Categories
мэдээ улс-төр

Нэр дэвшигчид Дундговь аймагт ажиллаж байна

Ардчилсан намын даргад нэр дэвшиж буй
таван нэр дэвшигч Дундговь аймгийн АН-ын гишүүд дэмжигчидтэйгээ уулзалт
хийж байна. Энэ удаагийн намын даргад нэр дэвшигчид хамтдаа
сурталчилгаагаа хийж байгаагаараа онцлогтой. Оны өмнө таван нэр
дэвшигчид зүүн таван аймаг, Багануур дүүрэгт сурталчилгаагаа хийсэн.

Намын даргын сонгуультай холбоотойгоор
АН намынхаа гишүүдийн бүртгэлийг шинэчилж байгаа. Шинэчилсэн бүртгэлд
хамрагдсан гишүүд намын даргын сонгуульд саналаа өгөх эрхтэй болох юм.
Өнөөдөр авсан мэдээллээр АН-ын гишүүдээс 40 мянга нь гишүүний шинэчилсэн
бүртгэлдээ хамрагджээ. Намын гишүүдийн шинэчилсэн бүртгэл маргааш буюу
нэгдүгээр сарын 6-ны өдөр дуусна.

Categories
мэдээ спорт

Харүмафүжи Д.Бямбадорж оны шилдэг сүмоч болжээ

Харүмафүжи
Д.Бямбадорж оны шилдэг сүмоч болжээ. Тэрбээр, Японы спортын өдөр тутмын
хэвлэл болох “Хойчи Шимбү” сонины газар 2016 оны шилдэг сүмочийг
шалгаруулсан бөгөөд тус шалгаруулалтын эцсийн шатанд ёкозүна Хакүхо
М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж болон озеки Кисеносато нар
шалгаран үлджээ.

Ийнхүү 70 дахь
ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж шилдгээр шалгарсан байна. “Хойчи Шимбү”
сониныхон түүнийг 2016 онд болсон бүх башёд тогтмол өндөр амжилт
үзүүлсэн хэмээн үнэлж энэхүү шагналыг хүртээсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Ирэх амралтын өдрүүдэд цастай байна

Булган аймгийн нутаг орчмоор ирэх бямба гарагт, ням гарагт нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно.

Салхи баруун хойноос 5-10м/с, 7-8-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с
хүрч явган шуурга шуурна. Нэгдүгээр сарын 4-өөс 9-ний хооронд шөнөдөө
20-25 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Нэгдүгээр сарын 8-наас
хүйтний эрч бага зэрэг чангарна. Өнөө өглөөний байдлаар Хангал, Тэшиг
сумдад цасны зузаан 23 см, Бугат, Булганд 16 см байгаа нь аймгийн
хэмжээнд хамгийн зузаан байна.

Харин Дашинчилэн суманд 4 см, Могод, Бүрэгхангайд 3 см, Хишиг-Өндөр суманд 2 см зузаан байгаа нь хамгийн нимгэн хэсэг байна.

Categories
мэдээ улс-төр

Импортын бүтээгдэхүүний татварыг нэмэх замаар зах зээлээ хамгаалах боломжтой гэв

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны
өнөөдрийн хуралдаанд Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн хэрэгжилт,
хүнс, хөнгөн аж үйлдвэрийн хөгжлийн талаар танилцуулга хийлээ.

2009 онд УИХ жижиг дунд үйлдвэрлэлийн ажлын байрыг нэмэгдүүлэх,
импортыг орлох, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор
тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гааль болон бусад татвараас чөлөөлөх
асуудлыг шийдвэрлэжээ. 2009-2016 онд давхардсан тоогоор 20.1 мянган
иргэн нийт 37.5 тэрбум төгрөгийн гаалийн, 78.8 тэрбум төгрөгийн НӨАТ-ын
хөнгөлөлт эдэлсэн байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бага хүүтэй,
урт хугацаатай зээлийн дэмжлэг үзүүлэх эргэлтийн санг байгуулж,
2009-2016 онд 745.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Энэ
зээлийн 85.3 хувийг эргэлтийн хөрөнгөө нэмэх, тоног төхөөрөмж худалдан
авахад зарцуулсан ба тухайн аж ахуйн нэгжийн ажлын байр, хүчин чадал
нэмэгдсэн, дэвшилтэт технологи нэвтрүүлсэн, зах зээлээ өргөтгөснөөр
борлуулалтын орлого 20-30 хувиар нэмэгдсэн гэсэн дүн мэдээ бий. 2011
оноос эхлэн Сум хөгжүүлэх сангаар дамжуулан жижиг дунд үйлдвэрүүдэд 1-3
хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээл олгосон. Үүний үр дүнд орон
нутагт 9272 үйлдвэр шинээр байгуулж, 13 мянга 909 цех үйл ажиллагаагаа
өргөтгөн, 32.9 мянган ажлын байр бий болгож, 20.7 мянган ажлын байрыг
хадгалж үлдсэн гэдгийг П.Сэргэлэн сайд танилцуулгадаа дурьдав.

