Categories
мэдээ улс-төр

Ж.Эрдэнэбат: Ярьж суух цаг, алдах эрх бидэнд байхгүй

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат баруун аймгуудад ажиллаж, Ховд аймгийн иргэдтэй өчигдөр уулзлаа. Засгийн газрын хэрэгжүүлж буй мөрийн хөтөлбөр, хийж байгаа ажил болон эдийн засгийн хүндэрлийг даван туулахаар шат дараатай авч байгаа арга хэмжээнийхээ талаар мэдээлэл өглөө. Тэрээр:

Төлийн дуу цангинасан хаврын сайхан цагаар нүүр тулан уулзаж байгаадаа баяртай байна.

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод 8 сар, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлснээс хойш 7 сар өнгөрч байна. Энэ хугацаанд аймаг орон нутагтаа ажиллаж ард иргэдийнхээ санаа бодлыг сонсож, саналыг нь харгалзан аливаа асуудал, хүсэлт бүрийг шийдвэрлэхийг зорьж ажилласаар ирсэн. Бид өнгөрсөн хугацаанд эх орныхоо өнцөг булан бүрт хүрч улсынхаа эдийн засгийн үүссэн нөхцөл байдлыг засч хүндрэлээ хэрхэн давах вэ, ард иргэдийнхээ амжиргааг яаж дээшлүүлэх вэ, Монгол улсад юу хэрэгтэй байна вэ гэсэн бодлогын бичиг баримтуудыг боловсруулж батлуулж авсан.

БИДЭНД АЛДАА
ГАРГАХ ЭРХ БАЙХГҮЙ

Өнөөдрийн Монголын эдийн засгийн байдал хүндхэн байгаа ч бид ирээдүйдээ итгэлтэй, зоримог ажиллаж байна. Улстөрийн нам сонгуульд оролцохдоо тодорхой амлалтуудыг өгдөг.Амлалт авсан л бол түүнийгээ хэрэгжүүлэх ёстой. Зовлон зүдгүүр тоочиж шалтаг шалтгаан ярьж суугаад байх нь зохимжгүй. МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг бүрэн эхээр нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулсан. Түүнийгээ хэрэгжүүлнэ. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд нэгдүгээрт эдийн засгийн хүндрэлээ даван туулах онцгой бодлогыг хэрэгжүүлж байна. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, эдийн засгаа сайжруулахгүйгээр иргэдээ ажилтай орлоготой болгоно гэж яриад ямар ч нэмэр байхгүй. Ажлаа авсан үеийн статистик бодит тоо 2 маш зөрүүтөй байсан. 120 мянган аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн бол үнэндээ 60 мянга нь л ажиллаж байсан. 4000 гаруй аж ахуй нэгжийн дансыг хаасан байсныг нээж 400 гаруй аж ахуй нэгж нийгмийн даатгалын шимтгэл, татварын өртөй байсны дансыг мөн нээж ажиллах боломжтой болгосон. Концесс нэрийн дор олон ажил үйлчилгээ явуулж байна. Заримыг нь зогсоосон, зогсоохоос аргагүй, Засгийн газрыг өрөнд оруулсан маш их өр төлбөр тавьсан байсан. Цаашдаа ийм байдлаар явах ямар ч боломжгүй. Бидэнд алдаа гаргах эрх байхгүй. Гэсэн ч тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр 504 тэрбум төгрөгөөр төсөв давж гарч байгаа валютын нөөц сүүлийн 4 жилд огт өсөлтгүй байсан бол өнгөрсөн жил анх удаа өсөлттөй гарсан.

ХАЛАМЖЛАХ ЁСТОЙ ХҮМҮҮСЭЭ Л
ХАЛАМЖИЛНА

Ахмадуудад насны хишиг олгож эхэлсэн, цаашдаа улирал сар болгонөгөх бодолтой байна. Мөн тэтгэврээ хүүгүйгээр 3 сараар нь урьдчилж авах, үйлчлүүлэх банкаа өөрсдөө сонгодог болсон зэрэг нийгмийн халамжийн бодлогыг хэрэгжүүлж байна.

Монголчууд бид өргөн уудам газар нутагт амьдардаг азтай хүмүүс. Гэхдээ цөөхүүлээ. Цаашид хөгжиж амьдрахын тулд олуулаа болох ёстой. Тиймээс хүн амынхаа тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Цалинтай ээж хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барьсан. Оюутан залуучуудад хандсан бодлого шийдвэрийн хувьд сургалтын төлбөрөө оюутны зээлээр төлдөг болсон.

ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ НЭГ
ГАРЦ БОЛ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ХӨГЖҮҮЛЭХ ЯВДАЛ

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байж эдийн засаг сэргэнэ. Өнгөрсөн 7 сарын хугацаанд олон ажил хийж нааштай үр дүнгүүд гарч эхэлсэн. Эдийн засаг маань машинаар зүйрлэвэл бензиний шар гэрэл нь асаад удчихсан байсныг нь унтрааж, сэхээнд байснаа жирийн тасаг руу шилжиж чадсан. Хонгилын үзүүрт ямар ч байсан гэрэл гарсан. Бүдэг гэрлийг тодруулахын тулд монголчууд бид хамтарч ажиллах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж эхэлсэн. Монгол Улс өнөөдөр хугацаа тулсан өргүй болсон. Гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэх болсон Олон улсын хөрөнгийн зах зээл дээр бонд гаргаж арилжаалсан. Удахгүй Чалькогийн өрийг төлнө. Тавантолгойн нүүрсийг дуудлага худалдаагаар худалдаалж түүхэндээ байгаагүйгээр нүүрсээ үнэ хүргэж зарж эхэлсэн. Монгол Улс төр, хувийн хэвшил гэлтгүй нүүрсний бодлогоо нэг цонхоор явах ёстой гэдэг шаардлага тавьсан. Одоо бид нүүрсээ уурхайн аман дээрээс 72,5 ам.доллараар худалдаалж байгаа. Гадаадын хөрөнгө оруулагч нарын дэмжлэг туслалцааг итгэлийг олж авах ёстой. Үүний тулд төр өөрөө сахилга баттай бүсээ чангалах ёстой. Яагаад гэвэл энэ буруу бодлогыг төр өөрөө явуулснаас болж өнөөдөр ийм байдал хүрээд байна. Үүнээс цааш төр зардлаа хэмнэж сахилга баттай байж бүсээ чангалж эдийн засгаа сэргээнэ. Тийм учраас ОУВС-тай хамтарч ажиллах шийдвэр гаргасан. Ингэснээр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж ирдэг. Санхүүгийн сахилга баттай болно. Монголчууд бид хамгийн сайн хийж чаддаг зүйлээ ашиглах хэрэгтэй. Малаа маллах ногоо тарихаа хэнээр ч заалгахгүй хөдөө аж ахуйн салбараа түшиглэх ёстой гэлээ.

Ерөнхий сайдын Мэдээллийн дараа Ховд аймгийн иргэд Ерөнхий сайдаас сонирхсон асуултандаа хариулт авч санал хүсэлтээ илэрхийллээ гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Олон улсын балетийн тэмцээнд 11 настай Б.Анхзул хүрэл медаль хүртлээ

Олон улсын балетын уралдаан болох “The World Ballet Trial” (Tokyo stage-2)” тэмцээний 10-13 насны ангилалд “Монголын Үндэсний Балет” сургуулийн сурагч 11 настай Б.Анхзул оролцож Хүрэл медалийн эзэн болжээ. Тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд Токио хотноо зохион байгуулагджээ.

Тэрээр насныхаа ангилалд Сингапур, Япон, Шанхай, БНСУ зэрэг улсын нийт 36 оролцогчидтой өрсөлдөн ийнхүү эхний гуравт шалгарсан байна. Балетчин охины дасгалжуулагчаар Н.Энхтуяа болон Япон улсад зөвлөх багшаар Б.Батболд ажиллажээ.

