Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын албаныхан ТҮК-ийн ажилчдыг дайллаа

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22
дугаар ангийн ахлагч бүрэлдэхүүн үүрийн жингээс үдшийн бүрий хүртэл
амсхийх завгүй ажиллаж, хотынхоо өнгө үзэмжийн төлөө зүтгэж явдаг зам
талбайн үйлчлэгч нарт сэтгэлийн дэм өгч, халуун хоол, цайгаар дайллаа.

Албан хаагчид тус аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын зам
талбайн 43 үйлчлэгчийг “Өглөөний цай”-гаар дайлахын зэрэгцээ замын цас
цэвэрлэж иргэдэд учирч болзошгүй авто ослын болон олон төрлийн гэмтэл
бэртлээс урьдчилан сэргийлсэн нийгмийн сайн үйлсийн ажилд хувь нэмрээ
оруулав.

Тэдний энэхүү сайн санааны үйлсийг тус Онцгой байдлын газрын бэлтгэл
ахлах ахлагч Л.Мөнхнасан дэмжиж, дөрвөн үйлчлэгчид дулаан хувцас
бэлэглэсэн юм гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Нэг шүүгчид ногдох хэрэг 25 хувиар өсчээ

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим 2016 онд нийт 454 хэрэг
хүлээн авч, 337 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 88 хэргийг
албан бичгээр буцааж, 23 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд
шилжүүлжээ.

Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 69 өдөр
хуралдаж, өдөрт дунджаар 5 хэрэг хэлэлцжээ. Эрүүгийн хэргийн танхимд
хяналтын шатны журмаар ирүүлсэн хэргээс нэг шүүгчид 85 хэрэг ногдож
байна.

Хяналтын журмаар шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн 337 хэргийн
49.5 хувь буюу 167 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдол,
эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, 24 хувь буюу 81 хэргийн тогтоол,
магадлалд өөрчлөлт оруулж, 26.4 хувь буюу 89 хэргийн тогтоол, магадлалыг
хүчингүй болгожээ.

Хүчингүй болгосон 89 хэргийн 57.3 хувь буюу 51 хэргийг нэмэлт хэрэг
бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт, 22.4 хувь буюу 20
хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, 7.8 хувь буюу 7 хэргийг
хэрэгсэхгүй болгож, 12.3 хувь буюу 11 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр
үлдээж, магадлалыг хүчингүй болгожээ.

Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан эрүүгийн хэрэг 59-өөр буюу 11.5
хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 46-аар буюу
12.0 хувиар буурч, нэг шүүгчид ногдох хэрэг 17-оор буюу 25 хувиар
өссөн байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарын хүн амын нас баралтын 9-13 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй

“Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн үеэр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн дарга Б.Цогтбаатар судалгааны дүнг мэдээлэв.

Тус хүрээлэнгийн эрдэмтэд Канад улсаас 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалт босгож, агаарын бохирдол эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа тухай судалгаа хийсэн байна. Судалгаагаар “Уушгины хорт хавдрын 39 хувь нь агаарын бохирдолтой шууд холбоотой байна. Үүнээс гадна амьсгалын замын өвчлөлийн 28 хувь, цаг уурын хүчин зүйлээс үүдэлтэй амьсгалын замын өвчлөл 53 хувийг эзэлж байна. Харин ураг амьгүй болох тохиолдол ч эрс нэмэгджээ. Зуны улиралд 1000 ураг тутмын 23 нь энддэг бол өвлийн улиралд энэ тоо 70 болж өсдөг. Өөрөөр хэлбэл ураг амьгүй болох тохиолдол өвлийн улиралд 3,15 дахин их байна” гэлээ.

Түүнчлэн 2009 оны статистик тоо баримтыг загварчлаад 2011 онд олон улсад хэвлэгдсэн судалгааны үр дүнгээр Улаанбаатар хотын хүн амын нийт нас баралтын 9-13 хувь нь агаарын бохирдлоос үүдэж өвчин нь хүндэрсэн болох нь тогтоогджээ.

Categories
мэдээ нийгэм

С.Зоригийн хэргээр яллагдсан Б.Содномдаржаагийн гэр бүлийнхэн шинэ баримт дэлгэнэ гэв

УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд Зоригийн амийг хөнөөлгөсөн захиалагчийн хэргийг тусгаарлан шалгаж эхэлсэн хэмээн Улсын Ерөнхий прокурорын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Ц.Өлзийжаргал өчигдөр мэдээлсэн билээ.