Тэрбээр, “Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль баталснаар
2012-2016 онд 441 зээлдэгчийн 95.3 тэрбум төгрөгийн зээлд 39.1 тэрбум
төгрөгийн батлан даалт гаргасан байна. Нийт батлан даалтын 79.6 хувь нь
Улаанбаатарт, 20.4 хувь нь орон нутагт байна. “Монголд үйлдвэрлэв”,
“Бүтээлч Монгол” нэрийн бүтээгдэхүүн, төрийн худалдан авалтад нийлүүлэх
үндэсний бүтээгдэхүүн зэрэг үзэсгэлэн худалдаа зохион байгуулах ажлыг
тогтмолжуулж байна. Төрийн өмчийн худалдан авалтад дотоодын
бүтээгдэхүүнийг түлхүү нийлүүлэх зорилгоор ТӨБЗГ-тай хамтран ажиллах
Санамж бичиг байгуулсан. Ингэснээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид
бүтээгдэхүүнээ борлуулах боломж нэмэгдэх юм.

Хүнсний үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 2000 орчим аж
ахуйн нэгжид 13 мянган иргэн ажиллаж байна. Хүнсий боловсруулах
салбарын нийт үйлдвэрлэл 2016 оны 11 дүгээр сарын байдлаар 941.1 тэрбум
төгрөгт хүрсэн. Дотоодын хүнсний хэрэглээний гол 8 нэр төрлийн
бүтээгдэхүүний 78 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байгаа юм.
Хүнсний салбарын үйлдвэрлэлийг дэмжих бодлого, арга хэмжээний үр дүнд
хүнсий импортын хэмжээ жил дараалан буурч байгаа” хэмээв.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүнс, хөдөө аж
ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах зорилго дэвшүүлсэн
бөгөөд мах сүүний анхдугаар аяныг шинээр эхлүүлж, Атрын III аяныг
үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна. Салбарын яамнаас аймаг, нийслэл, сум
суурин газруудын хэрэгцээнд тохирсон орчин үеийн дэвшилтэт технологи
бүхий бага, дунд оврын хүнсний боловсруулах загвар үйлдвэр байгуулах
зорилт тавин ажиллаж байгаа аж. Түүхий эд бэлтгэн нийлүүлэлтээс эцсийн
бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх үе шатыг боловсронгуй болгох, дотоодын
зах зээлийг хамгаалах чиглэлээр “Үйлдвэржилт 21:100”, “Ноолуур” үндэсний
хөтөлбөр боловсруулахаар төлөвлөж байгааг дурьдлаа.

Танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүд санал хэллээ.
Тухайлбал, хилийн бүсийн дагуу хөрш орнуудтай үзэсгэлэн худалдаа зохион
байгуулж, дотоодын бүтээгдэхүүнийг сурталчлах хэрэгтэй гэдгийг байнгын
хорооны дарга Д.Тэрбишдагва болон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нар
хэллээ. Мөн Х.Болорчулуун, С.Чинзориг, Л.Болд гишүүн “Гадаад орнууд
дотоодын зах зээлээ хамгаалахын тулд импортын бүтээгдэхүүний гаалийн
татварыг өндөр тогтоодог. Монгол, БНХАУ болон ОХУ Дэлхийн худалдааны
байгууллагын гишүүн орон. Уг байгууллагын гишүүн орнуудын гаалийн татвар
ижил хэмжээнд байдаг. Тиймээс хөрш орнуудын гаалийн татварыг судлан,
өөрийн татвараа нэмэх замаар импортын бүтээгдэхүүнээс дотоодын зах
зээлээ хамгаалах хэрэгтэй” зэрэг санал хэллээ.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүдийн гаргасан саналыг нэгтгэн
ХХААХҮЯ-нд чиглэл өгөхөөр төлөвлөж байгааг байнгын хорооны дарга
Д.Тэрбишдагва хуралдааны төгсгөлд дурьдав.

