Categories
мэдээ нийгэм

Аравдугаар ангийн сурагчид Үндэсний музей үнэгүй үзнэ

Үндэсний музей зурган илэрцүүд

Монголын Үндэсний музей нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Энэ хүрээнд ерөнхий боловсролын аравдугаар ангийн сурагчид үндэсний музейгээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.

Монголын Үндэсний музей Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 118 гаруй Ерөнхий боловсролын сургуулийн 50 гаруй сургуультай гэрээ байгуулжээ. Улмаар БСШУЯ-наас баталсан “Цөм хөтөлбөр” болон ЕБС-ийн түүхийн хичээлтэй холбогдуулан аравдугаар ангийн сурагчдад үнэ төлбөргүй музей үзэх боломжийг нээж өгчээ.

Гэрээ байгуулсан сургуулийн аравдугаар ангийн сурагчид 1-6 дугаар саруудад үнэ төлбөргүй музей үзэх аж. Мөн нэг ангийн 25-аас дээш сурагч музей үзсэн тохиолдолд үнийн дүнгийн 10 хувьд хөнгөлөлт үзүүлэхээс гадна захын дүүргийн сургуулийн нэг ангийн 20-иос дээш сурагч үзсэн тохиолдолд таван хүүхдийг үнэ төлбөргүй музей үзүүлэх заалтыг гэрээнд тусгажээ. Түүнчлэн сурагчдаа дагуулж ирсэн багш нар болон цэцэрлэгийн насны хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх аж.

Үндэсний музейд хүүхдэд зориулсан “Музейн Боловсролын өрөө” байдаг бөгөөд энэхүү өрөөнд бүх насны хүүхдэд зориулсан олон сонирхолтой боловсролын хөтөлбөрт хамрагдах боломжтой юм байна.

Монголын Үндэсний музей нь Монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншилтай холбогдох 56,000 гаруй үзмэртэй.

Музейн сан хөмрөгт Хүрэл зэвсгийн үеийн хос янзага, хүрэл сэлэм, Хүннүгийн үеийн ширмэл ширдэг, авсны алтан чимэглэл, алтан нар сар, Түрэгийн Билгэ хааны алтан титэм, алтан чимэглэлүүд, алтан гүц, хундага, таваг, мөнгөн буга, Хятаны үеийн ясан шүдний сойз, XIII зууны үетэй холбогдох нум, сум, үйсэн хоромсого, эмээлийн мод, Монголын эзэнт гүрний үеийн зооснууд, чамин тансаг хийц, загвартай Богтого малгайн алтан чимэглэл, Япон тэнгисээс олдсон Хубилай хааны цэргийн усны сав, XIII-XIY зуунд холбогдох Язгууртны дээл, XIY-XY зууны үеийн Байлдааны ширэн хөө хуяг, Ялтсан гутал, Өндөр Гонгорын хөөрөг, даалин, таван ханатай Монгол гэр, Жанжин Д.Сүхбаатарын хувцас хэрэглэл, Ж.Гүррагчаагийн сансарт нисэхдээ өмсөж байсан хувцас, Монгол Улсын хоёрдахь Ерөнхийлөгч Н.Багабандийн ёслол хүндэтгэлийн хувцас зэрэг ховор, хосгүй үнэт үзмэрүүд хадгалагддаг байна.

Categories
мэдээ цаг-үе

А.Цогцэцэг: Эрүүл мэндийн салбарын төсөв буурсан ч эмийн санхүүжилт нэмэгдсэн

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгтэй ярилцлаа.


-Та Эрүүл мэндийн сайдаар томилогдоод багагүй хугацааг үдлээ. Энэ салбарт ямар өөрчлөлтүүд гарсан бэ. Эрүүл мэндийн салбар бодлогын хувьд шинэ түвшинд гарсан уу?

-Эрүүл мэндийн салбарт өөрчлөлт, шинэчлэлийг нийт таван чиглэлээр хийж байна. Юуны өмнө эрүүл мэндийн салбарын бодлогыг 10 жилээр төлөвлөж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хийх ёстой төлөвлөгөөт ажлынхаа нилээд хувийг өнгөрсөн зургаан сард хийж гүйцэтгэлээ. Тухайлбал, Монгол Улсын эрүүл мэндийн салбар “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-оо (2017-2026) Засгийн Газраар батлууллаа. Энэ бол салбар өөрийн гэсэн замыг заах “Алтан гадас”-тай боллоо гэсэн үг. Хэдийгээр богино хугацаанд боловсруулж хийсэн ч олон эрдэмтэн мэргэд, мэргэжлийн боловсон хүчин, салбар зөвлөлийн гишүүдийн маш идэвхтэй шаргуу ажилласны үр дүн байсан гэж ойлгож болно.

Нөгөөтэйгүүр, “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулж, согтуу иргэдийг эрүүл мэндийн байгууллага хариуцан эрүүлжүүлж, ард иргэдийн дунд маш их бухимдал үүсгэж байсан нөхцлийг өөрчилж цагдаагийн байгууллагад нь буцааж өгч өмнө нь оршиж байсан том гажуудлыг заслаа. Эрүүгийн хуулийн 15.1-т өөрчлөлт оруулсан юм.

Мөн нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай, Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьж эхний хэлэлцүүлгээ амжилттай хийсэн. Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хууль гарснаар хөхөөр хооллолтыг дэмжих, түүний хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь хүүхдийн эрхийг хамгаалах, дархлааны системийг нь хадгалах, бага насны хүүхдийн аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг чухал ач холбогдолтой юм. Донорын хуулийн хувьд амьд донороо хайрлаж, тархины үхжилтэй донороос эрхтэн шилжүүлэх эрх зүйн орчныг нь бүрдүүлж байна.

Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Эрүүл мэндийг дэмжих сантай боллоо. “Халдварт өвчний хяналт, сэргийлэлт”, “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тавдугаар хөтөлбөрийг тус тус батлууллаа. Эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тавдугаар хөтөлбөр нь 2017-2021 онд хэрэгжих бөгөөд энэ хөтөлбөр хэрэгжсэнээр эх хүүхдийн өвчлөл, эндэгдлийг тогтвортой бууруулах, өсвөр үеийн охид, бүсгүйчүүдийн бэлгийн эрүүл мэнд, эрүүл ахуй, БЗДХ-аас сэргийлэх, эмзэг бүлгийн иргэдийг хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын ажилчдын эрсдлийн даатгалын хуулийн үзэл баримтлалыг Засгийн газраар хэлэлцүүлсэн зэрэг олон ажлыг амжууллаа. Эдгээр хууль, хөтөлбөрүүд нь батлагдаж албажаад ирэхээр тодорхой үе шаттай хэрэгжүүлэх төлөвлөгөө гарах юм л даа.

-Тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эмнэлгүүдийн ачааллыг бууруулах чиглэлээр ямар ажлууд хийгдэж байна вэ. Ер нь бол ачаалал их байна л гэсэн сураг дуулдах юм?

-Сүүлийн үед эмнэлгүүдийн ачааллыг тэнцвэржүүлэх, иргэдийн чирэгдлийг багасгах чиглэлээр хэд хэдэн өөрчлөлтийг хийлээ. Тухайлбал, ачаалал ихтэй, иргэдэд чирэгдэл үүсгээд байгаа таван том эмнэлгийг хоёр ээлжээр ажиллуулж байна. Улсын нэгдүгээр, гуравдугаар төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв гэсэн таван эмнэлэг өдөр бүр 20 цаг хүртэл ажиллаж байна.

Энэ өвлийн ханиад томууны үед шуурхай арга хэмжээ авсаны үр дүнд сар хагасын дотор эрсдэл багатай даван туулсан. Томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд хоёр удаа танилцуулж, томуугийн улиралд 0-5 насны хүүхдийн нэн шаардлагатай 11 нэрийн эмийг 100 хувь хөнгөлсөн. Мөн хүүхдээ асарсан эцэг эх, асран хамгаалагчдад эмнэлгийн хуудас олгодог болсон. Цэргийн төв эмнэлэгт 50 ортой, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт 30 ортой хүүхдийн тасгийг шинээр нээж, резидент эмч, анагаахын чиглэлийн их, дээд сургуулийн төгсөх ангийн оюутнуудыг дайчлан нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад ажиллуулсан юм. Түүнчлэн агаарын бохирдлын индекс өндөртэй цэгүүдэд байрладаг 86 цэцэрлэгийн 21389 хүүхэд, 19 мянга гаруй эрүүл мэндийн ажилтнуудыг томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулж, өндөр тунт “А” амин дэмийг 315 мянган хүүхэд, 52 мянган төрөх насны эмэгтэйчүүдэд өгч цогц арга хэмжээнүүдийг авч ажилласан гээд олон зүйлийг хэлж болно.

-Өөр ямар арга хэмжээ авсан бэ?

-Ер нь тулгамдсан асуудлуудыг шийдэх тал дээр түлхүү анхаарч ажилласан гэж ойлгож болно. Бөөрний дутагдалтай иргэдийг гемодиализын аппаратад оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэн эрүүл мэндийн салбарт анх удаа төр хувийн хэвшлийн түншлэлээр ажил үйлчилгээг хувийн хэвшил гүйцэтгэж, төлбөрийг нь Засгийн газраас санхүүжүүлж эхэллээ. Өөрөөр хэлбэл иргэн гемодиализд орвол өмчийн ямар ч хэлбэр харгалзалгүй төлбөргүйгээр үйлчлүүлнэ гэсэн үг. Одоогийн байдлаар Нийгмийн даатгалын ерөнхий газар хувийн хэвшлийн байгууллагуудтай гэрээ хийж, үйл ажиллагаа нь тогтмолжоод явж байгаад иргэд талархалтай хандаж байгаа. Өөр нэг зүйл нь гадаад руу илгээх оношилгоо эмчилгээний урсгалыг багасгах чиглэлээр энэ жил долоон төрлийн өвчний хагалгааг өөрийн эх орондоо хийхээр боллоо. Түүнчлэн цусны хорт хавдартай иргэдийн урт хугацаанд үнэтэй хийлгэдэг эмчилгээ нь санхүүгийн дарамтанд оруулж, ядууралд хүргэдэг асуудлыг шийдвэрлэн цусны хорт хавдартай иргэдийн эмчилгээний зардлыг төр хариуцахаар төсөвт нэмэлт оруулж шийдвэрлүүлж чадсан.

-Эрүүл мэндийн салбар өр ихтэй байдаг гэж дуулсан. Өрөө барагдуулж чадаж байна уу. Бас л эдийн засгийн хямрал гээд амаргүй л явж ирсэн байх?

-Эрүүл мэндийн салбарт олон жил дамжсан 16 тэрбум төгрөгийн өрийг барагдууллаа. Салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг хийж эрүүл мэндийн салбарын ажилчдын сахилга хариуцлага, ёс зүйн байдлыг сайжруулах, нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээний, санхүүгийн тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг зөвлөлдөн хуралдсан. 2017 оныг Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгож аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлд салбар анхаарлаа хандуулж байна. Эхийн эндэгдлийг бууруулах чиглэлээр онцгой анхаарч мэргэжил арга зүйгээр удирдан, орон нутгийн засаг захиргааны байгууллагыг татан оролцуулж байна. Зам тээвэр, хөгжлийн сайдын тушаалаар хүнд өвчтөний тээврийн зардлыг 98 хувь хөнгөлсөн нь иргэдийн талархлыг хүлээж байна. Ганцхан жишээ хэлье, өнгөрсөн цагаан сарын үеэр Завханы онгоцыг Баянхонгорт буулгаж ЭХЭМҮТ-ийн эмч нар найман ээжийн амийг аварсан. Энэ дашрамд, Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбат, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал нарт талархал илэрхийлмээр байна.

