэл, жанр нь мөн үү, биш үү гэж хандаж байсан удаа ч бий. Тэр ч утгаараа уран бүтээлийг нь Соёлын яаманд үзүүлж, хянуулдаг байсан. Ингэж хянахыг зарим хүн эсэргүүцдэг байлаа. Харин миний хувьд энэ их зөв зүйтэй ажил байжээ гэж боддог. Сайн уран бүтээл гаргахын тулд мэргэжлийн хүнээр сонсгож, зөвлөгөө авах нь чухал. Тийм ч учраас одоогийн залуучууд 60-70 онуудад дуулагдаж байсан ахмад хамтлагийн дуулсан дууг сэргээн дуулж байна. Орчин үеийн хөгжмийн зохиолчдын зохиосон аяыг, яруу найрагчдын шүлгийг нь голж байна. Үүн дээр дуу зохиогчид анхаарах хэрэгтэй. 1974 онд Намын төв хорооны үзэл суртлын хэлтэс, Соёлын яамны уран сайхны зөвлөлтэй хамтран “Соёл-Эрдэнэ”-ийн тоглолтыг хянадаг байлаа. Улсын филармонийн орлого, үзвэрийн төлөвлөгөөгөө биелүүлэхэд “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол” чуулга асар их үүрэг гүйцэтгэсэн. Яагаад гэвэл, тэднийг хүн их үздэг. Гадаад хэргийн яамны хажуу дахь муужгайн байшин байна шүү дээ. Энд л хүмүүс тоглолт үздэг байлаа.Тоглолт болох сургаар билет нь эрт дуусчихдаг. Тоглолт эхлэх үед үзэгчдийн дунд тэмцэл өрнөдөг байв. Тэр олон мянган иргэдийг хэв журманд оруулахын тулд усаар шүршиж, цагдаагийн албан хаагчид нохойтойгоо тэмцдэг байлаа. Үзвэрт тэгэж их дайрч ордгийг би анх тэгэхэд л гайхан харж байсан юм. Ингээд тоглолтын дараа удирдах зөвлөлийнхөн хурал хийлээ.“Соёл-Эрдэнэ”-ийн тоглолтыг цаашдаа яаж олон түмэнд эмх цэгцтэйхэн шиг үзүүлэх вэ гэсэн асуудал хөндөгдсөн. Гэхдээ нийгмийн зайлшгүй нэг хэрэгцээ болсон учир яаж ийж байгаад л үзүүлэх ёстой байв. “Соёл -Эрдэнэ” бол Монголын рок, поп урлагийн үндэс суурийг яах аргагүй тавьсан хамтлаг. Харин “Баянмонгол” чуулга жааз оркестрын анхдагч нь биш юм шүү. Улсын циркт 1941 онд жааз хөгжмийн хамтлаг байгуулагдсан. “Баянмонгол” чуулга долоо дахь нь шүү дээ. Өнөөдрийг хүртэл тэд ажиллаж, амьдарч, үйл ажиллагаагаа явуулж байна. Яг ийм л бүтэцтэй оркестр дэлхийд байдаг. Хаа ч адилхан. “Баянмонгол” чуулга 1983 он буюу ганцхан жилийн дотор 155 удаа тоглолт хийж байсан удаатай. Нэг сард арван удаа тоглож байжээ. “Соёл-Эрдэнэ”-ийн тухайд 1983 онд 166 удаа тоглосон. Улсын филармониор жишээ аваад үзэхэд тэр үед 566 удаа тоглож байлаа. Ингэж л ажиллаж байлаа, ийм л ачаалалтай байсан юм.Тэр цагаас хойш Монголд шинээр төрөн гарсан эстрадын олон хамтлагуудад урлаг, уран бүтээлийнх нь талаас зөвлөж, хамтран ажилласан.

-Дуучдаа аваад хот, хөдөөгүүр өдөр болгон шахуу давхидаг байсан байх. Ер нь ямаршуухан хүнд нөхцөлтэй тулгарч байв даа?

