Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын буцаан олголт өгч эхэллээ

Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ийн шинэчилсэн хуулийн үр дүнг иргэд өнөөдрөөс эхлэн бодитоор нь мэдэрч эхэллээ. Өнгөрсөн 2016 оны турш худалдан авсан нийт бараа бүтээгдэхүүний үнийн дүнгийн хоёр хувь буюу НӨАТ-ын 20 хувьтай дүйцэх хэмжээний мөнгийг бүртгүүлсэн дансанд нь өчигдөр /2017.02.01/ оройноос эхлэн шилжүүлж эхэлжээ.

Татварын ерөнхий газар өнгөрсөн 2016 онд Улсын төсөвт 1 их наяд 565.4 тэрбум төгрөг оруулжээ. Үүний 35 хувь нь буюу 555.2 тэрбум төгрөг нь Нэмэгдсэн өртгийн албан татварын орлогоос бүрдсэн гэдгийг албан ёсоор мэдээлсэн. НӨАТ-ын орлого өмнөх жилээсээ 70 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Мөн 38.800 бизнес эрхлэгч, татвар төлөгчид кассын машиныг тогтмол хэрэглэж, баримт өгч заншчээ. “ebarimt.mn” цахим системд бүртгэлтэй 620 мянган иргэн бүртгүүлсэн байна.

НӨАТ-ын шинэ хууль хэрэгжсэнээр иргэд буцаан олголт авахын зэрэгцээ сар бүр сугалаанд азаа үзэх боломж бүрдсэн. Өнгөрсөн онд 18 удаагийн сугалаанд 86 мянга гаруй иргэн оролцож, 3.5 тэрбум төгрөгийн хонжвор хожсон байна. “ebarimt.mn” цахим сайтад бүртгэлтэй 620 мянган иргэнд 34-35 тэрбум төгрөгийн буцаан олголт өгөх юм.

Categories
мэдээ цаг-үе

Монголын хөрөнгийн зах зээлийг яагаад дайнтай Палестинаас дорд үзчихэв?

Дайн самуунтай Палестин Английн FTSE индексийн Frontier Market хэмээх хөгжиж буй зах зээлийн статуст багтаж орхив. Манайх энэ статуст багтах хүсэлтээ өгсөн ч өнөөг хүртэл тойргийн гадна байгаа юм. Дэлхийн 40 орчим улсын хөрөнгийн биржүүдийг багтаасан Frontier Мarkets хэмээх хөгжиж буй орнуудын үнэт цаасанд зөвхөн Ану-ын хөрөнгө оруулалтын сангууд гэхэд л жилд 15 тэрбум доллар оруулдаг. Тэгэхээр бид хөгжиж буй зах зээлийн статуст багтчихвал хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахаас эхлээд олон давуу тал үүснэ гэсэн үг. Палестинд биднээс дутуу тал өчнөөн бий. Манайх шиг нҮб-ын гишүүн биш. Дээр нь дайны хөлд нэрвэгдчихсэн. Гэсэн хэр нь нэгэн цагт эдийн засгийн 17 хувийн өсөлтөөрөө дэлхийд гэж яригдаж байсан Монголоос илүү үнэлэгдсэн нь сонирхохгүй орхиж боломгүй өнцөг.

Тэд биднээс юугаараа илүү байв гэсэн асуултад хариу хайя. Өнгөрсөн оны сүүлээр манай Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниудын зах зээлийн үнэлгээ нийлээд 590 сая ам.долларт хүрсэн бол Палестиных гурван тэрбум ам.доллараар хэмжигджээ. Дайнтай Палестин Хөрөнгийн биржээ хамгаалалтын тусгай ханатайгаар барьж. Дэлбэрэлт, халдлагад өртүүлэхгүй гэж. Машин нэвтрэхэд бөмбөгтэй эсэхийг нь шалгадаг харуул хамгаалалт ажиллуулдаг. Израилтай хэл үгээ ололцдоггүй энэ улс сүүлийн үед “өстөн”-тэйгөө бизнесийн харилцаан дээр ойлголцох хичээл зүтгэл гаргах болж. Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх гэсэн энэ мэт хичээл мэрийлтийг нь харсан байж мэдэх юм. уг нь бидэнд өчнөөн тэрбум ам.доллараар үнэлэгдэх байгалийн баялаг, аюулгүй амгалан орчин гэж ирээд яривал тэднээс давуу тал олон бий. Гэвч хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхдээ яагаад ч юм хойрго ханддаг. Адаглаад л санхүүгийн зохицуулах хороо нь идэвхтэй ажилладаггүй, ломбардны хүү мэтхэн яриад суудаг нь нууц биш. Мөнгө татах баялагтай тусгаар улсын санхүүгийн зохицуулагч байгууллагын хувьд ломбардны зээлийн хүү үнэндээ бол жижиг асуудал. Өнгөрсөн засгийн үед хөрөнгийн зах зээлийг дэмжье гээд санхүүгийн зохицуулах хороо хураамжаа тэглэсэн ч сонгуулийн дараа буцаагаад сэргээсэн гэж ирээд яривал хөрөнгийн зах зээлдээ хүнийрхүү хандаад байдаг тал бий. FTSE Russell Палестиныг дээрх индекст багтаахдаа Монгол улсын нөхцөл байдалд ч үнэлэлт өгсөн юм билээ. Тэгэхдээ хөрөнгийн биржийнх нь арилжааны шимтгэл өндөр болсон нь Монголын Frontier Market индекст хамрагдах шалгуур үзүүлэлтүүдийг нэгээр цөөллөө гэсэн шалтгаан хэлж. Хөгжиж буй гэсэн статуст багтахын тулд 21 шалгуур үзүүлэлтийг хардаг юм байна. Манай улсын хувьд дөрвийг нь л хангасан гэх дүн гарчээ. Дахин хэлэхэд, FTSE Russell-ийн хүсээд буй үзүүлэлтийг хангах газар нь санхүүгийн зохицуулах хороо.

FTSE Russell байгууллагын хувьцааг лондонгийн хөрөнгийн бирж 100 хувь эзэмшдэг юм байна. Цэвэр нэр хүндээрээ амьдардаг байгууллага гэж шинжээчид тодотгодог. “Мүүдис” зэрэг агентлагууд зээлийн рейтинг хийж мөнгө олдог бол FTSE Russell хөрөнгийн зах зээл дээр ус, агаар шиг чухал болсон индексийн мэдээллийг зарж амьдардаг. Тэр утгаараа индексээ буруу гаргавал, зөв мэдээлэл зарахгүй бол хөрөнгийн зах зээл дээр оршин тогтнох боломжгүйд хүрнэ гэж мэргэжилтнүүд онцолж байна.

Гэхдээ Frontier Market –д багтсан улсуудыг харахаар эргэлзэхээр зүйл илт анзаарагддаг. бидний “эд ч дээ” гэж хардаг бангладеш, Шри-ланк хүртэл цохиж явна гэхээр их гүрнүүдийн бодлого хөшигний цаана өрнөж, FTSE Russell гэх мэт мэргэжлийн байгууллагыг зарим үед дохиурддаг байхыг үгүйсгэхгүй. FTSE Russell -ийн хувьцааг эзэмшдэг Лондонгийн хөрөнгийн биржийн тухайд аль эрт 1801 онд байгуулагдсан, олон янзын хувьцаа эзэмшигчтэй нээлттэй компани. сүүлийн үед Германы хөрөнгийн биржтэй нэгдэнэ гэх яриа хүчтэй сонсогдож байгаа. Ану энэ биржид өндөр сонирхолтой.

Тодруулж хэлбэл, Нью-Йоркийн хөрөнгийн бирж авах сонирхлоо ил тод зарлачихсан.