Тэрбээр “Ц.Амгаланбаатар нарыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэж буруутган шалгаж эхлэх тэр үед тэдэнд хэн захиалга өгсөн бэ гэдгийг давхар шалгаж байсан. Хэргийн захиалагч хэн байв гэдэгт ч нотлох баримтууд ч цуглаж байгаа. Гэхдээ Ц.Амгаланбаатар нарын С.Зоригийг хөнөөс үйлдлийг хэргийн захиалагчаас нь тусгаарлан шалгах шаардлага тулгарсан. Энэ дагуу л 18 жилийн өмнө гарсан хүн амины хэргийг цагдаа, прокурор, тагнуулынхан хамтран шалгасаар байна” гэлээ.

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарснаас хуулийн байгууллагаас хойш удтал шалгалт явуулсаны эцэст хэргийн шүүх хурал өнгөрсөн сард болсон.

Хорих 461-р ангид таван өдөр хаалттай горимоор үргэлжилсэн шүүх хуралдаанаар Орхон аймгийн харьяат гурван иргэнийг гэм буруутай гэж үзэн ялын дээд хэмжээг оноосон.

Харин яллагдагчдын ар гэрийнхэн шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа шүүх хурлын дараа мэдэгдэж, давж заалдахаа илэрхийлсэн юм. Яллагдагч Б.Содномдаржаагийн ар гэрийнхэн энэ сарын 7-ны өдөр буюу бямба гаригт 12 цагаас Эрдэнэт хотын Соёлын төвийн урд талбайд тайван жагсаал хийж, “С.Зоригийн хэрэг”-ийн шинэ баримтыг дэлгэнэ гэв.

Categories
мэдээ нийгэм

Дуудаж байцаадаг, айлган сүрдүүлдэг үйлдлүүдээ зогсоохыг шаардав

“Ардын их хурал” хөдөлгөөнөөс
мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд ЦЕГ болон ТЕГ иргэдийнхээ эрх чөлөөг
хангаж ажиллах, Үндсэн хуульд заасан чиг үүргээ сахин ажиллахгүй байгааг
тэд онцолсон юм.

Тус хөдөлгөөн нь өнгөрсөн оны есдүгээр сард байгуулагдсан бөгөөд хөдөлгөөний зохицуулагч Б.Батсүх болон хотын Ерөнхий менежер асан С.Бадрал нарын 200 гаруй гишүүнтэй юм байна. Энэ үеэр “Ардын их хурал” хөдөлгөөний зохицуулагч Б.Батсүхээс зарим асуултад хариулт авлаа.

-Та сая “Ард түмний сонорт” гэх
ухуулах хуудсыг хотын гудамжинд наасан талаараа ярилаа. Ямар утгатай
ухуулах хуудас байсан юм бэ?

-Улс оронд үүсээд буй нийгэм, эдийн
засгийн хямрал нь одоогийн төрийн тогтолцооноос үүдэлтэй гэж бидний
хэсэг залуус санал нэгдсэн. Цаашид уг хямралыг давах шийдэл нь
олигархуудын биш, ард түмэн засаглаж, эрхээ эдлэх “Ардын их хуралтай” байх юм гэдэг утга бүхий ухуулах хуудас юм.
Бид энэ ухуулах хуудсаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хотын гудамжаар наасан. Ухуулах хуудсаа наах явцад бидний
зарим нөхдийг ТЕГ-ын ажилтнууд барьж, хорьсон.

-Ямар үндэслэлээр барьж хорьсон юм бэ?

-Манай хүмүүсийг “Энэ үйл ажиллагаа чинь
таван жилийн хорих ялтай” гэж айлган сүрдүүлж, ганцаарчлан тусгай
өрөөнд оруулж байцаасан байсан. Мөн бичиг баримтыг нь ухуулах
хуудаснуудтай нь хураан авч, гар утсан дахь мэдээллийг нь шалгасан.
Мөн энэ үйл явдлыг мэдээлсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг
дарамталсан. Ингээд арванхоёрдугаар сарын 6-ны өдөр ТЕГ болон Эрүүгийн
Цагдаагийн газраас шалтгаангүйгээр биднийг дуудсан.

-Та бүхэн Эрүүгийн Цагдаагийн газарт очсон уу?