-“Соёл-Эрдэнэ” хамтлаг анх гарч ирж байхдаа “Битлз” шиг байсан. Тэдний араас “Өргөө”, “Айзам”, “Инээмсэглэл” зэрэг хамтлаг гарч ирсэн. Тус хамтлаг хөдөөд цахилгаан хөгжим гэдэг юмыг анх үзүүлсэн юм. Ер нь хөдөөгүүр явж байхад “Битлз”-ийнхэн ирсэн юм шиг суман дээр ч бужигнаад л, аймагт болохоор хаалга үүд эвдчих гээд, хүмүүс морь, мотоцикль, машинтай даган, сумаас сум дамжиж тоглолтыг нь үздэг байлаа шүү дээ. Нийтдээ 250 суудалтай танхимд япон хөгжим тавьчихаад Монголд эстрад хөгжим хөгжүүлнэ гээд л. Тэр үеийг өнөөдрийн өндөрлөгөөс харахад маш урт зам туулж, багагүй зүйл бүтээжээ. Тийм ч учраас “Соёл -Эрдэнэ” хамлагийг шинэ ба дунд үеийнхэн хүндэтгэж явдаг. Зууны манлай “Соёл -Эрдэнэ” хамтлагаас нэг ардын жүжигчин, найман гавьяат төрсөн. Ийм хамтлаг Монголд байхгүй ээ. Анхны “Алтан пянз” ч “Соёл-Эрдэнэ”-ийнх. Бас 1000-аад дуутайгаараа анхдагч нь болсон хамтлаг шүү дээ. “Шалзат баахан шарга”-ыг рок дуурь хэлбэрээр Монголд анх тоглосон. “Зургаа дөчин тав, зургаа дөчин тав” нь ч гэсэн манай анхны хип хоп дуу байхгүй юу. Миний санаж байгаагаар “Соёл-Эрдэнэ” хамтлаг нийтдээ 20-иод зүйлээр анхдагч болсон байдаг. Их ажил аа даа, энэ чинь. Тэгэхээр урлагийн түүхэнд алтан үсгээр нэрээ мөнхжүүлэх хамтлаг яах аргагүй мөн өө дөө. Энд нэг зүйлийг хэлье. Тухайн үед гарч ирсэн “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол”, “Инээмсэглэл”, “Айзам”, “Өргөө”, сүүлд гарч ирсэн “Хурд”, “Харанга” гэх зэрэг хамтлагууд их сайхан монгол нэртэй байжээ. Харин сүүлийн үед цаг өөр болоод ч тэр үү хамтлаг, дуучдын нэр гадаад нэршилтэй болсон байна. Уг нь би монгол нэртэй байлгахыг хичээсэн боловч миний охины хамтлаг “Киви” гэсэн нэртэй гараад ирдэг байгаа. Тэгэхээр нь яагаад ийм нэр өгснийг нь асуулаа. Киви жимс чинь гурван өнгөнөөс бүрддэг юм байна. Манай гурав чинь (Киви хамтлагийн гишүүд)гурван өөр царайтай охидууд шүү дээ. Мөн хамгийн амтлаг жимс, тэр ч утгаараа охидын хамтлаг учраас билэгшээсэн байх. Тэр үеэс хойш “За даа гадаад нэр тийм л хэрэгтэй байгаам байж дээ” гэж бодсон. Сүүлийн хорин жил монгол нэртэй хамтлаг гараагүй л байна шүү дээ.

-Ухнаа гэхээр л уралдаан, тэмцээн зохион байгуулж буй дүр тань санаанд буудаг шүү. Өнөөдрийн энэхүү өндөрлөгөөс эргээд харахад урлагийн төлөө ямар ажлуудыг хийж ирсэн байна вэ?

-Би уралдаан, тэмцээн явуулах хоббитой. Тэдгээрийг зохион байгуулна гэдэг их ажил л даа. Их урлагт хөл тавьснаас хойш өдийг хүртэл нийт 5157 концертонд хөтлөгчөөр ажилласан. Төрийн болон баяр ёслолын хүндэтгэлийн концертууд, Улсын филармонийн сонгодог, эстрадын тоглолтууд, уран бүтээлчдийн тайлан тоглолтууд, гадаа талбай, стадионы шоу хөтөлбөр зэрэг 325 арга хэмжээнд найруулагч, ерөнхий найруулагчаар ажиллажээ. Энэ бүх зүйл миний хувийн дэвтэр дээр он сар өдөртэйгөө байгаа. Олон улсын эстрадын дуучдын “Хөх Монгол” наадмыг санаачлан 20 жил зохион байгуулж, монгол дууны наадам болгосон. Ахмад эстрадын дуучдын тоглолтыг санаачлан нэг хөтөлбөрийг байнга дүүрэн үзэгчтэй 518 удаа тоглуулсан нь Монголдоо анхдагч болсон. Өөрөө санаачлан 1975 оноос өдий хүртэл 196 уралдаан тэмцээн зохион байгуулсан байна. Тухайлбал бяцхан эстрадын дуучдын уралдаан, залуу эстрадын дуучдын уралдаан, гадаадын дуучдын дунд “Монгол дууг хэн сайн дуулах вэ”, мэргэжлийн дуучдын дунд “Зохиолын дууны найр”, “Ардын эрхийн хит парад”, төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсийн дунд симфони оркестртой “Ардын дууг хэн сайн дуулах вэ” уралдаан, рок поп дуучдын наадам, “Сайхан хос”, “Моод эстрад”, “Найман гитарын цуурай”, “Жентельмен залуу”, “Хөдөөгийн одод Улаанбаатарт”, Хятад, Япон, Итали, Турк, Франц, Солонгос, Орос дууг хэн сайн дуулах вэ уралдаан, “Азийн алдарт гурван тенор”, “Улаанбаатарын мөнгөн шөнө”, “Улаанбаатарын үдэш” цэнгүүнийг найман удаа, “Эх орны гавьяатууд” зэрэг уралдаан, тэмцээнүүдийг зохион байгуулсан байна. Мөн 1981 онд Сочи хотод “Красная Гвокдика” олон улсын поп, рок дуучдын уралдаанд, Германд болсон “Дрезден-85”, Чехсловак улсад “Братиславская лира-86”, Польш улсад “Сопод-87”, Болгар улсад “Золотой орфей-88” зэрэг уралдаанд шүүгчээр ажилласан байх юм.

