Categories
мэдээ нийгэм

Ховд аймагт бөхөн гөрөөс олноороо үхэж байна

Дэлхийд нэн ховорт ордог бөхөн гөрөөс Говь-Алтай, Ховд аймгийн 6 сумын
нутагт цөөн тоогоороо амьдардаг. Сүүлийн өдөр хоногуудад бөхөн гөрөөс
олноороо үхэж байна.

ДБХС-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Ховд аймгийн төв дэх
ажиллагсад, Говь-Алтай, Ховд аймгуудын БОАЖГ-ууд болон МХГ-ын байцаагч,
сумдын бөхөн хамгаалагчид бөхөнгийн тархац нутгуудад хяналт хийжээ.
Одоогоор 256 бөхөн үхсэнийг олж тогтоогоод байна. Үхсэн бөхөнгөөс дээж
авч төв лабораторид шинжилгээ хийлгэсэнд мялзан өвчний вирус илэрчээ.

Ховд аймгийн Чандмань сумын Улаан үзүүр, Цахир, Дөргөн сумын Гашууны
хоолой, Дарви сумын Баянцагаан, Тунгалагийн ус, Говь-Алтай аймгийн
Хөхморьт сумын Шар бөөрөг, Таван хайрханы тал, Дарви сумын ар Хүйсийн
говь зэрэг нутгуудад 30-100 хүртэл толгойгоор хорогдоод байгаа ажээ.
Холбогдох газрууд шуурхай арга хэмжээ авч сэг зэмийг устгаж ариутгах,
бөхөнгийн тархалт нутгуудыг тогтоон хяналт хийх зэргээр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын иргэд визгүй зорчих орны жагсаалт

Монгол Улсын иргэд визгүй зорчих орны талаарх мэдээллийг уншигч та бүхэнд хүргэж байна.