Очсон. Биднийг “Хийж байгаа үйлдлээ зогсоо” гэж шаардсан. Уг
нь Монгол Улсын бүх иргэн Үндсэн хуульд зааснаар “Үзэл бодлоо чөлөөтэй
илэрхийлэх, хэвлэн нийтлэх, үгээ хэлэх” эрхтэй шүү дээ. Тийм болохоор
бид ЦЕГ болон ТЕГ-ыг иргэдийнхээ эрх чөлөөг хангаж ажиллах, Үндсэн
хуульд заасан чиг үүргээ сахин ажиллахыг мэдэгдэж, барьж дуудаж
байцаасан, айлган сүрдүүлсэн хариуцлагагүй үйлдлүүдээ нэн даруй зогсоохыг шаардаж байгаа юм.

-Танай хөдөлгөөнийнхөн цаашид ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

-Бидний цаашдын зорилго бол олигархуудыг халж, ард түмэн засаглаа эрхээ эдлэх “Ардын их хуралтай” болох юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Mongolian next top model”-н эхний шалгаруулалтад 22 охин тэнцжээ

Монголын загварын ертөнцөд цоо шинэ өнгө төрх, шинэ дүр бий болгох зорилготой “Mongolian next top model” шоу нэвтрүүлэг тун удахгүй “Боловсрол суваг” телевизээр цацагдах гэж байна. Үүнтэй холбогдуулан тус нэвтрүүлгийн зохион байгуулагчид мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд “Монгол Масс Медиа” группын захирал А.Амундра, “Mongolian next top model” нэвтрүүлгийн ерөнхий продюсер, төслийн удирдагч Ө.Содгэрэл, тус шоуны зөвлөх продюсер Мартин Рэдмен, шоу нэвтрүүлгийн хөтлөгч, загвар өмсөгч, модель Нора нарын хүмүүс оролцлоо.

Шоунд оролцохоор нийт 220 гаруй гоо бүсгүй бүртгүүлсэн байна. Улмаар гурван үе шат бүхий шалгаруулалтын дараа шилдэг 22 охин эхний дугаарт тэнцжээ. Тэднээс 14 оролцогч дараагийн дугаарт өрсөлдөх эрхтэй болсон байна. Эдгээр охин Олон улсын моделиудад тавигдах үндсэн шалгууруудыг давж чадсан оролцогчид “Next top model”нэвтрүүлгийн багийнхны зүгээс өгөх сонирхолтой сорилт, даалгавруудыг гүйцэтгэж ур чадвараараа өрсөлдөх юм байна.

Нэвтрүүлгийн хөтлөгч, шүүгчээр загвар өмсөгч, модель Нора ажиллах юм байна. Мөн “On n Off” продакшны гүйцэтгэх захирал Т.Нансалмаа, загвар өмсөгч, жүжигчин Н.Оргил нар үндсэн шүүгчээр ажиллахаар болжээ. Харин хоёр сарын турш үргэлжлэх тус шоу нэвтрүүлгийн ерөнхий продюсероор “Buro 24/7” сэтгүүлийг үүсгэн байгуулагч Ө.Содгэрэл ажиллах аж.

“Mongolian next top model” шоуг АНУ-ын “CBS” international” студийн албан ёсны эрхийн дагуу зохион байгуулж буй юм. Тийм учраас зөвлөх продюсер Мартин Рэдмен ажиллахаар манай улсад иржээ. Тэрбээр Миний хувьд Монголд ирж энэхүү нэвтрүүлэгт туслах болсон нь нэр төрийн хэрэг байлаа. Би 12 жилийн турш Их Британийн “Next top model” шоуг продюссерлосон. Энэ бол маш гайхалтай нэвтрүүлэг. Тийм учраас Монголд маш том шуугиан дэгдээж, гайхалтай амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Оролцогчид “Хийморь” хотхонд байрлах тансаг зэрэглэлийн байранд хоёр сарын хугацаанд байрлан амьдрах юм байна. Нийт 16 дугаар “Боловсрол суваг” телевизээр цацагдана.

Шоуны ялагч үндэсний оператор “Жи-Мобайл” компанийн нүүр царайгаар нэг жилийн хугацаатай ажиллах эрх, 20 сая төгрөгийн мөнгөн шагнал, Парис хотоор аялах эрх, Сингапур улсын “Loogue” загварын агентлагтай хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллах эрхээр шагнуулах юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Жаргаагүй нар” тайзнаа дахин тоглогдоно

Үлгэр домог мэт амьдарч, бидний оюун
санаа, сэтгэл зүрхэнд сэрүүн тунгалаг, мөнх хэвээр оршсоор байгаа Их
зохиолч Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн
эмгэнэлт жүжгийг 2017 онд дахин тайзнаа тоглох гэж байна.

