Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинэ он гарлаа, амьдралын хандлага шинэчлэгдэх нь ээ

Он солигдож байна. Шинэ онд монголчууд бидний амьдрал өөр болж эхлэх нь. Иргэдийн амьдралд мэдэгдэхүйц нөлөөлөх хууль эрх зүйн өөрчлөлт, төрийн зохицуулалт шинэ оны эхний өдрөөс эхлэн нийгэмд үйлчилж эхэллээ.

Хүйтний эрч чангарч, хоёр ес эхэлсэнтэй зэрэгцээд ханиад томуу улам газар авч байна. Нийслэлийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрлээ. Үүнтэй холбогдуулан ханиадны дэгдэлтийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор шинэ оны нэгдүгээр сарын 2-ноос гуравдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд тав хүртлэх насны хүүхдээ эмнэлэгт, мөн гэртээ гурваас тав хоног асарсан эцэг, эхэд цалинтай чөлөө олгох шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Нөхцөл байдал, цаг үедээ тааруулан энэ шийдвэр цаашид үйлчилж байх бололтой. Тус шийдвэртэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд бямба гаригт ажиллаж эхэлжээ. Мөн ханиад хүрсэн тав хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлсэн байна.

Бас нэг чухал асуудал. Бид цаашид өдөр бүр машинтайгаа, машин дотроо хайш яйш явж болохгүйд хүрлээ. Торгууль нэмэгджээ. Та бид хамгаалах бүсээ зүүхгүй яваад 9600 төгрөгөөр торгуулдаг байсан бол одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр 12000 төгрөг болж байна. Хурд хэтрүүлсэн бол 24000 төгрөгөөр торгуулна гэхчилэн торгуулийн төрлүүд дээш явах нь. Ингэхээр нөхөд минь, замын хөдөлгөөнд цаг минут тутам дүрмийн дагуу соёлтой боловсон оролцохгүй бол ямар нэг зөрчлөөс болж наад зах нь сарын цалингаасаа давсан торгуульд унах нь байна шүү.

Цалин гэснээс оны эхний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240000 төгрөг боллоо. 2013 оны есдүгээр сарын 1-нд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж 192 мянган төгрөгт хүрсэн. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо хуралдан тогтоол баталж 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмж 240 мянган төгрөг болгохоор шийдвэрлэсэн юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тусгай мэргэжил, боловсрол шаардагдахгүй энгийн ажил эрхэлж байгаа хүмүүсийн цалингийн хамгийн бага хэмжээ юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдсөнөөр цалингийн дүнд өөрчлөлт орохгүй. Зөвхөн цалингийн доод хэмжээгээр цалин хөлс авч байгаа ажилтнуудад хамаатай гэсэн үг. Монголд ажиллаж буй нийт ажиллагсдын 6-7 орчим хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг судалгаа бий.

Үр дүн нь хэрхэн гарахыг бол мэдэхгүй. Ямар ч байсан гэр хорооллын айлуудын шөнийн цагийн ахуйн хэрэглээний цахилгааны үнийг тэглэлээ. Энэ шийдвэр шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилготой гэж байгаа. Хөнгөлөлтөд хамрагдах гэр хорооллын өрхүүд оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл үнэ төлбөргүй цахилгаан хэрэглэнэ. Ингэхийн тулд тодорхой болзолтой. Цахилгаан эрчим хүчний өргүй байх, стандартын, баталгаажсан шөнийн тарифт электрон тоолууртай байх гэхчилэн. Энэ хөнгөлөлтөд лавтай 146 мянган хэрэглэгч хамрагдах боломжтой гэсэн тооцоо гарчээ.

