Categories
гадаад мэдээ

Бан Ги Мүн Ерөнхийлөгчид өрсөлдөхгүй болсны учир

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Бан Ги Мүн албан ажлаа хүлээлгэн өгсөн билээ. Түүнийг БНСУ-ын Ерөнхийлөгчид өрсөлдөх гэж байгаа талаар тус улсын хэвлэлүүдээр нэг хэсэг бичсэн. Энэ нь ч ортой байсан бололтой.

Тэгвэл өчигдөр Бан Ги Мүн удахгүй болох БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй хэмээн мэдэгдсэн байна. Түүнийг хэвлэлийн бага хурал зарлахад бүгд л сонгуульд өрсөлдөхөөр болсноо албан ёсоор мэдэгдэнэ хэмээн бодож байв. Гэтэл Бан Ги Мүн сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ хэлээд “Улс төрийг өөрчилж өөрийн удирдлага дор улс орноо нэгтгэх эрмэлзлээсээ татгалзлаа” гээд зарим улстөрчдөд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн тэдэнтэй хамтран ажиллах нь утгагүй гээд өөрийг нь дэмжигчдээс хүлцэл өчсөн байна.

Өглөө нь ийм шийдвэр гаргаад өдөр нь гэнэт хэвлэлийн бага хурал хийлгэж зарлахаар болсноо ч хэлжээ. Уг нь Бан Ги Мүн улс төрийн хүчнүүдийн төлөөлөгчидтэй уулзаж , БНСУ-ын бүс нутгуудаар нэлээд явсан байна.

БНСУ-ын улс төр судлаачдын үзэж буйгаар Бан Ги Мүн гэнэт сонгууль нэр дэвшихээс татгалзсан нь хэд хэдэн учир шалтгаантай аж. Тус улсын нэлээд хэдэн сонинд түүнийг 2005, 2007 онуудад Солонгосын нэгэн бизнесмэнээс 230 мянган ам.долларын хахууль авсан хэмээн бичсэн юм. Үүний дараахан тус улсын Прокуророос Бан Ги Мүний дүү болон үеэлийг нь хахууль авсан хэрэгт буруутгасан. Түүнээс гадна бас нэгэн үеэлийг нь цэргийн алба хаахаас татгалзсан тул эрэн сурвалжлагдаж байгаа гэжээ. Саяхан нэгэн олон нийтийн судалгааны дүнг хэвлэлд нийтэлсэн бөгөөд Бан Ги Мүний өрсөлдөгч Мун Чэ Иний нэр хүнд сүүлийн үед нэлээд хурдацтай өсч байгаа явдал нөлөөлсөн нь гарцаагүй. Түүнийг санал асуулгад оролцогчдын 52 хувь дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.

Ийнхүү НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн нь гэнэт ийм шийдвэр гаргаснаар БНСУ-ын консерватив үзэлтэй нам яаралтай шинэ нэр дэвшигч хайхад хүрээд байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэтэй холбоотой хэрэг сүүлийн үед нэлээд шуугиан тарьж түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлыг хөндөхөд хүргэсэн билээ. Тус улсын Үндсэн хуулийн Цэц уг асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд ирэх гуравдугаар сарын 13-ны өдөр шийдвэрээ гаргах юм байна.

Хэрвээ Пак Гын Хэг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргах юм бол ирэх дөрөв эсвэл тавдугаар сард БНСУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зарлах юм. Эс тэгвээс сонгууль төлөвлөсөн ёсоор ирэх арванхоёрдугаар сард болно.

Ю.ДЭЛГЭР

Categories
мэдээ нийгэм

Монголчууд утааны эсрэг дуутай боллоо

Аав, ээжүүдийн санаачилсан утааны эрсэг арга хэмжээ хүрээгээ тэлж, олны танил эрхмүүд нэгдэн хамтдаа утааг эсэргүүцэж буйгаа илэрхийлсээр байгаа билээ. Нийслэлийн иргэд хоёр ч удаа жагсаал зохион байгуулж, хүн бүрт хуулиар олгогдсон аюулгүй, эрүүл орчинд амьдрах эрхээ эдэлмээр байна хэмээн төр засгийн удирдлагуудад дуу хоолойгоо хүргэсэн. Тэгвэл “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун утааны эсрэг дуу зохиожээ. Хатлагийнхаа хөгжимчидтэй өөрийн зохиосон энэхүү дуугаа дуулсан бичлэгийг нь сонирхуулж байна.

