Categories
мэдээ улс-төр

Хувийн хөрөнгөөр барьсан автозамыг концессийн гэрээгээр өмчлүүлнэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Автозамын
тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх, хэлэлцүүлгийг
хийж, дэмжив.

Авто замын тухай хууль 1998 онд батлагдан өнөөг хүртэл мөрдөж байна.
Өнгөрсөн хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн байдалд өөрчлөлт орсон
тул энэ хуулийг одоо байгаагаар нь дагаж мөрдөх боломжгүй болсон хэмээн
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хууль санаачлагчийн илтгэлдээ
дурьдав.

Тэрбээр, “Хуулийн төсөлд Авто замын сүлжээний хөгжлийг төлөвлөх,
оновчтой удирдлага зохион байгуулалтаар хангах зорилгоор төрийн
байгууллагуудаас авто замыг хөгжүүлэхэд баримтлах зарчим, хүлээх үүрэг,
хариуцлагыг тодорхой болгон тусгалаа. Тухайлбал “Авто замын талаарх
төрийн байгууллагын бүрэн эрх” гэсэн хоёрдугаар бүлэгт Засгийн газар,
Авто замын асуудал эрхлэсэн төрийн захиргааны байгууллага, нийслэл,
аймаг, сум, дүүргийн Засаг даргын эрх үүргийг тодорхой болгон зааж
өгсөн.

Мөн Нийслэл хот хүрээгээ тэлж, уул уурхай үсрэнгүй хөгжиж байгаатай
холбогдуулан шинэ замын хэрэгцээ бий болж байгааг харгалзан нийслэлийн
авто зам, тусгай зориулалтын авто зам, хурдны зам гэсэн шинэ
ангилал нэмж тусгасан” гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир автозам
барихад шаардлагатай хайргыг хаанаас авах вэ гэдгийг нарийн тогтоох
хэрэгтэй гэлээ. Ажлын хэсгээс, “Түгээмэл тархацтай ашигт малтмал
олборлох асуудлыг орон нутгийн удирдлагууд шийддэг. Тухайлбал Өмнөговь
аймагт төмөр зам тавих гэхээр орон нутгийн удирдлагууд нь их хэмжээний
мөнгө нэхсэн асуудал байгаа. Тиймээс үүнийг хуулиар зохицуулахаар
тусгасан. Ажлын хэсэг дээр нарийвчлан хэлэлцэх боломжтой” хэмээн
хариулав.

Мөн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Өөрийн хөрөнгөөр автозам барьдаг аж
ахуйн нэгж бий. Уг зам дээгүүр нь зорчих иргэдээс төлбөр авах асуудлыг
хуульд тусгасан уу хэмээн тодруулсан. Ажлын хэсгээс, “Төр, хувийн
хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд өөрийн хөрөнгөөр автозам барьсан бол
түүнийг нь концессийн гэрээгээр өмчлүүлэх асуудлыг Засгийн газар
шийдвэрлэж өгнө. Зорчсон иргэдээс авах төлбөрийн асуудлыг дагалдан гарах
журмуудаар зохицуулах юм” гэсэн хариулт өгөв.

Чанаргүй зам барьсан аж ахуйн нэгжид хүлээлгэх хариуцлагыг дээшлүүлэх
хэрэгтэй хэмээн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хэлээд, “Муу зам барьсны
улмаас осол гарч, иргэд амиа алддаг. Энэ асуудлыг хэрхэн тусгасан бэ.
Шинээр барьсан автозамын баталгаат хугацааг хэдэн жил байхаар
зохицуулсан бэ” гэлээ. Зам, засвар арчлалтын байгууллага ажлаа
хийгээгүйн улмаас иргэдэд хохирол учирсан бол тухайн компани нь
хариуцдаг байхаар хуульд тусгажээ. Харин шинээр барьсан замын баталгаат
хугацаа нэг жил байхаар Барилгын тухай хуульд заажээ. Үүнийг өөрчлөх
асуудлыг хуулийн төслийг хэлэлцэх явцад шийдвэрлэх боломжтой хэмээн
Ажлын хэсгээс хариулав.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Categories
гадаад мэдээ

Энэ жилийн ​“Оскар”-ыг ямар кинонууд хүртэх вэ

Энэ жил “Оскар” шагнал гардуулах ёслол 89 дэх удаагаа болно. Хоёрдугаар сарын 26-ны өдөр болох шагнал гардуулах ёслолыг уламжлалт ёсоор шууд дамжуулах юм. Энэ удаагийн “Оскар” гардуулах ёслолыг Америкийн хошин шогийн жүжигчин Жимми Киммел хөтлөхөөр болжээ. “Жимми Киммед шууд нэвтрүүлгээр” шоугаараа олны танил болсон тэрээр энэ нэр хүндтэй ёслолын ажиллагааг хөтөлсний хөлсөнд ердөө 15 мянган ам.доллар авах тухайгаа хэвлэлийнхэнд ярьсан байна. Яагаад ийм бага хөлс төлөх болсныг тайлбарлахдаа “Яагаад ийм бага гэж үү? Яагаад гэвэл хөлс төлөхгүй бол хууль бус явдал болно” гэжээ. 2016 онд “Оскар” гардуулах ёслолыг жүжигчин Крис Рок хөтөлж хөлсөнд нь 232 мянган ам.доллар авч байсан юм.

2017 оны “Оскар” шагналд нэр дэвших бүтээлүүдийг шалгаруулах ажиллагаа ид явагдаж байна. Ингээд энэ жил “Оскар” хүртэх магадлал хамгийн өндөр гэгдэж буй бүтээлүүдийг танилцуулья.

“Ла Ла Лэнд” (La La Land)


Найруулагч Дэмьен Шазеллийн бүтээл болох энэ кино одоогийн байдлаар “Оскар” хүртэх хамгийн өндөр магадлалтай хэмээн урлаг судлаачид үзэж байгаа. Мюзиклийн гол дүрд жүжигчин Эмма Стоун, Райан нар тоглосон. Венецийн кино наадамд энэ бүтээлийг анх удаа үзүүлсэн бөгөөд жүжигчин Эмма Стоун нь шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртжээ. “Ла Ла Лэнд” нь мөн Канадад болдог Торонтогийн кино наадмаас үзэгчдийн шагналыг хүртсэн юм. Уг бүтээлд жаз хөгжимчин Себастьян болон залуу жүжигчин Миа нарын харилцааны талаар өгүүлдэг. Тэд нэгэн клубт санамсаргүй танилцаж хамтарсан хэд хэдэн гайхамшигтай бүтээл туурвисны дараа хайр сэтгэлтэй болдог. Мюзикл нь мөн Лос-Анжелес хотын тухай өгүүлсэн нь чухал юм. Учир энэ хотод “Оскар”-ыг гардуулах ёслол болдог тул нөлөөлнө хэмээн урлаг судлаачид үзжээ.

“Анир чимээгүй” ( Silence)

Найруулагч Мартин Скорсезегийн “Анир чимээгүй” киног ямар ч эргэлзээгүйгээр шилдэгт шалгарч “Оскар”-т өрсөлдөх бүтээл аж. Энэ бүтээлийн талаар ярихын өмнө найруулагчийг дурдахгүй байхын аргагүй. Мартин Скорсезе нийтдээ 12 удаа “Оскар”-т нэр дэвшсэн. 2013 онд “Уолл Стритийн чоно” (The Wolf of Wall Street) бүтээлээрээ “Оскар”-ын таван номинацид өрсөлдсөн. “Анир чимээгүй” киногоо Сюзак Эндогийн романаас сэдэвлэн хийсэн байна. XVII зуунд католик шашны хоёр номлогч Себастьян, Фрэнсис нар сураггүй алга болсон багшийгаа хайхаар Японыг зорьж байгаа талаар өгүүлдэг. Тухайн үед Японыг барууны нөлөөнд автуулахгүй хэмээн гадаадынхныг хамаагүй оруулдаггүй байсан үе.

“Салли” (Sally)

Алдарт жүжигчин Клин Иствудын найруулсан бүтээл. Өдгөө 85 настай тэрээр энэ киногоороо ямар уран бүтээлч болохоо дахин харуулсан гэдэг. Нисгэгч Челси Салленбергерт тохиолдсон бодит явдлаар сэдэвлэн хийжээ. 2009 онд түүний жолоодож явсан зорчигч тээврийн онгоц гэнэт жолоодлогогүй болоход маш чадварлагаар Гудзон гол дээр буулгасан. Энэ явдал Нью-Йорк хотын оршин суугчдын нүдэн дээр болсон явдал. Алдарт Клинт Иствудын кино нь хоёр удаа “Оскар” хүртэж байсан. Энэ киноны гол дүрд хоёр удаа “Оскар” хүртсэн нэрт жүжигчин Том Хэнкс тоглосон.

