Categories
мэдээ нийгэм

Их нарангийн оршуулгын газар дөнгөж төрсөн нярайг хаясан хэрэг гарчээ

Холбоотой Зураг

Сонгинохайрхан дүүргийн нутагт орших Их Нарангийн оршуулгын газар дөнгөж төрсөн нярайг орхиж явсан хэрэг гарчээ. Тус хэргийн дуудлагыг энэ сарын 17-нд Цагдаагийн байгууллагад өгсөн бөгөөд өлгийтэй охин тэднийг очиход амьд байжээ.

Хэргийн мөрөөр цагдаагийн алба хаагчид сэжигтэн этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, баривчилсан байна. Нярайн ээж нь Баянгол дүүргийн IV хороонд оршин суудаг 22 настай Д гэх бүсгүй юм байна. Уг хэрэгт Д-ийн төрсөн аав, ээжийг сэжиглэж байгаа бөгөөд аав 49 настай А, эхнэрийнхээ хамт 25 настай, Б гэх эрэгтэйн машиныг хөлөглөн Нарангийн энгэрт орхиод явсан байж болзошгүй нөхцөл тогтоогджээ. Тэднийг цагдан хорьж, хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна.

Эх сурвалжийн мэдээлснээр сэжигтнүүддээрх нярайг дутуу төрсөн, хүн болохгүй гэж үзээд ийм алхам хийсэн гэж цагдаад мэдүүлсэнгэнэ. Одоо хүүхдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд Эх нялхсын эрүүл мэндийн төвд эмчлүүлж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээвэр, авто зогсоолын салбарт шинэ шийдлийг нэвтрүүлэх ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Улаанбаатар хотын нийтийн тээвэр, авто зогсоолын салбарт сүүлийн үед дэвшилтэд техник,технологи болон менежментийн шиидлүүдийг нэвтрүүлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг эхний хурлаа хийлээ. Нидерландын “Вейсис” компанийн замын хөдөлгөөн болон авто зогсоолын зөвлөх, төслийн менежер Воутер Б.Дас авто зогсоолын бодлого, төлөвлөлтөөр танилцуулга хийлээ. Тус ажлын хэсгийн ахлагч, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү ажлын хэсгийн дараагийн хуралдаанд төлбөртэй зогсоолын журмыг эцэслэн боловсруулах, нийслэлийн харьяа газруудад “Вейсис” компанийн албаны төлөөллүүдийг авто зогсоолын талаар шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж ажиллахыг тус тус үүрэгдлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Чех рүү ажиллах хүсэлт гаргасан иргэдийн цагийг цуцалжээ

Чехийн Элчин сайдын яамны гадна өнөөдөр манай улсын иргэд тайван жагсаал хийлээ. Учир нь, тэд жил гаруй хөөцөлдсөний эцэст сар шинийн өмнө арай гэж цаг авчээ. Гэтэл энэ сарын 10-нд Чехийн Элчингээс иргэдийн цагийг тодорхой шалтгаангүйгээр цуцалсан тухай мэдээлэл цахим шуудангаар иржээ.

Чехийн элчин лхагва гариг бүр 14-16 цагийн хооронд иргэдийг хүлээн авч уулзах хуваарьтай аж. Тиймээс иргэд өнөөдөр учир явдлыг тодруулахаар тус яамны гадна жагсжээ.

Энэ асуудлаар иргэд өмнө нь Чех улсын ЭСЯ-наас тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөөгүй юм байна. Мөн өнгөрсөн долоо хоногт Гадаад харилцааны яаманд хандсан ч тусыг эс олжээ.

Энэ асуудлаар Чехийн ЭСЯ-ны зүгээс албан ёсны тайлбар хийгээгүй байна. Хэрэв үйлдвэрт ажиллахаар мэдээллээ өгсөн иргэд 1.6 жилийн дотор амжиж очихгүй бол цуцалдаг байна. Тиймээс цаг авахын тулд 650 евро төлсөн иргэд дахин цаг авахын тулд мөнгө төлөх шаардлага үүсээд байна.