Categories
мэдээ цаг-үе

О.Пүрэвбаатар: МЧБХ-ны албан ёсны бүх үйл ажиллагааг хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоохыг шаардаж байна

“Өдрийн сонин”-ы №018(5585) дугаараас авч нийтлэв

Монголын чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагааг хууль бус гэж үзэн дасгалжуулагч, тамирчдын төлөөлөл “Түр хороо” байгуулжээ. “Түр хороо”-ны даргаар сонгогдсон Монгол Улсын гавьяат тамирчин, дасгалжуулагч О.Пүрэвбаатартай ярилцлаа.


-Та бүхэн “Түр хороо” байгуулжээ. Яагаад байгуулахаар болов?

– Монголын чөлөөт бөхийн зүтгэлтнүүд, дасгалжуулагч, тамирчдын төлөөлөл болсон 50 гаруй хүн МЧБХ-ны өнөөгийн хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэж, онц их хурлыг зарлан хуралдуулах “Түр хороо” байгуулахаар санал нэгдсэн юм. МЧБХ нь хамгийн сүүлд 2009 оны гуравдугаар сарын 14-нд албан ёсны их хурлаа хийж байсан. Энэхүү их хуралд 180 төлөөлөгч оролцон Л.Чинбатыг албан ёсны ерөнхийлөгчөөрөө сонгосон. Харин түүний эрх үүрэг 2012 оны Лондонгийн олимпийн дараагаар дуусгавар болсон юм. Үүнээс хойш МЧБХ албан ёсны хурлаа хийгээгүй. Гэтэл дараа нь удирдлагаар суух гэсэн хүмүүс их хурлын материалыг ашиглан хуурамч тогтоол гаргасан юм. Дүрэм журам зөрчин, хуурамчаар тамга тэмдэг дарж, бусдын гарын үсгийг дуурайлган зурсан. Мөн тэд зөвхөн Их хурлаар хэлэлцэж өөрчлөх ёстой холбооны дүрмэнд өөрчлөлт оруулж, Удирдах зөвлөлийн гишүүдийг бүрдүүлсэн юм. Ийм хууль бус үйлдлүүд үргэлжилсээр өнөөдрийн зөрчил, хурцадмал байдлыг бий болгоод байгаа хэрэг. Энэ нь тамирчид, багш дасгалжуулагчид, шүүгчид, үе үеийн зүтгэлтэн дэмжигчдийн эрх ашгийг зөрчиж байна. Бидний зүгээс тэднийг шийдвэр гаргах эрхгүй, эрх зүйн чадамжгүй гэж үзэж байгаа. Тиймээс МЧБХ-ны ерөнхийлөгч, Удирдах Зөвлөлийн гишүүд гэх сумо бөхийн аварга, улсын цолтнууд, УИХ-ын гишүүд, мөн бусад гишүүд үүнийг ойлгох хэрэгтэй. Иймд МЧБХ-ны нэрийн өмнөөс гаргасан болон гаргах ямар нэгэн тогтоол, шийдвэр, сонгон шалгаруулалтыг энэ цаг мөчөөс эхлэн хүчин төгөлдөр хэмээн үзэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Эдгээр МЧБХ-ны хууль бус үйл ажиллагааг эсэргүүцсэн бидний гомдол, нэхэмжлэл харьяа дүүргийн шүүх болон цагдаагийн байгууллагуудаар шалгагдаж байгаа. Монголын шүүх, цагдаагийн байгууллагуудыг хэн нэгнээс хараат бусаар, үнэн зөвийг тогтоосон шударга шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна.

-Та бүхэн МЧБХ-ны одоогийн удирдлагуудад шаардлага хүргүүлнэ гэсэн. Ямар шаардлагыг хүргүүлж байгаа вэ?

-МЧБХ нь энэ спортыг хөгжүүлэхийн төлөө цогц үйл ажиллагаа явуулдаг, тамирчин, дасгалжуулагч, шүүгчид, дэмжигчид, бөхийн зүтгэлтнүүдийнхээ эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллага. Тийм ч учраас хэн нэгэн эрх мэдэлтэн, УИХ-ын гишүүд орж ирэн, дур зоргоороо аашилдаг хувийн компани, тэдний өмч биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдмээр байна. Иймд чөлөөт бөхийн багш дасгалжуулагч, тамирчин, шүүгч бөхийн зүтгэлтэн, дэмжигчид болон БТС-ын удирдах дээд байгууллага, МҮОХ-ны төлөөллийг оролцуулсан өргөн бүрэлдэхүүнтэйгээр онц их хурлыг зарлан хуралдуулах шийдвэрийг гаргаж дараахь шаардлагуудыг МБЧХ-ын одоогийн удирдлага гэх хүмүүст хүргэж байгаа юм. Энэхүү шаардлагатай холбоотойгоор бид Монголын үндэсний олимпийн хороонд таван хүсэлт тавьж байна. Бүхий л спортын холбоодууд энэ байгууллагад харьяалагддаг учир МҮОХ-нд хүсэлт тавьсан гэж ойлгож болно. Энэхүү хүсэлтдээ МЧБХ-ны албан ёсны бүх үйл ажиллагааг хоёрдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн зогсоохыг шаардаж байгаа юм. Иймд тус холбооны үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах үүднээс МҮОХ-нд энэ ажлыг их хурлаар албан ёсны удирдлага сонгогдтол түр хариуцахыг хүсч байна. Мөн МЧБХ-ны тамга, тэмдгийг хоёрдугаар сарын 2-ны дотор МҮОХ-нд хадгалуулах, мөн холбооны байрыг чөлөөлж өгөхийг хүсч байгаа юм. Түүнчлэн МЧБХ-той холбогдолтой бүхий л баримт бичиг, эд хөрөнгийг МҮОХ-нд хүлээлгэн өгч хадгалуулахыг шаардаж байна. Бид өнөөгийн МЧБХ-ны удирдлага гэх хүмүүст “Түр хороо”-ноос тавьж байгаа шаардлагын хариуг бичгээр албан ёсны дагуу ирүүлэхийг хүсч байгаа юм. Хэрэв шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тэмцлийн хурц хэлбэрт шилжих болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

-Шаардлага биелүүлээгүй тохиолдолд тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэж байна. Тэгэхээр яана гэсэн үг вэ?

-Бид энэ асуудлууд дээр хуулийн зөвлөхтэй ажиллаж байгаа. Тиймээс бид өмгөөлөгчтэйгөө ярилцах болно. Ямартай ч бидний шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн тохиолдолд тэмцэж болох ямар л хэлбэр байна, түүнийг хийх болно.

-Саяхан МЧБХ удирдлагаа сонгосон. Та бүхэн энэ хуралд оролцсон уу?

-Энэ бол их хурал биш байсан. Бид хурал хаана, хэзээ хэдэн гишүүнтэй хурал болсныг ч мэдээгүй. Бид нэгдүгээр сарын 6-нд хурал болж, удирдлага сонгосон гэх мэдээллийг авсан юм. Тиймээс багш, дасгалжуулагчид энэ хуралд оролцож чадаагүй. Ийм үйлдэл хийж буй одоогийн удирдлагууд гэх хэсэг бүлэг хүмүүсийн увайгүй үйлдэл хэрээс хэтэрч, чөлөөт бөхийн спортыг гэр бүлээрээ өмчлөн, өөрсдийн хувийн мухлаг мэт үзэж байна. Дүү нь ахдаа, ах нь дүүдээ албан тушаал бэлэглэн, тамга тэмдгээ солилцож байгаа нь чөлөөт бөх сонирхогч, дэмжигчид, багш дасгалжуулагчид, тамирчдын эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байгаа хэрэг.

-Та бүхэн МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзаж нөхцөл байдлаа танилцуулан ярилцаж үзсэн үү?