-Таныг хийж бүтээсэн болоод бусад сонирхолтой тоо баримтуудаа тэмдэглэдэг гэж сонслоо. Хэзээнээс ингэж дэвтэр дээрээ тэмдэглэхээр болсон бэ?

-Миний тэмдэглэсэн дэвтэр хэд хэд бий.(Ширээнийхээ нүднээс хар хавтастай гурван дэвтэр гаргаж үзүүлэв) Анх 1974 онд Улсын симфони найрал хөгжимтэй гоцлол дуучдын концертыг найруулсан гэж байна. Тэгэхээр тэр үеэс эхэлсэн байх. Дэвтэр дээрээ тэмдэглэсэн хэдэн тоо баримтаас дурдъя. Тухайлбал гадаадын 72 орноос 2800 гаруй жүжигчдийн тоглолтыг хүлээн авч, Монголынхоо ард түмэнд сонирхуулсан байна. Мөн 8783 дуутай, 31 дууны түүвэртэй. Ажил мэргэжлийн онцлогоос хамаарч өдийг хүртэл 7867 утасны дугаартай дэвтэр ашигладаг. Энд бас 1983 оноос одоог хүртэл албан ажлаар өрөөндөө 14578 хүнтэй уулзсан гэж тэмдэглэсэн байна. Хувийн сонирхлоор цуглуулсан 72 орны жижиг архины цуглуулгатай. Монголын уран бүтээлчдийн 500 гаруй фото зургийн цуглуулгатай л даа. Энэ бүгд миний амьдралдаа хандах, ажилдаа идэвхтэй байх зарчим юм.

-Ингэхэд та мэргэжил, мэргэжлээр нь ангилаад л уралдаанаа зохион байгуулчихдаг юм уу?

-Ер нь бол тийм. Худалдагч, эмч, багш, жолооч, нисгэгч, бөхчүүд, офицерууд, тэр байтугай компанийн захирлуудын дунд төрөл бүрийн уралдаан зохион байгуулдаг. “Хүрэн хаалгатай дэлгүүр”, “Багшийн алдар”, “Суман цагаан хөлөг”, “Дуунд дуртай компанийн захирлууд дуулж байна” гэх мэт өвөрмөц нэртэй уралдаанууд бий. “1960-1970-аад оны дууг хэн сайн дуулах вэ” гэдэг уралдааныг залуучуудын дунд зохион байгуулж байлаа. Залуус дуулаг л дээ. “Амрагийн дуу”, тэр сайхан “Өргөн Сэлэнгэ”, “Орь залуу нас”, “Ээждээ” дуу хаа байна. Ерөөсөө байдаггүй. Бас нэг сонин ажил бол 1000 хурандаа, дэд хурандаагийн баяр хийсэн. Улсын циркт тэрхүү арга хэмжээг зохион байгуулахад бүгд дүрэмт хувцастайгаа, бөөн одон медальтай улс л ирж байлаа. Надад 78 настай нэгэн хурандаа дараа нь хэлж байсан юм. “Ухнаа минь, их баярлалаа. Миний хувцас 19 жил эвхээтэй байсан. Тэгээд үхэх л юм бодож байлаа. Дүрэмт хувцсаа өмсөх газар байхгүй. Гудамжинд ямар өмсөөд явалтай биш. Баяр, наадамд биднийг урихаа больсон. Ёстой л эвхээтэй нь дуусах юм бодсон. Миний хувцсанд салхи оруулж өглөө” гэж.

-Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Зангад гуай “Жараад оны эхэн үеэс наяад он хүртэлх хугацаа бол Монголын дууны урлагийн “их ургац”-ын он жилүүд байсан” хэмээн хэлсэн байдаг. Алтан үеийнхний тухайд дурсвал?

-Үнэн л дээ. Ер нь тэгэхдээ 1960-1970-аад он бол манай нийтийн дууны оргил үе байсан. Ямар мундаг яруу найрагч, хөгжмийн зохиолч, дуучидтай байсан гэж санана. Ийм учраас дөч, жаран жил дуулуулж байна. Өнөөдөр дуулаад байгаа дуунууд хэдэн жилийн настайг бид хэлж мэдэхгүй. Хамгийн харамсалтай нь сүүлийн үед монгол аялгууг их эрлийзжүүлж байна. Энэ бол аюул. Төрөлхийн сайхан хоолойтой монголчууд маань хачин эрлийзжсэн дуу дуулаад хүүхдүүдийн хоолой хэцүүдлээ. Дандаа хагас хоолойгоор дуулдаг. Өнгөө гаргахгүй байна. Европт арван хүн дотор дуулдаг хоёр л хүн бий, бусад нь чадахгүй. Манайд арван хүн байлаа гэхэд арвуулаа дуулна. Тэдгээрээс найм нь сайн дуулдаг. Хоёр нь бүр гайхалтай. Ийм л авьяастай байхгүй юу. Тийм учраас монгол аялгуу, монгол хөгжим, монгол шүлгээр “амьсгалмаар” байна. Энэ сайхан дуунуудынхаа хүрээнд олон уралдаан явуулсан. Соёл, урлагийн их сургуулийн багш нар их мэрийдэг. Эстрадын дууны ангид “Өргөн Сэлэнгэ”-ийг өгч байна. Эстрадын дуу биш шүү дээ. Гэхдээ сураг, мэдэг. “Ямар гоё дуунуудтай байсан юм бэ” гэж бэлтгэл ангийнхан, хоёр, гуравдугаар курсийнхэн хэлдэг шүү дээ. Өнөөдрийн дуунууд ч яах вэ дээ. Цагийн юм цагтаа дуулагдана.

