Categories
мэдээ нийгэм

Сайн дурын даатгал төлөгчид 28 мянга 800 төгрөг төлнө

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг болсонтой
холбогдуулан Сайн дурын даатгал төлөгчид гэрээгээ шинэчлэх шаардлагатай
гэдгийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар (ЭМНДЕГ)-аас
мэдэгдэв.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг байхад 23 мянга 40
төгрөг сайн дураараа төлж байсан даатгуулагчид энэ сарын 01-нээс 28
мянга 800 төгрөг төлөх болсон. Тиймээс сайн дураараа даатгал төлөгчийг
харьяа аймаг, сум, дүүргийнхээ ЭМНДХ-т хандаж гэрээгээ шинэчлэн
байгуулах шаардлагатай болж байгаа юм.

Сайн дурын даатгалд хамарснаар өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй,
тэжээгчээ алдсаны тэтгэвэр, жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн
чадвар түр алдсаны, оршуулгын тэтгэмж, сувилалын хувьсах зардал зэргийг
авах боломж бүрдэнэ. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд 94 мянга 515 иргэд
сайн дурын даатгалд хамрагдсан бөгөөд жил ирэх тусам тогтвортой өсч
байна. Энэ нь иргэдийн сайн дурын даатгалын ач холбогдлын тухай мэдлэг
дээшилж байгааг илтгэж байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Жанет Жексон 50 настайдаа анхны хүүхдээ төрүүллээ

АНУ-ын алдартай дуучин Жанет Жексон 50 настайдаа анхны хүүхдээ төрүүллээ. Тэрээр өчигдөр амаржиж, хүүтэй болсон байна. Төрөлт ямар нэг хүндрэлгүй явагдсан талаар дуучны бие төлөөлөгч мэдэгджээ.

Жанет Жексон 2012 оноос Катарын тэрбумтан Виссам аль Манатай уулзаж эхэлсэн бөгөөд хосууд 2013 оны эхээр нууцаар гэрлэсэн юм. Жанет Жексон өнгөрсөн оны дөрөвдүгээр сард дэлхий тойрсон аялан тоглолтоо дуусгасныхаа дараа гэр бүлдээ анхаарал хандуулна гэж мэдэгдсэн. Улмаар аравдугаар сард нь түүнийг жирэмсэн болсон гэсэн мэдээлэл цацагдсан юм. Хосууд хүүдээ Иссу аль-Мана (Eissa Al Mana) хэмээх нэр хайрлажээ.


Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ.
Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө
Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө
10-12 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.
Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас
орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Идэр,
Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 27-32 градус, өдөртөө
16-21 градус, Их нууруудын хотгороор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10
градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 2
градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус,
өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.
Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор,
Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус,
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж
голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус, бусад
нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар
үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хэрлэн,
Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16
градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн
байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.
Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар
шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн,
бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

Categories
мэдээ улс-төр

З.Нарантуяа: Хөрөнгө оруулагчдад оруулсан мөнгөнийх нь найдвартай байдал л чухал

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.

-Шинэ парламент бүрдээд хагас жил болчихлоо. Он ч дуусаж байна. Парламент үүргээ хэр зэрэг биелүүлсэн гэж бодож байна вэ?

-Парламентийн үйл ажиллагаа хуулийн дагуу хэвийн явагдаж байна. Шинэ парламент бүрэлдсэнээс хойш өргөн баригдсан 131 хууль, тогтоомжийн төслүүд байгаагаас өнгөрсөн хагас жилийн хугацаанд 57 хууль, УИХ-ын тогтоолын шийдвэрийг хэлэлцэж баталсан тоо бий. Ихэвчлэн Засгийн газар байгуулах, томилгоо хийх, мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлээ батлах, төсвөө тодотгох, ирэх оныхоо төсвийг батлах зэргээр шинэ Засгийн газрын үйл ажиллагааг жигдрүүлэх чиглэлд хууль, тогтоолууд батлагдлаа. Чанарын хувьд эдийн засгийг сэргээх хөтөлбөрөөс өөр нийгмийн шаардлагад нийцэхүйц, улс орны эдийн засгийг сэргээх, засаглал, менежментийн өөрчлөлт хийх хэмжээний бодлого, шийдвэрүүдийг баталж чадав уу гэвэл тааруухан л дүн тавихаар байна.

-Их хурал хагас жилийн хугацаанд олигтой хуулийн төсөл баталсангүй гэх шүүмж бий. Таны хувьд УИХ, Засгийн газар цаашид юун дээр анхаармаар санагдав?

-Гадаад худалдаа, эдийн засгийн бодит байдалд дүгнэлт хийж, улс үндэснийхээ эдийн засаг, аюулгүй байдлыг хамгаалахад нэн шаардлагатай байгаа бодлогын өөрчлөлтүүдийг хийхэд чиглэсэн хуулиудаа эхлээд хэлэлцмээр санагдаад байгаа юм л даа. Улс төр судлаачид ярьдаг, үндэстний дархлаагаа бөхлөх гэж. Энэ бол товчхондоо засаглах чадвартай төрийн тогтолцоог бэхжүүл л гэсэн үг шүү дээ. Тиймээс төрийн засаглалыг сайжруулах чиглэлийн буюу Улс төрийн намуудын тухай хууль, Төрийн албаны хуулийг шинэчлэн баталж, мөн Үндсэн хуулийн шаардлагатай зарим өөрчлөлтийг хийж засаглалаа сайжруулах шаардлага байгааг л хэлээд байна гэж би ойлгодог. Сонгуулийн тогтолцоо их тогтвортой баймаар байна. Сонгууль бүрийн өмнө өөрчлөгддөгөөс улс төрийг их тогтворгүй болгож байна. Ялангуяа эдийн засгийн аюулгүй байдлыг хангах асуудал ноцтой болж байна. Нэг салбараас хараат, цаашлаад нэг орноос 100 хувь хамаарах дөхсөн байхад ач холбогдлоор бага жижиг асуудлыг хэлэлцэж, цаг алдаж байхаар гол асуудлаа эрэмбэлж, хууль тогтоомжоо боловсронгуй болгоход УИХ анхаарах шаардлагатай байна.

-Ирэх дөрвөн жилд боловсронгуй болгох хууль тогтоомжийн үндсэн чиглэлийг Их хурал хэлэлцсэн. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Монгол Улсад мөрдөгдөж байгаа 400 гаруй хуулиудын 270 орчмыг нь өөрчилнө гэсэн жагсаалт орж ирсэн. Хууль зүй, дотоод хэргийн яам хууль санаачлагчдаас өгсөн хуулийн нэрүүдийг л жагсаасан юм байна лээ. Үнэхээр эрх зүйн шинэчлэл хийх шаардлагатай хуулиуд мөн үү гэсэн өнцгөөс харвал хэрэгцээ, шаардлагын судалгаа нь хийгдсэн хуулиуд цөөхөн байна. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Хууль тогтоомжийн тухай хуулийг мөрдөж эхэлнэ. Хууль, тогтоомжуудын чанар, үр дүнг сайжруулахад шинэчлэл хийхээр хууль байгаа юм. Шинэ хуулийн энэ концепцэд нийцүүлж, одоо мөрдөж байгаа хуулиудын үр дүнд мониторинг хийж судалгаатайгаар хандвал дээрх тоо эрс буурна. Энэ хэрээр парламентын үйл ажиллагааны үр дүн дээшилж эдийн засгийг дэмжих хуулийн орчин сайжрах юм. Тиймээс Засгийн газар төслөө татан авч судалгаатай оруулж ирэх санал гаргасан. Харамсалтай нь дэмжигдээгүй.

-Ирэх онд улс орны нийгэм, эдийн засгийн байдал одоогийнхоос дээрдэх болов уу. Гэрэл гэгээтэй гарц харагдаж байна уу?

-Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт тусгагдсан томоохон төслүүдийг эхлүүлж чадвал сайжрах боломжтой. Одоогийн байдлаар хөрөнгө оруулагчдын хувьд бэлэн, хэрэгжүүлэх хэмжээнд техник эдийн засгийн үндэслэлүүд нь хийгдсэн, мэргэжлийн экспертүүд хүлээн зөвшөөрсөн төсөл цөөхөн байна. Хөрөнгө оруулагчдад оруулсан хөрөнгө нь найдвартай байх баталгаа л чухал. Засгийн газар энэ баталгааг хангах чиглэлд олон зүйлийг хийх хэрэгтэй болж байна. Тухайлбал, дэд бүтэц, төрийн байгууллагуудын саадгүй ажиллагаа, хууль, шүүхийн шуурхай, шударга байдал гэх мэт. Ер нь Засгийн газрын чадамж, санаачилгатай байдлаас л хөрөнгө оруулалтын асуудал шууд хамаарна.

-Хөгжлийн банктай холбоотой асуудал олны анхаарлыг их татаж байна. МАН-ын гишүүдийн хэлж буйгаар Хөгжлийн банкны хөрөнгийг АН-ынхан замбараагүй үрж, эргэн төлөлтгүй болгочихсон юм шиг байна гэж байгаа?

-Энэ асуудлаар би өөрийн байрь сууриа олон удаа илэрхийлсэн. Шалгалтын дүгнэлтийг олон нийтэд ил болгох шаардлага тавьснаар нээлттэй болгохоор боллоо. Иргэд мэдээллийг харж, өөр өөрсдийн дүгнэлтийг хийнэ биз.

-Хөгжлийн банктай холбоотой хуулийн төслийн шинэчилсэн найруулга хийнэ гэсэн. Юун дээр анхаарвал зохистой вэ?

-Хөгжлийн банкны бие даасан хараат бус байдлыг хангах нь гол чухал асуудал. Шинэ хуулиар энэ талын зохицуулалтыг түлхүү оруулах юм. Энэ банкны үйл ажиллагааг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийг олон улсын стандартад нийцүүлж хуулиар тогтоож өгөөгүйгээс улстөржсөн үнэлгээ, дүгнэлт хийгдэж байгаатай холбогдон банкны үнэ цэнэ, хэвийн ажиллагааг алдагдуулж байна. Иймээс энэ чиглэлийн зохицуулалтыг нарийвчлан тусгаж байгаа.

-АН-ын шинэчлэлийн асуудал мөн л олны анхааралд байна. Та энэ намаас сонгодсон УИХ-ын гишүүний хувьд шинэчлэлийг аль чиглэлд хийгээсэй гэж хүсч байна вэ?

-АН-ын VI Их хурлаар шинэчлэлийн хөтөлбөр батлагдсан. Хөтөлбөрт шинэчлэлийг зургаан чиглэлээр хийхээр тусгасныг дэмжиж байгаа. Эв нэгдэлтэй, итгэл хүлээхүйц, үзэл санаа, үнэт зүйлээ эрхэмлэгч, хариуцлагатай, нээлттэй, оролцоотой, цахим бодлогын нам байх зорилт тавьсан. Хөтөлбөр батлах нэг хэрэг, хэрэгжүүлэх нь хамгийн чухал. Шинэчлэлийнхээ агуулгыг ойлгосон, хэрэгжүүлэх өөрийн хувилбартай хүн намыг удирдаж байж хэрэгжинэ.

-Намын даргад нэр дэвшиж буй хүмүүсийг харахад тэгтлээ их хүлээлттэй байх хэрэггүй мэт харагдах юм?

-Нэр дэвшигчдийн зарим нь өмнө намын удирдлагыг хэрэгжүүлж байсан хүмүүс учраас тэгж харагдаж байгаа байх. Намын гишүүний хувьд намаа цаашид олон нийтийн итгэл хүлээх, тодорхой зорилт, үзэл баримтлалтай, хариуцлагатай улс төрийн хүчин болгохын төлөө санаа зоволгүй яахав. Фракцуудын зодоон, эв түнжингүй байдлаасаа болж олны итгэлийг алдсан сургамж байгаа. Ашиг сонирхлын зөрчил ихтэй, эвлэж нэгдэж чаддаггүй хүмүүс аль нэг нь гарлаа гэхэд зөрчил дахиад л үргэлжилнэ. Ний нуугүй хэлэхэд, ийм зөрчилтэй хүмүүс сунгаанаасаа татгалзчихаасай гэж хүсч байна. Намын цаашдын нэгдэл нягтралд тус болно. Гишүүдэд ч сонголт хийхэд амар болно. Өөр нэг анхаарах зүйл бол намын дарга болсон хүн дараагийн сонгуульд АН ялалт байгуулсан тохиолдолд дүрмийн дагуу Ерөнхий сайд болох учиртай. Намын дараагийн ялалт хэнээр удирдуулахаас их хамаарна. Тиймээс иргэд, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх, итгэл хүлээж чадахуйц нэр цэвэр, ёс зүйтэй хүнээ сонгох хэрэгтэй болж байгааг гишүүд ойлгож байгаа байх. Анх удаа гишүүдээрээ нээлттэй сонгуулиар даргаа сонгох гэж байна. Нэг ёсондоо, намын ирээдүйн хувь заяаг гишүүд бид өөрсдөө сонгоно.

-УИХ дахь цөөнхийн бүлгийн ганц эмэгтэй гишүүн нь та. Намынхаа шинэчлэлийг хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүдээ төлөөлж оролцохгүй юм уу?

-Намын дүрэмд эмэгтэйчүүд, залуучууд, ахмадуудын байгууллагуудын төлөөлөл намын удирдах байгууллагуудад төлөөллөө оруулах шинэ заалт тусгагдаж байгаа. АН-ын эмэгтэйчүүдийн байгууллагаас Гүйцэтгэх зөвлөлд орж ажиллана гэсэн үг. УИХ-д сонгогдсон эмэгтэй ганц гишүүний хувьд мэдээж эмэгтэйчүүдтэйгээ хамт шинэчлэлийг амжилттай хийхийн тууштай ажиллана. Саяын Их хурлаар намын дарга гурван дэд даргатай, түүний нэг нь эмэгтэй байхаар шийдвэрлэсэн. Өрсөлдөнөө гэсэн бодолтой байна. Завханыхан маань их дэмжээд байгаа.

Categories
мэдээ соёл-урлаг

А.Баярцэцэг: Шүүгчид хувь хүнийх нь дотоод ертөнцөд өндөр ач холбогдол өгдөг юм билээ

“Miss World-2016” буюу Дэлхийн мисс шалгаруулах тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо арванэгдүгээр сарын 26-наас арванхоёрдугаар сарын 18-ны өдрүүдэд болж өнгөрсөн. Тус тэмцээнд манай улсаас загвар өмсөгч мисс Алтангэрэлийн Баярцэцэг эх орноо төлөөлөн амжилттай оролцож шилдэг XI байрт шалгарсан билээ. Тэрээр одоо АНУ-ын Вашингтон хотноо шилдэг 11 миссийн тусгай арга хэмжээнд оролцох зэрэг ажилтай яваа учраас эх орондоо хараахан ирээгүй байна. Тиймээс А.Баярцэцэгтэй интернэтээр холбогдож ийнхүү ярилцлаа.

-Дэлхийн миссийн тэмцээнд 11 дүгээр байрт шалгарч түүхэн амжилт гаргаж, дэлхийд Монголоо сурталчилсанд баярлалаа бас баяр хүргэе. Одоо хаана явж байна. Миссийн тэмцээнээс хойш амарч чадав уу?