-Энэ оны хувьд эдийн засаг амаргүй байгаа нь үнэн. Гэхдээ эрүүл мэндийн салбарын бүтээн байгуулалтын хийгдэх ажлууд юу байх бол. Удтал хүлээгдээд байгаа эмнэлгүүдээ нээх үү?

-Эрүүл мэндийн салбарын барилга, их засвар, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт жилээс жилд буурч байна. Тухайлбал, 2015 онд 93.5 тэрбум байсан бол энэ онд 35.9 тэрбум төгрөг болж буурсан. Улс орны эдийн засаг хүндхэн байгаа хэдий ч бид мөнгөгүй гээд гараа эвхээд суухгүй бүх боломж гарцыг хайж ажиллаж байна. Яармагийн дэнжид байгаа 300 ортой төрөх эмнэлгийг барьж дуусган ашиглалтад оруулах нөхцөлтэйгөөр концессийн гэрээгээр гүйцэтгүүлнэ. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын тендерийг шалгаруулах зэрэг ажлыг хийж байна. Цаашид Чингэлтэй дүүрэг, Ховд аймагт загвар нэгдсэн эмнэлгийн барилга, нийслэл хотын дөрвөн өрхийн, зургаан сумын эмнэлгийн барилгыг барих ажлыг Азийн Хөгжлийн Банкны төслийн хүрээнд шийдвэрлэхээр ажиллаж байна.

-Ер нь эрүүл мэндийн салбарын төсөв хэр хасагдсан бэ. Сураг дуулах нь ээ, эм тарианы мөнгө тааруу л байгаа гэх юм?

-Эрүүл мэндийн салбарын төсөв 2016 онд 691.1 тэрбум төгрөг байсан бол энэ онд 659.4 тэрбум төгрөг болж буурсан. Харин эмийн санхүүжилтийн хувьд буураагүй, харин ч нэмэгдсэн. Өмнөх онд 82.7 тэрбум байсан бол энэ онд 91.4 тэрбум төгрөг болсон байгаа. Мөн урсгал зардал 2016 онд 65 тэрбум төгрөг байснаас 2017 онд 85 тэрбум төгрөг болж нэмэгдсэн.

-Ханиад томууны улирал өнгөрч байна. Гэхдээ жил ирэх бүр ханиад томуу нэмэгдэж, өвчлөл газар авч байгаа нь ямар шалтгаантай юм бол. Утаа л гэж манайхан өөрсдөө онош тавиад байна л даа?

-Томуу, томуу төст өвчин нь улирлын чанартай, амьсгалын замын хурц халдварт өвчин. Манай орны хувьд жил бүр 10 дугаар сараас дөрөвдүгээр сар дуустал дэгдэлт хэлбэрээр гардаг. Томуу, томуу төст өвчний харуулдан тандалтын тогтолцоог нэвтрүүлж, долоо хоног бүр амбулаторийн үзлэгийн мэдээг авч дүн шинжилгээ хийн хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд томуу, томуу төст өвчин, уушгины хатгалгаа өвчнөөр хүндэрч, эмнэлгийн орны ачааллыг эрс нэмэгдүүлж байгаа нь олон шалтгаантай. Нэг гол шалтгаан нь таны дурдсан агаарын бохирдол юм. Уушгины хатгалгаа өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдийн 83 хувь нь агаарын чанарын индексээр маш их бохирдолтой бүсэд амьдардаг, 62 хувь нь гэрт, 38 хувь нь цэцэрлэгт хүмүүждэг байсан байна. Мөн эхийн сүүгээр дагнан хооллолт жилээс жилд буурч байгаа бөгөөд 47 хувьтай байгаа нь бага насны хүүхдийн дархлаа суларч, өвчин эмгэгт өртөх бас нэг шалтгаан болоод байна.

-Улаанбаатарын иргэдийн хувьд эрүүл мэндэд хамгийн ихээр тулгамдаж буй асуудал нь агаарын болон хөрсний бохирдол болчихоод байна. Агаарын бохирдол, хөрсний бохирдлыг бууруулахад яам хэрхэн анхаарч байгаа вэ?

-Хууль эрх зүйн орчны хувьд Эрүүл ахуйн тухай хуулийг 2016 онд батлуулж, улс даяар мөрдөж эхлээд байна. Түүнчлэн гэр хорооллын нүхэн жорлон, угаадасны нүх болон агаарын чанарын техникийн ерөнхий шаардлага стандартуудыг батлуулсан. Манай яамнаас “Орчны эрүүл мэнд үндэсний хоёр дахь хөтөлбөр”, БОАЖЯ-тай хамтран “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” болон “Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах” үндэсний хөтөлбөр боловсруулах ажлуудыг эхлүүлээд байна. Орчны бохирдлын асуудлуудад олон нийтийн анхаарлыг хандуулах, олон улсын туршлага, судалгааны үр дүнг танилцуулах, шийдвэрлэх арга замуудыг хэлэлцэх зорилгоор өнгөрсөн жил “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх зам” сэдэвт олон улсын зөвлөлгөөн, энэ сарын 13-15-ны өдрүүдэд “Хүйтэн уур амьсгалтай орнуудын ариун цэврийн байгууламжийн шийдэл” олон улсын зөвлөлдөх уулзалтуудыг амжилттай зохион байгууллаа.

-Танай яамны вэб сайт дээр “Эмийн үнийг төрөөс зохицуулах шаардлагатай юу” гэсэн судалгаанд 78 хувь нь тийм гэж хариулсан байна лээ. Төр эмийн үнийн хөнгөлөлтийг зохицуулах боломж байгаа юм уу. Засгийн газар мөнгө байхгүй л гээд байгаа шүү дээ?

-Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлттэй олгох эмийн үнийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс тогтоож байгаа. Харин бусад эм, эмнэлгийн хэрэгслийн үнийг эм үйлдвэрлэгч, импортлогч, эмийн сангийнхан зах зээлийн механизмаар тогтоож байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн үнийн зохицуулалтыг боловсронгуй болгох нь олон жил яригдаж буй асуудал. Миний бие саяхан хоёрдугаар сард УИХ-ын зарим гишүүдтэй хамт Шинэ Зеланд улсын эмийн зохицуулалтын үйл ажиллагаа, эмийн хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаа, эмийн худалдан авалтын удирдлага зохион байгуулалтын талаар газар дээр нь туршлага судалж, мэдээлэл солилцоод ирсэн. Эдгээр болон бусад орны тэргүүн туршлага дээр үндэслэн бид Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг шинэчлэн найруулж, эмийн зохицуулалтын бүх үйл ажиллагааг бие даасан эмийн зохицуулалтын байгууллагад нэгтгэх, ингэснээр эмийн чанар, аюулгүй байдал, эмчилгээний идэвх зэрэгт хяналт тавих, эмийг худалдан авах боломж, хангамж хүртээмжийг сайжруулахаар ажиллаж байна.

-Манай орны иргэд техникийн спирт ууж хордох боллоо. Дорнод аймагт харамсалтай зүйл болсон бол Өмнөговь аймагт тээврийн жолооч нар мөн зориулалтын бус спирт ууж хордсон гэх мэдээлэл байгаа. Эдгээр асуудлууд дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Сүүлийн үед нийслэл хот, Дорнод, Өмнөговь аймагт үл мэдэгдэх шингэнийг архи гэж уусны улмаас хүний эрүүл мэнд хохирч, амь нас эрсдэх явдал удаа дараалан гарч байгаа нь нэн харамсалтай асуудал юм. Бид хордсон иргэдийн талаарх мэдээллийг авмагц нэн даруй орон нутгийн эрүүл мэндийн байгууллагатай цахимаар холбогдож, тандалт, эмчилгээ, оношилгоо, тусламж үйлчилгээний талаар мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, шуурхай хариу арга хэмжээ авч ажилласан. Харамсалтай нь гүн хордлогын улмаас эмнэлгийн тусламж авалгүйгээр газар дээрээ амь нас эрсдэх явдал байна. Хэдий тийм ч, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бүх өвчтнүүдийн амь насыг аварч байгаа нь манай эмч нарын мэдлэг, чадвар, туршлага сайтайг харуулж байгаа юм. Метилийн спиртийн хордлогын асуудал удаа дараалан гарч байгаа учраас бидний зүгээс хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол хүргэн ажиллаж байна.

-Цаашид хийж хэрэгжүүлэх ямар ажлууд байна вэ, танай салбарт?

-Цаашид бид төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн нарийвчилсан төлөвлөлт хийх, эмнэлгийн тусламж үйлчилгээний хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, шинэ техник технологийг нэвтрүүлэхдээ хүний нөөцийг цогцоор нь бэлтгэх, эрүүл мэндийн салбарын мянга мянган ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх асуудал зайлшгүй байна. Түүнчлэн эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харьцаа хандлагыг сайжруулах, улс орон даяар элэгний В, С вирүсийн халдварыг илрүүлэх аяныг зохион байгуулах, эхийн эндэгдэл, сүрьеэ, бэлгийн замын халдварыг бууруулах чиглэлээр дорвитой томоохон үйл ажиллагаа хийхээр төлөвлөж байгаа. Анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмж, чанарт анхаарах, мобайл технологийг нэвтрүүлэх, эрүүл мэндийн шилэн төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, гадаад оронд эмчлүүлж буй эмчилгээний урсгалыг багасгах зэрэгт онцгой анхаарал хандуулахаар болсон.


Categories
мэдээ цаг-үе

Хүний жудгийг дээдэлсэн “Миний нууц”

“Хувьсал” продакшны “Гөү адвенчер” студийн бүтээл “Миний нууц” уран сайхны кино сүүлийн үеийн хамгийн олон үзэгчтэй киногоор тодроод байгаа. Энэ сарын 7-нд нээлтээ хийсэн гэхэд хамгийн олон тоолууртай кино болно гэдэг чамлахааргүй амжилт. Киноны зохиолыг Доржготовын Ганцэцэг, Алтангинжийн Ганчимэг нар бичиж, найруулагчаар Дашхүүгийн Галбаяр, А.Ганчимэг нар ажиллажээ. Монголд жилд өчнөөн олон кино дэлгэцнээ гардаг ч хүний сэтгэлд хүрсэн бүтээл төрөхөө больсон, ямар ч зохиолгүй кинонцруудын үерт автсан гэх яриа чихний үзүүр сөрмөх нь олонтаа. Тэгвэл гол дүрд нь гавьяат жүжигчин Уртнасангийн Уранчимэг, соёлын тэргүүний ажилтан жүжигчин Цэгмидийн Цэрэнболд, залуу жүжигчин Бадамсэдийн Билгүүн, Төмөрийн Хулан, Оюунгэрэл нарын тоглосон эл киног үзэгчдийн сэтгэл бага ч болтугай таашаал хүртсэн гэж найдна. “Хувьсал” продакшныхан урьд нь “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”, “Атганд үлдсэн эрдэнэ” зэрэг хэд хэдэн бүтээл хийж үзэгчдэд толилуулсан туршлагатай уран бүтээлчид.

Хүний амьдрал гэдэг нууцаар дүүрэн. Томоохон группын эзэн Түшиг, түүний эхнэр Хандмаа нар Мөнхжин, Энхжин хэмээх хоёр хүүгийнхээ хамт амьдарна. Дутах гачигдах зүйл үгүй ч хүн бол сэтгэлийн амьтан гэдэг томьёолол эл бүтээлд голлоно. Кино эхлэхэд Хандмаа дэлгүүрээр явж байгаа нь дэлгэцнээ харагдана. Хандмаад гавьяат жүжигчин Уранчимэг чадварлаг тогложээ. Хувцас солих өрөөнд Хандмааг дөнгөж ортол нэг залуу үсрэн орж ирж амыг нь даран, чимээ анир гаргахгүй байхыг шаардана. Алтангинж хэмээх эл залууг траншейнд амьдарч байхад нь үл бүтэх залуу олон өсгөж авч нэг ёсны “бууны нохой” болгожээ. Алтангинж найз охинтой болоод удаагүй бөгөөд сэтгэцийн эмнэлэгт ажиллах түүндээ хулгайч дээрэмчдийн бүлэглэлээс гарч, хүний ёсоор амар жимэр аж төрөх амлалт өгчээ. Гэвч, сайн юманд садаа мундахгүй гэгчээр Алтангинжийг тийм ч амархан тавиад явуулчихгүй тавилан заяаны ээдрээ үүсчээ. Үл бүтэх бүлгийнхнээсээ зугтаж явахдаа тэрээр хувцас солих хөшигний цаана Түшигийн эхнэр Хандмаатай тааралдаж, нөгөөдүүлээс нуугдаж хоцорлоо.