Б.Анхзул өнгөрсөн жилийн 11 дүгээр сард анх удаа зохиогдсон “Монголын Үндэсний балет” улсын уралдааны 9-11 насны (junior) ангилалд тэргүүн байр эзэлснээр “The World Ballet Trial” олон улсын балетын уралдаанд оролцох эрхийн эзнээр шалгарчээ.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймгийн чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа

Архангай аймгийн нийт нутгаар энэ сарын 22-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 19.00 цагаас эхлэн хот хоорондын болон орон нутгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ.

Иймд дээрх чиглэлд иргэд, олон нийтийг зорчихгүй байхыг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

С.Баяр: Би эдгээр жагсч байгаа хүмүүсийг эрхээ эдэлж байна гэж харж байна

Хэдхэн хоногийн өмнө Их Британид Элчин сайдаар очсон С.Баярыг эсэргүүцэж Г.Ичинхорлоо нарын таван хүн Лондон дахь Монголын Элчин Сайдын яамны үүдэнд тайван жагсаал хийсэн билээ. Тэд “Бидэнд бохир Элчин сайд хэрэггүй”, “С.Баяр та өөрийн оффшор дансаа илчил”, “авлигад идэгдсэн Монголын төр” зэрэг бичигтэй самбаруудыг Элчин сайдын яамны гадаа нь өлгөн эсэргүүцлээ илэрхийлж байсан юм. Өчигдөр Элчин сайд С.Баяр тэдгээр хүмүүстэй уулзахаар цаг гаргасан ч тэд ирээгүй гэнэ.

С.Баяр хэлэхдээ: “Гадаа болж байгаа тайван жагсаал цуглааныг мэднэ. Элчин сайдын хувьд эдгээр жагсч байгаа хүмүүсийг эрхээ эдэлж байна гэж харж байна. Бид чинь ардчилсан улс шүү дээ. Хардах эрх бол бий. Гүтгэх эрх бол байхгүй. Тэр АНУ-ын долоон байшин гэдэг бол шинэ зүйл биш. 10 жил үргэлжилж байгаа асуудал. Хоёр жилийн өмнө гарсан плакатууд фотошоп юм даа. Миний толгойг, миний хүүхдүүдийн толгойг монтажлаад хийсэн юм. Тухайн үед УИХ-ын гишүүн байсан Г.Уянга хэвлэлийн хурал хийж үүнийг зарлаж байсан” хэмээв.

Элчин сайд С.Баярын монголчуудтай хийсэн уулзалтад жагсагчид оролцоогүй учраас талархлын үгээр дүүрэн, тайван дотно уур амьсгалд болж өнгөрөв. Их Британид суугаа монголчууд “Таныг дэмжиж байгаа. Тэр жагсаад байгаа Г.Ичинхорлоо гэж Сарандаваа шиг хүн байна лээ”, “С.Баяр танд баярлалаа” гэхчлэн үгсийг уулзалтын үеэр хэлж байжээ.

О.ӨНӨР

Categories
гадаад мэдээ

Лондонд халдлага болж дөрвөн хүн нас барж, 40 гаруй хүн шархадлаа

Их Британийн парламентын ордны өмнө өчигдөр нэгэн этгээд машинтайгаа хашлагыг давах гэж оролдож дараа нь гал нээсний улмаас дөрвөн хүн амиа алдаж, нэг цагдаа нас барлаа. Эх сурвалжийн мэдээлснээр гал нээсэн этгээд Исламын улсын харьяат, тус бүлэглэлийн баруун дахь гишүүдийн нэг байсан гэнэ.

Темза мөрний гүүрэн дээр олон хүн цугласан үед гэмт этгээд автомашинтайгаа хүмүүс рүү дайрч, улмаар бууж өгөхийг шаардсан нэг цагдаагийн алба хаагчийг хутгалан хөнөөсөн байна. “CNN” агентлагийн мэдээлснээр халдлагын үеэр 40 гаруй хүн гэмтэж, бэржээ.

Их Британийн нийслэл Лондон хотод 2005 онд яг ийм халдлага болж тэсрэх бөмбөгнөөс болж 52 хүн нас барж байсан юм.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчдийг зарлана

Өнөөдөр нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчдийг зарлах аж. АН-ын дотоод сонгуулийн үйл ажиллагаа явагдсаар байгаа энэ үед Нийслэлийн АН-ын даргад ИТХ-ын дарга асан Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нар өрсөлдөхөөр бүртгүүлсэн юм.

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нэр дэвшигчдийг албан ёсоор зарлах ажиллагаа Улаанбаатар чуулгын байранд өнөөдөр 16.00 цагт болох ажээ.

Categories
мэдээ цаг-үе

Практик буудлагын спорт хүнийг сэтгэлзүйн хувьд хүчирхэг, энэрэнгүй болгодог

Дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг 2017” тэмцээнийн үеэр

Монголын практик буудлагын холбооны төв клубийн сургалтын талбайгаас сурвалжлага бэлтгэлээ. Монгол Улсад галт зэвсгээр спорт, сургалтын үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй хоёр холбоо байдгийн нэг нь Монголын практик буудлагын холбоо нөгөөх нь Монголын буудлага спортын холбоо юм байна. Галт зэвсэгтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг гэхээр мэдээж аюулгүй байдал, дэг журам талаасаа маш өндөр хараа хяналттай байх нь тодорхой.

Монголчуудын хувьд галт зэвсэгтэй эрт үеэс харьцаж ирсэн ард түмэн. Амьдрал ахуйдаа, дайн байлдааны үед галт зэвсэг, тэсрэх бодис зэрэгтэй харьцаж ирсэн түүхтэй. Зарим түүхэн сурвалжуудыг сөхөхөд монгол айл өрх цахиур буунаас эхлүүлээд 1-3 ширхэг буутай байдаг байж. Хотыг нь эргээд байдаг хээрийн амьтныг үргээхээс эхлүүлээд цэрэгт мордох хүүдээ зэвсгийг нь зэхдэг байсан байна. Харин энэ уламжлал нийгмийн өөрчлөлт, улс төрийн янз бүрийн байдал, гадна дотны элдэв ил далд бодлогоор олон жил тасарч, нэгэн үе энгийн иргэдийн гар дээр буу гэдэг хэрэгсэл огт байхгүй болж байжээ. Үүнээс улбаалаад монголчуудын дунд буу гэдэг зүйлийг аймшгийн эд, ер нь болдоггүй зэвсэг гэдэг айдас зүрхэнд нь гүн хадаж “Хоосон буу хорин жилд нэг дуугардаг” гэдэг хэлц ч хүртэл гарсан. Гэртээ ганц буутай, тэрийгээ хадгалдаг айл байлаа гэхэд тийшээ ойртох нь бүү хэл зүглэж зүрхэлдэггүй. Үнэндээ монголчууд бид галт зэвсэг гэдэг зүйлтэй иймэрхүү л байдлаар холоос дөлж харьцсаар олон арван жилийг ардаа үдчихээд байна. Ямар учраас, хаанахын бодлогоор монголчууд зүгээр л нэг галт зэвсэг гэдэг техникээс зүрхээ амаараа гартал айдаг болчихсон нь өрөвдөлтэй.Гэтэл дэлхий нийтээрээ галт зэвсгийг хүлээн зөвшөөрч, түүнийг өдөр тутмын хэрэглээ, эзэмших ёстой ур чадварын нэг хэмээн үзээд удаж байна.

Олон улсын практик буудлагын холбоо 1976 онд Олон улсын буудлагын спортын хуралдаанаар албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөнөөр анх байгуулагдсан бөгөөд одоогоор дэлхийн 100 гаруй улс эгнээнд нь нэгдээд байгаа юм байна. Төв нь Канадын Онтарио хотод байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг аж.

Монголын практик буудлагын холбоо 2010 онд байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулаад долоон жил болжээ. Ерөнхийлөгчөөр нь Д.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн даргаар нь М.Баярсайхан нар ажилладаг юм байна. Практик буудлага нь галт зэвсэг ашиглан богино хугацаанд өгөгдсөн дасгалыг түргэн гүйцэтгэх буудлагын спортын нэг төрөл. Тийм ч учраас практик буудлагын спортын уриа нь “Хурд, хүч, цэц”. Өөрөөр хэлбэл практик буудлагын спорт нь хурд, хүч, цэц гэсэн гурван хүчин зүйлийг тэнцвэртэйгээр ашиглахыг сургадаг аж.