– Дэлхийн миссийн тэмцээн дуусаад яг долоо хонож байна. Дэлхийн миссийн 66 дахь удаагийн тэмцээнд оролцож, монгол ёс заншил өв уламжлал, эх орон, орчин үеийн монгол залуусын мэдлэг боловсрол зэргийг дэлхийд сурталчилсандаа баяртай байна. Энэ удаа би өмнөх жилүүдэд оролцож байсан миссүүдийнхээ амжилтыг ахиулахыг зорилоо. Тиймдээ ч маш богино хугацаанд баг хамт олонтойгоо шаргуу ажиллаж, бэлтгэлээ хийсэн. Бэлтгэл сайтай оролцсон. Маш мундаг баг, хамт олонтой ажиллаж, дэлхий дахины олон залуусын дэмжлэгийг авч чадсанаараа шилдэг 11 дүгээр байрт орж, том амжилт гаргаж чадлаа. Эхний аравт орсон охид Нью-Йорк хотод оролцох үйл ажиллагаатай байгаа учраас бид Нью-Йоркт байрлаж байна. Өчигдөр (уржигдар) энд зул сарын баяр болж өнгөрлөө. Энэ үйл ажиллагаануудаа дуусгаад нэгдүгээр сарын дундуур эх орон руугаа буцна гэсэн төлөвлөгөөтэй байна. Тэмцээн эхлэхээс өмнө бэлтгэл ихтэй байсан учраас өдөрт гурваас дөрвөн цаг л унтдаг байсан. Өглөө бүр 06:00 цагт босч хувийн бэлтгэлээ хийнэ. Ингээд 08:00 цагт бид тэмцээний үйл ажиллагаандаа бэлэн байх ёстой байдаг юм. Харин орой өрөөндөө орж ирэхэд Монголд үд болж байдаг болохоор дэлхийн миссийн тэмцээн яг яаж явагддаг, ямар зүйл болов гэдгийг монголчууддаа сошиалаар хүргэж байсан. Мөн тэмцээний өдрүүдэд нэлээд ядарсан учраас ойрын хэдэн өдөр сайн унтаж амрахыг хичээж байгаа.

-Өмнө нь олон улсын хэмжээний ямар, ямар тэмцээнд орж, ямар амжилт гаргаж байв?

-Дэлхийн хэмжээний дөрвөн том миссийн тэмцээн болдог. Хоёр жилийн өмнө Мисс интернэшнлд оролцож байсан. Тухайн үедээ амжилт гаргаж чадаагүй ч хамгийн анхны тэмцээн байсан болохоор их зүйлийг сурсан. Харин дараа жил нь “Эх дэлхийн мисс”-т оролцоод 16 дугаар байрт орсон. Ингээд энэ удаа “Miss World 2016”-д амжилттай оролцсондоо баяртай байна.

-Энэ удаагийн дэлхийн миссийн тэмцээний онцлог нь юу байв?

-Дэлхийн миссийн тэмцээнүүд өмнө нь ихэвчлэн Ази тивд зохион байгуулагддаг байсан. Гэхдээ энэ удаа хоёр дахь удаагаа Америкт болж байгаа юм билээ. Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль болж байх үед дэлхийн миссийн тэмцээн Вашингтонд нэг сарын турш болж өндөрлөж байгаа нь дэлхийн анхаарлын төвд илүү их өртөж чадсан юм болов уу гэж бодож байна. Нью-Йорк таймс хүртэл тогтмол биднээс ирж мэдээлэл авч байсан.

-Дэлхийн миссийн тэмцээний шалгаруулалт ямар санагдсан бэ. Шалгаруулалтын онцлогоос сонирхуулаач. Шүүгчид нь хэр шудрага байсан гэж бодож байна?

-Маш олон шүүгч ажилладаг. Жишээлбэл бүжгийн багш тоглолтын бэлтгэл хийлгэж, ирц бүртгээд л, бүжиг заагаад бид нартай өдөр бүр хамт байдаг байсан. Гэтэл тэр багш маань тэмцээний сүүлийн өдөр ерөнхий шүүгч болоод ороод ирсэн. Биднийг хариуцаж явсан багийн ахлагч нар гэхэд л 1980, 2010 оны дэлхийн мисс байсан. Ер нь багийн ахлагч нар нь өмнө нь миссийн тэмцээнд орж байсан хүмүүс байлаа. Шүүгчид тэмцээний үзүүлбэрүүдийг нь үнэлэхээс гадна зан чанар аливаад хандах хандлага, хүсэл мөрөөдөл, төлөвшил амьдралын зорилго зэрэг хувь хүнийх нь дотоод ертөнцөд өндөр ач холбогдол өгдөг юм билээ.

Гол таван шалгаруулалт буюу “Авьяаслаг мисс”, “Спорт мисс”, “Зорилго бүхий гоо сайхан”, “Топ модель”, “Олон нийтийн санал буюу мультмедиа” шалгаруулалт гэж таван номинацид шилдгүүдийг шалгаруулсан. Үүнд би авьяаслаг миссээр шалгарсан. Энэ номинацуудад үлдсэн охидыг автоматаар шилдэг 20-д үлдээдэг юм. Шүүгчид 120 орны охидын авьяас үзүүлбэрээс шилдэг 10-ыг шалгаруулаад, интернэтэд байршуулж санал хураахад миний үзүүлсэн илбэтэй бүжиг хамгийн олон санал авч, шилдгээр шалгарсан.

-Монгол бүсгүй дэлхийн миссийн тэмцээнд Монголынхоо өв соёл, ёс заншлыг таниулан сурталчилж онцгойрч чадсан. Тэгэхэд зохион байгуулагчдын зүгээс хэрхэн хандаж байв?

-Дэлхийн миссийн тэмцээнд байр эзлэхээс гадна монголынхоо өв соёл, ёс заншилыг сурталчилна гэдэг надад том зорилго байсан. Ингээд арваннэгдүгээр сарын 29-ний өдөр миний 26 насны төрсөн өдөр болсон. Тэр өдөр Америк дахь Монголын Элчин сайдын яамнаас миссийн тэмцээнд зориулсан гоё том торт хийгээд, надад явуулсан. Тэгэхэд зохион байгуулагчид үнэхээр гайхаж байлаа. Улс орон нь өөрийнхөө мисст ингэж анхаарлаа хандуулдаг юм байна. Элчин сайдын яам нь ингэж ач холбогдол өгч байна, мөн фэйсбүүк, твиттерээр хүртэл монгол, монгол гэсэн постууд маш их байсан учраас зохион байгуулагчид үнэхээр гайхширсан. Гуравхан сая хүн амтай улс интернэтийн хандалтыг эрс нэмэгдүүлж байсан учраас дэлхийн миссийн тэмцээний зохион байгуулагчид Монголын мисс хаана байна гэж зорьж очиж миний зургийг авдаг байсан. Яагаад гэхээр хүмүүс монгол хаана байна, монгол, монгол гэх сэтгэгдлийг их бичдэг байсан юм билээ.

-Дэлхийн миссийн тэмцээнд ороод ямар амжилт гаргаж, хэддүгээр байрт орно гэсэн зорилттой байв. Тэмцээний 11 дүгээр байрт шалгараад сэтгэгдлээ илэрхийлж байхдаа юугаар, хэнээр хамгийн их бахархав. Тэр үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Миссийн тэмцээнд орох бэлтгэлийн хугацаа бага байсан ч нэгдүгээрт Монголоо сурталчилна, хоёрдугаарт өмнө нь дэлхийн миссийн тэмцээнд орж 25 дугаар байрт шалгарч байсан Сарнай эгчийн амжилтыг ахиулъя гэж оролцсон.

Дотроо бол шилдэг аравт үлдэх юмсан гэж маш их мөрөөдөж байлаа. Гэхдээ айдас байсан. XI байрт дуудагдахад өөрийн эрхгүй нулимс гарсан. Шилдэг 10 гоо бүсгүйг дуудчихсаны дараа нүдээ аниад ид шид гэж байдаг бол намайг дуудчихаасай гэж бодсон. Гэтэл хөтлөгч шилдэг арав тодорлоо, тэхдээ энэ удаа бид ард түмний сонголтоор гарч ирсэн нэгэн гоо бүсгүйг шилдэг 11-ээр тодрууллаа. Энэ бол монгол бүсгүй гэж хэлсэн. Өмнө нь шилдэг 10-ыг шалгаруулдаг байсан бол энэ жил шилдэг 11-ийг тодруулж, 11-т нь би орсон гэсэн үг юм. Би мундагтаа биш, монголчууд, ах дүү, аав ээж, олон улсын хүмүүс, найз нөхөд, баг хамт олны минь хичээл зүтгэл, сэтгэл. Тэднийхээ энэ их дэмжлэгийг авсандаа баярлаж, талархаж байна.

