Categories
мэдээ улс-төр

АН-ын гишүүд шинэчилсэн бүртгэлдээ идэвхитэй хамрагдаж байна

АН-ыг тэргүүлэхийн төлөө өрсөлдөж байгаа Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Л.Гантөмөр, Н.Алтанхуяг, Ж.Батзандан нар хамтдаа зүүн аймгуудаар явж, Өмнөговь, Дундговь аймгуудад ажиллаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулаад маргааш Өвөрхангайд уулзалт хийнэ.

АН-ын гишүүдийн шинэчилсэн бүртгэл энэ сарын 6-ныг хүртэл үргэлжлэх юм.

Одоогоор 90 мянган гишүүн шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, 80 мянга орчим гишүүн татвараа төлсөн тул АН-ын даргын сонгуульд санал өгөх эрхтэй болсон байна.

Энэ сарын 29-нд Ардчилсан намын даргын сонгууль болно. Хоёрдугаар сарын 12-нд хуралдах долдугаар их хурлаараа намын даргаа батламжлах учиртай. Ардчилсан намын даргын сонгуулийн үеэр аймаг сум, дүүрэгт санал авах байр ажиллах юм байна. Ардчилсан намын гишүүд иргэний үнэмлэх, намын батлахтайгаа харъяа дүүргийнхээ санал хураах байранд очиж саналаа өгөх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын зарим айлд цахилгаан халаагуур олгоно

Энэ сарын 1-ээс эхлэн дөрөвдүгээр сарын 1-ийг хүртэл шөнийн цагаар
Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд цахилгааны хөнгөлөлт эдлүүлэхээр
Засгийн газраас шийдвэрлэсэн.

Энэ шийдвэртэй холбогдуулан өнөөдөр Нийслэлийн удирдлагууд гэр хорооллын зарим айл өрхүүдэд цахилгаан халаагуур өгөхөөр болжээ.

Цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах айлууд электрон тоолууртай байх шаардлагатай юм.

Categories
гадаад мэдээ

Обамаг одонгоор шагнав

АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн бүрэн эрхийн хугацаа энэ сарын 20-ны өдрөөр дуусгавар болох билээ.

Тэрбээр өчигдөр сүүлчийн удаагаа
армийнхантай уулзжээ. Энэ үеэр Пентагоны тэргүүн Эш Картер төрийн дээд
одонгоор Ерөнхийлөгчийг шагнасан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Обама шагналаа гардан авсаны дараа “Бид
хүчтэй гэдгийг өнгөрсөн жилүүд батлан харууллаа. Бид нэг баг болж, олон
улсад энхтайвныг тогтоолоо. Америкийн бахархал болсон эрэлхэг охид,
хөвгүүддээ баярлалаа” гэж хэлжээ.

Тус улсын Дэд ерөнхийлөгч Жое Байдан мөн уг ёслолын ажиллагаанд оролцож, Ерөнхийлөгч Обамад талархал илэрхийлсэн байна.

Обама, 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод
буй Дональд Трампад эрх мэдлээ шилжүүлэн өгснөөр түүний засаг захиргаанд
байсан бүх эрхмүүд огцрох билээ.

Categories
гадаад мэдээ

Дональд Трамп анхны хэвлэлийн бага хурлаа хийнэ

Энэ сарын 11-ний өдөр, АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын
анхны хэвлэлийн бага хурал болох талаар түүний туслах Келлиэнн Конуэй
CNN-д мэдээлснийг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Өнгөрсөн оны 11
дүгээр сарын 8-нд Дональд Трамп АНУ-д болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар
ялалт байгуулсныхаа дараа 12 дугаар сард хэвлэлийн бага хурал хийлгэнэ
хэмээн мэдэгдэж байсан ч хугацаа нь хойшилсон талаар түүний төлөөлөгчид
мэдэгдсэн билээ. Америкийн хэвлэлүүд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд
Трамп хэвлэл мэдээллийнхэнтэй олон нийтийн Твиттер сүлжээ болон мужуудад
хийж буй уулзалтууд дээрхи мэдэгдлээрээ харьцах болсныг ч тэмдэглэж
байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд Японд айлчилна

УИХ-ын дарга М.Энхболд ирэх сард Япон
улсад айлчлал хийхээр болжээ. Айлчлалын хүрээнд Монгол, Японы стратегийн
түншлэлийн дараагийн дунд хугацааны хөтөлбөрийг эцэслэн тохирох талаар
санал солилцох аж. Мөн Монгол Улсын засгийн газраас Японы засгийн газарт
хандаж тавьсан санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг хөндөж ярилцахаар
төлөвлөжээ. Японы засгийн газраас Монгол засгийн газрыг ОУВС-гийн “Стэнд
бай” хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд санхүүгийн дэмжлэг үзүүлэх саналаа
илэрхийлээд байгаа юм. УИХ-ын дарга М.Энхболдын хувьд өнгөрсөн
арванхоёр дугаар сард ОХУ, Арабын Нэгдсэн Эмират улс, Саудын Арабын Вант
улсад албан ёсны айлчлал хийж, хөрөнгө оруулалтын асуудлаар хэд хэдэн
хэлэлцээ хийсэн билээ.

Categories
мэдээ эдийн-засаг

ОУВС-ийн экспертүүд энэ сарын 20-нд ирнэ

Сангийн яамнаас өнгөрсөн оны
арванхоёрдугаар сараас эхлэн ОУВС-тай хамтран ажиллах, “Стэнд бай”
хөтөлбөрт хамрагдах асуудлыг ярьж эхэлсэн. Тэгвэл ОУВС-ийн шинжээчид
нэгдүгээр сарын 20-нд Монгол Улсад ирэхээр болжээ. Сангийн яам, Монгол
Улсын Засгийн газрын зүгээс яриа хэлэлцээрээ үргэлжлүүлж байгаа юм
байна.