Практик буудлагын спортын үндсэн зорилгуудын нэг нь галт зэвсэгтэй аюулгүй, зөв харьцах ур чадварыг түгээхэд оршино. Энэ спортоор хичээллэснээр санамсар болгоомжгүй үйлдлээс сум алдаж амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлж сурна. Түүнчлэн эл спорт нь хагас зууны турш дэлхийн олон оронд хөгжихдөө санамсаргүй алдаа эндэгдлийн нэг ч тохиолдол гаргаагүй нь дэг журам, аюулгүй байдалд хамгийн сайн сургадаг хатуу чанд спортын төрөл гэдгээ тодорхой илтгэдэг гэдгийг Д.Наранбаатар ерөнхийлөгч хэлсэн юм.

Тус холбооны Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга хоёр холбооныхоо тухай товч танилцуулсны дараа практик буудлагын төрөл, галт зэвсгийн ангилал, практик буудлагын үед буудагч хэрхэн биеэ бэлдэх, ямар хэрэгсэл өмсч зүүх, ямар дүрмийг чанд биелүүлэх зэргийг нэгд нэгэнгүй тайлбарлалаа. Буудагч галт зэвсэгтэй харьцахын өмнө дараах дөрвөн зүйлийг маш сайн ойлгож мөрдөх ёстой юм байна. Нэгдүгээрт, галт зэвсгийг ямагт, ямар ч үед цэнэгтэй байгаа хэмээн бодож харьцана. Хоёрдугаарт, буудахыг хүсээгүй зүгт буюу байнаас өөр зүгт буугаа хэзээ ч чиглүүлэхгүй. Гуравдугаарт, байны наадах цаадах болоод эргэн тойрныг маш сайн шалгах. Дөрөвдүгээрт, буудахаас бусад тохиолдолд гох дээр хуруу хүргэхгүй. Энэ дөрвөн зарчмыг баримталж чадвал дээр дурдсан “Хоосон буу хорин жилд нэг дуугардаг” гэдэг зүйл огт гарахгүй, тийм боломж үгүй гэдгийг тэд онцолсон юм.

Зүв зүгээр байсан буу гэнэт л нэг өдөр өөрөө дуугарна гэдэг шинжлэх ухаан болоод эрүүл ухаанаар бодоход байж боломгүй зүйл. Энэ бол өнөө л монголчуудын маань бусдад буруугаа тохдог буруу хандлага, сэтгэлзүйтэй холбоотой аж. Хөдөө гадаа, анд явж байгаад буу алдсанаас болоод хүн бэртэж гэмтэх, бүр амиа алдах явдал их байдаг. Ийм хэрэг гараагүй аймаг, сум, нутаг гэж бараг байдаггүй. Ер нь буу алдана гэж юу байдаг вэ гэж Д.Наранбаатар ерөнхийлөгчөөс тодруулбал “Дээр хэлсэн дөрвөн үндсэн зарчмыг биелүүлээгүйгээс л үүдэлтэй.

Буудахыг хүсээгүй зүгт буугаа чиглүүлээд үүрэх буюу тээвэрлэдэг. Хоёрдугаарт, цэнэгтэй мэт бодож харьцаагүйгээс болсон байдаг. Ямар ч тохиолдолд гохонд гар хүрч байж гал алддаг. Энэ зарчмуудыг мөрдөөгүйгээс л буу алдсанаас үүдэлтэй элдэв зүйл болдог” гэлээ. Зэвсэг үйлдвэрлэгчид галт зэвсэг үйлдвэрлэчихээд түүнийгээ 1.5 метрийн өндрөөс янз бүрийн байрлалаас мянган удаа унагаж үзнэ. Ингэж унагахад гал алдахгүй байвал техникийн хувьд тэнцлээ гэж үздэг юм байна. Тэгтэл манайхан ярихдаа “Буу алдаад”, “Буу гэнэт өөрөө буудчихлаа” гэж ярьдаг. Анчдын хувьд ийм зүйл ярьж буу алдаад машиныхаа дээврийг цоолчихлоо гэх нь олонтаа. МПБХ-нд бүртгэлтэй 150 гаруй гишүүн байдгаас идэвхитэй 50 гаруй тамирчин байдаг юм байна. Монголын практик буудлагын холбоо 2012 оноос эхэлж олон улсын тэмцээнийг жил бүр зохиож ирсэн ч сүүлийн хоёр жил тасалдахад хүрээд байгаа аж. Энэ нь спорт буудлагын үйл ажиллагаа явуулдаг холбоодын хувьд сум импортлоход хүндрэл учирдаг. Холбогдох хууль, дүрэм нь бүрэн дүүрэн хэрэгждэггүй болохоор 14 хоногийн дотор л бэлэн болчих зөвшөөрөл бичиг баримт нь сунжирсаар хоёр жилийн нүүр үздэгтэй холбоотой.

Манайхан сумыг спорт, ан, байлдааных гэж ангилаад байдаг. Гэтэл хүчин чадлын хувьд бүгд адилхан л сум. Д.Наранбаатар ерөнхийлөгч энэ мэтээр практик буудлагын талаар болон монголчуудад нийтлэг байдаг галт зэвсгийн талаарх ташаа ойлголтын тухай тайлбарлалаа.

Спорт галт зэвсэг гаргаж ирээд танилцуулаад надад өглөө. Улаан өнгийн оруулгатай, томхон бууг гартаа барьж үзвэл нэлээд хүнд. Нэг кг жинтэй гэнэ. Тэгтэл Д.Наранбаатар ерөнхийлөгч “Энэ бол спортын галт зэвсэг. Та сая мөрдөх ёстой дөрвөн дүрмээс хэдийг нь зөрчсөнөө хэлэхгүй юу” гэлээ. Гэтэл би гар бууг авангуутаа гохон дээр нь хуруугаа хүргээд бууны амыг холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга руу нь чиглүүлчихсэн байлаа. Дайзыг нь авчихсан хоосон байсан учраас дотроо сумгүй л гэж бодсоноо хэлбэл “Галт зэвсгийг ямагт цэнэгтэй байгаа хэмээн бодох ёстой” гэдгийг санууллаа. Хүүхдүүд багаасаа л тоглоомон гар буугаар тоглохдоо гохон дээр нь хуруугаа хүргээстэй байдаг. Яг л тэр зуршлаар жинхэнэ гар бууны гохон дээр хуруугаа хүргэчихсэн нь практик буудлагын спортын хамгийн том зарчмын нэгийг зөрччихсөн хэрэг боллоо.

Ан хийдэг, анд хорхойтой гэгддэг хүмүүс Практик буудлагын холбоонд элсээд үйл ажиллагаанд нь оролцоод сургалтад нь хамрагдаж галт зэвсэгтэй холбоотой зөв дадалтай, тодорхой хэмжээний мэдлэгтэй болоод ирэхээрээ анд явах сонирхолгүй болчихдог гэнэ. Практик буудлагын спортоор хичээллэхэд мэдээж галт зэвсэгтэй харьцдаг болохоор маш өндөр хариуцлага шаардахын зэрэгцээ гүйж харайх зэргээр биеийн хурдтай хөдөлгөөн давхар хийдэг учир сэтгэлзүйн хувьд өөрийгөө таньж эхэлнэ. Галт зэвсэгтэй харьцаж, олон сум гаргасны дараа хүн гэдэг амьтан ямар өндөр ур чадвар, хурдтай болохоо мэдэрч эхэлдэг гэнэ. Ингэж энэ спортоор хичээллэснээр хүн өөрийгөө, өөрийнхөө дотоод ертөнцийг шинээр нээдэг юм байна. Үүнийг эдний холбооныхон сэтгэлзүйн хувьд гэгээрч байна гэж үздэг аж. Өнөө анд яваад амьтны амь таслаад байсан хүн өөрийнхөө дотоод сэтгэлийг таньж, өөрийгөө өөрөөр мэдэрч эхэлнэ. Учир нь ангаас илүү таашаал, хурд, хүч, цэцийн гайхамшгийг энэ спорт өгдөг аж.