“Сноуден” (Snowden)

АНУ-ын ТТГ-ын ажилтан асан Сноудений талаар өгүүлсэн кино. Тэрээр 2013 онд ТТГ-аас иргэдийн утсыг чагнадаг талаарх мэдээллийг олонд ил болгосноор нэлээд шуугиан тарьсан. Сноуден эх орноосоо зугтан гарч ОХУ-д орогносон билээ. Энэ киноны найруулагч нь алдарт Оливер Стоун, гол дүрд Жозеф Гордон-Левитт тоглосон. Уг бүтээл нь үзэгч төдийгүй шүүгчдийн сонирхлыг ихэд татсан бүтээл гэдэг нь гарцаагүй. Дашрамд дурдахад Сноудений бүтээл өмнө нь “Оскар” хүртэж байсан билээ.

“Үндэстэн бий болсон нь” (The Birth of a Nation)

Энэ жилийн нэгдүгээр сард болсон “Сандэнс” кино наадамд шилдэг бүтээлээр тодорсон кино. 1813 онд боолуудын бослогыг удирдсан хар арьстан номлогчдын талаар өгүүлсэн бүтээл. Киноны найруулагч, зохиолч, гол дүрд тоглосон Нэйт Паркер нь 1999 онд хүчингийн хэргээр буруутгагдаж шүүхэд дуудагдаж байсан. Тиймээс уг бүтээлийг Торонтогийн кино наадамд үзүүлэхэд үзэгчид нэлээд эсэргүүцсэн хэдий ч нааштайгаар хүлээн авсан байна. Зарим шүүмжлэгчид уран бүтээлчээсээ давсан бүтээл хэмээн бичжээ. Хар арьстан жүжигчинг “Оскар”-т дэвшүүлэх нь ховор хэмээн сүүлийн үед шүүмжилж байгаа тул энэ бүтээл шалгарах магадлал өндөр аж.

“Жеки”

Чилийн найруулагч Пабло Ларраинийн бүтээл Торонтогийн кино наадамд маш амжилттай оролцсон. Америкчуудын зүрх сэтгэлийг ихэд хөдөлгөсөн бүтээлд Америкийн нэгэн түүхэн үеийн харуулсан байна. Ж.Кеннедигийн эхнэр Жаклин Кеннеди нөхрийгөө алагдсан дараа анх удаа ярилцлага өгөхдөө Цагаан ордонд хэрхэн амьдарч байсан, Техаст болсон аймшигт аллагын талаар дурсч байгааг харуулсан бүтээл. АНУ-ын тэргүүн хатагтайн дүрд нэрт жүжигчин Натали Портман тоглосон. Венецийн кино наадамд түүнийг үзүүлсэний дараа шүүүмжлэгчид Натали Портманн ирэх жил “Оскар” хүртэх нь гарцаагүй хэмээн бичисэн байсан юм.

“Далайн эрэг дэх Манчестер”

Найруулагч Кеннет Лонерганы бүтээлд гагнуурчин Кейси Аффлек төрсөн Бостон хотод эргэн ирж байгаа тухай өгүүлдэг. Кеннер Лонерган урьд нь “Оскар”-т хоёр удаа нэр дэвшиж байсан. Хүмүүс хоорондын харилцааны талаар өгүүлсэн энэ кино. Энэ сэдэв нь “Оскар”-т хамгийн чухал сэдвийн нэгд тооцогддог.

Ю.ДЭЛГЭРМАА

Categories
мэдээ улс-төр

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг батлав

Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаан үдэш болтол хаалттай горимоор хуралдсан юм. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийсэн. Төрийн тэргүүний хувьд шинээр бүрдсэн парламентад анх удаа хаалттай мэдээлэл хийсэн нь энэ юм.

Улмаар өчигдрийн хуралдаанаар зургаан ч хуулийг баталжээ. Тодруулбал, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын
шимтгэлийн нөхөн төлүүлэх тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох
тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль,
Алдар цолтон, ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай
хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан байна. Мөн Монгол Улсын
Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн
шинэчилсэн найруулга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын нэр бүхий
8 гишүүний өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай
хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталсан байна.

Categories
гадаад мэдээ

Гэдсэндээ 130 мянган долларын алтан зоос нуусан байжээ

Канадын зоос үйлдвэрлэдэг “Royal Canadian Mint”
корпорацийн нэгэн ажилтан алтан зоос хулгайлан шулуун гэдсэндээ нуун авч
гарсны учир 30 сарын хорих ялаар шийтгүүлжээ.

Листон Лоуренс гэгч нь 127 116 доллароор үнэлэгдэх 22 ширхэг алтан зоос хулгайлсан байна.

35 настай тэрбээр Оттавагийн алтны наймаачдад хулгайлсан алтан
зооснуудынхаа 17-г нь худалдсаны дараа баригджээ. Тэрбээр өнгөрсөн оны
11 дүгээр сард хэргээ хүлээсэн аж.

Түүнд 145 900 долларын торгууль ногдуулсан байна.

Өчигдөр шүүгч ялын тогтоол уншихдаа “хэрвээ Лоуренс 30 сарын
ял эдэлснийхээ дараа гурван жилийн дотор ногдуулсан торгуулийг төлөхгүй
бол дахин 30 сарын хорих ял эдлэх болно” гэжээ.

Компанийн хувцас солих өрөөн дэх түүний шүүгээнээс мөрдөн байцаагчид вазелин болон эмнэлгийн резинэн бээлий олжээ.

Эдгээрийг ашиглан тэрбээр алтан зоосыг шулуун гэдсэндээ нуудаг байсан аж.

Categories
мэдээ спорт

Д.Сумъяа, М.Уранцэцэг нар 50 мянган ам.доллар хүртэнэ

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-оос жүдочдын 2016 оны чансааг гаргасан.

Эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд МУГТ
М.Уранцэцэг 2790 оноогоор чансааг тэргүүлсэн бол 57 кг-ийн жинд
олимпийн наадмын мөнгөн медаль МУГТ Д.Сумъяа 3530 оноогоор тэргүүлсэн
юм.

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос
2016 оны турш дэлхийн чансааг тэргүүлсэн 14 жүдочдод 50 мянган
ам.долларын шагнал хүртээхээр шийдвэрлэжээ. Энэ шагналыг Д.Сумъяа,
М.Уранцэцэг хүртэхээр боллоо.

Тамирчид 2015 онд мөн жингээ тэргүүлж
байсан билээ. Энэ удаад МУГТ Дэлхийн Аварга М.Уранцэцэг бага дэлхийн
аваргад түрүүлж 500 оноо өвөртлөн 2790 оноогоор чансааны нэгдүгээрт
эргэн бичигдсэн. Харин МУГТ Д.Сумъяа 3530 оноогоор жингээ тэргүүлсэн
хэвээр үлдсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Үндэсний баяр наадмын хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний
их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн
төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Уг хуулийн төсөлд үндэсний баяр наадамд
байр эзэлсэн сур харваач нарт цол олгохоор тусгасан байна. Улсын баяр
наадмын үндэсний сурын харваанд гуравдугаар байр эзэлсэн харваачид гоц
харваач, хоёрдугаар байр эзэлсэн харваачид гарамгай харваач, нэг
түрүүлсэн харваачид улсын мэргэн, улсын мэргэн цолтон түрүүлбэл улсын
даян мэргэн, улсын даян мэргэн цолтон түрүүлбэл улсын даяар дуурсах
мэргэн, улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл улсын дархан мэргэн
цол олгохаар тус тус заажээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан
гишүүн Г.Занданшатар “Хууль эргэж үйлчлэхэд хичнээн хүнд олгохоор байна
вэ. Сурын холбоод дээрээ хэлэлцээд явж болохгүй юу. Цолны асуудлыг хэн
хариуцдаг вэ” гэдгийг асуулаа. Хууль санаачлагач гишүүн О.Баасанхүү
“Манайх уламжлалаа хадгалж ирсэн. Сурын харваач нар наадмаар хоёрхон хүн
шагнуулдаг. Үлдсэн нь Ерөнхийлөгчийн зарлигаар шагнагддаггүй. Бид
үндэсний уламжлалт сур харваагаа тэгштгэж олгох нь зүйн хэрэг байх.
Өмнөх хуулиудаар цол хэргэмийг нь нөхөж олгож байсан. Гоц харваач,
гарамгай харваач нарыг байдаг. Сур бол ямар ч булхайгүй спорт. 65-75
метрээс харвана гэдэг гайхамшиг. Энэ хуулийг баталснаар залуучуудын
сонирхлыг татах хэрэгтэй” хэмээлээ.

