Categories
мэдээ спорт

Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид өнөөдөр тангараг өргөнө

Үндэсний шигшээ багийн багш, дасгалжуулагчид, тамирчид өнөөдөр тангараг өргөнө. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар баталсан Үндэсний шигшээ багийн төрөл, дасгалжуулагч, тамирчныг сонгон шалгаруулах журмын дагуу 2017 оны эхэнд спортын холбоод шигшээ багийн шалгаруулалтыг зохион байгуулж Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг тодруулсан билээ.

Байнгын шигшээ багт чөлөөт бөх, жүдо, бокс, байт харваа, хүндийн өргөлт, таеквондо, цана, хөнгөн атлетик, сагсан бөмбөг, биатлон, тэшүүр, пара байт харваа, пара жүдо, пара пауэрлифтинг, пара хөнгөн атлетик, пара буудлага, пара таэквондо гэсэн төрлүүдэд 157 тамирчин, дасгалжуулагч хамрагдах юм байна. Харин байнгын бус шигшээ багт чөлөөт бөх, жүдо, бокс, байт харваа, хүндийн өргөлт, таеквондо, пара жүдо, пара хөнгөн атлетик, пара буудлага гэсэн есөн спортын төрөлд 140 орчим тамирчин сонгогджээ.

Жүдо бөх: Ахлах дасгалжуулагч: О.Балжинням, дасгалжуулагч: Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, Г.Дашдаваа

Чөлөөт бөх: Ахлах дасгалжуулагч: Б.Баттулга, дасгалжуулагч: Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, О.Ууганбаяр

Бокс: Ахлах дасгалжуулагч: Д.Батсүрэн, дасгалжуулагч: Н.Мөнхсайхан, Б.Пүрэв-Очир, С.Эрдэнэбат

Байт харваа:дасгалжуулагч: Ж.Нарантуяа
Хүндийн өргөлт:дасгалжуулагч Ц.Хосбаяр
Таеквондо:дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Хур Инь Ён
Пара байт харваа:дасгалжуулагч Д.Баатаржав
Пара жүдо бөх:дасгалжуулагч Б.Нарантуяа
Пара пауэрлифтинг:дасгалжуулагч Ш.Энхсайхан
Пара буудлага:дасгалжуулагч В.Ганцоож

Categories
мэдээ нийгэм

ЕБС-иудын “Үдийн цай” шаардлага хангахгүй байна

Өнөөдөр НМХГ-ын сургалтын танхимд “Үдийн цай”хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулийн цайны газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийсэн талаар мэдээлэл өглөө.

Тус шалгалтыг Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн байгаль, орчны газар, Шинжлэх ухаан Техникийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль зэрэг 6 байгууллагат хамтран явуулсан байна. Шалгалтанд Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 127, төрийн өмчийн бус 70 ерөнхий боловсролын сургууль хамрагджээ. Шалгалтаар:

  1. Хамрагдсан сургуулийн 34.5 хувь нь зориулалтын цайны газаргүй, 25 хувь нь хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын агуулахгүй.

2.Цайны газруудын 32 хувь нь хүүхдийн байгууллагад худалдахыг хориглосон /чихэр, бохь, жигнэмэг, хатаасан жимс, чипс, мөхөөлдөс, царцмаг, байгалийн бус гаралтай ундаа, шүүс, ороомог, пирошки/ бүтээгдэхүүн буфетээр худалдаж байгаа нь “ЭМС-ын 2013 оны 207 тоот тушаал”-ын 4.15 дугаар заалтыг зөрчсөн.

3. Шалгалтанд хамрагдсан сургуулиудын 35 буюу 17.7 хувь “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд бага ангийн сурагчдад зориулсан хоол үйлдвэрлэл явуулж байгаа ажлын байранд ажил үйлчилгээний дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаар гаргуулаагүй.

4. Сургуулиудын бага ангийн багш, гал тогооны ажиллагсад нь журманд заасан хугацаанд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамрагдаагүй зөрчил илэрчээ.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу 21 аж ахуйн нэгжид 105 заалт бүхий албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, нийт 25 байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнд 7.1 сая төгрөгийн шийтгэвэр ногдуулжээ. Мөн Баянгол дүүргийн 19 дүгээр сургуулийн цайны газар нь зориулалтын бус эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлж, хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоож, цаашдаа бэлэн бүтээгдэхүүнээр /нарийн боов, сүү, тарагаар/ үйлчлэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Шар усны үерт өртсөн айлыг аврах дадлага сургуулилт болов

Сүхбаатар дүүрэгт явагдаж байгаа гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хоёр дахь бодит дадлага шар усны үерт өртсөн айлыг авран хамгаалах дадлагаар үргэлжиллээ. Уг дадлага сургуулийг дүүргийн 15 дугаар хороо Шадивлангийн гүүрний орчимд зохион байгуулав. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас нийслэл рүү шилжих иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор шилжиж ирсэн айлууд зуслангийн бүс ялангуяа горхи, булгийн эх, шар усны үерт өртөж болзошгүй гуу, жалга дагуу газарт буух нь бий.

Ийм тохиолдолд иргэдийг хэрхэн авран хамгаалах талаар дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги байгууллага хэрхэн ажиллаж, цагийн байдалд тохируулан ямар арга хэмжээ авах тухай дадлага хийжээ.