Улс орнуудын хувьд төрийн бодлогоороо иргэдийнхээ хэдэн хувийг галт зэвсэгтэй байлгах вэ гэдэг нь харилцан адилгүй. Харин манай улсын хувьд иргэдийн төдөн хувь нь галт зэвсэгтэй байна гэсэн баримт бичиг байдаггүй. Монголд нийтдээ 50-иад мянган галт зэвсэг эзэмшигч байдаг гэхээр энэ нь нийт хүн амын 1.6 хувь гэсэн үг. Өөрөөр хэлбэл Монгол Улсын 100 хүн тутмын 1-2 хүн нь л галт зэвсэгтэй байна гэж үзэж болно. Гэтэл АНУ-ын нийт хүн амын 89 хувь буюу бараг 90 хувь нь галт зэвсэг эзэмшдэг. Харин энэ хувь Швейцарь, Финландад 30-50 байх жишээтэй. Израйль, Швейцарийн хувьд энэ тал дээр их онцлогтой. Ялангуяа Израйлийн хувьд эрэгтэй, эмэгтэй гэлтгүй цэргийн алба хаадаг. Иргэн-цэрэг гэх статус байдаг учир энэ хувь өндөр. Монгол Улсын хувьд 13 дугаар зууны үед иргэн-цэрэг гэсэн ойлголт ч байсан болохоор энэ нь шинэ зүйл биш. Энэ талаар Монголын практик буудлагын холбооны тэргүүнээс тодруулбал иймэрхүү зүйлийг манай холбооны үйл ажиллагаатай ерөөсөө холбож ойлгож болохгүй. Энэ бол спорт. Спорт гэдэг талаас нь хүлээн авах нь зүйтэй гэдгийг хэлээд “Ямар ч спорт хүнийг хөгжүүлж, бие, сэтгэхүйн талаас эрүүл саруул байхад чиглэгддэг. Практик буудлагын холбоо ч энэ үүргийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэтэл энэ талаас нь харахгүйгээр эсрэгээр нь ойлгох гээд байдаг тал байдаг учир аль болох спорт талаас нь хүлээн авах хэрэгтэй” гэсэн юм. Ингээд сургалтын талбай руу нь очлоо. Эднийх сургалтдаа гар буу, карбин, урт буу буюу хүмүүсийн нэрлэж заншсанаар дробинк (shot­gun) ашигладаг юм байна. Холбооны гишүүдийн дунд эмэгтэйчүүд бий гэнэ. Насны хувьд ч янз бүр. Энэ спортын талаар дэлгэрэнгүй мэдээллийг холбооных нь www.ipsc.mn вэб хуудсаас үзэж болно. Эдний холбоонд элсч байгаа хүмүүс шууд л спортын галт зэвсгийг аваад байгаа буудаад буудаад явчих юм шиг сэтгэгдэлтэй орж ирдэг гэнэ. Гэтэл үнэндээ тэднийг харахаар хөдөөний мотоцикль унадаг малчин эсхүл хотод дулааны улиралд мотоцикль унадаг хүн орж ирээд “Би “Дакар ралли”-д уралдъя. Намайг тэр тэмцээнд оруулаад өг” гэж байгаатай адил сонсогддог гэнэ. Анд явдаг, өмнө нь галт зэвсэгтэй хичнээн ч жил харьцсан бай ямар ч хүн орж ирээд цагаан толгойн “А” үсэгнээс эхэлж байгаа мэт бууг хоёр гараараа хэрхэн барьж, яаж зогсох, биеэ ямар байрлалд байлгах, яаж харах зэргийг нэг бүрчлэн сурах ёстой юм байна. Тэр дагуу надад спорт гар буу бариулаад зогсолт зэргийг сайн зааварлаад бай руу буугаа яаж чиглүүлж, гохоо хэзээ хэрхэн яаж дарахыг олон дахин давтууллаа. Нэг хөдөлгөөнийг гурван мянгаас дээш удаа давтаж байж сая зуршил болгодог юм байна. Зориулалтын чихэвч, нүдний шил, саравчтай малгай, хувцас хэрэглэл зэргийг өмсөх ёстой. Бууны гохонд гал нээх үед л хуруугаа хүргэх ёстой. Бусад үед хэзээ ч, яасан ч гохон тус газар хуруугаа хүргэж болохгүй. Үүнийг холбооны тэргүүн дахин дахин сануулж байлаа. Практик буудлагаар хичээллэсэн хүн галт зэвсэг хэмээх хүчирхэг техникийг эзэмшсэнээр өөртөө итгэлтэй болж сэтгэлзүйн хувьд өндөр түвшинд очдог бөгөөд тэр хэрээр эргэн тойрныхоо хүн, амьтад, байгалийг хайрлах, энэрэх сэтгэлтэй болж, өөрөөсөө сул дорой нэгнийг өрөвдөж хайрладаг энэрэнгүй сэтгэлтэн болдог юм байна.

Манайд энэ спорт сүүлийн үед сайн хөгжиж байгаа ч гаднаас сум оруулж ирэх асуудал тун хүнд байгаа юм байна. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа тэргүүтэй манай шилдэг буудагчдын хувьд сумны хомсдолтой байдаг. Тэд долоо хоногт 60-80 ширхэг сумаар бэлтгэл хийдэг бол гадны буудагчид долоо хоногт 1500-7000 сум бууддаг. МПБХ болон МБСХ-ны 400 гаруй тамирчны жилд бууддаг сум гадны орны нэг тамирчны жилийн хэрэгцээтэй тэнцэж байна. Ийм учраас сум импортлох тал дээр төр засгийн зүгээс анхаарал хандуулах хэрэгтэй байгааг Практик холбооныхон хүссэн юм. Эдний холбооны тамирчид одоогоор тив, дэлхийн томоохон тэмцээнд цэцээ сориогүй ч бүс нутгийн зарим тэмцээнд өрсөлддөг юм байна.

Гадны орнуудын хувь галт зэвсэг эзэмшихийг тусгай соёл хэмээн үздэг. Машин бол техник. Галт зэвсэг ч техник. Машиныг тусгай сургалт, дамжаанд сууж жолоочийн үнэмлэх авснаар жолоодох эрхтэй болдог бол галт зэвсгийг ч тийм маягаар мэдэж судалж эзэмшвэл хэрэгтэй юм байна гэсэн бодол төрсөн юм.


Categories
мэдээ цаг-үе

Хувиараа таксинд явдаг жолооч ба гэмт хэргийн үүр уурхай

Таксины жолоочид эд зүйлсээ дээрэмдүүлсэн онц ноцтой хэргүүд ар араасаа цувран гарах болжээ. Тэр тусмаа хувийн машинаар таксинд явдаг жолооч нар эмэгтэйчүүдийг дээрэмдэх, зодох зэрэг хүний санаанд оромгүй үйлдэл гаргах болсон байна. Эрүүгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах газар, дүүргүүдийн цагдаагийн хэлтэстэй хамтран “Такси” гүйцэтгэх ажиллагаа хийсэн байна.

