Categories
мэдээ цаг-үе

Гавьяат эдийн засагч Х.Хурметханыд Наурыз баярын өмнөхөн өнжсөн нь

Монгол Улсын гавьяат эдийн засагч Х.Хурметханыд бид Наурыз баярын өмнөхөн өнжсөн юм. Цагаан сараар улсынхаа Ерөнхийлөгчөөс энэ нэр хүндтэй цолыг гардан авсандаа Х.Хурметхан гуай ихэд баяртай байв. Цуг ажиллаж байсан татварын хамт олон өөрөөс нь илүүтэй баярласанд ихэд догдолж байгаагаа ч ярив. Биднийг ороход ширээн дээр “Өдрийн сонин”-ы шинэхэн дугаарыг дэлгэсэн байснаа заагаад “Танайхаас өөр сонин захиалдаггүй” гэв. Х.Хурметхан гуайг хүмүүс Сангийн яамны Хурметхан, зарим нь татварын Хурметхан ч гэдэг. Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул тэрээр улс орон нь зах зээлийн эдийн засагт шилжиж байх 1990-ээд оны үед татварын салбарт томоохон өөрчлөлт хийлцсэн хүмүүсийн нэг нь яахын аргагүй мөн.

Сангийн яаманд 17 жил, Татварын Ерөнхий газарт 17 жил, нийтдээ 34 жил ажиллахдаа найман сайдын нүүр үзжээ. Э.Бямбабажав, Д.Моломжамц, Д.Даваасамбуу, А.Базархүү бидний хэлдгээр Баабар буюу Б.Батбаяр, П.Цагаан, Ч.Улаан гээд бүгдийнх нь нэрийг дурдаад “Би үе үеийн сайдууддаа бүгдэд нь талархаж явдаг” гэв. Зах зээлийн эдийн засагт шилжсэн эхний үед төсвийн орлоготой холбогдсон асуудлыг бүгдийг шинээр эхлэх шаардлагатай болсон тул Сангийн яамны мэргэжилтнүүд сурах, хийх хоёрыг хослуулж байжээ. Ингэхээс ч өөр арга байгаагүй үе. Тэр үед татварын бодлогын талаар ойлголт мэдлэгтэй хүн бараг байгаагүй.

Тиймээс мэргэжлийн хүмүүс нь шинийг сурах хэрэгтэй болсон. Сангийн яамнаас салж Улсын татварын ерөнхий газар гэсэн шинэ нэртэй агентлаг байгуулагдахад түүний анхны дарга Пүрэвдорж Татварын бодлого аргачлалын хэлтэс байгуулж даргаар нь ажиллахыг түүнд санал болгожээ. Х.Хурметхан “Би чадах болов уу” хэмээн эргэлзэхэд Л.Пүрэвдорж “Чи чадна аа, чадах ч ёстой” гэж урам өгсөн гэнэ. Сангийн яам, УТЕГ түүнийг Венийн нэгдсэн институтэд макро, микро эдийн засгийн чиглэлээр удаан хугацааны сургалтад хамруулж мөн гадаад орон, олон улсын байгууллагаас зохион байгуулсан татвартай холбоотой сургалт семинарт байнга оролцуулж байсны ачаар ихийг сурснаа ярив.

Татварын бодлогын аргачлалын хэлтсийн даргаар ажиллаж байхад хэлтэс нь албан татварын олон шинэ хууль боловсруулсан аж. Өнөөдөр Монголд 20 гаруй татварын хууль мөрдөгдөж байгаагийн 90 хувийг нь түүний удирдан ажиллаж байсан хэлтэс анх боловсруулан өргөн барьсан байна. 1980-аад оны эхээр манай улсын төсвийн орлого, зарлага ердөө дөрвөн тэрбум төгрөгт эргэлддэг байсан бол одоо хэдэн их наядаар яригддаг болжээ. 1990-1992 оны хүнд үед эрчимтэй ажиллаж төсвийн орлогыг бүрдүүлдэг байсан гэнэ. Онцгой албан татварын хувь хэмжээг бараг долоо хоног бүр өөрчилж ингэснээр төсвийг бүрдүүлж цалин, тэтгэврийг хугацаанд нь тавих боломж бүрдүүлж ажиллаж. 1990-1996 он бол манай улсын хувьд орчин үеийн татварын шинэ тогтолцоог бий болгосон, хамгийн их үр дүнтэй ажилласан жилүүд хэмээн Х.Хурметхан гуай ярив.

Баян-Өлгий аймгийн Булган сумын жирийн нэгэн казах малчны хүү дунд сургуульд онц сурдаг байжээ. Сурлагаараа бусдыгаа тэргүүлдэг байсан тэрбээр Эрхүү хотын Улсын их сургуулийн бэлтгэл ангид суралцаж улмаар Сангийн яамны нэр дээр Эрхүү хотын Хөдөө аж ахуйн дээд сургууль буюу одоогоор Хөдөө аж ахуйн академид 1981 онд үйлдвэрлэлийн эдийн засагч, зохион байгуулагч мэргэжлээр суралцсан байна. Эхний жил хэлний бэлтгэлд суралцаж байхдаа нутаг орноо санаад ихэд хэцүү байснаа дурсан ярив. Шөнө болгон нутгаа зүүдэлж хүний төрсөн газар гэдэг ямар их хүчтэй бөгөөд агуу болохыг мэдэрсэн гэнэ. “Та гэрээ санаснаас тэр биз дээ” гэхэд “Үгүй гэр биш нутгаа санаад байсан юм” хэмээн тайлбарлав. Хэлний бэлтгэл хийсний дараа оюутнууд бүгд л Москва, Ленинград руу явж сурна хэмээн догдлон ярьдаг байсан гэнэ. Харин Х.Хурметхан хүү нутагтаа ойрхон гээд Эрхүү хотод сурахаар шийджээ.

Сургуулиа төгсч ирээд уг нь бол Баян-Өлгийд очиж ажиллах хүсэлтэй байсан ч явуулаагүй. Сангийн яамны Хөдөө аж ахуйн хэлтэс ч байгуулагдсан тул тийш томилжээ. Тэр үед залуухан мэргэжилтнийг ахмад ажилтанд хариуцуулж “халамжлан хүмүүжүүлэгч”-ээр сургадаг байв. З.Бадам хэмээх хүн Х.Хурметханы халамжлан хүмүүжүүлэгч нь болж амьдралд ихэд тус дэм болсон гэдэг. Тухайн үед ажилд орсон эхний нэг сард санхүүтэй холбоотой бүх хууль тогтоол, журам зааврыг уншиж судлуулдаг нэлээд хатуу байсан аж. Д.Моломжамц Сангийн яамны сайдын албыг хашиж байхад Х.Хурметхан гуайн аав Баян-Өлгий аймгаас Улаанбаатарт ирж сайдтай нь уулзаад хүүгээ авч явна гэжээ. Сангийн сайд хариуд нь “Хүү чинь сайн ажиллаж байгаа явуулахгүй” гээд “Та харин хотод нүүгээд ир, бид таны хүүд байр өгье” хэмээн ятгасан байна. Гэвч нутгаасаа, малаа орхиод нүүнэ гэдэг аавд нь төсөөлөгдөөгүй гэдэг. “Манайх олон хүүхэдтэй айл байсан. Аав маань бидэнд гар хүрч үзээгүй, гэхдээ харцаараа “зоддог” байсан” хэмээн Х.Хурметхан гуай дурсав.

Үндэсний татварын ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд

Тэгвэл өнөөдөр Хапайн хүү Монгол улсын гавьяат эдийн засагч болжээ. Наурызын өмнөхөн гэрт нь өнжсөн тул энэ баярын тухай бидний яриа хөвөрлөө. Х.Хурметхан гуай сүүлийн үед нэлээд юм уншиж судалж байгаагаа ярихдаа Наурыз гэдэг нь перс хэлээр бол Шинэ өдөр гэсэн утгатай үг болохыг олж мэдсэнээ сонирхуулав. Казахууд энэ баяраар ирсэн зочноо байгаа бүхнээ л дэлгэн дайлдаг заншилтай. Харин көже бол заавал байх ёстой. Көже гэдэг нь мах чанаад шөлөн дээр нь гурил эсвэл будаа хийсэн хоол. Казахуудыг бешбармакгүйгээр төсөөлөхийн аргагүй. Түүнийг идэхэд ч их учиртай. Эхлээд гараа сайтар угаагаад тусгай цагаан алчуурт арчина. Хамгийн хүндтэй зочин эсвэл ахмад хүн эхлээд гар хүрнэ. Бешбармак нь таван хуруу гэсэн утгатай, тиймээс ч гараараа авч иддэг. Наурыз баярын ширээнд байдаг бас нэгэн амттан бол боорцог мөн женит. Женитийг адууны тос, ээзгий, арвайн гурил эсвэл нунтагласан боорцгийг хольж хийнэ. Казахууд Наурызаар бие биедээ зочлон, айлчилдаг гэхдээ бэлэг сэлт өгдөггүй уламжлалтай аж.

