Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн сурагчдын амралт эхэллээ

Орон нутгийн сурагчдын амралт эхэллээ зурган илэрцүүд

Орон нутгийн сурагчдын III улирлын амралт өчигдрөөс эхэллээ. Амралт дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ. Харин Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд энэ сарын 30-наас эхлэн амарна. Гэхдээ тэдний амралт долоо хоног л үргэлжлэх юм байна. Энэ өнгөрсөн өвөл хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэссэний улмаас сурагчдын амралтыг 10 гаруй хоногоор сунгасан билээ. Тиймээс энэ удаагийн амралтыг ийнхүү хасчээ. Ингэснээр сурагчдын зуны амралт ирэх тавдугаар сараас хуваарийн дагуу амрах боломжтой болж байгаа аж.

О.ӨНӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ай хөөрхий Дүүриймаа

дүүриймаа зурган илэрцүүд

Хөдөө томилолтоор очсон дарга нарыг угтаж, үддэг нэг тийм заншил маягийн зүйл тогтоод удаж байна. Төөрсөн хүнд замчлах гэж байгаа юм уу гэлтэй сайд, дарга, албан тушаалтнуудыг очихоор малийтал инээсэн аймаг, сумын дарга нар нутгийн хилийн дээсэн дээр сүр бараатай угтаж авдаг. Бас болоогүй ээ, нутгийн хамгийн сор болсон сайхан бүсгүй нүүрэндээ мишээл тодруулан ирсэн дарга нарт хадаг, сүү барина. Ингэж угтаж, үдэх ёслол хийхгүй байхыг саяхны Засгийн газрын хуралдаанаар шийдэж, аймаг, сумын Засаг дарга нарт үүрэг болгожээ. Зөв шийдвэр байна.

Бензин тос, цаг зав гарздан хорь, гучуулаа хотоос ирсэн дарга, эрх мэдэлтнийг тосох ямар хэрэг байдаг байна аа. Ямар гадаад айлчлал биш дээ. Дотооддоо, түм буман дагуултай, тавь жаран машинтай очиж байхад нь бас нэг жижиг дарга төдий тооны дагуул бараа бологчтойгоо угтаж, улаан хивсний ёслол шиг юм хийх ямар ч хэрэг байхгүй.

Иймэрхүү дүр зураг харахаар “Ховор хүмүүс” кино санаанд буудаг. Киноны гол дүр Дүүриймаа бүсгүй хотоос ирсэн төлөөлөгчийг уяраах үүрэг авч, ирэхэд нь жоготой инээмсэглэлээр угтдаг даа. Одоо цагийн “Дүүриймаа”-нууд яг адилхан.

Ингэж идээ ундаа амсуулж, мэндийн хэдэн үг хэлэхийн төлөө тэгж олон машин хөлөглөж, тийм олуулаа хамаг ажлаа орхиод очдог нь сонин. Угтах, үдэх бараг л адилхан. Машин тэрэг, инээсэн дарга, санаа алдан үлдэх хадаг, сүүтэй сайхан бүсгүй.

Цаашид энэ байдал үгүй болох нь ээ. Нутаг, нутгийн үзэсгэлэн гоо Дүүриймаанууд минь угтаж, үдэх ажилгүй боллоо. Ай хөөрхий Дүүриймаа. Ажилгүй болсон Дүүриймаа…


Categories
мэдээ цаг-үе

О.Анужин: “Хүн бүхэнд төрсөн өдрөөр нь охин нь “Хунт нуур” бүжиглэж өгөхгүй байх” гээд ээж минь их баярлаж байсан

Э.Чойдогийн “Шарилжин дундах цэцэг” балет өнгөрсөн амралтын өдрүүдэд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдсон. Энэхүү балетын гол дүрийн үзэсгэлэнт Урангоо бүсгүйн дүрийг амилуулсан Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, УДБЭТ-ын гоцлол бүжигчин Отгонтөгсийн Анужинтай ярилцлаа.

-“Шарилжин дундах цэцэг” балеттеатрын тайзнаа тоглогдлоо. Энэхүү балетыг анх хэзээ тавьж байсан юм бол?

-Э.Чойдогийн “Шарилжин дундах цэцэг” балетыг анх 1963 онд Монголын тайзнаа тавьсан түүхтэй. Миний хувьд гол дүрийн Урангоо бүсгүйн дүр болох бүтээж байгаа бол сэтгэлт залуугийн дүрийг Соёлын тэргүүний ажилтан А.Эрдэнэболд, Ширүүнгарьдад Эрдэнэжаргал, Ёмбод Хаан-Очир нар тоглож байна. Энэхүү балетын эхэнд олон жилийн өмнө нас эцэслэсэн хоёр баатрын булш харагддаг Булшны нэгэн дээр цэцэг, нөгөө дээр нь шарилж ургасныг харуулж үзэсгэлэнт Урангоо бүсгүй эхний булшны дэргэд гуниглан зогсож буйгаар үйл явдал цааш өрнөдөг юм. Ерөнхийдөө манай үндэсний хэв маягтай балет юм.

-Монгол Улсын гавьяат жүжигчин Наранхандын бүжиглэхийг хараад балетчин болохоор шийдсэн гэж сонсож байсан. Энэ тухайгаа яриач?

– Би Плехавновын нэрэмжит Орос сургуульд дөрөвдүгээр анги хүртлээ сурч байсан юм. Тухайн үед сургуулийнхаа бүжгийн хамтлагт бүжиглэдэг байлаа. Мөн ээж маань намайг цэнгээнт, латин америк, вальс зэрэг бүжгийн дугуйланд явуулдаг байсан. Ер нь дуу, бүжигт дуртай охин байсан л даа. Харин нэг удаа ангийнхаа охинтой хамт театр дээр ирж балет үзсэн юм. Харин ангийн маань охины ээж нь гавьяат жүжигчин Наранханд эгч байж таарсан л даа. Тэр үеэс эхлээд л энэ эгч шиг балетчин болно гэсэн хүсэл төрж байлаа. Ингээд Хөгжим бүжгийн коллежид элсэн орж өнөөдөр Наранханд гавьяат шиг театрын гоцлол бүжигчин болсондоо баяртай байна.