“ХОС ТАКСИ” БУЮУ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ДЭЭРЭМДЭХ АРГА

Нийслэлийн шуурхай удирдлагын төвд Г.Батсүмбэр гэх иргэнээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дуудлага ирсэн гэнэ. Тэрбээр “Такси бариад гэр рүүгээ явж байтал гэнэт өөр машин урдуур орж зогсоод мөнгө, эд зүйлс дээрэмдчихлээ” гэсэн байна. Ингээд Сонгинохайрхан дүүргийн цагдаа нар дуудлагын дагуу очиж хэргийг шалгаж эхэлжээ. Таксины жолооч болон хохирогч нар “Машинтай явж байтал гэнэт цагаан өнгийн автомашин урдуур дарж орж ирээд зогсоосон. Машинаас баг өмссөн гурван залуу гарч ирээд зодож эхэлсэн. Биднийг зодож байгаад цүнх, гар утас, тухайн өдрийн орлого мөнгийг аваад явсан. Айж сандраад машины улсын дугаарыг нь харж чадаагүй” хэмээн мэдүүлжээ. Хохирогч Г.Батсүмбэр түрүүвчтэй мөнгө, гар утас, алтан бөгж зэргээ дээрэмдүүлсэн байна. Цагдаа нар хэргийг шалгасан боловч дээрэмчдийн талаар тодорхой мэдээлэл олдоогүй байжээ. Гэтэл үүний дараа нийслэлийн хэмжээнд таксины жолооч болон зорчигчдыг дээрэмддэг хэрэг ар араасаа цувран гарчээ. Энэ хэрэг гарахаас өмнө ч дээрхтэй ижил үйлдлээр дээрэмдүүлсэн хэд хэдэн иргэн гомдол гаргаж байсан аж. Гэхдээ дээрх хэрэг хотын төвөөс зайдуу, хяналтын камер байхгүй, гэр хорооллын гудамжинд гарсан байжээ. Мөн таксины жолоочийг дээрэмчид зодсон гэх боловч ямар нэгэн гэмтэл огт учруулаагүй байсан аж. Харин таксигаар үйлчлүүлж байгаа зорчигчийг хүнд гэмтэл учруулан зодож, зүүж явсан гинж, гартаа зүүсэн бөгж, халаасанд нь байсан мөнгийг хүртэл авсан байна. Эндээс цагдаа нарт хэргийн зангилаа тайлагдаж эхэлсэн байна. Таксины жолооч нар хос таксигаар явж дээрэм хийдэг болохыг тогтоожээ. Таксины жолооч хотын төвөөс зайдуу газраас хүн авдаг. Жолооч үйлчлүүлэгчийн байр байдлыг харж байгаад нөгөө машиндаа мэдэгддэг. Ингээд аль боломжтой газрыг хүлээж байгаад гэмт хэргээ үйлддэг байна. Таксины жолооч нарыг бусадтай бүлэглэн гэмт хэргээ үйлдэж байгааг цагдаа нар гүйцэтгэх ажиллагаа хийж барьж авсан аж.

“НОХОЙТОЙ ТАКСИ”

Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлсэн“Такси” арга хэмжээний үеэр таксины жолооч нарын өөр хууль бус үйлдлүүдийг илрүүлжээ. Баянгол дүүргийн Их Наран руу хүргүүлсэн үйлчлүүлэгч эмэгтэйг таксины жолооч айлган сүрдүүлсэн хэрэг гарсан байна. Хорооллын автобусны эцсийн буудлаас “Өргөө” кино театраар хойш явж гэрийнхээ ойролцоо хүргүүлжээ. Ажлаасаа гэртээ хүргүүлэхдээ 3500 төгрөг гардаг аж. Тэгсэн таксины жолооч “10 мянган төгрөг гарсан байна. Шөнө өндөр тарифаар явж байгаа” гэжээ. Үүнээс болж тэд хоорондоо муудалцсан гэнэ. Зорчигч эмэгтэй 3500 төгрөг өгчихөөд буух гэсэн аж. Гэтэл жолооч машиныхаа багаажийг онгойлгосон байна. Гэтэл багаажнаас нохой үсрэн бууж ирж, зорчигч эмэгтэй рүү дайрч эхэлжээ. Нохойд хазуулахгүйн тулд арга буюу нэхсэн 10 мянган төгрөгийг нь өгсөн аж. Таксины жолооч машинаасаа бууж нохойгоо багаажны савандаа хийгээд хөдөлсөн гэнэ. Энэ мэт сургуулилттай нохой машиндаа авч явдаг таксины арав гаруй жолооч баригджээ. Тэднийг бусдыг айлган сүрдүүлсэн гэх үндэслэлээр шалгасан байна. Гэвч үйлчилгээнд авсан мөнгө нь 10-20 мянган төгрөгийн хооронд байсан учир эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж чадаагүй байна. Нохойтой жолооч нар цагдаа нарт “Шөнө орой явахаар хүмүүс мөнгөө өгөхгүй тохиолдол их гардаг. Мөн биднийг зодох, дээрэлхэх тохиолдол байнга гарч байна. Тиймээс гөлөг байхаас нь нохойтойгоо явж байгаа. Гомдол гаргасан хүн мөнгөө дутуу өгөөд байсан. Мөн хэл амаар доромжилж айлган сүрдүүлсэн. Тиймээс нохойгоо гаргаж ирсэн” хэмээн мэдүүлэг өгсөн байна.

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙНХЭЭ АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН ХЭРГҮҮД

Таксины жолооч нар үйлчлүүлэгчээ зодож дээрэмдсэн хэрэг байнга гардаг. Мөн эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн, амь насыг нь хохироосон хэрэг ч цөөнгүй. Баянгол дүүргийн VII хороо “Тэнгис” кинотеатрын орчмоос такси барин үйлчлүүлсэн иргэн Б нь таксины жолоочид зодуулж, дээрэмдүүлсэн хэрэг өнгөрсөн сард гарсан юм. Таксины жолооч 23 настай эрэгтэй Ө нь согтуу байсан бөгөөд иргэн Б-г зодож гар цүнх түрийвч, гар утсыг нь дээрэмдэн авсан байна. Хэргийг тус дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа. Түүнчлэн таксины жолооч үйлчлүүлэгч эмэгтэйг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Даландавхар буюу оршуулгын газарт аваачин хүчиндэхийг завдаж, эсэргүүцэл үзүүлснийх нь төлөө зодож амь насыг нь хөнөөсөн ноцтой хэрэг хоёр жилийн өмнө гарч байсан. Талийгаач эмэгтэйн цогцсыг цагдаа нар Даландавхарынойролцоох жалганаас олсон байдаг.Үүнээс гадна Сонгинохайрхан дүүрэгт таксины жолооч үйлчлүүлэгч эмэгтэйгээ зэрэмдэглэж хутгалсан хэрэг 2015 онд гарсан. Төлбөр мөнгөний асуудлаас болж эмэгтэйн цээж, гаранд нь хутгалсан байдаг. Мөн ганцаараа такси барьсан эмэгтэйг хотоос зайдуу аваачиж мөнгийг нь дээрэмдсэн хэрэг ч хэд хэдэн удаа гарсан. Таксины жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үйлчлүүлэгчийг зодож, хоолойг нь боож ухаан алдуулаад эд зүйлсийг нь дээрэмдсэн хэрэг өдөр бүр гарч байгаа гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын албаны эх сурвалж мэдэгдэж байна лээ.

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙГ ЗАЛИЛСАН НЕОН ГЭРЭЛ

Хувиараа таксинд явдаг жолооч нарын олонх нь машиндаа неон гэрэл суулгасан байдаг аж. Учир нь уг гэрлийн тусламжтайгаар жолооч нар зорчигчдоос илүү мөнгө авах боломжтой байдаг гэнэ. Неон гэрэлд аливаа юм сайн анзаарахгүй бол өнгө нь хувирч харагдах нь элбэг. Тиймээс ийм гэрэлтэй машинаар үйлчлүүлэгчид дунд хэдэн төгрөг өгч байгаагаа анзаарч сайн хардаггүй хүн цөөнгүй байдаг аж. Үүнийг таксины жолооч нар овжин ашигладаг гэнэ. Үүнээс гадна үйлчлүүлэгч жолоочид бүхэл мөнгө өгдөг байна. Жолооч мөнгийг нь солиод “Та мянган төгрөг өгсөн байна шүү дээ” гэдэг аж. Үйлчлүүлэгч тухайн үедээ өнгө нь сайн тодорч харагдахгүй байсан ч сандарч, мянган төгрөг буцааж аваад өөр бүхэл мөнгө өгчихдөг байна. Мөн гэрээсээ мөнгө авч гарч ирэх гээд барьцаанд нь эд зүйлсээ үлдээгээд явдаг. Таксины жолооч түүнийг нь аваад явчихсан тохиолдол их гардаг аж. Тухайлбал, өнгөрсөн цагаан сарын өмнөхөн нэгэн иргэноёдолчноос шинэ дээлээ авчихаал такси бариад гэртээ харьсан байгаа юм. Тэгсэн мөнгө нь дутаад гэртээ орох болж, дээлээ үлдээчихээд ороод гараад ирэхийнх нь хооронд таксины жолооч яваад өгсөн байж. Тэгсэн цагаан сар болж, өнөөх эр нэгэн хамаатныдаа очиж золготол нөгөө таксины жолооч дээлийг нь өмсчихсөн хэнэг ч үгүй сууж таарсан гэнэ. Энэ мэт хувиараа таксинд явдаг жолооч нар гэмт хэргийн үүр уурхай болж байгааг албаны эх сурвалж онцолж, сонор сэрэмжтэй байхыг, аль болох албан ёсны эрхтэй такси компаниар үйлчлүүлж байхыг уриалж байна.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюундарь: Надад сайд болох амбиц байгаагүй

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Оюундарьтай ярилцлаа.


