Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Агаарын бохирдлын үндэсний хөтөлбөрт 9.9 их наяд төгрөг зарцуулна

Хүн амын 50 хувь нь амьдарч буй нийслэлийн ус, хөрс, агаарын бохирдлыг бууруулах асуудлыг шийдэх гарц болох Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн талаар БОАЖЯ, НЗДТГ-тай хамтран сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ.

Уулзалтад БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нарын албаныхан оролцов.

“Нийслэлийн агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулахад хотоос шат дараалсан арга хэмжээг авч ажиллаж байна. Утаа алсрах үед утааны асуудал орхигддог хэмээн иргэд шүүмжилдэг. Ийм шүүмжлэл гаргахгүйн төлөө бид хичээн ажиллаж байна. Өнөөдрийн зангиагүй уулзалтаар нийслэлчүүдийн гол асуудлыг шийдэх Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг танилцуулна. Уг хөтөлбөрийг олон нийтэд хүргэх ажилд сэтгүүлчид чухал үүрэгтэй” хэмээн НЗДТГ-ын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан тодотгосон юм.

Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг холбогдох яамд, төрийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын 32 төлөөлөл 25 шалгуур үзүүлэлтийг үндэслэн боловсруулснаар энэ сарын 20-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар баталж, хэрэгжих нөхцөл бүрджээ.

Үндэсний хөтөлбөр нь таван стратеги зорилт дэвшүүлсэн бөгөөд 2025 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжих юм байна. Эхний ээлжнийх 2017-2019 он хүртэл, хоёр дахь шат нь 2020-2025 он хүртэл бөгөөд нийт 9.9 их наяд төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Тухайлбал үндэсний хөтөлбөрийн эхний зорилт нь байгаль орчинд ээлтэй үр ашигтай техник, технологийг нэвтрүүлэх замаар бохирдлын эх үүсвэрийг багасгаж түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар хязгаарлахад чиглэх аж. Харин дараагийн стратеги зорилт нь хот байгуулалт төлөвлөлтийг боловсронгуй болгох, дэд бүтцийн байгууламжийг оновчтой бодлогоор хэрэгжүүлэх, орон нутгийн хөгжүүлэх замаар төвлөрлийг сааруулах юм байна.

Мөн утааны хэсгийг бүрдүүлдэг авто тээврийн хэрэгслээс ялгаруулах бохирдуулах бодисыг бууруулахаар тусгажээ. Харин дөрөв дэх зорилтоор агаар орчны бохирдлыг бууруулах, удирдлага зохицуулалт, санхүүжилтийг бүрдүүлэх, хариуцлага уруумшууллын тогтолцоог бий болгох аж. Мөн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх үүрэг хариуцлагыг өндөржүүлэхэд сургалт, сурталчилгааны ажлыг түлхүү хийх, хяналтын системийг эрчимжүүлэхэд анхаарах юм байна.

Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол хөшүүрэг нь санхүүгийн асуудал бөгөөд тооцоо судалгааг гаргахдаа нэлээн нарийвчлалтай болсон гэдгийг албаныхан тодотгов.

Тодруулбал улсын болон орон нутгаас уг хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахын тулд 2.2 хувь буюу 201 тэрбум төгрөгийг гаргахаар төсөвлөжээ. Харин 13.7 хувь буюу 1.5 их наяд төгрөгийг гадны зээл тусламжаас бүрдүүлэх юм байна. Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 650 тэрбум төгрөгийг босгохоор тооцсоноо танилцуулав.

БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган ярихдаа, “Дэд бүтцийн байгууламжийг бий болгох төсөл хөтөлбөрт нэлээн хөрөнгө гарах төсөв гарсан. Тухайлбал зуны улиралд нийслэлчүүдийн өмнө тулгамддаг цэвэрлэх байгууламжийн үнэрийн асуудлыг шийдэхээр 650 тэрбум төгрөгийн өртөгөөр шинэчлэл хийх бол нийслэлийн хог хаягдлыг боловсруулах эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрт 350 тэрбум төгрөг, түүхий нүүрсийг халах хийн түлшний үйлдвэрт таван их наяд төгрөгийг төсөвлөсөн. Мөн төвлөрлийг сааруулах ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх чиглэлээр 10 аймгийн төвд байгальд ээлтэй дэвшилтэт технологиор ДЦС барьж байгуулна. Түүнчлэн гэр хороололд байгаа 220 халаалтын зуухыг татан буулгаж, төвлөрсөн халтаалтад шилжүүлэх ажилд 91 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан. Дээрх хөтөлбөрийн хүрээнд 60 үйл ажиллагаа буюу 120 арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэлээ.

