Categories
мэдээ спорт

М.Анхцэцэгийн дүү эгчийгээ залгамжилжээ

Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ Спорт төв ордны “А” тэнхимд үргэлжилж байна. Энэ оны хамгийн анхны улсын аварга гэдгээрээ онцлог тус тэмцээнд 16 багийн 152 туйванч өрсөлдөж байна.

Эмэгтэйчүүдийн 69 кг-д Азийн аварга, залуучуудын дэлхийн аварга М.Анхцэцэгийн төрсөн дүү 12 настай М.Оюу-Эрдэнэ анх удаа өрсөлдөн огцом түлхэлтээр 41, түлхэлттэй өргөлтөөр 51, нийлбэрээр 92 кг өргөн, медалийн оосроос атгаад алдан IV байрт шалгарлаа.

Энэ жинд дүнгээр “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Отгонтуяа аваргалж, “Аврагч” спорт хорооны тамирчин Г.Энэрэл мөнгө, “Хилчин” спорт хорооны тамирчин Д.Бямбадэлгэр хүрэл медаль хүртсэн юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол банк 50000 төгрөгийн дэвсгэрт хэвлэхгүй

Сүүлийн үед Монгол банкийг тавин
мянган төгрөгийн тэмдэгт хэвлэж гүйлгээнд нэвтрүүлэх гэж байгаа тухай
мэдээлэл тархаж байгаа нь огт үндэслэлгүй бөгөөд Монголбанк тавин
мянгатын дэвсгэрт хэвлэхгүй болохыг албан ёсоор дахин мэдэгдэж байна.
Хэдийгээр Монгол банк хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан байр сууриа
илэрхийлж байсан ч ташаа мэдээлэл дахин газар авч, улмаар тавин
мянгатын дэвсгэртийн зохиомол загвар үзүүлж олон нийтийг төөрөгдөлд
оруулж байгааг санаатай байж болзошгүй үйлдэл гэж үзэж байна.

Монгол Улсад шинэ мөнгөн тэмдэгт
гаргахыг УИХ хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ дагуу хэлэлцэн шийддэг
эрх бүхий субьект мөн. Одоогоор Монгол Улсад шинэ мөнгөн тэмдэгт
нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага байхгүй ба эдийн засгийн хүндрэлээс
гарахын тулд том мөнгөн дэвсгэрт хэвлэхэд анхаарах бус харин аль болох
богино хугацаанд эдийн засгаа сэргээхэд гол анхаарлаа хандуулж байгаа
болно.

Иймд иргэд та бүхнийг хуурамч мэдээлэлд автахгүй байхыг хүсье.

Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төв

Categories
мэдээ улс-төр

Дулааны шугам сүлжээг өргөтгөж, хүчин чадлыг нь нэмнэ

Хотын дарга С.Батболд, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар 2017-2020 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ингэснээр нийслэлийн дулаан болон цахилгаан хангамж, агаарын бохирдол,
төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх зэрэг нийт дөрвөн чиглэлд хамтран
ажиллахаар болж байна. Тодруулбал “Засгийн газрын 2016-2020 онд
хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны
хөтөлбөр”-ийн хүрээнд эрчим хүчний чиглэлээрх төсөл арга хэмжээг
хэрэгжүүлэх юм байна.

Энэ үеэр хотын дарга хэлэхдээ, “Нийслэл маань өдрөөс өдөрт тэлж, энэ
хэрээр хотын дэд бүтэц, цахилгаан, дулааны шугам сүлжээг өргөтгөн, хүчин
чадлыг нь нэмэгдүүлэх шаардлагатай бид нүүр тулж байна. Тиймээс
эдгээр асуудлыг шийдэхийн тулд Эрчим хүчний яамтай хамтран ажиллахаар
өнөөдөр санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд дулааны эх
үүсвэрүүдийг нэмэх, шинээр барих, хуучин эх үүсвэрүүдийг өргөтгөхөөр
тусгалаа” хэмээн онцлов.