Categories
мэдээ нийгэм

Оны эхний өдөр мэндэлсэн хүүхдүүдэд бэлэг өгчээ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын гэр бүлээс 2017 оны нэгдүгээр сарын 1-нд төрсөн хүүхдүүдэд гарын бэлэг өгчээ.

Он солигдох мөчид Монгол Улсын хэмжээнд 121 хүүхэд мэндэлснийг ЭМЯ-наас мэдээлсэн.

Засгийн газрын тэргүүний гэр бүлийнхэн эдгээр шинэ иргэнд өгөх бэлгээ Үндэсний үйлдвэрлэгч “EXCLUSIVE” компаниас сонгожээ.

Ерөнхий сайд болон тэдний гэр бүлийнхэн үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг илүүд үзэж байгаа аж.

Ерөнхий сайд бэлгийн хамт илгээсэн мэндчилгээндээ:

Эрхэм дүү ….. Танаа

Удам судрынхаа нэр хүндийг өргөж
Ураг элгэндээ өрх, бүл нэмэн
Ухаант дээдсийн өв эрдмийг дээдлэн
Улс Монголынхоо гал голомтыг бадраах
Уужим саруул ухаантай сайн хүмүүн болоорой

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Жаргалтулгын ЭРДЭНЭБАТ-ын гэр бүлээс

2017.01.01 гэжээ.

Шинээр мэндэлсэн 121 хүүхдэд илгээсэн бэлэг:



Categories
мэдээ улс-төр

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг энэ онд шинэчлэн өргөтгөнө

Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн
хөгжлийн сайд Д.Ганбат засаг төрөөс дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааг
оновчтой хэрэгжүүлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн
нарийн бичгийн дарга болон харьяа байгууллага, бодлогын газрын дарга
нартай 2017 оны үр дүнгийн гэрээг өнөөдөр байгууллаа. Энэхүү гэрээнд
шинэ ондоо хэрэгжүүлэх 7 зорилт, 26 арга хэмжээний хүрээнд хийгдэх 192
ажлын төлөвлөгөө багтсан юм. Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, зам
тээврийн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, үр ашгийг
нэмэгдүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн томоохон ажлуудыг хийхээр энэхүү
гэрээнд тусгасан байна.

Үр дүнгийн гэрээ байгуулах үеэр сайд
Д.Ганбат “Бүрэн хангалттай үнэлгээ авч, үр дүнгийн гэрээгээ байгуулж
байгаа нийт удирдлагууддаа баяр хүргэж, Монгол Улсын Засгийн газрын үйл
ажиллагааны хөтөлбөрийг бүтээлчээр хэрэгжүүлж ажиллахыг хүсье. Засгийн
газраас зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр дүн та
бүхнээс ихээхэн хамаарах тул зөв зорилго, оновчтой зохион байгуулалт,
захиргааны удирдлагаар хангаж, шинээр сэтгэж ажиллах ёстой” хэмээн
онцлон тэмдэглэв.

Мөн Зам, тээврийн хөгжлийн яам 2017
оныг “Бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил” болгон зарласан бөгөөд энэ
хүрээнд томоохон төсөл хөтөлбөрүүдийг хийж, хэрэгжүүлэх талаараа
танилцуулсан юм. Тухайлбал, авто замын салбарт олон улсын авто замын
сүлжээ буюу Азийн авто замын сүлжээний AH4 (баруун босоо тэнхлэгийн авто
зам болох Ярант-Улаанбайшинт) чиглэлийн авто замын барилгын ажлыг
үргэлжлүүлэх томоохон зорилтийг дэвшүүлсэн байна. Мөн бүх аймгийн төвийг
нийслэл хоттой авто замаар холбох, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн
хэсгийг үргэлжлүүлэх, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг шинэчлэн
өргөтгөх, Улаанбаатар Олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн
хурдны авто зам барилгын ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Мөн гэрээний хугацаанд
“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын барилгын ажлыг
үргэлжлүүлж, “Хөөт-Бичигт” чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулан,
барилгын ажлыг эхлүүлэх юм байна. Түүнчлэн Нарийнсухайт—Шивээхүрэн
чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлж, Зүүнбаян – Ханги”
чиглэлийн төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулах томоохон ажлуудыг
төлөвлөж буй. “Богд хан төмөр зам” төслийн ТЭЗҮ, зураг төсөл
боловсруулж, Эрдэнэт – Овоот чиглэлийн төмөр замын барилгын ажлыг
эхлүүлснээр улс орны эдийн засагт ихээхэн ач холбогдолтой талаар
танилцууллаа.

