Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр 16:00 гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна

Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Пүрэв гараг буюу өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна. Дуут дохионы үеэр иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүний үнэ

Хүний амьдралын зорилго их энгийн. Ердөө л “хүний дайтай явж, айлын дайтай амьдарна” гэсэн бодол. Энэ хоёр хүсэл нийлэхээрээ эх орноо “улсын дайтай улс” байлгах нийтийн эрмэлзэлд нэгддэг. Эх орноо хүчирхэг байгаасай гэх нь хүн бүрийн хүсэл. Гэхдээ баян орны гуйлгачин байхыг хэн ч бодохгүй. Улс нь баян байвал өөрөө гуйлга гуйхгүй гэсэн жирийн логикоос эх оронч үзэл амилдаг. Зүгээр л баян айлын хүүхэд болж төрвөл өлсөх цангахын зовлонг амсахгүй гэдэг жирийн туршлагаас үүдэлтэй филисофи. Бидний эх орноо хайрлаад байгаа хайрын үндэс нь ердөө л хувь хүний өөрийнх нь үнэ цэнэ.

Зарим хүн гадаадын иргэн болоод ерийн байдлаар цагаачлаад явдаг. Үүний цаана өөрийн улсаа үзэн ядах, өөр нэг улсыг хараад хайр нь хүрээд байгаа нь үгүй. Зүгээр л өөртөө илүү чанартай амьдрал, үнэ цэнэ бий болгох сонголт хийж байгаа юм.

Эх орныхоо төлөө, эрх чөлөөний төлөө цэрэг эрс баатрууд амиа өргөдөг. Хүн төрөлхтөн ийм хүмүүсээрээ үргэлж л бахархаж ирсэн. Энэ нь эцсийн эцэст өөрийнхээ үнэ цэнийг, оршихуйг хамгаалж, түүндээ садаа болсон этгээд ба үйлдэлтэй тэмцэж байгаа хэрэг. Энэ эрх ашиг олон нийтийнхтэй давхцаж байвал бид түүнийг нийтийн төлөө, олон түмний төлөө үйл хэрэг гэж нэрлэдэг. Олон түмний төлөө үйл хэрэг үнэхээр хэрэгтэй. Гэхдээ түүнийг байлгая л гэвэл хүний хувийн үнэ цэнийг хамгаалах ёстой.

Өнөөдөр ардчиллынхан завшаад, өмч хөрөнгөтэй болоод өөрснөө юм авчихсан тохиолдол ч байна гэх шиг үг зөндөө гардаг. Үнэн хэрэгтээ хэсэг хүн өөрт нь хувийн улс төрийн эрх чөлөө байхгүй, хувийн өмч байхгүй учраас л эрх чөлөө нэхэж, хувийн өмчийг хүлээн зөвшөөрөхийг шаардаж, тэмцэж эхэлсэн. Үр дүнд нь нийтээрээ эрх чөлөөтэй, хувийн өмчтэй болсон. Яван явсаар мөнөөх л хүний дайтай явах, айлын дайтай амьдрах тэр л эрмэлзэл дээр энэ бүхэн тулж очно.

Харин бидний санаандаа хүртэл оршин тогтнох хэмжүүрийн нэгж болсон “хүний дай”, “айлын дай” маш тогтворгүй. Энэ хэмжүүр хүний хүрсэн түвшингээс нь үргэлж дээр (буюу доор) байдаг. Тэнгэрийн хаяа дөхөх тусам холдож байдаг шиг биднээс үргэлж зугтаана. Хүүхэд байхад энэ хэмжээс “дунд сургуулийн төгсөх анги” гэдэг босгон дээр харагдах жишээний. Тэнд хүрээдэхвэл ч учир ургаад ирэх аятай. Тэгснээ дээд боловсрол болж хувирна. Удалгүй гэр бүл, толгой хоргодох орон гэр, улмаар орон сууц, амины байшин болоод явчихна.