-Бид уулзаж ярилцъя гэсэн хүсэлт тавьсан. Эвээр ярилцах гэсэн боловч бидний хүсэлтийг хүлээж аваагүй. Мөн бид саяхан МЧБХ-ны дэд тэргүүн Б.Болдын төрсөн дүү нарийн бичгийн даргаар сонгогдсон гэх Б.Батбаяртай уулзсан. Бид түүнээс өмнөх нарийн бичгийг халсан болон өөрийг нь томилсон тушаал, хурлын протокол зэргийг байгаа эсэхийг асуусан юм. Гэтэл бидэнд дараа үзүүлнэ гэсэн хариу өгсөн. Үнэхээр хууль ёсны ном журмаараа юм бол яагаад тушаал, протокол зэрэг нь байдаггүй юм бэ гэж бодогдох юм. Ном журмынхаа дагуу удирдах зөвлөлөө сонгосон тохиолдолд бид хэл үггүй ажил үүргээ гүйцэтгээд л явах болно. Түүнээс бид албан тушаал горилсондоо ийм зүйл хийж байгаа юм биш.


Categories
мэдээ цаг-үе

Архигүй өдрүүдэд ГССҮТ-ийн ачаалал эрс буураад архитай өдрүүддээ эргээд өсчээ

“Өдрийн сонин”-ы №018(5585) дугаарт

Өнгөрсөн долоо хоногт таван хүн үл мэдэх шингэнд хордож амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хохирогчдын нас барсан газраас архины шил олдсон учраас тэднийг архинд хордсон байж болзошгүй гэж албаныхан үзжээ. Тиймээс өнгөрсөн долоо хоногийн гурван өдөр Нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон. Эдгээр өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлэгсдийн тоо эрс буурчээ. Тодруулбал, өмнөх долоо хоногийн өдрүүдтэй харьцуулахад согтуугаар гэмтэгсдийн тоо 38-аар буурсан юм байна.

Өөрөөр хэлбэл, архины хорио гарахаас өмнөх долоо хоногийн лхагва гарагаас баасан гариг хүртэлх хугацаанд ГССҮТ-өөр үйлчлүүлэгчдийн 15 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмтэж бэртсэн байжээ. Харин архины хориотой өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагаас баасан гараг хүртэлх хугацаанд 9.4 хувь буюу 534 хүний 50 нь согтууруулах ундаа хэрэглэсэн үйлчлүүлэгч байсан аж. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 5.6 хувиар буурсан үзүүлэлт ажээ.

Харин архины хорио тавигдсан өдрөөс хойш буюу өнгөрсөн бямба гаригаас эхлэн тус эмнэлэгт гэмтэл бэртлийн тоо дахин нэмэгджээ. Тус эмнэлгийн ачаалал хэр байгааг сурвалжлахаар өчигдөр үдийн үед ГССҮТ ороход Яаралтай хүлээн авах тасгаас эхлээд л эмчид үзүүлэх гэсэн гэмтэлтэй иргэд маш олноороо дугаарласан байна лээ.

Гэмтлийн тасгийн эмч Б.Батсүхээс зарим зүйлийг тодруулахад “Манай эмнэлэг үргэлж ачаалал ихтэй байдаг. Гэмтэж бэртэж ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмтсэн байдаг. Тиймээс ойрын өдрүүдэд архи зарахыг хориглосон байсан учраас ачаалал харьцангуй багассан. Гэхдээ өнгөрсөн амралтын өдрөөс эхлээд буцаад ачаалал нэмэгдчихлээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийн зарим нь согтуугаар, зарим нь халтирч, мөн бусадтай маргалдах, автын осолд орох зэрэг олон шалтгааны улмаас эмнэлэгт ханддаг” гэсэн юм. Тус эмнэлэг засвартай, зарим хэсэгт нь гагнуурчид ажиллаж байсан учраас үйлчлүүлэгчдэд нэлээд хүндрэлтэй байгаа харагдлаа. Тухайлбал, тус эмнэлгээр үйлчлүүлж байсан иргэн Г.Мөнхөөгөөс зарим зүйлийг тодруулахад “Манай ах машинд хөлөө дайруулчихаад, бид хэвтүүлэн эмчлүүлж явна. Гэмтлийн эмнэлэг ер нь ихэнхдээ ийм их ачаалалтай ажилладаг юм билээ.

Гэхдээ ойрын өдрүүдэд засвар хийж байгаа учраас зарим хэсгээрээ тоосго, шавар болсон нөхцөл байдал нь хүндхэн байх шиг байна. Эмч нар өвлийн улиралд гэмтэл бэртэл илүүтэй их гардаг гэж байна лээ. Арга ч үгүй байх өвлийн халтиргаа, гулгаа хүртэл нөлөөлдөг байлгүй. Мөн архи хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс осгож, гэмтэж бэртэж ирэх тохиолдол их юм байна” гэж ярилаа.

ГЭМТЭл БЭрТлийН Үед анхны тусламж ҮзҮҮлЭх зӨвлӨГӨӨ

Анхны тусламжийг зөв үзүүлснээр амь нас аварна, осол гэмтлээс шалтгаалсан бусад хүндрэлээс сэргийлнэ, эдгэрэлтийг түргэсгэж, эмчилгээний зардлыг бууруулна. Цус алдалтын үед шархан дээр цэвэр бинт тавьж гэмтсэн судасны ханыг шахаж хатуу биет тавина. Боолт хийж мөчийг өргүүлэн сойлт хийнэ.

Хэрвээ цус ихээр алдаж байвал яаралтай цус тогтоох дараахь аргуудыг хэрэглэнэ. Том судасны цэгүүд дээр ясанд тултал дарах хэрэгтэй. Цус алдаж буй хэсэгт бинт тавьж гэмтсэн судаснаас дээхнүүр судсанд даралт үзүүлэх төө хэрийн хатуу биетийг тавьж цусыг тогттол чангалан эрчилж бооно. Даралттай чангалуур боолт хийх гэдэг бөгөөд эмнэлэг хүртэл боолтыг 10-15 мин тутамд суллаж цус алдалтыг хянаж байх ёстой.

Өөрийгөө цусаар дамжин халдварлахаас сэргийлж резинэн бээлий өмс. Хэрэв бээлий байхгүй бол түүнийг орлуулж гялгар уут өмсөж болно. Шархыг цэвэр усаар угааж шаардлагатай тохиолдолд цэвэр спирт хэрэглэж болно. Шархан дээрээ бинт эсвэл даавуун жийргэвч тавина. Боолт хийхдээ том шарх үүссэн бол зургаан цагийн дотор эмчид хандах хэрэгтэй. Шархан дээр элдэв тос, эм түрхэж болохгүй.

Хугаралтын үед ялангуяа олон яс хугарах өвдөлт, цус алдалтаас болж шокийн хүнд байдалд орж болно. Энэ үед үзүүлэх тусламж нь хугарлын орчинд булчин судас, мэдрэл, нэмж гэмтэх, цус алдах, халдвар орох, шокоос сэргийлэхэд чиглэгдэнэ. Шоконд орсон өвчтөний байдлыг харвал царай нь цонхигор, хөхрөнги, хүйтэн хөлс дааварласан, хөл гар нь хүйтэн, судасны цохилт нь олширч лугшиж мэдэгдэх төдий байх бөгөөд амьсгал олширч ухаан санаа нь цочрол сааталд орно. Шок нь сүүж аарцаг, дунд чөмөг, шилбэний хугарлын үед голдуу тохиолдоно. Хувцсыг тайлахдаа биеийн эрүүл хэсгээс эхэлнэ. Боломжгүй бол хайчилж ханзалж авна. Хугарсан ясны үзүүр ил гарсан байвал цааш нь оруулах оролдлого хийх хэрэггүй. Өвдөлтийг багасгах, нэмэлт гэмтэл үүсэхээс сэргийлж ясны хугарлын үед чиг боолтыг хэрэглэдэг. Чиг боолтонд мод, банз, картон цаас, хана, унь, панер, бургас зэрэг боломжийн материалыг ашиглана.