-Балетийн “А” үсгийг заасан багш тань хэн бэ?

-Миний балетчин болох суурийн тавьсан хүн бол гавьяат жүжигчин Т.Туул гэж хүн байдаг. Багш минь маш мэдрэмж өндөртэй. Их сайхан хүн бий. Мэдээж тайзан дээр бүжиглэж байгаа минь багш нарын минь ач тус. Мөн Д.Дашлхагва болон театрын О.Ганбаатар, Ч.Батгэрэл гээд багш нартаа үргэлж талархаж явдаг. БНСУ-д болсон Олон улсын наадамд оролцохын тулд нэмэлт бэлтгэлээ Д.Дашлхагва багш дээрээ хийж байлаа. Тэр том наадмаас шагнал авахад минь тусалсан хүний нэг бол Д.Дашлхагва багш минь юм.

-Дуурийн театрт хэзээнээс бүжиглэж эхэлсэн юм бол?

-Би 2012 онд Хөгжим бүжгийн коллежийг төгсөөд УДБЭТ-д орсон. Дагалдан жүжигчин хийсэнтэйгээ нийлээд найм дахь жилдээ театртдаа ажиллаж байна.

-Хамгийн анх ямар балетад гол дүр бүтээж байв. Мэдээж амаргүй байсан болов уу?

-Би хамгийн анх Л.Делибийн “Коппелия” буюу “Цэнхэр нүдэн бүсгүй” балетыг гоцлож байсан юм. Мэдээж амаргүй байсан л даа. Анхны гол дүрд тоглохдоо нэлээн шантарч байлаа. Зөндөө уйлж байсан. Тэр бүрт энэ урлагийн хүнд хэцүүг мэдэх эгч нар минь сэтгэлээр дэмжиж, тусалж байсан даа.

-Одоо нийт хичнээн балетын гол дүрийг амилуулсан байна вэ?

-Барагцаалвал арваад дүртэй болсон байх шүү. Одоо “Ромео, Жульетта” балетийн Жульеттад тоглохыг хүсч байна.

-“Хунт нуурт” тоглосон. Балетчид ихэвчлэн хар хунгийн 32 эргэлтийг хийхэд хүндрэлтэй гэдэг. Харин таны хувьд хар, цагаан хунгийн аль хэцүү байсан бэ?

-2015 оны долдугаар сард “Хунт нуур” балетын хар, цагаан хунд анх удаа тоглож байсан. Ер нь хар, цагаан хун хоёулаа амаргүй л дээ. Гэхдээ надад цагаан хун нь илүү хэцүү санагддаг. Учир нь цагаан хун маш зөөлөн, уян, бас маш удаан. Найман минутын турш бүжиглэнэ. Харин хар хун нь илүү техник шаарддаг учраас арай дээр гэж хэлж болно.

-Сайн балетчин байхын тулд маш их тэсвэр, тэвчээртэй байх шаардлагатай болов уу. Ер нь анх балетчин болъё гэхэд гэр бүлийнх нь хэрхэн хүлээж авч байв?

-Ээж, аав хоёр минь үргэлж намайг дэмжиж байдаг. Анх “Охин нь балетчин болмоор байна” гэж хэлэхэд ээж минь “Миний охин чадах юм уу. Маш хэцүү урлаг шүү дээ” гэсэн. Харин намайг чадна аа гэхэд “Анужин минь чи өөрөө л хэлсэн шүү” гэж байсан даа. Гэхдээ намайг уйлаад шантраад ирэхэд ээж минь “Миний охин юу ч хийсэн чадна. Чи минь хамгийн хүчирхэг эмэгтэй шүү” гэж хэлж байсан. Мэдээж амаргүй урлаг учраас балетаа орхимоор, шантармаар үе бишгүй байсан. Тэр бүхэнд л сонголтыг зөвхөн надад үлдээдэгт гэр бүлийнхэндээ талархаад ханашгүй. Надад түшиг тулгуур болдог ээж, аавыгаа би багана шиг л төсөөлдөг. Үргэлж сэтгэлээр дэмжиж, тусладаг ээж, аавдаа маш их баярлалаа.

Сонирхуулахад арваннэгдүгээр сарын 12-нд миний ээжийн төрсөн өдөр болдог юм. Аз болоход ээжийн минь төрсөн өдрөөр “Хунт нуур” тоглогдож таарсан. Ээж минь ч ирж үзсэн юм. Тайзнаа бүжиглэж байхдаа би ээждээ тэр болгон хүмүүсийн барьж чадахгүй бэлгийг барьж чадав уу даа гэж бодогдож байлаа. Тоглолтын дараа ээж минь уйлаад л ороод ирсэн. Ээж минь “Хүн бүхэнд төрсөн өдрөөр нь охин нь “Хунт нуур” бүжиглэж өгөхгүй байх. Би ч их азтай хүн юм. Баярлалаа миний охин” гэж хэлж байсан нь миний хамгийн сайхан дурсамжуудыг нэг.

-Гэр бүлээс тань урлагийн хүн байдаг уу. Айлын хэд дэх хүүхэд вэ?

-Манайд урлагийн хүн байхгүй. Ээж, аав минь хувиараа бизнес эрхэлдэг. Би нэг ахтай. Айлын отгон охин.

-“Korea internation­al ballet competition” олон улсын балетын тэмцээнд амжилттай оролцож балетын эмэгтэй бүжигчдийн амжилтын буухиаг 35 жилийн дараа үргэлжлүүлсэн. Энэхүү тэмцээний тухай яриач?