ОУВС-ийн шинжээчид Монгол Улсад ирж
нөхцөл байдалтай танилцаад явсан ч өнгөрсөн арванхоёрдугаар сард гадны
улс орнууд зул сарын баярыг өргөн тэмдэглэдэг учраас ийнхүү хойшлоод
байсан юм. Энэ удаад ирэх шинжээчдийн багтай Сангийн яам болон Засгийн
газар ОУВС-ийн ямар хөтөлбөрт хамрагдах, ямар чиглэлээр өөрчлөлт,
шинэчлэлт хийх зөвлөмж авах асуудлаа ярилцах юм байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ хуралдаж байна

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэллээ. УИХ дараах асуудлуудыг хэлэлцэх юм.

Categories
мэдээ нийгэм

​О.Батсайхан: 1911 оны хувьсгалыг удирдсан хамгийн гол хүн нь яахын аргагүй Богд хаан

1911 онд болсон Монголын үндэсний хувьсгалын 105 жилийн ойг саяхан тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Энэ түүхэн үйл явдлын талаар ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, профессор О.Батсайхантай ярилцсаныг сонирхуулья.

-Хэдхэн хоногийн өмнө 1911 оны Монголын үндэсний хувьсгал 105 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ түүхэн үйл явдалд зориулсан эрдэм шинжилгээний хурал дээр та “Орчин үеийн Монголын төрийг үндэслэгч Богд хааны үзэл баримтлал” илтгэл тавьсан. Үндэсний хувьсгалд Богд хаан чухам ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

-1911 оны үндэсний хувьсгал буюу Манжаас салж төр улсаа сэргээж, тусгаар тогтнолоо тунхагласны 105 жилийн ой саяхан тохиосон. Хүүхэд залуучууд маань түүхээс жаахан хөндийрсөн юм шиг байна. Ер нь бол түүх гэдэг бидний ой санамж учраас илүү сайн мэдлэгтэй болох нь бидэнд хэрэгтэй юм. Өөрөө өөрсдийгөө танихад ч чухал. 1911 оны үндэсний хувьсгалын удирдагч нь VIII Богд Жавзандамба хутагт байсан юм. Богд хааны удирдлагаар монголчууд маань Монголын төрийг сэргээж, эмхлэн байгуулахдаа Монгол төрийн уламжлалаа баримтлахын зэрэгцээ барууны төр засгаа эмхлэн байгуулдаг онолыг ашигласан байдаг. Тухайн үед Хэнри Вытоны “Түмэн улсын ердийн цаазыг” монгол хэлнээ хөрвүүлэн ашигласан баримт бий. Ингэж уламжлал болон барууны дэвшилтэт аргыг хослуулан ашигласан түүхтэй. Баруунд байдагтай адил төрийн яам, хил, гааль гээд улс орны бүтцэд ордог бүхнийг шинээр байгуулсан гэж хэлж болно. Ийнхүү засаг төрөө эмхлэн байгуулахдаа Богд хааны зарлигаар нийт монгол овогтныг хамруулахыг хичээсэн байдаг. Богд хаант Монгол Улсад Өмнөд Монголын хошуу, барга, урианхайн нийт 120 хошуу нэгдэн орох хүсэлтээ илэрхийлснийг нэр устай нь өгүүлсэн түүхэн бичиг баримт бий. Харамсалтай нь 1915 оны Хиагтын гэрээгээр үүнийг хязгаарласан бөгөөд өнөөгийн Монгол орны газар нутгийн хэмжээгээр тогтоосон. Ингэж Өмнөд Монгол хилийн гадна үлдсэн.

1911 онд сэргэн мандсан Монгол Улс нь Эзэн хаантай, төрийн бодлогыг хэлэлцдэг, зөвлөх эрх бүхийдээд, доод хуралтай, нийт Монгол орны төлөөллийг төр засагтаа оруулахыг хичээсэн байдаг. Лам нарын төлөөллийг хүртэл оруулсан. Энэ нь Монголын Засгийн газар тухайн үедээ монгол үндэстнийг эв нэгдэлтэй байлгах зарчмыг баримталж байсны илэрхийлэл юм. Үүний үр дүнд нэгдсэн хүчээр төр улсаа эмхлэн байгуулж чадсан. Алтан ургийн хүмүүс, ноёд, харц гаралтай ч гэсэн томоохон лам нар хүртэл төрийн хариуцлагатай албанд томилогдсон, тухайлбал Да лам Цэрэнчимэд Дотоод яамны тэргүүн сайд, алтан ургийн гаралтай Чагдаржав ноён Сангийн сайд, Сайн ноён Намнансүрэн Ерөнхий сайдаар томилогдож байв.

Богд хаан бол Орчин үеийн Монголын түүхэнд тодоор бичигдэх хувь нэмэр оруулсан нэгэн бөгөөд түүний гавьяагаар монгол эдүгээ тусгаар тогтносон, бие даасан улс оршиж буй. Орчин үеийн Монголын түүхийн эхлэлийг Богд хаан тавьсан гэдэгтэй маргах хэрэггүй биз ээ.

-Богд хаан Монгол улсыг эмхлэн байгуулахдаа нийт монгол овогтнуудыг хамруулахыг хичээсэн байдаг гэж та ярьсан. Ингэхдээ Өмнөд Монголд нэлээд анхаарал хандуулсан гэдэг.