Ийнхүү нийслэлчүүд ус, хөрс, агаарын бохирдлыг бууруулах хөшүүрэг бүхий нөхцөл бүрдэж ажил эхнээсээ ундрахаар болж байна. Хөтөлбөрийн хүрээнд арьс шир, ноос ноолуурын үйлдвэр, авто тээврийн захуудыг хотоос нүүлгэн шилжүүлэх, дагуул хотуудыг хөгжүүлэх замаар аж үйлдвэрийн цогцолбор парк байгуулах ажил өрнөнө гэдгийг албаныхан хэллээ. Улмаар гэр хороололд инженерийн дэд бүтцийн байгууламжийг бий болгосноор иргэд амины орон сууцандаа ая тухтай аж төрөх нөхцөл бүрдэх нь ээ. Тодруулбал 300 айл өрхийг хамарсан 200 инженерийн дэд бүтцийг байгуулахын зэрэгцээ АХБ-ны 3 сая ам. долларын санхүүжилтээр Монголын нөхцөлд тохирсон ариун цэврийн байгууламжийн жишиг загварыг бий болгох юм байна. Мөн ирэх жилүүдэд шөнийн цахилгааныг тэглэх ажлыг үргэлжлүүлэх бөгөөд байгальд ээлтэй дулаан хадгалах шинэ халаалтын систем худалдан авах нөхцлийг бүрдүүлэхээр БОАЖЯ, Монголын банкны холбоо, Нийслэлтэй хамтран “Ногоон зээлийн сан”-г байгуулжээ. Эхний ээлжинд Нидерландын Хөгжлийн банкнаас 5 сая ам.долларын санхүүжилтийг бүрдүүлж бага хүүтэй зээлийг иргэдэд олгохоор болжээ.

Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг олон нийтэд таниулахаар Драгон төв, Зургаан буудлын Оргил төв, Дүнжингарав худалдааны төв, Сансар мега төвд шоу рүүм байгуулах аж.

Categories
мэдээ нийгэм

Нохойн төлөөлөгч, эрэлч нохой бэлтгэх сургалт эхэллээ

Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвд нохойн төлөөлөгч бэлтгэх зургаан сарын сургалт өнөөдөр эхэллээ.

Онол, практикийн мэдлэг олгож, нохойн төлөөлөгч, албаны эрэлч нохойг хамтад нь бэлтгэх тус сургалтад төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн 15 алба хаагч хамрагдаж байна. Цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, аврах, эрэн хайх ажиллагаанд албаны бэлтгэгдсэн нохойг ашиглахаар тусгаж өгсөн.

Мөн сургалтад хамрагдаж буй алба хаагчдад Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохой сургалтын хэлтсээс албаны шаардлага хангасан, эрүүл чийрэг, бие бялдрын тэгш хөгжилтэй, залуу нохойг үнэ төлбөргүй өгч буй нь энэ удаагийн сургалтын бас нэгэн онцлог болж байна.

Сургалтын нэгдсэн төвийн нохойн дасгалжуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Соёлмандах “Бид нохойнуудынхаа темпраментыг тодорхойлсон байдаг. Одоо сургалтад ирсэн алба хаагчдын сэтгэлзүйн зан төлвийг тодорхойлж тохирох темпраменттай нохойг сонгож өгнө. Сургалтын эхний 21 хоногт алба хаагч нохойгоо дасгана. Хооллох, зугаалах, нохойныхоо байр, үүрийг нь цэвэрлэх гэх мэт. Нохойн төлөөлөгч болохоор суралцаж буй алба хаагчдад Албаны нохой сургах онолын үндэс, Нохойн анатоми, физиологийн үндэс, Галбир цогц, Мөр судлал гээд 22 төрлийн мэргэжлийн хичээлийг туршлагатай багш нар заана” гэж ярилаа.

Харин алба хаагчид багш нарын тусламж, зөвлөгөөг авч цаашид нэг албанд хамтран зүтгэх нохойгоо өөрсдөө дасгалжуулж, хамтдаа суралцах аж. Албан эрэлч нохой хэргийн газарт үүрэг гүйцэтгэх, мөрдлөг хийх, зугтаж буй этгээдийг хөөж барих, буун дуунд дасах зэрэг чадварыг эзэмшдэг байна.

Энэ удаагийн сургалтад өмнөх жилийн сургалтад хамрагдаагүй аймгуудын Цагдаагийн газрын алба хаагчид суралцана. Тэд Сургалтын төвд нэгдсэн журмаар байрлаж буй бөгөөд энэ нь богино хугацаанд ихийг сурах ёстой алба хаагчид хичээлдээ анхаарах, нохой, эзэн хоёр дасах гэх мэт эерэг ач холбогдолтойг онцолж байв.

Орчин үеийн техник технологид суурилан, шинэлэг арга хэлбэрээр явуулж буй албаны нохой бэлтгэх энэхүү сургалт нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд үр дүнгээ өгч байгаа юм. Өнгөрсөн жилийн сургалтын төгсөгч Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн туслах төлөөлөгч, цагдаагийн ахлах ахлагч О.Түмэнжаргал, албаны эрэлч нохой “Молли” нар гэмт хэргийг удаа дараа халуун мөрөөр нь илрүүлэн, үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа билээ.