Хандмаагийн айдаст харц, сэтгэлзүйн байдлыг жүжигчин Урнаа нүүрний хөдөлгөөнөөрөө тун чадмаг гаргана. Тансаг байшинд юугаар ч үл дутах баян чинээлэг, элэг бүтэн амьдрал дунд Хандмааг яагаад ч юм ганцаардлын сүүдэр дагана. Тэр дэлгүүрээс гарахдаа сахиусан тэнгэрийн жигүүртэй цав цагаахан өмсгөл худалдаж аваад харина. Гэртээ ирж хань ижлээ, хоёр хүүгээ хүлээх боловч тэд нь тус тусын ажилтай учир оройтох тусам Хандмаагийн гансрал нэмэгдэж, бэлдсэн хоолоо амандаа чихэж их л бүдүүлэг байдал гаргах нь галзуу хүн үү гэсэн эмзэглэлийг төрүүлнэ. Тийм ээ, түүний сэтгэл дотор жирийн айлын эзэгтэй, бас жир бус нэгэн хоёр зэрэгцэн оршиж байжээ. Хүний ухамсарт бурхан, бугийн аль аль нь оршиж байдаг гэсэн эртний философичдын санаа энд гарч ирнэ. Киноны туслах дүрүүдэд солонгос савангийн дуурийн түгээмэл шинж анзаарагдана. Түшиг захирлын ажлын газрын хоёр цэвэрлэгч хүүхэн “Царцаа Намжил” домогт “Хоёр хулгана бувар бувар гэнэ” гэдэг шиг тэрүүхэндээ ховон хошуулах нь яг л солонгос киноны дүр гэлтэй.

Зохиолоо үзэгчдэд хялбар ойлгуулах гэсэндээ ийм арга ядсан яриан хэсгийг түлхүү оруулсан гэлтэй. Тэрнээс биш киноны зураг авалтын хувьд бас ч гэж дэвшилттэй зүйлс анзаарагдаж байна. Түшигийг гадаад явсан хойгуур эхнэр Хандмаатай нь Алтангинж дотносох оролдлогыг хэдэнтээ хийнэ. Хүүгийнх нь тоглодог сагсны талбай дээр Алтангинж очиж Хандмааг тэврэн эргүүлэхэд ихэд гайхаж эгдүүцнэ. Гэвч түүнийг нэрээ хэлэхэд ямархан нэг зүйл санаанд нь орж бага насных нь дуртатгал сэргэнэ. Тэр балчир ахуйдаа нэгэн хүүтэй хамт замаар гүйж явахдаа “Алтангинж ээ, би чиний Мөнгөнгинж чинь болно” гэхэд хүү “Чи бол миний шидэт дагина” гэж цангинуулан баясгалантайгаар гүйлдэх нь дэлгэцнээ тодорно. Өөрөөсөө олон дүү үл таних залуутай мотоциклиор зугаалж, будаг цацалцан, үдшийн цэнгээний газарт богино даашинзтай бүжиглэх Хандмаа баруун далан дээрээ “Алтангинж” хэмээх үгийг хүртэл шивүүлэх нь хөл алдатлаа дурласны шинж гэлтэй. Гэвч, залуугийн хувьд баян хүний эхнэртэй дотносч, тавин сая төгрөг л яаж ийж байгаад салгах гэсэн хүн шүү дээ.

Түшиг гадаад айлчлалаас ирж эхнэртээ алтан гинж бэлэглэхдээ далан дээр нь шивсэн мөнөөх үгийг олж харна. Хандмаа нөхрийнхөө ажил дээр очиход цахилгаан шатанд таарсан эгчмэд цэвэрлэгч Түшиг захирлыг нарийн бичигтэйгээ учир ургуулсан гэж хэлнэ. Энэ үг сэтгэцэд нь хүчтэй нөлөөлсөн Хандмаа мөнөөх охиныг олны нүдэн дээр гэзэгдэн, улмаар ухаан алдаж унана. Тэр ч бүү хэл ханьтайгаа гэртээ ярьж сууж байгаад гэнэтхэн “Намайг аллаа, авраарай” хэмээн зугтана. Түшиг шөнө сэрээд ханиа хажуудаа байхгүйг мэдээд босож харахад аквариумын загаснуудаа угаалгын машинд угаагаад сууж байх жишээтэй. Бас хүү Энхжин, Мөнхжин хоёртоо ч төвөг учруулна.

Бага хүү нь загварын үзүүлбэрээ үзүүлж байхад үзэгчдийн суудалд тухлан харж суусан ээж нь гэнэтхэн тайзнаа үсрэн гарч хамаг хувцсаа тайчин бүжиглэнэ гэдэг ямар олиг байх вэ дээ. Хүү гомдож ээжийгээ “Тан шиг ээжтэй байснаас байгаагүй нь дээр. Үхвэл таарна” гэхэд аав нь хүүдээ алган боов амсуулж “Амьдрал гэдэг чинь дандаа тэмцэхийн ч нэр биш. Тэвчихийн нэр” гэж хэлнэ. Алтангинж Хандмаатай зугаалсан, хамт авахуулсан зургуудаа нөхөр Түшигт нь аваачиж өгч мөнгө салгах гэж шантаажилна. Гэвч, Түшиг тийм ч амархан нэг жулдрай бандид бэлэн мөнгө өгчихгүй. Мань эрийг хүлэн хээр аваачиж харанхуй шөнөөр айлган сүрдүүлнэ. Хүнд утсан чинээ улаан аминаас үнэтэй зүйл орчлонд юу байх билээ. Алтангинж эхнэртэй нь дотносоогүй гэдгээ хэлж уучлал гуйна. Харин Түшиг гэнэт “Чи Хандмаатай улам дотносвол чамд хүссэн мөнгийг чинь өгнө” гэж ятгана. Чингээд, Хандмааг дунд сургууль төгсөхдөө байшингийн дээвэр дээр сэтгэлт хөвгүүн Алтангинжтэйгээ ярилцаж байтал, найз хөвгүүн нь дээврээс нисэж бурхан болсноос улбаалж сэтгэцийн өөрчлөлттэй болсныг учирлан ярина.

Хандмаагийн өсвөр ахуйд тохиолдсон эл гунигт явдал сэтгэлийн шарх болж дотор нь хоёр өөр Хандмаа амьдрах болсныг үзүүлнэ. Үүнээс хойш Алтангинж Хандмаагийн хувьд унаган багынх нь анхны хайртын дүрд тоглох болно. Нөхөр Түшиг нь тэр хоёрын дэргэд байхад ч Хандмаа үл танина. Алтангинж хүний амрагийн дүрд тоглох ажлынхаа хөлсийг авсан ч хүн чанар нь хатгаж Хандмаа дээр ирнэ. Түүнийг найз бүсгүй нь ятгаж “Ийм өвчтэй хүнийг ая тааваар байлгавал тустай” гэснээр иржээ. Эцэст тэрээр барилгын өндөр өргөгч цамхаг дээр сахиусан тэнгэрийн хувцастайгаа гарч, бурхан болсноор зовлонт нэгэн хүний шаналант амьдрал төгсөнө. “Миний нууц” гэдэг нэрийн тухайд хэн нэгэн нууц амрагийн тухай биш гэдэг нь ийнхүү тайлагдана. Эл киноны дууны шүлгийг соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар бичиж, аяыг урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав хийжээ.

Дууг гавьяат жүжигчин Т.Ариунаа дуулж, олны хүртээл болголоо. Найруулагч Д.Галбаярын хувьд нэрт жүжигчин Дашхүүгийн хүү, удам дамжсан урлагийн хүн гэдгийг уншигчид мэдэх байх. “Миний нууц” уран сайхны кино зарим нэгний яриад байгаа шиг Холливудын хэмжээний бүрэн төгс бүтээл болоогүй нь ойлгомжтой. Харин зураг авалтын зарим нэг шийдэл болоод хүн хүнээ хайрлах сэтгэлзүйн дүрүүдийг амилуулснаараа сүүлийн үед гарсан кинонуудаас харьцангуй дөнгүүр, хүнд юм бодуулах дэлгэцийн бүтээл болжээ гэдэгтэй үзэгчид санал нийлэх биз ээ.


Categories
мэдээ нийгэм

Фитнесс хоолны шилдэг жорууд

Эрүүл аргаар жингээ хасч зөв хооллолтыг дасгал, хөдөлгөөнтэй хослуулан турах нь хамгийн зөв арга юм. Ингээд фитнесс хоолны жоруудыг сонирхоорой.

Фитнесс, аэробик, бүжиг, иог зэрэг идэвхитэй дасгал хөдөлгөөн хийж турж галбиржих гэж байгаа бол эдгээрийн хажуугаар зөв хооллох нь маш чухал үр дүнг авчирдаг. Ингээд доорх орц, хүнс тэжээл бүхий фитнесс хоол нь хүний биеийн өөх тосыг задлаж, булчинг чангалж, эд эсийг сэргээж, хоол боловсруулах тогтолцоог сайжруулахаас гадна хүний бие организмд зайлшгүй шаардлагатай уураг, тэжээл, олон төрлийн амин дэм, эрдэс бодисоор баялаг юм.

Идэвхитэй дасгал хөдөлгөөн хийхгүй байсан ч тогтмол хугацаанд энэхүү хоолны дэглэмийг барихад та эрүүл аргаар турж, галбиржих боломжтой болох юм.

Доорх хоолнуудыг боловсруулж идэх аргууд:

– Жигнэх

– Чанах

– Өнгөцхөн хуурах, хайрах

– Шарах шүүгээнд болгох

Хурц тосонд шарах, болтол нь хуурах нь өөхлөлт, таргалалт үүсэх гол шалтгаан бөгөөд ходоод гэдэсний эрүүл мэндэд маш муу тул дээрх аргаар хийхийг эрхэмлээрэй.

Доорх хоолнуудыг амтлах аргууд:

– Давс эсвэл давс огт хэрэглэхгүй байх нь илүү үр дүнтэй

– Ургамлын гаралтай хоол амтлагчуудаас тохируулан хэрэглэж болно.

– Зөвхөн оливын тос хэрэглэнэ.

Ингээд доорх фитнесс хоолнуудыг хийхдээ дээрх хоол боловсруулах болон амтлах аргыг баримтлан эрүүл хоол хийж идээрэй.

1. Жигнэсэн ногоо, хайрсан загас

Орц:

– Загасны мах

– Лууван

– Брокколи

– Цэцэгт байцаа

– Ногоон сонгино

Хийх арга: Загасны махыг хоёр талаас нь амтлан оливын тосонд хийж болтол нь хоёр талаас нь хуурна. Загасны мах амархан болдог тул хэт их хуурч, шарахаас сэргийлээрэй. Лууванг чанаж эсвэл түүхийгээр нь хэрэглэж болно. Брокколи, цэцэгт байцааг 15 минут жигнүүр дээр жигнэж болгоод лууван болон загасны махтай хольж амтлаж иднэ.