Монголчууд бид сүүлийн жилүүдэд органик хүнс гэж их ярих болсон. “Ориг хүнс гэсээн” гэх үг бараг хэлц болтлоо нийгэмд түгжээ. Энэ үгийг хуульчлан баталгаажууллаа. Органик хүнсний тухай хуулийг энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэв. Органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх, органик хүнс, тэжээл бордоо үйлдвэрлэх, тэдгээрийг баталгаажуулах, худалдах, импортлох, органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэхийг зохицуулсан хууль юм. Органик хүнс баталгаатай үйлдвэрлэж чадаж гэмээнэ гадаад, дотоодын зах зээлд гарах боломжтой гэж үзэн тус хуулийг баталжээ. Органик хүнс үйлдвэрлэснээр малчид, тариаланчдын орлого нэмэгдэж, иргэдийг хуурамч бүтээгдэхүүн хэрэглэхээс хамгаална. Монголчуудын хүнсний тэжээллэг, чанарлаг байдал сайжирч, хүн амын эрүүл мэндэд эерэг үр дүн авчрах юм. Мөн мал аж ахуйн орон болох манай улсад хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн суурь тавигдаж, ногоон эдийн засгийн бодлого бодитой хэрэгжинэ гэж үр дүнг нь тооцжээ. Улмаар экспортыг нэмэгдүүлэх ач холбогдолтой ч юм байна.

“Мах, сүүний анхдугаар аян”-г улс орон даяар шинэ оны эхний өдрөөс өрнүүлж эхэллээ. Энэ хүрээнд өмнө нь хэрэгжиж байсан Атрын III аянг ч үргэлжлүүлэх юм байна. Аянд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөв, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгажээ. Мөн олон улсын байгууллагын зээл, тусламж, дэмжлэгийг ч авах гэнэ. Аяныг “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриан дор зохион байгуулж буй аж. Монголын хөдөө аж ахуй дахь боломжит нөөцийг бүрэн ашиглах, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрүүдээ түүхий эдээр тогтвортой хангаж эдийн засагт тодорхой өсөлт бий болгоно гэж үзжээ. “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд үхрийн эрчимжсэн аж ахуйг улам сайжруулж, тэжээлийн тариаланг хөгжүүлэх, боловсруулах үйлдвэрийг дэмжих, дотоодын хэрэглээгээ хангаж, экспортоо нэмэгдүүлэх чиглэлд илүү сайн зохион байгуулахаар төлөвлөжээ. 70 сая малтай манай улс иргэдийнхээ хэрэглээнээс гадна жилд зургаан сая толгой малын мах бэлтгэж гадаадад гаргах, 400 гаруй сая литр сүү боловсруулах боломжтой юм байна. Гэвч техник, технологийн хоцрогдол, эргэлтийн хөрөнгө буюу санхүүгийн чадамж муу, түүхий эд бэлтгэх оновчтой тогтолцоо байхгүй зэрэг олон шалтгаанаас мах, сүү боловсруулах үйлдвэрүүд хүчин чадлынхаа дөнгөж 10 хүрэхгүй хувийг ашиглаж байгаа гэнэ. Энэ бүх боломжоо дүүрэн ашиглах зорилготой энэхүү аянг өрнүүлж эхэллээ.

Ямар нэг хэлбэрээр аж ахуй эрхэлж буй иргэдэд тустай нэгэн хууль оны эхний өдрөөс бас хэрэгжиж эхэллээ. Энэ нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт юм. Тус нэмэлт өөрчлөлтөөр зарим аж ахуйн нэгжүүдийн татварыг тэглэх, заримыг нь бууруулах юм байна. Хуулийн 19.12-т зааснаар бол нийслэлээс 550 км хол байршилд байгаа аймаг, суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг, бүртгэлтэй, орон нутгийн төсөвтэй харьцдаг, гурваас доошгүй ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 50 хувиар буурах боллоо. Цаашлаад 1000 км-ээс хол алслагдсан бол 90 хувиар хөнгөлөхөөр хуульд заасан нь алс зайдуу аж ахуй эрхлэгчдийн анхаарлыг онцгой татаж байна.