Categories
мэдээ улс-төр

М.Энхболд: 2008-2016 онд 200 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Төв аймагт татсан

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өчигдөр УИХ-ын гишүүний хувиар тойрогтоо буюу Төв аймагт ажиллалаа. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Хөшигийн хөндийд барьж буй олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа үргэлжлүүлэн тойрогтоо ажилласан юм.

Улсын Их Хурлын дарга М.Энхболдтой Төв аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат болон Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, албаны бусад хүмүүс ажилласан.

Тэд аймгийн Цагдаагийн газар, “Хүмүүн” сургууль-цэцэрлэгийн цогцолбор, нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр дээрх байгууллагын удирдлагууд цагдаагийн газрыг байртай болгох, “Хүмүүн” цогцолборын дунд сургуулийн хичээлийн “А” байрыг шинэчлэх, төрөх эмнэлэг барих, аймгийн эмнэлгийг дижитал-рентген аппараттай болгох, түргэн тусламжийн машины паркийг шинэчлэх зэрэг асуудлыг тавьж байлаа.

Дараа “Монгол туургатан” театрт иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд үг хэлэхдээ, УИХ-ын намрын ээлжит чуулганаар баталсан хууль, тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээлэл өгөв. Зорилтот бүлэг буюу өндөр настан, хүүхдээ асарч буй эх, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчид, оюутан залуусын ахуй амьдрал, эрүүл мэндээ хамгаалах, хөгжих асуудлыг шийдвэрлэсэн хуулиудыг дэлгэрэнгүй тайлбарлаж, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас хэрхэн, яаж гарах чиглэлээр Засгийн газар, түүний харьяа байгууллагуудад үйл ажиллагаа явуулах бололцоог олгосон эрхзүйн баримт бичгүүдийг шуурхай батлан гаргахад анхаарч ажилласныг тэмдэглэв. Түүнчлэн ирэх дөрөвдүгээр сарын 5-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж буй хуулиудын талаар танилцуулав.

Үргэлжлүүлэн өнгөрсөн хугацаанд тойрогтоо хийсэн ажлын талаар мэдээллээ.

2008-2016 онд нийт 200 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тойрогтоо татаж, ажилласнаа хэлсэн. Хөшигийн хөндийд олон улсын нисэх онгоцны буудал барих санаачилга анх гаргаж, санхүүжилтийг шийдүүлэх ажилд оролцсоноор энэ ажил одоо бодитой болж улс орны нүүр царай болсон томоохон нисэх буудал ирэх оны эхээр ашиглалтад орох гэж буй бөгөөд Төв аймгийн иргэд ажлын байртай болох нөхцөл бололцоо бүрдсэнийг онцолсон. Мөн аймгийн төвд 9.5 тэрбум төгрөгийн өртөгтэй театрын барилга барих төсөл өнгөрсөн парламентад оруулж батлуулсан бөгөөд 2018 онд театр ашиглалтад орохоор болсон, Зуунмод сумын Зүүндэлгэр багийн сургууль, цэцэрлэгийг газрын гүний дулааныг ашиглаж халаах технологи нэвтрүүлснээр жилд дунджаар 160 сая орчим төгрөгийн дулааны зардал хэмнэж байгаа гэсэн юм. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд тойрогтоо хоёр шинэ сургууль барих, 32 сургууль засварлах, дөрвөн шинэ цэцэрлэг барих, 16 цэцэрлэг, 21 сумын хүн эмнэлгийн барилгад засвар хийх, нэг суманд соёлын төв шинээр барих, бусад сумдад соёлын төвийн барилгыг засч сайжруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг улсын төсөвт суулган шийдүүлсэн талаараа мэдээллээ.

Аймгийн хэмжээнд 140 орчим инженерийн хийцтэй худаг гаргасан, 27 сумын хүүхэд залуучуудад зориулж шатрын спортын клуб бий болгосон, дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр Борнуур, Жаргалант, Батсүмбэр гэсэн гурван суманд авто зам, Налайх-Зуунмодны чиглэлд 125 км замыг авто замыг тавиулснаар Төв аймаг хоёр чиглэлээр Улаанбаатар хоттой авто замаар холбогдох боломжтой болсныг мөн хэлсэн юм.

Дараа нь иргэд санал бодлоо илэрхийлж, асуулт асуув.

Иргэд хүлээлгэсэн итгэлийг алдалгүй, иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн болон бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шуурхай шийдүүлэн ажиллаж байгаад УИХ-ын даргад талархаж буйгаа илэрхийлсэн. Түүнчлэн малын гаралтай түүхий эд ашиглаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг үйлдвэрүүд байгуулах шаардлага байгааг хөндлөө. Тухайлбал, сүлжмэл, нэхмэл даавуу үйлдвэрлэх үйлдвэр байгуулахад дэмжихийг хүссэн. Төв аймагт хонины ноосоор утас ээрэх үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэхүү үйлдвэрээ түшиглэн нэхмэл даавуу үйлдвэрлэх мэргэжлийн баг хамт олон байгаа, гагцхүү тэдэнд хөрөнгө оруулалтын дэмжлэг хэрэгтэйг иргэн Т.Дамбаравжаа хэллээ.