Гишүүд асуулт асууж, хариулт авч дуусав. Дараагаар нь хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
“Ерөнхийлөгчийн зарлигаар энэ цолыг олгох нь зүйтэй. Сурчдын холбооныхон
нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Одоогийн харваж байгаа сумыг манж сумаар
харваж байна гэдэг юм билээ. Цаашдаа үндэснийхээ нум сумыг өөрийнхөө
харвааны төрөлд оруулах хэрэгтэй. Үндэсний нум сумыг яаж хийж ирсэн
талаар анхаарч ажиллаарай. Хуулийн төслийг дэмжиж байна хэмээсэн юм.
Гишүүн Д.Гантулга “Эрийн гурван наадмаас бүсгүйчүүд маань ганцхан сурын
харваанд орох боломжтой байдаг. Жуулчдаас эхлээд Төрийн тэргүүн ч бас
нум сум тавьж, жилийн өнгөө хардаг. Манай Хэнтий аймагт сур харваагаар
хичээллэдэг. Тиймээс сум, аймгийн цолыг ч оруулах нь зүйтэй байх” гэсэн
санал хэллээ. Гишүүн Г.Мөнхцэцэг “Эмэгтэйчүүдийн маань оролцоог нэмж
өгдгөөрөө сурын харваа хэрэгтэй. Цол хэргэмийг төрийн бус байгууллага,
холбоодоор дамжуулж олгодог байсан. Үндэсний сурын харвааны цолыг
Ерөнхийлөгчийн зарлигаар олгохыг дэмжиж байна” хэмээв.

Ингээд Үндэсний их баяр наадмын тухай
хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн
нэр томъёоллоор санал хураалт явуулав. Гишүүдийн 81.4 хувийн саналаар уг
хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Ингээд анхны хэлэлцүүлэгт
бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллэв.

Дараагаар нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэв.

Categories
мэдээ цаг-үе

​Шатахуун импортлогч компаниудыг татвараас хөнгөлсөн ч шатахууны үнэ буурахгүй гэв

Импортын шатахууны Онцгой албан татварын хэмжээг багасгаж бууруулах шийдвэрийг Засгийн газраас энэ лхагва гаригт гаргалаа. Онцгой албан татварыг 160 мянган төгрөгөөс 30-50 мянган төгрөг болгож, дизелийн түлшинд ногдох татварыг 180 мянган төгрөг байсныг 70 мянган төгрөг болгон бууруулсан байна. Татварыг ингэж сайн бууруулж байгаа үед хэрэглэгчдэд хүрдэг шатахууны үнэ литр тутамдаа хамгийн доод тал нь 100 төгрөгөөр буурах боломжтой болно гэж үзэж болох талтай. Гэвч Засгийн газраас гаргасан энэ тогтоол шатахууны үнэ нэмэгдэж, өсөхөөс урьдчилан сэргийлсэн гэж тайлбарлаад байгаа юм. Шатахуун импортлогч компаниудын үгэнд багтаж татвар хөнгөлөх тухай арга хэмжээг ойрхон гурвантаа авч байгаа ч энэ хугацаанд шатахууны үнэ буурсангүй. Саяын татварын хөнгөлөлтөөр Монгол Улсын татварт орох ёстой 110 тэрбум төгрөг орох боломжгүй болж байгаа аж. Шатахууныг тойрсон асуудлаар сурвалжилсан юм.

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ БУУРУУЛЖ, ҮНИЙН ӨСӨЛТИЙГ СААРМАГЖУУЛАХ
АРГА ХЭМЖЭЭ АВЛАА
Импортын татварыг бууруулах болсон шалтгааныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат ингэж тайлбарлаж байна. “Дэлхийн зах зээлд газрын тос олборлогч орнууд арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хуралдаж, олборлолтын тоо хэмжээг бууруулсантай холбоотойгоор сүүлийн сар гаруйн хугацаанд газрын тосны үнэ 20 гаруй хувиар өссөн байна. Үүнтэй уялдаад Монгол Улсад нийлүүлж буй газрын тосны бүтээдэхүүний үнэ нэмэгдэж орж ирж байна. Өмнө нь валютын ханшийн чангаралтаас хамаараад цаг тухай үед нь буюу өнгөрсөн оны арав, арваннэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар онцгой албан татварын хувь хэмжээний зохицуулалтаар дотоодод борлуулж буй шатахууны үнийг тогтвортой борлуулахад арга хэмжээ авч ирсэн. Газрын тосны үнийн өсөлтөөс хамаарч дотоодод жижиглэнгээр борлуулахад нөлөөлөхүйц үнэ орж ирсэн тул онцгой албан татварын хэмжээг 110-130 мянган төгрөгөөр буулгаж, үнийн өсөлтийг саармагжуулах арга хэмжээг авлаа” гэж албаны эх сурвалж тайлбарлав.
Шатахууны үнэ энэ сарын 23-ны өдрийн байдлаар “Петровис”, “Магнай трейд”, “Жаст ойл”, “Сод Монгол” зэрэг шатахуун түгээх станцуудад Аи-80 1450 төгрөгийн үнэтэй, Аи-92-1530, Дизель-1640, Аи-95-1730 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Шатахууны үнэ буурч, үнэ өөрчлөгдөх үү гэж шатахуун түгээх станцуудаар явж асуухад “Бидэнд үнэ өөрчлөх тухай мэдээлэл ирээгүй. Энэ үнээрээ борлуулж байна” гэсэн хариултыг өгч байна. “Ник” Хк-ийн гүйцэтгэх захирал С.Алтанцэцэгтэй уулзахад “Засгийн газрын тогтоол гарсан гэдгийг дөнгөж өчигдөр мэдсэн. Үнийн өөрчлөлтийн тухайд надад мэдээлэл өгөх боломж алга” гэсэн хариултыг өгч, ярилцлага өгөхөөс эрс татгалзсан юм.
Ер нь шатахуун импортлогч компаниудын төлөөллүүд мэдээлэл өгөхөөсөө татгалзаж, бид мэдэхгүй гэх мэтээр булзааруулж байсан юм.
Манай улсад гаднаас шатахуун импортолдог 15 компани байгаа бөгөөд тэдний эрх ашгийг хамгаалдаг “Газрын тосны бүтээгдэхүүний импортлогчдын холбоо” гэж байгуулагдсан байдаг. Тус холбооны ерөнхийлөгч н.Батбаяраас дараахь тодруулгыг авлаа.
-Засгийн газраас гарсан тогтоолтой холбогдуулан шатахууны үнэд ямар нэгэн өөрчлөлт орох уу?
-Энэ татварын зохицуулалт нь жижиглэнгээр борлуулж байгаа шатахууны үнийг өсгөхгүйн тулд хийсэн зохицуулалт юм. Шатахууны үнэ буурах ч үгүй, өсөх ч үгүй гэсэн үг. Байгаа үнийг тогтвортой барихын тулд хийсэн зохицуулалт. Хэрэв энэ зохицуулалтыг хийгээгүй бол литр тутамд 100-130 төгрөгөөр нэмэгдэж өсөх байсан. Үүнээс сэргийлж Засгийн газраас татварыг багасгасан.
-“Газрын тос импортлогчдын холбоо”-ноос шатахууны үнийг нэмэх тухай шахалтыг сангийн яам болон холбогдох газарт хүргүүлсэн гэж үнэн үү?
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ахлуулсан төрийн болон хувийн хэвшлүүдийн төлөөлөл багтсан “Шатахууны хангамж үнийн асуудал хариуцсан зөвлөл” гэж байдаг. Энэ зөвлөлийнхөн үнэ өсгөх юм уу, татварын зохицуулалт хийх юм уу гэх мэтээр асуудлаа ярьж шаардлагатай зөвлөмжийг гаргадаг. Гарсан зөвлөмжийн дагуу Сангийн яам гэх мэт холбогдох албаны газар тооцоо, тооцоолол явуулж, шийдвэрээ гаргадаг.
-Хэрэв татварт хөнгөлөлт үзүүлээгүй байсан бол ямар үр дагавар гарах байв?
-Шатахууны үнэ өсөхөөр байсан.
-Үнэ өсөх болсон бодит шалтгаан чинь юу юм?
-Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өссөн. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын дунджаас арванхоёрдугаар сарынх 22 орчим хувиар илүү өссөн. Дунджаар нэг баррель дээр 40-60 ам.доллар өссөн. Өсөлтийг саармагжуулахын тулд татварын зохицуулалтаар үнийг барихын тулд Засгийн газраас хийж буй зохицуулалт юм. Ер нь манай шатахууны салбар чинь бүх юм нь ил тод, нээлттэй.
-Танай холбоонд шатахуун импортолдог бүх компани хамаарагддаг уу?
-Манай холбоонд нийт импортлогч 15 компани байдаг гэв.