Энэ бол сайхан ч биш, муухай ч биш зүгээр л эрчим, бидний гэнд байгаа цагт байнга үйлчлэх хүч. Биеийг олж төрсөн орчлын үндсэн дүрэм. Харин энэ эрчим сайн ба муу байх нь хүнээс өөрөөс нь хамаатай. Яг дэлхийн татах хүч гэдэг шиг. Дэлхийн татах хүч биднийг газар унагаад болдоггүй боловч, сансрын уудамд алдагдахаас сэргийлж байдаг лугаа адил.

Энэ хүчийг янз бүрээр нэрлэн тайлбарладаг. Амьдралын зорилго, хүсэл мөрөөдөл, урагшлах эрчим гэдгээс авахуулаад хүсэл шунал гэж хүртэл нэрлэдэг. Энэ хүчийг амьдралыг утга учиртай зорилготой байлгаж, хүнийг өөд татаж, үндэстэн улсыг хөгжилд хөтлөгч гэж магтдаг. Бас атаа жөтөө, шуналын дөрөө, зовлонгийн шалтгаан ч гэж тайлдаг.

Үнэхээр ч энэ хүч бол жаргалын түлхүүр, зовлонгийн үүд хоёулаа мөн. Юу болгох нь хүнээс өөрөөс нь шалтгаална. Яг л хутга шиг. Түүгээр мэс засал хийн мухар олгойг тайран хүний амь авардаг бас зүрх рүү нь дүрэн хөнөөж болдогтой эгээ адил.

Сайхнаар хэлэхэд хүсэл мөрөөдөл, чиг зорилго гэж нэрлэдэг тэр зүйлийг нэг талаас нь харахад биднийг жолоодон чирж явдаг. Нөгөө өнцгөөс нь харахад бид тэднийхээ араас чирэгдэн зүүгдэх боловч ерөнхий чигийг нь сонирхлоороо дамжуулан жолоодох боломжтой. Буддистууд чухам үүнд л аз жаргалын утга учир байна гэж номлоно. Чухам чамайг гал ус руу ч хамаагүй чирж орчих гээд байгаа энэ “хүсэл” гээч ардаг эмнэг хүлгийг хэн өөрийнхээ гарт оруулна, тэр цэнгэлийн манлайд хүрнэ гэж “Бодь мөрийн зэрэг” захиж байна. Өөрөөр хэлбэл “зөвхөн хүссэнээ хүсдэг” болох нь гэгээрлийн үндэс бололтой.

Хүнийг жаргал зовлонгийн аль руу чирж болдог энэ хүчийг хэр зөв жолоодохоос хамааран үр дүн нь аз жаргал ба зовлон гэсэн эсрэг тэсрэг байдлаар гардаг. Мөрөөдөл чинь чамд гай зовлон авчирч байвал түүнийг шунал, атаа жөтөө болно. Харин амжилт үр дүн, өсөлт хөгжилд хүргэж байвал түүнийг зорилго, тэмүүлэл гэхээс өөрөөр нэрлэх аргагүй.

Нөгөө талаас нь харахаар хүн насан туршдаа өөртөө үнэ цэнэ бий болгож, тэр хэрээрээ эргэн тойрондоо хүлээн зөвшөөрөгдөх гэж зүтгэнэ. Үүндээ хүрэхийн тулд үргэлж хувьсаж цаашилж байдаг хэмжүүр бий болгосон. Хүний дайтай явж, айлын дайтай амьдрах явдал нь үндсэндээ хүн өөртөө үнэ цэнэ бий болгох процесс юм. Амьдрал тэр байтугай үхэл хүртэл үнэ цэнэтэй. Үхэхдээ үхэр буугаа тавих, сайн явсан нь үхэхэд мэдэгдэнэ, нохойн үхлээр үхэх гэхчлэнгийн ойлголтууд үүнийг хэлээд өгнө.