-Ийм амжилттай оролцоход таны ямар үзүүлбэр, ямар давуу тал илүү их нөлөөлсөн бэ?

-Бэлтгэл бас дахин бэлтгэл, бусдын дэмжлэг. Бусад хүмүүсийн дэмжлэггүйгээр хэн ч амжилт гаргахад хэцүү. Гэхдээ хичнээн бусдын дэмжлэгийг аваад өөрөө бэлтгэлгүй, гадаад хэлний мэдлэггүй байвал бас хэцүү. Хүмүүс миссийн тэмцээний тухай мэдээллийг сошиалд цаг тухай бүрт нь мэдээлж байсан нь амжилтанд хүрэх нөхцлийг бүрдүүлсэн юм болов уу гэж бодож байна. Монголчууд маань намайг үнэхээр их дэмжсэн. Би өөрөө олон орноор явж байсан учраас гадаад найз олонтой. Мөн “Марко поло” кинонд би туслах дүрд тоглосон. Энэ үед хамт тоглосон найзууд болон алдарт Холливудын алдарт жүжигчин Стивэн Сигал нар сошиалд намайг дэмжиж, Монголын А.Баярцэцэгийг дэмжээрэй гэж шэйрлэж байсан нь их нөлөөлсөн. Мөн түүний гэргий Эрдэнэтуяа эгчдээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Намайг танихгүй ч Монголоо гэсэн сэтгэлээр олон мянган гадны хүмүүст миний тухай мэдээллийг хүргэх боломжийг олгосонд үнэхээр талархаж байна.

-Дэлхийн миссийн тэмцээнд амжилттай оролцоход хэн хамгийн их тусалж, ямар хүмүүс илүү их дэмжиж байв?

-Дэлхийн мисст ороход маш олон хүн надад тусалсан. Компани, аж ахуйн нэгж байгуулага, пиар агентлаг, найз нөхөд, хамаатан, ар гэр, оюутан залуус гээд тоочоод байвал хэдэн зуугаар дуусахгүй хүмүүс бий. Бүгдэд нь маш их баярлалаа.

-Мисс хүн ямар байх ёстой бол. Мисс гэдгийн утга учрыг тайлбарлаж өгөөч?

-Би мисс гэдэг ойлголтыг арай өөрөөр хүлээж авдаг. Мисс гэхээр бусад хүмүүс хамгийн хөөрхөн эмэгтэйг шалгаруулах, цол титэм олгох тэмцээн гэж хардаг байх. Тийм биш шүү дээ. Энэ тэмцээнд оролцсоноороо олж авах зүйл нь маш олон хүнд хүрч болох дуу хоолой. Эргээд өөрийн тэр дуу хоолойгоороо өөрийгөө, орчноо нийгмээ, залуусын харилцаа уур амьсгалд эергээр нөлөөлөх залуу үеийн эмэгтэйчүүдийн төлөөлөл юм болов уу гэж бодож байна.

-Та аль нутгийн ямар айлын хэд дэх хүүхэд вэ. Төрсөн гэр бүл, эцэг эхээ танилцуулаач?

-Би айлын ганц хүүхэд. Улаанбаатар хотод төрж өссөн. Ээж аав маань Говь- Алтай аймгаас гаралтай ч Улаанбаатар хотод төрж өссөн хүмүүс.

-Та хаана, хаана ямар сургууль төгссөн бэ?

-2007 онд “Сант” дунд сургуулийг төгссөн. Дараа нь ШУТИС-ийн компьютер, менежментийн дээд сургуулийг маркетинг удирдлага мэргэжлээр төгссөн. Мөн Өмнөд Африкийн коллежид суралцаж, бизнесийн удирдлага мэргэжил эзэмшсэн. Гэхдээ сүүлийн гурван жилд Америкт жүжигчин мэргэжлээр суралцаж байна. Гурван жилийн өмнө жүжигчин болох шийдвэр гаргаад Америкийг зорьж байсан минь намайг энд хүргэлээ. Болох ёстой юм болдгоороо болж байна гэж бодож байгаа.

-Орчин цагийн залуусыг ямар байгаасай гэж та хүсч байна бэ?

-XXI зууны залуус боломжийг Монголоор битгий хэмжээсэй, би Монголдоо амьдарч байгаа ч гэсэн хаана боломж байна гэдгийг эрэлхийлж, суралцаж, гадны орнуудаар явж байхыг хичээдэг. Залуу хүмүүс өөрсдийгөө хөгжүүлээсэй гэж боддог. Зөвхөн Монголдоо байгаад өөрийгөө хөгжүүлж байгаа хүмүүс ч бий. Гэхдээ олон хүмүүстэй харилцаад, олон орноор явж, суралцаж хөгжиж дэвших боломж бий шүү дээ. Хаана боломж байна тэнд очиж суралцаад, амжилтад хүрээд хойч үедээ хөгжлийн гүүр болох боломж байна гэж би харж байгаа.

-Та найз залуугаараа ямар эр хүнийг сонгоод байна. Гэр бүлтэй болж амжсан уу?

-Гэр бүлгүй, хүүхэдгүй байгаа дээрээ олон зүйлийг сурч нийгмээ хөгжүүлэхийг зорьж хүсч мөрөөдөж байна. Ирэх нэгдүгээр сард эх орондоо очно. Тэгээд тухтай сайхан ярилцъя.


Categories
мэдээ нийгэм

Итгэлт хамба лам Дашдорж Богд хаанд баяр хүргэсэн нь

Богд гэгээнтэн ба буриадуудын харилцаа

XX зууны эхэн болоход тархай бутархай олон монголчууд, түүний дотор буриад, өвөр монголчууд Халх Монгол лугаа адил Наймдугаар Богдыг “өнгөрсөн, одоо, ирээдүйг нэвт айлдах бөгөөд амьтныг ганц үр мэт хайрлах нигүүлсэнгүй их авралын манлай” хэмээн биширцгээж байжээ. Сүсэг бишрэл бол ямар ч харгис хатуу үед ямар ч тушаал, ташуураас илүү хүчтэй байдаг байна. Монгол овогтон ийм л итгэл сэтгэлээр Богд гэгээнтэнд хандаж байлаа.

Ялангуяа, XIX зууны сүүлч үеэс буриадын талаарх Оросын эзэнт гүрний бодлого чангарч, 1902-1904 онд дээд цэгтээ тулжээ. Тухайлбал, Буриадын газар нутагт орос, украйнчууд суурьшин засаг захиргааны хяналтыг улам чангаруулж, нийтээр нь хүчтэй оросжуулав. Мөн энэ л үед буюу ХIX зууны дунд үеэс монголчуудын талаарх Манж Чингийн бодлого өөрчлөгдсөн юм. Тиймээс Америкийн эрдэмтэн Р.Рупен бээр “ХХ зууны Монголын үндэсний хөдөлгөөн өрнөсний гол учир нь Орос, Манж хоёр харьяат монголчуудтайгаа удаан тэвчээртэй харьцаж байсан нь өөрчлөгдсөнийх” хэмээн тэмдэглэсэн буй.

ХХ зууны эхээр Монголоор аялсан Москвагийн экспедицийн гишүүн Морозов “6 сарын 9-нд Хиагтын худалдаачин буриад Богдод мөргөхөөр Хүрээ явж буйтай замд таарсан” тухай тэмдэглээд “Оросын харьяат буриадууд монголчуудаас ч илүү Хүрээнд очиж энэ дэлхийн Амьд бурханд мөргөх нь ариун үүрэг хэмээн үздэг ажээ” хэмээн бичсэн байна. Хүрээн дэх Оросын консулын газраас 1890 оны есдүгээр сарын 22-ны өдөр Гадаад яамандаа илгээсэн мэдээнд өгүүлэхдээ “Буриадууд Богдыг бараг л бурхан шиг үздэг” хэмээн бичсэн байна.