Б.ЛХАГВАЖАВ: ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД НЕФТИЙН ҮНЭ УНАХАД ХЭЗЭЭ Ч ХЯМАРДАГГҮЙ БАЙЖ, ӨСӨХ СУРГААР ӨСДӨГ

Дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн хоёр жилд урьд өмнө байгаагүйгээр хямдарч байхад шатахууны үнэ буурч байсан удаа байхгүй. Тэр бүү хэл, салбар хариуцсан сайд нь “Шатахууны үнийг буулгах нь яамны биш шатахуун импортлогчдын мэдэх асуудал” гэж хэлж байсан удаатай. Одоо шатахууны үнэ нэмэгдэхээс аргагүй болсон гэж хэлж тайлбарлаж буй нь шатахуун импортлогч компаниудын эрх ашиг монгол төрөөс дандаа хүчтэй явж ирсний нотолгоо юм. Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч, эдийн засагч Б.Лхагважаваас тодруулахад “Дэлхийн зах зээлд шатахууны үнэ хэд дахин унасан байхад хямдардаггүй. Харин өсөх сургаар манайхан чинь өсгөчихдөг. Зах зээлийн зарчмаараа явахгүй байна л даа. Ам.долларын ханшны өсөлттэй холбож тайлбарлах дээрээ хүрвэл ам.доллар 2500 байхад валютын ханшийг 1470 төгрөгт тооцож хүчээр валютын ханшийг барьж ирсэн. Шатахуун импортлогч компаниудад төр татвараа хөнгөлж, валютын ханшаа хүчээр бариад явж болох ч зах зээлийн зарчмаараа энэ нэг өдөр тавигдахаас өөр гарцгүй болно. Тэр цагт эдийн засагт маш том хүндрэл учирна. Тэр өдрийг яаж даван гарах гэж байгаа юм бол” гэж товчхондоо дүгнэн хэлж байна.
Төр засагт аль нам нь ч гарсан үеийн үедээ шатахуун импортлогч компаниудын хөл гарын үзүүрт гүйсэн бодлого барьж ирснээс болж манай улсад шатахууны үнэ дандаа үнэтэй байдаг. Шатахуунаа дагаад бүх юмны өсч байдаг. Энэ бүхний цаана хэдхэн олигархи компаниудын ашиг сонирхол л байдаг. Хэдхэн хүн хагартлаа баяжиж, бизнесээ явуулсны горыг ард түмэн амсдаг гэж хатуухан хэлж болно. Сүүлийн хоёр жилд дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ 5-6 дахин хямдарч байсан. 2013 онд баррель нефтийн үнэ 120 ам.доллар байхад Монгол Улсад шатахуун 1650 төгрөг байсан. 2016 онд 28 ам.доллар болчихоод байхад шатахууны үнэ буурахгүй хэвээрээ л байсан. Шатахуун түгээх станцууд хомсдол үүсгэж тоглолтоо эхлэнгүүт Монголбанкнаас 120 сая ам.долларын хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл яаравчлан олгож байсан удаатай. Манай улсад шатахууны үнэ өндөр байгаа нь онцгой албан татвартай шууд холбоотой гэж үзээд л татварыг удаа дараа бууруулаад л ирсэн. Шатахуун импортлогч компаниуд юу хүснэ, тэрийг нь төр үг дуугүй биелүүлж ирсэн илэрхий жишээ баримтууд олон байна. Одоо зарим сайд дарга нарын амнаас Засгийн газар онцгой албан татвараа 100 хувь тэглэчих ёстой гэсэн үг байсгээд цухалзах болсон. Монголд нефть боловсруулах үйлдвэр баригдахгүй байгаа нь нефть импортлогчидтой шууд холбоотой гэсэн яриа байдаг. Ямартай ч төр авах ёстой татвараасаа татгалзан байж шатахууны үнийг өсгөлгүйгээр хамгаалж чадлаа гэх арга ядсан үг энэ удаагийн Онцгой албан татварын хөнгөлөлтийн амыг хааж байна.
Б.ДОЛЗОДМАА

Categories
мэдээ цаг-үе

Ч.Хүрэлбаатар: 580 сая ам.долларыг яаж төлөх юм бэ. Энэ асуултын хариуг Засгийн газраас хүлээгээд байна

– ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ХАМГИЙН ТОМ ГАРЦ НЬ ОЙЛГОЛЦОЛ, ЭВ НЭГДЭЛ –

УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.

-Монгол Улсын Засгийн газар Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийг баталсан. Үр дүн гарч амждаггүй юм аа гэхэд эхний ээлжинд эдийн засагт ядаж дохио өгөх зүйл харагдахаар хугацаа өнгөрлөө. Мэдэгдэх юм алга гэх юм. Та ямар бодолтой яваа бол?