Мориноос оочих үед гавлын яс гэмтэж цус харвах тохиолдол бий. Энэ үед хамар чихнээс цус гарах, ухаан алдах шинж тэмдэг илэрнэ. Өвчтөн ухаантай үед толгой өвдөх, эргэх, чих шуугих, дотор эвгүй оргих бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ үед өвчтөнг тайван хэвтүүлж шарх үүссэн бол даралттай боолт хийнэ. Толгойд нь хүйтэн буюу мөсөн жин тавина. Өвчтөнг хэвтээ байрлалд дамнуурган дээр тээвэрлэнэ. Бөөлжиж болох тул толгойг хажуу тийш нь харуулна. Нуруу гэмтэж нугасаа дарвал хөл гар, их бие мэдээгүй болж өтгөн шингэн мэдээгүй гардаг. Энэ үед өндийлгөх, хөл дээр нь босгох, толгойг хоёр тийш нь бөхийлгөх ба гэдийлгэх гэж оролдож хэрхэвч болохгүй. Зөөж тээвэрлэхдээ их бие хөл гарыг хатуу банз модонд бэхэлж даруулна.

Бас толгойг духан дээгүүр нь давуулж бооно. Машинд мөргүүлэх, дарагдах, морь малд даруулах зэрэгт аарцаг яс хугардаг. Өндрөөс өгзгөөрөө ойчиход суудал яс хугарч болно. Гэмтсэн хүний хөл тавхай гадагш эсвэл дотогш эргэсэн байдалтай байна. Цавь, ууцаар нь өвдөнө. Хөлийн өсгийг газраас дээш салгаж өргүүлэхэд өргөж чадахгүй. Өсгийгөө чирч атийх гэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хажуугаар нь эргүүлэн суулгаж болохгүй. Зөөвөрлөхдөө ташаа толгой ба хөлийг даруулж өгнө.

Ширээ сандал зэрэг ирмэгтэй хатуу зүйлийг өргөсөн байна. Дамжиж унах, машинд мөргүүлэх, цээжээр шахагдаж дарагдахад хавирга хугарна. Тусламж үзүүлэхдээ өргөн бүс, ор хөнжлийн даавуугаар цээжийг зөөлөн орооно. Ороолт боолт хийх ба лент наахдаа амьсгал гаргаж байгаа үед нь зөөлөн чангалах маягаар хийнэ. Өвчин намдаахын тулд анальгин, амидопирин уулгаж болно.

Н.ГАНЧИМЭГ

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Феодалын хөрөнгийг хурааж болдоггүй юм

-“ЭРДЭНЭТ”-ИЙН 49, ХХБ, НОРМАЛ БОЛОН БАЯРЦОГТ ОФШООР-

НЭГ. ХҮНИЙ ЭСРЭГ “АРД ТҮМЭН”

-Ард түмэн бөөн баяр аа. “Эрдэнэт”-ийн 49 хувийг ард түмэн бидэндээ эргүүлж авах юм байна. Бас ард түмэн биднийгээ баяжуулахын оронд өөрөө баяжсан пяадалуудын мөнгийг офшоороос нь хурааж ирээд ард түмэн бядандаа өгөх юм байна. Ингэж гялайх гэж, ард түмэн бид чинь цулайх нээ…

Гэхдээ нэг “Но” байна. “Эрдэнэт”-ийг ард түмэн л авч байгаагаас биш чи авсан явдал байхгүй. Иймээс, чи яаран баярлах хэрэггүй, ард түмэнд л “Эрдэнэт”-ийг өгөх гэж байгаагаас бус чамд ГОК-ийг өгсөн явдал байхгүй. Хэрвээ чи тэндээс аргыг нь олж луйвардахгүй л бол юм олж долоохгүйгээ ойлгох хэрэгтэй. Бас надад ч өгөөгүй учраас наашаа атаархах явдалгүй. Түүнчлэн, офшоорчдын мөнгийг хураагаад ирлээ гэж бодъё, бас л ард түмэнд ногдохоос чи бид хоёрт ногдохгүй. Үүнийг “Төсвийн түмпэн рүү хийгээд хуваагаад цохичихно” гэхээр илүү ойлгогдох байх. Ингэхэд чи бид хоёрт ноогдоогүй юманд баясахын учир юу билээ.

Ер нь “Ард түмэн” гэдэг хэллэг ХХ зууны эхээр хувьсгалт хүчирхийллийг дагалдан монгол хэлнээ орж иржээ. Нууц товчоо, Чингисийн сургаал, Ганжуур, Данжуурын орчуулга, Ноён хутагтын сургаалаас энэ үгийг олохгүй. Монгол язгууртны алтан ургийг устгах геноцид бодлогын хүрээнд энэ үгийг зохиожээ. Язгуур угсаагүй, ихэс дээдэс цагаан ястны эрэмбээс гадуур хүнийг заах, “(х)аран”, “ард”, “хар хүн” гэсэн утга дээр түмэн (олон түмэн, түмэн олон гэж ярьдаг)буюу олон гэдэг үгийг залгаж бүтээсэн хэмээн судлаачид хэлдэг.

Энэ үгийг хувьсгалт засаглалын зүгээс хувь хүний улс төрийн болон эдийн засгийн эрх чөлөөг үгүйсгэх хэрэгсэл болгосон. Хувь хүн (жишээлэхэд Дорж, Бат гэх мэт) гэж байхгүй, чи бол юу ч биш, харин “ард түмэн” байгаа хэмээн сурталдсан. “Ард түмэн ингэж үзэж байна” гээд бууддаг, хөрөнгийг нь хураадаг байсан. Хэлмэгдсэн хүн учир явдлаа очиж тайлбарлах, өршөөл уучлал биечлэн гуйх гэхээр хаана ч ард түмэн гэж юм байхгүй. Үнэн хэрэгтээ хүчирхийлэгч төрийн өөрийнх нь бамбай байсан хэрэг.

Харин ардчилсан ёс нь хувь хүн ба түүний эрх чөлөө, өмч хөрөнгийг төрөөс, ард түмнээс хамгаалахаа тунхагладаг. 1924 оны анхны Үндсэн хуулийн “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах бүрэн эрхтэй Ард улс гэж улсын дээд эрхийг жинхэнэ ардад (жинхэнэ биш ард байх ба тэд хуулиас гадуур) шилжүүлэн…” гэсэн оршил ба 1992 оны анхны ардчилсан Үндсэн хуулийн “хүний эрх (№1), эрх чөлөө (№2), шударга ёс (№3), үндэснийхээ эв нэгдлийг (№4) эрхэмлэн дээдэлж…” гэсэн заалтууд бид ямар дэглэмд орж, ямар дэглэмээс салж байгааг их л тодорхой харуулдаг л даа. Сүүлийн эшлэлд, шударга ёс, үндэсний эв нэгдлээс илүү хүний эрх, эрх чөлөө нь үнэтэй гэж үзсэн байгаа биз?

…Ингэхэд чи өөрийгөө “ард түмэн” гэж бодсоор байна уу, шалгах арга байна. Цаад “Эрдэнэт”-ийн чинь 51 хувь нь Монголын ард түмэн гуайн мэдэлд байгаа. Очоод цагаан сараар хэрэглэх хэдэн цаас, ах дүүстээ золгохдоо унах шинэ машин аваад ирээч. Чи үнэхээр л ард түмэн юм бол өөрийнхөө юмнаас дураараа авах эрхтэй ш дээ.