-Та Олон улсын манлайлагч хөтөлбөрт хамрагдаж байгаа гэсэн үү. Ингэхэд манлайлагчид юун тухай ярилцдаг вэ?

-Их Британийн Засгийн газрын “Олон улсын манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа. Орон орны салбартаа тэргүүлэгч хүмүүсийг цуглуулж, олон улсын түвшинд ирээдүйд тулгарах бэрхшээлүүдийг хамтын ойлголцлын аргаар хэрхэн шийдэх арга замыг ярилцдаг зөвлөгөөний байгууллага. 2013 оноос Их Британийн Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн юм билээ.

-Ирээдүйд тулгарах бэрхшээлийг хамтын ойлголцлын аргаар шийднэ гэхээр сонирхолтой юм аа?

-Дэлхий нийтийн үнэт зүйл өөрчлөгдөж байна шүү дээ. Бид даяарчлагдсан дэлхийд амьдарч байна. Нэг улс зөвхөн өөрийнхөө хүчээр хөгжинө гэж үгүй. Бүгд нэг нэгнээсээ хамааралтай болсон. Энэхүү харилцан хамааралтай болсон дэлхийд гол рольтой улс орнууд ямар шийдвэр гаргахаас шалтгаалж, дэлхий нийтийн эдийн засаг, худалдаа, улстөр, хөгжлийн бодлого өөрчлөгдөхөд хүрч байна. Жишээлбэл, бид саяхан л ардчилсан хувьсгал хийчихлээ, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлнэ гээд явж байтал өнөөдөр барууны эдийн засгийн онол бас өөрчлөгдөөд эхэллээ. Д.Трамп гарч ирээд Хятадтай хийх худалдаа эдийн засгийн харилцаагаа эрс хязгаарлана, Америкаа агуу болгоно гэж зарлахад “Тэгвэл Америкгүй дэлхийд бид хэрхэн ажиллах вэ” гэдэг асуулт аргагүй гарч ирж байна. Нэг ийм шийдвэрээс шалтгаалж бүс нутгийн эдийн засаг, худалдаа, ядуурал, ажлын байр гэх мэт маш олон асуудалд шинэ шийдэл нэхэгдэнэ гэх мэтээр ярилцсан. Европ гэхэд л Их Британийн Засгийн газар өөрсдөө ч сонгуулийн дүнд бэлэн байгаагүй үед ард түмэн нь Европын холбооноос гарна гэсэн шийдвэр гаргачихсан. Одоо түүнийгээ яаж хэрэгжүүлэх вэ гээд бөөн бодлого болж байна. Бидний жишиг болгож ирсэн улсууд өнөөдөр агуу гүрэн байхаа больж байгаа үед бид тэдэнтэй яаж харьцах вэ, шинээр дараагийн агуу гүрэн хэзээ төрөн гарах вэ зэрэг олон асуудлаар хамтарч ярилцсан. Энэ яриа зөвлөгөөн цаашид ч тасралтгүй үргэлжлэх байх.

-Сүүлийн гурван зуун жил хоёр том хөрш маань Монголоос шалтгаалахгүйгээр шийдвэр гаргаж ирлээ. Харин даяаршил Монголд боломж олгох уу, ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

-Танилтай бол талын чинээ гэдэг бол олон улсын тавцанд маш зөв бодлого. Хувь хүн ч танилтай бол олон асуудлыг шийдэж чаддаг шүү дээ. Бид зөвхөн хоёр хөрштэйгээ л харьцаад байх юм бол дэлхий ертөнцөд танигдаагүй хаагдмал орон болчихно.Иймд олон улсын хүрээнд аль болох танилын хүрээгээ өргөжүүлэх ёстой. Тэгж байж Монгол Улс өөрийгөө хүлээн зөвшөөрүүлнэ. Өнөөдрийн байгаа нөхцөл байдал, зуун жилийн өмнөхөөс нэг их ялгаагүй дээ. Угаасаа л Монгол Улс хоёр хөрш, бусад орнуудад өөрийгөө яаж хүлээн зөвшөөрүүлэх вэ гэсэн асуултанд хариулах гэж байнга л хичээж ирсэн. Гэхдээ хоёр хөршийн хувьд хоёулаа авах сонирхолтой, гээх сонирхолгүй учраас бидний оршин тогтнох нэг том баталгаа тэр байж ирсэн. Тийм учраас дэлхийн тавцанд аль болох олон танилтай л байх учиртай. Энэ тал дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн хугацаанд гайгүй ажилласан гэж боддог. Бусад асуудлаар алдсан оносон байхыг үгүйсгэхгүй.

-Гурван улсын Ерөнхийлөгч уулзаж байгаа нь хэлбэрийн хувьд Монголыг тоож байгаа юм шиг харагдана л даа. Үнэхээр агуулгын хувьд биднийг тоох шалтгаан байгаа болов уу?

-Ерөөсөө тоохгүй байсан бол хэлбэрдэх ч шаардлага байхгүй шүү дээ.

-Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн үед Хятадаас өөр манайд мөнгө өгөх улс орон олдохгүй боллоо гэдэг нь олон хүнд болгоомжлол төрүүлж байх шиг?

-Бид дэлхийн бүх орнууд тэмүүлж байгаа хоёр том зах зээлийн хажууд байгаа шүү дээ. Тархи толгойд байгаа үзэл суртлаасаа ангижраад зүгээр л дэлхийн хамгийн том зах зээл гэж хармаар байгаа юм. Гэтэл тэр том зах зээлд хүрэх гэж олон улс орнууд далайг гатлан очиж байна. Гуравдагч ямар ч улстай бид харьцсан энэ хоёр хөршөөр заавал дамжина. Түүнээс биш хятад хүнтэй харьцахаар хятад болчихгүй шүү дээ.

-Олон нийт хуучин улс төрчид, увайгүй тоглоомын дүрмээс залхаж байна. Шинэ зарчимтай улстөрчид хэзээ гарч ирэх бол. Тийм боломж харагдаж байна уу?

-Бид социализмын үед өссөн, дайсагналцсан, хувьсгалжсан сэтгэхүйтэй. Нэг юмыг хийхийн тулд нөгөөг заавал устгах гэж үздэг. Юм бүхэн хувьсгалын аргаар явдаггүй. Шилжилт хийгддэг. Энэ нь цаг хугацаа шаардана. Шинэ хүмүүс гарч ирж, шинэ дүрэм зохиогдож, шинэ зарчим үйлчилж болно. Гэхдээ хуучин хүмүүс тэрийг шилжүүлж авч явна. Аль нь хүчтэй түрж орж ирж байна, түүгээрээ л явна. Түүнээс биш хуучин хүмүүсээсээ бүгдээс нь татгалзаад, шинэ хүмүүс гаргаж ирнэ гэж байхгүй. Өнөөдөр шинэчилье гэж яриад дүрмээ өөрчилж байна, зарчмаа тодорхойлж байна, дотоод ардчиллыг хөгжүүлэх гээд нийтийн дундаас намын даргаа сонгож чадаж байна. Фракцыг устгая гэнгүүт устахгүй шүү дээ. Түүнийг чинь хүн тээж яваа. Механикаар устгагдахгүйгээс хойш түүнгүйгээр асуудлыг шийддэг өөр зарчим гаргаж ирэх гэж эрэлхийлээд нийтийн дунд сунгаа явууллаа. Энэ үйл явц удаан хугацаанд үргэлжилнэ. Үүнийг нэг хэсэг нь үл итгэж хүлээж авна. Нөгөө хэсэг нь эргэлзэнэ. Энэ бүхнийг тэвчих, хүлээн зөвшөөрөх, итгэхгүй байгаа улсуудад итгүүлэхийн төлөө хэрхэн ажиллах нь намын даргын асуудал.