-Богд хаанаас нийт монгол овогтон, түүний дотор Өмнөд Монголын ард олонд хандан зарлиг гаргасан байдаг. Түүндээ “Манай Монгол эвсэн нэг улс байгуулж шарын шашнаа хамгаалж бусдын эрх сүрээр дарах зовлонг амсахаас зайлсхийх хэрэгтэй. Нэгэн сэтгэлээр хүчээ хамтатгаж өөрийгөө хамгаалахаар хүчлэн чармайх хэрэгтэй” гэсэн байдаг. Мөн уг зарлигтаа тусгаар тогтнолоос өөр оршин тогтнох зам үгүй гэдгийг ч онцолсон. 1911 онд тусгаар улсаа зарлахад монгол овогтнууд бүгд баярлацгааж, дуу хоолойгоо нэгтгэсэн. Улс орноо төвхнөн байгуулахад оролцоно гэдгээ бүгд мэдэгдэж байлаа. Өмнөд Монголын 39 хошуунаас гэхэд 38 нь дагаар орно гэдгээ мэдэгдсэн. Манайхан Улаан-Удэд очиж мөргөөд байдаг Итгэлт хамба Дашдорж нь ХХ зууны эхээр буриадуудын бурхан шашны тэргүүн байсан хүн. 1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо зарлахад энэ хүн Богд эзэн хаанд баярын цахилгаан ирүүлсэн. Түүндээ нийт буриадууд болон Оросын нийт бурханы шашинтнуудын нэрийн өмнөөс баяр хүргэж байгаагаа бичжээ. Бидний цусан төрөл, махны тасархай харийн дарлалаас чөлөөлөгдсөнд баярлаж байгаагаа илэрхийлээд амжилт хүссэн буй. Үүний хариуд Богд хааны зарлигаар Итгэлт хамбад Эрдэнийн очир одон шагнасан байдаг.

-Энэ зарлиг одоо байдаг уу?

-Байдаг, Итгэлт хамбаас Богд хаанд ирүүлсэн баярын цахилгааны хуулбар Эрхүү хотын архивт, Богд хаанаас Итгэлт хамбыг шагнасан зарлигийн хуулбар Монгол Улсын архивт хадгалагдаж байдаг.

-Тусгаар тогтнолоо тунхаглан зарлах төрийн ёслолыг хийхдээ хүртэл нийт монгол үндэсний төлөөллийг оролцуулсан гэдэг. Энэ талаар та жаахан дэлгэрүүлээч?

-Төрийн ёслолыг 1911 оны 12 дугаарс арын 29-ний билигт сайн өдөр хийсэн байдаг. Энэ нь монгол үндэстний хувьд эв нэгдэл, тусгаар улс, үндэстэн улсын шинжийг илэрхийлж байлаа. Тиймээс ч Богд хаан төрийн ёслолд өмнөд, ар гээд нийт монгол овогтны төлөөллийг оролцуулахыг хичээсэн нь тодорхой байдаг. Тиймээс ч шинээр Засгийн газраа байгуулахдаа Өмнөд Монголын Удай ноён, Баргын манлай ван Дамдинсүрэн гээд төлөөллийг оруулсан юм. Өмнөд Монголын хошууд даган орвоос найман зүйлийн хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг хүртэл гаргасан байгаа.

-Улс орноо сэргээн тунхагласны дараа төр улсаа бусад орнуудаар хүлээн зөвшөөрүүлэхэд нэлээд бэрхшээл тулгарч байсан гэдэг.

-Тийм шүү. Бид урд талаас салж байсан болохоор тусламж дэмжлэг хойд талаас эхний ээлжинд хүссэн юм. Үүний үр дүнд Орос Монголын хооронд 1912 онд гэрээ байгуулсан, бас 1913 онд Монгол, Түвд хоёр бие биеэ хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Үүний дараа Богдын Засгийн газраас тусгаар тогтнол, бие даасан байдлаа дэлхийн улсуудаар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө мятаршгүй тэмцсэн юм. Богдын Засгийн газраас Англи, Америк, Дани, Герман, Япон зэрэг дэлхийн 9 улсад хандан нот бичиг илгээж, Японы эзэн хаанд хүртэл хандаж байлаа.

Улмаар Хятад, Орос, Монгол гурван улсын Хиагтын 1915 оны гэрээгээр Өмнөд Монгол хилийн гадна үлдэж, Монголын газар нутгийг Халхын дөрвөн аймаг, Ховдын хязгаарын нутгаар хязгаарласан юм. Үүний мэдсэн Богд хаан монгол үндэстний хувь заяа, байдал хаашаа эргэж байгааг сайтар ухаарч 1914 оны 11 дүгээр сарын шинийн гурванд “Монгол овогтон нийтэд зориулсан ухуулах зарлиг” буулгасан байгаа. Түүндээ “Монгол овогтон нийтээр салж сарнихад хүрэв хэмээн зориг мохож хэрхэвч үл болно” гээд цааш нь Монгол язгууртны нэгэн хэсэг нь гал голомтоо авч хадгалж үлдэж чадвал хэзээ ч болов нэгдэж болох боломж нээгдэх нь дамжиггүй гэж айлдсан байдаг.

-Хэдийгээр VIII Богд хаан түвд гаралтай байсан хэдий ч үнэхээр Монголын төлөө гэсэн чин сэтгэлийг өвөрлөсөн байсан гэдэг нь 1911 оны үндэсний хувьсгалаар харагдсан тухай та ярьж байсан?