Гавьяат эдийн засагч Х.Хурметхан гуайн эхнэр М.Панзила нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмэгтэйчүүдийн зөвлөх эмч. Гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа хэдий ч туршлагатай эмч тул зөвлөхөөр ажиллах хүсэлт тавьсан аж. Тэд Эрхүү хотод оюутан байхдаа танилцсанаа дурсахад гавьяат жүжигчин, дуучин Д. Жаргалсайханы

Дэрвэлзэнхэн нисээд өнгөрөх

Дэрвэж цалгисан он жилүүд минь

Дэвүүр жигүүр шиг сэтгэлийн уяатай

Эргэн дурсахад нэг л уянгатай

Эрхүүгийн хавар дэндүү сайхан

Энэ л амьдралын минь гэрэл гэгээ

Эрхүүгийн хавар, Эрхүүгийн хавар аа хэмээн дуулдаг “Эрхүүгийн хавар” дуу өөрийн эрхгүй санаанд оров. “Бид хоёр чинь ёстой л нөгөө Эрхүүгийнх шүү дээ” гээд оюутан цагаа дурсав. М.Панзила Ростов-на-Дону хотод нэг жил хэлний бэлтгэл хийгээд нутагтаа ойрхон хэмээн Эрхүүг сонгосон байна. Тус хотын Анагаахын их сургуулийн монгол оюутны зөвлөлийн дарга байхдаа Хөдөө аж ахуйн дээд сургуулийн оюутны зөвлөлийн дарга Х.Хурметхантай анх таарсанаа дурсав. Хоёулаа Консулын газар болдог хурал дээр бие биеэ харсан аж. Ингэж л танилцсан түүхтэй.

Х.Хурметхан гуайн хадам, М.Панзилагийн аав нь Ардын их хурлын тэргүүлэгчдийн гишүүн Х.Мусахан. Тэрээр Баян-Өлгийн аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Тээврийн яамны газрын дарга, Шарын голын уурхайн анхны даргаар ажилласан. 24 настайдаа аймгийн нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийн даргаар томилогдож байсан бөгөөд 32-хон настайдаа Сүхбаатарын одонгоор энгэрээ мялааж байсан. Д.Төмөр-Очир, Ц.Лоохууз нарыг буруутгаж байх үед Х.Мусахан гуайг намын хурал дээр тэднийг шүүмжилсэн үг хэл гэхэд татгалзсан гэнэ. Нэлээд хариуцлагатай алба хашиж байсан тэрээр найман хүүхэдтэй. Ихэр М.Панзила, М.Озила хоёр нь хоёр дахь нь. Нэрт хөгжмийн зохиолч С.Мааяа ихрүүдийг гадаа тоглож байгааг нь харчихаад Х.Мусаханд “Охидыг чинь харсан. Хөгжим бүжгийн сургуульд шалгуулаарай, урлагийн авьяастай байх” хэмээн захисан гэдэг. Х.Мусахан гуай ч С.Мааяа гуайн хэлснээр охидоо аваачиж шалгуулжээ. Ингээд хоёулаа хөгжимчин мэргэжил эзэмшжээ. Ятгачин М.Панзила сургуулиа төгсөөд нэг жил Ардын дуу бүжгийн чуулгад хөгжимчнөөр ажиллаж байгаад эмч мэргэжлээр суралцахаар шийдээд шалгалт өгсөн гэдэг. Харин нөгөө ихэр нь болох М.Озила төгөлдөр хуурч, докторын зэрэг хамгаалсан, одоо ч мэргэжлээрээ ажилладаг. Улс орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан Х.Мусахан гуайн дурсгалыг хүндэтгэж хүүхдүүд нь Баян-Өлгий аймагт хөшөөг нь босгосон тухайгаа ярив.

Х.Хурметханы хадам аав БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн
гишүүн Х.Мусахан

Ийнхүү биднийг ярьж суутал Х.Хурметхан гуайн хүү Х.Ербулан, бэр Г.Бадамхорлоо хоёр нь хүүгийнхээ хамт орж ирэв. Бэр Г.Бадамхорлоо нь Архангай аймгийн уугуул гэнэ. Ихэд даруухан, дөлгөөн хэмээн хадам аав, ээж хоёр нь магтав. Харин ач хүүгээ онцгой эрхлүүлэн үнсэхдээ “Казахууд чоныг шоно гэж ярьдаг. Манай ач хүүд хэн ч зааж өгөөгүй байхад шоно гэж хэлдэг. Хүний ген гэж хүчтэй байгаа биз” хэмээн эмээ нь ярив. Х.Хурметхан гуайнх хүү, охин хоёртой. Хоёулаа аав шигээ санхүүгийн мэргэжилтэй. Охин, хүргэн хоёр нь ажил ихтэй тул энэ өдөр ирж амжаагүй.

Нэлээд олон жилийн өмнө казахууд Казахстан руу нүүж байсан үеийг бид дурсан ярив. Тэгэхэд Казахстанаас өдөрт хэдэн онгоц ирж нүүлгэж байсан гэнэ. “Танайх нүүх талаар бодож байсан уу” хэмээн сонирхоход “Яагаад ч юм тэр талаар огт бодоогүй” гэв. Ер нь эднийхний ах дүү нараас нь нэг ч хүн яваагүй. Харин аавынх нь эгч нь Казахстанд амьдардаг гэнэ. Төрсөн нутаг, дээр нь дассан газар энд шүү дээ хэмээн ярив. Бидний яриа ч өөрийн эрхгүй казахуудын түүх рүү шилжив. 1940 онд Баян-Өлгий аймаг байгуулагдсан. Ер нь ойролцоогоор 180 жилийн өмнөөс Монголын баруун нутагт казахууд амьдрах болсон түүхтэй аж.

М.Хурметхан гуай энэ салбарт ажиллах хугацаандаа бүх аймгуудаар явж татварын байцаагчдад зориулсан сургалт, семинар зэргийг зохион байгуулахад биечлэн оролцсон. Ийм арга хэмжээнд зориулсан гарын авлага, тест зэргийг боловсруулахад өөрийн хувь нэмрээ оруулсан мэргэжилтэн. Шинээр гарсан татварын хуулиудыг сурталчлах ажлыг ч маш их хийдэг байсан тухай дурсав. Татварын салбарыг бараг шинээр шахуу бий болгоход тун ч амаргүй байсан гэхдээ бид ард нь гарч чадсан гээд “Бид чинь татварын орлогоо давж биелүүлдэг байсан. Нэг төгрөг болгоны төлөө тэмцэнэ шүү дээ” гэв. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр улс орны санхүү, эдийн засгийн байдлын талаар байнга мэдээлдэг. Энэ салбарт олон жил ажилласан мэргэжлийн хүний хувьд ямар бодолтой байгааг нь сонирхоход “Зарцуулалт дээр нэлээд анхаарах ёстой, түүнээс биш улсад мөнгө байгаа” хэмээн мэргэжлийн хүний хувьд ярьж байсан юм.

М.Хурметхан гуайг Монгол Улсын гавьяат эдийн засагч болоход хамт олон нь өөрсдөө шагнал авсан мэт баярлаж байгааг хараад олон жил хамтдаа ажилласны сайхныг тэгэхэд мэдэрсэн байна. Надтай цуг ажиллаж байсан Пүрэвээ, Ганхүлэг, Базарзагд зэрэг хүмүүсийг маань сонин дээрээ заавал дурдаж өгөөрэй хэмээн Х.Хурметхан гуай захисан билээ.

ГЭРЭЛ ЗУРГУУДЫГ Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: Ц.Нямдорж, Н.Алтанхуяг, С.Ганбаатар хүсвэл манай намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиг

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногт та С.Зориг агсантай холбоотой хэргийн талаар хэвлэлийн бага хурал хийсэн. Хэрэгт холбогдоод буй Эрдэнэтийн иргэдээс болж уг асуудалд анхаарал хандуулаад байгаа юм уу?