Хүний үнэ цэнэ ихэнх тохиолдолд хэрэглээ талаасаа бусдад харагддаг. Юу идэж ууж, юу өмсөж зүүв, аль зиндаанд амьдрав гэдэг талаасаа. Ёс суртахуун номлогчид зуун зууны туршид өнгөний сайханд хууртахгүй байхыг номлоод номлоод тийм л хэвээрээ байгаа.

Улс орон ахиж дэвшинэ гэдэг нь үнэн хэрэгтээ мөнөөх нийгмийн гишүүн бүрийнх нь өмнө байдаг “хүний дай”, “айлын дай”-ны хэмжих нэгж ахиад л, чанаржаад байна гэсэн үг. Бизнес үйлчилгээ ч гэсэн хүний ерийн нэг хэрэгцээнээс ахиад илүү чанарлаг, өөрийнхээ үнэ цэнийг тодорхойлох тал руу нь их хандах болж…

Социалист үзэл суртал нь хувь хүний энэ үнэт зүйлсийг үгүйсгэдэг байсан. Харин хүний үнэ цэнийг хүлээн зөвшөөрч, өөрөө өөрийгээ дэвжүүлж, хүний дайтай байх боломжоо олоод 20-иод жил өнгөрлөө. Харин өөртөө хэр зэрэг үнэ цэн шингээж байгаа нь бидний өөрсдийн хэрэг.

2011 оны тавдугаар сарын 11

Categories
мэдээ нийгэм

Б.Цэнддоогийн “Туг, салхи хоёр” нийтлэлийг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар уншигч таны гарт очлоо. Энэ дугаарын тэргүүн нүүрт УИХ-ын дарга М.Энхболд “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал барих зардлаас 26 сая ам.доллар хэмнэсэн” гэж ярьжээ.

“МҮОНТ-ээр яривал хууль зөрчдөггүй, бусад хэвлэл мэдээллээр ярьж бичвэл нууц задруулсан болно гэдэг нь чөлөөт хэвлэлийг дорд үзсэн хэрэг” хэмээн мөн тэргүүн нүүрт өгүүлжээ. С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор төрийн нууцыг хуульд заасан хүрээнд ил болгохыг Ерөнхийлөгч зөвшөөрсөн. Нууц тойрсон асуудлын тухай “Өдрийн сонин”-оос уншаарай.

ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Хорт хавдрыг эмчилдэг эм гарч байгаа юм байна хэмээн мэдээллээ. Тэрбээр АНУ-д ажиллаад ирэхдээ ямар сайн мэдээ дуулгасныг “Өдрийн сонин”-оос хүлээн авна уу.

“Улс төр” нүүрт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Наурызын баярыг тохиолдуулан ахмад эрдэмтэн, багш Кылышийн Аксолтаныд зочилсон тухай мэдээлжээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Баян-Өлгий аймагт Наурызаар зочлохоор төлөвлөсөн ч цаг агаарын нөхцөл байдлаас болоод очиж чадалгүй Ховд аймагт ажилласан байна.

“Баримт, үзэл бодол” нүүрт нийтлэлч Б.Цэнддоо “Туг, салхи хоёр”-ын тухай өгүүлжээ. “Учрыг нь олж гэгээрүүлэх гэсэн үндэсний сэхээтнүүд ба туг барьсан болгоныг ээлжлэн дагаж хуйлрах олон түмэн заримдаа миний хээр халтар унагыг санагдуулдаг” хэмээн тэрбээр өгүүлжээ.

“Багш” нүүрт МУБИС-ийн багш доктор, профессор Ш.Гүндалай уригджээ. Тэрбээр Ш.Гаадамба, Ц.Дамдинсүрэн зэрэг нэрт соён гэгээрүүлэгчдийн шавь гэнэ.

ОБЕГ-ын дэд дарга Г.Ариунбуян Улаанбаатарын ойролцоо газар хөдлөлт мэдрэгдвэл 30 секундын дотор иргэдэд мэдэгдэнэ гэж ярьжээ. Газар хөдлөлтийн үед яаралтай хийх арван алхмыг энэ нүүрээс уншаарай.