-Энэ хувьсгалыг удирдсан хамгийн гол хүн нь бол яахын аргагүй Богд хаан гэж үзэж байгаа. 1911 оноос өмнө Богд хаан бурхан шашны тэргүүн байв. 1874 онд таван настай Монголд заларснаас хойш бүхий л амьдралаа Монголд зориулсан хүн. Тэрээр нийт монголчуудад хүлээн зөвшөөрөгдсөн, сэргэлэн, номтой хүн байсан. 1911 оны үндэсний хувьсгалыг амжилттай удирдан зохион байгуулж тухайн үеийн ноёд, лам нарт хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч байсан тул Монгол Улсын эзэн хаанаар шууд өргөмжлөгдсөн юм. 1911 оноос 1924 оны 5 дугаар сарын 20-нд нас бартлаа Монгол Улсын хаан байсан эгэлгүй нэгэн удирдагч бол Богд хаан юм. Яагаад Богдыг бүх монголчууд хүлээн зөвшөөрсөн бэ гэвэл монголчууд бурханы шашинтай байсан учраас шашны тэргүүний хэлсэг үг бүгдэд хууль адил үйлчилж байсан гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл бурханы шашин монголчуудыг нэгтгэсэн хэрэг. Тиймээс монголчууд бурханы шашны тэргүүнээ тойрон хүрээлж, үндэсний үзлээрээ нэгдэн Монголынхоо гал голомтыг дахин бадрааж чадсан юм.

Categories
мэдээ цаг-үе

Д.Арвин: Намаас хөөх асуудал яригдахад хөөгдвөл хөөгдчихье гэсэн бодол байсан

“Өдрийн сонин”-ы 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны №301(5566) дугаараас авч тавив.

УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн Д.Арвинтай ярилцлаа.

-Таны хувьд дөрвөн удаа парламентын гишүүнээр сонгогдон 16 жил төр түшилцсэн эмэгтэй хүн, тэр бүү хэл эрэгтэй хүмүүст ч тэр бүр тохиодоггүй нэг талаасаа хувь заяаны эзэн. Одоо бол харин иргэн Д.Арвиныхаа хувиар ажиллаж, амьдарч байна. 16 жил төр түшилцэж явж ирсэн Д.Арвин, өнөөдрийн Д.Арвин хоёрын хооронд хэр ялгаа гарч байна вэ?

-Хааны алба хүртэл халаатай гэдгийг үргэлж санаж явах ёстой. Ямар ч хүн насаараа дарга, Их хурлын гишүүн байдаггүй. Анх гишүүн болохоосоо өмнө ч гэсэн үүнийг ухамсарлан явж ирсэн юм. Харин амьдралын хэв маягт өөрчлөлт гарсан уу гэвэл би тийм л гэж хэлнэ. Тэр утгаараа гишүүн болно, гишүүнээс бууна гэдэг бол байх л ёстой асуудлыг нэг. УИХ-ын гишүүн Д.Арвинаас илүү “Их өргөө” компанийн захирал Д.Арвин байсан нь надад илүү сэтгэл ханамжийг өгдөг байсан. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө өөрийнхөөрөө чөлөөтэй сэтгэж, хараат бусаар олон ажил амжуулж энэ хэрээрээ хэмжээлшгүй сайхан амьдралыг цогцлоож байсан цаг үе минь “Их өргөө” компанийн захирал байсан цаг хугацаа. Намайг чинь Их хурлын гишүүн болохоос өмнө “Их өргөө”-гийн Арвин л гэдэг байсан шүү дээ.

УИХ-ын гишүүн болсноос хойш алба, амины бүх зүйл хумигдсан. Эрх дураараа юмаа хийж явсан цаг үе шигээ байхаа больсон. Өөрийн дураар хийе гэснээ хийгээд явах эрх нэг талаасаа байхгүй болсон. 2000 онд анх Их хурлын гишүүн болчихоод өмнөх Д.Арвин биш болсноо анзаарч “Энэ юу болчихов оо” хэмээн гайхаж, түүнд дасах гэж багагүй цаг хугацааг зарцуулсан. Зарим үед Төрийн ордноос гарч хотын гудмаар алхахдаа жирийн иргэн Арвин шүү дээ хэмээн Их хурлын гишүүнээ мартан алхдаг байлаа. Их хурлын гишүүн болоод эрх дураараа хийж болох зүйлсээ хийхгүй байхаас эхлээд олон зүйл минь хумигдаж байсан бол өнөөдөр тэр бүхэн эсрэгээрээ болсон. Үүнд л ялгаа бий байх.

-Одоо та юу хийж байна вэ?

-16 жил цалгардуулсан хувийн компанийн ажилдаа ханцуй шуун орж байна. “Их өргөө” компани маань Баянзүрх дүүргийн Сансар хотхонд Гэр хорооллын дахин төлөвлөлтөд батламж аваад орж байсан ч Хятадын талын хөрөнгө оруулагчид маань улс төрийн бодлогоор хөрөнгөө татаад гараад явсан. Энэ ажлаа цаашид үргэлжлүүлэхийн тулд дотоод, гадаадын хөрөнгө оруулагч хайх ажлыг л маш эрчимтэй хийж байна даа.

-Зарим хүмүүс чинь сонгуулийн ялагдлын шокноосоо одоо болтол гараагүй яваа юм биш үү…

-Хүн бүрийн онцлог байдаг байх. Миний хувьд тийм зүйл байгаагүй. Харин ч эрх чөлөөтэй болсон гэж дээр хэлсэн дээ. Би Их хурлын гишүүн байхдаа Баянзүрх дүүрэг болоод Нийслэлийн газар хөдлөлтийн бүст багтсан, акт тавигдсан 100 гаруй байшингийн судалгаа хийж “Хуучин байрыг шинэ орон сууцаар” гэдэг хөтөлбөр гарган Монгол Улсын хэмжээнд эхлүүлсэн. Энэ ажлаа үргэлжлүүлэн хийх бодолтой байгаа.

