Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хойшлууллаа

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14
цаг 55 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар
Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улсын Их Хуралд
өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт
оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан юм.

Байнгын хорооны хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Монгол
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар уг
хуулийн төсөл Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны эрхлэх
асуудлын хүрээнд багтахгүй. Санхүү, мөнгөний асуудалтай холбоотой учир
Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэгдэх ёстой.

Тиймээс уг асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулж, Эдийн засгийн байнгын
хороотой хамтарсан хуралдаан хийж, хуулийн төслийг хэлэлцэе” гэсэн
горимын санал гаргав. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100
хувь дэмжиж, хуулийн төслийг байнгын хороодын хамтарсан хуралдаанаар
хэлэлцэхээр болж хойшлууллаа гэж УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн өмчит их сургуулиудын удирдах зөвлөлийг шинэчиллээ

БСШУС-ын сайдын тушаалын дагуу төрийн өмчит их сургуулиудын
Удирдах зөвлөлийг шинэчлэн байгуулж эхэллээ. Тодруулбал, энэ сарын 02-ны
өдөр МУИС, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийг шинэчлэн байгуулжээ.

МУИС-ийн Удирдах зөвлөл нийт 15 гишүүний
бүрэлдэхүүнтэй бөгөөд даргаар нь ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич
Д.Рэгдэл сонгогдсон юм. Орлогч даргаар БСШУСЯ-ны Боловсролын бодлогын
газрын дарга Д.Эрдэнэчимэг ажиллахаар боллоо.

ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар БСШУС-ын сайдын
зөвлөх Н.Бэгз, орлогч даргаар БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын
газрын дарга Л.Цэдэвсүрэн нар тус тус ажиллахаар болов.
Харин энэ сарын 03-ны өдөр АШУҮИС, ХААИС, СУИС, МУБИС-ийн Удирдах зөвлөлийг тус тус шинэчлэн байгууллаа.
АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар ШУА-ийн жинхэнэ
гишүүн, доктор Т.Ган-Эрдэнэ, орлогч даргаар БСШУСЯ-ны Хяналт, шинжлэгээ,
үнэлгээ, дотоод аудитын газрын дарга З.Энхболд нар томилогдов.
Харин ХААИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар ШУА-ийн
жинхэнэ гишүүн, доктор Б.Авид, орлогч даргаар БСШУСЯ-ны Санхүү, эдийн
засгийн газрын дарга Д.Батмагнай нар томилогдоод байна.
Мөн СУИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар БСШУСЯ-ны Соёл,
урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, орлогч даргаар А.Дашпэлжээ нар
тус тус ажиллахаар боллоо.
Түүнчлэн МУБИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар БСШУСЯ-ны
Боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар,
орлогч даргаар Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат нар
томилогджээ.
Categories
мэдээ нийгэм

Усан спорт сургалтын төвийг энэ сарын 9-нд дуудлагаар худалдана

2017 онд долоон объектыг дуудлага худалдаагаар худалдахаар болсон.
Тэгвэл эхний ээлжид Усан спорт сургалтын төв, Хан-уул дүүргийн
Захирагчийн албаны хоёр барилга, тус дүүргийн 14 дүгээр хорооны Өрхийн
эрүүл мэндийн төв зэрэг барилгуудыг энэ сарын 9-нд дуудлага худалдаагаар
худалдаалах гэж байна.

Усан спорт сургалтын төвийг худалдаалах эхний үнэ 10 тэрбум 871 сая 620 мянган төгрөг бөгөөд дэнчингийн хэмжээ 1.08 тэрбум төгрөг аж.

Нээлттэй дуудлага худалдаанд оролцох хүсэлтэй хүмүүсийн материалыг
энэ сарын 6-ны 10.30 цаг хүртэл нийслэлийн Өмчийн
харилцааны газарт хүлээн авна.

Categories
мэдээ соёл-урлаг

17 настай монгол хүү Т.Бумчин АНУ-ын үндэсний латин бүжгийн аварга болжээ

Арван долоон настай монгол хүү Т.Бумчин, орос хамтрагч Мишель Клетсийн хамт АНУ-ын үндэсний латин бүжгийн аварга болжээ. Тэд хоёр жилийн өмнөөс хамтран бүжиглэж эхэлсэн байна. Тэднийг Даниэль Гоззи, Сэсилиа Жиовачинн хэмээх хоёр алдартай бүжигчин дасгалжуулдаг аж.