– 2016 онд БНСУ-д болсон “Korea international ballet competition” олон улсын балетын “А” зэрэглэлийн уралдаанд оролцож хүрэл цом, тусгай шагнал хүртсэн юм. Энэ нь балетын эмэгтэй бүжигчдийн амжилтын буухиаг 35 жилийн дараа үргэлжлүүлсэн томоохон шагнал байсан. Энэ тухай би сүүлд мэдээд маш их баярласан. Өмнө нь 1981 онд Ардын жүжигчин, Зууны манлай бүжигчин С.Оюун Японд болсон Олон улсын уралдаанаас гурван хүрэл медаль авчирч байсан түүхтэй юм билээ. “Korea interna­tional ballet competi­tion” олон улсын балетын тэмцээнд дэлхийн 20 орны 150 бүжигчид оролцсон юм. Миний хувьд тэмцээндээ орохын тулд маш их бэлтгэл хийсэн. Миний аз, од гийсэн сайхан тэмцээн болсон гэж бодож байгаа.

-Ер нь олон улсын тэмцээнд оролцох боломж манай балетчдад хэр их байдаг юм бэ?

-Бид тэмцээн уралдаанд оролцохыг хүсвэл өөрсдийнхөө зардал, мөнгөөр явдаг. Хэрэв зардал нь бүтээгүй бол явах боломж байдаггүй. Харин олон улсын тэмцээнд оролцож буй бусад орны балетчдыг хараад байхад тухайн улс орны зүгээс сонгодог урлагийг тусгайлан авч үздэг нь илт ажиглагддаг. Ер нь манай бүжигчид маш хүнд нөхцөлд ажилладаг гэж хэлж болно. Тухайлбал, бусад орнуудад балетийн бүжигчидтэй хамт гэмтлийн эмч байдаг. Бас театрт нь фитнессийн өрөө, бэлтгэл хийх хоёр, гурван заалтай, мөн дулаахан байдаг. Манайд бол ганцхан сувилагч бий. Гэмтэл, бэртлийг хариуцах эмч байдаггүй. Бэртлээ гэхэд бид өөрсдийнхөө мөнгөөр эмчлүүлэх шаардлага гардаг. Иймэрхүү хүндрэлүүд байдаг хэдий ч манай балетчдийн ур, чадвар хаана ч гологддоггүй. Хэрэв гадны орныхон шиг нөхцөл боломж бүрдчих юм бол бид нар маш том амжилт үзүүлж чадна.

-Дээрх нөхцөл байдлаас шалтгаалаад ч юм уу манай балетчид хөгжингүй орнуудыг их зорих болжээ. Таньд гадны театруудаас хамтран ажиллах санал ирдэг үү. Хэрэв ирвэл ажиллах бодол бий юу?

-Надад гадны орнуудаас хамтран ажиллах санал ирсэн л дээ. Гэхдээ яг одоо бол явна эсвэл явахгүй гэсэн шийдтэй хариу хэлж мэдэхгүй байна.

-Ойрын төлөвлөгөөнд тань гэр бүл зохиох багтаж байгаа юу?

-Одоогоор найз залуу байхгүй. Тиймээс гэр бүл болоод хүүхэд гаргах зэрэг талаар төлөвлөсөн зүйлгүй байна.

-Кино, клипэд тоглох санал хэр их ирдэг вэ?

-Өнгөрсөн жил “Бүү март” түүхэн уран сайхны кинонд тоглосон. Жүжигчдийг ямар гайхалтай авьяастай мундаг хүмүүс байдаг юм бэ гэдгийг ёстой л өөрийн биеэр мэдэрсэн шүү. Мөн саяхан “Харанга” хамтлагийн “Үзэсгэлэнт минь” дууны клипт тоглосон байгаа. Ямартай ч чанартай гэх уран бүтээлүүдэд дүрээ мөнхлөх юмсан гэж боддог.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Сонгодог урлаг маань биднийг хийсвэр болгох гээд байх шиг анзаарагддаг. Энэ зөвхөн миний л бодол шүү. Тийм болохоор би чөлөөт цагаараа хувь хүний хөгжлийн лекц, сургалтад үеийн хүүхдүүдтэйгээ хамт суух сонирхолтой байдаг. Би одоо 22 настай. Миний хувьд үеийнхээ хүүхдүүдийг бодвол илүү туршлагатай хэдий ч, тэд илүү сайн боловсорсон байгаа. Тэгэхээр тэр гайхалтай боловсорсон залуустай найзалж, нөхөрлөж байхыг илүүд хүсдэг дээ.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Дээдсийн хүрээлэнд багтсан Далласын тэнэдэггүй “тэнүүлчин”

2010 оны зун. Техас мужийн Даллас хотын “Маверикс” багийн “тэнүүлчид” хочтой мэргэжлийн сагсан бөмбөгчдийн лидер Дирк Новицки багтайгаа гэрээгээ сунгах болов уу, үгүй болов уу гэдэг хов жив хорвоог дүүргэж байсан үе. Анх 1998 онд НБА-д есөн номероор драфтлагдан “Милуоки”-д сонгогдсон ч гэлээ шууд арилжаалагдан “Даллас Маверикс”-т шилжсэн герман залуу 12 жил Техас мужид тоглохдоо немц хүний үнэнч шударга, шургуу, хөдөлмөрч занг бүрэн дүүрэн харуулж тэмцсэн ч гэлээ аливаа сагсан бөмбөгчийн гол үзүүлэлт болох аваргын цомыг атгаж үзээгүй л байлаа. Түүнд “тэнгэрт тулсан” цалин амлагч яах аргагүй аваргын төлөө өрсөлдөх боломжтой багууд үй түмээрээ оочерлож байв.

dirk nowitzki draft зурган илэрцүүдЯг л өнгөрсөн зун Кевин Дюрантад НБА-гийн бүх багууд сээтэн хаяж байсантай адил лугаа байлаа. Харин тэр тун нухацтай бясалгаж байгаад “Оклахома”-гийн “урвагч”-ыг бодвол шал өөр шийдвэр гаргаж билээ. Новицки төрөлх багтаа үлдэж, багаасаа санал болгосон цалингийн дээд хэмжээ 96 саяаас татгалзан 80 сая ам долларын гэрээг үзэглэж байлаа.