Categories
мэдээ нийгэм

Тяньжин руу нүүрс тээвэрлэж эхэллээ

nuursДорноговь аймгийн Олон Овоогийн өртөөнөөс БНХАУ-ын Тяньжин боомт хүртэл төмөр замаар нүүрс тээвэрлэх туршилт эхэллээ.Тодруулбал, терминалын бүтээн байгуулалтын эхний хэсгийг хувийн хэвшилтэй хамтран нийт 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр өнгөрсөн оны 11 дүгээр сарын 6-наас арван хоёрдугаар сар 21 хүртэлх хугацаанд барьснаар өдөрт 100-150 вагон нүүрс ачих боломжтой болжээ. Ингэснээр урд хөршид экспортлох нүүрс сард 200 мянга, жилд 2.5 сая тонноор өснө хэмээн албаныхан тодотголоо. Цаашлаад гуравдагч орон руу экспортлох, эрчим хүчний нүүрсээ Эрээний биш Тяньжиний үнээр буюу өндөр өртөгөөр борлуулах боломжийг нээснээр валютын орлогыг өсгөх юм байна. Мөн тус терминал нь ачиж буулгах хэсэг, авто пүү, нүүрс овоолох талбай, тус бүр нь 40 метр урт төмөр замын салаа замтай бөгөөд нэг ачилтаар 28 вагон ачих аж. Эхний замыг ашиглаж эхэлснээр он гарсаар 20 гаруй мянган тонн ачаа ачжээ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн газрын алба хаагчид туршлага судаллаа

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.

Тус цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Нямдаагаар ахлуулсан бүрэлдэхүүн хоёр өдөр Хэвлэл, мэдээллийн төвийн үйл өдөр тутмын үйл ажиллагаа, мэдээ, мэдээлэл боловсруулах, олон нийттэй харилцах, мэдээлэл өгөх үе шат, ажиллагаатай танилцан, гэрэл зураг авах арга техникт суралцав.

Энэ талаар Олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Туяацэцэг “Туршлага судлах ажлын хүрээнд багийн хамт олон “Хэвлэл мэдээллийн байгууллага”-тай хэрхэн хамтарч мэдээллийг өгөх талаар туршлагаасаа болон мэргэжил арга зүйн зөвлөгөөг зав гарган өгсөнд баяртай байна. Эрх зүйч мэргэжилтэй бидний хувьд аливаа мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэхдээ мэргэжлийн түвшинд мэдээллээ бэлтгэх боломжгүй гэх мэт алдаа дутагдал байгааг мэдлээ. Мэдээллийн утга найруулга ямар байх, тухайн мэдээлэл өгч байгаа албан тушаалтан юунд анхаарах талаар болон үйл ажиллагааны фото зургийг хэрхэн авах тухай үнэтэй зөвлөгөө авсан. Мөн хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтнээс өгөгдсөн кейс дээр багаараа ажиллаж, хянуулан алдаа, дутагдал дээрээ ажилласан нь үр дүнтэй ажил болсон гэдгийг илэрхийлмээр байна” гэж ярилаа.

Туршлага судалсан бүрэлдэхүүнд тус цагдаагийн газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Туяацэцэг, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагч, цагдаагийн ахмад Г.Уранбат, эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Аззаяа, мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Цогтбаяр, хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Буяндэлгэр нар багтсан юм.

Categories
мэдээ цаг-үе

Г.Мөнхбаяр: Арилжааны банк ипотекийн зээлийн материал хүлээж авахгүй байвал Монголбанкинд ханд

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяртай ярилцлаа.


-Ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ гэж байгаа хэдий ч иргэд зээлдээ хамрагдаж чадахгүй байна. Яамны зүгээс ямар бодлого баримталж байна вэ?

-Уг нь Монголбанк ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ гээд мэдээлэл хийчихсэн. Бидэнд байгаа нөөц нь жилийн 300 тэрбум төгрөг. Ипотекийн зээлийн хүрээнд нэг айлд дунджаар 58 сая төгрөг олгож байгаа. Ямар ч байсан уг зээл зогсохгүй. Эдийн засаг ийм хүнд байгаа ч гэлээ Засгийн газрын зүгээс ипотекийн зээлийг үргэлжлүүлэхээр шийдэж байгаа. Яахав одоогоор зарцуулж буй хөрөнгийн хэмжээ хангалттай хэмжээнд байхгүй байна. Гэхдээ одоохондоо байгаа боломждоо тулгуурлаад зээлээ олгоё. Цаашид мэдээж хэрэг эдийн засаг сайжрахын хэрээр зээлийн хэмжээг нэмэгдүүлэх байр суурийг баримталж байгаа. Тийм гарц ч хайж байна. ОУВС-гийн зүгээс ч тэр ихэнх хөтөлбөрийг зогсоосон мөртлөө ганцхан ипотекийн зээлийг үргэлжлүүлэх тохиролцоо хийсэн.

-Албаны хүмүүс ипотекийн зээлийг олгож байгаа гэж ярьж байна. Гэтэл бодит байдал дээр арилжааны банкууд зээлийн материал хүлээж авахгүй юм?

-Ямар нэгэн байдлаар материал хүлээж авахгүй, эсхүл зогссон зүйл байхгүй. Өмнө нь арилжааны банкууд Монголбанкны өмнө үүрэг хүлээдэг байлаа. Одоо бол Засгийн газар, ард иргэдийн өмнө үүрэг хүлээж байгаа. Тухайн арилжааны банк өөр дээрээ зээлтэй барилгын компанийн орон сууцанд л зээл олгоод байгаа. Үүнийг болиулахаар ярилцсан. Бүх хүнд тэгш үйлчлэх ёстой. Энэ талаар ойрын үед арилжааны банкуудтай уулзалт хийж шийдвэрлэнэ.