Тэд өмнө нь “Empire Dance” тэмцээнд 21-ээс доош насны ангилалд II,
“International Grand Ball” тэмцээнд латин бүжгийн төрөлд 21-ээс доош
насны ангилалд I, сонирхогчийн латин бүжгийн төрөлд III, “Galaxy
Imperial Championship” шилдэг 100 хосын XXVI, “Killick Royale
Championship” I, “Blackpool” шилдэг 350 хосоос 21-ээс доош насны латин
бүжиг 27, латин бүжгийн сонирхогчийн өсч буй одод ангилалд 43, Үндэсний
латин бүжгийн АШТ-д 21-ээс доош насны ангиллын аварга, залуучуудын
ангилалд дэд аварга, “Classique du Quebec” латин бүжгийн сонирхогчийн
өсч буй од, залуучуудын нээлттэй ангилалд тус бүр I байр, 21-ээс доош
насны ангилалд II байр эзэлж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Уушгины хатгалгаанаас хэрхэн сэргийлэх талаар зөвлөв

Нийслэлийн эрүүл мэндийн газрын хүүхэд, өсвөр үеийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Бадамхандад хандаж уушгины хатгалгаа өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар тодруулав. Ханиад томуу ихэссэн учраас НЭМГ-ынхан урьдчилан сэргийлэх зөвлөгөөг хүмүүст хүргэж байгаа юм.

-Б.Бадамханд эмч ярихдаа:

-Уушгины хатгалгаа хүүхэд бүрт өөрөөр илэрдэг. Гол шинж тэмдэг нь амьсгал олшрох, цээж хонхолзох, амьсгал саадтай болох шинжүүд ажиглагддаг. Эдгээр шинжүүд илэрвэл уушгины хатгалаа эхэлж байна гэсэн үг. Үүнээс гадна ханиалгана, халуурна, нус гоожно, хоолонд дургүй болно, амьсгаадна, цээж шуугих шинж илэрнэ.

Эрүүл хүүхдийн амьсгалын тоо минутанд:

0-2 сартай: 60 хүртэл

0-12 сартай 50 хүртэл

1-5 настай 40 хүртэл байдаг.

Үүнээс дээш тоогоор амьсгалж байвал амьсгал олширсон гэж үздэг. Хүүхдийг тайван байх үед амьсгалыг тоолох хэрэгтэй. Хүүхдийг уйлж байгаа үед эсвэл хөхүүлж байгаа үедээ тоолбол буруу гарна. Унтаж байгаа үед нь тоолж болно.

Уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлэхийн тулд вакцин хийнэ. Одоогоор Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт хатгалгааны эсрэг вакциныг хийж эхэлсэн. Товлолын дагуу бусад вакцинуудыг цаг хугацаанд нь хийлгэх хэрэгтэй. Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж, хүүхдийн орчинд тамхи татахгүй байх учиртай. Утаа бага гаргадаг түлш сонгохыг хичээгээрэй. Агаар цэвэр үед цонхоо онгойлгож, агаар оруулах, эцэг эх өөрсдийнхөө болон хүүхдийнхээ гарыг сайтар угаах хэрэгтэй.

Бага насны хүүхдийг сайтар асарч, хооллох маш чухал. Зөв хооллох нь бүх төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай. Зургаан сар хүрээгүй хүүхдийг хөхний сүүгээр хооллоно. Зургаагаас дээш сартай хүүхдэд нэмэлт хоол өгнө. Нэмэлт хоол нь шим тэжээлтэй, сүү цагаан идээ байх учиртай. Насанд нь тохирсон илчлэг, хэмжээтэй хоол өгөх хэрэгтэй. Энэ бүгд уушгины хатгалгаанаас урьдчилан сэргийлэхэд чухал нөлөөтэй. Эцэг эхчүүд хүүхдээ олон нийтийн газар авч явахгүй, дааруулахгүй байхыг анхаарна уу. Шингэн сайн уулгаарай. Өвдсөн үед хүүхдийг илүү сайн хооллож, халуун бүлээн шингэн уулгах учиртай. Аарц, аньс, чацарганы шүүс найруулж өгч болно гэв.

Дашрамд дурдахад өртөг өндөртэй вакцины тоонд ордог пневмококкийн эсрэг вакциныг эхний ээлжинд Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт хийж эхэлсэн бөгөөд цаашид товлолын вакцинд үе шаттайгаар оруулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ээж аавууд утааны эсрэг дахин жагсана

2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр утааны эсрэг ээж, аавууд нэгдэн Сүхбаатарын талбайд жагссан билээ. Улмаар жагсаалд оролцогчид өргөдөлд гарын үсэг зурж, УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүлээлгэн өгсөн юм. Гэвч одоо болтол өргөдлийн хариуг нь өгөөгүй гэнэ.