1904 оны долдугаар сарын 5-ны өдөр Жамсрангийн Цэвээн нарын долоон хүн Буриадаас ирж, Богд гэгээнд мөргөсөн тухай тэрээр өдрийн тэмдэглэлдээ бичжээ. Ж.Цэвээний бичсэнээр “Эл өдөр Богдод мөргөхөөр цугларсан Өмнөд Монгол, Дорнот Монгол, буриад, барууны хүмүүс гэх мэтээр нийтдээ 200 орчим мөргөлчид байсан ажээ. Гэгээнтэн өөрийн ордноос хатан болон торниухан хоёр хүүхдийн хамт гарч ирж, адис өгөв” хэмээн бичжээ.

Оросын аялагч И.Морозов замын тэмдэглэлдээ “Түвдэд Далай лам шиг Амьд Бурхан болсон Богд гэгээний нэр хүнд Монголд мөн адил агуу юм. Хятадын эзэн хааны тухай хүн бүр мэдэхгүй боловч монгол хүн бүр хүүхэд хүртэл бурхны хүч, хааны эрх мэдэл бүхэнтэй түүний нэр сүрийг холбож ойлгодог Богд гэгээний тухай мэднэ. Богд гэгээнд мөргөхөөр Монголын алс хол тал нутаг, уул, цөлөөс ч ноёд, тайж, энгийн монголчууд ганц нэгээрээ, бүхэл бүтэн айлаараа, орон нутгийн хийдийн лам нар, бурхны шашинтай бүхий л үндэстэн ард түмнүүд ирдэг байна. Богд гэгээний хүлээн авалт тун ч их саад бэрхшээлийг туулж байж бүтдэг байна. Иймээс мөргөхөөр ирэгсэд мөнгө, морь мал, хонь гээд бүхий л бэлэгтэй ирдэг байна” гэжээ.

Хүрээнд байгуулсан Түр Засгийн газраас Орост одсон төлөөлөгчид эргэн ирсний дараа Манж Чингийн эрхшээлээс гарч, төр улс, тусгаар тогтнолоо сэргээн тунхаглах үйл явдалдаа шуурхайлан оржээ. Юуны өмнө Хүрээнд сууж байсан Манжийн амбанг хөөн зайлуулах, улмаар Монголын тусгаар тогтнолыг тунхаглан зарлах хэрэгтэй байлаа. Иймээс олон жил Монголд ноёрхсон Манжийн дэглэм эцэс болж, монголчууд тусгаар тогтнож буйгаа илэрхийлсэн Тунхаг бичгийг Түр Засгийн газраас Их Хүрээнд 1911 оны арванхоёрдугаар сарын 1-нд нийтэлж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг илэрхийлсэн сүлд–соёмбо үсэгтэй далбаагаа намируулжээ.

Тэрхүү тунхаг бичиг “Халхын дөрвөн аймгийн хан, ван, бэйл, бэйс, гүн, засаг, жич хамба шанзодба, да лам нарын бичиг” хэмээсэн гарчигтай бөгөөд “Монгол орос, түвд, иргэн шар хар олон хүнд нийтээр ухуулан зарлах учир” гээд “Эдүгээ өмнө газар манж, хятад аймаг өвөр зуураа самууран Манжийн төрийг сөнөөхүйд хүрсэн чимээ олонд сонсогдох болсон, үүнд манай Монгол болбоос угтаа тусгай нэгэн улс мөн тул одоо хуучин журмаар өвсөбэн улс болон өөрийнхүү хэргийн эрхээ бусдаар эрхлүүлэхгүй шинэ төр байгуулан тогтоохоор зөвлөн тогтсон, үүнд манай Монгол манж–хятад түшмэдэд захирагдахгүй” хэмээн ухуулсан байна. Энэ талаар Оросын консул Лавдовский Хүрээнээс 1911 оны 11 дүгээр сарын 18-нд илгээсэн нууц цахилгаан утсандаа “Өнөөдөр өглөө ноёдууд тунхаг бичиг гаргалаа, уг тунхаг бичгээр Халхыг автономиор зарлалаа” гээд “хятад худалдаачдыг бүрэн хамгаалахаа амлав. Сандоо ямар нэгэн эсэргүүцэл үзүүлсэнгүй, ойрын өдрүүдэд Сибирээр дамжин Манжуур явна. Бүх юм амжилттай. Консулын газраас эмх замбараагүй байдал гаргахгүй байх талаар арга хэмжээ авлаа” хэмээн мэдэгджээ. Оросын өөр нэгэн эх сурвалж, тодруулбал Хүрээнд байсан Консулын газрын Цэргийн дарга, Оросын Цэргийн ерөнхий штабын дэд хурандаа Аветисовын 11 дүгээр сарын 19-ний цахилгаанд “Өчигдөр Богд гэгээн Монголын бие даасан байдлыг зарлалаа” хэмээн бичжээ. Мэдээжийн хэрэг эл үйл явдалд Богдын оролцоо онцгой байсныг тэмдэглэх нь зөв буй за. Бүх зүйл түүний бодсоноор, түүний удирдлагаар өрнөж байв.

Хүрээнд сууж байсан манж амбан Сандоо өөрийн бүх түшмэдийн хамтаар Хүрээнээс 1911 оны 11 дүгээр сарын 21-нд гарч явлаа. Одоохондоо бүх зүйл тайван байна. Монголын Түр Засгийн газартай хэрхэн харилцах талаар удирдамж ирүүлнэ үү хэмээн Оросын консул төвөөсөө хүссэн буй.

Дээр өгүүлсэн цахилгааны хариуд Хүрээнд сууж байсан Оросын консул Лавдовский 1911 оны арваннэгдүгээр сарын 23-нд бичихдээ “Ямар нэгэн хэлэлцээр болоогүй бөгөөд монголчууд тийм хэлэлцээр хийхийг хүсээгүй болно. Хятад цэргүүд Сандоог хамгаалахаас татгалзаж, Гэгээний талд оров. Сандоо Консулын газар орогнол хүсэж, бид түүнийг ойр орчимхонтой нь хүлээн авч, улмаар Хиагт хүртэл харуул хамгаалалтан дор явуулав. Амбан сайд ямар ч актанд гарын үсэг зураагүй. Засгийн эрхийг Түшээт хан аймгийн чуулган даргад түр зуур Хутагт даалгаад байна. Гэгээн удахгүй Халхын хаанаар өргөмжлөгдөнө. Надад зуучийн үүрэг хийх ажил гарсангүй. Зөвшөөрөл хожигдож ирсэн” хэмээжээ.

Атаман Семенов өөрийн дурсамжаа 1936–1938 онд Дайренд бичиж үлдээснийг саяхан Москвад хэвлэсэн байх бөгөөд түүний дурсамжид бичсэнээр бол Семенов Монголд 1911 оны үндэсний хувьсгал гарч байх үед Хүрээнд байсан байх бөгөөд тэр бичихдээ “Агуу Чингис хааны орны түүхийг бичилцэхэд оролцсон” хэмээжээ. Тэрбээр цааш өгүүлэхдээ: “…би Хүрээн дэх манай консулын газрыг хамгаалж байсан хорооны 6 дугаар суманд үлдсэн юм. Монголын нийслэлд би 1911 оны 10 дугаар сарын эхээр очсон. Европынхоны үзлээр бол Хүрээ нь нийслэл гэж хэлэхээргүй боловч энэ хот Богд хутагтын тэргүүлсэн монголын лам нарын шилдэг төлөөлөгчдийн жинхэнэ төв болж байв. Хүрээнд байх хугацаанд багаас сурсан миний монгол хэл Монголын нийгмийн нэрт төлөөлөгчидтэй ойртох боломж олгосон юм. Монголын Цэргийн яамны сайдад нэр дэвшигч Намсрай гүн надаас орчин үеийн цэргийн эрдэмд сурч байв. Мөн энэ үед Норовын тусламжтайгаар казакийн цэргийн албаны жагсаалын дүрмийг би монгол хэл рүү хөрвүүлсэн. Хүрээ улс төрийн давалгаа, шинэ ирмүүн оргилд тэмүүлэн буцалж байв” хэмээгээд “1911 оны 12 дугаар сарын 11-нд Хятадаас Халх тусгаарлаж, Монголын тусгаар тогтнолоо тунхагласан түүхэн үйл явдал болов” гэж бичжээ. Түүний цааш өгүүлснээс үзвэл Семенов яг 1911 оны 12 дугаар сарын 29-ны үйл явдалд оролцоогүй байх магадлалтай байгаа юм. Харин энэхүү Монгол тусгаар тогтнолоо тунхагласан түүхэн үйл явдал гэдэг нь Сандоо амбанг хөөж явуулсаныг хэлсэн байж болох талтай юм.

