Categories
мэдээ нийгэм

“МАРШ ТАКТИК” тэмцээнд ШШГЕГ-ын харьяа хорих 413-р ангийн баг тэргүүн байр эзэлжээ

Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд болдог уламжлалт “Марш тактик” тэмцээнд цагдаагийн байгууллагын алба хаагчид амжилттай оролцжээ. Аймгуудын цагдаагийн газрын баг ямар амжилт гаргасан талаарх мэдээллийг багцлан хүргэе.

Сэлэнгэ аймгийн Мандал суманд энэ сарын 16-нд зохион байгуулагдсан “Марш тактик тусгай бэлтгэл-2017” аварга шалгаруулах тэмцээнд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн баг дэд байрт шалгарсан байна. Тэмцээний тэргүүн байрыг ШШГЕГ-ын харьяа хорих 413-р ангийн баг эзэлжээ.

Харин “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 96 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит “Марш тактикийн аварга тасаг шалгаруулах тэмцээн”-д Орхон аймаг дахь Цагдаагийн газрын цагдаагийн дэслэгч н.Мөнх-Эрдэнэ ахлагчтай тасаг гутгаар байр эзэлж, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан байна.

Булган аймагт Монгол Улсын баатар, хурандаа генарал Г.Лхагвасүрэнгийн мэндэлсний 105 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан “Марш тактик тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээн”-ээ явуулжээ. Тус тэмцээнд Булган аймаг дахь Цагдаагийн газрын баг дэд байр эзэлж, мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртжээ.

Categories
мэдээ нийгэм

Шүүхэд хүүхэд эх барьсан Б.Солонго: Хүүхэд уйлахгүй болохоор зүрх зогсох шахсан

Хан-Уул дүүргийн шүүхийн байранд өнөөдөр нэгэн эх амаржиж, хүү төрүүлсэн талаар бид мэдээлсэн. Ингээд энэ талаарх дэлгэрэнгүй сурвалжлага болон хүүхдийг эх барьсан шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонгын ярилцлагыг хүргэж байна.

Шүүхэд хүү төрлөө

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож байсан Б.Чимгээ өнөөдөр /2017.03.21/ 14.30 цагийн үед 3200 гр хүү төрүүллээ. Эх, хүүг “Өргөө” амаржих газарт хүргэсэн бөгөөд бие нь сайн байгаа аж.

Болсон үйл явдлын сурвалжлагыг хүргэж байна.

“Био комбинат” компанийн нэхэмжлэлтэй гэм хорын хохирол барагдуулах шүүх хуралдаанд Б.Чимгээ иргэдийн төлөөлөгчөөр оролцож байжээ. Шүүх хуралдаан үргэлжилж байтал Б.Чимгээ бие эвгүйрхсэн тухайгаа шүүх бүрэлдэхүүнд хэлж. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, дэг сахиулагч цагдаа эхийг шүүгчийн туслахын өрөөнд оруулж, зай гарган хэвтүүлжээ. Зай гарган гэхийн учир нь шүүгчийн хоёр туслах суудаг өрөө давчуухан гэж жигтэйхэн. Ширээний хажуудах жаахан зайнд хувцас дэвсэн эхийг хэвтүүлсэн нь тэр. Энэ хооронд офицер, цагдаа Х.Эрдэнэтогтох Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү гүйж, тэнд байсан хүмүүс уралдан түргэн тусламжийн 103 дугаарт дуудлага өгч. Төрөхөөр өвдөж байсан эмэгтэйгээс илүү шүүхээр үйлчлүүлж байсан иргэд сандралдаж, тэр хавиар нэг дуу шуу болсныг сүүлд ярина лээ. Сандарсан олны дунд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго өрөөнд орж эхэд анхны тусламж үзүүлжээ.

