Categories
гадаад мэдээ

Арабын Нэгдсэн Эмиратад гэртээ бар, арслан тэжээхийг хориглов


Арабын Нэгдсэн Эмиратад гэртээ зэрлэг амьтан тэр дундаа бар, арслан тэжээхийг хориглосон байна. Уг нь бол тус улсад айлууд гэртээ бар, арслан тэжээснээр нийгмийн дээд давхаргынх мөн чинээлэгийн илэрхийлэл болдог гэнэ. Харин одооноос шинэ хуулийг зөрчсөн айлд 500 мянган дихмар буюу 136 мянган ам.долларын торгууль тавьж зургаан сар хүртэл хорих ял оноох гэнэ. Харин гэртээ тэжээсан араатнаар бусдыг айлган сүрдүүлсэн нөхцөлд торгуулийн хэмжээ 700 мянган дихмар байх аж. Сүүлийн үед тус улсын иргэд олон нийтийн сүлжээнд үнэтэй машиныхаа арын суудалд арслан, бар суулгаад явж байгаа зургаа тавьдаг болсон гэнэ. Түүгээр зогсохгүй гэрийнх нь усан санд таван бар усанд сэлж байгаа зургийг саяхан тавьсан байна.

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Допинг хэрэглэсэн нь тогтоогдвол хуулийн дагуу арга хэмжээ авна

Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай 2016 оны 192 дугаар тогтоолыг Нийслэлийн засаг даргын Тамгын газрын төлөөлөл болох Ж.Болдбаатар танилцуулсан юм. Үүний дараа Монголын допингийн эсрэг үндэсний төвийн дүгнэлтийг сонслоо. Дээрх хоёр танилцуулгыг сонссон хорооны гишүүд асуулт асууж хариулт авсны дараа Шадар сайд У.Хүрэлсүх үүрэг чиглэл өгсөн юм. Тэрбээр “Допинг бол шударга ёсонд үл нийцнэ. Нөгөө талаас өрсөлдөгч тамирчны бүтэн жилийн хөдөлмөр хичээл зүтгэл хохирно. Дэлхийн допингийн байгууллага бол допинг хэрэглэсэн тамирчинг багаар нь хасч байгаа. Тиймээс цаашид допинг хэрэглэсэн гэдэг нь албан ёсоор тогтоогдсон бол хууль дүрмийн дагуу арга хэмжээ авах нь Монголын спортод оруулж байгаа хувь нэмэр гэдгийг дор бүрнээ ойлгох хэрэгтэй. Ингээд Үндэсний их баяр наадам зохион байгуулах салбар хороог хурдан шуурхай ажиллуулаарай” гэв. Шадар сайд У.Хүрэлсүх дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд: Засгийн газрын 2016 оны 192 дугаар тогтоолоор Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хороодын дарга нарыг томилсон. Иймд Үндэний их баяр наадмын салбар хороонд орж ажиллах саналаа нэгдүгээр сарын 20-ны дотор багтааж өгөх. Соёл урлагийн салбарыг зуны цагт амраах нь зохимжгүй байна. Зуны цагт ирсэн жуулчид цүнхээ үүрч явсаар байгаад, үзэж харах юмгүй буцдаг. Тиймээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь энэ асуудалд анхаарч ажиллахыг хүссэн юм. Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо хуралдаан нэгдүгээр сарын 20-ны дотор болно. Цагаан сараар уяачдын шагналыг Ерөнхийлөгч олгоно. Тиймээс Цагаан сараас өмнө буюу хоёрдугаар сарын 06-ны дотор шагнал авах болзол хангасан уяачдын материалыг ирүүлэх даалгаврыг Хурдан морины салбар хорооны дарга Хурандаа П.Батбилэгт үүрэг болгов. Монголын допингийн эсрэг үндэсний төвөөс ирүүлсэн саналыг үндэслэн нэр бүхий бөхчүүдийн асуудлыг Үндэсний бөхийн салбар хорооны хурлаар хэлэлцүүлээд хурлаас гарсан саналаа хоёрдугаар сарын 06-ны дотор Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороонд ирүүлэх үүргийг Бөхийн салбар хорооны дарга Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бич­гийн дарга Г.Баясгаланд өглөө.