-Орхон аймгийн Их залуу багийн иргэд, сонгогч олон энэ асуудлыг анхааралдаа аваач гэж хүсч байна. Тэдэнд маань мэдээлэл хангалттай байхгүй байна. Надад ч гэсэн нарийн мэдээлэл байхгүй. Гэхдээ уг хэрэгт би маш их харамсч байна. Яагаад гэхээр давж заалдах шатны шүүх хурал анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээчихлээ. Ядаж мөрдөн байцаалтад буцах болов уу гэсэн горьдлого надад байсан. Үнэхээр уг хэрэгт итгэж чадахгүй байна. Тухайн үед Эрдэнэтэд 100 мянга хүрэхгүй хүн амьдарч байсан. Бие биенийгээ сайн мэддэг. Аавыг нь, ээжийг нь, өөрийг нь таньж мэдэх хүмүүс тийм айхтар хэрэг хийгээгүй гэдгийг нь батлаад байдаг. Гэсэн ч шүүхийн шийдвэр гарчихлаа. Шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа. Хамгийн гол нь ард түмэнд эргэлзээтэй зүйл байгаа учраас олон зүйл хүсээд байна. Амьд гэрч юу ярьсан бол, энэ хүмүүсийн нөхцөл байдлыг дордуулсан шийдвэр гаргасан болов уу, юугаар нотолж хэргийг тохож байгаа юм бол гэхчлэн олон зүйл тодорхойгүй. Гэтэл өнөөдөр захиалгат аллага үйлдсэн гээд 25 жилийн ял өгчихлөө. Гэсэн мөртлөө захиалагч нь бас л тодорхойгүй.

-Та уг асуудлаар Ерөнхийлөгчид хандана гэсэн. Яг ямар хүсэлт тавьж байгаа юм бэ?

-Ерөнхийлөгчийг ажлын хэсэг гаргаач, уг хэрэгтэй холбоотой асуудлыг ил тод болго гэсэн зарлиг гаргаач гэж хүсэж байгаа. Ерөнхийлөгчид тийм эрх бий. Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан, анд нөхөр нь явсан хүний хувьд ажлын хэсэг байгуулаад дүгнэлт гаргуулаач гэж хүссэн. Ажлын хэсэг байгуулчихвал зарим нэг мэдээлэл олон түмэнд ил болно. Ядаж л гэрчийн мэдүүлгийг маш их сонирхож байгаа шүү дээ.

-Ер нь уг хэргийг нээлттэй хэлэлцэж болохгүй юу. С.Зориг агсны ар гэрийнхэн ч гэсэн нээлттэй хэлэлцэх хүсэлт гаргаж байсан?

-Одоогийн хуулиар боломжгүй байх л даа. Тагнуулын байгууллага болон цагдаагийнхны хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа учраас хаалттай яваад байна. Тагнуулынхны ажилласан мөрдөн байцаалтын тушаал, шийдвэрт маш нууцын зэрэгтэй гээд тамга дарчихсан байдаг. Тэгэхээр үйл явцыг нээлттэй хийх боломжгүй. Нэг л гарц байгаа нь ажлын хэсгийн дүгнэлтээр дамжуулан зарим нэг зүйлийг тодорхой болгомоор байна. Ерөнхийлөгчөөс ямар хариу ирэхийг хүлээх л үлдсэн.

-УИХ ээлжит бус чуулган зарлах байх гэсэн хүлээлт үүсгэсэн хэдий ч өнөөг хүртэл хуралдсангүй?

-Гишүүд байхгүй байхад яаж ээлжит бус чуулганыг зарлах вэ дээ. Энэ хэдэн гишүүд чинь гадаад явж ханахгүй юм. Би шударга, бодитоор хэлье. Монголын эмгэнэл гурван Х-тэй холбоотой. Нэгдүгээрт, хулгайг зогсоохгүй байна. Хоёрдугаар, хэмнэлт хийхгүй байна. Гуравдугаарт, хөдөлмөрлөхийг мартчихлаа. Уг нь солонгосууд энэ гурвыг мөрдлөг болгоод боссон. Гэтэл бид эсрэгээрээ.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь уу. МАН мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй болох учраас уг хөтөлбөрөөс татгалзах гээд байгаа юм уу?

-Тэгээгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас дэвших хүн муухай харагдчих вий гэсэндээ л ОУВС-гийн хөтөлбөрийг хойшлуулаад байна. Тэрнээс биш яг үнэндээ бидэнд гарц байхгүй. Одоо ОУВС-тай харьц, үгүй бол Хятадад очиж боолчлогд гэсэн ганцхан гарц үлдсэн. Уг нь ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд явдгаараа явах ёстой.

-Ээлжит чуулган эхлэхээр төсөвтөө тодотгол хийгээд ОУВС-д хандахад Захирлуудын зөвлөлийн хурал нь хүлээж авах юм болов уу?

-Тэрийг МАН-ын 65-аас асуу. Надаас асуугаад хэрэггүй. Би тэр хуралд суусан ч, суугаагүй ч хүсвэл тэд шийдвэрээ гаргана. Нэг л нам байгаа шүү дээ. Захирлуудын зөвлөлийн хурлаас өмнө манайх үүргээ биелүүлэх үү, үгүй юу гэдгийг 65 л мэдэж байгаа. Миний хувьд амжаасай гэж хүсч байна. Уг нь тэд ажил хийе гэвэл өнөөдөр ч гэсэн хуралдаж болно. Гэтэл тэгэхгүй байна.

-МАХН-аас ямар хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших вэ?

-Тэрийг дэвшүүлнэ гэж хэлэх эрх надад байхгүй. Хуулиараа хориотой. Хэн гэж хүн сонгуульд нэр дэвшихийг тавдугаар сарын 1-нд зарлана. Дэвших магадлалтай олон хүн байна. Зарим хүн Н.Энхбаяр даргыг нэр дэвших эсэх тухай ярьдаг. Дэвшинэ гэвэл бусад гишүүдийнхээ адил бага чуулганаараа өрсөлдөж гарч ирээд дэвшиж болно. Тэгэхээр бага чуулганд бүх эрх бий.

-УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар танай намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн яриа дуулдсан?

-Хэнээс тэгж дуулаад байгаа юм бэ. С.Ганбаатараас тэр тухай асуусан чинь үгүй шүү гэдгээ хэлсэн. Бүр хоёулаа хамт хэвлэлийн бага хурал хийгээд би үгүй гэдгээ нотолъё гэсэн. Бүү мэд. С.Ганбаатар МАХН-аас нэр дэвшвэл сайн шүү дээ. Дэвшвэл дэвшинэ биз. Гэхдээ бага чуулганы шалгуурыг давах хэрэгтэй. Ер нь хэн ч дэвшиж болно шүү дээ. Хүсвэл Ц.Нямдорж, Н.Алтанхуяг нар манай намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиг л дээ.

-Бага чуулган хэзээ хуралдах вэ?

-Хуулиараа тавдугаар сард хуралдах ёстой. Бид ажлын хэсэг гаргана. МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүс ажлын хэсэгт хандаад бага чуулганаар нэр дэвших эсэхээ хэлэлцүүлэх ёстой.


Categories
мэдээ цаг-үе

“Супер тархи” буюу Э.Энхмөнх: Аливаа юмыг цээжлэх гол арга техник бол сэтгэл хөдлөлөө оролцуулах явдал

Сүүлийн үед манай оюуны спортоор хичээллэдэг хүүхэд, залуучуудын амжилтыг зөвхөн Монголд биш дэлхийд гайхан бишрэх болсон. Энэхүү амжилтыг бүтээж буй тамирчдын төлөөлөл болох 2014 оны өсвөрийн дэлхийн аварга, 2016 оны “Super Brain” шоуны ялагч оюун ухааны академийн тамирчин, Олон улсын их мастер Эрдэнэбатхааны Энхмөнхтэй ярилцлаа.


-Оюуны спортоор хичээллэж эхэлсэн үеийнхээ талаар дурсахгүй юу?