Тухайн үед Б.Солонго өөрийгөө хүйн ээж болно гэж огт төсөөлөөгүй гэнэ. Залуу бүсгүйд гурван хүүхдийн ээж Б.Чимгээ хэрхэн эх барих үйлдэл бүрийг нь заажээ. Давчуу өрөөнд илүү олон хүн орох, эхэд туслах боломж байгаагүй бололтой. Үзсэн кино, сонссон яриагаа төсөөлөн, ээжийнх нь зааснаар хүүг эх барин авчээ. Хүүг гар дээрээ тосч автал дуугарахгүй болохоор бөгсөн дээр нь ганц, хоёр алгадсан нь бас л киноноос авсан мэдээлэл гэнэ. Хүйн ээжээрээ хоёр алгадуулсан хүү часхийн уйлахад сандарсандаа ээжийнх нь хэвлий дээр алдах шахжээ. Шинэ хүний уйлах чимээнээр шүүгч цамцаа тайлж, өгсөн бөгөөд түүний цамцаар хүүг өлгийдсөн байна.

Хүү ээжийнхээ ангир уургыг амлаж байхад Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хоёр эх баригч, түргэн тусламжийн эмч нар иржээ. Эмч нар эх, хүүд үзлэг хийснийхээ дараа “Өргөө” амаржих газар руу авч явсан аж.

Эх барьж авсан хүүгээ эмчид хүлээлгэж өгсөн хүйн ээж Б.Солонго шүүх хуралдаанд орж тэмдэглэл хөтөлсөн ч болж өнгөрсөн үйл явдал нүднийх нь өмнө жирэлзээд төвлөрөхгүй байснаа ярьсан. Бас офицер цагдаа Х.Эрдэнэтогтох хар гүйхээрээ Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү орж, хоёр давхарт багагүй шуугиан дэгдээснээ сүүлд инээдэм болгон ярина лээ. Шүүхээр үйлчлүүлж байсан иргэд хүүд Шихихутаг, Шударга ёс, Шүүхийн хүү, шүүхбат зэрэг нэр хайрлах талаар ярилцаж, хорвоод нэгэн шинэ хүн тосч авсандаа бөөн баяр болсоноо ярьж байсан. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хамт олон ч итгэж ядсан, сандарсан байдалтай байлаа.

Түргэн тусламжийн төвийн эмч П.Түвшинжаргал “Дуудлагаар ирэхэд эх хүүхдийн бие хэвийн байсан. Бид “Өргөө” амаржих газарт хүлээлгэж өгсөн” гэлээ. Б.Чимгээтэй холбогдоход “Хүү, бид хоёр сайн байна. Санаа зоволтгүй. Эсэн мэнд амаржсандаа баяртай байна. Дараа тухтай ярилцъя” гэсэн юм.

Б.Солонго: Хүүхэд уйлахгүй болохоор зүрх зогсох шахсан

Батчулууны Солонго шүүхийн байгууллагад гурав дахь жилдээ ажиллаж байгаа. Тэрээр хүүхэд эх барих үедээ “Ээжийгээ хамгийн их бодлоо. Ажлаа тараад ээждээ очиж үнсүүлнэ” гэж ярихдаа нулимс дуслуулж байсан. Бүсгүй хүн ээж болохдоо хамгийн түрүүнд ижийгээ боддог. Хуульч бүсгүй ажил дээрээ хүйн ээж болохдоо ижийнхээ зовлон, жаргалыг мэдэрчээ. Бид түүнтэй ярилцлаа.

-Хүйн ээж болсонд баяр хүргэе. Одоо тайвширч байна уу?

-Шүүх хуралдаанд орох гээд хэргийн оролцогчдоо аваад шүүх танхим руу явж байтал хүмүүс сандралдаад эхэлсэн. Гайхаад очтол “Хүн төрөх гэж байна” гээд сандраад өрөө рүү орох хүн олдохгүй байсан. Шүүхээр үйлчлүүлж байсан олон хүн, өмгөөлөгчид иргэдэд үйлчлэх танхимд байсан юм.

-Өрөөнд ороход эх ямар байдалтай байсан бэ. Бас өөрийгөө туслаж чадна гэдэгт итгэлтэй байсан уу?