Categories
мэдээ спорт

Дэлхийн аварга М.Шийрэвжамцыг “Алтан од”-оор шагналаа

Шатар, даамын ДАШТ-д өндөр амжилт гаргаж, эх орныхоо нэрийг дэлхийд
дуурсгасан өсвөрийн тамирчдыг БТСГ-ын дарга, гавьяат тамирчин
Ц.Шаравжамц өнөөдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв.

Энэ үеэр зуун буудалт даамын дэлхийн аварга М.Шийрэвжамцыг БТСГ-ын “Алтан од” тэмдгээр шагнаж, амжилтыг нь мялаав.

Мөн эл арга хэмжээнд хүрэлцэн ирсэн өсвөрийн тамирчдад БТСГ-ын дарга
Ц.Шаравжамц, Төрийн захиргаа, санхүү, удирдлагын хэлтсийн дарга
Ц.Одонбаяр нар гарын бэлэг гардуулж, спортын өндөр амжилт хүслээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Агаарын бохирдлыг бууруулахын тулд хотын дарга “Улаан шугам татна”

“Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн хуралдаан нээлттэй болно” гэсэн зар түгсний дараа Нийслэлийн Засаг даргын тамгын газрын А танхимд хэвлэлийнхний камерууд ярайж байлаа. Хурал 13 цагт товлогдсон ч хотын даргын орлогч, бусад албан тушаалтныг хүлээн, Нийслэлийн иргэдийн хурал дахь МАН-ын бүлгийн хэдэн төлөөлөгч, хэвлэлийнхний хамт 20 хормыг үдэв.

МАН-ын бүлгийн ажлын хэсгийнхэн агаарын бохирдлыг бууруулахын тулд “Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах хотын татвар бий болгох, арванхоёроос дээш жил “гүйсэн” тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх, нийслэлд шилжин ирэхийг түр хязгаарлах, шинэ суурьшлын бүсэд яндантай байхыг хязгаарлах, сургууль, цэцэрлэгийн дотоод агаарын чанарыг сайжруулах гэх мэт арга замуудыг бодож олжээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан ажлын хэсгийнхэнд товч мэдээлэл өглөө. Агаар бохирдуулагч гол эх үүсвэр болсон гэр хорооллын айлууд өвөлдөө 800 мянга орчим тонн нүүрс шатаадаг нь түүхий нүүрсний хэрэглээний арваад хувийг эзэлдэг ч нийт агаарын бохирдлын 80 хувийг үүсгэдэг гэнэ.

Агаарын бохирдолд илүү өртөж байгаа хүүхдүүд цэцэрлэг дээрээ өнждөг. Тийм учраас цэцэрлэгийн дотоод агаарыг сайжруулааар нийслэлийн удирдлагууд шийджээ. Олон цэцэрлэг, сургууль утааны бүсэд хамрагддаг учраас Дэлхийн банкнаас 200-гаад цэцэрлэгт агаарын чанарыг сайжруулах багаж төхөөрөмж суурилуулсан гэнэ. Нийслэлийн Засаг дарга улаан шугам татахгүй бол хүндрэлтэй асуудлууд үүсээд байна. Улаан шугамд багтсан өрхүүдэд төрийн үйлчилгээг хүргэнэ гэж Засаг даргын орлогч ярилаа. Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах , агаарын бохирдол хамгийн ихтэй Баянбүрдийн тойрог, Баянхошуунд арга хэмжээ авах юм байна.