ВИЗГҮЙ ЗОРЧИХ НӨХЦӨЛИЙН ТУХАЙ ЛАВЛАХ
/2016 оны 11 дүгээр сарын байдлаар/

Д/д

Улс орон

Зорчих нөхцөл

Хүчин төгөлдөр болсон огноо

Хэлбэр

Иргэд визгүй зорчих орнууд

1

Беларусь

90 хүртэл хоног

2013.09.04

ЗГ хоорондын хэлэлцээр

2

Бразил

90 хүртэл хоног

2015.09.21

ЗГ хоорондын хэлэлцээр

3

Хонконг

14 хүртэл хоног

1998.06.18

ЗГ хоорондын хэлэлцээр

4

Израйль

30 хүртэл хоног

1996.03.12

ЗГ хоорондын хэлэлцээр

5

Казахстан

90 хүртэл хоног

1994.12.02

ЗГ хоорондын хэлэлцээр

6

Киргиз

90 хүртэл хоног

1999.12.04

ЗГ хоорондын хэлэлцээр

7

Куба

30 хүртэл хоног

2001.10.08

ЗГ хоорондын хэлэлцээр

8

Макао

90 хүртэл хоног

2004.07.03

ЗГ хоорондын хэлэлцээр

9

Малайз

30 хүртэл хоног

1994.06.06

Ноот бичиг

10

Сингапур

14 хүртэл хоног

1991.08.05

ЗГ хоорондын хэлэлцээр

11

Украин*

90 хүртэл хоног /Албан ёсны урилгатай тохиолдолд/

ЗГ хоорондын хэлэлцээр

12

Филиппин

21 хүртэл хоног

1994.05.13

ЗГ хоорондын хэлэлцээр

13

Хятад

30 хүртэл хоног

1989.03.30

ЗГ хоорондын хэлэлцээр

14

Турк

30 хүртэл хоног

2013.10.10

ЗГ хоорондын хэлэлцээр

15

Лаос

30 хүртэл хоног

2007.10.14

ЗГ хоорондын хэлэлцээр

16

Tайланд

30 хүртэл хоног

2008.01.13

ЗГ хоорондын хэлэлцээр

17

Серби

90 хүртэл хоног

2013.11.08

ЗГ хоорондын хэлэлцээр

18

ОХУ

30 хүртэл хоног

2014.09.03

ЗГ хоорондын хэлэлцээр

19

Индонез

30 хүртэл хоног

2016.03.22

ЗГ хоорондын хэлэлцээр

Дипломат, албан паспорттай иргэд визгүй зорчих орнууд

1

БНАСАУ

90 хүртэл хоног

1986.11.14

ЗГ хоорондын хэлэлцээр

2

Болгар

90 хүртэл хоног

2011.01.18

ЗГ хоорондын хэлэлцээр

3

Вьетнам

90 хүртэл хоног

2000.01.07

ЗГ хоорондын хэлэлцээр

4

Мексик

90 хүртэл хоног

2001.11.09

ЗГ хоорондын хэлэлцээр

5

Румын

30 хүртэл хоног

1974.10.14

ЗГ хоорондын конвенц

6

Словак

90 хүртэл хоног

1992.06.26

ЗГ хоорондын хэлэлцээр

7

БНСУ

90 хүртэл хоног

2012.05.31

ЗГ хоорондын хэлэлцээр

8

Унгар

30 хүртэл хоног

2016.05.18

ЗГ хоорондын хэлэлцээр

9

Чех

90 хүртэл хоног /зөвхөн дипломат паспорт/

1992.06.26
2011.07.29

ЗГ хоорондын хэлэлцээр

10

Чили

90 хүртэл хоног

2003.09.25

ЗГ хоорондын хэлэлцээр

11

Энэтхэг

90 хүртэл хоног

2005.12.23

ЗГ хоорондын хэлэлцээр

12

Польш

90 хүртэл хоног

2011.06.29

ЗГ хоорондын хэлэлцээр

13

Кипр

90 хүртэл хоног

2011.03.30

ЗГ хоорондын хэлэлцээр

14

Камбож

30 хүртэл хоног

2012.08.27

ЗГ хоорондын хэлэлцээр

15

Бруней

14 хүртэл хоног

2013.07.01

ЗГ хоорондын хэлэлцээр

16

Кувейт

90 хүртэл хоног

2013.04.16

ЗГ хоорондын хэлэлцээр

17

Перу

90 хүртэл хоног

2013.04.30

ЗГ хоорондын хэлэлцээр

18

ХБНГУ

90 хүртэл хоног /зөвхөн цахим дипломат паспорт/

2013.05.08

ЗГ хоорондын хэлэлцээр

19

Колумб

30 хүртэл хоног

2013.09.23

ЗГ хоорондын хэлэлцээр

20

Франц

90 хүртэл хоног /зөвхөн дипломат паспорт/

2013.10.26

ЗГ хоорондын хэлэлцээр

21

Мьянмар

30 хүртэл хоног

2013.11.18

ЗГ хоорондын хэлэлцээр

22

Эстони

90 хүртэл хоног /зөвхөн цахим (биометрийн) дипломат паспорт/

2014.04.28

ЗГ хоорондын хэлэлцээр

23

Итали

90 хүртэл хоног /зөвхөн дипломат паспорт/

2014.07.14

ЗГ хоорондын хэлэлцээр

24

Латви

90 хүртэл хоног

2014.06.12

ЗГ хоорондын хэлэлцээр

25

Туркменистан

30 хүртэл хоног

2015.06.03

ЗГ хоорондын хэлэлцээр

Бусад хөнгөлөлт

1

АНУ

Монгол Улсын иргэдэд 3-10 жилийн хугацаанд олон удаа зорчих виз олгоно.
АНУ-ын иргэд Монгол Улсад 90 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчино.

2001.07.06

Ноот бичиг

2

ИБУИНВУ

Монгол Улсын иргэдэд 1 удаа 6 сар хүртэл хугацаагаар суурьших эрхтэй, 6 сараас 10 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгохоор, Их Британийн дипломат паспорт эзэмшигч иргэд Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчихоор харилцан тохиролцсон.

2009.06.29

Ноот бичиг

3

Япон

Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын иргэдэд 3 хүртэлх жилийн хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ “Богино хугацааны олон удаагийн виз” олгох шийдвэр гаргасан.
Дипломат паспорттой иргэд визгүй зорчдог болсон.
Япон Улсын иргэдийг Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар дангаараа гаргасан.

2015.08.10-наас эхлэн мөрдөнө
2010.04.01-ээс эхлэн мөрдөнө.
2016.11.15-наас эхлэн мөрдөнө.

Засгийн газрын тогтоол

Ноот бичиг

4

ХБНГУ

ХБНГУ-ын иргэдийг Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар дангаараа гаргасан.