-Хүүхэд нь эрүүл төрөөсэй л гэж бодсон. Би төрүүлнэ, чадна гэж төсөөлсөн байх даа. Өрөөнд яваад ортол тэр эгч өмдөө тайлах гээд оролдож байсан. Өмдийг нь тайлахад хүүхдийн толгойн хэсэг харагдаж байсан болохоор “Дүлээрэй, дүлээрэй” гэлээ. Кинон дээр “Дүлээрэй, дүлээрэй” гэдэг биз дээ /инээв/. Тэр эгч гурван хүүхэдтэй туршлагатай учраас надад их зөвлөсөн. Эгч “Толгойг нь..” гээд байсан. Хүүхдийн толгойноос зөөлөн барьж байгаад “дүлээрэй” гэсэн чинь гулгаад гараад ирсэн. Хүүхэд их сонин царайтай, бас уйлахгүй болохоор нь зүрх зогсох шахсан гээч.

-Тэгээд яасан бэ?

-Кинон дээр алгаддаг биз дээ. Хүмүүс тэгж ярьсныг бас сонссон байх. Ямар ч байсан санаанд орсон нь л тэр байсан. Бөгсөн дээр нь хоёр удаа зөөлөн алгадсан чинь часхийсэн. Ямар гоё санагдсан гээч. Сандарсандаа ээжийнх нь гэдсэн дээр алдах шахсан. Б.Чимгээ эгч хүйг нь таслаад өгөөч гэхээр дахиад л сандарчихаж байгаа юм. Би мэдэхгүй шүү дээ. Хүйг нь таслах хүн байна уу л гэж дуудсан бололтой. Яг юу гэснээ санахгүй байна. Тэгтэл малын эмч хүн шүүхээр үйлчлүүлж явсан байна лээ. Тэр эгч хүйг нь утсаар боож байгаад тасалсан.

-Шүүгчийн цамцаар өлгий хийсэн гэл үү?

-Шүүгчийн тайлж өгсөн цамцаар хүүг өлгийдсөн.

-Хүүгийн ээжтэй үг сольж амжсан уу?

-Эмч ирэнгүүт санаа амраад гарсан. Тэгээд ч шүүх хуралдаанд орох цаг болсон байсан учраас тэнд байх боломж байгаагүй. Б.Чимгээ эгчийг төрсөний дараа үг солих боломж гараагүй. Эмчид болсон үйл явдлыг хэлээд л гарсан.

-Хүн эх барьж байхад ер нь юу бодогдож байсан бэ?

-Маш их айсан. Эх хүний зовлон, жаргалыг зэрэг мэдэрлээ. “Би яаж төрнө дөө” гэж бодож байснаа хүүгээ хөхүүлэхийг хараад “ямар сайхан юм бэ” гээд атаархах шиг болсон. Бас ээжийгээ маш их санасан. Ээжийгээ хайрлаж чадаагүй юм шиг мэдрэмж төрдөг юм билээ. Гарч ирээд шууд ээж рүүгээ “Охин нь эх барьж авлаа” гэж ярьсан.

-Ээж нь юу гэж байна?

-Ээж минь сандарчихсан “Яасан бэ. Юу болов” гээд байсан. Шүүх хуралтай байсан учраас “Дараа тухтай яръя” гээд утсаа салгачихсан. Хурлын дараа утсаа нээтэл ээж минь баахан залгаад, мессеж биччихсэн байна лээ. Хүний эх гэдэг тийм л агуу. Ажлаа тарангуут ээж дээрээ очно. Үнсүүлмээр байна. Миний ээж охиндоо баярлах байх.

-Таны эх барьсан хүүхэд хүү гэдгийг хэзээ нь мэдсэн бэ?

-Тухайн үед хүйсийг нь анзаараагүй. Бөгсөн дээр нь алгадсан хэрнээ хүйсийг нь анзаараагүй гэхээр их сандарсан байж л дээ. Шүүх хуралдаанаас гарч иртэл манай ажлынхан “Чи хүүтэй болчихлоо шүү дээ” гээд баяр хүргэж байсан.

-Эх баригч эмч нарыг монголчууд хүйн ээж гэж хүндэлдэг. Өөрөө мэргэжлээ солиод хүйн ээж болчихлоо. Хүүтэйгээ уулзана биз дээ?