Categories
мэдээ нийгэм

“Гурван сая хүн амтай улсын хувьд ослын тоо өндөр байна” гэв

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат НҮБ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай элч Жан Тодтыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэд Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлууд болон хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

Д.Ганбат сайд Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэхээр хийж буй ажлууд, бодлогын талаар товч танилцуулсан юм. Тухайлбал НҮБ-аас 2011-2020 оны “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас 146 дугаар тогтоол баталж “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах стратеги түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлан ажиллажээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль батлагдсанаар осол зөрчлийн үзүүлэлтийг өмнөх оныхтой харьцуулан үзвэл бүртгэгдсэн осол 7,3 хувь, гэмтсэн хүний тоо 19,4 хувь, нас барсан хүний тоо 20,6 хувь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийн илрүүлэлт 26,6 хувь, нийт зөрчлийн хэмжээ 20,2 хувь тус тус буурчээ. Судлаачдын үзэж байгаагаар хууль хэрэгжих явцад зам тээврийн осол огцом буурдаг зүй тогтолтой бөгөөд хууль, дүрэм, журмыг жигд шаардахгүй, боловсронгуй болгохгүй, үйл ажиллагааны уялдаа холбоог хангахгүй бол буцаж өсөх хандлагатай юм байна.

Тусгай элч Жан Тодт “Тоо баримтаас харахад осол зөрчил, нас баралтын үзүүлэлт өмнөх онуудын үзүүлэлтээс буурч байгаа хэдий ч гурван сая хүн амтай Монгол Улсын хувьд сэтгэл түгшээсэн өндөр тоо харагдаж байна. Тиймээс энэ асуудалд Засгийн газрын түвшинд томоохон зорилт дэвшүүлж, шат дараатай арга хэмжээ авах нь зүйтэй. Ялангуяа иргэд, зорчигчдод чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй. Боловсролын салбарт тусгай хөтөлбөр бий болгох зэрэг олон арга зам бий. Мөн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, норм стандартыг хангуулж, буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийн асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай” хэмээн өөрийн судалгаа, туршлагаасаа хуваалцлаа.

Мөн тэрээр НҮБ-ын замын хөдөлгөөний аюулгүй байдлын холбогдолтой суурь конвенциудад нэгдэн ороход НҮБ-ын зүгээс дэмжиж, хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ гэж ЗТХЯ-нээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хаягдал усыг эргүүлэн ашиглах хуультай болно

“Хаягдал ус-Нөөц баялаг” усны форум өнөөдөр МҮХАҮТ-д боллоо. Уг форумыг БОАЖЯ, МҮХАҮТ, Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл, WWF, JCI, МБОИЗ зэрэг байгууллагаас хамтран зохион байгуулав.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол форумыг нээн хэлэхдээ “1993 онд Юнескогийн чуулганаас жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийн “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласан. Монгол улсын хувьд усны нөөцийн хамгаалах, зүй зохистой ашиглахад төр хувийн хэвшлийн хамтын оролцоог нэмэгдүүлж, усны үнэ цэнэ, түүнийг арвилан хэмнэх ач холбогдлын талаар олон нийтэд сурталчилан таниулах хүрээнд өргөнөөр тэмдэглэсээр өнөөг хүрсэн. 2017 оны Дэлхийн усны өдрийн уриаг НҮБ-аас “Хаягдал ус” хэмээн зарласан бөгөөд бидний хувьд энэ өдрийг “Хаягдал ус-Нөөц баялаг” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Бидний өвөг дээдэс үеийн үед усыг “Чандмань эрдэнэ”-тэй зүйрлэж, түүний үнэ цэнийг юугаар ч солишгүй баялаг хэмээн тодорхойлж ирсэн түүхтэй. Тэгвэл “Чандмань эрдэнэ”-ийг хүмүүс бид “хаягдал ус” болгодог. Угтаа бол хаягдал ус нь өөрөө дахин ашиглагдах боломж бүхий нөөц баялаг юм. Энэ асуудлыг шийдвэрлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахаар энд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, илтгэгчид, үзэсгэлэнд оролцож байгаа нийт аж ахуйн нэгж байгууллагуудад хувийнхаа болон БОАЖЯ-ны зүгээс гүн талархал илэрхийлье. Дэлхий нийтийн чиг хандлага нь “Хаягдал ус”-ыг алдагдсан боломж гэж үзэн усны нөөцийн хомсдол гачигдлаас гарах арга зам гэж тодорхойлох болсон. Дэлхий дээр 5,5тэрбум шоометр бохир ус хаягддаг бол манай улс жилдээ 500-600 сая шоометр цэвэр ус ашиглаж, 470 сая шоометр бохир усыг гаргаж байна. Иймээс бид “Чандмань эрдэнэ” болсон усаа хайрлан хамгаалж, зүй зохистой хэрэглэх, хаягдал усаа дахин ашиглаж цэвэршүүлсэн ус гарган авч ашиглах шаардлагатай” хэмээлээ.