Новицки тэгэхэд “Надад өөр багуудаас ашигтай саналууд олон ирснийг би нуухгүй ээ. Гэхдээ би амьдралынхаа 12 жилийг өнгөрөөсөн Далластаа үлдэхээр шийдлээ. Хэрвээ боломж бага ч гэлээ гарвал “Маверикс”-тайгаа хамт аваргын бөгжийг зүүх гээд зүтгэнэ дээ. Өөр багийн хувцас надад зохихгүй ” гээд ярилцлага өгч байсан.

Түүний цалингаас хэмнэсэн мөнгөөр багийн эзэн Марк Кьюбан төвийн тоглогч Тайсон Чендлерыг цалинжуулан багтаа авсан юм шүү дээ. Тайсон тэр улиралдаа “тэнүүлчид”-ийг анх удаа аваргалахад ямар чухал үүрэг гүйцэтгэснийг сагсан бөмбөгчид арай мартаагүй байгаа байлгүй. Новицки гэж хэн бэ гэдэг нэг жижигхэн баримт энэ.

Тэр өнгөрөгч долоо хоногийн дундуур тоглосон “Лос Анжелес Лейкерс”-ийн эсрэг тоглолтдоо 25 оноо авснаар НБА-д өнгөрүүлсэн он жилүүдийнхээ явцад гучин мянгаас дээш оноо түүсэн сагсан бөмбөгчдийн клубт албан ёсоор алхаж орлоо. Дээдсийн хүрээлэн гэж нэрлэгддэг энэ клубт нийтдээ зургаахан хүн багтдаг. Далан жилийн түүхтэй, жил бүр таван зуу орчим өндөр зэрэглэлийн сагсан бөмбөгчид өрсөлддөг лигээс шалгарч үлдсэн зургаахан хүн. Доор байгаа нэрсийг хараарай, дандаа лунжгарууд. Энэ дотор Билл Рассел, Тим Данкан, Кевин Гарнетт гэх мэт байх ёстой болов уу гэхээр живаан одууд багтаагүй байгаа биз дээ. Тэр бүү хэл Новицки ганцаараа цагаан арьстан, америк бус сагсан бөмбөгчин, Кобигийн хамт зөвхөн нэг багт үнэнчээр зүтгэн дээрх амжилтыг үзүүлсэн залуу гээд л онцлох буюу.

Дирк Новицки өнөөдөр 38 настай, үүнээс 19-н жилийг нь НБА-д өнгөрүүлж байгаа. Довтлох чиглэлийн хамгаалагчийн байрлалд ихэвчлэн тоглодог 213 см өндөртэй герман залуу. Түүний тухай та бүхэнд сонирхолтой байж магадгүй хэдэн баримтыг өгүүлье.

-Аав нь гандбол тоглодог, ээж, эгч нь мэргэжлийн сагсан бөмбөгчид байсан тул сагсан бөмбөгийг эмэгтэйчүүдийн спорт гэдэгт багадаа тун чиг итгэдэг байжээ.

-НБА-д өнгөрүүлсэн өдрүүд дотроо хамгийн “хар” өдрөөр нь үүдэн хоёр шүдээ цөм цохиулсан тоглолтыг нэрлэдэг юм билээ. Гэхдээ туулайны мэт оосгор шүдээ хаяж тэгшхэн хоёроор сольсон гэж өөрийгээ тайтгаруулдаг.

-Майкл Жордан, Михаил Шумахерыг шүтдэг.

-НБА-гийн одууд дотроос хамгийн энгийн хувцасладаг нэгэн, 90 метр кв талбай бүхий сууцанд амьдардаг, эхнэр Жессико Олсон нь өнгөт арьстан, хоёр хүүхэдтэй.

dirk nowitzki зурган илэрцүүд2011 оны зун. “Даллас Маверикс” НБА-гийн финалд “Майами Хит”-ыг зургаа дахь тоглолтдоо буулган авч аваргын цом авах нь нэгэнт тодорхой болох үед Новицки хувцас солих өрөө лүү гүйчихэж билээ. Дараа нь сэтгүүлчийн “тэнд юу хийж байгаад ирэв ээ” гэдэг асуултад “ганцаараа сууж байгаад өнгөрүүлсэн замналаа бодлоо” гэж хариулж байсан. Тэр Леброн Жэймс, Шакил О Нил, Кевин Дюрант, Гарнетт, Аллен, Чарльз Баркли нар шиг их мөнгө амласан том баг руу алдар нэр, алтан цомын төлөө тэнүүчлэн гүйж байгаагүй, гүйх ч үгүй гэдгээрээ мөнхөд бусдаас ялгагдана.

30 мянгатын клубын гишүүд:

1. Карим Абдул-Жаббаар -38387оноо

2. Карл Мэлоун-36928

3. Коби Брайант-33643

4. Майкл Жордан-32292

5. Уилт Чемберлэн-31419

6. Дирк Новицки-30005

dirk nowitzki 30000 зурган илэрцүүд

dirk nowitzki 30000 зурган илэрцүүд

dirk nowitzki 30000 зурган илэрцүүд

Холбоотой ЗурагХолбоотой Зураг

dirk nowitzki draft 1998 зурган илэрцүүд

dirk nowitzki 30000 зурган илэрцүүд

dirk nowitzki draft 1998 зурган илэрцүүд

dirk nowitzki draft 1998 зурган илэрцүүд

Холбоотой Зураг

dirk nowitzki jordan зурган илэрцүүдdirk nowitzki jordan зурган илэрцүүдdirk nowitzki all star зурган илэрцүүд