-Та бол хүний хуучныг дэмжсэн үү, шинэ хүмүүс гарч ирэх ёстой гэдэг хүлээлттэй санал нийлж байв уу?

-Би тухайн үедээ олон нийтийн ажил хийж байсан учраас намын сунгаанд шууд оролцох боломж байгаагүй. Гэхдээ хөндлөнгөөс хараад дотор хүнд маань хоёр янзын зөрчил үүсч байлаа. Нэгдүгээрт нь олон нийтийн яриад байгаа шинэ үеийг гаргаж ирэх, дэмжих гэдэг утгаараа Л.Гантөмөр байна уу, Ж.Батзандан нь байна уу дэмжиж болмоор. Гэтэл нөгөө талаасаа бид ямар тавцан дээр тоглож байгаа билээ. Олон жилийн туршлагатай бурхи гэж болохоор улстөрчид голлосон, тоглоомын дүрэм нь бохир тавцан дээр байна. Энд соёлтой, зодоонд оролцож үзээгүй залуу хүн туршлагагүйтэх магадлалтай гэсэн эргэлзээ байнга төрж байсан. Эргэлзээ олон хүнд байвал дараагийн хүн гарч ирдэггүй. Шинэ хүнийг сонгож гарч ирэх хөрс суурь нь одоохондоо бий болоогүй л байна гэсэн үг. Тийм учраас хуучин хүн нь дээр гэж олонхи нь бодсон байна шүү дээ. Түүнийг нь хүндэтгээд явахаас өөр замгүй.

-Та гэнэт АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болсон нь сонин байсан л даа. Б.Дэлгэрмаа генсекээр ажиллаж байхдаа төмөр хатагтай гэдэг хоч хүртсэн. Та бол ямар нэгэн хочгүй үлдсэн санагдана. Гэсэн ч намын гал тогоонд ширүүхэн үзэлцэх хэрэг гардаг байх?

-Хувьсгалын тохироо бүрдэнэ гэдэг шиг юм болсон. 2012 онд нам ялсан, бүх хүн төрийн албанд оччихсон, нам дээр хүн байгаагүй. Гэтэл намын өмнө орон нутгийн, Ерөнхийлөгчийн гээд хоёр том сонгууль байсан. Энэ хоёр сонгуулийг удирдах хүн гэдэг утгаар л намайг тавьсан болов уу. Түүнээс биш намайг сонгодог утгаараа улстөрийн гал тогоонд хутгалдуулахаар оруулсан гэж боддоггүй. Өгөгдсөн үүрэг даалгаврыг амжилттай хэрэгжүүлээд, намаа гурван сонгуульд ялуулсан. Орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль, 2014 оны Говь-Алтай аймгийн дахин сонгуульд ялуулаад, үүргээ биелүүллээ гэж үзээд ажлаа өгсөн юм. Нэг их аймаар үзэлцээд байх ч юм болоогүй, сонгуулиас сонгууль гэсээр байгаад дууссан шүү дээ.

-Өмнө нь Засгийн газар байгуулж байхад таны нэр сайдад яригдаад байсан. Та сайд болох амбицтай юу эсвэл зүгээр л гэрэл цохиулах зорилгоор таны нэр яригдсан юм болов уу ?

-Тэр бол зүгээр л таамаг байсан. Надад тийм амбиц байгаагүй.

-Таныг хаана юу хийж байгаа бол гэж хүмүүс сонирхож байгаа. Ирээдүйгээ хэрхэн төлөвлөж байна даа?

-Мэдээж эхлүүлсэн олон ажил байсан. Уран бүтээлчийн хувьд 2010 оноос хойш ажиллаж байгаа түүхэн баримтат кино цувралууд бий. Түүн дээрээ үргэлжлүүлэн ажиллана. Маш их ажилтай байсан учраас тэднийгээ энд тэндэхийн фестивальд явуулах, чулуу болгоход цаг зарж байгаагүй. Бүтээлийг үзсэн залуус “Сургалт хийж өгөөч, зохиолоо үзүүлээч” гэж их хүсдэг. Тиймэрхүү ажилдаа цаг гаргана. Дор хаяж 10 гаруй баримтат кино бичсэн байна. Түүхэн баримтат кино бичих арга туршлагаараа гарын авлага маягтай ном хийх санаатай. Угаасаа энэ чинь Берклид үзсэн мастерын хичээлийн нэг хэсэг шүү дээ. Би яруу найргийн орчуулгад нэлээд цаг зарцуулсан. Өнгөрсөн хугацаанд нэлээд хэдэн шүлэг орчуулсан. Энэ наймдугаар сард Дэлхийн яруу найргийн академийн ээлжит их чуулган болох юм. Түүнийг угтаж, Америк яруу найргийн орчуулгын ном гаргах бодол бий. Уран бүтээлдээ зарцуулах хувь хүний төлөвлөгөө нэг иймэрхүү. Бас нэг төсөл эхлүүлж байгаа. Европт амжилттай хэрэгжүүлээд, Дундад Азид одоо хэрэгжиж байгаа. Ази, Номхон далайн бүсэд 2018 онд нээхээр бэлтгэж байгаа “Ирээдүй хойч үеэ тандан судлах” ЮНЕСКО-гийн том төсөл бий. Энэ төслийн удирдагчаар ажиллаж байна. Европын дөрвөн том сэтгэл зүйч эрдэмтэн 156 сэтгэл зүйн асуулттай судалгаа эхлүүлсэн юм байна л даа. Түүнийгээ ирээдүйг авч явах 18-20 насны залуучуудаар бөглүүлж үзжээ. Францын телевиз түүнийг нь сайшаан шүүрч авсан. Бид залуусаа таньж мэдэж байж, ямар бүтээгдэхүүн хийх вэ, ямар нэвтрүүлэг хийх вэ, ямар тогтолцоог бий болгох вэ гэдгийг тодорхойлно. Капитализм, коммунизм гээд хар, улаан өнгө байсан. Берлиний ханаар тусгаарлагдсан систем задран унахад бид барууныхныг харж дуурайсан болохоос биш, яг энэ дайсагналцалгүй дэлхий дээр хэрхэн яаж оршихыгоо бүрэн тогтоож чадаагүй. Берлиний хана нурсан ч үзэл бодол, угаагдсан тархи толгой, бүх юм хэвээрээ үлдсэн. Энэ бүхэн яваандаа байхгүй болж, шинэ үнэт зүйлийг энэ хүмүүс бий болгоно. Иймд эднийгээ маш нарийн судлах ёстой юм байна гэсэн судалгааны сонирхолтой төсөл юм. Вэб сайтыг нь Монголдоо нээж, дэлхий нийтийн харьцуулсан судалгаанд монгол залуусаа оруулах ёстой. Эндээс маш сонин дүгнэлтүүд гарна. Үүнд цагаа зарцуулъя гэж бас бодож байна.

-Улс төрчийн хувьд хүсэл мөрөөдөл бий юу?

-Нэг хэсэг улс төрөөс хол байж, олон нийтийн ажил хийж байсан учраас одоохондоо улстөр рүү шууд шумбаад орчихъё гэсэн бодол алга. Ажиглагчийн байр суурьтай байгаа. Мэдээж дүүргийн намдаа бүртгүүлээд, намын гишүүнчлэлээ сэргээсэн.

-Сэтгүүлчдийн хувьд таны нэг өгүүлбэр содон туссан. Карьераа ахиулахын тулд улс төрийг ашиглах ёстой гэлүү?