-Энэ спортоор анх 2013 оноос хойш хичээллэж эхэлсэн. Өмнө нь Монголын оюун ухааны академийн захирал, олон улсын шүүгч, ой тогтоолтын их мастер Х.Хатанбаатар багшийн лекцэнд сууж байлаа. Тэр лекцэн дээр багш маань өөртөө олж авсан мэдлэг чадвараа амьдралдаа хэрхэн ашиглах талаар илтгэл тавьсан юм. Бидний өдөр тутмын амьдралд утасны дугаар цээжлэх, багшийн заасан хичээлийг хялбар аргаар ойлгож эзэмшихээс эхлээд бодож, сэтгэх зүйлс их гардаг шүү дээ. Энэ бүхнийг тусгаж, хүний оюун ухаан цаглашгүй их гэдгийг бидэнд мэдрүүлж, өөрийн онцгой чадвараа үзүүлж билээ. Тэр цагаас эхлэн өөрийнхөө мэдлэг боловсролоо дээшлүүлэхийг зорьж, Оюун ухааны академид элсэн орсон түүхтэй. Оюуны спортоор анх хичээллэж эхлэхэд мэдэхгүй, чадахгүй зүйлс их гарч ирдэг л дээ. Тухайлбал 52 ширхэг хөзрийг хамгийн удаандаа таван минутын дотор цээжлэх ёстой ч би цээжилж чаддаггүй, эсвэл цээжиллээ гэж бодсон ч бүрэн гүйцэд санадаггүй байсан учраас би ч чадахгүй юм байна гэж бодох үе байсан. Энэ их тоог яаж цээжлэх вэ, боломжгүй юм байна гэх зэргээр шантрах тохиолдол их. Гэхдээ тэр үед олон улсын их мастер Н.Баасандорж, Х.Хатанбаатар багш маань миний сэтгэлийг ойлгож, үргэлж урам зориг өгдөг байсан болохоор би бууж өгөхийг хүсээгүй.

-Оюуны спорт дотроо олон төрөлтэй байдаг байх. Таны хувьд яг аль төрлөөр нь хичээллэж эхэлсэн бэ?

-Хүний оюун ухаан гэдэг хэмжээлшгүй. Тэр ч утгаараа энэ спорт их олон төрөлтэй. Цээж бодолт буюу тоо бодох, рубек шоо эвлүүлэх, хоёр гараараа зэрэг аяга өрөх гэх мэт. Миний анх сонгон хичээллэсэн нь ой тогтоолтын төрөл. Аливаа юмыг цээжлэх гол арга техник бол сэтгэл хөдлөлөө оролцуулах явдал юм. Ой тогтоолт ихэвчлэн хүний төсөөлөл дээр явагддаг. Ингэж төсөөллөө ашиглана гэдэг нь хүний тархинд дахь депокус гэсэн бодис сэтгэл хөөрөл шаардсан үед ялгардаг. Ингэснээр аливааг хурдан цээжилдэг юм. Тухайлбал хоёр долоо хоногийн өмнө идсэн хоолоо санана гэвэл хэцүү. Учир нь хоол идэх нь хүний өдөр тутамд болдог нэг л хэвийн үзэгдэл. Харин таван жилийн өмнөх төрсөн өдрөөрөө ээжийнхээ хийсэн хоолыг амтархан идэж байснаа санаж чадна. Цагаан сарын зоостой бууз, наадмын хуушуур идсэн гэх мэт хүний сэтгэл хөлдлөл нөлөөлсөн тэр үйл явдлуудыг бид хэзээ ч мартдаггүй шүү дээ. Өөрөөр хэлбэл цээжлэх зүйлээ бодохдоо амьдрал дээр тохиолдог баяр гунигтай мөчөө дүрслэн, хийсвэр зүйлийг бодит мэт болгон төсөөлсөнөөр тухайн үйл явдал, юмс таны ой тойнд гүн сууж өгнө. Ингэснээр түүнийг мартахгүй.

-Хамгийн анх ямар тэмцээнд оролцож байв даа?

-2013 оны сүүлээр ой тогтоолтоор хичээллэж эхэлснээс хойш гурван сарын дараа анхны тэмцээн болох Улсын аваргад оролцож байв. Тухайн үед тоо, хөзөр, хүний нэр, зүс цээжлэх төрөлд мөнгө, хүрэл медаль хүртэж байлаа. Ой тогтоолтын тэмцээн нь үндсэн арван төрөлтэй байдаг. Төрөл болгон тогтсон хугацаатай. Улсын аваргын тэмцээнд биелүүлэх даалгаврын хугацаа нь богино. Харин олон улсын тэмцээн, дэлхийн аваргын тэмцээн болохоор хугацаа нь урт үргэлжилдэг. Улсын аваргын тэмцээнд тав болон 15 минутанд тоо цээжлэх ёстой байдаг. Энэ даалгавар олон улсын тэмцээнд гучин минут, дэлхийн аварга дээр нэг цаг хүртэл уртасдаг. Цаг урт болохын хэрээр цээжлэх тоо ихэснэ гэсэн үг шүү дээ.

-Өнгөрсөн жил болсон “Super Brain” телевизийн шоунд Хятадын шилдэг багийг ялсан. Энэхүү тэмцээнд анх хэрхэн оролцох болов?

-2015 оны наймдугаар сард Хонгкокт болсон олон улсын ой тогтоолтын нээлтэй тэмцээнд оролцож байсан үе. Тэр тэмцээнээс манай тамирчид дангаараа 38 медаль хүртэж, илт илүүрхсэн л дээ. Медаль хүртэхээс өмнө монголчуудыг төдийлөн анхаардаггүй байсан. Харин 68 медалиас 38-ыг нь бид авсан болохоор Хонгкокийн сурвалжлагч, олон улсын тамирчид, шүүгч, үзэгч нарын анхаарал монгол тамирчдад төвлөрсөн юм. Тэр үед Хятадын Super brain шоуны баг, нэвтрүүлгийнхээ дүрс зураг авах ажлаар явж байсан юм билээ. Тэгээд бидэнтэй уулзаж Монголчууд энэ тэмцээнд амжилттай оролцсон байна. Танай тамирчдаас нэг хүнийг сонгож энэ нэвтрүүлэгт оролцуулъя гэж хэлсэн. Тухайн үед багийнхнаасаа хамгийн өндөр амжилт гаргасан нь би байлаа. Ингэж л анх энэ шоунд оролцсон юм. Өмнө нь энэ нэвтрүүлгийг их үздэг байсан. Хятадад 300 сая гаруй хүнд хүрсэн, хамгийн олон үзэгчтэй шоу нэвтрүүлэг шүү дээ. Дэлхийн оюун ухааны спортын алдартай тамирчид оролцдог учраас тэр шоунд оролцох нь миний мөрөөдөл байлаа. Хятадын дөрвөн хүн тутмын нэг нь үздэг хамгийн олон үзэгчтэй тус нэвтрүүлгийн гол зорилго нь Хүний тархи юу хийж чаддаг вэ гэдгийг санаанд оромгүй даалгавруудыг гүйцэтгэж, харуулахыг хичээдэг. Ингэхдээ улс бүрийн шилдэг тамирчдыг шоундаа урьж оролцуулан Хятадын эсрэг Америк, Хятадын эсрэг Герман гэх зэргээр хооронд нь өрсөлдүүлдэг. Өмнөх дугааруудад нь урд хөршийн тамирчдын хувьд Герман, Америк, Япон зэрэг орны тамирчдыг буулгаж авсан үзүүлэлттэй байсан юм билээ. Харин миний оролцсон дугаарт дэлхийн баг “X-team буюу олон улсын шилдэг таван тамирчин Хятадын шилдэг таван тамирчны эсрэг өрсөлдсөн.

-Таны багтсан Дэлхийн баг-т ямар ямар орны тамирчид байсан бэ ?

-Ер нь Х team-д тив тивийн хамгийн шилдэг гэсэн төлөөллүүд багтсан. Миний хувьд Ази тивээ болон Монгол Улсыг төлөөлж тус багийн гишүүн нь болж шоунд оролцсон. Австрали тивээс рубек шооны дэлхийн аварга Feliks Zemdegs, Испанийн судокугийн дэлхийн аварга Martin Lopez Norses, Өмнөд Америкийн Перу улсын шоог харахгүйгээр эвлүүлдэг Gian­franco Huanqui, Швед улсын дэлхийн ой тогтоолтын хошой аварга Jonas Von Essen нартай хамтарч Хятадын шилдэг тамирчдаас бүрдсэн багийн эсрэг өрсөлдсөн.

-Тэмцээний даалгаврыг цаг тулгаж танилцуулсан гэсэн. Юу болсон юм бэ?