dirk nowitzki draft 1998 зурган илэрцүүд

dirk nowitzki draft 1998 зурган илэрцүүд

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Анхны хайр

Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол дэлхийн 36 зохиолчийн 60 шилмэл өгүүллэгийг сорчлон орчуулж “Дэргэд холын уулс” ном бүтээжээ. Уг номын өмнөтгөлд “Наян онд М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дотуур байраар ороход Дөнгөтийн Цоодол “Он жил” яруу найргийн номоо хэвлэлд бэлтгэснээ үзүүлэхийн хамт Р.Таагүр, А.П.Чехов, А.А.Платонов, Ги Де Мопассан зэрэг сонгодгуудын бүтээлээс орчуулахаар оролдож буйгаа ярьж байсан. Мөн энэ номонд орж байгаа Э.Хэмингуэй, Ф.Достоевский, И.Бунин, К.Паустовский зэрэг аваргуудаас гадна бас Молдавын И.Друце, Гүржийн Н.Думбазе, Э.Кипани зэрэг улс орнуудынхаа тухайн цагийн уран зохиолын бараа хараагүй өндөр өндөр уулс мэт бүтээлээс орчуулсанаа ярьж суусан. Олон улсын шилдэг зохиолчдын өгүүллэгийн ном бүтээх тухай эрхэм нөхрийнхөө яриаг миний хувьд бараг мартсан байлаа. Харин Цоодол маань Армен Грант Багразян, япон Р.Акутагава, финланд В.Хоувинен, орос В.Богомолов, В.Шукшин, А.Приставкин, М.Зощенко, унгар Трибор Дери… гээд бусад олон зохиолчдын шилдэг өгүүллэг туужаас орчуулсаар өнөө хүрсэн нь бахдалтай” хэмээн Соёлын гавьяат зүтгэлтэн Баарангийн Пүрэвдашийн өгүүлсэнээс энэ номын чанар чансаа мэдрэгдэнэ. Энэхүү шилмэл орчуулгуудаас Владимир Богомоловын “Анхны хайр” өгүүллэгийг “Өдрийн сонин” хүргэж байна.

Бид хоёрыг тас тэврэлдэн хэвтэхэд нүцгэн газар тийм ч хүйтэн, эв хавгүй, нойт оргиж санагдсангүй ээ. Үнэндээ бол яах аргагүй нойтон, хүв хүйтэн, доороос гарцаагүй нухаж байсан байх даа. Энэ бүсгүй манай хороонд анх ирсэн хагас жилийн өмнө бид хоёр уулзаж танилцсан юм. Тэгэхэд би арван ес, харин тэр арван наймтай байлаа. Бид сумангийн захирагч, эмнэлгийн асрагч нараас нууцгайгаар танилцсан юм. Ер нь бидний хайр сэтгэлийн тухай ялангуяа бид гурвуулаа болоод байгааг хэн ч мэдээгүй ээ.

-Энэ бол гарцаагүй хүү байна гэж тэр лав арав дахь удаагаа батлан шивэгнээд яг л чи гэсэн үг хэмээн нэмэх нь намайг тэгтлээ их баярлуулахыг хүсчээ.

-Охин байсан ч яадаг юм. Чамтай төсөөтэй байг л даа, ялгаа юу байхав гэж дотроо шал ондоо юм бодож байсан би хэллээ. Бидний байгаа газраас таван зуугаад метрийн зайд газар гэр, ил нуувчинд манай сумангийн байлдагч түрүүч нар унтацгааж байлаа. Хамгаалалтын бүсээс бүүр цаана немцүүдийн пуужин хааяа нэг гэрэлтүүлэх 162 дугаар өндөрлөгөөс өөр юм харанхуйн дунд юу ч үл үзэгдэнэ. Одоогоос долоо хоногийн өмнө торгуулийн сумангийнхан дайснаас буцааж авах гээд чадаагүй тэр өндөрлөгийг миний захирсан суман өнөө шөнийн үүрээр эзэлж авах үүрэг аваад байлаа. Энэ тухай одоогоор ердөө тавхан офицер, үүн дээр урьд орой штабын байранд биднийг дуудсан хороон дарга хошууч л мэдэж байсан юм. Хороон дарга бидэнд тушаал танилцуулахдаа онцлон надад хандаж “Катюша” галлаж ногоон пуужин харвамагц чи дайрах ёстой. Бусад нөхөд чинь ч адилхан дайрна. Тэгэхдээ өндөрлөгийг зөвхөн танай суман эхэлж эзлэх ёстой гэсэн юм.

…Бид хоёр улам чанга тэврэлдэн хэвтэж, би түүнээ байн байн үнсэж байхдаа удахгүй болох гэж байгаа тулалдааны тухай бодохгүй байж яаж чадах билээ. Гэвч эд бүгдээс ч илүүгээр дэргэд минь байгаа түүнийхээ хувь заяаны тухай сэтгэл өвдөж яавал дээр юм бэ, яах вэ гэж шаналан зовж хэвтлээ. Тэгтэл тэр “Би хоёр хүний тулд заавал унтаж амрах ёстой шүү дээ” гээд “Одоо энд болж байгаа бүхэн өглөө болоход л бүгд дууссан байх юм шиг надад шөнө болгон санагдаад байх юм. Энэ олон нуувч, цус нөж, үхэл зовлон бүгд ялгаагүй. Гурав дахь жилдээ энэ дайн болж байна. Мөнхөд ингээд үргэлжлээд байж болохгүй биз дээ даанч. Нэг мэдэх нь ээ өглөө болсон чинь нар мандчихсан, дайн дуусчихсан, бүр үүрд дууссан байна гээд чи төсөөлөн бодооч” гэлээ.