2. Ногооны салат, тахианы цээж мах

Орц:

– Тахианы цээж мах

– Улаан лооль

– Авакода /өргөст хэмх байж болно/

– Бууцай

– Сонгино

Мөн өөрийн дуртай ногоогоор баяжуулан амтлаарай.

Хийх арга: Тахианы махыг хоёр талаас нь амтлаж 180С хэмийн шарах шүүгээнд 20-25 минут болгоно. Эсвэл давстай усанд 17-20 минут чанаж болгоно. Ногоог угааж цэвэрлээд жижиглэн хэрчиж давс, оливын тос, перцээр амтлаж хутгана.

3. Будаатай амталсан ногоо

Орц:

– Будаа /хөц, гурвалжин, бор, шар, арвайн будаагаас сонгож хэрэглэнэ./

– Лууван

– Бууцай

– Брокколи

– Вандуй

– Хүрэн байцаа

Хийх арга: Будааг агшааж бэлэн болгоно. Лууван, брокколиг 15-17 минут жигнэж болгоно. Вандуйг жигнэж болно эсвэл бэлэн вандуй хэрэглэж болно. Бүх хольцийг хамт хачирлан иднэ.

4. Фитнесс хүнсний цуглуулга

Орц:

– Өндөг

– Тахианы цээж мах

– Гурвалжин будаа

– Өргөст хэмх

– Улаан лооль

– Хар талх

– Брокколи

Хийх арга: Өндөг, брокколиг 15-17 минут чанана. Тахиан махыг 17-20 минут чанана. Гурвалжин будааг агшаана. Ингээд бусад хольцтой хачирлан иднэ.

5. Чансасан үхрийн махтай амталсан ногоо

Орц:

– Үхрийн мах

– Брокколи

– Чинжүү

– Мөөг

– Сонгино

Хийх арга: Үхрийн махыг давстай усанд зөөлөртөл нь чанана. Брокколи, мөөгийг 15 минут жигнэж болгоно. Ингээд чинжүү, сонгиныг оливын тосонд өнгөцхөн хуураад чанасан үхрийн мах, ногоог хийж амт оруулах төдий хуурна.

6. Чанасан өндөгтэй ногооны салат

Орц:

– Өндөг

– Салат навч

– Өргөст хэмх

– Улаан лооль

– Ногоон вандуй

– Чинжүү

– Авакода

– Самрын үр

Хийх арга: Өндгийг 15-17 минут чанаж болгоно. Бусад ногоог угааж хэрчээд салатанд тохируулан хэрчиж өндөгтэй холиод давс, хар перц, оливын тос, яншуй, ногоон сонгино, нимбэгний шүүсээр амтлаад амтархан иднэ.

7. Дүпүтэй ногооны салат

Орц:

– Дупү

– Брокколи

– Улаан лооль

Хийх арга: Дүпүг оливын тосонд болтол нь хайрч болгоно. Брокколыг 15 минут чанаж эсвэл жигнэж болгоно. Ингээд улаан лоольтой хольж давс, хар перц, оливын тос, яншуй, ногоон сонгино, нимбэгний шүүсээр амтлаад амтархан иднэ.

8. Жимс, ногооны салат

Орц:

– Өргөст хэмх

– Улаан лооль

– Салат навч

– Чинжүү

– Майлз

– Алим эсвэл жүрж, тоор гээд дуртай жимсээ сонгоорой.

Хийх арга: Бүх ногоо, жимсийг угааж цэвэрлээд жижиглэн хэрчиж саванд хольж хийгээд давс, нимбэгний шүүсээр амтлаад иднэ.

Түүнчлэн дээрх хоол, салат хийх жоруудаас санаа авч 5-7 хоног идэх фитнесс хоолоо урьдчилан бэлтгэж хөргөгчинд хийж хадгалж болно.

Мөн доорх зурган жоруудаас өглөө, өдөр, оройн фитнесс хоолуудыг хэрхэн бэлтгэж байгааг анзаараарай. Ингээд танд амжилт хүсье.

Categories
мэдээ цаг-үе

Түнхэлийн цэргийн ангид гурван жил мод бэлтгэсэн “хөх цэргүүд”

Ардын армийн 072 дугаар ангид гурван жил эр цэргийн алба хаасан онжавууд дөч шахам жилийн дараа эргэн уулзаж, тэртээх он жилүүдээ дурсаж сууна. Тэд жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдөр эх орны өнцөг булан бүрээс нийслэл хотыг зорин ирж уулздаг болоод тав дахь жилтэйгээ золгож байгаа аж. Анхны уулзалтад дөрөв тавхан нөхөд ирсэн ч өдөр шөнөгүй ярьж суусан гэдэг. Ийн уулздаг болсноос хойш үеийн нөхөр, Дорнодын Ц.Энхбаяр цэргийн баяр хурдан болоосой гэж хоног тоолон, уйлж байсан удаатай гэж Яруугийн “өндөр ах” гэгддэг Л.Нямцэрэн нь дурссан юм.

Тэртээ 1978 онд Кубын нийслэл Гавана хотод дэлхийн залуучууд, оюутны XI их наадам, 1979 оныг Монгол Улс хүүхдийн жил болгон зарлаж, 1980 онд Москвагийн олимп, 1981 онд монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явдлууд он цагийн хуудсанд бичигдэж байхад тэд эр цэргийн албаа нэр төртэй хаасан нь тэдний сэтгэлд тодхон үлджээ.

Тэдний алба хаасан Түнхэлийн цэргийн анги бол Монголд ганц байсан мод бэлтгэлийн анги юм. Ардын армийн анги нэгтгэлүүдийн мод түлээг бэлтгэхээс гадна гадаадад стандартын гуалинг экспортонд гаргадаг байсан гэнэ. Тус ангид мод бэлтгэлийн хоёр салаа, машин ачилтын болон төв дээр вагон ачилтын салаа тус тус нэг, дөрвөн метрийн гуалин бэлтгэлийн салаа нэг, техник болон зам арчлалтын тасаг нэг, вагонд гуалин ачилтын хоёр авто ачигчтай хоёр зуугаад бие бүрэлдэхүүнтэй томоохон анги салбар байжээ.

Анх 1978 оны долоодугаар сард “Манай оны цэргүүдийг ирэхэд ангийн захирагч хошууч Самбуу, штабын дарга нь хошууч Пушаан, Мягмаржав, улс төрийн орлогч хошууч Бадам-Очир, ахмад Ванчинсүрэн, хангалтын албанд ахмад Галсанжамц, ахлах дэслэгч Даш, ротын захирагч, ахмад Намжаа, улс төрийн орлогч, дэслэгч Намсрайжав, эвлэлийн үүрийн дарга, дэслэгч Төмөрбаатар, кино механикч, ахлагч Лхамжав, уулын 55-маркийн тракторын жолооч нар, ахлагч Батаа, Дашням, Төмөрбаатар, автогредрчин ахлагч Дүүрэнбаяр нарын офицер ахлагч нар ажиллаж байсан. Карентинд өнгөрүүлсэн 45 хоногийн хугацаанд бид цэргийн анхан шатны бэлтгэл, жагсаалын бэлтгэл, цэргийн дүрэм бүгдийг сурсан. Гэхдээ гурван жилийн хугацаанд дандаа байгалийн сайханд, мод бэлтгэх ажил хийсэн” гэж Хөвсгөлийн У.Лхагвасүрэн дурсан ярилаа.

Харин мод бэлтгэлийн нэгдүгээр салааны захирагчаар дэслэгч Г.Мөнхбаатар, салаан орлогчоор ахлах түрүүч У.Лхагвасүрэн, хоёрдугаар салааны захирагчаар дэслэгч Болдбаатар, хугацааны ахлагчаар Дорноговийн Г.Батболд, ахлах түрүүчээр Завханы Ц.Энхбаатар, машин ачилтын салаан захирагчаар ахлах дэслэгч Өлзийнасан, салаан орлогч, ахлах түрүүч Дарханы Биндэрьяа, гуалин салаан захирагч мангаа хочит дэслэгч Лхагвасүрэн, салаан орлогч нь түрүүч Чинбат, вагон ачилтын салааны захирагч ахлах дэслэгч Доржсэмбэ, салаан орлогчоор ахлах түрүүч Увсын З.Пүрэвсүрэн, тасгийн дарга нар нь түрүүч Баянхонгорын Б.Пүрэвдорж, Ховдын Ж.Түвшинбаяр, Дорноговийн Л.Ганболд нар байсан.

Түнхэлийн цэргийн ангид алба хаасан цэргүүдийн дурсамж

Гэрэлт амьдралынхаа 1080 өдрийг хамт өнгөрүүлсэн нэг оны цэргүүдэд хөгтэй явдал бишгүй тохиох нь дамжиггүй. Баян-Өндөрийн Мөнхжаргал гэдэг нөхөр нь гурван жил алба хаачихаад гараа зөрүүлэлгүй алхаж сураагүй гэнэ. Аргаа барсан ахлагч, офицерууд нь түүнд саваа мод бариулж алхуулдаг байжээ. Хоёр дахь жилдээ албаа хааж байсан Д.Цогоо, Л.Нямцэрэн нар трактораар уулнаас мод чирээд ирж байхдаа трактораа хөргөж, амарч суужээ. Нэг хартал тэр хоёрын дунд том могой байж байхыг хараад ухаан алдатлаа айж, уул хадаар нэг хашгирч гүйсэн гэнэ. Мөн нэг удаа цэргүүд хир тортог болсон хувцсаа бензинтэй хувинд хийж угааж байгаад гал алдаж, цэргийн байраа шатаах дөхсөн ч удаатай гэж хожим Хэнтийн Батноровын хүндэт баавай болсон Базаргүр гуай дурссан юм.

Түүний яриаг үргэлжлүүлж онжавууд дундаа элэглэлийн мастер гэгддэг Ө.Зоригтбаатар, манай оныхонд хочгүй хүн гэж байдаггүй байлаа. Баянхонгорын Д.Цогоог “Михайл өвөө”, Хөвсгөлийн Я.Ганбаатарыг шулга болохоор “бөөрөнхий”, Гантөмөрийг нугасан хошуут гэдэг байсан. Тийм болохоор би өнгөрсөн жилийн уулзалтад ирсэн хорь гаруй нөхдөдөө бүгдэд нь элэглэл бичиж өгсөн гэв.

Бидний үндсэн үүрэг бол армийн анги нэгтгэлийг мод түлээгээр хангах,түүнийг уулнаас бэлтгэж, зөөж, вагоноор тээвэрлэж хүргэх юм. Энэ үүргээ манай анги, бидний үеийнхэн нэр төртэй биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч явсан гэж тэд ам бардам ярьж сууна. Мод бэлтгэлийн салааны цэргүүд 12 метр куб мод хурааж, цагаалж өгөхөд ачилтын салааны цэргүүд вагонд ачна. Өвлийн цагт хөлдүү гуалин гулгаад хэцүү. Төмөр замын хөдөлгөөн цаг минутаар хэмжигддэг учраас хугацаанд нь ачих ёстой. Энэ мэт ажлын хүнд бэрхшээл бүхнийг зүрх сэтгэлээрээ даван туулсан нэг оны цэргүүд гэдэг бол юунаас ч айхгүй, юугаар ч сольшгүй андын сэтгэлээр гагнагдаж, он цагийн урсгалд улам бэхжиж бие биеэ санан дурсдаг юм байна гэж Л.Нямцэрэн дурслаа.

Ижилдэн дассан нэг оны цэргүүд өнгөрсөн жил дурсамж, дурдатгал төрүүлэх Түнхэлийн 072 дугаар анги дээрээ очиход цэргийн ангийг нь юу ч үгүй болгосон байжээ. Үүнийг хараад тэдний нүдэнд нулимс эрхгүй мэлтэлзсэн гэж ярихдаа хоолой нь зангирч байсан юм.