Энэ жил агаарын бохирдлыг бууруулах ажилд өмнөхийг бодвол хамаагүй бага мөнгө төсөвлөсөн хэмээн чамлав. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын багцад энэ зориулалтаар 5 тэрбум төгрөг батлагдсан. Үүнийхээ 80 хувийг цахилгааны тарифын зөрүүнд зарцуулах аж. Хөнгөлттэй үнээр цахилгаан нийлүүлж байгаа байгууллагуудад нөхөн төлбөр олгох юм байна. Нүүрс авч дийлэхгүй байгаа өрхүүдэд сайжруулсан зуух, түлш авч өгөхөд үлдсэн мөнгийг нь зарцуулна гэлээ. Нийслэл агаарын бохирдлыг бууруулахад зориулж 3,2 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Дэлхийн банкны санхүүжилтээр 7,4 тэрбум төгрөгийн ажил хийгдэж иржээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар агаарын бохирдолтой холбоотойгоор дурдагддаг “Амьгүй төрөлт ихэссэн” гэдэг үзүүлэлтийн талаар тайлбар хийв. 2016 оны 1-12 сард тохиолдсон амьгүй төрөлтийг судлахад долдугаар сард хамгийн олон байжээ. Тийм учраас энэ үзүүлэлтийг зөвхөн агаарын бохирдолттой холбож тайлбарлаж болохгүй. Олон шалтгаантай гэж тэр хэлсэн.

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг хариуцсан орлогч Ж.Батбаясгалангаас энэ талаар тодрууллаа.


-Шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, Улаан шугам татах тухай та ярилаа. Улаан шугам яг хаагуур хаагуур татагдах вэ?

-Төвийн шугаманд холбогдоогүй 200 гаруй мянган өрх бий. Утааны гамшгийг арилгахын тулд шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахаас аргагүй. Хотод гэр барьж амьдрах гэж байгаа бол больё оо. Өөр ямар ч арга алга. Нийт хүн амын 60 хувь нь Улаанбаатарт ирчихсэн байна.

-Энэ асуудлыг бүгд ойлгож байгаа. Шилжилт хөдөлгөөнийг хориглоно хязгаарлана гэхээр Үндсэн хуулинд заасан хүний эрх зөрчигдлөө гэнэ. Энэ бүхнийг яаж шийдэх вэ?

-Одоо тэгээд ярина, хийнэ дээ. Хийхээс өөр аргагүй.

-Тэднээс хязгаарлаж эхэлнэ гэж тодорхой шийдвэр гараагүй юм уу?

– Ажлын хэсэг ажиллаж байна. Улаан шугам аль бүсээр байх вэ, хязгаарлалт хэднээс байх вэ гэдгийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөр оруулна, УИХ, Засгийн газарт танилцуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ дээр ч энэ асуудал яригдах байх. Нэлээд ажил болно. Гэхдээ цаг алдах эрх бидэнд байхгүй. Маш яаралтай ажил хэрэг болгох ёстой.

-Та түрүүн агаарын бохирдол хамгийн ихтэй Баянбүрдийн тойрог, Баянхошуунд арга хэмжээ авна гэсэн. Илүү хурдан үр дүнд хүрэх, агаарын бохирдлыг бууруулж болно гэдгийг харуулахад агаарын бохирдол харьцангуй багатай хэсгийг сонгож авч ажиллаж болох биш үү?

-Өнөөдөр хамгийн ноцтой байгаа хэсэг рүүгээ л анхаарахгүй бол хайран хөрөнгийг утаа багатай газар зарцуулах нь өмөнх алдааг давтахад хүргэнэ. Жишээлбэл дахин төлөвлөлтийн дэд бүтэц нэрээр 100 гаруй тэрбумыг аваачаад гэр хороололд булчихсан. Яг таны хэлдгээр жишиг бүсийг 100 тэрбумаар бүрэн орон сууцжуулах мөнгө шүү дээ. 100 өрх гэдэг жишээ нь долоон га газар шүү дээ. Төрийн буруу бодлого тэр хэрээрээ айхавтар хор уршигтай. Одоо хамгийн гол нь асуудлын цөмөөс нь арга хэмжээ авахгүй бол гэр хорооллыг бүхэлдээ сайхан болгоно гэвэл хайран хөрөнгө болно.