-Энэ шоунд тамирчдыг урихдаа гэрээнд хорин нэгэн хоногийн өмнөөс даалгаврыг танилцуулах журамтай байдаг юм билээ. Гэтэл зохион байгуулагчид долоо хоногийн өмнө манай багт даалгаврыг нь явуулсан. Ингээд Монголоос нисэхээс нэг хоногийн өмнө даалгаврыг дахин өөрчилсөн тухай надад мэдэгдэж, шинээр даалгавар явуулсан байсан. Тэр үед бидэнд их хүнд байсан шүү. Онгоцонд хоол, цай ч уух завгүй Х.Хатанбаатар багштайгаа хамт бэлтгэл сургуулилтаа давтаж, тэмцээндээ оролцсон. Тэмцээнд оролцохоос өмнө багш маань Ялах ч бай, ялагдах ч бай энэ шоунд оролцсоноороо Монгол Улс, монгол хүн гэж ямар аугаа үндэстэн байдгийг Хятадын олон сая хүнд харуулж чадах боломжтой. Тийм болохоор хичээх хэрэгтэй гэж хэлсэн. Гэхдээ аливаа тэмцээн уралдаанд ялагдана гэж ордоггүй учраас өөрийнхөө бүх хүчийг дайчилсан.

-Тухайн үед ямар даалгавар гүйцэтгэсэн бэ?

-Миний даалгавар15х15 харьцаатай 225 таван ширхэг нүдэнд секунд бүрт нэг тоо гараад алга болно. Тэгэхдээ дэс дарааллаар биш аль ч нүдэнд, ямар ч тоо гарч ирнэ гэсэн үг.Үүний дараа таван минут дахин дотроо бодож боловсруулаад төв тайз руугаа очино. Тэнд ч гэсэн адилхан 225 ширхэг дотроо гэрэлтэй шоонууд байх бөгөөд гэрэл нь энд, тэнд анивчиж байгаад удааширсаар нэг шоон дээр зогсоход гурван секундын дотор тэнд ямар тоо гарсныг санаж олонгуутаа өмнөө байрлах нэгээс ес хүртэлх тоог наасан лаазан ханыг нурааж зөв тоогоо олох ёстой. Өмнө ийм даалгавар гүйцэтгэж байгаагүй болохоор тухайн үед жаахан бэрхшээл тулгарсан, сандарсан шүү.

-Ой тогтоолтын спортоор хичээллэх нь ямар давуу талтай вэ?

-Энэ спортоор хичээллэх нь тухайн хүнд ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй. Бусад спорт шиг бэлтгэлийнхээ үеэр ч юм уу, тэмцээн дээр бэртэж, гэмтэнэ гэж байхгүй нь мэдээж. Хүн болгон оюуны спортоор өдөр бүр хичээллэдэг гэж би боддог. Хамгийн гол нь зөв хүн болж төлөвшихөд их нөлөөлдөг юм уу даа. Намайг анх энэ спортоор хичээллэж эхлэхэд багш маань ч тэгж хэлж байсан. Эрүүл мэндийн талаас ч гэсэн тархины үйл ажиллагаагаа сайн ажиллуулж байгаа нь эерэг талтай юм.

-Бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?

-Ой тогтоолтын тамирчин хүн бэлтгэлийг өдөр бүр хийх шаардлагатай. Таван минут, 20 минут эсвэл гурван цаг ч хамаагүй бэлтгэлээ хийх ёстой. Багш маань ч тэгж шаарддаг.

-Хүмүүс таныг Супер тархигэх нэрээр илүү мэднэ. Яагаад ийм хочтой болчихов?

-Миний оролцсон нэвтрүүлэгийн нэр Super brain шүү дээ. Энэ нэвтрүүлэгт амжилттай оролцож, олон нийтэд танигдсан болохоор тийм хоч өгсөн байх. Одоо ч гэсэн найз нөхөд, сургуулийн багш нар Супер тархиа” гэж дууддаг (инээв).

-Оюун ухааны спортын тамирчинд цолыг нь ямар шалгуураар олгодог юм бол?

-Цолыг зөвхөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр олгодог. Олон улсын мастер, их мастер, олон улсын их мастер гэсэн эрэмбэтэй. Олон улсын мастер цолыг авахын тулд оюуны спортын үндсэн арван төрлийн нийлбэр оноо 3000-аас дээш байж, болзлоо хангана. Энэ оноо таван мянга хүрсэн бол их мастер, зургаан мянга бол олон улсын их мастер болно гэсэн үг. Олон улсын чанартай тэмцээнд эхний гурван байрт орж байж, оноо авна. Тэгээд арван төрлийн нийлбэр оноо гэхээр цол хүртэх тийм ч хялбар биш шүү. Миний хувьд өдгөө хамгийн залуу олон улсын их мастер цолтой тамирчин. Энэ амжилтыг би ганцаараа олж аваагүй, багш, найз нөхөд, гэр бүлийнхэн маань тусалсан. Тэдэндээ үргэлж баярлаж явдаг.

-Ойрын хугацаанд ямар тэмцээнд оролцохоор бэлдэж байна вэ?

-Ирэх сард болох ой тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэл, сургуулилтаа хийж байна. Хэдий улсын аварга ч гэлээ чансаа өндөртэй тэмцээн болдог. Учир нь оюуны спортын дэлхийн чансааг Монголын өсвөрийн тамирчид тэргүүлдэг. Дэлхийн өсвөрийн тамирчдын гаргасан 17 рекордын 13-ыг нь манай тамирчид эзэлдэг гэхээр бахархмаар санагдаж байгаа биз дээ. Тийм болохоор манай ой тогтоолтын улсын аваргын тэмцээн олон улсын тэмцээн шиг маш ширүүн өрсөлдөөнтэй болдог.

-Та хаана сурдаг вэ. Гэр бүлийнхнийгээ танилцуулаач?

-Би МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн нэгдүгээр курсийн оюутан. Аав, ээж, дүүгийн хамт амьдардаг. Айлын ууган хүү. Өмнө нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа лаборатори 23 дугаар сургуулийг төгссөн. Оюутан болчихсон болохоор хичээл, ном ихтэй л явна.

Э.МӨНХТҮВШИН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэдийнхээ ашгийг хулгайлдаг баячуудтай байснаас байхгүй нь дээр юм биш үү?

“АПУ”, “Улсын их дэлгүүр”-ийн хувьцаа эзэмшигчдэдээ хандаж буй хандлага нэг л биш ээ. Ганц тэд ч биш Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг топууд ер нь л нэг иймэрхүү хүйтэн хөндий сэтгэлтэй аж төрцгөөдөг. Ах дүү, аав хүүхдүүд дансны аргаар өөр зуураа өр үүсгэж хувьцаа эзэмшигчдэдээ ашиг хялайлгадаггүй нь хэнд ч ил харагддаг.Үндсэн компани нь ашигтай ажилладаггүй хэрнээ доор нь бүртгэлтэй борлуулалт хийдэг,түрээсэлдэг компаниуд ашигтай ажиллаад байдаг увайгүй гэж хэлэхэд зөөлдмөөр хандлага маш тод анзаарагддаг.

Эхлээд онцлох жишээ бол яах аргагүй “Улсын их дэлгүүр”. Нийслэлийн ашигтай байрлалд байршдаг, өчнөөн том талбайтай, жуулчдаас эхлээд улаанбаатарчууд тэр аяараа шахуу үйлчлүүлж шопингдог том төв. 2001 онд 30 мөнгө, 2007 онд гурван төгрөгийн ногдол ашиг хуваарилсанаас бусад жилүүдэд нь алдагдалтай ажилласан гэвэл итгэх хүн гарах уу. Өөр нэг сонирхол татам баримт гэвэл энэ том дэлгүүр гуравхан ажилтантай. Гүйцэтгэх захирал, нягтлангаас өөр ажилтангүй. Долоон давхар томоо дэлгүүрийг 2002 оноос хойш “Номин холдинг” ХХК болон охин компаниуд нь түрээсэлж байгаа. Өөр бусад түрээслэгчид ч бий. Хөрөнгийн зах дээр хувьцаа нь арилжаалагддаг компаниудыг харахаар тайлан дээрээ нэг л их өртэй улс харагддаг. Их дэлгүүрийн алдагдал гэхэд 792 сая төгрөгөөр хэмжигддэг. Хэн ч итгэмгүй, жижиг хувьцаа эзэмшигчдээ үл ойшоосон хүйтэн худлаа тоо. Өчнөөн метр квадратыг брэндүүдэд зах зээлийн өндөр ханшаар түрээслүүлдэг их дэлгүүрийг алдагдалтай ажилладаг гэсэн үлгэрт итгэх хэн байхав. Дахиад тоо хэлье. Улсын их дэлгүүр 36 сая хол давсан энгийн хувьцаатай. Хамгийн олон жижиг хувьцаа эзэмшигчтэй компани.