Засгийн газрын зүгээс нэлээн хүлээцтэй харлаа. Гэтэл иргэн хүн банкин дээр явж очоод зээл хүсэхээр “Зөвхөн манайхтай гэрээтэй барилгын компаниас байр ав” гэж тулгадаг. Энэ буруу. Үүнийг засна.

-Арилжааны банкууд өөрсдийн дотоод эх үүсвэрээ ипотекийн зээлд ашиглах ёстой гэж байсан. Уг асуудал юу болж байгаа вэ?

-Шаардаж байгаа. Ипотекийн зээл Монголбанкнаас Засгийн газарт шилжин ирж байна. Төсөвт 110 тэрбум төгрөг суулгаад явж байгаа. Харин зээлийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг арилжааны банкуудтай тохиролцож шийднэ. Гэрээгээ шинэчлэн байгуулна гэсэн үг. Ингэхдээ хоёр зүйл шаардаж байгаа. Нэгдүгээрт, та манай хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах уу. Засгийн газрын зүгээс дөрвөн хувийн хүүтэй мөнгө олгож байгаа. Банк үүрэг хүлээж байгаа бол хүлээсэн шиг хүлээ. Хоёрдугаарт, банкин дээр шал өөр бодлого яваад байж болохгүй. Банк өөрөө өөрийгөө авч явах хэмжээний бодлогодоо тулгуурлаад байж болохгүй. Нийт иргэдэд тэгш хандсан бодлого шаардаж байгаа.

-Хамгийн сайн эргэн төлөлттэй гэгдэж буй уг зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэхийн тулд гадны улс орнуудаас эх үүсвэр хайж байгаа юу?

-Хоёрдогч зах зээлд арилжааны хэлбэрийг хэрхэн гаргах вэ гэдэг гарцыг эрэлхийлж байгаа. Өөрөөр хэлбэл төр бүх зээлийг авч яваад байх хэцүү. Тиймээс арилжааны банкуудад санал болгож байгаа юм. Өөрсдийн дотоод эх үүсвэрээрээ санхүүжилтээ шийдээд яв гэдэг хувилбар санал болгож байгаа. Тэд чадахгүй бол олон улсын жишгийн дагуу хоёрдогч зах зээл рүү хандана.

-Хөдөө орон нутагт хэрхэн үргэлжлэх вэ?

-Эх үүсвэрээсээ шууд хамаарна. Эх үүсвэр нэмэгдэнгүүт зээл олгож эхлэх юм. Мэдээж хэрэг тэнд арай өөр нөхцөлтэй байх ёстой. Хүү багатай, хугацаатай урт. Одоохондоо орон нутагт зээлийн олголт санхүүжилтээс болж саатаж байгаа байх. Яваандаа нэлээн жигдэрнэ. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд байна.

-Зээлийн материал хүлээж авахгүй байгаа арилжааны банкуудыг хэрхэх вэ. Ийм үед иргэд хаана хандах вэ?

-Хэрэв арилжааны банкууд ипотекийн зээлийн материал хүлээж авахгүй байвал Монголбанкинд өргөдөл гаргаад өгчих. Тэд материал хүлээж авахгүй байх ёсгүй.

-Түрээсийн орон сууц хөтөлбөр юу болж байна вэ?

-Түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжиж байна. Ямар ч байсан эргэлт гаргаж чадсан. Уг хөтөлбөрт Засгийн газар шийдвэрээ гаргаад явж байна. Тэр нь ямар шийдвэр вэ гэхээр түрээсийн орон сууцны хэмжээг хязгаарлахаа больчихлоо. Иргэд орон сууц түрээслэх гэж байгаа бол заавал тэдэн м2 талбайтай байх ёстой гэж заахаа больсон. Хоёрдугаарт, хэнийг оруулах вэ гэдэг цензурыг төвөөс барьж байсныг болиулсан. Ингэснээр тухайн асуудлыг орон нутагт нь шийддэг боллоо. Хөдөө орон нутагт байгаа түрээсийн орон сууцанд хэн орохыг тухайн аймгийн Засаг даргын хүрээнд шийддэг болсон.

-Хөтөлбөр үргэлжилж байгаа ч гэлээ түрээсэнд их мөнгө төлөх гурван өрөө орон сууц санал болгож байгаа нь хэр оновчтой юм бэ?

-Голдуу гурван өрөө орон сууц бий нь үнэн. Гэхдээ түрээсийн төлбөр тийм өндөр биш шүү дээ. Хоёр өрөө байранд амьдардаг мөртлөө гурван өрөө түрээслэх сонирхолтой иргэд байдаг.