-Та их говийн хүн. Төрж өссөн нутгийнхаа талаар яриагаа үргэлжлүүлэх үү?

-Дорноговь аймгийн Дэлгэрхэт буюу одоогийн Иххэт сумын Холбоо гэдэг газар төрсөн. Хүүхэд байхдаа бусдын л адил хурга, ишигтэй ноцолдож, морь унах дуртай жаал байлаа. Зургаан настай хүүхэд морь унаж байхад ээж минь “Энэ жаахан амьтнаар морь унуулж болохгүй” гэж эсэргүүцдэг, болгоомжилдог байсан юм. Манай нутаг их сайхан. Ардын жүжигчин цолны зарлигаа уншуулчихаад маргааш өглөө нь нутаг руугаа гарсан даа. Шинийн нэгний өглөө яг цол хүртсэн цагтаа нутагтаа очоод Баян-Өлзийт хэмээх уулан дээр гарч нар мандахыг харж зогсонгоо “Зургаан настайдаа гарсан жаахан хүү чинь өдгөө ардын жүжигчин болоод төрөлх нутагтаа ирлээ” гэж залбиран сүү өргөсөн. Говийн наран яаж манддаг билээ. Сайхан шүү дээ. Ийн залбирч зогсоход багадаа морь уралдаж, хонь хариулж байсан газар, хүүхэд ахуй цаг нүдэнд минь харагдах шиг л болсон. Би жилд нэг удаа нутагтаа очиж ийн залбирдаг юм. Нутаг амьтай хүн л дээ. Мөн сумынхаа театр буюу соёлын төвдөө мөргөдөг. Манай нутгийн Соёлын төвийн дарга Мөнхжаргал гэж мундаг ажиллагаатай хүн бий. Миний хэлсэн болгоныг хийдэг. Тийм ч учраас аймагтаа 12 удаа шилдэг Соёлын төвөөр шалгарч байсан.Сумынхаа соёлын төвд “нууц ноёнтон” мэтээр үргэлж л зөвлөж ирсэн дээ.

-Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө халуун амь, бүлээн цусаа урсган тэмцэж явсан Монгол Улсын баатруудын нэг Д.Данзанваанчиг агсан таны аав гэдгийг олон түмэн мэднэ. Аавынхаа тухай дурсахгүй юу?

-Миний аав 1939 онд цэргийн албанд ирж цэрэг, бага дарга, дунд, ахлах офицерын албан үүргийг 1972 он хүртэл гүйцэтгээд насны тэтгэвэрт гарсан. Монгол ардын армийн хуягт бригадын миномёт пулемётын наводчик байхдаа 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг цөмлөн Японы милитаристуудыг бут цохиход баатарлаг байлдаж, дайны талбарт дайсны суманд оногдож, таван удаа хүн шархдаж байсан гэдэг. Гурван хоног улаан цусан дотор хоол, цайгүй шархтайгаа цусаа гожуулан хэвтэж байхад нь цэргийн эмнэлгийнхэн олсон байдаг. Эмч нар очиход маш хүнд байдалтай байсан гэдэг. Сүүлд аав минь “Тэр үед би үхэж болохгүй, нутаг усандаа, Ухнаадаа очно доо гэж бодон ёстой л амьдрахын тулд шүд зуун тэвчиж байлаа” хэмээн ярьдаг юм. Энэ үнэхээр баатарлаг явдал шүү. Миний аав баатар хүн учир хүү нь ч гэсэн аливаа зүйлд хариуцлагатай хандаж, аавынхаа нэрийг сэвтээхгүй авч явах нь чухал гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон. Аав ч надад ингэж захидаг байлаа. “Миний хүү нэрээ гаргаж, олон түмэндээ түшигтэй хүн болоорой” гэж. Тэр цагаас өдийг хүртэл аавынхаа нэрийг бодож, амьдралд, урлагт зүтгэсээр явна. Хүүхэд байхад аав энд тэнд урилгаар очиж, уулзалт хийдэг байлаа. Баатар дээшээ, Баатар дээшээ л гэж хүн болгон хүндэлдэг. Автобусанд явсан ч суудал тавьж өгдөг байсан. Баатрын үнэмлэхтэй учир үнэгүй явна. Тийм хэдхэн л хүн байсан даа. Ийм сайхан нэр төртэй ааваараа их бахархдаг. Тэр үеэс эхлэн олон түмэндээ нэртэй, алдартай явах чинь ямар гоё юм бэ л гэж бодсон. Хожим театрт орохдоо ч бодсоор ирсэн. Нэр алдартай хүний хүүхэд өндөр хариуцлагатай байх учиртай. Ирэх жил аавын минь 100 жилийн ой тохиох гэж байна. Энэ хүрээнд эртнээс олон ажил төлөвлөсөн байгаа. Нутгийнхаа арван жилийн сургуулийг аавынхаа нэрэмжит болгох, алдрын танхим, сургуулийн үүдний талбайг тохижуулах бодолтой байна. Сумын төвд хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулна.