Чехийн ЭСЯ-ны Консулын хэлтсийнхэн визний цагийг нь цуцалсан монгол иргэдийг хүлээн авч уулзсан байна.

“Түүхийн жимээр” буланд түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар “Дэлхийн газрын зургаас арчигдсан монголчууд түүхээ бичээд босоод ирсэн” хэмээн ярьжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд С.Баяр монгол иргэддээ тайлбар хийнэ

Элчин сайд С.Баяр зурган илэрцүүд

Монгол Улсаас Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр өнөөдөр тус улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудтай уулзахаар болжээ. Эл уулзалтыг 19.00 цагт Элчин сайдын яамандаа товлосон байна.

Энэ үеэр монгол иргэдтэй ахуй амьдрал, ажил сургуультай холбоотой асуудлаар ярилцах аж. Мөн хэсэг монгол иргэд оффшортой холбоотой асуудлаар Элчин сайдын яамны гадаа эсэргүүцэл илэрхийлэн жагссан. Энэ асуудалд ч тайлбар хийх юм байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ерөнхий сайд асан С.Баяр Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон билээ.

Categories
мэдээ нийгэм

Ханш нээх өдрөөр хилийн боомтууд амарна

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд 2017 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр БНХАУ-ын “Ханш нээх өдөр” тохиож буйтай холбоотойгоор ажиллахгүй.

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд эх барьж авсан Б.Солонгыг “Хүндэт тэмдэг”-ээр шагнажээ

Өчигдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн танхимд хөл хүнд эмэгтэй нярайлж түүнийг нарийн бичгийн дарга Б.Солонго эх барьж авсан үйл явдал нийгмийн цахим сүлжээгээр шуурхай тарж хүмүүс түүнийг хүүхэд гаргаж үзээгүй байж хүүхдийг эх барьж авсан гэхээр ихэд гайхахын зэрэгцээ бахархсан билээ.

Тэгвэл Хан-Уул дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нарийн бичгийн дарга Б.Солонгыг тус дүүргийн Засаг даргын тамгын газраас “Хүндэт тэмдэг”-ээр шагнасан байна.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид 24-нд тангараг өргөнө

Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч сонгон шалгаруулалт өндөрлөж Токиогийн олимпод оролцох тамирчдын бүрэлдэхүүнийг саяхан албан ёсоор зарласан билээ.

Байнгын шигшээ багт спортын 18 төрөлд 160 орчим тамирчин дасгалжуулагч багтсан. Байнгын бус шигшээ багт чөлөөт бөх, жудо, бокс, байт харваа, хүндийн өргөлт, таеквондо, пара жудо, пара хөнгөн атлетик, пара буудлагын гэсэн спортын 9 төрөлд 140 орчим тамирчин сонгогдоод байгаа.

Байнгын болон байнгын бус шигшээ багт сонгогдсон тамирчин, дасгалжуулагч нар ирэх баасан гаригт буюу энэ сарын 24-нд тангараг өргөнө. Тангараг өргөх ёслолд БСШУСЯ, БТСГ, МҮОХ болон МПХ-ны удирдлагууд оролцох бөгөөд тангараг өргөх ёслол спортын төв ордны А зааланд 11.30 минутад эхлэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын ЕНБД-ын тусгай элчтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан тусгай элч, Олон улсын Автомобилийн холбооны ерөнхийлөгч Жан Тодыг хүлээн авч уулзав.

Ноён Жан Тод Монгол Улсад айлчилж буй энэ хугацаандаа Зам, тээврийн хөгжлийн яам, Замын цагдаагийн алба зэрэг газруудад ажиллажээ.

Тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлууд болон хамтын ажиллагааны чиглэлээр дээрх байгууллагуудын удирдлагатай ярилцаж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцсон байна. НҮБ-аас 2011-2020 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жилүүд” болгон зарлажээ. Монгол Улс НҮБ-ын замын хөдөлгөөний аюулгүй байдлын холбогдолтой суурь конвенциудад нэгдэн ороход НҮБ-ын зүгээс дэмжиж, хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн талаараа ноён Жан Тод Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ хэллээ.