2013.09.01-нээс эхлэн мөрдөнө.

Засгийн газрын тогтоол

5

Канад

Монгол Улсын энгийн паспорттай иргэдэд 10 жил хүртэлх, дипломат болон албан паспорттай иргэдэд 4 жил хүртэлх хугацааны олон удаагийн виз олгоно.
Канад Улсын иргэдийг Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар дангаараа гаргасан.

2013.06.04

2014.01.01-ээс эхлэн

Засгийн газрын тогтоол

Бусад оронд визтэй зорчино

* Монгол Улс болон Украин Улсын иргэд харилцан зорчиход 1979 онд байгуулсан “Иргэд харилцан визгүй зорчих нөхцөлийг хөнгөвчлөх тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” үйлчлэх бөгөөд иргэд албан ёсны урилга авсан байх шаардлагатай.
** НҮБ-ын паспорт бүхий албан хэргээр зорчих, оршин суух НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын албан хаагчид манай улсад 30 хүртэл хоног визгүй зорчиж байна.

Categories
мэдээ улс-төр

Хөшигийн нисэх буудал Япон, Монголын сайн харилцааны бэлгэ тэмдэг болно

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Япон Улсаас Монгол Улсад
суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч
уулзлаа.

УИХ-ын дарга М.Энхболд ноён Масато Такаокад Элчин сайдаар томилогдон
ажиллаж эхэлсэнд нь баяр хүргээд Монгол Улсад тавтай морилохыг хүсэв.

Тэрбээр “Япон Улсыг бидэнд элгэмсэг дотно ханддаг, байнга тусалж
дэмжсээр ирсэн сайн түншээ гэж монголчууд үздэг. Гадаад харилцааны өргөн
баялаг туршлагатай Ноён Элчин сайд Таныг Монголд ажиллах хугацаанд
Монгол, Японы стратегийн түншлэлийн харилцаа улам өргөжин гүнзгийрч, их амжилт олно гэдэгт итгэлтэй байна” гэв.

Мөн Монгол Улсын ардчилал шинэчлэлийг гүнзгийрүүлэх, орчин үеийн
хөгжлийн суурийг тавихад Япон Улсын дэмжлэг, зээл, тусламж онцгой үүрэг
гүйцэтгэсээр ирснийг тэмдэглээд,
Японы хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд Олон улсын шинэ нисэх
онгоцны буудал, Анагаах ухааны их сургуулийн дэргэд эмнэлэг байгуулах,
1,000 инженер бэлтгэх зэрэг томоохон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжиж
байгааг дурдав. Түүнчлэн “Өвсний үндэс” хөтөлбөрийн шугамаар
Монголын нийгмийн олон салбарт маш үр дүнтэй бүтээн байгуулалт,
хүмүүнлэгийн ажлууд хийгдсэнийг онцоллоо.

УИХ-ын дарга М.Энхболд “Улс төрийн итгэлцэл урьд өмнө байгаагүйгээр
гүнзгийрч, харилцан айлчлалын давтамж нэмэгдлээ. Хамгийн сүүлийн жишээ
гэхэд Японы Ерөнхий сайд Ш.Абэ өнгөрсөн зун Улаанбаатарт болсон АСЕМ-ын
дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ манай төр, засгийн өндөр дээд
түвшний хүмүүстэй уулзсан, оны өмнөхөн Монгол Улсын Ерөнхий сайд
Ж.Эрдэнэбат Япон Улсад айлчилсан” хэмээн тэмдэглэлээ.

Ноён Масато Такаока УИХ-ын даргыг хүлээн авч уулзаж байгаад нь талархал илэрхийлээд “Японд нэгдүгээр сарын 1-3 амралтын өдөр байдаг.
Өнөөдөр шинэ оны албан ёсны ажлын эхний өдөр Та хүлээн авч уулзаж
байгаа нь ажил маань урагштай, бүтэмжтэй, шинэ эрч хүчээр дүүрэн байхын
бэлгэдэл боллоо. Монгол Улсад
ирснээс хойш ердөө 7 хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдоржид Итгэмжлэх жуух бичгээ барих боломж олдсон.
Энэ бүхнийг би Монголын төр засаг, ард түмний Япон Улс, япончуудад үзүүлж буй гүн хүндэтгэл, итгэл гэж хүлээн авч байна” гэлээ.