Тэдний дундаас эх орондоо мэдлэг боловсролоо зориулж явсаар одоо гавьяаныхаа амралтанд гарсан УБТЗ-ын хүндэт төмөр замчин Г.Батболд, цагдаагийн дэд хурандаа Пүрэв-Одсэр, “Арж капитал” ХХК-ийн хангалтын албаны дарга Ц.Энхбаатар, Арьс шевроны үйлдвэрийн ахмад ажилтан “Алтан гадас” одонт Д.Цогоо, “Дархан-Эрдэнэбүрэн” ХХК-ийн захирал О.Сайнбаяр, Барилгын инженер Д.Золбоо, УБТЗ-ын хоёрдугаар ангийн мастер Я.Ганбаатар, харуулын албаны цэрэг Л.Нямцэрэн, өнөөг хүртэл өргөсөн тангарагтаа үнэнч яваа саарал шинелээ тайлаагүй Хөвсгөл аймгийн Хилийн цэргийн 0257 дугаар ангийн ахлагч, механик жолооч 61 настай У.Лхагвасүрэн нарын олон сайчуул төржээ.

Мөн бид гэр бүл найз нөхдөөрөө нийлж жил болгон эх орныхоо аль нэг үзэсгэлэнт сайхан газраар аялан зугаалж, алжаал ядаргаагаа тайлж байдаг. Тухайлбал, 2015 онд гурван машинтай арваад хүн Хөвсгөл далайгаар аялж байсан бол 2016 онд Хэнтийн Батноров, Бэрээвэн хийдээр аялаад ирсэн. Энэ жил бид Дорнодын зүүн хязгаар Буйр нуур, Манжуураар аялах төлөвлөгөөтэй байна гэж Л.Нямцэрэн ярьсан юм.

Түнхэлийн цэргийн ангид байхдаа бид “Аавынд байгааг нь хар цэрэг, армид хаасны нь улаан цэрэг” гэж хошигнодог байлаа. Харин өөрсдийгөө бүрэн эрхт бүгд найрамдах улсын “Хөх цэрэг” гэдэг байсан учраас “Хөх цэрэг” шүлэг бичсэн гэж Ө.Зоригтбаатар ах хэлэв. Иймээс Монгол орны өнцөг булан бүрт суугаа нэг оны цэргүүдээ дараах утсаар холбогдохыг хүссэн юм. Г.Батболд-88583080, Л.Нямцэрэн-91714622, У.Лхагвасүрэн-88504242, Я.Ганбаатар-88822339, Ц.Энхбаатар-88092067, Ө.Зоригтбаатар-88812345

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Элбэгдорж: Монгол Улсад жирийн иргэн Засгийн газраа ялах боломжтой

МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ жил бүр “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулган зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаа 12 дахь жилдээ “Эмэгтэйчүүдийн нүдээр: Иргэний бодит оролцоо” сэдвийн хүрээнд ээлжит чуулганаа хийсэн юм.

“Чингис” зочид буудлын хурлын танхимд болсон уг чуулганыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэнийг хүргэж байна.

Тэрээр хэлсэн үгэндээ “Энд хүрэлцэн ирсэн та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгаж, чуулганы ажиллагаанд амжилт хүсч, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.

МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ бол иргэний нийгмийн байгууллагуудаас үйл ажиллагаа нь тогтворжсон, мэргэжлийн түвшинд үйл ажиллагаагаа явуулдаг, олон талын асуудлыг хөндөн тавьж төрийн байгууллагуудтай хамтарч нэлээд амжилтад хүрч чадсан сайн санаачилга байгаа юм.

2006 оноос хойш “Эмэгтэйчүүдийн нүдээр” гэж тодорхой асуудлуудыг сэдэв болгон авч чуулган хийж байгаа. Энэ чуулганаа тасралтгүй 12 дахь жилдээ авч явж байна гэдэг бол энэ байгууллагын үйл ажиллагааны чанарыг, тогтвортой, чадвартай байдлыг харуулж байгаа нэг үзүүлэлт гэж бодож байна.

Өмнө нь Эмэгтэйчүүдийн баяр, гуравдугаар сарын 8-ны өмнө чуулганаа хийдэг байсан. Чуулганаар хэлэлцсэн зүйлийг бид цуглаж ярилцдаг, 3 дугаар сарын 8-ны өглөө МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний идэвхтнүүдтэй миний хувьд уулзаж, чуулган дээр яригдсан зүйлүүд, тулгамдаж байгаа асуудлуудыг тухайн жилдээ яаж шийдвэрлэх вэ гэдэг талаар ярилцдаг ийм сайхан уламжлал тогтоод явж байгаа.

Ямар учраас иргэний оролцоо Монголд хэрэгтэй вэ гэдэг дээр бүгдээрээ нэгдмэл ойлголттой болох хэрэгтэй байгаа юм. Үүнийг та бүхэн сайн мэдэж байгаа. Гэхдээ цаашаа, ялангуяа албан тушаалтнуудад сайн ойлгуулах хэрэгтэй.

Манай Үндсэн хуульд “Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулна” гэж маш тодорхой заасан байдаг. Иргэн нь оролцдоггүй иргэний нийгэм гэж хаана ч байхгүй. Иргэнээ гаднаа хаяад, иргэнээ ангид үлдээгээд байгуулдаг нийгэм гэж байхгүй. Иргэн нь оролцож байж л нийгэм өөрөө бий болно.

Улсын хөгжил гэж авч үзэх юм бол хэрэв иргэд нь оролцохгүй бол тэр хөгжил байхгүй. УИХ, Засгийн газар дээр гаргаж байгаа, орон нутгийн удирдлагын түвшинд гаргаж байгаа бүх бодлогод иргэд нь оролцохгүй, тэдний эрх ашиг тусаагүй бол тэр нь улсын бодлого болж чадахгүй. Иргэдээс ангид л зүйл болно.

Иргэд оролцох гэдэг бол бидний Үндсэн хуулиар сонгож авсан бүх зам дээр байж байгаа. Үндсэн хуульд маш чухал хоёр заалт байдаг. Хоёр заалтын нэгийг манайхан их сүрхий хэрэгжүүлж байгаа. “Иргэд өөрийн сонгосон төлөөллөөрөө болон өөрсдөө шууд оролцож төрийн эрхийг барина” гэж байдаг. Иргэд төлөөллөө сонгуулиар сонгоод байгаа. Иргэдийнхээ шууд оролцоог орхиод байгаа. Ийм хандлага бий. Иргэдийн шууд оролцоог хангах гэж зүтгэж ажиллаж байгаа ийм нийгмийн хэсэг бол манай иргэний нийгмийн идэвхтнүүд юм. Хамгийн хүнд ачааг та бүхэн олон жил үүрч ирсэн.

Тийм учраас төр нь иргэдийнхээ сайн санаачилга, сайхан зүйлийн өөдөөс алхам хийх хэрэгтэй. Яагаад би иргэдийн оролцоо байх ёстой гэж байнга ярьдаг вэ гэхээр иргэд оролцоод ирэхээр л гаргаж байгаа бодлого хүнд наалддаг. Хүнд ээлтэй бодлого болдог. Хүнлэг бодлого болдог.

Өөр нэг сайхан зүйл бол иргэд оролцоод ирэхээр гарсан шийдвэрийн биелэлт хангагддаг. Иргэд өөрсдөө оролцоод гаргасан бол шийдвэрээ өөрсдөө биелүүлдэг. Тэдний төлөө шийдвэр учраас өөрсдөө биелүүлдэг.

Аль ч шатны төр, засаг, Ерөнхийлөгч, УИХ бүгдээрээ л иргэдээсээ сонгогдож байгаа. Иргэдийнхээ төлөө ажил хийнэ гэж амлаж гардаг. Тийм учраас иргэдээ оролцуулж, хоёр талаасаа оролцвол бидний бодлого зөв болох гээд байгаа юм.

Өөр бас нэг чухал зүйл байдаг. Иргэд оролцож байж чадавхитай болдог. Манай зарим хүнд сурталтны хэлдэг үг байдаг. “Иргэд эрхээ мэдэхгүй байна. Иргэд боловсрол муутай байна. Заавал энэ асуудал дээр иргэдийг оролцуулж яах юм” гэдэг. Хүн оролцоод ирэхээрээ л эрхээ мэдэж эхэлдэг шүү дээ. Хүн оролцоод ирэхээрээ л чадавхи нь бий болж эхэлдэг. Огт оролцуулахгүйгээр иргэний нийгмийг байгуулах, огт оролцуулахгүйгээр иргэдийнхээ үгийг сонсох боломж байхгүй. Хууль талаасаа, бидний зорьж байгаа нийгэм талаасаа үнэхээр энэ оролцоо чухал гэдэг нь харагддаг.

Өөр нэг зүйл бол Монголын онцлог байгаа юм. Монгол бол газар зүйн байршлын хувьд маш их онцлогтой орон. Дээр нь бид сонгож авсан замын хувьд, хөгжлийн сонголтын хувьд онцлогтой орон. Мөн Монголын өөрийн уламжлал, соёлын хувьд бас их онцлогтой орон. Бүх онцлогоос нь авч үзэх юм бол иргэд оролцож байж л Монголын хөгжил урагшлах юм.

Иргэд нь хүчтэй, санаачлагатай байх юм бол Монголын хөгжил урагшаа явна. Иргэд нь хүч муутай, санаачилга багатай, түүнийг нь төр, засаг дэмждэггүй байх юм бол Монголын хөгжил явахгүй гэсэн нэг онцлог байгаа юм.

Зарим оронд төв Засгийн газар нь их хүчтэй, төв удирдлага нь хүчтэй байх юм бол тэнд ажил яваад байдаг байж магадгүй. Монголын хувьд бол өөр. Уудам газар нутагтай, онцлог байршилтай, хүн ам цөөтэй ийм орны хувьд иргэн бүхнийхээ оролцоо, чадавхийг бэхжүүлж байж Монгол урагшилна. Тийм учраас энэ бол Монголын хөгжлийн зам, хөгжлийн философи болж хувираад байгаа. Үүнийгээ бид ойлгох ёстой юм.

1990 оноос хойш 27 жилийн хугацаанд иргэний нийгмийн байгууллага анх үүссэнээс хойш өнөөдрийг хүртэл 30-аад мянган байгууллага Монголд үүсч, бүртгүүлсэн байдаг. Тэр гучаад мянган байгууллага дотроос зургаан байгууллага тутмын нэг нь идэвхтэй, тогтвортой үйл ажиллагаа явуулж байна гэсэн судалгаа гарсан байна. Тэгэхээр Монголд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 5000 гаруй иргэний нийгмийн байгууллага байна.

Тэдний улс орны хөгжилд оруулж байгаа хувь нэмэр, хүмүүсийн дуу хоолойг хүргэхэд оролцож байгаа маш олон ажил бий. Нэг байгууллагад дунджаар таван хүн ямар нэг хэмжээгээр ажиллаж байна гэвэл хамгийн багаар бодоход наад зах нь 25 мянган хүн Монгол даяар иргэний нийгмийн байгууллагад ажиллаж байна гэсэн тоо гарч ирж байгаа.

Эндээс бид ямар дүгнэлт хийж болох вэ гэвэл иргэний нийгмийн байгууллага гэдэг ойлголт Монголд суурьшсан, Монголд нутагшсан, Монгол Улсын өөрийнх нь үзэгдэл, заавал байх ёстой зүйл болжээ. Иргэний нийгмийн байгууллага Монголын нийгэмд байр сууриа эзэлж чаджээ гэж дүгнэж болохоо байна.

Би энд гурван зүйлд анхаарлаа хандуулъя гэж бодсон.