ХОЁР. СЭРЭМЖ БА ЭРХЧӨЛӨӨ

Чи бид хоёр тэмцэх эрхтэй, гэхдээ тэмцлээ өөрийг нь хамгаалах үүрэгтэй. Хэн нэгний тэмцлийн золиос, оролцомгүй юмны дэм, дээдсийн өмнөөс яс булаалдсан ноход болж болохгүй. Яг нарийндаа ардчилал чамд өөрийгөө хамгаалах боломж л өгдгөөс биш чиний өмнөөс чамайг хамгаалах үүрэг хүлээдэггүй. Дашрамд хэлэхэд, чиний өмнөөс чамайг хамгаалдаг төр байдаг ба түүнийг социализм гэдэг, хорвоод үнэгүй юм байдаггүй учраас ажлынхаа хөлсөнд чиний эрх, эрх чөлөөг авдаг.

Ер нь ингэхэд, “Эрдэнэт”-ийн 49 хувийг хэнээсээ хэн нь авсан юм бэ? Чи бид хоёрын нэгэнд байсныг нь авчихсан хэрэг үү” гэсэн асуулт гарна. Хөндлөнгөөс харвал ийм дүр зураг байна. “Эрдэнэт”-ийн тал дээр нэмэх нь нэг буюу 51 хувийг Монголын Засгийн газар, талаас нь нэгийг хасах буюу 49 хувийг Оросын Засгийн газар эзэмшиж байж.

Монголын тал биш Оросын тал, энгүүнээр хэлэхэд орос хэлээр ярьдаг монхор шонхор хүмүүс амьдардаг тэр улс өөрийн хувийг заржээ. Гэхдээ монголчуудад. Хэрвээ энэ процесс буруу юм бол тэмцэл арай өөр фронт дээр өрнөмөөр. Жишээлэхэд, Улаанбаатарт биш Москвад, навтгар хамартай биш шонхор хүмүүс жагсаж “Оросын ард түмэн бидний өмчийг яагаад монголчуудад өгөв. Монголын тагнуулуудыг Кремлиэс хөөе” гэж жагсмаар санагдах юм.

Үнэхээр л манайхан “Оросууд ийм муухай, юмаа очиж очиж манайханд зараад байхдаа яадгийн” гэж уур нь хүрээд байгаа юм бол авсантай нь биш, зарсантай нь заргалдмаар бодогдох юм. Манайхан ядаж Оросын Элчин сайдын гадаа жагсаж “Манайхнаас юмаа эргүүлж ав, бидэнд өгсөн юмаа буцаа” гэж хашгирмаар төсөөлөгдөх юм.

Эцсийн дүндээ, чи бид хоёрт огт ногдохгүй юмны төлөөх тэмцэлд хутгалдсаны утга юу вэ. Мэдээж шударга ёсны төлөөх иргэний зөн. Чухам энэ зөн совингоор маань тоглохыг л улс төр гэж байгаа юм. Чухам бидний зөн совинг ашиглан уур хилэнг нь хөдөлгөн босгоод нөгөөгөө засгийн эрхээс авахуулаад өмч хөрөнгө эзэмших эрхийг нь булаахыг л улс төр хийх гээд байна. Яг манайд байгаа утгаар. Асуудлын гол нь “Эрдэнэт”-дээ биш, бидний иргэний зөн совинг зэрэг жинсээ булаалдсан томчууд хоорондын дайндаа ашиглаж байгаа юм. Иймээс, зөн совингоо хамгаал.

Эцсийн дүндээ “Эрдэнэт”-ийг ч, офшоорыг ч “чи багтдаггүй, би ордоггүй” мөнөөх “ард түмэн”-ий хүсэл зоригоор биш, харин хууль шүүхээр шийдэх ёстой. Хүний өөрийн шүүх арбитр юу байна, ийм юмыг хууль ёсоор шийдэх үүрэг хүлээсэн газруудаар шийдүүлэх ёстой.

ГУРАВ. “НОРМАЛ ОФШООР” БА “БАЯРЦОГТ ОФШООР”

Офшоорын эсрэг дайныг зэрвэс харахад офшоор нь “нормал” болон “Баярцогтын” гэж хоёр янз байгаа болтой байна. “Ард түмэн” гуайн үзэж байгаагаар “Нормал офшоор” нь гэм багатай, сонгуульд нөлөөлдөггүй, харин “Баярцогтын офшоор” бол их аюултай, намаа сонгуульд унагадаг осолтой эд бололтой юм.

Шүлгэнд “Нээрээ би тиймээ гэх шиг нэр нь хүртэл тэмээ” гэж гардаг шиг МАН-ын офшоорчид сонгуульдаа гялалзсан амжилт гаргаж, Улаанбаатар хотын намын хороо нь хоёр ч офшоортой, дээр нь өнөө “60-тай” даргаар удирдуулсан атлаа үнэмлэхүй ялалт байгуулжээ. Харин Баярцогт ангиллын офшоортой Баярцогт өөрөө ялагдаж, одоо ард түмнээр шүүгдэх дээрээ тулаад байгааг бодоход, цаад учир нь өнөө “багшаас шавьд аман увдисаар дамждаг тарни”-тай гэдэг шиг мистик чанартай болтой.

Тэгэхээр офшоорын эсрэг тэмцэл нь офшоорын эсрэг биш харин Баярцогтын эсрэг тэмцэл бололтой. Гараад чагна, офшоорт мөнгө нь байгаа олон арван монгол хүн нэр нь зарлагдсан. Баярцогтоос бусдынх нь нэр гадаа сонсдоно уу, эс сонсдоно уу? Тэр хэнийг хаана, хэзээ, хэрхэн, ийм ул суурьтай гомдоосныг Балхжав бид хоёр л лав “таашгүй” аж.

Надаас одоо асуух байх гэж, өнөө “Баавгай бид хоёрын хэнийх нь талд байна” гэдэг шиг. “Офшоорын тал уу, ард түмний талд уу, Худалдаа хөгжлийн банкны талд уу, ард түмний талд байна уу” гэж. Яг л ХХ зууны эхээр “Ард уу тайж уу, алин вэ хө” хэмээн дуулан асууж байгаад ялласан шиг.

…Баярцогтын төлөө бус байна, тэрнийг алж хонзонгоо тайлна уу, талж сэтгэлээ онгойлгоно уу, надаа хамаагүй. Харин хонзонгоороо далимдуулан арай гэж бүрэлдэж байгаа нийгмийнхээ нандин бүхнийг самрахын эсрэг бол зогсоно оо, зогсоно. Хувь хүний эрх ашгийг ард түмэн дийлээд л эхэлбэл ардчилал баяртай болдог. Яагаад гэхээр ийм процесс нэгэнт л эхэлсэн бол нэг өглөө чи бид хоёрын үүдийг тогшоод зогсож байдгийг бид харсан, туулсан..

Түүнчлэн, хулгайн эсрэг боловч хулгайтай тэмцэхийн оронд сейфтэй тэмцэхийн бол эсрэг байна. Хүн төрөлхтөн хулгайтай тэмцдэг болохоос биш хулгайлсан юм хадгалж болдог газартай тэмцдэггүй. Хар тамхийг анусандаа хийж нууж тээвэрлэдэг, ингэлээ гээд олон улсын гэрээгээр хошногоны амыг боодоггүй.

Хармайны хулгайч нар суйлсан мөнгөө хэтэвчиндээ хадгалж мэднэ, хэтэвчтэй байхыг цаазлах уу? Банкинд байршуулсан иргэдийн хадгаламж бүхлээрээ цэвэр ариун болохыг хэн батлах юм бэ? Малын хулгайч нар туусан мал, агуурсаа нуусан гээд ой модыг шатаах уу, агуй хонгилыг дэлбэлэх үү?

Би хүн төрөлхтний нэгэн адил хулгайн эсрэг байна, хулгайнх бол түүгээрээ ганданд ном хуруулсан байсан ч мөрөөр нь мөшгиж, олж ирэх ёстой (Гэхдээ Ганданг дэлбэлэхгүйгээр) гэж итгэдэг.Гэхдээ энэ бүх шийдвэр ард түмнээс биш шүүхээс гарсан, хууль ёсных байх ёстой. Ард түмэн шүүгчийг сонгох эрхтэй байж болох ч өөрөө шүүх эрхгүй байхыг нь хууль цаазат төр гэдэг байх.

