Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр: Хуучны аялгууг л “ухмаар” санагдаад байна

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, “Хурд” хамтлагийн ахлагч Дамбын Ганбаяртай ярилцлаа.


-Монголын рок поп урлагт “Хурд” хамтлаг өөрийн гэсэн гайхалтай түүхийг бүтээж, хорин тав дахь жилдээ дуулж байна. “Хурд”-ынхны тухай мэдэхгүй хүн гэж үгүй. Та урлагтай холбогдсон тэр л түүхээ эргэн нэг сөхөж яривал сонин байх болов уу?

-Эргээд өнгөрсөн түүхээ ярихаар бахархмаар ч юм шиг, баярламаар ч юм шиг. Урлагтай холбогдсон 42 дахь жилтэйгээ золгож байна даа. Төмөр замын соёлын ордны тайзан дээр 1975 оны аравдугаар сард анх пионерийн дуу дуулж, тэндээс миний урлагийн замнал эхэлсэн. Эдүгээг хүртэл гитар, бөмбөр, рок попын ертөнцтэй нөхөрлөж явна. Энэ замнал бол гайхамшигтай, адал явдалтай, басхүү гуниг төрүүлсэн үеүд байлаа. Заримдаа тайзнаасаа хөөгдөх гэж байгаа ч юм шиг хүмүүст янз бүрээр хэлүүлэх үе ч байсан. “Тайзнаасаа буугаач ээ” гээд л… Бүх зүйл дардан байгаагүй.

Манай “Хурд” хамтлаг үүсэн байгуулагдаад 24 жил болж байна. Миний урлагт өнгөрүүлсэн дөч гаруй жилийн цаг хугацааг хамтлагаараа нэхэж, хөөж явна даа. Тэртээх 1987 онд суудлын вагон депогийн хажууд “Хурд” хамтлаг байгуулагдаж байлаа. Одоо тоглож байгаа үе маань “Хурд” хамтлагийн хоёр дахь үе. Анх ажилчид цугласан газар заавал дуу хөгжим байх ёстой гэж бодож байгуулж байсан. Цахилгаан хөгжимжүүлж байсан тэр ашгаар л “Хурд” хамтлаг байгуулагдсан юм. Яг энэ бүрэлдэхүүнээрээ 1991 оноос бэлтгэлээ хийж, 1993 онд анхны тайлан тоглолтоо тавьж байсан түүхтэй.

-Хөдөлмөр хүнийг босгодог гэдэг. Та дөч гаруй жилийн дараа харахад энэ их хөдөлмөрөө юутай зүйрлэх вэ?

-Уран бүтээлч хүнд тэсвэр тэвчээр маш их шаардлагатай. Эстрад урлаг Монголд хөгжөөд тавиад жил болж байна. Үүний 25 жилд нь “Хурд” хамтлаг дуулж байгаа. Урлаг бол тэсвэр л гэж хэлмээр байна. Хоолтой, хоолгүй хонох үе бишгүй гарна. Тэр байтугайд тэвчээртэй хандаж байж л амжилтад хүрнэ. Түүнээс биш урлагийн хүн гээд том том зохиолчдын бэлэн ноотыг харж дуулаад, том зохиолчдын хөгжмийг тоглоод шууд уран бүтээлч болно гэж үгүй. Уран бүтээлч хүнд сэтгэл, итгэл үнэмшил, ирээдүйгээ зөв харах эрмэлзэл гэж байх ёстой юм.


-“Хурд” хамтлагийн эх орны сэдэвтэй дуунууд сонсогчдыг уйдааж байгаагүй. Ялангуяа алс хол яваа монголчуудын хувьд нутгаа санаж бэтгэрсэн сэтгэлийг нь ёстой нэг дэвтээх шиг сайхан сонсогддог гэцгээдэг. Одоо харин аядуу намуун дуунууд дээр ажиллаж байгаа юу, эсвэл хүнд рок чиглэлийн дуунууд дээр ажиллаж байна уу?