Categories
мэдээ нийгэм

III төв эмнэлгийн амбулатори, үзлэг оношилгооны хэсэг хоёр ээлжээр ажиллаж байна

Гуравдугаар төв эмнэлгийн амбулатори, оношилгооны тасгууд өнөөдрөөс эхлэн оройн 20 цаг хүртэл өдөр бүр хоёр ээлжээр ажиллаж эхэллээ. Эрүүл мэндийн сайдын 2017 оны нэгдүгээр сарын 31-ний А/48 тоот тушаалын дагуу тусламж үйлчилгээний ачааллыг тэнцвэржүүлэн хүлээгдэл чирэгдлийг багасгах зорилгоор ийнхүү хэрэгжүүлсэн байна. Тус эмнэлэг нь улсын хэмжээний зүрх, мэдрэлийн лавлагаа төв эмнэлгийн хариуцлагатай үүргийг гүйцэтгэн ажилладаг тул дээрх чиглэлийн үзлэг, оношлогооны хүлээгдэл, дараалал байнгын ачаалалтай байдаг юм. Тус эмнэлгийн Зөвлөх поликлиникийн 8-10 кабинет болон дуран, дүрс оношилгоо (рентген, хэвлийн ЭХО), лаборатори, зүрхний бичлэгийн тусламж үйлчилгээг 08:00 – 20:00 цагийн хооронд үзүүлж байгаа юм байна. Амбулаторид хоёр ээлжээр ажиллаж эхэлсэн эхний өдөр буюу хоёрдугаар сарын 01-ний 15:00 цагийн байдлаар 100 гаруй хүн үйлчлүүлэхээр ирсэн байсан юм.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга тангараг өргөв

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон өчигдөр /2017.02.01/ тангаргаа өргөн, үүрэгт ажилдаа орлоо. Түүнийг Ерөнхийлөгч Дональд Трамп санал болгосон билээ. Рекс Тиллерсон нь газрын тос, байгалийн хийн ExxonMobil корпорацийн тэргүүнээр ажиллаж байсан хүн юм.

Шинэ Төрийн нарийн бичгийн даргын тангараг өргөх ёслолд Ерөнхийлөгч Дональд Трамп, дэд Ерөнхийлөгч Майк Пенс нар байлцжээ. Рекс Тиллерсоныг Сенатын гишүүдийн 56 нь дэмжиж, 43 нь эсэргүүцсэн санал өгсөн байна. Ингээд Сенатын санал хураалтын дараахан тэрбээр тангаргаа өргөжээ.

Рекс Тиллерсонд дипломат албаны туршлага байхгүй нь гол дутагдал гэж хүмүүс үзэж байна. Гэвч түүний бизнесийн арвин туршлага, геополитикийн өргөн мэдлэгийг үнэлж байгаагаа Трамп санал болгохдоо тэмдэглэж байсан юм.

Тиллерсон оросуудтай бизнесийн холбоотой байсан нь АНУ-ОХУ-ны харилцааг шинэ шатанд гаргана гэсэн найдварыг төрүүлж байгаа юм. 1990-ээд онд Тиллерсон Exxon корпорацийн ОХУ-ын Сахалин дахь төслийг удирдаж байсан бөгөөд тухайн үедээ одоогийн Ерөнхийлөгч Владимир Путинтэй ажил хэргийн холбоотой байжээ. Мөн 2011 Exxon оросын “Роснефть” компанитай Арктик болон Сибирьт газрын том олборлох гэрээг үзэглэж байсан байна.

Categories
мэдээ нийгэм

Л.Гансүх: Бүлэг хүмүүсийн хилс хэрэг зохион байж өгсөн ялыг миний эдлээд дууссан

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх шоронгоос Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан захидал илгээжээ. Түүнийг Засгийн газрын “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн шүүхээс 3.6 жилийн ял оноосон билээ. Захидлыг дор бүрэн эхээр нь хүргэе.

Л.Гансүх зурган илэрцүүдМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид:

Шинэчлэлийн Засгийн газрыг унагаах, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахын тулд тус Засгийн газраас зохион байгуулсан гэр хорооллын иргэдийг хямд, шигшсэн нүүрсээр хангах ажлын зохицуулагчаар ажилласан надад зориудаар зохион байгуулсан хилс хэрэг үүсгэн хэлмэгдүүлснийг Монголын ард түмэн 5 өдрийн турш телевизээр харсан.