Хууль тогтоомжийн тухай хууль хэрэгжиж эхэллээ. Бас л сонирхолтой л нэр томьёо. УИХ-аас 2015 оны тавдугаар сарын 29-ний өдөр батлагдаж 2016 онд хэрэгжих байсан хууль юм. Гэвч хууль хэрэгжих боломжийг нь бүрдүүлээгүй гэж тухайн үедээ үзсэн учраас ийнхүү энэ оны эхний өдрөөс мөрдөж эхэллээ. УИХ-аас батлагдсан хуулийн төслүүд хэрэгждэг, хэрэгждэггүй, аль нэг улс төрийн хүчин нь сонгуулиар гарч ирээд өөрчилдөг гэсэн яриа бол бодитой үнэн юм. Тиймээс энэ хууль нь аливаа хууль тогтоомжийг санаачлах боловсруулахдаа үндэслэлээ зөв тодорхойлсон, чанартай, олон нийтийн оролцоог хангасан, судалгаатай, хуулийн хэрэгжилтийн үр дүнг үнэлэсэн байх зэргийг сайтар тодорхойлжээ. Ингэснээр УИХ-аас батлагдаж байгаа хууль, тогтоомжийн үр дүн гарна. Монгол Улсын хэмжээнд 605 хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Тус хууль хэрэгжиж хэлснээр хуулийг “гууль” болгох, хуулийн хэрэгжилтэд тавих хяналт сул гэх мэт элдэв ярианд цэг тавигдах нь. Ямартай ч Хууль тогтоомжийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр УИХ-ын хууль санаачлах, боловсруулах ажиллагааны үндэслэл, чанар сайжирч, хуулийн хэрэгжилт, үр нөлөө нь бодитой болох нь.

Эцэст нь хэлэхэд Монголын айл өрх бүр, иргэн нэг бүрт хамаатай маш чухал хуулийн тухай танилцуулъя. Энэ бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль юм. Тус хуулийг ирэх хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхээр болсон. Энэ хуулиар бол эр эм хоёрын хооронд илжиг заавал жороолох шаардлагатай болж байгаа юм. Учрыг дор тайлбарлая. Тус хуульд зааснаар бол эхнэр нөхөр, үр хүүхдийн хоорондын харилцааг зохицуулах төдийгүй хамтран амьдрагчид, салсан гэр бүлийн асуудлыг ч тус хуулиар зохицуулахааар тодорхой заажээ. Хуулийн хамрах хүрээг маш их өргөжүүлсэн гэсэн үг. Хэзээ Монголд хамтран амьдрагчийн асуудал хуулиар зохицуулагдаж байлаа. Одоо бол хамтран амьдрагчид аль аль талдаа хуулийн хариуцлага хүлээнэ. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн талаархи мэдээллийн сувгуудыг тэлж, өргөжүүлсэн байна. Жишээ нь хөршийн үүргийг маш тодорхой болгожээ. Удаа дараагийн гэр бүлийн хүчирхийллийг, гэмт үйлдлийг мэдээлээгүй айл хөрш, иргэнд хуулийн хариуцлага тооцохоор болсон байгаа юм. Тэгэхээр л нөгөө “Эр эм хоёрын дунд илжиг бүү жороол” гэсэн ардын үг ул болж, жороолохгүй бол огт болохгүй хууль хэрэгжиж эхэллээ. Ер нь хүн бүр энэхүү Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуультай танилцчих хэрэгтэй. Бид заавал мэдэж байгууштай олон нарийн заалт тус хуульд орсон байгаа. Маньд огтхон ч хамаагүй гэсэн монголчуудын аминч үзэл энэ хуулиар бол дуусгавар болж байна. Айл хөршөө, анд нөхдөө, ах дүүсээ… ер нь ойр орчинд байгаа бүхнээ сайтар анзаарч, анхаарал тавьж байхыг энэ хуулиар шууд тулгалаа. Одоо бидэнд хамаагүй зүйл гэж байхгүй болсон. Тус хуулиар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, хамтарсан баг хэрхэн ажиллах зэрэг бүх зохицуулалтыг тодорхой заасан байна лээ.

Улиран одож буй онд УИХ болон Засгийн газраас гаргасан, шинэ оноос эхлэн хэрэгжих тогтоол, шийдвэрүүд болон хуулийн төслүүдтэй та танилцлаа. Таны амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлт авчрах, нөлөө үзүүлэх энэхүү эрх зүйн зохицуулалтууд нь монголчуудын амьдралд шинэ хандлага бий болгож, амьдралыг арай өөр хэмнэлд оруулах нь дамжиггүй. Та бэлэн байгаа биз.