Өөр нэг тоонд таны анхаарлыг хандуулъя. Улсын их дэлгүүрийн зах зээлийн үнэлгээ 19 тэрбум төгрөг. Тодруулж хэлбэл хөрөнгийн бирж дэх үнэлгээ нь. Яг үнэндээ өнөөгийн зах зээлийн ханшаар тооцоод үзвэл захын нэг дэлгүүрийн үнэлгээ. Ахиулаад хэлбэл таван давхар жижигхээн байшингийн ханш. Гэтэл Улсын их дэлгүүр ямар газар билээ. Их дэлгүүрийн ширхэг хувьцааг жирийн иргэд 500 төгрөгөөр өөр зуураа арилжаалдаг. Харин 80, 90 хувийг нь эзэмшдэг эрхмүүд эзэмшлийн хувиа ийм ханшаар зарах болов уу. Харамсалтай нь тэд тэгэхгүй. Хоосон газар хэдэн тэрбумаар үнэлэгддэг болсон өнөө цагт асар их мөнгө хийдэг үнэ цэнтэй обьектоо 19 тэрбумаар үнэлээд хувьцаагаа зарах тэнэг зориг тэднээс лав гарахгүй. Хүний гарт байгаа хувьцааг хямдхан авчихдаг шигээ өөрсдийнхөө хувьцааг тэр хэмжээнд үнэлээд зарах зориг их дэлгүүрийг эзэмшигчдэд төрөхгүй. Гэхдээ иргэдэд боломж бий. Их дэлгүүрийн хувьцааг хөрөнгийн биржээс хямдхаан үнэлж байгаа дээр нь ахиухныг авчихад алсдаа нөлөөлөхөөр хувьцаа эзэмшигч болох өндөр магадлалтай. 100 сая байтугай хадгаламжтай хүмүүс цөөн биш байгаа. 100 сая төгрөгөөр их дэлгүүрийн хувьцааг худалдаж аваад хав дарчихвал алсдаа багагүй ашиг хийх нь гарцаагүй. Байдал бүр бишдээд их дэлгүүрийн байрыг нураахдаа туллаа гэхэд 100 саяар хувьцаа авсан нөхрийн үг нөлөөлөхөөр түвшинд байна. Угтаа бол нэг ширхэг хувьцаа эзэмшигч ч “Улсын их дэлгүүр” компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж, сонирхсон асуултдаа хариу авч үгээ хэлэх эрхтэй. Жижиг хувьцаа эзэмшигчдийн идэвхгүй хандлага Их дэлгүүр АПУ гэх мэт компаниудыг оодруулаад байдаг гэм бий.

АПУ-гийн сүүлд дэгдсэн шуугиан ч Улсын их дэлгүүрийнхтэй агаар нэг. Үндсэн бааз суурь нь АПУ дээр байдаг хэр нь үр ашгийг нь, борлуулалтын орлогыг нь “АПУ трейдинг” гэж өөр нэг компани авчихаад байдгаас болж саяны дуулиан дэгдсэн. Дахин хэлэхэд хувьцаа эзэмшигчдээсээ ашгийг нь хулгайлдаг увайгүй хандлага ганц АПУ биш хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг компаниудын нийтлэг зан. АПУ-г бизнес талаас нь харвал маш их зээлтэй, үйлдвэрлэлээ өдий зэрэгт хүргэх гэж банкны өндөр хүүтэй зээл авч зүтгэж байж томорсон энэ тэр гээд яривал цаана нь нарийн учир шалтгаан бийг үгүйсгэхгүй. Гэхдээ АПУ гэж компанийг хувьчилж авсан учраас, тэр компанийн үр ашгаар л бизнесээ олон салбарт тэлж, ах дүүгээрээ том бизнес эрхлэгч болсон гэдгийг монгол даяараа бас мэднэ. Товчхондоо АПУ-г томорч, хөгжиж, өдий болоход хэвлэл мэдээллээс эхлээд хувьцаа эзэмшигчид нь тэвчээртэйгээр дэмжиж хүлээсээр өнөөг хүрсэн. Төр засгаас бизнест халтай шийдвэр, үг яриа гарах бүрт хэвлэлийнхэн баялаг бүтээгчдээ ад үзэж болохгүй гэж өмгөөлсөөр ирсэн. Алдагдалтай гэж ашгаа харамласан жилүүдэд нь хувьцаа эзэмшигчид “Ийм хэцүү цагт аргагүй дээ” гэж ууч ханддаг байсан. Ийм байтал борлуулалтаа өөр компаниар дамжуулж иргэдийнхээ ашгийг хулгайлсан шигээ сууж болохгүй л дээ.

Борлуулалтаа “АПУ трейдинг”-ээр биш АПУ-гаараа хийвэл борлуулалтын орлогоороо номер нэгт бичигдэж хувьцааны ханш нь 400 биш 1000 төгрөг хол давах сайн талтай. Ногдол ашгаа ахиу тараагаад, хувьцааны ханш нь өсөөд ирвэл хөрөнгө босгох боломж өсөөд ирнэ. Банкны өндөр хүүтэй зээл биш, хөрөнгийн захаас хямд хүүтэй мөнгө татаад үйлдвэрээ өргөтгөх боломж АПУ-д байгаа. Зах зээлд, иргэдийн гар дээр их мөнгө байдгийг саяхны Засгийн газрын бондын захиалга харуулсан. Засгийн газраас 17 хувийн хүүтэй 11 тэрбумын бондын зарна гэхэд 55 тэрбум төгрөгийн захиалга орж ирсэн нь ердөө ойрхны үйл явдал. Хөрөнгийн зах зээлийг сонирхдог хүмүүсийн гар дээр мөнгө байна гэсэн үг. Гадны компаниудын хувьцаагаа хөрөнгийн зах дээр арилжаалдаг нэг шалтгаан нь үнэ цэнээ өсгөх. Ухаандаа АПУ-гийн хувьцааг худалдаад авчихсан нөхөр АПУ-гийн сүү, жимсний ундаа, цөцгий зөөхийг авна гэсэн үг. Хөрөнгийн зах зээлийн жамыг сөрөлгүйгээр, үнэнчээр ногдол ашгаа тараагаад аж төрвөл АПУ-гийн бүтээгдэхүүн зах зээл дээр шажигнатал борлогдож, импортын ижил төрлийн бүтээгдэхүүнийг шахаад ирнэ гээд ойлгочихож болно. Дэлхийн компаниуд хөрөнгийн зах зээлээр дамжуулж үнэ цэнээ ингэж өсгөдөг. Гадны зах зээл дээр АПУ-гийнх шиг асуудал гарсан бол дуулианы эзэн компанид дампуурлаас өөр зам үлдэхгүй. Шуудхан хэлэхэд АПУ-гийн саяхны жишээ бол санхүүгийн залилан. Санхүүгийн залилан хийсэн компани орон зайгаа алдах нь хэнд ч тодорхой зүйл.

Гэхдээ хөрөнгийн зах зээл хөдөлж амилж байгаа нь АПУ-гийн шуугиан дуулианаас харагдсан эерэг тал бий. Энэ компанийн хувьцаа 400 дөхөж байснаа 350 руу унасан нь урьд ажиглагдаж байгаагүй хөдөлгөөн гэж хөрөнгийн захынхан олзуурхаж байна. АПУ-гийн хувьцааг худалдаж авсан хүмүүс эрсдлээс болгоомжлоод хувьцаагаа зарж эхэлсэн учраас ханш нь буурсан хэрэг л дээ. Мэдээж хөрөнгийн зах зээл дээр сайн жишээ болсон компани багагүй бий. Жишээ нь “Говь”, “Дархан нэхий”. Хувьцаа нь өсөөд, хувьцааг нь худалдаж авсан хүмүүс сэтгэл ханамж өндөр аятайхан байна. “Газар сүлжмэл” гэхэд хамгийн өндөр ногдол ашиг өгдөг.