-Шүүх хуралдаанаас гараад иртэл ажлынхан маань баяр хүргээд сүйд болсон. Тэр үед “Хүүгээ хаана очиж эргэх вэ” гэж бодогдоод их сайхан байлаа. Маргааш эгч, хүү хоёроо очиж эргэнэ. Цаашдаа ч холбоотой байна гэж бодож байгаа. Хүний амьдралд ховор тохиолдох үйл явдал байх.

Шүүх хуралдаанд ороод ажлаа хийж байхдаа “Бөгс рүү нь алгадаад буруу юм хийчихсэн болов уу, гайгүй байгаа” гэж бодогдоод ер сэтгэл санаа тогтохгүй байсан. Хуралдаан дээр юу ч бичиж чадаагүй. Болсон үйл явдал бодогдоод гар салганаад тэр. Шүүх хуралдааныхаа бичлэгийг үзэж байгаад тэмдэглэлээ гүйцээнэ дээ. Эх, хүү хоёрын бие сайн гэхээр тайвширч байтал баахан телевизийн сэтгүүлчид ярилцлага аваад. Болсон үйл явдлыг телевизүүдэд ярьж байтал ээж минь бодогдож уйлаад баларч байна /уйлав/.

-Ирээдүйд тэдэн хүүхэдтэй болно гэсэн төлөвлөгөө байгаа нь гарцаагүй?

-Бид ачаалалтай ажилладаг. Ажлаа зохицуулаад удахгүй ээж болно гэж төлөвлөж байгаа. Ер нь 3-5 хүүхэдтэй болно гэж төлөвлөсөн. Анхны хүүхэд минь хүү төрчих шиг боллоо /инээв/. Яагаад ч юм тэр хүүг өөрийнхөө хүүхэд шиг төсөөлөөд их гоё байна. Ийм юм болно гэж төсөөлж ч байсангүй. Миний амьдралд тохиолдсон хамгийн гоё үйл явдал байх. Найз залуудаа хэлтэл “Нээрээ юм уу. Яасан гоё юм бэ” гээд над шиг хөөрчихсөн байна лээ.

Categories
мэдээ нийгэм

Хүн худалдаалах, хууль бусаар хил давуулахын эсрэг сургалт болж байна

      Хүн худалдаалах, хууль бусаар хил давуулахын эсрэг сургалт боллооХууль зүй дотоод хэргийн яам, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран “Хүн худалдаалах, хууль бусаар хил давуулахын эсрэг хилийн албадын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь” сэдэвт сургалтыг хууль сахиулах алба хаагчдын дунд зохион байгууллаа. Тус сургалтад ОУШХБ-ын Бангкок дахь бүсийн хилийн удирдлага, шилжих хөдөлгөөний ахлах мэргэжилтэн Донато Колучи, Филиппиний Хүн худалдаалахын эсрэг байгууллагуудын зөвлөлийн Гүйцэтгэх захирал, Ерөнхий прокурор Дарлене Пажарито нар оролцсон юм. Энэхүү сургалт нь ХЗДХЯ, ЦЕГ, ХХЕГ, ГИХЕГ- аас хилийн боомт, шалган нэвтрүүлэх, зохион байгуулалттай гэмт хэрэг хариуцсан нарийн мэргэжлийн төрийн тусгай алба хаагчид болон энэ чиглэлийн төрийн бус байгууллагуудын оролцоог хангаж буй анхны үйл ажиллагаа болж байгаагаараа онцлог юм. Тус сургалт 2017 оны 3 дугаар сарын 21-23-ныг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Таргалалт вирусээр үүсдэг байж болзошгүйг тогтоожээ

Таргалалт зурган илэрцүүд

Хүн төрөлхтөнд чимээгүй тахлын аюул дагуулаад байгаа таргалалттай тэмцэхэд анагаах ухааны салбарынхан онцгой анхаардаг болсон.Таргалалтаас үүдэж янз бүрийн өвчин тэр дундаа чихрийн шижин, зүрх судасны эмгэг үүсэх, даамжрах үндсэн шалтгаан болоод зогсохгүй хүмүүсийн сэтгэл зүй, сэтгэцийн асуудал ч ноцтой үр дагавар авчирч байгааг эрдэмтэд онцолжээ.