Categories
мэдээ цаг-үе

“Мөрдэс”-тэй ноход

Малина үүлдрийн Шуурга нэртэй нохой

“Шуурга суу”, “Шуурга томоотой байгаарай” хэмээн хэлэхийг сонссон нохой чихээ хулмалзуулан аажуухан гөлөгнүүдээсээ холдож оцойн суух зуураа басхүү эзнийхээ зүг горьдонгуй харах аж. Шуурга энгийн нэгэн нохой биш. Тэр бол цагдаагийн албан хаагч. Цагдаагийн албанд хар тамхины чиглэлээр гурван жил ажилласан малина үүлдрийн нохой юм. Харин түүний ажлын талбар дээр үүрэг гүйцэтгэх хугацаа дуусгавар болжээ. Тиймээс ЦЕГ-ын Сургалтын төвийн нохой сургалтын албаныхан түүний үр төлийг авахаар үржилд оруулсан гэнэ. Учир нь Шуурга охин нохой хэдий ч эрэмгий, дайчин, эрэл мөрдлөгийн үед маш шуурхай үүргээ биелүүлдэг албаны шилдэг нохойны нэг тул түүний энэ чанарыг өвлөсөн үр төлийг гаргаж авахаар албаны нохой сургалтын төвийнхөн зорьсон хэрэг. Тэрээр таван гөлөг гаргасан бөгөөд биднийг очих үед гөлөгнүүд эхийнхээ хөхнөөс гарах өдөр таарсан нь энэ. Шуургыг байрнаас нь гаргаж гөлөгнүүдийг сүүлийн удаа хөхүүлж буйг тэр ч мэдэрсэн гэмээр үр төлөөсөө холдож ядан үнэрлэж, долооно. Харин сургагч нар нэг нэгэндээ “Сайн бариарай гөлгөө зуугаад зугтаах вий” гэж захих. Удсан ч үгүй гөлөгнүүдийг сургагч нар нэг нэгээр нь аваад явчихав. Харин эхийг нь байранд нь буцаан хийлээ. Тэр биеэ тэнхрэхээр бэлтгэл сургуулилтдаа ороход анхаарал тавих л үлджээ. Шинэ төлийг 45 хонуулаад хөхнөөс нь гаргаж сургагч нарын мэдэлд өгдөг. Эдгээр гөлөгнүүд дөрөвдүгээр сарын эхээр албаны бэлтгэл сургуулилтад орж эхлэх юм байна. Товчхондоо бие дааж эхэлнэ. Яг л хүн шиг.Багаасаа бэлтгэгдэнэ гэсэн үг. Нэг ёсондоо цэцэрлэгээс нь суралцаж бэлтгэлийн хашаа хороо, хэрэглэгдэх багаж хэрэгсэл, гүйж харайх зам, турниктэй танилцана. Албаны нохой сургалтын төвийн шинэ төл бүхэн ийм маягаар бэлтгэгддэг байна. Шуурга нэртэй уг нохойг Хятадын цагдаагийн сургуулийн сургалтын төвөөс авчирсан бөгөөд ирснээс нь хойш Д.Баттөр гэх залуу сургагчаар нь ажиллаж байгаа аж. Цагтаа тэрээр Толгойтод болсон нэгэн хэргийн газарт ажиллаж хар тамхины хэрэглэгдэхүүн, түүхий эдийг олж өгч байсан зэрэг олон гавьяа байгуулсан нохой аж.

Цагдаагийн ерөнхий газрын Албаны нохой сургалтын хэлтэс одоогийн байдлаар 60 гаруй нохойг хар тамхи, харуул хамгаалалт, эргүүл, эрэл, авран хайх ажиллагааны чиглэлээр бэлтгэн ажиллаж байна. Ажлын чадвараас хамаараад Шуурга, Аянга, Салхи зэрэг янз бүрийн нэртэй ноход байх. Энэ дунд нөгөө алдарт Руслан ч бий.

Энэ талаар Албаны нохой сургалтын хэлтсийн Ахлах дасгалжуулагч Г.Энхжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Аль үүлдрийн нохой цагдаагийн албанд ашиглахад илүү тохиромжтой вэ. Үүлдрэээс нь хамаараад ашиглах чиглэл нь хүртэл өөр байдаг уу?

-Тэгнэ. Манай цагдаагийн албанд долоо, найман өөр үүлдрийн 60 гаруй нохой үүрэг гүйцэтгэж байна.Тухайн үүлдрээсээ хамаараад нохой бүр харилцан адилгүй мэдрэмж, чадамжтай байдаг. Тухайлбал, манайх 40 гаруй немц овчаркийг эрэл мөрдлөгийн чиглэлд түлхүү ашигладаг.Энэ үүлдрийн нохой дэлхий нийтийн найман стандарт шалгуурыг бүрэн хангасан байдаг. Өргөн, тархац ихтэй учир дэлхий нийт цэрэг хүчний байгууллагуудад эрэл, мөрдлөг, аврах, харуул хамгаалалтын чиглэлээр түгээмэл ашиглаж байна. Германаас гаралтай хоньч нохой. Харин малина үүлдрийн хоёр нохойг хар тамхины чиглэлээр сургаж ажиллаж байгаа. Бельги улсын Малина тосгоноос гаргаж авсан нохой л доо. Их хөдөлгөөнтэй, хурдтай, хүчирхэг шинж чанартай нохой.

-Саяхан олны танил жүжигчний хүү хар тамхинаас үүдэлтэйгээр амиа алдсан харамсалтай хэрэг гарч олныг цочирдуулсан. Тус хэргийн эд мөрийн баримтыг нохой илрүүлсэн байсан.Танай хоёр нохойг ашигласан уу?

-Тэгсэн. Өнгөрсөн жил авчирсан хоёр малина үүлдрийн нохойнуудын тусламжтайгаар эд мөрийн баримтыг илрүүлсэн байсан. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс холбогдоод хар тамхины том хэрэг гарсан.Хэрэгт холбогдох хүмүүс хар тамхи хэрэглэсэн нь шээсний шинжилгээгээр тогтоогдсон.Гэхдээ эд мөрийн баримт олдохгүй байна. Тиймээс нохой ашиглах хүсэлтэй байна гэдгээ мэдэгдсэн. Манайхаас дөрвөн алба хаагч үүний дагуу хоёр нохойтойгоо ажиллаж мансууруулах төрлийн өвс, мөс, амь витамин зэрэг олон төрлийн бодисыг олсон. Тухайн зүйлсүүдийг гэмт этгээдүүд ариун цэврийн өрөөний суултуурын бочки, хувцасны шүүгээ, гутлын түрий, хиртэй хувцасны дунд нуусан байсан л даа.