Таны захиалгаар, таны томилдог АТГ, прокурор, Шүүхийн тодорхой бүлэг хүмүүсийн хилс хэрэг зохион хэлмэгдүүлэн байж өгсөн ялыг чинь миний бие өнгөрсөн оны 11 сарын сүүлээр эдлээд дууссан.

Эрүүгийн хуулийн 74-р зүйлийг үндэслэн биеэр эдлэх ялын холбогдох хугацааг дуусгасан, өр төлбөргүй, хэрэг зөрчил ял эдлэх хугацаандаа гаргаагүй учраас хуулийн дагуу хорих ангиас Төв аймгийн прокурор руу 2016 оны 12-р сар, 2017 оны 1-р сард нийт 2 удаа материал явуулсан боловч прокурор миний материалыг шүүх рүү явуулалгүй тухай бүр хорих анги руу буцаан намайг үндэслэлгүй хорьж байна.

Статистик дурьдвал Төв аймгийн шүүхээс 2016 онд 185 хүнийг тэр дундаа миний хоригдож буй ангиас 41 хүнийг энэ хуулиар тэнсэн харгалзаж сулласан байна. Энэ ангид хоригдож байсан УИХ-ын гишүүн асан Ц.Батбаярыг энэ хуулиар хорих ангиас хүсэлт нь очиход прокурор дээр 1 хоногийн дотор шүүх дээр 5 хоногийн дотор шийдэн сулласан байдаг. Гэтэл хамгийн сүүлд 2017 оны 1 сард энэ хорих ангиас 7 хүн прокурор руу очиход 6-г нь цааш нь шүүх рүү явуулаад ганцхан намайг буцааж надад үндсэн хууль, эрүүгийн хуулиар олгогдсон эрхийг минь эдлүүлэхгүй 2 сар боллоо.

Хэрэг хийгээгүй байж танай хуулийн мафийн өгсөн ялыг эдэлж суухдаа өөрөө эрх чөлөөтэй болохдоо яарсан биш хорт хавдартай үлдсэн эхнэрээ хурдан гарч эмчлүүлж асарч сувилах юмсан гэж өдөр хоногийг тоолж суулаа. Үүний тулд шүүхээс оноосон Багануурын уурхайд учруулсан “хохирол” гэгч олон зуун сая төгрөгийг байраа барьцаалан зээл авах, найз нөхдөөсөө тусламж, хандив авах замаар төлж барагдуулсан. Мөн хоригдох хугацаандаа элдэв зөрчил гаргаагүй.

Таны хугацаа дуусахад хэдэн сар дутуу боловч нэг өдрийн өмнө ч гэсэн прокурор, хууль, хүчний байгууллагаас савраа татаж, эдний нэр хүндээр шал арчиж, хуулийг гууль болгохоо зогсоож миний үндсэн хууль, эрүүгийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэхийг хүсье.

Одоо хуулийн дагуу 3 дахь удаагаа прокурорт хорих ангиас миний тодорхойлолт очсон байгаа.

Цаашид ийм байдлаар намайг магадланд оруулахгүй үндэслэлгүйгээр хориод байвал өлсгөлөн зарлаж тэмцэхээ мэдэгдэж байна. Өөрөө шоронд юу ч хийж чадахгүй байж байгаад эхнэрээ алдсанд орвол энэ шударга бус зүйлсийг чинь засахын төлөө бидний амь хэрэгтэй юм бол ав гэж хэлье.

Categories
мэдээ нийгэм

Сургуулийн насны нэг хүүхэд зам тээврийн осолд өртжээ

Замын цагдаагийн алба хаагчид гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 20 жолоочийг илрүүлэн саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилалаа.

2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 273 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 215 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 5 бүртгэгдэж, 6 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны 1 хүүхэд өртсөн.

Тухайлбал: БГД-ийн нутаг Модны 2-н зүүн уулзварт амины T.Pruis маркийн автомашины жолооч М нь явгшан зорчигч 13 настай Х-г мөргөж гэмтээсэн.