-Гэр хорооллын дахин төлөвлөлт зогсчихоод байгаа. Танай компани шиг хөрөнгө оруулалт нь зогссон компаниуд цаашид яавал үр дүнтэй байх бол?

-Өнгөрсөн дөрвөн жилд Э.Бат-Үүл нийслэлд Гэр хорооллын дахин төлөвлөлтийг санаачлан эхлүүлсэн гавьяатай. Баянзүрх дүүрэгт гэхэд 5-6 хэсэгт хуучны орон сууцанд маш хүндрэлтэй амьдардаг өрх олон байсан. Энэ хүмүүс надад санал тавьснаар хуучин байшин шинэ байраар солих хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавьсан. Үүнийг нийслэлээс дэмжсэн юм. Гэтэл саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэгчлэн 10 газарт тендер зарлан маш олон компаниуд орсон. Хамгийн гол нь нийслэлээс хөнгөлөлттэй зээл олгоно гэсэн л дээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд үүнийгээ олгоогүй. Үүнээс болж зогссон юм. Зарим нь хүлээж ядаад Хятадын компанитай хамтарсан компани байгуулан орсон ч хятадууд нь ажлаа орхиод явчихсан.

-Яагаад орхиод явсан юм бол?

-Бид ажлаа эхлүүлэн айлын байшинг буулгуулж орон сууцны суурийг нь ухаад эхэлчихсэн байсан юм. “Их өргөө” компани маань Хятадын компанитай хамтран ажиллаж байтал хөрөнгө оруулалтаа татаад явчихсан тул маш хүнд байдалтай бид ажлаа хийх гээд зүтгэж явна. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэж ийм том ажлыг эхлүүлчихээд зээл олгоогүй нь олон компанид дарамт болсон. Барилгынхан ямар зүгээр мөнгө авъя гэсэн биш хөнгөлөлттэй зээл л авах гэж байсан юм. Тэд өөрсдөө өгнө гэж байсандаа өгсөн бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байлаа. Монгол мэргэжилтэн, тоног төхөөрөмж нь бүгд л бэлэн байна. Үүнд л харамсч байна.

-Улс орны эдийн засаг хүнд байна. Зээл тусламж, Стэнд бай хөтөлбөр гээд ярьж байна. Таны байр суурь ямар байна вэ?

-Би бодлогын хэмжээний том зүйл ярихгүй. Өнөөдөр миний өмнө тулгамдсан асуудал бол иргэд маань байшингаа буулгуулсан иргэдийг л орон сууцтай болгох.

-Ер нь энэ 16 жилийн хугацаанд цохон хэлэхэд ямар ажлуудыг амжуулсан бол. 16 жил гэдэг бага хугацаа биш шүү дээ?

-Их хурлын гишүүн байна гэдэг чинь тийм ч амар ажил биш. Иргэдийн зүгээс ийм, тийм зүйл хэрэгтэй байна гэдэг. Биднийг болохоор төрийн бодлого тодорхойлж, хууль эрх зүйн орчинд ажиллах ёстой гэнэ. Иргэд болохоор тийм зүйл хийсэнгүй гэх жишээтэй. Хэнтий аймгаас гурван удаа сонгогдсон маань тэнд бүтээн байгуулалтын ажлыг хурдан хугацаанд хийсэнтэй холбоотой гэж ойлгодог. 2000-2003 онд гэхэд Хэрлэнгийн гүүрээ засч, сургууль, цэцэрлэг шинээр барьж, авто замтай холбосон байх жишээтэй. Бүх сумдаа цахилгаантай, дэд бүтэцтэй болгосон. Хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөрийг дөрвөн аймагт хэрэгжүүлэхэд Хэнтий аймагт түүнд нь багтаж байх жишээтэй. Хэнтий аймгийг замтай болгохын тулд зүүн аймгуудаас сонгогдсон гишүүд нэг баг болж ажиллан, даргыг нь сонгохдоо Дорнодын Баатарзориг, Ч.Улаан нарыг сонгож байсан. Дорнод, Сүхбаатар замтай холбоно гэдэг чинь Хэнтий замтай болно гэсэн үг. Тиймээс тэр хэдийгээ хурдлаарай гээд бүгд ажиллаж байсан гээд ярих зүйл их бий. Ер нь их хөөцөлдлөгөө шаарддаг юм.

Баянзүрх дүүрэг маш олон хүн амтай. Улсын төсвийн хөрөнгөөр Амгалан төрөхийг бариулсан. Үүнийг хөөцөлдөөгүй бол ямар байдалтай байх байсан бол. Зураг төслөөс нь эхлээд бүх зүйлийг нь гардан хийлгэсэн болохоор Баянзүрхийнхэн талархалтай ханддаг. Дүүрэгтээ мөн хог боловсруулах үйлдвэр байгуулах гэж өнгөрсөн дөрвөн жил зураг төслийг нь хийлгэсэн. Хоёрдугаарт, “Хуучин байрыг шинэ орон сууц”-аар гэдэг төслөө дуусгах хэрэгтэй байна. Миний энэ ажлууд дуусаагүй байгаа тул үүнийхээ ард гарахын тулд ажиллах болно.

-Улс төрд эргэн ирнэ гэсэн үг үү. Улс төрд орж байж л ажил явдаг нэг тийм жишиг тогтчихлоо?

-Би чинь улс төрөөс холдоогүй. АН-ын ҮЗХ-ны гишүүнээр ажиллаж байна. Тэр утгаараа улс төрд байгаа гэж ойлгож яваа. Хог боловсруулах үйлдвэр, “Хуучин байрыг шинэ орон сууц”-аар хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд заавал улс төрд орох шаардлага байгаа юм уу. Энэ чинь төрийн бодлогоор хийгдэж эхэлсэн хөтөлбөрүүд. Гэхдээ улс төрийнхнөө түшиж байж энэ ажлын ард гарах байх.