Автотээврийн салбарт Герман, Чех, Польш
улстай олон улсын авто тээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын
хэлэлцээр байгуулах чиглэлээр ажиллана гэдгийг тус яамнаас мэдээлсэн.
Мөн Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд цахим системийг
нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийн бүртгэл хийх, бүртгэлийн дугаар олгох
үйлчилгээнд цахим тогтолцоог бүрдүүлэх, Нийслэлийн нийтийн тээврийн
үйлчилгээнд байгаль орчинд ээлтэй тээврийн шинэ төрөл нэвтрүүлэх ажлыг
эхлүүлэх зэрэг иргэдэд чиглэсэн томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлэх аж.
Замын хөдөлгөөний аюулгүй байдалд аудит хийх тогтолцоог бүрдүүлэх, олон
улсын болон улсын чанартай авто замын дагуу үйлчилгээний байгууламжууд
барьж байгуулах ажлыг эхлүүлэх зэрэг ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам
энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө багтаагаад байна.

Тус яамнаас иргэний нисэхийн салбарт хэд
хэдэн зорилт дэвшүүлж, аймгуудын нисэх онгоцны буудлыг шинэчлэн
өргөтгөх, агаарын замуудыг шинэчлэн тогтооход дэмжлэг үзүүлэхээс гадна
олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийн концессын гэрээ
байгуулахад дэмжлэг үзүүлэх, нисэх буудлыг ашиглалтад оруулахад
холбогдох арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлэх зэрэг томоохон арга
хэмжээг 2017 оны төлөвлөгөөндөө тусгажээ. Мөн зам тээврийн салбарт
мөрдөж буй хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж
батлуулах, тээврийн салбарын төсөл, арга хэмжээг судалж, эрхзүйн
зохицуулалтуудыг хийх зэрэг бодлогын ажлуудыг ч төлөвлөөд байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хятадууд нүүрс тээвэрлэдэг монгол жолоочийн амь насанд халджээ

Өнгөрөгч 2016 оны 12-р сарын 30-ны өдөр
Тавантолгойн нүүрсний ордод нүүрс тээвэрлэдэг байсан монгол жолоочийг
хятад иргэд зодож, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Уг хэргийг
Өмнөговь аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлсэн гэх ба хятадууд
олноороо нийлж монгол жолоочийн амь насыг хөнөөсөн гэдгийг эх сурвалж
мэдээлэв. Дээрх хэрэг гарснаас хойш монголын нутаг дэвсгэрт ажиллаж буй
хятад ажилчид болон монголчуудын дунд ихээхэн үл ойлголцол үүсэх болсныг
орон нутгийн иргэд хэлж байна. Мөн сүүлийн үед Тавантолгойд нүүрс
тээвэрлэх монгол жолооч нар ажилгүй болж эрх нь зөрчигдөх болсон гэв.

Тус
аймагт ийнхүү нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор, Өмнөговь
аймгийн Цогтцэций сумын уурхайгаас Гашуунсухайт боомтын чиглэлийн 245 км
нүүрс тээвэрлэлтийн зам дагуу гэрээт цагдаа нар ажиллаж эхэлжээ. Энэ
талаар Өмнөговь аймгийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн
ахлах дэслэгч Т.Түмэнжаргал “Он гарснаас хойш Цагаан хад орчмын замын
нөхцөл байдал маш хүнд болсон. Уул уурхайн ажил эрчимжсэнээр хилээр
гарах тээвэрлэлтийн машинуудын дугаар 50 км үргэлжилсэн байдалтай
байлаа. Энэ байдлыг Цагдаагийн Ерөнхий газар руу мэдээлснээр Цагаан
хаданд замын цагдаагийн тасаг байгуулахаар болсон” хэмээн ярьжээ.