Би шүүхийн шударга эсэхэд бусдынхаа адил эргэлздэг. Гэхдээ л шүүхээс гадуур шүүхийн үргэлж эсрэг зогсдог. Бусдад хайртайдаа биш, өөртөө хайртайдаа л тэр. Бас ухаантайдаа бус, хэн нэгэнд таалагдаагүй гэдэг үндэслэлээр миний буруу болдог нийгэмд амьдрах ямар аюултайг мэддэг болоод тэр.

Ингээд эцэст нь надаас “хэний талд байна” гэж дахин асуумаар байна уу? Би оросуудын талд байна. Оросууд “эзэн нь юмаа мэдэх эрхтэй” гэж бодож байна. Ингэхэд “Оросын (Зөвлөлтийн) талд байгаа хүнийг та нар яах юм бэ” гэх гэсэн юм бол биш. Харин өмчийг ард түмэн биш, төр биш харин эзэн нь мэддэг байлгах гэж ардчилсныг мэддэг, тийм утгаар л ардчиллыг дэмждэг болохоор тэр.

Ерөөсөө ч оросуудад талархаж байна. Тэд ХХ зуунд бидний улс төрийн тусгаар тогтнолын баталгаа болж ачилсан шигээ, өнөөдөр эдийн засгийн тусгаар тогтнолын маань нэгэн баталгааг эргүүлэн өгч байна, спасибо.

“Эрдэнэт”-ийн 49 хувийг монголчуудад ерөөсөө өгөхгүй, тэрүүгээр нь дарамтлаад л явж болох л байсан. Их гүрний 49-хөн хувь гэдэг бол бага гүрний 99 хувьтай тэнцэх зангарагтай гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бас тэр 49 хувийг хятадуудад зарсан бол яах байсан юм бэ. Бээжин, Москва хоёрыг Монголын парламентаас томилогдсон комисс, өнөөдөр Улаанбаатарт шүүгээд сууж харагдах уу, айн?

ДӨРӨВ. ФЕОДАЛЫН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ БОЛДОГГҮЙ ЮМ

Яг өнөөгийнхтэй үнэн адилхан үйл явдал одоогоос яг 90 жилийн өмнө эхэлсэн юм. Монголын төрийг бүрэн хянасан Коминтернийхэн манай алтан ургийн ноёд дээдсийг зайлуулаад ядууст нь ингэж хэлжээ. “Та нар бол ядуус биш, харин ард түмэн. Та нарт байх ёстой хөрөнгө малыг феодал лам ноёд авсан учраас ядуу болчихсон юм. Одоо эднээс юмаа эргүүлж авцгаа” гээд хөрөнгө хураах процесс эхэлсэн юм. “Офшоорт ард түмний 10 тэрбум төгрөгийг нуусан учраас ард түмэн ядуу байна”, “Ард түмэнд байх учиртай “Эрдэнэт”-ийн 49 хувийг ХХБанк (монголчууд) авчихсанаас болоод би зүдэрч эхэллээ” гэх өнөөгийн лоозонгууд, зууны дараахь шударга “ард түмэн”-ий араншин нь тэртээ 1927 оныхтой юутай төсөөтэй, юутай давтамжтай.

1927-28 онд эхлүүлсэн феодалын хөрөнгө хураах процесс ингэж л эхэлсэн. Ядуусын хөрөнгийг хэзээ, хэрхэн булааж авсныг хувьсгалчид тайлбарлаагүй ч гэсэн гаргалгаа нь ард түмэнд таалагдав. Тэд өөрсдөө феодал биш учраас бахтай байлаа. Дараа нь феодалуудын улс төрийн эрхийг хаслаа, ард түмэн өөрийгөө феодал биш гэж үзэх учраас баярлав. Сүүлд нь феодалуудыг өөрийг нь хүнийх нь хувьд буудаж эхлэв. Ард түмэн гуай өөрөө феодал биш учраас бас л талархлаа. Гэтэл араас нь феодалын хамсаатан гар хөл бологчдыг устгаж эхлэхэд олон тооны “ард түмэн” тэнд багтав. Гайхаж эхэлсэн боловч тамын тээрэм нэгэнт эргээд эхэлчихсэн учраас зогсоох арга байсангүй. Ийм тээрмийг нэг бол эргүүлэхгүй байх, эргэх гэж хөдлөхөд нь гацаах хоёрхон арга бий. Тээрэм эргэсээр, хувьсгалын эсэргүү, ардын дайсан, ноосны төлөвлөгөө тасалдуулагчид, Японы тагнуул, намын эсрэг бүлэг илрүүлэн устгасаар, устгасаар…төгсгөлд нь устгал хийлцсэн, оролцсон, устгал болсныг мэдсэн хэсгийг устгаад, хамгийн сүүлд ард түмний өөрийнх нь малыг хураагаад аажуурлаа. Баячуудын хөрөнгийг ард түмэнд эргүүлж өгөх процессын дараа ард түмэн гуай өөрөө хов хоосон, зөвхөн нэгдлийн мал малласан тохиолдолд ам бүлийн тооноос үл хамааран нэг айл 50 хонь эзэмших эрхтэй үлдэв. (Наад зах нь 12 сарын тооллогоос өмнө идшээ хийх эрхгүй байсан зэргээс үзвэл, өмчлөх биш эзэмших эрх гэвэл зохилтой)

Тийм учраас эд хөрөнгийг хураахаар эхэлсэн ямар ч процесс хувь хүнийг нүцгэлснээр дуусна. Өнөөдөр “Эрдэнэт”-ийн 49 хувийг оросуудаас авсан монголуудын хувь хөрөнгийг хурааж болж байвал, офшоор хэмээх завсрын бүст монгол хүний хадгалсан хөрөнгийг шүүхийн шийдвэргүйгээр хураан авч эхэлбэл 1927 онд феодалын хөрөнгийг хурааж эхэлсэн тэр Дээрмийн дугуйг бид дахин эргүүлнэ. Нэгэнт эргэж эхэлсэн бол энэ тээрэм маргааш нь “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хувьд байгаа учраас ард түмэнд үйлчлэхгүй байна. Иймээс “Өдрийн сонин”, “Монгол HD” телевизээс эхлээд Сансар, Юнивижнийг ард түмэнд өг” хэмээн эргэж эхэлнэ. Учир нь хувь хүний эрх, эрх чөлөөг чөлөөт хэвлэл л эцсээ хүртэл хамгаалдаг.

Улмаар, “MCS, Худалдаа хөгжлийн банкинд ард түмнийг тэжээх ийм хөрөнгө оччихсон байна. Ард түмэнд эргүүлж өгнө. Энэ мөнгөөр хямралаас гарна” хэмээн тээрэмдэж эхэлнэ. Чи бид хоёр сонин гаргадаггүй, хувьдаа зурагтгүй, Эм Си Эс ба Худалдаа хөгжилд хувьцаагүй учраас “больж, муусайн баячуудыг” хэмээн дуугүй л ажна. Дараа нь Эм Си Эс, Худалдаа хөгжлийн банкны хамсаатанг илрүүлэн тээрэмдэж эхлэхэд бид эргэлзэж эхлэх боловч тээрэм нэгэнт эргэсэн байна. Удалгүй, хоёр машинтай айлын нэгийг, хоёр байшинтай айлын нөгөөг орон сууцгүй ард түмэнд өгөхөөр хураахад надаас мөн л холуур байна гэж залбирна. Харин “машин болон орон сууцыг иргэд сайн дураараа ард түмэндээ заавал бэлэглэх” шийд гарахад бүх юм нэгэнт оройтсон байдаг. Ийм юм болдог, ийм л юм болсон.