Чагнаж хэвтсэн би, “Одоохон хошууч дээр очлоо” гээд түүний толгой доогуур ивсэн гараа авах зуураа хурдан өндийж “Захирагчид бүх үнэнээ хэлье, бүгдийг нь хэлье. Чамайг эндээс гэрээд чинь буцааг , бүр өнөөдөр буцаагаад өгнө үү гэе” гэвэл тэр ханцуйнаас минь атгаж өөр рүүгээ хүчтэй угзраад,

-Юу гэж байгаа юм. Битгий тэнэглээч. Алив наашаа, хэрэв тэгвэл хошууч ёстой арьсыг чинь хуулна даа гэв. Дараа нь манай хороон даргыг дууриан паргиа намуухан дуугаар удаан гэгч хүчлэн шивэгнэж,

“Удирдлагадаа байгаа хүмүүстэй хэт дотносох явдал аль ч анги хэсгийн байлдааны хүч чадлыг хэзээ ч дээшлүүлдэггүй юм. Харин ч захирагчдын нэр хүнд унах болно. Хэрвээ ийм байдал мэдэгдэх юм бол хэн ч байсан түүнийг үг дуугүй хөөн зайлуулах болно. Тийм тодорхойлолттой хүнийг ёс журамтай газар хүлээж авах номгүй. Дайндаа ялчихаад хэндээ хамаагүй, хэддээ хамаагүй дурлан хайрлацгаа! Одоогоор бол үүнийг хатуу хориглоно”… ингэж шоолсон түүний дуу тасалдаж, хэсэг тайтгарсан мэт дээш харан хэвтэж хэн ч бүү сонсог гэсэндээ зөөлхөн инээлээ. Би ч гэсэн дарга маань надад баяр хүргэхгүй гэдгийг сайн мэдэж байв. Манай хошууч бол хамгийн хатуу дэг журамтай, дайны талбар гэгч эмэгтэй хүн байх ёстой газар биш гэдэгт гүн итгэсэн, тэр тусмаа дурлал мурлал гэж бүр ч ярихгүй нэгэн л дээ.

-Ямар ч гэсэн би түүн рүү очоод үзье гэж дахин хэллээ. Үүнийг сонсмогцоо тэр бас л “Чимээгүй!” гээд нүүрээ хацарт минь нааж жаахан дуугүй байснаа санаа алдаад, бүгдийг би өөрөө хийе, яахыгаа би бодож оллоо. Хүүхдийн эцэг байнаа… чи биш гэв.

-Чи яасан ч тэнэг юм бэ дээ гээд хөгжилтэй болж, бурхан минь хүүхэд л чамтай битгий адилхан байж халаагаасай. Ер нь бол үнэмлэхэн дээр эцэг нь чи л байх болно гэдгийг мэдэж байна уу. Эцгийг нь би одоо ондоо хүнээр хэлнэ гэлээ.

-Тэр минь яг жаалхан хүүхэд шиг томоогүй гэнэн цагаахан, бодож олсон энэ заль нь хүртэл өөрт нь л таарсан зүйл учраас намайг бүр гайхуулчихаж билээ.

-Чи тэгээд эцэг нь гэж хэнийг хэлэх болж байна?

-Нас барагсдаас л нэгийг нь, за яадаг юм Байков ч гэсэн болох л юм.

-Үхэгсдийн ясыг өндөлзүүлэх хэрэггүй дээ.

-Тэгвэл Киндяевыг гэе.

Ахлагч Киндяев бол царай зүсээр сайхан залуухан, даанч их уудаг, хулгай хийдэг саяхан торгуулийнхан руу туугдсан нэгэн л дээ. Би шинелиэ шалан дээр шидээд хайртыгаа өөрөөдөө наалдуулан хүчтэй гэгч тэвэрч авлаа. Тэр дахиад л “Чимээгүй” гэж болгоомжлуулан гараараа хэнхдэг рүү нудраад “Чи биднийг дэндүү шахаад байна гэм дээ. (Тэр өөрийнхөө тухай ярихдаа хэдийнэ олон тоон дээр ярьдаг болсон бөгөөд хэлсэн үгэндээ хүүхэд шиг итгэн баярладаг байлаа) Тэнэгхэн чи минь дээ. Энэ бүхэн чиний минь бидэнд өгсөн аз жаргал. Чи л намайгаа олж уулзсан юм чинь. Хоёулаа байхад алзахгүй ээ хө. Ийнхүү тэр минь бодож санах ч юмгүй залуу насны өнгө гэгээ цацруулан инээмсэглэж хэвтэнэ. Харин миний хувьд инээхтэй манатай байлаа.

-Хүүеэ чи хошууч руу одоо очих ёстой шүү дээ.

-Харанхуй шөнөөр яах юм. Чи чинь юу болчихов оо?

-Зүгээр ээ, би чамайг хүргээд өгье л дөө. Хошуучид миний бие муу байгаа гэдгээ хэлээч, дараа гэхэд амжихгүй ч юм билүү.

-Тийм юм гэж хаа байсан юм.

-Худлаа, яагаад амжихгүй гэж.

-Би чамайг гуйя. Чи яаж ингэж байх юм. Чи эндээс явсан нь дээр. Чи ойлгооч, хэрвээ гэнэтхэн… Гэнэтхэн маргааш тулалдаанд орвол яах юм?

-Тулалдаан гэнээ гэснээ тэр сая л бүгдийг ойлгосон бололтой хэсэг дуугүй болов. “Тэгэх ёсгүй дээ. Энэ чинь тэгээд үнэн юм уу” гэв.

-Үнээн.

Тэр хэсэг хугацаанд дахиад таг дуугүй болов. Надад хязгааргүй танил дотно амьсгалынх нь янзаар би түүнийг саяын үгнээс ихэд айж түгшжээ гэдгийг нь таамаглав.

-Одоо яая гэхэв. Тулалдаанаас зугтаалтай биш, оргоно гэж бүр ч ярихгүй ээ. Тэртэй тэргүй намайг эмчийн үзлэгт оруулах, дивизийн шийдвэр гарах гээд хэдэн өдөр өнгөрнө биз. Маргааш л би хошууч дээр оръё. Ингэж шийдэх шив дээ гэв.