-Таны аав таван баатрын хамт нэг өдөр Улсын баатар цолоор шагнуулсан гэсэн байхаа?

-1945 оны есдүгээр сарын 26-нд Бага хурлын тэргүүлэгчдийн зарлигаар Дайны талбарт өөрт оногдсон үүргээ гарамгай биелүүлсэн гэж аавыг минь Л.Аюуш, С.Дампил, хошууч Т.Дүүдэй, холбоочин М.Жанчив, хурандаа Д.Нянтайсүрэн нартай нэг өдөр “БНМАУ-ын баатар” цолоор шагнасан. Дэлхийн II дайны төгсгөл болсон, Ази тив дэх дайны сүүлчийн голомтыг устгасан 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсоноор Монгол Улс дэлхийн хүн төрөлхтний өмнө тусгаар улс гэдгээ батлан харуулсан. 2005 онд Монгол Улсын баатруудын үр хүүхэд, ач зээ, зээнцэр нарын санаачлагаар сайн дурын үндсэн дээр “Үхэвч үнэн холбоо”-г байгуулсан. Монгол Улсын төлөө халуун амь, бүлээн цусаа зориулсан баатруудынхаа тухай үр хойчдоо ойлгуулах, тэдний баатарлаг үйлсийг мөнхжүүлэх зорилготой. Энэхүү холбоо маань албан ёсны бус төрийн бус байгууллага юм. Д.Нянтайсүрэн баатрын хүү Сүрэнхорлоо бид хэд нэг өдөр ярилцаж байгаад “Баатруудын хүүхдүүд” холбоо байгуулъя гэсэн санааг гаргаж байсан. Тэгээд холбоо нээхээр болоод намайг тэргүүнээр ажиллах үүрэг өгдөг байгаа. Би тухайн үед “Энэ их ажлын хажуугаар би яаж хийх вэ” гэж байсан ч энэ үүрэг надад оногдсон юм. Үндсэндээ баатруудын хүүхдүүдийн нийлээд байгуулсан холбоо байгуулагдаад өдгөө арван хоёр жил болжээ.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ цаг-үе

“Эмээлт” захад ноолуур 80 мянган төгрөгийн үнэтэй байна

Энэ хаврын анхны ноолуур эхнээсээ ченжүүдийн гарт ирээд эхэлж байна. Өчигдөр бид “Эмээлт” зах орж тэндхийн нөхцөл байдал, ноолуур болон бусад түүхий эдийн үнэ ханш зэргийг сурвалжиллаа. Гэхдээ сар шинийн баяр болоод өнгөрсөн, мал төллөөд эхэлчихсэн, малчид ямаагаа самнаж жигдрээгүй байгаа үе болоод ч тэр үү тус захад нэлээд эл хуль, хөл хөдөлгөөн багатай амралтын байдалтай ч юм шиг л байна. Бид ноолуур авч буй томоохон түүхий эдийн төв хайж давхисаар “Эмээлт” захын хамгийн цаад талд буюу хөдөө орон нутгаас орж ирдэг замд байх түүхий эдийн цэгээр орлоо. Тэднийх анхныхаа ноолуурыг 70 мянган төгрөгөөр өнөөдөр худалдаж авлаа. Ойрхон байх айл хэдэн ямаа самнаж тушаасан гэж байв. Хонины нэхийг өлөнтэй нь 1000 төгрөгөөр, ямааны арьсыг 35 мянгаар худалдаж авч байгаа гэнэ. Энэ түүхий эдийн цэгийн ажилтан Г.Мөнх ярихдаа “Одоогийн байдлаар ноолуур болон арьс шир тушаахаар ирэх хүн, ноолуур авах гэсэн ченжүүд ч ховор байна. Зарим ченжүүд ноолуур авахаар Төв аймаг явцгаасан байгаа, зарим сумаар очоод ноолуураа цуглуулаад явчихдаг юм. Ер нь ноолуурын анхны үнэ 70 мянган төгрөгөөс эхэлж байна. Ойрын хоёр, гурван өдөр цас орж хүйтрэх юм байна лээ, малчид энэ хүйтнийг өнгөрөөгөөд ямаагаа самнацгаах байх. Тэгэхээр ирэх амралтын өдрүүдэд ноолуур тушаах гэсэн иргэд ирээд ноолуур тушаалт жигдэрч эхлэх болов уу гэж бодож байна” гэлээ.