-Энэ нийгэмд мэргэжлийн хүмүүс мэргэжлээрээ карьер хийх боломжгүй байна. Заавал улстөрөөр дамжиж шат ахидаг гажиг тогтолцоо бий болчихсон. Энэ салбарт гайгүй юм хийчихье гэхээр радио телевиз гэдэг маань техник хөрөнгө оруулалтаас маш их хамаардаг. Шийдвэр гаргадаг, мөнгө зарцуулдаг түвшинд хүрье гэвэл заавал улс төр рүү орох ёстой болдог. Салбартаа ажил хийх боломжийг л эрэлхийлсэн хэрэг шүү дээ.

-Ингэхэд та ОНРТ-ийн захирлын ажлаа өгөхгүй гэж нэлээд “гүрийлээ”. Нэгэнт өөр нам гарч ирсэн юм чинь энэ суудлыг яаж ийж байгаад булааж авах нь тодорхой байсан л даа. Та юунд найдсан юм бэ?

-Бид чинь эрх зүйт нийгэм байгуулахаа Үндсэн хуулиндаа тунхаглачихсан шүү дээ. Эрх зүйт нийгэм гэдэг маань үнэмлэхүй олонх болсон ч бай, ялагдсан ч бай, эрх мэдэлтэй ч бай, үгүй ч бай, бүх хүн хуулийн өмнө тэгш эрхтэй байж, хууль зарчим нэг ижил үйлчлэхийг хэлдэг. ОНРТ-ийн хуульд тэр 15 хүн л ерөнхий захирлыг сонгоно гэж заасан. Ерөнхий захирал нь аль нэг намаас тавигдсан бол дараагийн нам ялахаараа авч хаяна гэсэн хуулийн заалт байхгүй. Үнэмлэхүй ялсан гэж эрдэж бардаж, бүх төрлийн шалгалт оруулж, ажлыг маань авах гэж улайран тэмцсэн нь энэ нам зарчмыг уландаа гишгэснийг л харуулсан. Надаас юу ч гарахгүй гэдэгт итгэлтэй байсан учраас “гүрийсэн”. Тэгээд шалгалт оруулаад дийлэхгүй болохоороо УИХ оролцож, улс төржсөн дүгнэлтүүд гаргаж байгаа юм. Ийм буруу жишиг тогтсонд харамсч байна. Өмнө нь сайн муу хэлүүлж байсан ч Наранбаатар гэдэг хүн есөн жил тогтвортой ажилласан. Яагаад гэхээр тэр бүх хугацаанд дандаа хамтарсан засагтай байсан юм билээ. Аль аль нь унагачихвал өөрийнхөө хүнийг томилж чадахгүй гэсэн айдас байсан. Гэтэл одоо үнэмлэхүй ялангуутаа хүч түрж байна. Зарчим байхгүй болсон. Үлгэр дуурайлал болох ёстой ах нам ОНРТ-ийн хуулийн үзэл санаа, зарчмыг хүндэтгээд ганцхан жил тэсэх боломж байсан. Гэвч тийм алсын хараа дутаж, адгуу, атгаг байсанд нь харамссан.

-Сэтгүүлзүйн чиглэлээр Берклид ном сонссон хүн та л байна. Сэтгүүл зүй хаашаа явж байна вэ. Задлан шинжилсэн сэтгүүл зүй Монголд хөгжихгүй байна гэж та хэлсэн байна лээ?

-Мэдээллийн эрин зуун, нийгмийн сүлжээ хөгжсөнөөр эх сурвалжийг сэтгүүлч хайж явах шаардлагагүй болж байна. Эх сурвалжийг улстөрчид өөрсдөө сошиалаар тавьчихдаг болсон. Би ийм үзэл бодолтой байна. Ийм хуулийн төсөл дээр ажиллаж байна гээд. Урьд нь үүнийг сэтгүүлч гүйж очиж авдаг, эрж хайж олдог байсан. Гэтэл одоо бүх юм нээлттэй болчихлоо. Энэ олон мэдээллийн эх сурвалжуудыг задлан шинжилж, дүгнэлт хийж, урьд хойчтой нь харьцуулж, түүхийг нь эрэн сурвалжилдаг хэлбэр дутагдаад байгаа юм. Энэ хүн ийм чиг баримжаатай учраас ингэж яриад байгаа юм, өмнө нь ингэж ярьж байсан хүн өнөөдөр ингэсэн байна гээд анализ хиймээр байгаа юм. Гэтэл мэргэжлийн сэтгүүлзүй маань энэ ажил руу орохгүй сошиал медиа, иргэний сэтгүүлзүйтэй адилхан мэдээлэл тавиад байна. Гэтэл тэр мэдээллийг чинь сэтгүүлчтэй, сэтгүүлчгүй хүмүүс олоод мэдчихдэг болжээ. Иймд сэтгүүлчийн ажил илүү гүнзгийрэх ёстой. Олон жил сэтгүүлчээр ажилласны хэрэг юу билээ. Урьд нь хэн ч юу ярьсныг, яаж ийж байсныг мэднэ. Гүнзгийрэх боломж бааз суурь мэргэжлийн сэтгүүл зүйд бий.

-Мэргэжлийн сэтгүүлчид, сошиал медиа гээд тулалдаад байдаг. Сошиалтай сэтгүүлч яаж амжилттай хамтарч ажиллах вэ?

-Миний ойлгож байгаагаар сошиалыг гурван янзаар ашиглаж болно. Нэгдүгээрт мэдээллийн эх сурвалж болгож ашиглана. Хоёрдугаарт нь хийсэн бүтээлээ хүмүүст хүргэх, маркетингийн чиглэлээр ашиглаж болно. Гуравдугаарт хийх гэж байгаа юмандаа олон нийтийн оролцоог хангахад хэрэглэж болно. Би энэ сэдвээр материал бичих гэж байна гээд сошиал дээр тавихад маш олон сонирхолтой эх сурвалжууд гэнэт гарч ирдэг. Оролцоог хангах буюу гурав дахь чиглэлээр МонголHD-гийн Э.Лхагва харин гайгүй үр дүнтэй ажилладаг. Хэлэлцүүлгийнхээ сэдвийг урьдчилж тавиад, сонирхолтой санаа оноо хэлсэн хүмүүсийг нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаа харагддаг. Энэ мэтээр нийгмийн сүлжээг үр дүнтэй ашиглаж чадвал уламжлалт хэвлэл мэдээллийн салбарт хөгжлийн боломж бий.


Categories
мэдээ нийгэм

Чехийн ЭСЯ визний цагийг нь цуцалсан монгол иргэдийг хүлээн авч уулзжээ

Өчигдөр Чехийн элчингийн гадаа цагаа цуцлуулсан 30-аад иргэд цуглаж яагаад визэнд орох 200 хүний цагийг цуцалсан талаар хариу өгөхийг шаардсан юм. Тэгвэл тэдгээр иргэдийг тус элчингийн хүмүүс 14:00-16:00 цагийн хооронд хүлээн авч уулзжээ. Тэд тайлбарлахдаа визний цаг авдаг хуудас нь Чех улсын ДЯЯ-ны хяналтанд байдаг гэнэ. Виз авах гэсэн хүмүүсээс нэлээд гомдол гарсантай холбогдуулан программын шинэчлэл хийсэн бөгөөд одоо бол харьцангуй хялбар болсон, имэйл хаягаар визэнд орох цагийг нь өгдөг болсон хэмээн ярив.

Виз нь цуцлагдсан иргэдийн төлөөлөл болсон нэг хүнийг Чехийн элчингийн консулын хэлтэст хүлээн авч уулзжээ. Тэрээр виз нь цуцлагдсан 300-гаад хүний нэр, 70-аад хүний өргөдөл авч орсон байна. Харин Консулын хэлтсийнхэн визний цагийг дахин авахаас өөр аргагүй гээд тэдний өргөдлийг Чех улсын ГХЯ-руу явуулна гэсэн тайлбар өгсөн байна. Тэгэхээр визний цаг авахад төлдөг багагүй долларын хураамжаар иргэд хохироод үлдэж магадгүй болоод байна.

О.ӨНӨР