-Дээрх хоёр нохойг хар тамхины чиглэлээр ажиллуулаад хэр удаж байна?

-Хоёр нохой маань жил болох гэж байна. 2016 онд Хөх хотод сургалтад хамруулаад ирсэн.

-Ажиллах хугацаандаа хар тамхитай холбоотой хичнээн дуудлагад хэр үр дүнтэй ажилласан бэ?

-Дээрх нохдыг ажиллах хугацаанд хар тамхины чиглэлээр 15-16 дуудлагад очсон. Энэ бүхэнд мансууруулах төрлийн бодис илрүүлээгүй тохиолдол гэж байхгүй.

-Нохойг хар тамхины чиглэлээр бэлтгэхдээ тодорхой хэмжээний мансууруулах төрлийн бодис тарьдаг гэдэг. Үнэн үү?

-1990-ээд оны үед ОХУ-д энэ аргыг түлхүү хэрэглэдэг байсан л даа. Манайх ч гэсэн тодорхой хэмжээний тунгаар тарьдаг байсан нь үнэн. Гэхдээ цаг үе хөгжихийн хэрээр энэ арга ч гэсэн өөрчлөгдсөн.Яагаад гэвэл хар тамхины хор амьтанд ч мөн муу нөлөө үзүүлдэг. Сургалтын нохой албанд дөрвөн жил ажиллах чадвартай байдаг бол хар тамхинаас болж ердөө хоёр жил ажиллаж бие махбодын хувьд чадамж нь хэд дахин буурч ирсэн. Үнэртэх чадвар нь алдагддаг. Тиймээс сүүлийн жилүүдэд ОХУ-ын үйлдвэрлэсэн үнэр оруулагч бодис хэрэглэх болсон. Тухайн бодисыг нохойд үнэрлүүлж дасгах маягаар бэлтгэдэг болсон. Энэ бодис халуун цустай амьтанд ямар нэг гаж нөлөө үзүүлдэггүй. Ер нь хар тамхины хэрэг, хар тамхи илрүүлэх гэдэг нохой сургалтын хувьд ялгаатай ойлголт л доо. Нохой хэргийн гадна орчин, дотор эд зүйл олж хайхаас эхлээд хоорондоо ялгаатай. Хар тамхины чиглэлээр мэргэшсэн нохой эрэл мөрдлөгийн чиглэлээс арай өөр. Лифт, пракетин шал, гэрэл цацруулагч зэрэг анхаарал татахуйц зүйлд сатаарахгүй зөвхөн тухайн бодисыг үнэрлэж, хайж олоход бүрэн бэлтгэгдсэн байдаг гэв.

Мөн кокер спанель үүлдрийн нохойг хар тамхины чиглэлээр ашигладаг байна. Гэхдээ тус төвд ганцхан бий. Жижиг бие түүний гол онцлог.Бие жижигтэй учраас юмны завсар зай, доогуур мөрдлөг, эрэл хайгуул хийхдээ сайн бөгөөд их шаргуу зан чанартай гэнэ. Сонирхуулахад сургалтад ашиглаж буй хар тамхины үнэр оруулагч бодисыг хоёр сая 500 мянган төгрөгөөр гаднаас авдаг байсан бол саяхнаас дотооддоо инновацийн төвтэй хамтран 250 мянган төгрөгөөр гаргаж авч байгаа гэсэн. Харин Канадаас гаралтай лабрадор үүлдрийн хоёр нохой цагдаагийн албанд хөтчийн үүрэг гүйцэтгэхээр ажиллаж байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран хараагүй хүмүүсийн хөтөч болгохоор төлөвлөж байгаа аж. Харин цагдаагийн байгууллагад тэсрэх, дэлбэрэх зүйл илрүүлэхэд хөтчөөр ашигладаг байна. Ихэнхдээ бэлтгэл сургуультай байдаг. Энэ төрлийн дуудлага тэр болгон гараад байдаггүй учраас бусдаасаа ялгарах ажлын онцлог нь энэ. Гол чанар нь дөлгөөн тайван зантай, элгэмсэг тул хүнтэй их ойр дотно гэнэ. Харин АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр тэсрэх, дэлбэрэх зүйл илрүүлэх чиглэлээр ажилласан байна. Ингэхдээ нэгэн гадны томоохон төлөөлөгчид үйлчилж байсан автомашинаас шингэн гоожиж байхыг илрүүлжээ. Тухайн шингэн бодис нь гал хүрсэн тохиолдолд автомашин дэлбэрэх аюултай байж. Энэ мэтчилэн дээрх үүлдрүүдээс гадна төрийн тусгай хамгаалалтад кавказ овчаркыг түлхүү ашигладаг бол Германаас гаралтай ротвейлер үүлдрийн нохойг дайралтын ажиллагаанд ашиглах жишээтэй.