Categories
мэдээ улс-төр

Татварын 250-иад хөнгөлөлт чөлөөлөлт хэрэгжиж байна гэв

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн
Ж.Ганбаатар нарын 8 гишүүнээс өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас
чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх
эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Ч.Улаан, “Хэдхэн хоногийн өмнө төсвөө баталсан. Гэтэл
төсөв дээр нөлөө үзүүлэх хуулийн төслийг УИХ-ын гишүүн өргөн барьж
байгаа нь зохимжгүй. Засгийн газар төсвийнхөө цогц байдлыг хариуцаж
байгаагийн хувьд Засгийн газар ийм төрлийн хуулийн төслийг өргөн барих
хэрэгтэй. Өнөөдөр 250-иад хөнгөлөлт чөлөөлөлт хэрэгжиж байгаа. Хөнгөлөлт
чөлөөлөлтийн асуудал эмх замбараагүй байна. Тиймээс татварын
бодлоготойгоо уялдуулж хөнгөлөлт чөлөөлөлтийн хуулийн төслүүдийг өргөн
барьдаг байх нь зүйтэй. Ер нь төсөвт нөлөө үзүүлэх эсэх дээр тооцоолж
байж хуулийн төслөө өргөн барих, нөгөөтэйгүүр төсөв баталсаны хойно орж
ирж байгаа учраас ирэх оноос хэрэгжихээр асуудлыг оруулж ирдэг байх
хэрэгтэй. Хэлэлцүүлгийн бэлтгэл хангагдаагүй байгаа тул бэлтгэл
хангагдсан үед үргэлжлүүлж хэлэлцэе” гэсэн саналтай байгаагаа хэлсэн.
Ч.Улаан гишүүний гаргасан саналаар санал хураалт явуулсан ч унасан юм.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа чөлөөлөлт хөнгөлөлтийн асуудлаарх Засгийн
газрын байр суурийг сонссон хойно хэлэлцүүлгийг явуулах хэрэгтэй гэсэн
бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэлэлцдэгээрээ хэлэлцээд явья гэсэн юм.
Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад гишүүд хуулийн
төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхийг 100 хувь дэмжлээ. Гэхдээ Засгийн газар
тооцоогоо гаргаж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Categories
гадаад мэдээ

Филиппиний шоронгоос 132 хоригдол оргожээ

Өнөөдөр Филиппиний Кидапаван хотын шорон руу
зэвсэгт этгээд халдсаны дараа наад зах нь 132 хоригдол тус шоронгоос
оргосон байна.

Хойд Котабато дүүрэгт байрлах уг шоронгийн 9 хуяг халдлагын үеэр амиа
алджээ. Халдлага орон нутгийн цагаар 01:16 цагт болсон байна гэж
Филиппиний “CNN” агентлаг мэдээлэв.

Уг халдлагыг Моро лалын чөлөөлөх фронт /MILF/ бүлэглэл үйлдсэн гэж
шоронгийн удирдлага үзэж байна. Филиппиний төв Засгийн газраас
тусгаарлаж, өргөн автономит эрхтэй болохыг зорьж буй MILF бүлэглэлийн
босогчид болон Филиппиний Засгийн газрын цэргүүдийн хооронд
дэгдсэн мөргөлдөөн хэдэн арван жилийн турш үргэлжилж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслүүдийн гэрэлтүүлгийг шалгаж байна

Замын цагдаагийн албанаас “ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГЭРЭЛТҮҮЛЭХ ХЭРЭГСЭЛД
ТАВИХ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Улсын
хэмжээнд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд Монгол улсын
стандарт MNS 4598:2011 “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих
ерөнхий шаардлага”, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар
хавсралтын 5 дах заалтын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр автомашинд
үйлдвэрээс стандартын шаардлагын дагуу тодорхой тоо, хэлбэр, хэмжээ,
өнгө бүхий гэрэлтүүлэх хэрэгслүүд дээр нэмэгдлээр болон зориулалт
өөрчлөн өөр өнгийн оврын болон улсын дугаарын гэрэл, их гэрэл,
гэрэлтүүлүүр байрлуулсан, хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдсан,
гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл бохирдсон зэрэг зөрчил дутагдлыг
арилгах, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр энэхүү
арга хэмжээг зохион явуулж байгаа юм.

Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 5 дах заалт: 5.
Гэрэлтүүлэх хэрэгсэл 5.1. Гэрлийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах
горим нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй; 5.2. Хол, ойрын
гэрлийн тусгалын тохироо алдагдсан; 5.3. Гадна талын гэрэлтүүлэх
хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг; 5.4.
Үйлдвэрээс тавьсан гэрэл ойлгуур байхгүй буюу бохирдсон; 5.5.
Гэрэлтүүлэг, дохиоллын системийн унтраалга, шилжүүлүүр гэмтсэн. Тайлбар:
Тээврийн хэрэгслийн урд талд улаан, ар талд цагаан өнгийн гэрэл (ухрах
арааны болон улсын дугаарын гэрлээс бусад) буюу гэрэл ойлгуур тавихыг
хориглохоор заасан байдаг гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.