-Ардчилсан намын даргын сунгаа эхэлчихлээ. Намын даргын сунгааны тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Намын даргыг сунгаагаар тодруулна гээд Их хурлаас шийдсэн болохоор үүгээр явах нь зөв.

-Гэхдээ Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан МоАХ, “Шонхор” фракцийн хариуцлагын асуудлыг ярьсаар байна. Тухайн үед Засгийн газрыг огцруулаагүй байсан бол өнөөдөр байдал ямар байх байсан бэ. Таныг гэхэд л эс үйлдлээрээ Засгийн газрыг огцруулсан гэдэг?

-Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан асуудал маш удаан яригдаж байна. Их хурлын сонгуулиар хүртэл үүнийг ярьж, ҮЗХ-ны хурлаар гэхэд “Шонхор”, МоАХ руу дайрч л байна лээ. Одоо болтол энэ зуулт үргэлжилж байгаа нь мэдрэгддэг. Ардчилсан нам цаашаа явахын тулд өнгөрсөн зүйлээ ул дол болтол ухаж гаргаж ирэх биш ирээдүйгээ харж, зөв замдаа орон урагшлах ёстой. МАН-ынхан хүчтэй шүүмжилж байсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын бүтцийн өөрчлөлт хийхээр яригдаж эхэлсэн нь ганхах эхний алхам болсон. Засгийн газрыг огцруулахад зарим гишүүд ирээгүй ч огцруулах санал дээр нэмэгдээд явсан гэж үздэг. Засгийн газрыг огцруулах асуудлыг Их хурлаар оруулахын урд өдөр Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр зохион байгуулж байна гэдгийг худлаа хэлэхээргүй хүний амнаас сонссон. Би Засгийн газрыг огцруулахын эсрэг байсан. Манай бүлгийн шийдвэр ч гэсэн огцруулахгүй гээд гарчихсан байсан. Гэтэл Засгийн газар огцрох нь гарцаагүй боллоо гэхээр нь “Би ийм асуудалд оролцохгүй” гээд яваад өгсөн юм. Зарим гишүүд тэр өдөр мөн ирээгүй юм билээ. Ийм л зүйл болсон. Хэрэв Засгийн газрыг унагах гээд байсан юм бол “Шонхор”-оос Г.Баярсайхан, Д.Ганхуяг ч юм уу хэн нэгэн нь Ерөнхий сайд болчихсон бол тэгж хардаж болноо доо. Хэн нь ч Ерөнхий сайд болоогүй. Сүүлдээ биднийг намаас хөөх асуудал яригдахад хөөгдвөл хөөгдчихье гэсэн бодол байсан. Нуугаад яахав.

Аль аль намд байж үзсэн болохоор хөөгдөөд байхад эмзэглээд байх зүйл байгаагүй. Сүүлд нь МоАХ-ын дарга Х.Баттулгаас “Та нар яагаад Засгийн газрыг огцруулахад дэмжээд кноп дарчихсан юм бэ” гэтэл “Ерөнхийлөгч давхар дээлтэй байж болохгүй. Нэг гишүүн, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахаар ажил цалгардаад байна гэдэг байсан. Өрөөндөө хүртэл дуудаж уулзаад хэлдэг байсан юм. Нэг хүн хоёр албан тушаалтай байж байхаар мэргэжлийн хүнийг нь сайдаар ажиллуул гэсэн юм. Тэгэхээр нь би Засгийн газрын хуралдаан дээр давхар дээлээ тайлъя гэтэл зориглох хүн гараагүй. Тэгэхээр нь би зориглоод сайдаа өгөөд гарсан. Уг нь миний араас гарах сайд нар байгаа гэж бодсон. Даанч гараагүй. Тийм болохоор Засгийн газрыг огцруулах нэг шалтгаан тэр болсон” гэж байсан. Гэтэл үүнээс болоод биднийг буруутгаад байх юм. Энэ яриагаа одоо зогсоох хэрэгтэй. Засгийн газар огцорч, дараагийнх нь байгуулагдаж л байдаг. Тиймээс хэн нэгнийг буруутгахаасаа илүүтэй урагшаа харж алхах нь зөв гээд байгаа юм.

-Ардчилсан намын гол асуудлыг фракц шийдээд байгаа л даа. Засгийн газрыг огцруулахаас эхлээд асуудал бий. З.Энхболд дарга фракцгүй Ардчилсан намыг бий болгоно гэж байсан ч өнөөдөр бахь байдгаараа л байна…

-Ардчилсан нам фракцтай байхыг би дэмждэг. З.Энхболд дарга намын дарга болоод “Фракцаа татан буулга” гэж бүлэг дээр ярьсан юм. Бүгд л эв нэгдэлтэй байна гээд за гээд л гарцгаасан. Ардчилсан намыг фракцгүйгээр төсөөлж болохгүй юм билээ. Ингэж хэл амаа ололцчихоод нөгөөдөр нь л фракциуд уулзаж байх жишээтэй. Фракцийг ямар түвшинд байлгах ёстой вэ гэдэг асуудал ярихаас биш автоматаар татан буулгана гэдэг зүйл байхгүй. Шинэ намын даргатай болсны дараа фракциудыг намын дүрэм, бодлогын хэмжээнд тодорхой тодорхойлж, хязгаар тавих ёстой. Фракциуд нь нийлж намын эсрэг зүйл хийхгүй шүү гэдэг шалгуур тавьж өгөх хэрэгтэй. Улсынхаа сайн сайхны төлөө, хөгжлийн төлөө үзэл бодлоо уралдуулах хэмжээнд фракциудыг байлгах ёстой. Намын дүрмэндээ албан ёсоор оруулаад явах нь зөв.