-Үндэсний статистикийн хорооноос 2016 оны Монгол Улсын нийгэм эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг гаргасан байна. 2016 онд эдийн засаг 1.6 хувийн уналттай, ажилгүйдлийн түвшин 9.4 хувь, үнийн өсөлт 1.1 хувь, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2482 төгрөг буюу 24 хувийн уналттай гарсан. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин нэг шат буурч “С” рүү орсон. Өмнөх засгийн үеийн бодлогын алдааны сөрөг үр нөлөө үргэлжилж, хөрөнгө оруулалт буурч, хувийн хэрэглээ хумигдсан нь эдийн засгийн өсөлт сөрөг гарах гол шалтгаан болжээ. Эдийн засаг маш эмзэг байна. Одоо эдийн засгийн хувьд өр, валютын нөөц, хөрөнгө оруулалт татах гэсэн асуудлууд шийдлээ хүлээгээд л байж байна даа. Засгийн газар шуурхай арга хэмжээ авах ёстой. Бүгдээрээ л нэг зүйл хүлээгээд байх шиг санагдах юм.
-Хүлээлтийн байдалтай байна гэлээ. Эдийн засаг хүндрээд нийгмийн бухимдал дэвэрч байгаа энэ үед яг юу хүлээгээд байгаа юм бэ. Танай намд ард түмэн итгэл хүлээлгэж хангалттай суудал өглөө. Өмнө нь танайхан сөрөг хүчин байхдаа хамгийн их шүүмжилж байсан. Одоо шийдэл, хурд танай Засгийн газарт хэрэгтэй байгаа юм биш үү?
-Тантай санал нэг байна. Хүлээгээд суух зуур асуудлууд улам бүр л хуримтлагдаад, байдал улам л хүндрээд байна. Тодорхой бус зүйл бас байна аа. Тухайлбал, Далай ламын айлчлалтай холбоотойгоор Хятад улстай яригдах томоохон гэрээ хэлцэл хойшлогдлоо. Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орно гэж яриад хагас жил өнгөрлөө. Одоо байдал хэвээрээ л байна. 2017 оны төсөв баталж байх үед Засгийн газар Таван толгойн төслийг энэ онд хэрэгжүүлнэ, Гацууртын төслийг хэрэгжүүлнэ, төмөр зам барина гэх мэт бодлого оруулж ирсэн, энэ асуудлууд юу болж байна вэ гээд тодорхой бус олон асуулт хариултаа хүлээгээд байгаа юм.
-Шийдээд явахад юу нь болохгүй байгаа юм бэ. Гуравдугаар сард танай намынхны авсан евробондын төлбөрт 580 сая ам.долларыг төлнө. Зээл авах гэж байгаа бол бушуухан шийдээд Их хурлаараа оруулаад явах, валютын санд хамрагдана гэвэл түүнийгээ эртхэн шийдэх гэх хоолойд тулсан ажлууд байгаа юм биш үү?
-Надад энэ чиглэлээр танилцуулсан материал алга. УИХ-ын Төсвийн байнгын хороонд оруулах асуудал байвал эртхэн оруулаач, 580 сая ам.доллараа яаж төлөх юм. Дотоод нөөц боломжоороо төллөө гэхэд энэ нь эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг тооцоо хийсэн үү, яаж төлөх гэж байгаа юм. Төсвийн Байнгын хороонд танилцуулаач гэдэг санал тавьсан. Хариу ирээгүй.
-Таны байр суурь өмнөх парламентын үед л “Стэнд бай” хөтөлбөрт орох ёстой гэж ярьдаг гишүүдийн нэг байсан. Засгийн газрын зүгээс валютын санд хамрагдах хүсэлтээ албан ёсоор хүргүүлээгүй гэдэг мэдээлэл бий?
-Олон улсын валютын сангийн Стэнд бай хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ эрт гаргачих ёстой байсан юм. Харамсалтай нь тухайн үед Засгийн газар тийм шийдвэр гаргаж чадаагүй. Уг нь Олон улсын валютын сангийн төлөөлөгчид нэгдүгээр сарын 25-нд ирнэ гэж байсан ч хоёрдугаар сард ирэхээр болж байх шиг байна. Ойлголцоод байр сууриа нэгтгэн ороод ирэх болов уу гэж найдаад л сууж байна даа. УИХ нь Засгийн газрын үйл ажиллагаанд оролцоод байх эрхгүй. Хүлээгээд, хараад сууж байна.
-Танай бүлгийн гишүүд Засгийн газар хэтэрхий удаан байна гэдэг шүүмжлэлийг хэлээд байна. Таны ярьж байгааг сонсоход бас л тийм байр суурь илэрхийлэх гээд байх шиг байх юм. Дэлхий хурдацтай хөгжиж байхад бид жалгандаа хэвтсээр байх уу?
-Засгийн газар удаан ажиллаж байгаа гэдэгтэй би санал нэг байна. “Удаан байна. Шийдэмгий бус байна. Яамд хоорондын ажлын уялдаа муу байна” гэдгийг Ерөнхий сайдад хэлсэн. Олон дахин давтаж хэлээд байх шаардлагагүй гэж бодож байна.
-Та өмнөх парламентын үед ийм ийм арга хэмжээ ав гэж хэлдэг байсан. Намынхаа Засгийн газарт хэлэв үү. Одоогийн нөхцөлд хамгийн зөв арга хэмжээ юу байх ёстой вэ?
-Хэлж байгаа, өөрөөсөө хамаарах арга хэмжээгээ аваад явж байна. 2016 оны төсвийн тодотгол, 2017 оны төсвийг батлахдаа өнгөрсөн дөрвөн жилд явсан алдаатай бодлогыг сууриар нь засаж эхэлсэн. Төсвийн орлогоо худлаа төлөвлөдөг, эдийн засгийн өсөлт, валютын ханшаа худлаа тооцдог байсныг өөрчилж чадсан. Үр дүн нь гарч байна. Замбараагүй явж ирсэн вексел, концессыг цэгцлэх, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах, төсвийн үр ашиггүй зардлыг бууруулж хэмнэлт гаргах зэрэг бодлогыг Төсвийн байнгын хорооноос санаачлан ажиллаж байна.
Одоо эдийн засгийн хувьд өр, валютын нөөц, хөрөнгө оруулалт татах гэсэн асуудлууд шийдлээ хүлээгээд л байж байна даа. Монгол Улс зээл авна, Засгийн газрын баталгаа гаргана гэдэг сэтгэлгээнээсээ бүрэн салах ёстой. Зээл аваад өр нэмээд байвал төгрөгийн ханшийн тогтворгүй байдал улам нэмэгдэнэ. Өр нэмэгдүүлж зээл авах бус хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал тавих шаардлагатай. Одоо Монголд хувийн хэвшлээ ад үзэх байдал улам л нэмэгдээд байх юм. Нэг хэсэг нь Эм Си Эс гэж дайраад, нөгөө хэсэг нь Худалдаа хөгжлийн банк гээд Монголд ихээхэн ажлын байр бий болгосон, байр сууриа олчихсон компаниуд руугаа давшилж, оршин байх орон зайг нь улам хумиад байвал хөрөнгө оруулагчид Монгол руу зүглэхгүй. Үндэснийхээ компаниудад ингэж хатуу хандаж байгаа улсад хөрөнгөө оруулдаг улс олдох уу. Үгүй ш дээ. Хөрөнгө оруулалтыг татах, нэмэгдүүлэх тал дээр ахиц дэвшил гарсан зүйл алга. Харин ч хувийн хэвшлийнхнээ нервтүүлээд байна уу гэж харж байгаа. Би улс төрд орсон цагаасаа хувийн хэвшлийг хааж боох, үйл ажиллагаанд нь саад, тээг болох байр суурь огтхон ч илэрхийлж байгаагүй. Үндэсний компаниудаа монголчууд дэмжмээр байна.
-Өмнөх дөрвөн жилд АН-ын Засгийн газар болохгүй байна гэж МАН-ынхан хамгийн их шүүмжилдэг байлаа. Өнөөдрийн нөхцөл байдалд тэр бүх шүүмжлэлийг харин танай намд хаяглахаар болчихсон юм биш үү?
-Том дүгнэлт хийх цаг арай л эрт байна. Гэхдээ АН-ынхан шүүмжлэлийг улс төр хийж байна гээд огтхон ч тоохгүй явсаар улс орноо хямраачихсан. Би Ерөнхий сайдыг шүүмжлэлийг хүлээн авч ажлаа сайжруулахаар ажиллаж байгаа гэж бодож байна.
-Ерөнхий сайд нэгэнт зээлээ төлнө гээд хэлчихсэн. Дотоод нөөц боломжоо ашиглаад төллөө гэхэд валютын ханшийн өсөлт замбараагаа алдах байх…
-580 сая ам.долларыг дотоодоосоо худалдан авч төлөх юм бол төгрөгийн ханш улам л унана. 580 сая ам.долларыг яаж төлөх гэж байгаа юм бэ эдийн засагт үзүүлэх нөлөө нь юу вэ сөрөг үр дүн гарахаар бол яаж саармагжуулах вэ зэргээр олон талаас нь бодож, авах арга хэмжээгээ төлөвлөчихсөн байх ёстой. Үүнийг л асуугаад байгаа юм. Засгийн газраас хариултаа хүлээгээд л байна.
-Том төслөө хөдөлгөнө гэхээр л өмнөх парламентад яаж эсэргүүцдэг байлаа. Яг түүн шиг дүр зураг өнөөдрийн парламентад бий болчихов уу гэж харагдах юм. Өмнөх дөрвөн жилд Таван толгой хөдөлж чадаагүй. Энэ дөрвөн жилд ахиц гарах нь уу?