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, дулаарлаас шалтгаалан мөнх цас, мөсөн голын усны нөөц ихээхэн буурч байна. хотжилт, үйлдвэрлэл үйлчилгээний усны хэрэглээ эрс нэмэгдэж байгаагаас Улаанбаатар хот болон говийн бүсийн томоохон орнуудад усны нөөц дутагдах хандлагатай байна. Иймээс бид үерийн усаа хуримтлуулан, усны нөөцөө нэмэгдүүлж ирээдүйн усны хэрэгцээг гадаргын усаар хангах, шилжүүлэн ашиглах шаардлагатай байна. Усаа зүй зохистой ашиглах, хаягдал усаа дахин боловсруулах, стандартад нийцсэн цэвэрлэх байгууламжтай болох шаардлагатай байгаа билээ. Хэрвээ усыг зүй зохисгүй хэрэглэвэл 2021 он гэхэд усны нөөцийн хомсдолд орно гэж судлаачид дүгнэсэн хэмээн БОАЖЯ-ны ГЗБУГБЗГ-ын мэргэжилтэн Л.Эрдэнэбулган илтгэлдээ онцоллоо.

Улаанбаатар хотод ахуйн бохир усыг цэвэршүүлэх зургаан цэвэрлэх байгууламж, үйлдвэрийн бохир усыг цэвэршүүлэх нэг цэвэрлэх байгууламж үйл ажиллагаагаа явуулдаг. Төв цэвэрлэх байгууламж нь хоногт 190000-210000 метр куб бохир усыг хүлээн авч механик болон биологийн цэвэрлэгээг хийн, хэт яагаан туяагаар халдваргүйжүүлж Туул голд нийлүүлдэг аж. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд хүлээн авч байгаа бохир усны хэмжээ болон бохирдолт эрс нэмэгдэх, лаг бүрэн цэвэрлэх процессгүй гэх мэт асуудлууд тулгарч байгаа учраас шинэ цэвэрлэх байгууламж нэн даруй барих шаардлагатайг УСУГ-ын Инженерийн бодлогын хэлтсийн дарга Н.Одхүү илтгэлдээ дурьдсан.

Уг форумын үеэр хаягдал усыг дахин ашигладаг 18 орчим аж ахуйн нэгж байгууллагын “Усыг хэмнэлттэй ашиглах, хамгаалах –техник технологи” сэдэвт үзэсгэлэнг зохион байгуулсан бөгөөд форумд оролцсон хүмүүс үзэсгэлэнтэй танилцаж байлаа. Мөн дэлхийн усны өдрийг тохиолдуулан Байгаль орчин, усны нөөц баялгийг хамгаалах, нөхөн сэргээх, усны зүй зохистой ашиглалтыг бий болгосон “М-Си-Эс Кока Кола” ХХК, “Эн Эс Ти” ХХК, “Лора-Пиана Монголиа” ХХК, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, “Фучер холдинг” ХХК зэрэг таван аж ахуйн нэгжид БОАЖЯ-ны талархал гардууллаа.