Улсын хэмжээнд эрчим хүчний 26 үйлдвэр компани цахилгаан, дулаан
үйлдвэрлэх, түгээх, дамжуулах үүрэгтэй ажиллаж буй бөгөөд Шивээ-Овоо,
Багануур, Шарын голын уурхайнууд нүүрсээр хангаж байна.

Categories
мэдээ нийгэм

Цэцэг өвчний вакцин хийж эхэллээ

Булган аймгийн Могод сумын 46 мянга, Гурванбулаг сумын 50-аад мянган хонийг вакцинжуулахаар 30-аад ажлын хэсэг гарчээ.

Булган аймгийн Могод сумын Үнэгтийн хөндий дэх голомт устсан гэж үзээд
хорио цээрийг цуцалсан. Харин бусад хорио цээр хэвээрээ байгаа. Одоогоор
цас их ороогүй тул вакцины ажилд ямар нэгэн саад бэрхшээл гараагүй
хэвийн үргэлжилж байна.

Могод суманд өвчний гаралт намжсан, Гурванбулаг суманд үргэлжлэн
гарсаар байгаа. Дээрх хоёр сумдад нийтдээ гурван мянга орчим
хонь устгалд оруулаад байгаа. Вакцин хийгээд эхлэхээр цаашид өвчний
гаралт намжих байх гэж аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн ярилаа.

Аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Тагнуулын газар,
Нэгдсэн эмнэлэг, Мал эмнэлэгийн ажилтнууд, ХХААг-ын мэргэжилтнүүд,
Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газрууд өвчний голомт, хорио
цээрийн бүсэд ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

С.Зоригийн хэргийн захиалагчийг илрүүлэх ажлын хэсэг байгуулагджээ

С.Зориг агсны амийг хөнөөлгөсөн захиалагчийн хэргийг шалгаж эхэлсэн хэмээн Улсын Ерөнхий прокурорын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Ц.Өлзийжаргал мэдээллээ.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг оны өмнөхөн шүүн хэлэлцэж нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ялын дээд хэмжээ буюу 24-25 жилийн хорих ялыг Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарт оноосон. Энэ хэргээс аллагын захиалагчийн хэргийг ийнхүү тусгаарлаж, захиалагчийг тогтоох хамтарсан ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэгт Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчид багтжээ. Харин С.Зориг агсны амь насанд халдсан хэргүүдэд Нийслэлийн прокурорын газар хяналт тавьж, шуурхай шалгаж, шийдвэрлэх үүргийг хүлээсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Дипломат албаны хуулийг хэлэлцэхийг дэмжив

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын
хорооны хуралдаанаар Дипломат албаны тухай хуулийн төслийг хэлэлцэх
эсэхийг шийдэв. Уг хуулийн төслөөр дипломат албаны хугацааг 4 жил
болгож, дөрвөн дипломат төлөөлөгчийн газрыг татан буулгах, дипломат
ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарах талаар тусгасан байлаа. Байнгын
хорооны гишүүд үг хэлж, асуулт асуусны дараа санал хураалт явууллаа.
Гишүүдийн 85 хувийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.

Дараагаар нь Гамшгаас хамгаалах тухай
хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэллээ. Уг хуулийн
төслийг Ерөнхийлөгчийн санаачлан өргөн мэдүүлжээ. Гамшгаас хамгаалах,
урьдчилсан сэргийлэх тулд сум бүрт Гамшгаас хамгаалах сан байгуулах
талаар тусгасан байна. Өнөөдрийн байдлаар гамшиг тохиолдсон аймаг,
сумдад Засгийн газрын нөөц хөрөнгөөс санхүүжилт гаргадаг аж.