Тэрбээр “Та 2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоны дараах
анхны гадаад айлчлалаа Японоос эхэлж байсан. Тэр үеийн Ерөнхий сайд
Ж.Коизүмитай уулзах үеэрээ Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын
нисэх буудлын асуудлыг анх хөндөн тавьж байсан нь одоо нэгэнт ажил хэрэг
болж байна. Тус нисэх буудал Япон, Монголын сайн харилцааны бэлгэ тэмдэг болох болно” гэж онцлоод нисэх буудлын менежементийн асуудлыг ойрын үед шийдвэрлэхэд анхаарлаа хандуулахыг УИХ-ын даргаас хүслээ.

Ноён Масато Такаока 2016 оны 6-р сараас Япон, Монголын эдийн засгийн
түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлснийг тэмдэглээд энэ нь
хоёр орны хоорондох гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээ
нэмэгдэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов.

УИХ-ын дарга М.Энхболд, Элчин сайд М.Такаока нар
Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд
энэ оны хоёрдугаар сард Монгол Улсын Их Хурлын даргын Япон Улсад хийх
айлчлалын асуудлыг хөндөж ярив.

УИХ-ын дарга М.Энхболд “Айлчлах нэг хэрэг. Үр дүн хамгийн чухал. Энэ
үеэр Монгол, Японы Стратегийн түншлэлийн дараачийн Дунд хугацааны
хөтөлбөрийг эцэслэн тохирвол сайн байна. Энэ баримт бичиг манай хоёр
орны хамтын ажиллагааны ойрын ирээдүйг тодорхойлох болно” гээд айлчлалыг
үр дүнтэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг ноён Элчин сайдаас
хүслээ. Мөн Монгол Улсын Засгийн
газраас Японы Засгийн газарт хандаж тавьсан санхүүгийн дэмжлэгийн
асуудалд анхаарлаа хандуулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Ноён Масато Такаока “Баялаг ихтэй, боломж өндөртэй орон бол Монгол. Монгол орон хөгжин цэцэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Танай улсад тохиогоод буй санхүүгийн хүндрэлийн асуудлыг Японд сайн ойлгож байгаа.
Санхүүгийн дэмжлэгийн хувьд ОУВС-тай хийх яриа хэлэлцээ маш чухал.
Айлчлалыг амжилттай зохион байгуулахын тулд хичээх болно” гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын төгсгөлд Элчин сайд Масато Такаокаг
бүхий л талаар дэмжиж, нягт хамтран ажиллах болно гээд ажилд нь амжилт
хүслээ. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы
найрамдлын бүлгийн дарга Д.Сумъяабазар байлцлаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

105 настай франц эр дугуйн шинэчилсэн рекордоо тогтоожээ

Лхагва гаригт Парисийн ойролцоо болсон дугуйн уралдаанд 105 настай Роберт Марчанд түрүүллээ. Тэрээр цагт 22.528 км туулжээ. Тэрээр Францад их алдартай бөгөөд олон фентэй гэнэ. Тэрээр 2014 онд 102 настай байхдаа цагт 26.927 км туулж амжилтаа ахиулж байсан байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш 2500 төгрөгт хүрлээ

Өнгөрсөн оны 11 дүгээр сард 2720
төгрөгтэй тэнцсэн ам.долларын ханш өнөөдөр 2500 төгрөгтэй тэнцэж, дахин
өсч эхэллээ. Ам.долларын ханшийн савалгаанаас арилжааны банкууд ашиг
хийсэн гэх шүүмжлэл ч тухайн үед гарч байсан.

Өнөөдөр 11:15 цагийн байдлаар “Найман
шарга” захад нэг ам.долларыг зарах ханш 2500, авах ханш нь 2498
төгрөгтэй тэнцэж байгаа бол Төв банкны албан ёсны ханш нь 2493 төгрөг
байна. Худалдаа хөгжлийн банк өнөөдөр ам.долларыг 2.488 төгрөгөөр авч,
2.499 төгрөгөөр зарж байна. Голомт банк ам.долларыг 2.488 төгрөгөөр авч,
2.499 төгрөгөөр зарж байгаа бол Хаан банк мөн 2.488 төгрөгөөр авч,
2.499 төгрөгөөр зарж байна. Хамгийн сүүлд буюу уржигдрын валютын
дуудлага худалдаагаар банкууд 2491.45 төгрөгийн ханшаар 39 сая
ам.доллар, 354.81 төгрөгийн ханшаар 82.2 сая юань худалдан авах санал
ирүүлжээ.