Харин эдгээрээс харуул хамгаалалт, дайралтын чиглэлээр бэлтгэгддэг кавказ, ротвейлер зэрэг үүлдрийн нохойг гэрийн нөхцөлд тэжээх тохиромжгүй бөгөөд товчхондоо төрөлхийн догшин авир төрхтэй учир хэзээ нэг цагт таныг гэмтээж болох араатан тэжээж байгаа гээд хэлчихэд буруудахгүй аж. Харин малина, спанель, лабрадор үүлдрийн нохойг тэжээх тохиромжтой гэж мэргэжлийн хүн зөвлөснийг дуулгахад илүүдэхгүй биз. Тэгвэл монгол банхар аливааг удаан хүлээж авдаг учраас албаны нохойн шаардлага хангадаггүй гэдгийг ч сургагчид ярьж байв.

Сургалтын төвийн ноход өөрсдийн эзэнтэй. Нохой сургагчдын хувьд мэргэшсэн 10 гаруй алба хаагч бий.Тэдний дунд 23 жил ажилласан ахмад Ш.Бямбасүрэн, 24 жил ажилласан эмч, хошууч Я.Ёндонжамц нарыг дурдахгүй байх аргагүй. Нохой сургагчдын үр хүүхдүүд ч удам дамжиж ажиллах нь бий. Хамгийн гол нь нохой эзнийхээ зан араншинг яг дагадаг учраас хэт сэтгэлийн хөдлөлтэй, түүнийгээ барьж чаддаггүй, тогтворгүй хүн энэ албанд тохирохгүй аж. Тэд эзнийхээ гомдох, баярлах, уурлахыг андахгүй. Харахад эзнийхээ ааш аягийг их харж, зан засах аж. Бас гомдохдоо ч амархан гэнэ.Тэд цагийн хуваарийн дагуу бэлтгэл сургуулилтаа хийх бөгөөд өдрийн 4150 төгрөгийн хоолны нормтой. Адууны мах, шөл болон витаминт уураг ихтэй хоол иднэ. Ажлын талбарт их цагаар ажилласан үед тахианы мах чанаж шөл хүртэл өгч ядаргааг нь гаргадаг байна. Эргүүл, харуул хамгаалалтад гардаг нохдын хувьд өглөө эзнээ ирэнгүүт ажилдаа гарна. Нохойны тухайн өдрийн бэлтгэсэн хоолыг авч гарна. Харин охин нохойны үржлийн хувьд гэвэл төрөхийн өмнө, төрөхийн гээд тусдаа байртай. Мөн нэмэгдэл тэжээлтэй.Хээлтэй нохдыг өдөржин хашаанд хориод байж болдоггүй гэнэ. Яг л жирэмсэн хүн шиг арчилгаа шаарддаг байна.Тэгэхгүй бол хөдөлгөөний дутагдалд орж, дөрвөн мөчний шөрмөс нь хөших зэрэг эрсдэлтэй.Тиймээс тусад нь хашаа барьж цагаар ээлжилж салхилуулдаг аж.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Г.Гантулга: Шүүмжлэхээсээ илүү өөдрөг мессэж өгье гэж Улаанбаатарын давхар замын зургийг хийлээ

“Сая санаа” компанийн ерөнхий менежер Г.Гантулгатай ярилцлаа.


-Танай компани Улаанбаатарт давхар зам тавих боломжтой гээд зургийг нь хүртэл гаргасан нь сонирхол татаж байна. Хэр хугацаанд хийсэн зураг вэ?

-Ажлынхаа хажуугаар хийсэн болохоор хорь орчим хоногийн хугацаа зарцуулсан. Эхлээд энэ зургийг яагаад хийх болсноо яривал илүү ойлгомжтой болох байх. Нийгэм их бухимдалтай болсон анзаарагддаг. Түгжрэл, утаа гээд бүх асуудалд төр засгаа буруутгасан хандлага хавтгайрсан. Залуус ийм сэтгэхүйтэй болоод байгаа нь харамсалтай санагддаг. Манай компанийнхан дандаа залуус. Төр засгаа шүүмжилж буруутгахын оронд өөрсдөө ямар нэгэн шийдэл санал болгоё гээд цуврал шийдлүүд гаргаж байгаа. Санал болгосон шийдлүүдийн маань нэг нь таны сонирхсон давхар зам. Бид зургийн хүмүүс учраас санаа шийдлээ зургаар илэрхийлж байгаа юм. Инженерүүд, багш нар гээд мэргэжил бүрийн хүмүүс чиглэл чиглэлээр тодорхой шийдэл санал болгооч ээ гэж уриалж байгаа. Бидний хийж байгаа зураг захиалгатай ажил биш, яг хийе гэсэн төсөл ч биш. Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж хийж байгаа л ажил. Захиалгат ажлууд ихтэй учраас бид маш завгүй ажилладаг. Гэхдээ шөнө орой, зав чөлөөгөөрөө сууж байгаад шийдлүүдээ санал болгосоор байх болно. Улаанбаатар хотыг анх 500 мянган хүнд зориулж төлөвлөсөн. Гэтэл өнөөдөр аль хэдийнэ сая гарсан хүн амтай хот болчихсон. Нэг сая 600 мянган хүнтэй болсон учраас замаас эхлээд бүх талаараа даац ачаалал хэтэрсэн гэсэн үг. Даац нь хэтэрсэн учраас зам түгжрэлтэй байхаас аргагүй л дээ. Эргэн тойронд байшин барилга баригдсан учраас замуудыг сунгаад тэлээд байх боломж хомс. Зүгээр шүүмжлээд суухын оронд түгжрэлийг бууруулах өөр гарц хайх учиртай. Нэг гол гарц нь давхар зам. Яг хийчихье гэсэн санаа биш л дээ. Иймэрхүү харагдана, ийм байж болно гэсэн бодлоор нийгэмд өөдрөг мессэж өгье гэж зорьсон юм.