Халамж шаардлагатай хэсэгт тэрбум төгрөг зарцуулах юм байна гэж ойлгосон зөв үү?

-Зөв. Үндэсний хороон дээр батлагдсан сайжруулсан зуух, түлшинд зарцуулах юм.

-Энэ хэсэгт анхаараад эхлэнгүүт дугуй түлдэг хүмүүсийн тоо эрс нэмэгдэж магадгүй?

-Мэдээж бүгдэд нь үнэгүй зуух түлш авах сонирхол бий. Яагаад гэхээр халамжийн бодлогоор 176 мянган зуух тараасан. Харамсалтай тоо. Өнөөдөр өдий тооны зуух ажиллаж байна уу гэхээр үгүй.

-Дугуй түлдэг айл яг хэд байгаа вэ?

40 гаруй мянган өрх байна. Бүгд дугуй түлж байна гэсэн үг биш. Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхүүдийн тоо.

-Түүхий нүүрсийг хориглолоо гэхэд оронд нь түлэх түлш санал болгох ёстой. Утаа бага гаргадаг түлшийг яаж дэмжих вэ?

-Та бүхэн санаж байгаа. Засгийн газрын шийдвэрээр “Нүүрс” хөтөлбөрийн шугамаар хямд нүүрс тарааж, маш сайн ажиллаж байсан арав гаруй байгууллагыг бүгдийг дампууруулсан. Яагаад ийм хэмжээнд хүрсэн гэхээр хямд үнээр түүхий нүүрс тараасан. Таны хэлдгээр хямд нүүрс авахыг бүгд хүссэн. Үүний хор уршиг нь ард түмний татварын хөрөнгийг зарцуулж тараасан зууханд хийх түлшийг үгүй болгосон. Өнөөдөр ажиллаж байгаа долоо, найман үйлдвэр байна. Гэхдээ тэднийг элгээр нь хэвтүүлсэн. Утаа багатай түлш авъя гэхээр нөөц байхгүй. Ямар хөрөнгөөр ийм түлш гаргах вэ гэсэн асуудалтай тулгарч байна. Халамж шаардлагатай айл өрхүүдэд эдгээр үйлдвэрийн түлшнээс тараах юм.

-Агаарын бохирдлын 10 хувь нь тээврийн хэрэгслээс гарч байна гэлээ. Хотын замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах арга зам нь нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах. Гэтэл одоо “Ажил тарахад автобус байхгүй” гэж гэцгээдэг болсон. Иргэд маш их шүүмжлээд байдаг. Энэ асуудалд хотын удирдлага анхаарч байна уу?

-Ер нь ганц хотын асуудал биш болчихоод байна. Тээврийн хэрэгсэл агаарын бохирдлын багагүй хувийг нийлүүлж байна. Бараг 400 орчим мянган тээврийн хэрэгсэл явж байна. Аль ч орны хөгжилтэй хотод хамгийн гол зүйл нийтийн тээвэр байдаг. Хотдоо түгжрээд хэдэн цаг зогсохыг хэн хүсэх вэ дээ. Замын түгжрэл, агаарын бохирдол иргэдийг бухимдуулдаг том асуудал. Хот, Засгийн газар, УИХ-ын зүгээс ч томоохон бодлого явж байна. Машин унана гэдэг олон улсад тансаг хэрэглээнд тооцогддог. Тэгэхээр татварын бодлого ч хэрэгтэй байна, нийтийн тээврийг хөгжүүлэх бодлого ч хэрэгтэй байна. 400 гаруй мянган тээврийн хэрэгслийн 80-аад хувь нь арваас дээш жилийн насжилттай. Асар аюултай тоо. Дэлхийд бараг явуулахыг хориглочихсон машинуудыг бид авч унаад байна шүү дээ. Энэ мэдээж амьжиргааны түвшинтэй холбоотой. Хотын зүгээс нийтийн тээврийг сайжруулах бодлого барьж явуулна. Харин яаж Засгийн газар, УИХ-тайгаа хамтарч зөв бодлого явуулах вэ гэдэг байна. Насжилттай машиныг явуулахгүй гээд байдаг, хилээр оруулаад байвал хот яах юм бэ. Хот иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын тулд бүсчлэл тогтоох шаардлага гарч байна.