-Гэрээ хэлцэл нь орж ирээд яригдвал илүү тодорхой болно. Одоогоор УИХ-д оруулж ирсэн төсөл алга, оруулаад ирвэл хуулийн хүрээнд дэмжээд явна. 2017 оны төсвийг хийхдээ Засгийн газар Таван толгой, Гацууртын төслийг хэрэгжүүлнэ, төмөр замаа барина, эдгээр төслүүд хэрэгжих нөхцөлд эдийн засаг 3.5 хувиар өснө гэж тооцсон. Үүнийг хийж чадахгүй бол эдийн засагт 3.5 хувийн өсөлт гарахгүй, төсвийн орлого бүрдэхгүй. 2017 оны төсвийг өргөн барихдаа хэрэгжүүлнэ гэсэн төсөл хөтөлбөрөө л бодит ажил болгомоор байна. Эдийн засаг хямарчихсан байхад Засгийн газрын хурд, шийдэмгий байдал хамгаас чухал байна.
-Засгийн газар хэт хаширлаад байна уу?
-Засгийн газрын санал бүрийг УИХ 100 хувь алга нижигнүүлэн дэмжинэ гэж байхгүй. Хүн бүр өөрийн үзэл бодолтой. Зарим нь тодорхой эрх ашгийг лоббидож гүйдэг хүмүүс ч байна. Бусдын үгийг тээж дамжуулдаг хүмүүс ч байна. Энэ бол одоо байгаа бодит байдал. Иймд энэ бүгдийг харгалзаж байгаад, шийдвэрээ гаргаад яв. Мэдээж эсэргүүцэх, шүүмжлэх хүн гарна. Энэ бүгдээс айгаад шийдвэр гаргахгүй яваад байвал улс орны амьдрал уруудсаар байна.
-Сүүлийн үед чихэнд чимэгтэй мэдээ дуулдах болсон нь Эрдэнэс Таван толгой 71.5 ам.доллараар нэг тонн нүүрсээ борлуулж эхэлсэн явдал. Эдийн засаг дахь өгөөж нь хэр байх бол?
-Маш чухал. 2017 онд эрдэс баялгийн үнэ өмнөх оноос дээшилсэн байгаа нь эерэг үзүүлэлт. Тиймээс л том төслүүдээ яаралтай явуулах шаардлагатай. Цаг алдах эрх байхгүй. Нэг өдрийн ч өмнө гэсэн асуудлаа шийдмээр байна. Эрдэс баялгийн үнэ 2017 оны төсөвт туссанаас ч өндөр байх төлөв ажиглагдаж байна. Энэ нь манай эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Эерэг нөлөө үзүүлнэ гээд өөрсдөө зүгээр суугаад байж болохгүй. Эрдэс баялгийн үнэ нэмэгдэж байгаа энэ цаг үед богино хугацаанд эдийн засгийн өсөлтөө гаргахын тулд дахиад л хурд, шийдэмгий байдал хэрэгтэй болно.
-Сүүлийн үед “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалын талаар шуугиж байна. Нэг нь хэвлэлийн хурал хийнгүүт нөгөө тал нь дагаж хурал хийгээд яг чин үнэн аль нь вэ гэдэг эргэлзээ төрүүлж эхэллээ. Та “Эрдэнэт”-ийн хувьчлал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотойгоор Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг ажиллаад хууль зүйн дүгнэлт гаргасан юм билээ. Дүгнэлт нь надад ирээгүй байна. Би энэ асуудлыг цогц байдлаар нь авч үзэх нь зүйтэй гэж бодож байна. Энэ 49 хувийг буцаавал нэгдүгээрт, эдийн засагт, тухайлбал, төсвийн алдагдал, валютын ханшид ямар нөлөө үзүүлэх үү. Хоёрдугаарт, Монгол, Оросын харилцаанд ямар нөлөө үзүүлэх вэ Хятад улстай харилцаанд асуудал гараад, илааршиж амжаагүй байхад Оросын төрийн шийдвэрт эргэлзээ төрүүлэх шаардлага байна уу. Гуравдугаарт, үндэсний болон гадаад хөрөнгө оруулагч ямар өнцгөөр харах вэ гэдгийг давхар бодох ёстой. Аливаа асуудлыг цогцоор нь харж эцсийн шийдвэрээ гаргах нь чухал. Ингээд үзэхээр олон асуудал байгаа нь тодорхой. Сэтгэлийн хөөрлөөр хандах асуудал огтхон ч биш. Бидэнд гашуун туршлага бас байна. Үүнээсээ суралцаагүй л байна гэж харагдаж байна. 2009 онд шиг санагдаж байна, тухайн үеийн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо нэг иймэрхүү шийдвэр гаргаад, тэр шийдвэр нь Олон улсын арбитрын шүүх дээр унаад Монгол Улс 110 сая ам.доллар буюу 300 орчим тэрбум төгрөг төлж салсан шүү дээ, төлбөрийг нь 2016 онд төлсөн.
-Ураны асуудал байх аа?
-Тийм ээ, Хан ресурс компанийн эзэмшиж байсан ураны лицензийг төрд авах буюу нийгэмчлэх тухай шийдвэрээс болж төр хохироод л дууссан. Яг л тэр түүх давтагдах байх гэсэн болгоомжлол байгаа учраас л анхааруулж байгаа юм. Сэтгэл хөдлөл биш, бодит нөхцөл байдал дээр үндэслэж шийдвэр гарах нь зүйтэй гэж бодож байна.
-Та Үндэсний компаниа монголчууд дэмжих хэрэгтэй гээд Эм Си Эс, ХХБ гээд компаниудыг дурдлаа…
-Би хувийн хэвшлээ дэмжих ёстой гэж цаг ямагт хэлж, ярьж ирсэн. Хувийн хэвшлийнхнээ зохион байгуулалттайгаар буланд шахаж байгааг хараад үнэхээр санаа зовж байна. Ялангуяа улстөрчид үндэсний компаниудаар оролдоод байгааг эрүүл ухаантай хүн чимээгүй хараад суугаад байх уу. Энэ дарамт шахалтын дараагийн бай нь ямар компани вэ гэдэг асуулт үүсч л таараа. “Энержи Ресурс” Монголын нүүрсийг өндөр үнээр зараад, ажлын байр олноор бий болгоод, улсын төсөвт хэдэн зуун тэрбум төгрөгийн татвар төлөөд байхад нь муу хэлээд л сууж байна. Худалдаа хөгжлийн банк байна. 2002 онд байх аа, энэ банкийг хувьчилж, 12 сая ам.доллараар Швейцарийн нэгэн банкинд зарсан. Монголчууд энэ банкийг Швейцарийн банкаас худалдан авахад бас л өнөөдрийнх шигээр муу хэлж байсан санагдаж байна. Оросуудын мэдэлд байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ХХБ худалдаад авчихаар нөгөө л түүх давтагдаж эхэллээ.
Эдийн засагч хүний хувьд улс орны ирээдүйд санаа зовж байгаа болохоор эдийн засаг талаас нь асуудлыг харж байр сууриа илэрхийлээд байгаа юм.
-Тэгвэл яах ёстой вэ?
Төр болон хувийн хэвшлийн хооронд ойлгомжгүй асуудал үүссэн бол ойлголцдог механизм хэрэгтэй байна. Хүч түрдэг, дарамталдаг харилцаа бол одоо үеэ өнгөрөөсөн. Шинэ хандлага, шинэ сэтгэлгээ хэрэгтэй. Төр нь хувийн компанитайгаа нэг ширээний ард суугаад ярилц, ойлголц, шийдлээ гарга. Яаж шийдэх вэ гэдгээ ярилц. Түүнээс биш таны хэлсэн шигээр хоёр талд хэвлэлийн хурал хийгээд яваад байж болохгүй. Улс оронд ямар ч ашигтай биш. Улс орон хямарчихсан энэ үед нэмэр биш нэрмээс болно. Тэр утгаараа ойлголцлын ширээний ард суугаач, бие бие рүүгээ битгий муухай хараач. Нухчин дарах хандлагаар битгий асуудалд ханд. Бид хангалттай бие биенээ хавчиж шахлаа. Одоо болоо. Ингэлээ гээд үр дүнд нь монгол хожоод байгаа бол хамаа алга. Алгаа ташаад суухсан. Өнгөрсөн дөрвөн жилд хичнээн ч компанид эрүүгийн хэрэг үүсгэж, барьж хорив, үндэсний хөрөнгө оруулагчидтайгаа үзэлцэх тусмаа Монгол Улс доошоо л явсан шүү дээ. Ийм замаар явмааргүй байна.
-Үргэлжлэл нь одоо ч яваа юм биш үү?
-Харамсалтай нь одоо ч үргэлжилж байна.
-“Эрдэнэт” үйлдвэр дээр маргалдаж буй маргааныг хойд хөршийнхөн хараад л сууж байгаа байх даа…
-Мэдээж шүү дээ. 1940-1984 оны хоорондох Монголын бүх үйл явдал АНУ-ын тагнуулын байгууллагаас сая олон нийтэд ил болгосон материал дотор бүгд байна лээ. Тэгэхээр хөрш орнууд Монголд болж байгаа үйл явдлыг харахгүй байна гэж байхгүй. Дахиад хэлье. Хамгийн гол нь ойлголцол, эвлэрэл бий болоосой гэж хүсэж байна. Бие биенээ намнаж Монголыг хөгжүүлнэ гэж байхгүй. Ойлголцолд хүрч чадвал хямралыг даван туулахад хамгийн хэрэгтэй. Зээл биш хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж байгаа чухал бодлого дээр хамгийн том дэмжлэг болох зүйл нь ойлголцол, эв нэгдэл. Асуудлыг хүчээр шийддэг байдал хөрөнгө оруулалтыг улам л түлхэнэ биз дээ. Бидний өмнө тулгамдсан хамгийн ойрын асуудал энэ л байна. Хэнээрхэл, хийрхэл одоо хэрэггүй.
-Эдийн засгийн байнгын хорооны хурлаар “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Таныг ширүүн байр суурь илэрхийлсэн гэж ярьж байна. Юу болсон юм бэ?
– Эдийн засгийн үр ашиггүй бодлого дахиад үргэлжлүүлэх гэж байгаа юм шиг санагдаад байр сууриа илэрхийлсэн.
Categories
мэдээ цаг-үе