Тэгвэл таргалалт вирусын халдвартай байж болохыг АНУ-ын эрдэмтэд тогтоосон гэнэ. тодруулбал, хүний биеийн гэдэснээс бактерриофаг буюу нянгаар халдварласан вирусийг олж илрүүлжээ. Энэ вирус нь дэлхийн нийт хүн амын тал хувьд нь халдаж таргалалт, чихрийн шижин өвчний тархацыг хурдасгаж байж болзошгүй гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд “Баян-Өлгий”-д газардаж чадсангүй

Сайд Эрдэнэбат зурган илэрцүүдМонгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Наурызын баяр”-т оролцохоор өнөөдөр 08:00 цагт Баян-Өлгий аймаг руу ниссэн ч Өлгийд газардаж чадсангүй.

Цаг агаарын таагүй байдлын улмаас “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Баян-Өлгий аймаг руу ниссэн онгоц Ховдод газардсан байна. Баян-Өлгий аймагт хоёр дахь өдрөө үргэлжлэн цас орж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд Наурызын баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв

Уг мэндчилгээнд “Тусгаар тогтносон, бүрэн эрхт Монгол Улсын нийт казах иргэд ээ,

Хаврын баяр буюу Нарны баяр, Наурызыг тохиолдуулан халуун элгэн нутгийнхаа дөрвөн зүг, найман зовхист аж төрж, амьдран суугаа Та бүхэндээ энэ сайхан баярын өдрийн мэндчилгээг гүн хүндэтгэлтэйгээр өргөн дэвшүүлье.

Баярын мэндчилгээгээ казах түмний төлөөлөл болсон эрхэм хүмүүстэй хамтран дэвшүүлж байгаадаа би баяртай байна.

Наурызын баяр өнө эртний түүхтэй. Хүн төрөлхтөн бичиг үсэгт тайлагдахаас өмнө наурызыг тэмдэглэж байсан гэсэн эх сурвалж байдаг юм билээ. Тэгэхээр Наурыз бол зөвхөн бидний биш, хүн төрөлхтний баяр юм.

Наурызыг 2009 онд ЮНЕСКО хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэж, Нэгдсэн Үндэстний Байгууллага 2010 онд болсон Ерөнхий Ассамблейн 64-р чуулганаараа “Олон улсын наурызын өдөр”-ийг тунхагласан билээ.

Дэлхийн 40 гаруй улс оронд амьдарч, аж төрж буй казахуудын дотроос хэл, соёл, ёс заншлаа цэвэр ариунаар нь хадгалж үлдсэн нь Монголын казахууд гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Энэ бол Таны, Таны гэр бүлийн, Таны өвөг дээдсийн, Монголын төр, засгийн дэлхийн соёлын өвд оруулсан үнэт хувь нэмэр мөн гэж бодож байна. Монголын төр казах иргэдийнхээ үндэсний соёл, зан заншил, шашин шүтлэгт хүндэтгэлтэй хандан, онцлог өвөрмөц байдлыг хойч үеийнхэнд нь уламжлуулан үлдээхийн төлөө цаг ямагт анхаарлаа хандуулсаар байдаг билээ.

УИХ-ын даргын хувиар миний бие саяхан Баян-Өлгий аймагт очиж, Та бүхнийхээ санал бодлыг сонссон. Ажилгүйдлийг багасгах, дэд бүтэц, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд бид онцгойлон анхаарах болно.

Перс хэлнээс үгчлэн орчуулбал наурыз гэдэг үг “Шинэ өдөр” гэсэн утгатай байдаг. Тиймээс шинэ өдөр болгон Та бүхнийг шинэ амжилт, шинэ баяр, шинэ тэмүүллээр угтан тосож байх болтугай.