Харин иргэн Б.Тойвгоо, төслийн зуух өрх болгонд өгнө гэсэн, хэзээнээс олгогдох вэ, олон улсын нисэх буудалд Төв аймгаас 300 иргэнийг ажилд оруулна гэсэн, ажилд орох иргэд яаж бүртгүүлэх вэ, мансууруулах бодист донтохтой тэмцэх хууль баталмаар байна, Манзуширийн хийдийг төв аймгийн мэдэлд өгнө үү гэсэн асуулт, хүсэлтийг гаргасан бол иргэн М.Рэнцэндорж тэтгэвэр нэмэх, тэтгэвэрт гарч буй иргэдэд хүндрэлгүйгээр тэтгэврийг тогтоож өгдөг байх, түрээсийн орон сууцанд өндөр настнуудыг хамруулах саналтай байгаагаа уламжилсан. Мөн иргэд Төв аймгаас Улаанбаатар хотын хооронд зорчих нийтийн тээврийн маршрутыг хүндрэл, чирэгдэл багатайгаар тогтоох, “Дивизийн байр”-ыг хувьчлах ажлыг шуурхайлах зэрэг олон асуудлаар асуулт асууж, санал бодлоо хэлсэн юм. Иргэдийн асуултад Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Зам, тээвэр хөгжлийн сайд Д.Ганбат, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат нар хариулт өгч, зарим асуудлыг шууд шийдвэрлэснээ танилцууллаа.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга М.Энхболд иргэдийн зарим асуултад нэмж хариулахдаа түлшинд хэмнэлттэй, утаа бага гаргадаг зуух айл өрхүүдэд олгох болсон, Зуунмод суманд дулааны станц барих асуудал шийдэгдсэн зэрэг мэдээллийг өгч, ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн шаардлага, төрийн албан хаагчид оффшор бүсэд данстай байхыг хориглох хууль, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зэрэг асуудлаар тайлбар хийв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

С.Бямбацогт: Ховд аймгийг Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбоно

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Ховд аймгийн иргэдтэй уулзалт хийх үеэр тус аймгийг Улаанбаатар хоттой 100 хувь хатуу хучилттай замаар холбоно гэдгийг мэдэгджээ. Тэрээр “Баянхонгор Говь-Алтай аймгийн хооронд орхигдоод байгаа 200 гаруй километр замыг барьж байгуулах асуудлыг шийдсэн. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хот руу бид 100 хувь хатуу хучилттай замаар хурдан шуурхай, бага зардлаар зорчдог болох юм” гэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хорих ангид гэр бүлийн өдөрлөг зохион байгууллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 421 дүгээр анги “Хорихын үйлчлэлийн нэгдсэн төв” төрийн бус байгууллага хамтран өчигдөр “Аавын аягатай эр хүн” гэр бүлийн нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ нь хүмүүжигчид гаргасан алдаагаа ухамсарлан дахин гэмт хэрэгт холбогдохгүй байхад гэр бүлийн гишүүдийн харилцаа, дэмжлэг чухал ач холбогдолтой талаар ойлгуулж, өөрчлөгдсөн эр хүн, хань, аав болгон төлөвших хандлагыг төрүүлэх зорилготой юм.

Мөн энэ үеэр “Хорихын үйлчлэлийн нэгдсэн төв”-ийн тэргүүн Ө.Батнасан “Эр хүн гэж хэн бэ?”, “Гэр бүлийн үнэ цэнэ”, “Уучлал ба өнгөрсөн үе”, “Хайраар дүүрэн гэр бүл”, “Алсын хараа, зорилго” сэдэвт сургалтуудыг заан явуулснаас гадна МУГЖ Ж.Уранчимэг, МУСТА н.Хатанбаатар нар хүрэлцэн ирж, ая дууны мэндчилгээ дэвшүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

Авлигаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий “Олон нийтийн дэд зөвлөл” байгуулна

УИХ-аас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг 2016 оны 11 дүгээр сард батлан гаргасан. Үүнтэй холбоотойгоор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар Х.Энхжаргал нарын хамтарсан тушаал гарсан байна. Аймаг, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон яам, агентлагийн дэргэд авлигаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий “Олон нийтийн дэд зөвлөл”-ийг байгуулахаар боллоо.

Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний идэвх санаачилгыг өрнүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйд хяналт тавих зорилгыг хэрэгжүүлэх зөвлөлийн ажиллах байгууллага, гишүүний тоог зааж өгсөн байна. Тухайлбал, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дэргэд ажиллах олон нийтийн дэд зөвлөл нь 30 хүний бүрэлдэхүүнтэй байхаар заажээ. Дэд зөвлөлийн гишүүдийг сонгох сонгон шалгаруулалт болно. Зөвлөлийн гишүүнээр ажиллах иргэд дараах шалгуурыг хангасан байх шаардлагатай. Үүнд:

  • Тухайн нутаг дэвсгэрт сүүлийн 2 жил байнга оршин сууж байгаа Монгол Улсын иргэн
  • Дээд боловсролтой, төсөв, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүй, аудит, эд хөрөнгийн үнэлгээ, хяналт шалгалт, инженер техникийн чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагатай байх
  • Хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагад сүүлийн 2 жилийн хугацаанд хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээ байгуулж ажиллагаагүй байх
  • Хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх байгууллагатай сүүлийн 2 жилийн хугацаанд хамтран ажиллаагүй буюу гэрээний дагуу тодорхой ажил, үйлчилгээ эрхэлж байгаагүй
  • Хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх байгууллагаас сүүлийн 2 жилийн хугацаанд хандив, санхүүгийн дэмжлэг туслалцаа аваагүй, мөн төлөөлөл хэрэгжүүлээгүй байх
  • Ял шийтгэлгүй, аль нэг намын харьяалалгүй байх, намын гишүүн бол гишүүнээс түдгэлзсэн тухай шийдвэр гарсан байх зэрэг шалгуурыг хангасан иргэн дэд зөвлөлийн гишүүнээр ажиллах юм байна.

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг сурталчлан таниулах, авлигын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор АТГ-ын ажлын хэсэг яам, агентлаг, нийслэл, дүүрэгт ажиллаж байна. Яам, агентлаг, нийслэл, дүүргийн төрийн албан хаагчдад уг хөтөлбөрийг сурталчлан таниулах, яам, агентлагийн дэргэд болон нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдэлийн үнэлгээ хийх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлах, авлигын эсрэг сургалт зохион байгуулах, арга зүйн туслалцаа үзүүлэхэд уг ажлын зорилго оршиж байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Улсын заан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан ирэх ням гаригт болно

Бөхийн өргөө зурган илэрцүүдСар шинийн барилдаан дуусаад удаагүй байхад цэргийн баярын гээд дараалсан олон барилдаанууд болсоор байгаа билээ. Тэгвэл энэ жилийн бөхийн чансааг Улсын гарьд Б.Гончигдамба тэргүүлээд буй. Энэ амралтын өдрүүдэд Монголын үндэсний бөхийн холбооноос гаргасан хуваарийн дагуу бямба гаригт 12 цагаас сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан болно. Мөн энэ ням гаригт 14 цагаас улсын заан цолонд хүндэтгэл үзүүлэх улс аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаанууд тус тус болно.

Монгол Улсын заан С.Хүрэлбаатар. Яг хэдэн онд заан болсон нь өнөө ч данснаас олдохгүй байна. 1927 оны наадмаар 960 бөх барилдаж Жамъян аварга түрүүлж, Ономжавын Аюур заан үзүүрлэхэд барилдсан 16 бөхийн дүйз (үндэсний бөх Ц.Бат-Очир 1991) тэмдэглэгдэн үлдсэн байна. Гэтэл Хөвсгөл аймгийн Батын Наянтай тэр жил Пүг Жамъян гэдэг бөх заан цол хүртсэн гэж дурджээ. үнэн байж болох хоёр таамаг байна. Нэгд, тэр үед бөхчүүд гоц мөргөдөг байсан гэж үзвэл нэр нь багтахгүй үлдэж болох талтай. Энэ нь 6 давсан бөхөд заан цол өгдөг байсантай холбоотой. Бас заан цол нь сум, аймаг даншиг, улсын гээд өргөн хамаараптай тул бүртгүүлэхдээ яаж бүртгүүлснээс шалтгаална. Жамъян заан хулгана жилтэй учраас 1927 онд 27 настай, ид ир бяр нь жигдэрсэн үе юм. Тэгэхэд Наянтай начин Сэлэнгийн Данигай хэмээх Дамдин заанд унасан байна. Тэр үеийн нэг нутгийн гурван бөх болох даян аварга Жамъянгаа арслан Төмөрбаатар нь, арслангаа Пүг Жамъян нь хаячихаад, тойроод барилдахаараа Жамъян заан нь Жамъян аваргаа дийлдэггүй байж. Бас Зүрх сумын цолгүй бөх дэнхэр Дамдингаа хүчрэхгүй, гаршчихаад байнга унадаг байсан гэнэ.

Амгаа заан зурган илэрцүүд

Монгол бөхийн зvлэг ногоон дэвжээгээ олон жил чимж уран сайхан барилдаануудаараа vе vеийн vзэгч, бөх сонирхогчдыг баясгаж явсан хvний нэг бол Монгол Улсын заан Д.Амгаа билээ.
Тэрээр 20 гаруй жил зодоглохдоо vндэсний бөхөөр олон удаа шөвгөрч самбо жудо бөхөөр чамгvй амжилт гаргаж явсан нэгэн.