-Ардчилсан намын дараагийн дарга ямар хүн байх ёстой вэ. Нэр дэвшигчдээс та хэнийг гэж харж байна вэ?

-Ёстой мэдэхгүй байна. Намын гишүүдээс хэн хамгийн их санал авсан хүн нь л дарга болох ёстой. Би намын дотоод асуудалд оролцохгүй байгаа.

Categories
мэдээ цаг-үе

ЗСБНХУ-ын анхны бөгөөд сүүлчийн Ерөнхийлөгч М.Горбачев

Михаил Сергеевич Горбачев нь Зөвлөлт Холбоот Улс, Орост төдийгүй дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн улстөрч. ЗСБНХУ-ын анхны бөгөөд сүүлчийн Ерөнхийлөгч тэрээр дэлхийн улс төрийн түүхэнд маш том өөрчлөлт гаргахад чухал үүрэг гүйцэтгэсэн.

Бүгд хүйтэн дайны аюулын тухай ярьж, дэлхийн улс орнууд хоёр хэсэгт хуваагдсан тэр үед М.Горбачев хэмээх харьцангуй залуу улстөрч Зөвлөлтийн Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон юм. Тухайн үедээ эрч хүч дүүрэн, улс төр дэх залуу үеийн төлөөлөл улс орноо удирдахаар болсон нь дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаж байжээ. Улс оронд нь томоохон өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай гэдгийг ч тэрээр мэдэрсэн. Ялангуяа улс төр, эдийн засгийн салбар мухардалд орсон тул ингэхээс өөр арга байгаагүй. М.Горбачев зоригтойгоор өөрчлөн байгуулалтыг эхлүүлсэн юм.

ЗСБНХУ болон барууны харилцаа мухардалд орж дэлхийн гуравдугаар дайн хэзээ ч эхэлж магадгүй гэж байхад баруун, зүүнийг заагласан төмөр ханыг нурааж харилцааны шинэ үеийг эхлүүлэхэд М.Горбачев чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүний ачаар дэлхийн улс төрийн уур амьсгал дулаарсан билээ.

М.Горбачев улс орноо удирдаж эхэлсэнээс хойш буюу 1985-1989 оны хооронд Америк, Зөвлөлтийн эрх баригчид дөрвөн удаа уулзаж томоохон хэлэлцээ хийсэн. Энэ нь ч үр дүнгээ өгсөн. 1979 онд Зөвлөлтийн удирдагч Л.Брежнев, Америкийн төрийн тэргүүн Р.Никсон нар уулзсанаас хойш харилцаа мухардалд орчихоод байсан үе. Ингээд 1985 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр Женев хотноо болсон М.Горбачев, Р.Рейган нарын уулзалт тухайн үедээ дэлхий нийтийг анхаарлыг хамгийн ихээр татсан үйл явдал болж байлаа. Харилцан итгэлцэл үндсэндээ алдарсан байсан тул Москвад юм уу, Вашингтонд уулзах талаар яриад ч нэмэргүй гэдгийг аль аль тал нь мэдэж байсан. Тиймээс төвийг сахьдаг Швейцарьт уулзахаар тохиролцжээ. Анхын хэлэлцээний үеэр уур амьсгал нэлээд хүнд байсан тухай гэрчүүд дурсан бичсэн байдаг. АНУ-ын Ерөнхийлөгч Р.Рейган Зөвлөлтийн удирдагчид сургаал айлдаад эхэлсэн гэнэ. М.Горбачев нэлээд сонсож байснаа “Ноён Ерөнхийлөгчөө, би сурагч биш, та багш биш, бидний ард дэлхий байна” хэмээн хэлсэн гэдэг. Амаргүй байсан ч талууд эхний уулзалтаар “Цөмийн дайн гаргахгүй байх тухай тунхаг бичиг”-т гарын үсэг зурсан. Хамгийн гол нь М.Горбачев, Р.Рейган хоёр найзууд болж энэ нь хожим стратегийн болон довтолгооны зэвсгийг хязгаарлах тухай гэрээ байгуулахад маш их тус дэм болсон гэдэг. Ингэснээр хүйтэн дайныг зогсоох үндэс суурь тавигдсан. 1988 онд Ерөнхийлөгч Р.Рейган М.Горбачевын урилгаар Москвад төрийн айлчлал хийсэн нь хоёр улсын төрийн тэргүүнүүд ямар найзууд болсны нэгэн илэрхийлэл юм. М.Горбачев ЗСБНХУ-ын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргын албыг зургаан жил хашихдаа АНУ-ын Ерөнхийлөгчтэй 11 удаа уулзсан байдаг.

Улстөрч М.Горбачевын тухай ярихад Герман, тэрдундаа Берлиний ханыг дурдахгүй байхын аргагүй. Баруун, зүүн хоёрыг зааглаж байсан Берлиний ханыг нурааж, хоёр Германыг дахин нэгдэхэд энэ хүний оруулсан хувь нэмэр маш их. Тиймээс ч түүнийг германчууд ихэд хүндлэн, дээдэлдэг. Жил бүрийн аравдугаар сард улс орон нь эргэн нэгдсэнийг тэмдэглэхдээ германчууд М.Горбачевыг заавал дурддаг юм. Тэрээр хоёр Герман нэгдэх явцыг хурдасгахыг тууштай дэмжиж байсныг Их Британийн Ерөнхий сайд М.Тэтчер, Францын Ерөнхийлөгч Ф.Миттеран нар төдийлөн дэмжихгүй байсан гэдэг. Учир нь Герман улс Европт дахин хүчээ авна хэмээн болгоомжилж байжээ.