Наурызыг хэрхэн тэмдэглэхээс ирэх өдрүүдийн өнгө тодорхойлогдоно гэж казах түмэн хэлэлцдэг. Тиймээс хайр энэрлийг түгээн, үржил шимийг тэтгэж, найрамдал нөхөрлөлийг бататгагч, эрхэм баяраа сайхан тэмдэглээрэй.

Та бүхэндээ буян заяа тань тэгш, аз хийморь, цог золбоо дүүрэн, эрүүл энх, жаргал баяраар бялхам байхын ерөөл өргөн дэвшүүлье” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Баянхонгорын хойд, Өвөрхангайн өмнөд хэсгээр цас орно

Холбоотой Зураг

Өнөөдөр Баянхонгорын хойд, Өвөрхангайн өмнөд хэсгээр их цас орно.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгийн өмнөд, төв болон говийн нутгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

23-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, говийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний нойтон цас, 24-нд говийн аймгуудын нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 23-нд говь тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байнагэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Наурыз-Нарны баярын өдөр

Казах түмний үндэсний баяр Наурыз буюу Нарны баяр өнөөдөр тохиож байна.

Наурыз нь шинэ жилийн баяр, хаврын баяр, өдөр шөнө хоёрын тэнцэх мөч, ард иргэдийн эв нэгдлийн өдөр юм.

Казахууд нүүдэлчин ард түмэн учраас өвлийн хахир хатуу цагийг өнтэй давж, урин хавартай учирч золгосны баяр болгон тэмдэглэдэг. Хаврын урь орж, байгаль дэлхий сэргэн, усны шувууд ирж, мал төллөн, амьтай бүхэн сэргэн цагаан идээ, уураг идэх завшаан тохиодог үед энэ баяр болдогоороо онцлогтой. Казахууд нарыг шүтдэг бөгөөд энэ өглөө эртлэн босож нарыг шинжин, тухайн жилийнхээ өнгө төрхийг хэлэлцэнэ. Уг баярыг мөн нарны баяр ч гэж нэрийднэ. Настан буурал эмээ нар, эмэгтэйчүүд “Амьдрал тэтгэх наран ээж минь” хэмээн мандаж буй наранд ёсолж, залбирал үйлдсэний дараа хоорондоо золгож мэндэлснээр баяр эхэлдэг уламжлалтай.

Бvх хүн анхны нар харж, нараа хүндэтгэж сэтгэлийн таашаал авч наранд сүүгээ өргөнө. Гэрийн эзэгтэй нар гэрийн тооныг сүүгээр, босгыг таргаар мялаадаг ёс ч бий. Наурызын баяраар ахан дvvс, хотол олноороо учран золгож, аксакалуудаа (ахмадууд) хvндэтгэх ялдамд vр хvvхэд, залуусдаа эрхэм сургаалиа хайрлан хүртээж, үдэж буй оныхоо ажил үйлс, ололт амжилтаа шүүн хэлэлцдэг сайхан ёслол юм.

Наурызын баяр болохоос өмнө хүмүүс гэр орон, эд хогшил, хашаа хороогоо цэвэрлэж, мод суулгаж цэцэг тарьдаг байжээ. Хэрэв наурыз ирэхэд гэр орон цэвэрхэн, гэрийн эзэгтэй цэмцгэр байвал өвчин зовлон, бүтэлгүй үйл, санамсаргүй явдал хажуугаар өнгөрнө гэж үздэг. Наурызын баярыг өгөөмөр сэтгэлээр тэмдэглэх юм бол тухайн айл өрхөд тухайн жилд сайн сайхан, элбэг дэлбэг байх болно гэдэг. Ард түмний дунд тархсан домог, итгэл үнэмшил ёсоор энэ өдөр бүх хүнд ивээл хайрладаг Кыдыр өвөө хэсэж явдаг. Энэ баяраар эрэгтэй хүмүүс хоорондоо хоёр гараараа барилцаж цээжээ хүргэлцдэг, эмэгтэйчүүд хоорондоо тэврэлддэг . Харин эмэгтэй эрэгтэй хүмүүс мөр зөрүүлж мэндэлдэг.