Түүнчлэн Засгийн газрын зүгээс энэ сарын 1-нээс эхлэн гэр хорооллийн нийт 146 мянган өрхийн цахилгааныг 21:00-06:00 цагийн хоорон тэглэхээр болсон. Гэвч айлуудыг өдөр, шөнийн тарифтай тоолуур 80.000 төгрөгөөр авах хэрэгтэй гэснээр энэ шийдвэр бүх айлуудад хүрч үйлчлэхгүй байгаа юм. Иймд, утааны эсрэг жагсаалыг зохион байгуулагчид энэ Бямба гарагт хоёр дахь жагсаалаа зохион байгуулахаар болжээ.

Дашрамд дурдахад, өмнөх жагсаалын үеэр УИХ-д хаягласан өргөдлийг нийт 2500 орчим хүн бөглөж, гарын үсгээ зуран баталгаажуулсан байна. Харин жагсаалыг зохион байгуулагчдын хэлж буйгаар ойролцоогоор 4000 орчим хүн жагсаалд оролцсон байна.

Categories
мэдээ нийгэм

Дугаарын хязгаарлалт бямба гарагт үйлчилнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийтээр
тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2016 оны
арванхоёрдугаар сарын 30-ны баасан гаригийн ажлын өдрийг 2017 оны
нэгдүгээр сарын 7-ны бямба гаригийн амралтын өдөрт шилжүүлсэн.

Энэхүү шийдвэрийн дагуу энэ сарын 7-нд буюу ирэх бямба гарагт бүх нийтээр ажиллах юм.

НИТХ-ын тогтоолоор автомашины улсын
дугаарын хязгаарлалтыг амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх баярын
өдрүүдэд үйлчлэхгүй байхаар журамласан байдаг. Үүний дагуу өнгөрсан
арванхоёрдугаар сарын 30-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлээгүй.

Харин ирэх бямба гарагт 0,5 тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцохгүй юм.

Categories
мэдээ нийгэм

“Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 7-нд болно

“Номоо
солилцъё” өдөрлөг энэ сарын 7-ны өдрийн бямба гарагт Д.Сүхбаатарын
талбайд болох гэж байна. Тэрбээр уг аяныг Нийслэлийн Соёл Урлагийн
газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын
сан хамтран зохион байгуулахаар болсон байна.

Өдөрлөгийн үеэр номын солилцоо, сурталчилгаа, номын худалдаа зэрэг арга хэмжээнүүд болох аж.

Categories
мэдээ спорт

Шатар сонирхогчдын УАШТ болно

Монгол Улсын
шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны
өдөр улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг
тохиолдуулан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах
тэмцээнийг УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулаад тав дахь жилтэйгээ
золгож байна.

Шатар
сонирхогчдын улсын аварга шалгаруулах тавь дахь удаагийн тэмцээнийг
УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбоотой хамтран УИХ-ын даргын
ивээл дор 2017 оны 1 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион
байгуулах гэж байна. Уг тэмцээнд Монголын шатрын холбооноос гаргасан
рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд рейтинг нь 2000-аас
дээшгүй, шатрын спортын цолгүй, 18-аас дээш насны шатар сонирхогчид
оролцдог.

Шатар
сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд эхний гурван байрт
шалгарсан шатарчдад алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
олгодог. Мөн энэ үеэр “Оюунлаг түшээ”, “Ахмад шатарчин” шалгаруулж
шагнадаг уламжлалтай.

УИХ-ын даргын
ивээл дор тав дахь удаагаа зохиогдож байгаа Шатар сонирхогчдын улсын
аварга шалгаруулах шигшээ тэмцээний нээлт энэ сарын 7-ны Бямба гарагийн
9.30 цагт Төрийн ордонд болж, уламжлал ёсоор УИХ-ын дарга М.Энхболд
анхны нүүдлийг хийж тэмцээнийг эхлүүлэх юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

ЗГ хуралдаж байна

Засгийн газрын хуралдаан 15.00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна.

Хэлэлцэх асуудал
Засгийн газрын гишүүн
1. Улсын үйлдвэрийн газар байгуулах тухай
Д.ОЮУНХОРОЛ
2. Тогтоолд нэмэлт оруулах тухай (Засгийн газрын 2006 оны 316 дугаар тогтоол)
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
3. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай
С.БЯМБАЦОГТ
4. Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах тухай
Г.МӨНХБАЯР
5. Бусад асуудал*
Ж.ЭРДЭНЭБАТ