Хөрөнгийн зах зээл дэх увайгүй хуншгүй гэж хэлэхээр дараагийн жишээ бол “Зоос гоёл”. Төрийн ордны зүүн талын хэвлэх үйлдвэрийн балгас хоёр жилийн өмнө дуудлага худалдаагаар таван тэрбум гаруй төгрөгөөр “Таван богд”-од очсныг уншигчид санаж байгаа байх.1584 метр кв талбайтай гэсэн тоо дуулддаг. Гэтэл “Зоос гоёл”-ын нэр дээр байдаг 5800 давсан метр квадрат бүхий барилга байгууламжууд нийлээд гурван тэрбум гаруй төгрөгийн үнэлгээтэй гэвэл та итгэх үү. Ордны зүүн талынх бол балгас, харин “Зоос гоёл”-ынх амьд, өнөө хүртэл үнэ цэнэтэй, мөнгө үйлдвэрлэдэг, ашиглагдаж байгаа обьект. Байрлал нь ч дажгүй. Зах зээлийн өнөөгийн ханшаар багцаалдаад бодоход наад зах нь 50 гаруй тэрбумаар өлхөн үнэлэгдэх обьект. Хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа арилжаалдаг компаниудад ямар их “но” байгааг хөнгөхөөн уншчихаж болох тод жишээ. “Зоос гоёл”-ын хувьцааг аваад хэт хямд үнэлсэн энэ шийдвэрээс болж мөнгөөрөө хохирсон хувьцаа эзэмшигч хувьцаанд мөнгөө ахиж зарах итгэлгүй болж буй нь хамгийн том аюул. Хөрөнгийн зах дээрх энэ мэт жишээг дурдвал багагүй “но” бий. Ингэсгээд зогсъё.

Товчхондоо Монголын топ баячуудын хаялгагүй, хуншгүй, явцгүй, увайгүй хандлага хөрөнгийн зах зээлээс тод харагдаж байна. Үнэндээ хөрөнгийн биржид бүртгэлтэй толгой компаниудын боссуудад АНУ, Канад гэх мэт улсын бизнес эрхлэгчдээс ялгарах нэг том ялгаа бий. Тэд хөрөнгийн зах зээлээс тав гурван төгрөг гуйж байж хөл дээрээ босоогүй. Энгийн олноос хураасан мөнгө, авсан мэдээллээрээ жаахан илүү нөхөд хямдхаан хувьцаа олноор нь авч том обьект, үйлдвэрийн эзэд болцгоосон. Манай хөрөнгийн захын топуудын нийтлэг түүх л дээ. Улсаас бүх иргэддээ ягаан цэнхэр тасалбар тарааж, Улсын их дэлгүүр, АПУ-гийн хувьцааг авч эзэн суух эрхийг нь өгсөн. Ихэнх нь цөөхөн төгрөгөөр хувьцаагаа зараад дууссан. Цөөнх нь ихэнх хувьцааг худалдаж авч юмны эзэн сумны занги болцгоосон. Мэдээж төдийгөөс өдий хүртэл урсгасан хөлсийг нь үгүйсгэхгүй. Хөдөлмөрлөсөн, баялаг бүтээсэн, үйлдвэрлэсэн. Их хувьчлалын үр ашгийг ч хангалттай хүртсэн. Салбар бизнестэй болсон. Толгой баячуудын бизнесийг харахад бүх салбарт мөнгө олох хөлтэй болчихсон.Мөнгөтэй учраас бизнесийг бүхэлд нь атгасан гэхэд хэтрүүлэг болохгүй. Энгийн иргэдэд хөл тавих боломжгүй болтол зах зээлийг эзэлсэн нь нууцлаад байх зүйл биш. АПУ гэхэд л архи, пиво, ундаа, сүүнээс гадна шатахуун түгээх станцаас эхлээд олон бизнестэй.Их дэлгүүрт эзэн суусан “Номин” гэхэд барилгын компанитай. Барьсан хотхонуудынхаа хажууд томоо гэгчийн супер, хайпермаркетуудтай. Ахиухан мөнгө олсон хүмүүс бор зүрхээрээ дорвитойхон бизнес хийе гээд хөдлөхөд орон зай бараг үлдээгүй.

Хөрөнгийн зах дээр бүртгэлтэй томчуудын хувьд олонхи иргэдэд ногдох ашгийг нь өгөх цаг болсон гэж хэлэх гээд байна л даа. Улсын минь буян гэж хувьцаагаа тас атгаж суугаа энгийн иргэдэд ногдол ашгийг нь асуудалгүй тараах эрийн цээнд аль хэдийнэ хүрсэн. Томчуудын тас атгаж, татваргүй бүсэд байршуулсан их мөнгө Монголын эдийн засагт эргэлдэх ганц л суваг бий. Тэр нь хөрөнгийн зах зээл.Хотоо малтахдаа хориулаа болоосой, хоолоо идэхдээ хоёулаа байгаасай гэж нэг айхавтар үг бий. Ард түмний увайгүй баячуудыг элэглэсэн үг л дээ.

Эдийн засгаа томруулъя, улсаараа хөгжье гэвэл энэ хандлагаасаа салах цаг болчихож. Төдийгөөс өдий хүртэл хангалттай оллоо, одоо хувьцааныхаа төчнөөн хувийг арилжаалъя гээд нээлттэй компани болоод эхэлбэл их зүйл өөрчлөгдөнө. Дахиад хэлэхэд ингэж байж л бултаараа хөлжиж, улсаа хөгжүүлнэ. Иргэд ч гар дээрх мөнгөө хөрөнгийн зах зээр эргэлдүүлж ашиг хийчихнэ. Компаниуд нь ч банкны өндөр хүүнд дарлуулахгүйгээр хямд зардалтай хөрөнгө оруулалт татчихна. Хэн хэндээ ашигтай шийдэл.

Categories
мэдээ нийгэм

Дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-ны даваа гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ.

Баянзүрх дүүрэг

10:30-18:00 цагт: Меговатт, ЦЭХБУТ ХХК-ууд, дүүргийн Хүүхдийн эмнэлэг, Хүүшийн зоорь, Эм Си Эс-ийн Шинэ гэр төсөл, эдгээрийн ойр орчмоор

11:00-17:30 цагт: 5, 16, 22, 19-р хороо Өлгийн 1-4, 16, 18, 19, 20, 22, 31, 57, 92, Газарчны 1-9, ЦИС-ийн 1-р хэсэг, Ойн-1, 2-р гудамж, Төгөл хусханы 1-14, 69А, Б, 88, 89, 91, 106-р байр, Сэлвэшн арми ТББ, 128-р цэцэрлэг, Өлгийн халамжийн төв, Цагдаагийн орон сууц, Таманука/МОНТС, Зүтгэл найдвар ЗБН, МЦХ АТС-83, Алаг адуут СӨХ, дүүргийн Цагдаагийн хэлтэс, ШУТИС-ийн ХМТС, Оюутны байр, Батхангай өргөө, Мөнгөн сав тоног, Немон, БОСА-3 , Булган уянга, Хэ-До Инда трейд, МОНТС, Өнө мандал, Нью жуулчин турс ХХК-ууд, эдгээрийн ойр орчмоор,

Сүхбаатар дүүрэг

10:30-17:30 цагт: 6-р хороо 10, 13/3, 24, 30, 36, 45, 46-р байр, УСУГ-ын ЦТП ашиглалтын алба, Архивын ерөнхий газар, Мэдээлэл технологийн үндэсний парк, ШУТИС, Боловсрол мэдээллийн төв,

Чингэлтэй дүүрэг

12:00-12:30 цагт: Засгийн газрын авто бааз, ойр орчмоор,

Сонгинохайрхан дүүрэг

11:00-18:00 цагт: 32, 22, 29-р хороо 384-ийн гарам, Баруунтурууны 2, 4, 5, 6, 8, 12, 13-р гудамж, эдгээрийн ойр орчмоор.

Categories
мэдээ спорт

Шинэ ёкозүна Кисэносато дахин түрүүллээ

Кисэносато зурган илэрцүүд

Тэмцээний сүүлийн өдөр 13 даваа, нэг унаатай явсан манай озэки Тэрүнофүжи, шинээр ёкозүна болсон Кисэносато нар учраа таарсан юм. Шинэ ёкозүна 12 даваа, хоёр унаатай явсан бөгөөд Тэрүнофүжиг өвдөг шороодуулснаар хоёр бөхийн даваа унаа тэнцлээ.