Categories
мэдээ нийгэм

Цэцэг өвчний хорио цээрийн дэглэмийг бууруулжээ

Дархан-Уул аймгийн Хонгор суманд гарсан
малын гоц халдварт цэцэг өвчний голомтыг устгах чиглэлээр холбогдох
байгууллагууд өндөржүүлсэн байдалд шуурхай ажилласны үр дүнд өвчний
голомтыг нэмэгдүүлэлгүй барьж чадсан гэж аймгийн Онцгой байдлын газрын
дарга Г.Батбаяр ярьлаа. Өвчний голомтот өрхүүдийн хонийг бүрэн
вакцинжуулсан байна. Түүнээс хойш танадалтын 14 хоногийн хугацаанд нэмж
өвчин илрээгүй тул нөхцөл байдлыг харгалзан үзээд хяналтын постуудыг 1
дүгээр сарын сарын 03-ний өдөр татан буулгажээ.

Мөн Монгол Улсын Засгийн газар болон
ХХААХҮ-ийн Сайдын шийдвэрээр хонины цэцэг өвчний масс вакцинжуулалт
эхэлсэн байна. Урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг 2017 оны 01
дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумаас эхлүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын Үндэсний Олимпийн Хорооны 2012 оны чуулган хууль бус болохыг тогтоосон гэв

Монголын Үндэсний Олимпийн Хорооны 2012 оны чуулган хууль бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулж “Олимпизмийг аврах хөдөлгөөн” ТББ-аас мэдээлэл хийлээ.

2016 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарч “Монголын Олимпийн Чуулганы 2012 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 07 дугаартай “Монголын Үндэсний Олимпийн Хорооны гишүүдийг батлах тухай” тогтоолыг хүчингүй болгохоор тогтов” гэсэн шийдвэр гаргажээ.

Ингэснээр МҮОХ-ны бүтэц, үйл ажиллагааг хууль бус болохыг “Олимпизмыг аврах хөдөлгөөн” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, спортын сэтгүүлч Н.Тамир хэллээ.

Тэдний зүгээс хэд хэдэн шалтгааныг үндэслэн шүүхэд хандахаар шийджээ. Үүнд,

  • МҮОХ-ны өнөөгийн ерөнхийлөгч гэгдэх Д.Загдсүрэн нь МҮОХ-г хохироосон эрүүгийн гэмт хэргийн улмаас 2014 онд Монгол Улсын шүүхээс гурван жилийн хорих ял авсан нь Олон улсын олимпийн хорооны Олимпийн Харти, МҮОХ-ны өөрийн дүрмийг зөрчиж байгаа тул нэн даруй огцрох нь зүйтэй гэж үзэж, удаа дараа шаардлага тавьсан.
  • Гэвч хууль дүрэм зөрчин 2012 оны Олимпийн чуулганаар МҮОХ-г бүрдүүлсэн бүрэлдэхүүн 2014 оны гишүүдийн хурлаар эрүүгийн гэмт хэрэгт шийтгэгдсэн Д.Загдсүрэнд 97 хувийн итгэл үзүүлсэн юм.
  • Ийм учраас 2012 оны Олимпийн чуулганаар бүрдсэн МҮОХ-ны бүтцийн асуудлыг цэгцлэхээс нааш МҮОХ-ны удирдлагын гэмт хэрэг, хууль бус үйл ажиллагаа зогсохгүй юм байна гэж үзэн бүрэлдэхүүний асуудлаар шүүхэд хандсан юм.
  • Олимпийн хороо гэдэг бол олимпийн спорт, олимпийн наадмыг төлөөлсөн байгууллага байх ёстой. Ийм ч учраас Олон улсын олимпийн хорооны Олимпийн Харти, МҮОХ-ны дүрмэнд Олимпийн хорооны бүрэлдэхүүнд олимпийн спорт зонхилох ёстойг заасан байдаг. Маш энгийн ойлголт юм. Гэтэл манай МҮОХ ямар бүтэцтэй байгааг хавсралтаас харж болно.
Categories
мэдээ нийгэм

Чацархайг эрхтэн гэж үзжээ

Хүний бие дотор нэгэн эрхтэн нууцлагдмал байдалтай байсныг эрдэмтэд илрүүлж, шинээр бүртгэсэн байна.