Наурызын баярыг казахууд дээр үед уламжлал ёсоор өглөө эрт өндөр дээр гарч, үүр цайж нар мандахыг харж угтахаас, хаагдсан гол горхины нүдийг нээж ус урсгахаас, газарт улиас мод суулгахаас, цэцэг тарихаас эхэлдэг заншилтай ажээ.

Энэ баяраар төрсөн хүүхдүүдэд Наурызбай, Наурызхан, Наурызбек, Наурызтай, Наурызгүл, Наурызай, Наурызжан гэхчлэн нэр өгдөг байна.

Наурызын көже гэдэг нь: Наурыз шөл бэлтгэх явдал юм. Наурыз шөл хүнсний зүйлийн долоон төрлөөр бэлтгэнэ. Долоон төрлийн хүнсний зүйл ард түмний заншлаас үүдэлтэй… казах хэлний долоон овог, долоон баялаг, долоон давхар газар, долоон бурхан, долоон шөнө, “долоон хэрэгсэл” гэх мэт залгаа үгнүүд ард түмний эртний итгэл үнэмшил, домгийн, одон орны ойлголтуудаас үүсчээ. Тийм учраас зарим газарт көжений бүрэлдэхүүн өөрчлөгдсн ч, түүний бүрэлдэхүүн дэх хүнсний зүйлийн долоо байх нь зориуд хадгалагдсан байна.

Дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн Наурыз баярыг өргөн тэмдэглэн өнгөрүүлдэг байна. 2010 оноос эхлэн Таджикистан, Азербайжан, Афганистан, Казахстан, Кыргызстан, Иран, Туркменмистан, Турк зэрэг орны төлөөлөгчдийн өргөн барьсан хvсэлтийн дагуу НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дэх хуралдаан дээр Наурызыг Олон улсын баяр болгон баталжээ. ЮНЕСКО /нэгдсэн үндэсний байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, урлагийн байгууллага/ өнгөрөгч оны есдүгээр сарын 30-нд Наурыз баярыг Дэлхийн халдашгүй соёлын өвд бүртгэсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Төөрсөн иргэдийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна

Увс, Завхан, Хөвсгөл, Баян-Өлгий, Говь-Алтай, Хэнтий, Баянхонгор, Ховд аймгийн нутгаар ихээхэн хэмжээний цас орсны улмаас иргэд төөрч алга болсон, осгож нас барсан тохиолдол гарсан байна.

Тухайлбал, Завхан аймгийн Баянхайрхан сумаас Нөмрөг сум орохоор портер загварын ачааны автомашинтай хоёр иргэн 2017.03.20-ны өдрийн 03:00 цагт гараад Нөмрөг сумаас 33 км-т “Агуйтын дөрөлж” гэдэг газар машин цасанд суусан тул иргэн Х /62 настай, эрэгтэй / татах машин олохоор сум руу яваад сураггүй болсон тухай дуудлага 2017.03.21-ний өдрийн 14:15 цагт ирснээр эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, сумын төвөөс 15 км-т “Сант толгойн-Ар” гэдэг газраас осгож нас барсан байдалтай байсныг олж цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Харин Говь-Алтай аймгийн Бигэр сумын Буудай багийн “Ямаан-Ус” гэдэг газар өвөлжиж байсан малчин Ц /57 настай, эмэгтэй/ малдаа яваад сураггүй болсон дуудлагаар /03 дугаар сарын 21-ний өдөр 14:00 цагт/ эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, 22-ны өглөөний 04:00 цагийн орчим эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Буурал багийн “Буга-Уул” гэдэг газар хаваржиж байгаа малчин С /34 настай, эмэгтэй/ 2017.03.21-ний өдрийн 21:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 22-ны 00:50 цагт гэрээс нь хойд зүгт 5 км-т Буурал багийн Цахир гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Одоогоор Увс аймгийн Улаангом сумын Баянхайрхан багийн “Хэрцийн-Овоо” гэдэг газраас иргэн О /33 настай, эрэгтэй/, Р /50 настай, эрэгтэй/ нар өчигдөр буюу 21-ний өдрийн 08:00 цагт мал тууж авчирахаар яваад сураггүй болсон, мөн аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Шар бүрдийн хөдөө” гэдэг газар иргэн Я-гийн 10-15 насны гурван хүүхэд 22:30 цагт малтайгаа шуурганд уруудаж төөрсөн, Өмнөговь сумын Холбоо багийн “Орломт толгой” гэдэг газар иргэн З /25 настай, эмэгтэй/ амаржих гэж байна гэсэн дуудлагаар 2017.03.21-ний өдрийн 14:40 цагт сумаас гарсан сум дундын эмнэлгийн их эмч Д, жолооч А нар трайл загварын суудлын автомашинтай яваад сураггүй болсон, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр багийн “Хаш” гэдэг газар оршин суугч иргэн С /50 настай, эрэгтэй/ 2017.03.21-ний өдрийн 19:00 цагийн үед Хаш багаас сумын төв орохоор мотоцикльтэй гарч яваад сураггүй болсон гэсэн дуудлагын дагуу тус тус эрэн хайх ажиллагаа явуулж байна.