Нэгд, манай иргэний нийгмийн байгууллагууд иргэний нийгмийн чиглэлд хийж байгаа ажил, дэвшилтэт хүрсэн амжилтаасаа ухарч болохгүй. Амжилт гэж үзэж байгаа л бол түүн дээрээ дөрөөлөөд цаашаа дахиад дэвшилтэт зүйл рүү шилжих хэрэгтэй. Эрх зүйн талаас нь сүүлийн жилүүдэд гарсан амжилт байна. Та бүхний, иргэдийн оролцоо, шаардлагын хүчинд гарсан амжилт байна.

Жишээлбэл, Мэдээллийн ил тод байдал, мэдэх эрхийн тухай хууль гэж байгаа. Тэр хуулийг бариад явахад маш олон асуудал, шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн шийдвэрийн үндэслэл, маш олон зүйлийг мэдэх, иргэдэд хүргэх, мэдээлэх асуудал байна.

Шилэн дансны хууль байна. Хүн бүхэн мэднэ. Харамсалтай нь, Шилэн дансны хууль энэ сонгуулиас хойш хэрэгжилтийн хувь нь маш их буурсан. Би шүүмжилж байгаа. Манай залуу гишүүд, УИХ-ын гишүүд шаардах хэрэгтэй. Энэ хуулийн хэрэгжилтээр аймгууд дээр, Улаанбаатарт, УИХ дээр сонсгол хийх хэрэгтэй. Хэрэгжүүлэхгүй байгаа албан тушаалтнуудтай хариуцлага тооцох цаг болсон. Энэ ерөөсөө явахгүй байгаа юм.

Нэг юм үнэн. Улстөрчдийн яриа иргэдэд сонин биш. Яг үнэндээ улстөрчид тэдний мөнгийг хэрхэн зарцуулж байна гэдэг л сонин байгаа. Санхүү тойрсон, мөнгө тойрсон зарцуулалт, тайлагнал, ил тод байдал, хариуцлага гэдэг зүйл энэ хуулиар бий болсон. Энэ их муу явж байна. Би хөдөөнөөс явуулсан нэг сурвалжлага хараад, маш их баярласан. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын цэцэрлэг Шилэн дансны хуулиар дотроо мэдээллийн самбар гаргаад, хуулийн хэрэгжилт, хяналт гээд долоо хоног бүхэн тайлагнаж байна. Хүүхдийн цэрцэрлэг шүү дээ. Тэгэхэд яг ийм ажил Сангийн яаман дээр алга. Манай арван хэдэн яам, гучин хэдэн агентлаг, хорин хэдэн аймаг, 400 сум дээр байхгүй, харагдахгүй байна.

Мэдээллийн технологи бий болчихсон, Сангийн яам, тэр бүх газарт нэгдсэн веб сайттай болчихсон, ороод үзэх боломжтой. Хуулийг сонгож хэрэгжүүлж эхлэх л юм бол утгагүй. Магадгүй, өнөөгийн эрх баригчид гарч ирээд Шилэн дансны хуулийг хүчингүй болгож чадахгүй байх. Энэ бол Монголын хувьд олсон ололт. Хууль сонгож хэрэгжүүлэхээр л ардчилал, бидний зорьж яваа үйл ажиллагаа утгаа алдаж байгаа нь харагдаж байгаа. Энэ бол дэвшил, гэхдээ үүнээс цааш хийх ажил бидэнд бий.

Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх хууль гэж байгаа. Манай иргэний байгууллагынхан их сайн мэднэ. Энэ дээр нөгөө яриад байдаг стратегийн өмгөөлөл байгаа. Эрүүл мэнд, байгаль орчин, хүүхдийн эрхийн асуудал гээд явах боломжтой. Нийтийн эрх ашгийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхүүдийг тэнд зааж өгсөн.

Бид нэг юмыг ойлгох хэрэгтэй. Заавал Засгийн газар шийдээд бүх ажил явдаг, Засаг дарга нарын шийдвэр дандаа үнэн байдаг биш. Асуудал байгаа бол шууд шүүхэд хандахаар болсон.

Өнөөдөр Монгол Улсад жирийн иргэн Засгийн газрыг ялах боломжтой. Нэг малчин надад хэлж байсан. Би уул уурхайн том компанитай заргалдаад заргаа авсан гэж байсан. Малчин хүн уул уурхайн компанийг ялах боломж бий.

Манай иргэний нийгмийн байгууллагынхан тэр хуулийн боломжийг ашиглаад, өөрсдөө мэргэшээд явах хэрэгтэй. Мэргэжлийн хүмүүстэй, хуульчидтай маргаад асуудлаа авна гэдэг та бүхэнд тийм амар биш. Энэ чиглэлээ бодвол энд маш том дэвшил гарсан. Үүнийг бид цаашдаа хэрэгжүүлээд явах ёстой.

Нэг маш том дэвшил бол Нийтийн сонсголын тухай хууль батлагдсан. Дагаж гаргах журмыг нь УИХ, Төрийн байгуулалтын байнгын хороо гаргасан. Энэ бол том дэвшил. Үүгээр дээрх бүх түвшинд нийтийн сонсгол хийнэ. УИХ дээр ч, аймагт ч, дүүрэг, сумын ИНХ дээр ч нийтийн сонсгол хийнэ. Энэ дээр л иргэд тодрох, иргэний нийгмийн байгууллага тодрох, иргэний нийгмийн байгууллагын идэвхтнүүд асуудлаа тавьж шийдүүлэх, иргэдэд асуудлынхаа ач холбогдлыг ойлгуулах хамгийн гол талбар юм. Урагшаа явж байгаа. Хууль талаас нь авч үзвэл их чухал шүү.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль байна. Хэдэн жил бид нар ярьсан билээ. УИХ-аас буцаж, яаж явж орсон билээ. Мэдээж, тэр хууль бүрэн биш. Зөрчлийн хууль, Эрүүгийн хууль, эдгээрийг хянан шийдвэрлэх хуулиуд гарч байж энэ хууль бүтэн болно. Та бүхний анхаарал, хурц хараа энд хэрэгтэй.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хууль гэж байгаа. Бид 20 мянга гаруй иргэдийн төлөөлөгч бэлдсэн. Үнэмлэхтэй болгосон. Өмнө нь тэтгэвэрт гарсан хүн орж ирээд шүүх хуралд сууж байгаад гараад явдаг байсан. Одоо иргэдийн төлөөлөгч оролцоод шүүхийн шийдвэрт саналаа хэлдэг болсон. Энэ хүн ийм гэмт хэрэг үйлдсэн байна. Энэ зүйлчлэл нь буруу байна. Энэ зүйлчлэл нь зөв байна. Энэ хүнд ийм ял өгөх ёстой гэж саналаа хэлдэг болсон. Хэрэв шүүхийн шийдвэртэй иргэдийн төлөөлөгч санал нийлэхгүй байгаа бол хуулиараа шүүхийн шийдвэрт заавал тусад нь бичдэг болсон. Энэ бол маш том дэвшил шүү. Энэ бол шүүхийн шинэчлэлд иргэдийн хяналт бий болж байгаа, эрх ашигт орж ирж байгаа асар том дэвшил. Үүнийг бид хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм.

Сүүлд Хууль тогтоомжийн тухай хууль гарсан. Энэ бол бас иргэдэд, хууль санаачлах талд их чухал, иргэдээ сонсдог, саналыг нь авдаг тэр шаардлагуудыг тусгасан гэж би ойлгож байгаа. Иймэрхүү хүрсэн ололтуудаасаа бид ухарч болохгүй. Үүнээс цаашаа явах, шийдвэрлэх олон асуудал бий.

Хоёрт, иргэний нийгмийн байгууллагуудад анхаарах зүйл байгаа. Иргэний нийгмийн байгууллагуудыг нэг талаас, төр, хүнд суртлын зүгээс юу гэж хардаг вэ гэхээр хямд ажиллах хүч гэж хардаг. Халаасны байгууллагууд бий болдог. Улс төрийн намууд, улстөрчид хажуудаа тийм байгууллагуудыг бий болгодог. Тэгж явуулах гэдэг. Улстөрчдийн, улс төрийн намын халаасны гэдэг юм уу, гологдсон гэхээр ажлыг хийлгэх гэж боддог. Нүүрнийхээ өмнө барьж явах гэж оролддог. Ийм хэлбэр рүү оруулах гэж оролддог.

Нөгөө талаас нь харвал иргэний нийгмийн байгууллагууд дээр чадавхижих, мэргэших, дотоод хариуцлага, ёс зүйгээ дээшлүүлэхтэй холбоотой олон асуудал бий. Бид үүнийг бүгдээрээ мэднэ. Нэр хүндтэй холбоотой асуудал бий. Иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаа бол хамгийн иргэнлэг замаар л явах ёстой. Энэ дээр шаардлагууд бий. Тодорхой сонирхолд автдаг. Мөнгө төгрөгт автдаг. Иймэрхүү зүйлүүд энд бий.

Бид аль аль талдаа энэ асуудалд анхаарч иргэний нийгмийн байгууллагынхаа нэр хүндийг өргөж явах шаардлагатай.

Дараагийн нэг тулгамдсан асуудал бол үндэсний иргэний нийгмийн байгууллагын хөгжлийн асуудал. Ихэнхдээ бий болохдоо дэмждэг, тусалдаг хүмүүс, байгууллагуудтай хамтарч ажилласан. Үндэсний хувьд иргэний нийгмийн байгууллагууд санхүүжилтээ бүрэн шийдсэн, үндэсний хэмжээнд зохион байгуулалтаа шийдсэн, бол үндэсний иргэний нийгмийн байгууллагын статус, чадавхи, хөгжлийн асуудлыг гаргаж ирэх хэрэгтэй.

Төр гэж харах юм бол хууль, дүрмээ хэрэгжүүлэхийн төлөө байдаг. Бизнес гэж харах юм бол материаллаг баялгийг бий болгодог. Иргэний нийгмийн байгууллага гэдэг бол жинхэнэ нийгмийн баялгийг бий болгодог байгууллага. Иргэний нийгэм гэдэг бол бий болсон бүтэц дотор амь нь тэнд байгаа юм. Хүнлэг нийгэм гэдгийн шүншиг нь, зүрх сэтгэл нь иргэний нийгмийн байгууллага юм. Ингэж харах хэрэгтэй.

Төр, хувийн хэвшил гээд хошуураад байдаг. Иргэний нийгмийн байгууллага маань хаягдсан байдалтай байгаа. Тийм учраас жинхэнэ нийгмийн баялгийг бий болгодог, нийгмийн сайн сайхныг бий болгодог, нийгэмд бий болж байгаа сайхан харилцаа, сайн үнэлэмжийг авч ирдэг, тогтоодог байгууллага бол иргэний нийгмийн байгууллага юм. Иргэний нийгмийн байгууллагаа дэмжинэ гэдэг бол нийгмээ, нийгмийн сайн сайхныг дэмжиж байгаа, амьдарч байгаа нийгэмдээ бий болж байгаа сайн сайхнаа дэмжих үйл ажиллагаа шүү гэж хэлье.

Та бүхэн нэг хурал дээр хэлж байсан. Иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаа Улаанбаатарын хүрээнд л тодорхой байна. Орон нутагт бие даасан, чадавхитай иргэний нийгмийн байгууллагууд бий болж чадахгүй байна. Цөөхөн байна гэсэн хандлага байдаг. Энэ чиглэлд бид ажиллах ёстой. Орон нутагт ажиллаад амжилтад хүрч байгаа сайн жишээ би маш олныг сонссон. Жишээ нь, архидалтын асуудлаар сумынхаа ИНХ, сумынхантайгаа ярилцаад, архигүй сум, аймаг, хамт олон болъё гээд явсан газар маш олон байгаа. Хуримтлалын бүлэг гэж та бүхний байгуулсан маш сайн ажил бий.