Ер нь ойрхон байх сумынхан гэхээс бусад нь заавал “Эмээлт” зах орж ноолуураа тушаах гээд байдаггүй аж. Учир нь ченж нар “Эмээлт” зах дээр авдаг ханшаараа өөрсдөө яваад ноолуураа авчихдаг юм байна. Түүхий эдийн цэгүүдээр ороод, ноолуур авах уу гэхэд хэр хэмжээтэй гэхээсээ илүү хаанахын ноолуур бэ гэж их асуух юм. Учир нь Дорнодын ноолуур хамгийн өндөр үнэтэй, дараагаар нь Хэнтий болон Хөвсгөл аймгийн ноолуур ордог гэнэ. Ченжүүд олон жилийн туршлагаар ноолуурыг хараад хаанахын, хэзээ самнасан ноолуур болохыг таньчихдаг аж. Яагаад гэхээр зүүн аймгийнхан хамгийн эрт буюу гуравдугаар сарын сүүлээс дөрөвдүгээр сарын эхэн үе гэхэд ямаагаа самнаад бараг дуусчихдаг, эрт самнадаг болохоор хялгасгүй цэвэр ноолуур гардаг байна. Харин Хөвсгөл аймгийн ямааны ноолуур байгаль цаг уурынхаа онцлогоос болоод ч тэр үү оройтож самнасан ч хялгас гээд байх зүйлгүй байхаас гадна өндөр чанартай байдаг аж.

Хонины нэхий хураасан байдал

Хялгасгүй буюу одоо гарч буй шинэхэн ноолуурыг ченжүүд 7075 мянган төгрөгөөр авч байна. Ер нь ноолуур хялгасгүй байх тусам л өндөр үнэтэй байдаг аж. “Эмээлт”-ийн түүхий эдийн зарим цэгүүдийн ноолуур авдаг ченж нь байхгүй, манаач нар нь байж таарсан бол ноолуур аваад эхэлчихсэн анхны 3-10 кг ноолуураа авчихлаа гэх төвүүд ч нэлээд олон байна лээ. Тухайлбал, Булгантамир төвийнхөн гэхэд л эхнийхээ найман кг орчим ноолуураа авчихлаа, ойрхон байх айлуудын тушаасан ноолуур. Ноолуур гарч жигдрээгүй байна энэ сарын 20ны үеэр ноолуур гараад жигдэрчихнэ. Ноолуурын ид үеэр Хэнтий аймаг руу явж ноолуур авах бодолтой байгаа гэж байв.

Өнгөрсөн жил хамгийн эхний ноолуурыг 80 орчим мянган төгрөгөөр авч байсан ч ханш нь унаад, 40 хэдэн мянга руу орж сүүлдээ буцаад 68 мянга хүртэл өссөн байна. Ноолуурын ханш ямар байхыг мэдэхийн тулд ямааны арьсны үнийг харах хэрэгтэй байдаг гэнэ. Энэ жилийн хувьд ямааны арьсны ханш ер унахгүй 3538 мянган төгрөгт хүрээд байгаа аж. Мөн Хятадын юанийн ханш өссөн байгаа учир ханш унахгүй л бол ямааны ноолуур энэ жил эхний үнээрээ шахуу байх боломжтой гэж ченжүүд тайлбарлаж байна. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд зүүн аймгуудын ноолуур тушаагдаад дуусахын үед бусад аймгуудын дулаарсан хойно самнасан хялгастай ноолуур ихээр гарчихдаг болохоор ханш нь унадаг байсан гэж байна. БаянӨлгий аймаг хамгийн сүүлд буюу дөрөвдүгээр сарын сүүлээс тавдугаар сарын дунд үе хүртэл ямаагаа самнадаг гэнэ. Гэхдээ иргэд ноолуураа заавал ченжийн гар дамжуулахгүйгээр үндэснийхээ ноолуурын үйлдвэрт тушаачих хэрэгтэй, үйлдвэрүүд ченжүүдийн авч байгаа үнээр л авдаг шүү дээ гэх хүмүүс таарч байлаа.

“Эмээлт” захын ченжүүд худалдан авсан ноолуураа ихэвчлэн Хятад руу гаргадаг бол зарим нь дотоодынхоо үйлдвэрт тушаадаг байна. Гэхдээ хятадууд түүхий эд авахгүй гэвэл үнэгүйдэх тохиолдол их байдаг аж. Тухайлбал, хятадууд өмнө нь тэмээний ширийг худалдаж авдаг байсан болохоор зарим ченжүүд энэ өвөл нэлээд хэд хэдэн тэмээний шир авчихжээ. Гэтэл хятад ченжүүд гэнэт тэмээний шир авахаа больчихсон гэнэ. Тиймээс хэрэггүй болсон гэх ширээ хашаанд хураачихсан байна лээ. Мөн хонины нэхий үнэгүйдээд байна нэмж авахгүй, арай гэж ганц нэг үйлдвэрт тушаадаг хэмээн хашаандаа 20 мянган ширхэг хонины нэхий хураачихсан түүхий эдийн цэгтэй ч таарлаа.

Эмээлтийн ихэнх түүхий эдийн цэгүүд ноолуурыг 70 мянган төгрөгөөр авч байсан бол хятад ченжтэй нэг кг ноолуурыг 80 мянган төгрөгөөр авна гэж байна. Гэхдээ шууд 80 мянга гээд хэлчихдэггүй юм байна. Тэнгэр гэх хятад ченжтэй түүхий эд авах цэгээр орлоо. Тэрээр эхлээд ноолуур 70 мянган төгрөгөөр авна гэж байв. Харин бид таван кг шинэ ноолуур байна, ноолуур 80 мянга гэсэн сурагтай байна шүү дээ, 80 мянгад л өгчихмөөр байна гэхэд тийм өндөр үнэд хүрээгүй шүү дээ. 75 мянгад авъя гэчихээд, төд удалгүй за яахав 80 мянгад өг өг, 80д бол авчихаж болно доо гэж байна лээ.