Монголбанкны хувьд
гадаад валютын дуудлага худалдааг зохистой үед нь зохион байгуулж
байгаа гэсэн мэдээлллийг өгч буй юм. Монгол Улсын Гадаад валютын албан
нөөцийн хэмжээ 2016 оны 11 сарын байдлаар 1.303.9 сая ам.долларт хүрч
өмнөх сараас 25.5 хувь буюу 265.2 сая ам.доллараар өссөн үзүүлэлттэй
гарсан. Нөөц нэмэгдсэн шалтгааныг иргэд, аж ахуйн нэгжүүдийн
Монголбанкинд тушаасан алтны хэмжээ нэмэгдсэн болон Монгол Улсад орох
гадаад валютын урсгал нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн гэсэн тайлбарыг
Төвбанкнаас хийгээд байна. Түүнчлэн ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөр
удахгүй хэрэгжиж эхлэхээр яригдаж буйтай холбогдуулан ам.долларын ханш
буух хүлээлттэй байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү: Улс төрийн сонгуулийн хуулийг хэдхэн сарын өмнө өөрчилдөг асуудал хэрээс хэтэрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын тслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хуулин дээр олон жил ажилласан хүмүүсийн хувьд ийм заалтууд оруулмаар байна гэж ярих юм. Би өөрөө мэргэжлийн хүн биш ч гэлээ мэргэжлийн хүмүүс яриад байгаа учир үүнийг нэмэлтээр хэлэлцүүлээд явах байх гэж бодож байсан. Гэтэл үүнийг хасчихаар яах вэ, энд нэг сонин ойлголт яваад байна. Их хурлын гишүүд хууль санаачлах эрхтэй гэдгийг ойлгомоор байна. Бид хууль санаачлахдаа гэртээ сууж байгаад ч юм уу, баар цэнгээний газар сууж байхад хуулийн төсөл толгойд ороод ирдэг юм биш шүү дээ.

Жишээлбэл, Өмгөөллийн тухай хууль дээр аваад үзэхэд харагдаж байна. Заавал нөхөрлөл байгуулж байж өмгөөлөл хийнэ. Хуулийн зөвлөх байж болохгүй. Хуулийн зөвлөх өгч байгаа бол шүүхэд орж болохгүй, иймэрхүү байдлаар хүнийг ажил хөдөлмөрөөр нь ялгаварлаж болохгүй ээ. Байгууллагын жижигхэн амбицаар ингэж шахдагаа болиод 3-р хэлэлцүүлэг дээр үүнийгээ оруулж өгөөчээ гэж хатуу сануулмаар байна. Нэгэнт батлагдсан юм чинь хэлэлцэхгүй гэдэг ойлголтоосоо салаачээ. Баталсан байж болно. Амьдрал дээр хэрэгжих гээд хоёр жил болохгүй байвал яах вэ. Заавал дөрвөн жил үүнийг барь гэсэн ойлголт байхгүй. Дутуу зүйл байвал яаж нэмэх вэ. Улс төрийн сонгуулийн хуулийг хэдхэн сарын өмнө шийддэг асуудал хэрээс хэтэрлээ гэдгийг хэлэх гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Нэг хуулийг ингэж сонгуулийн мөчлөг бүрт сольж байж болохгүй. 1806 онд батлагдсан Америкийн хууль одоо болтол мөрдөгдөж л байна. Ер бусын гайхамшигтай хууль биш шүү дээ. Гэсэн ч тэвчиж л амьдарч байгаа хуулиуд шүү дээ. Та нар юуг нь шинэчлэх гээд байна гэхээр хариулт өгөх хүн байдаггүй. Хуулиа тогтвортой явуулах гэхээр дундаас нь самууруулаад хаячих юм. Одоо Засгийн газарт мэдэж байгаа хүн нэг ч алга. Хуулийг заншил болгох хэрэгтэй байна гэв.