Categories
мэдээ нийгэм

Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Дэлхийн их задрал ба тэр “сумт”-ын нэр хэн бэ?” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн Б.Батзориг: ”Засгийн газраа дэмжиж, үр дүнг нь харах ёстой” ярилцлагыг өнөөдрийн дугаараас уншаарай. Тэрээр ярилцлагдаа “… Томхон төслүүдээ хөдөлгөхөөр ярьж байгаа. Гэхдээ яг ширээний ард суугаад хоёр талаасаа хэлцэл хийж байгаа зүйл байхгүй юм билээ. Ер нь яаж хөдөлгөх вэ гэдэг тал дээр судалгааны ажлууд хийж байгаа гэх мэдээлэл Засгийн газраас өгсөн…” гэж дурджээ.

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай хийсэн ярилцлагыг өнөөдрийн дугаараас уншаарай. Тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг аль нэг дарга, намд таалагдах гэж гаргаж болохгүй” гэжээ.

Сонины гол нийтлэлийг нэрт нийтлэлч Б.Цэнддоо бичжээ. Тэрбээр Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчдийн талаар “Дэлхийн их задрал ба тэр “сумт”-ын нэр хэн бэ?” егөөтэй нийтлэл бичжээ.

Өчигдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж хоёр асуудал хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Л.Болд энэ асуудалд шүүмжлэлтэй байр суурьтай байлаа. Тэрбээр:”Засгийн газар өрөвдөлтэй хуулийн төсөл оруулж ирлээ…”гэв. Дэлгэрэнгүйг өнөөдрийн дугаараас уншаарай.

Сонины арын нүүрт “Улаанбаатараас 100 км-ийн зайд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн албан татварыг 50 хувь хөнгөлье” бяцхан бичлэг нийтлэгдлээ. Хэдхэн хоногийн өмнө Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж Нийслэлээс 550 км хол байршилд байгаа аж ахуй нэгжийг 50 хувь, 1000 км-т байгаа аж ахуй нэгжийг 90 хувиар татвараас хөнгөлөх шийдвэр гарсан билээ. Энэ талаар хөндөн үзэл бодлоо илэрхийлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Төгрөг 2016 оны хамгийн “муу” 10 валютын нэгээр тодорчээ

Блүүмбергийн шинжээчид 2016 оны хамгийн сайн ба хамгийн муу үзүүлэлттэй валютуудыг тодруулсан байна.

Хамгийн муу валютаар Египетийн паунд тодорсон бол хамгийн сайн
валютаар ОХУ-ын рубль шалгаржээ. Египет улсад үүссэн эдийн засаг,
нийгмийн тогтворгүй байдал үндэсний валютад нь нөлөөлсөн бол газрын
тосны үнийн сэргэлт Оросын рублийн чансааг сайжруулсан байна.

Хамгийн муу үзүүлэлттэй 10 валютын наймдугаар байранд Монгол Төгрөг
жагсжээ. Египет, Монголын валюттай цуг Суринам, Венесуэл, Нигери,
Мозамбик, Сиерра Леон, Конго, Ангол, Гвинейн үндэсний мөнгөн тэмдэгтүүд
сүүлийн 10 байрыг эзэлсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Татварын буцаалтын материалыг хоёрдугаар сарын 15 хүртэл авна

Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан
зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны
барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс
дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогын татвараас чөлөөлөгдөнө.

Харин хөнгөлөлт эдлэх эрхтэй иргэд тухайн жилд төлсөн татварын хэмжээнээс хамаараад гурван сая хүртэл төгрөг авах юм.

Үүний тулд та шаардлагатай материалуудаа бүрдүүлэн харьяа дүүргийнхээ
татварын хэлтэст өгч, цахимаар тайлангаа явуулна. Татварын хөнгөлөлтийн
материалыг хоёрдугаар сарын 15-ныг хүртэл хүлээн авах юм.

Бүрдүүлсэн материалаа Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбаруудад харьяалал харгалзахгүй өгч болно.

Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгосын хилийн эргүүлийн онгоц санаандгүй тэсрэх бодисуудаа далайд унагажээ

Өмнөд Солонгос улсын хилийн эргүүлийн нисэх онгоц нь өнгөрсөн 1-р
сарын 1-ний өдрийн 06.10 минутийн орчим тус улсын зүүн эргийн далайд
эргүүл хийж байхдаа, тээвэрлэж байсан тэсрэх бодис, пуужин зэргийг
далайд санаандгүй унагаасан явдал болжээ.