Categories
мэдээ нийгэм

Нээлттэй ажлын байр зарлах өдөрлөгтэй

Өнөөдөр нийслэлийн 22 агентлагт нарийн мэргэжлээр нээлттэй ажлын байр зарлаж, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт 09:00-17:00 цагийн хооронд өдөрлөг зохион байгуулахаар болжээ.

Ямар нэгэн нам эвслээс үл хамаарч төрд ажиллах хүсэлтэй залуусыг ажлын байраар хангах, тэдний мэдлэг чадварыг нийслэлийн хөгжилд нэмэрлэх зорилгоор дээрх өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм байна. Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд 33 агентлаг, нийслэл, орон нутгийн өмчит 40 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж буй аж. Эдгээр байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг дээрх өдөрлөгөөр танилцуулах юм.

Categories
мэдээ нийгэм

Д.Сүхбаатар жанжны түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэнэ

Өнөөдөр Ардын журамт цэргийн бүх цэргийн жанжин, Цэргийн яамны сайд Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой тохиож байна.

МАН, Aрдын засаг, Tөрийг үүсгэн байгуулагч Mонголын ард түмний гарамгай хүү Д.Сүхбаатар одоогоос 124 жилийн өмнө 1893 оны 2-р сарын 2-нд тэр үеийн Маймаа (одоогийн Амгалан) хотноо ядуу ард Дамдины гэрт төржээ.

1912 онд цэргийн албанд ирж, пулемёт сумангийн даргаар ажилласан.

1917 онд эх орныхоо төлөө дайнд оролцож баатар цолоор шагнагдав.

1921 оны Ардын хувьсгалын удирдагчдын нэг, оросын хувьсгалчидтай холбоо тогтооход онцгой үүрэг гүйцэтгэсэн.

1921.3.1-нд МАН-ын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцжээ.

1921.7-р сард Цэргийн яамны сайд, Бүх Цэргийн жанжнаар томилогдсон.

1921.11-р сард ЗХУ-д очиж хоёр улсын хоорондох найрамдлын гэрээнд гарын үсэг зурж, Владимир Ильич Ленинтэй уулзав.

1923.2.20-нд 30 настайдаа хорлогдож таалал төгссөн.

Categories
мэдээ нийгэм

МУИС-ийн суурь хураамжийг хуульд нийцэхгүй байна гэсэн дүгнэлт гарчээ

МУИС оюутнуудаасаа улиралд 112 мянган төгрөг, жилд 224 мянган төгрөг, магистрт, докторын хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудаасаа жилдээ 336 мянган төгрөгийн суурь хураамж авдаг. Тэгвэл өчигдөр БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг, Хуулийн хэлтсийн дарга П.Чулуунбаатар нар суурь хураамжийг эсэргүүцэн тайван жагсаал хийсэн МУИС-ийн оюутны төлөөллийг хүлээн авч уулзсан байна.

БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг “Өнөөдөр БСШУС-ын сайд оюутнуудын болон сургуулийн Багш нарын холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Бид оюутнуудынхаа санал, хүсэлт, эрх ашигт хүндэтгэлтэй хандах ёстой. Тиймээс ч шаардлагыг нь хүлээн авч холбогдох арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Аудитын газраас суурь хураамжийг хуульд нийцэхгүй байна хэмээн дүгнэлт гаргаж, зөрчлийг арилгахыг сургуулийн удирдлага, Удирдах зөвлөлд хүргүүлсэн. МУИС-ийн суурь хураамж бол төлбөрийн бүрэлдэхүүн хэсэгт хамаардаг. Сургалтын төлбөрийг Удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэдэг. МУИС-ийн Удирдах зөвлөл нэгдүгээр сарын 31-нд хуралдаж, суурь хураамжийн асуудлаар ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт оюутан, багш нарын төлөөлөл багтсан. Асуудлыг хэлэлцэж, хамтдаа шийдвэрлэнэ” гэв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэллээ.

Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, яг одоо үндэсний аюулгүй байдлын сэдвээр мэдээлэл хийж байна. Энэхүү мэдээллийг хаалттай горимд өгч байгаа юм.

Өнөөдрийн хуралдаанаар мөн дараах төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

  • “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2017 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 01 дүгээр дүгнэлт;
  • Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүн 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22, 28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/;
  • “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 30 гишүүн 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн 2016.12.22-ны өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нарын 10 гишүүн болон Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/;
  • Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2016.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Хүүхдийн эрхийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар”.