“Эмээлт”ийн түүхий эдийн төвүүдийн манаач нар болон туслахууд нь монголчууд байх боловч эзэд нь ихэвчлэн хятадууд байдаг бололтой юм. Өнгөрсөн жил юань 303 төгрөг байхад ноолуур 80 мянга хүрч байсан юм чинь энэ жил юань 350357 төгрөгтэй тэнцэж байгаа болохоор ноолуурын ханш унана гэж айхгүй байж болно, ямартай ч эхний ханш 70-80 мянгын хооронд байна гэх ченж олон байв.

Н.ГАНЧИМЭГ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

АНУ-ын цэргийн зориулалттай онгоц Чингис хаан нисэх буудалд ослын буулт хийлээ

АНУ-ын цэргийн зориулалттай “Боинг С17” загварын ачаа тээврийн онгоц Улаанбаатарт ослын буулт хийлээ. Иргэний нисэхийн ерөнхий газрын мэдээлснээр Катараас Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж байсан АНУ-ын цэргийн зориулалттай уг агаарын хөлгийн дөрвөн хөдөлгүүрийн нэг нь ажиллагаагүй болсон тул ийнхүү ослын буулт хийсэн байна. “Чингис хаан” олон улсын нисэх буудлын талбайд 13 цаг 59 минутад газардсан уг хөлөг найман хүний экипажийн бүрэлдэхүүнтэй байжээ. Тус олон улсын нисэх буудлынхан хөлгийг амжилттай буулгахад бэлэн байдлыг хангаж ажилласан бөгөөд 18 цагийн үед “Нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна” гэсэн мэдээлэл өгсөн.

Улаанбаатарт АНУ-ын цэргийн зориулалттай хөлөг ослын буулт хийснийг хүмүүс янз бүрээр тайлбарлаж “Хятад, Оросын дээгүүр тагнуул хийж явсан онгоц байх”, “Монголд зэвсэг үлдээх гэж ирсэн”, “Катарын онгоц юм бол сайн шалгах хэрэгтэй”, “АНУ-ын онгоц эвдэрнэ гэж байхгүй. Эвдэрлээ ч Монголд газардана гэж байхгүй” , “Энхийг сахиулахын багийнхныг авч явахаар ирсэн” гэх мэтээр өөр өөрсдийнхөө таамаглалыг дэвшүүлж байлаа. АНУ-ын хувьд өмнө нь С17 онгоцтой холбоотой тайлбарыг нэг бус удаа хийж байсан. “Цэргийн тээврийн онгоцыг байлдааны онгоцтой андуурч болохгүй. С17 бол байлдааны онгоц биш” гэсэн тайлбар өгч байжээ.

Боинг C17 “Глоубмастер” III бол Америкийн нэгдсэн улсын цэрэг-стратегийн зориулалттай онгоц. Одоогоор ийм агаарын хөлөгтэй улс АНУ-аас гадна Австрали, Канад, Энэтхэг, Кувейт, Катар, Эмират гэсэн зургаан оронд л бий. Уг онгоцны нислэгийн жин нь 265 тонн бөгөөд онгоцны өөрийн жин нь 122 тонн юм байна.

“Чингис хаан” олон улсын нисэх буудал. 13:59 цагт

Олон улсын Стратеги судлалын хүрээлэнгээс дэлхийн хамгийн хүчирхэг агаарын хүчинтэй арван улс орныг тодруулахад АНУ, ОХУ, Их Британи, Франц, Хятад, Япон, Энэтхэг, Герман, Өмнөд Солонгос гэсэн улсууд орсон байдаг. Тэрэн дундаа АНУ-ын агаарын хүчин 5573 онгоц, 329638 бие бүрэлдэхүүнтэй бөгөөд дээрх онгоцны 3990 нь агаарын хүчинд, 1213 нь агаарын үндэсний гвардид, 370 нь агаарын хүчний нөөцөнд харьяалагддаг гэнэ. Мөн нисгэгчгүй автомат жолоодлоготой 180 орчим онгоцтой. Ийм хүчирхэг агаарын хүчинтэй орны цэргийн онгоц манайд гэгээн цагаан өдрөөр газардсан нь яалт ч үгүй анхаарал татлаа.

Манайд газардсан Боинг C17-г 1991 оноос үйлдвэрлэж эхэлжээ. Гэхдээ иймэрхүү хүчирхэг онгоц бүтээх талаар Америкийн инженерүүд 1980-аад оноос судалгаа, шинжилгээний ажил явуулсаар иржээ. 316 сая ам.долларын өртгөөр бүтдэг уг онгоц нь цэрэг, ачаа тээвэрлэх, эмнэлэг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай үед эмнэлгийн байр болох болон шүхэрчдийг буулгах үүрэгтэй тээврийн хөлөг. 1990 оноос уг онгоцыг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд дээр дурдсан зургаан оронд нийлүүлжээ. АНУ-ын хувьд 1970-аад оноос олон талын үүрэг гүйцэтгэх, даац сайтай тээврийн хөлөгтэй болох эрэлд гарсан бөгөөд тэдний хүслийг Дуглас Мак Доннеллын бүтээсэн С17 биелүүлсэн нь энэ. Дуглас уг загвараа “Боинг”-д танилцуулсан нь амжилттай болж 1993 онд эл онгоцны жигүүрийн хэсгийг сайжруулж туршилт хийсэн нь шалгалтад тэнцэж улмаар “Globemaster III” гэх нэрийг авчээ.