М.Горбачев католик шашны төв гэгддэг Ватиканд албан ёсоор айлчилсан Зөвлөлтийн нам, төрийн анхны удирдагч. 1989 оны арванхоёрдугаар сарын нэгний өдөр Ромын хамба лам Иоанн Павел II түүнтэй өргөөндөө уулзжээ. Үүний дараахан Зөвлөлтөд шашны баяр гэгддэг Зул сарын баярыг албан ёсоор тэмдэглэж байхаар болсон. М.Горбачевын үед Зөвлөлт Ватикантай анх удаагаа дипломат харилцаа тогтоосон түүхтэй.

ЗСБНХУ-ын Ерөнхийлөгч барууны орнуудад айлчлахдаа дагалдан яваа сэтгүүлч, эрдэмтэд нартаа зориулан “нөхөрсөг оройн зоог” зохион байгуулдаг байсан гэдэг. Түүн дээр янз бүрийн асуудлаар санал бодлоо илэн далангуй солилцдог байжээ. Ингэхдээ ямар ч хамаагүй сэдвээр чөлөөтэй ярилцана.

Англи хэл мэддэггүй байснаас ялангуяа барууны орнуудын удирдагчтай шууд харилцаж, ойлголцоход маш их саад болж байсан хэмээн хожим нь дурсан ярьсан байдаг. Түүний гэргий Раиса Максимовна гэхэд Их Британийн Ерөнхий сайд М.Тэтчертэй англиар ярилцдагийг дурсан ярьжээ. Тухайн үед Зөвлөлтийн нам, төрийн удирдах байгууллагуудад ажиллаж байсан хүмүүсээс гадаад хэл, тэр дундаа англи хэл мэддэг хүн байгаагүй гэдэг.

М.Горбачевын эхлүүлсэн өөрчлөн байгуулалтын улмаас социалист гэгдэж байсан орнуудыг нэгтгэдэг Варшавын гэрээ, ЭЗХТЗ буюу СЭВ зэрэг байгууллагууд үгүй болсон юм. Энэ нь социалистууд орнуудад томоохон шинэчлэлийг эхлүүлэхэд хүргэсэн. Зөвлөлт нь Афганистан болон социалист гэгдэж байсан орнуудаас цэргээ гаргасан юм. Эдгээр орнуудын нэг нь Монгол Улс. Дашрамд дурдахад М.Горбачев нь манай улсад ч нэг бус удаа ажлаар ирсэн байсан юм.

Зөвлөлтийн анхны бөгөөд сүүлийн Ерөнхийлөгч тэрбээр Ставрополь хязгаарт тариачны гэр бүлд төрсөн юм. Аав Горбачев Сергей Андреевич нь орос, ээж Гопкало Мария Пантелеевна нь украин аж. Хоёр өвөө нь хоёулаа 1930-аад оны үед хэлмэгдсэн. Миша Горбачев нь 13 настайгаасаа сурахын хажуугаар хамтралд ажиллажээ. 1949 онд сурагч байхдаа ургац хураах ажилд маш сайн оролцсон хэмээн Хөдөлмөрийн улаан тугийн одонгоор шагнуулж байсан. 19 настайдаа Коммунист намд элсэн дунд сургуулиа амжилттай төгсч Москвагийн их сургуульд урилгаар орж хуульч мэргэжлээр суралцсан юм. Их сургуулиа төгсөөд Ставрополь хязгаартаа очиж залуучуудын байгууллагад удирдах ажил хийсэн. Ийнхүү ирээдүйтэй боловсон хүчин гэгдэж намын ажил эрхэлсэн байна.

М.Горбачевын талаар өгүүлэхэд түүний эхнэр Раиса Максимовнаг дурдахгүй байхын аргагүй. Зөвлөлтийн удирдагчаас анх удаа гэргийгээ олны өмнө гаргасан улстөрч бол мөн л М.Горбачев. Нөхрийнх нь нэр хүндийг өргөхөд Оросын үлгэр жишээ тэргүүн хатагтай Р.Максимовна чухал үүрэг гүйцэтгэсэн. Зөвлөлтийн түүхэнд өмнө нь тэргүүн хатагтай нь ийнхүү олонд танил байсан тохиолдол үгүй. 1999 онд Раиса Максимовна нь хорт хавдрын улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нь М.Горбачевын хувьд маш том цохилт болсон. М.Горбачев улс төрийн өндөрлөгт чимээгүйхэн гарч ирсэн шигээ чимээгүй, гунигтайгаар явсан. Өдгөө “М.Горбачев сан”-гийн тэргүүнээр ажиллаж, дэлхийн улс орнуудад уригдан очиж лекц уншиж, олон түмэнтэй санал бодлоо хуваалцсаар.

М.Горбачевын талаар ялангуяа оросууд янз бүрээр ярьдаг. Зөвлөлтийг тараан бутаргаж, эмх замбараагүй байдал үүсгэсэн хэмээн түүнийг буруутгадаг хүмүүс ч цөөнгүй. Гэсэн хэдий ч М.Горбачев бол дэлхийн түүхэнд өөрийн хувь нэмрийг оруулсан улстөрийн зүтгэлтэн юм. Тиймээс ч түүний зүтгэлийг өндрөөр үнэлж 1990 онд Нобелийн энхтайваны шагнал олгосон байна. Зөвлөлт, Оросын улстөрчдөөс энэ нэр хүндтэй шагналыг авсан хүн түүнээс өөр үгүй билээ.