Categories
гадаад мэдээ

Туркэд онц байдлын хугацааг дахин 3 сараар сунгалаа

Туркийн парламент улс орон даяар
зарласан онц байдлын хугацааг дахин 3 сараар сунгахаар
шийдвэрлэлээ. Өнгөрсөн оны долдугаар сарын 15 наас 16-нд шилжих шөнө
тус улсад цэргийнхэн төрийн эргэлт хийхийг оролдсон. Үүнтэй
холбоотойгоор долоодугаар сарын 21-нээс эхлэн улс орон даяар онц
байдал зарласан юм. Түүнээс хойш 10 дугаар сарын 11-нд онц байдлын
дэглэмийн хугацааг дахин 3 сараар сунгаад байсан юм. Энэ хугацаа нь
ирэх 19-ны өдөр дуусах байсан учир дахин сунгалт хийгээд байна.

Туркэд өнгөрсөн онд гарсан бүтэлгүй
төрийн эргэлтийг зэвсэгт хүчний цэрэг офицерүүд зохион байгуулсан юм.
Үүнээс болж Истанбул, Анкара хотод зэвсэгт мөргөлдөөн гарч нийт 246
хүн амиа алдаж 2 мянга орчин хүн гэмтэж шархадсан юм. Туркийн эрх
баригчид төрийн эргэлт хийх гэсэн оролдлогыг АНУ-д амьдардаг Фетуллах
Гюлен болон түүнийг дэмжигчид зохион байгуулж, санхүүжүүлж, үйлдсэн
хэмээн үздэг юм.

Үүнтэй холбоотойгоор АНУ-ын эрх
баригчдаас Гюленийг саатуулж шилжүүлэн өгөхийг шаардсаар байгаа юм.
Цэргийнхний эргэлт хийх гэсэн оролдлогын дараагаар энэ хэрэгт сэжиглэн
нийт 32 мянган хүнийг саатуулан баривчлаад байгаа юм. Онц байдлын
дэглэм нь сэжигтнийг баривчлах журмыг хялбарчилж өгдөг байна.

Categories
мэдээ спорт

Дэлхийн цомын мөсөнд авиралтын тэмцээнд оролцохоор Бээжин хотыг зорилоо

БНХАУ-Бээжин хотноо энэ сарын 7-9-ний өдрүүдэд Мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болно.

Энэхүү тэмцээнд Монгол улсаа төлөөлөн
оролцохоор Спортын мастер Л.Нямбаяр, спортын дэд мастер Н.Хэрлэн,
тамирчин Д.Отгонхүү баг ахалж Монголын уулчдын үндэсний холбооны
тэмцээнт төрөл хариуцсан дэд ерөнхийлөгч Б.Золжаргал нар өнөөдөр Бээжин
хотыг зорилоо.

Дэлхийн цомын тэмцээнд оролцох манай тамирчид Хурд болон, Техникийн гэсэн хоёр төрөлд оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Мөн энэ тэмцээний үеэр Мөсөнд авиралтын шүүгч бэлтгэх олон улсын сургалт зохион байгуулагдах аж.

Categories
мэдээ улс-төр

С.Оюун шүүх хурлын асуудлаар Өргөдлийн байнгын хороонд хандсан ч хүлээн аваагүй гэнэ

С.Оюун давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд гаргажээ. Гэвч түүний хүсэлтийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороо хүлээж аваагүй байна. Учир нь, УИХ шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжгүй тул өргөдлийг нь Улсын дээд шүүх болон Шүүхийн ерөнхий зөвлөлд шилжүүлжээ.

Өмнө нь С.Оюун анхан шатны шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг прокурор, шүүхийн байгууллагад гаргасан ч аль аль нь хүлээж аваагүй юм. Тиймээс тэрээр шүүх хуралд хохирогчоор оролцох байсан ч очоогүй байна.

Шүүх хуралдааны шийдвэр гарсны дараа тэрээр “Хохирогч бид шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэг эргэлзэж байна. Шүүх хуралдаанд хохирогч бидний өмнөөс өмгөөлөгч оролцож байр суурийг маань хууль зүйн үндэслэлтэйгээр тайлбарласан. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэргийн захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч нарт холбогдох хэрэг энэ шүүх хуралдаанаар дуусгавар болоогүй, эцэслэн шийдэгдээгүй гэж үзэж байна” хэмээн мэдэгдэл гаргаж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Томуугаас ингэж сэргийлээрэй