Уг онгоц нь онцгой тохиолдолд ослын буулт хийхээсээ өмнө ачаагаа
хөнгөлдөг бөгөөд үүний тулд тээвэрлэж байсан тэсрэх бодисуудыг
идэвхжүүлээгүй байдлаар далайд унагаадаг байна.

Гэвч энэ удаа туслах нисгэгч товчлуур андуурч дарсанаас болж
пуужин 2 ш, тэсрэх бодис 2 ш, усан доор дэлбэрэх бодис 2 ш, нийт 6 ш
тэсрэх бодисыг далайд унагаасан явдал болжээ.

Тэсрэх бодисууд нь идэвхжээгүй байдлаар далайд унасан ба Хойд
Солонгос улсын усан хилээс 67 км зайд, Өмнөд Солонгос улсын зүүн
эргээс 48 км зайд, далайн гүнд шигдэн орсон байгаа ажээ.

Мөнгөөр тооцвол дунджаар 4 тэрбум 500-н сая вон буюу 3 сая 782
мянган доллароор үнэлэгдэх бодисуудыг санаандгүй унагаасан явдал болсон
байна.

Энэ талаар Өмнөд Солонгос улсын Батлан Хамгаалах яамнаас “Далайд
санаандгүй унагаасан тэсрэх бодисууд нь идэвхжээгүй байдлаар унасан тул
цаашид дэлбэрч, тэсрэх аюулгүй. Бид ойрын хугацаанд эрж олоод,
далайгаас гаргаж, аюулгүй болгохоор ажиллаж байна” хэмээн мэдээлэлсэн
байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Банкууд өөрийн эх үүсвэрээр 14 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

Монголбанк “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын дагуу санхүүжилтээ хэвийн олгож байгаагаа мэдэгдлээ.

“Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг өнгөрсөн оны 10 дугаар
сард шинэчлэн баталсан бөгөөд зээлийн хугацаа 360 сар буюу 30 жил
хүртэлх хугацаатай 8 хувийн зээл олгохоор тусгасан. Мөн 30-аас доошгүй
хувийн урьдчилгаа төлөх нөхцлөөр 80м2-аас ихгүй хэмжээтэй орон сууц
худалдан авах боломжийг дээрх журмаар зохицуулсан билээ.

Тэгвэл дээрх хөтөлбөрийн хүрээнд өнгөрөгч 11 дүгээр сарын байдлаар
64.7 тэрбум төгрөгийг нийт 1072 зээлдэгчид олгосон байна. Мөн
банкууд өөрийн эх үүсвэрээр 14 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг тус
тус олгожээ.

Categories
мэдээ улс-төр

Монголд ирэх бүлэг жуулчдад визийн хөнгөлөлт үзүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит, 2017 оны анхны хуралдаан 2017
оны 01 дүгээр сарын 04-нд болж дараахь асуудлуудыг шийдвэрлэлээ
.

Монголд ирэх бүлэг жуулчдад
визийн хөнгөлөлт үзүүлнэ

Гадаадын зочид, жуулчдын
урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газар хоорондын болон салбарын яам
хоорондын Санамж бичиг, гэрээг үндэслэн аялал жуулчлалын компаниудаар
зуучлуулан ирэх гадаадын бүлэг жуулчдад Монгол Улсад зорчих визийн хөнгөлөлттэй нөхцөл олгох Засгийн
газрын тогтоол баталлаа.

Мөн дамжин өнгөрөх гадаадын
иргэнд дараагийн улсад зорчих виз, нислэгийн тийзийг үндэслэн Монгол Улсад 72
цагийн хугацаанд визгүй зорчих орчин бүрдүүлэх, Засгийн газрын энэ тогтоолд
хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нарт даалгалаа.

Цаашид Монголын үндэсний
агаарын тээвэрлэгч компанийн шууд нислэгтэй чиглэлээс ирэх гадаадын жуулчдын
нислэгийн үнэ тарифыг жил бүрийн 10 дугаар сарын 01-нээс дараа оны 05 дугаар
сар хүртэл бууруулах, хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр тодорхой ажлууд зохион
байгуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг болголоо.