Улаанбаатар хот хогондоо дарагдсан байна. Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд хогийн зургаан цэг байсан. Иргэд нь нийлээд, “Байгальд ээлтэй хөршүүд” гэж хөршийн холбоо үүсгээд, хогийн зургаан цэгийг бүгдийг зөөж, цэвэрлээд хог хаядаг байсан газар дээрээ иргэд уулздаг, амралт, чөлөөт цагаа өнгөрөөдөг цэгүүд бий болгосон. Энэ бол гайхамшигтай. “Энэ айл хогоо хаяж байна. Манайх хаях л ёстой” гэж суухаа больсон байна. Манайх хаяхгүй, танайх хаяхгүй, нийлээд өөд нь татах юм бол бүгдээрээ аятайхан орчинтой болох юм байна шүү дээ гээд явж байна. Бүх дүүрэг, хороо, гудамжинд энэ санаачилга хэрэгжих юм бол Улаанбаатар гоё болно.

Иймэрхүү маягаар, иргэний нийгмийн байгууллага гэдэг чинь юмыг ямар мундаг өөрчилж чаддаг юм бэ гэтэл нь ажиллах ёстой.

Хэнтийн Батширээт суманд иргэний нийгмийн байгууллага, ИНХ, Иргэний танхим хамгийн сайн ажиллаж байгаа. Сарын хориод хоногт нь Иргэний танхим дандаа хуралтай, асуудал хэлэлцэж байгаа. Хамгийн сүүлд хэлэлцсэн асуудал нь сургуулийн хичээл дээр хүүхэд гар утас хэрэглэх үү гэдгийг сумынхан хэлэлцээд хэрэглэхгүй байя гэсэн. Фейсбүүк, твиттерийн зөв хэрэглээ гэж юу байх вэ гэдгийг ярилцсан. Ингээд асуудлуудаа шийдэж байна. Энэ бол гайхамшигтай зөв шийдэл.

Өвөрхангайн Арвайхээр суманд иргэд нийлээд, мөнгөний хуримтлалын бүлэг үүсгэсэн. Засаг даргадаа шаардаад, шинэ суурьшлын бүс бий болгоё гээд 100 гаруй айл очоод хамтарч худгаа гаргаад, цахилгаанаа татаад, бүр гоё болгоё гэхээр орон нутгийн байгууллага нь дэмжээд замыг нь тавиад өгсөн. Ингэж нийлж байж бид улс нийгмээ өөд татаж авч явна.

Манай төрийн байгууллага, төрийн албан тушаалтнууд иргэний нийгмийн байгууллагаас хүнийрхэх, холдох, болгоомжлох хэрэггүй. Асуудал тавихад нь өөдөөс нь тэврээд л хамтарч ажиллахад хамтын шийдэлд хүрч болно. Ингэж л явах юм бол Монголын нийгэм сайхан болно. Бид ингэх л гэж энэ замыг сонгосон. Өдөр бүхэн төр, засгаа хараагаад суугаад байдаг. Бид өөрсдийнхөө амьдралыг сайнаар зохион байгуулах гэж л энэ нийгмийг сонгосон.

Болж өгвөл төрд, засагт хэн байгаа нь сонин биш. Бидний амьдрал иргэдийн зохион байгуулалтаар сайжраад, шийдэгдээд явдаг л болох ёстой. Төр, засаг сайн шийдвэр гаргаад өгвөл сайн л биз. Гаргах үүрэгтэй. Энэ чиглэлд ингэж уялдуулж харах юм бол их зөв болох нь ээ гэж бодож байгаа.

Гуравт, үндэсний иргэний нийгмийн байгууллагын тогтолцооны асуудал бий. Энд нэр томьёоны асуудал яваад байгаа юм.

ТББ-ын тухай хуулийг 1997 онд баталсан. Нэг шог яриа тэр үед байсан. Хөдөө очоод “Би төрийн бус байгууллагаас явж байна” гэхээр хүмүүс том хараад байдаг. “Энэ чинь ямар ноцтой нөхөр явж байна” гэдэг. Төрийн биш байгууллагаас явж байна гэхээр ноцтой этгээд гэж хардаг байсан. Одоо бол нэр томьёоны асуудлаа бодмоор юм билээ. Олон боломжит нэр томьёоноос нэгийг авсан.

Бид байгуулж байгаа нийгмээ иргэний нийгэм гэж байгаа. Аль нэг байгууллагыг бас иргэний нийгэм гээд бүтнээр нь нэрлэчихсэн нь зохимжтой биш байх. Би бодож байгаад ерөөсөө л иргэний байгууллага гэж нэрлэе гэж бодсон. Иргэд л нийлж байгуулсан шүү дээ. Заавал нийгэм гээд байх шаардлагагүй. Иргэний байгууллага гэж нэрлэе. Энэ иргэний байгууллагатай холбоотой төрийн бодлогоо гаргая.

2012-2013 оны үед иргэний нийгмийн байгууллагыг хөгжүүлэх, дэмжих төрийн бодлого гэсэн чиглэл явж байсан. Манай УИХ-ын зарим гишүүн ирсэн байна. Энэ бодлогыг дэмжиж гаргах хэрэгтэй. Бид шинэчилж авсан нь дээр байх.

Манай хүмүүс мэдээлэл, мэдлэгтэй болсон. Энэ хууль, бодлогыг та бүхэн маш сайн хийж чадна. ТББ-ын хуулиа шинэчлээд гаргах хэрэгтэй.

Сонгогдсон УИХ-ын гишүүн, аймаг, дүүрэг, хотын ИТХ-ын төлөөлөгчтэйгээ иргэний байгууллагууд ойр ажиллах ёстой.

Иргэд хууль санаачлах эрхгүй гээд байдаг. Бусад ардчилсан орнуудад иргэд сайн санаачилга гаргаад, түүн дээр нь тухайн төлөөлөгч 3-8 хүн гарын үсэг зураад авч очиж хэлэлцүүлдэг. Та бүхэн маш сайн хууль санаачлаад, хэлэлцүүлсээр байгаад УИХ-ын гурван гишүүний гарын үсэг авлаа гэж бодъё. Тэр гурав “Би дэмжлээ, үүнийг би аваад оръё” гээд цаашаа авч очдог. Тэгвэл тэр хууль хамгийн амьдралтай болно. Иргэний санаачлагад ээлтэй, иргэний байгууллагад ээлтэй гишүүн болно. Энэ чиглэлээр та бүхэн сайн ажиллаарай. Ажиллах боломжтой шүү.

Иргэний нийгэм амжилттай байхын тулд зайлшгүй нэг хууль хэрэгтэй. Тэр нь Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хууль. Сая энэ хуулийг санаачлаад оруулсан. Харамсалтай нь энэ хууль явсангүй. Манай улс төрийн амьдрал ардчилсан нийгэмд байдаг, иргэний нийгэмд байдаг улс төрийн амьдралаас салчихсан. Улс төрийг бид зөвхөн улс төрийн нам хийдэг гэж ойлгодог. Намд тэр улс төрийг хэн хийж байна вэ гэхээр намын удирдлага, удирдлагыг тойрсон хэсэг хүний асуудал болдог. Нам дотроо хэдэн хүн сонгогддог. Тэр сонгогдсон хүмүүсийн асуудал болоод байгаа юм. Ингээд Монгол Улс бүхэлдээ хаягдаад байгаа. Монгол Улс одоо хулгана толгойтой, заан биетэй нийгэм болоод байгаа. Хамгийн том биеэ хаяад хэсэг хүний шийдэл болж хувираад байгаа юм.

Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх гэдгийн цаана иргэд санал асуулга хийдэг, иргэд орон нутагтаа асуудал санаачилж шийдүүлдэг, иргэд улс төрийн асуудал шийдүүлдэг маш өргөн боломжууд байгаа. Энэ талаар дахиад хуулийн танилцуулга явуулна. УИХ дээрээс буцсан нь зөв байж магадгүй. Та нар нэг сайн хэлэлцэх хэрэгтэй. Энд нэмж саналууд оруулах хэрэгтэй.

Би хувьдаа Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хууль гарахгүй бол Монголд нийгмийн зөрчил, өнөөдрийн яригдаж байгаа асуудлууд их буруугаар шийдэгдэх магадлалтай. Харин энэ хууль гарах юм бол зөвөөр шийдэгдээд, энэ хоёрын хооронд уялдаа бий болно.

Заавал нэг хэсэг нь хэрэггүй гээд, түүнийг авч хаяад, бид гараад шийднэ гээд дахиад явах байх. Энэ нь эргээд ард түмэндээ, иргэддээ хэрэгтэй биш байгаа нь харагдаж байгаа. Тулгамдсан асуудлыг шийдвэр гаргадаг хүмүүс олж хараад, механизмаа оруулж шийдүүлэх хэрэгтэй. Иргэдийнхээ улс төрөөр илэрдэг оролцоог хангаж өгөх хэрэгтэй. Тэнд маш чухал хуулийн заалтууд байгаа. Монголын нөхцөлд асуудлыг ингэж шийдэхээс өөр аргагүй байгаа шүү.

Иргэнээсээ ангид, улсаасаа ангид Монголын улстөрчдийн давхарга бий болчихлоо. Үүнийгээ яаж уяж өгөх вэ гэхээр иргэддээ улс төрийн эрхийг тавьж өгч байж, түүнийг хэрэгжүүлэх механизмыг бий болгож байж энэ асуудлыг шийдэх боломжтой. Өөр нэг зүйл бол улс төрийн түвшинд Хариуцлагын тухай хууль хэрэгтэй. Сонгогдсон, томилогдсон албан тушаалтан эрх мэдэлд хүрэхээрээ хариуцлага хүлээдэггүй тогтолцоо Монголд хорин хэдэн жил явлаа. Үүнийг шийдье. Тийм учраас тэр хуулийг оруулсан. Хариуцлага гэж хүн бүхэн ярьж байгаа. Ярьдаг юм бол Хариуцлагын тухай хуулиа батал.

Мөн иргэний нийгмийн үндэсний байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь чухал гэж бодож байгаа. Үүний цаана иргэний байгууллагаа санхүүжүүлэх, дэмжих, хөгжүүлэх бодлогууд чухал. ТББ-уудаа шинэчлэхтэй холбоотой асуудлууд бий. Энэ чиглэлд гурван багц хууль бид ярьдаг байсан. Иргэний байгууллагын тухай, Төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай, Нийтэд тустай үйл ажиллагааны тухай гэсэн гурван хууль хэрэгтэй гэж бид ярьдаг.

Уг нь төслүүд нь бэлэн болсон. Сайн явахгүй байгаа. Эндээс энэ төслүүд гарах байх аа гэж бодож байна.

Төгсгөлд нь Монголын иргэний байгууллагын хувь заяа та бүхнээс шалтгаална. Дахиад та бүхэн дээр ачаа ирнэ. Та бүхэн яаж ажиллахаас шалтгаална. Ерөөсөө Монголын нийгмийн хөгжил дэвшил иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаална. Монголын сайн сайхан иргэний байгууллагаасаа шалтгаална. Тэгэхээр ямар том ачаа, ямар чухал үүрэг ирж байгааг та бүхэн харж байгаа.

Жил бүхэн чуулганаа хийж, тодорхой сэдэв сонгож, тэр жилийнхээ үйл ажиллагааг тодорхойлж ажилладаг үндэсний сүлжээтэй болсон нь Монголын баялаг юм. Энэ бол манай нийгмийн баялаг. Үүнийг Ерөнхийлөгч нь, УИХ нь, засаг нь бүгдээрээ дэмжиж, улам цаашаа хөгжүүлэх хэрэгтэй. Та бүхэнд амжилт хүсье” гэв.