-Ер нь “Хурд” хамтлаг өөрийн өнгө төрхөө алдаж болохгүй. Алдвал “урлагийн банзал” гэж ярьдаг шүү дээ. Тийм л болно. Гоё болгон дээр үсэрч очоод, гоё юм болгоныг өмсөөд л байж болохгүй. Одоо тийм зүйл мэр сэр харагдаад байна шүү дээ. Монголын урлагийн бурхад болсон мундаг дуучдын дууг өөрийнхөө хоолойны хэлбэрт тааруулж дахин дуулж байна. Гэтэл тэр мундаг улсуудын бүтээсэн, туурвисан хэмжээнд хүрч чадахгүй явдлууд гарч байна. Тийм учраас хүн өөр өөрийн өнгөөр, өөрийнхөө дуу хоолойгоор л байх ёстой. Өөрсдөө шинэ юм бүтээхийг эрмэлзэх хэрэгтэй. Түүнээс биш амттан бүрийг авч идээд байвал ядаж л гэдэс өвддөг биз дээ. Таарах, таарахгүй юм гэж байна. Яг үүнтэй адил урлагт зохих, зохихгүй юм гэж байдаг учраас бодох л хэрэгтэй.

-Сэтгэлийн ухаарал гэж юм байдаг. Танд ухаарал юуг өгүүлж байна вэ?

-Сэтгэлийн ухаарал гэж юм байдаг. “Хурд” хамтлаг жанр стилиэ алдаагүй. Үнэхээр олон жил болоод ирэхээр сэтгэлийн ухаарал гэж чиний асуугаад байгаа чинь урлагт их мэдрэгддэг. Улам монголжуу бүтээл хиймээр санагдаад, улам л эрт үед манай Монголын урлаг ямар байсан бол гэж бодогдох юм. Сүүлийн үед этник чиглэл дэлгэрч гарч ирж байна. Манай ардын урлаг хөөмий, морин хуур, товшуур хөгжмийг тоглож байгаа хамтлагууд бий. Яг үүнтэй нэгэн адил орчин үеийн хөгжимд хуучныхаа хөгжмийн зэмсгийг эргэн оруулж сэргээх үйл хэрэгт миний хувьд түлхүү ажиллаж, их юм судалж, үзэж байна.

“Хурд” хамтлаг эх орон, элгэн садан, хайр гээд монгол хүний зүрхэнд шигдэж явдаг тэр эх оронч сэтгэлгээгээр залуучуудыгаа хүмүүжүүлж, эх орон гэдэг чинь юу билээ гэдгийг уран бүтээлээрээ дамжуулж хэлэх гэсэн тэр арга барил маань яг хэвээрээ байгаа гэдгийг л хэлмээр байна. Олон сайхан эх орны сэдэвтэй дуу хийсэн. Бидний үндэс угсаа нэгтэй Өмнөд Монголоос хүртэл өөрсдийнхөө ёс заншлыг харуулсан дууг дуулуулах саналыг ирүүлдэг болсон. Түрүүчээс нь ч эхлээд явж байна. Бид л хийхгүй бол хэн хийх вэ. Монгол туургатан ахан дүүс бид чинь нэг л үндэстэн. Тиймээс тэр нэгдлийг “Хурд” л хийх ёстой гэж боддог.

-Ардын урлагийн хөгжмийн зэмсгүүдийг судалж, сонирхож байгаа гэлээ. Тухайлбал ямар хөгжмийг илүүтэй сонирхож байна вэ?

-Одоогоор эртний хөгжмийн зэмсгүүдийг сонирхож байна. Товшуур хөгжим, ятга, хөөмий, хархирааны сонгодог хэлбэрүүдийг оруулаад “Хурд”-ын орчин цагийн хөгжимтэй хослуулан хоёр гурван дуу хийчихсэн байна. Түмэн олонд одоогоор хараахан түгээгүй байна. Нэгэн найзынхаа захиалгаар “Ижийгээ баярлуулах гэж хүү нь тандаа ирсэн” хэмээх нэртэй товчхондоо “Ээж” гэдэг дуу хийсэн. Энэ дуун дээрээ уртын дууны шуранхайг орчин цагийн хэмнэлтэй хослуулах оролдлого хийсэн. Монголчууд морин хуур, уртын дууны шуранхай орчин цагийн хэмнэлтэй хослохоороо ямар сайхан дуугардгийг мэдрэх болно. Удахгүй клипжүүлнэ. Мөн “Амар мэндийн дуу” гэж байна. Бас л хуучны гоё дуун дээр хөөмийг оруулсан. Ер нь бол хуучны аялгууг л “ухмаар” санагдаад байгаа. Сүүлийн үеийн залуучууд бүр гадаадаас хуулаад монгол үг оруулаад тууж байна. Яахав, ингэж зүтгэж байгаад л гольдролоо олно.