“Аялал жуулчлалын хөгжлийн
төв” байгуулав

Аялал жуулчлалын салбараа
хөгжүүлснээр эдийн засгийг төрөлжүүлэх, гадаад валютын урсгал, экспортыг эрс
нэмэгдүүлэх замаар тогтвортой, ногоон хөгжлийг бүрдүүлэх боломж бүрдэнэ. Иймээс “Аялал жуулчлалын
хөгжлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулах
Засгийн газрын тогтоол баталлаа.

Үйлдвэрийн
газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэд аялал жуулчлалын салбарын
бодлогын хэрэгжилтийг хангаж, яамны ажилд дэмжлэг үзүүлэх, төсөл, хөтөлбөр
хэрэгжүүлэх, статистик мэдээ, мэдээллийг нэгтгэн боловсруулж, судалгаа, дүн
шинжилгээ хийх, зорилтот зах зээлээ тодорхойлох, олон улсад гадаад сурталчилгаа
хийх, жуулчдад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулах зэрэг чиглэлээр
ажиллах юм.

Дэлхийн 97 улсын 60 нь буюу
62 хувь нь аялал жуулчлалын үндэсний байгууллагатай байна. Манай улсад аялал
жуулчлалын хөгжлийн талаар баримталж байгаа бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилт,
үр дүн хангалтгүй байгаа нь тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн байгууллагын бүтэц
байхгүйтэй шууд холбоотой гэж салбарын яам үзжээ.

2015
оны байдлаар дэлхийд 1,3 тэрбум гаруй хүн аялсан бол 2030 он гэхэд 1,8 тэрбумд
хүрэх таамаглал гарчээ. Аялал жуулчлалын салбар нь дэлхийн нийт бүтээгдэхүүний
10, худалдаа үйлчилгээний 30, татварын орлогын 5 хувийг эзэлж, 11 хүн тутмын
нэгийг ажлын байраар хангадаг байна.

Хүн амын нутагшилт, суурьшлын
хөгжлийн ерөнхий төсөл боловсруулна

“Монгол Улсын хүн амын
нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулж, батлуулах ажлыг
Удирдан зохион байгуулах Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулан
байгуулав.

Төсөл боловсруулахад шаардагдах
хөрөнгийг улсын төсөв, гадаад орон, олон улсын байгууллагаас хэрэгжүүлэх төсөл,
хөтөлбөрт хамруулах болон бусад эх үүсвэрээс
гаргахаар тооцоолж байна.

Хүн амын механик өсөлт, эдийн
засаг, нийгмийн хөгжил, аж үйлдвэр эрчимжсэнээр нутаг дэвсгэр, хүн амын
нутагшилт, суурьшилд томоохон өөрчлөлт орж, иргэдийн амьдралын хэв маяг
өөрчлөгдөн, экологийн нөхцөл ч муудаж байна. Хүн амыг нутаг дэвсгэртээ оновчтой
нутагшуулан суурьшуулах, үүнтэй холбогдож гарах олон асуудлыг шийдвэрлэхийн
тулд төсөл боловсруулах шаардлага гарчээ.

Төслийн хүрээнд:


Хүн амын нутагшилт, суурьшлын
өнөөгийн байдалд судалгаа, дүн шинжилгээ хийж, давуу, сул талыг тодорхойлох


Нийгэм, эдийн засгийн хөгжил,
хүн амын амьжиргааны түвшин, байгалийн нөхцөл, нөөц, цаг уур зэргийг тооцон
хот, хөдөөгийн нутагшилт, суурьшилд тохиромжтой нутаг дэвсгэр, бүсүүдийг
тогтоох, шинээр бий болох хот, суурин газрын байршил, үүргийг тодорхойлох


Зам, тээвэр, харилцаа холбоо,
эрчим хүч зэрэг дэд бүтцийн үндсэн тэнхлэгийг нутаг дэвсгэр зохион байгуулалтын
бодлоготой уялдуулж цогцоор хөгжүүлэх, хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх


Хот суурин газруудад хот
байгуулалтын иж бүрэн үнэлгээ хийх, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох


Амралт, аялал жуулчлал,
байгаль хамгаалал, түүх, соёлын асуудлыг хүн амын нутагшилт, хот байгуулалтын
бодлоготой уялдуулан тодорхойлох


Нэг төвөөс олон төвт
тогтолцоо руу оновчтой шилжих үндэслэлийг боловсруулах, хөгжлийн ирээдүйн
төлөвийг тодорхойлох зэрэг олон ажил хийхээр төлөвлөжээ.