Харин Семенов Сандоо амбанг хамгаалж, Монголын нутгаас хойш хил гаргах хүртэл явсан нь тун үнэн бололтой нь цааш өгүүлэх хэсгээс тодорхой харагдаж байна. Тэрбээр өгүүлэхдээ “Манай консулын тушаалаар би казак салааныхаа хамтаар Хүрээн дэх Хятадын Амбанг хамгаалах үүрэг хүлээв. Түүний ордон үймсэн олон монголчуудын хөлд өртөх аюул тулгараад байв. Ухаангүй айсан амбанг манай консулын газар авчрав. Цааш нь би өрнөж буй үйл явдалд өөрийн санаачилгаараа орж, Хүрээн дэх зэвсэглэсэн хятад цэргүүдийн байдал нь монголчуудын дургүйг улам хүргэж, улмаар мөргөлдөөнд хүрч болзошгүйг ажиж, өөрийн казах салаагаараа хятад цэргүүдийн зэвсгийг хураалгав. Зэвсгээ хураалгасан хятад цэргүүд цэргийн хувцсаа тайлж, энгийн хүмүүс болон цугласан олон дотор орж, элдэв чирэгдэл гаргаагүй юм. Үүний дараа Дайчингийн банк руу халдаж болзошгүй мэдээ авч, өөрийн салааг аван тийш очиж, банкинд хүрч, чингиснээрээ болох байсан дээрэм хийгээд банкны ажилтнуудыг учирч болох байсан халдлагаас хамгаалж чадсан юм. Энэ үйлдлийнхээ төлөө би цэргийн удирдлагаасаа сайшаал хүртэж, хэдэн өдрийн дараа Хүрээнд тайван байдал, дэг журам тогтооход үзүүлсэн дэмжлэгийг талархсан Тойргийн штабаас цахилгаан авсан билээ. Гэвч манай консул монголчуудын хэрэгт миний ийнхүү оролцсон явдал нь дотоод хэрэгт нь оролцсон хэмээн буруутгагдах шалтаг болж болзошгүй хэмээн үзсэн юм. Иймээс Гадаад хэргийн яамнаас шаардсанаар би Хүрээг 48 цагийн дотор орхих хэрэгтэй болов” хэмээжээ. Түүнээс гадна тэрбээр “Хүрээнд байсан манай зуутын нэр хүнд хийгээд миний удирдлага дор үйл хэрэгт оролцсон нэгэн салааны үйлдэл нь Хүрээнд дэг журам сахиулахад хангалттай байсан ба хувьсгалт хөдөлгөөнийг тодорхой хүрээгээр өрнүүлэх боломжтой болгосон юм” хэмээн өгүүлжээ.

“11 дүгээр сарын 19-нд Чин улсын банкны Хүрээний салбар хаагдаж, түүний бүх албан хаагч нь Орос захиргааны хяналтад байна” хэмээн тухайн үед хятад хэл дээр гарч байсан “Гуанхуа жибао” хэмээх сонинд бичснээс үзвэл Семеновын дурссан нь үнэнтэй хэмээн үзүүштэй. Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хааны сэнтийд өргөмжлөөд, улсын цолыг Монгол, оны нэрийг Олноо өргөгдсөн, Их Хүрээг Нийслэл Хүрээ хэмээн нэрийдэж, ХХ зууны эхээр Ази тивд Монгол Улс сэргэн мандсаны шинэ түүх эхэлжээ.

ИТГЭЛТ ХАМБА ЛАМ ДАШДОРЖООС БОГД ХААНД ИРҮҮЛСЭН БАЯРЫН БИЧИГ

Төр улс, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласныг даяар олноо тунхаглан зарлах төрийн ёслолыг 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний билигт сайн өдөр нийт монгол үндэстний төлөөллийг оролцуулан өргөн тэмдэглэв. Энэхүү төрийн ёслол нь монгол үндэстний хувьд эв нэгдлийн шинж, тусгаар улсын шинж, үндэстэн улсын шинжийг илэрхийлж байлаа. Тиймээс Богд хааны зарлигаар төрийн ёслолд ар, өмнөд монгол, буриад гээд нийт монгол овогтны төлөөллийг оролцуулахад онцлон анхаарчээ. Энэхүү түүхэн үйл явдал олон монголчуудын сэтгэлийг сэргээсэн бөгөөд тэдний дотор буриадууд багтаж байв. Иймээс 1912 оны 12 дугаар сард Дорнод Сибирийн буддистуудын оюун санааны удирдагч, Бандида хамба лам Дашдорж бээр бүх буриадууд болон Сибирийн бурхны шашинтуудын өмнөөс Богд гэгээнтэнд Монгол Улсын эзэн хаанаар өргөмжлөгдсөн явдалд халуун баяр хүргэсэн байна. Итгэлт хамба лам Дашдорж бээр Ар Байгалийн мужийн цэргийн захирагч Чиликовоор дамжуулан Эрхүүгийн Генерал губернатораас зөвшөөрөл авахаар 1912 оны 12 сарын 29-нд ирүүлсэн байна. Уг бичигт Эрхүүгийн генерал губернатор Егермейстер Князев өгсөн 1913 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн хариундаа “Миний талаас татгалзах зүйлгүй” хэмээн хариу өгчээ. Итгэлт Хамба лам Дашдоржийн тэрхүү баяр хүргэсэн бичгийг монгол, орос хэлээр хүргэх нь зүйд нийцэх болов уу. Учир нь уг бичиг орос хэлээр шийтгэсэн байх бөгөөд өчүүхэн хүн монгол хэлээр хөрвүүлэн хүргэж буй юм.

ЭРХЭМСЭГ ГЭГЭЭНТЭН, АГУУ БОГД ХААН

Би, Эзэн хааны зарлигаар Агуу Орос улсын Дорнод Сибирийн бурхны шашинтнуудын оюун санааны удирдагчаар томилогдсон Бандид Хамба лам Дашдорж бээр хувиасаа болон бүх буриадууд, Өндөр гэгээний жинхэнэ ариун хувилгаан дүр, шашныг мандуулагч хэмээн ТАНЫГ үеэс үеэд шүтэж ирсэн бурхны шашинтнуудын нэрийн өмнөөс Бидний цусан төрөл, шашин нэгт монголчуудыг олон зуун жилийн хүнд бэрх хятадын дарлалаас амжилттай салж, тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, ЭРХЭМСЭГ ГЭГЭЭНТЭН ТАНЫГ монголчуудын эх орны ДЭЭД ЭЗЭН ХААНЫ ӨНДӨР Ширээнд өргөмжлөгдсөнийг тохиолдуулан ЭРХЭМСЭГ ГЭГЭЭНТЭН ТАНАА чин сэтгэлийн баяр хүргэж, эрдэнэт алтан өлмий тань олон зунаар өнө батдаж, түмэн овогтноо гэрэлт ирээдүйд хөтөлсөн, дэлхий ертөнцийн агуу, хүчирхэг эздийн нэгэн болсон манай БААТАР ЦАГААН ХААН НИКОЛАЙ АЛЕКСАНДРОВИЧИЙН эелдэг мэргэн ивээлийг хүртсэн, сэргэн мандсан Монголын хаант улс нь амар амгалан хөгжин цэцэглэхийн өлзийтэй ерөөлийг өргөн барих нь өөрийн ёс суртахууны үүрэг хэмээн үзэж байна.