Тахийн тухай дуу их омогшилтой. Тахь бол өнөөгийн адууны өвөг. Хэдэн зуун жилийн өмнө гаднын нутаг руу алдчихсан. Сүлдэндээ залсан морин эрдэнийн эцэг болсон тахийн сүргийн тухай сайхан дууг бид хийлээ. Мөн хуучны аялгуу, цоор хөгжим, товшуур оруулаад, хархираа хөөмий бүгдийг шингээгээд их өвөрмөц дуу гарч байгаа. Ямаршуу болж гэж энэ дууг хүмүүст сонсгосон чинь сэтгэл их хөдөлж байна гэсэн.

-Тэгвэл дуулах тусам л таны зүрх сэтгэл үндэстнийхээ өв санг санагалзаж байна гэж хэлж болох нь ээ?

-Тийм. Ер нь хүний нас яваад аливаа зүйлийг тунгаагаад үзэхээр эх орон, үндэс угсаа, ёс заншлыг л үгүйсгэж, мартаж болохгүй юм байна гэж бодогдоно. Ялангуяа энэ цагт их ороо бусгаа болж байна шүү. Төр нь ч ороо бусгаа болоод л, түмэн олон нь ч хөл гараа унжуулсан, унжийсан нийгэм болчихоод байна шүү дээ. Гэхдээ гоё болно оо. Үүнд хэн хөглөх ёстой вэ, урлагийнхан л энэ ард түмний, тэр өндөр суудал дээр суучихсан байгаа даргын оюун ухаанд дуугаараа “юм” хүргэнэ. Дуу хөгжим автомат буу шиг айхтар шүршдэг хүчтэй, ямар ч хана хэрмийг давж гарах чадалтай.

-Морин хуур тоглодог хүн танай хамтлагт бий юу?

-Морин хуур тоглодог хүн байгаа. Манайхан чинь янз бүрийн л хөгжим тоглож байна. Би гэхэд товшуур хөгжим оролдож байна. Хувиараа цоор хөгжмөөр хичээллэж байгаа.

-Тайзан дээр гарахаараа мангас болдог гэж та нэг ярилцлагадаа дурдсан байна лээ. Яг ямар утгаар тэгж хэлсэн бэ ?

-“Хурд” бол бусдаас онцгой гэж хэлж болмоор нэг юм бий. Бид тайзны ард эгэл жирийн монгол залуус байдаг. Хэн нэгнийг муулсан, онгироо сагсуу занд дургүй. Хэн нэгнийг давчихлаа гэж сагадаггүй. Бид тайзан дээрээ гарахаар дүр бүтээдэг. Мангасын дүр бүтээж байгаа юм. Мангас гэдэг бол бүхнийг чадагч, бүхнийг мэдэгч гэж үлгэр домогт хүртэл гардаг шүү дээ. Бид өнөөдөр рок буюу “Heavy metal” урсгалыг Монголд гаргаж байгаагаараа омогшил тайзан дээр л байдаг. Тэр хоёр цаг гучин минутын хугацаанд үнэхээр ертөнцөөс салж, цугларсан олонтойгоо дүр бүтээдэг. Түүнээс биш зүгээр л тэддүгээр дуу шүү гэж ам барих гэж гардаггүй. Ам барьж ард түмнээ “Хурд” хэзээ ч хуурч үзээгүй. Телевизийн бичлэг, Төрийн хүндэтгэлийн ёслол дээр л понаграмм тавьж дуулах тохиолдол байдаг болохоос “Хурд”-ын хувьд ам барьдаггүй. Бид тайзан дээр үнэхээр мангасыг бүтээдэг. Мангас байхгүй даруухан, ноомой байвал бие биеэ хурцалж чадахгүй, үзэгчдээ ч хөглөж чадахгүй.

-Монголчуудын сонсох дуртай ийм том хамтлаг болж, дуулж хуурдаж яваагаа та юутай холбож боддог вэ. Магадгүй хувь заяа байх?