Чацархай (mesentery) гэж нэрлэдэг энэ хэсгийг өмнө нь хоол
боловсруулах системийн дотор оршдог тархмал олон хэсгүүд гэж үздэг
байжээ.

Харин саяхан эднийг үргэлжилсэн цул эрхтэн болохыг тогтоосон байна.
Яг ямар үүрэгтэй эрхтэн болохыг тодорхойлоогүй байгаа ч энэ нь шинжлэх
ухаанд шинэ салбар болж нээгдэж байгааг анх илрүүлсэн Лимерикийн Анагаах
ухааны Их сургуулийн судлаач Кэлвин Коффэй онцолжээ.

“Бид одоогоор анатоми, бүтцийг нь нээгээд байна. Дараагийн алхам бол
үүргийг нь тодруулах. Хэрвээ ямар үүрэгтэйг нь мэдвэл ямар өвчлөл
үүсгэдгийг мэдэж болно” гэж тэр хэлж байна.

Судалгааны тайлан анагаах ухааны “The Lancet” сэтгүүлд нийтлэгджээ. Ингэснээр анагаах ухаанаар суралцаж буй оюутнуудад чацархайг бие даасан эрхтэн гэж заах юм.

Дэлхийн хамгийн алдартай анагаахын сурах бичиг гэгддэг Gray’s Anatomy үүнийг шинээр бүртгэсэн байна.

Чацархайг анх 1508 онд Леонардо да Винчи эрхтэн гэж тодорхойлж байсан ч өнгөрсөн хэдэн зууны турш үгүйсгэсээр ирсэн аж.

Ингэснээр хүний эрхтний тоо 78-аас 79 болон нэмэгдэж байна. Эдгээр
эрхтнүүдээс зүрх, тархи, элэг, уушги, бөөрийг хүний эрүүл мэндэд
нөлөөтэй чухал таван эрхтэнд тооцдог юм.

Categories
мэдээ нийгэм

Сурагчдын амралтыг сунгах шаардлагагүй гэв

Улаанбаатар хотын утаа гамшгийн хэмжээнд очсон тул эцэг эхчүүд бага ангийн сурагчдын амралтыг сунгах хүсэлт гаргасан билээ.

Энэ хүрээнд
УИХ-ын зарим гишүүд сурагчдын амралтыг сунгаж, ирэх хавар долдугаар сар
хүртэл хичээллэх санал гаргасныг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар
хэлэлцэж, сурагчдын амралтыг сунгах шаардлагагүй гэсэн дүгнэлт гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