1912 оны 12 дугаар сар, Галуут нуурын дацан, Дорнод Сибирийн Ламын шашинтны Бандид хамба лам Итгэлт

Монгол Улсын эзэн хаан Богд Жавзандамба хутагт Буриадын итгэлт хамба ламаас ирүүлсэн баярын бичгийг элч төлөөлөгчдөөс хүлээн аваад, түүнд Монгол Улсын төрийн дээд шагнал Эрдэнийн Очир одон шагнаж, элч төлөөлөгчдийг мөн шагнаж урамшуулсан байна. Буриадын бурхны шашны тэргүүн Бандид хамба ламд Эрдэнийн очир одон олгосон Монгол Улсын хааны 1913 оны зарлигийг толилуулбаас,

Монгол Улсын эзэн, шашин төрийг хослон баригч, наран гэрэлт хаан Жабзандамбын лам бээр:

Их Орос их баатар цагаан хааны зарлигаар тавигдсан зүүн Сибирь дэх орны бурхан шагжамуны тэргүүн Бандид хамба лам хийгээд шагжамуны бурхны шашныг шүтэгч Буриад Монголын бүгдийн сайныг лавлахын учир эдүгээ та бүхэн уг язгуур үндэс ба нэг бурхны шашныг шүтсэнээн бодон хөгжүүлж, миний биеийг Mонгол Улсыг мандуулан хаан ширээнд суусанд баясгаланг илтгэн бичиг хүргэж тухайд хүн зарж илгээсэнд би бээр ихэд баясаж хүлээн авав.

Эрхэм Бандид хамба тэргүүн шагжамуни бурхны шашныг шүтэн түүний ёсыг гол болох олон та бүхнээр хамаг амьтны тусын тулд дөрвөн цаглашгүйн үүднээс номлол бүтээлийн шашныг улмаар бадруулан дэлгэрүүлж хэзээ ямагт харшлахын шалтгаан үгүй зохилдохын шалтгаан зөндөө бүтсээр нас буян иш онолын эрдэм агуу хүчин цог учрал бүхэн улам улмаар шинийн сар мэт арвидан дэлгэрч баяр билэг хослон амгалан жаргалан лугаа төгөлдөр оршсоор байх ба бас ч та бүхний эзэн их баатар Цагаан хааны хутаг урт, төр нь бат, албат бүхэн амгалантай байтугай хэмээн чухаг дээд гурван эрдэнэд залбирсаар буйг сонсохоос гадна эрхэм Бандид хамбад шашныг хүндлэгч цол, тэргүүн зэрэг Эрдэнийн очир, зарагдан ирсэн ширээт цорж Шагжид хамбын янба, дэд зэрэг эрдэнийн очир, цорж Нянбууд цоржийн янба, гутгаар зэрэг эрдэнийн очир, түшмэл Гомбожавт гүнгийн зэрэг жинс, дэд зэрэг эрдэнийн очир, гавж Пэлжинд хувилгааны янба тус тус шагнасан явдлыг мэдэгдэж үүний тул хариу бичиж илгээв. Олноо өргөгдсөний гуравдугаар он, Зуны дунд сарын сайн өдөр Эрдэм Итгэмжит сүмд бичив” хэмээжээ. Энэ удаа Богд гэгээнд буриад зон хэрхэн хандаж байсан хийгээд Бурханы шашинт буриадуудын нэрийн өмнөөс Бандид хамба лам Дашдоржийн Монгол тусгаар тогнож, улсын эзэн хаанаараа Богд Жавзандамба хутагтыг өргөмжилсөнд баяр хүргэсэн явдлыг онцлон тэмдэглэхийг зорьсон болно. Хэдийгээр олон зуун жил хилээр хязгаарлагдаж, тус тусдаа оршиж байсан хэдий ч буриад зоны өмнөөс “цусан төрөл, шашин нэгт монголчууд”-даа олон зуун жилийн хүнд бэрх харийн дарлалаас амжилттай салж, тусгаар тогтнолоо тунхаглан зарласанд нь баяр хүргэсэн онцгой нэгэн үйл явдал мөн юм.

Түүхийн шинжлэх ухааны доктор О.БАТСАЙХАН

Categories
мэдээ нийгэм

Нэг мянга дугаар хүн

Тэрээр Мянга дугаар хүн юм. Яг зөвөөр нь дуудах юм бол Нэгмянга дугаар хүн. Нэгмянга, нэгзуу гэж хэлж болдог. Гэтэл арвыг “нэг арав” гэдэггүй, зүгээр л “арав” гэнэ. Ингэхээр “Нэг” гэдэг цөөн тохиолдох учиртай тоо хэмээн тэрээр их л билэгшээдэг юм. Иймээс Нэгзуу дугаар хүний хамтаар Нэгдүгээр хүнтэй гурвуулхнаа уулзан ярьж хөөрөх юмсан гэсэн бодол түүнд олон жилийн өмнө анх төржээ. Энэхүү бодол мөрөөдөл нь цаг улирах тутам улам хөгжсөөр, чухам юу ярилцах тухай цогц төлөвлөгөө болсон. Тэр байтугай хэзээ ч харж байгаагүй Нэгдүгээр хүн юу хэлэх, ямар асуулт асуух, өөрийнх нь асуултад хэрхэн хариулах зэргийг ч сэтгэлдээ төсөөлөн цээжилчихсэн. Гурвуулаа уулзаж байгаа сценари олон ч удаа зүүдэнд нь орж ирж байлаа.

Түүний Нэгдүгээр хүнтэй уулзаад ярилцах сэдэв явцын дунд их өөрчлөгдсөн. Тэрээр сэдвээ янз янзаар өөрчилсөөр эцэст нь яг таг дөрвөн асуудал хөндөхөөр шийджээ. Үүнийгээ цаасан дээр бичиж бүр тогтчихсон. Гэхдээ бас нөөц бий. Хэрэв яриа сунжрах, Нэгдүгээр хүн илүү завтай байх юм бол нөөцөнд хадгалсан цаана нь зургаан сэдэв байгаа, бүгд нийлээд арав болох учиртай юм. Нэгдүгээр хүн мэдээж зав муутай байж таараа, иймээс өөрийнхөө ярих зүйлийг цаасан дээр буулгаад эргүүлээд түүнээ маш их товчилсон. Найруулга зүйн талаас ч их анхаарлаа. Бүх сул үгүүдийг нь хаслаа. Сэдэв болгоныг ингэж цэгцэлснээр нэг асуудлыг гурван минутад багтаахаар шийдэв. Энд ч бас жоор бий. Тухайлбал Нэгдүгээр хүн тодруулж асуувал сэдвийг арван минут хүртэл сунгах хувилбарыг ч боловсруулсан. Мөн Нэгдүгээр хүн яг аль талаас нь асууж болох талаар ч бодолцсон юм. Нэгдүгээр хүний асууж болох арван янз хувилбарыг жагсаагаад тэдгээрт нь хэрхэн хариулахаа ч төлөвлөсөн. Түүний бодлоор Нэгдүгээр хүнтэй ярилцах дөрвөн сэдэв бол өргөн олонд хамаатай маш чухал асуудал юм. Олон түмэнд тулгараад байгаа эдгээр асуудлыг зөвхөн Нэгдүгээр хүн л шийднэ. Нэгдүгээр хүнгүйгээр эдгээр дөрвөн асуудал байтугай нэмэлт зургаан асуудлыг ч хэн ч шийдэж чадахгүй. Олон түмний төлөө л эдгээр асуудлыг Нэгдүгээр хүнд хэлж дуулгах гэж байгаа болохоос өөрийнх нь хувийн асуудлаар ганц үсэг ч байхгүй.

Энэ завсар Нэгмянга дугаар хүн маань ярианд хамтран оролцох нигуртай Нэгзуу дугаар хүнийг олон жил хайсан юм. Үнэхээр үүнд олон жилээ зарцуулсан, даанч олдоогүй. Ингээд энэ бодлоосоо няцсан юм. Уг нь гурвын гурван “нэг” хамтарч яривал билэгдэл талаасаа тун дажгүй байх байсан юмсан.