-Би бурхандаа залбирдаг. Монголынхоо ард түмэнд баярлаж байна. Яагаад гэхээр бид улсад ажиллаж цалин авч үзээгүй хүмүүс. Тэгэхэд өнөөдөр “Хурд” хамтлаг талхныхаа мөнгийг ар гэртэйгээ, аав ээжтэйгээ бүгд дуу дуулж, дуугаараа олдог ийм л хүмүүс. Биднийг Монголын ард түмэн тэжээдэг гэж болно шүү. Мэдээж, бид зүгээр мөнгө өгөөч гэдэггүй. Өөрсдийнхөө оюуны бүтээлийг үнэлүүлж, өөрсдийнхөө хөдөлмөрөөр олсон арав таван төгрөгөөсөө “Хурд”-ыг сонсоход зориулах тийм хэмжээнд л уран бүтээлээ хийхийг эрхэмлэдэг.

Ер нь би омогшилтой монгол. Бас зарим үед онгирдог монгол баймаар байна. Гаднын олон рок, поп фестивалиудад зөндөө оролцож байна. Тэнд очиж бид үнэхээр монгол мангасыг бүтээдэг. Тэнд бид монгол эр хүний бардамнал, эрч хүчийг харуулдаг. Бидний ард гурван сая, бүр цаашлаад дэлхий даяар 30 сая монголчууд бий. Бид тэдгээр хүмүүст эрч хүчийг түгээдэгтээ талархаад баршгүй юм даа.

-“Хурд” хамтлаг тайзнаасаа буух болоогүй биз дээ?

-Буух болоогүй. Миний хувьд дахиад 20 жил байна гэж боддог. Миний дүү нарын хувьд 30, 40 жил байна.

-Удахгүй хосуудын хайрын баяр гэгдэх Валентины баяраар тоглолтоо хийх гэж байгаа юм байна. Энэ тоглолтынхоо онцлогоос хуваалцаач?

-Энэ тоглолтоо хайрын дууны цугларалт гэж хэлмээр байна. Урьд нь яг ингэж зөвхөн хайрын дуунууд дуулагдаж байсан удаа бараг байхгүй ээ. “Уянга” гэж концерт арван хэдэн жилийн өмнө тоглож байсан. Энэ удаагийн тоглолт бол хайрын дууны тоглолт. Үнэхээр бие биедээ хайртай бол бидний тоглолтод ирээрэй. Хамтдаа дуулж, нэгэн үдшийг өнгөрүүлье. Уянгын дууных биш хайрын дууны тоглолт. Гэхдээ олон янзын хайр байдаг. Эх орноо хайрлах дуу байж болно.

Бидний сүүлийн үед хийсэн хайрын дуунаас сорчлон 24-25 дуу орж байгаа учир энэ өдөр бол “Хурд”-ын хайрын гайхамшиг л болно гэсэн үг.

-Яг одоо бол та хэд тоглолтын бэлтгэлээ хийгээд завгүй байх шиг байна шүү?

-Тийм. Энэ тоглолтоо дуусгаад цагаан сар дөнгөж даваад Европын 14 улсаар аялан тоглох тоглолтын бэлтгэлийн ажиллагаа болчихсон байгаа. Чехээс эхлээд Унгар, Швед, Англи, Франц гээд Европын орнуудаар яваад хамгийн сүүлд Берлинд дуусна. Энэ тоглолтоо дуусгаад урагшаа Өмнөд Монгол руу явж тоглоно доо. “Хурд” хамтлаг тийшээ маш их явж тоглодог. Энэ жил зургаан сар хүртэл аялан тоглолтуудтай байгаа.

-Ингэхэд “Хурд” хамтлаг ирээдүйгээ хэр бэлдэж байна вэ, шавь нар олонтой болсон уу?

-Зөндөө шүү дээ. Орж гараад л явж байдаг юм. Жишээ нь манай хамтлагийн дэргэд хоёр ч хамтлаг бэлтгэгдэж байна. Дуучид ч байна. Ер нь бол хамгийн ойрхон, эрчимтэй бэлтгэгдэж байгаа нь “Аадар” хамтлаг байна. Энэ хамтлаг маань шинэ бүтээл гаргах гээд эрчимтэй хөдөлмөрлөж байна даа.