-Давхар замын зургаа яагаад төв замын дагуу хийсэн юм бэ?

-Бидний хувьд хүмүүст ойр, танил гэдэг утгаар нь төв зам дээр давхар замын зураг хийсэн юм. Улаанбаатарт давхар зам хийх бүрэн боломж бий. Метро хийхэд газар ухах, шугам сүлжээ хөндөж янзлахаас эхлээд маш том бүтээн байгуулалт өрнүүлнэ. Харин давхар замын хувьд арай хялбар байдлаар хийчих боломжтой.

-Төв зам дээгүүр татсан давхар замын зургаас харахад буудлыг нь нэлээд зайтай төлөвлөжээ?

-Буудал нь ойрхон байвал төвлөрлийг татаад байх болов уу гээд буудлыг нь зайтай төлөвлөсөн юм. Сүлжмэл, Саппоро, Баруун дөрвөн зам, Багшийн дээд, Зүүн дөрвөн зам, Офицерийн тойрог, Ботаник гэсэн цэгүүдийг сонгосон. Талбай дээр яагаад буудал байхгүй байгаа юм бэ гэх мэт асуулт гарч магадгүй. Гэхдээ давхар замаар холын зайнд явах хүмүүс зорчвол түгжрэлийг бууруулах талаасаа илүү зөв шийдэл болох байх гэж бодсон. Үндсэндээ замынхаа ачааллыг хоёр хуваачихаж байна гэсэн үг. Одоо бол хол, ойрын зай ялгаагүй нэг замаар зорчиж буй учраас түгжрээд байгаа юм. Гэхдээ манай гаргасан зургийг харсан хүмүүс хотын төв хэсэгт давхар зам дэмий, хэтэрхий шуугиан чимээ, хөдөлгөөнтэй болно хүнээ бодсонгүй, түгжрэлд л анхаарлаа гэсэн шүүмжлэлүүдийг хэлсэн. Төв замын дээгүүр давхар зам барихгүй байх гарц бий. Урагшаа Нарны замын чигээр ч юм уу, эсвэл хойшоо Зуун айлын замаар давхар зам тавьж болно.

Төв замын явган хүний гарц

-Давхар зам барихаар боллоо гэхэд хамгийн түрүүнд шийдэх ажил нь технологи талаасаа юу вэ?

-Технологийн хувьд дийлэнх хотуудад давхар зам байгаа учраас ямар ч асуудалгүй. Хамгийн ойрын жишээ гэхэд Бээжин. Бээжингийн хувьд төвдөө биш захаараа аалзны тор шиг сүлжилдсэн давхар замуудтай. Давхар замын хувьд даац авах баганууд их чухал. Баганын доорхи суурийн ажил гэж бий. Нарны гүүр, Энхтайваны гүүрэн доор очоод доод хэсгийг нь харахад л давхар замын шийдэл тодорхой харагдана. Тэгэхээр багануудын зай талбайг шийдсэнээр давхар замаа шийдчих боломжтой гэсэн үг.

-Замын компаниуд та нарын хийсэн зургийг хараад хандаж байна уу?

-Танил талын хүрээгээр нэлээд олон газраас сонирхож хандсан.

-Давхар замаас өөр ямар зураг хийсэн бэ?

-Байгалийн түүхийн музей ажиллахаа болиод хоёр жил орчим болчихсон хуучин барилга. Хажуугаар нь явах бүрд “Их гоё байрлалтай, хотын түүхийг өгүүлэхээр эртний энэ гоё байшинг засч янзлаад сайхан болгочих юмсан” гэсэн бодол төрдөг юм. Тэгээд манайхан ярилцаад Байгалийн түүхийн музейг шинэчилье гэсэн шийдэл гаргаж зураг хийсэн. Барилгын нүүрэн хэсэгт төмөр рам зангидаж фасад хийе гэсэн санаа гаргасан юм. Доогуур нь явган хүний замыг коридор гаргаж шийдсэн. Шилэн фасадан дотор үлэг гүрвэлийн дуураймал үзмэрүүд тавьж гэрэлтүүлчихвэл гаднаасаа маш гоё харагдана. Харсан хүн бүр орохгүй байх аргагүй сэдэл төрүүлэх зураг хийсэндээ баяртай байгаа. Бидний зураг ажил болбол Байгалийн түүхийн музейн барилга Монголыг сурталчлах байгууламж болж чадна. Байгалийн түүхийн музейн зургийг харсан хүн бүр эерэг сэтгэгдэл хэлж байсан нь бидэнд их том урам өгсөн.

-Төв дөрвөн замын гүүрэн гарцын зураг гаднаасаа маш үзэмжтэй харагдаж байна?

-Өнгө үзэмж талаасаа төвд учраас гоё байх ёстой гэсэн бодлоор зургаа гаргасан. Бас явган зорчигчдын аюулгүй байдлыг бодолцож үзсэн л дээ. Төв зам учраас машины хөдөлгөөн ихтэй. Явган хүний гүүрэн гарц барьчихвал аюулгүй байдал талаасаа их зөв шийдэл болох юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс лифтээр, бусад нь шатаар гараад явах боломжтой. Өвлийн дүн хүйтнээр дулаацчих давуу талтай (инээв). Дотор нь түргэн хоолны газар, кофе шоп зэрэг түрээсийн газар ажиллуулаад түрээсийн мөнгөөр нь цахилгаан гэх мэт зардлуудаа шийдчих бүрэн боломжтой. Наад зах нь төв замын хөдөлгөөнийг харангаа кофе уухыг хэн ч сонирхоно. Эдийн засгийн ийм үндэслэлтэй төслийг санал болгож зургийг нь гаргаад байна. Хотын төв цэгт одоогоор бол намхан байшингууд байгаа. Яваандаа, арав, хорин жилийн дараа орчин цагийн шийдэлтэй өндөр байшингууд сүндэрлэх нь ойлгомжтой. Бид явган хүний гүүрэн гарцынхаа зургийг ирээдүйг харж хийсэн. Өндөр байшингуудын дунд маш гоё харагдана.