Categories
мэдээ нийгэм

“Босоо хөх Монгол”-ын гишүүдэд тэнсэн харгалзах ял оноожээ

Босоо хөх Монгол зурган илэрцүүд

“Босоо хөх монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд болох Ц.Баяраа, Г.Батбаяр, Ц.Буяндүүрэн, Э.Төмөрбаатар нарыг өнгөрсөн оны тавдугаар сард БНХАУ-ын иргэн Ж-г айлган сүрдүүлж 30 сая төгрөг авсан хэмээн буруутгаж Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гурван жил нэг сарын хорих ял оноож, тус ялыг тэнсэн харгалзлаа.

Тэднийг Эрүүгийн хуулийн 149.3 дүгээр зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн, ШШГЕГ-ийн харьяа хорих 0461 дүгээр ангид цагдан хорьж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Газар хөдлөлтийн үед хоргодох байрыг 11-ээр нэмэгдүүлжээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас газар хөдлөлтийн үед аюулгүй байдлаа хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох олон нийтийн өдөрлөг Тусгаар тогтнолын талбайд өнөөдөр боллоо. Энэ үеэр “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж байгаа нийслэлийн Онцгой байдлын газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагад нийслэлийн Засаг даргын орлогч, Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга П.Баярхүү болон Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын төлөөллүүд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх багаж, техник тоног төхөөрөмжийг гардуулав.

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудлыг хариуцсан орлогч П.Баярхүү “Газар хөдлөлтийн үед иргэдийг хамгаалахад түр хоргодох байр нэн түрүүнд шаардлагатай байдаг. Тиймээс бид энэ талд анхаарч байна. Улаанбаатар хотын хэмжээнд 22 түр хоргодох байр байсныг 11-ээр нэмэгдүүлсэн. Газар хөдлөлтийн үед цуглах 40 цэгийг тодорхой болгосон. Энэ байрлалуудыг улам боловсронгуй болгохоор ажиллаж байна. Мэдээж газар хөдлөх ч юм уу гамшиг тохиолдсон үед иргэд мэдлэгтэй байх ёстой. Тэднийг сургах, дадлагажуулахад анхаарч Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагатай хамтраад “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж байна. Одоогоор 1000 гаруй иргэнийг сургалтад хамруулсан. Цаашид энэ сургалтад иргэдийг өргөн цар хүрээгээр хамруулах болно. Мөн уг төслийн хүрээнд өнөөдөр газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх багаж, техник, тоног төхөөрөмжийг төсөл хэрэгжиж байгаа холбогдох газарт хүлээлгэн өглөө” гэв.

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 55.4 хувь нь газар хөдлөлийн 7-8 баллын ангилалд, 9 ба түүнээс дээш баллын ангилалд 19.6 хувь нь хамрагдаж байна. Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн газар хөдлөлтийн судалгаагаар манай улсын нийт хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн 7 ба түүнээс дээш, 12 сум, суурин газар нь газар хөдлөлтийн 9 ба түүнээс дээш баллын газар хөдлөлийн чичирхийллийн бүс нутагт оршиж байгаа аж. Эдгээр хот сууринд нийт хүн амын 85 гаруй хувь нь амьдарч байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цас орж, шуурч байгаагаас хот хоорондын хөдөлгөөнийг зогсоов

Баруун зарим аймагт цас орж ,шуурсны улмаас зорчигч болон тээврийн хөдөлгөөнийг хянахад хүндрэл учирч эхэлсэн талаар Автотээврийн Үндэсний төвөөс мэдээллээ.

Иймд өнөөдөр хуваарийн дагуу Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудын чиглэлд ажил үйлчилгээнд гарах байсан долоон тээврийн хэрэгслийн 107 зорчигчийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлахаар болсон байна. Цаг агаар, байгалийн үзэгдлээс шалтгаалан Нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарласнаар ашиг олох зорилго бүхий хувиараа тээвэр эрхлэгчид өндөр үнээр зорчигч тээвэрлэх, иргэд баталгаагүй, бүрэн бус тээврийн хэрэгслээр орон нутгийг зорих эрсдэлтэй үйлчилгээ ихэсдэг тул онцын шаардлагагүй бол дээрх чиглэлүүдэд зорчихгүй байхыг албаныхан зөвлөлөө.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ахмад эрдэмтэн, багш Кылышийн Аксолтаныд зочиллоо

Казах зоны хаврын баяр, Наурызын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ахмад эрдэмтэн, багш Кылышийн Аксолтаныд зочиллоо.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийт казах түмэнд хандаж хэлэхдээ “Өнөөдөр Наурызын баяраа тэмдэглэж байгаа нийт иргэддээ, казах түмэндээ хаврын баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Баян-Өлгий аймаг болон Монгол нутгийн газар бүр амьдарч, ажиллаж байгаа казах иргэд маань өнөөдөр хамгийн сайхан баяраа тэмдэглэж байна.