С17-гийн дотоод байдал

С17-г цэргийн тээврийн хамгийн алдартай хөлөг гэдэг. Мөн хүний гараар бүтсэн аварга хөлөг онгоцнуудын нэгд зүй ёсоор оруулдаг юм. Онгоцны урт 53 метр бөгөөд далавчны нийт урт 52 метр аж. Pratt and Whitney F117-PW-100 гэх дөрвөн хүчирхэг хөдөлгүүртэй.

Ачааны хэсгийн тасалгаа нь 27х5.5 метрийн хэмжээтэй, 3.76 метрийн өндөртэй юм байна. Танк, хуягт, ачааны машин зэргийг ачих чадалтай. Манайд газардсан С17-г Катараас хөдөлсөн гээд буй. Катар улсын хувьд 2009 онд анхны С-17 онгоцоо авсан бол 2012 онд дөрөв дэх С17-гоо худалдаж авчээ. Харин барууныхан “Катар тав дахь С17-гоо захиалах тохиролцоогоо 2015 оны зургадугаар сард хийсэн” хэмээн таамагладаг юм байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн гадаадад хийх зарим чухал айлчлалд зориулж Ерөнхийлөгчийн лимузин машинуудыг С17-гоор тээвэрлэдэг аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийтлэлч Баабарын “МАН шинэчлэгдвэл бид бүгдээрээ хожно” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Гуравдугаар сарын 22 бол монгол хүн анх сансарт нисэн өдөр. Энэ өдөртэй холбогдуулж манай сонины сурвалжлах баг Одон орон, геофизикийн хүрээлэнгийн одон орон, сансар огторгуйн судлалын музейтэй очиж танилцсан юм. Энэхүү музейг гурван жилийн өмнө Ж . Г ү р р а г ч а а б а а т р ы н санаачилгаар байгуулсан байдаг. Энэ тухай нэгдүгээр нүүрнээс унших боломжтой.

Улс төрийн 2-р нүүрнээс АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваантай хийсэн ярилцлагыг, 4-р нүүрээс Ерөнхий сайдын зөвлөх Б.Төмөрчулуунтай хийсэн ярилцлагыг уншиж сонирхоорой.

Баримт, үзэл бодлын 3-р нүүрт нийтлэлч Баабарын “МАН шинэчлэгдвэл бид бүгдээрээ хожно” нийтлэл хэвлэгдлээ.

Энэ сарын 12-нд Ховд аймгийн Дөргөн суманд хууль зөрчин байж морин уралдаан зохион байгуулсан билээ. Энэ үеэр 11 настай хүү мориноос унаж бэртсэнээс амиа алдсан байна. Энэ тухай 7-р нүүрнээс уншаарай.

11-р нүүрнээс Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч, Зууны манлай шүүгч, “Алтан шүгэл”-ийн эзэн Адуучийн Басхүүтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг уншиж сонирхоорой.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймагт галзуу чоно устгана

галзуу чоно устгах ажил зурган илэрцүүд

Хөвсгөл аймгийн хэмжээнд мэрэгч амьтан, зэрлэг амьтадаас халдварч өвчин мал, амьтанд халдах тохиолдол нэмэгдэж галзуугийн тохиолдол 5 суманд 10 удаа бүртгэгджээ. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн “Ховолж” гэдэг газар иргэн Г-ийн адуу халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөнийг, дээж авч аймгийн мал эмнэлэг ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон учраас хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тус сумын нутаг дэвсгэрт галзуу өвчний шинж тэмдэг бүхий хоёр чоно байгаа учраас халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хууль хяналтын байгууллага орон нутагтай хамтран устгах арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. Мөн тус аймгийн Галт сумын Зүрх багийн “Саглагар” гэдэг газар малчин Ц-гийн үхэрт малын халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул, дээж авч шинжлүүлэхэд хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдоод байгаа ажээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-д айлчилна

Холбоотой Зураг

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ирэх дөрөвдүгээр сард ОХУ-д айлчлал хийхээр болжээ. Одоо бэлтгэл хангаж буй аж.

Энэ асуудлыг Монгол Улсын Шадар сайд, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын орлогч дарга Павел Михайлович Фрадковтой өнөөдөр/2017.03.21/ уулзах үеэр онцлон ярилцсан байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хувьд ОХУ-д хийх айлчлал хоёр дахь гадаад айлчлал нь болох юм. Өнгөрсөн онд тэрбээр Япон улсад айлчилсан юм.

Мэргэжлийн Засгийн газар байгуулагдсаныхаа дараа хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа мэдэгдэж байсан удаатай.

Иймээс дээрх салбарыг хөгжүүлэх талаар хойд хөрштэй хамтарч ажиллах чиглэлээр яриа хэлэлцээр хийгдэж мэдэх юм.