-Ер нь нэг ийм зургийг хэчнээн хүн хийдэг вэ?

-Дор хаяж дөрөв таван хүн хийнэ. Илүү том зураг бол ажиллах хүн нь нэмэгдэнэ. Зардалтай учраас зураг ажиллагаатай, үнэлгээтэй байдаг. Барилгын норм, стандартын дагуу үнэлгээнүүд гарчихсан байдаг л даа. Барилгын захиалгат зургуудыг бид тэр үнэлгээний дагуу хийдэг. Зургийн салбар Монголд хөгжөөд багагүй хугацаа өнгөрсөн ч нийгэм, хүмүүсийн дунд зураг чухал гэсэн ойлголт бүрэн утгаараа бүрдээгүй тал бий. Зураг бол барилгын амин судас, зүрх нь. Зураггүйгээр барилга барьчихвал тэр нь төлөвлөлт, шийдэл муутай болдог. Бид барилгын зургаас гадна дизайны зураг зурдаг. Барилгын зураг гэхээр тухайн барилгын даац тооцоолол, лифт, шат нь хаана байх гэх мэтийг төлөвлөдөг бол дизайных гэдэг нь харагдах байдлыг чухалчилдаг.

Байгалийн түүхийн музейн шинэчилсэн зураг

-Танай компанийн зургийг нь хийсэн олны мэдэх ажлууд гэвэл юу байна?

-Манайх жил гаруй болж байгаа залуу компани. Гэхдээ том компаниудад ажиллаж байсан туршлагатай залуус нэгдсэн учраас өмнө нь хийж бүтээсэн ажлууд бий. Манай ахлах мэргэжилтнүүд “МCS”, “Шунхлай” гэх мэт том газруудын барилгын компанид ажиллаж байсан. Тэнд ажиллаж байхдаа “Вива сити”, “Будда виста”, “Орчлон” зэрэг томоохон бүтээн байгуулалт дээр ажиллаж байсан. Ийм туршлагатай залуус нэг баг болоод ажиллаж байгаа.

-“Сая санаа”-гийн залуусын дараагийн өөдрөг мэссэж юу байх вэ?

-Утаа нийслэлийн хамгийн тулгамдсан асуудал болчихсон. Утаатай холбоотой нэг шийдэл санал болгох гээд ажиллаж эхэлсэн. Нялх хүүхдүүд, жирэмсэн ээжүүд хот дотроо агаарт яваа юм шиг орчинд тухлах газар хомс байдаг. Дубай халуун орон. Тэнд шилэн хоргонд маш том цанын бааз байгуулсан байдаг юм. Өвлийн улиралд нар ээсэн, цэвэр агаартай орчныг бүрдүүлсэн нарладаг, тухалдаг байгууламжийн зураг тун удахгүй бэлэн болно.

-Сайхан санаа байна. Хаана байгуулбал зүгээр бол?

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хавь илүү тохиромжтой санагдаад байгаа юм.

-Ажлынхаа хажуугаар эерэг мэссэж өгсөн зургуудаа зурсаар байх уу?

-Тэгнэ. Бид чадах хэмжээндээ ийм эерэг мэссэж өгсөөр байх болно.


Categories
мэдээ нийгэм

Үзүүлэх сургалт зохион байгуулав

Цагдаагийн байгууллагаас шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, шүүхийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр улсын хэмжээний бүх шатны шүүхийн тамгын газрын дарга нарыг оролцуулсан “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах” сэдэвт анхны үзүүлэх сургалтыг Сайншанд суманд Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас амжилттай зохион байгууллаа.

Үзүүлэх сургалтад Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Дорноговь аймгийн Шүүхийн тамгын газар, Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба зэрэг төрийн байгууллага хамтран оролцжээ.

Тус үзүүлэх сургалтын үйл ажиллагаанд ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, туслах комиссар П.Энхтогтох, тус албаны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ж.Батзориг, ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа И.Даваажамьян нар оролцсон байна.

Categories
мэдээ улс-төр

“Эрдэнэт”-ийн 49 хувийг шалгаж байна

Үндсэн хуулийн цэц зурган илэрцүүдУИХ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах шийдвэр гаргасныг иргэн Р.Очирбал Үндсэн хууль зөрчсөн шийдвэр хэмээн үзэж, Үндсэн хуулийн цэц/ ҮХЦ/-д хандсан юм.

Энэ асуудал ямар шатанд явааг тодруулбал, яг одоо эл асуудлыг Цэцийн гишүүн шалгаж байгаа аж. Хуульд зааснаар гомдлыг 14 хоногт багтаан шалгах үүрэг хүлээдэг байна. Хэрвээ дээр дурдсан хугацаанд шалгалт амжихгүй бол дахин 14 хоногоор сунгаж, асуудлыг судлах боломж Цэцийн гишүүнд бий аж.

Улмаар Цэцийн гишүүний дүгнэлт нь УИХ-ын “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн байх магадлал байна гэж гарвал Дунд суудлын хуралдаан товлох юм байна.