Categories
мэдээ нийгэм

Элэгний хавдрын эсрэг шинэ эмчилгээг Монголд нэвтрүүлэхээр ярилцлаа

ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын эхээр АНУ-д айлчилж, сайн мэдээтэй иржээ. Төрийн нарийн бичгийн дарга ярихдаа “Монгол Улс элэгний хорт хавдрын нас баралтаараа дэлхийд дээгүүрт бичигдэх болсны гол шалтгаан нь элэгний В, С, Д вирусийн тархалт өндөр байгаатай холбоотой юм. Манай улсын эрдэмтдийн “Journal of Viral Hepatitis” сэтгүүлд өнгөрсөн хоёрдугаар сард хэвлүүлсэн олон улсын судалгааны ажлын үр дүнгээр 400 мянга гаруй иргэн маань элэгний В, С, Д вирусийн архаг халдвартай тухай дурдсан шүү дээ. Манай улсад насанд хүрсэн, элэгний В вирусийн халдвартай 200 мянга гаруй хүн байгаа тухай мэдээлэл байна. Харин эрүүл мэндийн салбарын нийт 48 мянган эмч, мэргэжилтнүүдийн 5000 нь элэгний С вирусын архаг халдвартай гэсэн тоо баримт байдаг юм. Эмч, мэргэжилтнүүдийнхээ дунд элэгний С вирусын голомтыг бүрэн устгах нь халдварын тархалтыг зогсооход тун чухал ач холбогдолтой.

АНУ-д айлчлах үеэрээ элэгний С вирусийн эсрэг өндөр үр дүнтэй эмийг үйлдвэрлэсэн “Gilead Sciences” компанийн удирдлагуудтай уулзаж, эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн дундах элэгний С вирусийн голомтыг устгахад зарцуулагдах 5000 хүн тун эм буюу 15 мянган хайрцаг эмийг хандиваар авах асуудлыг нааштайгаар шийдэж чадлаа. Мөн Чикаго хот дахь “Аббвие” компанийнхантай хийсэн уулзалтын үед энэ талаар нааштай хариу сонссон. Өөрөөр хэлбэл, тэд “Уг асуудлыг шийдэх бүрэн боломжтой” гэдгээ бидэнд хэлсэн. Энд нэг зүйлийг дуулгахад, АНУ-д уулзсан хүн бүр Монгол Улсын төр засаг, жирийн иргэд нь элэгний өвчлөлтэй эрчимтэй тэмцэж байгааг сайшааж, бүх талаар дэмжихээ илэрхийлж байсныг дуулгахад таатай байна.

Монгол эрдэмтэд маань дэлхийд алдартай Стэнфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтарч элэгний В вирусын халдвартай хүмүүсийн 60 хувь нь элэгний В, Д вирусийн давхар халдвартай байгааг тогтоосон. Энэхүү хамтарсан судалгаанаас гадна АНУ-ын Хүнс, эмийн агентлагийн удирдлага дор Монгол Улсад элэгний В, Д вирусийн клиникийн судалгаа хийх дөрөв дэх төвийг нээхээр ажиллаж байна.