Улсын заан Р.Гансүх: А.Сүхбат бид хоёрын хөл авдаг техник ижил

Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Монгол Улсын заан Рэнцэнхүүгийн Гансүх 1994 онды улсын баяр наадмаар Дархан аварга Ж.Мөнхбатаар долоо давж улсын заан цол хүртсэн.

Улсын заан Д.Мягмар зурган илэрцүүдХовд аймгийн Буянт сумын харьяат Монгол Улсын заан Дасрангийн Мягмар 1978 оны үндэсний их баяр наадмаар долоо давж улсын заан цол хүртжээ.

Ч.Бямбадорж заан зурган илэрцүүд

Ховд аймгийн Чандмань сумын харьяат Монгол Улсын заан Чадраабалын Бямбадорж. Тэрбээр наймдугаар ангийн сурагч байхдаа сумынхаа наадамд түрүүлж барилдааныхаа гарааг эхэлсэн. 1989 оны улсын наадамд Д.Мягмар заанаар тав давж начин, 1994 онд улсын заан Ц.Баярсайханаар долоо давж заан цол хүртсэн. 1990, 1995, 1997 онд тав давсан үнэн хүчит заан билээ. Түүний аав Чадраабал нь Хөдөлмөрийн баатар малчин байсан бөгөөд хүү Бямбадорж нь Үндэсний бөх болон чөлөөт бөхөөр Эх орныхоо нэрийг тив дэлхийд дуурсгаж байсан хүчтэн.

Улсын заан Дамиран Бумбаяр зурган илэрцүүд2001 оны Ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадмаар долоо давж, улсын заан цол хүртсэн Увс аймгийн Тэс сумын харьяат Дамирангийн Бумбаяр

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн Засаг дарга Варшав хотод айлчилж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Европын хотуудад хийх айлчлалаа өчигдөр Варшав хотоос эхлүүллээ. Хотын даргын айлчлалын бүрэлдэхүүнд НИТХ-ын төлөөлөгч, Унгар Улсын өргөмжит консул Ч.Гантулга, нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ нар багтсан байна. Европын хотуудын стандартыг нэвтрүүлэх, зарим томоохон хоттой Улаанбаатар хотын гадаад харилцаа, хамтын ажиллагааг шинээр өргөжүүлэн хөгжүүлэхэд энэхүү айлчлалын гол зорилго оршиж байгаа юм. Улаанбаатарт цэвэрлэх байгууламж, бохир, агаарын бохирдол, хог хаягдал гээд бэрхшээлтэй тулгамдсан асуудал бий. Айлчлалаар Европын хотуудын цэвэрлэх байгууламжийн шилдэг шийдэл, бүтээн байгуулалт, хог хаягдлын менежмент, нийтийн тээврийн салбарт хийгдсэн бүтээн байгуулалт, ололт амжилттай танилцсан юм.

Варшав хотод хийсэн нийслэлийн Засаг дарга С.Батболдын айлчлалын гол хэсэг тус хотын дарга хатагтай Ханна Гронкиэвич Валцтай уулзсан уулзалт байлаа. Энэхүү уулзалтаар хоёр дарга харилцан туршлагаасаа ярилцан цаашид харилцаа хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах хүсэлтэй буйгаа илэрхийлцгээсэн. Мөн хатагтай Ханна өөрсдийн туршлагаасаа хуваалцахад таатай байна гэдгээ илэрхийлээд нийтийн тээвэр зэрэг зарим салбарын төлөвлөлт дээр мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд бэлэн гэсэн юм. Варшав хотын хувьд Улаанбаатар хоттой төстэй талууд олон бий. Хүн амын тоо ч ойролцоо учраас төлөвлөлт хийгээд туршлагаас судлах, нутагшуулах боломж их юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хатагтай Ханнатай хийсэн уулзалтынхаа үеэр “Хоёр улс олон жилийн өмнөөс дипломт харилцаатай байж олон талаар хамтран ажиллаж ирсэн. Улаанбаатар болон Варшав хотын хооронд харилцааг өргөжүүлж, хамтын ажиллагааны эхлэлийг тавьж буйдаа баяртай байна” гээд хатагтай Ханна Гронкиэвич Валцыг тааламжтай үедээ Улаанбаатар хотод айлчлахыг урилаа. Варшав хотын Захирагч урилгыг таатай хүлээн авч буйгаа илэрхийлээд “Хоёр хотын хамтын ажиллагаа өргөжүүлж, өөрсдийн туршлагаа хуваалцахад таатай байх болно” хэмээсэн юм.

Хатагтай Ханна Гронкиевич Валц хуульч мэргэжилтэй, доктор профессор хүн юм байна. Тэрбээр 1992-2000 он хүртэл Польшийн Үндэсний банкны ерөнхийлөгчөөр ажилласан байна. Энэ хугацаандаа Төв банкны хараат бус байдлыг бэхжүүлж, банкны системийг эмх журамтай болгож, Польшийн мөнгөн тэмдэгтийн үнэлгээ, хөрвөх чадварыг сайжруулсан аж. Хатагтай Ханна 2001-2005 онд Европын Сэргээн босголт хөгжлийн банкны дэд ерөнхийлөгчөөр ажилласан байна. 2006 оноос Польшийн Иргэний индэр намын дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд мөн оныхоо 11 сараас Варшав хотын захирагчаар ажиллах болсон байна.