Улмаар нэмэлт барилдаан хийхэд Тэрүнофүжи атга дүүрэн барьц аваад дэвжээний зах руу шахсан ёкозүна Кисэносато дагуулж мушгиад давлаа. Ийнхүү шинээр ёкозүна цол хүртсэн Кисэносато жинхэнэ аварга гэдгээ харуулан 13 даваа хоёр унаатай түрүүллээ. Мөн 16 жилийн дараа хоёр башё дараалан япон бөх түрүүлсэн амжилтыг давтаж байна. Манай хоёр аварга Харүмафүжи, Какарюү нар тэмцээнийг 10 даваатайгаар тэмцээнийг дуусгалаа.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга ОУПХ-ны Ассамблейн чуулганд оролцохоор мордлоо

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо.

Тэрбээр айлчлалынхаа үеэр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ, Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима, Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэ нартай уулзана.

Түүнчлэн УИХ-ын дарга М.Энхболдод Япон Улсын Гадаад хэргийн сайд Ф.Кишида, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Я.Шиозаки, Шадар сайд бөгөөд Сангийн сайд Т.Асо нарын зэрэг хүмүүс бараалхаж, Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурах ёслолд М.Энхболд оролцоно.

УИХ-ын дарга М.Энхболд гуравдугаар сарын 31-нээс Бүгд Найрамдах Бангладеш Улсын нийслэл Дака хотноо эхлэх Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 136-р чуулганд оролцох юм. Тэрбээр энэ үеэр ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн хуралдааныг даргалж, ОУПХ-ны Ассамблейн нэгдсэн хэлэлцүүлэгт “Тэгш бус байдлыг арилгах нь: Хүн төрөлхтнийг нэр төртэй, сайн сайхан амьдрах нөхцөлөөр хангах нь” сэдвээр үг хэлж, улс орнуудын парламентын дарга нартай хоёр талын хэд хэдэн уулзалт хийх юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бурхантын-Арын бууцны хаврын тухай “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа.

Уламжлалт “Танайд өнжье” буланд Бурхантын-Арын бууцны хаврын тухай онцолжээ. Төв аймгийн Аргалант сумын нутаг Бурхантын-Арын бууцанд өвөлжиж байгаа Ж.Мөнхсайханыд манай сурвалжлагч өнжжээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Төрийн алба офшортонгуудын орогнох газар биш” хэмээн ярьжээ.

Боннын хэмээн овоглогддог Т.Алтангэрэл Арбитрын тухай хууль гарснаар хэрэг маргаанаа Монголын арбитраар шийдвэрлүүлэх сонирхол нэмэгдэнэ” хэмээн ярьжээ. Тэрбээр Арбитрчдын зөвлөлийн гишүүн юм байна.

“Улс төр” нүүрээс Ерөнхийлөгчийн сонгуульд хэн хэн нэр дэвших вэ? нийтлэлийг уншаарай.

“Баримт, үйл явдал” нүүрт “Зэрлэгшсэн нийгмийн золиос нь хүүхдүүд болж байна” хэмээн өгүүлжээ.

“Дэлхийн мэдээ” Хонгконгийн тэргүүнээр эмэгтэй хүн сонгогдсон тухай онцолжээ.

“Эдийн засаг” нүүрт Монгол нүүрс Тянжинь боомтод хүрсэн тухай мэдээлжээ. Энд мөн Монголд шилэн трико үйлдвэрлэж байгаа Монти компанийн захирал Э.Урангоотой ярилцсан байна.

“Спорт” нүүрт Хөлбөмбөгийн ДАШТ-2018-ын хэсгийн тоглолт явагдаж байгаа тухай мэдээлжээ. МҮОХ-ны ерөнхийлөгчөөр Д.Загдсүрэн улиран сонгогдсон тухай эндээс уншаарай.

“Уран бүтээлч” нүүрээс зохиолч, сэтгүүлч Бямбаагийн Сарантуяатай хийсэн ярилцлагыг хүлээж авна уу. Тэрбээр “Самар хатныг би л бичихгүй бол он цагийн тоосонд дарагдаад үлдэх юм шиг санагдсан” хэмээн ярьжэээ

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Гэр бүлийн өдөр” тохиож байна

Нийслэлийн гэр бүлийн өдөр өнөөдөр тохиож байна. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас энэ өдрийг “Уулзах газар танайд” уриан доор тэмдэглэж байна. Энэхүү гэр бүлийн өдрөөр та гэр бүлээрээ хамтдаа кино үзэх, номын сан очих, амралт сувилалд явах, гэр бүлээрээ хурал хийх, спортоор хичээллэх, музейгээр зочлох, гэх мэт олон сонирхолтой зүйлсийг хийж нэг өдрийг гэр бүлдээ зориулахыг уриалъя.

Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийслэл Улаанбаатарын хотын иргэд гэр бүлийн өдөртэй болохоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар 08 дугаар тогтоолоор сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гаригт “Гэр бүлийн өдрийг тэмдэглэх тухай” тогтоол батлагдан гарсан. Гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлснээр хүүхдүүд эцэг эхтэйгээ санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж бүрдэнэ, эцэг эхийн хайр халамжийг мэдрэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг болох, гэр бүлийн халуун дулаан эерэг уур амьсгал бүрдэх, гэр бүл төлөвлөлт, төсөвлөлт сайжрах, гэр бүлийн гишүүд харилцан бие биенээ хүндэтгэж сурах, сургаал, ёс заншил, өв уламжлалаа, ураг төрлөө дээдлэх, гэр бүл тогтвортой бат бөх болох гэх мэт олон эерэг үр дагаврууд гарах юм.

2016 оноос хойш уламжлан болгон манай байгууллагын зүгээс “Гэр бүлийн өдөр”-ийн хүрээнд 20 гаруй хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж гэр бүлд зориулсан хөнгөлөлт урамшуулал бий болгон, гэр бүлд зориулсан 8 удаагийн цуврал сургалт, лекц, хэлэлцүүлэг, тэмцээн уралдаан, гэр бүлийн зөвлөгөө, мэдээлэл, шүлгийн болон захиа бичлэгийн уралдаан, “Аз жаргалтай гэр бүл” өдөрлөг гэх мэт олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж давхардсан тоогоор нийтдээ 20-30 мянган хүнийг хамруулсан. НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоос гадна Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт “Гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар тусгажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэлхийн технологийн “акул”-ууд Монголд чуулна

Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017 зурган илэрцүүд “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн чуулга уулзалт ирэх сарын 20-21-ний өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд болох гэж байна. Уул уурхай, барилга хот байгуулалт, хог хаягдал, эрчим хүч, агаарын тээвэр, мах сүү боловсруулах гээд эдийн засгийн голлох таван салбарт нэвтэрсэн дэлхийн шилдэг технологиудтай энэ үеэр танилцах боломж нээгдэх юм. Одоогийн байдлаар ХБНГУ, Австри, Швейцарь зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орны 20 гаруй компани уг арга хэмжээнд оролцож, тоног төхөөрөмж, технологио танилцуулахаар бүртгүүлжээ. Уулзалтыг зохион байгуулж буй “Би Эм Монголиан Партнерс” компани технологийн салбар дахь дэвшлийг таниулахаас гадна энэ чиглэлд хийгдэх хөрөнгө оруулалтад ч анхаарчээ. “Технологитой холбоотой томоохон төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт маш чухал учраас Щвейцарь, Хонконг, Австрийн банк санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчдыг албан ёсоор урьсан” гэж зохион байгуулагчид нь онцолж байна. Үзэсгэлэнгийн үеэр болох салбар хуралдаануудын нэг нь “Хөрөнгө оруулалт” гэсэн сэдвээр өрнөх юм байна. Үзэсгэлэн, чуулга уулзалтад нүүрс, төмрийн хүдэр, алт, зэс, элс хайргыг хуурай аргаар баяжуулах тоног төхөөрөмж үйлдвэрлэгч ХБНГУ-ын “Allmineral”, “Steinert” компанийн Австрали дах салбар, уурхайн хаягдал усыг шүүж, дахин ашиглах тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Австри улсын “Andritz”, өрмийн машин болон түүний дагалдах машин үйлдвэрлэгч “Rockmore”, “Prime Drilling” зэрэг олон улсад хэдийнээ танил болсон компаниуд оролцох аж. Мах, сүү боловсруулах тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд гэж яригддаг “Берч Ласка” компани үзэсгэлэнд оролцож, салбар хуралдаанд илтгэл тавихаар болжээ. Үүнээс гадна Австрийн бага оврын онгоц үйлдвэрлэгч “Даймонд эйркрафт” компанийн захирал Кристиан Дрийс арга хэмжээний үеэр Монголд айлчлан ирэхээр болж.