Categories
мэдээ улс-төр

Чуулган: Ерөнхий сайд мэдээлэл хийнэ

Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын
ээлжит чуулганы 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр /баасан гараг/-ийн
байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарь.


НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

10.00 цагаас:

15.00 цагаас:

Categories
мэдээ нийгэм

Хоёрдугаар сарын 03-нд болох үйл явдал

10.00 цагт Багшийн хөгжлийн 2016-2017 оны хичээлийн
жилд шинээр сургууль цэцэрлэг байгуулахаар төлөвлөж буй иргэд, аж ахуйн
нэгж байгуулагуудад арга зүйн зөвлөгөө өгөх уулзалт болно.

10.00 цагт 2016 оны Оны онцлох аж ахуйн нэгжүүдийг алдаршуулах, туг өргөх ёслол МҮХАҮТ-д болно.

11.00 цагт “Мишээл” барилгын их дэлгүүр дэх Орон сууцны биржид “Орон сууцны хямдрал, урамшуулалт өдөрлөг” нээлтээ хийнэ.

11.30 цагт
БСШУСЯ-ны Ёслол хүндэтгэлийн танхимд АНУ-ын Бизнесийн сургуулиуд болон
сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөл (ACBSP)- ийн
наймдугаар бүсээс зохион байгуулсан “”Бизнес загварчлал”-ын олон улсын
тэмцээнд амжилттай оролцсон оюутнуудад Ж.Батсуурь сайд ACBSP
байгууллагын Цом, сертификат гардуулна.

14.00 цагт Тусгаар тогтнолын талбайд “Архангайн цагаа идээ” цагаан сарын үзэсгэлэн худалдааны нээлт болно. Утас: 9111-3191

14.00 цагт “Мишээл экспо” төвд Монгол Улсын Гэр бүлийн
хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан энэ
төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар иргэд, олон нийтэд
мэдлэг, мэдээлэл өгөх өдөрлөг болно.

Төрийн ордонд

09.00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

11.00 цагт “В” танхимд УИХ-ын гишүүн С.Чинзориг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д нийтлэлч Д.Мөнгөндалайгийн “Эх орондоо хайртай байх эсэхийг минь Ж.Эрдэнэбат мэддэг болсон юм уу” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

НӨАТ-ын буцаан олголт энэ сарын нэгнээс иргэдийн дансанд орж эхэлсэн билээ. Энэ тухай дэлгэрэнгүй сурвалжлагыг манай сонин баасан гаригийн дугаарынхаа эхний нүүрэнд онцлон нийтэллээ.

Улс төрийн нүүрнүүдээс УИХ-ын гишүүн О.Батнасан, Сангийн сайд Б.Чойжилсүрэн болон МХАҮТ-ын ерөнхийлөгч, Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүн Б.Лхагважавтай хийсэн ярилцлагыг уншиж сонирхоорой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болж байдаг алдарт гуравдугаар нүүрэнд нийтлэлч Д.Мөнгөндалайгийн “Эх орондоо хайртай байх эсэхийг минь Ж.Эрдэнэбат мэддэг болсон юм уу” нийтлэл хэвлэгдлээ.

Баримт, үйл явдлын долдугаар нүүрэнд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх байсан Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржтой хийсэн ярилцлага болон Л.Гансүхийн Ерөнхийлөгчид илгээсэн захидлын талаар нийтэллээ.

Мөн “Нэг анги”, “Өд бэх”, “Цагаан сар” гэх зэрэг сонирхолтой нийтлэл болон мэдээ мэдээллүүд баасан гаригийн дугаарт хэвлэгдэн уншигч таны гар дээр очиж байна.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Чуулган хаалттай горимоор хуралдаанаа дуусгана

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн хуралдаан одоо ч хаалттай горимоор үргэлжилж байна. Хуралдаан таван цаг гаруй үргэлжилж байгаа юм.

Тус хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийсэн.