Стэнфордын их сургуулийн дэргэдэх Анагаахын их сургуулийн профессор, дэлхийн томоохон эрдэмтдийн нэг Жефри С Гленний хувьд, элэгний В, Д вирусын эсрэг шинэ эмчилгээг нээн илрүүлж “Айгер Био фармацевтикал” компанийг хамт ажилладаг эрдэмтэдтэйгээ байгуулсан. Тус компани өнгөрсөн оны дөрөвдүгээр сард олон улсын зах зээлд хувьцаагаа арилждаг нээлттэй хувьцаат компани болсон юм билээ. Нэрт эрдэмтэн Жефри С Гленний шинээр нээсэн элэгний хорт хавдрын эсрэг эмчилгээ маш амжилттай явагдаж байгаагаас гадна Турк улсын Анкарагийн их сургуульд нэн шинэ эмчилгээгээр элэгний хорт хавдартай хүмүүсийг эмчилж буй нь гайхалтай үр дүнг үзүүлж байна. Тийм учраас бид энэхүү эмчилгээг Монголд нэн даруй нэвтрүүлэх талаар түүнтэй ярилцсан. Нэрт эрдэмтэн маань ирэх сард манай улсад хүрэлцэн ирж элэгний хорт хавдрын эсрэг хийж байгаа шинэ эмчилгээнийхээ хүрээнд Монголын талтай хэрхэн хамтран ажиллахаа ярилцана. Мөн УИХ, Засгийн газрын түвшинд тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллах талаар ярилцахаар тохиролцсон гэж мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гемодиалезийн тусламж үйлчилгээ хүлээгдэлгүй боллоо

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар хооронд “Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан гемодиализ эмчилгээг санхүүжүүлэх гэрээ”, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага хоорондын гемодиализ эмчилгээ худалдан авах гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ боллоо.

Энэ үеэр Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д. Очирбат “Бөөр орлуулах эмчилгээний нэг төрөл болох гемодиализ эмчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд учирч байгаа санхүүгийн хүндрэлийг арилгах зорилгоор үе шаттай хийгдэж байгаа ажлуудын нэг бол Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар гемодиализийн тусламж, үйлчилгээг гүйцэтгүүлж, эмчилгээний чанар, үр дүнд хяналт тавьж, худалдан авах чиглэлээр хамтран ажиллахаар энэхүү гэрээг байгуулж байна” гэж онцоллоо.

Хүн амын нягтрал ихтэй Улаанбаатар хотод гемодиализ эмчилгээний хүлээгдэл ихтэйгээс шалтгаалан иргэд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад өндөр төлбөр төлж, эмчилгээнд хамрагдан санхүүгийн хүндрэлд орж байсныг арилгах зорилгоор Засгийн газраас 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэн, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар тус эмчилгээг гүйцэтгүүлэхийг дэмжсэн шийдвэр гарсанаар гемодиализ эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх чадавхи бүхий шаардлага хангасан хувийн хэвшлийн долоон эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулж, 140 гаруй үйлчлүүлэгч үнэ төлбөргүй эмчилгээнд хамрагдан, нийслэлийн хэмжээнд хүлээгдэлгүй боллоо.

2016, 2017 онд 16 аймаг, Нийслэлийн 6 дүүрэгт гемодиализийн 46 аппарат шинээр суурилуулж, хүний нөөц санхүүжилтийг шийдвэрлэн иргэд оршин суугаа нутагтаа тус эмчилгээг хүлээгдэл чирэгдэлгүй авах боломжийг бүрдүүллээ. Энэхүү үйл ажиллагаанд АйВиКо компани, орон нутгийн засаг захиргаа, эрүүл мэндийн газрын санаачлага үнэтэй хувь нэмэр оруулсныг дурдах нь зүйтэй юм.

Одоогоор 16 аймаг, Улаанбаатар хотын хэмжээнд 35 эрүүл мэндийн байгууллагын 161 аппаратаар нийт 571 иргэнд гемодиализийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Цаашид эрүүл мэндийн яамнаас бөөрний эмгэгийг эрт илрүүлж, оношлох, эмчилгээнд эрт хамруулах, хянах үйл ажиллагааны эрх зүйн баримтыг шинэчлэн боловсруулж, эмч мэргэжилтнүүдийг сургахад анхааран ажиллах болно.

Ингэснээр бөөрний дутагдалд хүрэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, ард иргэдийн мэдлэг зан үйлийг сайжруулж, оношилгоо, эмчилгээ, хяналтыг сайжруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Энэхүү үйл ажиллагаанд боловсрол, эрүүл мэндийн бүх түвшний, төр хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоо чухал байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.