Их зохиолчийн бодит амьдралаас сэдэвлэн
бүтээсэн “Жаргаагүй нар” жүжгийн тасалбар өнөөдрөөс /2017.01.05/
худалдаанд гарах юм байна. Энэхүү түүхэн жүжгийг нэгдүгээр сарын 19,
20-нд 19 цагаас 21, 22-нд 18 цагаас тус тус тоглож, үзэгчдийн хүртээл
болгох гэнэ.

Ийнхүү шинэ цагийн утга зохиолыг
үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн
мэндэлсний 110 жилийн ойд зориулан бүтээсэн “Жаргаагүй нар” түүхэн жүжиг
Улсын драмын эрдмийн театрын тайзнаа дахин “мандаж” эхлэх нь ээ.

“Жаргаагүй нар” жүжгийн зохиолчоор
Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, найруулагчаар Соёлын тэргүүний
ажилтан Ч.Түвшин ажиллаж, гол дүр болох Д.Нацагдоржийн дүрд жүжигчин
Б.Шинэбаяр, түүний гэргий Пагмадуламыг жүжигчин Н.Баярмаа нар бүтээж
байгаа билээ.

Мөн Улсын драмын эрдмийн театрын уран
бүтээлчид зохиолч Дариа Фогийн “Чөлөөт хос” хэмээх инээдмийн мюзикл
жүжгийг энэ сарын 27, 28-нд тоглох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны СӨХ-той хамтран хяналтын эргүүл ажиллуулж байна

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн
хоёрдугаар хэлтсийн алба хаагчид олон удаагийн үйлдлээр “Приус”
автомашины толь хулгайлсан Д гэгч, тээврийн хэрэгсэл ашиглаж автомашин
болон машины эд анги хулгайлдаг А нарыг үйлдэл дээр нь илрүүлэн шалгаж
эхэлжээ. Гэмт этгээдүүд нь автомашины толь, толины хавтас, бүтээлэг,
“приус” автомашины баттерей зэргийг хулгайлж бусдад хямд үнээр зарж
борлуулдаг байсан нь тогтоогдсон байна.

Тус цагдаагийн хэлтсээс энэ төрлийн
болон бусад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдтэй хамтран
ажиллаж байна. Тухайлбал, Орон сууцны СӨХ-той хамтран хяналтын эргүүл
ажиллуулж эхэлжээ. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт
байрладаг “Хангай” хотхоны СӨХ-ны хяналтын эргүүл С.Шижирбат “Бид
Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэстэй хамтарч, оршин
суугчдын автомашин, түүний эд зүйл хулгайд алдагдах гэмт хэргээс
урьдчилан сэргийлэн эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Гэмт
хэргийн шинжтэй үйлдэл гарахад цаг алдалгүй цагдаад мэдэгддэг. Хяналтын
эргүүл ажиллаж эхэлсэнд иргэд таатай хандаж байгаа” гэж ярилаа.

Мөн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн
хоёрдугаар хэлтсийн хамаардаг нутаг дэвсгэрт хэв журмын урамшуулалт
эргүүл ажиллаж байгаа юм.

Иргэдийг автомашинаа гэрэлтүүлэггүй
газар орхихгүй байх, ил зогсоол, дулаан гараажид тавих, дохиоллын систем
суулгах зэргээр эд зүйлээ хамгаалах, цагдаагийн байгууллагатай хамтарч
ажиллахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжсэнээр осол, гэмтэл 17 хувиар буурсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар
Замын хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн
төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Замын хөдөлгөөний аюулгүй
байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2015 оны 9 дүгээр сарын
1-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
хуульд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан
этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис
хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн
хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх
хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн долоо хоногоос гуч хоног хүртэл
хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж заасан. Энэ нь торгох,
баривчлах үндсэн шийтгэлийг давхардуулж оногдуулах зөрчилтэй
зохицуулалтыг бий болгосон гэж үзжээ.

Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй
байдлын тухай хуулийн заалтын дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг
хангахад цагдаагийн байгууллага холбогдох заалтыг зөрчсөн этгээдэд
хуульд заасны дагуу захиргааны шийтгэл оногдуулахаар заасан. Гэвч мөн
хуульд заасан баривчлах шийтгэлийг хэн оногдуулах тодорхой зохицуулалт
байхгүйн улмаас хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн өдрөөс хойш
тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд
согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн
үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан этгээдийн зөрчлийг
шийдвэрлэх боломжгүй болжээ.

Хуулийн тодорхойгүй зохицуулалтын улмаас
энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд тээврийн хэрэгсэл
жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл
хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон 4265 зөрчилд хуульд заасан шийтгэл
оногдуулж чадаагүй аж. Үүнээс хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа
дууссан үндэслэлээр 2970 зөрчлийг хэрэгсэхгүй болгожээ. Одоо 1295
зөрчилд ямар нэг хариуцлага ногдуулаагүй байгаа гэнэ.

Иймд дээрх хууль зүйн болон практик
хэрэгцээ, шаардлагыг үндэслэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл нь 3 зүйлтэй. Замын
хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан баривчлах шийтгэлийг
оногдуулах эрх бүхий албан тушаалтныг тодорхой болгож, үндсэн шийтгэлийг
давхардуулан оногдуулахаар заасан зөрчлийг арилгах аж. Замын
хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох
эрхгүй этгээд, эсхүл хуульд заасан үндэслэлээр жолоодох эрхээ хасуулсан
үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүлээлгэх хариуцлагыг “торгох”
шийтгэл байхаар заасан.

Иймд дээрх нөхцөл байдлуудаас хамааран
харилцан адилгүй зөрчил тус бүрд нь тохирсон шийтгэл оногдуулах, зам
тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн
этгээдийн зан үйл, түүнд үзүүлэх хүмүүжлийн нөлөөллийг дээшлүүлэх
зохицуулалтыг бүрдүүлэх зорилгоор Замын хөдөлгөөний аюулгүй байдлын
тухай хуулийн 27.3 дахь хэсэгт заасан зөрчилд баривчлах шийтгэлийг
дангаар нь оногдуулах тухай хуулийн төсөлд тусгажээ. Хэлэлцэж байгаа
асуудалтай холбогдуулан гишүүнд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

-Энэ хууль батлагдсанаар согтуугаар
машин барих байдал харьцангуй багассан гэж байсан. Энэ хуулийн төсөлд
“Жолоодох эрхгүй этгээд согтуугаар жолоо баривал баривчилна” гэж заажээ.
Баривчлах асуудлыг үлдээснээр согтуугаар жолоо барих нь багасна гэж
ойлгож байна уу?

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт:

-Энэ хууль хэрэгжиж эхэлснээр замын
хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой осол гэмтэл эрс буурсан. 2015
оны 9 дүгээр сарын нэгнийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад осол,
гэмтэл 17 хувиар буурсан. Согтуугаар автомашин жолоодох асуудал 25
хувиар буурсан. Торгуулийн хэмжээ нэмэгдсэн. Согтуугаар машин баривал
эхний ээлжинд хариуцлага тооцно.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ улс-төр

Дахин төлөвлөлтийн орон сууц товлосон хугацаандаа ашиглалтад орохгүй байна гэв

УИХ-ын гишүүн Д.Сумъабазар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд
хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Барилга, хот байгуулалтын сайдад
асуулга тавьжээ.

Иргэдээс дахин төлөвлөлтийн орон сууц товлосон хугацаандаа ашиглалтад
ордоггүй, аж ахуйн нэгж хуулиар барилга барьж дуусах хүртэлх хугацаанд
түрээсийн байранд амьдрах төлбөр өгдөггүй зэрэг гомдол ирж байгааг
асуулгынхаа эхэнд дурьджээ.

Тэрбээр орон сууцанд орохоор аж ахуйн нэгжүүдэд газраа чөлөөлж өгсөн
боловч барилга нь гацаанд орсон иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх,
барилгын компаниудын зээлийн хугацааг сунгах боломжийн талаар мэдээлэл
өгөхийг хүсчээ. иргэдийн газрыг орон сууцаар солих бус худалдаж авах
боломж байгаа эсэхийг тодруулсан байна.

Мөн тэрбээр НЗД С.Батболдод иргэдэд түрээсийн төлбөр өгөхгүй байгаа аж
ахуйн нэжүүдийн нэрс, дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцанд орсон
өрхийн тоо болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар асуулга
хүргүүлэв.