Энэ нь төрийн тэргүүний хувьд шинээр бүрдсэн парламентад анх удаа хийсэн хаалттай мэдээлэл бол Ерөнхийлөгчийн хувьд жилийн өмнө бүрэн эрх нь дууссан парламентад дээрх сэдвээр мөн хаалттай мэдээлэл хийж байсан юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож байгаа УИХ-ын гишүүдийн хувьд “Ерөнхийлөгч Монгол Улсынхаа үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийх цаг нь болсон. Эл асуудлыг УИХ нь төрийн тэргүүнтэйгээ хамтдаа суугаад ярьж байгаа нь зөв. Энэ хугацаанд олон асуудал хуримтлагдсанаа ярьж, нэг талдаа гарах зайлшгүй шаардлага байсан” гэж тайлбарлаж буй юм.

Дэгээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 18.00 цагт өндөрлүүлэх ёстой ч одоо хэр нь хаалттай хуралдаан дуусаагүй үргэлжилж байна.

Categories
мэдээ спорт

Идэрчүүдийн футзалын аваргууд энэ сарын 11-нд тодорно

Монголын хөлбөмбөгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Идэрчүүдийн футзалын улсын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээний шигшээ шатны сугалааны үйл ажиллагаа мягмар гарагт болсон бөгөөд бүсийн тоглолтууд өнгөрсөн сард зохион байгуулсан. Харин лхагва гарагаас дөрвөн бүсээс шалгарсан 15, 17 насны шилдэг багууд шигшээ шатны тоглолтуудаа хийж, хоёрдугаар сарын 11-ний өдөр аваргуудаа тодруулах юм.

Мөн шигшээ шөвгийн наймд үлдсэн 15, 17 насны багууд уламжлал ёсоор гуравдугаар сард “Идэрчүүдийн футзалын лиг”-т өрсөлдөх эрхээ авна.

Categories
мэдээ нийгэм

Сар шинийн баярын өмнө зарим замыг нэг чигийн хөдөлгөөнд шилжүүлнэ

Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдэд замыг хөдөлгөнийг зохицуулах хуваарь гарчээ. Ирэх долоо хоногийн бямба гариг буюу хоёрдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн зохицуулалт хийхээр болсныг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл, мэдээллийн төвөөс мэдээллээ.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хоёрдугаар сарын 11, хоёрдугаар сарын 18-ны бямба гараг, хоёрдугаар сарын 12, 19-ний ням гаргийн амралтын өдрүүдээр “Дэнжийн мянга” худалдааны төвийн замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, Далангаас зүүн тийш Судалт төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулж, зохицуулалтын арга хэмжээ авч ажиллана гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Тоглолтын үеэр зодолдсон сагсчдад хариуцлага тооцжээ

21 аймгийн сагсан бөмбөгийн плей-оффын тоглолтууд эдгээр өдрүүдэд явагдаж байгаа билээ. Нэгдүгээр сарын 31-ний өдөр “Сүхбаатар Альянс Тех”, Дундговь багуудын тоглолт болсон юм. Энэ үеэр Дундговь аймгийн тоглогчдын хооронд маргаан үүсч, тоглогчид гар зөрүүлээд авсан. Дундговь аймгийн багт тоглодог АНУ-ын легионер Жэймс Кирксэйд багийнхан нь гар хүрсэн энэхүү үйлдлийг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны мэргэжлийн зөвлөл хянаж үзээд, өнөөдөр торгууль ногдуулсан байна.

Тус зөвлөлөөс тамирчин Г.Анарын Үндэсний лигт тоглох эрхийг нэг жилээр, Жэймс Кирксэйгийн энэ удаагийн лигт тоглох эрхийг тус тус хасчээ. Мөн тоглогч Б.Баярбатыг 500 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байна. Дээрх тоглолтод Дундговь аймгийн баг Сүхбаатарын залууст 3:0-ээр хожигдсоноор тэдний хувьд 21 аймгийн лиг өндөрлөсөн. Тоглолтын үеэр зохисгүй авир гаргасныхаа төлөө шийтгүүлсэн АНУ-ын легионер тоглогч Жэймс Кирксэй сагсан бөмбөг сонирхогчдоос уулчлал гуйсан байна.