Товч мэдээ


“Төрийн архив, албан хэрэг
хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний
хөтөлбөр”-ийн дөрөвдүгээр үе шатыг 2017-2020 онд хэрэгжүүлэхээр болов. Цаасан
суурьтай баримт, кино, гэрэл зураг, дуу авианы баримтыг цахим хэлбэрт
шилжүүлэх, цахим архив үүсгэх ажлыг одоо гэрээгээр ажиллаж байгаа
архивч-операторчид үргэлжлүүлэн гүйцэтгэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Таван толгойн цахилгаан станцын барилгын ажил энэ ондоо багтаж эхэлнэ гэв

Таван толгойн цахилгаан станцын хөрөнгө оруулагчид өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дундуур Сингапурт уулзжээ. Таван толгойн цахилгаан станц төслийн нэгжээс гадна “Марубени”, “Оюу толгой”-н төлөөлөл оролцсон техникийн уулзалтын үеэр төслийн танилцуулга гэх мэт ерөнхий асуудлууд яригдсан гэснээс өөр тоймтой мэдээлэл одоогоор алга. Тэд Улаанбаатарт биш Сингапурт уулзжсан бөгөөд дараагийн уулзалтаа хийхээр төлөвлөжээ.

Хөрөнгө оруулагчаар шалгарсан “Марубени”-д санхүүжилт босгоход хүндрэлтэй байгаа гэх мэдээлэл оны өмнөхөн цацагдсан удаатай. Санхүүжилтийн хувьд ямар ч асуудал байхгүй гэсэн мэдээллийг төслийн нэгжээс өгч байна. Энэ ондоо багтаад Таван толгойн станцын барилгын буюу газар шорооны ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Өнөөдөр “Оюу толгой” компани зөвхөн эрчим хүч худалдаж авахын тулд урд хөршид 200 орчим сая ам.доллар төлж байна.

Засгийн газраас Таван толгойн нүүрсний орд дээр 450 МВт-ын цахилгаан станц барихаар төлөвлөөд байгаа юм. Энэ цахилгаан станц жилд дунджаар нэг сая тонн орчим эрчим хүчний нүүрс хэрэглэх тооцоо бий. Цахилгаан станцыг барьж босгоход 3000 гаруй ажилчин оролцохын дийлэнх нь монголчууд байна гэсэн мэдээллийг албаныхан өгдөг. Станц ажиллаж эхэлснээр улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр жил бүр 150 тэрбум хүртэл төгрөгийн орлого орно гэж Таван толгойн цахилгаан станц төслийн нэгжийнхэн өмнө нь мэдээлж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын хэмжээнд 317 уурын зуух ажилладаг

Нийслэлийн Засаг Даргын А/805 захирамжийн хүрээнд Улаанбаатар хотын
халаалтын болон уурын зуухуудад хяналт шалгалт хийх ажлыг 2016 оны 11
сарын 18-ны өдрөөс эхлэн тогтмол хийж байна. Улаанбаатар хотын хэмжээнд
157 байршилд 317 зуух үйл ажиллагаагаа явуулдаг. Хэмжилтийн ажлын
хүрээнд Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар нь халаалтын
зуухнаас ялгарч буй агаар бохирдуулагч бодисуудын хэмжилтийг 10 зууханд
хийгээд байна. 2016 оны 01 сарын 04-ны өдөр Чингэлтэй дүүргийн 72-р
сургуулийн халаалтын зууханд хэмжилт хийлээ гэж Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр сарын 6-ны 23 цаг 59 минутаас өмнө НӨАТ-ын баримтаа баталгаажуулаарай

“Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам”-ын 4.6 -д зааснаар Албан татвар төлөгч тухайн хуанлийн жилийн сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн ажлын эхний 5 өдрийн дотор бүртгүүлсэн байх шаардлагатай.

Иймд албан татвар төлөгч иргэд төлбөрийн баримтын мэдээллээ 2017 оны нэгдүгээр сарын 6-ны 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлнэ үү.