Хаврын баяр гэдэг бол өдөр шөнө тэнцсэний баяр, хаврын баяр гэдэг бол үртэй бүхэн үржиж, үндэстэй бүхэн цэцэглэдэг ийм сайхан цаг ирж байгааг бэлгэддэг бэлгэдэлтэй сайхан баяр юм.

Дээрээс нь ахмадуудаа хүндэтгэж золгодог энэ сайхан уламжлал, ёс заншлаа залуучууд, үр хүүхэддээ уламжлуулдаг ийм сайхан баяр юм.

Манай казах түмэн бол их хөдөлмөрч, хичээнгүй хүмүүс. Ажиллаж байгаа газар бүхэндээ их амжилт гаргадаг, их бүтээл бий болгохыг эрмэлзэж сайхан ажилладаг улсууд юм.

Ингээд энэ сайхан ахмад буурлынхаас та бүхэнд дахин хаврын баярын мэндийг дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Өнөөдөр бас монгол хүн сансарт ниссэн баяр давхцаж байгаа. Нийт монгол түмэн маань өөрийнхөө төлөөлөл, өөрийнхөө иргэнийг сансарт нисгэж энэ сайхан хөх дэлхийгээ сансрын уудмаас анх удаа харсан ийм өдөр.

Ж.Гүррагчаа гуай хэлж байсан. Сансраас дэлхийгээ харахад хайрлахгүй байхын аргагүй тийм сайхан харагддаг юм гэж байсан.

Ийм учраас нийт монгол түмэндээ монгол хүн анх сансарт ниссэн нь технологийн дэвшил, найрамдал, эв хамтын ажиллагааны сайхан үр дүн байсан гэдгийг өнөөдөр дахин дурсаж хэлье гэж бодож байна.

Дахиад хаврын баяр, Наурызын баярын мэндийг энэ баярыг тэмдэглэж байгаа нийт иргэддээ, казах түмэндээ хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Та бүхэндээ хөдөлмөр, бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Сайхан баярлаарай” гэлээ.

Ахмад эрдэмтэн, багш К.Аксолтан гуай улсад 53 дахь жилдээ ажиллаж байгаа ажээ. Түүнээс 40 гаруй жилийг ШУА, МУИС-ийн Эдийн засгийн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, багшаар ажиллажээ. Сүүлийн 13 жилд нь “Монгол” дээд сургуульд ажиллаж байгаа юм байна. Өдгөө тэрээр 52 жил ханилсан гэргий Аятолхан, 4 хүүхэд, хоёр ач, дөрвөн зээгийн хамт өнөр өтгөн аж төрж байна.

Энэ үеэр залуу дуучин К.Тилекжан “Атам Казах”, “Монгол бүсгүйн үзэсгэлэн” дуугаар ая барьж, К.Аксолтан гуайн ач охин Е.Балсара өөрийн бичсэн “Аав” шүлгийг уншиж ирсэн зочдыг баясгалаа.





Categories
мэдээ соёл-урлаг

Монголын циркчин АНУ-д тоглолтоор яваад амиа алджээ

Монголын циркчин зурган илэрцүүд

Монголын циркчин энэ сарын 15-нд АНУ-д амиа алдсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ.Эх сурвалжийн мэдээллээр АНУ-д аялан тоглолтоор очсон “Циркиус Монголиа” компанийн циркчин охин бусдын гарт амиа алдсан гэх мэдээлэл байна.

Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Монгол циркчин АНУ-д амиа алдсан нь үнэн. Гэхдээ ар гэрийнхэн нь биднээс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байхыг хүссэн” гэлээ.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.