Варшав хотын ус цэвэрлэх “Линдлэй” байгууламж нь 130 жилийн өмнө байгуулагдсан аж. Байгуулагдсанаас хойш 4 удаа техник технологийн шинэчлэл өргөтгөл хийгдсэн байна. Висла мөрний хөрсний гүний усыг татаж цэвэршүүлдэг уг газар доорх байгууламж нь 100 гаруй жилийн өмнө байгуулагдсан ч технологийн хувьд өмнөх нь орчин үеийнхтэйгээ бараг ижил тул шинэчлэл өргөтгөл хийхэд хүндрэл учирдаггүй талаар “Линдлэй” ус цэвэрлэх байгууламж Төрийн өмчит үйлдвэрийн газрын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Василевски ярьж байлаа. Тус байгууламжийн ус дамжуулан түгээж байгаа шугам сүлжээний урт ойролцоогоор Монгол Улсын хилийн шугамын нийт урттай тэнцүү хэмээн ойлгож болох аж. Тэгэхлээр ямархуу том байгууламж гэдэг нь тодорхой болох юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын Варшав хотод хийж буй айлчлалын дараагийн очих газар нь “Чайка” цэвэрлэх байгууламж байв. Энэхүү цэвэрлэх байгууламжийг барьж байгуулахад олон бэрхшээлтэй учирч байснаа Варшав хотын Дэд бүтцийн асуудал эрхэлсэн газрын дарга Лешек Дрогош ярьж байлаа. Анх 1992 онд хотынхоо мастер төлөвлөгөөг баталсан аж. Ингэхдээ 5 сая хүн хэмээн тооцож хийсэн бол өдгөө тус хотод 2 сая гаран хүн амьдарч байгаа юм. Цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-г франц мэргэжилтнүүдээр хийлгэж, уг төслийг Европын холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэсэн аж. Төслөө хэрэгжүүлэхдээ Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа батлуулдаг юм байна. Хэдий 1999 онд ИТХ-аараа батлуулсан ч санхүүгийн асуудлаа 5 жилийн дараа шийдэн 2004-2012 онд барьж байгуулсан аж. Өмнө нь бохир усаа цэвэрлэлгүйгээр гол руугаа урсгадаг 2 улсын нэг нь Польш байсан бол өдгөө энэ асуудлаа шийдвэрлэж чадсандаа сэтгэл хангалуун байдаг талаар Лешек Дрогош хэлж байсан юм. Хэдий хотын хогоо хаягдлын асуудлаа шийдвэрлэж, нийтийн тээвэрт цахилгаан трамвайг ашиглаж байгаа ч дэд бүтцийн асуудлаа иж бүрнээр нь шийдэж чадаагүй гэдгээ тэрбээр ярьж байсан. Мөн агаарын бохирдлын асуудал ч байсаар байгааг хэлж байв.

Висла мөрний баруун талыг цэвэрлэдэг байгууламж байсан. 1991 онд хуучин байгууламж дээрээ суурилан шинэчилж орчин үеийн цэвэрлэх байгууламж байгуулах шийдвэрийг Хотын дарга нь гаргаж байсан аж. 2010 он гэхэд Висла мөрнийхөө хоёр эргээс бохирыг авч цэвэрлэх хүчин чадалтай байгууламжийг барьж дуусган, 2012 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн аж. Варшавын бохирын асуудлаа шийдсэн нэг зүйл нь шинээр баригдаж ашиглалтад орж буй барилгуудын цэвэрлэх байгууламж руу явах шугамд шүүлтүүр суурилуулж өгдөг болсон байна. Харин хуучны барилга байгууламжийн бохир шууд цэвэрлэх байгууламж руугаа ирдэг байна. Цэвэрлэх байгууламж цагт 25 мянган куб метр бохирыг цэвэрлэх хүчин чадалтай аж. Хотоос гарч буй бүх хог хаягдлыг хүлээн авч цэвэрлэдэг юм байна. Гэхдээ үйлдвэрүүд эхний шатны цэвэрлэгээг өөрөө хийсний дараа төв цэвэрлэх байгууламж руу явуулдаг аж. Бороо цасны усыг шүүлтүүрээр оруулсны дараа Висла мөрөн рүү урсгадаг байна. Цэвэрлэх байгууламжид ирдэг хог хаягдлыг шатаах зуухтай бөгөөд 120 сая еврогийн өртөгөөр бий болсон аж. “Энд 130 мянган тонн хог хаягдал шатааснаас 10 хувь гүйцэт шатдаггүй хог хаягдал, 3 хувь нь аюултай хог хаягдал гэж үздэг. Үлдэгдэл хог хаягдлыг хадгалах тусгай агуулахтай” хэмээн “Чайка” цэвэрлэх байгууламжийн удирдлагууд хэлж байлаа.