Чуулганд оролцсон НҮБ-ын ХАС-гийн суурин төлөөлөгч Наоми Китахара Гэр бүлийн хүчирхийллийн хуулийг санаачлан батлуулахад ихээхэн зүтгэл гаргасанд нь болон иргэний нийгмийн байгууллагуудад тусалж дэмждэгт нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Categories
мэдээ спорт

Өнөөдөр түрүү бөх тодорно

Өнөөдөр Японы мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн Осака хотноо өнөөдөр өндөрлөнө. Башёг шинэхэн аварга Кисэносато, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар тэргүүлж байсан билээ. Харин өчигдрийн барилдаанд озэки Тэрүнофүжи сэкивакэ Котошёогикүг давснаар 14 дэх даваагаа авсан бол Кисэносато Какүрюү М.Анандад ялагдсан. Ингэснээр хаврын тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр түрүү бөх тодрох болсон юм. Өнөөдрийн барилдаанд аварга Кисэносато, озэки Тэрүнофүжи нар барилдана. Хэрвээ Тэрүнофүжи давбал шууд түрүүлж, эзэн хааны цомыг хүртэнэ.

Шинэхэн аварга Кисэносато 13 дахь өдрийн барилдаанд аварга Харүмафүжид унахдаа мөрөө бага зэрэг бэртээсэн. Энэ нь түүнд сүүлийн хоёр өдрийн барилдаанд нөлөөлсөн болов уу. Тэрбээр өчигдрийн барилдаанд Какүрюүг хүчрээгүй.

ХАВРЫН ТЭМЦЭЭН: /2017.03.25/

Дээд зиндааг тэргүүлэгч:

  • Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 13-1
  • Ёкоүзүна Кисэносато 12-2

Манай бөхчүүд:

  • Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 10-4
  • Ёкозүна Какүрюү М.Ананд 9-5
  • Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 13-1
  • Сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил 8-6
  • Маегашири-2 Таканойва А.Баасандорж 5-9
  • Маегашири-4 Араваши Э.Дөлгөөн 3-10
  • Маегашири-7 Чиёошома Г.Мөнхсайхан 9-5
  • Маегашири-7 Ичиножёо А.Ичинноров 6-8
  • Маегашири-14 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 4-10
Categories
мэдээ нийгэм

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө дулаарна

ихэнх нутгаар өдөртөө дулаарна зурган илэрцүүд

27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 28-нд Алтайн салбар уулс хоорондын хөндий, Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 1-6 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гуравдугаар эмнэлэг дэх нил ягаан өдөр

Улсын гуравдугаар төв эмнэлэгт өчигдөр Олон улсын эпилепсийн өдөрт зориулсан “Эмч, өвчтөн, гэр бүл уулзалт” боллоо. Уг уулзалтыг Монголын неврологийн нийгэмлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо, Нийслэлийн эрүүл мэндийн газар хамтран зохион байгуулжээ.

Монголын неврологийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Ж.Сарангэрэл, “Эпимон“ мэдрэлийн эмнэлэгийн их эмч М.Үүрийнтуяа, “Альфа долгион” эмнэлэгийн эмч, эпилепси судлаач, доктор Д.Баярмаа нар энд ирсэн өвчтөн, ар гэрийнхний асуултанд хариулж, зөвлөгөө өгсөн юм. Унаж татдаг хүүхэдтэй ээжүүд их ирсэн байлаа. Нэг ээж ярихдаа “Дөрвөн настай охин маань унаж татах нь багассан ч оюун ухааны хөгжил сул байна. Яаж хүүхдээ хөгжүүлэх вэ, цэцэрлэг авахгүй байна” гэлээ. Д.Баярмаа эмч хариулахдаа “Зөвхөн цэцэрлэг, сургууль эмнэлэгт найдах хэрэггүй. Эцэг эхчүүд өөрсдөө мэдээлэлтэй болж, хүүхдээ хөгжүүлэх хэрэгтэй. Оюуны чадамжийг хамгийн түрүүн ээж, аав хөгжүүлнэ” гэв.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоо энэ чиглэлээр идэвхитэй ажилладаг байна. Тэд Хан-Уул дүүргийн Оргил хотхонд Хүүхэд хөгжүүлэх төв ажиллуулдаг. Тус төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг оношилж, шаардлагатай бол хүүхдийг ганцаарчилсан болон бүлгийн сургалтад хамруулдаг гэнэ. Долоо хоног, сар бүр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, мэргэжилтнүүдэд зориулсан сургалт хийдэг. Үүнд хамрагдвал хүүхдээ хэрхэн хөгжүүлэх талаар мэдлэгтэй болох юм байна. Зөвхөн хүүхэд насанд тохиолддог уналт таталт ч байдаг ажээ. Том болохоороо тэр нь аяндаа зүгээр болдог гэлээ. Харин хүнд хэлбэрийн эпилепситэй хүүхдийн хувьд хэл яриа,оюуны хөгжил хоцрогдож эхэлдэг. Тархины цахилгаан бичлэгээр эпилепсийг оношилдог тухай энд яригдсан.

Манайхан өвчтэй юм хөөрхий гээд хүүхдээ хэт эрхлүүлчихдэг. Хайрлах хэрэгтэй, харин хэт эрхлүүлэх хэрэггүй гэнэ. Уршиг нь хүүхэд эцэг, эхээ сонсохоо больчихдог гэлээ. Эпилепситэй залуу ярихдаа “Бага байхад ээж маань их эрхлүүлдэг. Би их уур уцаартай, уурлахаараа уначихдаг байсан. Том болоод үүнийг ойлгож, өөрийгөө хянаж сурсан. Тийм учраас ээж, аав нар хүүхдээ хэт эрхлүүлэх хэрэггүй, үг даадаг болгож сургах хэрэгтэй шүү” гэлээ.

”Оюуны хүнд хомсдолтой хүүхдэд хүртэл гутал өмсөхийг гурван сарын турш заахад гутлаа өмсч сурдаг. Цэцэг идчихдэг хүүхдэд цэцэг бол идэх юм биш, ургамал юм гэдгийг тайлбарласаар ойлгуулж болдог. Тэд идэхийн оронд тарьж ургуулж сурсан” гэдгийг сэтгэцийн эмч хэлж байлаа. Харин эпилепситэй хүн бол хөгжлийн бэрхшээлтэй биш, сурч, хөгжих бүрэн боломжтой шүү гэдгийг энд ирсэн эмч нар сануулж байсан юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбооны тэргүүн С.Сэлэнгэ “Хэл засалч ховор. Анхны хэл засалч ээж, аав нар байдаг. Хүүхэд хорвоод мэндлэнгүүтээ харилцаанд ордог. Хэл яриаг хөгжүүлэхэд үе тэнгийнхэн хамгийн гол туслагч. Тийм учраас таны хүүхэд сургууль, цэцэрлэгт явах учиртай. Арга ядахад “Дүүтэй бол чирээд явчихдаг” гэж хүмүүс ярьдаг. Цэцэрлэгт авахгүй байсан ч хүүхдээ өдөр тутмын дадал хэвшилд сургах учиртай. Болно, болохгүй гэдгийг ойлгуулах ёстой” гэж зөвлөсөн юм.

“Ачаалал авах, стресст орохоороо уначихдаг” гэж нэг залуу ярилаа. Ачааллаа мэдэрч, өөрийгөө хянадаг болсон гэж тэр хэлсэн. Д.Батзаяа гэж залуу эмэгтэй эпилепсиг ялахаар зүтгэж яваа гэнэ. Тэрбээр эпилепситэй иргэдийн “Элэгсэг оршихуй” ТББ байгуулж, эмийн тогтвортой хэрэглээ, нөхөн сэргээх үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг сайжруулахаар ажилладаг. Өвчтний гэр бүлийн хооронд туршлага судлах уулзалт зохион байгуулдаг ажээ. Тэд амьдрах ухаан, хувь хүний хөгжил, гар урлалын цогц сургалт хийдэг гэнэ.

Эпилепситэй хүмүүс ганцаардах, сэтгэл гутралд автах нь их. Хамт олонтой, өөрийгөө хөгжүүлж байвал уналт нь багасдаг гэж тэр ярьсан.

Ж.Сарангэрэл эмч “Хүүхэд хөгжлөөрөө хоцорч байсан ч заавал юм сурдаг. Хүүхэд өөртөө сайн, муу байгаа хүнийг ялгаж чадаж байвал оюуны шүүх чадвар байна гэсэн үг. Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ сайн харилцах хэрэгтэй. Гэр бүл, хамт олон эпилепситэй хүмүүсийг аз жаргалтай амьдрахад тусалдаг. 16 жилийн турш эпилепси өвчтэй хүүтэйгээ хоёулхнаа амьдарсан ээж одоо хагас галзуурлын байдалтай болчихсон, надад байнга ханддаг. Хүүхэд нь том болоод үгэнд нь орохоо байчихсан, гадаа гарангуутаа зугтаачихдаг. Тийм учраас хүүхдээ багаас нь нийгэмшүүлэх учиртай. Хүнээс айдаггүй болгох ёстой. Ширээ тойроод сууж байгаа хүүхдүүдийн дэргэд очоод сууна гэдэг дэвшил. Ямар ч мэдрэлийн өвчтэй хүн байсан гэр бүл тайван бол хүн хөгждөг. Уналт болгон сэтгэцийн өөрчлөлтөнд оруулах албагүй. Эпилепси олон нүүртэй” гэлээ.

“Гадаадад сурч байгаад унадаг өвчтэй болоод ирсэн. Таван сартай жирэмсэн” гэж нэг залуу эмэгтэй ярилаа. Эпилепситэй эмэгтэй жирэмсэн болж болно. Гагцүү өмнө нь төлөвлөж, мэдрэлийн эмчийн хяналтанд байж, эмээ зохицуулж уух учиртай юм байна. Эпилепстэй өвчтөнүүдийн гол хэрэглээ болсон карбамазепин эмийн дараагийн шатны сайжруулсан хувилбар нь сарын дараа Монголд орж ирэх мэдээтэй байна.

Нил ягаан өнгө нь эпилепсийн өнгө хэмээн дэлхий нийтэд танигдсан нь “Purple day” буюу “Нил ягаан өдөр”-ийг жил бүрийн 3-р сарын 26-нд эпилепсийн тухай мэдээлэл түгээх өдөр болгон тэмдэглэх болсонтой холбоотой.

Б.ЭГШИГЛЭН

Categories
мэдээ нийгэм

С вирусийн шинжилгээг үнэ төлбөргүй тогтоолгох боломж ирэх сарын 1-нээс бүрдэнэ

Элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох эрх бүхий эрүүл мэндийн байгууллагатай даатгалын гэрээ байгуулан, даатгуулагчийн хоёр хүртэлх удаагийн шинжилгээний зардлын төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэлээ.

Энэхүү шийдвэр дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжих бөгөөд иргэд С вирусийн шинжилгээгээ үнэ төлбөргүй тогтоолгох боломж бүрдэж байгаа юм. Гэхдээ элэгний С вирус тогтоох лабораторийн шинэжилгээний зардлын дээд хязгаарыг 120.000 төгрөгөөр тогтоож даатгуулагчаас нэмэлт төлбөр авахгүй гэсэн шийдвэр гаргажээ.

Эрүүл мэндийн даатгалын сангаас 4.9 тэрбум төгрөгийг шинжилгээний зардалд зарцуулах ба удахгүй итгэмжлэгдсэн лабораториудын нэрийг зарлах юм байна.

Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Элэгний хавдар, хатуурлын шалтгаант нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирусийн голомтыг 2020 он гэхэд устгаж, халдварт тархалтыг таслан зогсоох, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан билээ. Монгол улсад 2016 оны байдлаар элэгний С вирусийн халдварын тархалт нийт хүн амын 10 гаруй хувийг эзэлж, дэлхийд С вирусийн өндөр тархалттай улс болоод байна гэж нийслэлийн ЭМНДГ-аас мэдээллээ.