​Өвчиндөө шаналаад хэвтэж буй бөхөнгийн эврийг хуга татаж аваад явсан байжээ

-ХУУЛЬ БУСААР БӨХӨНГИЙН ЭВЭР ТҮҮГЧДЭЭС БОЛЖ МЯЛЗАН ӨВЧИН МАЛД ХАЛДВАРЛАХ АЮУЛ НҮҮРЛЭЭД БАЙНА-

Дэлхийд нэн ховорт ордог монгол бөхөнгийн сүрэг өнгөрсөн сараас эхлэн халдварт өвчний улмаас үхэж, үрэгдэх болсон. Үхсэн монгол бөхөнгийн сэг, зэмээс Мэргэжлийн хяналтын газрынхан дээж аван Улсын төв лабораторид шинжлүүлэхэд бог малын мялзан өвчний вирус илэрсэн билээ. Ховд, Говь-Алтай аймгийн есөн сумын нутагт нийт 1000 гаруй бөхөн мялзан өвчний улмаас үхээд байгааг холбогдох газрынхан мэдэгдээд байна. Говь-Алтай, Ховд онцгой комиссын алба хаагчид монгол бөхөнгийн сэг зэмийг устгаж ариутгах, бөхөнгийн тархалт нутгуудыг тогтоон хяналт хийх зэргээр ажиллаж байгаа аж. Харин халдварт мялзан өвчнөөр үхэж үрэгдээд байгаа бөхөнгийн эврийг хулгайлах болсон гэдгийг цагдаагийн албан хаагчид онцолж байв.
Гоц халдварт мялзан өвчнөөр үхэж үрэгдээд байгаа бөхөнгийн эврийг хууль бусаар авч, ченжүүдэд өндөр үнээр худалдаалдаг сүлжээ бий болоод байгаа гэнэ. Энэ нь бусад аймгийн малд мялзан өвчин тараах эрсдэл бий болоод байгааг Говь-Алтай, Ховд аймгийн мэргэжлийн хяналтын хэлтсээс анхааруулж байна. Хууль бусаар бөхөнгийн эвэр авч байгаа талаар Ховд аймгийн иргэн С.Батдоржтой холбогдож, зарим зүйлийг тодрууллаа.
-Сүүлийн үед бөхөн халдварт мялзан өвчнөөр өвчилж, хэдэн зуугаараа үхэж байгаа. Говь-Алтай аймгийн Шаргын говьд монгол бөхөнгийн цөм сүрэг байгаа биз дээ?
-Ховд аймагт 560 гаруй бөхөн хорогдоод байгаа. Эдгээр үхсэн бөхөнгийн сэг зэмийг цуглуулж хэсэг хэсгээр нь овоолоод байна. Одоогоор Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт монгол бөхөнгийн цөм сүрэг байгаа. Гэтэл цөм сүрэг байгаа газраас холгүйхэн буюу нэг давааны цаана мялзан өвчнөөр бөхөн үхэж байна. Хэрэв өвчин цаашаа тархах юм бол монгол бөхөн тэр чигтээ устаж үгүй болох аюул нүүрлээд байна. Нутгийн иргэд онцгой комиссын алба хаагчид өвчтэй бөхөн, хар сүүлтийг цөм сүрэг байгаа газарт ойртлуулахгүй байх арга хэмжээг авч байгаа.
-Мялзан өвчнөөр үхсэн бөхөнгийн эврийг нутгийн иргэд болон амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс хууль бусаар авсан гэх мэдээлэл гараад байгаа. Энэ талаар мэдээлэл өгөх боломж байна уу?
-Хамгийн санаа зовоосон асуудал болоод байна. Манай Ховд аймгийн нутагт гэхэд үхсэн бөхөнгийн сэг зэмийг овоолж орхиод байгаа. Нүх ухаж ариутгал халдваргүйтэл хийх гэхээр улсаас ирэх санхүүжилтийн мөнгө ороогүй байна. Тэгээд сэг зэмийг хэд хэдэн газар овоолоод орхисон. Гэтэл бөхөнгийн эвэр хууль бусаар худалдаж авдаг. Хилээр гаргаж борлуулдаг ченжүүд гараад ирсэн. Ченжүүдэд нутгийн иргэд болон амар хялбар аргаар мөнгө олох сонирхолтой хүмүүс өвчтэй бөхөнгийн эвэр аваачиж өгөөд байна. Бүр сэг зэм байгаа газарт очоод бүх эврийг нь мулталж аваад явчихсан байна лээ. Мөн үхлээ хүлээгээд өвчиндөө шаналаад хэвтэж байгаа бөхөнгийн эврийг хуга татаж аваад явсан тохиолдол хэд хэд бүртгэгдсэн. Үүнээс болоод хүмүүсийн гутал, хувцаст нян тээгдэж ирээд малд халдварлах боломж бүрдээд байна. Мялзан өвчин нь цусаар дамжиж халдварладаг бөгөөд үхсэн бөхөнгийн эвэр огтолж авснаар тухайн хүн амь насаа алдах эрсдэлтэй. Үүнээс болоод өөр аймаг сумын нутагт мялзан өвчний халдвар тээгдэж очоод малд халдвар тараах эрсдэл бий болоод байна гэв.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ 78 ШИРХЭГ БӨХӨНГИЙН ЭВЭР АВЧ ЯВААД БАРИГДЖЭЭ
Бөхөнгийн эвэр хууль бусаар олж авсан, худалдан борлуулсан хэргийг албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын харьяат эрхэлсэн тодорхой ажилгүй Э нь бөхөнгийн 78 ширхэг эврийг бусдад худалдан борлуулах зорилгоор тээвэрлэн яваад баригдсан байна. Хэргийг Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн албаныхан илрүүлэн шалгаж байгаа гэнэ. Мөн Ховд аймагт бөхөнгийн эвэр ченжүүдэд худалдаалахаар авч явсан хоёр ч хэрэг шалгагдаж байгаа аж.
БӨХӨНГИЙН ЭВЭРТ МЯЛЗАН ТӨСТ ӨВЧНИЙ НЯН ХАЛДСАН БАЙДАГ ГЭВ
Улмаар Ховд аймгийн бог малуудыг вакцинжуулсан байдаг. Гэтэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр энэ өвчин салаа туурайтан нэн ховор бөхөн гэх амьтанд халдаж эхэлжээ. Учир нь мялзан төст өвчний вирусийн тархалт өвөл их байдаг гэнэ. Халдвар авсан тохиолдолд богино хугацаанд амьсгаадан чацга алдан үхдэг байна. Тиймээс мялзан төст өвчнийг дэлхийн гоц халдварт өвчинд тооцдог аж. Тус халдварыг зөвхөн вакцин хийж зогсоодог юм байна. Одоогоос жил гаруйн өмнө Казахстан улсад соргог бөхөнг мялзан өвчнөөр өвчлөхөд тэд унтуулдаг сумаар буудаж вакцин хийсэн байдаг гэнэ. Харин манай улсад уг боломж нөхцөл бүрдээгүй байдаг аж. Тухайлбал, хуульдаа ан амьтнаа вакцинжуулна гэж заагаагүй учраас хамаагүй зэрлэг амьтанд хүрч болохгүй байгаа талаар мэргэжилтнүүд яриад байна. Одоогоор манай оронд халдвар аваад амьсгаадаж байгаа бөхөнг устгаж тусгайлан ухсан нүхэнд хийж хор цацаад булж байгаа аж. ингэснээр вирус нь хорондоо шингэн арилдаг байна. Харамсалтай нь сүүлийн үед үхсэн бөхөнгийн сэг зэмийг булж устган, халдваргүйжүүлэлт хийж байх явцад зарим иргэд бөхөнгийн эврийг нь огтолж авах явдал газар авч байгаа нь аюултай гэдгийг мэргэжилтнүүд сануулсан юм. Учир нь БНХАУ-ын иргэд бөхөнгийн эврийг эмийн журмаар сэрүүн, халууныг буулгахад ашигладаг байна. Тиймээс зарим иргэд бөхөнгийн нэг ширхэг эврийг 25 мянган төгрөгөөр худалдаж урд хөрш рүү хууль бусаар давуулах нь нэмэгдсэн байна. Харин мэргэжлийн байгууллагынхан мялзан өвчин цусаар дамжиж халдварладаг учраас үхсэн бөхөнгийн эвэр огтолж авснаар амь насаа ч алдах эрсдэлтэй хэмээн тайлбарлаж байгаа.
Бөхөнгийн биеэр мялзан өвчний халдвар тархан үхэж байгаа учраас эврийг нь салгасан ч халдвар нь байдаг аж. Энэ нь хүнд мялзан өвчин халдварлах магадлал өндөр байгааг сэрэмжлүүлж байна. Цаашлаад бөхөнгийн эврийг тээвэрлэн өөр нутаг руу зөөвөрлөх нь бусад салаа туурайтай амьтанд халдвар үүсгэх эрсдэлтэй хэмээн тайлбарлаж байна. Сэрэмжлүүлэхэд улаан номонд орсон нэн ховор амьтныг хууль бусаар агнаж, худалдаалж, тээвэрлэсэн тохиолдолд тав хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлдэг аж.