О.ӨНӨР

Categories
гадаад мэдээ

Берлинд халдлага үйлдсэн хэрэгт сэжиглэгдэж буй бас нэгэн этгээдийг баривчиллаа

Шинэ оны өмнөхөн Берлин хотод Зул сарын баярын захыг ачааны машинаар дайрсан хэрэг гарсан билээ. Энэ хэргийг үйлдэгч гол эзэн нь Анис Амри гэгч билээ. Гэтэл энэ хэрэгт холбоотой бас нэгэн этгээдийг Берлиний Цагдаагийн газар баривчилсан байна. Хууль сахиулах байгууллагаас Тунисээс гаралтай 26 настай сэжигтний гэрт нь нэгжлэг хийсэн бөгөөд одоогоор хууль сахиулах байгууллагаа энэ талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 19-ны өдөр Берлин хотын Зул сарын баярын захыг ачааны машинаар дайрсан хэрэг гарсан билээ. Үүний улмаас 12 хүн нас барж, 49 хүн шархадсан юм.

Categories
мэдээ улс-төр

Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар Төрийн ордонд чуулж байна

Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар Төрийн ордонд эхэллээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга замаа тодорхойлох, харилцан мэдээлэл солилцох, Засгийн газрын гишүүд, аймгийн удирдлагууд хэрхэн хамтран ажиллах талаар харилцан ярилцах юм.

Семинарыг нээж Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат үг хэлэв.

Тэрээр Засгийн газар бүрэн эрхээ бүтэн хэрэгжүүлэх анхны жил эхэлж байна. Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар болон Засгийн газрын бүтцийн бүх гишүүд, ажилтан албан хаагчид батлагдсан төсөвтөө багтаан үр дүнтэй ажлуудыг харилцан уялдаа холбоотой хэрэгжүүлэхээс гадна, тансаглалаас татгалзаж, төсвийн үрэлгэн байдлыг халахын төлөө үлгэр жишээ ажиллах ёстой гэлээ.

Эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөр боловсруулсан. Хөтөлбөрийн хүрээнд энэ онд нийт 60 гаруй бодлогын арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Оюутолгойн далд уурхайн төсөл, Тавантолгойн төсөл, Гацууртын алтны ордны төсөл, Тавантолгойн цахилгаан станц, Дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөх зэрэг томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлж байна.

65-аас дээш настай ахмад настанууддаа “Насны хишиг” тэтгэмж олгох, их, дээд сургуульд суралцагч оюутнуудад “Боловсролын зээлийн сан”-аас сургалтын зээл олгох зэрэг хөтөлбөрүүдийг оны эхнээс хэрэгжүүлэх боломжтой боллоо.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөр болон 2017 оны төсвөө батлуулан шинэ оныхоо ажилд ороод байна. Эдгээр ажлын үр дүнд бидний үйл ажиллагааны чиглэл, хийх ажлын төлөвлөгөө улам тодорхой болж байна. Мөн салбарын сайд бүртэй гэрээ байгуулж байгаа явдал нь хариуцлагын зарчмыг Засгийн газар улам чангатгаж, сахилга батаа сайжруулахын төлөө хийж байгаа алхам юм.

Энэ онд бидэнд бага зардлаар илүү их үр дүнд хүрэх амаргүй сорилт тулгарч байна. Төсвийн хэмнэлтийг Засгийн газар, орон нутгийн удирдлагууд өөрсдөөсөө эхлэх ёстой. Төсвийн сахилга бат шат шатандаа алдагдсанаас эдийн засгийн хямрал, санхүүгийн зуд нүүрлэсэн. Үүнийг цэгцэлнэ. Хөрөнгө оруулалтын тухай асуудлыг 2017 оны батлагдсан төсвийн хүрээнд ярилцана гэдгийг анхаарах хэрэгтэй гэлээ.

Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар хоёр өдөр үргэлжлэх бөгөөд төгсгөлд нь Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар хамтран ажиллах тухай гэрээ байгуулж баталгаажуулах юм гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

17 аймгийн 127 суманд өвөлжилт хүндэрчээ

Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн
70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноос 2017 оны 01 дүгээр сарын 03-ны
өдрийн байдлаар 17 аймгийн 127 сум, нийслэлийн 2 дүүрэгт өвөлжилт
хүндэрсэн.

Ялангуяа баруун, төв, зүүн аймгуудын зарим
газраар тал газраа 25-35 см, уулархаг газар, гуу жалгандаа 40-90 см-ийн
зузаан нягтарч хатуурсан цастайгаас бод, бог малын хошуу, туруу, шилбэ
халцарсан, аргал, янгир зэрэг ховор ан амьтад идэш хоолгүйн улмаас
уулнаас буух, цасанд дарагдах явдал зэрэг хүндрэл гарсан.