“Цагаан Сар 2017” үзэсгэлэн худалдаа энэ сарын 13-16 өдрүүдэд болно

Монгол түмний их баяр Цагаан сарын бэлтгэл шинэ он гарахтай зэрэгцэн
эхэллээ. Нийслэлчүүд маань Цагаан сарын үзэсгэлэн худалдаанаас сар
шинийн бэлтгэлээ базаагаад сурсан төдийгүй эрт бэлтгэж бараа материалын
хямд дээр зардалаа хэмнэх нь жил ирэх тусам нэмэгдсээр байгаа юм.
Өнгөрсөн жил гэхэд он гарсаны дараахан 1 сарын 8-11 өдрүүдэд Мишээл
экспо төвд Сар шинийн үзэсгэлэн худалдаагаа зохион байгуулж хөл
хөдөлгөөн их байсан төдийгүй эрт бэлтгэж нилээдгүй зардал хэмнэсэн. Энэ
жил үндэсний үйлдвэрлэгчид, импортлогчид, малчид, ногоочид Хямралын
эсрэг нэгдэн 1 сарын 13-16 өдрүүдэд Мишээл экспо төвд Сар шинэ 2017
үзэсгэлэн худалдаагаа зохион байгуулах сайхан мэдээтэй. Өнгөрсөн жил 120
гаруй оролцогчидтой байсан үзэсгэлэн худалдаанд энэ жил 140 гаруй
оролцогчид оролцохоор бүртгүүлсэн байна. Үзэсгэлэн худалдаанд цагаан
идээ, тавгын боов, чихэр жимс, аяга таваг, цар, ууц өвчүү, хөөрөг
даалин, үндэсний дээл, гутал, ноос ноолууран бүтээгдэхүүнүүд, нэхий
булга, гарын бэлэг гээд ёстой л байхгүй юм байхгүй байгаа гэнэ.
Үзэсгэлэн худалдааны уриа Анхдагч хямд үнээр Ард түмэндээ үйлчилье гэсэн
ёстой л цаг үеээ олсон ажил болж байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Цогтгэрэл: 650 сая ам.долларын бүтээн байгуулалтыг сайн шалгах ёстой

“Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн
зээлийн хөрөнгөөр баригдсан барилга байгууламж, тоног төхөөрөмжийг
ашиглалтад хүлээн авахаар ажиллаж буй Улсын комисс өнөөдөр ээлжит хурлаа
хийлээ.

Улсын комиссын бүрэлдэхүүн нийт 11 хэсэг болон ажиллаж байгаа бөгөөд
өнөөдрийн хуралдаанаар ажлын хэсгийн ахлагч нарын өнгөрсөн хугацаанд
хийгдээд буй хяналт шалгалтын ажлын тайлан, санал дүгнэлтийг хэлэлцлээ.
Ажлын хэсгийн ахлагч нарын мэдээлж буйгаар хяналт шалгалтыг сайтар хийх,
гарч буй зөрчил дутагдлуудыг арилгуулахад хугацаа шаарлагатай тул
хурлаас Улсын комиссын ажиллах хугацааг сунгахаар шийдвэрлэлээ. Харин
хэдий хугацаагаар сунгахыг ажлын хэсгүүдээс санал авч тогтоох юм байна.

Хуралдааны төгсгөлд Улсын комиссын дарга Б.Цогтгэрэл комиссын
бүрэлдэхүүнд орсон хүмүүс цаг нарийн баримтлахыг хатуу анхаарууллаа.
Тэрбээр “Улсын комиссын бүрэлдэхүүнд багтсан зарим хүмүүс хоцрох,
ирэхгүй байх тохиолдол гарч байна. 650 сая ам.долларын бүтээн
байгуулалт, хөрөнгийг хүлээж авахын тулд комиссын гишүүд маш хянамгай,
чин шударга ажиллаж, сайтар шалгах ёстой. Комиссын бүрэлдэхүүнд орж
ажиллаж буй хүмүүс хариуцлага алдвал хуулийн хариуцлага хүлээнэ шүү. Цаг
бага үлдсэн тул хариуцлагатай ажиллах шаардлагатай” хэмээн анхааруулсан
юм.

Улсын комиссын бүрэлдэхүүнд орж ажиллаж буй хүмүүс комисс ажиллах
хугацаанд ажлаасаа чөлөөлөгдөж байгаа бөгөөд комиссын гишүүдийн цаг
бүртгэлийг хөтөлж ажиллахыг Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх
буудлын Ашиглалтын өмнөх захиргааны албаны дарга Д.Мөнхцогд үүрэг
болголоо.

ЗТХ-ийн сайдын тушаалаар БХБЯ, АМГТГ, МХЕГ, “МИАТ” ТӨХК зэрэг
байгууллагын 27 хүнийг Улсын комиссын бүрэлдэхүүнд нэмж ажиллуулж
байна.