-Түүн дээр очно гэдэг надад тийм амархан гэж бодно уу чи, тэрнээс үхсэн минь амар. “Ухаантайхан л байгаарай хө” гэж хошууч надад хичнээн олон удаа анхааруулсан билээ. Тэгэхэд миний байж байгаа нь энэ.

Тэр гэнэт цурхиран уйлаад дорхноо эргэж нүүрээ шинелийн ханцуйд хийж бүх бие нь чичрэн чимээ гаргалгүй мэгшлээ. Би түүнийг хүчээр шахам тэврэн авч, нимгэхэн уруул, дух, уйлснаас болж давс амтагдсан нүдийг нь дув дуугүй үнсэнэ.

-Алив тавиач би явлаа гээд намайг түлхэн “Чи хүргэж өгөх үү” гэж дөнгөж сонсогдох төдий асууж билээ. Бид батальоны эмнэлэг байгаа дүнзээр халхалсан харанхуй хүйтэн хонгил руу орж ялигүй бүдүүрч эхэлсэн түүнийхээ суганаас түшин явлаа. Алхам болгоныг нь анаж, газраа хүрэлгүй буцчих вий, халтирах вий, халтираад уначих вий гэсэндээ хоёр гараараа хамаг чадлаараа түшиж явсан юмсан. Ухаандаа, түүнийгээ юм бүгдээс аварч чадах юм шиг өнөөдрийн үүрээр эхлэх байлдаанд тэр минь амь өрсөн гүйж харайж, унан тусан, шархтнуудыг зөөж үйлээ үзэхээс нь хамгаалж хаацайлан чадах юм шиг л явж билээ би. Энэ бүх явдлаас хойш олон жил өнгөрчээ. Гэвч тэр бүхэн дөнгөж өчигдөрхөн болж өнгөрсөн юм шиг тодхон санагдаж явдаг юм. Болзсон үүрээр Катюшийн гал эхэлж миномет, дивизийн их буунууд нижигнэн ногоон пуужин ч хөөрлөө.

Нар гарч байхад би сумангаасаа амьд үлдсэн хэдтэй өнөөх өндөрлөгөө ч авах нь авсан юм. Хагас цагийн дараа гэхэд германуудын эзэмшилд байсан тохилог нүхэн гэрт хорооны дарга өөр хэн хэн ч билээ намайг тэврэн баяр хүргэцгээж гар барьцгааж байв. Харин тэр үед би яг хөшөө шиг хөшчихсөн юу ч ойлгохгүй, юм харах, бусдын яриаг сонсох ямар ч сэхээгүй амьтан зогссоор байж билээ. Тэртээд нар мандаж байна. Түүнийг байрнаас нь буцааж болдог ч болоосой. Бүр тэнгэрийн хаяанд нь эргүүлээд хүргэчихдэг ч болоосой. Нэгэнт цайсан өнөө өглөөний үүрийг дахиад эргүүлэн цайлгаж чаддаг ч болоосой. Ердөө хоёрхон цагийн өмнө бид гурвуулаа байсан юм шүү дээ. Нар ч яахав алгуурхан, юунд ч үл захирагдан дээшилсээр би өнөө өндөрлөг дээрээ зогссоор л. Харин хөөрхий тэр минь одоо нэгэнт оршуулгын хэсгийнхний самнаж яваа тээр тэнд үлдэн хоцорчээ. Тэр миний хувьд хэн минь байсан, бид ам бүл гурвуулаа байсан юм гэдгийг хэн ч бүр ганц ч хүн мэдэх байтугай сэжиглэж таамагласан ч үгүй ээ.

Categories
мэдээ нийгэм

С вирусийн шинжилгээний зардлыг ЭМД-аас төлнө

Элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох эрх бүхий эрүүл мэндийн байгууллагатай даатгалын гэрээ байгуулан, даатгуулагчийн хоёр хүртэлх удаагийн шинжилгээний зардлын төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэлээ.

Энэхүү шийдвэр дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжих бөгөөд иргэд С вирусийн шинжилгээгээ үнэ төлбөргүй тогтоолгох боломж бүрдэж байгаа юм. Гэхдээ элэгний С вирус тогтоох лабораторийн шинжилгээний зардлын дээд хязгаарыг 120.000 төгрөгөөр тогтоож даатгуулагчаас нэмэлт төлбөр авахгүй гэсэн шийдвэр гаргажээ.

Эрүүл мэндийн даатгалын сангаас 4.9 тэрбум төгрөгийг шинжилгээний зардалд зарцуулах ба удахгүй итгэмжлэгдсэн лабораториудын нэрийг зарлах юм байна.

Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Элэгний хавдар, хатуурлын шалтгаант нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирусийн голомтыг 2020 он гэхэд устгаж, халдварт тархалтыг таслан зогсоох, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан билээ. Монгол улсад 2016 оны байдлаар элэгний С вирусийн халдварын тархалт нийт хүн амын 10 гаруй хувийг эзэлж, дэлхийд С вирусийн өндөр тархалттай улс болоод байна гэж нийслэлийн ЭМНДГ-аас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Умард Солонгос цөмийн туршилт хийнэ гэв

“Fox News” телевиз Хойд Солонгос цөмийн туршилтад бэлтгэж дуусаад байгаа бөгөөд хэдхэн хоногийн дараа туршилт хийгдэж магадгүй талаар мэдээллээ. Туршилт сарын эцэс рүү явагдаж магадгүйг эх сурвалж уг телевизэд өгүүлсэн байна.

Сануулахад, гуравдугаар сарын 22-нд БНАСАУ пуужингийн ээлжит туршилт хийсэн нь бүтэлгүй болсон байв. Америкийн цэргийнхний мэдээгээр Хойд Солонгосын зүүн эргээс хөөргөсөн пуужин гарааныхаа дараа хэдхэн секундын дараа дэлбэрчээ.