Тэрбээр, “Би юуны түрүүнд МҮСБХ-оос тоглолтын үеэр болсон зүйлд уучлалт гуймаар байна. 2017.01.31 болсон зүйл бол яахын аргагүй миний буруу байсан. Мөн баг хамт олноосоо уучлалт гуймаар байна. Байнга тусалж дэмжиж байдагт баярлаж явдгаа илэрхийлье. Бидний гаргасан үйлдэл ёс зүйгүй зүйл байсан. Энэ бүх хугацаанд та бүхэнтэй нэг баг болж, хамтдаа сагсан бөмбөгийн талбайд тоглох үнэхээр сайхан байсан. Би хамаг чадлаараа хичээсэн. Гэхдээ баг хамт олныхоо итгэлийг алдаж, урмыг нь хугалсандаа үнэхээр их харамсаж байна. Дахин дахин уучлалт гуймаар байна. Намайг уучлаарай” гэжээ.

Мөн тоглогч Г.Анар өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан “Уучлаарай, хийсэн зүйлдээ үнэхээр харамсаж байна” гэсэн байв.

Categories
мэдээ улс-төр

Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл хуралдлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаар ахлуулсан Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар 2017 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний тоо, хэмжээний тухай асуудлыг хэлэлцэж, зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусгаж Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн зөвлөмжийг дараах байдлаар гаргахаар тогтов. Үүнд:

Үхрийн мах 38 мянга тонн, адууны мах 20 мянган тонныг экспортлохоор, харин хонь, ямааны махны хэмжээнд хязгаар тогтоохгүй байхаар шийдвэрлэлээ. Мөн улаанбуудайн гурил 15 мянган тонн, хүнсний улаанбуудайг 10 мянга тонныг экспортолно гэлээ.

Харин үхрийн мах 500 тонн, хуурай сүү 4240 тонн, үрийн буудай 10 мянга тонн импортолж, шингэн сүүний импорт хийхгүй байх нь зүйтэй гэж үзлээ.

Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махыг экспортлоход Монголын талаас шалтгаалах бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулж, экспортлогч аж ахуйн нэгжийг дэмжиж ажиллахыг ХХААХҮЯ, Мэргэжлийн хяналтын газар, Гаалийн ерөнхий газарт тус тус чиглэл болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний Аудитын газрын 2017 онд хийх аудитын төлөвлөгөөг гардуулав

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар тогтоолыг үндэслэн, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/12 дугаар тушаалаар Үндэсний Аудитын газрын 2017 онд хийх аудитын төлөвлөгөөг баталсан байна.

Уг төлөвлөгөө болон Аудит хийх тухай ойлголцлын захидлыг гардуулах арга хэмжээ өнөөдөр (2017.02.02) Төрийн ордонд боллоо.

Энэхүү үйл ажиллагааг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон удирдан явуулсан бөгөөд Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний статистикийн хороо, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс, Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний хороо, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагын удирдлагууд оролцов.

Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар “Батлагдсан төлөвлөгөөний дагуу Үндэсний аудитын газар 2017 онд төсвийн ерөнхийлөн захирагч 30, тэдгээрийн харьяа төсвийн шууд болон төвлөрүүлэн захирагч 148, Засгийн газрын 14 тусгай сан, төсвийн 38 нэгж, төрийн болон төрийн өмчийн оролцоотой 97 аж ахуйн нэгж зэрэг нийт 327 санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 4 байгууллагын санхүүгийн тайланд итгэл үзүүлэн, 192 санхүүгийн тайланг аудитын түүвэрт хамруулахаар ажиллаж байна. Мөн аймаг, нийслэлийн аудитын газар төсвийн ерөнхийлөгч захирагч 22, төсвийн төвлөрүүлэн захирагч 325, төсөвт сан 115, төсвийн шууд захирагч 2186, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж 85 зэрэг нийт 2733 санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 512 санхүүгийн тайланд итгэл үзүүлж, 2257 байгууллагын санхүүгийн тайланг аудитын түүвэрт хамруулахаар төлөвлөсөн. Гүйцэтгэлийн аудитын чиглэлээр 2017 оны эхний хагас жилд Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, үр дүн, улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжиж, хөрөнгө оруулалт авсан төслүүдийн үр ашиг, Засгийн газрын өрийн удирдлагын хэрэгжилт, үр дүн, Засгийн газраас олгосон векселийн үр дүн зэргийг шалгахаар төлөвлөгөөнд тусгасан” хэмээн танилцуулаад аудитыг хуулиар тогтоосон хугацаанд чанартай гүйцэтгэхэд анхаарч, хамтран ажиллахыг хүслээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.