Польш улс Европын холбоонд нэгдэн орсноор Варшав хотын дэд бүтэц болон сургууль эмнэлэг гээд нийгмийн салбарын олон асуудлаа шийдэх санхүүгийн дэмжлэгийг авч чадсан байна. Хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт зэргээр нийт 3.5 тэрбум еврогийн санхүүжилтийг Европын холбооноос авсан аж. Үүний хүрээнд олон тулгамдсан асуудлаа шийдэж, евро стандартад нийцсэн хот болж чаджээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын Европын хотуудад хийх айлчлалын эхний өртөө Варшав хот байв. Уг хотод хийсэн айлчлалаа амжилттай дуусгасан хотын дарга тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Унгар улсын нийслэл Будапешт хотод хүрэлцэн ирлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

С.Одонтуяа: Өнгөрсөн дөрвөн жилд бид унаач хүүхдүүдийн асуудал дээр маш том алхам хийсэн

С.Одонтуяа зурган илэрцүүдӨнөөдөр Ардчилсан намаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр хурдан морь унаач хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар ярилаа. “Ховдод хурдан морины уралдаанд оролцож байсан хүүхэд мориноосоо унаж амь насаа алдсанд харамсаж байна. Өнөөдөр хүчинтөгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжуудаасаа маш их ухралтуудыг хийх боллоо. Өнгөрсөн 4 жилд бид унаач хүүхдүүдийн асуудал дээр маш том алхам хийсэн. Хүүхэд хамгааллын тухай хуулиа батлуулж, хүүхдийн эрхийн хуультай болсон. Үүнийг ч олон улсын хэвлэл мэдээллээр сайшааж, Монгол Улс ОУ-ын гэрээ конвенцид хүлээсэн үүргээрээ нэлээд дээгүүр зэрэглэл байрт жагсаж байсан.

2016 онд батлагдсан хүүхдийн эрхийн хүүхэд хамгаалалтын тухай хуульд цагаан дээр хараар “Хүүхдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц уралдаан тэмцээнд хүүхэд оролцуулахгүй байх”-ыг заасан. Энэ хуульд ч өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Гэтэл хуулийг уландаа гишгэж, уралдаан зохион байгуулснаас болж хүүхдийн амь нас хохирч, олон хүүхэд бэртэж гэмтлээ.

Тиймээс хүүхдийн амь нас эрсэдсэн асуудалд эрх бүхий албан тушаалтнууд ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж бид үзэж байна. Энэ асуудалд ямар хариуцлага тооцсон талаараа олон нийтэд мэдээлэх ёстой. Түүнчлэн Эрүүгийн, зөрчлийн тухай хуулийг хугацаа хойшлуулснаар олон албан тушаалтан хэрэг завших болоод байна. Тиймээс энэ бүхэнтэй холбоотойгоор Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж, шаардлагынхаа хариуг авах талаар мөн шаардаж ажиллах болно” гэв.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

О.Магнай: 358 сая ам.долларын зөрүүтэй улсад хохирол учруулж өрийг өрөөр дарлаа

Ардчилсан намын Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан орон тооны нарийн бичгийн дарга О.Магнай өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Хамгийн эхний асуудал бол сая гуравдугаар сарын 21-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өөрийн Засгийн газр бондын өрийг шийдсэн тухай мэдэгдсэн. 2012 оны МАН-ын Засгийн газрын үед С.Батболд энэ бондын өрийг тавьсан. Евро бондын хувьд 5.75 хувийн хүүтэй байсан. Сүүлд авсан “Хуралдай” бонд 8.75 хувийн хүүтэй байна. 358 сая долларын зөрүүтэй улсад хохирол учруулж өрийг өрөөр дарлаа.

2016 оны долдугаар сараас хойш Ж.Эрдэнэбатын ЗГ байгуулагдаад 9 сар болоход юу ч хийсэнгүй. Үүнийгээ өөрөө “субботник” хийлээ гэж дүгнэсэн байна лээ. Бүх бодлого боловсруулалт, шийдвэр гаргалтыг дүгнэх ёстой байсан. Тухайн үед МАН-ын халамжийн чиглэлд зарцуулсан “Оюутолгой”, “Чалко” зэрэг газруудын өрийн 80 гаруй хувийг төлсөн байсан. Чингис бондын гаргасан 1.5 тэрбум ам.долларын 500 саяыг буюу 30 хувийг 21 аймагт дэд бүтцийг сайжруулах, хатуу хучилттай зам барих төсөлд зарцуулсан. Энэ маш сайн явж байгаа. Зам харгуй сайжирсаныг бид бүгд харж байгаа. Харин Ж.Эрдэнэбат ингэж өөрсдийгөө сурталчилж Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэхээ болих хэрэгтэй” гэлээ.

О.ӨНӨР