Улсын хэмжээнд 61.5 сая мал /2016 оны
жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүн/ өвөлжиж байгаагаас аймаг,
сум дундын, тусгай хэрэгцээний болон хилийн зурвас отрын бүс нутгаар
16148 малчин өрхөд 6.6 сая толгой мал өвөлжинө.

Их цас, цасан шуурганы үед Архангай,
Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дорнод, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд,
Хөвсгөл зэрэг 14 аймгийн 88 суманд 142 даваа, 30 тал хөндий газарт
хүндрэл бэрхшээл үүсдэг тул гамшгийн үед ажиллах хүн хүч, техник
хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангасан.

Цаашид Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан,
Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудад нэмж цас орвол цагийн
байдал улам хүндрэх төлөвтэй. Мөн Ховд, Завхан, Хөвсгөл аймгуудын
уулархаг нутгаар өвөлжиж байсан малчид цас их орж байгаа тул мал сүргээ
тарга тэвээрэг алдаагүй байгаа дээрээ говийн бүс рүү отор нүүдэл хийх
ажлыг аймаг, орон нутгийн удирдлагуудтай хамтран зохион байгуулж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан орон
нутгийн удирдлагууд, малчдын зүгээс бага насны хүүхэд, малчдад дархлаа
сайжруулах, биеийн эсэргүүцэл дэмжих амин дэм, илчлэг, тэжээллэг хоол
хүнс олгох, улсын нөөцийн өвс, тэжээлийн үнийг хямдруулах, эрүүл мэндийн
тусламж үйлчилгээ үзүүлэх автомашин шинээр олгох, цасанд суусан,
боогдсон, эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага нэмэгдэж байгаа тул
шатахууны асуудлыг шийдвэрлэх, цасанд хаагдсан зам, давааг нээх
зориулалтаар ачигч, түрэгч ковш, туулц сайтай автомашин олгож өгөх
хүсэлтүүдийг ирүүлсээр байна.

Өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад
Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 163
дугаар тогтоолоор 1.1 тэрбум төгрөгийг 12 аймагт (Архангай, Баян-Өлгий,
Булган, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Ховд, Хөвсгөл,
Хэнтий), мөн оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 160 дугаар тогтоолоор 21
аймагт нийт 630.0 сая төгрөгийн үнэ бүхий хүн эмнэлгийн автомашиныг тус
тус олгож, урьдчилан сэргийлэх ажлыг эртнээс зохион байгуулах,
өвөлжилтийг хохирол багатай даван туулах зорилгоор олон улсын
байгууллагаас дэмжлэг, туслалцаа хүссэн.

Цаг уур, орчны шинжилгээний газрын
ирүүлсэн мэдээгээр 2017 оны 1, 2 дугаар сард цас ихтэй газруудаар олон
жилийн дунджаас ахиу хур тунадас орж, хүйтэн байх төлөвтэй байна.

Өвөлжилт хүндэрсэн үед Улсын нөөцөөс татан байршуулах өвс тэжээлийн аюулгүйн нөөцийн бэлэн байдлыг бүрэн хангасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Москва хотод цаг агаарын онц байдал зарлалаа

ОХУ-ын нийслэл Москва хотод их хэмжээний цас орж,
цасан шуурга шуурч байгаатай холбогдуулан тус хотод цаг агаарын онц
байдал зарлалаа гэж ОХУ-ын Онцгой байдлын яам мэдэгдэв.

Цаашид Москва муж болон Москва хотод цаг агаарын байдал энэ сарын 5-ны
өдрийн 11:00 цаг хүртэл муудах төлөвтэй байгаа бөгөөд салхи секундэд
12-17 метрт хүрч ширүүснэ гэж мэдэгдэлд дурджээ.

Цаг агаарын нөхцөл байдлын улмаас цахилгаан дамжуулах шугам тасалдаж,
тээврийн үйлчилгээ зогсч магадгүй гэж Оросын Онцгой байдлын яам
анхаарууллаа. Үүний зэрэгцээ нурж болзошгүй хуучин барилга байшин болон
зар сурталчилгааны самбаруудаас хол явахыг явган
зорчигчдод анхааруулсан байна.