Б.УРАНЧИМЭГ

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

​Далайн арлын тухай дахин өгүүлье

Манай сонин жил гаруйн өмнө утаатай, жавартай өвлөөр нисч очоод өвөлжчихдөг аралтай болъё гэж бичсэн удаатай. Тэгж бичсэний дараахан манай редакцид олон хүн хандаж, ихэнх нь дэмжсэн үг унагаж байсан юм. Юу л байна эзэнгүй цэлийсэн газар байна, хэн ч ашиглахгүй дэмий байлгахаар хэрэгтэй улсад нь тусгай зориулалтаар түрээслээд олсон мөнгөөрөө арал авчихвал ядаж л хүүхдүүдээ ханиаданд дарлуулахгүй, утаанаас үүдэлтэй элдэв өвчнөөр шаналахгүй шүү дээ гэж олзуурхсан нь олон байсан. Монгол шиг гурван сая гаруйхан хүн амтай улсын хувьд хааш хаашаагаа 50 километр, жижигхээн арал худалдаад авчихад л өтгөс хөгшид, нялхас балчруудаа дулаахан аятай орчинд тухтай өвөлжүүлчихнэ. Ийм аралтай болчихвол утаанд хэлмэгддэг хүүхэд хөгшдөө аравдугаар сарын сүүлээс гуравдугаар сар хүртэл тэндээ байлгачихна. Уудам нутгаасаа ашиглахгүй байгаа хэсгээ түрээслээд ч юм уу зараад аралтай болчиход болохгүй юмгүй. Арал түрээсэлж болж байна. Худалдаад авчих гарц ч бий. Бүр цаашлуулж яривал жилийн аль ч улиралд дулаахан, чийглэг, аятай тавтай цаг агаартай хэсэгт, далайн дунд арал бүтээх үлгэр биш болчихсон. Урд хөрш маань гэхэд хүчтэй газар ухагчийн тусламжтай далайн ёроолын элсээр хиймэл арал хийчихэж байна. Бүтээсэн арлаа цэргийн обьект, нисэх зурвас болгох зорилго өвөрлөж буйгаа нуудаггүй. Япончууд ч ялгаагүй, Филиппиний тэнгис дэх Окиноторишима нэртэй эзгүй бичил арлыг төмөр хавтан дээр өргөтгөнө гээд ажлаа эхэлчихсэн. Япон АНУ-тай хамтраад Хятадтай дайтсан тохиолдолд энэ арлыг тэнгисийн тулааны стратегийн чухал цэг болно гэсэн тайлбар ч дуулддаг.

Манай улсын хувьд арлыг Япон, Хятад, АНУ шиг цэрэг, стратеги энэ тэр гэж томоор харж зорих шаардлага хэтээсээ байхгүй. Аятай амьдрах орчин, эдийн засгийн агуулгаар нь харахад л болчих юм. Арлыг тойрсон 200 миллийн радиустай эдийн засгийн бүс цэнхэр гаригт чухалд тооцогддог энгийн логик бий. НҮБ-ын Далайн эрх зүйн тухай конвенцийн 121 дүгээр зүйлд эдийн засгийн бүс зөвхөн арлын эргэн тойронд байж болно гэсэн заалт дурайдаг. Улс орнууд далай руу гарахыг үеэс үед тэмүүлж ирсэн шалтгаан ерөөс энэ. Хатсан цөлд цэцэглэсэн “Дубай” гэж шил толь болсон орчин цагийн том хот байна. Эдийн засгаа богино хугацаанд яаж босгож болдгийн тодоос тод жишээ. Дубайн өмнөө барьдаг хоёр том бахархлын нэг нь “Palm Jumeirah”, “Palm Jebel Ali” хэмээх арлууд. Дубайчуудын гар, оюунаараа бүтээсэн хиймэл арлууд. Арабынх нь зөөлөн, ширхэг жижигтэй элс арал барихад таарахгүй учраас тээр холын Персийн булангаас хайрга чулуу, элс зөөж байж барьсан түүхтэй. Нийтдээ 210 сая метр куб чулуу, хайрга, элс зөөсөн гэхээр хэр аварга бүтээн байгуулалт өрнөсөн нь харагдана. Газар зүйн ашигтай байрлалаараа олон орны худалдаачдыг цуглуулж чадсан Дубайн цагдаа нар нь гэхэд тохитой тансаг, өндөр үнэтэй “Bugatti Veyron” хөлөглөдөг. Нэг хүнд ногдох ДНБ нь гурван жилийн өмнө лав 24.866 ам.доллараар хэмжигдэж байсан. Мөнгө л байхад аралтай болчихдог, арлаа бүтээчихдэг болсон энэ цагт байгаа боломжоо ашиглаж овоо хэдэн доллар цуглуулаад арал барьчихад асуудал байхгүй. Япон, Орос хоёрыг өнөөг хүртэл маргалдуулж байгаа манай цаг ууртай харьцуулшгүй зөөлөн дулаан уур амьсгалтай Курилийн арлуудыг түрээс-лээд аж төрье гэж хол сэтгэж яагаад болохгүй гэж. Агнуурын тэнгис, Номхон далайг зааглаж өгдөг энэ арлыг Оросын тал Камчаткийн нэг хэсэг гэж хардаг. Харин япончууд Хокайдо арлын хэсэг гэсэн тайлбар хийдэг. Халх голын сав газарт ногоо тариад мөнгө олох сонирхол урд хөршөөс гадна тариалангийн хэдэн зууны түүхтэй солонгос, япончуудад бий. Тэдэнд энэ хавийн газраа хэдэн арван жилээр түрээслүүлээд олсон мөнгөө аралтай болоход зарцуулах бүрэн боломж байна. Бүхэл бүтэн улс бүү хэл зүгээр л нэг мөнгөтэй жүжигчин арал худалдаад авчихдаг болсон цаг. Солонгосчуудад Халх голын сав газраа ашиглуулах боломж нээж өгөөд, Чежүгийн чинь нэг хэсгийг ашиглая гэхэд болохгүй юмгүй л санагддаг.

Монгол нутаг эрс тэс уур амьсгалтай. Хатуу ширүүн цаг агаарыг нь гадныхан толгой сэгсрэн ярьцгаадаг. Өвөг дээдэс маань өнөөгийн бидэнд хуурай ширүүн уур амьсгалтай хүйтэн жавартай нутгийг өвлүүлж үлдээсэн. Далайг дэлхийд хүрэх, дэлхийтэй харилцах, дэлхийн нэг хэсэг байхын салшгүй том шалтгаан гэдгийг олоод харчихсан улс орнуудын удирдагчид далайд гарцтай болохын төлөө яаж тэмцсэн нь хүн төрөлхтний түүхээс төвөггүй уншигддаг. Товчхондоо дээдэс нь ухаантай улс далайд гарцтай, дажгүй аж төрцгөөж байна. Наад захын жишээ гэхэд ОХУ байна. Оросыг иргэншүүлсэн “зандалчин” хэмээгддэг Петр I гэхэд л бүр өсвөр насандаа улс нь тэнгис рүү гарах гарцтай болохгүй бол удаан оршин тогтнож чадахгүйг ойлгосон байдаг. Санктпетербургийг босгож эхлэх үед тэр газар нь шведүүдийн эзэмшилд байсан гэж ирээд яривал далай руу тэмүүлсэн Петрийн шунал, зоригийн тухай түүх өчнөөн. Улсынхаа нийслэлийг дайсныхаа газарт сүндэрлүүлж байсныг дэлхий рүү гарах замтай болохыг хүссэн их улайрал, төсөөлшгүй зориг гэхээс өөр юу гэхэв. Тэгж зорьж зүтгэснийх нь үрээр хойд хөрш Номхон далай хүртэл газар нутгаа өргөтгөж чадсан юм. Товчхондоо ухаантай өвөг дээдэстэй байсных нь шагнал.

Бидний өвөг дээдэст ийм боломж байсан уу гэвэл байсан. Дэлхийг хөлөө олоогүй үед далайд хөлтэй, гарцтай байх боломж халгиж цалгиж байсан. Харамсалтай нь ингэж харах ухаан дутсан нь өнгөрсөн түүхээс анзаарагддаг. Хатуухан хэлэхэд өс хонзон өвлүүлж үлдээгээ юу даа гэсэн гунигтай бодол хааяахан төрдөг. Байлдан дагуулж, дайтаж, довтолж, чичрүүлж байсан түүхийн улбаанаас үлдсэн сайн, саар нөлөөнүүдээс сааруудыг нь түүвэл нэг ийм зовлон бидэнд байгаа нь булзах аргагүй үнэн. Үр хойчоо бодож дулаан, зөөлөн уур амьсгалтай аралтай байх боломж байсан ч эв эвдэрч, хагаралдаж, биенээсээ илүү гарах гэсэн жижиг тэмцлээс болж боломжоо ашиглаж чадаагүй нь ч бас үнэн. Гэхдээ одоо ч бидэнд өтгөс буурал, нялхас балчраа дулаахан, чийглэг арал дээр аж төрүүлэх боломж бий. Юу л байна, ашиглаагүй удсан, ашиглахгүй удах эзгүй, хоосон газар нутаг байна. Ашигладаггүйгээ ашиглуулаад, түрээслээд, онцгой тохиолдолд зараад ч болтугай дэлхийд хүрэх гарц замтай болох цаг нэгэнт болсон. Дэлхийд хүрэх гарц зам, эдийн засгийн боломж энэ тэр гэж том сэтгэдэггүй юм аа гэхэд өвлийн их хүйтэн, гамшгийн хэмжээнд очсон утаанаас үр удмаа хамгаалах, хавдартай, өвчтэй биш эрүүл саруул Монголын төлөө аралтай болъё гэж дуугарах, хөдлөх цаг дэргэд ирчихээд байна.