Ийм учраас хувийн эрх чөлөө, хувийн өмчид зөвхөн, зөвхөн, бас зөвхөн шүүхийн шийдвэрээр хүрэх ёстой.

Эцэст тэмдэглэхэд, үндэсний хөрөнгөтнүүдэд нэг юм хэлмээр, та нар бие биенээ дийлж байна, өрсөлдөөн дунд сөргөлдөгчөө дарж байна гэж бүү андуурцгаа. Өнөөдөр ХХБ-ийг, “нормаль” биш офшоорыг хурааж эхэлбэл, ийм тээрэм нэг л эргэвэл: маргаашийн золиос нь чи өөрөө шүү. Юмтай болох амархан, харин юмтай амьдрахад их ухаан хэрэгтэй шүү, “таваариш”-уудаа. Хөнөөлт тээрэм зохиогчоо, анх эргүүлсэн эзнээ таньдаггүй. Ийм болохоор та нар олсон жаахан юмаа олзлолдон булаалдахын оронд, тогтцоо хамгаалах талаар бодохгүй бол болохгүй цаг боллоо шүү. Олсон долсноосоо гаргаж, өмчтэй байх эрх, өмчийн халдашгүй байдлыг хамгаалсан ёс суртлыг бий болголцохгүй бол оройтох нь байна. Өөр зүйлгүй…

Жич: Монголчууд офшоорт мөнгө нуухаа мөддөө болихгүй ээ. Лав л, хүний мөнгийг шүүхийн шийдвэргүйгээр хурааж авахыг шаардаж, шаардуулж байгаа цагт. Харигдсан “баригдсан” офшоорчдын үлгэрээс хаширч байгаа амьтан нэг ч байхгүй, харин юунаас болж баригдав гэдгийг судалж, илүү сайн нуух аргыг л судалж байгаа. Бусад улсын баячууд татварын хөнгөлөлттэй орчин эрж офшоорт хөрөнгөө хадгалдаг бол манайхан ердөө “феодалын хөрөнгө хураах комисс”, “мал нийгэмчлэх төлөөлөгч”дөөс л айсандаа тэнд нууж байгаа.

Харин Монголд хэзээ ч феодалын хөрөнгийг хураахаа больсон, ард иргэд нь шударга шүүхийг шаардахаас биш, шүүхийн оронд шүүх болохыг эрмэлзэхээ больсон, тэднийг дэглэмийн өмнөөс шүүгч болгон ашиглахаа больсон тэр цагт л хүмүүс офшоорт мөнгөө хийхээ болино.

2017 ОНЫ 01 САРЫН 25

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Цэнддоогийн “Цагаан сар ба хар зурхай” нийтлэлийг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар уншигчдын гарт очлоо. Нэгдүгээр нүүрт хотын дарга С.Батболд “Улаанбаатар хотоо цэгцэлнэ” гэж ярьжээ. Хотыг хэрхэн цэгцэлж хөгжүүлэх түүний төлөвлөгөөг “Өдрийн сонин”-оос уншаарай. Хотын даргын ярилцлагын үргэлжлэлийг II бас V дугаар нүүрээс хүлээн авна уу.

“Өдрийн сурвалжлага” энэ удаа Тусгаар тогтнолын талбайд гарсан “Архангайн цагаан идээ” цагаан сар угтсан үзэсгэлэн худалдааг онцолжээ. Энэ сарын 10-ныг хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэн худалдаанд Архангай аймгийн Чулуут, Тариат, Өндөр-Улаан сумынхан уламжлал ёсоор идээ цагаагаа бэлтгэж ирсэн тухай мэдээлжээ.

Сүүн ааруулаар зассан тавгийн идээ 250 мянга гэнэ шүү.

“Баримт, үзэл бодол” нүүрт нийтлэлч Б.Цэнддоо “Цагаан сар ба хар зурхай”-н тухай өгүүлсэн байна. “Үнэн хэрэгтээ хамаг зовлон цаг тоололд байгаа юм биш. Хэн нэг нь зөв тоолоод, нөгөөх нь алдаад байгаа юм бүр ч биш. Цагаан сарын зөв, буруу золголтын оносон оноогүйн тухай маргаан нь огт өөр шалтгаантай. Юуны өмнө бусдаас өөр саналтай байж харагдах хөдөлгөөн монгол ардчиллын анхан шатны үзэгдэл гэж харууштай” хэмээн нийтлэлч өгүүлжээ.

Долдугаар нүүрт Н.Назарбаевын гэгдэх “GTime” сүлжээ бизнесийн салбар зөвхөн Улаанбаатар, Улаан-Үдэд байдаг тухай мэдээлжээ. Уг сүлжээг цагдаа нар шалгаж байгаа гэнэ.

“Дэлхийн мэдээ” Бан Ги Мүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэсэн тухай, Канадад монгол залууг хөнөөсөн хэргийг шалгаж байгааг мэдээлжээ.

“Багш” нүүрт Ардын багш, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, доктор Ж.Лхамсүрэн уригдсан байна.

АНУ-ын Фулбрайтын мастерийн тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах тухай XIII нүүрээс уншаарай.

“Сав шимийн ертөнц” нүүрээс Амьт биетийн өвөг буюу амаараа ялгадсаа гадагшлуулагч балар эртний бичил биетний тухай мэдээлжээ. Хятадын төв хэсэгт оршдог Шаньси мужаас нэгэн сонирхолтой олдвор олджээ. Тэр нь 540 орчим сая жилийн настай далайн бичил биетийн чулуужсан олдвор аж.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд Штефан Дуппелийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппелийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд, Элчин сайд Штефан Дуппел нар хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа тун сайн хөгжиж байгааг санал нэгтэй тэмдэглэв.

УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улс нийгмийн шинэ тогтолцоонд шилжсэн үеэс хойш ХБНГУ манай нийгэм, эдийн засаг болон бусад салбарт дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэнд Монголын ард түмэн талархаж байдгийг онцоллоо.

Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа илүү өргөн хүрээнд хөгжих боломжтой. Бид энэ боломжийг сайтар ашиглах талаар цаашид анхаарах шаардлагатай. Германы шинэ, шилдэг техник технологи, арвин баялаг туршлага тухайлбал, манай уул уурхайн салбарт орж ирэхийг бид дэмждэг. ХБНГУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах нь бидний хамтын ажиллагааны тэргүүлэх зорилтуудын нэг юм. Энэ чиглэлээр эрхэм Элчин сайдыг манай улсад ажиллах хугацаанд дорвитой амжилт гарна гэдэгт итгэж байна гэж тэрбээр тэмдэглэлээ.

М.Энхболд “Германд сурч, боловсрол эзэмшсэн хүмүүс Монголд олон. Тэд олон салбарт амжилттай ажиллаж байна. Энэ сайхан уламжлалыг бид үргэлжлүүлэх ёстой. Суралцагчдын тоог нэмэгдүүлэх, инженер, технологийн чиглэлийн мэргэжилтэн түлхүү бэлтгэх сонирхол бидэнд бий. Ноён Элчин сайд үүнд анхаарал хандуулна гэдэгт итгэж байна” хэмээн онцлов.

Ноён Штефан Дуппел “Боловсролын салбарын хамтын ажиллагаа цаашид ч үр ашигтай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Хамтран ажиллах хэлбэрт ч зохих өөрчлөлтүүд гарч байгаа. Бид монгол нөхөдтэйгээ хамтарч Налайхад Ашигт малтмалын технологийн сургууль байгуулж, амжилттай ажиллаж байна. Монгол бол баялаг ихтэй орон. Гэхдээ Монголын хамгийн том баялаг бол монгол залуус. Эдгээр залуустаа дэлхийн боловсрол эзэмшүүлж, баялгаа ашиглах нь илүү оновчтой алхам болно” гэж онцоллоо.