Мань хүн, Нэгдүгээр хүний талаар ч хэдэн жил ажиг сураг тавьсан. Түүнийг амьдаар нь хэзээ ч хараагүй боловч зураг нь энд тэндгүй өлгөөтэй байдаг болохоор уулзах дээрээ тулбал шууд л танина. Харин тэрхүү завгүй хүнтэй уулзах бололцоо бараг байхгүй. Түүнтэй уулзахад есөн зуун ерэн есөн даваа бий гэдгийг сайн мэднэ. Тиймээс есөн зуун ерэн есөн бэрхшээлийг товчилж шууд уулзах арга хайжээ. Амьдардаг газрыг нь мэдсэн, харуул хамгаалалтынх нь дэглэм журмыг ч сайтар судалсан. Шөнөжин асаалттай байдаг ажлын өрөөнийх нь цонхыг ч тогтоож авсан. Хэдэн цагт хаагуур яаж дотогш орохоо ч төлөвлөжээ.

Нэг өдөр Нэгмянга дугаар хүн юутай ч Нэгдүгээр хүний ажлын өрөөнд нэвтэрч дөнгөжээ. Асар том тасалгааны хананд Нэгдүгээр хүний том хөрөг байна. Энэ бол гудамж болгонд өлгөөтэй, наалттай байдаг тэр л хөрөг. Том тасалгаанд өөр юу ч байсангүй. Нэгмянга дугаар хүн машид гайхан том өрөөн дундуур удтал холхин, элдэв нууц хаалга, товх товруу байгаа эсэхийг шалган хайлаа. Тэрээр угийн сэргэлэн ухаалаг хүн учир эцэст нь ерөөсөө Нэгдүгээр хүн гэж огт байдаггүйг ухаарав. Мань хүн зөв логик дүгнэлт хийх өндөр чадвартайгаас гадна маш өөдрөг нэгэн учир гомдож цөхрөхийн оронд харин ч эндээс баярлах шалтгаан оллоо. Юу гэвэл тэрээр одоо Мянга дахь хүн биш харин бүхэл бүтэн НЭГ орон доошилж Есөн зуун ерэн ес дугаар хүн болжээ.

Тус нийгэм нийтдээ мянган хүн амтай юм.

Categories
мэдээ нийгэм

Д.Чойжамц хамба “Цагаан сар хоёрдугаар сарын 27-ндоо болно” хэмээн айлдсныг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы нэгдүгээр нүүрт Гандантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамцын ярилцлага нийтлэгджээ. Тэрбээр “Төгс буянтын зурхай бол монголчуудын ахуй амьдралд зохицсон сарны тоолол, тиймээс цагаан сар хоёрдугаар сарын 27-ндоо болно” хэмээн айлдсан байна.

УИХ-ын гишүүн Б.Жавхангийн ярилцлагыг мөн тэргүүн нүүрээс хүлээн авна уу. Б.Жавхлан гишүүн “Дотоодынхондоо эрсдэл учруулахгүйгээр Хөрөнгө оруулалтын банкны хуулийг батална” гэжээ.

“Улс төр” нүүрт Д.Дамба-Очир гишүүн “Утаатай тэмцэх нэрээр хүний зовлон дээр мөнгө хийх гэсэн бодолтой хүмүүс байна” хэмээн ярьжээ.

“Эхлээд тойрог бүрээ Эрдэнэ вангийн хошуу шиг болгочих” нийтлэлийг хоёрдугаар нүүрээс уншаарай. УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхээр болов” сурвалжлагыг “Улс төр” нүүрээс хүлээн авна уу.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт Генийн өөрчлөлттэй хүнсний тухай Баабар өгүүлжээ.

Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Монгол Улсын эдийн засгийн төлөв эерэг сайн байгаа” тухай дөрөвдүгээр нүүрт ярьсан байна.

Таван толгойн цахилгаан станцын барилгын ажил энэ ондоо багтаж эхлэх тухай сэтгүүлч Ц.Баасансүрэн мэдээлжээ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг “Хүүхдээ асарч байгаа эцэг эхийн цалинг бүтнээр бодно” хэмээн ярьсан байна. Ханиад томуу ихэссэнтэй холбоотойгоор ийм арга хэмжээ авч байгаа юм.

Харин “Дэлхийн мэдээ” Грекийн Элчин сайдын эхнэр нөхрөө захиалгаар хөнөөсөн мэдээллийг онцолжээ.

“Удам судар” буланд “Сэрэлт” киноны Бумаа буюу жүжигчин Т.Цэвээнжавын хүү Б.Батцэвээн уригдаж ээжийнхээ тухай бага нас, кино урлагийн тухай хуучилсан байна шүү.

П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагвыг дахин амлаж “олныг баясуулагч” хэмээх монгол бөхийн цэнгэл баярыг мэдрүүллээ хэмээн нийтлэлч Н.Гантулга бичсэн байна. Энэ тухай 13 дугаар нүүрээс уншина уу.

Гааль татвар санхүүгийн мэдээлэл, технологийн төвийн Г.Ариунбат “Иргэд нэг мэдээллээ л дутуу оруулбал НӨАТ-ын буцаан олголтыг авч чадахгүй” хэмээн сэрэмжлүүлсэн байна лээ.

Categories
мэдээ улс-төр

2017 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөх хуулиуд

Хууль тогтоомжийн тухай хуулийг 2017-01-01-нээс эхлэн дагаж мөрдөнө. http://legalinfo.mn/law/details/11119?lawid=11119

Органик хүнсний тухай хуулийг 2017-01-01-нээс эхлэн дагаж мөрдөнө. http://www.legalinfo.mn/law/details/11884

Ирээдүйн өв сангийн тухай хуулийг 2017-01-01-нээс эхлэн дагаж мөрдөнө. http://www.legalinfo.mn/law/details/11707?lawid=11707

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль http://www.legalinfo.mn/law/details/33?lawid=33

18.1.Албан татвар төлөгчийн дараахь орлогыг албан татвараас чөлөөлнө:

18.1.5. Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7.1.1-д заасан ногдол ашиг.

/Энэ заалтыг 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтад 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

19 дүгээр зүйл. Албан татвараас хөнгөлөх

19.12.Аймаг, сумын төв нь нийслэл /Улаанбаатар/ хотоос 550 км-ээс хол байршилтай аймаг, суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг, бүртгэлтэй, орон нутгийн төсөвтэй харьцдаг, гурваас доошгүй ажлын байр бий болгож /нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан/ байгаа энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан албан татвар төлөгчийн энэ хуулийн 7.3-т заасан татварт ногдох орлогын албан татварыг 550 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар хөнгөлнө.

/Энэ хэсгийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд дагаж мөрдөхөөр заасан/

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох тухай http://www.legalinfo.mn/law/details/566

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2016 оны дөрөвдүгээр сарын 20-ний өдрийн 04 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 1,428 төгрөг 60 мөнгө буюу сард 240,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоож 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр шийдвэрлэлээ. Энэ нь өмнөх хэмжээнээсээ 25 хувиар нэмэгдэж байгаа юм. http://www.legalinfo.mn/details/562

Categories
мэдээ соёл-урлаг

Зураач, керамикч хоёрын үзэсгэлэнд саатаарай

Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд зураач Х.Содномцэрэн, керамикч У.Одмаа нарын бие даасан үзэсгэлэн нээгдэв. 80 гаруй бүтээл бүхий уг үзэсгэлэн энэ сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжлэх аж.

Зураач Х.Содномцэрэн үзэсгэлэнгээ “Миний ертөнц-3” гэж нэрлэсэн бөгөөд өмнөх үзэсгэлэнгүүд нь 2005 болон 2012 онд олны хүртээл болж байжээ. Тэрбээр энэ удаагийн үзэсгэлэндээ үндэсний уламжлалыг орчин үеийн арга барилтай хослуулан өнгөний дагнаас, зураасны давтамж зэрэг өвөрмөц хэллэг бүхий бүтээлүүд тавихыг зорьсон байна.

Тэрээр СУИС-д 20 гаруй жил багшлан олон авьяаслаг уран бүтээлч бэлтгэжээ.

Керамикч У.Одмаа 2010, 2015 онуудад Солонгос улсын Тэжон хотноо бие даасан үзэсгэлэнгээ толилуулж байсан залуу уран бүтээлч бөгөөд бүтээлдээ бурханы мутар, дүр төрх, бясалгал хийгээд бурханлаг байдлыг өөрийн өнцгөөс харан дэр, гинж зэрэгтэй хослуулан хийдэг онцлогтой.