Иймд:

-Хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах;

-Цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваа хаагдан, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гарч болзошгүй тул холбогдох мэргэжлийн байгууллагууд хүч хэрэгслийг тодотгон бэлтгэл, бэлэн байдлаа хангах;

-Шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах;

-Хүчтэй салхи шуурганы үеэр автозамын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, автомашин олноор замд саатах, автомашины шатахуун дуусах, эвдрэх, иргэд холбоогүй болох зэрэг тохиолдол гарч зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирдаг тул зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хязгаарлалт хийдэг тул Онцгой байдлын ерөнхий газрын 325726, 265726 дугаарын утсанд холбогдож мэдээлэл авахыг зөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ийн уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг болов

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд манай улс холбогдох тайлан илтгэлийг тодорхой хугацаанд боловсруулж конвенцийн талуудын бага хуралд хүргүүлэхээс гадна уг тайлан илтгэлүүдийг боловсруулах явцад гарсан үр дүн, зөвлөмжийг улс үндэсний болон салбарын хөгжлийн бодлогын бичиг баримтуудад тусгадаг.

Өмнө нь манай улс конвенцийн хэрэгжилтийн тухай анхдугаар болон хоёрдугаар тайлан илтгэлийг 2001 болон 2010 онд тус тус боловсруулан гаргасан.

Одоо конвенцийн хэрэгжилтийн гурав дахь тайлан илтгэл, нэмэлтээр хоёр жил тутмын хүлэмжийн хийн ялгаралт, шингээлтийн тайлан илтгэлийг боловсруулах ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчин, уур амьсгалын сангийн төсөл хэрэгжүүлэх нэгжээс зохицуулан гүйцэтгэж байна. Эдгээр Үндэсний тайлан илтгэлүүдийн эцсийн төслийг оролцогч талуудад танилцуулж, хэлэлцүүлэн шинээр гарах саналыг тусгаж сайжруулах зорилго бүхий үнэлгээний хэлэлцүүлгийг энэ сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт холбогдох яам, агентлаг, Нийслэлийн Засаг даргын тамгийн газар, судалгаа шинжилгээний хүрээлэн, их сургуулиуд, хувийн хэвшлийн нийт 70 гаруй төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлгийн явцад конвенцийн хэрэгжилтийн үндэсний тайлан илтгэлүүд нь Конвенцийн нарийн бичгийн дарга нарийн газарт өргөн барихад тавьдаг шаардлага, зааврыг хэр хангасан, тайлан илтгэлүүдэд орсон мэдээ, баримт хэр үнэн зөв, үндэслэлтэй байна, гаргасан зөвлөмж улс орны хөгжлийн бодлоготой хэр зэрэг уялдан нийцэж байгаа зэрэгт хариулт өгөх чиглэлээр санал солилцов.

Үндэсний илтгэлүүдийг зургадугаар болон арванхоёрдугаар сард сард НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн Талуудын бага хуралд өргөн барихаар төлөвлөөд байна.