Тэрбээр Монгол, Германы Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ үргэлжилж, хоёр орны төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн харилцаа, хамтын ажиллагааг дэмжих төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх зорилготой Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн ажил хэвийн явж байна. Европ даяар төсөл, хөтөлбөрт зарцуулах хөрөнгөө танаж байгаа үед бид хэвээр авч үлдэж, илүү тэлэх бодлого баримталж байгаа нь олзуурхууштай гэв.

Монголын эрчим хүч, байгаль орчны салбарт хэрэгжиж буй төслүүдэд 100 гаруй герман мэргэжилтэн ажиллаж байна. Германд монгол иргэдийг сургаж мэргэжлийн боловсрол олгохоос гадна мэргэшүүлэх сургалт зохион байгуулах нь чухал гэж үзэж байна. Өнгөрсөн 7 хоногт хоёр орны банк хоорондын салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ мэтээр Герман, Монголын хамтын ажиллагаа харилцан ашигтай, үр дүнтэй үргэлжлэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна гэж Элчин сайд Штефан Дуппел уулзалтын төгсгөлд хэллээхэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ соёл-урлаг

Сараагийн “Аргагүй амраг”

Сараа зурган илэрцүүд

Поп хатагтай Б.Сарантуяа хайрын баярыг угтаж “Аргагүй амраг”-аараа бэлэг барих нь.

20 жилийн тэртээ “Аргагүй амраг” тоглолтоороо олны талархлыг хүлээж байсан поп хатагтай ийм нэртэй цомгоо Сингапурт хэвлүүлж байлаа.

XX зууны манлай дуучин, 30 жил тайз эзэгнэсэн хатагтай алдарт “Аргагүй амраг”-аа ахин сэргээхдээ гэгээн хайрын баярыг тохиолдуулжээ.

Пуучин Сараатай олон жил түншилсэн On&Off продакшныхантай хамтарч “Corporate convention center”-т тоглолтоо хийх юм байна. “Аргагүй амраг” тоглолт энэ сарын 10-ны 19:00 цагт болно шүү.

Categories
мэдээ улс-төр

Ж.Эрдэнэбат: Иргэдийн хандивыг бондын өр төлөхөд зарцуулахгүй

Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав болон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Н.Оюундарь зэрэг манай улсын зарим иргэд хандивын аян санаачилсан билээ. Үүнийг нь Засгийн газрын захиалга, төр иргэдээсээ хандив авч бондын өрөө төлөх гэж байгаа мэтээр санаатай санаандгүйгээр гуйвуулсан мэдээлэл гарч байгаа юм.

Үүнтэй холбогдуулж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр байр сууриа илэрхийлж, зарим сайд нарт үүрэг өглөө.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Хандив бол иргэдийн сайн дурын аян. Засгийн газар ийм аяныг эхлүүл гэж хэлээгүйтэй адил иргэдийнхээ сайн дурын санаачилгыг зогсоо гэж үүрэгдэх боломжгүй. Эх орноо гэж байгаа сайхан сэтгэлтэй хүнийг , түүний үйлдлийг ч цааш түлхэж болохгүй. Тийм учраас Төрийн сан дээр хандивын нэгдсэн данс нээ. Хандив хүлээж авах тодорхой хугацаа тогтоож, энэ хугацаанд ирсэн орлого, хандивыг өдөр бүр олон нийтэд ил тод мэдээлж байхыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд үүрэг болгож байна. Гэхдээ Монголын төр, Засгийн газар ард түмнээсээ хандив цуглуулж бондын өр төлөхгүй. Иргэдийн хандиваас нэг ч төгрөгийг бондын өр төлөлтөд зарцуулахгүй. Засгийн газар ирэх гуравдугаар сард төлөх бондын өрөө хэрхэн төлөх шийдлээ нэгэнт олсон, хугацаанд нь бүрэн төлөх боломжтой болсон байгаа. Харин иргэдээс сайн дурын үндсэн дээр цугларсан хандивыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байгаад эрүүл мэнд, боловсрол, нийслэлийн утааг бууруулах, дэд бүтцийн шинэчлэл зэрэгт ард түмнийхээ хяналт дор зарцуулна” гэлээ.

Мөн эх оронч санаачилга эхлүүлсэн, үүнд нэгдсэн иргэдэд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс албан ёсоор талархал илэрхийлэх, хандивын аянд оролцсоныг нотлох батламж хадгалуулах зэргээр тухайн иргэдийг алдаршуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Дашрамд дурдахад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр /1 сарын 31-нд/ хандивын аян санаачлагч Б.Осоргаравыг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзахдаа “Таны эх оронч сэтгэлийг хүндэлж байна. Гэхдээ Засгийн газар ард түмнээсээ хандив авахгүйгээр бондын өрөө ч төлнө, эдийн засгийн хямралаа ч давна, тийм бололцоо бүрэн байгаа” гэдгээ тодорхой хэлсэн юм.

Үүнээс 26 өдрийн өмнө буюу 2017 оны нэгдүгээр сарын 5-нд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нийслэл, аймгийн Засаг дарга нартай уулзахдаа хэвлэлийнхний өмнө “Засгийн газар ирэх гуравдугаар сард 580 сая долларын бондын өрөө улсын эдийн засагт болон ард түмнийхээ амьдралд дарамт болохгүйгээр төлөх бүрэн бололцоотой, төлөх гарц шийдлээ олсон” гэж хэлсэн. Бондын өрөө хугацаанд нь улсын эдийн засаг болон ард түмнийхээ амьдралд бодитой дарамт болохгүйгээр төлнө, тийм бүрэн боломжтой гэсэн Монгол Улсын Ерөнхий сайдын энэ байр суурь хэвээр байгаа болно гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

3000 ширхэг “Харвони” эмийг үнэ төлбөргүй олгоно

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд АНУ-ын “Гилеад Сайнс” компаниас буцалтгүй тусламжаар нийлүүлж буй 928,110 ам.долларын өртөг бүхий 3000 хайрцаг “Харвони” эмийн гаалийн болон НӨАТ болох 354,0 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар өнөөдрийн Засгийн газрын худалдаанаар шийдвэрлэжээ.

Элэгний С вирусыг эмчлэх “Харвони” эмийн нэг курсын өртөг нь дэлхийн зах зээл дээр 94 мянган ам.доллар бөгөөд манай улсын хувьд “Хүртээмж” төслийн хүрээнд АНУ-ын “Гилеад Сайнс” компаниас 900 ам.долларын, мөн ийм нэршлээр БНЭУ-ын 4 үйлдвэрлэгчээс 150-250 ам.долларын өртөгтэйгөөр авч байгаа юм. Харин 2016 оны 12 дугаар сараас эхлэн Засгийн газар шийдвэрийн дагуу уг эмийг худалдан авахад Эрүүл мэндийн даатгалын сангаас 210 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байна.

АНУ-ын “Гилеад Сайнс” компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өвчлөл өндөртэй, бага орлоготой иргэдийн дунд хэрэгжүүлдэг хөтөлбөрийнхөө дагуу Архангай аймгийн 45-60 насны С вирусын халдвартай иргэдэд “Харвони” эмийг үнэ төлбөргүй олгохоор шийдвэрлэсэн юм. Иймд буцалтгүй тусламжаар нийлүүлж буй 3000 хайрцаг эмийн холбогдох татварыг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, Архангай аймагт холбогдох хууль журмын дагуу, мэргэжлийн эмчийн хяналт дор иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт даалгалаа.

Судалгаагаар манай улсад гепатит С вирусын идэвхтэй халдвартай 130 мянга орчим, нэн тэргүүн ээлжинд эмчилгээнд хамруулах шаардлагатай 52.5 мянган иргэн байдаг байна.