Туршилтыг АНУ-ын Төрийн департамент өчигдөр “Өдөөн хатгасан алхам” гэж нэрлээд Солонгосын хойгт тогтвортой байдлыг бусниулах үйл ажиллагаа хийхгүй байхын Пхеньянд уриалсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүллээ

Холбоотой ЗурагЦаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ гаргажээ. Сэрэмжлүүлэгт “Өнөө шөнө Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Говийн аймгуудын нутгаар цасан шуурга шуурч ихэнх нутгаар хүйтэрч хонохыг малчид, тээвэрчид, иргэдэд анхааруулж байна” гэжээ.

2017 оны 03 дугаар сарын 23-ны 20 цагаас 03 дугаар сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 0-5 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи зүүн хойноос шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Бүх нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

УЛААНБААТАРХОТ:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

2017 оны 03 дугаар сарын 25-наас 03 дугаар сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Гуравдугаар сарын 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн , 26, 28-нд баруун аймгуудын нутгийн хойд, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 27-нд Алтайн салбар уулс хоорондын хөндийгөөр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 3-8 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Хаяг шошгогүй цагаан будаа худалдаалж байсныг илрүүлжээ

“Аюулгүй хүнс” сарын аяны хүрээнд Нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй цагаан будааны гарал үүсэл, чанар аюулгүй байдалд хяналт шалгалт хийхэд БНХАУ-аас хэн хаанаас импортлосон нь тодорхойгүй хаяг шошгын мэдээлэл Хятад хэл дээр бичигдсэн 25 кг-ын савалгаатай Сүмийн зурагтай мөн 1, 2, 5 кг-ын савалгаатай Зааны зурагтай хаяг шошго огт байхгүй цагаан будаа худалдаалж байсныг Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчид илрүүлж холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллалаа.

Иймд ИРГЭД цагаан будаа худалдан авахдаа зориулалтын худалдааны газруудаас /хаанаас хэн, хэзээ импортолж, хаана савласан, хадгалах, хэрэглэж дуусах хугацаа бичигдсэн, холбогдох хаяг, утасны дугаар бичигдсэн/ хаяг шошгын мэдээлэл гүйцэд бичигдсэн, сав баглаа боодол урагдаж цоороогүй бүтээгдэхүүнийг сонгон авч хэрэглэнэ үү хэмээн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гашуунсухайт, Ганц модны чиглэлийн тээврийг нэгдсэн зохион байгуулалтад оруулна

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ 2017 оныг “Автотээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласан. Тус ажлын хүрээнд “Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Зам, тээврийн хөгжлийн яам болон “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ хамтран Өмнөговь аймгийн Тавантолгой, Ухаа худгийн уурхайгаас Гашуунсухайт – Ганц мод боомтын чиглэлд хийгдэж буй улс хоорондын ачаа тээвэрлэлтэд тулгамдаж буй асуудал, төрөөс баримталж буй бодлого, төрийн байгууллагуудаас зохион байгуулж буй үйл ажиллагааг тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад танилцуулах, шийдвэрлэх, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор энэ удаагийн хэлэлцүүлэгийг зохион байгуулсан юм.

Энэхүү ажлын хүрээнд хийгдэж буй томоохон ажлын нэг бол Монгол Улсын эдийн засгийн эргэлтийн гол хүч болсон Өмнөговь аймгийн Тавантолгой, Ухаа худгийн уурхайгаас Гашуунсухайт боомтын чиглэлд хийгдэж буй экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг “ХОНОГИЙН НЭГДСЭН ГРАФИК” -т оруулж, оновчтой зохион байгуулах юм. Тус хэлэлцүүлэгт Зам, тээврийн хөгжлийн яам, “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Замын цагдаагийн алба, “Эрдэнэс Монгол” ХХК, “Гашуунсухайт авто зам” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, тээвэрлэгч аж ажуйн нэгж, байгууллагууд оролцлоо.

Өнөөдрийн байдлаар Гашуун сухайтын чиглэлд нийт 71 аж ахуйн нэгжийн 4500 орчим тээврийн хэрэгсэл ачаа тээвэрлэж байна. Өнгөрсөн 10 дугаар сард 45 аж ахуйн нэгж буюу одоогийн дүнтэй харьцуулвал ердөө тал хувь нь л албан ёсны гэрээтэй ажиллаж байснаас 2000 гаруй тээврийн хэрэгсэл хууль бус тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байжээ. Үүнээс болоод тухайн чиглэлд автомашины очер дараалал үүсэх, жолооч нар олон хоног зам дээр нойр хоолгүй хонох, эрүүл мэндээрээ хохирох зэрэг нөхцөл байдал үүсч байсан. Тиймээс энэ чиглэлд ачаа тээвэрлэлт хийж байгаа байгууллагуудыг албажуулж, тээврийн хэрэгсэлд, жолооч нарт болон албан байгууллагуудад зохих стандартыг хангуулж ажиллах боллоо.

Гашуунсухайт хилийн боомтоор 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт 4,2 сая.тн нүүрс тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 81,6%-аар өссөн үзүүлэлт юм.Өмнөговь аймгийн Тавантолгой, Ухаа худгийн уурхайгаас Гашуунсухайт боомтын чиглэлийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтад оруулахад зөвхөн Автотээврийн үндэсний төв төдийгүй уурхай, хилийн хяналт шалгалтын байгууллагууд, авто зам эзэмшигч компани, гаалийн хяналтын талбай болон тээвэрлэгч аж ахуйн нэгж нарын оролцоо хамтын ажиллагаа, уялдаа холбоо маш чухал юм. Тийм ч учраас бид бүхэн энэ чиглэлийн хамтарсан уулзалт, хэлэлцүүлгийг удаа дараа зохион байгуулж байна гэж Автотээврийн үндэсний төвөөс мэдээлэв.